Saturday 3 October 2009

Давшиж хамгаалахуй

Юм ховор байхад тортой мандарин бариад явж байгаа хүнээс "наадах чинь хаана гарч байна" гэж хүн асуух ердийн үзэгдэл байсан. Асуусан асуулгасан аль нь ч юм бодохгүй, бүгд ижилхэн хомс хэрэглээтэй байсан. Зөвхөн хэрэглээ ч биш үзэл бодол, итгэл үнэмшил адил хомс гөлгөр байх ёстой. Аймгийн, хотын, байгууллагын намын хороонд ард олны үзэл бодлын цэвэр ариуныг чандлан хариуцдаг тул өөрийн өчүүхэн толгойд харвасан санаа, элдэв юманд шүүмжтэй хандсан бодол, социалист үзэл сурталд тэрс үг унагаж болохгүй арга хэмжээ авахуулдаг байлаа. Тэгэхээр хувийн нууц гэж байх ёсгүй гэсэн балмад үзэл давамгайлсан, хүмүүс нь бие биеэ шиншлээд сурчихсан, асуух асуухгүй юм шалгаасан хүний дотор хүн рүү өнгийсөн, түүнийгээ олонд зарлахыг ёс зүйн хэвийн хэм хэмжээ гэж ойлгодог тийм нийгэм байлаа. Одоо хувийн нууцыг хуулиар хамгаалсан ХҮНЛЭГ, АРДЧИЛСАН нийгэм байгуулж байна.

Гэтэл хүмүүс энэ сэтгэлгээнээсээ салаагүй байна. Хорь гучаад насны ардчилал, хүнлэг ёс гэж байдаг тухай хар нялхаасаа сонсож ийм шинэлэг сэтгэлгээ үзэл бодолд өлгийдүүлж өссөн залуус дунд ч энэ зан байсаар байна. Хүн болгоны олонд нээлттэй байх хүрээ өөр өөр, тэр хүний хувийн асуудал. Тэр хүрээгээ уул нь тухайн хүн өөрөө тогтоодог баймаар. Хүнд ямар хоол иддэг, хоолны мөнгөө яаж олдог, мөнгөний хэмжээ ямар, ямар ажил эрхэлдэг, ямар шашин шүтдэг, улс төрийн үзэл баримтлал ямар гээд бусдад зарлаад баймааргүй юм байдаг. Ер нь хүн өөрөө яриагүй юмыг асуух онцгүй. Хавдар судлалын эмнэлэгт танилтайгаа таарлаа гэхэд, цаад хүн өөрөө танд дотносож ямар шинжилгээ өгсөнөө, ойр дотны хэн нэг нь ямар хүнд өвчин туссанаа дэлгэж ярихгүй л бол хүнийг асуугаад шалгаагаад байх жудаггүй.

Урлаг, уран баримал, уран зохиолын тухай ярилцахаар тохиролцоод гоо сайхан тал рүү жингүйдэж байтал, "чи яагаад гадаадад байдаг" гээд хувийн чанартай юм асуухад, "миний яагаад тэнд байх хэнд ч сонин биш, хамгийн гол нь нийгмийн ямар ч ач холбогдол байхгүй ээ" гэж дотроо бухимдсан ч, асуултад дөрлүүлэн хариулж байхын оронд "ямар юм олж хараад ямар харьцуулалт хийснээ ярья" гээд "хүүхэд залуусыг төлөвшүүлэхэд уран зохиол үлэмж нөлөөтэй, манай орны арван жилд хичээлээс гадуур заавал уншиж танилцах ёстой уран зохиолын харьцуулсан тоог АНУ, Орос, Чехийн сургуулийн насны хүүхэд ямар зохиол уншдаг талаар харьцуулалт хийн яриад, сэтгэлгээний цараатай боловсрол өндөр иргэд хичнээн олон бол бол улс орны хөгжил дэвшилт хичнээн чухал билээ." гэж үргэлжлүүлээд, "ийм боловсролтой сэтгэлгээний цараатай залуус хүүхэдтэй улсын иргэд харийн оронд сурах, жуулчлах, юм үзэх, амрах гэж л түр явахаас ингэж олноор "ажлын хүч" болон харь оронд зовохгүй байгаа" гэж төгсгөн хэлэх гэсэн зүйлээ өөрөө хүчээр оруулж давших маягаар хамгаалалт хийдэг байж гэж бодлоо.

Зам зуур Москвад онгоц хүлээх чөлөөнд л орос хэлээр хэл залгуулах далимд танилцсан, үйлдвэрт ажиллаж байгаад нутаг буцаж байгаа хүмүүсийн ярианаас тэдний амьдралын талаар гадарлахаас, тэр олон хотоор яваад сурвалжлага хийсэн биш, энэ талаар орон нутгийн байгууллагуудаар яваад судалгаа хийсэн биш, нутаг нэгтнүүдийнхээ хувь заяагаар тоглодог "ажилд зуучлагч" этгээдүүдтэй уулзаж үзээгүй бибээр мэдэхгүй сэдвээр ээрэгдэн, хэлэе ярья гэсэн зүйлийн талаар ганц ч үг унагааж чадаагүй харамссан тул үүнийг хэлхэж сууна.