Saturday, 20 June 2009

Лайтай

Одоо тасархай гоё юмыг “лайтай” гэдэг болчихсон болохоос, уул шугамандаа “лай” нь төвөг яршиг, зовлон гэсэн утгатай үг гэнээ. Толь бичигт (Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь) тэгэж байдаг. Би тасархай ч байсан, наалданхай ч байсан гоё, сайн юмыг "лайтай" гэхийг ихээ зөв гэж бодоод байгаа юм. Жишээ нь:

Сайн эмч гээд хүмүүс мэддэг болонгуут, амар тайван байлгахгүй өглөө үдэшгүй, бүр шөнө дунд ч хамаагүй зогсоо чөлөөгүй дуудаад, амралтгүй шогшсоор хөөрхий эмч ядаргаанд орно, унаад өгнө. Ээ хөөрхий, тэгээ юү гээд л болоо. Сайн хирург бол баталгаатай архичин юмуу, авилгач болно. Өчнөөн цаг зогсоогоороо зуун хувь анхаарал төвлөрүүлээд хүний биеийг огтолж зүсээд, эд эрхтэнг нь гаргаж нэг тавиад оруулж нэг байрлуулаад, оёж шидээд амь аврах гээд зүтгэж зүтгэж гараад ирэхэд нь шилтэй цэнхэр, дугтуйтай мөнгө угтаж байгаа юм даа. Үнэн лайтай!

Сайн тамирчин байгаад дэлхийн ч юм уу, олимпын ч юмуу аврага болчихсон бол дараагийн олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байранд дөхөж очих магадлал бараг байхгүй. Ирэнгүүт нь баахан нэр цолоор, бай шагналаар дөнгөлөөд авна. Жил турш сонгууль болно. Нэр дэвшигч бүр кармааны алдартантай байж нүүр “тахлана”. Бэлтгэл сургуулиа хийж чадахгүй дарга нарын кармаанд явсаар элэгдэнэ. Үнэн лайтай!

Сайн хүлэг морь нь улсын наадамд хурдалж гүйгээд айргын тавд орсон адуучин нойртой хонохоо болино. Мал мэдэхгүй, морь танихгүй их хуралд зүүрмэглэж суудаг хэдэн балай юмнүүд, элдэв аргаар хөлжсөн шинэ баячууд тэр хурдан хүлгийн эзэн болохоор улайраад салахгүй. Сүргийн сүлд хийморь болсон хүлгээсээ салах хэцүү, хэдэн бор цаасанд нь эхнэрийнх нүд унаад үглээд байх бас хэцүү. Хон хэрээ шиг эргэлдэх хүн сүгт хүлгээ өгч салах болно. Үнэн лайтай!

Сайн бичдэг гээд шуугиад эхлэвэл, нэрд гарах гэсэн хэн хүн хэдэн бороор худалдаад авчих гээд зүтгэчинэ. Намын шугамаар, найзын гуйлтаар, танилын нүүрээр огт таалагдахгүй, бодож үзээ ч үгүй, балай солиотой санааг баараггүй эвлүүлэх болно. Юм бичиж үзээгүй, бичиг үсэгт бараг тайлагдаагүй, уншсан зүйлийнхээ талыг ч ойлгохгүй заримын амны зажлуур, шүлсний самбар болно. Үнэн лайтай!

Сайн санаад ядарч байгаа нэгэнд туслаад орхино. Энэ тухай яриа хуурай өвсөнд авалцах түймэр шиг үтэр түргэн тархаж, номхон нохой ноолоход амар гээчийн үлгэр амилна. Гуйсан хүн зөвдөж, гуйлгасан хүн буруутана. Бэлэнчлэх сэтгэлгээтэй залхууд, бадар барихад мэргэшсэн мэргэжлийн луйварчинд халаасаа гөвөх албатай юм шиг аашлана. Үнэн лайтай!

Энэ жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болноо. Аль ч салбарт, юунд ч цоройлсон, цоройлоогүй гэхэд юүхэн хээхэн дээр гайгүй байхад л төвөг, яршигтай болсон болоод “лай” гэдэг үгийг сайн үйлийн, сайхан гоё зүйлийг тодорхойлдог болжээ. Хэл бол нийгмийн гажуудлын толь гэдэг үнэн бололтой.

20 comments:

  1. He he bas laitai bichsen baina shuu gesen. Neeree ingeed bodohoor sain yavj bolohgui bas tegeed muu baij bolohgui l cag uye yum uu daa.

    ReplyDelete
  2. Пийк: Анх нэг бичлэгтээ "лайтай" гэж магтуулаад ойлгохгүй, дотроо яагаад тэгж хэлсэн юм бол гэж ихэд гайхаж, бага зэрэг гомдож байв. Шинэ төрсөн жаргоноос гадна байдаг улс хоцордог юм билээ.

    ReplyDelete
  3. алтаргана20 June 2009 at 20:49

    хэхэ үгийн утга цагийн аяыг дагаад гуйвнаа гэдэг энэ дээ. Аймаар гоё, тасарцан... юу юу билээ

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. хэхэ өөрөө ёстой лайтай бичсэн байна шүү.

    Өө бид 2 солонгост байгаа. Манай хүн энд ваар, аяганы чимэглэлийн зураг зурдгийн. Би сураад л ...
    Public administration чиглэлээр л магистарт сурах гээд одоо хэлний бэлтгэлд сууж байгаа.

    Миний Нэр Улааны сүүлд оруулсан орчуулга, бичлэг бас лайтай шүү.

    ReplyDelete
  6. Бүхий л төрлийн харьцаанд хил хязгаар байх ёстой гэж боддог юм. Тэр хил хязгаар зөрчигдөөд ирэхээр үнэн лайтай. Лайнд орохгүй гээд гүрийхээр бүр лайтай гэсэн.

    ReplyDelete
  7. Лайтай... аан? кккк

    ReplyDelete
  8. Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
    Блог хичээл:
    ulesson.blogspot.com

    ReplyDelete
  9. Yostoi saihan/laitai helj dee.

    ReplyDelete
  10. Бас л лайтай бичсэн байнаа.

    ReplyDelete
  11. Иймэрхүү жаргон бага хэрэглээсэй гэсэн егөө хэлсэн чинь бүгд энэ хэлцээр шуугиад явчих юм даа. Харамсал баясалын няламс цийлэгнэв хэхэ

    ReplyDelete
  12. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  13. Сэндэр: орж үзнээ
    Болор-эрдэнэ: нээрээ, өчигдөр нэг мэндчилгээ байсан, алга болчихсон байх юм??

    ReplyDelete
  14. Аниа блогийн имижээ өөрчлөө юу?
    Арай ингэж ярьдаг болсон юм биш биз дээ?

    ReplyDelete
  15. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  16. Та ч зөв жишээнүүд дээр сайхан бичиж. Би энэ " Лайтай " гээч үгэнд үнэхээр дургүй, анх 3-аад жилийн өмнө сонссон байх, ёстой л чихэнд сонсголон байхгүй, өмнөөс зовлонтой, зовлонтой л гэж байгаа юм шиг сонсогдоод тэсэлгүй найздаа наад муухай үгээ битгий дахин дахин хэлээд бай гээд хэлчихэж билээ.

    Хэлэх үгийг дагаж үйл ирнэ гэдэг тэхээр бид зовлонг л дуудаад байдаг юм уу даа үг хэлээрээ.

    ReplyDelete
  17. Mongol hel ene baruunii soyliin bohirdloor mash ih bohirdson odoo bolovsroltnuud n sehee avch arai jaahan ugaaj tseverlej ehleh bolov uu.

    UIH deer yadaj haraal heldeggui bolood ehlevel deerees ehleed hel tsevershij ehleh yum l da.

    ReplyDelete