Thursday 30 October 2008

Түргэн тусламж

Цээжин дээр хүнд юм дарж, амьсгалахад бэрх болоод сэрчихэв. Нэг хэсэгтээ бүгшүүлэн ханиалгасаар нойр хулжив. Суугаад байвал амьсгалахад арай дээр шиг, хэвтэнгүүт амьсгал бачуураад эхлэнэ. Босож жаал холхив. Цонхон дээр очиж шөнийн сэрүүн агаар амьсгалан хэсэг зуур зогсов. Сүүлийн хэд хоног дандаа ингэж шөнө хагаслан ханиалгаж сэрээд үүр цайхаар жаал дуг хийдэг болоод байгаа. Гэхдээ өнөөдөр шиг цээжээ даахгүй, амьсгал боогдоод амь тавьчих гээд байх шиг мэдрэмж төрж байсангүй. Зогсоо чөлөөгүй ханиалгасаар гэдэсний булчин хөндүүр болж, хамаг хөлс цутгаад тамирдаж байна гэж жигтэйхэн. Нөхөр сэрээд түргэн дуудая гэж байна. Түргэн ч дээ, хэрэггүй биз дээ гэвэл, нөхөр маань "чи эмчид үзүүлэх дургүй, түргэн гэхээр бүр сонсох ч дургүй байсаар өвчнөө ужиг болголоо" гээд шууд утасдаад түргэн дуудчихлаа.

Хэдэн жилийн өмнөх нэгэн дуудлага санаанд тод буулаа. Нөхөр ажлаар явсан үеэр, нэг шөнө хүү 39 гартал халуурч сандаргаж билээ. Гэрт ямар ч эм байгаагүй үе таарч, анисны шүүс чанаж уулгалаа, духанд нь хүйтэн жин тавьж эмийн бус аргаар өөрөө эмчлэх гэж оролдлоо. Хүү түр дуг хийгээд дахин уйлав. Халуун нь буугаагүй бололтой. Ойрхон байх албан газрын жижүүрийн утсаар түргэн тусламж дуудахаар гадагш гүйн гарав. Ардаа өвчтэй нялх хүүхэд орхиод яарч байхад хэдэн настай, хэддүгээр цэцэрлэгт явдаг, аль хороо хорины ямар иргэн. Одоо яаж байна хэзээнээс ямар шинж тэмдэг илрэв гээд бараг ямар өвчний оноштой вэ гэхээс наагуур үй түмэн юм шалгааж хичнээн удсан юм бүү мэд. Ийм олон юм асуусан юм чинь тийм хэмжээгээр эмч нар бэлтгэлтэй ирээд хүүгий нь эдгээгээд өгнө гэж найдсан уу, хариулахгүй бол түргэн ирэхгүй байсан уу асуулт бүрт хариулж билээ. Хар гүйхээрээ гэртээ эргэн орвол өвчтэй хүү нь ээртэл уйлсан, том хүү маань сэрчихсэн дүүгийнхээ хажууд тоглоом бариад саатуулах санаатай хөл нүцгэн зогсож байв. Томыгоо бас өвдчихвөл хэцүүднэ гээд хөлийг халуун усанд угаагаад сүү өгөөд унтуулав. Халуунтай хүү уулгасан жаахан юмыг нь бөөлжиж гаргаад уйлаад...хүүгийнхээ халууныг нь өвчнийг өөртөө шингээгээд авах сан гэсэн шиг хүүгээ тас тэврээд эмчийг хүлээсээр. Түргэн тусламж түргэн л ирэх ёстой доо гэж бодон хүүгээ тэврэн өөрөө дотроо холхиж байсан. Гурван настай хүүг тэвэрч удаан холхиход гар аяандаа цуцаж байлаа. Утсаар эмч дуудсанаас хойш бүтэн цаг өнгөрөв. Эмч байдаггүй. Манай түргэн тусламж "төрөх үхэх хоёрт л түргэн, бусад үед яст мэлхий шиг удаан даа" гэж улсууд ярьдаг үнэн гэдэгт итгээд, удаандаа ч хамаагүй ирээсэй гэж арга тасарч байтал хаалга дуугарав. Цагаан халадтай, чагнуураас өөр юу ч үгүй эмч хүүхэн орж ирлээ. Шинэ алчуур өгч байж хүчээр шахуу гарыг нь угаалгасан эмч хүүг чагнаад, хоолойг харсан болов. Жор бичиж өгөөд, тариаг булчинд зургаан цагийн зайтай , эмийг найман цагаар халуун буутал уулга гээд ямар ч тариа хийж, эм уулгалгүй өөрөөр хэлбэл "түргэн тусламж" үзүүлсэнгүй алга дарам цаас үлдээгээд гараад явчихаж билээ. Хорин дөрвөн цагаар ажилладаг хүүхдийн эмийн сан гэрээс нь холгүй байхад өглөө болтол хүлээж байж хүүгээ хүндрүүлчих вий гэж айгаад, томоо унтаагаар нь хувцаслаад багийнхаа хажууд хэвтүүлээд эм авахаар гарлаа. Арван нэгэн сарын шөнийн хоёр цагт гудамж эзгүй эл хуль. Явган хүний замаар явахад модны сүүдэр сүглийгээд, өөрийгөө байдгаараа зоригжуулавч цаанаа л нэг зэвүүн. Ямар сайндаа хоёр талаас замын гэрэл туссан машин замын голоор алхаж байв. Алхах ч гэж дээ. Шогшиж байв. Хацар хайрах жавар урдаас үлээхэд хүзүүний ороолтоо татан амаа таглахаар гараа халааснаас авах сацуу ард хүн дагах чимээ гарав. Хар эрчээрээ гүйчихлээ. Нөгөө хүн яг гүйцэх гээд гэзэг даран хөөх шиг. Эмийн сан ч харагдав. Тулж очоод хаалгы нь түлхвэл цоожтой. Хаалган дээрх жижиг салхивч л онгорхой аж. Шөнөдөө салхивчаар үйлчилдэг бололтой. Хонхыг дарна уу гэсэн бичиг байна. Хонхыг жингэнүүлэн удаан дараад хүлээж байх зуураа гараа халаасандаа хийв. Эргэн харвал хэн ч алга. Нөгөө дагаад байсан хүний чимээ тасарчээ. Буурал үстэй сайхан зантай эмийн санч авгай айсан намайг дотогш оруулав. Хүүхээ харанхуй шөнөөр ганцаар явж айгаа юу. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Чи аягүй бол өөрөө өөрөөсөө айсан байх даа. Хүүхэд чинь өвдөө юү. Хүмүүс халуун аль болох хурдан буулгах гээд сандраад байдаг. Уул нь организм өвчинтэй тэмцэн эсэргүүцэх нь халуурч илэрдэг. Эх нь тайван байхад хүүхэд амархан эдгэрдэг юм. Үл бүтэх этгээдүүд өдийд унтаж байгаа. Битгий ай. Сайхан зантай авгай надад хүүхэд эдгэрэх итгэл найдвар, шөнийн гудамжаар харих зориг, хамгийн гол сэтгэлийн дэм түшиг хайрласан юм. Халаасан дахь түлхүүр түрийвч харшилдах чимээнээс айж гүйснээ ойлгоод эмийн сангаас харихдаа шал өөр хэрсүү хүн болчих шиг болж билээ. Азаар хүүхдийн нэрт эмч Лувсандагва гуайн эхнэр аавтай хамт ажилладаг байж таараад, маргааш өглөө нь хүүхдээ үзүүлж танилцаж аваад өөр эмчээр хүүдүүдээ бараг үзүүлээгүй гэхэд болно.

Ийм ямар ч бэлтгэлгүй явдаг, тийм хайнга ёс төдий үзлэг хийдэг. Үнэндээ түргэн байтугай ямар ч тусламж үзүүлдэггүй, ядаж аятайхан харьцаад хүнд сэтгэлийн дэм өгдөггүй эмч цөөхөн байх л даа. Үүнээс хойш түргэнд сүжиггүй болчихсон. Эмнэлгээр явах, эмчид үзүүлэхэд итгэлгүй болчихсон. Арван жилийн найз, хол ойрын хамаатан, ядаж танил биш бол эмчид үзүүлэхэд найдваргүй гэсэн бат ойлголттой болсон байлаа. Москва хотод нөхөр сурч бид хэд даган хамт байсан үед ингэж өвдөөд түргэн тусламжыг хүлээгээд хэвтэж байхдаа, огт танихгүй гадны хүнийг хэн л тоов гэсэн шиг юм бодож байв.

Түргэн дуудаад арваад минут болсны дараа орос эмч хоёр биерхэг сувилагч залуутай (мед. братья) орж ирэв. Эмч орж ирэнгүүтээ гараа угаая угаалгын өрөө хаана байна гэв. Гараа угаачихаад миний зовиурыг сонсож дуусаад, ханиасаар байгаад хөлөрсөн хүнд хүйтэн төмөр яаж хүргэхэв, чагнуурынхаа жаврыг гаргаж байж чагная гэлээ. Чагналаа үзлээ. Сувилагч залуугийн барьж явсан дугуй төмөр савнаас тариа гаргаад хэдэн судас тариа хийлээ. Биеийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг харзнав. Ханиад намдаж, амьсгаа уужирч байна. Одоо хөлс чинь хатсан бол огцом түргэн хөдөлгөөн хийлгүй тайван хувцасла. Бид таныг аваад явна. Курс эмчилгээ эмнэлэгт хэвтүүлж хийлгэх хэрэгтэй гэж байна. Харшлаас үүдэлтэй багтраа (астма) гэнэ. Хувцаслалаа. Нөхөр маань миний оо сойз ойр зуурын юмыг бэлдэж базаалаа. Би босоод үүд рүү чиглэх гэтэл болохгүй ээ дамнуургаар авч явна гэнэ. Би өөрөө алхаад түргэний машинд орчихвол орчих л түвшингийн өвчтөн байсан. Гэтэл өргөөд машиндаа оруулаад эмнэлэг рүүгээ хөдөлсөн. Хөдөлж чадахгүй хүнд өвчтөн бас бий. Тэднийг ийм биерхэг залуус л өргөнө. Түргэн тусламжийн сувилагч нар залуу эрэгтэй хүмүүс байдаг нь ийм учиртай аж.

Манайд ийм бяртай эрэгтэй сувилагч байдаг болоосой гэж өөрийн эрхгүй бодов. Төрөх орноос өөрөө босоод урт хонгилоор алхаад, шатаар дээш доош яваад орондоо ороод хэвтчихдэг эх гэж байхгүй биз. Гэтэл дөнгөж төрөөд тамир тэнхээгүй хэвтэж байгаа эхийг асрагч хүүхнүүд дамнуурган дээр тавиад дааж ядан авч явахад, ялангуяа шатаар өгсөж уруудахад хэзээ даахгүй алдаад толгой тархиараа шатны гишгүүр цохьчих бол гэж эмээдэггүй эх бас байхгүй биз. Сүүлд оросуудаас сонирхож асуухнаа хотын хүүхдүүд цэргийн алба хаах нэгэн хэлбэр бол ийнхүү эмнэлэгт ганц хоёр жил сувилагчаар ажиллах явдал гэнэ.

Чехэд түргэн тусламжийн жолооч нар сувилагчын курс хийсэн эрчүүд байдаг. Түргэний дуудлагад эмчээ дагаж явахдаа заавал хоёулаа байх ёстой. Том эмнэлэгт зүгээр алхаж очоод эмчид үзүүлсэн хүнийг эмч элдэв шинжилгээ хийлгэ гэвэл, эмнэлгийн хашаан дотроо машинаар дамнуургаар авч яваад шинжилгээ дуустал хүлээж байгаад эмчдээ хүргэж өгнө. Эмч үзээд зүгээр байна, харьж болно. Эсвэл тааруухан байна хэвт гэж хэлтэл түргэн тусламж түргэн шуурхай үйлчлэх үүрэгтэй.

Хорин хэдэн жилийн өмнө манайд эмнэлэгийн социалист систем задраагүй байхад болсон явдлыг дээр өгүүллээ. Одоо хөгжөөд сайхан болсон гэж бодож байлаа. Тоног төхөөрөмж, нэг удаагийн тариур, уян зүү, нэг удаагийн цаасан халад салфетка гээд өөр болжээ. Харин хүний мөс ерөнхийдөө бүдийсэн нь эмнэлгийн ажилтан нарыг тойрсонгүй. Бүх юмыг зоосны нүхээр хардаг болсон гэх үү дээ. Ил далд бүх үйлчилгээ эмчилгээ өөрийн гэсэн үнэ ханштай болжээ. Танил тал найзан дундаа гэж байхгүй мөнгө л бүхнийг шийддэг болсон шиг.

Wednesday 22 October 2008

Нохой болох гөлөгнөөсөө

Манайх гөлөгтэй болвой. Уугуул нутаг нь Дорнод аймаг. Цэвэр монгол цусных бишээ. Эрлийз. Уул нь дөрвөн нүдтэй монгол банхартай болохыг санаархсан чинь нохой хүртэл эрлийзжээд дуусаж байна. Улаанбаатарт элдэв вакцин хийлгээд, саарал хайрцагт дасгаад, паспорт аваад алсын замд бэлэн болсон. Онгоцны ачаа тээшийн хэсэгт холын замыг туулаад ирсэн дээ. Улаанбаатар Москвагийн замд олон цаг баахан чемодан дунд моторын хүнгэнэх чимээнээс айж цочоод, агаар дутагдаад арай мажийчихаагүй. Бие нь сайжрахгүй бол эзэнтэй нь уулзуулж сэтгэлий нь сэргээнэ гэж Шереметьевод аражуугаар хүртэл зарлуулаад авсан. Орос ах нар Москвад агаарт гаргаж уух юм өгч тордоход дороо сэргэсэн гэж байгаа.
Замын ядаргаагаа гаргаж нар туссан газар бараадаад дуг хийгээд авнаа хө. Ердийн саванд хоол хийгээд өгөхөөр тэр нь шалан дээр гулгаад, нөгөөхийгөө хөдөлгөөнгүй байлгах гэж бөөн тачигнаан болоод, урд сарвуугаа дотор нь хийж тогтоож аваад дараа нь шал халтардуулаад байхаар тусгай зориулалтын нохойн таваг авч өгөв. Биднийг хооллохоор суухаар гөлөг өөрийн таваг руу хошуугаараа дохиж, горьдсон нүдээр тасралтгүй ширтээд идэх юм гуйгаад салахгүй нь хэцүү. Хоолны ширээнээсээ идэж байгаа юмнаасаа өгөөд байвал "буруу хүмүүждэг", цагаар хооллоод бусад үед тоохгүй байх хэрэгтэй гэж хөрш айлын хүн зөвлөсөн.
Гэрт нэг хоёр шээс алдаад, хошуугаар нь шээсий нь үнэртүүлж чанга дуугаар загниж буй дүр эсгэж байж нэг болиулав. Анх гадаа гарах гээд коридорын толинд өөрийгөө олж хараад учиргүй хуцаж инээд хүргэсэн. Гадаа гарахаараа айлын том нохойд бяц даруулчих, хүчтэй алгадуулчих дөхөөд дагаж гүйгээд хөөрчихсөн онгиргон амьтан орж ирнэ. Хүн шиг ямар гэрийн углааш шаахай өмсөх биш. Дөрвөн сарвуугий нь чийгтэй алчуураар арчих гэж бөөн юм болно. Одоо овоо сураад урд хоёр сарвуугаа өгч арчуулдаг болоод байгаа. Хойт хоёрыг арчих гэж тойрон бүжиг хийхээс наагуур хэ хэ.
Монголд анх паспортны зураг авахуулсан. Сая энэ хэдэн зургийг авахад над руу их л гайхсан байртай гэлжийгээд харж байв.

Monday 20 October 2008

Морин аялал


Нэг чех эр дэлхийг эзэлсэн эрэлхэг монгол морь унаж үзсэнээ ярьлаа. Эхлээд морьны хамар самсай нь сарталзаад гадны хүнийг ойртуулах дургүй янзтай байсан ч эзэн нь зандарч байж, чех маань арай гэж морджээ. Эзэн урд нь гараад морио хөтлөөд, гижигдүүлсэн хүн шиг үе үе ганцаар хөхөрч явсан гэнэ. Хавтгай тал газар сайхан, өгсүүр уруу (бяцхан довцог хэ хэ) газар жаахан аймаар байж гэнэ. Тэгсхийгээд морин аялал дуусч дээ. Эзэн нь эмээл, хазаарыг аваад морио идээшлүүлэхээр сул тавьжээ. Нөгөө чех маань унасан морио нүд салгалгалгүй харж байтал, морь зүлэггүй халцгай газар очоод хөрвөөж гарчээ. Харь үнэр танар эвгүй байгаад түүнийг газар шороондоо арчиж ариусаж байна гэж ойлгосон гэнэ билээ. Хүний газар яваа улс морь малаас нь хүртэл айх юм даа хөөрхий.

Wednesday 8 October 2008

Ардын зураач Ц.Доржпалам гуай

Монгол улсын Ардын зураач Ц.Доржпалам гуайн охинтой нь найз. Ноднин өвөл цагаан сараар золгохоор очиход "би чамд номоо өгнөө" гээд их л хөхүүн байна. Түүний залгамж хойч үеийнхнийхээ угсаатан зүйн судалгаанд нэмэр хандив болгох зорилгоор бүтээсэн түүхэн сэдэвт хөрөг зургийн цомог өнгөрдөг 2007 онд хэвлэгдэн гарчээ. Одоогоос нэлээд олон жилийн өмнө эхэлж зураад нийтийн хүртээл хараахан болоогүй монголын хаад, ноёд, шашны ихэс дээдэс, эгэл эрчүүд болон бүсгүйчүүд, харийн цэргийн эрхтэн ноёд зэрэг 69 хөрөг цомогт оржээ. Нүүрэн талын хавтас дээр Дандар аграмбын хөрөг бий. XIII Далай ламтай харилцан багш шавь барилцсан гэх номд гэгээрсэн их хүний хөргийн доод талд зураачийн нэрийг томоор бичсэнд ихэд дургүйцэн эвгүйцэж, хэвлэлийн дизайн хийсэн хүүхдүүдэд гомдолтой шиг байсан. Наймдугаар богд Жавзандамбын залуу идэр ямбаны хувцастай гурван хөрөг, Их Дагина Дондогдулам гүн цолтой отго жинстэй ямбаны хувцастай хөрөг, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Манлай ван Дамдинсүрэн, Чин ван Ханддорж, Харчин чин ван ямбаны манж хувцастай, Дилав хутагт залуу лам байх үе болон эгэл хар хүний хувцастай идэр насны хөрөг, Жалханз хутагтын ямбаны ба хувраг хувцастай болон хиазтай захтай дээлтэй гурван хөрөг, Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, түүний урлаг соёл номын садан авъаяслаг Дадишуари бүсгүйн манж хувцастай хөрөг, XIY Далай ламын залуу үе ба ном хурж байгаа хөрөг, Зуугийн лам алдарт эрдэмтэн Дагвадоржийн сүүлийн дүрийн хөрөг, XIX зууны сүүл үеийн зүүн хүрээний ёнзон хамба Лувсанхаймчиг, Гүрүдева Рэнбүчи, Гандан хийдийн Жагварал ламын залуу үеийн хөрөг, Жадамба ламын өтөл насны хөрөг, Тогтох тайж, суугаагаараа морь уургалдаг байсан гэх ламын гэгээн, гүртэн, Барон Унгерн, Сюй шүжан зэрэг түүхэн нэрт хүмүүсийн хөрөг орсон байна. Энэ сайхан номоо Ц.Доржпалам гарын үсэг зурж надад бэлэглэсэн юм.
Ц.Доржпалам гуай насаараа төв театрын зураач хийсэн хүн болохоор түүх, угсаатны зүй, уламжлал зан заншлын талаар их юм мэднэ, 2000 онд тэднийд очоод элдэв юм шалгааж суулаа. Ахмад зураач ярьж байхдаа эртний урлаг соёлын сайхан уламжлалаас тасарсан бид мэтийн юм мэдэхгүй улсад ойлгомжтой болгохын тулд хоромхон зуур гарын үзүүрээр хар зураг татлан яриагаа амь оруулна. Чадварлаг итгэлтэй зураасаар хоромхон зуур амилах цамын баггүй ганц дүрийн таталбар зурагт Чамбоны өргөн хамцуйнаас нь эхлээд, дүрэлзэн буй галын дөлөн чимэгтэй өргөн хүрээт хар малгайг үзгийн үзүүрээ цааснаас салгалгүй шахам зурсаар гайхамшигтай нарийн дүрсэлж тэр ч байтугай ихэмсэг захирангүй ч юм шиг дээгүүр харц, алгуур удаан хөдөлгөөн зэрэг сэтгэлийн дотоод өнгийг хүртэл гаргасан. Хүний нүдний хараа гүйцэх эрхгүй хурдан шалмаг хөдөлгөөнтэй. "Хамгийн хурдан шалмаг хөдөлгөөнтэй цамын энэ хоёрын бүжгийг "хурдан цагаан" гэдэг сэн. Эврээрээ газар сэжээд ч байх шиг гялалзаад тоос татуулаад цааш орчихдог байж билээ" гэж нүдэнд харагдтал хүүрнэх зуураа Шава (буга), Махи (үхэр) хоёрын тухай ярихдаа бугийг зурагнаасаа нааш үсрэхээр завдаж буй мэт нэг хөлөө нааш тавьсанаар таталсан.

















Sunday 5 October 2008

Хүний ясан бунхан


Юм үзээд анх удаа яах гэж ийм юм үзэв гэж харамссан тохиолдлоо бичих гээд гар эвлэхгүй байсаар өдийг хүргэлээ. Өмнөд Чехийн Кутна Хора хотын ойролцоо хүний араг ясаар бүтсэн Седлице хэмээн бунхан бий. Бунхан Готийн хэв маягтай. Бунханы дөрвөн баганат буланд уруу нь харуулан тавьсан хонх хэлбэртэй хүний ясан овоо байна. Бунханы гол асрын таазнаас аврага том (зураг дээрх люстра) өлгөөтэй. Хананд энэ бунханг эзэмшигч эртний сурвалжит угсаат Шванценберг гэр бүлийн хүний ясан сүлд (герб) тус тус өлгөөтэй. Барилгын тааз, хана, багана ер нь хээ угалз чимэг гоёл шаардагдах бүх зүйлийг хүний ясаар хийжээ. Нийт 40000 хүний араг яс орсон юм байна.

1278 онд Чехийн хаан Отакар нэг санваартанг Иерусалим руу элч болгон илгээж ариун дагшин газар Голгофоос Христийн чандарын үлдэц авчируулан, Седлицед цацсан гэдэг домог байдаг. Мөнгөний хүдэртэй газар тул энд дундад зуунд бэлтэй баян улс энд нутагладаг байжээ. Ариун дагшин гэгддэг Седлицийн оршуулгын газарт мянга мянган зөвхөн чехийн бус европын нөлөө бүхий томчуул нойрсохыг эрмэлзэх болжээ. Хамгийн алдартай оршуулгын газар болсноор хүссэн болгонд газар хүрэлцэхээ больжээ. Энэ насандаа бэлтэй, эрх мэдэл нөлөөтэй байсан хүмүүс хойд насандаа бурханд ойр байхыг хүсдэг аж. Энгийн улсууд ч бас энд эцэг эхээ ах дүүгээ нутаглуулахаар үзнэ. Гэтэл XIV зуунд Европ дахиныг хамарсан хар тахал, шашны өөрчлөлт шинэчлэлээс үүдэлтэй XV зууны Гуситын дайнд олон мянган хүн өөд болж оршуулгын газрын даац хүрэлцэхээ больжээ.
1400 оны үед дээр үеийн зөвхөн яс үлдсэн булшнаас ясы нь авч хадгалах замаар дараа дараагийн хүмүүсийг оршуулах зай гаргаж өгдөг болсноор яс хадгалах бунханг барьсан юм байна. Хагас сохор лам бүх ясыг төрөлжүүлж, ариутгаж, цагаан шохойгоор будаж янзалсан гэнэ билээ.
Арван есдүгээр зууны сүүлээр Шварценбергийн угсааны сурвалжит гэр бүл энэ хавийн бүх газрыг худалдан авч, 1870 онд уран дархан Франтишек Ринтийг хөлслөн авч бунханд хураалгаатай байгаа яснуудыг эмхлүүлсэн байна. Ринт дархан шилээр модоор хийж болдог бүхнийг хүний ясаар хийж, бүтээлийнхээ буланд гарын үсгээ бас ясаар мөнхөлсөн байна.

Үүдээр ороод өчнөөн олон хүний араг ясаар босгосон хонх хэлбэртэй ясан овоог анх харахад дотор зарс хийж нуруугаар хүйт даагаад хамаг бие хөшчих шиг болж билээ. Бунханы голд ороод, тэр үед бол гоёмсог лааны суурь одоо бол гэрэлтүүлэгч болох учиртай хүний чөмөгний ясаар хийсэн унжлага, далны ясаар хийсэн лааны суурь, цаашлаад ханан дээрх сүлд зэргийг хараад бараг ухаан алдаад уначихсангүй. Болор люстрийн унжлага нарны буюу цахилгаан гэрлийн туяанд олон өнгөөр туяараад ур хийцийг бишрэм байдаг бол үүнийг хүний ясаар хийчихээр хачин эвгүй ой гутам сэтгэгдэл төрүүлсэн. Юу үзэхээ эхлээд судалж мэдмээр юм билээ. Үзэх газар орон, амралт бүх зүйлээ өрнөдийнхөн бараг жилийн өмнөөс, ядаж гурван сарын өмнөөс төлөвлөдөг. Юү үзэхээ урьдчилан судалдаг барууныхны энэ хэвшлийг одоо болтол өөриймшүүлж чадаагүй л явна. Бид Кутна Хора дахь цалин цагаан мөнгөөр мөнгөн зоос цохьдог байсан зоосны үйлдвэрийн музей үзээд, дараа нь ийш санаандгүй орчихсон юм. Дашрамд дуулгахад "доллар" гэдэг америк мөнгөн тэмдэгтийн нэр чехийн мөнгөн зоосийн анхны нэр "таллирж" (хавтгай таваг) гэсэн үгнээс гаралтай гэнэ билээ.