Showing posts with label инээд нэмэх агшин. Show all posts
Showing posts with label инээд нэмэх агшин. Show all posts

Sunday, 12 June 2011

Хөөрхөн... сайхан?

Урт зэгзгэр хөлтэй, түхгэр цагаан цээжтэй, дэндүү нарийхан бэлхүүстэй уран гоё хөдөлгөөнтэй болохоор гоё биетэй гэхээс яахав. Бодлогоширсон гэмээр гуниг хурсан дүрлэгэр бор нүд, шөнтгөр хамар, дух, чих бүгд зохилдсон юм чинь царайлаг гэхээс яахав. Чехүүд "хэзки" - хөөрхөн гээд байхаар нь толгой дохиод зөвшөөрөөд байдаг гэж байгаа. Англи хэлтнүүд "гүүд лүүкинг" -царайлаг гээд байхаар бас л тийм үнэн гээд бардам байх. Гоё биетэй царайлаг амьтан маань манай нохой. Монголоор нохойг царайлаг гэхэд нэг л биш сайхан гэвэл яадаг бол?
Манайх хоёр жил хагасын өмнө Монголоос тухайлбал Дорнод аймгаас нэг гөлөг авчирсан даа. Одоо нас бие гүйцээд том нохой болсон. Эндхийн богинохон хөлтэй паацагнасан голигор нохдын хажууд анч нохой гэсэндээ гэдэс нь хойш татагдсан, цээж хүчирхэг, туулай зээр хөөгөөд гүйж байхдаа таарсан урт нарийхан хөлтэй. Хашаа гэр манах ёстой амьтан гэхэд тэнэг сайхан зантай. Анхнаас нь муу золигийг ааш муутай болгож хүмүүжүүлэх байж. Хажуугаар өнгөрөх хүн бүрийг сүүлээрээ дохиж мэндлээд, үсэрч харайж уран гоё хөдөлгөөнийг харамгүй үзүүлнэ. Дөнгөж хөлд орж буй нялх хүүхдээс эхлээд, эрүү өвдөг нь нийлсэн эмгэн өвгөн хүртэл хавь ойрын завтай хамаг хүн зон амьтны хүрээлэнгийн үзмэр сонирхох шиг манай гадаа шаваастай, шал дургүй хүрмээр. Зарим нь зайдас, яс, хиам өгч байгаа харагддаг. Ямар нарийхан биетэй, бараг туранхай гэхээс наагуур шогширцгооно. Биднийг нохойгоо хооллодоггүй гээд байгаа юм уу, төрөлхийн тийм галбиртай гээд үг сөрөлтэй биш. Элдэв амин дэмтэй гэх нохойн хорголжин тэжээл голоод идэхгүй. Мах их иддэг монголчуудын хаялаг их тулдаа л, тэжээлд мах яс, ядаж шөлний нитгэл хольж байж идүүлнэ. Бас монгол команд ойлгодог, чех хэл мэдэхгүй гэж гайхаад байхыг нь яана. Манай хөршүүд бидний нэрийг мэдэхгүй. Манай нохойн нэрийг Баагий гэж бүгд андахгүй. Паспортын нэр нь Хойлог л доо, гэртээ бид Баагий гэдэг болохоос. Бид нар хүний нэр тогтоогоод нохойн нэрийг огт тогтоодоггүй гэж байгаа.
Сар хагастай, сүүнд жигтэйхэн дуртай, тав зургаахан кг жинтэй (одоо 26 кг жинтэй), өрвийсэн үстэй, нялх, сахилгагүй амьтан манайд ирж байлаа. Сүүнээс гараагүй нялх өнчин бас эгдүүтэй амьтанд мэдээж хэн ч ширүүлсэнгүй. Гэхдээ нялуурсангүй. Хооллоод, салхинд гаргаад, хааяа дайн болохоос наагуур юм болж усанд оруулаад гэрт нэг буланд хэвтэр бэлдэж өгөөд орхисон. Нохойд хайртайдаа бус хүмүүс балайр гэж хэлнэ гэж эвгүйцсэндээ, бас элдэв бөөс хуурс үржиж магад гэж сэжиглэсэндээ хэвтэрийг нь харин хэд хэд шинэчлэсэн байх. Гэтэл ийм ааш сайтай амьтан болчих юм. Зарим айлын нохой хажуугаар нь хүн өнгөрөх тоолонд хуцаад архираад зогсоо чөлөөгүй ажил албаа гүйцэтгэчих юм.
Гэхдээ зарим төрлийн нохойг үзэн ядна. Гахай нохойны эрлийз гэмээр хачин муухай зүстэй улцан цагаан ягаан зүсмийн нохойг бол нэг нүдээр үзэхгүй муухай хуцаад архираад сүрийг үзүүлнэ. Нэг хөгшин бүдүүн гичий овчаркад бас их дургүй. Тэр дургүй ноход манай хажуугаар сүүлээ хавчаад үтэр түргэн зайлж байгаа юм даа. Бас муурны дайтай давжаа биетэй атлаа дуу ихтэй жижиг нохдыг ёстой нэг үл тоомсорлоно гэгчээр, нөгөөдүүл нь яаж ч байсан тэртээ алсыг ширтээд даан ч нэг тоож харьцахгүй нь инээдтэй.
Эзнийхээ хажууд алхахад нь алхаад гүйхэд нь гүйгээд уяагүй сул хамт зугаалдаг хүмүүжилтэй ноход байх юм. Барилга байшин ихтэй хот газар нохой маань уяагүй урд хойно гарч гүйгээд хамт яваад байдаг болсон. Жаахан зэлүүдхэн тариа ногооны талбай, ой модны ойролцоо, хүүхдийн парк зэрэг онгон байгаль санагдуулсан газар уяагүй явж огт болохгүй нөхөр юм билээ. Туулай хэрэм ямар нэг амьтан энд тэнд хөдлах төдийд агаар цөм зүсч хурдлаад хөөгөөд алга болно. Дорнодын уудам тал нь санаанд ордог юм уу, анч цус нь бургилдаг юм уу бүү мэд. Тэгээд гэрээ олоод ирнэ гэж бараг үгүй дээ. Хаа хамаагүй тэнэж явахад нь хүзүүвчинд байх утсаар хүмүүс ярьж авчирч өгнө. Энгийн ардууд бол яахав, цагдаа олж ирвэл торгууль төлж байж нохойгоо салгаж авна. Хүүхдүүд, нөхөр эрэлд гараад заримдаа олоод ирнэ. Том том дуугарч загинаж байгаа дүр эсгэнэ, ойлгодог эсэхийг мэдэхгүй.
Манай хоёр хүү, нөхөртэй тоглоод үсрээд, хоншоороороо ёвроод, урд сарвуугаа өгөөд их дотносоно. Надад хүрч болохгүй гэдгийг анхнаас нь сайн ойлгуулсан. Ажилд яваад гаднаас ирэхэд баярлаж давхиж ирээд хоёр сантиметр дөхөөд эргээд, хэхэ. Өөрийн биед хүрч болохгүй дэгт оруулчихаад сарьсан хоншоорыг нь няслаад авах, сүүлдэх зэргээр нохойн дургүй юмыг ганц би хийж байхад гал тогооны атаман гэж мэдээд тэвчээд байх шиг, хэхэ.

"Нохой болох гөлөгнөөсөө

"Дуучин нохой"

Saturday, 2 January 2010

Салхи татуулан...

Мотоцикл унаад салхи татуулан давхиж байгаа залуусыг харж явснаас мотоциклд ойртож ч үзээгүй бибээр нэг удаа энэ айхтар унааг унаж үзвэй. Өмнөд хятадын Кантон мужид болсон яармагт оролцох үедээ, нэг өглөө хүзүүнээсээ өлгөөтэй байх ёстой үнэмлэхээ зочид буудалдаа мартаад, сэргээлгэх санаатай анх олгосон газарт очвол, торгууль нь өндөр санагдаад, нэг өдөр өөртөө чөлөө олгон амрахаар шийдээд буудалдаа буцах болов. Зочид буудал яармаг хоёрын хооронд шатл автобус үйлчилдэг тул, яаж явахаа заалгахаар замын цагдаад хандав. Хаягаа харуулаад мөрөө хавчиж, том харж, толгой сэгсэрч хэл нэвтрэлцэхгүй улс дохио зангаагаар ойлголцдог аргаар учирлав. Метрогоор уу? Таксигаар уу? гэж байгаа бололтой мэддэг хоёр үг дуулдсанд яарах юмгүй хүн хямдыг нь бодоод метро гэлээ. Метроны буудал хаана байна гэж асууж амжихаас өмнө хүргээд өгөе гэж дохих шиг.

Окей гээд дагавал нэг бага оврын мотоцикл дээр дагуулаад очлоо. "Хүүе ажаа нь үүн дээр чинь сууж үзээгүй, больё" гэмээр ч хэл мэдэхгүй, газар мэдэхгүй хүн яалтай билээ. Нөгөө цагдаа залуу дуулгаа өмсөөд өөрөө суудалдаа суугаад, намайг ардаа сундалдаад суу хэмээн дохиж байна. Зүүн дөрөөнд хөлөө тавьтал, унаа хүн хоёр миний ганц хөлнөөс хөнгөхөн аж. Мотоцикл дээрх цагдаатайгаа хамт хажуу тийш налж хөмрөх шахав. Нэг хөлөө дөрөөлөх мөчдөө нөгөө хөлөө суудал даваалан сэв хийтэл хурдан шалмаг мордох учиртай бололтой. Сандраад хөлөө татаж авав. Урд зүгийн хятадууд ер нь их жижиг метр хагас орчимхон давжаа улс. Эргэн тойрноо харж тэндээ л томоохонд (170 орчим) ормоор нэг нөхрийг дохиж дуудав. Уриалгахан аргагүй хүрээд ирж байна. Унаагаа түшүүлж, өөрөө түшиж байж нэг юм мордоод авлаа.

Аажуухан хурд нэмэхгүй шууд давхидаг юм байна. Хийсчихмээр аймаар. Эх газартаа хоёр хөлөөрөө зогсож байсан бол барагтай салхинд хийсэхээр хөнгөхөн хүн биш сэн. Хурдалж байнаа. Жолоочоосоо тас зуурмаар. Танихгүй, харийн хүн байдаг. Уначихмаар санагдаад өмнөх хүнээ сэрвүүхэн барьлаа. Ядаж явж "уухай туухай баатар ууцан дундуураа тасархай баатар" мөр санаанд орж, "баруун зүүн гарын гарын хуруунууд хоорондоо нийлчихмээр ямар нарийхан амь гол нь хаанаа байдаг амьтан вэ" гэж бодон тус хүргэж яваа хүнээ дотроо ихэд голов. Айдас хүйдэс бага зэрэг сарниад өмнөх замаа харлаа. Үгүй ингэхэд би жолоочийн дуулган дээгүүр харж байх юм. Төрсөн нутагтаа дунд зэргийн нуруутай, төөрсөн газартаа (Чех) жижигт ордог би энд томоос том болж хувираад давжаа мотоциклчийн ард уул хад шиг сүглийж байх шиг. Сундалгааны суудал ёндгор өндөрдүү суугаа хүн нь "өндөр" болохоор хараа дээгүүр, хамар шантгар додигор явлаа. Салхи татуулан давхих сайхан юм билээ. Үе үе нөмөрт хорогдож амьсгаа авмаар атал нугдайж эвхрээд ч жижгэрдэг арга байхгүй нь л тиймэрхүү. Унаа маань огцом хөдөлсөн шигээ гэнт зогслоо. Метроны зогсоолд хүрчээ. Цагдаа залуу буух зогсоолын маань нэрийг ханзаар бас латинаар бичиж өгөөд, мотоциклоо унаад давхин алга болов.

Tuesday, 16 December 2008

Махсах

Авсаар жижигхэн биетэй аятайхан монгол бүсгүй чех эртэй ханилан суужээ. Сайхан хүүхнийг энд "кочка" буюу "муужгай" гэж дуудна. Хэврэгхэн энхрийхэн булбарай, дорнын нууцыг агуулсан намуухан зантай эхнэрээрээ мань эр их бахархдаг байвай. Миний хөөрхөн муужгай гээд гар дээрээ бөмбөрүүлнэ. Хүн ер нь хүмүүс өөрт тулгаад ч юмуу, өөрөөс нь хүлээгээд байгаа дүрийг хүссэн хүсээгүй тоглодог хойно доо. Намуухан хэврэгхэн шаазан муужгайн дүрийг мяу гэхээс наагуур эсгэн эрхэлж л сууж. Гэтэл олон мянган жилээр цусанд нь кодлогдсон төрлөх чанар нь дотроос хатгаад зүгээр байлгадаггүй. Тогоо дүүрэн хонины мах чанаад, элдэв хутга сэрээ таваг гэхгүй барьж суугаад, шүдээрээ сайхан мөлжих сөн гэсэн бодол амар тайван байлгадаггүй. Хонины мах бараг олдохгүй нь хяслантай. Хонины мах долоо хоногт ганц удаа ирдэг дэлгүүрийн хаягийг ямар ч болсон мэдэж авчээ. Нөхөр хэд хоног загасанд явжээ. Бүсгүй мах ирдэг өдрийг анаж байгаад хонины хэдэн хавирга, дал худалдаж аваад чанав. Гэртээ ганцаараа байгаа хүн чөлөөтэй шд. Хар халуунд гээд бараг хувцасгүй эхээс төрсөн төрхөөрөө, будаг шунхгүй гэхдээ үсэндээ бигуди ороосон. Тогооноос сайхан үнэр гарч байнаа. Удалгүй мах нь ч болж. Далнаас ганц хоёр огтлоод, нэг хавирга барьж аваад шүдээрээ хуулж өгч байвай. Гэнт орчны агаар өтгөрөөд байх шиг сонин мэдрэмж төрөхөд, махнаасаа арай гэж салан толгой өндийлгөн харавал, нөхөр нь ирчихэж. Хөөрхий ихэд айсан царайтай хараад зогсож байна гэнэ. Азийн хөөрхөн кочка нь араа шүдээ ярзайлгаад, агуйгаас гарсан балар эртний хүн шиг мах зулгаагаад нүцгэн сууж байхаар айх нь аргагүй.

Махсах аа гэж...

Friday, 21 November 2008

Дуучин нохой

Үгий нь бүрэн мэддэг дуу байхгүй. Хүний өмнө чанга дуугарах хоолой байхгүй. За үгийн далан хувь тогтоосон байвал ая байхгүй, хоёр тэс хөндлөн дууг холиод авч байж мэднэ. Гэхдээ дуулах дуртай. Хаа явсан газраа дуу аялаастай. Аялах ч гэж дээ гингэнээстэй. Муу дуучин болохоор нохой ч дагаад дуулчихмаар санагддаг бололтой. Өчигдөр хоол хийнгээ дуулж байтал, нохой маань миний өмнө ирж суугаад хүзүүгээ сунгаад нүд хоншоор бүх байдал нь нэг юм хэлэх гээд ч байх шиг догдлонгүй болж ирснээ болоогүй хоолойноос нь нэг тийм нарийхан исгэрэх (гаслах арай биш юмаа) чимээ гаргав. За ийм нэг сонсогчтой боллоо. Яг сая дуулсан дуугаа дахиад дуулсан чинь их тааламжтай бололтой сүүлээ хөдөлгөөд дагаж дуулахаас наагуур тийм нэг багахан авиа гаргаастай, хүзүү сунгаастай, нүд бүлтрээстэй, хоншоор сөхөөстэй. Намайг бас дахиулж байдаг гээд миний ч бас хамар сөхөөстэй. Ганц сонсогчдоо зориулаад цоглог аялгуутай марш маягийн өөр дуу дууллаа. Таалагдахгүй байгаа нь илт шууд үзэгчийн суудал хоосорч байна. Яваад өглөө. Үгүй, нохойд арай таалагддаг, эс таашаадаг дуу хөгжим байдаг болов уу?

Таалагдсан дуу нь тавь жараад оны уянгын дуу,
...Шивнэн шивнэн ярьсан
Найз аа чинийхээ үгийг ээ
Чагнан чагнан сонссон
Намрын оройг санаж байна уу
Бургас хажууд минь найгасан
Болжмор дэргэд минь жиргэсэн
Ийм л орой байсан сан
Тийм л оройг санаж байна уу...
Нохой маань анч удмын гөлөг гэсэндээ ой модон дунд мод бургасны чимээнд болжмор хэрэмхэн хөөж байна уярсан юм уу бүү мэд. Эзэн нь чоно сайн хөөдөг нохойны гөлөг гээд байсан, дөнгөж дөрвөн сартайдаа болжмор хөөхөөр мөрөөддөг аймаар.

Таалагдаагүй дууны үгийг ёстой мэдэхгүй. Нэг саарал шинельтэй буурал толгойтой нөхөр хил хамгаалаад, Дархан хотыг барьж босгоод байдаг хүний тухай цэргийн марш маягийн дуу. Их эдээ цэрэгт орж дэглүүлээд хилээр хэрэгтэн хөөгөөд шиншлээд гүйхгүй нь.

Дууны үг бүрнээр нь мэддэг хүн байвал туслаарай. Хааяа дуулж байя, хүн амьтан дахиулах ч юу магад.

Wednesday, 22 October 2008

Нохой болох гөлөгнөөсөө

Манайх гөлөгтэй болвой. Уугуул нутаг нь Дорнод аймаг. Цэвэр монгол цусных бишээ. Эрлийз. Уул нь дөрвөн нүдтэй монгол банхартай болохыг санаархсан чинь нохой хүртэл эрлийзжээд дуусаж байна. Улаанбаатарт элдэв вакцин хийлгээд, саарал хайрцагт дасгаад, паспорт аваад алсын замд бэлэн болсон. Онгоцны ачаа тээшийн хэсэгт холын замыг туулаад ирсэн дээ. Улаанбаатар Москвагийн замд олон цаг баахан чемодан дунд моторын хүнгэнэх чимээнээс айж цочоод, агаар дутагдаад арай мажийчихаагүй. Бие нь сайжрахгүй бол эзэнтэй нь уулзуулж сэтгэлий нь сэргээнэ гэж Шереметьевод аражуугаар хүртэл зарлуулаад авсан. Орос ах нар Москвад агаарт гаргаж уух юм өгч тордоход дороо сэргэсэн гэж байгаа.
Замын ядаргаагаа гаргаж нар туссан газар бараадаад дуг хийгээд авнаа хө. Ердийн саванд хоол хийгээд өгөхөөр тэр нь шалан дээр гулгаад, нөгөөхийгөө хөдөлгөөнгүй байлгах гэж бөөн тачигнаан болоод, урд сарвуугаа дотор нь хийж тогтоож аваад дараа нь шал халтардуулаад байхаар тусгай зориулалтын нохойн таваг авч өгөв. Биднийг хооллохоор суухаар гөлөг өөрийн таваг руу хошуугаараа дохиж, горьдсон нүдээр тасралтгүй ширтээд идэх юм гуйгаад салахгүй нь хэцүү. Хоолны ширээнээсээ идэж байгаа юмнаасаа өгөөд байвал "буруу хүмүүждэг", цагаар хооллоод бусад үед тоохгүй байх хэрэгтэй гэж хөрш айлын хүн зөвлөсөн.
Гэрт нэг хоёр шээс алдаад, хошуугаар нь шээсий нь үнэртүүлж чанга дуугаар загниж буй дүр эсгэж байж нэг болиулав. Анх гадаа гарах гээд коридорын толинд өөрийгөө олж хараад учиргүй хуцаж инээд хүргэсэн. Гадаа гарахаараа айлын том нохойд бяц даруулчих, хүчтэй алгадуулчих дөхөөд дагаж гүйгээд хөөрчихсөн онгиргон амьтан орж ирнэ. Хүн шиг ямар гэрийн углааш шаахай өмсөх биш. Дөрвөн сарвуугий нь чийгтэй алчуураар арчих гэж бөөн юм болно. Одоо овоо сураад урд хоёр сарвуугаа өгч арчуулдаг болоод байгаа. Хойт хоёрыг арчих гэж тойрон бүжиг хийхээс наагуур хэ хэ.
Монголд анх паспортны зураг авахуулсан. Сая энэ хэдэн зургийг авахад над руу их л гайхсан байртай гэлжийгээд харж байв.

Monday, 20 October 2008

Морин аялал


Нэг чех эр дэлхийг эзэлсэн эрэлхэг монгол морь унаж үзсэнээ ярьлаа. Эхлээд морьны хамар самсай нь сарталзаад гадны хүнийг ойртуулах дургүй янзтай байсан ч эзэн нь зандарч байж, чех маань арай гэж морджээ. Эзэн урд нь гараад морио хөтлөөд, гижигдүүлсэн хүн шиг үе үе ганцаар хөхөрч явсан гэнэ. Хавтгай тал газар сайхан, өгсүүр уруу (бяцхан довцог хэ хэ) газар жаахан аймаар байж гэнэ. Тэгсхийгээд морин аялал дуусч дээ. Эзэн нь эмээл, хазаарыг аваад морио идээшлүүлэхээр сул тавьжээ. Нөгөө чех маань унасан морио нүд салгалгалгүй харж байтал, морь зүлэггүй халцгай газар очоод хөрвөөж гарчээ. Харь үнэр танар эвгүй байгаад түүнийг газар шороондоо арчиж ариусаж байна гэж ойлгосон гэнэ билээ. Хүний газар яваа улс морь малаас нь хүртэл айх юм даа хөөрхий.

Saturday, 5 April 2008

Төрөл хэлний төөрөгдөл

1968 онд оросын цэрэг танк гэнт цөмрөн орсон гунигт явдлаас хойш чехүүд орсуудад дургүй. Улс төрд хэл соёл буруутай юм шиг оросоор ярих байтугай ойлгож буйгаа хүлээн зөвшөөрөх дургүй улс. Манайх шиг арван жилд сургалтын хөтөлбөрт нь орос хэл албан ёсоор байсан, төрлөх чех хэл нь эртний славян хэлний группт ордог тул орос хэл мэдэхгүй ядаж ойлгохгүй хүн үнэндээ байхгүй. Чех хэлийг орос хэлтэй хүн бүр шууд ойлгоод байхаар ч биш. Чех хэлийг огт оросгүй хүн оростой хүнээс илүү түргэн будлиангүй сурмаар.
Ижил дуудлагатай үг жилжсэн утгатай байх нь олонтой адармаатай хэл. Жишээ нь: орсоор "позор" нь "гутамшиг" гэсэн утгатай бол чехээр "анхаар"; нүүр гарны тосыг оросоор "крем" эмчилгээний түрхлэгийг "мазь" чехээр аль алийг нь "крем"; улаан өнгийг оросоор "красный" гэдэг бол чехээр "сайхан" гэсэн утгатай; "живот" нь чехээр "амьдрал" энэ нь оросоор "гэдэс" гэсэн утгатай гэх мэт . Орос бүсгүйд чех залуу дурлаад "Живот иэ красный, ти сэш таке красный" (Амьдрал сайхаан, чи ч бас сайхан) гэвэл би ч улаан гэдэс ч улаан гэж ойлгох шиг. Яаж бие биендээ сайн болохов дээ хөөрхийс.
Австри-Ракауска, Голланд- Низозэмска, Вена- Вийден, Венеци- Бенатки гэх мэт улс хотын нэрийг олон улсын жишгээр дуудахгүй өөрсдийн сурснаар дуудаад эхэн үедээ дасахад хэцүү. Арван нэгэн сар "листопад" буюу навчис унах, таван сар "кветэн" буюу цэцэгс цэцэглэх сар гэх мэтээр жилийн арван хоёр сард олон улсын хэллэг огт байхгүй. Долоо хоногийн гараг оростой ойролцоо. Төгсгөлийг бага зэрэг тайрчихсан шиг. Понедельник бол пондели, пятница бол паатек.
Нуруу нь хага ташим өвдөөд гэртээ ёолж хэвтээ эхнэртээ өвчин намдаах тос авах учиртай нэгэн орос хэлтэй эр аптек оржээ. Авах юмаа хэлэх гэсэн хэрэгтэй үг санаанд орж ирдэггүй. Оросоор яривал дургүйгий нь хүрчихнэ, за байз юү билээ? Эмчилгээний түрхлэгийг мазь гэдэггүй нэг тийм гоо сайхны барааны нэрээр хэлээд байдаг шиг санагдаад: "помада про задек " гэсэнд аптекийн хүүхний царай час улайгаад толгой сэгсэрчээ. Ойлгосонгүй гэдгийг ухаараад мань эр нуруугаа заагаад тонгойж нэг гэдийж нэг үзүүлээд, үзгээ хугалж байгаа мэтээр харуулаад, ерөөс үрчгэр царайгаа хачин өрөвдмөөр үрчийлгэж, цэцэрлэгийн хөөрхөн охин унтаж байх шиг хоёр гараа хавсраад хацар дороо тавьжээ. Бүсгүй ч бүрэн ойлгож хэрэгтэй тосыг нь гаргаж өгчээ. Оюутан охиндоо би ингэж хэлээд намайг ойлгосонгүй гэвэл, та ямар ичмээр юм бэ. Нуруу чинь "заада", "задек" чинь бөгс. Эмчилгээний түрхлэгийг крем гэхээс помада гэдэг чех үг байхгүй, юу юм бэ гэж гайхжээ.

Monday, 31 March 2008

Хөгтэй ч хөгжилтэй ч

Метронд хоёр монгол явж байв. Билет шалгагч орж ирээд төмөр тэмдэг үзүүлж. Монгол толгой сэгсрээд үзэж, зогсоод байхаар нь гараараа цаашаа яваа, зайл гэж дохичихоод суугаад байж. Нөгөө тэмдэгээ үзүүлээд л зогсоод байх юм гэнэ. Шинэков арга тасраад энд удсан монголоо дуудаад "энэ балай чинь одон медаль шахах гээд салдаггүй ээ. Чи намайг авахгүй гээд хэлээд өгөөч" гэжээ. Нөгөөх нь "энэ чинь билет шалгагч байна шүү дээ. Чи түрүүн метронд орохдоо цоолсон билетээ үзүүлчих " гэв. Өө промсокоо л үзүүлж байхгүй юун сэнтэгтэй юм одонгоо барьж гүйгээд. Хэд хоногийн дараа мань эр трамвайнд суугаад хотын байдал цонхоор харсан шиг сайхан явж байтал, мөрөнд нь хүний гар хүрэхээр эргэж хартал нэг хүн промсок үзүүлж байна. Билетээ гаргаж харуулчихаад харж байсан юмаа үргэлжлүүлэн хараад явах гэтэл билет хараад улам уурлаад таягаа гозогнуулаад ханан дэх таягтай хүний зураг дохиод хачин. Тахир дутуугийн үнэмлэхээ үзүүлсэн юм байнаа гэж таамаглаад год үсрэн босчээ.

Гудамжаар явж байгаад яах аргагүй монгол царайтай хүнтэй таараад "сайн байна уу" гэж мэндэлвэл, "сайн" гэж байна. "Та хэзээ ирсэн бэ?" гэвэл "Улаанбаатар" гэж байна. Би ч бас Улаанбаатарынх гэж уулга алдах гэснээ, үгүй энэ хэзээ гэж байхад хаанахых гэж дууламааргүй юм гэж гайхаад, "Ирээд удаж байна уу" гэж нөгөө л асуултаа тавив. Харах царайнаас ойлгож байгаа шинж алга. "Та монгол уу" гэвэл "монгол, монгол" гээд их бахархалтай хэлэх юм. Гэхдээ монголоор ярьдаггүй нь илт. Чехээр ярих гэтэл бас л мэддэггүй ээ. Оросоор ярьсан чинь дуржигнуулж гарсан. Хөөрхий минь халимаг байсан шүү. Би урмы нь бодоод халимгууд чинь нээрээ монгол л доо. Манай Зүүн гарын улсаас тасарсан ойрдууд гэсэн чинь тийм гээд их баяртай. Танай залуус харин монголоор бараг ярихгүй юм уу гэтэл. Зарим нь ярьдаг. Ихэнх нь ярьдаггүй. Монгол хэл судалгааны хэрэглэхүүн болсон доо гэж гунигтай хэлсэн.

Хүнсээ цуглуулаад хүнсний дэлгүүрт явж байтал нэг вьетнам ирээд вьетнамаараа баахан юм шулагнав. "Чи хө ингэхэд ийм тарган төлөг хаана харсан юм" гэж монголоороо хариултал, нөгөө төлгийн нүд нь томроод нээрээ ийм төлөг байх учиргүйг ойлгов бололтой цааш холдов.

Блогчин андууддаа инээдмийн өдрийн мэнд дэвшүүлье.

Friday, 14 March 2008

Хэлний донж тааруулах

Чех нөхөртэй миний үеийн эмэгтэй утасдаад, "хүмүүс үйлдвэрт байж байгаад нөгөө яачихаж магадгүй шт. Үйлдвэрийн дарга намайг хүн хамгаал гээд, би орчуулаад компьютер дотор монгол байхгүй ч ..." гэх шиг хачин юм дуржигнуулж байна. Учры нь сайн ойлгоогүй ч аваад ир л гэлээ. Олон монголчууд ажилладаг үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын дүрмийг мань хүн чехээс монгол болгон хөрвүүлсэн, түүнийгээ дөрвөлжин шугамтай дэвтэр дээр элементээр сайхан биччихсэн, хүүхдүүдийнх хэрэглэдэг компьютерт монгол фонд байхгүй болохыг нэг юм ойлголоо. Завандаа шивээд өгье, хэзээ ирж авахаа тохиролцоод салав.
Хөөрхий минь хүний нутагт олон жил болоод монгол хэлээ мартаж дээ. Ингэж ч орчуулах гэж дээ. Цахилгаан гүйдэл бол ердөө л "тог", тэжээл үүсгүүр бол ханан дахь "хоёр нүх" гэх мэт чех эх нь байхгүй юу хэлэх гэж байгааг таахаас аргагүй. Цагтаа инженер хийж байхад хөдөлмөр хамгаалал гэж нэг тиймэрхүү юм байсан, бодвол түүнийг хэлж байгаа юм байх гээд цээжээр сайхан буудаж байлаа.
Хүн цахилгаан гүйдэлд цохиулсан уу, өөр ямар нэгэн осол аваарт ороод анхан шатны тусламж хэрэгтэй болж байх шиг. Ухаангүй хэвтэж байгаа хүний "хэлийг сугалаад, амыг ухаад" гээд ядаж байгаа хөөрхийг бүр эд пад хийх нь. Бодвол амы нь эвтэйхэн ангайлгаад амны хөндийг цэвэрлэхэд хэл нааш уруул давж унжиж байх ёстой байсан юм болов уу. Аваарт орсон хүний царайны өнгө, нүдний байдал хэрхэн өөрчлөгдөх талаар дүрсэлж бичсэн бололтой. "Нүдэн дотор байдаг дугуй хар юм томроод, жижигрээд" явчихлаа. Цэнхэр ногоон голдуу нүдтэй европынхон юун хар юмтай байдаг билээ гэж хэсэг гайхав. Гэнт "хүүхэн хараа" гэдэг үгийг найз мартсан байна гэдгийг ойлгов. Хүүхэн хэлийг хоолойнд байдаг нэг жижиг шөмбөгөр юм гэх юм байх даа, инээд хүрмээр. Шивсэн юмаа найздаа өгөхдөө "ойр зуурын ярианы хэдэн үгээс бусды нь санахаа болино шүү, монгол ном сонин хааяа ч гэсэн уншиж байхгүй бол төрлөх хэлээ мартах нь байна шүү" гэж хэлсэн дээ.
Түвд, уйгаржин монгол, орос, англи, чех гэсэн таван хэлтэй монгол судлаач нэг эрдэмтэн авгайтай найз. Тэр таван хэл нь бүгд бичгийн сайхан хэл. Би түүнийг их хүндэтгэнээ. Нэг өдөр "би хөдөлмөрийн гэрээ орчуулаад, орчин цагийн монгол хэлэнд зөв буусан эсэхийг хараад өгөөч" гэж байна. Ганцхан хуудас юу байхав, "за" л биз дээ. Найз маань монголын шашин судлалаар голчлон судалгааны ажил хийдэг тул судар их уншдаг. Тэр хэмжээгээрээ хүндэтгэлийн үг хэлц сайн мэддэг. Ийм гэгээнлэг, оюунлаг хэллэгээр бичигдсэн хөдөлмөрийн гэрээг би насандаа олж хараагүй тул шоконд орох шиг л болов. Ашгүй хашир хүн тулдаа чех эхийг хавсаргажээ. Бурхны оронд заларсан бодхисатва л биш бол энгийн борчууд бид ойлгохгүй гэрээг газрын хүний мэлмийд өртөж, сонорт сонсголонтой болгох гэж бас л хирэндээ чардайсан гэх үү. Хүндэтгэлийн үгийн далайн халдвар авч байх шиг. Нэгдүгээр бие дээр мэлмий, сонор гээд байх нь хаашаа юм. Дан хүндэтгэлийн үг хэллэгээр яриад бичээд байвал хүн бүр ойлгохгүй гэж эрдэмтэн авхайд хэлээд авсан.
Газарч хэлмэрч болоод явахаас аргагүй хүүхнүүд ирнэ. Түүх дурсгалын зураг хөргөө татуулдаг хэдэн газраар хам хум ороод дэлгүүрээр л голдуу явна. Ер нь энд "баярлалаа", "баяртай" амны уншлага шиг хэлдэг газар. Нэг удаа нэг найз маань их удаан үзэж сонгож байж нэлээд үнэтэй зүйл аваад сэтгэл хангалуун байдалтайгаар "шээ шээ" гэж байна. "Үгүй чи шээ шээ-дээд байхдаа яахав". "Чи л баярлаж бай гээд байсан, гэнт гадаадаар яримаар санагдаад ам нээсэн чинь хар аяандаа Бээжин маягаар талархаж хоцорлоо" гэж байна. Германд сургууль төгссөн найзтайгаа Бээжин явсан чинь зогсоо чөлөөгүй "данке шөэн" гээд салдаггүй. Би түүнд хэл заагаад, чи "данхгүй" шээн гэчихвэл хятадаар талархсан болно гэсэн" гээд ам таглачихдаг юм байна.

Friday, 18 January 2008

Авьяас

Ардын жүжигчин Хайдав гуай Прага хотод хэд хонохдоо манайд нэг үдэш саатав. Хэлсэн ярьсан нь их сургамжтай санагдаж түүний яриаг дор сийрүүлэв. Улсын хэвлэлийн комбинатад үсэг өрөгчөөр ажиллаж байгаад Хайдав гуай хэвлэлийн инженерийн сургуульд хуваарь аваад дайны дараахан Москвад иржээ. Өөрийн дур сонирхолтой хөгжмийн сургуульд орохоор шийдэж хөгжмийн сургуулийн оюутан Гончигсумлааг дагуулж хамт очоод шалгалт өгөөд үзжээ. Ажлын газрынхаа сайн дурын уран сайханч гэж олон концерт урлагын үзлэгт дуулж байсан сайхан монгол дуу, пянз тоглуулагчаас сонсголоороо сурсан нэгэн орос дууг цээл хоолойгоор дуулж үзүүлвэй. Шалгалтын комиссын хэдэн настай улс ихэд сэтгэл хангалуун байдалтай толгой дохин "хороший мальчик" гээд таашаасан шинжтэй байна гэнэ. Ингэж сайхан дуулж байхад авах л байх гэсэн шиг байтал нэг авгай төгөлдөр хуурын ард суугаад нэг товчлуур "дон" хийлгэн дараад энэ ямар "нот" вэ гэж асууж байна. Цагаан товчлуур дээр дарсан юм чинь, "белый нот" гээд авчихлаа. Гэтэл нөгөө хэд чинь тас тас хөхрөлдөөд савж унах нь. Авна авахгүй гээд хоорондоо маргалдаад бөөн юм болсноо хэд хоноод ир, асуудлыг чинь тэр болтол шийднэ гээд гаргажээ. Элчин сайдын яамандаа иртэл, хэвлэлийн сургуульд ирсэн хүүхэд сургуульдаа очоогүй байна гээд эрэл сураг болоод хаачсан, яасан хүн одоо болтол сургуульдаа очиж бүртгүүлдэггүй гээд зэмлүүлэх төлөвтэй.
Дуучин болох сонирхолтой хөгжмийн сургуульд орно гэж өөрөө гүрийгээд, сургууль нь ч төрөлхийн авьаястай энэ хүнийг чинь "туршилтын хугацаагаар" авьяа гэж байж хөгжмийн сургуульдаа оржээ. Орос хэл мэдэхгүй, хөгжмийн онол байтугай нот мэдэхгүй хүнд эхлээд маш хэцүү байсан нь ойлгомжтой. Угийн сонсгол сайнтай, хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч байхдаа утгы нь мэдэхгүй ч олон хуудас юм оросоор өрж байсан тул хэлийг түргэн сурч байв. Тугалган үсгийг нийлүүлж орос үг бүрдүүлж явснаас оросоор бичиж байсангүй ээ. Хамгийн урд талын ширээнд багшийн өөдөөс харж суугаад лекц яриа ер нь багшийн амнаас гарсан болгоныг гялалзтал тэмдэглэж хирэндээ их хичээж байв. Хамт сурдаг оюутнууд энэ нэг уйгагүй нөхрөөс сүүлд хуулж авна, лекций нь аваад уншчихна гэж дор дороо нүдлээд ихээ найдвар тавьж байсан гэнэ. Шалгалт дөхөөд идэвхтэй монголоосоо лекц хуулах гээд автал худам монгол үсгээр таталгасан лекц байж таараад нөгөө залхуу хэдийн нүд орой дээрээ гарч ёстой нөгөө "газар хатуу, тэнгэр хол" гээч болов. Энэ хөгтэй явдал багшийн чихийг дэлсэж манай хүн идэвх зүтгэлээрээ үнэлэгдэн жинхэнэ оюутан болсон түүхтэй.
Сургууль төгсөж ирээд Дуурийн театрт нэлээн хэдэн жил ажилласан нэр цуутай дуучин болсон үе. Нэг өдөр театрын жижиг өрөөндөө сууж байтал сүр сар хийсэн бахь шар залуу орж ирээд "Хайдав гэдэг хүн хаана байна, ах намайг дуу дуулахыг заалга гэсэн" гээд нэг амьсгаагаар хэлээд духаар харан барилдахаар өрж байгаа хүн шиг зогсож байхаар нь миний дүү ямар хоолойтой вэ гэвэл "бөдөөн" гэж байна. Аа тэгвэл өөдөөс харсан хаалгаар ороод тэнд байгаа хүнтэй уулз гээд гаргажээ. Дуулж байгаа бололтой чимээ гарч байснаа нөгөө залуу эргэн орж ирээд "ах угаасаа тань руу явуулсан, би сургуулиа хаяад ирсэн хүн таньд л шавь орно" гээд шалаад суучихаж. Чиний хоолой таарна Пүрэвдоржид шавь ороо гэхээр "энэ ямар муухай хүн бэ?" гээд толгой сэгсрээд байхаар яасан юм гэж сонирхвол: Надаар дуулуулаад "чи ёстой баас байна" гээд байх юм хэмээн ихэд уурласан, гомдсон байдалтай байсан залуу нь хожмын нэрт баргил хоолойтой дуучин Жаргалсайхан гуай.

Wednesday, 2 January 2008

Шинэ оны мэнд

Блогчин андууд минь 2008 ондоо цахим орон зайд цаглашгүй өндөр амжилт гаргаарай.


Ажлын чөлөөнд аяга тагш пиво уугаад,
Амрах үедээ футбол үзэж догдлоод,
Аялал зугаалганд олон дотно нөхөдтэйгөө яваад,
Анд олон нөхдөөр түшиг хийгээд,
Ажлын байр тань цэвэр ариун байгаад,
Алт мөнгө, дойлуур төгрөгөөр бялхаад,
Чадна чадна, чадахгүй юм гэж үгүй гэж цаана нь гараад,
Үр хүүхэд тань үргэлж сайхан мэдээ дуулгаад,
Алив амьтан хүний эвийг олоод,
Ах дүүтэй эвтэй найртай байгаад,

Даяарчилагдсан дэлхийд амьдарна гэж даамай сайхан хувь юмаа.

Wednesday, 3 October 2007

Хуурамба

Б.Ринчэн “Хуурамба” \Улаанбаатар хот 1990\

Цуглуулж эмхтгэсэн Г.Аким, Ц.Цэрэн, О.Хонгор


Та гэдгийн учир. Нэг өдөр Ринчэн гуай эхнэр Раднаатайгаа тар түр гэсэн бололтой байхыг Даржаа гуай ажиглажээ. Тэр үед Раднаа гуай сонинд орчуулагч хийж байв. Юу болсон юм бэ гэвэл арваад настай нэг хүүхэд ороод ирэхлээр Ринчэн гуай сурснаараа

-Та юу гэж явна? гэчихэж. Раднаа нь уурлаж

-Чи чинь өөрийнхөө ач гуч шиг амьтныг “Та”-лаад байхдаа яадаг юм гэжээ. Ринчэн хариуд нь

-Та гэхгүй яах юм. Энэ хүүхэд чинь манай төрийн тэргүүн болох хүн ч явж байгаа юм билүү. Хүүхдийг хэдий чинээ хүндэлвэл биднийгээ тэд бас төдий чинээ хүндлэх болно гээд тас зөрж байсан гэдэг.

...........................................

Эхнэртээ – Ганц үстэй дээл хийгээд байж байгаарай гэсэн гэдэг. Эхнэр нь ч бас яггүй хүн байсан байна. Сайхан үстэй дээл хийчихээд ганц үс байлгаж байснаа ганц үстэй дээлээ хийлээ гээд өгсөн гэдэг. Үстэй ганц, гэхдээ баярласандаа ганц үстэй гэснийг эхнэр нь цаашлуулж байсан яриа байдаг.

Ухаант хүний гэргий тэр хүнд гологдохгүй насан туршдаа хүндлүүлэн ханилна гэдэг ухаант гэргий байсныг л илэрхийлж байгаагийн тэмдэг гэж гэргийг нь хүндэлж явдагаа илэрхийлье. Бүх ээж түүн шиг ухаантай байгаасай!

................................................

Дээхнэ үед Улаанбаатарт хүнийг Та, чи гэхийн оронд Танай хүн гэдэг үг их дэлгэрчээ. Нэг удаа Ринчэн гуай харилцуураа автал утастсан хүн,

-За Танай хүнтэй ярья гэж. Ринчэн гуай хөгшнөө дуудаад Раднаа чамтай ярих гэж байна гэсэн аж. Үнэхээр Танай хүн гэвэл Та гэсэн үг биш, таны хэн нэгтэй ярья гэсэн санааг илэрхийлдэг ажээ.

...........................................

нэг хүн Ринчэн гуайгаас,

-Урьдын цагт Төвдийн цаст орон орж, олон жил ном үзсээр, ном хаялцсаны эцэст манайхан аграмба, маарамба, лхарамба, дооромбо гээд сайхан цолтой ирдэг байсан. Одоо тэгвэл Москва, Ленинградад очоод нэхий дээл, савхин цамцаар дэд эрдэмтэн, доктор болж байгааг юу гэж нэрлэх вэ гэжээ. Ринчэн гуай ер түгдэрсэн янзгүй,

-Тэднийг Хуурамба гэвэл таарна даа гэж хариулжээ.

................................

Нэг таньдаг халимаг залуу нь Ботго нэртэй байж. Цагаан сараар түүнд илгээсэн ил захидалдаа Ринчэн гуай

-Энэ жилийн цагаан сар гарч байна. Ботгоо чамайгаа тод үсгээ сайн сурч Буур болохыг ерөөе гэжээ.

.....................................

Ринчэн гуай хөгшин залуу хэнийг боловч “Багшаа” гэж хэлдэг зантай байв. Багш гэж хэлдэгийн учир гэвээс би хэдийгээр эрдэмтэн боловч бүх хүн миний багш, би тэднээс юм сурч мэдэх ёстой, би олноос илүү мэддэг амьтан биш гэсэн санаагаа илэрхийлдэг байж. Тийм ч учраас өвгөн “Муу ину бас миний багш, сайн ину бас миний багш” хэмээсэн эртний сургаалийг давтан хэлэх дуртай байжээ.

............................................

Манайд уйгаржин монгол үсгээ орхиод кирил үсэг хэрэглэхэд ихэд дургүйцэж байсан Ринчэн гуай,

-Орос бичиг ер нь муу ёрын бичиг юмаа. Уншихад “ойлгогдохгүй ойлгогдохгүй” гэж толгой сэгсрүүлээд байх юм. Гэтэл монгол бичиг бол бэлгэ дэмбэрэлтэй “ойлгогдоно, ойлгогдоно” гээд л толгой дохиулаад байдаг гэжээ.

...................................................

Ринчэн гуай Хятадад айлчлахад Хятадын их цагаан хэрмийг үзүүлжээ. Тэгэхэд цагаан хэрэмний наад талд гараад

-Ёо, ёо, нутагтаа ирж нэг санаа амарлаа, яасан сайхан юм бэ гээд ногоон дээр хэвтээд өгчээ.

..................................................

Хятадын түмэн газрын их цагаан хэрмийг очиж үзэхдээ Ринчэн гуай

-Хятадууд их ухаантай улс аа, яагаад ч гэрийнхээ буурин дундуур ханаа шийрлэхгүй гэжээ.

...................................................

Жин хэмжүүрийн газар, ус цаг уурын удирдах газар нэг байшинд түр байрлажээ. Тэгэхэд Ринчэн гуай “хулгайч, худалч хоёр нэг дор орчихож” гэж ёжилжээ.

.....................................................

Ринчэн гуайтай эсперанточ шавь Догсүрэн нь очиж уулзжээ. Тэгээд

-Багш аа, эсперанто хэлэн дээр нэг ном гарчээ гэж хэлбэл

-Би олон жил хэл үзэж байна. Хэлэн дээр яр гарахыг мэдэхээс биш, ном гарахыг мэдэхгүй юм байна гэжээ.

-Одоо манай ном хэвлэлд үргэлж ингэж бичих боллоо шүү дээ

-Та хэл үзэж байгаа хүн, бурууг нь дууриагаад яах вэ, хэлээр гэж хэлэх хэрэгтэй гэжээ.

.....................................................

Нэг удаа Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн хурал болж дарга нь Ж.Сэрээтэр гэдэг хүн илтгэл тавьж, “манай сэхээтнүүд малаас гадна элдэв олон төрлийн амьтан дээр тун сайн ажиллаж байна. Жишээ нь дэд эрдэмтэн Даваацэрэн шувуу фабрикийн тахиан дээр, Дашдорж заводын гахайн дээр үр дүнтэй ажиллаж байна” гэж айлтгажээ. Ринчэн гуай сонсож байснаа,

-За яахав Дашдоржийг гахайн дээр яасхийгээд гайхагдахаар “ажиллуулж” болдог юмаа гэхэд Даваацэрэн очиж очиж тахиан дээр “ажиллана” гэдэг гайхмаар байна даа та минь гэжээ.

.........................................................

Ринчэн гуай нэг орос хүнтэй монгол, орос хэлний аль нь баян болох талаар их маргаж гэнэ. Тэгээр Ринчэн гуай нөгөө орос эрдэмтнээсээ “гавлын ясан доторх юмыг оросоор юу гэдэг вэ?” гэж асуужээ. Цаадах нь “головной мозг” гэдэг гэж. “Нурууны ясан дотор байдаг юмыг оросоор юу гэдэг вэ?” гэж бас асууж. “Спинной мозг” гэж хариулж. “Чөмөгний ясан доторх юмыг юу гэх вэ?” гэж мөн лавлаж. “Костный мозг” гэдэг гэж. Тэгэхэд Ринчэн гуай монголоор “гавлын ясан доторхийг тархи, нурууны ясан доторхийг нугас, чөмөгний ясан доторхийг чөмөг” гэдэг юм даа. Нэртэй нь таануус “хамар дотор байдгийгаа “носовой мозг” гэхгүй дээ гэсэн гэдэг.

.........................................................

Дөчөөд оны эхээр “Үнэн” сониныг орос хэлээр гаргахад орос хэл гаргууд мэдэх хүн хайгаад олдохгүйд Ринчэн гуайг арга буюу шоронгоос суллаж, мэдлэгийг нь ашиглахаар шийджээ. Тэгээд Чойбалсан түүнийг дуудаж уулзаад учрыг тайлбарлаж хэлжээ. Тэгэхэд Ринчэн гуай,

-За даа, би ч Дотоод яамныхаа хар гэрт их идээшжээ. Ажилдаа тэндээсээ явзнаж байх уу даа, маршал аа гэжээ.

.......................................................

Ринчэн гуай “Үнэн” сонинд орчуулагч байхдаа “Үнэн” сонинд гарсан өгүүллийн нэг өгүүлбэр алдаатай байсныг орос руу алдаатай чигээр нь орчуулжээ. Үүнийг нь Ю.Цэдэнбал үзээд, снины хариуцлагатан нарыг дуудаж загнаад, Ринчэн гуайн орчуулсныг сонсоод “Тэр Ринчэнг дууд” гэжээ. Ринчэнг орж очиход Цэдэнбал орос сонинд алдаатай юм гаргалааа, чиний нөгөө орос хэл мэддэг чинь аль вэ!” гэж их тавлангуй загнасанд Ринчэн нөгөө алдаатай монгол сонинг өврөөсөө гаргаж ширээн дээр тавиад, “Я эе могу сделать из монгольского гавна русское золото” \Би монгол баасыг орос алт болгож чадахгүй юм аа\ гэж хэлчихээд гараад явчихжээ.

...............................................

Үгийн боловсрол, хэл найруулгыг гойд эрхэмлэдэг Ринчэн гуай илүү дутуу сул үгийг тэвчиж чаддаггүй ажээ. Зохиолч Даржаа Ринчэнтэй нэг дор сонинд ажиллаж байхдаа түүнээс их юм сурснаа хуучилсан нь:

Нэг өдөр Даржаа Ринчэн гуайн дэргэд очсон чинь Өвгөн

-Даржаа багшийн бөөсийг түүж байна гээд бичсэн юмы нь эрээн цоохор болгочихсон байна гэнэ. Даржаа залуу байсан тул бичсэн юмыг минь дэндүү эвдэж байна гэж уур нь хүрчээ. Тэгээд өнөө зассан зүйлээ Даржаад өгөөд,

-Даржаа багшаа! Харж байгаа биз! “Таван өнгийн солонго татаад” гэдгийн чинь “таван өнгө” нь илүү үг. Солонго татаад гэвэл болох нь тэр. Та бас “машинаар яваад ирлээ” гэсэн байх юм. Явалгүй яаж ирэхэв дээ. Машинаар ирлээ гэвэл болох нь тэр. Тэ бас “Сайн малчин Тогтох малаа бүрэн хээлтүүлэв” гэжээ. Тэгвэл энэ малчныг чинь шүүхэд өгөх болно биз дээ, малаа хээлтүүлсэн юм бол... Зүй нь “Сайн малчин Тогтох малаа бүрэн хээл авахуулав” гэх байж. Ингэхлээр Даржаа гуай их ичиж, хоёр гараа өргөн бууж өгөөд өнөө уурлаж байсныг минь мэдсэн бол яанаа гэж шанааны нь хөлс гарч байсан аж.