Showing posts with label нийтлэлийн оронд. Show all posts
Showing posts with label нийтлэлийн оронд. Show all posts

Friday, 21 October 2011

Хэлгүй хүний тэмдэглэл

Ном сонинд Япон орны тухай бичих нь элбэг. Өглөө эхэлсэн барилгыг орой нь дуусгачихдаг, мөч тутамд шинэ нээлт гардаг ч гэх шиг элдэв дэвэргэн мэдээ, философийн гүн гүнзгий утга санаа агуулсан цайны ёслол, икэбана хэмээх цэцгийн баглаа бүтээх урлаг, эрэгтэйчүүдэд оюун ухаан сэтгэл санаа биеийн дээд таашаал өгөх нарийн урлагыг төгс эзэмшсэн гэйша, зөвхөн эрэгтэйчүүд жүжиглэдэг ч эмэгтэй хүний дотоод ертөнц, сэтгэл зүй зан араншинг нарийн гаргаж чаддаг театр “Но”, хатуу дэг жаягтай самурай, эхээс төрсөн биеийг урлагийн бүтээлд харамгүй зориулж өнгө будаг хосолсон шивээс биеэрээ дүүрэн хийлгэдэг аймшигт якуза, цаг хугацаа орон зайн хатуу хязгаар дунд хязгааргүй жинтэй эрчүүд тэмцэлдэх “сүмо” хэмээх сонин бөх гээд хэн хүний сониуч занг эрхгүй татах зүйлийг бишгүй уншиж сонссон.
Японы “Нийгэм судлалын төвийн” захирал эрхэмсэг ноён Накагава Митоширо 1995 оны намрын эхэн сард ээж аав хоёрыг Япон улсад долоо хоног зочлохыг урьлаа. Япон хэд хэд явчихсан ээж маань намайг юм үзээд ирэг гэж бодсон уу, “бие барагтай байна, чи миний оронд яваад ир” гэх нь тэр. Ингэж Дорнын соёлын нэг том төвтэй танилцах завшаан надад тохиосон юм.
Миний ээж аав хоёул япон хэл сайн мэддэг настангууд. Япон хэл огт мэдэхгүй надад, чих бага зэрэг хатуу өндөр настай аав маань намайг хажууд нь явааг санасан, миний асуусан зүйлийг сонссон үедээ л орчуулагч болж байлаа. Ингээд хэлгүй хүний дүрд тоглосон долоо хоногийн аялалаас толилуулья.
Аль ч орны нүүр царай онгоцны буудлаасаа эхэлдэг. Токио хотын Нарита онгоцны буудал зуугаад терминалтай, уран барилга, өндөр технологийн шидийг гайхуулсан гоёмсог буудал. Онгоцны буудлын шалган өнгөрүүлэх цэг олон тул очер дугааргүй юм даа гэж бодож амжаагүй байтал нэг хоёр цэгт уртаас урт дугаар агшин зуур үүсэв. Учрыг лавлавал гадаадынхан тусдаа шалгуулдаг аж. Гадныхныг хэт дээдэлдэг манайх шиг орон ховор, харин ч улсын хилээ, зах зээлээ хамгаалдаг аж. Гадны бүх юманд болгоомжлон ханддаг нь соёлт ертөнцийн хэм хэмжээ бололтой.
Бидний хаана яаж очих тухай захиандаа бичсэн болохоор хүн тосч авсангүй. Автобусанд суугаад зочид буудал орохоор явлаа. Автобусны зогсоол бүрд үйлчлэгч зорчигчдын ачааг автобус доорх чингэлэгт хийн, орж ирэн мэндчилгээний ямар нэг үг хэлж бөхөлзөж бөхөлзөж гарна. Шинээр хүн суугаагүй зогсоолд ч ялгаагүй. Аргагүй л “үйлчлүүлэгч- хаан” хэмээх зах зээлийн хууль үйлчилдэг орон юм.
Билет шалгагч хааяа нэг явна. Мөнгөгүйдээ билет аваагүй юү? Авахаа мартаж орхисон уу? хижээл насны билетгүй зорчигч тасалбар шалгагчтай таарлаа. Робот шиг гэсэн чинь, хүн шиг л улс аж. Тасалбар шалгагч инээмсэглэн бөхөлзөж: “Уучлаарай, би танд нэг эвгүй зүйл хэлэх нь, та дараагийн зогсоол дээр бууна уу” гэсэн гэж аавыг орчуулахад, би нүд дүрлийлгэн гайхсанд, “зориудаар ширүүн дориун болох гэж ихэд чармайхгүй бол япон хэл угаасаа ийм зөөлөн илэрхийлэлтэй хэл” гэж тайлбарлав
Би автобусны жолоочийн яг арын суудалд явлаа. Ийш тийш салбарлан зөрж, дээгүүр доогуур давхарлан огтолцсон авто замын гайхалтай сүлжээтэй юм. Зарим зам төлбөртэй юм байна. Замын байцаагч байрлах бяцхан конторын дэргэд түр саатан өнгөрөхөд байцаагчийн царай байтугай гар нь харагдахгүй агаад хуруу хумс төдий л гялалзах агаад жолооч төлбөрөө өгөөд “хумсанд” тонголзож талархан цааш жолоо мушгин одно. Зам их бага хэмжээгээр төлбөртэй байх нь зүйтэй юм. Энд машины эд ангид халтай, өм цөм нурсан, ан цавтай зам огт харагдсангүй.
Маргааш өглөө нь ноён Накагава гуайн илгээсэн машин ирж, бид түүнтэй уулзахаар явлаа. Конторынх нь үүдэнд япон заншлаар гутлаа тайлаад орохдоо оросын нийтлэгч В.Овчинниковын “Сакура ба Царс” номд, “өдөр бүр хэдэн мянган хүн хөлхдөг сүмд цасан цагаан оймстой ороод гарахад ул нь харладаггүй” гэж бичсэн нь санаанд орж, цагаан оймстой ирж газар дээр нь туршдаг байж гэх шиг бяцхан харамсаад өнгөрөв.
Ноён Накагава, профессор Ома нар аавтай бэлэг дурсгал солилцон энэ тэрийг хуучлан сууна. Аав тэдэнд манай эх орны байгалын сайхныг дүрсэлсэн уран зураг бэлэглэсэн юм. Энэ зуур даргынхаа үүрэг даалгаврыг тэмдэглэхээр Накагава саны нарийн бичиг бололтой залуухан япон бүсгүй орж ирэв. Зогсоо байх нь зөөлөн буйдан дээр завилан суух өвгөдөөс өндөр болж сэтгэлийн тав тух нь алдагдсан уу, тэдний өндөр нас сүүдрийг хүндэлсэн үү, албан тушаалын эрэмбэ сахисан уу, аль болохыг ойлгосонгүй. Ямар ч байсан газарт сөхрөн сууж, нарийн бичгийн гол ажлын нэг тэмдэглэл хөтлөөд, бөхөлзөж тонголзоод л гарсан.
“Царайг төв байлган, хүндэтгэлийн эрэмбээс шалтгаалж босоо тэнхлэгт 10, 30, 45 орчим хэм үүсгэн тонгойж, хэдэн хормын дараа эргэн цэх болно" гэж ирээд Япон явахаас өмнө ээж маань, тэд хэрхэн бие биеэ мэхийн хүндэлдэг тухай надад уул нь нэлээн заасан гэж байгаа. "Хэр удаан, хэр доош бөхийх нь хэнд, ямар үед хүндэтгэл үзүүлж буйгаас хамаардаг” гэнэ. Харин газар нам унаж, сөхрөн суудаг тухай өмнө нь сонсоогүй болоод нэлээд цочирдов.
Накагава сан, профессор Ома нар аав бид хоёрыг Токио хотын түүх дурсгалын газар үзэх тойрон аялалд урьж, “Тагтаа автобус”-аар бидэнтэй хамт үнэт таван цагаа зарцуулан аялсан билээ. 500 жилийн түүхтэй Японы эзэн хааны амьдардаг ордонг харав. Дотогш орох боломжгүй тул, энд ирсэн хүмүүс дээд төрөлт эзэн хаан хэрхэн амьдардаг тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг бололтой. Токиод бетондоогүй шороон газар бараг харагдахгүй атал ордны орчинд зориуд түүхэн дурсгал болгон үлдээсэн гэлтэй багавтар хайрган талбай байна. Мөн нарс мод тарьсан, нялх ногоон зүлэгтэй ордны орчмын талбайд энгийн япончууд амсхийн суух нь сууж, гутлаа тайлан хөл нүцгэн зугаалах нь зугаална. Байгалтай харьцаж таашаал авч байх шиг.
Энд байгалийн бус хиймэл хөрс ч бас байдаг аж. Тус улсын томоохон усан боомтын нэг Токиогийн хойг хог хаягдлыг тэгшилж барьж байгуулсан “төрмөл" бус хиймэл гэнэ. 350 метр өндөр зурагтийн цамхаг дээр гарч хотыг ерөнхийд нь харж, доор нь байрладаг лааны тосон дүрсийн музейг үзэв. Эндээс Солонго гүүр, Парламентын ордон, хотын төв гудамж Гинза, Асахара Шиокогийн хоригдож байсан шорон зэргийг харвай.
“Тагтаа автобус” гэгдэх жижиг шар микроавтобусын аяны хөтөч охин миний анхаарлыг ихэд татлаа. Яг монгол охин шиг дугуй бор царайтай, нүдэнд дулаахан тэр гоолиг бүсгүй түүх соёлын дурсгалт газруудыг тайлбарлан явахдаа “эмэгтэй хүний сонгодог япон хэлээр ярьж байсан байх. Хэл мэдэхгүй би хүртэл эндээс л Японд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай ярьдаг юм болов уу гэсэн таамаглалд анх хүрсэн билээ. Сонсоод юү ярьж буйг нь ойлгож байгаа улс түүний ярианы утгыг сонирхож байснаас, түүний хэл ярианы хөгжим шиг аялгуу, нүүрний баясал, гарын зангаа, биеийн хөдөлгөөн зэргийг төдийлөн анзаараагүй нь ойлгомжтой. Хэлгүй боловч дүлий биш би бээр түүний ярианы утгыг үл ойлгон, зөвхөн уянгалаг аялгууд баясаж явлаа.
Олон гадаад хэл мэдэхгүй ч аль хэлнээ хүүрнэж буйг сонсоод таамаглан ялгана. Гэтэл мэдэх мэдэхгүй аль ч хэлнээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ярианы өнгө аялгуу ийм ялгаатай байхыг урьд өмнө ажигласан минь үгүй. Хэл мэдэхгүй хүнд хүртэл ажиглагдам япон эр эм улсын ярианы энэ онцлогыг ааваас лавлавал хариулж байнаа. “Япон эмэгтэйчүүд үгийг төгсгөлийг сунжруулан дуудаж, хүндэтгэлийн үг хэллэг түлхүү хэрэглэдэг. Бичиг захидал дээр хүртэл эмэгтэй хүн бичсэн болох нь ялгагдахаар шүү. Гэхдээ ярианы хэлэнд ялгаа нь илүү тод илэрдэг” гэлээ. Япон бүсгүйчүүл ийнхүү үг яриаг хүртэл хөгжим шиг болгодог увьдастай улс аж.
Аяны хөтлөгчид янз бүр байх юм даа. Бид хоёр нутаг буцахдаа Бээжинд хоёр өнжихөөр онгоцны нислэг таарсан тул нэг өдрийг автобусын аялал хийж "Цагаан хэрэм" үзэж өнгөрөөв. Аяны хөтлөгч хятад бүсгүй “Их цагаан хэрэм” бариулахад хүргэсэн умрын нөгөө зэрлэгүүдийн үр сад автобусанд явсан болохоор тэгсэн үү, ерөөс зан байдал тийм хүн байв уу? Цэргүүдээ жагсаалын сургууль хийлгэж байгаа салаан дарга шиг хөмсөг зангидан хэдэн үг тас няс буулгаад голдуу дуугүй явж байлаа. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан таван цагийн турш уянгалаг хоолойгоор зогсоо зайгүй ярьж явсан япон охиноо эрхгүй үгүйлсэн дээ.
Япон эрчүүд гэр бүлээ тэжээж чадахуйц цалин авдаг тул эхнэрүүд нь голдуу гэртээ сууж, эр нөхөр үр хүүхдүүддээ өөрийгөө зориулдаг ажээ. “Тагтаа автобус”-ны хөтөч охин нөхөрт гарахаараа бас гэртээ суух болов уу? Эндхийн эмэгтэйчүүд хөгшин залуугүй будсан атлаа будаггүй мэт, оо энгэсэгийн донжийг тааруулан урнаар будаж, үс зүсээ маш сайхан янзалж явах юм. Орчин үеийн цаг хугацаатай уралдсан түргэн хэмнэлтэй, энэ үед эмэгтэй хүний байгалаас заяагдсан уян зөөлөн зан аалийг сонгодог, тэнгэрлэг байдлаар хадгалан үлдсэн япон эмэгтэйчүүд бас нэг гайхамшиг бус уу.
Япон хуанли, кино, зар сурталчилгаанд гардаг азийн гоо сайхны оргил болсон охид нь тусгай орд харшид суугаад олны дунд гудамжаар явдаггүй шиг сэтгэгдэл төрүүлнэ. Манай хотын гудамжаар гунхах энгийн охид, японы гудамжинд таарсан олон охидоос илүү цэвэрхэн, будаг шунх, хувцас гоёлын донжыг тааруулбал бүр гараад өгмөөр санагдсан шүү. Үнэнийг хэлэхэд монгол охид илүү нуруулаг, царайлаг юмаа.
Энд хэдхэн хоноход япон эмэгтэйчүүд дорд үзэгддэг юмуу даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Япон эх хүүхдээ нуруундаа үүрээд, гартаа ууттай зүйл бариад зүтгэж байхад, нөхөр нь хажууд нь гар сул эсвэл нуруу үүрэн алхах нь нэн гайхалтай. Ширээнд эмэгтэйчүүд эрчүүддээ янжуурын галыг асааж өгч ч байх шиг, архи дарс эмэгтэй хүн хундаглах ч бүр хэвийн үзэгдэл. Үүд хаалга онгойход эрчүүд эхэлж ороод, эмэгтэйчүүд араас нь даруухан дагалдах жишээтэй.
Эрт цагт эрчүүд нь аян дайнд голдуу яваад эзгүй байхад, монгол эмэгтэйчүүд аж ахуйгаа хөтөлдөг, түүнчлэн нүүдэл суудал хийхэд эр эм хоёул зэрэг хөдөлж байж амждаг зэргээс улбаалан нүүдэлчин удамтай монгол эмэгтэйчүүд хэзээнээсээ эдийн засгийн хувьд хараат бус шахам, эрх тэгш байсан гэхэд болно. Монгол эрчүүд эр хүнтэй эн чацуу хэмжээнд бүсгүйчүүдээ “ажиллуулж элдэж зардаг” ч, оросын нөлөөнд далаад жил байхдаа нэлээд европжсон гэсэндээ “джентельмен” зан гарган хаалга үүдээр урдуураа оруулан, архи дарс эхлэн хундаглаж, тамхи асааж өгөх зэргээр аягладаг. Улаанбаатар хотын гудамжаар яваа залуу хосын эрэгтэй нь голдуу хүүхдээ тэвэрч явдаг.
Монголд “сайн хүн явснаа, муу хүн идснээ” гэдэг үг бий. Би идсэн ууснаа дурсахгүй байхын аргагүй. Тэгээд ч хэлтэй улсууд хэлэлцэж байхад, хэлгүй би хоол эргүүлж байсан болохоор, цайллага дайллага миний хувьд бас чухал зүйл байв.
Япон хэв шинжийн намхан явган ширээтэй ресторанд аятайхан сууж, боловсон царайлах нэн хэцүү. Эрэгтэйчүүд завилан, эмэгтэйчүүд сөхөрч голдуу суух юм. Иогийн дасгал хийж буй мэт хоёр шилбэн дээрээ биеийн жинг төвлөрүүлэн, нуруугаа цэхлэн, нүүрэндээ ялдам инээмсэглэл тодруулан олон цагаар суух нь махлагдуу над мэтийн хүмүүст тун амаргүй даваа. Аавын оюутан ахуйн найз Сүзүки сан гэргийн хамт, бас хамт сурч байсан гэсэн нэр нь санаанд үлдээгүй уран зураг сонирхогч найз нар нь япон хэв шинжийн далайн амттаны ресторанд урьлаа. Элдэв чамин хүнсэнд төдийлөн дурладаггүй, жинхэнэ монгол ходоодтой би бээр аавын нэр нүүрийг бодоод, далайн хорхой шавьж, загас зэрэг далайн хүнсийг баатарлагаар цааш харуулан намхан ширээний ард тэвчээр гарган сууж байв. Гэтэл хэлбэрийг нь алдагдуулалгүй, сайхан улбар шар болтол шарсан загасны “араг яс” дээр нь залсан, нэгэн болгосон томоохон загас авчраад өмнө барьж байна. Энэ л их сайхан эд гэж байгаа бололтой. Өөрсдөө тэр яснаасаа амтархан идэж үзүүлээд ид гээд болдоггүй. “За энэ ч ёстой бардаггүй даваа” гэсэн байдал миний царайд илрэв бололтой. “Ээж чинь дан түүхий загасаар хийдэг “сүши” гэдэг хоолыг хүртэл идэж байсан. Үгүй, чи ядаж амсаач” гээд аав шивэгнэж гарав. Манай зарим монголчууд тарвагны боодогт их шимтдэг, экзотик юм гээд гадаадынханд амсуулах гээд дайраад байдаг. Их өвөрмөц хачин ч гэх үү амттай эд. Жишээ нь би тарвага идэж чаддаггүй. Францууд хөгцтэй бяслаганд их дуртай юм билээ. Манай хөдөөний малчдад идээний дээжээ гээд өгвөл дургүйцэж болзошгүй. Соёлын цочрол гэдэг билүү. Өөрийн дуртай зүйлээрээ энэ мэтчилэн өөр соёлын гадаад хүныг дайлдаг, идүүлэх гээд шахаад байдаг тухай өөрийн эрхгүй санаанд орж билээ. Загас гэснээс, шашнаас улбаатай гэхүү, дээр үед урт наст амьтны амийг таслахгүй гээд монголчууд хүнсэндээ загас огт хэрэглэдэггүй байсан үе бий.
Биднийг тэнд хэд хонох хугацаанд жолооч эсэхийг мэдэхгүй нэг эр жолоо мушгиж байлаа. Ямар албан тушаалтай юү хийдгийг мэдээгүй өнгөрсөн. Хөнгөн шалмаг, дунд хирийн насны тэр хүн бидний зургийг голдуу дарж өгнө. Нэг удаа түүнийг зурганд оруулах санаатай би зураг дартал, тэрээр тахимаараа хөлөө нугалж бусдаасаа толгой намхан болдог байна . Манай гурван өвгөний нас сүүдрээс сүрдэн хүндэтгэл үзүүлсэн үү? Япончууд буддын шашны бурхан дүрслэх тигийг ингэж алхам тутамдаа баримталдаг улсууд уу? Мөхөс би ухаарсангүй. “Бурхан багш Буддаг 120 хуруу өндөртэй, түүний гарын хоёр шавийг тэдэн хуруу өндөртэй зурж болно” гээд мань мэтийн энгийн улс дүрслэгдэнэ гэвэл жижгэрсээр хумхийн тоос шиг бараг харагдаж үзэгдэхээргүй нарийн тиг байдаг даа.
Ерийн өндөр ширээ сандалтай ресторанд хоолны захиалга авахаар орж ирсэн зөөгч залуу, мөн л нарийн бичиг охин шиг сөгдөж суугаад захиалга авч байсан. Хүн гэж муухай шүү, хүний бөхөлзөхөд амархан дасч байнаа. Эрхэм зочдын тусгай өрөөнд байгаад тэгэж байгаа юм болов уу гэсэн шиг хальт бодоод, гайхаж цочихоо больчихсон сууж байж билээ. Ямар ч гэсэн япон хүн нийгэм дэх өөрийн байр сууриа сайн мэддэг бололтой.
Акио Морита “Японд үйлдвэрлэв” номд “Японы нийгмийг нэгэн том хэнгэрэг гэвэл хүн бүр өөрт ногдсон тэр жижиг хэсгийг зохих ёсоор сайн дэлддэг” гэсэн санаа байдаг. Япон хүн ямар нэг ажил мэргэжилд ул суурьтай суралцан, бүх насаараа сурсан мэдсэнээ гүнзгийрүүлэн сайн эзэмших бөгөөд түүндээ хосгүй болохыг эрмэлздэг нь япон хэв шинжийн сэтгэлгээ. Мэргэжлээ эцэг нь хүүдээ өвлүүлнэ. Хүү нь гэр бүлийн уламжлалт бизнесийг шинэ шатанд улам боловсронгүй болгохыг чармайна. Хүн ер нь чаддаг юмаа л сайн хийх ёстой юм байна. Хадгалах, хэмнэх, хичээх, бүтээх гэсэн уриа нь Японы хөгжлийн тулгуур хүчин зүйл нь гэнэ. Хүмүүсийн харилцаа,ажилсаг чанар, ажлын зохион байгуулалт, соёл гээд япончуудаас суралцах зүйл их.

Sunday, 9 October 2011

Цэцэгс

Харанхуй гэж байгаагүй бол гэрэл гэдгийг төсөөлөхгүй, гуниг гэж байгаагүй бол баяр гэдгийг ухаарахгүй, зовлон гэж байгаагүй бол зол жаргалыг бүрэн амтлахгүй. Үүнтэй нэгэн адил эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн байхгүй, эрэгтэй хүн байхгүй бол эмэгтэй хүн байхгүй буюу эрэгтэй эмэгтэй нь салгахын аргагүй нэгэн цулын хоёр тал билээ. Гэтэл “эр хүн сайн бүгд жигдэрсэн бурхны бүтээл, эм хүн бурхан багш бодлогширч суухдаа санаандгүй бий болгосон алмайрал алдааны үр дүн” мэт үзэх нь элбэг. Түүхийн сурвалж бичигт “хацар гоо охидыг хаман авав,” “талийгчийг оршуулахад татвар эмсйиг хойлголдог”, “эмийг хүсэх нь эрийн ёс, эрийг шүтэх нь эмийн ёс” ч гэх шиг эд агуурс, элгэнд наалдсан дэлүү мэт эмэгтэйн тухай хааяа нэг хальт дурдах төдий.

Эр эмийн ёсийг нэг удаа гүйцэтгэхэд ялгарах гурван зуун далаад сая эр бэлгийн эсээс өндгөн эм эсэнд дөнгөж тал нь эндэлгүй мэнд ойртон очдог. Тэднээс зөвхөн “эрэлхэг ганц” нь амьд үлдэх хувьтай бөгөөд тогтсон үр ямар хүйстэй байхыг тооцоход бэрх тохиолдол гэнэ. Хүмүүний удмын учиг эр эм хоёул хүчин зүтгэсний дүнд тасардаггүй аж. Төрж мэндлэхээсээ өмнө үй олноороо эрсддэг болоод хөөрхий эрчүүд энэ ертөнцөд хүн болон тэр тусмаа эр болж мэндэлвээс тэнгэрийн умдагийг атгасан мэт сагадаг болой. Үүнийг ойлгоод эмэгтэйчүүд тэдний омголон дээрэнгүй занг нь огоорон ойчиход нь олбог болж, босоход нь таяаг болж эх нь болон энхрийлж, эхнэр нь болон тойлж, янаг нь болон ялдамсаж иржээ.

Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэж, үхэх сэхэхийн зааг дээр амиа зогоож байхдаа өөр хоорондоо шөргөөцөлдөх завгүй балар эрт цагт хүмүүн гэгч эхээ мэдэхээс эцгээ оноож чаддаггүй байв. Тэр цагт амьдрах аргыг заагч нь эм сүвт байж эхийн эрхт ёс ноёлж байв. Бүтээсэн зэвсэг нь улам боловсронгүй болж байгалийг эрхшээх тутам, хүмүүсийн дунд зөрчил хүчирхийлэл буй болж эхийн эрхт ёсны анхны ардчилал, эрх тэгш ёсон таягдан хаягдсан гэх. Эцгийн эрхт ёс ноёрхох болж эмэгтэй зөвхөн нөхөн үржихүйн зэмсэг төдий үзэгдэн элдвээр дарлагдсаар эдүгээ хорьдугаар зуунд л хүн зэрэглэлд дэвшсэн хөөрхий нэгэн амьтан.

Нийгмийн амьдралын олон салбарыг хүн төрлөхтөн хөгжүүлвэй. Оюун хүч, ур авьяас шаардсан шинэ салбар нээгдэх бүрийд эмэгтэйчүүд оролцох нь хориотой байлаа. Ганцхан салбарт ярихад, зөвхөн эрэгтэй хүн бүжигчин, жүжигчин байх эрхэм хувьтай байжээ. Мянга гаран жилийн тэртээ Энэтхэгээс уламжлан Төвдөд үүссэн цам хэмээх шашны багт бүжигт зөвхөн эрэгтэйчүүд бүжиглэдэг хатуу дэг жаягтай байв. Таван зуун жилийн тэртээ алдарт Шекспир амьдарч, мөнхийн бүтээлээ туурвиж байсан Англи оронд эмэгтэй хүний дүрийг эрчүүд гаргадаг, жүжигт зөвхөн эрэгтэй хүн тоглодог цааз хуультай байж, энэхүү хуулийг зөрчсөн театр шууд хаагддаг байсан тухай түүх өгүүлдэг. Эртний уламжлалаа хүндэтгэн одоо ч эмэгтэй хүний дүрд эрэгтэйчүүд тоглодог японы Но, Кабуки театрын тоглолтыг гадаадынхан байтугай орчин цагийн япончуудад хүртэл ойлгоход хэцүү гэх. Тайз дэлгэцийн урлаг өнөөдөр олон мянган эмэгтэйчүүдийн алдар цолд хүргэдэг салбар болсон тул эмэгтэй хүн жүжигчин, бүжигчин байж болдоггүй ёс дэлхийн нийтийн чанартай байсан гэдэгт одоогийн хүүхдүүд бараг итгэхгүй биз.

Эмэгтэй хүний эрх чөлөөг дэлхийд хаа сайгүй хязгаарлан гутааж байсан юм. Дундад зууны Европт рыцарууд аян дайнд мордохдоо “ариун бүс” гэгч тамтай хар төмрөөр “хайрт” хүүхнээ цоожлоод явдаг байжээ. Ийм бүсгүй түлхүүрийн эзнийг хүлээж өөр эртэй хавьтахгүй “үнэнч” байх агаад, тусгай домбонд ихэд бэрхшээлтэйгээр өтгөн шингэнээ суллан зовж байжээ. Одоо тэр бузар бүс музейн үзмэр болон хөглийж, орчин цагийн хүүхдүүдэд түүнийг ямар учраас яаж хэрэглэдэг, хэрхэн ариун цэвэр сахьдаг байсан талаар ойлгуулах гэж музейн ажилтнууд аргаа барна. Хятадуудад “шувуун хөл”-тэй бүсгүй гоо сайхны дээдэд тооцогддог байсан гэнэ. Тав зургаа орчим насны охидын хөлний эхний үеийг дотогш хуга нугалан давстай нойтон бөсөөр хэд хоног орилуулан чарлуулан боож хөлийнх өсөлтийг зогсоодог байжээ. Биеэндээ тэнцээгүй жижигхэн хөл гоо үзэмж нэмэх нь юу л бол. Харин “шувуун хөл” дээр хол явж чадахгүй, дургүй эр нөхрөөс дутааж чадахгүй, эрх чөлөөний далавч ургахгүй нь лавтай. Дээр үед манайд байсан нутгийн хятад наймаачдын “шувуун хөл”-тэй эхнэрүүд монголын ширүүн салхинд хийсчихгүйн тулд, хашаа түшээд өчүүхэн хөлөн дээрээ дэнжигнэн зогсож байдаг сан гэж эмээ маань ярьдаг байлаа.

Анхны бөө нар нь голдуу эмэгтэй удганууд байсан төв Азийн нүүдэлчдийн дунд эхийн эрхт ёс нэлээд хожуу халагдсан гэх үндэслэлтэй. Арван долдугаар зуунд хорьсон дээдсийг таалал төгсөхөд татвар эмсийг хамт хойлголдог бөөгийн зэрлэг ёсийг эс тооцвол эмэгтэйчүүдийг Монголд онцгой гутааж байсан баримт ховор. Эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт мал аж ахуй эрхэлж, гар урлал болон чимэглэх урлалыг мөр зэрэгцэн бүтээж иржээ.

Монголчууд хүн дуурайдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой байхдаа хүчирхэг байв. Өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахад гаднаас суралцах төдийгүй өөрийн унаган дүр төрхөө олох хэрэгтэй санагдана. Түүх соёлын өв уламжлал дөнгөж сэргээгдэх шатандаа, шинэлэг онол, итгэл үнэмшил хараахан төлөвшөөгүй эдүүгээд хүмүүсийн сэтгэл зүйд хоосон зай гаран нийгэм бүхэлдээ ёс суртахуунаар доройтон хөхний томоороо уралдаад, хөнжлийн халуунаар сонин гаргаад, үйлс нь өөдрөг нэгнийгээ үндэсгүй гүтгээд, айх ичих юмгүй ой гутмаар болж байна. Хүмүүн биднийг цэцэгс, нийгмийг газар гэвэл, манайд хөрсний эвдрэл явагдан хог ургамал, махчин ургамал ихсэх төлөв илрээд байна. Ийм хөрсөнд эм хүний хийх хийхгүйг хийх этгээд хачин бүсгүйчүүд төрнө.

Уулын жалга, хонхор газар болон зам дагуу ургах урт иштэй, товч мэт ганц цэцэгтэй ургамал “зангуу” гэдэг нэртэй. Үр нь ямааны толгой шиг хэлбэртэй тэрүүхэндээ бяцхан “эвэртэй”-өргөстэй тул юманд наалдан холоос хол аялан хаана ч хамаагүй хүрч, эрээ цээргүй ургах тул иймхүү зангуу гэжээ. Дашрамд дурдахад бөөр давсагны эмгэгд энэ ургамал тустай гэх.

Нөхөр тойлж, хүүхэд өсгөх завгүй өдөр шөнөгүй “биеийн таашаал” заран амьдрах эмс хажуугаар өнгөрөх эр бүрийг өдөж, зангуу мэт зууралдан, бараан захын борлогддоггүй бараа зарах мэт ..ээс буулаа ...тэдэд авчих гэж часхийнэ. Ийм өвөрмөц үнэр амтанд дурлах зарим эрчүүд “хүний арилжаанд” оролцон, хэтэвчээ нимгэлэн мансуурна. Зарим янхан бүр “экспорт импортын бараа солилцоонд” оролцоод зөвхөн ногооноор гульгана. Хормойн дон, мөнгөний шуналаас ийм замд орсон эмэгтэй янхануудын өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Ихэнх нь бүтэлгүй дурлал, зоддог зэрлэг архичин нөхөр, өөрөө хүүхдээ тэжээхээс аргагүй зэрэг хүнд хэцүү амьдралаас болж, өөрөөр хэлбэл тэдэнтэй учирсан эрчүүдийн арчаагүй өөдгүй зан тэднийг буруу замд түлхдэг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ч эрчүүд янханд очдоггүй сон бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт хүчээ сорих тийм бүсгүй байхгүй байсан биз ээ.

Улаан халзан ил задгай бөгстэй, нүүрэндээ үстэй сармагчинд ичгүүр гэж байхгүй. Хүний үр ичдэг чадвараараа адгууснаас ялгарч тэр чинээгээрээ хөгжиж дэвшиж ирсэн. Зарим эмс урд төрөлдөө халуун орны сармагчин байж, монгол эмэгтэй болон төрөл арилжсанаа үе үе мартах бөгөөд цайны газар аяга тагш юм уухаар орсон хүмүүсийг амар тайван байлгахгүй дотоожоо тайлж шидэн шалдрах хуучтай. Хүн зоныг айлгаж ичээчихээд “өвлийн лянхуа цэцэг”, “тайчих урлагийн хатан хаан” ч гэх шиг алдар цол хүртэнэ. Цөөрмийн булингартай усанд ургадаг лянхуаг шашны урлагт хүмүүний зовлонг нимгэлэхийн төлөө бясалгал хийж гэгээрсэн бодьсадва, бурхадын суудалд билгэдэж ирснээс бус бусармаг үйлстэй эмсэд зээлдүүлж байсангүй. Монголчууд өөрийгөө зарах байтугай өрөм ааруулаа үнэлэхээс ичдэг, нэрэлхүү ичимхий сайхан улс билээ л. Монголчууд юм мэдэхгүйгээсээ ичдэг, эвгүй зан гаргасан хүний өмнөөс хүртэл ичдэг ард сан.

Намгархаг газар ургадаг, гоёмсог хөхөмдөг ягаан цэцэгтэй, том далбагар шар навчаараа эргэн тойронд нисэх шавьж, эрвээхэйг эргүүлэх мэт найган гунхах “тосондой” бол махчин ургамал. Навчин дээр нь усны дусал мэт бөнжигнөх хүчиллэг шүүс нь цангаагаа гаргах гэсэн гэнэхэн шавьжийг инээмсэглэн мишээн даллана. Түүнд шимтэн буусан хөөрхий шавьж “цай” бус “цавуу” болохыг мэдээд сугарч алдуурах гэж тийчлэх тутам улам бүр наалдан, ургамал навчаа хумин битүүрнэ. Хэд хоногийн дараа “тосондой” нар даган навчаа аажмаар тэнийлгэхэд, шавьжнаас хальс л үлдсэн байх ба дараагийн олзоо хайсан ургамал юу ч болоогүй мэт гоо үзэсгэлэнгээ гайхуулан ганхана.

Элдэв зусар үгээр зулгуйдан аавын хүүг уургалан авгай алдрыг хүртэнгүүт төрөл арилждаг, сэтгэл гээч эрдэнэгүй төрсөн ховст эмс байх нь өнөөх махчин ургамал “тосондойг” эрхгүй санагдуулна. Тосондой нар дээр үед цэргийн жанжин, ноёд, худалдаачдад нүд унадаг байж. Сонжих, сонгох эрхгүйн учир нэг их гаарч чадаагүй гэнэ. Социализмын ялзарсан хөрсөнд тосондойнууд олноор үржин, монголын хүн амын багагүй хувийг бүрдүүлдэг “дарга” давхаргын эрс тэдэнд олзлогддог байв. Тосондой-авгай “хотын намын хороо байхад чи муу хаачив" гэж шилбүүрдэн сэтгэл нь хөрчихсөн нөхрөө хүчээр тогтоон “тамын жаргалд” умбана. Ардчилал зах зээлийн өнөө үед толгойтой бүр “тосондой” болох дөхөөд, ашигтай албан тушаалтан болон шинэ баячууд маань тэдний тоосонд дарагдаад “сүүлт од” мэт хөөрхий. Хүн гэж сонин амьтан шүү. Эрт цагт эмэгтэй хүн хайр сэтгэлээрээ ханиа сонгож чадахгүй, хүчээр богтлогдон айлын бэр болон хадмын өөдөөс эгц харах эрхгүй байхад, хоосон ч болов хайрт хүнтэйгээ амьдрахсан гэж мөрөөддөг байжээ. Одоо хайр сэтгэлтэй хүнтэйгээ суугаад хоосон гараанаас амьдралаа эхлэх зүрхгүй, өөрөө өөрийгөө мөнгөнөөс богтлон бэлэнчилдаг болж дээ.

“Эм хүний үс урт, ухаан богино” гэдэг үгэнд зарим бүсгүйчүүд ихэд эгдүүцдэг бололтой. Эр хүн шиг пинтүү халимаг тавин ухаалаг гэдгээ илэрхийлэх бөгөөд , “суут” нэг нь бүр мулзан болтол үсээ хусч нэвт гэгээрснээ харуулна. Үс, хувцасны хэв загвараар ухаан үнэлдэг шинэ онол шүн гарсан юм даг аа.

Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан,
Хөөрөө болов уу яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан,
Жаргаа болов уу яагаа бол

гэж ардын дуунд дуулдагчлан, нөхөр нь өөр эмэгтэйд сайн болоод өөрийг нь орхиж байхад, алтан үрээ хайрласан хөөрхий минь гэж араас нь цацал өргөн, сэтгэл нь хоргодон санаа зовсоор үлдэх сүүн цагаан сэтгэлтэй бодь нэгэн бас байнаа.

Хөвсгөл, Хангай, Алтайн өндөр ууланд ургадаг байгаад, одоо зөвхөн Отгонтэнгэр ууланд ургадаг “Вансэмбэрүү” гэж гайхалтай эмийн ховор ургамал бий. Шим бүрдэж, ургац гүйцсэн “Вансэмбэрүүг” монголчууд дээр нь майхан барьж ихэд сүслэн нандин ёс төртэй түүдэг уламжлалтай. Домог өгүүлрүүн: “Үхлийн шарх олсон баатар ухаан балартан удтал хэвтээд, нэг ухаан орохдоо хажууд байх өндөр бүдүүн иштэй улаан шаргал шүүслэг цэцгийг авч шимжээ. Унтаж байгаад дахин сэртэл цус тогтон, өвчин намдаж, бие нь хөнгөрсөн байв." Авьяас чадвар, оюун ухаанаараа цоройлон гарсан эмэгтэйчүүдийг вансэмбэрүүтэй зүйрлэмээрээ.

Цэцэг болгоны орчинтойгоо зохицон тэжээл авах арга, өнгө тунамал чанар, анхилуун тансаг үнэр, анагаах чадвар гээд хүмүүнд өгөх таашаал, ашиг тус өөр өөр. Сүү шиг сэтгэлтэй, сүрхий зальжин, хашир нь дэндсэн, хайнга гэнэн, аальгүй сээтгэнүүр, айхтар намбатай гээд ааш араншингаараа баахан ялгаатай бүсгүйчүүд маань амьдрах ухаан, эрчүүдийн эвийг олох арга мэх нь бас өөр өөр.

Мэргэжил мэдлэг, ажилсаг сайхан чанараараа гайхагдан эрдэмтэн, эмч, багш, бизнес эрхлэгч,оёдолчин, хатгамалчин, зураач, тогооч, ногоочин, тариачин, саалчин, тэмээчин, төрийн түшээ гээд олон бүсгүйчүүд айл гэрийн ачаанаас үүрэлцэн сайн эх, сайхан хань байж эгэл сайхан амьдарсаар насыг элээдэг. Өндөр газар ургадаг тул нам газрын зонд ховор нандин цэцэг гэж эрхэмлэгддэг, монголын өндөрлөгийн хаа сайгүй ургах “цагаан түрүү” буюу edelweiss хэмээх жижигхэн цайвар саарал цэцэгтэй ч юмуу, эсвэл ишийг нь зүсэхэд сүүл өөх мэт цавцайж, сүүн цагаан шүүс бурзайж байдаг говийн бужгар улаан “гоёо”-той монголын эгэл олон сайхан бүсгүйчүүдээ зүйрлэж болмоор.

Түүхэндээ дайнч зэрлэг гэгдэж байсан монголчууд харин хүүхнүүддээ “төмөр дотоож” өмсүүлсэнгүй, гоё болгох гэж хүзүүгий нь сунгааж, хөлий нь агшааж зовоосонгүй, нүүрий нь бүтээж цэвэр агаараа харамласангүй. Хүүхнүүдээ цэцэг шиг цэвэрхэн гэж дуу хуурандаа магтдаг билээ. Аз буян дэлгэрч ариун ёсон цэцэглэхийн билэг тэмдэг цэцгийг “өлзийт найман тахилдаа” багтаадаг заншилтай. Манайхан сүргийн бүтцээ сайжруулна, хадгална гэж их ярьдаг. Тэгвал “цэцгийн бүтэц”-дээ анхаармаар болжээ. Монгол бүсгүйчүүл бүрэг ичимхийгээсээ болоод хохирч байсан цаг бий. Гэтэл одоо эртний уламжлалт цэвэр ичимтгий зангаа сэргээмээр болсон шиг.

Friday, 28 November 2008

Бичлэгээс том комент (хотын хөгжил)

Миний түрүүчийн "Ямар хот цогцлуулах" http://ganga-cz.blogspot.com/2008/11/blog-post_24.html бичлэгт архитекторч мэргэжилтэй блогч Тэлмэн, Хоридой мэргэн нар бичлэгээс маань илүү сайхан комент оруулсныг дэлгэн тавьж бичлэг болгохоор шийдлээ.
Тэлмэн (http://telmen.blogspot.com/) : Орчин үед Глобалчлал хэмээх үг моодонд их орж байна. Дэлхий тэр чигээрээ хотжиж нийт хүн амын дийлэнхи хувь нь хот суурин бараадан амьдарч байна. 2015 он гэхэд дэлхий даяар 350 гаруй сая гаруй хүн амтай хот үүсч бий болно гэсэн судалгаа байдаг. Дэлхийн хүн ам нэг өдөрт л 250.000 хүнээр нэмэгддэг гээд бодохоор энэ их хүнийг яаж ч бодсон их хотууд л багтааж шингээж чадна.
Хот гэдэг их айл гээд их гоё үг байдаг даа. Одоо малаа дагаад дундад зууны үе шиг гадаад ертөнцөөс тасрагдаад амьдарна гэвэл үлгэр шиг л болж буй мэт. Мэдлэг боловсрол, соёл иргэншил дээд цэгтээ хүрч буй эрин үед хүний хүүгээс дутхааргүй сурч боловсорч, ажиллан амьдарч, ёстой л нөгөө тэмээчин бүсгүйн захидал шиг

...Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зyyгийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу ...

хэмээн сэм мөрөөддөг байсан бид ч нэг л мэдхэд хэзээний сая гаран хүн амтай нийслэлтэй болчихжээ. Хотжилт цаашид нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Техник технологи, соёл урлаг гээд татах хүчин зүйл асар их.
Ирээдүйн хотыг цэвэр цэмцгэр байлгахын тулд одоо нэгэнт ийм замбараагүй болсон хот төлөвлөлтөнд санаа зовхоос урьдаар эдийн засгийн тогтвортой байдал, баталгаатай ажлын байр бэлдэж өгхөөс өгсүүлээд газрын баялагтай зөв харьцаж сурах, за тэгээд цаашлан нийгмийн тэгш эрх, гарал үүсэл, орлого хөрөнгөнөөс үл хамааран боломж бүгдэд нь олгодог болж байж гэмээнэ хүмүүсийн ухамсар дээшлэн зөв урсгалдаа орох байх гэж боддог.

Hans Bernhard Reichow гээд хүний 2р дайны дараахан гаргаж байсан хот төлөвлөлтүүдийн саналууд их сонин санагддаг. Эрүүл хот гэдэг нь битүү цементэлсэн саарал бетоноор дүүрсэн газар биш, байгалийн органик зарчимыг хадгалан үлдээж чадсан байх ёстой гэх мэт сонирхол татам теориуд гаргасан байдаг.

Хоридой мэргэн(http://horidoimergen.blog.gogo.mn/): Өнөөгийн Монгол дахь хот байгуулалтан дахь тулгамдсан асуудлыг гадаадын хоттой харьцуулан өнөө цагт нэн шаардлагатай үгүйлэгдэж буй санамжыг нийтлэл болгож тавьсанд баярлалаа. Үнэхээр өнөөдөр Монгол улсад хот байгуулалт гэдэг юм алдагдаж, мэргэжлийн Архитекторчдын хяналтаас гарсан. Мөн зарим Архитекторч нар үүргээ ухамсарлахаа байсантай холбоотой. Өнөөгийн монголын нийгэмд баяжиж хөлжихөө бодсон улсууд ирээдүй хойчоо ч бодохгүй дураараа дургиж байхад, хэдэн Архитекторчдын хэлсэн үг чихээр нь орох нь байтугай л байна.

Дээр нь бас хууль дүрэм норм бий боловч, өнөөдөр Монголд хэрэгжүүлэлт бүрэн алдагдаад байгаа. Хариуцлагын систем бол бүр алдагдсан. Мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа хийх боломжийг Монголд өнөөдөр дээр дооргүй хаасан. Учир нь албан тушаал дээрээ үлдэх сонирхолтой мулгуу гарууд өөрсдийгөө мэргэжилтнүүдээр биш, өөрийг нь дэмжиж постонд нь үлдээх тэс хөндлөнгийн хүмүүсээр л тойрон хүрээлүүлж байна. Үүний дүнд нийгэм улам л ялзарч байна. Хотийн ялзрал шарилжиндаа баригдсан талбай мэт барилгуудтай байгаагаас ил харагдах биз ээ. Хүн байхын учир утгийг гагцхүү мөнгө эрх мэдлийн боол болсон байдал, түүний хор уршиг хот төлөвлөлт төдийгүй нийгмийн бүх л салбарт харагдаж байгаа. Хот гэдэг өөрөө хүн юм. Хүмүүс бид эд эс нь. Хот доголдвол оршин суугчид ч мөн адил доголдоно. Зогсооход оройтоогүй ч, цаг алдах тусам засахад улам л их зардал нэмэгдэнэ.

Хотын хөгжил өөрөө улсын бодлого төсвөөр явагддаг. Гэтэл өнөөдөр УБ-т зарцуулагдах ёстой нийт төсвийн 70% нь бусад аймгийн төвүүд рүү зарцуулагдаж байна. Тэгээд үлдсэн мөнгөөр шугам сүлжээгээ янзлах гэхээр бас бусад зам энэ тэрд зарцуулах ёстой байдаг. Тэгээд тэр мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Ингээд бодохоор бүр дээрх захиргааны зохион байгуулалтийг өөрчлөхөөс авахуулаад хуулинд тусгай заалтууд ч оруулах шаардлагатай юм. Ядаж аймаг өөрийнхөө олсон мөнгийг аймагтаа зарцуулдаг байх жишээний тийм эрх мэдлийг олгох, хотуудад барилга барих хууль гаргах. Жишээ нь барилга барихаар авсан газрынхаа 30% хувьд нь барилгажуулж, үлдсэн нь цэцэрлэг зам талбай хийх ёстой гэх мэт. Тэгэхгүй бол өнөөдөр хүмүүс хотод авсан газраа дүүртэл нь барилга барьчихдаг. Хамгийн гол энэ бүхнийг ойлгодог, хэрэгжүүлдэг улсыг одоогийн энэ эрх мэдэлдээ улайран байгаа юу хийх учраа ч олохгүй гаруудын оронд аваачаад тавьчих юмсан.

Хотод байгаа хуучин барилгуудыг нураагаад шал өөр модерн юм хийгээд байгаа нь хотын түүх соёлыг устгаад байгаа юм. Нурах дөхсөн барилгыг нурааж болно. Гэхдээ дахиж барихдаа хуучин хэв загвар хадгалснаар нь барьж болно. Холимог бүтэцтэй болгоод. УБ хот өөрөө ямар хот вэ гэдэг талаас нь хотын хэтийн төлөв авч явах юм л даа. Улсын нийслэл УБ тусгаар тогтнолын билэгдэл, монгол туургатны оюун санааны төв, худалдааны төв зэрэг утгаар нь хөгжүүлбэл, одоогийн байгаа байдлыг орвонгоор нь эргүүлмээр санагдах юм. Тэр баригдаж байсан "Blue sky" гэдэг барилга хөрсний суулт үүсгэсэн, эргэн тойрныхоо барилгуудыг хазайлгах, хэтдээ нурааж ч мэдэх аюултай болсон тул зогссон. Мэргэжлийн хүний үгийг анхнаасаа сонсоогүйнгай гарч байна. Тэгээд ч энэ нийтлэлтэй холбогдуулаад, Монгол Улс монгол түмэндээ мэргэжлийн улс хийдэг ажлын чанартай системтэй болохыг хүсье

Monday, 24 November 2008

Ямар хот цогцлуулах

Прагад 1968 онд оросын цэрэг хүчээр орж ирэхэд олон хүмүүс баруунд дүрвэж гарсан. Тэдний дотор дэлхийн дахинаа алдартай зохиолч, зураач, уран барималч зэрэг олон сэхээтэн байлаа. Чехэд төрсөн, 1968 оноос Англид ажиллаж амьдарч буй архитектор Ян Каплицки ирээдүйд чиглэсэн уран барилгын футурист урсгалыг үүсгэгчдийн нэг. Түүний төслөөр олон улс оронд барилга баригдаж, уран барилгын олон улсын нэр хүндтэй шагнал удаа дараа хүртэж байсан нэгэн. Каплицкийн Прага хотын улсын номын сангийн барилгын төсөл ихээхэн маргаан шуугиан үүсгэлээ. Хэт орчин үеийн шийдэлтэй энэ төсөлд чехүүд "наймаалж" (The Blob or The Octopus) гэсэн хоч нэр өгөөд, эргэн тойрны байр байшинтай зохицохгүй хотын түүхэн хэсгийн өнгө төрхийг эвдэх нь гэж эрс дургүйцсэн, дэмжсэн хэсэг үүсч хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Олон улсын архитекторчдын холбооноос зарласан нэр хүндтэй байгууллага баталж сайшаасан төсөл шүү дээ. Барилга барихаар хараалсан газар нь хотын зүрхэн төв ч биш. Энэ барилга яг энд баригдах эсэхийг одоо хэлж мэдэхгүй. Хотын захиргаа, нийт ард түмэн хотын үзэмж, түүх дурсгалдаа хэрхэн хандаж байгаад асуудлын гол нь байгаа юм.

Чехүүд зөвхөн эртний барилгаа эрхэмлээд орчин үеийн барилга огт барьдаггүй гэвэл, үгүй. Прагийн хотын төвд хуучны барилгуудын дунд байх "Бүжиж буй байшин" (Dancing Building) хамгийн орчин үеийн содон дизайн шийдэлтэй гэж 1996 онд дэлхийн шилдэг уран барилгаар шалгарч байв. Чех архитекторч Владо Милунич, америк архитектор Франк О Жери нарын зургаар босгосон бүжиж буй байшинг дайны үеийн алдарт бүжигчин хос Фреда, Жингэр (Freda Astaira & Ginger Rogers) нарт зориулжээ. Цонхнууд нь дээр доор хана нь нугарч мушгирсан энэ өвөрмөц барилга өндөр намаараа ч өнгө будгаараа ч ойр хавийн барилгатай зохицож байдаг нь гайхамшигтай. Ойр хавийн гэхэд хэцүү бүр ханаараа нийлсэн байшингуудаас этгээд сондгойрохгүй нь сонин. Ийм орчин үеийн шил метал болсон барилга болгон хажуу хавиргынхаа хуучны барилгатай тэр бүр зохицдоггүйн нэг жишээнд бол хотын төвийн На Прикопе гудамжинд байх Мислбек худалдааны төвийг нэрлэж болно.



















-












Прага хотын төв гудамжыг Вацлавын өргөн чөлөө гэдэг. Үндэсний сэргэн мандалтынхан зуугаад жилийн өмнө Вацлав IV-н морьтой хөшөөг гудамжны эхэнд залсан байдаг. Гэтэл ардчилсан хувьсгалын дараа уран барималч Давид Черни дөрвөн хөлийг дээш харуулсан морин дээр ариун Вацлавыг залсан хөшөө босгожээ. Уран барималч ямар санаа илэрхийлсэн талаараа ганц ч үг унагаагүй. "Уламжлалт үнэт зүйлс ул боллоо буюу жигшдэг юмс зэрэг дэвшиж, эрхэмлэдэг зүйлс таягдан хаягдлаа", "хөл нь дээш харсан морин дээр суугаа хүн бол ардчилсан хувьсгалын дараах анхны ерөнхий сайд асан, өнөөгийн ерөнхийлөгч Вацлав Клаус" гэх зэрэг таамгийн янз бүрийн бор шувуу нисдэг. Энэ хачин хөшөө Вацлавын өргөн чөлөөнд ориг хөшөөнөөс нэг их холгүй хэдэн сар байлаа. Дараа нь Шинэ хотын Люцерна пассажт оруулсан. Үхрийн галзуу өвчин гараад баахан үхэр алж устгал хийсний дараа, хүний хувиа бодсон зэрлэг авирыг эсэргүүцсэн залуу барималчид нэг хэвийн олон үхэр баримал цутгаад, түүнийгээ янз бүрээр будаад тараан байрлуулснаар хотоор нэг эрээн мяраан үхрийн барималтай болчихлоо. Зарим хүмүүс "үхрийн" үеийг фото болгон баримтжуулсан байдаг. Одоо байраа олсон ганц нэг нь л үлдээд бусад нь складад, галерейд очоод харагдахаа больсон. Хэн нэгний бодол уран санаагаар хөшөө, баримал хийдэг. Хаана байрлуулах, эргэн тойронтойгоо утга санаа, өнгө зүс, хийц хэвээрээ зохицож байна уу гэдгээс хамаараад уран бүтээл болгон хөшөө болж урт настай байдаггүй бололтой.

Дөрвөн хөл нь дээш сарвайсан морьтой хөшөө, эрээн алаг үхэр бүгдийг хэн дуртай газраа байрлуулаад, мөнгөн санхүүжилт олдсон гээд онгорхой зай болгонд хэн хүн дуртай барилгаа бариад байсан сан бол Прага хот ПРАГА биш болоод жилд хэдэн сая жуулчин хөлхөж, хэдэн сая ногооноо үлдээхээ болих байсан биз. Дашрамд дурдахад 1,2 сая хүн амтай Прага хотод жилд 4-6 сая жуулчид ирдэг бөгөөд жуулчлалаас ордог орлого үндэсний орлогын багагүй хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газрыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, үе шаттай тодорхой төлөвлөгөөтэйгөөр эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босог гэсэн тайлалтай нийцэх олон барилга бий. Дээр үеийн хийц маягтай фасадыг хэвээр үлдээж, дотоод заслыг орчин үежүүлсэн барилга алхам тутамд таардаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлснээр үүссэн өнөөгийн Прагад готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай танилцах боломжтой тул Прага хотыг уран барилгын 1000 жилийн амьд музей ч гэдэг.

Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат барилгачин Д.Чойжилжав гуай "Өнөөдөр" сонинд
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31082 өгсөн ярилцлагадаа "Анхны ерөнхий төлөвлөгөөг маш мэдрэмжтэй хийсэн. Монгол хүний цусанд байгалиа шүтэх, байгальтайгаа хамт амьдрах үзэл бат шингэсэн байдаг. Үүнийг энэ төлөвлөгөөнд маш нарийн зохицуулж өгсөн. 1954-1957 онд манай анхны архитекторч Чимид гуай, ЗХУ-ын архитекторч Наумовтай хамтарч зохиосон юм. Улаанбаатарыг дээрээс нь харахад монгол гэр шиг харагдахаар зохион байгуулсан. Их сонин философ. Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордонг тойроод Бага тойрууг байгуулсан нь гэр лүү орж байгаа юм шиг харагдаж байхаар бодолцжээ. Нисэх, Их тэнгэрийн ам руу явж байгаа замыг “Та нааш ир ээ” гэсэн найрсаг зангийн илэрхийлэл маягаар байгуулснаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хадаг бариад тавтай морил гэсэн утга санааг илэрхийлсэн гэж билээ. Яваандаа хот өргөжин хөгжихийн хэрээр Төв талбайгаас Богд уулын ам хүртэл цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байдаг юм." гэсэн байна.

Одоо хагас зууны дараа Сүхбаатарын талбай ямар болоод байна. Хуучин Элдэв-Очирын нэрэмжит кино театр байгаад одоо "Хөрөнгийн бирж" болсон барилгатай ижил төстэй хэв загвараар барьсан "Голомт" банкны барилга орчинтойгоо зохицолоо олсон шиг. Орчин үеийн атлаа үндэсний хэв загварыг хадгалсан "Соёлын төв өргөө" харин ч нэг байраа олсон өргөө шиг дүнхийж байдаг. Дуурийн театрын өмнө сайхан цэцэрлэг байлаа. Цэцэрлэг дотор эмнэг сургагчийн хөөрхөн хөшөө байлаа. Одоо цэцэрлэг хөшөө бүгд газрын хөрснөөс арчигдаад оронд нь Шангрела гэнэ үү нэг хачин том барилга босож байна. Улсын филармони, Ленин клуб хоёрын дунд Blue Sky нэртэй шил толь болсон бас нэг том барилга бий болох нь. Нэрийг монголчилбол утга нь гарах ч, дургүйцсэн нийслэлчүүд "заазуур" гэдэг хоч нэр өгсөн нь яг оносон шиг. Төв гудамж руу цүлхийж орсон энэ хачин "заазуур" машин дотор явах хүнийг ч бяц дарах, тасдах гэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. 120 мянгатын урагшаа харсан цонхтой нэгэн орон сууцны байрны чанх урд ганц хоёрхон метрийн зайнд цонхны гэрэл хаагаад мангар том барилга баригдчихсан байдаг. Тэнд амьдардаг улсууд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохоос гадна, монголчууд бид мангар харагдаж нэр хүндээрээ хохирч байна. Ийм гоо сайхны мэдрэмжгүй, хууль дүрмийн зохицуулалт огт үйлчилдэггүй газар шүү гэж гадныханд хэлж, бүр хашгиран зарлаж байх шиг, өмнөөс нь ичмээр. Дан орчин үеийн өндөр байшин дундаа байсан бол эдгээр барилга тэндээ чимэг болохоор эд, одоо харин хотын төвийн шархи сорви мэт харагдана.

Барилга архитекторын улсын бодлого гээч юм байдаг гэдгийг энгийн иргэд мэддэггүй байлаа. Мэдэх ч шаардлага байхгүй байх. Нарийн мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил. Салхины чиг харж, ус, цахилгаан, дулааны шугам сүлжээг бодолцож барилга байгууламжаа хэрхэн хаана яаж өрөхөөс шалтгаалж, хотын амин судас болсон гудамж үүсдэг гэх. Одоо энд тэндгүй барилга хүчээр чихэж бариад энэ судсыг тасалчихаад байна. Улаанбаатарыг харахаар үнэхээр зүрх өвдмөөр болсон болохоор, санаа зовмоор болсон болоод л, амь насанд аюултай болоод байгаа учир мэргэжлийн биш энгийн иргэд энэ тухай өөрийн эрхгүй бодолхийлж байна.

Прага өнөөгийн энэ өнгө төрхөө олох мянган жилийн түүхийн урт хугацаанд хот олон дахин шинэчлэн баригдаж байсан байж таарна. Олон барилга, бүр бүхэл бүтэн хороолол огт үгүй болсон байж таарна. Олон бэл бэнчинтэй хүн гарч ирж ийм барилга энд, тийм орд тэнд барина гэж өрсөлдөж байсан байж таарна. Олон авьяас билэгтэн чамин шинэ хийц, урьд хэрэглэж дадаагүй шинэ материал санал болгож байсан байж таарна. Олон олон төр солигдож янз бүрийн хүмүүс ард олныг, улс хотоо удирдан залж байсан байж таарна. Өөрөөс нь өмнө хийгдэж бүтээгдсэн зүйлийг их бага ямар нэг хэмжээгээр хүндэтгэдэг, хадгалан үлдэхийг эрмэлздэг байсан, авах гээхийн ухаанаар зөв тунгааж байсан болохоор л уран барилгын мянган жилийн амьд музейг бүтээсэн болов уу!

Thursday, 30 October 2008

Түргэн тусламж

Цээжин дээр хүнд юм дарж, амьсгалахад бэрх болоод сэрчихэв. Нэг хэсэгтээ бүгшүүлэн ханиалгасаар нойр хулжив. Суугаад байвал амьсгалахад арай дээр шиг, хэвтэнгүүт амьсгал бачуураад эхлэнэ. Босож жаал холхив. Цонхон дээр очиж шөнийн сэрүүн агаар амьсгалан хэсэг зуур зогсов. Сүүлийн хэд хоног дандаа ингэж шөнө хагаслан ханиалгаж сэрээд үүр цайхаар жаал дуг хийдэг болоод байгаа. Гэхдээ өнөөдөр шиг цээжээ даахгүй, амьсгал боогдоод амь тавьчих гээд байх шиг мэдрэмж төрж байсангүй. Зогсоо чөлөөгүй ханиалгасаар гэдэсний булчин хөндүүр болж, хамаг хөлс цутгаад тамирдаж байна гэж жигтэйхэн. Нөхөр сэрээд түргэн дуудая гэж байна. Түргэн ч дээ, хэрэггүй биз дээ гэвэл, нөхөр маань "чи эмчид үзүүлэх дургүй, түргэн гэхээр бүр сонсох ч дургүй байсаар өвчнөө ужиг болголоо" гээд шууд утасдаад түргэн дуудчихлаа.

Хэдэн жилийн өмнөх нэгэн дуудлага санаанд тод буулаа. Нөхөр ажлаар явсан үеэр, нэг шөнө хүү 39 гартал халуурч сандаргаж билээ. Гэрт ямар ч эм байгаагүй үе таарч, анисны шүүс чанаж уулгалаа, духанд нь хүйтэн жин тавьж эмийн бус аргаар өөрөө эмчлэх гэж оролдлоо. Хүү түр дуг хийгээд дахин уйлав. Халуун нь буугаагүй бололтой. Ойрхон байх албан газрын жижүүрийн утсаар түргэн тусламж дуудахаар гадагш гүйн гарав. Ардаа өвчтэй нялх хүүхэд орхиод яарч байхад хэдэн настай, хэддүгээр цэцэрлэгт явдаг, аль хороо хорины ямар иргэн. Одоо яаж байна хэзээнээс ямар шинж тэмдэг илрэв гээд бараг ямар өвчний оноштой вэ гэхээс наагуур үй түмэн юм шалгааж хичнээн удсан юм бүү мэд. Ийм олон юм асуусан юм чинь тийм хэмжээгээр эмч нар бэлтгэлтэй ирээд хүүгий нь эдгээгээд өгнө гэж найдсан уу, хариулахгүй бол түргэн ирэхгүй байсан уу асуулт бүрт хариулж билээ. Хар гүйхээрээ гэртээ эргэн орвол өвчтэй хүү нь ээртэл уйлсан, том хүү маань сэрчихсэн дүүгийнхээ хажууд тоглоом бариад саатуулах санаатай хөл нүцгэн зогсож байв. Томыгоо бас өвдчихвөл хэцүүднэ гээд хөлийг халуун усанд угаагаад сүү өгөөд унтуулав. Халуунтай хүү уулгасан жаахан юмыг нь бөөлжиж гаргаад уйлаад...хүүгийнхээ халууныг нь өвчнийг өөртөө шингээгээд авах сан гэсэн шиг хүүгээ тас тэврээд эмчийг хүлээсээр. Түргэн тусламж түргэн л ирэх ёстой доо гэж бодон хүүгээ тэврэн өөрөө дотроо холхиж байсан. Гурван настай хүүг тэвэрч удаан холхиход гар аяандаа цуцаж байлаа. Утсаар эмч дуудсанаас хойш бүтэн цаг өнгөрөв. Эмч байдаггүй. Манай түргэн тусламж "төрөх үхэх хоёрт л түргэн, бусад үед яст мэлхий шиг удаан даа" гэж улсууд ярьдаг үнэн гэдэгт итгээд, удаандаа ч хамаагүй ирээсэй гэж арга тасарч байтал хаалга дуугарав. Цагаан халадтай, чагнуураас өөр юу ч үгүй эмч хүүхэн орж ирлээ. Шинэ алчуур өгч байж хүчээр шахуу гарыг нь угаалгасан эмч хүүг чагнаад, хоолойг харсан болов. Жор бичиж өгөөд, тариаг булчинд зургаан цагийн зайтай , эмийг найман цагаар халуун буутал уулга гээд ямар ч тариа хийж, эм уулгалгүй өөрөөр хэлбэл "түргэн тусламж" үзүүлсэнгүй алга дарам цаас үлдээгээд гараад явчихаж билээ. Хорин дөрвөн цагаар ажилладаг хүүхдийн эмийн сан гэрээс нь холгүй байхад өглөө болтол хүлээж байж хүүгээ хүндрүүлчих вий гэж айгаад, томоо унтаагаар нь хувцаслаад багийнхаа хажууд хэвтүүлээд эм авахаар гарлаа. Арван нэгэн сарын шөнийн хоёр цагт гудамж эзгүй эл хуль. Явган хүний замаар явахад модны сүүдэр сүглийгээд, өөрийгөө байдгаараа зоригжуулавч цаанаа л нэг зэвүүн. Ямар сайндаа хоёр талаас замын гэрэл туссан машин замын голоор алхаж байв. Алхах ч гэж дээ. Шогшиж байв. Хацар хайрах жавар урдаас үлээхэд хүзүүний ороолтоо татан амаа таглахаар гараа халааснаас авах сацуу ард хүн дагах чимээ гарав. Хар эрчээрээ гүйчихлээ. Нөгөө хүн яг гүйцэх гээд гэзэг даран хөөх шиг. Эмийн сан ч харагдав. Тулж очоод хаалгы нь түлхвэл цоожтой. Хаалган дээрх жижиг салхивч л онгорхой аж. Шөнөдөө салхивчаар үйлчилдэг бололтой. Хонхыг дарна уу гэсэн бичиг байна. Хонхыг жингэнүүлэн удаан дараад хүлээж байх зуураа гараа халаасандаа хийв. Эргэн харвал хэн ч алга. Нөгөө дагаад байсан хүний чимээ тасарчээ. Буурал үстэй сайхан зантай эмийн санч авгай айсан намайг дотогш оруулав. Хүүхээ харанхуй шөнөөр ганцаар явж айгаа юу. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Чи аягүй бол өөрөө өөрөөсөө айсан байх даа. Хүүхэд чинь өвдөө юү. Хүмүүс халуун аль болох хурдан буулгах гээд сандраад байдаг. Уул нь организм өвчинтэй тэмцэн эсэргүүцэх нь халуурч илэрдэг. Эх нь тайван байхад хүүхэд амархан эдгэрдэг юм. Үл бүтэх этгээдүүд өдийд унтаж байгаа. Битгий ай. Сайхан зантай авгай надад хүүхэд эдгэрэх итгэл найдвар, шөнийн гудамжаар харих зориг, хамгийн гол сэтгэлийн дэм түшиг хайрласан юм. Халаасан дахь түлхүүр түрийвч харшилдах чимээнээс айж гүйснээ ойлгоод эмийн сангаас харихдаа шал өөр хэрсүү хүн болчих шиг болж билээ. Азаар хүүхдийн нэрт эмч Лувсандагва гуайн эхнэр аавтай хамт ажилладаг байж таараад, маргааш өглөө нь хүүхдээ үзүүлж танилцаж аваад өөр эмчээр хүүдүүдээ бараг үзүүлээгүй гэхэд болно.

Ийм ямар ч бэлтгэлгүй явдаг, тийм хайнга ёс төдий үзлэг хийдэг. Үнэндээ түргэн байтугай ямар ч тусламж үзүүлдэггүй, ядаж аятайхан харьцаад хүнд сэтгэлийн дэм өгдөггүй эмч цөөхөн байх л даа. Үүнээс хойш түргэнд сүжиггүй болчихсон. Эмнэлгээр явах, эмчид үзүүлэхэд итгэлгүй болчихсон. Арван жилийн найз, хол ойрын хамаатан, ядаж танил биш бол эмчид үзүүлэхэд найдваргүй гэсэн бат ойлголттой болсон байлаа. Москва хотод нөхөр сурч бид хэд даган хамт байсан үед ингэж өвдөөд түргэн тусламжыг хүлээгээд хэвтэж байхдаа, огт танихгүй гадны хүнийг хэн л тоов гэсэн шиг юм бодож байв.

Түргэн дуудаад арваад минут болсны дараа орос эмч хоёр биерхэг сувилагч залуутай (мед. братья) орж ирэв. Эмч орж ирэнгүүтээ гараа угаая угаалгын өрөө хаана байна гэв. Гараа угаачихаад миний зовиурыг сонсож дуусаад, ханиасаар байгаад хөлөрсөн хүнд хүйтэн төмөр яаж хүргэхэв, чагнуурынхаа жаврыг гаргаж байж чагная гэлээ. Чагналаа үзлээ. Сувилагч залуугийн барьж явсан дугуй төмөр савнаас тариа гаргаад хэдэн судас тариа хийлээ. Биеийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг харзнав. Ханиад намдаж, амьсгаа уужирч байна. Одоо хөлс чинь хатсан бол огцом түргэн хөдөлгөөн хийлгүй тайван хувцасла. Бид таныг аваад явна. Курс эмчилгээ эмнэлэгт хэвтүүлж хийлгэх хэрэгтэй гэж байна. Харшлаас үүдэлтэй багтраа (астма) гэнэ. Хувцаслалаа. Нөхөр маань миний оо сойз ойр зуурын юмыг бэлдэж базаалаа. Би босоод үүд рүү чиглэх гэтэл болохгүй ээ дамнуургаар авч явна гэнэ. Би өөрөө алхаад түргэний машинд орчихвол орчих л түвшингийн өвчтөн байсан. Гэтэл өргөөд машиндаа оруулаад эмнэлэг рүүгээ хөдөлсөн. Хөдөлж чадахгүй хүнд өвчтөн бас бий. Тэднийг ийм биерхэг залуус л өргөнө. Түргэн тусламжийн сувилагч нар залуу эрэгтэй хүмүүс байдаг нь ийм учиртай аж.

Манайд ийм бяртай эрэгтэй сувилагч байдаг болоосой гэж өөрийн эрхгүй бодов. Төрөх орноос өөрөө босоод урт хонгилоор алхаад, шатаар дээш доош яваад орондоо ороод хэвтчихдэг эх гэж байхгүй биз. Гэтэл дөнгөж төрөөд тамир тэнхээгүй хэвтэж байгаа эхийг асрагч хүүхнүүд дамнуурган дээр тавиад дааж ядан авч явахад, ялангуяа шатаар өгсөж уруудахад хэзээ даахгүй алдаад толгой тархиараа шатны гишгүүр цохьчих бол гэж эмээдэггүй эх бас байхгүй биз. Сүүлд оросуудаас сонирхож асуухнаа хотын хүүхдүүд цэргийн алба хаах нэгэн хэлбэр бол ийнхүү эмнэлэгт ганц хоёр жил сувилагчаар ажиллах явдал гэнэ.

Чехэд түргэн тусламжийн жолооч нар сувилагчын курс хийсэн эрчүүд байдаг. Түргэний дуудлагад эмчээ дагаж явахдаа заавал хоёулаа байх ёстой. Том эмнэлэгт зүгээр алхаж очоод эмчид үзүүлсэн хүнийг эмч элдэв шинжилгээ хийлгэ гэвэл, эмнэлгийн хашаан дотроо машинаар дамнуургаар авч яваад шинжилгээ дуустал хүлээж байгаад эмчдээ хүргэж өгнө. Эмч үзээд зүгээр байна, харьж болно. Эсвэл тааруухан байна хэвт гэж хэлтэл түргэн тусламж түргэн шуурхай үйлчлэх үүрэгтэй.

Хорин хэдэн жилийн өмнө манайд эмнэлэгийн социалист систем задраагүй байхад болсон явдлыг дээр өгүүллээ. Одоо хөгжөөд сайхан болсон гэж бодож байлаа. Тоног төхөөрөмж, нэг удаагийн тариур, уян зүү, нэг удаагийн цаасан халад салфетка гээд өөр болжээ. Харин хүний мөс ерөнхийдөө бүдийсэн нь эмнэлгийн ажилтан нарыг тойрсонгүй. Бүх юмыг зоосны нүхээр хардаг болсон гэх үү дээ. Ил далд бүх үйлчилгээ эмчилгээ өөрийн гэсэн үнэ ханштай болжээ. Танил тал найзан дундаа гэж байхгүй мөнгө л бүхнийг шийддэг болсон шиг.

Sunday, 31 August 2008

Тахийн баяр


Праг хотын зоопарк өнгөрдөг бүтэн сайнд монголчуудад үнэгүй үйлчилж, хүн болгон Монголтой ямар нэг байдлаар холбоотой гэдгээ батлах гэж оролдоод бараг л монгол хүн болж төрөөгүйдээ харамссан гэхэд дэгсдүүлэхээргүй өдөр бол Чех нутагт тахийн анхны унага төрсний 80 жил, Праг хотын зоопаркад тахийн унага төрсний 75 жил, Прагад эхлэлээ тавьсан олон улсын тахь хамгаалах симпозиумын 50 жилийн ойн өдөр байлаа. Тахь нутагшуулах төслийн түүхэн өдрийн энэ арга хэмжээнд Праг хотын дарга П.Бем, тахь хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн Э.Кус, монгол судлаач эрдэмтэн И.Шима, Монгол Улсаас Чехэд суугаа элчин сайд О.Энхтөр, консул Ц.Нямсүрэн, зоопаркийн дарга П.Феик зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Зоопаркийг жилдээ сая хоёр зуун мянган хүн үздэг статистикийн судалгаа байдаг. Өчигдөр тэнд байсан гурав дөрвөн мянган хүний лав таван хүн тутмын нэг нь монгол байсан бололтой хэд алхаад л монгол яриа хөөрөө сонсогдоод нутгийн хүмүүстэй таараад сайхан байв.

Хүн мал хот суурингийн бараа харж чаддаггүй эрчимт туурайтай, төрөлхийн хурц нүд, соргог чих, үнэрч хамартай тахь маш соргог тул өчүүхэн юүхэн хээхнээс үргээд хуй салхи хэдэн арван бээр хулжаад давхичихдаг. Нэг үргэсэн газраа буцаж ирдэггүй. Дэндүү зоргоор зэлүүд нутагт амьдрах дуртай. Алтайн цаадах говиос өөр тийм зэлүүд газар дэлхийд бараг бараг үгүй болсон. Нэг азрага тахь нөгөөтэйгөө их говьд таарлаа гэхэд хоёр азрага бие биенийхээ гүүг булаацалдан зодолдоно. Дийлсэн нь дийлдсэнийхээ гүүнүүдийг нийлүүлж аваад цааш хулжихдаа, эхийгээ дагаж ирсэн унагануудыг туурайгаараа цавчиж эсвэл хүзүүг тас хазаж ална. Үргэмтгий зожиг зангаасаа, азаргын хартай догшин чанараас болж дэлхийн зэрлэг адууны сүүлийн өв болох тахь цөөрсөөр улмаар устаж үгүй болон сөнөхөд тулаад байхад 1879 онд Н.М.Пржевальский Монголд тахь байгааг нээж дэлхий дахинд дуулгасан тул түүний нэрээр мэддэг болсон билээ.

Прагийн зоопарк тахийг хамгаалах эргэн нутагшуулах үйлсэд идэвх чармайлттай, амжилттай оролцсоноороо бахархдаг. Иймээс ч зоопаркийн таних тэмдэг нь даруй тавин жил тахийн зурагтай байж иржээ. Дэлхийд устаж сөнөхдөө тулаад байгаа ховордсон амьтдыг ивээлдээ аван үржүүлж эргүүлэн онгон байгальд нутагшуулах ажил хийж өөрөөр хэлбэл тодорхой нэг төрөл зүйлийн амьтан хамгаалан үлдэж чадсан эсэхээр тухайн зоопаркийн нэр хүнд, ажлын үзүүлэлт бас тодорхойлогддог юм байна. Зоопаркад төрсөн Хелус нэртэй тахийн тэр анхдагч унага эсэн мэнд өсч торниод азрага болж зөвхөн Чех бус Европын бусад орнууд дахь олон тахийн өвөг болсон юм. 1990 онд олон улсын тахь хамгаалалын тавдугаар симпозиум дээр Европын орнуудын зоопарк болон дархан цаазтай газар байгаа тахийг байгальд эргүүлэн буцаан тавьж, тахь анх үүссэн төрсөн орчинд нь нутагшуулах санал гарчээ. Энэ нь шинжлэх ухаанд урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ туршилт байлаа. Зохисгүй нөхцөл шалтгаан нь бүрдээд тухайн төрөл зүйлийн зэрлэг амьтан амархан сөнөж болох магадлалтай. Харин сөнөх гэж буй цөөн хэдэн амьтны угийн бичиг хөтлөн цус ойртуулахгүйгээр өсгөж олшруулаад буцааж байгальд тавих нь олон жилийн хөдөлмөр, хөрөнгө хүч чармайлт шаардсан нэлээд төвөгтэй ажил байдаг юм байна. Энэ тухай сэтгүлч Жамбалын Мягмарсүрэнгийн "Унагаа зуусан хулан" номд "Тэмээгээр одсон тахь тэнгэрээр ирлээ"

Монгол биш ч монгол үндэсний хувцас өмссөн чехүүд монголтой ямар нэг байдлаар холбоотой хүмүүсийг бас үнэгүй оруулж байлаа. Монгол хүүхэд өргөж авсан чех гэр бүл бас ирсэн байсан. Чех аав ээжтэй, монголоор огт ярьдаггүй нэг бумбайсан хөөрхөн бор хүү энд цугласан өөр шигээ царайтай олон хүн хараад алмайрч байх шиг биднийг хараад л. Монгол охин өргөж авсан, охины ээж биш ч бас нэг монгол бүсгүйтэй гэрлэсэн, дараа нь тэр эмэгтэй нь монгол охин чех аав хоёрыг хаяад явчихсан тэр хоёр л өрөвдмөөр байв. Хөөрхий охин монгол эмэгтэйчүүдэд илт татагдаад, өхөөрдөөд нааштай байсан монгол эмэгтэйчүүдэд очиж хацарт нь хацраа наагаад л тал засаад байсан. Монголчуудын цугларалт, монголтой холбоотой арга хэмжээнд хүүхдүүдээ авчраад, ер нь хүүхэддээ хандаж байгаа байдлаас харахад монгол хүүхэд үрчилсэн энэ чехүүд хүүхэддээ хайртай, сайн нь илт. Тэр охины аав эдлэн газар, байшин худалдаж аваад шарын шашны болон монгол соёлын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдөж, ажил болгох шатандаа ороод байгаа юм билээ. Чех гэр бүлд чех орчинд торниж байгаа хүүхэд гадна төрх нь монгол болохоос хүмүүжил, сэтгэлгээ чех л болно. Гэхдээ хүүхдийн зөн гэж нэг юм байх шиг. Хүүхэд байтугай адгуус малд ч төрсөн нутагтаа тэмүүлэх төрөлхийн зөн бий.

Sunday, 24 August 2008

Эмэгтэй хүнийг авгайлах

Чехэд үргэлж "пани", европын бусад оронд "мадам" гэж дуудуулсаар нутагтаа очихоор "хүүхээ", "миний дүү", "эгч ээ", "аниа", "ажаа", "эмээ" болчихно. Нэг бодлын бүгд хоорондоо ах дүү төрөл садан оргиод нэг их дотно сайхан ч юм шиг. Манайхан хүнийг "гуай"-лдаг болохоор ингэж хэлэх хүн бас гарнаа. Хааяахан "авгай" гэнэ. Дал наян настай буурал "хүүхээ", "миний хүү" гэж бага залуу хүнд хандахад зохистой, насны зөрөө шалихгүй байж "эмээ, өвөө" гэх зохисгүй шиг хаана хэзээ хэн ямар өнгө аяасаар хэлж байгаагаас шалтгаалж дээрх авгайлал янз бүрээр тусна.

Зарим хүн хөгшин болох дуртай. Дунд насны хүн өвгөн, эмгэн царайлаад хүн болгоныг, үеийнхнийгээ ч хүү минь, охин үр минь гээд өөрөө өөртөө нас нэмээд байдаг. Зарим хүн залуу болох дуртай. Оюутан үеийн тоолбол нас чацуу найз маань хорь гучин насаар дүү авгай авчихаж, нялх хүүгээ тэвэрчихээд уулзахдаа "эгч ээ" гээд залуумсаад байсан. Би ч яахав, учры нь ойлгоод инээд хүрээд өнгөрсөн. Бид хоёрын хэн нь овор багатай байсанд асуудлын гол нь байгаа юм биш. Ер нь эмэгтэй хүний насыг тодотгоод байх онцгүй л дээ. Манайхан хүний нас баримжаалж хандаад заншчихсан. Үеийн хүмүүс "ажаа" гэж байвал, "найз минь намба суугаад авгай төрхөндөө орж байна даа" гэсэн сануулга. Сануулга найрсаг уу, хоржин уу тэр үеийн байдлаас янз бүр. Залуу хүн "ажаалж" байвал ээжтэй минь үе юмаа гэж байгаа нь тэр. Тавь, жартай авгайг ажлынхан нь "гуай" гэхэд хүндэтгэл сонсогдоно. Намайг телевизийн төвд дөнгөж гучин настай ээлжийн инженер байхад арван долоотой монтёр залуу анх "гуай" гэж дуудаад цочоож билээ.

Саяхан л авгай гэдэг үг авгайлал гэдэг үгийн үндэс суурьдаа таарсан сайхан утгатай байлаа. Эмэгтэй хүнийг "авхай", "авгай" гэж хүндэлдэг байвай. Сурвалжит авхай, эрдэмтэн авхай, толиотой сайхан авгай, ахын авгай гэх мэт. Шинэ соргог юм хүлээж авч чаддаг, чаддаггүй гэж төрөлхийн сэтгэлгээний онцлог гэж хүнд байхаас "залуу сэтгэлгээ", "хөгшин сэтгэлгээ" гэж байдаггүй шиг. Гэтэл манайд тавь гарсан эмэгтэй хүн тооноос шууд хасагдана. Тэд үсээ хусуулаад чавганц болох ёстой юм болов уу. Үсээ хусуулж, эрх тоолж, сүм хийд хэсэж засал ном уншуулсан сонгодог эмээгийн дүрд тоглодоггүй юмаа гэхэд, тавь гарсан эмэгтэй залууст "место" тавьж өгөөд, нийгмийн амьдралаас хөндийрөх ёстой. Аранзал өнгийн дээл өмсөөд, ач зээгээ хараад, аяга данхаа зүлгээд, өдөртөө нэг гадаалж өвгөд хөгшчүүдтэй хуучлаад намбайж байх ёстой. Жинсэн өмдтэй, богино банзалтай тавьтанг "авгай" гэнэ. Тодотголгүй зүгээр "авгай" бол "тэнэг, хөгшин, хоцрогдсон, болхи" гэсэн үг. "Энэ муу авгай", " тэр янтгар авгай" гэвэл "тэнэг, хөгшин, хоцрогдсон, болхи" байж бас моодлох санаатай дээр нь ажлын хэнээтэй гэсэн утгатай. Харин одоо хөгшин залуугаас хамаарахгүй ямар нэг эмэгтэй хүнийг үл тоомсорлосон, дургүйцсэн, эмэгтэй хүнийх нь хувьд доошлуулсан, ер нь доромж утга агуулсан үедээ "авгай" гэж чичэлдэг болоод байна.

Наян настай эмээг "эмээ" гэхэд бол өөр хэрэг. Үнэхээр ач гучаа үзсэн эмээг эмээ гэхэд нэрээрээ дуудуулж байгаа шиг хүлээж авна. Миний нэг найзыг хүнсний дэлгүүрт юм авах зуур нь арваад насаар дүү худалдагч "эмээ та" гэж. Биеэ үргэлж сайхан авч явдаг, нүүр толигор, ааш цоглог, спорт стилээр хувцасласан найзд маань "хүндлэл" хүнддэх шиг санагдсан гэдэг. Тоглоомд хожигдоод ирэхээрээ хор шар нь буцалсан монгол эрчүүд эмэгтэй хүнийг насаар нь дайрах нь элбэг байдаг. Эмээ болоогүй дөч ч хүрээгүй хүнийг "эмээ" гэж тоглоом шоглоомоор хэлээд байх нь төв халхын хүнийг хужаа гээд дайраад байх шиг эвгүй сонсогддог юм билээ. Социализмын үед хүнийг "дарга аа" гэж их авгайлдаг байлаа. Хэлэхэд ч, хэлүүлэхэд ч нэг их эвтэй биш авгайлал. Азаар "инженер ээ", "багш аа" гэж дуудуулдаг, бусдыг ч нас хүйс ялгахгүй дуудаж болдог ажил хийж явлаа. Ажил мэргэжил, албан тушаал, алдар гавьяагаар нь эдүгээ Долгор эмч, Нямаа багш, яруу найрагч Хулан, дуучин Ариунаа, Оюун сайд, Пагма панз, Цэцгээ ченж, уран Уянга, хэлэмгий Хишгээ гэх мэтээр авгайлдаг. Эрт цагт хутагт хувилгаан, дээдэс, гүнтэн, тайжтан гээд авгайлдаг байжээ. Монгол хэл маань баян, уран тансаг даа. Дорнын сайхан уламжлалаа зөв хэрэглэн бие биеэ эвтэйхэн авгайлдаг болмоор.

Wednesday, 6 August 2008

Ази найз

"Ээж маань талийгч болоод, нутаг яваад хөдөөлүүлээд ирлээ. Чамтай нэг уулзахсан, манайд хүрээд ирээч" гэж англи найз авгай маань утасдав. Нэг мэдсэн найз нөхдүүдтэй уулзалгүй удчихжээ. Аав нь арваад жилийн өмнө өөд болсноос хойш сүүлийн хэдэн жил ээж нь настай хүний асрамжийн газарт байсан гэдгийг мэднэ. Ээж нь өвгөнөөсөө хойш ганцаар үлдээд, хувийн байшингаа зарж жижигхэн байр авсан. Тэндээ хэдэн жил болоод, байраа зараад асрамжийн газарт очсон. Ээжийнх нь нас нь ахих тусам илүү сайн үйлчилгээтэй, тэр хэмжээгээрээ илүү үнэтэй газарт шилжүүлж байсныг ч мэдэх юм байна. Талийгч аав хангалттай мөнгө үлдээгээгүй бол бид гурав ийм үнэтэй асрамжийн газар байлгаж чадахгүй байсан гэдэг сэн. Өндөр настай ээжийнхээ тухай их ярьдаг байсан санаанд орлоо. Санаа зовоод, санд мэнд хүрч очив.

Ээж нь 93 насалжээ. Тэдний зарим ах дүү зуу гарч байсан, ер нь их урт насалдаг удамтай гэж байна. Хоёр сарын өмнө эвгүй унаад сүүжээ хугалсан, эмнэлэгт хэвтэж эвлүүлж хадуулаад дахин сэргээх эмчилгээний тасагт шилжжээ. Настай хүний яс бороолохдоо мэдээж удаан. Олон төрлийн эм уух, шарлага хийх, биеийн тамир, усан гээд янз бүрийн эмчилгээ хийх шаардлагатай болжээ. Эгч дүү хоёр, ганц эрэгтэй дүү нь ээлжлэн харж, халамжтай сайхан хандаж байв. Гэтэл насны тоогоо гүйцсэн гэж үзсэн, архаг хуучгүй тэнхлүүн биетэй эмээ өөрөө эм уухгүй, хоол идэхгүй байсаар санаатайгаар өөд болсон гэнэ. Үхнэ гэсэн зорилго тавибал хүн бас үхчихдэг юм байна. Хүн өвчинг ялж амьдарна гэвэл эмчилгээгүй хүнд өвчнийг ч даваад босоод эргэрээд ирдэг. Хөхний хавдартай гэдгээ мэдсэн эмэгтэй гурван сарын турш үргэлж инээж, амьд явах сайхан гэсэн итгэл үнэмшилээр жигүүрлэсээр цоо эрүүл болсон гайхамшигт тохиолдлын тухай уншиж байв. Өнгөрдөг өвөл ээж маань хагалгаанд ороод би сахиж байхад ээжийнхээ сэтгэлийн тэнхээг биширч байлаа. Миний ээж бас их өндөр настай хүн. Ээж маань хагалгааны дараа эдгэрнэ гэж итгэсэн юм. Өвчин одоо миний биеэс гарсан гэж бодоод сэтгэлээсээ өвчинг бас аваад хаячихсан юм. Хагалгааны тасагт ээжтэй хамт хэвтэж байсан тэр давхрын өвчтөнүүд, тэнд ажиллаж байсан сувилагч асрагч нар "цоглог эмээ" гэж ээжийг хүндэлдэг байв. Сэтгэлийн тэнхээ гэж.

Найз маань ээжийнхээ залуугийн зураг үзүүлж байгаад ямар хүн байсан, юунд илүү сонирхолтой, авьяастай байсан гээд сэтгэлээ уужиртал баахан ярив. Хэл муутай, нүд хөмсөг нүүрний хувирал, гар хуруу бүгдээр хамжиж байж санаагаа чадан ядан илэрхийлдэг надтай ингэж түг яг гэж байхаар нутгийн хүнтэйгээ чөлөөтэй хөөрвөл гэсэн шиг юм бодогдоод сууж байв. Ази хүн өр нимгэнтэй зовлон ойлгоно гэж бодсон юм болов уу. Найзын маань нөхөр богино хугацаагаар Монголд хоёр ч удаа очиж ажиллаж байсан, өөрөө нэг удаа өвлийн ид хүйтэнд сар гаран Монголд бас амьдарч үзсэн. Манайхан хүнлэг аятайхан хүмүүс гэсэн сэтгэгдэл үлдээсэн болоод надтай ер нь дотноссон байх шүү. Намайг хоёр ч удаа Лондон дахь гэртээ урьж аваачиж байв. Бид долоон жил үеэрхэж дээ.

Яриа аажмаар хүүхдийн сэдэвт шилжив. Би гурван хүүтэй, найз маань хоёр хүүтэй. Би ах дүү гурвуул, тэр бас ах дүү гурвуул. Ах эгч бид гурав гурвуул авгай нөхөртэй үр хүүхэдтэй. Тэдний гэрээс ганцхан найз маань хүнтэй сууж, хүүхэдтэй болсон нэгэн. Хоёр дүү нь насны нар нь хэвийж буй ганц бие улс. Том хүү нь дөч дөхөж байгаа ч авгай хүүхэдгүй гоонь эр. Хэдэн жилийн өмнө манайх бэртэй боллоо гээд их баяртай байсан. Бага хүү нь Японд сурч байхдаа танилцсан солонгос охинтой суужээ. Зургий нь харахад яг монгол төрхтэй охин байлаа. Солонгос бэрээ гадаад хүн гэж элдвээр өөлөхгүй сайхан хүлээж авсаан. Түүнийг аль болохоор дэмждэг нь илт байсан. Удам тасрах гэж байхад хүү хүнтэй сууж байгаа гэдэг нь л чухал байх шиг байсан. Удахгүй ач охин төрж баяр дээр баяр нэмсэн. Ач охинд эмээ өвөөгөөс гадна хүүхэд нөхөргүй авга ах эгч амь, охин төрүүлсэн солонгос эмэгтэйд ч бүгд сайн байлаа. Солонгос бэр хоёр дахь хүүхдээ гаргаад гурван сар болж байна.

Одоо бэрдээ сүйд болдог нь бүүдийгээд байх шиг. Гутранги өнгө аяс цухалзаад ч байх шиг. Зургаа долоон жил болоход англи нийгэмд орж өөриймшихгүй байгаа бололтой. Нөхөртэйгөө японоор, хүүхэдтэйгээ солонгосоор яриад, англи хэл сурч өгдөггүй. Зөвхөн солонгосуудтайгаа найзалдаг. Солонгос коммюнитээс гадагшлах дургүй. Хүүхдээ бас тэр явцуу хүрээнд байлгах дуртай. Хажууд нь ижил төстэй сургалт явуулдаг газар байсаар байтал хотын нөгөө захад байдаг солонгос багштай дугуйланд хүүхдээ чирдэг. Гэртээ зөвхөн солонгос хоол хийдэг. Англи хоол хийж сурья гэж боддоггүй гэнэ. Ази эмэгтэйн зөөлөн төрх, намуун ааштай атлаа ийм өөрийн гэсэн бодолтой зөрүүд. Хүү маань ядарч байна гэж ярьлаа.

"Танай монголчууд гадаад хүнтэй суудаггүй байх" гэж байна. "Өө, харамсалтай нь суудаг, зөндөө суудаг. Гэхдээ нүүдэлчин удамтай болоод манайхан хаана ч дасан зохицохдоо түргэн улс. Манай монгол хэлэнд хатуу зөөлөн авиа хангалттай байдагтаа тэр үү, ерөөсөө дуу хөгжимд дуртай ард болод тэр үү гадаад хэл бас түргэн сурдаг улс" гэв. "Гадаад европ хүнтэй суугаад танайхан хир таарамжтай амьдардаг вэ" гэж байна. "Гадаад нөхөртэй суугаад эвтэй найртай амьдарч, ажил төрөл бүх талаар сайн яваа нэг хэсэг байхад, огт таарахгүй зовж буй хүмүүс ч бий. Энд мэргэжил эзэмшсэн чех нөхөртэй хүүхнүүд дунд Олон улсын цахилгаан холбооны тэргүүлэх компанид хэлтсийн дарга хийдэг, шотланд нөхөртэй монгол хүүхэн хааяа Чех Улсыг төлөөлөөд гадаадад гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад явдаг сайн мэргэжилтэн байдаг. Банкны салбар ахлаад яваа чех нөхөртэй монгол хүүхэн ч байгаа. Хэл мэдэхгүй ирээд хэл сураад, мэргэжлийн курс сургууль дүүргээд өөрөө ажил хийгээд, бизнес эрхлээд мөнгө төгрөг олоод байдаг нөхрөөс хамаарахгүй өөрийгөө хүүхдээ аваад явах чадалтай хүүхнүүд олоон. Хүний гар харсан, ажил хийх дургүй, хэл сурч байгаа газар орныхоо соёлыг сурах эрмэлзэлгүй залхуу, юмыг дандаа хар бараанаар хардаг ааш зан муутай улсууд бас байдаг. Нэг хүүхэн герман хүнтэй сууж байхдаа ганц ч герман үг мэдэхгүй, цаадах нь мэдээж монголгүй, нэвтрэлцэх гурав дахь орос чех англи гэсэн аль нэг хэл мэдэхгүй зөвхөн германаар ярьдаг хүн байж билээ. Хэл нэвтрэлцэхгүй улсад үл ойлголцох юм зөндөө гарна. Бүтэн өгүүлбэр хэлж сурахаасаа өмнө хэрэлдэж сурсан нь инээдтэй. Бүсгүй толь бичиг бариад эргүүлж эргүүлж нэг эвгүй үг олж хуруугаараа заагаад ширэв татахад, сахал нь сөрвийтлөө уурласан эр нь бас хуудас эргүүлж өөр нэг хатуу үг заагаад хэрүүл хийдэг байсан тохиолдол мэдэх юм байна. Гадны хүнтэй байтугай нэг нутгийн ижил хэлээр ярьдаг хүнтэй суугаад ч таарч тохирохгүй хүмүүс байдаг. Хүнээс өөрөөс нь хамаардаг болов уу"

Надаас "чи солонгос хүмүүсийн талаар юу гэж боддог вэ? Тэд ер нь ямар улс вэ?" гэж байна. Үнэндээ нэг ч солонгос хүнтэй танил биш. Тэдэнтэй хамт сурч, ажиллаж байсангүй. Ази дотроо тэд бидэнтэй хамгийн төстэй төрхтэй. Гаднаас харахад төстэй ч, дотоод хүн нь харин ямар байдаг талаар огт мэдэхгүй юм байна гэж бодоод, "Би солонгос хүнтэй нүүр тулж танилцаж байсангүй. Монголчуудаас хамгийн олон хүмүүс Өмнөд Солонгос ажилладаг. Хуурай сэрүүн уур амьсгалд дассан, омог бардам зантай монголчууд чийгтэй бөгчим газар тэсээд ажиллаад байхыг бодоход солонгосууд хүний мөсөөр гайгүй улс байх аа" гэв. "Нэг аятайхан япон бүсгүй англи хүнтэй сууж байгаад салаад, дараа нь өөр англитай суугаад бас таараагүй салаад нутаг буцсан, японтой ойлголцоход их хэцүү гэнэ билээ" гэж байна. "Санасан бодсоноо шууд хэлж болохгүй, дуртай юмаа хийж болохгүй дотроо өөрөө өөртэйгөө зөрчилдөөд байдаг нарийн хэцүү дүрэм дагуу амьдардаг япон хүнд өөрт нь хэцүү байдаг биз. Ийм хүний хажууд байхад бүр ч хэцүү байх аа" гэлээ. Намайг хятадад угийн дургүйг минь мэдэх тул асуугаагүй байх. Европ хүний нүдээр бид Ази гэсэн ерөнхий нэг хайрцагт багтдаг ч өөр хоорондоо зан заншил, түүх соёлоороо асар ялгаатай. Бид сайн талаараа сондгойрч чадаж байна уу? Бид Европын түүх соёлыг хир мэдэх билээ. Түүх шашин зан заншил, үндэсний шинжээрээ тэр нь тийм, энэ нь ийм гэж онцлон тодорхойлж чадах түвшиний мэдлэг бий билүү? гэсэн өчнөөн бодол толгойнд эргэлдсээр гэртээ эргэж ирээд үүнийг сийрүүлэв.

Wednesday, 18 June 2008

Нэр цолгүй бяцхан тамирчин


Манайх өвөлжөөндөө байсан санагдана, хонь төллөж эхэлж байсан үе юм даг. Нар гийсэн нэг сайхан өдөр өвөө намайг анх удаа морь унуулж билээ. Би таван настай байв. Цагтаа эрэмгий догшин сайн хүлэг байгаад, хөгшрөөд хоньчны унаа болсон номхон цоохор гүү миний унаж үзсэн анхны адуу болов. Мордонгуутаа л зогсоо чөлөөгүй ташуурдсанд, гүү гэнэт ухасхийн давхиж би ч хойшоо сугарч унан анхны сургамжаа хүртвэй. Шуудайтай өвс шидэгдэх шиг хөнгөхөн унасан болоод өвдсөн ч үгүй, бэртсэн ч үгүй. Харин хүмүүс шоолж хөхрөлдөхөд их ичиж билээ. Номхон цоохор гүүгээ ноолсоор морь унаж сурав. Тэр үед тураг ан хийж явсан аав маань буцаж ирэхдээ нэгэн цагаан зүсмийн намхан морь надад зориулан худалдаж авчирлаа. Ингэж өөрийн гэсэн унаатай боллоо. Энэ намхан морь маань жижиг хүүхэд бууж мордоход амраас гадна дов сондуултай, намгархаг газрыг гатлахдаа сайн, сул тавьсан ч эзнээ орхидоггүй ухаантай сайн унаа байлаа.

Манайх их зээрд, бага зээрд, жигцрэн хээр гэсэн гурван азрага адуутай айл байлаа. Өвөө маань нутаг хүшуундаа нэртэй сайн уяач байсан. Өвөө хүн амьтны хөлөөс зайдуу газар үсэргээгээ хийнэ. Хүлгийн хурдийг үсэрсэн туурайны мөр хоорондын зайг төөлөх замаар тодорхойлно. Туурайны зай ихсээд байвал хурд нэмэгдэж байнаа гэсэн үг. Намайг цоохор гүүнээс гадна өөрийн намхан мориндоо бүрэн эзэн болонгуут хурдан морины хүүхэд болгож билээ. Уралдааны хурдан хүлэг унана гэдэг хоньчны номхон морьтой зүйрлэх аргагүй. Өвөө намайг сундалж яваад гараанаас гүйхээрээ гарч буй "баахан хээр" гэдэг үсэргээний моринд явдал дундаа баруун гараараа бүснээс минь өргөөд мордуулж орхив. Ер нь морь үсэргээнд их хурдалдаг. Хурдан хүлэг салхи зүсэн давхихад, нүдэнд ус хурж, чих шунгинан дүлийрэх мэт болж, мориноосоо хойш сугарч уначих гээд байх шиг, салхинд хийсээд явчих шиг санагдаад мориныхоо дэлнээс байдгаараа зуураад нүдээ тас анин явж байлаа. Анх удаа үсэргээний морь унахад ийм сэтгэгдэл надад үлдсэн. Гэхдээ уяа сойлго нь жигдрээгүй, шинээр уяж байсан баахан хээр олон дахин үсэргээнд орсон жинхэнэ хурдны морьтой харьцуулахад гайгүй л хурдалсан байж таарна.

Долоон настайдаа унаган сүргийнхээ халзан зээрдийг унан хурдан морины хүүхэд зиндаанд анх удаа наадамд оролцов. Өвөө маань овоо тахилгын энэ наадамд нэлээд хэдэн морь уясан. Өвөөгийн захиж хэлсний дагуу эхэндээ мориныхоо амыг бага зэрэг барьсхийн явж байсан хэдий ч, халзан зээрд яах аргагүй түрүү магнайд цойлж байлаа. Гэтэл насаар явчихсан ч бие бага, хөнгөхөн тулдаа олон жил хурдны морь унасан, бараг мэргэжлийн тамирчин шахуу Ганжуур гэгч хүү зөв талаар зэрэгцээд ороод ирэв. Би ч мориныхоо амыг суллаад ташуур өгөн хурдлахыг завдтал, тэрээр хавирч шахангуутаа халзан зээрдийн минь цавь руу хөлөө жийж, морины гүйдэл ээдрээж тамлаад, яах ийхийн зуургүй гүйцээд ирэв. Гүйцэн түрүүлэн мөчдөө зүгээр ч үгүй халзан зээрдийн хоншоорыг нэг сайн шавхуурдаад давхин одов. Ийнхүү муухай дарлуулсан халзан зээрд бид хоёр түрүү магнайг алдсан юм. “Хавчиг бяруу шиг өөдгүй амьтан” гэж дотроо бухимдан хараагаад, хов живд дургүй өвөө аав хоёртоо энэ булхайг хэлж чадаагүй өнгөрч билээ. Гарын араар хөлсөө шудраад хүмүүсийн суган доогуур шургаж олны хөлөөс холдож, давсгаа суллаж аваад майхан руугаа очиж амны цангаа гаргах юм олж уухаар явсан.

Дараа жилийн наадамд би мөн л халзан зээрдтэйгээ наадамд оролцлоо. Тодорхой зам харгуйгүй их хол газар уралдаан болсон. Халзан зээрд бид хоёр барианд гарцаагүй нэгд ирлээ дээ. Холын замд зээрд морь маань ч цуцаж, би ч их ядарч билээ. Гэтэл "морь товлосон газарт хүрэлгүй эргэсэн" гэсэн бөөн маргаан булхай угтав. Хүүхдүүд бид юугаа мэдэх вэ дээ. Томчуул биднийг авч яваад энд гараа одоо хөдөл гэхэд л давхиж гарсан. Ингээд түрүүлсэн хэдий ч бай ч үгүй, шагнал ч үгүй өнгөрөв. Гүн жалгаас морьдоо эргүүлэх байсан гэнэ. Тэр хол хоцорсон нэг буурал морь түрүүлсэн болов. Мөн өвөө маань морьны ачааг улам хөнгөлөх гэж халзан зээрдийг эмээлгүй унуулсан тул миний хонгоны арьс шалбарч шархлаад, бүтэн долоо хоног эмээлдээ сууж чадахгүй бүүргэндээ тэгнэж явж билээ. Бусад хүүхдүүд эмээлтэй буюу жижиг тохоштой явсан шиг.

Нэг удаа миний унасан манай хул хээр морь даншиг наадамд түрүүллээ. Түрүү магнайн хөлсийг хусаад, хөхөл дэлий нь айргаар мялайгаад, хөөрч баярласан томчуул хоорондоо юм яриад л байсан. Тэр үед эр хонь 5, шахмал амбан шар 70, тугалтай үнээ 15 янчаан тус тус байхад, хурдан морь хэдэн зуу заримдаа мянган янчаан хүрдэг байв. Наадамчин олныг шуугиулсан тэр хурдан хүлгийг ”30 унагатай гүүгээр арилжаач” хэмээн шалж байсан гэдэг. Өвөө хул хээрээ заралгүй авч үлдсэн нь үнэ харамжиндаа ч бус, хөрөнгө мөнгө сонирхдоггүй байсандаа ч бус, өөрийн торгон сүргийн сүр сүлд болсон хүлгийг гадагш гаргахыг хүсээгүйд байжээ. Тэгээд ч, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд, дайчин цэрэг эрсийг дайнд түшиж ялалт авчирдаг хар сүлд тугийг монгол угсаатнууд азарганы хөхөл дэлээр хийдэг тул зөвхөн торгон сүргийн сүр сүлдээс гадна шинэ нутагт өвөг дээдсийн сүлд нь сайн морины хамтаар явчих гэж байгаа юм шиг санагдсан гэдэг.

Монгол хурдан морьны уралдаан зөвхөн “хүлгийн шинж” тодруулах шалгуур тул түрүүлсэн морьны цол дуудаж, морины эзэн нь бахархаж, уяа сойлгыг нь тааруулсан уяач алдаршдаг. Уралдах морь хэдий чинээ хөнгөн байвал төдий сайн хурдалдаг тул хөнгөн тохош төдий хаяад зөвхөн бага насны хүүхдээр унуулж, эмээл хазаарыг аль болохоор хөнгөлөхийг хичээдэг. Хурдан морь унасан хүүхэд алдар цолгүй хоцордог сонин тоглоом. Сүүлийн үед уралдаанд хүүхэдгүй хоосон давхиж ирдэг морины тоог цохон тэмдэглэж, морьноосоо унаж гэмтэж бэртсэн, осолдож амь насаа алдсан хүүхэд хэд гарсан зэргийг дурдаж, “бага насны хүүхдээр хэдэн арван километр хол газар морь унуулж нааддаг бүдүүлэг зуршлаасаа салцгаая” гэсэн хурц тодоор бичсэн шүүмж нийтлэл наадам, цагаан сарын морин уралдааны үеэр жилээс жилд сонин хэвлэлд гардаг ч, одоо ч хүүхдүүд нэргүй баатар, цолгүй тамирчны үүрэг гүйцэтгэдэг хэвээр л байна.



Thursday, 8 May 2008

Хүүхдээс сурах нь

Би отгон хүүтэйгээ автобусанд явж байхдаа ярилцсан зүйлээ сийрүүлье.
Оюутан сурагчдын хөнгөлөлттэй зорчигчийн билетээ отгон хүү маань түрийвчиндээ буцааж хийх зуураа, цайвар шарга, хүрэн бор алагласан шатрын хөлөг шиг түрийвчнийхээ дотрыг зааж,
Хүү: -Та энэ ямар учиртайг мэдэх үү?
Ээж:-Ямар учиртай юм?
Хүү:-Хар цагаан, шар бор бүх хүмүүс ижил тэгш гэсэн үг.
Ээж:-Аан.
Азарган тахианы залаа шиг үсээ босгож гельдсэн хэдэн залуу явж байхыг бид хоёр цонхоор харав. Намайг тэдний зүг тааламжгүй харж буйг ажигласан бололтой.
Хүү:-Үс нь ийм ч жинхэнэ панк залуучуудын үзэл нь дажгүй.
Ээж:-Ийм үс бас учиртай юү?
Хүү:-Индиануудаас дууриасан "чиро" гэдэг моод. Чироки гэдэг Индиан омог шиг эрх чөлөөнд дуртай байх гэж . Зарим панкууд яагаад гэдгийг мэдэхгүй, зүгээр л күүл харагдах гэж ийм үстэй байдаг.
Ээж:-Уранхай цоорхой жинс бас нэг санааг илэрхийлэх үү?
Хүү:-Тэгэлгүй яахав. Гаднаа ямар байх нь хамаагүй хамгийн гол нь дотроо ямар нь чухал.
Ээж:-Яаж ?
Хүү:-Бүх хүн адилхан, эрх чөлөөтэй, эд юман шунадаг нийгмийн сэтгэлгээний эсрэг гээд , хамгийн гол энэ хорин нэгдүгээр зуунд бүх юм төгс төгөлдөр гоё байхыг их сурталчилж байгаагийн эсрэг. Бүгдээрээ наранд шардаг тос түрхээд, бүгдээрээ туранхай хөөрхөн болох гээд. Байгаагаараа амьдрахгүй бүх юм хиймэл болж байгаагийн эсрэг тэмцдэг.
Ээж:-Харахад их эвгүй хачин хүүхдүүд л байх юм. Эд хэн бэ?
Хүү:-Эд нар анархистууд эсвэл панкууд байх. Панк нь хөгжмийн нэг урсгал. Анархистууд ийм хөгжим сонсдог.Анархистууд арьсны үзлийн эсрэг, гадаадын хүнийг ялгаварлахын эсрэг, еврейг гадуурхахын эсрэг болон хүйсийн тэгш байдлыг эрхэмлэдэг.
Ээж:-Халзан толгойтууд (skinhead) чинь бас анархист уу?
Хүү:-Халзан толгойтууд дотроо гурав хуваагддаг. Цагаан (white skins), улс төрөөс ангид (apolitical), цагааны эсрэг (SHARP and RASH).
Ээж:-Цагаан нь сайн уу?
Хүү:-Хамгийн муу нь. Цагаан арьстан бусад хүмүүсээс илүү гэж боддог. Шар, бор, хар улсуудыг зодож дарамталдаг неонацистууд. Англиар эд нарыг усан тэнэг ясан толгой (boneheads) гэж шоолдог. Эд нар их түрэмгий хэрцгий, Гитлерийн үзэл бодлыг шүтэн биширдэг. Хэт үндсэрхэг үзлийг хөхөн дэмждэг тул гадны хүмүүсийг үл тэвчдэг.
Ээж:-Цагааны эсрэг нь яадаг юм?
Хүү:-Эд нар харин уламжлалт халзан толгойтын соёлыг (traditional skinhead's subculture) хадгалсан антифашист сэтгэлгээтэй хэсэг нь. Анархистуудтай нийлж "white skins"-ын эсрэг байлддаг . Америкт халзан толгойтын SHARP (Skinheads Against Racial Prejudice) бүлэглэл анх үүссэн.
Ээж:-Халзан толгойт уламжлалт соёл (traditional skinhead's subculture) гэж??
Хүү:-Пиво ууж согтоод, футбол үзэж хашгираад, концерт шоу үзэж "пого" бүжиглээд...
Ээж:-Улс төрөөс ангид(apolitical)?
Хүү:-Янз бүрийн тэмцэл хийхгүй, үзэл бодолгүй. Юу ч ойлгоогүй, зүгээр л гадна талаас дууриагаад моодлоод дуулаад давхиад л пиво архи уугаад.
Ээж:-Энэ дарвайсан том хүнд гутал өвөл зунгүй өмсөөд л?
Хүү:- Ажилчдын гутал. Английн их гүрэн задрахад англи хэлтэй хуучин колони байсан, энэтхэг пакистан гээд баахан борууд Европын орнуудад орж ирсэн. Англи ажилчид ажлын байраа алдахгүй гэж хар, бор гадны цагаачдыг зоддог, ад үздэг байсан. Ажилчдын гутлыг анархистууд, түүний эсрэг халзан толгойтууд бүгд өмсдөг, хүн өшиглөхөд зодолдоход хэрэгтэй байх.
Ээж:-Өө, ийм учиртай юм уу.

Хүү бид хоёрын дунд нэг иймэрхүү яриа болов. Би харамсалтай хүүхдийн ориг яриагаар бичиж чадсангүй. Санааг л хүргэв. Манай хүү панк биш ээ. Зүгээр л "эртний хүнд" үе тэнгийн улсаа ойлгуулах гэж оролдсон байдал. Хүүхдүүдээс сурч мэдэх юм зөндөө. Компьютер зургийн аппарат гээд отгон хүүгий бол мадад орох юм эргэн тойронд байх юм.

Wednesday, 9 April 2008

Хотжсон морь

Газар зүйн байрлалаараа Европын төвд өрнийн болон славян соёл иргэншлийн огтлол буюу зүрхэн газар орших Чех улсын нийслэл Прага үнэхээр гоё хот. Орд харш сүм хийдийн оройг IV Карлын үед алтадсан тул алтан Прага гэх болжээ. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босго гэсэн тайлал ч байдаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан жижиг хот нийлснээр өнөөгийн Прага үүссэн ажээ.
Одоогийн Прага хотод манай эриний өмнөх IV-III зуунд эхлээд кельт, дараа нь герман омгийнхон суурьшиж байвай. Дундад зуунд нэг үе Прага хот Ариун Римийн их гүрний нийслэл байв. Чухам энэ үед IV Карл хаан чехийн нийслэлийг дэлхийд цуутай сайхан хот болгох үндсийг тавьсан юм. IV Карлын үед буюу 1348 онд хожим Карлын Их Сургууль гэж нэрлэгдэх болсон Европын анхны их сургууль нээгдсэн, Прагын храд, Вышехрад, Карлын гүүр (1357), Шинэ хотын суурь тавигджээ.
Хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газруудыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, тодорхой төлөвлөгөөтэй үе шаттай эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг явуулдаг уламжлалтай байсан одоо ч байгаа. Дэлхийн нэг хоёрдугаар дайнд хотын барилга харьцангүй бага эвдэрч сүйрсэн зэрэг нь Прага хотыг уран барилгын амьд музей болгосон байна. Готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай энд танилцах боломжтой. Уран барилгын янз бүрийн хэв маягийн үзэсгэлэнт барилга энд зэрэгцэн байх агаад тус бүр өөр өөрийн түүхийг өгүүлнэ. Уран барилгын мэргэжилтнүүд Прага хотыг европын уран барилгын мянган жилийн түүхийг бодитоор харуулдаг сурах бичиг гэдэг нь дэгсдүүлээгүй тодорхойлолт. Их эрт бүр 1100 онд үндэслэгдсэн тул хуучин хотын талбай хэмээх цаг ямагт жуулчдад дарагдаж байдаг.


Хуучин хотын зөвлөлийн байр 1338 онд баригдаж, XV зуунд уг байрны хананд нь ур хийц төгөлдөр одон орон судлалын гайхамшигт цаг байрлуулжээ. Цаг тутам хонхны дуугаар энэ ханын цагийн цонхоор Иисус Христ болон түүний арван хоёр гарын шавь нарын жижиг дүрс баримал цувран гарч ирэнгээ үзэгч олон руу тонгойн мэндлээд далд орно. Чухам 12 апостолын баримал дүрс гарч ирэх тэр мөчийг анаж, цагийн орчимд орчин цагийн цахим дуран авайгаа бэлдэн хүлээж зогсох жуулчид өдөр бүр, цаг тутам энд шавааралдан байх бөлгөө. Өөр хаана ч хэзээ ч ийм гайхамшиг дахин хийлгэхгүй гэж цагийг зохион бүтээсэн уран дархан Ганышийн нүдийг сохолсон гэдэг. Ийм сайхан юм бүтээсэн, тийм уран хүний нүдийг сохолж байдаг. Дундад зуунд хааяагүй зэрлэг байж дээ.
Хуучин хотын талбайн нэрийг тодотгох гэж, өнгөрсөн цаг үеийг амьдруулах гэж эртний түүх өгүүлэх сүрлэг дүнсгэр үзэсгэлэнгээр илбэдэх олон барилга дунд хэдэн морьд бас ажилладаг юм. Энэ хуучин хотын талбайд хэзээ ч юм бэ эрт цагт морин тойруулга байсан, тэнд морь зардаг байсан гэнэ билээ. Эрт цагт энд ихэс дээдэс хосолсон, гурвалсан, дөрвөлсөн морьд хөлөглөсөн сүйх тэргэнд заларч ийш тийш давхиж байсан гэнэ билээ. Прагын храд хэмээх голын нөгөө эрэг дэх харш руу тэд хар эрчээрээ давхидаг байсан гэнэ билээ. Ван, гүн, хунтайж гээд зэрэг дэвээрээ харин өөр өөр явж болдог болдоггүй тусгай заагдсан зам харгуйтай байсан гэнэ билээ. Энгийн борчууд дээдсийн хөлд эрсдэхгүйн тулд тэдний замд тээр болох учиргүй байсан гэнэ билээ. Эдүгээ харин, газар үзэж нүд тайлахаар ирсэн жуулчид сүйхэнд заларч "эртний нэг эрхэм болон" тансаглана. Эдний дунд насаараа нуруугаа бөхийтөл ажилласан, гартаа эвэртэй ажилчин ч байж болох. Хийх юмаа олж ядсан, хэзээ ч ямар ч ажил хийж үзээгүй бэлэн юманд туйлагч цагаан гартан бас байж болох.
Сүйхэнд хөллөсөн морьдыг хараад өрөвдөх шиг гунигтай боллоо. Тэжээлийн дутагдалд ороод яс нь хэрзийсэн адгуус биш юмаа. Бие бялдар тэгш, өндөр сайхан морьд юмаа. Хээ угалзтай гоёмсог сайхан тоногтой юмаа. Тэр ч байтугай сүүлэн доороо хомоол цуглуулах ууттай юмаа. Туурайндаа тахтай юмаа. Гэхдээ морьд нэг тийм хийморьгүй, жавхаагүй. Хотод төрж өссөн би юугаа мэдэх вэ. Гэхдээ моринд байдаг хөнгөн сэргэлэн, хөдөлгөөнтэй цовоо чанар үгүйлэгдээд байх шиг.
Хөөрхий морьдын нүдийг таглачихаж. Нүд тагладаг юм бас өөрийн нэртэй. Хэнэггүй америкчууд сохлогч (blinder), хямсгар ангилчууд анивчуулагч (blinker) гэж нэрлэдэг аж. Тайлбар маш энгийн. Морьд их үргэмтгий цочимтгой өөрөөр хэлбэл сэргэг амьтан тул харааны царааг хязгаарласан гэнэ. Зөвхөн урд замаа сөлийж харах төдий зай үлдээгээд, хүн жолоодож залуурдаж явдаг робот шиг болгож. Унаган сэргэлэн шинжийг хүчээр дарж. Таягаараа баримжаа аван тэмтчин бүдчин явдаг сохор хүн харсан биз дээ, яг л тийм. Манайхан "төө чихийг солбилзуулан, төгрөг нүдийг тормолзуулан, туулай сайхан зоог хотолзуулан, тураг сайхан биеэ товолзуулан" гээд морин эрдэнээ магтан ерөөдөг санаанд ороод харвал, нүд таглаастай, чих унжаастай, зоо гөлгөр, бие хөшүүн. Ажилчин морь хатираа жороо гээд морины элдэв сайхан явдал үзүүлэх шаардлагагүй. Булгиж тийрч болохгүй, ажлаас халагдана. Хоолгүй болно. Аягүй бол нядалгаанд очоод хиам болно. Томоотой байхыг сургасан байж таарна. Тургиж, унгалдаж, янцгааж болдог эсэхийг харин мэдэхгүй. Хомоолоо харин боловсоноор унагаж болно. Уут нь бэлэн байгаа. Хомоол байгаа юм чинь идэх уух юм өгдөг байж таарна.
Өглөөнөөс орой болтол ажилласан морь оройдоо идэх тэжээл, уух устай зүчээнд амрана. Магадгүй эрэмгий чадалтай залуудаа уралдааны хурдан хүлэг ч байсан юм билүү. Магадгүй амарч зүүрмэглэж байхдаа өргөн уудам талд эрх чөлөөтэй хурдалж байснаа зүүдэлдэг ч юм билүү. Магад ч юү байхав. Тарчилж зүүдэлж байгаа. Хүн шиг гаргаж илэрхийлж чадахгүй байгаагаас бус үргэлж зүүдэлж байгаа. Хэдэн мянган үе дамжин генд нь уламжлагдсан, эд эсэнд нь, сэрэл мэдрэмж дадал зуршилд нь хурд эрч хүч, эрх чөлөөний хүслэн программчлагдаад байж байгаа. Хүссэн хүсээгүй байгалаас заяагдсан хөдөлгөөнтэй байх шаардлага хаачив гэж.
Хуучин хотын талбайг эртний барилгын хийцээс нь хуучин гэж хэн ч ойлгоноо. Хүн гээч эрхэмтэй нэгэн цагт итгэн нөхөрлөж анд болон зүтгэе гэсэн энэ адгуус хараа бүтэн эрх чөлөөтэй дэрвэж яваг. Гайхамшигт цаг бүтээгээд нүдээ сохлуулсан Ганыш дархан шиг итгэлт нөхрөө сохлоод яана. Монголын уудам талд дураараа давхиж буй морьд санаанд буулаа. Морио унаад уртын сайхан дуугаа хангинуулж буй адуучин ч бас харагдах шиг. Уртын дуу, монгол бичгийн талаар эрдэмтэн зохиолч Түдэв гуайн хэлж байсан үгс санаанд буулаа.
"Уртын дуу бол монголчуудын бүтээсэн өөр нэгэн гайхамшиг болох босоо бичигтэй нь ижил хосгүй үнэт эрдэнэс юм. Дэлхийн олон улсын бичиг үсгийг таних толь бичигт одоогоор 250 гаруй бичиг бүртгэгдээд байгаагийн дотор монгол бичиг гав ганцаараа ижилгүй торойж босоо чигээрээ ташаа тулан ханхалзсаар үлдсэн шиг монгол уртын дуу мөн л хорвоогийн түмэн ая дангийн дунд хослох хосгүй шовойн цууриатаж байдаг билээ. Босоо монгол бичгийн нэгэн адил монгол уртын дуу мөн л тэнгэрт тэмүүлсэн босоо хэв шинжтэй юм. Үүгээрээ өрнөдийнхний Готик маягийн урлагтай эн зэрэглэх нүүдэлчний төрх бүхий монгол хувилбар мөн болохыг үгүйсгэх аргагүй." Сайхан зүйрлэл шүү.
Монголын уудам талд буй адуучин, түүний моринд тэдний амьдрах эрх арга зүйг, бэлчих нутгийн царыг хязгаарлан залдаг засаг төр, хууль зүй гэсэн "хөтөч" бас бий. Нийтлэгч Баабар "хүн нь хүчтэй бие хүмүүсээс бүтсэн төрд захирагдан амьдардаг сүргийн амьтан" гэжээ. Адуун сүрэг ч хамгийн хүчирхэг эр чадалтай азаргаар хамгаалуулан түүний нөмөр нөөлөгт амьдардаг. Харин адуун сүргийн азарга байгалийн шалгарлаар сондгойрч шудрага гарч ирдэгээрээ хүнийхээс ялгаатай. Хүний нийгмийг залдаг төр засаг сул дорой байх үед нийгмийн элдэв шаар дээш тэмүүлж төрд шургалахыг оролддог. Одоо манайд ард олноо зөв залаад явах шудрага төр, нөхөөс цоорхой үгүй тэгш хууль юу юунаас илүү үгүйлэгдэж байна.