Sunday 22 March 2009

Марзан Шарав марзан хүн биш

Хүнгүй аралд ухаан заран, шийр заасаар амьд үлддэг Робинзон Крузогийн тухай өгүүлдэг Даниэль Дефогийн ном монгол хэлэнд их эрт орчуулагдсан юм байна. Гадаад далайн чанадад, газрын мухарт ганцаар амь зууж байгаа хүний тухай өгүүлсэн ном гэдгийг л ойлгосон нэрт зураач Шарав гуай анхны энэ монгол орчуулганд зурган тайлбар хийжээ. Хожим европ маягаар Ленины хөрөг зурсан ч, тэр үед зөвхөн монгол зургийн аргаар ажилладаг байсан зураач маань их сонин шийдэлтэй зураг бүтээсэн гэдэг.

Монгол хавтгай зурганд юм болгон тогтсон хэлбэртэй тодорхой өнгөтэй. Ус гол мөрөн бол цэнхэр, долгиотсон хээтэй. Уул толгод бол гурвалжин. Тэнгэр бол хөх. Үүл цагаан угалзалсан хээтэй. Цэнхэр, хөх, цагаан өнгө давамгайлаад байдаг. Монгол хавтгай зурганд алслал, эзэлхүүн байхгүй гэх. Харин өргөн ашигладаг билэгдэл зүйгээр алслал, ганцаардал, хүнд хэцүүг давсан сэтгэлийн хатийг үзүүлэхээр шийджээ.

Хэлтгий захтай, тод өнгийн монгол дээлтэй, ээтэн хоншоортой монгол гуталтай, монгол царайтай хүнийг хөх тэнгэр, цэнхэр далайн зааг дээрхи нэг багахан эх газар дээр завилан суулгажээ. Газар нь бараг тэр хүний олбог гэмээр ихээ жижигхэн. Хүн нь харин харьцангүй том. Бурхан бүтээх шарын шашны тигээр тухайн сэдвийн гол дүрийг томоор бусдыг жижгээр зурдаг тул зохиолын гол баатар Робинзон Крузог томоор, алсын алсад далай дунд байгаа хүн амьдардаггүй арлыг жижигхэн эх газраар дүрслэн илэрхийлжээ. Англи зохиолч Даниэль Дефо зохиолынхоо гол баатар Робинзон Крузог англи хүн. Шарав зураач англи хүний бараа хараагүй болоод зохиолын гол баатрыг монгол төрхтэй зурав уу? Эсвэл хүн л бол хүн. Ямар төрхтэй нь хамаагүй, байгалийн хатуу ширүүнийг даваад амьдарч чадаж байгаа хүний оюун ухаан, сэтгэлийн хат юуг ч давна гэдгийг харуулсан ном гэж ойлгоод зориуд ингэж зурсан байж тун болзошгүй. Тэгээд ялан төгссөн бурханлаг суудалд гол баатраа завилуулан суулгасан нь билэгдэл зүйгээр гол баатрын дотоод хүч чадлыг илэрхийлж чадсан яах аргагүй мэргэн шийдэл. Тэгэхээр Шарав зураач хамгийн робинзонлог Робинзон Крузог бүтээсэн санагдана.

Европт зураач нэг газраа хөдлөхгүй суугаад зурдаг тул хол байгаа зүйлийг жижиг, ойр байгаа нь том гэх мэтээр алслал үүсгэдэг бол Монгол зурагт алслал байхгүй. Өөрөөр хэлбэл зураач "шувууний дэвэлтээр" хаана бол хаана очиж дуртай цэгээсээ харж, бүгдийг ижил хэмжээнд урладаг тул ингэж бүтээсэн зургийг олон өнцөгт зураг гэх. Эзэлхүүнгүй, алслалгүй гэж өрнөдийнхөн үздэг тул монгол зургийг маань хавтгай зураг гэдэг. Дүрс бүрийг хар зураасаар тодруулж "зээглэж" өгөхдөө зураасийг бүдүүсгэн нарийсган угалзалж овгор товгор гаргадаг болохыг тэд анзаараагүй хэрэг.

Европ зургийн аргаар нэг л газарт болж буй тухайн нэг үйл явдлаар өгүүлэмж нь хязгаарлагддаг бол, монгол зургаар өчнөөн олон үйлийг нэг зурагт багтаан зэрэг өгүүлж болдог онцлогтой. Шарав нэрийн өмнө Марзан хэмээх алдар дагадаг болоход нөлөөлсөн гэх "Нэг өдөр", "Үрс гаргалт" (Айрагны баяр) бүтээлүүдээс монгол зургийн онцлог, зураачийн ур чадварыг бэлхнээ харж болно. Шарав шинэ гэрийн хурим найр, нас барсан хүнийг хөдөөлүүлж ёсон, эсгий хийх зан үйл, түлээ мод бэлтгэх ажил, тариа тарих болон тээрэмдэх, эмнэг сургах, мал тамгалах, гэрээ буулгах, ачаалан нүүх, үүлэн борооны явдал, ... суллах ч хоцорч үлдсэнгүй нүүдэлчин монголчуудын амьдралын бүхий л талыг зурхайтай нь, гүн ухааны сэтгэлгээтэй нь, өнгө будгийн билгэдэлтэй нь уран хошин дүрсэлжээ.

Буддын шашин Монголд нэвтэрснээс хойш л шашны урлагаар дамжиж соёл урлаг, түүн дотор уран зураг Монголд дэлгэрсэн мэт үздэг нь өрөөсгөл ойлголт. Шарав зураач амьдарч байсан цаг үеэс таван зуугаад жилийн өмнө перс түрэгийн зураачид манай монгол зурагнаас суралцаж байсан тухай ном зохиолд тэмдэглэгдсэн байдаг нь манайд өөрийн зургийн арга барил эртнээс байсныг нотлоно. Эртний монгол зураачдын эдүүгээг хүртэл хадгалагдан үлдсэн гайхамшигтай миниатюр байсан болоод Шарав зураачийн үед тийм гайхамшигтай бүтээл туурьвах хөрс нь байжээ.


Thursday 19 March 2009

Европын холбоо ба Чех Улс

Европын холбооны (ЕХ) ажлыг гишүүн орнууд нь зургаан сарын хугацаатайгаар ээлжлэн зохицуулдаг. 2008 оны сүүлийн хагас жилд энэ ажлыг Франц хийж байсан бол, 2009 оны нэг сарын нэгнээс Чех (чехийн засгийн газар) авав. ЕХ ба дэлхий дахин, Эрчим хүч, Боловсрол гэсэн холбооны ерөнхий урианаас гадна чехүүд "Саад тотгоргүй Европ" гэсэн өөрийн давхар уриатай байгаа.

Даяарших эсвэл даяаршихгүй үлдэж сондгойрох; нэгдэх эсвэл тусгаарлах асуудал дээр дэмжигчид эсэргүүцэгчид байдаг. Чех Европын холбооны гишүүн болохоос өмнө “ЕХ-нд нэгдэх үү, нэгдэхгүй юү?” талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр евроинтерацийг дэмжигч, эсэргүүцэгч талуудын эсрэг тэсрэг санал бодол илэрхийлсэн нийтлэл, мэтгэлцээн өргөн явагддаг байв. Одоо ч чех нийгэм, тэр ч байтугай төр засаг нь энэ асуудлаар санал зөрсөн хэвээр. Чех улс ЕХ-г “даргалж” байгаа энэ үед ерөнхий сайд нь евроинтерацийг дэмжигч, ерөнхийлөгч нь тааламжгүй хандагч байгаа нь нэн сонирхолтой.

Харьцангүй шинэ гишүүн орон ЕХ удирдлагыг хүлээн авангуут Газын зурвасд дайн, Украин Оросын хийн хоолойн зөрчил үүсээд ажил анхнаасаа ярвигтай эхэлсэн. Ерөнхий сайд Мирек Тополанек хийн хоолойн асуудлыг зуучлан зохицуулах гэж Украин Орос хоёрын хооронд нойр хоолгүй “шогшон” байхад, Гадаад хэргийн сайд Карл Шварценбергэр нь дайны галын шугамд байн байн очиж Израиль Пластиныг эвлэрүүлэх гэж байхад, чехийн уран барималч Давид Черни „Ентропа“ хэмээх улс төрийн хошигнол, Европарламентэд Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаусын хэлсэн үг шинэ удирдлагын хазгай буруу гишгэхийг анаж байсан барууны „хөгшин бурхи“ нарт „дайран дээр нь давс үйх“ шиг л болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэл дүрэлзэв.

Дашрамд дурдахад, эдийн засгийн хөгжлийн түвшин, ялгааг үл харгалзан "Европын нийтлэг иргэншил, соёл, үнэт зүйлс, нийтийн зах зээл" гэж баруун европын (Австри, Англи, Бельги, Дани, Финлянд, Франц, Герман, Грек, Ирланд, Итали, Испани, Люксенбург, Нидерланд, Португаль, Швед ) улсууд нэгдсэн Европын холбоо 15 гишүүнтэй байсан бол 2004 онд хуучин социалист Дорнод, Төв Европ, Балканы (Болгар, Чех, Эстони, Унгар, Лави, Литви, Польш, Румын, Словак, Словени ) зэрэг арван орон, мөн Мальта, Кипр нэгдэснээр 27 гишүүн оронтой болжээ. Ойрын ирээдүйд Хорват, Македон, Турк нэгдвэл гучуулаа болно. Хэтдээ дэлхийн бодлогод зонхилох үүрэг гүйцэтгэх нэгэн цул олон улсын маш хүчирхэг институт болж магад гэсэн таамаг байдаг.

„Ентропа“ хэмээх орчин үеийн хэв маягтай том хэмжээний барималд Европын холбооны орнуудыг шатах хийн хоолойд дүүжлээстэй элдэв зүйлээр дүрсэлсэн дотор Болгарыг Туркийн жорлон мэтээр харуулжээ. Хэрвээ ийм ёгт санааг илэрхийлсэн баримал европын олон орны уран барималчдын хамтын бүтээл байсан бол асуудал гарахгүй байв. Ядаж түүнийг Европарламент хуралддаг ордонд байрлуулаагүй сан бол Чехийн тэргүүн шадар сайд Вондра, ерөнхийлөгч Вацлав Клаус нар уран барималч Давид Чернигийн өмнөөс албан ёсны хүлцэл өчих хүртэл асуудал хурцдахгүй байлаа. Яахав Чехэд уран бүтээлчид чөлөөтэй сэтгэж, дураар урлан бүтээх чөлөөт хөрс байна гэдгийг чанга хашгиран зарласнаас биш урлагын бүтээлийнхээ хувьд ур хийц онцгүй, содон сайхан санаа илэрхийлээгүй зүйл.

2009 оны 2 дугаар сарын 19-нд Европарламентын хуралд ерөнхийлөгч Вацлав Клаус үг хэлж байхад танхимд хуран цугласан олны зарим нь „браво“ гэж хашгиралдан баяр хөөрөө илэрхийлж, зарим нь дургүйцэн шууд босон хурал хаяж байв. Интеграцлан нэгдэх үйл явц эерэг сөрөг үр дагавартай, нарийн төвөгтэй болохыг ингэж ил шулуун, түс тас, зоригтой хэлсэн хүн байгаагүй болохоор түүний илтгэлийг хүмүүс ийнхүү донсолгоотой хүлээн авч байсан юм.

„ЕХ тухайн улс орон дотроо шийдчих асуудал бүрд үргэлж оролцож, Европарламентын санал хураалтаар амьдралаас хол хөндий шийд гаргаж байгаа нь тухайн орны иргэдийн хүсэл сонирхолд тэр бүр нийцэхгүй байна. Хэт төвлөрсөн удирдлагатай холбооны өнөөгийн систем, холбооны улсуудаа төвөөс захирч байсан Зөвлөлт Холбоот улсыг санагдуулж байна. Ардчилалын үнэт зүйлс алдагдахад хүрч байна. ЕХ, түүнд интеграчлагдах явц нь хүмүүс эрх чөлөөтэй сайхан амьдралд хүргэхэд үйлчлэх хэрэгсэл болохоос бус холбоо өөрөө бидний туйлын зорилго биш. Холбооны дүрэм журам нь улс орон бүрийн эрх ашигт бүрэн нийцэхгүй байна. Хятадын бараанд 66 хувийн гаалийн онцгой татвар оруулах нь дэндүү хатуу хориг арга хэмжээ“ гэх мэтээр ерөнхийлөгч Клаус Европын Холбоог шүүмжлэсэн. Мэдээж ЕХ-ны сайн талыг нь бас дурдсан.

Чехийн парламентын доод танхим Лиссабоны гэрээг батлахаар болж санал хураасны яг маргааш нь ерөнхийлөгч нь Брюсельд ийм үг хэлсэн гэж байгаа. Чехийн хуулиар парламент нь баталсан ч ерөнхийлөгч нь гарын үсэг зурж байж хууль хүчин төгөлдөр болж баталгааждаг юм байна. Одоогоор ерөнхийлөгч “гарын үсэг зурна, зурахгүй” дээр хариу хэлдэггүй нь барууныхны эгдүүг ихээхэн хүргэдэг бололтой.

Улс төр судлаач, эдийн засагч, хуульч биш бибээр Европын Холбооны бүтэц, хууль, улс төрийн хөшүүрөг, эдийн засгийн гэрэл сүүдрийг мэдэхгүй. Клаус шиг зангарагтай том улс төрчийн хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийж чадахгүй. Энэхүү тэмдэглэл бичихдээ тийм зорилго ч тавьсангүй. Гэхдээ чехийн удирдлага өөрийн гэсэн онцлогтой тийм нэг харгуйгаар улс орноо залдаг гэдгийг баттай хэлж чадна.

Дэлхийн ихэнхи орны ойн нөөц хорьдугаар зуунд хорогдсон бол, ой мод сэргээх ажлыг төлөвлөгөөтэй, тогтмол явуулж улсынхаа ойн нөөцийг хорогдуулалгүй авч үлдсэн дөрөвхөн орны нэг нь Чех.

Социализмын үед дотоод яамны мэдлийн боловсон хүчин байсан, эсвэл мэдүүлэгч байсан хүмүүсийн жагсаалт гарган тарааж, ардчилсан нийгэмд улсын хариуцлагатай ажил хийхийг хорьсон тогтоолоор социалист үр дагавраасаа дэндүү огцом, эрс салсан тэр хэмжээгээрээ зах зээлд түргэн амжилттай орсон орон бол Чех.

Европын Холбооны дотоод дүрмийг хуульчилан заасан Лиссабоны гэрээнд гарын үсэг хараахан зураагүй байгаа хоёрхон орны нэг Чех.

Доллар, евротой харьцах кроны ханш жилээс жилд чангарч, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах зөв бодлого барьж ирсэн орон бол Чех. Ард олонд хүнд тусч цочирдоно хэмээн одоо болтол гүйлгээндээ евро хэрэглэхгүй цааргалсаар, үндэсний мөнгөн тэмдэгттэйгээ байгаа европын цөөхөн орны нэг Чех.

Дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээ гэгчээр ихэнх орны засгийн газар нөөцөөсөө мөнгө гаргаж байхад ийм арга хэмжээ аваагүй үлдсэн хоёрхон орны нэг нь Чех.

Хямралын үед олон үйлдвэр, аж ахуйн газар үүдээ барьж ажилгүйчүүд огцом өсөхөд нийгмийн гэмт хэргийн нөхцөл байдлыг муутгахгүйн үүднээс, өөрийн чех ажилчиддаа ажилтай байх илүү боломж олгох, өөрийн ардуудад ажилгүйн халамжийн мөнгө илүү хүртээх гэж замын зардал даан, халаасны мөнгө 500 евро олгон гадны цагаачдад эх нутагтаа харих боломж олгосон өөр орныг би дуулаагүй. Энд ажиллаж байгаад энэ программын дагуу нутаг буцсан нэлээд олон монголчууд бий.

Өчигдөр Чехийн засгийн газрын тэргүүн Мирек Тополанек НАТО-ын (ПРО) пуужин эсэргүүцэх ракет Чехэд байрлуулах төслийг парламентаас буцаан татаж буйгаа зарлалаа. Ерөнхийлөгч Вацлав Клаус Америкт лекц уншиж байгаад иржээ. „Зах зээлийн хуулиар зохицуулагдах үйл явцад төр хэтэрхий хутгалдсанаас эдийн засгийн энэ хямрал үүссэн. Гэтэл хямралаас гарахад төрийн орлцоог хэт дөвийлгөж байна“ гэсэн үгийг америкийн хэвлэл мэдээлэл бас өлгөн авч шуугисан сурагтай.

Манай засгийн газрын тэргүүн ч бас хойд хөршид айлчилж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж явааг үзэж, сонслоо.

Sunday 15 March 2009

Зураач Гойя

Гойя гэхээр герцогиня Алба-г "Нүцгэн Маха", "Өмсгөлтэй Маха" зурагтаа мөнхөлсөн, гобелен хэмээн гар хийцийн ханын хивс нэхэх пано-загвар зурдаг хааны ордны зураач санаанд буудаг байв. Лион Фейхтвангерийн "Гойя" түүхэн романаар хийсэн киноноос энэ нэрт зураачийн тухай анх мэдэж билээ. Их сонин санагдсан тул номыг нь хэргээр олж уншиж байлаа. Испаны инквизицийн тухай "Капричос" гэдэг улс төр шашны цуврал ёгтлол нь их хүнд сэтгэгдэл төрүүлэм, Маха болон бусад хөрөг зургаас тэс өөр хэв маягаар зурсан болохыг хараад гайхаж байж байсан.

Өнөөдөр испани зураач Гойя (1746-1828)-н "Дайны гамшиг" график зургийн үзэсгэлэн үзлээ. Түүний эх орон Наполеоны армид эзлэгдсэн он жилүүдийн (1810-1820) тухай зураглан үлдээсэн 82 хуудас түүхэн баримтыг уран зургаас харлаа. Испанийн үндэсний эрх чөлөө төлөөх дайны жилүүдэд энэ цувралыг бүтээсэн гэдэг. Энэ хорвоод хүн болон төрөх нь зүүний үзүүрт будаа тогтох лугаа адил ховорхон эрхэм заяа гэдэг. Гэтэл дайнд амь үрэгдсэн хүмүүсийн цогцос дээр дээрээ овоороод хог чулуу шиг хөглийж байна. Зургийн тайлбар "Яах гэж төрсөн юм бэ?" Загалмайтны сүм зургийн дэвсгэр болж, наана нь нялх үрийнх хажууд эхийг нь хүчирхийлж байна. Махчин шувууд талийгчийн цогцос дээр найрлаж байна. Хүүхний хүзүүнээс мулталсан сондор, айлын авдраас ухсан олзоо дааж ядан яваа цэрэг. Хүн дүүжилсэн доромжлон гутаасан мод, газар чулуу хүртэл ёолж байх шиг. Бойнд байгаа малын гулууз шиг хөл гар нь ёрдойсон үхдэлүүд...Ганц хоёрхон зураасаар айсан нүд, гутан доромжлогдсон энгийн хүмүүсийг гаргаж чадсан бол эзэрхэг түрэмгий, ичгүүр сонжуургүй, ховдог шунахай харийн цэргүүд гээд дайны үнэн нүүр царайг гайхамшигтай гаргажээ.

Үзэсгэлэн үзэж дуусаад, санал сэтгэгдэлийн дэвтэрт нь монголчууд үзлээ гээд ганц хоёр үг биччих гэж бага хүүдээ хэлэв. Хүү ч тэр дороо ганц өгүүлбэр татлачихлаа. Агуу зураачийн бүтээлд автагдаад нэг хэсэгтээ дүнсгэр чимээгүй байсан бид хэд унаанд суухаар явж байхад "чи юү гэж бичсэн бэ" гэж ахыгаа асуухад отгон хүү "Бидэнд нялзаагаад байдаг зэрлэг, догшинг Европоос харлаа. Монгол аянчид" гэж бичсэн, гэдэг байгаа.

Ер нь аль ч үндэстний түүхэнд дайн байлдаан байсан. Дайн хэн хэнтэй дайтаж байгаагаас үл хамааран хатуу дүрэмтэй, аймшигтай зэрлэг, хар сүүдэртэй. Хэзээ ч тийм байсан, одоо ч тийм. Бидний үед социалист үзэл сурталд баригдан бичигдсэн өрөөсгөл түүх, бараг хориотой хаалттай байсан Гумелёвын номнуудаас өөр нүд нээх юмгүй байлаа. Одоогийн хүүхдүүд Jack Weatherford зэрэг үнэнд ойр бичигдсэн ном уншиж, түүхэн үйл явдал харуулсан кино үзэх боломжтой, тэр хэмжээгээрээ өөрийн бодолтой өсч өндийж байна. Монголчуудын талаар яригддаг "хар домог" аажмаар бүдгэрч байх шиг. Сэтгэл сэргээд явчих шиг л болов.

Tuesday 10 March 2009

Монголд байсан тайлан

Блог: Зарим блогчидтой уулзаж танилцав. Блогчдын бичлэг цуглуулж ном бүтээх сэн хэмээн бодож явдаг мөрөөдөл маань биелэлээ олох нь. Ганц хоёр хэвлэлийн газартай ярьсан шиг, тэдний санал бодлыг тандсан шиг явж байв. Блог гэж мэдээлэл арвинтай сонин сайхан зүйл гэдгийг ерөнхийдөө гадарладаг болсон ч энэ талаар огт мэдэхгүй хүмүүс бас олон байнаа. Энгийн уншигчид байтугай мэргэжлийн сэтгүүлчид дунд ч блог мэдэхгүй нөхөд таарч байв. "Мөнхийн үсэг" хэвлэлийн газар бид редактор, дизайн, борлуулалт хариуцаад хэвлэлийн тал зардал гаргая, та нар дундаасаа тал зардлаа гарга гэж тодорхой ажлын санал гаргасан тул олон хүний өмнөөс ганцаар дур мэдэн шийдэж хариу өгч чадахгүйн учир блогчидтойгоо зөвлөлдөхөөр ийш тийш баахан утас цохив. Цахим өртөөг анх санаачлан ажиллуулагчдын нэг, анхны сайн блогчдын нэг Д.Сайнбаяр дэмжиж, мөнгө босгож санхүүжүүлэх боломжтой, улмаар гадаадын орнуудад байдаг монголчуудад монгол ном түгээдэг "Номун далай" сүлжээгээр хэвлэгдсэн номоо борлуулах боломжтой гэснээр энэ санаа минь блог-төсөл гэж нэрлэгдэх, улмаар төсөл маань хэрэгжих бодит боломжтой болоод явчихлаа. Ингээд бид хэд цуглаж блогчдын ном хэрхэн бүтээх талаар санал солилцсон. Мика бичлэг оруулсан тул энд нуршаад яахав. Нутагт аливаа ажилд түшиг болж, элэгсэг дотно хандаж байсан Мика, Idea болон блогчдын бичлэгээр ном бүтээх ажилд гол үүрэг гүйцэтгэсэн Сайнбаяр нартаа талархаж буйгаа илэрхийлье. Блог анд Амарсайхан, Галаарид нар "Гэрэлт цалиг" гэдэг сонин гарган, "Цалиг" хэвлэлийн газар ажиллуулж байгаа нь бидний номыг нэгтгэн боох, бидний бичлэгийг шүүн тунгааж номын хэмжээнд аваачих нүсэр ажлыг блог ойлгодог "өөрсдийн" хүмүүс хийх сайхан боломж олгож байна. Шилдэг зуун бичлэгийг сарын хугацаанд блогчдын дунд явуулах санал асуулгаар бүрдүүлнэ гэж ихээхэн ардчилсан шийд гаргасан. Ажиглаад байхад хүмүүс бие биеэ хүлээсэн отсон байдалд байх шиг санагдах юм. Блогчин бүр өөр өөрийн бяцхан хүрээтэй, тэр тойрогтоо л эргэлддэг байх. Иймд өөрийн хүрээнээс гадна орчны сайхан бичлэгтэй блогийг мэдэхгүй байгаа. Санакайн нээж, Мика салхийг нь хагалсан блогт бичлэг цуглуулж байгаа. Жингүйдсэн далийсан мурийсан бичлэгт дуртай нь тийм өнгө аястай бичлэгт, жинтэй бичлэгт дуртай нь жинтэйд нь, яруу найрагт дуртай нь шүлэг найрагт гээд өөр өөрийн дуртай блогийн сэтгэлд үлдсэн сайн бичлэгт саналаа өгөөрэй. Анхны номоо олон янзын өнгө аястай бичлэгээр арвин гаргачихвал дараа дараагийн ном маань уншигчдын хүсэн хүлээдэг сайхан цуврал болох учиртай юм шүү. Номын цагаан буян арвижих болтугай.

Үзвэр: Нутагт очих тоолонд цагтаа соёлын яамны сайдын алба хашиж байсан, оюутан үеийн найз Баатарцогт, түүний гэргий Имина нар шинэ гарсан үзвэр үзүүлдэг. Ноднин "Гэсэр номун хаан" бүжгэн жүжгийн шинэчилсэн хувилбар, уржнан ориг япон хувцастай "Чио Чио сан" дуурь дуулахыг үзүүлж билээ. Энэ жил тэд халимгийн соёлын өдрүүдийн концерт, морин хуурын чуулга үзүүлсэн.

Харин энэ жилийн үзвэрийн салхийг блогч Болор-Эрдэнэ хагалж, сонгодог хөгжмийн концертод урив. Улсын филармонид бид хоёр "Хобби" сургуулийн захирал, хөгжим судлаач профессор Д.Оюунцэцэг хатагтайн тайлбартай "Симфони" хөгжимийг сонсон нэгэн оройг өнгөрүүллээ. Сэтгэлгээний богино өгүүллэгүүд бичдэг Х.Болор-Эрдэнийг өвөрмөц сонин шийдэлтэй бүтээлээ туурвихдаа хүнд заавал юм бодогдуулдаг болохоор нь бодолд дарагдаж дуугаа хураасан, бодлын хүндээс болоод аажуу тайван хөдөлгөөнтэй хүн байх юм болов уу гэж яагаад ч юм төсөөлдөг байлаа. Гал цахилгаан шиг жавхаалаг залуухан бүсгүй байдаг шүү. Нэг хэсэгтээ алмайрч, өлгүүрийн дугаараа авахаа мартаад өвлийн хүйтэнд пальтогүй харих дөхсөн гэж, хэхэ.

Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын уран бүтээлийн цэнгүүн бөхийн өргөөнд болов. Урьд шүлэг найраг бичдэг зохиолчид уран бүтээлээ тайзан дээрээс хүнд хүргэж байснаас үргэлжилсэн үгийн зохиолчдоос эл эрхэм анх удаа ийм арга хэмжээ зохиов. 2004 онд "Хөх тавилан" туужаараа төрийн соёрхол хүртэж байсан, хүний сэтгэлийн утсыг хөндөж, уран яруу үнэн гоё бичдэг хүн дээ. Төв телевизийн соёл урлагын ерөнхий редакцид алба хашдаг тэрээр тууж өгүүллэгээс гадна өчнөөн кино зохиол, теле жүжиг, дууны үг бичжээ. Нэрт уран уншигчид зохиолын хэсгээс сэтгэл гэгэлзтэл сайхан уншиж байв. Номын анд яруу найрагчид Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Эмүүжин гээд алдартнууд шүлгээ уншиж бэлэг барьж байв. Энэ сайхан арга хэмжээнд бөхийн өргөөг дүүргэх хүн цугласангүй, цугласан хүмүүс гар утсаа унтраахгүй, өөр хоорондоо дүнгэнэтэл ярьсан, тууж өгүүллэг сонсоод ойлгох насанд хүрээгүй нялх хүүхдээ дагуулж ирээд уйлуулаад (арай л чимхээгүй байх) байсан нь харамсалтай.

Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлэмжиев манайд айлчилж, халимагийн соёлын өдрүүд болов. Бид адилхан л монголчууд хэдий ч дөрвөн зууны уртад алсран оршоод эрхбиш өөр өнгө аястай дуулдаг бүжиглэдэг болж. Гэхдээ хүмүүс их дотно сайхан хүлээж авч байлаа. Цусны шинжилгээ хийгээд хэн нь цэвэр цусны монгол гэдгээ тодруулах гээд байлгүй боломжтой ажил үйлст хамтарч болохыг хүмүүс ойлгож эхэлж байх шиг. Шатрын холбооны ерөнхийлөгчийн хувьд манайд шатрын өргөө барьж өгөхөөр, хүүхэд залуучуудыг шатрын эрдэмд сургахаар болж байна.

Морин хуурын чуулгын тоглолт үзлээ. Ардын жүжигчин Батчулуун тухайн хөгжим дууны түүхийг хошин шогийн донжийг тааруулан тайлбар өгч сайхан хөтөлж байв. Байгууллага хувь хүний хандиваар чуулга маань хөгжмийн зэмсэг, тоглолтын хувцас сэлтээ шинэчлэн долоон сарын үймээний хохирлыг ардаа орхисон бололтой. Их өнгөлөг сайхан харагдаж байв. Хөгжим нь их уянгалаг байсан гэдгийг хэлэх ёстой байх. Морин хуурын чуулгатай уртын, бэсрэг уртын дуу, ардын богино дууг нэрт дуучид дуулсан.
Дашрамд дурдахад морин хуур хөгжим нь Монгол туургатны уламжлалт өв хэмээн данслагдан ЮНЭСКО-д бүртгэгдж гэрчилгээ батламжаа авчээ. Ерөнхийлөгчийн зарлигаар хэдэн жилийн өмнө морин хуурыг төрийн хүндэтгэлийн хөгжим болгон залсан бол, 2009 оноос эхлэн жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн хүртэл "молор эрдэнийн толгойт морин хуураа" айл болон албан байгууллага бүр хоймортоо залах аян улс орон даяар зохион байгуулахаар болсон байна. Энэ аяны хүрээнд морин хуурын богино хугацааны сургалт явагдаж, албан байгууллага айл өрхөд мэргэжлийн хөгжимчид морин хуур хөгжмөөр "Сэтгэлд шингэсэн говь минь", "Үүлэн бор", "Хэнтийн өндөр уул" зэргийг гоцлол хуураар, "Идрэнгийн гол", "Аравгар хээр", "Романс", "Сонатын алегро" зэргийг хуурын дөрвөлөөр тоглон жавар үргээх захиалга авч байгаа юм байна.

Хөгжил: Улаанбаатар маань утаатай, хөдөө орон нутагт цас зудтай, төр засаг түжигнээстэй, олон улсын зах зээлд түүхий эд ашигт малтмалын үнэ унаад, дэлхий даяар эдийн засгийн хямрал гээд дан хар бараан мэдээн дунд байсан ч улс орон маань хөгжиж дэвших цаг тун ойртож дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Урьдын хямралгүй жилүүдэд хүмүүсийн харьцаа, сэтгэлгээ заримдаа эгдүү хүргэж, бүр бачимдуулдаг байсан болохоор олон шинэ барилга баригдсан, байгаагүй олон шинэ үйлчилгээ нэвтэрсэн гэдгийг хардаг ч ийм мэдрэмж төрдөггүй байв.

Дэлгүүр, зоогийн газар гээд үйлчилгээний салбарын хүмүүс боловсон зөв харьцаагаар үйлчлүүлэгчээ татна гэдгийг мэддэг болжээ. Манайд байдаг зурагтын олон суваг хоорондоо нэг их ялгарахгүй, улс төржсөн мэдээ голдуу цацдаг байлаа. Одоо суваг бүр өөрийн онцлогтой болж эхэлж байна. Цагаан сараар гэхэд суваг болгон өөр өөр нэвтрүүлэг бэлтгэсэн. Зурагтууд сайн уран бүтээлээрээ онцгойрч л үзэгч татна гэдгийг мэддэг болжээ. Гадаад хэл сурах залууст дуртай хэлнээ дурын суваг үзэх боломжтой байна билээ. Нийгэмд хойч үед хэрэгтэй гээд дэлхийн сонгодог зохиол, манай монголын аман зохиолын өвийг хүүхдүүдэд хүргэхээр зорьж, санаа бодлоо ажил болгохоор хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа хүнтэй таарлаа.

Малгүй сумын төвийнхөн, ажилгүй хотын захынхан л тиймхэн байгаагаас биш эрвийх дэрвийхээрээ хөдөлж байгаа хэн хүнд Монголд ажиллах боломж байнаа. Хөдөө амьдрал байна. Хот хөдөөгүй интернеттэй, гар утастай болжээ. Тэжээлийн ургамал тариалж, түүгээрээ хоргожин хийгээд багсармал тэжээл хийдэг жижиг үйлдвэр цехтэй, хүмүүс байна. Эрчимжсэн хагас суурин мал аж ахуйд шилжих тал дээр бодит ажил хийгдэж байна. Хуучин өөрийн ажлын тухай ярихдаа нам засгийн буянгаар ч гэх шиг хэдэн жижүүрийн үг гүвтнэдэг байсан бол, одоо дарга сурвалжлагч ер нь хэн ч юу ч асуусан өөрийн үгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болжээ. Асуудлын зөв шийдэл хамтарч хайдаг, багаар ажиллахын үнэ цэнийг мэддэг болж байна. Аятайхан хамгийн гол нь цэвэрхэн хувцасладаг болж. Сэтгэлгээний дэвшил явагдаж, хүмүүс өөрчлөгдөж байна гэдгийг хэлэх гээд байна.

Манай нийгэм тэр аяараа буцлан даргиж байгаа цай шиг ч буюу үсрэх гээд биеэ хөвчилж байгаа араатан шиг байна. Хүмүүс нь хөгжөөд өөрчлөгдөөд ирэхээр ийм их уудам газар нутагтай, газрын хөрсөн доороо тийм их баялагтай, түүхэн их өв соёлтой улс хөгжиж л таараа.