Showing posts with label хөрөг. Show all posts
Showing posts with label хөрөг. Show all posts

Friday, 13 May 2011

Мотоцикльчны алдар


“Мотор минь исгэрээд сайхан байна

Мотоцикльчин би жаргаж явнаа” гэсэн дууны үгэн шигтгээтэй урилга арван жилийн ангийн хүүхдээсээ авч, Олимпийн хороонд мото спортын олон улсын хэмжээний мастер Ж.Очирсүхийн спортын алдарыг тэмдэглэх арга хэмжээнд саяхан оролцлоо. Хурлын танхимд мото спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, Очирсүхийн гэр бүл үр хүүхэд, ахан дүүс, дээд дунд сургуульд хамт суралцаж байсан нөхөд цугларсан байлаа. Зүүн мөрнөөс баруун өвдөг давах урт хөх улаан туузнаа багтахгүй олон одон медаль зүүсэн ангийн андаараа бахархаж, хүүхэд бага насаа дурсаж суув.

Арван жилийн зургаа долдугаар ангийн хүүхэд байхдаа мото спортоор “өвчилсөн” Очирсүх маань “аан уун” гэж мотоциклийн хүч авах дууг амаар хөглөн хурдлах, эргэх налах хөдөлгөөнийг ангийн бидэнд өнгөтөөр ярьж биечлэн үзүүлдэг болов. Удалгүй тэмцээнд ордог болж бид ч ангиараа очиж тэмцээнийг хөөрцөглөн үзэж уухайлдаг боллоо. Бартаат замын тэмцээнд газрын өндөрлөгөөс огцом хоёр гурван метр агаарт цойлоод хээв нэг газардан, огцом эргэлтэд ажрахгүй жолоогоо залан цааш хурдлан одох ангийн хөвгүүнээ харахад аймаар байдаг сан. Мөсөн замын уралдаанд Очироо бүр онцгой, бамбалзуур хивсэн дээр алхаж буй мэт мотоциклоо эдэлж ёстой нэг эр зориг ид хавыг үзүүлж өгдөг сөн. Улсын аваргын тэмцээнд ийнхүү 14-хөн настай хүүхэд байхдаа нас нэмэн томчуудын тоглоомд оролцож мото спортод гараагаа эхэлсэн Очирсүх хоёрхон жилийн дараа улсын шигшээ багийн гишүүн болж байлаа. Нас нэмсэн булхай илэрсэн ч “техник спортын улсын анхдугаар спартакиадын мөсөн замын аврага” бас бус олон тэмцээнд оролцож амжилтаараа цоройлсон хүүг томчууд эгнээндээ авахаас өөр зам үлдээгүй юм.

Тэмцээний бэлтгэлд гарсан үед, тэмцээн уралдааны өдрүүдэд улсын зэрэглэлтэй тамирчин хичээлээс чөлөөлөгдөнө. Ойр ойрхон удаан хугацаагаар хичээлээс чөлөөлөгдөөд ирэхээр хичээлээс мэдээж хоцорч эхлэнэ. Сурлага сайтай хүүгээ сургууль соёлын мөрөөр явуулахаар зорьж байсан Гадаад яаманд ажилладаг аав Жадамбаа гуай эхлээд мото спортод тийм ч тааламжтай хандаагүй нь ойлгомжтой. Тун удалгүй тэрээр хүүгийнхээ тэмцээн болгоныг алгасалгүй үздэг хамгаас тод чангаар уухайлан хашгирдаг, барианы газарт бага дүү хүүг нь дагуулчихаад баталгаатай зогсож байдаг “алтан балиашиг” нь болсон гэдэг. Тэр ч байтугай мотийнхон өмсдөг арьсан өвдгөвч, тохойвч, тамирчны хувийн дугаар зэргийг оёдог хүн нь зөвхөн Жадамбаа гуай болсон гэдэг. Очирсүх бартаат болон мөсөн замын тус бүр хоёр удаагийн улсын аврага, Улаанбаатар хотын мөсөн замын дөрвөн удаагийн, бартаат замын таван удаагийн аврага болсон. Ямар ч амжилтын ард дэмждэг тусалдаг баталгаатай ар тал байдаг. Очироогийн ээж аав, эгч дүү нар бага залууд нь ийм түшигт хана байсан бол хожим сайн хань нь тойлж сайхан хүүхдүүд нь тулж явжээ.

Арай түргэн ойлгоцтой, ам хуурайгүй бүрэг биш нөхдүүд “таван онцын эзэд” болдог байлаа. Дуулдаг, бүжиглэдэг, спортоор хичээллэдэг зэрэг онцгойлон сонирхдог юмтай түүндээ төрмөл авьяастай хүүхдүүдэд бүх хичээлд онц авч “сааралтаж” явах шаардлагагүй. Жадамбаагийн Очирсүх мото спортын олон усын хэмжээний мастер, бүжиг дэглээч ардын жүжигчин Сэвжидийн Сүхбаатар, домог болсон олон марш бичсэн хөгжмийн зохиолч Жамбалын Даваа нар бол манай ангийн авьяастнууд.

Манай ангийихан бараг бүгд дээд боловсрол эзэмшсэн: олон офицер цэргийн дарга, дотрын харшлын эмэгтэйчүүдийн гээд олон эмч, барилгын, цахилгааны, зам гүүрийн, холбооны гээд олон инженер, мөн олон эдийн засагч хуульч багш төрсөн. Зарим маань арав төгсөөд шууд дээд сургуульд орж мэргэжил эзэмшсэн бол, нөгөө хэсэг нь долоо найм төгсөөд ажил хийхийн хажуугаар арван жилээ дүүргэж, улмаар орой эчнээгээр дээд сургууль төгссөн. Ажил мэргэжлийн дөртэй болоод түүгээрээ дээд боловсрол эзэмшсэн, арван жилийн ширээнээс шууд сургуульд орсон хоёрын аль нь илүү чанартай мэргэжилтэн болохыг хувь хүний чадавхиас хамаараад харьцуулахад бэрх. Хэн хэн нь ажил хөдөлмөр эрхлээд тодорхой хэмжээгээр нийгмийн ачаа үүрэлцээд ирсэн байдаг. Эцсийн эцэст тулхтай сайн аав, халамжит сайхан ээж болсонд л амьдралын утга учир байх шиг.

“Чи онцоос өөр дүн авахаараа уйлах шахдаг шартай, харин энэ бол “монхор 51 шиг сайхан нормальдаад” гэж багадаа дэлдэн улаан хүү байсан хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа дурсаж байв. “монхор 51 шиг” нь тахимаа шүргэсэн урт гэзэгтэй хянгадуу хамартай сайхан охин. Хам хум сүлжсэн ахархан гэзгээ ар дал руугаа шидчихдэг эршүүд найз охин маань “нормальддаг” “шаралхадаг” хоёрын бие хамгаалагч шиг гэр гэрт нь оруулж өгөөд өөрөө дуу исгэрээд алга болдог, заримдаа бүр хөвгүүдтэй тэвэг өшиглөдөг гээд инээдэмтэй явдал, багш нарын тухай дурсамж хөврөөд... Одоо хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач зээтэй ... гээд яриа дуусах төлөвгүй.

Хуучин, Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр Майн нэгэн, Дэлхийн хоёрдугаар дайн төгссөн өдөр Ялалтын баярыг бүх нийтээр тэмдэглэхээс гадна, радиоинженерийн хувьд Радиогийн өдөр 5 сарын 7-г хойно оюутан байхад, төгсөж ирээд багшилж байхад тэмдэглэдэг байлаа. Саяхан, 5 сарын 2 монголын мотоциклчдын өдөр болохыг мэдсэнээр миний хувьд таван сарын тэмдэглэлт өдөр бас нэгээр нэмэгдэв.

Tuesday, 15 February 2011

Технологийн "нөү хау" Монголд

Олон жилийн дараа уулзсан ч яг ганц хоёр өдрийн өмнө салсан юм шиг дотно хүмүүс байдаг даа. Яриа хөөрөө таараад л, санаа бодлынхоо талыг гаргахад сүүлийг нь бараг хэлэлтгүй ойлгоод л. Нэг танил эрхэм эмэгтэй байнаа. Бид хааяа хааяа бүр тав арван жилийн зайтай ч байж магадгүй таарна. Яг өчигдөр салаад яриагаа үргэлжлүүлж байгаа мэт тийм элгэн дотно. Би түүнтэй хамтарч ажиллан ёстой нөгөө резонанст орж гайхам амжилт гаргаж байсан нөхдийнх нь нэг биш ээ. Амжилт бүтээлээр нь бахархаж, хүндэтгэн биширч явдаг олон танилынх нь нэг. Миний энэ танилыг Жигжиддоржийн Алимаа гэдэг. Ж.Алимаа бол Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Шинжлэх Ухаан Техникийн Хорооны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналт, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медальт гээд цааш нь эрдэм шинжилгээний ажлуудаараа авсан бүтээлийн тусгай шагналыг дурдаад байвал нэлээд урт жагсаалт цувна.

Бид Эрхүү хотын орос хэлний бэлтгэлд нэг жил сурч байлаа. Хамт нэг ангид биш л дээ. Тэр маань биологч болох учиртай химийн группт, би инженер болох тул инженерийн группт байлаа. Арван жилийн физикийн сурах бичгийг бичсэн, хэн хүнгүй мэдэх нэрт физикч Жигжиддорж гуайн охин Алимаа маань нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн математикийн өргөтгөсөн сургалттай анги төгссөн, нүдээрээ инээмсэглэсэн, тунгалаг цагаан царайтай, олон долоон үггүй ч намуухан дуугаар хэлэх юмаа хэлчихдэг цаанаа л нэг эрхэмсэг оршихуйн үлгэр болмоор охин байж билээ. Ярианы сэдвээс бяцхан хазайж хэлний бэлтгэлд болсон содон нэг явдлаас товч дурдсу. Орос хэлний олимпиад болоод бэлтгэл маань нийгмийн, байгалийн ухаанаар хоёр францад хуваагдчихаад тэмцэж гарваа. Хими уул нь байгалийн ухаанд багтмаар. Инженер техникийн чиглэлээр түлхүү сургадаг байсан болоод хүч тэнцүүлэх гэсэн үү яасан химийнхэн нийгмийнхэнтэй хамт байсан юм даг. Хөвгүүд голдуу инженер болох улс хэлний тэмцээнд ялчихсан нь сонин. Ялагдсан охид найз хөвгүүддээ нүүр өгөхгүй хэцүүдүүлээд, тэдэн дунд явсан ганц нэг охидыг ширэв татаад л... Охидын фракцаас Алимаа “эршүүд” загнасан шүү. Хөвгүүдийн дунд явсан надтай нэг талын хүн шиг “танай баг цонхны хөшгөөр сарафан хийж, унадаггүй-неваляшка болохыг яаж сэдэв? ээ” гэсээр инээж уулзав. “Яагаав, нөгөө том биетэй хэн санаа гаргаад, хөвгүүд цонхноос хөшиг хуулж би эвлүүлж оёсон” гэлээ. Арван долоо наймтай охин байхдаа л ийнхүү юмны голыг нь олоод харчихдаг, багаар ажиллахын чухлыг ойлгодог цөөхөн хүүхдүүдийн нэг байлаа.

Алимаа Москва хотын Хэрэглээний биотехнологийн сургууль 1975 онд төгсөж ирээд “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “МОНЭНЗИМ” (“мон”-монгол, “энзим”-грекээр фермент) төвд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилд оров. Монголд шинжлэх ухаан хөгжүүлэх материаллаг бааз байхгүй гээд хоосон онолдон конторт цаас сараачиж суухыг хүссэнгүй, Цэрэндэндэв гуайтай хамтран зуу гаран хуудастай “Биохимийн туршилтийн цех байгуулах техник, эдийн засгийн үндэслэл” бичин ажлын гараагаа эхэлжээ. Ганцхан жилийн дараа 1976 он гэхэд Улаанбаатар хотын Мах консервын комбинатын харьяа Үйлдвэрлэлийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршилт шинжилгээний төв ашиглалтад орж үүд хаалгаа нээжээ. Малын дайвар түүхий эдийг боловсруулж эрдэм шинжилгээ туршилт, үйлдвэрлэл эрхлэх зорилго тавьсан байна. Түүнийгээ бодит ажил болгох гэж олон жил тууштай зүтгэсэн. Эхлээд туршилтийн цехтэй, дараа нь үйлдвэртэй, үйлдвэрлэсэн олон бүтээгдэхүүнээ гадаад дотоодод борлуулдаг эрдэм шижилгээний том төв болтол эрдэм шинжилгээний ажилтан, ерөнхий инженер, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирал, зөвлөх, захирал зэрэг алба хашиж өнөөг хүртэл тэндээ ажилласаар байна.

Юуны өмнө мал нядалгааны үед хаягддаг байсан малын нойр булчирхай, бамбай булчирхай, нугас, цөс зэрэг дайвар түүхий эдийн хэмжээ гарцыг тодорхойлож улсын стандарт боловсруулав. 1977 онд үхрийн нойр булчирхайн химотрипсин үйлдвэрлэдэг БНАГУ-ын "Берлин хими" комбинаттай хамтран ажиллах гэрээ байгуулж, герман нөхдийн нойр булчирхайнаас фермент гарган авдаг технологт суралцан, үйлдвэрлэлийн шугам худалдан авчээ. 1979 он гэхэд үйлдвэрлэн гаргасан ферментийн бэлдмэл талстаа БНРУ, БНАГУ-д экспортолж эхлэв. Ферментийн үйлдвэрлэлийн чанарын хяналтын арга нэвтрүүлж, ариун савалгааны их бүрэн шугам суурилуулав. Үйлдвэрлэлийн зэрэгцээ Алимаа нөхдийн хамт бог малаас фермент гарган авах талаар туршилт шинжилгээний ажил хийсээр далаад оны сүүлч, наяад оны эхээр хонь, ямааны нойр булчирхайнаас трипсон, химотрипсоний холимог панкипсин бэлдмэл гарган авч чаджээ. Эл ажилдаа Ж.Алимаа онолын дүн шинжилгээ хийж, 1983 онд БНУАУ-д "Монгол хонь, ямааны нойр булчирхайн уураг задлагч ферментийг ялган цэвэршүүлж шинжилсэн нь" сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Панкипсин эмчилгээний практикт нэвтрэхээс өмнө Монголын шилдэг эмч, эм зүйч, судлаач, докторууд Оросын анагаах ухааны зориулалтын антибиотик, ферментийн эрдэм шинжилгээ, технологийн институттэй хамтран клиникийн өмнөх шалгалтыг хийж эмчилгээний практикт нэвтрүүлжээ.

Ерээд оны эхээр сонин хэвлэлээс ах Ж.Ганзориг цөмийн физикээр, дүү Ж.Алимаа биотехнологоор нэг гэрийн ах дүү хоёр зэрэг шахам төрийн соёрхол хүртсэн тухай нийтлэл уншиж баярлаж бахархах сэтгэл эрхгүй төрж байлаа. “Нутгийн үүлдрийн бог малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл “Панкипсин” гарган авах арга” нэртэй бүтээлээр Ж.Цэрэндэндэв, Д.Сувд нарын хамт 1991 онд Алимаа төрийн соёрхол хүртжээ. Чернобылийн атомын цахилгаан станцад том осол гарч олон хүний амь эрсдэж, мөн өчнөөн олон хүн шархдан бэртэхэд манай улс дэлхийн бусад улс орны нэгэн адил хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бага буурай хөгжилтэйд тооцогддог Монгол улс өндөр үнэтэй, нарийн технологоор гарган авдаг “панкипсины” бэлдмэл их хэмжээгээр тусламжаар өгөхийг харж гайхан шагширч байсаан. Бид ингэж анх удаа мал мах, арьс ширээр бус оюуны хөдөлмөрийн үр шимээр бусдад туслаж байлаа.

Дайралдаад баяр хүргэж, энэ панкипсин гэдэг зүйлийг манай улсад анх гаргаж авсан юм уу гэж асуухад, “Дэлхий дахинд аль эрт гаргасан. Гахай, үхрийн нойр булчирхайнаас л гаргадаг байсан юм. Манайд гахай бараг үржүүлдэггүй, үхрийн тоо толгой харьцангүй цөөн. Иймд бид хамгийн олон тоотой малаас өөрөөр хэлбэл хонь, ямааны нойр булчирхайнаас гаргаж авах туршилт хийж, бог малаас бас гаргаж болдог болохыг баталсан юм. Нэг их шинэ юм байхгүй" гэж хариулж билээ. Ийм л даруу хүн дээ. Намхан болохоор хүний нүүр рүү дээш хараад ярьж байх нь нар руу ч юмуу, нэг тийм тэнгэрлэг сайхан юм руу, урагш дээш тэмүүлж байх шиг сэтгэгдэл төрүүлж билээ.

Панкипсины бэлдмэл манайд анх жижиг шилэн саванд нунтаг цагаан эм шиг савалгаатай эмийн сангуудад байдаг байлаа. Удалгүй “панкипсинтай тосон түрхлэг”, “мупсин”, “бутапсин” зэрэг “зөөлөн эдийн гэмтлийн үрэвсэл, битүү бэртэлт, шөрмөс үе сунах, хугаралтын болон мэсийн хавдар, идээт ба халдварласан шарх, тунгалгийн гаралтай арьсны өнгөн үрэвсэл, түлэнхий болон хөлдөлт, холгодос” зэргийг эдгээх увдистай эмчилгээний тосон түрхлэг хэлбэрээр бас гаргажээ. Алимаа найзын маань оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн, арваад жилийн өмнөөс эмийн сангуудад үзэгдэх болсон "Отозим" чихний дусаалга "Панфеникол", Бутапсин", "Алтай" эмчилгээний тосон түрхлэгүүдтэй би ноднин жил л хэрэглэгчийн хувьд танилцсан юм.

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих донсолгоонд монгол гэрийн эсгий үүд цоож цуургатай модон болж, хотынхны дан модон хаалга давхар төмөр болсон үеэр нутагтаа, очоод төрлөх нийслэлдээ явж байгаад төмөр хаалганд баруун гарын эрхий хуруугаа савуулж орхилоо. Тэр дороо минчийсэн хөх болж хавдаад, эргэн тойрны бужигнаан, тэр муу төмөр хаалга, түүнийг савдаг ширүүн салхи бүгд "молодец" гэж байгаа юм шиг үргэлж дээш гозойлгож байхгүй бол чинэрч өвдөөд эмнэлэгт очин рентген зураг авахуултал яс биш, аажимдаа эдгэнэ гээд эмчилгээ ч хэлж өгсөнгүй. Манай эмнэлэг бас сайн шүү гэж эрхий хуруугаа гозойлгосоор өвчин намдаагч эм авах санаатай эмийн сан оров. Манайд эмчилгээний тосон түрхлэг "Бутапсин" байгаа. Ийм битүү бэртэлд ёстой "лайтай" гэж байна. Бас ямар лай байнаа гэвэл, эмийн санч охин тас тас хөхөрч, "тасархай сайн" гэсэн утгатай шт гээд тосон түрхэлгээ надад үзүүлэв. "Бутапсин" хэмээх жижигхэн тосны саван дээрээс найрлагад нь мэдэхээс панкипсин, анестзин бас бус танихгүй латин нэрс орсон, ШУҮ-ийн "МОНЭНЗИМ"-д үйлдвэрлэсэн болохыг уншиж мэдээд шууд авав, түрхэв, өвчин намдав, бэртэл илааршив. Хуруу маань түргэн сайхан эдгэрсэн дээ. Бас болоогүй бага хүү цанаар гулгаж байгаад гараа шуугаараа хугалж, нөхөр өсгийгөө цуулж нэг үе манайхан "бутапсин дээр л тогтож" байлаа. Ингэж энэ тосны сайныг биеэр мэдсэн бибээр гэмтсэн бэртсэн болгонд сурталчилж явдаг болсон.

Алимаагийн сэдэж байгуулалцсан бас нэг том төсөл бол Дэлхийн стандартад нийцсэн тарилгын шингэний үйлдвэр "IVCO" билээ. Ж.Алимаа 2004 онд Л.Амарсанаа, М.Алтанцэцэг нарийн хамт Тарилгын шингэний "IVCO" ХХК байгуулах төсөл боловсруулж, Их Британи, Тайван, БНСУ, Австрали, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай дуслын шингэний анхны үйлдвэрийг Монголд байгуулжээ. Манай орны эм хангамжийн салбарт зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд ордог тарилгын шингэнийг саяхан болтол зөвхөн импортоор хангадаг байлаа. "IVCO" ХХК нь натрийн хлорид, глюкоза, маннитол, метронидазол, декстран-40 буюу реополиглюкин, декстран-70 буюу полиглюкин, рингер уусмал зэрэг тарилгын шингэнийг орчин үеийн савлагаатай, олон улсын эм үйлдвэрлэлийн стандартын шаардлагад нийцсэн Монголын анхны үйлдвэр юм. Эмийн үйлдвэрийн орчин үеийн (GMP, ISO-9001) стандартын дагуу төлөвлөж, зхион байгуулагдсан энэ үйлдвэр нь биобэлдмэл, ариун бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, гүүний саам, бэлэн бүтээгдэхүүн гэсэн зориулалтын модультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Алимаа олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж суурилуулах, орчинг бэлтгээд зогсоогүй ажиллах хүн хүчийг сургах, үйл ажиллагааны заавар, чанарын хяналтын гарын авлага боловсруулах, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гардан хийсэн байна. Бодис судлалын профессор Ж.Алимаа Техникийн Их Сургуулийн Хүнсний технологийн сургуульд Биотехнологийн тэнхимийг үүсгэн байгуулж эрхлэгчээр ажиллаж байв. Энэ тэнхим хүнсний биотехнологч, хүнсний микробиологч, хүнсний хими технологч мэргэжлээр сургалт явуулж байна.

Ж.Алимаа ферментийн бэлдмэл, хуурай цөс, гүүний хуурай саам зэрэг 20 гаруй биологийн идэвхит бэлдмэл үйлдвэрлэдэг МОЭНЗИМ, тарилгын шингэний үйлдвэр "IVCO", Биотехнологийн тэнхим үүсгэн байгуулсан гээд Монголд шинжлэх ухааны ололт нээлтийг үйлдвэрлэл сургалтад нэвтрүүлэх үйлсэд анхдагч нь байжээ.

Monday, 26 May 2008

Нээлт амилсан түүх

Алимаа сургууль төгсөж ирээд Ж.Цэрэндэндэв гуайтай хамтран “Биохимийн туршилтийн цех байгуулах техник, эдийн засгийн үндэслэл” боловсруулсан тухай түрүүчийн бичлэгт дурдсан билээ. Ганцхан жилийн дараа 1976 он гэхэд Улаанбаатар хотын Мах консервын комбинатын харьяа Үйлдвэрлэлийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршилт шинжилгээний төв ашиглалтад орж үүд хаалгаа нээжээ. Малын дайвар түүхий эдийг боловсруулж эрдэм шинжилгээ туршилт, үйлдвэрлэл эрхлэх зорилго тавьсан байна. Юуны өмнө мал нядалгааны үед хаягддаг байсан малын нойр булчирхай, бамбай булчирхай, нугас, цөс зэрэг дайвар түүхий эдийн хэмжээ гарцыг тодорхойлож улсын стандарт боловсруулав. 1977 онд үхрийн нойр булчирхайн химотрипсин үйлдвэрлэдэг БНАГУ-ын "Берлин хими" комбинаттай хамтран ажиллах гэрээ байгуулж, герман нөхдийн нойр булчирхайнаас фермент гарган авдаг технологт суралцан, үйлдвэрлэлийн шугам худалдан авчээ. 1979 он гэхэд үйлдвэрлэн гаргасан ферментийн бэлдмэл талстаа БНРУ, БНАГУ-д экспортолж эхлэв. Ферментийн үйлдвэрлэлийн чанарын хяналтын арга нэвтрүүлж, ариун савалгааны их бүрэн шугам суурилуулав.

Үйлдвэрлэлийн зэрэгцээ Алимаа нөхдийн хамт бог малаас фермент гарган авах талаар туршилт шинжилгээний ажил хийсээр далаад оны сүүлч, наяад оны эхээр хонь, ямааны нойр булчирхайнаас трипсон, химотрипсоний холимог панкипсин бэлдмэл гарган авч чаджээ. Эл ажилдаа Ж.Алимаа онолын дүн шинжилгээ хийж, 1983 онд БНУАУ-д "Монгол хонь, ямааны нойр булчирхайн уураг задлагч ферментийг ялган цэвэршүүлж шинжилсэн нь" сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Панкипсин эмчилгээний практикт нэвтрэхээс өмнө Монголын шилдэг эмч, эм зүйч, судлаач, докторууд Оросын анагаах ухааны зориулалтын антибиотик, ферментийн эрдэм шинжилгээ, технологийн институттэй хамтран клиникийн өмнөх шалгалтыг хийж эмчилгээний практикт нэвтрүүлжээ.

Алимаа найзын маань оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн, арваад жилийн өмнөөс эмийн сангуудад үзэгдэх болсон "Отозим" чихний дусаалга "Панфеникол", Бутапсин", "Алтай" эмчилгээний тосон түрхлэгүүдтэй би ноднин жил л хэрэглэгчийн хувьд танилцсан юм. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих донсолгоонд монгол гэрийн эсгий үүд цоож цуургатай модон болж, хотынхны дан модон хаалга давхар төмөр болсон үеэр нутагтаа, төрлөх нийслэлдээ явж байгаад төмөр хаалганд баруун гарын эрхий хуруугаа савуулж орхилоо. Тэр дороо минчийсэн хөх болж хавдаад, эргэн тойрны бужигнаан, тэр муу төмөр хаалга, түүнийг савдаг ширүүн салхи бүгд "молодец" гэж байгаа юм шиг үргэлж дээш гозойлгож байхгүй бол чинэрч өвдөөд хэцүүдүүлж, зураг авахуултал яс биш, аажимдаа эдгэнэ гээд эмчилгээ ч хэлж өгсөнгүй. Манай эмнэлэг бас сайн шүү гэж эрхий хуруугаа гозойлгосоор өвчин намдаагч эм авах санаатай эмийн сан оров. Манайд эмчилгээний тосон түрхлэг "Бутапсин" байгаа. Ийм битүү бэртэлд ёстой "лайтай" гэж байна. Бас ямар лай байнаа гэвэл, эмийн санч охин тас тас хөхөрч, "тасархай сайн" гэсэн утгатай шт гээд тосон түрхэлгээ надад үзүүлэв. "Бутапсин" хэмээх жижигхэн тосны саван дээрээс найрлагад нь мэдэхээс панкипсин, анестзин бас бус танихгүй латин нэрс орсон, ШУҮ-ийн "МОНЭНЗИМ"-д үйлдвэрлэсэн болохыг уншиж мэдээд шууд авав, түрхэв, өвчин намдав, бэртэл илээршив. Хуруу маань түргэн сайхан эдгэрсэн дээ. Бас болоогүй бага хүү цанаар гулгаж байгаад гараа шуугаараа хугалж, нөхөр өсгийгөө цуулж нэг үе манайхан "бутапсин дээр л тогтож" байлаа. Ингэж энэ тосны сайныг мэдэж, бибээр гэмтсэн бэртсэн болгонд сурталчилж явдаг болсон доо. Биологч биш би ферментийн талаар тайлбар хийхээс түвдэж, Алимаа докторын "Хүний биед 20 мянга орчим фермент бий" өгүүллэгээс хэсэгчлэн оруулая:
"Эрдэмтэд одоогоор бидний бие махбодод буй 4000 орчим ферментийг бүрэн судалсан бгөөд нийт 20000 орчим фермент байна гэж таамаглаж байгаа ажээ. Фермент нь бидний амьдралын хором бзрт санаанд багтамгүй хувирал, нөхөн сэргээлт, засал, зохицуулалт, хамгаалах үйл ажиллагаа тасралтгүй хийж байдаг. Амьсгалах, хоол боловсруулах, өсөх, цус бүлэгнэх, мэдрэмж мэдээллийг хүлээн авах, нөхөн үржихүй, амьдрах эрч хүч бүгд л ферментээр зохицуулагдана.
Аливаа эс нь бидний идсэн хоол хүнс буюу уураг, нүүрс ус өөх тосноос энерги аван цэнэглэгддэг. Тэгвэл эсэнд хүрэхийн өмнө уургийг амин хүчил, нүүрс усыг энгийн сахар, өөх тосыг тосны хүчил болгон задлах үүргийг ферментүүд гүйцэтгэнэ. Фермент багатай, чанаж болгосон хоол зонхилон хэрэглэдэг хүмүүсийн нойр булчирхай томордог, энэ нь нөхөн төлжилтийн архаг эмгэгшил, хорт хавдар үүсэх нөхцөл болдгийг судлаачид ажиглажээ.
Орчин үед ферментэн бэлдмэлийн хэрэглээг "Эрүүл энх, залуу оршихын түлхүүр" гэж үзэж байна. "Мезимфорте", "Ферестал", "Панзинорм", "Трифермент", "Панкреон" зэрэг нь хамгийн түрүүнд "хөгширч ядардаг" нойр булчирхайн шүүрлийг нөхөн, түүний хэвийн үйл ажиллагааг сэргээхэд тусалдаг ферментийн цомог учир зөвхөн хоолны шингэц муудсан үед төдийгүй бие махбодийг сэргэлэн цовоо, эрч хүчтэй байлгах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг байна.
Панкипсин бэлдмэл нь үрэвсэл, мөхсөн эд, өтгөн цэр, идээ бээрийг задлан, хаван цус хуралтыг шимэгдүүлэн, үрэвслийн голомт газрын цус, тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эсийн нөхөн төлжилтийг тэтгэдэг тул уушги, амьсгалын зам, чих хамар хоолой, мэс засал, гэмтэл согог, эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэхэд их үр дүнтэй. Нэн ялангуяа антибиотикт мэдрэмтгий чанар буурч буй өнөөгийн нөхцөлд ферментийг антибиотик, үрэвслийн эсрэг бэлдмэлтэй хослуулан хэрэглэх нь хэрэгцээ бус шаардлага болж байгаа ажээ."

Ж.Алимаагийн тухай үргэлжлэл бий.

Saturday, 24 May 2008

Технологийн "нөү хау" Монголд

Олон жилийн дараа уулзсан ч яг ганц хоёр өдрийн өмнө салсан юм шиг дотно хүмүүс байдаг даа. Яриа хөөрөө таараад л, санаа бодлынхоо талыг гаргахад сүүлийг нь бараг хэлэлтгүй ойлгоод л. Нэг танил эрхэм эмэгтэй байнаа. Бид хааяа хааяа бүр тав арван жилийн зайтай ч байж магадгүй таарна. Яг өчигдөр салаад яриагаа үргэлжлүүлж байгаа мэт тийм элгэн дотно. Би түүнтэй хамтарч ажиллан ёстой нөгөө резонанст орж гайхам амжилт гаргаж байсан нөхдийнх нь нэг биш ээ. Амжилт бүтээлээр нь бахархаж, хүндэтгэн биширч явдаг олон танилынх нь нэг. Миний энэ танилыг Жигжиддоржийн Алимаа гэдэг. Ж.Алимаа бол Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Шинжлэх Ухаан Техникийн Хорооны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналт, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медальт гээд цааш нь эрдэм шинжилгээний ажлуудаараа авсан бүтээлийн тусгай шагналыг дурдаад байвал нэлээд урт жагсаалт цувна.

Бид Эрхүү хотын орос хэлний бэлтгэлд нэг жил сурч байлаа. Хамт нэг ангид биш л дээ. Тэр маань биологч болох учиртай химийн группт, би инженер болох тул инженерийн группт байлаа. Арван жилийн физикийн сурах бичгийг бичсэн, хэн хүнгүй мэдэх нэрт физикч Жигжиддорж гуайн охин Алимаа маань нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн математикийн өргөтгөсөн сургалттай анги төгссөн, нүдээрээ инээмсэглэсэн, тунгалаг цагаан царайтай, олон долоон үггүй ч намуухан дуугаар хэлэх юмаа хэлчихдэг цаанаа л нэг эрхэмсэг оршихуйн үлгэр болмоор охин байж билээ. Ярианы сэдвээс бяцхан хазайж хэлний бэлтгэлд болсон содон нэг явдлаас товч дурдсу. Орос хэлний олимпиад болоод бэлтгэл маань нийгмийн, байгалийн ухаанаар хоёр францад хуваагдчихаад тэмцэж гарваа. Хими уул нь байгалийн ухаанд багтмаар. Инженер техникийн чиглэлээр түлхүү сургадаг байсан болоод хүч тэнцүүлэх гэсэн үү яасан химийнхэн нийгмийнхэнтэй хамт байсан юм даг. Хөвгүүд голдуу инженер болох улс хэлний тэмцээнд ялчихсан нь сонин. Ялагдсан охид найз хөвгүүддээ нүүр өгөхгүй хэцүүдүүлээд, тэдэн дунд явсан ганц нэг охидыг ширэв татаад л... Охидын фракцаас Алимаа “эршүүд” загнасан шүү. Хөвгүүдийн дунд явсан надтай нэг талын хүн шиг “танай баг цонхны хөшгөөр сарафан хийж, унадаггүй-неваляшка болохыг яаж сэдэв? ээ” гэсээр инээж уулзав. “Яагаав, нөгөө том биетэй хэн санаа гаргаад, хөвгүүд цонхноос хөшиг хуулж би эвлүүлж оёсон” гэлээ. Арван долоо наймтай охин байхдаа л ийнхүү юмны голыг нь олоод харчихдаг, багаар ажиллахын чухлыг ойлгодог цөөхөн хүүхдүүдийн нэг байлаа.

Алимаа Москва хотын Хэрэглээний биотехнологийн сургууль 1975 онд төгсөж ирээд “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “МОНЭНЗИМ” (“мон”-монгол, “энзим”-грекээр фермент) төвд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилд оров. Монголд шинжлэх ухаан хөгжүүлэх материаллаг бааз байхгүй гээд хоосон онолдон конторт цаас сараачиж суухыг хүссэнгүй, Цэрэндэндэв гуайтай хамтран зуу гаран хуудастай “Биохимийн туршилтийн цех байгуулах техник, эдийн засгийн үндэслэл” бичин ажлын гараагаа эхэлжээ. Ганцхан жилийн дараа 1976 он гэхэд Улаанбаатар хотын Мах консервын комбинатын харьяа Үйлдвэрлэлийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршилт шинжилгээний төв ашиглалтад орж үүд хаалгаа нээжээ. Малын дайвар түүхий эдийг боловсруулж эрдэм шинжилгээ туршилт, үйлдвэрлэл эрхлэх зорилго тавьсан байна. Түүнийгээ бодит ажил болгох гэж олон жил тууштай зүтгэсэн. Эхлээд туршилтийн цехтэй, дараа нь үйлдвэртэй, үйлдвэрлэсэн олон бүтээгдэхүүнээ гадаад дотоодод борлуулдаг эрдэм шижилгээний том төв болтол эрдэм шинжилгээний ажилтан, ерөнхий инженер, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирал, зөвлөх, захирал зэрэг алба хашиж өнөөг хүртэл тэндээ ажилласаар байна.

Юуны өмнө мал нядалгааны үед хаягддаг байсан малын нойр булчирхай, бамбай булчирхай, нугас, цөс зэрэг дайвар түүхий эдийн хэмжээ гарцыг тодорхойлож улсын стандарт боловсруулав. 1977 онд үхрийн нойр булчирхайн химотрипсин үйлдвэрлэдэг БНАГУ-ын "Берлин хими" комбинаттай хамтран ажиллах гэрээ байгуулж, герман нөхдийн нойр булчирхайнаас фермент гарган авдаг технологт суралцан, үйлдвэрлэлийн шугам худалдан авчээ. 1979 он гэхэд үйлдвэрлэн гаргасан ферментийн бэлдмэл талстаа БНРУ, БНАГУ-д экспортолж эхлэв. Ферментийн үйлдвэрлэлийн чанарын хяналтын арга нэвтрүүлж, ариун савалгааны их бүрэн шугам суурилуулав. Үйлдвэрлэлийн зэрэгцээ Алимаа нөхдийн хамт бог малаас фермент гарган авах талаар туршилт шинжилгээний ажил хийсээр далаад оны сүүлч, наяад оны эхээр хонь, ямааны нойр булчирхайнаас трипсон, химотрипсоний холимог панкипсин бэлдмэл гарган авч чаджээ. Эл ажилдаа Ж.Алимаа онолын дүн шинжилгээ хийж, 1983 онд БНУАУ-д "Монгол хонь, ямааны нойр булчирхайн уураг задлагч ферментийг ялган цэвэршүүлж шинжилсэн нь" сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Панкипсин эмчилгээний практикт нэвтрэхээс өмнө Монголын шилдэг эмч, эм зүйч, судлаач, докторууд Оросын анагаах ухааны зориулалтын антибиотик, ферментийн эрдэм шинжилгээ, технологийн институттэй хамтран клиникийн өмнөх шалгалтыг хийж эмчилгээний практикт нэвтрүүлжээ.

Ерээд оны эхээр сонин хэвлэлээс ах Ж.Ганзориг цөмийн физикээр, дүү Ж.Алимаа биотехнологоор нэг гэрийн ах дүү хоёр зэрэг шахам төрийн соёрхол хүртсэн тухай нийтлэл уншиж баярлаж бахархах сэтгэл эрхгүй төрж байлаа. “Нутгийн үүлдрийн бог малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл “Панкипсин” гарган авах арга” нэртэй бүтээлээр Ж.Цэрэндэндэв, Д.Сувд нарын хамт 1991 онд Алимаа төрийн соёрхол хүртжээ. Чернобылийн атомын цахилгаан станцад том осол гарч олон хүний амь эрсдэж, мөн өчнөөн олон хүн шархдан бэртэхэд манай улс дэлхийн бусад улс орны нэгэн адил хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бага буурай хөгжилтэйд тооцогддог Монгол улс өндөр үнэтэй, нарийн технологоор гарган авдаг “панкипсины” бэлдмэл их хэмжээгээр тусламжаар өгөхийг харж гайхан шагширч байсаан. Бид ингэж анх удаа мал мах, арьс ширээр бус оюуны хөдөлмөрийн үр шимээр бусдад туслаж байлаа.

Дайралдаад баяр хүргэж, энэ панкипсин гэдэг зүйлийг манай улсад анх гаргаж авсан юм уу гэж асуухад, “Дэлхий дахинд аль эрт гаргасан. Гахай, үхрийн нойр булчирхайнаас л гаргадаг байсан юм. Манайд гахай бараг үржүүлдэггүй, үхрийн тоо толгой харьцангүй цөөн. Иймд бид хамгийн олон тоотой малаас өөрөөр хэлбэл хонь, ямааны нойр булчирхайнаас гаргаж авах туршилт хийж, бог малаас бас гаргаж болдог болохыг баталсан юм. Нэг их шинэ юм байхгүй" гэж хариулж билээ. Ийм л даруу хүн дээ. Намхан болохоор хүний нүүр рүү дээш хараад ярьж байх нь нар руу ч юмуу, нэг тийм тэнгэрлэг сайхан юм руу, урагш дээш тэмүүлж байх шиг сэтгэгдэл төрүүлж билээ.

Панкипсины бэлдмэл манайд анх жижиг шилэн саванд нунтаг цагаан эм шиг савалгаатай эмийн сангуудад байдаг байлаа. Удалгүй “панкипсинтай тосон түрхлэг”, “мупсин”, “бутапсин” зэрэг “зөөлөн эдийн гэмтлийн үрэвсэл, битүү бэртэлт, шөрмөс үе сунах, хугаралтын болон мэсийн хавдар, идээт ба халдварласан шарх, тунгалгийн гаралтай арьсны өнгөн үрэвсэл, түлэнхий болон хөлдөлт, холгодос” зэргийг эдгээх увдистай эмчилгээний тосон түрхлэг хэлбэрээр бас гаргажээ. Алимаа найзын маань оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн, арваад жилийн өмнөөс эмийн сангуудад үзэгдэх болсон "Отозим" чихний дусаалга "Панфеникол", Бутапсин", "Алтай" эмчилгээний тосон түрхлэгүүдтэй би ноднин жил л хэрэглэгчийн хувьд танилцсан юм.

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих донсолгоонд монгол гэрийн эсгий үүд цоож цуургатай модон болж, хотынхны дан модон хаалга давхар төмөр болсон үеэр нутагтаа, очоод төрлөх нийслэлдээ явж байгаад төмөр хаалганд баруун гарын эрхий хуруугаа савуулж орхилоо. Тэр дороо минчийсэн хөх болж хавдаад, эргэн тойрны бужигнаан, тэр муу төмөр хаалга, түүнийг савдаг ширүүн салхи бүгд "молодец" гэж байгаа юм шиг үргэлж дээш гозойлгож байхгүй бол чинэрч өвдөөд эмнэлэгт очин рентген зураг авахуултал яс биш, аажимдаа эдгэнэ гээд эмчилгээ ч хэлж өгсөнгүй. Манай эмнэлэг бас сайн шүү гэж эрхий хуруугаа гозойлгосоор өвчин намдаагч эм авах санаатай эмийн сан оров. Манайд эмчилгээний тосон түрхлэг "Бутапсин" байгаа. Ийм битүү бэртэлд ёстой "лайтай" гэж байна. Бас ямар лай байнаа гэвэл, эмийн санч охин тас тас хөхөрч, "тасархай сайн" гэсэн утгатай шт гээд тосон түрхэлгээ надад үзүүлэв. "Бутапсин" хэмээх жижигхэн тосны саван дээрээс найрлагад нь мэдэхээс панкипсин, анестзин бас бус танихгүй латин нэрс орсон, ШУҮ-ийн "МОНЭНЗИМ"-д үйлдвэрлэсэн болохыг уншиж мэдээд шууд авав, түрхэв, өвчин намдав, бэртэл илааршив. Хуруу маань түргэн сайхан эдгэрсэн дээ. Бас болоогүй бага хүү цанаар гулгаж байгаад гараа шуугаараа хугалж, нөхөр өсгийгөө цуулж нэг үе манайхан "бутапсин дээр л тогтож" байлаа. Ингэж энэ тосны сайныг биеэр мэдсэн бибээр гэмтсэн бэртсэн болгонд сурталчилж явдаг болсон.

Алимаагийн сэдэж байгуулалцсан бас нэг том төсөл бол Дэлхийн стандартад нийцсэн тарилгын шингэний үйлдвэр "IVCO" билээ. Ж.Алимаа 2004 онд Л.Амарсанаа, М.Алтанцэцэг нарийн хамт Тарилгын шингэний "IVCO" ХХК байгуулах төсөл боловсруулж, Их Британи, Тайван, БНСУ, Австрали, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай дуслын шингэний анхны үйлдвэрийг Монголд байгуулжээ. Манай орны эм хангамжийн салбарт зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд ордог тарилгын шингэнийг саяхан болтол зөвхөн импортоор хангадаг байлаа. "IVCO" ХХК нь натрийн хлорид, глюкоза, маннитол, метронидазол, декстран-40 буюу реополиглюкин, декстран-70 буюу полиглюкин, рингер уусмал зэрэг тарилгын шингэнийг орчин үеийн савлагаатай, олон улсын эм үйлдвэрлэлийн стандартын шаардлагад нийцсэн Монголын анхны үйлдвэр юм. Эмийн үйлдвэрийн орчин үеийн (GMP, ISO-9001) стандартын дагуу төлөвлөж, зхион байгуулагдсан энэ үйлдвэр нь биобэлдмэл, ариун бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, гүүний саам, бэлэн бүтээгдэхүүн гэсэн зориулалтын модультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Алимаа олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж суурилуулах, орчинг бэлтгээд зогсоогүй ажиллах хүн хүчийг сургах, үйл ажиллагааны заавар, чанарын хяналтын гарын авлага боловсруулах, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гардан хийсэн байна. Бодис судлалын профессор Ж.Алимаа Техникийн Их Сургуулийн Хүнсний технологийн сургуульд Биотехнологийн тэнхимийг үүсгэн байгуулж эрхлэгчээр ажиллаж байв. Энэ тэнхим хүнсний биотехнологч, хүнсний микробиологч, хүнсний хими технологч мэргэжлээр сургалт явуулж байна.

Ж.Алимаа ферментийн бэлдмэл, хуурай цөс, гүүний хуурай саам зэрэг 20 гаруй биологийн идэвхит бэлдмэл үйлдвэрлэдэг МОЭНЗИМ, тарилгын шингэний үйлдвэр "IVCO", Биотехнологийн тэнхим үүсгэн байгуулсан гээд Монголд шинжлэх ухааны ололт нээлтийг үйлдвэрлэл сургалтад нэвтрүүлэх үйлсэд анхдагч нь байжээ.

Thursday, 15 May 2008

Түүхчийн хувийн товчоо

Өмнөх хоёр бичлэгт түүхч Хандсүрэн гуайн бүтээлүүдээс өгүүлсэн билээ. Одоо түүний амьдралаас хүүрнэе.

1.Хүлиргэний 12 дахь үеийн Дэбу-гийн хоёр дахь хүү нь Цэнд гэж Уул овогт Билид Билиг "Цэнд гүнгийн гэрийн үеийн бичмэлийн тухай" өгүүлэлд дурдсан нь бий. Цэнд 1875-1932 онд амьдарч байв. Хоёр хатантай. Их хатан дөрвөн хүү, нэг охин, бага хатан хоёр хүү, хоёр охин тус тус төрүүлж өгсөн. Цэнд Монгол улсын Засгийн газарт бичээчийн ажил хийж байгаад 1913 онд Долнуурын цэргийн хуаранд бичээчээр тохон томилогджээ. Долнуурын байлдааны гавьяа зүтгэлийг үнэлэн "бодлогот баатар гүн" цолоор шагнагдсан. 1915 онд Богд хаант Монгол улсын Засгийн газрын Гадаад яамны дэд сайдаар томилогдон ажиллаж, Монгол-Орос-Хятад гурван улсын хэлэлцээнд оролцож байсан байна.
2. Халх бага хатан Дондог их хатны том хүүхдүүдтэй нийлж тоглохоор 16 настай жаахан охин байхдаа гүнгийнд иржээ. Бага хатан 33-хан настайдаа бэлэвсэрсэн ч ганц биеэр дахиж хүнтэй суулгүй үр хүүхдээ өсгөжээ. Олон төрийн нүүр үзэн 93 хүрсэн Дондог тэнгэрт халин хальтлаа ухаан цэлмэг байж, "эрдэм номд л сайн сур, толгойд орсон эрдмийг хулгай дээрэм авч чадахгүй үүрд өөрийн болон үлддэг юм. Чи өөдгүй муу хүүхэдтэй байгаад зуух шиг том алт үлдээсэн ч түүнийг хэдхэн сарын дотор үрэн таран хийж орхино" гэж өвөө тань сургадаг сан гэж үр хүүхэд, ач гучдаа захидаг байв. Эртний ёс журамтай өссөн хүн болоод хайрт ханиа "та" хэмээн хүндэтгэдэг байсан бөгөөд дурсан ярихдаа ч "та", "гүнтэн" гэдэг байлаа. Дондог эмээ "Тансан ламын баруун этгээд зорчсон түүх", "Гучин хоёр модон хүний үлгэр", "Шидэт хүүрийн үлгэр" зэрэг олон сайхан үлгэр домгийг олон ангид кино үзэх мэт олон үдэш дараалан нүдэнд үзэгдэж сэтгэлд хоногштол сайхан ярьдаг хүн байв.
3. Улаан халзтай ноёны жижигхэн модон өргөөг Хандсүрэнг таван настай байхад нэгэн уран хүн модоор сийлж өгчээ. Цэнд гүн бага хатантай хамт нэгэн зочинтой хууч хөөрч суухад нь охин гоё тоглоомоо гайхуулах санаатай зочинд үзүүлтэл, охинд нэг цаасан янчаан гаргаж өгөөд, "өндөр болоорой, яасан сайн хүүхэд вэ" гээд тоглоомон гэрийг нь аваад өвөртөө хийчихжээ. Жаахан охин "би танд зүгээр л үзүүлсэн шүү дээ" гэж хэлж чадалгүй тоглоомон гэрэндээ их харамсан хоцорчээ. "Ноёны гэр" гэж ихэд билэгшээсэн Бөмбөө удалгүй "галдаа" болон зэрэг дэв нэмсэн гэнэ. Зэрэг дэв нэмсэн хүн охинд тэр гэрийнх нь дайтай гоё гэрхэн хийлгээд өгөхгүй дээ. Тавхан настай бяцхан охинд тэр хүний карьер хүртээлгүй хэрэг, хайртай тоглоомоо май гээд өгөөгүй байхад авч байхад хүүхэд зангаар уйлж нэхэлгүй өнгөрдөг. Гүн эцэг нь юм асуухад "тийм", "үгүй", "за" гэж хэдхэн үгээр хариулдаг, аавтай нь зэрэгцэж суугаад ярьдаггүй том ах нараа харж өссөн гүнтэний гэрийн чанга ёс бяцхан охинд нөлөөлсөн юм болов уу.
4.Гүнтэний бие чилээрхэж хэвтэрт ороод байхад өөрөө бөө, ламын алинд ч сүжиггүй боловч их хатныхаа сэтгэлийг бодож бөө бөөлүүлэхийг зөвшөөрч, дараа нь бага хатныхаа хүсэлтийг гүйцэлдүүлж лам залж гүрэм ном уншуулжээ. Гүнтэнд гүрэм ном унших лам ирэх үед найман настай Хандаа охин мухар олгойн гам барьж, гурван сар орос эмчийн өгсөн эм ууж байсан үе таарчээ. Өөх тостой махан хоол идэлгүй хярам, хатаасан талх, цагаан будаа зөгийн бал төдийхнөөр хооллосоор мухар олгойн өрөвсөл хатаж архагшаад, охин ч хатаж, яс арьс болтлоо турсан байв. "Гэгээнтэнд сайн залбирч, чин сэтгэлээсээ мөргөөд байвал өвчин чинь эдгэрнэ" гэж ээж нь хэлсэн болохоор, охин 5,10 минут тутам ламтанд орж мөргөн адис авч байв. "Хоолны цээрийг тайлж, лам багшаар тарнидуулсан бууз идүүлэх санаатай" гэж бага хатан ээж нь тавган дээр тавьсан гурван бууз, аягатай бэрээсээ авчирч, ламтан гүвэр гүвэр ном уншаад бууз руу үлээж өгснөөр охин ерийн хоолонд орж бие тэнхэрсэн гэнэ. Олон жил нам дарагдсан мухар олгой охины дунд сургууль төгсөх үед, 17-той болсон үед дахин хөдөлж мэс засал хийлгэж авахуулжээ. Эмч нар бүтэн жил биеийн тамир хийж болохгүй гэсэн тул сагсан бөмбөг тоглодог, бүр сургуулийн шигшээ багт тамирчин байсан охин гэнт хөдөлгөөн хорьсноос жин нэмсэн гэх.
5.Гүнтэний охин дунд сургуулийн сурагч болоод өвөл зуны амралтаар гэртээ харьдаг байж. Гэртээ харихаар галт тэргээр найз охидуудтайгаа явж байхад галт тэрэгний хонгилд нэг буриад залуу ээрээд зогсчихож гэнэ. Хожмоо насны нь хань болсон Буриад хошууны угардагын хүүтэй ийнхүү танилцжээ. Залуу хос анх хамт кино үзэхэд залуу эр киног бус охиныг хажуугаас ширтээд байсныг мэдэрсэн гэдэг. Залуу насны зурагнаас нь харахад Хандсүрэн гуай хэн хүн хараад баймаар их цэвэрхэн хүн байсан нь илт.
6.Тогоочтой, үйлчлэгчтэй өссөн хотын охин малтай айлын хөдөөний бэр болвой. Угардагийнх бас гэрийн үйлчлэгчтэй байсан ч тэр үеийн ёсоор шинэ бэр ирэнгүүт гэрийн үйлчлэгчээ "орон тооны цомхотгол"-д оруулчихаж. Гэртээ ганц ч удаа гал ноцоож үзээгүй шинэ бэр хуримын маргааш өглөө цай чанахаар ургахын улаан нартай уралдан босоод хоёр цаг оролдож байж нэг юм цайгаа бэлэн болгожээ. Хөрш айлын авгай хатаасан модноос жижгэвтэрийг сонгож аваад цээжиндээ тулгаж бариад хурц хутгаар зүссээр байгаад цэцэг шиг болгоод зууханд ширгэсэн модны дор тавиад шүдэнз зурангуут хоромхон зуур гал дүрс хийн асахыг ажиглаж гал түлэх эрдэмд" суралцсан гэж байгаа. Хадам ээжээрээ үнээ саах, сүү машиндаж цөцгий гаргах, юм эсгэж оёох зэргийг заалгав. Түргэн ч сурч байв. Үргэлж нүдээрээ инээвхийлж байдаг эелдэг ялдам зантай сайн хадам эх таарсан аж. Удалгүй гүнгийн эрх охин биш "бэрх хамган" болсон доо. Хожим эрдмийн ажилд шамдаж байхдаа ч хүүхдүүдээ "хичээлээ хий" гээд өөрөө гэрийн ажлаа түргэн шуурхай амжуулдаг зуршил нь бүх насаар хэвээр үлдсэн юм.
7.Улсын төв музей анх байгуулагдахад урлаг хариуцсан тайлбарлагчаар ажилд оров. Мөн "Байгаль", "Түүх", "Урлаг", "Угсаатан", "Палентологи" гэж дотроо хуваагддаг музейн гурван давхар байшинд байх бүх үзмэрийг бүхэлд нь хятад хэлээр тайлбарлах давхар үүрэгтэй байв. Мэргэжлийн олон нэр томъёог толь бичгээс харж хятад хэлнээ хөрвүүлэх цээжлэх, нүсэр ажлыг нугалжээ. Музейд ийнхүү махран зүтгэж хэд хэдэн хүний хийх ажлыг ганцаараа гүйцэтгэж байсныг дээд газар үнэлж, ШУА-ын нэр дээр Бээжин Их сургуулийн япон хэлний ангид суралцуулахаар явууллаа.
8.Тэр үед хөгжмийн зохиолч Дамдинсүрэн, зураач Гомбосүрэн гээд маш олон оюутан аспирант Хятадад сурч байв. Хятадын энгийн ард олны амьдрал ядуу өлөн зэлмэндүү байсан үе. Гадаад оюутнууд тусгай дэлгүүрт орж, хоол сайнтай гуанзанд ордог тусгай "хангамжинд"байжээ. Гадаад оюутан бүр хятад туслагч оюутан гэгдэх "нүд, чих"-тэй. Хятад оюутны хоол нь бүртийх мах тосгүй, усанд чанасан ногоо голдуу байдаг болохыг ажигласан гадаад оюутнууд өөр өөрсдийн туслахаа гадаад оюутны гуанзанд дагуулан оруулж дайлдаг байдал хавтгайдаа байсныг сургуулийн захиргаа мэдээд таслан зогсоожээ. Арван хэдэн хятадтай ганц монгол нэг ангид, хичээл нь яггүй хүнд шаардлага өндөртэй байв. Нэг цагийн хичээлийн явцад нэг оюутан тав зургаа дахин асуугдана. Радио сонсгоод хятад руу, хятадаас япор руу дор бүр түргэн орчуулга хийлгэх дасгал олонтой хийлгэнэ. Хэлний дүрэм, хэлзүйгээс гадна японы түүх, уран зохиол бас орно. Гуч гарсан "хөгшин" ганц монгол оюутан хятад оюутнуудын дор орохгүй гэж, монголынхоо нэрийг гутаахгүй гэж их чармайдаг байжээ. Өдөрт 30-40 шинэ үг цээжлэх, карт хөтлөх, уран зохиолын ном унших зэргээр цаг мөч бүрийг сул өнгөрөөхгүйн төлөө хичээдэг байв. Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг мэдэхэд сургуулиа төгсөх болжээ. Нэгэнт орчуулагдаад гарсан номыг төгсөх дамжааны оюутнууд ухамсрын үүднээс харж хуулбарлахгүйгээр хятадаас япон болгон хөрвүүлэх курсын ажил хийж төгсдөг уламжлалтай байжээ. Хандсүрэнд ийм ажил сонин биш санагдаж, япон хэлний "ваа", "га" дагавараар дипломын ажил хийх хүсэлт тавьж, Джэнь хэмээх багшийн удирдлагаар дипломын буюу анхны судалгааны ажлаа амжилттай хийж, сургуулиа онц дүнтэй төгсчээ.
9.Хандсүрэн сургуулиа төгч ирээд ШУА-ын Түүхийн хүрээлэнд ажилд оров. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ишжамц шинэ боловсон хүчинг хүлээн аваад
"аав чинь Монголын нууц товчоог анх монгол руу орчуулсан хүн тул чи энэ сэдвээр ажиллах уу" гэж асуусан хэдий ч "нууц товчоог дэлхийн олон эрдэмтэн олон талаас судлаад мөлжчихсөн, чамд судлах юм үлдээгүй" гэсэн зарим хүний үгэнд автаж, эртний монгол аймгуудын нэг "Жужан" сэдвээр эрдэм шинжилгээний ажлын гараагаа эхэлжээ. Хэдэн жилийн турш хятадын эртний сурвалж бичгүүдээс Жужаны холбогдол бүхий материал цуглуулж, түүнийгээ монголчилж байв. Эртний хятад бичиг нь орчин үеийн бичигтэй адилгүй тул "Үгсийн далай" хэмээх эртний нангиад үсэг бичгийн тайлбар толь хичээнгүйлэн эргүүлсээр дахин нэг сургууль төгссөн дайтай юм болж, эртний судар бичиг унших дадлагатай болжээ. Монголын эртний нүүдэлчин аймгийн нэгэн болох Жужан нь IV зууны эцэс, VI зууны дунд үе хүртэл 150 жил оршин тогтнож байсан хэдий ч манайд энэ аймгийн талаар гарсан ном товхимол хараахан байгаагүй, нангиадын эртний түүхийн сурвалж бичигт ч ховор энд тэнд тэмдэглэл байв. Иймд Хандсүрэн манай эрины 385-659 оныг хамарсан, 554 зүйлийг багтаасан "Жужаны материалын эмхэтгэл" бичсэн байна. Мөн "Жужаны түүхийн зарим асуудал", "Жужаны ахуй байдал, соёл зан заншлын тухай", "Жужаны нийслэл Мүмэ хот" зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүдийг эмхэтгэн "Жужаны хаант улс" номоо бичжээ.
10.Ноён уулын Хүннүгийн Шаньюгийн булшнаас олдсон археологийн бусад олдвор дотор байсан модон аяганы ёроол дахь бичгийн талаар Японы эрдэмтэн Үмехара, монголын археологч Доржсүрэн нарын хийсэн судалгаа байсан хэдий ч, алдаатай зөрүүтэй зарим зүйл байсныг дахин нягтлан уншиж "Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон аяганы бичээсийг дахин уншсан нь" өгүүлэл бичиж нийтлүүлжээ.
11.Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумийн Хөгшин тээл хэмээх газраас 1278 оны үед хамаарах Юань улсын Хубилай хааны цэргийн гэрэлт хөшөөг 1957 онд археологч Н.Сэр-Оджав авч ирснийг 1958 онд төв музейн үзмэрт тавьжээ. Эл хөшөөний бичээсийн нангиад эх болон нэр үл мэдэгдэх хүний монголчилсон эхийг 1965 онд эрдэмтэн Х.Пэрлээ сийрүүлэн нийтлэсэн байна. Мөн оросын судлаач П.К.Коздовын 1928 онд хэвлүүлсэн "Краткий отчет о Монголо-тибетской экспедиции (1923-1926)"-д дээрхийн адил 81 үсгийг огт уншаагүй, 14 үсэг ташаа уншигдсан байжээ. Хандсүрэн уг хөшөөний бичгийг дахин нягтлан уншихад "Сүрийг бадруулагч цэрэг" хэмээх ерөнхий гарчигийн дорх 21 мөр бичээст: 1278 онд Хубилай хааны цэргийн жанжин хийгээд зүүн жигүүрийг хамгаалах шадар цэргийн захирагч сайд Цзямангуудай шадар цэргийг удирдан умар зүгт дайтахаар явж Иду ууланд хот суурин байгуулсан тухай, тэр хотод "Сүр бадруулагч цэргийн хот" гэж нэр өгсөн тухай болон бичгийн эхийг бичсэн, чулуунд сийлсэн хүмүүсийн талаар тэмдэглэсэн байвай. Хожим 1989 онд японы эрдэмтэн М.Хорие энэ талаар хийсэн "Хөгшин тээл хөшөө ба Сүр бадруулагч цэргийн цайзны туурь" эрдэм шинжилгээний өгүүлэлдээ, "хатагтай Хандсүрэнгийн нийтлүүлсэн өгүүлэл энэ сэдвийн судалгааны анхны өгүүлэл, би үүнд тулгуурлан өөрийн харьцуулсан судалгаа хийсэн" гэж тэмдэглэсэн байдаг.
12.Хандсүрэн 1970 онд эрдэм шинжилгээний томилолтоор ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр) хот дахь Дорно дахины судлалын хүрээлэнд очиж ажиллахдаа аавынхаа 1917 онд нангиад галигаас худам монгол хэлэнд хөрвүүлсэн "Монголын нууц товчооны" гар нооргийг олсон тухайгаа "миний амьдралд тохиосон хамгийн баяртай, хамгийн аз жаргалтай, хэзээ ч мартагдашгүй тийм нэгэн мөч байлаа" гэж эцгийнхээ номын оршилд бичсэн байдаг. Үнэндээ эрдэм шинжилгээний ажилтан хүнд үүнээс илүү олдох олз омог гэж юу байх билээ. Орчуулга дууссанаас 80 жилийн дараа, орчуулгын гар бичмэл олдсноос 27 жилийн дараа "Цэнд гүн ба Монголын нууц товчоо" номоо хэвлүүлж олны хүртээл болгосон байна.
13. Атомын бөмбөгийн хор хөнөөлийг эсэргүүцэх олон улсын хурал японы атомын бөмбөгт нэрвэгдсэн Нагасаки, Хиросимо хотод жил бүр болдог. Энэ уламжлалт арга хэмжээний 19 жилийн ойд оролцох зургаан хүнтэй монголын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд ШУА-ыг төлөөлөн орох болж, арлын Япон оронд анх хөл тавьжээ. Монголын төлөөлөгчдийн тэргүүн зохиолч Чойжилын Чимэд илтгэл яриагаа урьдчилан бэлдэдэггүй, шууд босоод чин сэтгэлийн сайхан үгээ уран яруу хэлчихдэг, Хандсүрэн ч сайхан үг хэллэгийн амт шимтийг алдагдуулахгүйг хичээн орчуулдаг, Монголын төлөөлөгчид хурал цуглаанд үг хэлэх тоолонд хүмүүс алга нижигнүүлэн ташиж, халуун дотно хүлээж авдаг байжээ.
Мөн 1969 онд Улс хувьсгалын 50 жилийн ойгоор хэвлүүлэх шуудангийн марк, ил захидлыг захиалах ажлаар Улсын номын худалдааны газрын дарга Гомбосүрэнтэй хамт Японд хоёр дахь удаагаа очив. Хэлэлцээр амжилттай болж гарын үсэг үзэглэхэд Хандсүрэнг зөвхөн орчуулагч эмэгтэй биш улсаа төлөөлсөн бүрэн эрх бүхий төлөөлөгчийн нэг гэдгийг ойлгоод, эмэгтэйчүүдийг үл тоомсорлодог японуудын хандлага эрс өөрчлөгдсөн гэдэг.
14.Монголд ардчилсан хувьсгал ялж, залуучууд англи япон хэл сурахыг сонирхдог болж нийгмийн ухаан хэлний чиглэлийн олон хувийн дээд сургууль нээгдсэн билээ. Хувийн сургуулиуд нэртэй сайн багшаар оюутан сурагчдыг өөртөө татдаг нь нууц биш. Япон хэл заадаг сургууль бүр үүсгэн байгуулагдсан эхний жилүүдэд Хандсүрэн гуайг сургуульдаа багшуулахыг эрмэлзэж байв. Тэтгэвэртээ гарсан Хандсүрэн гуай ч энэ хүсэлтийг хүлээн авч "Отгонтэнгэр", "Ирээдүй" сургуулиуд гэрт нь ойрхон байранд байрлаж байх үед нь багшилж байжээ.
15.Одоо 85 насыг зооглож байгаа Хандсүрэн гуай нөхөр Д-ын хамт гурван хүүхэд, долоон ач зээ, таван зээнцэрээ тойруулан энх тунх бидний дунд амьдарч байна.

Tuesday, 13 May 2008

Нууц товчооны эргэн тойронд

Өмнөх бичлэгт, "Цэнд гүн ба Монголын нууц товчоо" хэмээх хоёр ботийг Ц.Хандсүрэн нягтлан боловсруулж, эрдэм шинжилгээний тайлбар хийн хавсаргаж эрхлэн хэвлүүлсэн тухай цухас дурдсан. Монголын Нууц Товчоо нь нэг талаас XIII зууны үед зохиогдсон, Монголын Их Улс мандах цаг үеийн чухал явдлуудыг үнэн мөнөөр бичсэн түүхийн хосгүй баримт бичиг, нөгөө талаас монгол ардын оюуны чадавхи авъяас билгийг илтгэсэн гайхамшигт уран зохиолын өв билээ. Мэдээж нүцгэн цөлд ганц ганган улиас ургахгүйн тул өөр өчнөөн олон түүх уран зохиолын үнэт зүйлсийн үлэмж хэсэг нүүдэл суудал, дайн байлдааны хөлд үрэгдэн алга болж, бидний үед Нууц товчоо, Гэсэр, Жангар зэрэг цөөн бүтээл л өв болон үлдсэн.

Монголын эртний зохиолын эдгээр гурван оргилоос Нууц товчоо нь уран яруу хэлээр тэр цагийн Монголын сайн сайхныг хэтэрхий дөвийлгөн магтахгүй, муу муухайг далдлан нуухгүй чухам үнэнээр бичсэнээрээ түүх, хэл судлал, зан заншил угсаатан зүй судлаач эрдэмтэд судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах энэ номын хятад үсгийн эх дөнгөж зуу гаран жилийн өмнө Европт танил болсныг хятадууд "нууц түүх" болгосонд байгаа гэж тайлжээ. "Энэ бичгийг Их хурал хуралдаж, хулгана жилийн долоон сард Хэрлэн голын Хөдөө арлын газраа бууж бүхийд бичиж дуусгабай" хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ нь 1240 оны үе ба уг зохиолын эхний хэсгийг Чингис хааны үед бичиж, Өгөөдэй хааны үед үргэлжлүүлэн туурвисан бололтой. Гадагш тархахыг хуулиар хориглосон түүхийн сурвалж бичиг "Юан ши луцзи (Юань улсын түүх дэх умард харь үндэстний түүвэр) хэмээх зохиол улсын "алтан хоргонд" орж, хааны ордонд нууцлагдан хадгалагдах болжээ. "Монголын Нууц Товчоо" ийнхүү "нууц түүх" болсон учрыг Ц.Хандсүрэн эмхэтгэн гаргасан "Цэнд гүн ба Монголын Нууц Товчоо-2" номдоо өгүүлжээ.

Цааш нь: "Монголчууд Хятадаас гарч явсны дараа Мин улсын үед Сун Лянь зэрэг хүмүүс "Юань улсын түүхийг засамжлан бичих үед тэрхүү "нууц түүхийг" монгол хэл бичиг үл мэдэх учраас ашиглаж чадаагүй, хожим 1383 оны үед монгол үгнээс нангиад галигаар дуудлагыг хадах, утгыг хятад руу орчуулах зарлиг гарч гүйцэтгэсэн байна. Дараа нь Юн Лэ хааны (1403-1424) үед "нууц түүх"-ийг "Юань улсын нууц түүх" хэмээн нэрлээд 15 дэвтэр бүхий "Юн Лэ хааны их цаазын бичиг" болгосон түүхтэй. Энэ 15 дэвтэрт Цянь Дасин түшмэл бичсэн оршилд "..."Юань улсын нууц түүх" нь 12 дэвтэр бөгөөд Юань улсын үгээр бичсэн шаштир гэдгээр монголоор бичсэн бололтой.

Нөгөөтэйгүүр Мин улсын үеэс эхлэн "Юань улсын түүх"-ийг засамжлан бичих шалтгаанаар олон түшмэлийн гар дамжин, хувь хүний сан хөмрөгт орж бие биедээ дамжуулсаар үрэн таран болсон нь илт харагдаж байна. Тэр үед л анхны Юань улсын үгээр буюу монгол хэлээр бичигдсэн эх зохиол үрэгдэн гээгдсэн болов уу. Гэвч тухайн үеийн эрдэмтэн түшмэд басч гэж уул зохиолын үнэ цэнийг мэдэж удаа дараа гэрэлтүүлэн сийрүүлсээр эдүгээ олдоод байгаа Цянь Дасины оршил бүхий "Юань улсын нууц түүх" 15 дэвтэр, Гү Гуаньчи, Е Дэхүй нарын 12 дэвтэр бүхий хоёр хувилбар байх ажээ. Манайд тэдгээр эхийн аль нь ч байхгүй байв. 1908 онд Шарад отгийн Жамсрангийн Цэвээн агсан хятад газраас Е Дэхүйн барлуулсан 12 дэвтэр зохиолыг олж ирж агуу их гавьяа байгуулсан билээ. Тэр нь монгол үгийн аялгаар нангиад үсгээр галигласан эх байв. Энэ 12 дэвтэр нь номын гол хэсэг болох 282 зүйл, тэдгээр зүйл бүрийн ард хавсаргасан утгачилсан тайлбар болон Цянь Дасин, нэр үл мэдэгдэх хүн, Е Дэхүй, Чжан Му нарын дөрвөн хүний бичсэн оршил зэргээс бүрдэж байв." гэжээ.

Түүхч Ц.Хандсүрэнгийн эцэг Цэнд 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэлд идэвхтэй оролцож, Манлай ван Дамдинсүрэнгийн удирдсан цэрэгт багтан гамин цэргийг монгол нутгаас хөөх Долнуурын байлдаанд оролцсон гавьяа зүтгэлийг үнэлэн "Бодлогот баатар гүн" цолоор Богд Жавзандамба хутагт шагнасан байна. Хиагтын гурван этгээдийн бага хуралд Цэнд гүн оролцож байсан бөгөөд 1915 онд Богд хаант Монгол улсын Гадаад Яамны дэд сайдаар томилогдон ажиллаж байв. Цэнд гүн багаас гэрийн багшаар монгол, маж, хятад хэл заалгасан өндөр боловсролтой хүн байжээ.

Цэнд гүн Их хүрээнд Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байхдаа (1915-1917) албан ажлынхаа зав чөлөөгөөр Жамсрангийн Цэвээний хятад газраас олж авчирсан, хятад үсгээр бичигдсэн Е Дэхүй-н оршилтой 12 дэвтэр 282 зүйл Монголын Нууц Товчоог уйгаржин монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан байна. Олноо өргөгдсний долдугаар буюу 1917 оны намрын дунд сарын таванд орчуулах ажлаа өөрийн бичсэн оршил хамт дуусгажээ. Энэ орчуулгын эх бичмэл нь Санкт-Петербург дахь Дорно Дахины судлалын хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгөд хадгалагдаж байсныг Цэнд гүний охин түүхч Хандсүрэн 1970 онд эрдэм шинжилгээний томилолтоор тэнд очиж цөөхөн хоног ажиллахдаа олж авсан түүхтэй. Цэнд гүний 1917 онд хөрвүүлсэн "Монголын нууц товчоо" нь ерөөс монгол хэлнээ хөрвүүлэгдсэн анхны эх гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Уг бичмэл нь шаргалдуу өнгийн гялгар цаасан дээр бийрээр бичигдсэн, бүгд 316 тал хуудаснаас бүрдэх бөгөөд бараг хуудас бүхэнд нь засвар хийж, бичсэн үгээ балласан буюу цагираглан дарсан байх агаад зарим хуудасны дээд зайд "энэ үгийг дахин хянах хэрэгтэй" гэсэн тэмдэглэл онцгойлон хийсэн зэргээс үзвэл Цэнд гүний хөрвүүлгийн анхны гар ноорог байсан бололтой. Энэ гар бичмэлийг Цэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны тайж, Гадаад яамны эх зохиогч түшмэл Цэвэгсүрэн хуулбарлаж авчирсан хувь одоо Улсын Төв Номын Санд хадгалагдаж буй.

"Энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй. Гагцхүү хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба анх уйгар монгол хэлээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлж бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мөн гэж баримтламаар бичиг байхгүй тул одоог хүртэл хятад үсгийн эхийг гол болговол зохино. Нууц товчооны хятад үсгийн эх Европт мэдэгдсээр зуу шахам жил болов. Монголын нууц түүх гэдгийг Кафаров... хятад орчуулгаас орос хэлэн дээр орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний үзэх судлах замыг нээсэн. Германы Хэниш 1931 онд Ей Дэ-хуйн эхийг латин үсгээр сийрүүлэн бичиж, түүхэнд орсон үгний толийн хамт нийтэлжээ. Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь одоо хүртэл үгүй. Гагцхүү байгаа нь Цэнд гүний орчуулсан эх" гэж Ц.Дамдинсүрэн хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр орчуулсан "Монголын нууц товчооны" удиртгалд бичсэн байдаг.

Ц.Хандсүрэн эцгийнхээ хөрвүүлсэн эхийг 1970 онд хальсанд буулган Монголд авчирсан боловч, улс төр үзэл суртал хийгээд хүнд суртлын элдэв саад бэрхшээлээс хэвлүүлж чадахгүй явсаар 27 жилийн дараа ном болгон олны хүртээл болгосон байна. 1997 онд гарсан "Цэнд гүн ба Монголын нууц товчооны-1" боть нь Хандсүрэнгийн кирил монголоор бичсэн оршил ба Цэнд гүний уйгаржин орчуулга. 2002 онд гарсан "Цэнд гүн ба Монголын нууц товчооны-2" бүхэлд нь кирил болгосон ботийг уйгаржин уншиж чадахгүй хүмүүст зориулж тус тус хэвлэн олны хүртээл болгосон байна.

Ц.Хандсүрэнгийн тухай үргэлжлэл бий

Saturday, 10 May 2008

" Юан" нэрийн тайлал

Миний өмнө 2005 оны эрдэм шинжилгээний шилдэг номд шалгарсан Ц.Хандсүрэнгийн "Жужаны хаант улс ба түүхийн зарим асуудал" ном дэлгээтэй байна. Зохиогч Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, аав Цэндийн мэндэлсний 130 жилийн ойд зориулан 244 хуудас бүхий энэ бүтээлээ эмхэтгэн хэвлүүлжээ.

Эрдэм шинжилгээний бүтээл гэж чухам ийм л байх ёстой болов уу гэж би энэ номыг уншиж байхдаа бодсон. Жужан нарын гарал үүсэл, энэ үгийн тайлал, тэдний аж байдал зан заншил соёл, түүнчлэн Жужан аймаг хүчирхэн мандсан доройтон мөхсөн гээд ном нь өөрөө цомхон, ердөө тавин хэдхэн хуудастай. Түүхийн боловсролгүй хүн ч уншаад ойлгохоор энгийн товч тодорхой бичлэгтэй. Харин зуун тавиад хуудас бүхий "түүхийн эх сурвалж" хэмээх хавсралт нь уншихад амархан байсан эхний тавин хэдэн хуудасны бараг үг үсэг, ойлголт бүрийг нэгбүрчлэн тайлбарласан, номд ашигласан хятад япон голдуу түүхийн сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн тавьсан, хятад японоос гадна худам монгол түүхийн эх сурвалжид тулгуурлан түүхийн тухайн цаг үе мөчийн талаар нарийвчилсан тайлбар өгсөн номноосоо дутахгүй чухал мэдээлэл агуулсан "хатуухан самар" байв. Уран сэтгэмж арвинтай тааж бууддаг судлаачдын номноос ялгаатай, алхам бүрдээ эрдэм шинжилгээний баталгаа нотолгоотой, асуудал дэвшүүлсэн байв.

Түүхийн энэ томоохон бүтээлд мэргэжлийн түүхч биш бибээр үнэлгээ дүгнэлт өгч чадахгүйн учир, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Лувсангийн Хайсандайн уг номд бичсэн өмнөтгөлөөс ишлэе:
"Профессор Цэндийн Хандсүрэн гуай бол Монголын түүх, дорнодахины судлалын нэртэй эрдэмтэн хүн. Тэрээр Монголын эртний түүхийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал "Жужаны хаант улсын түүх"-ийг дагнан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэнд анхлан оруулсан бөгөөд тэрхүү зохиол нь Монголын түүхийн ботиудад бие даасан бүлэг болон удаа дараа хэвлэгдсэн. Мөн Монголын ба гадаадын эрдэм шинжилгээний хэд хэдэн сэтгүүл, цувралд хэсэгчлэн нийтлэгдэж байв.
Түүх судлалын хувьд цоо шинээр бичигдсэн, эрдэм шинжилгээний хувьд үнэ цэнэтэй энэхүү бүтээл нь Монголын ба гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж буйн дээр аль хэдийнээ залуу түүхч, их дээд, дунд сургуулийн багш,оюутан, сурагч нарын гарын авлага, ширээний ном нэгэнт болсон авч одоо олдохгүй, эрэл сурал болж, маш ховор "эдийн" тоонд орчихоод байсан "цагаан толбыг" арилгаж, эрдмийн хүрээнийхний хүсэн хүлээж буйг харгалзан өргөн олон нийтийн хүртээл болгохоор уг бүтээлийг нийтэлж байна. Болгоон соёрхоно уу.
Энэ ялдамд нэгэн зүйлийг онцолж хэлэхэд профессор Ц.Хандсүрэн туурвисан "Өвөр Монголын Өөртөө Засах Орон" хамтын бүтээлийн 1911-1947 оны хэсгийг, "Түвд орон, түүний байдал төлөв", "Дагуурын зан заншил", "Япон орон" зэрэг олон арван бүтээл дурдаж болно. Үүний хамт хятад, япон эрдэмтдийн 10 шахам бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж нийтийн хүртээл болгожээ. Түүнчлэн өөрийн эцэг Цэнд гүний орчуулсан "Монголын Нууц Товчоо"-г улам нягтлан боловсруулж, эрдэм шинжилгээний тайлбар хийн хавсаргаж "Цэнд гүн ба Монголын Нууц Товчоо" хэмээх хоёр ботийг эрхлэн хэвлүүлсэн байна." гэсэн байдаг.

Номын сүүлийн хэсэгт "Ноён уул дахь Хүннүгийн булшнаас олдсон аяаганы бичээсийг уншсан нь", Хөгшин Тээлийн хөшөөний бичээсийг унших нь", "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь", "Жужаны нийслэл Мумо-Чэн буюу Мөөм толгой хотын тухай" гэх зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэлүүд оржээ.

Уншигч танд энэ түүхчийн тухай өөрөө дүгнэх боломж олгохын тулд "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь" өгүүллэгийн хэсгийг сийрүүлэн үзүүлсү:
"...Хятадын түүхч Чэн Шү "Юан" үсгийн гол утгыг "хар татаарын "хар" буюу "хөх монголын "хөх" гэснийг төсөөлсөн үг болно. гэжээ.

Энэ талаар эрдэмтэн Л.Жамсран "Юан" гэдгийг язгуур хэмээх утгаар нь тайлбарлаад язгуурын монгол улс гэдэг утга агуулдаг гэжээ.

Энд нэмж хэлэхэд "Юан" үсгийн эртний тайлбараар бол "тэргүүн" гэдэг утгыг бас агуулдаг юм. Учир нь тэргүүн нь хүний бие цогцосын хамгийн дээд хэсэг болох тул хүний дээд хэсэг гэсэн утгатай болно.

Тиймээс монгол улс бусад олон улс аймгуудын тэргүүн улс болохыг илэрхийлэн ийнхүү нэрлэсэн байж болох юм. Мөн "юан" үсгийг "анх", "эх", "үүсвэр", "урт", "их" гэх мэт утгаар тайлбарлаж бас болно. Түүхч Чэн Шү-гийнхээр "хар", "хөх" өнгийг илэрхийлж болох талтай.
Дашрамд дурдахад "хар" гэдэг бол үнэнч шударга, журамтай гэдэг утга агуулдаг учир монголчууд эрт дээр үеэс хар өнгийг эрхэмлэдэг байсан. Хар өнгө бол монгол уламжлалаар хольцоогүй гэсэн утгатай. Жишээ нь: байгаль ертөнцийн хүчин зүйлсийг "төгс сайн хар" гэдэг. Мөн улс орондоо шудрага журамтай, засаг захиргааны ажлыг гүйцэтгэгчийг "төрийн хар хүн" гэнэ. Хань нөхрөө "хар хүн" гэдэг нь мөн л журамтай гэдэг утгаар тийнхүү нэрлэдэг ажээ.

Юан улсын тухай эртний тулгуур бичиг "юан-ши-д: Чжи юаны 8-р он (1271)-д түшмэлийн айлтгалаар, ..."Цао муцзы" хэмээх зохиолд "Их зурхайт" номоос "агуу их тэнгэрийн язгуур" хэмээх үгийг авч улсын цол болгожээ" гэж тэмдэглэсэн байдаг.

"Юан" хэмээх үсгийг монгол хүн өөрийнхөө сэтгэж байсан монгол үгийн утгаар нь хятад үсэгт тохируулан хөрвүүлээд түүнийгээ улсын нэр болгон тунхагласан хэрэг. Түүнээс биш нангиадын түүх сударт тэмдэглэсэнчлэн ордны нэгэн түшмэлийн дэвшүүлэн тавьсан билэг дэмбэрэл бүхий үсгийг шууд авч хэрэглэсэн хэрэг хараахан биш мэт санагдана. Учир нь байлдан дагуулж хүчирхэг байсан тухайн үеийн Монгол улсын төрийн уриа бол "Сайн амгалан болтугай" хэмээх үг байсан. Түүний "сайн" хэмээх үгийг нангиадын утга бичгээр хөрвүүлэн тэмдэглэхдээ "Юан" гэдэг үгийг сонгон авчээ. Тэгэхээр "юан" монголын "сайн", "өлзийтэй", "дэмбэрэлтэй" гэдэг утгыг бас агуулдаг.

Арга билгийн хувьсалын үндсэн зарчмаар ертөнцийг тайлбарладаг, м.э.ө зохиогдсон "зурхайт номын" шастир дахь "тэнгэрийн эрдэм" хэмээх бүлэгт "Юан хэмээгч сайны өнөд хөгжил болой" гэснээс үзэхэд "юан" үсэг нь хамгийн дээд "сайн" гэдэг утгаар томъёологдоно.
"Юан" гэдэг утга үсгийг задлан шинжилж үзье. Энэхүү утга үсэг, хоёр утга санаа бүхий зураасын гурван хэсгээс бүтсэн байдаг. Эхний зураас "арга", дараачийн зураас "бичиг", гурав дахь нь "хүний төрөлхийн мөн чанар" гэсэн утга агуулна. Үүнийг зурхайт номонд тайлбарлахдаа: "Арга билгүүнийг ёс хэмээмой. Түүнийг залгамжлагч бол сайн, түүнийг бүтээгч хүний төрөлхийн мөн чанарт оршино" гэжээ.

Хубилай хаан өөрөө бичгийн боловсролтой хүн байсан. Тийм учраас тэр үеийн монголчуудын зан заншил, хэв ёсны дагуу билэг дэмбэрэлтэй, "өлзийтэй сайн, урт удаан, мөнх билэгтэй" гэсэн утга агуулсан үсгийг нангиад хэлэнд орчуулаагүй. Харин тэр үеийн хятадын бичгийн хүмүүсийн ойлгож сэтгэдэг дөрвөн бичиг, таван номоос "Юан" гэдэг үгийг оноож авсан явдал бол хятад, монгол хоёр өөр соёлтой ард түмний хэн хэнд ойлгогдох үгээр төлөөлүүлэн "Юан" гэдэг үсгийг авч хэрэглэсэн байна.
Түүнийгээ ордны хятад түшмэдэд ойлгуулахдаа: "Зурхайт номын тэнгэрийн утгатай" хэмээхэд түшмэд даруй бүрнээ ойлгон бишрэн сэтгэхэд, Монголын түшмэд, ард олондоо түүнийг "өлзийтэй, билэг дэмбэрэлтэй сайн улс" гэсэн утгатай хэмээн ойлгуулахад мөн тийнхүү сэтгэн ойлгодог байсан гэж үзэж болно." гэжээ.

Ганц "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь" хэмээх богино өгүүлэлийг бичиж, "Юан" утга үсгийн тайлал хийхийн тулд холбогдох арваад эх сурвалж уншиж, бусад судлаачдын санаа оноотой харьцуулан шүүн нягталж өөрийн дүгнэлт санааг дэвшүүлэхдээ хичнээн их цаг хүч зарж, судалгааны ажилд хир няхуур нямбай ханддаг болох нь харагдаж байна.

Ц.Хандсүрэнгийн тухай үргэлжлэл бий


Saturday, 22 March 2008

Байгаль орчны манаанд-2

Мандалговь хотноо болсон боксын дэлхий аваргын мөнгөн медальт, талийгч дүү Отгонбаярынхаа нэрэмжит боксын аврага шалгаруулах бүсийн тэмцээнд оролцохоор 2000 онд явж байхдаа зудад нэрвэгдсэн Дундговь аймгийн малчдын хүнд хэцүү байдлыг ажигласан Оюун зуд ган зэрэг байгалийн гамшиг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг хайх ажил хийх санаа төрж, эрсдэл судлах төвийг санаачлан зохион байгуулжээ. Мал тариалангийн эрсдэл судлах төвийн зохицуулагчаар Оюун өнөөг хүртэл ажиллаж байна.

Мал тариалангийн эрсдэл судлах төвийн тэргүүн, улсын их хурлын гишүүн асан Тогтох Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд сүүлийн хэдэн жил хийж байгаа судалгаа, ажиглалт, туршилтын талаар сонирхолтой зүйл ярьлаа. Ургамал судлаачтай хамт явж бэлчээрийн ургамалыг төрөл зүйлээр судлаад, зуншлага, намаржилтын үед тодорхой хэмжээний газрын өвсийг хадаж жигнээд ажиглалт хийж буй хот айлын мал хир хэмжээний талбайд идээшилж буйг, тухайн хот айлын мал хэдий хэмжээний өвс ургамал идэж хэрэглэдэг болох, малын тарга тэвээрэг ямар байгааг малаа жигнэж амьдын жин хэрхэн өссөн хорогдсоныг гурван жилийн турш хэмжилт ажиглалт хийн судалсан. Энэ нь бэлчээрийн даацыг бодьтойгоор гаргах, цаашид суурин хагас суурин эрчимт мал аж ахуй эрхлэхэд зайлшгүй шаардагдах судалгааны эх суурийг тавьж байгаа чухал ач холбогдолтой ажил юм. Түүнчлэн малчдыг судалгаа туршилтын ажилдаа хамруулан цаг уурын ажиглалт хийх дэвтэр хөтлүүлж заншуулсан байна. Эрдэнэдалай суманд хийсэн үүл задлан харвах туршилт хийж бороо хур оруулах болиулах туршилт амжилттай болж тус сум өвс ногоо халиурсан баян бүрд мэт хавь ойрын сум нутагт онцгойрох болсон тухай, ойр зэргэлдээ сумын иргэд бүгд ийшээ хошуурснаар бэлчээр талхлагдан сүйдсэн тухай ярьсан. Цаашид ийм ажлыг улам өргөн цар хүрээтэй хийх боломжтойг харуулсан туршилт боллоо гэж байлаа.

Зуд ган зэрэг байгалийн гамшиг мөн тодорхой мөчлөгтэй давтагддаг агаад, түүний давтамж өсөх хандлагатай байгаа нь сүүлийн 60 жилийн статистик судалгаанаас харагдаж байна. 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилснээр 9,2 сая мал хорогдсон бол, 1956 оны ган зудад 2,2 сая мал хорогдсон бөгөөд 1968 оны бичин жилд 165 хоног үргэлжилсэн зудад 4,4 сая мал хорогджээ. 1970-1990 оны хооронд өмнөх жилүүдийн адилаар ган, зуд цөөнгүй тохиолдсон боловч түүний эсрэг тэмцэх бэлтгэл нөөц харьцангүй сайн байсан тул хохирол багатай гарсан байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын дулааралт, экологийн орчны өөрчлөлттэй холбоотойгоор ган зудын давтамж ойртож, байгалийн гамшгаас учруулах хохирол буурахгүй байна. 1999-2000 онд 12 аймгийн 157 сумын олон сая мал зудад нэрвэгдсэнээс 2,4 сая мал хорогдсон. 2000-2001 онд 20 аймгийн 192 сумын хориод сая мал зудад нэрвэгдсэнээс 3,5 сая мал хорогдож таван мянга орчим өрх малгүй болжээ.

2007 оны тооллогоор малын тоо толгой 40 саяд хүрсэн, олон арван мянгат малчин төрсөн тухай сонин хэвлэлээс бид уншиж баярлаж байлаа. Гэтэл тооны олноос гадна сүргийн зохистой бүтэц гэж чухал зүйл байдаг юм байна. Ямаа туурайгаараа цахилж өвсийг үндэстэй нь иддэг тул бог малын цөөн хувийг ямаа дийлэнхи хувийг хонь эзлэх нь бэлчээрт ээлтэй. Манай экспортын үндсэн нэр төрлийн бараанд ноолууран бүтээгдэхүүн ордог, ноолуурын үйлдвэрүүд дэлхийн зах зээлийн чанарын түвшинг хангасан бүтээгдэхүүн гаргаж чаддаг болоод удаж байгаа, ямааны ноолуур өндөр эрэлт хэрэгцээтэй болсон зэрэг нь малчид ямааг түлхүү өсгөх сонирхолтой болоход нөлөөлжээ. Сүргийн бүтцийн олон үеийн шалгарсан харьцаа ийнхүү алдагдаад байна. Нэг өрхийн малын бүтцэд тэмээ 1,4 %, адуу 13,1%, үхэр 6,8%, хонь 50,7%, ямаа 28% тус тус байх нь зохистой гэсэн судалгаа байдаг.

Говь, говь хээрийн бүсэд үхэр бас зайлшгүй байх ёстой мал гэнэ. 1944 оны бичин жилийн зудаас өмнө тухайн нэг суманд 100 мянган толгой үхэр байсан бол зудын дараа 37 мянга хүртэл буурчээ. Саяханы тооллогоор 43 мянган үхэртэй байсан нь үхрийн тоо толгой хүрэлцэхүйц хэмжээний аргал түлш гаргах түвшинд хүрэхгүй байгаагаас малчдын голлох түлш болох аргал ховордсон. Аргалгүй болж аргагүйдсэн малчид хөрсийг эвдрэл сийрэгжилтээс хамгаалдаг урт үндэстэй бут бударган түлшинд ихээр хэрэглэх болсноор говь хээрийн, говийн бүсийн цөлжилт улам газар авч байна.

Үхэр хорогдож аргал ховордсоноос үүдээд жилийн дөрвөн улиралд нүүж байдаг малчдад хөнгөн авсаархан, хямд төсөр ямар түлш зохимжтой талаар халуун яриа өрнөлөө. Аргал, хоргол, хомоол, тэр байтугай хүний ялгадасаас гарган авдаг биохийн түлшийг хятад вьетнамууд аль эрт хэрэглэж эхэлсэн тухай яригдсан боловч, нефть химийн чиглэлээр голлон ажилладаг математикч инженер Багмид гуай хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд тохиромжгүй хэмээн няцааснаар нүүрсээс гаргах хийн талаар нэлээд ярилцлаа.

Байгалийн гамшиг ядуурал дагуулдаг. 1999 оноос 2002 оны сүүлийн гурван удаагийн зуднаар 12100 малчин өрх огт малгүй болж, учирсан хохирлын хэмжээ нь зах зээлийн дундаж ханшаар тооцоход 331,1 тэрбум төгрөгт хүрсэн тооцоо гарчээ. Ядуурал нь Монгол орны эдийн засаг нийгмийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Одоо хүн амын гуравны нэгээс илүү нь үндэснийхээ ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа бол олон улсын стандартаар тооцвол хүн амын 70 гаруй хувь нь ядууралд өртөөд байгаа юм. Зах зээл рүү чиглэсэн аж ахуйн нэгжийн хэмжээнд ажиллах боломжтой нэг өрхийн малын тоо толгой 300-500–аас доошгүй байхад тохиромжтой гэсэн судалгаа байдаг. Мал бүхий өрхүүдийн 37 хувь 50 хүртэлх толгой малтай, 20,5 хувь нь 51-100, 38,9 хувь нь 101-500, 3,6 хувь нь 501-ээс дээш толгой малтай байгаа нь Монголын малчин өрхийн өнөөгийн дүр төрхийг харуулж, малчидын дийлэнх хувь үр ашигтай аж ахуйн нэгж байх түвшинд хүрээгүйг харуулж байна. Ийм нөхцөлд ядуурал, орлогын тэгш бус хуваарилалтыг судлах асуудал ихээхэн сонирхолтой бөгөөд Монголд бага судлагдсан сэдэв болно. Нийгэм судлаач эмэгтэй Төрбилэгтэй хамтран ган зудын улмаас нүүрлэдэг ядуурал нийгэмд хэрхэн хүнд тусдаг, тэр дундаа хүүхэд залуучуудын сурах боловсрох нийгмийн халамж хүртэхэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг ЖЭМР компани бас хийжээ. Манай орны бэлчээрийн мал аж ахуй нь байгаль цаг агаарын байдлаас ихээхэн хамааралтай, энэ утгаараа харьцангүй эрсдэл ихтэй салбар тул түүний эдийн засагт эзлэх хувийн жин өндөр байгаа нь манай эдийн засгийг бүхэлд нь тогтворгүй, түүний өсөлт жигд бус байхад нөлөөлж байна. Дэлхийн практикаас үзэхэд хөгжиж байгаа орнуудын хөдөө аж ахуй нь эрчимжээгүй байдаг тул бүтээмж багатай ба түүний эдийн засагт эзлэх хувь хэмжээ хоцрогдлыг илтгэдэг гэж үздэг юм байна.

Мөн ЖЭМР компани Техникийн Их сургуулийн багш агаар мандалын физик процесс судалдаг эрдэмтэн Түгжсүрэн, математикч Санцар, эрүүл ахуйч Сайжаа, хот төлөвлөлтийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Нансалмаа нарын олон хүнийг хамруулан нийслэл хотын агаарын бохирдол бууруулах мастер төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мэдээлэл технологийн Мэндбаяр тэргүүтэй залуус хиймэл дагуулаас авсан дүрс тоон мэдээллийг боловсруулан Улаанбаатар хот дахь агаарын бохирдлын голомт, тархалтыг харуулсан “бохирдолтын газрын зураг” гаргаснаа хүнд хамгийн ойлгомжтой “хураангүйн хураангүй” хэлбэр хэмээн тайлбарлаж байлаа.

1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуульд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хүн амын шилжих хөдөлгөөнийг засаг захиргааны зүгээс хянаж, хүчээр хязгаарлаж байсныг өөрчилөн Монгол Улсын иргэд “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэйг” заасан. Малгүй амьжиргааны эх үүсвэргүй болсон, хөдөөд аж байдал хүндэрсэн хийгээд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, ажлын байр ховор зэргээс шалтгаалж иргэд олноороо нийслэл болон төв суурин газар шилжин суурьшиж байна. Мөн Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2003 оноос нийслэлд шилжин ирэгсдийн тоо улам нэмэгдсэн.

Улаанбаатар хот бол дөрвөн уулын дунд байрлалтай цаашдаа хаяагаа тэлэх боломж хязгаарлагдмал хот билээ. Иргэдийн шилжих хөдөлгөөний дүнд хотын хүн ам огцом өсч, хот гадагшаа тэлэх бус дотогшоо улам шигүү давчуу болсоор оршин суугчдынхаа тав тухыг алдагдуулсан хүний амьдрах орчин улам муудаж байгаа. Орон нутгаас шилжин ирж байгаа айл өрх газар нутгийн хүрэлцээгүйгээс үер усны гамшигт автах аюултай газар, өндөр хүчдэлийн шугам дор, газар дорхи бохир цэвэр усны шугам сүлжээний дээр, оршуулгын газрын ойр орчим зэрэг хаа дуртай газраа зөвшөөрөлгүй бууж хашаа байшин, гэр хорооллыг үүсгэж байгаа нь нэг талаас эдгээр хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учирч болзошгүй аюултай, нөгө талаас хот байгуулалтын бодлогод саад учруулж байна. Бий болсон энэ байдал байгаль орчныг бохирдуулан, гэрэл цахилгаан, цэвэр усны хангамж, эрүүл мэнд нийтийн тээврийн үйлчилгээнд багагүй хүндрэл бэрхшээл учруулж байна. Улаанбаатар хотын гэр хороолол ямарч төлөвлөгөөгүй, зохицуулалтгүй өргөжин тэлсээр байгаа билээ.

Гэр хорооллын ядуу өрхүүд төлбөрийн чадваргүйгээс хүйтний улиралд Туул голын бургас, Богд уулын модыг түлшинд хэрэглэж, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсаар байна. Хамгийн анхаарал татсан асуудал бол нийслэлд агаарын бохирдол, утаажилт ноцтой хэмжээнд хүрч, хүн амын хэт бөөгнөрлөөс байгаль орчин ихэд бохирдож, хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Улаанбаатар хотод ердийн галлагаатай 80 мянган пийшин хүйтний улиралд 400 мянган тонн нүүрс хэрэглэж 15 мянган тонн хорт бодис агаарт цацдаг, 50 мянга гаруй автомашин 60 мянган тонн шатахуун хэрэглэж, 60 мянган тонн хорт хий гаргадаг байна.

Ургамалын физиологч МУИС-ын багш профессор Цэндээхүү, ЖЭМР компаны зөвлөхөөр 1996 оноос ажиллаж байгаа ургамал зүйч эрдэмтэн Маньбадар гуай нар түүхий эд олборлолт, дэлхийн дулаарал, хөрсний эвдрэл зэрэг нь ургамалд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой зүйл ярьлаа. Насаараа эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн, их дээд сургуулиудад багшилж байгаа эрдэмтэд ЖЭМР компанитай хамтарч ажилласны дүнд онолын мэдлэгээ практикт баталгаажуулах боломжтой болсондоо талархал илэрхийлж байлаа.

Үг хэлсэн хүн бүр хамтарч ажиллахад эвсэг, мэргэжлийн ямар ч салбарын асуудлыг богино хугацаанд түргэн ойлгож аливаа юмны голыг олж хардаг, хэн хүнд урам хайрладаг гээд Оюуныг магтаж байсныг дэлгэрэнгүй бичвэл хэдэн хуудас гарна. Магтаалд угийн дургүй тэрээр "энэ бүхэн надад хамаагүй ээ, байгаль өөрөө тийм олон талтай цогц баялаг юмаа" гэж байв. Нэрт орчуулагч, редактор Г.Амар гуай "цаг үеэсээ түрүүлж яваа хүн" гэсэн үг сэтгэлд ойр буусан. Хувиасаа нэмж хэлэхэд "их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу" гэсэн үг түүнд яг таарна. Хэдхэн сарын өмнө найз нөхөд нь бэлэглэж байж түүнийг хүчээр гар утастай болгосон гэж байгаа, гэрт ажилд утас байхад шаардлага байхгүй гээд гар утасгүй л байлаа. Компаны захирал бүсгүйчүүл алба юм шиг булган дээл өмсөж, очир алмаас шигтгээтэй ээмэг бөгж зүүдэг хачин ёс манайд бий. Оюунд булга эрдэнэс аль нь ч байхгүй. Байгаль өөрөө тийм олон талтай баялаг гэдэг шиг тэр өөрөө ховор тохиолдох очир эрдэнэ дээ.

Thursday, 20 March 2008

Байгаль орчны манаанд - 1

Чехийн нийслэлийн төв гудамж-Вацлавын талбайгаар (1999 онд шиг санаж байна) явж байгаад оюутан ахуйн найз Оюунтайгаа санаандгүй таарч бөөн баяр хөөр болов. Найз маань Прагад зохиогдож буй мэдээллийн технологийн олон улсын семинарт суухаар иржээ. Түүнтэй хэвлэлийн хүрээлэн, хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрт ажилладаг компьютерийн инженер, програм зохиогч зэрэг арваад монголчууд хамт ирсэн байв. Семинарын чөлөө цагаар тэдэнтэй хамт явж, хэд хоног найзтайгаа хамт сайхан байлаа.

Миний хэл гэж юу байхав. Төдийлөн түгээмэл биш чех хэл сураад яана гэж залхуураад хэлний курс энэ тэрд яваагүй, хар ярианы ойр зуурын хэдхэн үг хэлхэхээс цаашгүй, ирээд удаагүй байсан үе. “Хүүхдүүд сургуульдаа яваад, нөхөр ажил төрөл хөөцөлдөж алга болоод найз нь гэр сахиад нутгаа санаад уйдаж байна” гээд найздаа хуучилбал, “чех нөхөртэй миний нэг найз бий, хоёул түүнээс ажил асууя” гэж байна.

Хорин хэдэн жил энд амьдарч байгаа, социализмын үед мэргэжлээрээ инженер хийж байгаад одоо хувийн бизнес эрхэлдэг нэлээн сэргэлэн байрын монгол эмэгтэйтэй Оюун маань уулзуулав. Гадаадын дээд сургуулийн дипломыг чех рүү орчуулж, хэрэгцээтэй гэж үзвэл зохих шалгалт өгч байж эндхийн Боловсролын яамаар дипломоо баталгаажуулдаг. Дээд боловсролтой хүн олон цөөн ч хүн удирдаж ажилладаг тул нутгийн хүмүүстэй бүрэн хэл нэвтрэлцэж чадах түвшинд ярианы болон бичгийн хэлэнд төгс байх шаардлага тавьдаг гэж байна. Мэргэжлээрээ ажиллаж чадахгүйгээ ойлгоод хэлгүй хүнд ямар ажил олдохыг сонирхвол, цэвэрлэгч асрагч... гээд, саяхан сонинд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт асрагч хэрэгтэй гэсэн зарлал байсан, эндхийн хүмүүс ийм ажил хийх дургүй , гадныхан голдуу тэнд ажилладаг, цалин нь ч харьцангүй өндөр гэж байна.

Эднийхээс гараад явж байхад цээжин дээр хүндээс хүнд туухай тавьчихсан шиг амьсгал авахад бэрх байв. Намайг дуугүй дүнсгэр байхыг хараад найз маань “чи тэр галзуугийн эмнэлэгт битгий ажилд ороорой, хүнд чинь таарсан ажил гэж байдаг юм. Гэртээ ажилгүй байж тун чадамгүй бол нутагтаа яваад оч, найз нь хариуцсан төсөл дээрээ ажиллууламз” гэлээ. Бид хэдийг хүний нутагт тэжээх гээд бүтэх бүтэхгүй ажил хөөцөлдөөд явж байгаа нөхөртөө, ажил хийж мөнгө олоод тус болохгүй гэхэд ядаж ары нь даагаад хоол цайг нь хийгээд явж байя гэж бодоод тэсч байлаа.

“Чи гэрээ санаад ажилгүй уйдаад байгаа бол хэдэн сар хариад ир л дээ” гэж нэг өдөр нөхөр маань хэллээ. Сэтгэлд нар гийх шиг болж, Оюунтай утсаар ярьж, одоо яваад очлоо, ажил байна уу?” гэсэнд “хүрээд ир л” гэж байна. Ингээд хоёр хоногийн дараа “Сорсийн сангийн “Хэвлэл мэдээллийн төвд” ажилд орсон доо. 2000 оны нэгдүгээр сард Чехэд нэмэх таван хэм байхад Улаанбаатарт өдөртөө хасах гучих хэмийн хүйтэн байсан. Сүүлийн арваад жил болоогүй хүйтэн өвөл болж, хөдөө зарим орон нутгаар шөнөдөө хасах тавь орчим хүрч байсныг сайн санаж байна. Гэхдээ би ер даараагүй, сэтгэл хангалуун өөдрөг бодолтой явахад хүн даарах байтугай өвддөг ч үгүй юм билээ. Сэтгэл санаа өөдрөг байхаас аргагүй сайхан ажил байлаа.

Социализмын үед Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэр л манай улсын хэмжээний цорын ганц шахуу хэвлэлийн газар байв. Хэвлэлийн нэгдсэн редакц баталж хэвлэх төлөвлөгөөнд оруулсан ном л тодорхой тоогоор хэвлэгдэж, хот хөдөөгийн номын сан, номын худалдааны цэгүүдээр түгээгдэх замаар ном борлуулагддаг тогтсон сүлжээтэй байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас манайхан ухайлан салахдаа шинийг бий болгож амжаагүй байж хуучин бүгдийг устгасан юм. Хуучирсан тоног төхөөрөмжтэй, нүсэр том гэх нэрийдлээр Хэвлэх үйлдвэр балгас болтлоо тоногдоод, үйлдвэр байсан байшинд эрээвэр хураавар тохиролцооны дэлгүүр, элдэв тоглоомын газар орсон. Номын дэлгүүрүүд үгүй болоод хувиараа ном борлуулагчид гадаа гудамжинд газар дээр дэлгэж тавиад номоо зардаг. Номын сангууд шинэ ном худалдан авах төсөв мөнгөгүй. Гадаадын номын сангуудтай тогтсон уламжлалт ном солилцоо үндсэндээ зогсчихсон. Шинээр өндийж байсан хувийн хэвшлийн хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрүүдэд мэргэжил туршлага дутагдаж байсан үе байлаа.

Хэвлэл мэдээллийн төв гадны жишгээр хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр гэж хоёр анги юм агаад хэвлэлийн газар нь юу хариуцах, хэвлэлийн үйлдвэр хэрхэн ажиллах ёстойд сургах, зохиогчийг эрхийн талаарх олон улсын хууль эрх зүйн баримт бичигтэй таницуулах, хэвлэлийн эх бэлтгэхэд компьютерын ямар программ ашиглах, монгол хэлний хэл найруулга зэрэг ном хэвлэлийн бизнес авч явах зэрэг сургалт явуулдаг байв. Мөн номын яармаг зохион байгуулж номын салбарын тухайн цаг үеийн байдлын судалгаа хийдэг байв. Энэ бүх ажлыг санаачлан зохион байгуулдаг гол хүн нь Оюун захирал. Ийш тийш утасдаж, ийшээ тийшээ гүйж семинарын багш, сонсогч цуглуулдаг, ажлын тайлан энэ тэр бичдэг нь бид хэдэн ажилтан.

Оюуны ажлын нэг онцлог нь аливаа ажилд ахмад ба залуу үеийг хамт ажиллуулж чаддагт байлаа. Ахмад үеийнхэнтэй хамт ажилласнаар тэдний ажлын арвин их туршлага, ажилд хандах хандлага, хувийн сахилга бат зэрэг ямар ч ном сурах бичгээс олж авах аргагүй мэдлэг туршлагыг залуус нүдээр харж, чихээр сонсон суралцах боломжтой болно. Чухам энэ төсөлд ажилласан хэдхэн сард насаараа хэвлэлийн нэгдсэн редакцид (Главлит) ажилласан Амар, Аким, Пүрэвжав, Равдан, Пүрэвбаатар, Ахмед нарын манай ахмад үеийн нэртэй орчуулагч, редакторуудтай хамт ажиллах завшаан олдсон юм. Эл эрхмүүд долоо хоногийн хоёроос гурван өдөр манай өрөөнд цуглан Соросын сангийн шугамаар орчуулагдсан номын найруулга, алдаа мадаг засдаг байлаа. Нүдний шилээ зүүгээд чимээгүй уншиж байснаа үгүй энэ юу гэсэн үг вэ? гээд орчуулгын хэсгийг бие биеэс гайхах шоолох зэрэгцүүлэн ёжтой асуухад, компьютерт элдэв албан бичиг шивж суусан бид хэдийн чих дэлдийгээд хүзүү сунаад явчихна. Та цай кофе уух уу гээд тэдний эргэн тойронд эргэлдэн яриагнь сонсох дуртай гэж жигтэйхэн байв. Эдний яриа хөөрөө үнэн тансаг. Харин тэд маань компьютерт сүжиггүй, юмаа дандаа цаасан дээр бичнэ, цаасан дээр засвар хийнэ. Нүд чилнэ гээд компьютерын дэлгэц дээр юм уншина гэж үгүй. Бид ч цаас хор хайрлахгүй хэд дахин ч хамаагүй цаасан дээр хэвлэж өгнө.

Сонин хэвлэл, ном зохиолыг редактор, техник редактор гэсэн дамжлагаар хоёр давхар хянан уншигч олонд алдаа мадаггүй бичлэг хүргэдэг сайхан уламжлал алдагдаад, туршлагатай редакторууд байтугай энгийн уншигч хүртэл анзаармаар дүүрэн алдаатай ном, тэр ч байтугай арван жилийн хүүхдүүдийн сурах бичиг хэвлэгддэг байсан үе. Хувийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрын эзэд цаас, цавуу, хор, будаг гээд хэмнэж болох бүх юманд гар татан ашгаа өсгөхийг чармайж, улмаар хэвлэх номынхоо алдааг хянан тохиолдуулах, найруулгыг ариутган шүүхэд ч мөнгө хэмнэдэг байв. Харин Оюун захирал үүний эсрэг тууштай тэмцэж, редакторын ажил ямар чухал болохыг, нарийн мэргэшсэн энэ хөдөлмөр ямар чимхлүүр оюуны хөдөлмөр болохыг, өндөр үнэлэмжтэй байх зайлшгүй шаардлагатайг батлах гэж чармайж, хурал сургалтанд энэ тухай хичнээн яриад нэмэргүй тул мэргэшсэн ахмад редакторуудын гараар орсон сайн номоор үлгэр жишээ үзүүлэх гэж чармайж байсан юм.

Дэлхийн олон оронд орчуулагдсан хүүхэд залуучуудад цахим тооцоолох машины талаар анхан шатны мэдээллийг сонирхолтой хялбар аргаар олгох "Компьютер хялбаршмал, "Дэлхий нийтийн Веб хялбаршмал" хэмээх хоёр боть номыг компьютерын инженер мэргэжилтэй Оюун хэсэг нөхдийн хамт орчуулж хэвлүүлсэн. Компьютер сайн мэддэг англи хэлтэй залуус орчуулаад энэ талаар огт ойлголтгүй хүн уншаад компьютер гэж юу болохыг ойлгох эсэх, хэл найруулгын хувьд нэр томъёо монгол хэлнээ буусан эсэхийг мэдэх гэж дал эргэм настай, ургамал судлалын өвгөн эрдэмтэн Маньбадар гуайд орчуулгаа анх уншуулсан байна. Чухамдаа хамт сууж байгаад ярилцах маягаар уншиж дээ. Маньбадар гуай ойлгохгүй бол хүүхдүүд мөн ойлгохгүй "техникийн модон хэл", монгол бус хэллэг найруулга байх болно гэж үзжээ. Найруулгаас гадна хэвлэлийн эх бэлдэх явцад гардаг механик алдааг олж сурсан техник редакторуудаар заавал хянуулж байж, дизайнаруудтай өчнөөн хоног ярилцаж хэд хэдэн хувилбараас номын зураг чимэглэл сонгож байж номоо хэвлэлд шилжүүлж билээ. Оюун ингэж л ямар ч ажлыг нягт нямбай хийдэг хүн дээ.

Ямар ч төсөл тодорхой хугацаанд хэрэгждэг. Төслийн хугацаа дуусч би ч Прагадаа буцсан. Нутаг очих болгондоо Оюунтай утсаар ярьдаг, уулздаг байв. Манай албан байгууллагууд жил болгоны цагаан сараар өндөр настнаа хүлээж авч бяцхан цайллага хийн, тэдний ажил мэргэжлийг өвлөн авсан залуу үетэй уулзуулдаг сайхан уламжлалтай. Өндөр настай ээж ааваа ажиллаж байсан албан газарт нь хүргэж өгдөг, хүлээж байгаад авч харьдаг бибээр ийм арга хэмжээ хэрхэн явагддагийг ерөнхийд нь мэднэ. Оюуны удирддаг ЖЭМР компаны хамт олон цагаан сар хуучраагүй байхад уламжлалт золголт цагаалга хийхээр ахмадуудаа хүлээн авахад байлцах завшаан олдож, ихээхэн өвөрмөц онцлогтой болсон энэ арга хэмжээ гайхах бахархах сэтгэгдэл төрүүлсэн.

Дэлхий нийтээр нарны буюу Григорийн тооллыг албан ёсоор баримталж, бид ч зуун жилийг нэгэн эрэн үе гэдэгт хэдийнээ дасч, тэмдэглэлт ойн арга хэмжээг зуунаар буюу арван жилийн мөчлөгөөр тэмдэглэж заншаад багагүй хугацааг элээж байна. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж байлаа. Манай ууган сургуулиудын нэг нэгдүгээр дунд сургуулийн 80 жилийн ойг уг сургууль төгссөн нэрт эрдэмтэн, сэхээтэн, соёл урлагын зүтгэлтэн, бизнес эрхлэгчид хэдэн жилийн өмнө мөн л дуулиантай тэмдэглэж байсан нь санаанд илхэн. Нэгдгээр сургуулийн тооны гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нь дүүргэсэн Оюун захирал сар шинийн мэнд дэвшүүлсэн өлзийт сайхан үг хэлж арга хэмжээг нээхдээ энэ 2008 онд компани “жил орж” буйг дурдав. Цагаан идээ, ул боов, чихэр жимс, олон төрлийн чамин зууштай тансаг ширээнд суухаас өмнө компаны ажилтнууд ахмадуудтайгаа золголоо. Албан байгууллага аж ахуйн нэгж компаниуд сарны хуанлийн мөчлөгөөр 12 жилийн ойг тэмдэглэж байхыг урьд нь хараагүй тул сонин санагдлаа.

1973 онд Ленинградын Цаг уурын дээд сургууль төгсөж ирээд Ус Цаг Уурын хүрээлэнгийн машинт тооцооллын төв, мэдээлэл тооцооллын төв, Байгаль орчны яамны мэдээлэл тооцооллын төв, Зайнаас тандан судлалын Үндэсний Төвд инженер, судлаач, захирал зэргийн албыг хорь гаран жил залгуулсан Оюун дэлхийн цаг уур өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд цаг уур, хөрс, ус, агаар мандалыг хамруулан цогц судалгаа хийх шаардлагатайг сайтар ойлгож байв. Мөн уламжлалт нүүдлийн мал аж ахуйг хөтлөхөд бэлчээрийн ургамалжилт, бэлчээрийн даац талхагдал, цөлжилтийн нарийвчилсан судалгааг байгалийн үзэгдэл юмс хүний үйл ажиллагааны нөлөөллийн бусад судалгаатай хослуулах хэрэгтэй байв. Ингээд тэрээр 1996 онд хэдэн нөхдийн хамт Байгаль орчны үнэлгээ өгөх хувийн ЖЭМР компаниа үүсгэн байгуулжээ.

Хүн төрөлхтөн нараар буюу сараар цаг хугацааг баримжаалан тоолж ирснээс манай монголчууд арван хоёр жилийн мөчлөг бүхий жаран жилийн үетэй сарны тоолол хэрэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил шороон хулгана жил гарч шинэ жаран эхэлж, бүтэн нэгэн үе улирч байгаа онцлог жил. Сарны дүрс нарийн хөмсөгөн байснаа тэргэл болон өөрчлөгдөж буй нь нүдний өмнө бэлхнээ харагдах сарны тоолол цаасан дээр тооцоо хийх шаардлагагүй тул нүүдэлчид малчдад хэрэглэхэд илүүтэй амар хялбар тул манайд өргөн дэлгэрсэн гэх улс байдаг. Модны насыг тоолдог цагираг арван хоёр жил тутам шинээр нэмэгддэг, ажиглалт судалгаагаар ургамал амьтад арван хоёр жилийн мөчлөгтэй өсч, хорогдож байдагтай нийцсэн амьдралд илүү ойр дөт сарны хуанлийг манай өвөг дээдэс хэрэглэж ирсэн юм байнаа. Байгаль орчны үнэлгээ шинжилгээ, мал тариалангийн эрсдэл, цаг уурын өөрчлөлт нөлөөлөл судалдаг компани байгалийн үзэгдэл юмстай илүү зохицсон хуанлийг илүүтэй эрхэмлэн жарны нэг мөчлөгт хийсэн ажлаа дүгнэж дараагийн шатанд юу хийхээ шүүн хэлэлцэхээр шийдсэн нь логик уялдаа сайтай шийдэл юм даа.

Хувийн багаахан компани гэхэд их олон ахмадуудтай юм. Тэдний зарим нь миний үеийн дунд насны улс. Компаны үндсэн ажилтнуудын нэг хэсэг нь хориос гучин насны мэдээллийн технологи эзэмшсэн шижигнэсэн залуус. Нөгөө хэсэг нь Ус цаг уурын хиймэл дагуулаас авсан зураг, тоон мэдээлэл боловсруулж зайнаас тандах судалгаа чиглэлээр мэргэшсэн дунд насны бүсгүйчүүд. Ахмад зөвлөхүүд нь математикч, физикч, газар зүйч, хөрс судлаач, ус судлаач, ургамал судлаач, амьтан судлаач, цаг уурч, сэтгүүлч, редактор, математикч, инженер гэсэн төрөл бүрийн мэргэжлийн улс. Янз бүрийн мэргэжил чиглэлээр ажилладаг эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар нэгэн баг болон тухай тухайн төсөл дээр хамтран ажилладагт асуудлын гол нь байлаа. Бүгд ЖЭМР-тэй ямар нэг төсөл дээр тодорхой цаг хугацаанд баг болон ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа улс байлаа.

Орчин үеийн техник технологи эзэмшсэн залууст ажлын их эрч хүч хурд бий. ЖЭМР компаны захиргаа ийнхүү залуу эрч хүч ахмадын туршлагыг хоршуулж чадсан, сүүлийн үеийн мэдээллийн технологийн боломжоор олон жилийн хур их мэдлэгийг боловсруулж дадсан, хоёроос гурван үеийн оюун ухааныг нэг зорилгод эвцэлдүүлэн ажиллаж сурсан газар. Тэтгэвэрт гарсан ахмадуудын мэдлэг оюуныг зэврүүлэхгүй тэдэнд урам зориг хайрлан мэргэжлийнх нь төсөлд татан оруулдаг, залуус нь ахмадуудынхаа туурвисан ном товхимолын хэвлэлийн эхийг компьютерт бэлтгэж өгдөг төдийгүй ахмад редакторуудыг ажиллуулан найруулга болон техник алдааг хянуулдаг, хэрэгцээтэй үед санхүүгийн тусламж үзүүлэн хэвлүүлдэг зэрэг бодит туслалцаа үзүүлдэг, ахмад залуу үе бие биеэсээ харилцан суралцан хамтран ажилладаг уламжлал тогтжээ.

Хүмүүс ээлж дараалан босч хундага өргөх ялдамд өөрийн чиглэл мэргэжлээр туурвисан бүтээл, ном товхимол, эрдмийн ажлын талаар ярьж байсан нь барагтайхан семинар сургалтад олж сонсомгүй сонин сайхан мэдээлэл өгч байв. Нэг ёсондоо идээ будаатай ширээний ард болсон эрдэм шинжилгээний бага хурал, семинар болсон гэхэд хилсдэхгүй. Номын хурын эхлэлийг Үлийн цагаан оготны судлалаар мэргэшсэн эрдэмтэн Авирмэд тавьлаа. Үлийн цагаан оготно манай нутагт үеийн үед эрт дээр үеэс оршин ирсэн мэрэгч атал социализмын үед үүр ноохойд нь химийн хор цацах аргаар устгал хийдэг байсан нь байгалийн тэнцвэр алдагдуулсан, үнэг хярс мэтийн амьтан тэжээлгүйтэн устаж мөхөх аюулд хүргэсэн гэнэ. Мөн оготны нүүдэл, өсөлт хорогдлоор байгалийн гамшиг болох мөчлөг цаг үеийг баримжаалдаг байсан байгалийн “барометр” алдагдсан тухай, химийн аргаар устгаж хороохын оронд үслэг ангийн аж ахуй байгуулах, оготны өсөлтийг түүний газар тариаланд учруулах хор нөлөөг байгалийн аргаар нь хэрхэн зохицуулах талаар бичсэн аргачлал бүхий өөрийн сүүлийн номынхоо тухай ярьлаа.

үргэлжлэл бий