Showing posts with label блог. Show all posts
Showing posts with label блог. Show all posts

Friday, 19 June 2009

Цөлжилт

Манайхан харамсалтай нь Улаанбаатарын утаа, уул уурхайн ашиглалтын тухай улс төржсөн маргаан мэтгэлцээнд хамаг анхаарлаа хандуулаад, хүмүүн бидний амьд үлдэх эсэхэд заналхийлж , улс орныг маань бүхэлд нь сүйрүүлэх аюултай, сэм сэмхэн гэтсээр хажууд ирчихээд хаалга тогшин буй цөлжилтөд төдийлөн анхаарал хандуулахгүй байна. "Гэрэлт Цалиг" сонины эрхлэгч, сэтгүүлч, зохиолч Галаарид цөлжилтийн талаар цуврал нийтлэл блогтоо нийтлэж эхэллээ. Энэ линкээр орж уншаад, цааш нь олон уншигчтай сайтуудад байрлуулж улам олон хүнд уншуулаарай:

"Цөлжилт гэтэн айсуйг өглөө бүр сануулъя"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post.html

"Түйрэнгийн түйвээн"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post_17.html

Monday, 17 November 2008

Блог бичлэгийн хэв маяг

"Deep inside me" блогт "Блогеруудын бичгийн хэв маяг" бичлэг тавигджээ. Гол санаа нь монгол хэлний зөв бичгийн дүрмээ сайн сурсны дараа, цэгцэрсэн бичлэгтэй болж сууриа зөв тавьсны дараа аман ярианы аялгаар бичсэн үгсийг ашиглаарай гэсэн байна. Блог гээч эд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд, өдөр ирэх бүр улам олон хэрэглэгчтэй болж байгаа үед маш зөв санааг хөндсөн санагдлаа.
Их бичгийн хүн Б.Ринчен гуайн бичгийн хэв маягийг тухайн үеийн бичгийн хүмүүс дуурайх гэж оролддог байлаа. Сүүлийн үед Баабар шиг бичих гэдэг болж. Блогчид ч анхны сайн блогчид Тогоруу, Игаа нарын хошин, задгай хэв маягийг дуурайх гэдэг бололтой. Баабарыг дуурайх гэсэн хүн Баабарын дайны мэдлэгтэй байж, тэр хэмжээгээрээ харьцуулалт ёжлол егөөний донжийг тааруулж, тийм түвшингийн бичлэг гаргана биз. Үүнтэй нэгэн адил Тогоруу шиг бичнэ гэвэл бас түүн шиг өргөн цартай сэтгэж, содон чамин санааг хөнгөн шог аргаар гаргаж чадаж байж, түүнийгээ хүүхэд шиг багийн ард эвлэгхэн нууж чадсан цагт л бусдын хүндэтгэл хүлээнэ. Түүнээс биш зориуд алдаатай, хэлээ хазсан болгон бараг урлагын түвшинд очсон өвөрмөц энэ хэв маягаар бичих нь юу л бол. Ямар ч хуулбар эх оргиналд хүрдэггүй. Орчин үеийн бичлэгийн моод гээч нь юм уу мэдэхгүй, олон хүн харамсалтай нь блогоо уншихад төвөгтэй хэлээр бичдэг. Ямар ч сонин мэдээлэл, содон гоё санааг хагас дутуу хачин илэрхийлээд орхихоор ойлгомж муутай болох шиг. Үүнийгээ ярианы хэл гээд байгаа юм. Яриаг сонсдог. Сонсож байхад нөгөө хүний нүүрний хувирал, биеийн хөдөлгөөний хэл давхар явдаг болохоор буруу ярьсан ч ойлгогдох магадлалтай.
Блог гээчийг дэлхий нийт хvлээн зєвшєєрєєд, єдєр ирэх бvр улам олон хэрэглэгчтэй болж байна. Барууны орнуудад блогчид нь бичсэн зүйлдээ сэтгүүлчидтэй адил хариуцлага хүлээдэг гэсэн. Блогчдын бичгийн хэв маягийг шүүмжлэхэд "миний хувийн талбар, эрх чөлөө" гээд их эмзэглэдэг, дургүйцдэг. Тэгвэл хувь хүний нийгэм дэх эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг аксиом бий. Хэрэв үнэхээр хувийн гэж үзэж байгаа мэдээллийг тэмдэглэлийн дэвтэртээ бичээд дэрэн дороо хийхээс нийтийн сайтад дэлгэн тавихгүй. Тиймээс олон хүн, түүн дотор өсвөр үеийнхэн хүүхдүүд уншдаг үздэг блогд эрх чөлөөнөөс гадна үүрэг хариуцлага бас дагаж явдаг шиг.
Блогчид үнэхээр хэн хүнд ойлгомжтой хэлээр илэрхийлсэн үнэт, ховор мэдээлэл блог дээрээ дэлгэн тавьдаг болсон цагт л “иргэний сэтгүүл зүйг” блогчид бүтээж байна гэж ярьж болно биз. Одоогоор IT (мэдээллийн техникээр мэргэшсэн) блогчид л ямар техникийн болон программын шинэ боломж гарч буйг түүнийг хэрхэн яаж хэрэглэхийг цаг алдалгүй мэдээлж ёстой иргэний сэтгүүл зүйн дайчид шиг байна. Гадаад хэл, Ажиглагч, Түүхийн гайхамшигт агшин зэрэг төрөлжсөн сайн блогууд бас бий. Тэгэхээр блогууд тодорхой сэдвээр хүнд өгөөжтэй мэдээллийг тодорхой түвшинд чанартай гарган тавьдаг болсон цагт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийеэ гээд хүч хүрэхгүй, хийж чадахгүй байгаа тэр эрхэм үүргийг блогчид гүйцэтгэх болно.

Wednesday, 10 September 2008

Блог андууд

Монгол сонин олж унших гэж хэнийд хэн нутгаас ирэв гэдгийг бүртгэхээс наагуур ангуучилж байж олон айл дамжиж уншигдсаар ноорсон сониноос л нутгийн тухай юм олж уншдаг байлаа. Тэр нь цаг хугацааны хувьд хуучирсан, улс төржсөн үнэн худал нь мэдэгдэхгүй, хүмүүсийн хувийн амьдрал хөнжил гудас сөхсөн хов жив, хар бараан голдуу мэдээлэл байна. Харьд байгаа хүний сэтгэл сэргээх гэгээнлэг юм бараг байхгүй. Санаагаар унаж гутармаар. Тэгтэл Цахим өртөө гэж нэг сайхан веб нээгдэж, тэнд гарсан зүйлийг алагсалгүй уншдаг боллоо.

Манай ардчиллын анхны алтан харайцайнуудын нэг, авьяаслаг сэтгүүлч, Хонхны Цогтсайхан агсаны дүү, миний найз С.Энхжаргал-Холакова хоёр гурван жилийн өмнө блог гэж нэг сайхан юм нээгджээ гээд дүү Эрин Тулгатын блогийг танилцуулснаар анх блогтой танилцаж билээ. Эрин Тулгатын блогоор анхны пионер блогчдын холбоосоос холбоос дамжин сор болсон Тогоруу, Наранбаяр, Буянцогтоо, Легаси нарын оюунлаг, гэгээнлэг бичлэгүүдтэй танилцаж орчин үеийн монгол залуусын мэдлэгийн хүрээ, сэтгэлгээний царааг аар бахархаж байлаа. Блог тогтмол уншдаг болж блог-фен болвой. Найз нөхдөөс блог нээсэн намайг блогтой болооч гэсэн майл авдаг болоод нэлээд хугацаа өнгөрөв. Өөрийгөө голж нэг хэсэгтээ эргэлзэж явтал бас л Энхээ маань зоригжуулж ноднин арван сард блог нээсэн. Нэг мэдсэн чинь блогтой болоод бараг жил болох нь. Үзсэн харсан, уншсан мэдсэнээ харамгүй хуваалцдаг, юу ч чадахгүй хэнийг ч түшээд авдаг, сайхан хүмүүсийн дунд ороод явчихсан. Блогчдоос их ч юм сурлаа. Олон сайхан блог андтай боллоо. Блог гэж юу болохыг блог хөтөлдөг та нөхдөд би юу хэлэхэв. Шүлэг өгүүллэг бичдэг үгийн жинг цэн тунгаар мэдэрдэг найрагч, зохиолч улс блогчид дунд бас бий. Манай блог андууд блогоо ингэж тодорхойлж байна.

Т.Бум-Эрдэнэ :

Блогныхоо энэ ертөнцийг
Бохироос холхон байлгая
Борхон зүрхний угаас
Боргилон боргилон ундрах
Барагдашгүй нэгэн булаг юм байна
Ганцаас эхэлж олныг хамарсан
Гайхам нэгэн урлан юм байна
Цаг нартай уралдан гарсан
Цахим нэгэн ертөнц юм байна
Газар газрын сонинг агуулсан
Гайгүй сайн төөрдөг байшин юм байна
Тийм гэхийн аргагүй эгэлхэн бас даруухан
Тэмдэглэлийн электрон дэвтэр юм байна
гэж шүлэг найргийн тансаг хэлээр блог ертөнцөө нэг дуулаад,
"Дэлхийг тойрсон агаар мандалын давхрага байдаг шиг, хүн төрөлхтөний бүхий л оюунлаг хүмүүсийн хийсэн бүтээсэн, бичсэн, зурсан, сэтгэсэн нийлээд оюуны мандалын давхрага болж байдаг тухай найзаасаа дуулаад, блог бичдэг, уншдаг найзууд маань мөн нэг тиймэрхүү давхрага байгаа мэт төсөөлөгдөнө. Бидний оюун санаа тэр давхрагыг бий болгох юм. Яагаад ч юм орчин нь мэдээж хий хоосонд нэг харахын зүүд ч юм шиг, нөгөө бодлын огторгуйд ч юм шиг. Гэхдээ сансар шиг харанхуй биш. Нар туссан гэрэл гэгээтэй харагддаг. Тэнд л бид хамгийн чөлөөтэй, дур зоргоороо, хамгийн жаргалтайгаар бие биенээ харж, инээж хөхөрч, заримтай нь гар гараасаа атгалцаж, заримтай нь мөр мөрөн дээрээ алгадалцаж байх юм. Марзан Шарав гуайн "Нэг өдөр" гэдэг зураг шиг төсөөлөгдөнө. Зургаа дахь мэдрэхүй гэдэг шиг бид хий хоосон оюуны орон зайн ертөнцөөр чөлөөтэй тэнүүчлэн, бие биенийхээрээ айлчлан зочилж, найрсагаар амьдарсаар... Оюун мандал байдаг нь үнэн. Гэхдээ энэ нь зөвхөн оюунлаг хүмүүсийнх биш, бүх хүмүүсийн оюун бодлын тусгал болж байдаг мандал байх аа. Үүнийг оросын Винаградов билүү академич нотолж байгаа гээд байсан. Тэр үнэн байх. Тэгэхээр тэр давхаргад хүн л болсон бол хүссэн хүсээгүй таны бодол санаа ул мөрөө үлдээх болно гэсэн үг. Тийм учраас л тэр мандалд сайн сайхан, гэрэл гэгээтэй орон зайгаа үлдээх хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэр мандал амархан хиртдэг юм шиг байгаам, хиртээд байна гэдэг нь энд бидний энэ их уур хилэн, харанхуй бурангуй бодол санааны тусгал. Сонирхолтой нь тэр мандал эргээд хүний ертөнцийн оюунд нөлөөлж байдаг байж магадгүй. Тэгэхээр нэг хүн нэг гэлтгүй тэр мандалд ногдож буй өөрийн орон зайгаа гэрэл гэгээтэй болгох хэрэгтэй байх"
гэж гүн ухаан шинжлэх ухаан таалаас блогын тухай бодролоо бас бичсэн байна.

Алтаргана:

„Байгаагаас минь илүүг нэхэж байгаагүй мөртөө байхгүйг минь нөхөж өгдөг миний хонгор чи хэн юм бэ. Амьдрал хэмээх ааш муутай эрхмийн аяыг олох гэж ядаж яваа эгэл нэгэн эмэгтэйн сэтгэлийн гүн дэх мөрөөдлийн ханхүү юу? Эсвэл бүсгүй хүн бүрийн хүслийн гэгээн алсад эрхэмсэг орших төгс төгөлдөр эр үү?
Дүүрэн байнаа гээд бодвол бялхаад байдаг, дутуу юм даа гээд санавал нэхээд байдаг хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм. Итгэж найдах юмтай байна гэдэг сайхаан… Ганцаараа ч гэсэн хоёулаа…Тийм ээ, энэ бол миний блог…өөр хэнд би ингэтлээ итгэж чадахсан билээ“ гэж блогоо хүний сэтгэлийн хамгийн эрхэм утас дурлалтай зүйрлэсэн байдаг.

Idea:

...бусдад таалагдах гэж том сэтгэхгүй, бурууг засах гэж асуудал хөндөхгүй, бөөн гүн ухаанлаг амьтан болох гэж бүлт үсрэхгүй, бүгдийг чаддаг царайлж хоосон цэцэрхэхгүй гэгээлэг бодол тээн гэтэж мярааж биш гишгэж цовхорч явахдаа би хязгааргүй дуртай, ...бичих сэдэв толгойд, бэлэн үг цээжинд, билэг авьяас энүүхэнд, бийр янтай халаасанд“ гээд блог дундын чалчих өрөөнд дуугарахаараа шүлэг найраглал хэлчихдэг комент бичихээрээ үндсэн бичлэгээс давчих гээд байдаг, Бэлэн Сэнгэ авхай бидний дунд бас бий.

Блогчид маань "ахмад" пионеруудаасаа жишээ авч энд тэнд эвлэлдэн нэгдэж хамтран ажиллаж эхлээд байгаа. Бидний хэсэгхэн блогчдын бичлэгээр Монцамэ сонины нэг дугаарын нүүр дүүрч гарах гэж байгааг дуулгахад таатай байна.

Monday, 28 April 2008

Нэр?

Өнөөдөр анхны конфенеци болж өнгөрлөө. Хурлын тэмдэглэл Бямбагийн "саруул ухаан" блогт гарна. Нэрийг эцэслэн шийдээгүй тул санал асуулга явуулж байна. Блогчдын хамтран ажиллах ...(холбоо, байгууллага, ТББ, эвсэл, хороо, нэгдэл)-ийг яаж нэрлэх, ямар юм байх талаар санал өгөөрэй. Дараа нь хууль зүйн яаманд бүртгүүлэхэд, үйл ажиллагаа явуулахад, хуулийн ямар этгээд байх нь зүйтэй гэдгийг бас бодолцоод байгууллагын статус (ашгийн эсвэл ашгийн бус) ямар байх дээр бодолцоорой. Нэр дээр бид хэд хэдэн хувилбартай байх хэрэгтэй шиг. Хууль зүйн яаманд нэгэнт бүртгэгдсэн нэрийг давхцуулж бүртгэдэггүй болохыг санахад илүүдэхгүй.

Бямбагийн блогоос хурлын тэмдэглэлийн товчлол хуулбарлаж тавив.

2008 оны 4 сарын 28-ны 20 цаг (Монголын цагаар)

Oролцогчдын тоо 22 (Yvнээс ганц нэг нь ажлын шаардлагаар тvрvvлж явсан, ганц нэг нь ажлын шаардлагаар хоцорч ирсэн болно)

Хэлэлцсэн асуудлууд
1. Эхлvvлж буй vйл ажиллагаандаа нэр єгєх
2. Ерєнхий зохицуулагчийг сонгох (Yvнд монгол дахь болон online гэсэн 2 зохицуулагч байх. Мєн зохицуулагчийн тоо 3 хvртэл байж болно. Учир нь нэг нь ажилтай vед нэгнийгээ орлох, ажлаа хувааж хийх гэх мэт шалтгаан бий)
3. Хэд хэдэн баг бий болгох. Yvнд: уран зохиол, нийгэм, тvvх соёл урлаг, ёс заншил, блог, шинжлэх ухаан, хvvхэд, байгаль орчин, эрvvл мэнд спорт гэсэн багуудыг бий болгож, цаашид явуулах vйл ажиллагаагаа тєрєлжvvлэхээр болов.
4. Оролцогчдыг багуудад хуваарьлах
5. Багийн ахлагчийг сонгох
6. Дараагийн конфэрэнцийн хугацааг шийдэх

Шийдэлд хvрсэн асуудлууд
1. Гишvvд єєрийн орох сонирхолтой, хvсэлтэй багуудад хуваагдсан. Багийн ахлагч гишvvдээ бvртгээд, нэгтгээд, нэмж гишvvн элсvvлж болно.
2. Багуудын ахлагчийг сонгосон. Ахлагч нь 1 сарын хугацаатай байна. Дараагийн ахлагчийг багийн гишvvд дотроосоо сонгоно. Энэ удаад хvvхэд багийн ахлагчаар Тэлмэн, байгаль орчин багийн ахлагчаар Мєнх-Эрдэнэ (Meesh), тvvх соёл урлаг, ёс заншил багийн ахлагчаар Тvвшин, нийгэм багийн ахлагчаар Сэгсгэр, эрvvл мэнд спорт багийн ахлагчаар Ганаа, шинжлэх ухаан багийн ахлагчаар Destiny, уран зохиол багийн ахлагчийг шийдээгvй. Учир нь гишvvд цєєхєн, мєн ахлагчаар сонгоё гэсэн хvн нь энэ удаагийн хуралд оролцож амжаагvй, орчуулга багийн ахлагчаар Ганга
3. Нэг хvн хэдэн ч багийн гишvvн байж болно.
4. Ерєнхий зохицуулагчаaр Тэлмэн, тvvний зєвлєхєєр Ганга, Саарал нар сонгогдов.
5. Хvмvvс орох хvсэлтэй багийнхаа ахлагчтай шууд холбоо барьж багийн гишvvн болох хvсэлтээ илэрхийлэх.

Шийдэлд хvрч чадаагvй асуудлууд
1. Yйл ажиллагаандаа нэр сонгох
2. Блог багийн ахлагчийг тодруулаагvй
3. Уран зохиол багийн ахлагчийг тодруулаагvй.
4. Монгол дахь зохицуулагчийг тодруулах, хэд хэдэн гишvvдийн нэрсийг дэвшvvлсэн боловч тодорхой шийдэлд хvрч чадсангvй. Yvнд Арсун, Идэа, Заяа (тэрхийн цагаан нуур), Амарсайхан, Обод, Хvv гэсэн блогчид маань нэр дэвшигдсэн боловч тухайн хуралд оролцож чадаагvй тул єєрсдєєс нь асууж байж шийдэхээр тохиролцов.

Дараагийн conference ирэх долоо хоногийн даваа гарагт монголын цагаaр 20 цагт болно. Тэрнээс наана багууд тусдаа conference хийж дотоод асуудлаа хэлэлцэж болно. За бvгдэд нь амжилт хvсье .

PS: За жаахан оройтож хурлын тэмдэглэлийг нийтэлж байгаадаа хvлцэл єчье.Yнэнийг хэлэхэд анх удаагаа хурлын тэмдэглэл хєтєлж байна. Цахим хурлын тэмдэглэл ч амар л байлаа. Гараараа бичнэ энэ тэр гэхгvй хадгалаад л болно. Хэхэ. Харин эмхтгэж бичнэ гэдэг нь туршлага дутаж магад юм. Дутмаг санагдвал уучлаарай. Шvvмжилж сэтгэгдэл vлдээнэ биз дээ. Шvvмжийг найрсгаар хvлээж авна...


Нэмж тэмдэглэхэд, ажил цалгардахгүй үүднээс чатаар ярилцаж тохиролцоод "Уран зохиол" ба "блогчдын уншсан номын буланг" одоогоор Бямбад хариуцуулаад байгаа. Энэ багт орох улсууд Бямбад хандана уу.
Тухай тухайн сэдвээр багууд бичлэг эмхэтгэхэд хэрэг болох болов уу хэмээн блогчдын
блог хаяг жагсаав:
Arsun - arslans.blogspot.com
Altargana-altargana.blog.banjig.net
Altain uuls-tenemel.blogspot.com
Byamba-saruul-uhaan.blogspot.com
Bibby-bibbylog.blogspot.com
Baysum-erhem.blogspot.com
Bumerdene-bumerdene.blogspot.com
Boljmor-boljmor.blog.banjig.net
Ganaa_bj-miniibodol.blogspot.com
Ganga-ganga-cz.blogspot.com
Ganbaatar-ganbaa.blogspot.com
Destiny-effort-destiny.blogspot.com
Idea- addidea.blogspot.com
Meg-123mn.blogspot.com
Meesh-amunkherdene.blogspot.com
Misty-misty.delhii.net
Jaagii-jaagii-moment.blogspot.com
Huu-blogmn.net/хуу
Oogii-oogiinoo.blogspot.com
Obod-?
Peakfinder-nomiinclub.blogspot.com
Saaral-saaralblog.blogspot.com
Segsger-anduusanaa.blogspot.com
Sunjee-sun-jee.blogspot.com
Telmen-telmen.blogspot.com
Tumee33-haridsuugaamongol.blogspot.com
Tuvshin-tuvshinjp.blogspot.com
Uyanga-ayunga.blogspot.com
Zuud-zuudchin.blogspot.com
Zaya-terhiintsagaannuur.blogspot.com
Zaya-zaya13.blogspot.com
Ebe-mongolchuud.blogspot.com
Erhtsas-erhtsas.blog.banjig.net



Friday, 25 April 2008

Хамтран ажиллах боломж

Түрүүчийн бичлэгт дэлхий олон оронд суугаа мэдээллийн эх сурвалжаар баян, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой блогч анд та нараас хамтран ажиллах боломжийг асуухад, Монгол, Англи, Америк, Япон, Герман, Чех, Канад, Энэтхэг, Сингапур зэрэг оронд сурч ажиллаж байгаа, оюутан аспирант, биологч, эмч, сэтгүүлч, инженер, архитекторч, программист зэрэг мэргэжил мэргэжлийн англи, герман, япон, орос хэлтэй гучаад блогчид одоогоор дэмжснийг мэдээлэхэд таатай байна.
Гадаадад байгаа нь монголын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр авч чаддаггүй мэдээлэл блогчдын бичлэгээс авч байгаа билээ. Нутагтаа байгаа нь өөр газар байгаа хүмүүсээс тэр бүр олж авахад төвөгтэй мэдээлэл авах замаар бие биедээ мэдлэг хүргэдэг. Гэвч блог уншдаггүй, блог хөтөлдөггүй хүмүүст энэхүү мэдээлэл хүрч чадахгүй байгаа. Мөн сонины газрууд, хэвлэлийн зарим газрууд блогчдын оюуны бүтээл болох тэдний бичлэгийг дур мэдэн авч ашиглах явдал мэр сэр ажиглагдаж байгаа. Блогчдын дунд маань харамсалтай нь хүний бичлэг хуулбарлах явдал ч байдаг.
Блогчид бид хамтран өөрсдийн бичсэн зүйлээ эмхэтгэн гаргаж цаасан хэлбэрээр болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, зохиогчийн эрхээ хамгаалуулах шаардлага урган гарч байна гэж бодож байна. Санал асуулгаар блогчид бичлэгт комент маягаар болон майл, мессенжэр ярилцлагаар ирүүлсэн саналыг жагсаавал:
Эбэ-Дэмжиж байна. Нийгэм, шашин соёл урлаг багт нэгдэх.
Зүүдний тэмдэглэл- Тодорхой эмзэг хурц сэдвээр санал солилцох, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, түүнээ нийтэд хүргэхээс эхлээд хамтран ажиллах боломж их байгаа ба үр дүн гарах магадлал нь их өндөр юм гэж ойлгож байна. Блог хөтлөхийн үр ашиг, ашиг тусын талаар өргөн сурталчилж блогийг Монгол даяар мэддэг болгох хөдөлгөөн өрнүүлэх нийтлэл олноор бичих.
Заяа-Орчуулгын тал дээр хүмүүстэй хамтрах санал байгаа.
Түвшин-Санаа нэгдсэн зорилго нэгтэй залуус хамтарвал амжилтанд хүрч бусдад тусалж эх орондоо хувь нэмэр оруулж чадна гэж боддог.
Уянга- Санаачлагчид нь блог хөтөлж, бусдынхаараа хэсэж яваад бие биенээ олж авсан, Монгол дахь хүнд амьдралтай, орон гэргүй хүүхдүүдэд туслах зорилготой "Монгол хүүхэд" ТББ ажиллаж эхлээд байна. //mongolhuuhed.org
Бямба -Бие биенийхээ царай зүсийг ч мэдэхгүй блог хөтөлдөг залуус бид сэтгэлийнхээ дуудлагаар "амьдрах хүслэн" хөдөлгөөнд нэгдээд Заяа охинд бодитой туслалцаа үзүүлэхэд хувь нэмэр оруулсандаа бахархдаг.
Тэлмэн-Ном орчуулах гэдэг тун сайхан санаа, блогчид дундаасаа ивээн тэтгэн тодорхой нэгэн сэдэв хөндөөд, байгаль орчин бохирдолт, түүний эсрэг бид юу хийж болох талаар, мөн монголчуудын ёс заншил орчин үетэй хөл нийлүүлэн зохицуулж болох талаар гэх мэт үе шаттай бичлэгүүд нийтлэн тэд нараа эмхэтгэн бяцхан эмхэтгэл маягаар олонд толилуулж болох юм. Нэгдэх багийн хүмүүс нийлж тухайн сэдэв дээрх бичлэгийг түүвэрлэх. Он лайн конференц ирэх даваа гарагт 4 сарын 28-ны УБ-ын цагаар 20 цагт хийхээр тогтлоо.
Ганга-Газар газрын сониноос эмхэтгэл гаргах, блогчдын уншсан номын тоймоор нэг булан нээх, блогчдын хөгтэй хөгжилтэй адал явдал, хүний араншин булан нээх, зуны олимп угтаж блогчин бүр өөр өөрсдийн байгаа орны өмнөх олимпод оролцож байсан туршлага, тамирчдаа хэрхэн бэлддэг арга барил, амжилтад хүрсэн замнал сэдэвт бичлэгээр тэргүүний бичлэгийн уралдаан зохиох.
Түмээ-Хүүхдэд хэрэгтэй, хүртээлтэй нэг ч болов зүйл хийх юмсан гэж бодогддог. Эрүүл орчинд л хүүхэд бие бялдар, оюун санаа нь эрүүл бойжих нөхцөл хангагддаг. Япон хэлнээс орчуулга хийхэд оролцоно.
Хүү-Нэгэнт харьцангуй цензур багатай, мэдээллийн хэрэгслэл гэдгийнх нь хувьд блог руу хүмүүсийг татах, одоогийн уншдаг хэдхэн хүнийх нь хүрээнд биш гадуур алхаж яваа залууст хүргэх үүднээс 7 хоног тутмын тойм маягийн "Блог" сонин гаргаад тэрэн дээрээ блогуудаас хүнд хэрэгцээтэй бодитой мэдлэг болохуйц мэдээлэл, хөгжилтэй бичлэгүүд цуглуулж хэвлэж гаргавал. Мэдээж блогчдоосоо зөвшөөрөл цуглуулаад сониндоо хаягтай нь хэвлэх байдлаар. Тэгвэл доод талын шатан дээр зогсож байгаа хүмүүст хүрч, тэдэнд мэдээлэл тараахын тулд ТВ ашиглах, сонирхол татахуйц хэлбэрээр нэвтрүүлгүүд бэлдээд ТВ-үүдээс цаг авч нэвтрүүлж байвал. Туслалцаа хэрэгтэй хүмүүст тусалдаг тийм нэг "сан" ч юм уу, ротари маягийн клуб байгуулвал ямар вэ? Одоогоор www.blogmn.net сайтаа хөгжүүлэх, www.dusal.net сайтаа блог уншигч, портал сайтын хэлбэрт оруулаад бүх сайтуудаас мэдээлэл цуглуулдаг, хүмүүст хүргэдэг сайт хэлбэрээр хийх гэж оролдож байна.
Idea-эхлээд зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Хэн хэн ямар багт орж, ямар чиглэлээр хамтарч болох тухай санал асуулга явуулах. Ингэхийн тулд эхний ээлжинд юу хийж болохоо жагсаагаад хүмүүсээс санал авч болох юм. Тодорхой зорилготой, хэн хэндээ ашигтай, үлдэцтэй юм хийвэл дуун дээр нь дэмжих хүн олон байгаа. Бидний уриа "Блогчдын санаачлага бодит амьдралд" гэвэл яажийна. Энэ мэт зохион байгуулалтын чанартай асуудлыг нэг хүн хариуцмаар байнаа.
Guga-Хийхэд хэцүү биш хирнээ блог хөгжилд нэмрээ оруулах санаа: www.allweb.mn зэрэгт блогууд гэсэн ангилал байхгүй байгаа нь засах шаардлагатай дутагдалтай тал гэж үзэхээс аргагүй. Нөгөөтэйгүүр тодорхой нэг зүйл магадгүй сонин хэвлэл рүү "дайрах" зэрэг болж задарвал хэн хүнгүй л хувь нэмрээ оруулж болох байна.
Алтарган-Хараад байхад ихэнх нь залуучууд, оюутнууд их блог хөтлөөд байх шиг. Зарим нь блог хөтлөснөөр авьяасаа нээж ч байна. Мэддэг чаддагаараа нэгдээд эх орондоо, үр хүүхэддээ хэрэгтэй зүйл хийе гэхэд хэн ч үгүй гэхгүй. Харин тэр зохион байгуулалтанд орох хэрэгтэй гэдэг чинь зөв шүү. Тэгээд чиглэл зорилгоо тодорхойлоод багаа бүрдүүлэх хэрэгтэй байх.
Бум-Эрдэнэ-Хүүхдэд зориулж их юм хиймээр байна. Гадаадад байгаа, дотоодод байгаа гэсэн 2 чиглэлээр байж болно. Ялангуяа гадаад байгаа хүүхдүүд маань монголоосоо холдоод байна л гэж байна. Тэгвэл интернет сайт ажиллуулж, сонирхолтой хүүхдийн анхаарал татахуйц өнгө будаг сайтай хичээл явуулж болох байх. РС-гийн чиглэлээр мэрэгшиж байгаа залуучууд вэб юмыг нь хийгээд монголын зан заншил хийгээд орчин цагийн дэлхийн хүүхдийн хөгжилд хөл нийлэхүйц мэдээ мэдээлэл, үлгэр домог, гэр бүл дэх хүүхдийн эзлэх байр суурь, тэдний хэрхэн эрхэм чухал хүн гэдгийг нь хүүхдийн талаас нь тэдэнд ойлгогдох талаас ойлгуулж өгөх гээд хаана ч амьдарч байгаа хэний ч хүүхэд нет дээр суугаад тоглохоос гадна тэрнийг л үзэх гэсэн хүсэл төрөхүйц хөдөлгөөнтэй дуутай өнгөтэй будагтай тийм сайт юм хийж болж байна. Манай блогчид дунд энийг хөтлөөд явуулаад байх залуучууд зөндөө байна. Тэгээд тэндээсээ ном гаргаж болно. Мөн хүүхдийн зохиол орчуулж болмоор. Зарим блогчид маань монголд байгаа хүүхдүүддээ тусалж байгаа гэж сонссон. Түүн шиг бас оюуны тал дээр гадаадад байгаагий нь монголдоо ойртуулах гэж дотоодод байгаагий нь үзэх харах юмыг нь тэлж задалж өгөх зорилгоор гэх мэт. Тэгээд салбар салбараа дагаад хэд хэдэн бүлэг болно. Тэдгээр нь нийлээд бяцхан холбоо маягийн юм болох ч юм билүү. Хоорондоо уялдаатай байвал л болоо. Жишээ нь техник технологийн чиглэлээр нэгдсэн нь бусаддаа вэб сайт юмыг нь хийгээд өгөх, орчуулгынх нь ганц нэг материал орчуулаад өгөх, түүх уран зохиолынх нь төрөл чиглэлээр нь материалаа бэлдээд орчуулгынхандаа ч юмуу хэндээ ч юм өгөх гээд нийт хүмүүсийн (холбооны) хамтын дундаас юмаа гаргаад байвал зүгээр болов уу. Мөн түүний хажуугаар салбарууд өөр өөрсдийн хийх юмаа хийгээд явна. Үүнд нэг их хөрөнгө л лав орохгүй. Аль салбар юу хийж байна гэдгээ дэлгээд тайлбарлаад байж болно. Мэдээж энэ бүгд бид блогоо бичдэг шиг л зарчимаар явчихна
Destiny-Зохион байгуулалттай ажиллаж эхэлвэл цэгцтэй, төрөлжсөн мэдээлэл түгээхэд хэрэгтэй юм байна. Их юм хийх эрмэлзлэлтэй залуучууд их байдаг. Эрүүл мэнд хөдөлгөөн, орчуулга дэмжиж байна.
Баатар-Бид дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулж ард түмэндээ хүртээл болгон оюуны хөрөнгө оруулалт хийх нь чухал юм. Дэлхийн уугуул соёл, домог үлгэрийн нэвтэрхий толь болох "Алтан нахиа" (Golden Bough, оросоор Золотые ветви) гэж ном бий. Үүнийг Хэл утга зохиолын хүрээлэн байгуулагдсаны дараа анхны долоон (Ринчен, Дамдинсүрэн, Содном, Лувсанвандан, Цэрэнсодном, Гаадамба, Чой.Лувсанжав, Сампилдэндэв) гишүүн маань монгол хэлэнд орчуулах талаар их ярьдаг байсан байна. Хожим таалал төгсөхийнхөө өмнө Б.Ринчэн гуай Х.Сампилдэндэв агсанд энэ номыг орчуулахыг гэрээсэлсэн гэнэ. Сампилдэндэв ах бие нь муу байхдаа амьдралынхаа сүүлчийн жилүүдэд энэ номыг орчуулахыг надад бас хэлж билээ. Ta бүхэн монголын ахмад эрдэмтдийн мөрөөдөл болсон тэрхүү номыг англи орос аль нэгэн хэлээр олоод хараарай.
Болжмор-Хүүхдийн баяраар ирээдүйн алтан үзэгтэн уралдаан хүүхдүүдийн дунд зарласан. http://huuhdiinertunts.blog.banjig.net/

Meesh-Хүүхдийн хүмүүжил тухай юуун түрүүн хэрэгтэй гэж бодож байна....Саяхан хүүхэдтэй болсон залуу гэр бүлүүдэд үнэхээр туршлага асар дутдаг юм байна лээ....Тэрэн дээр манай сайн ээжүүд заавар зөвлөгөөгөө сайжруулж багцлаад анхны бүтээл болговол.
Byasum-Би тэр хүүхдийн ирээдүй, хүмүүжлийн багт шууд орлоо.
бага сага туршлага бий уул нь. Баабарын хэлдгээр үе солигдхийг зүгээр хүлээмээргүй байна л даа..
Bibby-байгал орчны тал дээр их санаа зовоод бнаа сүүлийн үед, энэ тал дээр дорвитойхон зүйл хиймээр бна, монголд маань цөлжилт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, гол ус мөрөн ширгэх, ойн түймэр, за тгд мөнгөн ус гээд санаа зовоохгүй бхын аргагүй хүнд асуудлууд бна, хойч үе маань амьдрах эрүүл орчингүй болж бна , бидэнд ч амьд явах баталгаа бага бна.
Ganaa, Ганбаатар, Арсун, Эрхцас, Peak, Meg нар дэмжсэн байгаа.
Блогчид хамтарсан тохиолдолд ойрын болон хэтийн зорилготой, тодорхой нэг дүрэмтэй ажиллах болов уу. Зохион байгуулалтын хувьд он лайн дугуй ширээний хуралдаанаас шийдвэр гаргадаг ардчилсан зарчим байх нь оновчтой байх. Тэр өдрийн хуралдааныг хэн нэг нь удирдан зохион байгуулна биз. Урсгал ажлыг баздаг удирдах зөвлөл ч юмуу ерөнхий зохицуулах хэсэг байх шаардлагатай байх. Тухай тухайн сэдвээр хамтарч буй багийг дотроосоо хэн нэг нь зохицуулагч (superviser or manager) хийвэл зүгээр шиг.
Хүмүүсийн саналыг үндэслэн бичлэгүүдээ ямар ямар сэдэвт багцалж болох санал:
Ойрын зорилго:
Нэг. Доорхи сэдвүүдэд хуваагдан ажиллаж нэгэнт бичигдсэн бэлэн бичлэгүүдээс эмхэтгэл гаргах.
Хоёр. Орчуулга хийх
1.1. БЛОГ
1.2.ХҮҮХЭД
1.3.БАЙГАЛ ОРЧИН
1.4.ТҮҮХ, СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ
1.5.НИЙГЭМ
1.6.ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ
Алсын зорилго
1.Монгол хүүхдүүдэд зориулсан он лайн танин мэдэхүйн тогтмол хэвлэл (Бум-н санаа)
2.Долоо хоногийн блог тойм сонинтой болох, ТВ-д цаг авч нэвтрүүлэг бэлдэн гаргах арга зам хайж хэрэгжүүлэх(Хүү-н санаа)
3."Монгол хүүхэд" ТББ-ын ажилд туслах
Одоогоор:
Нэг.
1. "Хүүхэд" багт Тэлмэн, Бямба, Түмээ, Заяа, Баясум, Бум, Ганаа, Мэг, Болжмор, Оогий, Цолмон, Жаагий
2."Байгаль орчин" Бибби,Ганга, Peak, Мээш, Жаагий (Бямба? Заяа? Тэлмэн?)
3."Түүх, соёл урлаг, зан заншил" Эбэ, Ганга, Тэлмэн, Мэг, Түвшин, Peak(Зүүд?, Ганбаатар? Заяа? Дэстини?)
4."Нийгэм" Эбэ, Ганга, Алтаргана, Эрхцас (Idea?, Хүү? Зүүд?Бум? )
5."Шинжлэх ухаан" Түвшин, Алтайн уулс (Дэстини?, Peak?)
6. "Эрүүл мэнд, спорт" Дэстини, Бибби, Peak, Жаагий, Цолмон(Арсун?)
7."Блог" хүн бүрт блогийн талаар бичсэн бичлэг бий. блог бүх нийтийн болгох ажил өрнүүлэхэд ч ер нь IT блогчин аваад явмаар (Ганбаатар?,Хүү?)
8. "Уншсан номын булан" Peak,Ганга (Ганбаатар? Бямба? Дэстини? )
9."Уран зохиол" Болжмор (Зүүд?Бум?Эбэ?Алтаргана ?)


Хоёр. "Орчуулгын баг" Дэстини,Оогий, Peak, Заяа,Ганга,

Баатар андын санал болгосон "Алтан нахиа" номыг орчуулах уу? Дэмжиж байгаа хүн байна уу? Өөр санал болгох ямар ном байна?

Блог андуудаа ямар багт орох, мөн ямар сэдэв нэмэх, өөр ямар ажил хиймээр байгаа зэрэг тодорхой саналаа ирүүлээрэй.


PS:(? ) нэрсийг би дур мэдэн асуух маягаар тавьсан шүү. Тааж буудаагүй бол уучлаарай. Тогтмол уншдаггүй блогыг хааш оруулахаа мэдэхгүй тул нэр дурдаагүй тул хаана ямар сэдэвт юун дээр ажиллахаа бичээрэй. Шинжлэх ухаан, уран зохиол андуудын санаачлагаар нэмлээ.

Sunday, 20 April 2008

Блог андуудаа юу гэж бодож байна?

"Блог гэж юу юм", "хэнд хэрэгтэй юм?", "ямар ашигтай юм?", "хайран цаг", "залуучууд хүүхдийн тоглоом", "гадаадад байгаа ганцаардсан хөөрхийчүүд л интернетээр ярилцдаг байх", "хийх юмаа олж ядсан хүн л оролддог байх" гэж хэлэх хүмүүс олонтой таардаг. Ялангуяа миний үеийнхэн тоомсоргүй хандах нь, блог гэж юу байдаг тухай огт мэдэхгүй байх нь элбэг.
Блог хөтөлдөг уншдаг хүмүүст блог гэж юу болох талаар нурших илүүц биз. Ажиглаад байхад программчлал, мэдээллийн технологийн мэргэжилтэй компьютерт ойр залуус блог ертөнцөд түлхүү байх шиг. Шүлэг өгүүллэг бичдэг үгийн жинг цэн тунгаар мэдэрдэг найрагч, зохиолч улс бас байнаа.
Анхны "пионер" блогчид Эрин Тулгат, Наранбаяр, Буянцогтоо, Агьнууд Зоригт нар "Эмос клуб" үүсгэн байгуулж "Амжилтад хүрэх гал эрмэлзэл", "Мэргэжлээ зөв сонгоход тань" гэх зэрэг номыг хамтарч гаргасан билээ.
Мөн 21-р зууны даяарчлагдсан дэлхий "Дэлхий бөөрөнхий биш" номыг дэлхийн өнцөг буланд сурч ажилладаг залуусыг М.Отгонпүрэв санаачлан зохион байгуулж Д.Сайнбаяр, Э.Норзимаа, Б.Индра, Ж.Норов нарын блог хөтөлдөг залуус нийлж орчуулан монголын уншигчдад хүргэсэн нь саяхан.
"Интернэт хэрэглэгчийн гарын авлага" номын нээлт өчигдөр 2008 оны 4 сарын 19-ны Бямба гарагт Интерномд боллоо. Монгол улсад Интернет үүсч хөгжсөний 12 жилийн ойд зориулан бүтээсэн энэ номын багийг блогспотын Д.Сайнбаяр зохион байгуулж, Монгол, Герман, Бельги, Япон, Америк, Англид байгаа залуус хамтран бичсэн байна.
Блог зарим андууд блогтоо тавьж байсан нийтлэл, өгүүллэгүүдээ эмхэтгэн ном гаргасныг дурдахад таатай. Х.Эрдэмбилэг "Толбогүй Монгол", Э.Бум-Эрдэнэ "Сэмэрч үл барагдана" гэх мэт. Чалчах өрөөнд хурамхан зуур шүлэг найраглал ч аяндаа босч байгааг Зараагийн сүүлийн бичлэгээс харж болно.
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн З.Энхболд, судлаач Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, Х.Хурметбек, зохиолч Х.Болор-Эрдэнэ, сэтгүүлч Б.Номинчимэд, А.Амарсайхан, Э.Адъяасүрэн, Б.Занданхүү нар блог ертөнцөд бидний дунд байгааг дурдахад бас бахдалтай.
Хүүхдийн хүмүүжил, зураг урлаг, түүх, шашин, нийгэм улс төр, хайр дурлал, зөн билэг, зүүд мэдрэмж гээд өргөн хүрээтэй олон сэдвээр янз бүрийн хэв маягаар бичиж байна. Нэг ижил сэдвийг өөр өөр өнцөгөөс бичсэн ч байгаа. Хавтгай дэлхийн хаа нэгтээ байгаа блогчид сонирхлоороо нэгдэн нэг баг болон юм хийж бүтээж болдогийг "ахмад" туршлагатай "пионер"-ууд маань бэлхэнээ харуулаад өглөө. Нэгэнт цаг заваа зарцуулан оюун ухаанаа дайчлан блог хөтөлж байгаа бид тодорхой сэдвээр хамтарч ажиллаж болно. Цагаан сарын тухай гэхэд бараг хүн бүр бичсэн байгаа. Биеэ үнэлдэг хүүхнүүдийн тухай, яагаад ингэх болов бас л олон хүн хөндсөн сэдэв. Байгаль орчноо хайрлан хамгаалах талаар хэлэлцүүлэг, уралдаан зохион байгуулаад манайд байдал ямар байгаа, гадаад орнуудад энэ асуудлыг хэрхэн шийддэг. Гадаадад хөл тавихад юу анхаарах талаар бараг хүн бүрт хэлэх үг бий. Англи, герман, орос, япон хэлнээс хамтарч ном орчуулж болох, ямар ном сонговол зүгээр, хүнд өгөөжтэй, хэрэгтэй байхав талаар олуулаа ярилцаж сонголт хийвэл илүү оновчтой болох нь ойлгомжтой. Монгол хэлээс гадаад хэл рүү хөрвүүлэх түвшинд гадаад хэл эзэмшсэн залуус хамтарч бас болох.
Блог андууд минь хамтран ажиллахад санал бодлоо харамгүй хэлээрэй.

Saturday, 22 December 2007

Эндүүтэй

Ер нь энэ блог гэдэг их хөгжилтэй, эндүүтэй андуутай, буруутай холиотой эд юм. Анх блог нээгээд долоо хоноогүй байтал миний ээж, хүүг эрдмийн хүмүүс гэдгийг мэдэх, намайг бараг мэдэхгүй блог анд Ш.Баатар намайг автоматаар доктор гэж бодоод, "доктор авхай блог нээвэй" гэж зарлаад нэг сайн түлж билээ. Таньдаг мэддэг улс өчүүхэн намайг өөртөө эрдмийн цол хайрлачихдаг болсон, ухаан санаа нь самуурсан гэж бодчих вий гэж ихэд эвгүйцэж, уйлахаас наагуур майлдаж гуйж байж залруулга хийлгэн энгийн ард төрхөндөө орж санаа амарч билээ.
Насаараа төмөр сахьсан инженер хүн гэнт юм бичиж эхлэхээрээ хөлд хэлд анх орж байгаа хүүхэд шиг байсан уу яасан блог анд Т.Бумэрдэнэ намайг оюутан гэж андуураад манайхан гэр бүлээрээ бөөн инээд болж билээ. Ахмад настай хүн шиг намбалаг аядуу бичих гэж ихэд зовлоо. Рольдоо итгээд дандаа түүх, шашин, нийгэм гэсэн хүнд хэцүү сэдвээр туугаад амьдралд байдаг дүр төрхөөсөө нэлээд хазайв. Уул нь алиа хошин, ёж яриатай хөгжилтэй талдаа хүн л дээ.
Сүүлийн үед манайх нүүдэл суудал гээд заваар муу, "имидж"-ихээ сэдэвт төвлөрч чадахгүй хаос дунд байгаа болохоор, хүний биеэс ялгардаг бараг бүх юм хими-н гурван төлөвдөө "с" төгсгөлтэй байдаг тухай нэг танил маань ярьж байсан санаанд орж, цааш ургуулаад бодсон чинь хөгжилтэй санагдаад "таавар" болгоод хоёр мөр бичлэг оруулж орхив. Ганаа-бж блог дүү охин миний өмнөөс ичээд нүүр нь улайж буй хэдэн мянган бээрийн тэртэйгээс мэдрэгдээд байхаар, амьтан хүн ичээж зовоогоод яахав гээд арилгаж орхив. Хөөрхий дүү маань "тань шиг серъёз ажааг ингэхийн чинээ санасангүй гээд л, хүн юм хойно хааяа инээдэгт тань итгэнэм ч гэх шиг" уучлал гуйсан шүү. Санаа зоволтгүй, би өөрөө л эвгүй байдалд орсон уу гэхээс чи минь зүв зүгээр ээ. Залуусын хэлдэгээр "сов сори".
"Толбогүй Монгол" номын автор, английн блогч дүү Х.Эрдэмбилэгийн блогийн сүүлийн бичлэгт нэг хүн зэмлэх аяастай сэтгэгдэл үлдээсэн байхаар нь, ажаа өмөөрөөд хаяачихлаа. Гэтэл "эрхэм танд ер нь эр хүний мэдрэмж байна уу, эрчүүд арчаагүй, ичсэндээ гүрийлээ, хоцрогджээ" гээд өөрөө зөндөө загинуулчихдаг юм байна. Бибээр эм хүн тул эр хүний мэдрэмж мэдэхгүй, "эрчүүдийг шүүмжилсэн нийтлэл бичих эмэгтэй байвал хамтарч бичмээр байна" гэсэн саналыг тань харин хүлээж авлаа. Хүний сайн муу явах, арчаатай арчаагүй байх эр буюу эм болж төрөхөөс нэг их хамаарахгүй болов уу гээд жаахан ивээд явуулчихлаа.
Ингэхэд би хэн бэ? "Эрэгтэй", "оюутан", "хошин шогийн мэдрэмжгүй эрдмийн зэрэг горилсон хөлдүү толгой" аль аль нь уу? Ийм л имидж миний бичвэрүүд төрүүлдэг юм байна гэж дүгнэлээ. 2008 онд ихээ засраад эвтэйхэн болох амлалт авдаг юм билүү?
Зул сарын баяр тэмдэглэдэг газар оронд байгаад нь сайхан баярлаж, гоё бэлэг цуглуулаарай гэж, нутагтаа буюу буддын, лалын бас бус шашинтай оронд байгаад нь Шинэ жилээ сайхан тэмдэглээд шинэ эрч хүчээр дараа жилдээ ихийг бүтээж эрүүл саруул явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн барья.