Showing posts with label урлаг. Show all posts
Showing posts with label урлаг. Show all posts

Monday, 30 May 2011

Хөөмийн гайхамшиг

19-10-2007нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн"Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.

Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.

Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.

Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.

Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.

Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.

Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.

Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.

Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэжбайсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.

Гадаадын хөгжим судлаачид оюуны үнэт өвийг танин мэдэх завшаан тохиолдсонд олзуурхан манай монголын уртын дуу, морин хуур, хөөмийд эрдэм шинжилгээний дүгнэлт гарган судалсаар байна. Япон, герман, голланд, америк судлаачид нэлээд хэдэн ном гаргажээ. Дундад ба Төв Азийн хөгжим судладаг Теодоро Левин гэдэг америк эрхэм манай хөөмийн тухай Прага хотноо хичээл сургалт хийж байхдаа, монголын ард түмний үнэт өв гэхээсээ илүү ийм гайхамшигт шинэ сонин юм нээлээ гэдэгтээ цохолт өгөн ярьж байсан. Монгол тахь гадаадын олон улсад оросын эрдэмтэн Пржевальскийн нэрээр алдаршсан гэдгийг санаж өөрийн орны унаган соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүгээрээ бахархаж, өөрсдөө судалж дэлхий дахинд Монголын гэдгээр нь таниулъя.

Wednesday, 12 August 2009

Н.К.Рерих “Их Улаан баатар” зураг

Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээсэн долоон мянга гаран зурагт дорнын сэдэв давамгайлдаг. Түүний уран бүтээл дэлхийн олон оронд байдгийн нэгэн адил Монголын тухай буюу монголын хөрсөн дээр амилсан бүтээл цөөнгүй. Монголын Дүрслэх Урлагын Музейн сан хөмрөгт буй Рерихийн хэд хэдэн бүтээлээс Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын \1925-1928\ явцад 1927 онд зурсан “Их Улаан баатар” \165х125, шороон будаг, холст\ зургийг толилуулья.

Энэ бүтээл бурхны домог зүйгээс сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барилийг санагдуулам сонирхолтой бүтээл. Монголд бурхны шашин нэвтрэхээс өмнөх үеийн уран зурагт зоригт баатруудын туульс, дээдэс язгууртны ан хоморго, ердийн нүүдэлчин малчдын амьдрал ахуйгаас сэдэвлэсэн зураг зонхилж байв. Рерих монгол зургийн уламжлалаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулсан хэдий ч энэ нь монголын үлгэр домгийн баатар биш, Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва буюу бурхны шашны дүр. Зураач зургийн ар талд өөрийн гараар “Шамбалын Догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж төвдөөр бичиж үлдээсэн байдаг.

Зураач Монголын хууль тогтоох дээд байгууллага Ардын Их Хуралд энэ бүтээлээ бэлэг болгон дурсагжээ. Тэр үеийн тогтмол хэвлэлийн нэг “Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлүүлсэн захидалдаа: “Орчин цагийн далбаан дор монголын ард түмэн гэрэлт ирээдүйгээ цогцлуулж, эрх чөлөөний Их Морьтон монголын уудам талаар давхиж байна. Баатарлаг түүхт өнгөрсөн үеэ хуяг дуулга туг мяндараар илэрхийлсэн морьтон хүмүүний гэрэлт ирээдүйг билэгдэнэ. Нийгэм журам, мэдлэг боловсрол нэгдэх цаг ирнэ. Адуу мал багширна. Богд уулын оройг урьд хожид үзээгүй нялх өвс бүрхэн, тал нутаг нилэнхүйдээ ногоорчээ. Айл гэрт аз жаргалын гэгээ татжээ. Сайхан Морьтны дуудлага аянга мэт ниргэлж байна. Ази тивийн цэцэглэн мандалтын үед урлагын бүтээл, номыг хамгийн эрхэм бэлэгт тооцдог байлаа. Азид сайн цаг дахин айсуй. Монгол Ард Улсын Засгийн Газарт өргөн барьсан “Их Улаан Баатар” зургийг минь хүлээн авна уу” гэж бичиж байв.

Рерихын захидал дахь гэрэлт ирээдүй гэсэн тодотгол зургийн санааг илтгэнэ. 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол орон социализм байгуулах зам сонгож, хүмүүс нийгэм журмыг өөрчлөх үзэл санаа, гэрэлт ирээдүйд итгэж байв. Хүн амын дийлэнх шашны мухар сүсэгт автагдсан, бичиг үсэгт тайлагдаагүй тэр цагт Маркс Ленины харийн сургааль мэдээж ойлгомжгүй байв. ХХ зууны эхээр жирийн ард олонд ихэд гэгээрсэн бодь сэтгэлтэн орших Шамбалын орон бол аз жаргалын билэг тэмдэг, „Хүмүүний мөрөөдлийн орон“ Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн бүрийн дайсныг дарагч шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу байжээ. Н.К.Рерих энгийн олонд зургаа ойлгомжтой болгох үүднээс агаар мандал, эх дэлхий, газар доорх гурван ертанцөд зоргоор явдаг гурван нүдэт номын сахиусаар ирээдүйг билэгдсэн нь зураачаас гадна сайн сэтгэл зүйч болох нь харагдана.

Монгол зурагт шороон будгаас гадна \алт, мөнгө, зэс, төмөр, оюу, номин, тана, шүр, сувд зэрэг\ үнэт эрдэс есөн эрдэнэ хэрэглэж ирсэн, одоо ч хэрэглэдэг уламжлалтай. Зургийн дэвсгэрт авсан гол өнгөөс шалтгаалан, улаан бол мартан, хар бол нагтан гэж ангилдаг. Зураач зөвхөн нэг өнгөөр тэр өнгийн нарийн ялгаан дээр ажиллан зураасын нарийн ураар дүрсийг тодруулдаг. Монголын эртний бурханчид бийрээр ямар гайхамшигт уран дүрслэл бүтээж байсныг „Бадамсамбуу“ \Дүрслэх урлагын музей, 192х144, алтадмал мартан\, „Махагал“ \Богдын музей, 168х78, нагтан\ бүтээлүүдээс харж болно. Бурхны шашны улааны урсгалын том төлөөлөгч Бадамсамбуу зөвхөн улаан өнгөөр мартан зургаар бүтээгдсэн бол сөрөг хар хүчийг ялан дийлэгч догшин сахиус Махагал хар буюу хар хөх давамгайлсан нагтан зургаар бүтээгджээ. Өнгийг утга санаа билгэдэл зүйтэй уяалдуулан нарийн бодож сонгодог нь харагдаж байна.

“Их Улаан баатар” зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Цэлмэг хөх тэнгэрт гал хээр морьтой “улаан морьтон” дүүлнэ. Морьтой холбогдох үг хэллэгээр баян тансаг монгол хэлэнд морьны зүс, явдал, нас хүйсийг ялгасан өчнөөн хэллэг бий. Ялангуяа морины зүс тодорхойлсон олон үг хэлц байдаг. Зурган дээрх моринд галын дөлийн туяа туссан тул ямар зүсмийн болохыг тодруулж хэлэхэд төвөгтэй. Үүл хүртэл ягаавтар туяатай. Урд талаар нисэх тагтаа болов уу гэмээр шувууд улаанаар будагджээ. Ихэвчлэн цагаанаар дүрсэлдэг гэр болон сүм хийд улбар шар өнгөтэй. Бурхны шашны тигээр улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг билгэддэг. Өнгөрсөн зууны хориод онд Монголд улаан армийн оролцоотойгоор улаан хувьсгал ялсан. Зургийн нэр “Их Улаан баатар”. Нийслэл хотын нэр бас Улаанбаатар. Николай Константинович улаан өнгийг зүгээр нэг сонгоогүй нь ойлгомжтой.

Хотын нүүрэн талд гол гэрийн өмнө ардын төлөөлөгчдийн “Их Хуралдай” чуулж байна. Хуралдагсдын хоёр талд төрийн туг босгожээ. Энхийн цагаан, дайны үеийн хар туг бий. Эрт дээр үеэс монголчууд дайн тулаанд төрийн хар туг сүлд ивээн тусалдаг хэмээн итгэж ирсэн. Хар туг нэг ёсондоо өвөг дээдсийн, эх орончийн сүнс шингэсэн шүтээнд тооцогддог. Зөвхөн хар туг зурган дээр байгаа нь нийгмийг бүхэлд нь өөрчлөх, шинэ хүнийг төлөвшүүлэх нь хүнд хэцүү урт удаан үргэлжлэх үйл явц буюу дайн тулаан гэж үзэж болно гэсэн санааг Рерих илэрхийлсэн болов уу гэж санагдана.

Зургийн доод хэсэгт нийслэл Улаанбаатар хотыг дүрсэлжээ. Гэтэл Дамдинсүрэн, Жүгдэр зэрэг монгол зураачдын бүтээлд бүгдийг нарийвчлан жижиг эд анги, чимэглэлийг хүртэл гаргасан байдлаар Өргөө хот дүрслэгдсэн байдаг бол Рерих Улаанбаатар хотыг “Өндөр Жанрайсаг” и “Бат-Цагаан Өргөө” зэрэг онцлог хэдхэн барилга сүм хийдээр төлөөлүүлэн гаргажээ. Монгол уран зургийн нэг онцлог нь яв цав дүрслэл, нарийн бичлэг бөгөөд гэрийн байршил, хотын ерөнхий төлөв ертөнцийн зүг чигтэй тохирсон байдаг. Рэрихийн сонинд бичсэн захидалд Богд уулыг дурдсан, уулын ерөнхий дүрс нугачааг харахад зурган дээр Богд уул зурагдсан мэт. Номин, ногоон, цэнхэр, ягаан, ухаа бор зэрэг өнгийг ер бус гоёор зохицилдуулан уул нурууг зурж, ямар нэг хэмжээгээр эзэлхүүнтэй овгор товгор мэт болгожээ.

Улаанбаатар хот Богд уулын ар хормойд байдаг, монголчууд гэрээ урагш харуулан барьдаг заншилтай. Зураг дээрх гэр хийгээд хот нэлэнхүйдээ уулын өмнө талд мэт болжээ. Рерих бодит газар оронг монгол уламжлалт зургийн харьцангүй билэгдэл утгаар дүрсэлдэг аргаар зурсан бололтой. Монгол зурагт газар орны дүрслэл зөвхөн зургийн үйл явц өрнөх дэвсгэр болдог. Өрнөдийн хүн ийм зураг хараад яагаад ижил газар оронг дүрслээд байдаг юм бол гэж гайхмаар аль ч уул ижилхэн гурвалжин дүрсээр зурагдана.. Эдгээр бүдүүвч тойм төдий гурвалжин-уулууд зургийн талбайг олон нэгжид хуваана. Нэг нэгж-уулын энгэрт ан гөрөө хийж буйг харуулж, нөгөөд нь хурим болж буйг харуулах жишээтэй.

Монголын хавтгай зургийн ийм аргад эзэлхүүн болон гэрэл сүүдэр үгүй, түүнийг зураас өнгөөр ялгадаг онцлогтой. Уламжлалт монгол зурганд эзэлхүүн овгор товгорыг гэрэл сүүдрээр бус өнгийн ялгаагаар, нарийсч бүдүүссэн зураасаар гаргадаг аж. Рерихийн зураг монгол хавтгай зургийн аргаар бүтээгдсэн хэдий ч угалзалсан үүл, галын дөлийг монголын их зураачид шиг нарийн гаргаагүй, эзэлхүүнийг гэрэл сүүдэр ашиглан гаргасан байна.

Зургийн дээд хэсэгт үүлэн дунд “Маш Дарагч” \төвдөөр “Шинду Намбар Номбо”\ бурхны номын биет дүрс очир суудалтай, харанхуй мунхагийг тас цавчигч илд барьсан байдлаар бурхны тигээр зурагдсан. Энэ бурхны хөрөг, гурван мэлмийтэй догшин дүртэй харьцангүй томоор дүрслэгдсэн морьтон, угалзалсан үүл болон галын дөл сэлт нь бүхэлдээ бурхны шашны тигийн дагуу зурагдсан шашны урлагыг санагдуулна. Нарийн ажиглавал тиг эвдсэн зүйлс бий. “Маш Дарагч”-н хоёр талд тиг ёсоор нар сар байх учиртай, үүний оронд Рерих жижигхэн таван хошуу зурсан байна.

Номын сахиус голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй байдаг бол Рэгдэндагва хоёр мэлмийтэй, амирлангуй дүртэй дүрслэгддэг цөөхөн номын сахиусын нэг билээ. “Шангад” (сансар дахь бурхадын орон, 60х81 хэмжээний усан будаг) танк зураг дээрх Рэгдэндагва ихэд энхийн царайтай, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар дүрслэгдэсэн байхыг Дүрслэх Урлагын Музейд харж болно. Заримдаа Рэгдэндагвын морийг хонгор зүсмийнхээр зурдаг. Шашны дүр бүрийг тогтсон тигийн дагуу зурж, гарт барьсан зэр зэвсэгийн бариул дээр билэгдэл утгыг илэрхийлдэг очир, чандмань, гавал зэрэг тухайн дүрийг тодруулах чимэг шигтгэдэг билээ.

Харин Рерихын Рэгдэндагва гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жадтай байдлаар зуржээ. Ээтэн гутал, яах аргагүй монгол баатрын хувцас, шашны билэгдлийн чимэггүй ердийн бариултай андуурах аргагүй тахир монгол сэлэм, сэлэмний хуйн угалз чимэг бас монгол нь танигдахаар ажээ. Монголчууд эртний уламжлалт ардын урлагтай байсан тул бурхны шашныг өөриймсүүлж дүрслэхдээ гаднаас авсан зүйл тун цөөн билээ.

1970 онд хэвлэгдсэн “Социалист Монголын дүрслэх урлаг” номондоо И.Ломакина “Их Улаанбаатар” зургийн шашны учир холбогдлыг дурдаагүй байдаг. Ленинградад үзсэн Рокуэл Кент, Святислав Рерих нарын бүтээлийн тухай шагшин ярихад, Дүрслэх Урлагын музейн ажилтан аав маань Святислав Рерихын эцэг Николай Рерихын энэ зургийг үзүүлж бурхны шашинтай хэрхэн холбогдох талаар тайлбарлаж өгч билээ. Тэр үед шашны урлагын тухай ярих бичих хориотой, шашны суртал нэвтрүүлэг гэж үздэг байлаа. Бурхны шашны бурхад, догшид сахиусыг дүрслэн үүссэн XYIII зуунд хөгжлийнхөө оргил үед хүрсэн зээгт наамал хэмээх торгон наамал зургийн талаар бичсэн “Торгон зураг” номондоо аав маань эртний урчуудын нэг ч бүтээл дээр тайлбар хийгээгүй байдаг. Ийм л цаг үе байв.

Бурхны шашин дэвшил хөгжил авчирч байсан тухай Ю.Н.Рерих хэлэхдээ: “XYI зуунд төвдийн буддизм Монголд нэвтрэхдээ Энэтхэг, Хятад, Төвдийн соёлын их салхи өмнө нь уйгаруудын авчирсан сургаалийн эртний хэлбэрийг түрэн зайлуулж, XYII- XYIII зуунд Монголд эрчимтэй хөгжсөн яз уран зохиолд төвд, самгарьд хэлний онцлог сонгодог монгол бичгийн хэлэнд тусгалаа олж байв. Нэмж хэлэхэд Монгол өөрөө эртний соёлтой, ардын урлаг өөрийн билэгдэл утга бүхий хээ угалз чимэглэлийн урлагтай байсан. Энэ уламжлал монгол зураг дүрслэх урлагт тусгалаа олсон байдаг.”

Монгол орон дэлхийн хамгийн хоцрогдсон буурай орны нэг байхад Рерих манай орноор аялсан юм. ХХ зууны эхэнд шарын шашин соёлын үр хөгжил дэвшил авчирагч байхаа больсон төдийгүй хорьдугаар зууны соёл иргэншил хөгжил дэвшлээс хүртэхэд чөдөр тушаа болж, нийгмийн хөгжлийн хүлээс болон хувирсан байлаа.

Залуу ардчилагчид “Бид Оросын их гүрний жийргэвч бүс байсаар ирсэн, одоо ч хэвээр. Хүйтэн дайн л биднийг дундад зуунаас орчин үе рүү үсрэхэд нөлөөлсөн” гэдэг. Монголчууд баахан оросжиж өөрөөр хэлбэл европжсон нь үнэн. Ингэхдээ өөрсдийн унаган төрх, сэтгэлгээний онцлогоо алдах дөхсөн нь бас л үнэн. Хүний мөс чанар муудаж, нийгэм замбараагүй байгаа нь сэтгэлийн ба тархины хоосролын илрэл.

Монгол орон гурван том шашны (бурхны, лалын, загалмайтны), гурван үндсэн соёл иргэншлийн (энэтхэг-хятадын, араб-түрэгийн, европ-вавилоны) уулзвар зааг дээр оршиж ирсэн нь манай түүхийн савчааг нөхцөлдүүлж байв. Николая Константинович Рерихын “Урлаг соёл бүх хүн төрлөхтөнг нэгтгэх хүчтэй, олон салаа мөчиртэй үндэс суурь нэгтэй мод лугаа ижил” гэсэн үг зуун жилийн өмнөх шигээ одоо ч ач холбогдолтой хэвээр байна.

Wednesday, 8 July 2009

Бурхан сэтгэл хоёрын алийг зурах

Буддын, загалмайтны, лалын болон бусад олон шашинд сүсэглэгчид бурхан байдагт итгэдэг. Бурхнаа дотроо өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Түүнийгээ дүрсэлдэг. Дүрслэл нь ялгаатай. Хүмүүн бид бурханг олон янзаар зураад байна уу? Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн тухай тээр эртний түүх сургаалийг дараа дараагийн үед дамжуулсаар, үлгэр домог болтлоо олон жил яригдсан, яаж байгаль эхтэй зохицон, өөр хоорондоо эв найртай, аз жаргалтай амьдрах тухай сургасан агуу номлогчдыг бурхан гээд бодчихсон шиг. Хүмүүн бидэн шиг дүр төрхтэй бурхан гуай өөрөө бидэн дунд алхаад байгаа шиг ойлгочихсон шиг. Тухайн газар орны хүн зонтой тун төстэй бурхан "амилаад" байх нь сонин. Гэтэл гадна төрх, ахуй амьдрал, соёл урлаг, хөгжлийн түвшин, сэтгэлгээний онцлог өөр өөр хорвоогийн бүх хүмүүсийн бурхны сургааль сайн муугийн дэнс сэтгэлийн тухай өгүүлэх нь адил. Хүмүүний үйл явдал, ажил амьдрал, ёс суртахууны үнэлэмж нь буян, нүгэл гэх шалгуураар шүүгддэг нь хаана ч бас адил.
Буддын шашинд буу зэвсэг агссан, "сонгодог" утгаар байх дайсныг буруу номтон муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд түлхэн оруулдаг сэтгэлийн муу илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэхийг сургадаг. Хүн гэдэг "үзэж", "сонсож", "амталж", "цэнгэж", "эдэлж" байдаг хүртэхүйн таван эрхтэнтэй нэгэн. Сэтгэл, бие болоод хэлээ дийлэхээ больж, хүртэхүйг хэтрүүлчихвэл "уур хилэн", "атаа жөтөө", "омог бардам," "харанхуй мунхаг", "шунал тачаал" гэх нүгэлд уначих гээд байдаг нэгэн.
Суудлын төлөө олох нэр
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян...
...Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ.
Товчилбол:
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж
Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож
Уурын мэсийг бариад омгоор түлэгдэж
Атаагаар агсамнан
Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны хавцгай дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий. (Д.Равжаа "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу")
Буддын шашинтан сэтгэл гэгч "зэрэглээ мэт үзэгдэвч, зүүд мэт хоосон" гээд "хоосон чанарын гайхамшигт" сүсэглэдэг. Эрт урьд цагт хүний сэтгэл дотор орших бурхныг огт дүрсэлдэггүй байв. Махан бодоос бүтсэн хүнээс бурханд өргөсөн тахил бодит зүйл тул зурганд дүрслэгдээд, бурхан өөрөө байхгүй хоосон зай үлдээдэг байв. Бүр хожуу үеийн зарим бүтээлд бурхан сахиусыг дүрсэлдэггүй энэ уламжлал үлдсэн тод жишээ бол, янз бүрийн бурхад, сахиусад зориулсан өргөл тахилыг дүрсэлдэг "Хангагч эрдэнэ" буюу "Ганзай" төрлийн бүтээлүүд билээ. Жигжид, Очирваань, Гомбо, Шалши зэрэг арван хангалд тус бүрд зориулсан ганзайнуудад бурхан сахиус өөрөө байхгүй зохиомжоороо төстэй боловч, тахилын мал амьтад өөр өөр өнгөөр будагдсан, бурхдын орших орд харш нь ялгаатай зурагддаг. Гэхдээ л хүн энэ зургийг бүтээсэн болохоор, харагдахгүй тэр бурхан сахиусыг хүнтэй адил мэт төсөөллөөс ангижирч чадаагүй нь зургаас бас харагдана. Нүүр царай харагдахгүй ч толгой байх баримжаанд титэм зүүлгэсэн, баригдахгүй бие харагдахгүй хөл дээр завилан суусан нь өмсүүлсэн өмсгөлийн нугалаас хэлбэрээр тодорно.
Бурхантай нүүр тулан уулзсан хүн байхгүй ч, гэхдээ л байдаг гэх Бурхан огт дүрслэгддэггүй байх нь үнэнд илүү ойр мэт.
Бурхан ч сэтгэлээс гарна
Буг ч сэтгэлээс бүтнэ
Буян хилэнц сэтгэлээс
Булт хоосон сэтгэл буй... (Д.Равжаа "Зүйл зүйлийн үзэгдэл")
Монголын Дулдуйтын Равжаа, Чехийн Милан Кундера, Туркийн Орхан Памук гээд агуу сэтгэгч зохиолчид бүгд сайн зураачид байсан, зураач болох уу, зохиолч болох уу гэж сонгож ядаж байсан гэдэг. Тэд амьдрылын өнгийг, сэтгэлийн олон өнгөтэй нь хамт үгээр дүрсэлж мөнхийн бүтээлээ туурвисан. Хэрвээ тэднийг үгээр бус өнгө будгаар бийрээр сэтгэлийг дүрсэл гэвэл ямар зураг зурах байсан бол?

Thursday, 2 July 2009

Дүлий

Цимбала гэнэ үү тийм нэг хачин нэртэй, төгөлдөр хуур шиг хөгжим сонсов. Дээр үеийн ордны хуур гэсэн байх. Бүр хоёр хүүхэд нөхрөө чирээд гэр бүлээрээ үзсэн. Үнэндээ огт таалагдсангүй. Тийм нэг цахираа дуутай төгөлдөр дуутай биш хуур. Төгөлдөр хуур, хийлээр сонсож чихэнд хоногшсон тунгалаг уянгалаг аялгууны дуурьсах царааг тайрчихсан (техникийн хэллэгээр тархах долгионы спектр нь нарийн зурвасаар) ч юм шиг, амьсгаа авалтаа тааруулахгүй ангалзаад хоолой нь хүрэхгүй байгаа дуучин ч юм шиг, ер л тийм чамалсан мэдрэмж төрөөд болдоггүй.
Хүмүүс алга ташаад, бүр заримдаа дахиулаад байх юм. Завсарлагаанаар гараад алга болъё гэж нөгөө хэдээ ятгаад дийлсэнгүй, зааланд цөөхөн хүн байхад, "нутаг нэгт" нь хөгжимдөж байхад дуу хөгжим ойлгодоггүй бүдүүлэг харагдана эвгүй гээд гүрийгээд байдаг. Шиничиро Накано гэдэг нэг японы ганцаарчилсан концерт байв. Би ганцаараа метро, трамвай, автобус гээд олон унаа дамжиж харихаас халшраад, хүүгийн унаанд хөл дүүжлэх гээд аргагүй үлдлээ. Хүн таалагдсан хөгжим сонсоход дотор нь уусаад уйлах уярахын хооронд байдаг биз дээ. Нэгэнт дүлий бибээр энэ хөгжимд уусч чадахгүйн ойлгомжтой болсонд, унтчихгүйн тулд манай хулсан хуур, чавхдасны нэг үзүүрийг зуугаад хуруугаар дохидог аман хуур, хүний ясан ганлин дасаагүй хүнд ямар сонсогддог бол гэсэн шиг элдэв юм бодож суув.
Нээрээ, өөрийн гоо сайхнаар бахархдаг домогтой нарцис цэцэгтэй хүн гэдэг амьтан юутай адилхан. Найз нөхөд гэхэд ижил төстэй үзэл бодолтой, ойролцоо сонирхолтой улс байх, гадна төрхөөрөө төстэй улс нийлбэл ёстой заяаны ханиа олж гээд шагширах...Цагаан арьстан дутуу болсон шиг цонхийгоод, хар нь түлэгдсэн шиг харлаад, улаан нь халтар тарлан, манай шар л төгс төгөлдөр гэхээс наагуур. Шар дотроо бол монгол л хамгийн гойд гэхээс наагуур хөөрцөглөх хүн гэдэг амьтны үнэн дүр нарцис.

Sunday, 22 March 2009

Марзан Шарав марзан хүн биш

Хүнгүй аралд ухаан заран, шийр заасаар амьд үлддэг Робинзон Крузогийн тухай өгүүлдэг Даниэль Дефогийн ном монгол хэлэнд их эрт орчуулагдсан юм байна. Гадаад далайн чанадад, газрын мухарт ганцаар амь зууж байгаа хүний тухай өгүүлсэн ном гэдгийг л ойлгосон нэрт зураач Шарав гуай анхны энэ монгол орчуулганд зурган тайлбар хийжээ. Хожим европ маягаар Ленины хөрөг зурсан ч, тэр үед зөвхөн монгол зургийн аргаар ажилладаг байсан зураач маань их сонин шийдэлтэй зураг бүтээсэн гэдэг.

Монгол хавтгай зурганд юм болгон тогтсон хэлбэртэй тодорхой өнгөтэй. Ус гол мөрөн бол цэнхэр, долгиотсон хээтэй. Уул толгод бол гурвалжин. Тэнгэр бол хөх. Үүл цагаан угалзалсан хээтэй. Цэнхэр, хөх, цагаан өнгө давамгайлаад байдаг. Монгол хавтгай зурганд алслал, эзэлхүүн байхгүй гэх. Харин өргөн ашигладаг билэгдэл зүйгээр алслал, ганцаардал, хүнд хэцүүг давсан сэтгэлийн хатийг үзүүлэхээр шийджээ.

Хэлтгий захтай, тод өнгийн монгол дээлтэй, ээтэн хоншоортой монгол гуталтай, монгол царайтай хүнийг хөх тэнгэр, цэнхэр далайн зааг дээрхи нэг багахан эх газар дээр завилан суулгажээ. Газар нь бараг тэр хүний олбог гэмээр ихээ жижигхэн. Хүн нь харин харьцангүй том. Бурхан бүтээх шарын шашны тигээр тухайн сэдвийн гол дүрийг томоор бусдыг жижгээр зурдаг тул зохиолын гол баатар Робинзон Крузог томоор, алсын алсад далай дунд байгаа хүн амьдардаггүй арлыг жижигхэн эх газраар дүрслэн илэрхийлжээ. Англи зохиолч Даниэль Дефо зохиолынхоо гол баатар Робинзон Крузог англи хүн. Шарав зураач англи хүний бараа хараагүй болоод зохиолын гол баатрыг монгол төрхтэй зурав уу? Эсвэл хүн л бол хүн. Ямар төрхтэй нь хамаагүй, байгалийн хатуу ширүүнийг даваад амьдарч чадаж байгаа хүний оюун ухаан, сэтгэлийн хат юуг ч давна гэдгийг харуулсан ном гэж ойлгоод зориуд ингэж зурсан байж тун болзошгүй. Тэгээд ялан төгссөн бурханлаг суудалд гол баатраа завилуулан суулгасан нь билэгдэл зүйгээр гол баатрын дотоод хүч чадлыг илэрхийлж чадсан яах аргагүй мэргэн шийдэл. Тэгэхээр Шарав зураач хамгийн робинзонлог Робинзон Крузог бүтээсэн санагдана.

Европт зураач нэг газраа хөдлөхгүй суугаад зурдаг тул хол байгаа зүйлийг жижиг, ойр байгаа нь том гэх мэтээр алслал үүсгэдэг бол Монгол зурагт алслал байхгүй. Өөрөөр хэлбэл зураач "шувууний дэвэлтээр" хаана бол хаана очиж дуртай цэгээсээ харж, бүгдийг ижил хэмжээнд урладаг тул ингэж бүтээсэн зургийг олон өнцөгт зураг гэх. Эзэлхүүнгүй, алслалгүй гэж өрнөдийнхөн үздэг тул монгол зургийг маань хавтгай зураг гэдэг. Дүрс бүрийг хар зураасаар тодруулж "зээглэж" өгөхдөө зураасийг бүдүүсгэн нарийсган угалзалж овгор товгор гаргадаг болохыг тэд анзаараагүй хэрэг.

Европ зургийн аргаар нэг л газарт болж буй тухайн нэг үйл явдлаар өгүүлэмж нь хязгаарлагддаг бол, монгол зургаар өчнөөн олон үйлийг нэг зурагт багтаан зэрэг өгүүлж болдог онцлогтой. Шарав нэрийн өмнө Марзан хэмээх алдар дагадаг болоход нөлөөлсөн гэх "Нэг өдөр", "Үрс гаргалт" (Айрагны баяр) бүтээлүүдээс монгол зургийн онцлог, зураачийн ур чадварыг бэлхнээ харж болно. Шарав шинэ гэрийн хурим найр, нас барсан хүнийг хөдөөлүүлж ёсон, эсгий хийх зан үйл, түлээ мод бэлтгэх ажил, тариа тарих болон тээрэмдэх, эмнэг сургах, мал тамгалах, гэрээ буулгах, ачаалан нүүх, үүлэн борооны явдал, ... суллах ч хоцорч үлдсэнгүй нүүдэлчин монголчуудын амьдралын бүхий л талыг зурхайтай нь, гүн ухааны сэтгэлгээтэй нь, өнгө будгийн билгэдэлтэй нь уран хошин дүрсэлжээ.

Буддын шашин Монголд нэвтэрснээс хойш л шашны урлагаар дамжиж соёл урлаг, түүн дотор уран зураг Монголд дэлгэрсэн мэт үздэг нь өрөөсгөл ойлголт. Шарав зураач амьдарч байсан цаг үеэс таван зуугаад жилийн өмнө перс түрэгийн зураачид манай монгол зурагнаас суралцаж байсан тухай ном зохиолд тэмдэглэгдсэн байдаг нь манайд өөрийн зургийн арга барил эртнээс байсныг нотлоно. Эртний монгол зураачдын эдүүгээг хүртэл хадгалагдан үлдсэн гайхамшигтай миниатюр байсан болоод Шарав зураачийн үед тийм гайхамшигтай бүтээл туурьвах хөрс нь байжээ.

Sunday, 15 March 2009

Зураач Гойя

Гойя гэхээр герцогиня Алба-г "Нүцгэн Маха", "Өмсгөлтэй Маха" зурагтаа мөнхөлсөн, гобелен хэмээн гар хийцийн ханын хивс нэхэх пано-загвар зурдаг хааны ордны зураач санаанд буудаг байв. Лион Фейхтвангерийн "Гойя" түүхэн романаар хийсэн киноноос энэ нэрт зураачийн тухай анх мэдэж билээ. Их сонин санагдсан тул номыг нь хэргээр олж уншиж байлаа. Испаны инквизицийн тухай "Капричос" гэдэг улс төр шашны цуврал ёгтлол нь их хүнд сэтгэгдэл төрүүлэм, Маха болон бусад хөрөг зургаас тэс өөр хэв маягаар зурсан болохыг хараад гайхаж байж байсан.

Өнөөдөр испани зураач Гойя (1746-1828)-н "Дайны гамшиг" график зургийн үзэсгэлэн үзлээ. Түүний эх орон Наполеоны армид эзлэгдсэн он жилүүдийн (1810-1820) тухай зураглан үлдээсэн 82 хуудас түүхэн баримтыг уран зургаас харлаа. Испанийн үндэсний эрх чөлөө төлөөх дайны жилүүдэд энэ цувралыг бүтээсэн гэдэг. Энэ хорвоод хүн болон төрөх нь зүүний үзүүрт будаа тогтох лугаа адил ховорхон эрхэм заяа гэдэг. Гэтэл дайнд амь үрэгдсэн хүмүүсийн цогцос дээр дээрээ овоороод хог чулуу шиг хөглийж байна. Зургийн тайлбар "Яах гэж төрсөн юм бэ?" Загалмайтны сүм зургийн дэвсгэр болж, наана нь нялх үрийнх хажууд эхийг нь хүчирхийлж байна. Махчин шувууд талийгчийн цогцос дээр найрлаж байна. Хүүхний хүзүүнээс мулталсан сондор, айлын авдраас ухсан олзоо дааж ядан яваа цэрэг. Хүн дүүжилсэн доромжлон гутаасан мод, газар чулуу хүртэл ёолж байх шиг. Бойнд байгаа малын гулууз шиг хөл гар нь ёрдойсон үхдэлүүд...Ганц хоёрхон зураасаар айсан нүд, гутан доромжлогдсон энгийн хүмүүсийг гаргаж чадсан бол эзэрхэг түрэмгий, ичгүүр сонжуургүй, ховдог шунахай харийн цэргүүд гээд дайны үнэн нүүр царайг гайхамшигтай гаргажээ.

Үзэсгэлэн үзэж дуусаад, санал сэтгэгдэлийн дэвтэрт нь монголчууд үзлээ гээд ганц хоёр үг биччих гэж бага хүүдээ хэлэв. Хүү ч тэр дороо ганц өгүүлбэр татлачихлаа. Агуу зураачийн бүтээлд автагдаад нэг хэсэгтээ дүнсгэр чимээгүй байсан бид хэд унаанд суухаар явж байхад "чи юү гэж бичсэн бэ" гэж ахыгаа асуухад отгон хүү "Бидэнд нялзаагаад байдаг зэрлэг, догшинг Европоос харлаа. Монгол аянчид" гэж бичсэн, гэдэг байгаа.

Ер нь аль ч үндэстний түүхэнд дайн байлдаан байсан. Дайн хэн хэнтэй дайтаж байгаагаас үл хамааран хатуу дүрэмтэй, аймшигтай зэрлэг, хар сүүдэртэй. Хэзээ ч тийм байсан, одоо ч тийм. Бидний үед социалист үзэл сурталд баригдан бичигдсэн өрөөсгөл түүх, бараг хориотой хаалттай байсан Гумелёвын номнуудаас өөр нүд нээх юмгүй байлаа. Одоогийн хүүхдүүд Jack Weatherford зэрэг үнэнд ойр бичигдсэн ном уншиж, түүхэн үйл явдал харуулсан кино үзэх боломжтой, тэр хэмжээгээрээ өөрийн бодолтой өсч өндийж байна. Монголчуудын талаар яригддаг "хар домог" аажмаар бүдгэрч байх шиг. Сэтгэл сэргээд явчих шиг л болов.

Thursday, 11 December 2008

Уран барималч Ц.Амгалан

Төрийн шагналт уран барималч Ц.Амгалантай Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга асан Ж.Самбуу гуайн хөшөөний эх загварыг хийж дуусаж байхад нь 2007 онд урланд нь уулзав. Нэг хотод нэг үед суралцаж байсан найз маань бас нэгэн сайхан хөшөөг цогцлуулан бүтээж буйг харахад таатай байлаа. Хөшөө зөвхөн гадаад төрхөөрөө адил бус нүдний харц, амны хайрцаг, тэргүүний өргөлт, суудал гээд бүгд нэгийг өгүүлж, хоёрыг хэлэхээр эл эрхмийн ноён нуруутай гүндүүгүй сайхан занг гаргаж чадсан хөрөг босч байлаа.

"Хоньчин Найдан", "Алтайн цаадах говьд", "Булшин дээр" зэрэг алдарт зохиолоороо олны танил зохиолч Дондогийн Цэвэгмидийн хүү, уран барималч Амгаланг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Цэвэгмэд гуайнх сайхан номын сантай айл. Амгаланг хүүхэд байхаас эхлэн биолог мэргэжилтэй аав нь хөдөө ажлаар явахдаа хүүгээ хар багаас үргэлж дагуулж явдаг байв. Амгалангийн бага хүүхэд байхад Цэвэгмид гуай Хятад дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байв. Амгалан хүүхэд байхаасаа эрдэмт аавын цуглуулсан номун далайд хос хэлээр сэлж, хөдөө нутгаар арван найман аймгаар хөндлөн гулд хэсч, хятадын эртний соёл урлагтай танилцаж өссөн азтай хүү. Сайн эцгийн буянг шингээж чадсан нь харин өөрийнх нь ухаан, сэтгэлийн үгээ уран барималдаа давтаж мөнхөлсөн нь төрөлхийн авьяас.

Амгалангийн 1979 онд хийсэн хийсэн томоохон бүтээлүүдэд Халх голын ялалтын 40 жилээр босгосон 15 метр өндөр, бетонон "Монголын хилчин дайчдын хөшөө", 1984 онд зөвлөлтийн барималчидтай хамтран бүтээсэн 55 метр өндөр "Ялалт" хэмээх зэс хөшөө, 1990 онд босгосон "Нууц товчооны 750 жилийн ойн гэрэлт хөшөө" орно. Амгалангийн уран гараар амилсан тэмдэглэлийн бяцхан дэвтрээ барьсан ч шүлгээ цээжээр уншиж буй яруу найрагч Б.Явуухулан, гүн бодолд дарагдсан эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, дэвж буй их аврага Б.Бат-Эрдэнэ, алсын бараа харж буй Дорж генерал зэрэг нэр цуутай хүмүүсийн хөрөг бас бий. Эртний баатрын өмсгөлтэй сайхан монгол эмэгтэйгээр "Эх орон", монгол гутал монгол дээлтэй халимаг үстэй залуу хүүгээр "Өглөө", булчин шөрмөс нь зангирсан хээгүй байрын эрээр "Ажилчин" гээд тоочоод байвал барагдахгүй. "Улаанбаарын гудамжинд" хөөрхөн өгүүлэмжтэй баримал. Бас "Зэрэглээ" гээд уран сэтгэмжит цуврал баримал бий. Гадаад (Унгар, Герман, Япон, Хятад, Орос)дотоодод уран бүтээлийн олон бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Түүний баримал хөшөө Монголын хот, хөдөөгөөс гадна алс холын Австралийн Сидней, айл хөрш Хятадын Бээжин хотод гудамж талбайг чимэж байгаа.

1985 онд цэл залуугаараа Халх голын ялалтын "Ялалт" хөшөөгөөр төрийн шагнал хүртсэн юм. Үзүүр рүүгээ нарийссан өндөр нарийхан дөрвөн талт баганын орой дээр таван хошуутай энэ хөшөө их сонин шийдэлтэй. Хөшөөг ийм өндөр хийсэн нь нэг талаас дархан хилээ монголчууд ийм өндрөөс тийм сайн хардаг гэсэн санааг, нөгөө талаас гадны дайсанд хил алхах босго тийм өндөр гэсэн санааг илэрхийлсэн байж болох. Социализмын үед хийгдсэн бүтээл болохоор таван хошуугаар таван тивийн пролетар нэгдэх, дахин дэлхийд социализм ялан мандах санааг тэнгэрт мандуулсан ч байхыг үгүйсгэх аргагүй. Газраас дөрвөн метр орчим өндөрт баганын хоёр талд намирч буй туган дээр дайснаа дарахаар мөр зэрэгцэн давшиж байгаа танктай, морьтой орос монгол дайчид дүрсэгдсэн баримал байна. Тугын голд багана тушаа буугаа мөрөвчилсөн хоёр орны цэрэг мөр зэрэгцэн зогсоно. Баганы яг чанх ард энгийн эмэгтэйн дүр байх нь дайчид хилчид эх газраа ээж ааваа, эхнэр хүүхдээ хамгаалсныг төлөөлүүлсэн шиг. Ойрхоноос нарийвчлан харвал иймэрхүү. Холхоноос хальт харахад үзүүрий нь дээш харуулаад бариулаар нь газар зоочихсон жад шиг харагдана шүү. Энэ жадыг харин элдэв үзэл сурталд баригдахгүй яаж ч тайлбарлаж болно доо.

"Будда" барималыг бурхан бүтээх тигийн дагуу хийсэн. Ногоон Дарь эхийн суудалтай хүүхдээ хөхүүлж буй эхээр эхийн сайхан сэтгэлийг илэрхийлж "Энхрийлэл" хэмээн нэрлэсэн. Мөн "Энх Амгалан" хэмээх эцэг хүүгийн баримал бурхны суудалтай эцэг, мутрын билэгдэл нь хүүхэд энх тунх өсч өндийхөд, хүн болж төлөвшихөд эцэг хүний "бурхан ухаан" ямар их өмөг түшигтэйг илэрхийлсэн мэт. Уран нарийн хийцтэй гар хурууны "Элс", "Очир" нэртэй барималд мутрын билэгдэл зүйг бас ашигласан байдаг.

Тэрэлжийн ам хориод жилийн өмнө баахан динозавртай болсоныг санаж байна уу? Үүнийг Амгалан загварыг нь гаргаж, шавь нараа удирдаж хийлгэсэн юм. Их Тэнгэрийн аманд байхдаа их хөөрхөн зохимжтой харагддаг байсан хэдэн унаганы барималыг бас л тэрээр хийсэн. Дараа нь хөдөөгөөс хот руу их нүүдэл болоход, ямар дарга нь хотын төвд Драмын театрын өмнө унага нүүлгэн байрлуулах шийдвэр гаргасан юм бүү мэд. Хөөрхий унага сүүлгүй болчихсон харагдсан. Динозавр унаганаас гадна тэмээ, аргал, морь, буга, согоо, сарлаг гээд амьтны олон баримал барьсан. Түүхийн янз бүрийн цаг үед морь унасан монгол эр "Домог", "Тулалдаан" зэрэг түүний барималд амилна даа. Амгалан ямар ч амьтанг сайхан барьдаг ч морь, буга түүний барих дуртай амьтан шиг санагддаг. Хадны сүг зургийн буга амилсан мэт "Хүрлийн үе" баримал бол үнэн тасархай бүтээл. Өөд өөдөөсөө харан буй залуу охин, согоо хоёрын "Хэн нь хөөрхөн бэ?" юм бол?

Ленинградын Репины нэрэмжит Зургийн сургууль төгсөж ирээд Дүрслэх Урлагын сургуульд баримлын багш хийж байхдаа, өөрөө тасралтгүй суралцаж уран бүтээлийн үзэсгэлэнд бүтээлээрээ тогтмол оролцож олны танил болон томоохон төсөлд ажиллах урилга авч эхлэн уран бүтээлийн гараагаа эхлээд, эдүүгээ хүртэл өчнөөн олон бүтээл хийжээ. Хуучин баримлаа дараа жилийн үзэсгэлэнд давтан үзүүлэхгүй гэсэн зарчмаар ажилладаг. Үргэлж шинийг эрж хайдаг, ном их уншдаг, Монголын түүх соёлоос суралцахаас гадна, гадаад оронд уран бүтээл хэрхэн бүтээгдэж байгааг соргог ажиглаж, ажилдаа тусгадаг. Уран бүтээлчийн эрэл хайгуул, ажил төрөл бүтэх бүтэхгүй үе, хүнд суртлын болон мөнгө санхүүгийн гацаа, сэтгэлээр унах мухардалд орох бүрд ойлгож, дэмжиж, урамшуулж, эрүүл мэнд биед халтай зарим нь хортой байж мэдэх төмөр чулуу нүдэж байхад нь дандаа хажууд байж халамжилж байсан хүн бол түүний хань. Зураач аавын (Ардын зураач Доржпалам гуайн)охин, зураач мэргэжилтэй Мандах нөхрийнх л ажил төрөл сайн байвал болоо гээд, ар гэрээ даагаагүй бол Амгалан арай цөөхөн бүтээл хийх байсан уу? Хэлэхэд бэрх. Авьяастай хүн амжилтад хүрэх л байсан байх, гэхдээ амжилт болгоны ард арын албаны хүмүүс байдаг гэдэг үнэн үг шүү. Оюутан үеийн найз Амгалан маань манай хүнтэй нэг цэцэрлэгт "горшок" булаацалдаж өссөн байж таараад, түүний гэргийтэй би дотно гээд бид дөрөв гэр бүлээрээ олоон жил үерхэж байна.

Түүний бүтээлтэй

http://www.amgalanart.com/gallery.php

сайтаас танилцаарай. Он лайн галерейд зочилж олон сайхан баримал үзээрэй.

Wednesday, 8 October 2008

Ардын зураач Ц.Доржпалам гуай

Монгол улсын Ардын зураач Ц.Доржпалам гуайн охинтой нь найз. Ноднин өвөл цагаан сараар золгохоор очиход "би чамд номоо өгнөө" гээд их л хөхүүн байна. Түүний залгамж хойч үеийнхнийхээ угсаатан зүйн судалгаанд нэмэр хандив болгох зорилгоор бүтээсэн түүхэн сэдэвт хөрөг зургийн цомог өнгөрдөг 2007 онд хэвлэгдэн гарчээ. Одоогоос нэлээд олон жилийн өмнө эхэлж зураад нийтийн хүртээл хараахан болоогүй монголын хаад, ноёд, шашны ихэс дээдэс, эгэл эрчүүд болон бүсгүйчүүд, харийн цэргийн эрхтэн ноёд зэрэг 69 хөрөг цомогт оржээ. Нүүрэн талын хавтас дээр Дандар аграмбын хөрөг бий. XIII Далай ламтай харилцан багш шавь барилцсан гэх номд гэгээрсэн их хүний хөргийн доод талд зураачийн нэрийг томоор бичсэнд ихэд дургүйцэн эвгүйцэж, хэвлэлийн дизайн хийсэн хүүхдүүдэд гомдолтой шиг байсан. Наймдугаар богд Жавзандамбын залуу идэр ямбаны хувцастай гурван хөрөг, Их Дагина Дондогдулам гүн цолтой отго жинстэй ямбаны хувцастай хөрөг, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Манлай ван Дамдинсүрэн, Чин ван Ханддорж, Харчин чин ван ямбаны манж хувцастай, Дилав хутагт залуу лам байх үе болон эгэл хар хүний хувцастай идэр насны хөрөг, Жалханз хутагтын ямбаны ба хувраг хувцастай болон хиазтай захтай дээлтэй гурван хөрөг, Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, түүний урлаг соёл номын садан авъаяслаг Дадишуари бүсгүйн манж хувцастай хөрөг, XIY Далай ламын залуу үе ба ном хурж байгаа хөрөг, Зуугийн лам алдарт эрдэмтэн Дагвадоржийн сүүлийн дүрийн хөрөг, XIX зууны сүүл үеийн зүүн хүрээний ёнзон хамба Лувсанхаймчиг, Гүрүдева Рэнбүчи, Гандан хийдийн Жагварал ламын залуу үеийн хөрөг, Жадамба ламын өтөл насны хөрөг, Тогтох тайж, суугаагаараа морь уургалдаг байсан гэх ламын гэгээн, гүртэн, Барон Унгерн, Сюй шүжан зэрэг түүхэн нэрт хүмүүсийн хөрөг орсон байна. Энэ сайхан номоо Ц.Доржпалам гарын үсэг зурж надад бэлэглэсэн юм.
Ц.Доржпалам гуай насаараа төв театрын зураач хийсэн хүн болохоор түүх, угсаатны зүй, уламжлал зан заншлын талаар их юм мэднэ, 2000 онд тэднийд очоод элдэв юм шалгааж суулаа. Ахмад зураач ярьж байхдаа эртний урлаг соёлын сайхан уламжлалаас тасарсан бид мэтийн юм мэдэхгүй улсад ойлгомжтой болгохын тулд хоромхон зуур гарын үзүүрээр хар зураг татлан яриагаа амь оруулна. Чадварлаг итгэлтэй зураасаар хоромхон зуур амилах цамын баггүй ганц дүрийн таталбар зурагт Чамбоны өргөн хамцуйнаас нь эхлээд, дүрэлзэн буй галын дөлөн чимэгтэй өргөн хүрээт хар малгайг үзгийн үзүүрээ цааснаас салгалгүй шахам зурсаар гайхамшигтай нарийн дүрсэлж тэр ч байтугай ихэмсэг захирангүй ч юм шиг дээгүүр харц, алгуур удаан хөдөлгөөн зэрэг сэтгэлийн дотоод өнгийг хүртэл гаргасан. Хүний нүдний хараа гүйцэх эрхгүй хурдан шалмаг хөдөлгөөнтэй. "Хамгийн хурдан шалмаг хөдөлгөөнтэй цамын энэ хоёрын бүжгийг "хурдан цагаан" гэдэг сэн. Эврээрээ газар сэжээд ч байх шиг гялалзаад тоос татуулаад цааш орчихдог байж билээ" гэж нүдэнд харагдтал хүүрнэх зуураа Шава (буга), Махи (үхэр) хоёрын тухай ярихдаа бугийг зурагнаасаа нааш үсрэхээр завдаж буй мэт нэг хөлөө нааш тавьсанаар таталсан.

Sunday, 30 March 2008

Дүйнхэр-Цагийн хүрд

Манай монголчууд юүмтай бурхад гэж цээрлэн нэрлэдэг бурхдын тааллын мөчийг дүрсэлсэн "Жадар", "Ямандаг", "Дүйнхэр" зэрэг хос бурхдын олон торгон зураг байдаг. Богд хааны музейд байгаа хорьдугаар зууны эхэн үеийн нэр нь үл мэдэгдэх зураачийн хар зургаар бүтээсэн, 162х128 хэмжээний "Дүйнхэр" буюу "Цагийн хүрд" торгон зургийг толилуулж байна.
Боталла, Утай, Үржинханд, Дорждан, Шамбал хэмээх таван ариун дагшин орон байдаг гэнэ. Бурхан багш "Цагийн хүрдийг" анх Шамбалын их хаан Даваасамбууд болон бусад 96 хаадад номлосон гэнэ. Цагийн хүрдийн номлол тэр үеэс хойш өөрөөр хэлбэл Энэтхэгийн мэргэн бандида Зилубын үе 1027 оноос бусад оронд түгэн дэлгэрсэн түүхтэй.
Дүйнхэр нь цагийн хүрдний бурхан тул дүр байдал нь эргэн орших цаг улирлыг бэлгэддэг хөх, улаан, шар, цагаан өнгийн дөрвөн тэргүүнтэй, лянх суудал дээр босоо байрлалтай хос бурхад бие биеэ таалж буй зохиомжтой. Цагийн хүрдийг гадаад, дотоод, нууц тарнийн гэж гурав ангилж үзнэ. Гадаад цагийн хүрд нь чухамдаа зурхайн ухаан. Дотоод цагийн хүрд нь нэг хоногт 21600 амьсгал авахыг 12 хуваагаад нэг нэгээр эргэхтэй холбогдсон нарийн номлол, бясалгалыг багтаана. Дотоод гадаад чанар хоёул мөн чанараараа бүтээгүй боловч бурхдын лагшинд ургаж болохыг харуулсан нь нууц тарнийн цагийн хүрд юм байна.
Дөрвөн нүүрний хөх нь хавар, улаан нь зун, шар нь намар, цагаан нь өвөл хэмээх дөрвөн улирлыг бэлгэддэг. Юүм нь газар эхийг бэлгэдсэн шар өнгөтэй, дөрвөн зүг найман зовхисыг төлөөлсөн найман мутартай. Бурхад сахиусын таалсан хатанг ээж гэсэн утгатай хүндэтгэлийн нэрээр юүм гэдэг байна. Дүйнхэр өөрөө хөх улаан цагаан өнгийн олон мутартай мөр тус бүрд нь тохой хүртэл 12 мутартай агаад энэ нь жилийн арван хоёр сарыг бэлгэддэг. Тохойноос салбарласан мутар нийтдээ 24 агаад энэ нь хоногийн хорин дөрвөн цагийг илтгэнэ. Нэг хуруунд гурван үе бий. Гарын арван хурууг түүний үеийн тоогоор үржүүлбэл сард байх хоногийн тоо гуч гарна. Гучийг нийт мутарын тоо 12-оор үржүүлбэл 360 гарна. Үүн дээр дөрвөн тэргүүн, нэг бие нийт тавийг нэмэхэд 365 буюу жилийн хоногийн тоо гарна. Ийнхүү Дүйнхэр бурхны дөрвөн тэргүүн жилийн дөрвөн улирал, олон мутар нь жилийн 12 сар, бүгдээрээ цогцоороо жилийн 365 хоногийг тус тус бэлгэддэг байна.
Цогт охин тэнгэр Балдан лхам, Гартаан очирт Очирваань зэрэг догшид эр чадал илбэ шидээрээ хортон дайсанг хөнөөдөг гэж үздэг. Дүйнхэр бурхны хүч чадал нь эх, эцэг бурхад хамтдаа байж хүртэх таашаал баяслын хүчээр хорвоогийн амьдрал, ертөнцийн залгамж холбоог үүсгэж амьтны тусыг бүтээдэгт байдаг гэнэ.
Гуравдахь мэлмийн тухай домог: Эрт урьдын цагт гэнэ. Шива тэнгэр хатантайгаа тоглон зугаацаж байжээ. Хатан нь хоёр мутраараа Шива тэнгэрийн мэлмийг таглахад орчлон хорвоо хав харанхуй болжээ. Хүн амьтан туйлгүй айн балмагдаж, бүх юмны сүр сүлд хийсэн алга болох шиг болжээ. Орчлонг аврахын тулд Шива хоромхон зуур духан дээрээ гурав дахь мэлмийг бий болгосон гэх. Ийнхүү гуравдахь мэлмийг авралын нүд гэдэг нь энэ домгоос улбаатай.

Friday, 28 March 2008

Торгон зураг

Өрнөдийн орнуудад "аппликац" хэмээдэг зээгт наамал буюу торгон зураг манайд эртнээс хөгжиж ирсэн уламжлалтай. Монголчуудын урладаг зээгт наамал нь "аппликац"-тай дүрсүүдийг эсгэж өрж наадаг талаараа л төстэй. Зээгт наамал зээглэдэг, шигтгээ чимэг суулгадаг, хатгамал саа зэрэг олон төрлийн үйлээр бүтдэг өвөрмөц хийцтэй бүтээл.
Төв Азийн нүүдэлчин түмний ахуй амьдралтай нөхцөлдөн үүссэн торгон зураг нь нүүдэлд авч явахад тохиромжтой авсаар хөнгөн зай бага эзэлдэг, уран зураг шиг эвхэж нугалахад сэвтэж өнгө будаг нь хуурч ховхордоггүй зэрэг нүүдлийн соёлын хэв шинжийг өөртөө агуулсан байдаг. Торгон зураг түүхэн хөгжлийн урт замыг туулахдаа урлан бүтээх арга ухаан, ур чадвар болон хэрэглэдэг материал нь үргэлж шинэчлэгдэн өөрчлөгдсөөр улам баяжин төгс боловсронгуй болсоор иржээ.
Эртний хүмүүс эсгий, арьсан материалаар хийсэн хувцас эдлэл хэрэглэж ирсэн. Арьс эсгийн хувцас эдлэлийг хээлж
чимэглэж ирсэн нь наамал урлагийн эхийг тавьжээ.
Монголчууд эсгийг хээлэхдээ зээгтэй зээггүй хээ чимгийг хийдэг эртний уламжлалтай. Гэрийн дээвэр, эсгий үүд, өрхний зах, ширмэл ширдэг, хаяавч, тохош зэргийг зээглэж, хээ гарган гоёмсгоор ширж ирсэн. Одоог хүртэл хэрэглэсээр буй олон угалзтай гутал, эмээлийн гөлөм, дөрөөний ширний товгор хээ зэрэг нь гоёл наамал явсаар урлал болсны жишээ.
Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг монголын нутагт амьдарч байсан эртний нүүдэлчин түмний гоёл чимэглэлийн урлагийн дурсгалт зүйлээс нэн эртнийд зүй ёсоор ордог. Төв хэсэгт нь тасралтгүй үргэлжлэх усан хээг ширж, тойруулаад тэмцэлдэж байгаа есөн хос өмьтдыг уран зохиомжтойгоор ширлэн дүрсэлжээ. Адгуус амьтан араатны амь өрссөн тэмцэл, эрч хүчийг ийнхүү гаргасан эл бүтээл гоёл чимэглэлийн хүрээнээс аль хэдийн хальж утга төгөлдөр ширмэлийн бүтээлийн хэмжээнд хүрсэн байна. Эл ширдэг дэх дүрсийг бүтээсэн арга барил, дүрс дүрлэгдэхүүнээ гурамсан зээгээр хүрээлсэн байдлыг тунгаан ажихуйяа монголын торгон зураг манай эриний эхэн үед үүссэн гэх үндэслэлтэй.
Хүн төрөлхтөн бүс барааг хийдэг болсноор наамал урлал шинэ шатанд хөгжих үндэс тавигджээ. Асар майхан, гэрийн дотор хөшиг, гэрийн бүрээст ялгарах өнгийн бөсөөр хээ угалз тавьдаг, улмаар цам майдарын хувцас, бурхны хөрөг дүрийг наамлын урлалаар зээгтэй зээггүй оёж бүтээдэг болов.
Монголын феодалын түрүү үеийн Жужан улсын хаанаас Тоба улсын хаанд сувдаар хэлхэж бүтээсэн бурхны хөргийг бэлэглэж байсан тухай эртний түүхийн тулгуур бичигт тэмдэглэсэн байдаг. Энэ нь монголын торгон зурагт бүтээлээ төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимдэг арга манай эриний Y-YI зууны үед үүссэн болохыг харуулсан нэгэн чухал баримт юм. Нөгөөтэйгүүр Төвд оронд бурхны шашин YII зууны үеэс дэлгэрч, тэр үед л бурхны хөрөг урладаг болсон бол, монгол аймагтан аль хэдийнээ Y-YI зууны үед бурхны хөрөг дүрийг урлан бүтээж ирснийг гэрчилж байна. Тухайн үеийн нүүдэлчин аймгууд "монгол" хэмээн нэрлэгдэж байгаагүй нь мэдээж.
Шивээсэн хамгамалаар голлосон зээгт урлал, гурамсан зээгт урлал, хялгасан зээгт урлал, дан наамлаар бүтсэн урлал (эсгэмэл наамал) гэх мэт дотор нь ангилж болно. Үүнд зээглэх, эсгэх, наах гэсэн нэр томъёо бол зөвхөн үйлдвэрлэн бүтээх арга талаас нь дамжлагын зөвхөн нэг хэсгийг тодотгон заасан үг билээ. Хэрэглэсэн материал, хийж бүтээсэн арга барил, бүтээсэн ур ухаан, урлаг төгс байдлыг харгалзан үзвэл "торгон зураг" нэр томъёо илүү нийцтэй.
Торгон зургийг торгон дээр өнгийн будгаар зурсан уран зурагтай хольж хутгаж хараахан болохгүй. Зээгт наамал нь гар урлалын түвшингөөс хальж мэргэжлийн чимэглэлийн урлагийн хэмжээнд хүрснийг "торгон зураг" хэмээх нэр томъёогоор тодотгохыг хичээв. Зээглэж нааж бүтээсэн энэ урлал нь зохиомж, утга агуулгаас гадна зургийн дагнаас, зураасыг уран чадварлагаар ашиглан нарийн аргаар урлаж бүтээсэн байдаг.
Дэлхийн улс үндэстний зураг урлал бүхэн өөрийн гэсэн өвөрмөц шинж, дэг жаягийг уламжлан хөгжүүлж ирсэн байдаг. Дорно дахины уран зураг өрнийхийг бодвол бэлгэдэл зүйг илүү агуулсан, өнгийн шийдэл дүрслэх арга барилын хувьд ч нэн өвөрмөц. Голлох зүйлээ томоор авч, бусдыг жижгээр тойруулан авах маягаар зохиомжлон урладаг нэгэн өвөрмөц арга байдаг нь шашны урлагт нэн түгээмэл хэрэглэгдэж иржээ.
Монгол зурагт хол ойрын алслал хэрэглэдэггүй. Дүрс байрандаа байж, зураач харин шувууны нислэгийн өндөрлөгөөс ойртон очиж дүрсэлнээ гэсэн үг. Ийм аргаар зурсан зургийг харааны олон цэгийг хосолсон гэж нэрлэдэг аж. Монгол зураг өнгийн өвөрмөц шийдэлтэй. Үндсэн өнгийг илүү эрхэмлэдэг учраас цэвэр тод, өнгөлөг, цоглог харагддаг. Өнгийн бэлгэдлийг уран зурагт хэрэглэсэн цөөхөн урлагийн нэг билээ. Завсрын өнгийг дагнаас маягаар хэрэглэж орон зайн ухагдахууныг илэрхийлдэг онцлогтой. Монгол зураг нь зураасанд дулдуйддаг хамгийн зурааслаг урлагийн нэг. Зураас нэгэн үе бүдүүрч, нэгэн үе нарийсан алслах зэрэг уран нарийн хэм хэмнэл нь сонин донж төрхийг илтгэх агаад хэлбэр дүрсийн орон зайг илтгэх хэрэглүүр болдог өвөрмөц онцлогтой.
Торгон зураг монгол зураг хоорондоо нарийн шүтэлцээтэй. Торгон зургийг бүтээхэд зураачийн гаргасан хар зургийг үлгэр болгон тохирох өнгийн торгомсог материал сонгоно. Сонгосон материалын ялгарах өнгийн зохицолдоо, хоршилоор зургаар илэрхийлэх ёстой овгор товгорыг гаргах ба эзэлхүүний дүрслэлийг илэрхийлнэ. Дашрамд дурдахад хээтэй торго онцгүй, пүүсүү мэтийн нягт нэхээстэй цулгуй торгийг голдуу хэрэглэдэг.
Торгон зургийг хийх технологийг товч дурдахад: хар зураг гурван хувь гаргах, торгоо цардах, эсгэх, дүрсийн хөвөөг нугалж наах, дүрсүүдээ өрж зураг үүсгэх, зээглэх зэрэг юм.
Зээг тавина гэдэг ньторго, хоргой мэтийн зөөлөн эдээр эсгэсэн зохиомжийн дүрслэгдэхүүний хэвийг алдагдуулахгүйн тулд хэрэглэдэг нэг ёсны бэхэлгээ юм. Зээг өөрөө тухайн дүрсийг тодруулж өгдөг. Өөрөөр хэлбэл өрж байрлуулсөн дүрсүүдээ ар дэвсгэр дээр тогтоож зээглэдэг. Наамлын урлал торгон зургийг бүтээх аргын нэг онцлог нь олон салангид хэсгээс бүрдэх эд ангитай бөгөөд нэг нь нөгөөгийнхөө аль нэг ирмэгийг дарж байрладаг.
Торгон зургийг торгон хоргой мэтийн гоёмсог эдээр бүтээдэг тул зээгийг мөн торгон, алт мөнгөн утсаар хийдэг уламжлал тогтжээ. Зөв солгой эрчээр гурван хэсгийн нийлүүлж томсон утсыг гурамсан зээг гэдэг. Зээглэх дүрсийнхээ том жижгээс болж нэгээс хорин нэгэн (1,3,5,7,9,12,15,18,21) ширхэг торгон утсыг олог цөөнөөр давхарлан томж, бүдүүн нарийн янз бүрийн зээг тавьдаг. Зээгний өнгө дүрсний өнгөнөөс ялгагдахуйц өөр, бараандуу байхаар сонгож авдаг. Туслах чанарын жижиг дүрсэнд нарийнаас нарийн зээгийг түүхийрүүлсэн утсаар тавьдаг. Торгон утас ширхэглэн задлахыг утас түүхийрүүлэх гэдэг байна. Адууны уртын хялгас торгон утсаар ороож зээглэхийг хялгасан зээг гэдэг.

1.зүүн дээд талд: "Дорждагдан", 180х105, Дүрслэх Урлагын музей (ДУМ)

2.дунд баруун талд: "Цогт охин тэнгэр Лхама", 139х119, ДУМ

3.доор зүүн гарт: "Манзушири", 100х73, ДУМ

4.доор баруун гарт: "Пагва лам" 156х112, ДУМ

Ү.Дашням. Д.Гангаа "Торгон зураг" номноос авав.

Saturday, 10 November 2007

Н.К.Рерих “Их Улаан баатар” зураг

Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээсэн долоон мянга гаран зурагт дорнын сэдэв давамгайлдаг. Түүний уран бүтээл дэлхийн олон оронд байдгийн нэгэн адил Монголын тухай буюу монголын хөрсөн дээр амилсан бүтээл цөөнгүй. Монголын Дүрслэх Урлагын Музейн сан хөмрөгт буй Рерихийн хэд хэдэн бүтээлээс Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын \1925-1928\ явцад 1927 онд зурсан “Их Улаан баатар” \165х125, шороон будаг, холст\ зургийг толилуулья.

Энэ бүтээл бурхны домог зүйгээс сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барилийг санагдуулам сонирхолтой бүтээл. Монголд бурхны шашин нэвтрэхээс өмнөх үеийн уран зурагт зоригт баатруудын туульс, дээдэс язгууртны ан хоморго, ердийн нүүдэлчин малчдын амьдрал ахуйгаас сэдэвлэсэн зураг зонхилж байв. Рерих монгол зургийн уламжлалаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулсан хэдий ч энэ нь монголын үлгэр домгийн баатар биш, Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва буюу бурхны шашны дүр. Зураач зургийн ар талд өөрийн гараар “Шамбалын Догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж төвдөөр бичиж үлдээсэн байдаг.

Зураач Монголын хууль тогтоох дээд байгууллага Ардын Их Хуралд энэ бүтээлээ бэлэг болгон дурсагжээ. Тэр үеийн тогтмол хэвлэлийн нэг “Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлүүлсэн захидалдаа: “Орчин цагийн далбаан дор монголын ард түмэн гэрэлт ирээдүйгээ цогцлуулж, эрх чөлөөний Их Морьтон монголын уудам талаар давхиж байна. Баатарлаг түүхт өнгөрсөн үеэ хуяг дуулга туг мяндараар илэрхийлсэн морьтон хүмүүний гэрэлт ирээдүйг билэгдэнэ. Нийгэм журам, мэдлэг боловсрол нэгдэх цаг ирнэ. Адуу мал багширна. Богд уулын оройг урьд хожид үзээгүй нялх өвс бүрхэн, тал нутаг нилэнхүйдээ ногоорчээ. Айл гэрт аз жаргалын гэгээ татжээ. Сайхан Морьтны дуудлага аянга мэт ниргэлж байна. Ази тивийн цэцэглэн мандалтын үед урлагын бүтээл, номыг хамгийн эрхэм бэлэгт тооцдог байлаа. Азид сайн цаг дахин айсуй. Монгол Ард Улсын Засгийн Газарт өргөн барьсан “Их Улаан Баатар” зургийг минь хүлээн авна уу” гэж бичиж байв.

Рерихын захидал дахь гэрэлт ирээдүй гэсэн тодотгол зургийн санааг илтгэнэ. 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол орон социализм байгуулах зам сонгож, хүмүүс нийгэм журмыг өөрчлөх үзэл санаа, гэрэлт ирээдүйд итгэж байв. Хүн амын дийлэнх шашны мухар сүсэгт автагдсан, бичиг үсэгт тайлагдаагүй тэр цагт Маркс Ленины харийн сургааль мэдээж ойлгомжгүй байв. ХХ зууны эхээр жирийн ард олонд ихэд гэгээрсэн бодь сэтгэлтэн орших Шамбалын орон бол аз жаргалын билэг тэмдэг, „Хүмүүний мөрөөдлийн орон“ Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн бүрийн дайсныг дарагч шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу байжээ. Н.К.Рерих энгийн олонд зургаа ойлгомжтой болгох үүднээс агаар мандал, эх дэлхий, газар доорх гурван ертанцөд зоргоор явдаг гурван нүдэт номын сахиусаар ирээдүйг билэгдсэн нь зураачаас гадна сайн сэтгэл зүйч болох нь харагдана.

Монгол зурагт шороон будгаас гадна \алт, мөнгө, зэс, төмөр, оюу, номин, тана, шүр, сувд зэрэг\ үнэт эрдэс есөн эрдэнэ хэрэглэж ирсэн, одоо ч хэрэглэдэг уламжлалтай. Зургийн дэвсгэрт авсан гол өнгөөс шалтгаалан, улаан бол мартан, хар бол нагтан гэж ангилдаг. Зураач зөвхөн нэг өнгөөр тэр өнгийн нарийн ялгаан дээр ажиллан зураасын нарийн ураар дүрсийг тодруулдаг. Монголын эртний бурханчид бийрээр ямар гайхамшигт уран дүрслэл бүтээж байсныг „Бадамсамбуу“ \Дүрслэх урлагын музей, 192х144, алтадмал мартан\, „Махагал“ \Богдын музей, 168х78, нагтан\ бүтээлүүдээс харж болно. Бурхны шашны улааны урсгалын том төлөөлөгч Бадамсамбуу зөвхөн улаан өнгөөр мартан зургаар бүтээгдсэн бол сөрөг хар хүчийг ялан дийлэгч догшин сахиус Махагал хар буюу хар хөх давамгайлсан нагтан зургаар бүтээгджээ. Өнгийг утга санаа билгэдэл зүйтэй уяалдуулан нарийн бодож сонгодог нь харагдаж байна.

“Их Улаан баатар” зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Цэлмэг хөх тэнгэрт гал хээр морьтой “улаан морьтон” дүүлнэ. Морьтой холбогдох үг хэллэгээр баян тансаг монгол хэлэнд морьны зүс, явдал, нас хүйсийг ялгасан өчнөөн хэллэг бий. Ялангуяа морины зүс тодорхойлсон олон үг хэлц байдаг. Зурган дээрх моринд галын дөлийн туяа туссан тул ямар зүсмийн болохыг тодруулж хэлэхэд төвөгтэй. Үүл хүртэл ягаавтар туяатай. Урд талаар нисэх тагтаа болов уу гэмээр шувууд улаанаар будагджээ. Ихэвчлэн цагаанаар дүрсэлдэг гэр болон сүм хийд улбар шар өнгөтэй. Бурхны шашны тигээр улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг билгэддэг. Өнгөрсөн зууны хориод онд Монголд улаан армийн оролцоотойгоор улаан хувьсгал ялсан. Зургийн нэр “Их Улаан баатар”. Нийслэл хотын нэр бас Улаанбаатар. Николай Константинович улаан өнгийг зүгээр нэг сонгоогүй нь ойлгомжтой.

Хотын нүүрэн талд гол гэрийн өмнө ардын төлөөлөгчдийн “Их Хуралдай” чуулж байна. Хуралдагсдын хоёр талд төрийн туг босгожээ. Энхийн цагаан, дайны үеийн хар туг бий. Эрт дээр үеэс монголчууд дайн тулаанд төрийн хар туг сүлд ивээн тусалдаг хэмээн итгэж ирсэн. Хар туг нэг ёсондоо өвөг дээдсийн, эх орончийн сүнс шингэсэн шүтээнд тооцогддог. Зөвхөн хар туг зурган дээр байгаа нь нийгмийг бүхэлд нь өөрчлөх, шинэ хүнийг төлөвшүүлэх нь хүнд хэцүү урт удаан үргэлжлэх үйл явц буюу дайн тулаан гэж үзэж болно гэсэн санааг Рерих илэрхийлсэн болов уу гэж санагдана.

Зургийн доод хэсэгт нийслэл Улаанбаатар хотыг дүрсэлжээ. Гэтэл Дамдинсүрэн, Жүгдэр зэрэг монгол зураачдын бүтээлд бүгдийг нарийвчлан жижиг эд анги, чимэглэлийг хүртэл гаргасан байдлаар Өргөө хот дүрслэгдсэн байдаг бол Рерих Улаанбаатар хотыг “Өндөр Жанрайсаг” и “Бат-Цагаан Өргөө” зэрэг онцлог хэдхэн барилга сүм хийдээр төлөөлүүлэн гаргажээ. Монгол уран зургийн нэг онцлог нь яв цав дүрслэл, нарийн бичлэг бөгөөд гэрийн байршил, хотын ерөнхий төлөв ертөнцийн зүг чигтэй тохирсон байдаг. Рэрихийн сонинд бичсэн захидалд Богд уулыг дурдсан, уулын ерөнхий дүрс нугачааг харахад зурган дээр Богд уул зурагдсан мэт. Номин, ногоон, цэнхэр, ягаан, ухаа бор зэрэг өнгийг ер бус гоёор зохицилдуулан уул нурууг зурж, ямар нэг хэмжээгээр эзэлхүүнтэй овгор товгор мэт болгожээ.

Улаанбаатар хот Богд уулын ар хормойд байдаг, монголчууд гэрээ урагш харуулан барьдаг заншилтай. Зураг дээрх гэр хийгээд хот нэлэнхүйдээ уулын өмнө талд мэт болжээ. Рерих бодит газар оронг монгол уламжлалт зургийн харьцангүй билэгдэл утгаар дүрсэлдэг аргаар зурсан бололтой. Монгол зурагт газар орны дүрслэл зөвхөн зургийн үйл явц өрнөх дэвсгэр болдог. Өрнөдийн хүн ийм зураг хараад яагаад ижил газар оронг дүрслээд байдаг юм бол гэж гайхмаар аль ч уул ижилхэн гурвалжин дүрсээр зурагдана.. Эдгээр бүдүүвч тойм төдий гурвалжин-уулууд зургийн талбайг олон нэгжид хуваана. Нэг нэгж-уулын энгэрт ан гөрөө хийж буйг харуулж, нөгөөд нь хурим болж буйг харуулах жишээтэй.

Монголын хавтгай зургийн ийм аргад эзэлхүүн болон гэрэл сүүдэр үгүй, түүнийг зураас өнгөөр ялгадаг онцлогтой. Уламжлалт монгол зурганд эзэлхүүн овгор товгорыг гэрэл сүүдрээр бус өнгийн ялгаагаар, нарийсч бүдүүссэн зураасаар гаргадаг аж. Рерихийн зураг монгол хавтгай зургийн аргаар бүтээгдсэн хэдий ч угалзалсан үүл, галын дөлийг монголын их зураачид шиг нарийн гаргаагүй, эзэлхүүнийг гэрэл сүүдэр ашиглан гаргасан байна.

Зургийн дээд хэсэгт үүлэн дунд “Маш Дарагч” \төвдөөр “Шинду Намбар Номбо”\ бурхны номын биет дүрс очир суудалтай, харанхуй мунхагийг тас цавчигч илд барьсан байдлаар бурхны тигээр зурагдсан. Энэ бурхны хөрөг, гурван мэлмийтэй догшин дүртэй харьцангүй томоор дүрслэгдсэн морьтон, угалзалсан үүл болон галын дөл сэлт нь бүхэлдээ бурхны шашны тигийн дагуу зурагдсан шашны урлагыг санагдуулна. Нарийн ажиглавал тиг эвдсэн зүйлс бий. “Маш Дарагч”-н хоёр талд тиг ёсоор нар сар байх учиртай, үүний оронд Рерих жижигхэн таван хошуу зурсан байна.

Номын сахиус голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй байдаг бол Рэгдэндагва хоёр мэлмийтэй, амирлангуй дүртэй дүрслэгддэг цөөхөн номын сахиусын нэг билээ. “Шангад” (сансар дахь бурхадын орон, 60х81 хэмжээний усан будаг) танк зураг дээрх Рэгдэндагва ихэд энхийн царайтай, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар дүрслэгдэсэн байхыг Дүрслэх Урлагын Музейд харж болно. Заримдаа Рэгдэндагвын морийг хонгор зүсмийнхээр зурдаг. Шашны дүр бүрийг тогтсон тигийн дагуу зурж, гарт барьсан зэр зэвсэгийн бариул дээр билэгдэл утгыг илэрхийлдэг очир, чандмань, гавал зэрэг тухайн дүрийг тодруулах чимэг шигтгэдэг билээ.

Харин Рерихын Рэгдэндагва гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жадтай байдлаар зуржээ. Ээтэн гутал, яах аргагүй монгол баатрын хувцас, шашны билэгдлийн чимэггүй ердийн бариултай андуурах аргагүй тахир монгол сэлэм, сэлэмний хуйн угалз чимэг бас монгол нь танигдахаар ажээ. Монголчууд эртний уламжлалт ардын урлагтай байсан тул бурхны шашныг өөриймсүүлж дүрслэхдээ гаднаас авсан зүйл тун цөөн билээ.

1970 онд хэвлэгдсэн “Социалист Монголын дүрслэх урлаг” номондоо И.Ломакина “Их Улаанбаатар” зургийн шашны учир холбогдлыг дурдаагүй байдаг. Ленинградад үзсэн Рокуэл Кент, Святислав Рерих нарын бүтээлийн тухай шагшин ярихад, Дүрслэх Урлагын музейн ажилтан аав маань Святислав Рерихын эцэг Николай Рерихын энэ зургийг үзүүлж бурхны шашинтай хэрхэн холбогдох талаар тайлбарлаж өгч билээ. Тэр үед шашны урлагын тухай ярих бичих хориотой, шашны суртал нэвтрүүлэг гэж үздэг байлаа. Бурхны шашны бурхад, догшид сахиусыг дүрслэн үүссэн XYIII зуунд хөгжлийнхөө оргил үед хүрсэн зээгт наамал хэмээх торгон наамал зургийн талаар бичсэн “Торгон зураг” номондоо аав маань эртний урчуудын нэг ч бүтээл дээр тайлбар хийгээгүй байдаг. Ийм л цаг үе байв.

Бурхны шашин дэвшил хөгжил авчирч байсан тухай Ю.Н.Рерих хэлэхдээ: “XYI зуунд төвдийн буддизм Монголд нэвтрэхдээ Энэтхэг, Хятад, Төвдийн соёлын их салхи өмнө нь уйгаруудын авчирсан сургаалийн эртний хэлбэрийг түрэн зайлуулж, XYII- XYIII зуунд Монголд эрчимтэй хөгжсөн яз уран зохиолд төвд, самгарьд хэлний онцлог сонгодог монгол бичгийн хэлэнд тусгалаа олж байв. Нэмж хэлэхэд Монгол өөрөө эртний соёлтой, ардын урлаг өөрийн билэгдэл утга бүхий хээ угалз чимэглэлийн урлагтай байсан. Энэ уламжлал монгол зураг дүрслэх урлагт тусгалаа олсон байдаг.”

Монгол орон дэлхийн хамгийн хоцрогдсон буурай орны нэг байхад Рерих манай орноор аялсан юм. ХХ зууны эхэнд шарын шашин соёлын үр хөгжил дэвшил авчирагч байхаа больсон төдийгүй хорьдугаар зууны соёл иргэншил хөгжил дэвшлээс хүртэхэд чөдөр тушаа болж, нийгмийн хөгжлийн хүлээс болон хувирсан байлаа.

Залуу ардчилагчид “Бид Оросын их гүрний жийргэвч бүс байсаар ирсэн, одоо ч хэвээр. Хүйтэн дайн л биднийг дундад зуунаас орчин үе рүү үсрэхэд нөлөөлсөн” гэдэг. Монголчууд баахан оросжиж өөрөөр хэлбэл европжсон нь үнэн. Ингэхдээ өөрсдийн унаган төрх, сэтгэлгээний онцлогоо алдах дөхсөн нь бас л үнэн. Хүний мөс чанар муудаж, нийгэм замбараагүй байгаа нь сэтгэлийн ба тархины хоосролын илрэл.

Монгол орон гурван том шашны (бурхны, лалын, загалмайтны), гурван үндсэн соёл иргэншлийн (энэтхэг-хятадын, араб-түрэгийн, европ-вавилоны) уулзвар зааг дээр оршиж ирсэн нь манай түүхийн савчааг нөхцөлдүүлж байв. Николая Константинович Рерихын “Урлаг соёл бүх хүн төрлөхтөнг нэгтгэх хүчтэй, олон салаа мөчиртэй үндэс суурь нэгтэй мод лугаа ижил” гэсэн үг зуун жилийн өмнөх шигээ одоо ч ач холбогдолтой хэвээр байна.

Monday, 22 October 2007

Хөөмийн гайхамшиг

Энэ аравдугаар сарын 19-20-нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн "Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.

Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.

Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.

Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.

Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.

Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.

Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.

Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.

Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэж байсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.