Showing posts with label орчуулга. Show all posts
Showing posts with label орчуулга. Show all posts

Monday, 7 September 2009

Б.Ринчэн "Шүлэг орчуулах эрдэм"

Он лайн сайтууд, блогууд уншиж байхад шүлэг найраг сонирхдог, олон хэлнээ түүнийгээ уншдаг залуус олон болсон нь анзаарагддаг. Тэдгээр залуус үе үехэн өөрсдийн болон таалагдсан шүлгээ гадаад хэлэнд орчуулах, гадаад хэлнээс таалагдсан шүлэг дууны үгээ монголчилж тавьсан нь бас харагддаг. Шүлэг найргийн орчуулгын тухай хааяа нэг нийтлэл, дурсамж нийтлэгдэх тоолонд халуун мэтгэлцээн өрнөдөг нь, шүлэг тэрлэдэг олон залуус шүлэг орчуулах гэж оролддог болохыг бас гэрчилнэ. Шүлэг орчуулах гэдэг амаргүй, ёстой ид залуу насны гал дөлөөр бадарч шүлэг найргийн хөг аялгууг мэдэрч чаддаг залуу улсын л хийдэг ажил. Цаад эх зохиолоо хөгжмийн зохиолд уусан орох шиг сэтгэлээсээ мэдрэх, мэдэрсэн хэмжээгээрээ тэр хөг аялгууг нь монгол эгшигт уянгалтал судсыг олон эгшиглүүлэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Цаад зохиолчын хэлсэн санааг тэр бүтэц хэмжээг алдагдуулахгүйгээр утга төгсөөр монгол хэлнээ гаргах хэрэгтэй шиг байгаа юм. Монгол хэлэнд огт байдаггүй харь бүтэцтэй, нүдэнд наалдацгүй, чих зүсэм сонсголонгүй бол уншигчдынхаа сэтгэлийг догдлуулахгүй. Орчуулгын гол зорилго уншигчийн санаанд хүрэх байдаг. Монгол хэлнийхээ хөг аялгууг мэдэхгүй бол монгол уншигчийн зүрх сэтгэлд яаж хүрэх билээ.

Хүний нутагт гар доор нь монгол ном тэр бүр байдаггүй болов уу, Ринчен гуай шиг төгс орчуулга хийхэд амаргүй ч, утга санааг гаргах явцдаа нэг тиймэрхүү юм өвгөн эрдэмтэн хэлж байж билээ гээд тархиныхаа мухарт хийчихсэн байвал хэрэг болж магад гээд их бичгийн хүн Б.Ринчен гуайн орчуулгын тухай "Марк Твений минь Махы нь идэж дээ" номны 139-147 талд буй "Шүлэг орчуулах эрдэм" нийтлэлийг бүтнээр нь орууллаа, болгооно уу.

Б.Ринчэн "Шүлэг орчуулах эрдэм"

Дөчөөд жилийн өмнө би оросоос ганц нэг шүлгийн орчуулга хийх гэж оролдож байлаа. Тэгэхдээ орос шүлгийн бүтцийн тухай мэддэг боловч монголоор орчуулахдаа ганцхан санаагий нь л буулгахаас биш, цаад шүлэг зохиосон яруу найрагчийн шүлэглэлд хэмжээ нь ямар байсан байна, европ ёсны шүлэгт шад бүрийн төгсгөлийн үгийн сүүлийг холбодог эр эм холбоц гэх мэтийг монгол болгож орчуулахдаа монгол шүлэгт огт хамаагүй юм шиг, ер нь санаагий нь л чадлынхаа хирээр аятайхан буулгахаас бусад нь огт хамаагүй юм шиг боддог байлаа. Бусад гадаадын хэлээр шүлэг бараг үздэггүй, үзсэн ч сайхан шүлэг байна гэхээс ямар бүтэцтэй шүлэг байна, тэрний нь бусад хэлэнд орчуулахдаа яаж орчуулдаг байна гэдгийг анзаардаггүй байж билээ. Тэгтлээ дэлхийд нэр гарсан шүлэглэлийг орос, герман, англи гурван хэлээр үзэхэд хэмжээ байдлыг нь яг хэвээр нь орчуулж байхыг үзэвч монголоор бас чингэж болох юм ухаан санаанд ордоггүй байна.

Гучаад оны үеэс Хуушаан (Боржигон Нацагдоржийг бид Хуушаан гэж тэр үеийн монгол уншигч олонд их алдартай Жийдаан Хуушаан гэдэг архинд дуртай нэг зохиолын баатрын нэрээр нэрлэдэг юмсан) бид хоёр Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухааны тасагт нэг тасалгаанд хоёулаа сууж ажиллахдаа Пушкиныг орчуулж үзэхээр санаа нийлж, үдшийн шөнөөр орчуулсан ганц нэг шүлгээ өглөө нь Хуушаан авчраад би орос эхий нь барин, Хуушаан орчуулсан нооргоо, гартаа харандаа барин дуудаж, зарим мэдэхгүй үгээ онгорхой үлдээснийг нөхөн, энэ санаа нь арай буусангүй, тэр үг арай таарахгүй байна гэж өглөөний чимээгүйд жинхэнэ албан ажлаа эхлэхийн өмнө хагас цагийн буюу нэг мөчийн төдий ном нийлж суудаг асан. Хуушаан европ шүлгийн зохион байгуулалтыг германаар мөн үзсэн тул, Брокхаусын герман товч нэвтэрхий толь дэргэдээ тавиад хэлэлцэж суухдаа бид монголоор Пушкиныг орчуулахдаа уг орос шүлгийн хэмжээ байдал нь ямар болохыг шүүж, хоёулаа нэр томьёоны комиссын гишүүн боловч шүлгийн нэр томьёо шаардах хүн тэр үед гараагүй бөгөөд хоёр биендээ түүнийг тогтоох хэрэг ч үгүй, орос герман, аль ч аманд буюу санаанд орсон нэрээ хэрэглэн хэлэлцэхдээ, тэр хорей, ямбын зэрэг европ шүлгийн хэмжээг монгол шүлэгт тааруулж болох уу, үгүй юү?
гэж ярилцдаг байлаа. Чингэхдээ монгол үсгээр бичих, уншин дуудах хоёр зарим зүйлд нийцэхгүйд яаж тааруулж, европ шүлгийн хэмжээг зохицуулах вэ? гэдэгтээ хоёулаа арга ухааны нь олдоггүй. Монгол шүлгийн тогтолцоог судалсан зүйл байхгүй. Монгол ардын аман зохиолын шүлгийн тогтолцоог судалсан зүйл бас байдаггүй. Өөрсдөө бид тэр үед судалж чадаагүй, дэмий л сайхан шүлэг байна гэж утгын сонин, үгийн сайхан гоёы нь мэдэвч, чухам юундаа тэр нь байна гэдгийг нарийн шинжиж чадаагүй. Хуушаан хэмжээгий нь үгийн тоогоор тааруулахдаа нүдээр үзэх бичигт үгийн урт богино нь бичигт ойролцуу харагдах үг сонгон бичдэг байлаа. Чингээд уншин дуусахад заримдаа бичсэн хэлбэрээс дуудах хэлбэр нь богино болж, ухагаан гэж бичсэнээ ухаан гэх мэтэд, тийм үг нэг мөр шүлэгт олон ороод, нөгөө мөрт тийм үг үгүй байлаа. Мөрийн урт богино адилгүй болдог байж билээ.

Хуушаан бид хоёрын анх шүлгийн учры нь олох гэж оролдож, орос хэлнээс Пушкины зэрэг яруу найрагчийн шүлэг орчуулан нийлж байсан тэр цагаас хойш гуч гаруй жил болж, энэ завсар орос хэл, бас бус зарим нэгэн европ хэлнээс шүлэг орчуулдаг хүн ч олон боллоо. Боловсрол нь ч нэмэгдлээ.

Зохиолын орчуулга бол ямар уншигчид зориулсан байдаг бэ? гэвэл тэр зохиолын хэлээр буюу нэгэн хэлэнд орчуулснаар нь уншиж чадахгүй уншигч хүнд мэддэг хэлээр нь буулган хөрвүүлж өгдөг зорилготой юм шүү дээ. Өөр хэлний зохиолыг гагцхүү өөрийнхөө эх хэлээр уншин үзэгчийн дунд янз бүрийн боловсролтой хүн байх нь түмэн зүй. Сая бичиг үсэгтэй болоод ном бүрээс сонин юм, урьд мэдээгүй юм олж үздэг уншигч ч бий. Өндөр боловсролтой их юм үзсэн хүн бий. Гэвч тэдгээр уншигч гагцхүү өөрийнхөө эх хэлээр унших тул утгы нь сонирхохоос цаад хэлэнд тэр сонин сайхан зохиол нь ямар байгааг, шүлгийн хэмжээ байдал зэргийн яруу найргийн онцлог нь юу байгааг мэдэхийн арга байдаггүй тул гагцхүү орчуулагчийн "амаар будаа иддэг байна".

Олон улсын шүлэг зохиолыг монгол хэлэндээ буулгаж байгаа манай орчуулагч нар маань одооны манай хөгжлийн энэ байдалд, дан ганц энгийн уншигч олныг үйлчлээд зогсохгүй, эх хэлнээсээ өөр хэл мэдэхгүй нэгэн хэсэг манай яруу найрагч нөхдийн мэдлэгийн хүрээг өргөжүүлж, бусад улсын нэртэй сайхан уран бүтээлтэй танилцуулан сэтгэхүйн хүрээгий нь өргөжүүлэх маш чухал үүргийг гүйцэтгэж байгаагаа бодох цаг боллов шүү. Өнөөдөр яруу найрагч болох асан гэж хүсэн бодож явдаг ирээдүйн яруу найрагчийн дур сонирхол, уран авьяас, гоо зүй уран сайхны хүмүүжилд их чухал үүрэгтэйгээ бас давхар бодох цаг боллов шүү! Түүнийг шүүн бодоод ирэхэд, өнөөдөр хүртэл хэрэглэсээр ирсэн орчуулгын маань дадсан хэдийн хэвшил болсон энэ гуч гаруй жилийн маань арга дадал цаашид хэвээрээ хэрэглэх арга дадал уу? Уншигч олны хөгжил шаардлаганаас хоцрогдож байгааа арга болчихов уу гэж бодууштай болж ирлээв шүү! Дадсан замаараа сурсан дуугаа дуулаад явах нь амар боловч ашиг тус нь ямар байна, нөхөд орчуулагч минь? гэж бодохын хамт орчуулгаар маань гадаадын зохиол уншиж, амаар маань будаа иддэг уншигч олондоо цаад улсын яруу найраг шүлэг зохиолд байдаг аргын тухай хэлж өгвөл тус болох асан болов уу гэж европ зүгийн шүлгийн бүтэц байдлын гол зүйлээс энд дурдахыг хүснэм. Тэр европ зүгийн шүлгийн бүтэц зохиолын арга нь монголоор шүлэг бичихэд бас хэрэглэж болох бөгөөд манай шүлгийн хэлбэр байдлыг нь баяжуулахад ч нэмэр болох зүйл гэж бодном.

Хориод жилийн өмнө шүлэг бичихдээ нэг мөр шүлгийг гурван зэрэг шатлан тасалж, шинэ маягаар бичдэг нэг зохиолчоос та шүлгээ ингэж бичихдээ ямар ухаантай байна? гэж сонирхон асууваас Маяковский тэгж бичдэг шүү дээ гэж хариулсан билээ. Тэгээд цааш нь мохоон асуухад нэг мөрийг хэд таслан шатлан бичихэд шүлэг болдог юм гэхэд нь сонинд гардаг зөвлөлтийн мэдээлэх товчооны шуурхай мэдээ аваад, тэгвэл таны тэр аргаар энэ мэдээг цөмий нь шүлэг болгож орхиход тун амархан юм шив дээ, гэхэд Маяковскийн шүлгийн гаднах хэлбэрийг нүдээр үзээд шатлан цувуулсан байдал нь бичиг мэдэхгүй хүний нүдэнд ч гэсэн үзэгдэх боловч чингэж шатлан цувуулдагт орос хэлний зүйн тогтол, зөв дуудахуйн журам, орос хэлний өргөлтийн хуулийг Маяковский яруу найргийнхаа хэлбэр байдалд шинэ сонин аргаар хэрэглэсэн ухаан нь орос хэл уншин гадарлах төдийгүй идэвхгүй мэдлэгэндээ хязгаарлагдсан учир сайтар ухаарч чадахгүй, гагцхүү янагуухи хэлбэрийг нь дууриаснаар шинэ хэлбэр нээлээ гэж бодож байсан түүний нь тэр гаднах хэлбэрий нь зарим манай шүлэгчид дуриасан бололтой гэж би зарим тийм маяг хэлбэрээр мөр таслан бичсэн шүлгийг үзэхдээ боддог болж зохиогчоос нь чингэж бичсэнийхээ ухаан онолы нь асуумаар санагдаж, сэтгэлд сэв ордог боллоо.

Манайд Олег цэцний дуулал гэх мэтийн аятайхан үзэгдэх шүлгийн орчуулга бий. Гэвч олон улсын орчуулгын зарчмын үүднээс үзэхэд тийм орчуулганд цаад зохиогчийн санаа нь байхаас шүлгийн зохион байгуулалт, бүтэц нь байхгүй санаанаас бусад орчуулагчийн зохиол бөгөөд уг зохиолчид падгүй зүйл гэхэд үл болох газар үгүй.

Орчуулагчийн тэр үеийн орос хэлний мэдлэг нь утга санаагий нь ухаарахаас цаашлаагүйн учир орос шүлгийн ёс журмыг цаад зохиогчийн адил мэдэх хэмжээнд хүрээгүйн холбогдол үүнд бас байгаа хэрэг. Өнөөдөр бид яруу найргийг орчуулан монголчлоход орчин үеийн яруу найргийн орчуулганд тавьдаг шаардлагыг зуун хувиар тавих хэмжээндээ хүрсэн гэж бодох ёстой хөгжлийнхөө шатанд хэдийнээ хүрсэн байна.

Дэлхийд алдартай яруу найрагчийн уран бүтээл шүлгийг бид монгол уншигчдаа өргөн толилуулахдаа орчин үеийн боловсон улсын тэр мэт зүйлд хэрэглэдэг бүхий л аргыг нэгэн адил хэрэглэх ёстой "цээндээ" хүрлээ.

Пушкиныг орос эхээс нь монгол болгохдоо, Хейнеэг германаас монгол болгохдоо, Анте Аллигерийн Тэнгэрлэг жүжиг (оросоор Божественная комедия хэмээн орчуулжээ. Италиар Дивина комедиа хэмээмүү. Комедиа гэдэг үг нь угтаа грек хэлнээс латин хэлэнд орсон үг. Монголчилбол яг "Жүжиг" шиг үг, франц хэлнээ XIY зууны үеэс Оресм гэдэг хүн анх анх комоди хэмээн латинаас хэрэглэжээ. Орос хэлэнд XYIII зууны үед оржээ) эртний грекийн Хомерийн Илиад, Одессе зэргийн даян дэлхийд нэр гарсан шүлэглэл зохиолыг орчуулж монгол утга зохиолын санд оруулахдаа манай орчулагч нар эрдэм чадлаар олон улсын сайцуул орчуулагтай мөр зэрэгцсэн байдлаа харуулж, олон улсын нэгэн адил, бас тэдгээр нэрт шүлгийн санаанаас нь гадна хэлбэрий нь, тэгэхдээ Маяковскийн шүлгийн хэлбэрийг гагцхүү нэг мөр шүлгийг гурав дөрөв тасалсны төдий яангуухийн байдлыг харсан үзэгдэл төдийхний хэлбэрээр бус, тэдгээр зохиолын хэлбэрийн чанар зорилы нь монгол хэлэндээ яг буулгах орчуулгын эрдэм эзэмших хэрэгтэй байна.

Шүлэглэл зохиолыг монгол болгохдоо, баян элбэг үгтэй зохиолыг монгол болгохдоо маш баян монгол хэлнийхээ үгсийн сангийн эрднээс цаад зохиолын сайхан үгтэй чадал санаа эн чацуу үг хэрэглэхээс гадна, бас уг зохиогч нь цаад хэлнийхээ үгийн сангаас сонгон хэрэглэсэн үг нь судрын хэлний үг байвал, монгол судрын хэлнээс түүнтэй дүйх сайхан үг сонгон олж, номын хэлнээс хэрэглэсэн үг байвал монгол номын хэлний зохих үг шигшин шилэн сонгож хэрэглээд, бичгийн хэлний үг хэрэглэсэн байвал монгол бичгийн хэлний үг хэрэглэж, хар үг хэрэглэсэн газар мөн түүний амт санаа дүйх хар үг тэнсэн олж хэрэглээд эх зохиолын хуучин үгий нь монгол хэлнийхээ хуучин үгээр тааруулаад уншигчийнхаа үгийг баяжуулан мэдлэгий нь агуу болгохын үүднээс тайлбар зүүлт зүүх газар нь зүүн тайлбарлаж, оюуны нь амыг нээж өгөх хэрэгтэй байна. Энэ бол сайн зохиолчийн сайхан зохиолын санаагий нь монгол уншигчдаа хүртээл болгохдоо цаад уг зохиолч хүн нэрд гарсан зохиолоо бичихдээ ямар зүйлийн үг хэрэглэж, тэр сэтгэлд ургасан санаагаа илэрхийлсэн байдлы нь монгол орчуулгадаа толилуулах үүрэгтэй байна.

Шүлэг гэдэг зохиол бол бас үг найруулга нь жирийн үргэлжилсэн үгийн зохиолоос өөр тул, монгол уншигч олныхоо өмнө соёлын харицлага хүлээсэн шудрага журамт орчуулагч хүн орчин дэлхий нийтийн уран орчуулгын арга хэрэглэх үүрэгтэйгээ агшин зуурч хэмээн үл умартах аваас биеийн алжаахыг үл бодон цаг хүчин үлэмжхэн орохыг үл хэмнэн, гагцхүү сайхан зохиолыг монгол болгохдоо зэрэмдэглэхгүйг нэнд хичээж, уг эх хэлнээ тэр шүлгийг ямар хэмжээ байдалтайгаар зохиосон бол тэр бүхий л байдлыг монгол хэлэндээ бас буулгаж, уншигч олондоо тэр яруу найрагчийн сайхан зохиолын санаагий нь сайхан үгээр нэвтрүүлэхийн хамт монгол орчуулгандаа монгол сайхан яруу гоё үгийг нь бас цаад зохиолд ямар байдал хэлбэртэйгээр найруулсанчилан найруулж, шүлгийн шад гэж шүлгийн нэгэн мөрийг нэрлэдэг юм нь хэдэн үеэр бүтсэн байвал монгол орчуулганд мөн тэр үеийн тоотой яг ижил зохион байгуулалттай байх ёстой Жишээ нь, нэг шад арван үе, дараачийн шад найман үе, түүний дараачийн шад арван үе, дараах нь найман үе байвал монгол орчуулганд тэр бадаг шүлэг бас л уг эх шүлгийн бадаг шадын хэмжээтэй яг адил байх хуультай. Тэр эх шүлгийн хэмжээнээс илүү дутуу байвал орчуулагч хүн эх зохиол, цаад яруу найрагчийн зориуд хичээж тааруулсан хэмжээ хэвийг эвдэж, яруу найргийн нэг аргыг гээн хаяж, монгол уншигчдаа тэр нэг онцлогийг нь мэдэгдсэнгүй. Уран сайхны нэг хэлбэр байдлыг хаясан болно. Зураачаар жишээлбэл: ямар нэг нэртэй зураачийн зургийг хуулан буулгахдаа өнгө будгаас нь дур мэдэн хаясан лугаа адил зүйл болно.

Үеийн тоог шад бадагт нарийн тулгахад монгол хэлнээ үл болох зүйл, таарахгүй зүйл гэж байхгүй. Хүн төрөлхтний хэлний нэгэн адил хэл бөгөөд авьяас их билигт эртний их соёлын уламжлалт монгол ардын хэлний баялаг нь үнэхээр гайхан бахдамаар тул хэдэн мянган жилийн тэртээх грек, латины одоо хүртэл европ түмнийг гайхуулдаг зохиолоос эхлэн, орчин үеийн улс түмний ямар ч сайхан зохиолыг буулгахад хүний цээжинд л төрдөг ухаан санаанд л ордог бодол хүсэл, эрцэл эрмэлзэл бүхнийг баясах юманд магнай тэнийм, хорсох юманд гол харламаар илэрхийлж чадах хэл шүү. Манай ардын сайхан хэл, манай баялаг сайхан бичгийн хэл! Орчуулах эрдэм төгөлдөр орчуулагчийн авьяас дээр чадал мэдлэг боловсрол хэрэгтэй ажаам.

Үеийн тоо хэмжээгий нь андахгүй буулгахад уг эх зохиолд тэр тоо хэмжээ бүхий үеэр бүтсэн шад тутам өргөлттэй, өргөлтгүй үеийн найруулга зохион байгуулалт ямар байна гэж судлан таньж, шинжин олоод монгол хэлнээ түүний нь буулгах ёстой. Тэр үеийн зохион байгуулалт өргөлт бүхий үе, өргөлтгүй үеийн дэс дараа нь ямар байгааг танин мэдэхдээ тус тус хэмжээ нь европ зүгийн шүлэгт эртний грек, латин соёлын хүрээний бүх улс түмэнд нэгэн адил хэрэглэддэг, үүнээ монгол олондоо тэдгээрийн нэг байгуулалтын тухай би дараа бичсүгэй. Үүнд орчуулагч хүн тэдгээр шүлгийн хэмжээ найруулгыг монгол хэлнээ буулгахдаа өргөлттэй, өргөлтгүй байдал нь монгол шад дотроо цаад эх шүлгийн яг дэсээр болгоход монгол хэлний өргөлтийн байдал тохирч өгөхгүй нэг зүйлийн бэрхдэл тохиож болох газар байж болно. Чингэхэд орчуулагч хүн байвал грек, латин соёлын хүрээний улсын шүлгийн тоо хэмжлийг латин хэлний шүлэгт журам болсон аргыг хэрэглэн, өргөлтийн оронд урт эгшиг, өргөлтгүй үед ерийн эгшигт үе хэрэглэвэл цаад эх зохиолын шүлэг болгон хэрэглэсэн хэмжээний зарчим журмыг ширхэгийн зөрүүгүйгээр монгол хэлнээ буулган найруулж болох байна. Үүнд өргөлттэй үе буюу түүнтэй чанар нэг үздэг урт эгшигт үеийг энд хэвлэлийн дөхмийг бодон (-) ийм тэмдгээр тэмдэглээд, өргөлтгүй үе буюу түүнтэй чанар нэг гэж шүлэгзүйд үздэг ерийн эгшиг үеийг (x) гэж тэмдэглэн нэгэн шүлгийг эх хэлэндээ ийм үеийн зохион байгуулалттай гэж үзвэл монгол болгож орчуулах хүн түүний шад бадгийн зохион байгуулалтыг яг л тэр үеийн байдал зохиолтой адил болгон найруулж болох нь
-х-х-х-
-х-х-х-
-х-х-х-
-х-х-х-
Европ зүгийн шүлэгт үгийн сүүлийг холбох үзэгдэл бий. Монгол шүлэгт толгой холбодог байна. Монгол орчуулганд европын сүүл холбосныг толгой холбож ч болно. Тэгэхдээ эх шүлгийн сүүл холбосон журмы нь бас монгол уншигчдаа толилуулан уг яруу найргийн бас нэг арга барил нь болох тул түүнийг үзүүлж, зохиолын онцлог сониныг нэвтрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, нэгдүгээр хоёрдугаар шад, гуравдугаар дөрөвдүгээр шад холбоцтой бол, түүний нь эвдэн өөрчилж болохгүй. Салаавчилж, нэгдүгээр гуравдугаар, хоёрдугаар дөрөвдүгээр шад холбоцтой бол түүнийг үзүүлэн холбох ёстой. Хэрэв нэгдүгээр дөрөвдүгээр шад хоёрдугаар гуравдугаар шадтай холбоцтой бол орчуулгандаа мөн нэгдүгээр дөрөдүгээр шадыг толгой, хоёрдугаар гуавдугаар шадыг толгой холбох зэргээр уг шүлгийн байдлыг үзүүлэх хэрэгтэй.

Шад дунд арван үеэр бүтсэн шад бол дөрөвдүгээр шад тавдугаар шадын хооронд цэглэж завсарлах цэглэл байдаг ёс бий. Тийм цэглэх цэглэлийг бас уудлан олж монгол орчуулгандаа яг л тэр цэглэл байдаг газар цэглэх үүрэгтэй болно.

Шүлгийг орчуулсан орчуулганд энэ мэт байдлыг анхаарч, эх зохиолын бүтэц байдлыг монгол орчуулганд тусган үзүүлэхийг оролдсон монгол орчуулга монгол орчуулга одоохондоо дээрээ өдрийн одноос цөөхөн байгаа нь яруу найргийн эдгээр онцлогийг цаад шүлэг зохиолд танихуйц сайнаар тухайн гадаад хэлийг эзэмшиж сурч чадаагүйн нэгэн зүйл, өөрийнхөө ард түмний сайхан хэлийг тийм хэмжээ зарчим хэрэглэх бүрэн бололцоотойг танихуйц сайн судлан эзэмшээгүй бас орчуулахдаа аль болох амар хялбархан биед зовлонгүйг гол болгож сурсны муу зуршил тэргүүтнээс болж ирсэн хэрэг. Одоо ардын соёл, боловсрол нийгэм тэгш сайхан болж байхад үнэхээр учраа мэдсэн, одоо цагийн соёл боловсролын цээнд хүрсэн яруу найрагч орчуулагч хүн, урьдын боловсрол нимгэн орчуулагч нарын дадсан хэвшлийг соёл өрнөсөн цагт үргэлжлүүлж болохгүй болсныг мэдэж шадын шагналд дуртай орчуулагчинцарын дур зоргоор болгож болохгүйг хэвлэлд нь "редактор" гэж харь үгээр хачирхан сүр бадруулах дуртангууд эрхлэн гаргахдаа эрхэлсэн хүний харицлага уншигч олны өмнө бий гэж шүлгийн орчуулганд орчин үеийн цаг эринд зохилдсон бөгөөд одоо цагийн олон улс, нийтийн журамлан хэрэглэдэг боловсон орчуулгын шаардлага тавьж, сайн шүлгийг саар шүлгэнцэр болгож орчуулдаг замд хориглох тэмдэг босгож, ёстой яруу найргийн авьяаст өндөр боловсролт орчуулагчдыг эрэн хайж, чадлыг нь улам нэмэгдүүлэхийг ч бодох цаг болж, эрдэм их чадалтай яруу найргийн авьяаст орчуулагч ч захаас аван замаас үргэлж байдаггүй тул хайн олж, хайрлан хүмүүжүүлж, улсын наадамд, аймаг сумын ардууд дөрвөн хэлтэй болгоноо сойдоггүй, сонгон олж сорин шилж, эрийн гурван наадамд оруулдаг айргийн тавын тоонд хүргэх гэж мэрийдэгтэй адил шүлгийн орчуулганд сэтгүүл хэвлэлийнхэн бас анхаарал тавьж, сайн зохиол гутаан орчуулахгүйг хичээгүүштэй боловсролын хэмжээнд бид хэдийн хүрээв шүү! Иймд уншигч олонд европ зүгийн шүлгийг монголоор орчуулахад ямар ямар зохион байгуулалт хэмжээ журам байдгаас гол тоймтой хэдэн зүйлийг таниулах нь шүлгийн орчуулга үзээд ямар шаардлага орчуулганд тавих ёстой вэ? гэдгээ мэдэхэд нь хэрэгтэй, бас муу орчуулгыг хаах нэг зүйл болж, нөгөө талаар монголоороо шүлэг бичих дуртай бөгөөд шүлэг найргийг сонирхох хүнд хэрэг болъюу.

Wednesday, 13 May 2009

"Нүцгэн шөнө" англи хэлнээ

Залуу зохиолч Х.Болор-Эрдэнийн "Нүцгэн шөнө" өгүүллэг Прага дахь Олон Улсын Эмэгтэйчүүдийн Холбоо (IWAP-International Women’s Association of Prague) гэдэг төрийн бус байгууллагын дэргэдэх Гүүр буюу "The Bridge" нэртэй сэтгүүлд англи орчуулгатайгаар хэвлэгдэн гарлаа. Гадаад эмэгтэйчүүд энэ улсад найз нөхөдтэй болоход дэм болох, эндхийн түүх соёлын өвтэй танилцах, эмзэг бүлгийнхэнд туслах, өөрсдөө чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөхөд дэм болох зорилгоор дээрх холбоо байгуулагдсан бөгөөд жил бүр хүрээгээ улам тэлж байна. Энэхүү холбооны Монгол гишүүний хувьд миний бие үе үе материал нийлүүлж байх үүргийг хүлээж, өөрийн орны тухай “Цагаан сар”, “Уяхан тэмээ ээж”, “Байгал эх уйлж байна” (Чехэд 2002 онд онд болсон үерийн тухай монгол нүдээр) зэрэг нийтлэлээ энэхүү сэтгүүлд хэвлүүлж байсан билээ. Монголын тухай хуурай мэдээ байснаас жинхэнэ зохиолч хүний бүтээл энэ сэтгүүлд нийтлэгдэж байгаагүй. Харин энэ оны таван сарын дугаарт Х.Болор-Эрдэнэ зохиолчийн “Нүцгэн шөнө” өгүүллэг анх удаагаа нийтлэгдлээ.

Naked night

Quiet, utter silence.No one sees me. My eyes bulge out and I expose my teeth.No one jeers at me. No one slanders me.

Throwing off my daily insincere mask, I strip off all my clothes. I am released at last. The truth that was concealed during the day is now wandering in the room. It laughs at me and looks down from above.

Neither fear nor shame nor forced smile are needed. Tranquillity. Unclad body. Night without falseness. Smile without hypocrisy. Freedom. More than ordinary naked freedom.

Behind this wall and on the floor downstairs there are naked people with naked souls. No shadows in the darkness.

I like it when the shadows fold into a chair or disappears under the bed.
I like a nakedness without the slightest shadow.
Naked night is lighter than day, happier than day.

The Bridge, May 2009, page 25

Tuesday, 14 April 2009

Хадмал эсвэл чөлөөт?

Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгын "Алтан загасны үлгэр", "Олег цэцний дуулал" ориг зохиолоосоо илүү гарахаас лав л дутахгүй тансаг. Үлгэр тууль дээр ийм чөлөөт , залуусын хэллэгээр "далийлт хазайлттай" орчуулга болмоор шиг. Ц.Дамдинсүрэн гуай "Монголын нууц товчоог" орчин цагийн монгол хэлэнд кирил үсгэнд буулгахдаа анх олдсон эх сурвалжид байхгүй олон шүлэг найраг нэмсэн, түүхэн баримт, эх сурвалжийг "мурийлгасан" гэж шүүмжлэгддэг. Дамдинсүрэн гуайн орчуулга тухайн зохиолчын санааг өөрийнхөөрөө гаргаад, уг зохиолыг дахин шинээр биччихсэн шиг байдгаараа онцлог, бараг шууд энэ орчуулга түүнийх байх гэж танигдахаар энд тэнд нь монгол ардын зүйр цэцэн үг, холбоо үг, өвөрвөц хэл шигтгээсэн "гарын үсэгтэй". Ер нь орчуулагч өөрийн хэв маягийг ямар нэг хэлбэрээр үлдээдэг шиг. Орчуулагч өөрийн хэв маягийг үлдээх үү, зохиолчийн бичгийн хэвийг хадгалах уу? гэдэг сонин асуулт гарч ирж байна. Уран сайхны буюу чөлөөт орчуулга, хадмал орчуулга аль нь зөв гэж эсрэгцүүлж яривал утгагүй. Хаана хэзээ яаж донжий нь олон хэрэглэх гэдэгт л учир байх шиг.

Гүн-Үйлст орчуулагч Пушкины шүлгийн орчуулгын түүвэр гаргажээ. Тэрээр "Миний орчуулгуудад толгой холбох, нэмэлт шигтгээ хийх зэрэг монгол шүлгийн уламжлал үгүйлэгдэж мэдэх боловч, их шүлэгчийн хэлэх гэсэн санаа, орос шүлгийн хэм хэмнэл тусгалаа олсон гэдэгт найднам. Ер нь орос шүлэг бол орос л шүлэг шүү дээ. Жирийн уншигч монгол шүлэг уншиж байгаа мэт Пушкиний шүлгийг унших нь хир боломж хийгээд авцалдаатай вэ гэдгийг би мэдэхгүй юм" гэжээ. Евгений Бонверийн орчуулгаар Пушкиний шүлэг дэлхийн хэл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлнээ хэрхэн буусныг бас цөөхөн шүлгээр толилуулсан байна.


А.С.Пушкин

К...


Эгшин зуурын үзэгдэл мэт
Энгүй сайхны суу мэт
Энхрий царай чинь өмнө гэрэлтсэн
Гайхамшигт мөчийг би дурснам.

Итгэл үгүй шаналан явахад
Илбэ зэрэглээнд түгшин суухад
Илхнээ сонсдох ялдам хоолойAlign CentreЗүүднээ үзэгдэх янагхан царай.

Он жил улирч, оломгүй амьдрал халирч
Оюун бодол урьдын мөрөөдөл замхрав.
Одоо би чиний ялдам хоолой
Эгэлгүй төрхийг чинь мартаж дээ.

Сэтгэлд гэгээ татаж, онгод угтахгүй
Сэмхэн нулимс, амьдрал, дурлалгүй
Сүүмгэр бөглүү, харанхуйн дунд
Өдөр хоногууд уйтайяа хөвөрлөө.

Эгшин зуурын үзэгдэл мэт
Энгүй сайхны суу мэт
Энхрий царай чинь ахин гэрэлтэв,
Зүрх сэтгэл минь дахин булгилав.

Сэтгэлд гэгээ татаж, онгод угтав.
Сац бас амьдрал, нулимс, амраг хайр эгэв.
Сайн сайхнаар зүрх бялхан цохилж,
Зөвхөн үүний учир зол заяа гийвэй.



К...

Я помню чудное мгновенье:
Передо мной явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.

В томленьях грусти безнадежной,
В тревогах шумной суеты,
Звучал мне долго голос нежный
И снились милые черты.

Шли годы. Бурь порыв мятежный
Рассеял прежние мечты,
И я забыл твой голос нежный,
Твои небесные черты.

В глуши, во мраке заточенья
Тянулись тихо дни мои
Без божества, без вдохновенья,
Без слез, без жизни, без любви.

Душе настало пробужденье:
И вот опять явилась ты,
Как милолетное виденье,
Как гений чистой красоты.

И сердце бьется в упоенье,
И для него воскресли вновь
И божество, и вдохновенье,
И жизнь, и слезы, и любовь.

Д.Гүн-Үйлст, орчуулга, 2007


To...

I just recall this wondrous instant:
You have arrived before my face
A vision, fleeting in distance,
A spirit of the pure grace.

In pine of sorrow unfair,
In worldly harassment and noise
I dreamed of your beloved air
And heard your quiet, gentle voice.

Years passed. The tempests' rebel senders
Have scattered this delightful dream,
And I forgot this sound tender
And how heavenly you seemed.

In gloomy dark of isolation,
My days were gradually moved,
Without faith and inspiration,
Without tears, life, and love.

My soul awoke with decision:
And you again came as a blest,
Like an enchanting fleeting vision,
A spirit of the pure grace.

My heart beats on in resurrection
It has again for what to strive:
Divinity and inspiration,
Life, tears, and eternal love.

Евгений Бонвер, орчуулга


Жич: А.С.Пушкины шүлэг Ц.Дамдинсүрэн, Ч.Чимид нарын орчуулгаар арван жилийн сурах бичигт байсан шиг? Энэ шүлгийн орчуулгын өөр хувилбар, дээрх томчуудынх байвал бүр сайн, байвал илгээнэ үү.

Tuesday, 7 April 2009

Зар сурталчилгаа юу?

Бага хүүгийнхээ гэрийн даалгаварт зар сурталчилгааны талаар бичсэн зохион бичлэг чех хэлээс орчуулав. Болгооно уу:

Би зар сурталчилгаанд тал бүрээсээ дайруулсаар арваад хоногийг үдлээ. Зурагтаар гарах хорвоогийн нэн чухал тэнэглэлийг харалгүй алдчих вий гэж өнгөт хайрцагны өмнө цаг ямагт хадаастай, хөргөгч ухаж жаал жуул юм идэхэд өөдөөс бас нэг зар цухуйж байх болов уу гэж айх ч шиг, жорлонгийн модоо буулгаад хүндрэхэд ч зар дарамталж мэднэ. Зар сурталчилгаа эргэн тойронд, ихэнх нь уйтгартай, урт, шал дургүй хүрмээр.

Гэхдээ нэг “зар” миний анхаарлыг татсан гэхэд болно. Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр аяараа
сургуульд хүүхэд олноор хядсан тухай "баяр хөөртэйгээр" сурталчилж байв, үнэн тасархай. Их дэлгүүрүүдийн үнэ хямдралын: “Хамгийн ашигтай ганцхан олдох боломж, хэчнээн олон гэмгүй оюутнуудыг ална, зурагтаар төчнөөн их алдаршина. Дэлхий бүхлээрээ таны эмгэнэл шаналлын тухай, хорвоогийн гажуудлын тухай, таны эр зоригийн тухай, өө мэдээж зүй ёсны уур хилэнгийн тухай мэдэх болно. Хэрвээ та алсан үхдэлийн тоогоороо дээд хэмжээ тогтоовол сонингийн нүүр хуудас зурагтын дэлгэцэнд бүтэн долоо хоног залрана гэдгийг батлаж байна” гэсэн зар уншиж байх шиг сэтгэгдэл төрөв.

Гэхдээ нэг юмыг мэдмээр, ийм гайхалтай "санал" дээр нь долоо хоног алдаршиж салхи хагалагчийн туршлагатай нийлэхээр хүмүүсийн онгод ороод, бодит үйлд мордоно доо…

Улс төрд шудрага биш зүйл орчих вий гэж сэрэмжлүүлэх эрхэмсэг үйл ээ, дайны утга учиргүйг мөн зэрлэг догшин авир олж харан хэлэх нь зөв өө, нийгмийн зүтгэлтний гэмт хэргийг илрүүлэх хэрэгтэй ээ. Үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг үнэхээр сайхан боломж, таашааж байна аа. Би яагаад, сургууль дахь цуст халдлагыг мэдэх ёстой юм? Сургамж авч сэрэмжлүүлэх гэсэн байж болох, гэхдээ Пепо мэтийн байдаг л нэг баагийнууд бол зурагтын мэдээ үзээд аймаар юм, гэж хэлэв үү үгүй юу, дараагийн шар айргаа задалж хөнтрөөд Спарта Славия аль нь хожих бол гэдгийг л сонирхоод алга болно. Амь насаараа хохирсон улсад энэ тус болох уу? Ард нь хоцорсон уй гашууд дарагдаад байгаа ар гэрийнхэнийг сэтгүүлчид ороогоод байхад ямар байхав? Хангалттай зовж шаналж байгаа бус уу? „Олон түмэн мэдэх эрхтэй“ гэж хэн нэгэн хэлэх байх, яг ийм эрхтэй эсэхийг мэдэхгүй юм.

Бич ээ бич, засаг төр янзан бүрийн нийгмийн байгууллагаа бут ниргээ. Олноор хүн алах үйлд л битгий дууд.

Орон бүхний сэтгүүлчид нэгдэгтүн, ухаалгаар шүү.


Бернарда Болзана нэрэмжит гимназийн оюутан

Эрдэмбилэгийн Манлай, нас 19


Прага хот


Reklama?

Poslední několik dekád jsem obklopeni reklamami, které se nás valí ze všech možných koutů. To aby se člověk bál otevřít lednici či zdvihnout prkýnko od toaletní mísi, neboť bych se nedivil, kdyby na nešťastníka skočila další reklama, která bude vnucovat zaručeně tu nejdůležitější blbost na světě. Jsou všude a z velký části mě nudí, otravují a jsou dlouhé.

Přece jen, jedná taková „reklama“ mě docela zaujala. Přišlo mi opravdu super, jak všechny noviny a zpravodajství světa s radostí propagují masakry na školách. Je to jako číst nějakou akční nabídku na letáku supermarketu: „ Výhodná a jedinečná nabídka, zabijte co nejvíc nevinných studentů a dosáhnete televizní slávy. Celý svět se dozví o vaší mrzké existenci a uvědomí si neřesti nespravedlivého světa přes tvůj odvážný a samozřejmě spravedlivý hněv. Pokud v počtu mrtvých pokoříte rekord, tak máte vystaráno- titulní stránky celý jeden týden.“

No musíte uznat, když máte takovou skvělou nabídku, která je zasvěcená předchůdci, kteří si svůj týden slávy „zažili“, tak to člověka inspiruje k činům….

Je šlechetné a správné ukazovat nespravedlnost v politice, či nechat našince nahlídnout krutost a nesmyslnost války a také je správné odhalovat zločinné praktiky veřejných činitelů. Obecně svoboda slova, možnost vyjadřovat svobodně myšlenky je skvěla vymoženost, ze které se můžeme těšit,. Avšak nač potřebujeme vědět krveprolitích na školách? Možná, abychom se poučili, ale jak to může pomoct typickému Pepkovi, který si u televizních novin řekne, že je to strašné a jde si otevřít další pivo a už přemýšlí, jak dopadne derby Sparta vs. Slavie? Jak to pomůže obětím těchto masakrů? Pomůžeme to pozůstalým, když je obklopí novináři a reportéři? Netrpí snad dost? Někde by mohli říct: „veřejnost to má právo vědět.“, ale já nevím, jestli o to právo stojím.

Pište a burcujte vlády, příslušné orgány a instituce. Jen nepobízejte chudáky k masakrům.

Novináři všech zemí spojte se a hlavně se zamyslete.

Manlai Erdembileg, 19 let

Gymnázium Bernarda Bolzana, o.p.s. (V Holešovičkách 2, Prahа)

Tuesday, 20 January 2009

Миний Нэр Улаан-4

Тавдугаар бүлэг

Би хайрт нагац ах чинь байна

Би Харын ээж талын хамаатан нагац ах буюу эниште, гэхдээ бүгд намайг “Эниште” гэсээр миний нэр шиг болж хоцорсон юм. Гучин жилийн өмнө, энд нүүж ирэхээс өмнө манайх туулайн бөөр, далдуу мод ургасан Аскария дүүргийн сүүдэрлэг чийгтэй гудамжинд байхад Хар манайд олонтой ирдэг байв. Нэг зун Махмуд пашад бараа болж яваад намар эргэж ирэхэд, Хар ээж нь гэрээсээ зугтаж манайд бүр ирсэн байлаа. Харын ээж, хайрт талийгч эхнэрийн маань төрсөн эгч тул манайд тайван амьдарч болох билээ. Өвлийн үдэш гэртээ харьж ирэхэд эхнэр маань эгчтэйгээ тэврэлдэн суугаад зовлон жаргалаа хуваалцан уйлж суухтай олонтой таарч байв. Харын эцэг ааш муутай, архи уудаг тул янз бүрийн шашны сургууль-медрест багшилж байсан ч хаана ч удаан тогтдоггүй хүн байсан. Тэр үед зургаан настай Хар ээжийгээ уйлахад дагаж уйлаад, дуугүй болоход нь Эниште над руу айсан байдлаар хардаг байв.
Одоо хүүг нас тогтсон, шийдэмгий эр болсныг харахад таатай байна. Хар миний гарыг үнсээд, дараа нь духандаа хүргэж, “зөвхөн улаан бэх хийхэд” хэмээн монгол бэхний сав бэлэг болгон барьж надад хүндэтгэл үзүүлэв; өвдөг хавсран өөдөөс харан даруухан сууж байна; тэрээр эрийн цээнд хүрсэн хэрсүү эр болье гэсэндээ хүрчээ гэдгийг, би ч хүндэтгэл төрүүлэм ахмад болж гэдгийг энэ бүгд харуулж байв.
Би ганц хоёрхон барааг нь харсан аавтайгаа Хар их адил юм: Өндөр, гуалиг биетэй, гар хуруу нь огцомдуухан хөдөлгөөнтэй. Гараа өвдөг дээрээ аван, “би таныг эрхэмлэн сонсож байна, ойлгож байна” гэх шиг чухал юм ярих үед нүд рүү эгцэлж харан, үгийн айзмаар бага зэрэг толгой дохиж зөвшиж таашааж буйгаа илэрхийлж байв. Хорвоогийн тоосыг олон жил хөдөлгөж буй би жинхэнэ хүндэтгэл тодорхой ёс журам мөрдөх, хүндэтгэн бишрэлээс үүсэхээс зүрх сэтгэлээс үүсдэггүй болохыг мэднээ.
Хүүгийнхээ ирээдүйн зам мөрийг эндээс харж, манайхаас хүлээж байсан ээж нь Харыг элдэв шалтагаар манайд ойр ойрхон дагуулж ирдэг байлаа. Хүүг номонд дуртай болохыг анзаарч бид хоёр дотносон ойртож, тэр миний “шавь” болсон юм. Би түүнд Ширазын зураачид шинэ хэв маягаар алслалын зураасыг дээд захад аваачдаг болсон тухай ярив. Лейлуд дурлан солиорох дөхсөн Меджнуну цөлд шаналж буйгаар ганцаардалыг илэрхийлдэг бол, их зураач Бехзад харин Меджнунуг хоол хийж буй хүүхнүүдийн дунд дүнзээр гал ноцоох гэж оролдож буйгаар, майхануудын дунд алхаж буйгаар дүрсэлсэн ч ганцаардалыг гаргаж чадсан нь гайхамшигтай. Шөнө дунд нууранд нүцгэн усанд орж байгаа Шириныг нуугдан харж байгаа Хосровыг зурахдаа, олон зураачид Низами энэ тухай бичсэн шүлгийг уншдаггүй болохоор утгагүй тэнэг өнгөөр буддаг, ямар үйл явдлын тухай гэдгийг мэдэхгүй зурна гэдэг мөнгөний шунал.
Харын зураг мөнгө хоёрыг тус тусд нь авч үздэг чанар бахархууштай: Урам хугарч санаагаар унахгүйн тулд урлагыг талхаа олдог хэрэгсэл болгохгүй хэрэгтэй. Ямар ч авьяастай, урлагын гайхам мэдрэмжтэй байсан, үнэлэмж шан харамд гонойхгүйн тулд зураг урлагаар бус өөр салбарт хоолоо олж идэх нь зөв.
Стамбулын болон хөдөө орон нутгийн баячууд, сурвалжит хүмүүсийн захиалгаар Тебризийн олон зураач, уран бичигч нартай танилцаж ном хийлгэж байсан, эдгээр урчууд хүнд нөхцөлд их ядуу амьдардаг тухай Хар ярив. Зөвхөн Тебризд ч биш Мешхед, Алеппогийн зураачид ядуураад аргагүйн эрхэнд номын зураг чимэг хийхээ больж, европын жуулчдын сониучирхал таашаалд нийцэх шалдир балдир зураг зуран амь зууж байна. Энхийн гэрээ байгуулахад Ираны шах Аббас манай Султан бэлэг барьсан зурагтай гар бичмэлийн хуудсуудыг урж тасдан өөр номонд ашиглаж байгаа гэж сонссон. Энэтхэгийн (Могол) хаан Акбар гайхалтай том шинэ ном хийлгэхээр хөрөнгө мөнгө харамгүй зарж байгаа сургаар Тебриз, Казвины урчууд түүний ордонд ажиллахаар бүгд тийшээ цувж байна.
Урчуудын тухай Хар ийнхүү хөөрөх зуураа өөр сонирхол татам үг яриа бас хавчуулж байв: хуурамч Мехдийн тухай эсвэл Сефевидууд хэрхэн узбекүүдэд энх тайвны баталгаа болгон мэдрэл муутай хуантайжаараа барьцааны хүн хийсэн, тэр нь өвдөж халуураад гурав хоног дотор өөд болсон зэрэг сонирхолтой тохиолдлыг ярьж, над руу инээмсэглэн харж байв. Түүний царай барсхийхэд, бид хоёрын дунд хөндөж чадахгүй сэдэв, ээдрээтэй асуудал байсаар байгааг гадарлав.
Учир нь Хар манайхаар орж гардаг, үгүйдээ бидний талаар мэдсэн, манай үзэсгэлэнт охины талаар сонссон бусад бүх залуусын нэгэн адил миний ганц охинд Шекюред дурласан байсан юм. Тэр үед гоо үзэсгэлэн төгс Шекюред түүний барааг хараахан хараагүй харчуул хүртэл дурладаг, за бараг бүгдээрээ сүйд болдог байсан тул би үүнийг тоодоггүй хэрээс хэтэрсэн гэж боддоггүй байв. Гэтэл Харыг манай гэрийнхэн өөрийн хүн шиг хайр халамж тавьдаг, манай гэрийн хүний хувьд охины нүүр царайг харсан магадлалтай тул аюултай байлаа. Хар бие сэтгэлээ хазаарлан барихын оронд охинд хайр дурлалаа илчилсэн юм.
Ингээд Хар манайд орох эрхгүй болсон хүн дээ.
Түүнийг Стамбулаас гарч явснаас хойш гурван жилийн дараа ид цэцэглэх насандаа охин маань сипахи морьд цэргийн эртэй ханилан суусан, хоёр хүүхдийн эцэг болсон ч хэрсүүжиж төлөвшөөгүй тэр нөхөр гэр бүлээ орхин дайнд мордоод ор сураггүй болж өнөөг хүртэл эргэж ирээгүйг Хар дуулж мэдсэн гэж бодож байна. Би үүнийг зөвхөн Стамбулд хов жив түргэн тардаг болохоор бус, яриа тасалдан чимээгүй болоход над руу харсан түүний харцаас тэрээр энэ бүгдийг аль эрт дуулсан мэдсэн гэдгийг мэдэрсэн. Одоо номын ацан тавиур дээр дэлгээтэй байгаа “Сэтгэлийн тухай Ном”-ыг үзэнгээ байшинд гүйлдэх хүүхдийн чимээг анирдан сонсож байна; охин маань хоёр хүүгийн хамт төрхөмдөө эргэн ирснийг ч тэрээр мэдэж байгаад би эргэлзсэнгүй.
Нэр хүндтэй хангалуун амьдралтай болох гэж буй Хар болон бусад залуу нөхдүүд эд хөрөнгийн асуудлыг хөндөж ярихыг бүдүүлэгдүү гэж үздэг учир, Харын эзгүйд барьсан манай хоёр давхар шинэ байрны тухай яриагүй. Шатаар хоёр давхарт гарч байхдаа, ингэж дээш өгсөх нь хөл өвдөхөөс сэргийлдэг, яс үргэлж янгинадаг надад хоёрдугаар давхарт чийг багатай хуурай болохоор зүгээр байдаг юм гэж тайлбар тавьлаа. Хоёрдугаар давхар гэж хэлэхдээ ичих шиг эвгүйцсэн, гэхдээ одоо надаас хамаагүй бага орлоготой хүмүүс, даруухан цалинтай морин цэрэг хүртэл давхар байшин бариулж байхад Хар шиг залуу удахгүй ийм байртай болох нь лавтай.
Бид хоёр өвөлдөө урлан болгон ашигладаг цэнхэр хаалгатай өрөөнд сууж байлаа. Хамар өрөөнд Шекюре байгааг Хар мэдэрч буйг нь надад ажиглагдав. Тебриз руу захиа илгээн яах гэж түүнийг Стамбулд дуудан авчирсан тухай гол яриандаа шууд орлоо.
“Чи Тебризд байхдаа хүний захиалгаар зураач урчуудаар ном бүтээлгэдэг байсан шиг, би одоо нэг ном бүтээлгэж байгаа” гэж би хэлээд, “Энэ номын захиалагч нь ертөнцийн тулгуур, наран гэрэлт Султан билээ. Ном нууцаар бүтээгдэж байгаа болохоор надад шан хамаржийг ордоны Жасын няраваар дамжуулан өгч байгаа. Би номыг султаны урланы хамгийн туршлагатай, шилдэг зураач урчуудаар хийлгэж байгаа. Одоогоор нэг нь нохой, нөгөө нь мод, гурав дахь нь алсад харагдах үүл болон хуудасны хөвөөг чимэглэх, бас нэг нь морь хариуцан зурах захиалга аваад тус тусдаа ажиллаж байгаа. Бидний дүрслэн зурсан юмс Венецийн зураачид зурдаг шиг манай Султаны ертөнцийг харуулах учиртай. Зөвхөн түүний эзэмшдэг эдэлдэг эд баялаг бус тэрчлэн түүний баялаг дотоод ертөнцийг инээд баяр, уй гашуу бүгдийг харуулах болно. Мөнгийг үл тоомсорлож буйг илтгэх гэж Алтан зоосийг хамгийн сүүлд зурсан; бидний айдас хүйтсийг харуулах гэж Үхэл Буг чөтгөрийн зургийг бас оруулсан. Энэ номын тухай ямар цуурхал, явга яриа явааг би мэдэхгүй. Наран гэрэлт Дээдэс Султаны эзэмшилд модны мөнхийн ногоон чанар, морьны туйлдаж цуцсан байдал, нохойны зэрлэг увайгүй авир орох нь зүйтэй гэж бодном. Би “Өрөвтас”, “Дэгжин”, “Эрваахэй”, “Чидун” хоч нэртэй манай шилдэг зураачдыг дуртай сэдвээ сонгож авахыг санал болгосон. Эд нар номонд орох зургаа үзүүлэх гэж хүн гадаа гарамгүй өвлийн хүйтэн үдэш ч манайд нууцаар ирж хийсэн бүтээснээ үзүүлж байгаа.
Ямаршуу зураг бүтээгээд байгаа? Яагаад ийм маягаар зурсан? Одоогоор энэ талаар хариулж чадахгүй нь. Чамаас юм нууж байгаадаа бус, хэлэхийг хүсэхгүй байгаадаа бус. Үнэнийг хэлэхэд эдгээр зургийг чухам яаж зурах ёстойг би ч өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Гагцхүү ямар зураг байх ёстойг л гадарлаж байна.
Би Хард дөрвөн сарын өмнө захиа илгээсэн: бидний хуучин байрны орчимд байдаг үсчингээс Хар Стамбулд ирснийг дуулаад түүнийг ирж уулз гэж урьсан юм. Миний яриа I was fully aware that my story bore a promise of both sorrow and bliss that would bind the two of us together.
“Зураг болгон ямар нэг юм илтгэн хэлэхийн тулд байдаг,” гэж би хэлэв. Дурлалт хосын бие биеэ ширтэх анхны харц; мангасын толгойг цавчиж байгаа Рустем баатар; үл таних хүнийг гэж бодоод төрсөн хүүгээ хөнөөсөн Рустемын уй гашуу; дурлалдаа шатсан Меджнун онгон зэрлэг байгалд арслан, бар, цөөвөр чоно, буга согоо дунд; тулалдаан хэрхэн төгсөхийг шувуунаас тандан асуухаар ойд ирсэн Македоны Александрийн өмсгөлийг аврага том шонхор урж тасдаж буйг зэрэг номын онцлог үйл явдлыг дүрсэлж зуран номыг амьдруулж илүү сонирхолтой гоё болгодог билээ. Номын бичлэг уншсаар нүд цуцдаг, зураг харахдаа харин амардаг. Бичлэгийн ухаж төсөөлөхөд хэцүү хэсгийг ойлгоход зураг тусладаг, зургийн хүчээр бичлэг амилдаг. Тайлбар бичиггүй зураг зурах боломжгүй.
“Би ингэж боддог байлаа”, гэж би харамсалтайяа нэмж хэлэв. “Болдог юм билээ. Хоёр жилийн өмнө Султаны бие төлөөлөгчөөр Венецид дахин очих завшаан тохиож, тэнд венецийн зураачдын бүтээлийг харсан юм. Чухам ямар үйл явдалд тухайн зураг хамаарч буйг мэдэхгүй бибээр зурагнаас юү илэрхийлснийг ухаж ойлгохыг оролдож байв. Нэг өдөр зураг өлгөөтэй ордоны ханан дахь зургийг хараад ихэд цочив.
Зүгээр л нэг над шиг хүний зураг байв. Мэдээж тэрслүүгийн нэг, манайхан биш. Зургийг хараад байтал надтай адилхан ч юм шиг санагдаад явчихав. Махлаг дугуй царайтай, намхан шанаатай, миний урагш түрсэн сайхан шаймий эрүүтэй адил биш эрүүтэй гээд надтай огт төсөөгүй. Төстэй адил зүйл дуслын төдий байхгүй ч, зургийг харах тутам өөрийн зуруулсан хөргөө олоод харсан шиг догдолж байв.
Ордон дотор надайг дагуулж явсан ноёнтоноос хэний зураг болохыг сураглахад, түүний найз яг энэ эрхэм шиг сурвалжит хүн болохыг мэдэв. Арын цонхоор харагдах тосгон, түүний эдлэн газар, өнгө алаглах яг бодит юм шиг харагдах ой мод зургийн ар дэвсгэр болжээ. Түүний өмнөх ширээн дээр ширээний цаг, ном, Цаг хугацаа, Муу үйл, Амьдрал, уран бичлэгийн үзэг, газрын зураг, луужин, алтан зоос бүхий хайрцаг зэрэг юу болохыг нь би хэлж мэдэхгүй бусад зурагнуудад бас байсан элдэв шалдав зүйлс, джины сүүдэр, Буг чөтгөр, төгсгөлд хэлэхэд эцгийнхээ хажууд зогсож байгаа үзэсгэлэн төгс охины хөрөг гээд энэ эрхмийн амьдралд чухал болгоныг энэ зурганд багтаажээ.
“Хүүрнэлийн ямар илэрхийлэл ийм гоё, төгс байх вэ? Бүтээлийг харсаар зураг өөрөө өгүүлэмжээр дүүрэн юм байна гэдгийг аажмаар ойлгов. Зураг гээч чинь заавал ямар нэг бичлэгийн тайлбар хавсралт байх албагүй, өөрөө бие даасан бүтээл байж болох нь.
Намайг үлэмж гайхшруулсан энэ зураг санаанаас гарахгүй байв. Ордоноос буусан байрандаа буцаж ирээд энэ зургийн тухай шөнөжин бодов. Би бас өөрийгөө ингэж зуруулмаар санагдав. Үгүй ээ, дэндчихнэ. Харин манай Султаныг ингэж зурвал зохистой! Манай Султанд хамаатай юм, эзэмшилд байдаг юм, ер нь түүнийг төлөөлж илэрхийлж болох бүхэнтэйгээ дүрслэгдэж түүний эрхшээдэг ертөнцийг бүхэлд нь гарган тавих юм байна. Үүгээр ном бүтээе гэсэн санаа төрлөө.
Тэр сурвалжит хүнийг өмнө хараагүй ч олны дотроос зургаар нь таниж болохоор болж. Венецийн их зураачид хүмүүсийг хувцас одон медалиас гадна, нүүр царайн өвөрмөцийг гаргадаг тийм аргаар зурж. Үүнийг “хөрөг дүр” гэдэг юм байна.
“Хэрэв энэ маягаар таны царайг ганц удаа дүрслэн зурсан байхад, таныг хэзээ ч мартахгүй: та алс хол явсан байсан ч таны зургийг хараад л хажууд байгаа шиг сэтгэгдэл төрнө. Таныг амьд ахуйд хэзээ ч хараагүй хүн таныг нас эцэслэсэн хойно олон жилийн дараа ч, хөргийг тань хараад та өмнө нь зогсож байгаа юм шиг, тантай нүүр учрах болно.”
Бид нэлээд удаан чимээгүй дуугүй суув. Ажлын өрөөний цонх гудам руу харсан; энэ цонхны доод талын модон хаалтыг хэзээ ч онгойлгодоггүй, харин дээд талыг нь саяхан лааны зурагтай даавуун хөшигтэй болгосон юм. Цонхны дээд талын хөшиг нэвчин хүйтэн гэрэл орж ирж байлаа.
Би дуугүй дүнсгэр байдлыг би эвдэж, Манай Султаны нууц номыг хийж байсан зураачдын маань нэг, алтдан чимэглэлээр мэргэшсэн Дэгжин эфенди, бусдын адил орой болтол орой болтол надтай хамт ажилладаг байв. Нэг орой манайхаас харих гэж гараад гэртээ хариагүй, сураггүй болсон. Энэ зураачид гай тохиолдоогүй байгаа гэж айж байна.

Thursday, 8 January 2009

Миний нэр улаан-2

Гуравдугаар бүлэг

Би-нохой

Намайг амандаа багтаж ядам урт хурц соёо шүдтэйг эрхмүүд андахгүй. Энэ нь намайг зэрлэг догшин харагдуулдагыг ч мэднээ. Гэхдээ надад таалагддаг. Мах бэлтгэгч шүдийг минь хараад

-“Бурхан минь, энэ чинь нохой биш, зэрлэг бодон байна!” гэж уулга алдаж билээ.

Би түүний тарган хөлийг чанга хазаад автал, зузаан гуяны зөөлөн маханд гүн шигдсэн соёонд маань дунд чөмөгний хатуу яс мэдрэгдсэн. Хурц араа шүдээ хөсрийн муу дайсныхаа биед уур хилэнтэйгээр зоохоос илүү таашаал нохойд байхгүй. Ингэж хазах боломж ирэх мөчид, хазуулахаа мэдэхгүй тэр тэнэг хардаж сэрдэхгүй урдуур хөлхөж, амсаагүй таашаалаас толгой эргэн нүд харанхуйлж, хазаж хэмлэнэ гэхээс шүд янгинахуйд эрхгүй аймшигтай архирана.

Би-нохой; хүмүүс та нар нохойтой дүйцэхүйц ухаантай амьтан биш болохоор нохойг ярьж чаддаггүй л гэх. Тэгсэн атлаа хүмүүс үхсэн хүн ярьдагт, учрыг нь ойлгодоггүй үлгэрт итгэдэг сонин. Нохой сонсож чаддагтай нь л ярьдаг юм.

Эрт урд цагт зах хязгаар нутгийн нэгэн хотоос нийслэл хотын хамгийн том, сүмд лалын нэгэн хувраг иржээ. Бүгдийг нь дэлгээд яахав лалын сүмийг нь Баязида, хуврагийг Нусрет Ходжа гээд нэрлэчихэе: Хоосон тархитай түүний хэл ам нь харин гүйцэгдэхгүй, Бурхан өршөөг! Баасан гариг бүрт тэрээр номлолоороо сүмд цугларсан сүсэгтэн олныг цурхиртал уйлуулж, заримыг ухаан алдан унатал ярьдаг байв. Номлол сургааль айлдах явьяастай, өр нимгэн бусад хувраг шиг өөрөө бол нулимс дуслуулахгүй. Харин ч эсрэгээр хүмүүсийн мууг дэлгэн илчилж, уйлуулах дуртай, бүр үүнээс таашаал авдаг нэгэн. Цэцэрлэгч, тогоочоос эхлээд хаад ноёдын хиа зэрэг доод давхаргынхан тэр ч байтугай хуврагууд хүртэл хэл амаа билүүдэн хүний мууд дурлах дуртайн учир нэг мэдэхэд хотлоороо энэ өөдгүй хуврагын эрхшээлд оржээ. Ингэхэд, эрхэм минь энэ бол ерөөс нохой биш хүн төрөлд төрсөн жинхэнэ хүн. Өмнө нь цугласан, өөрт нь татагдсан сүсэгтэн олныг айлгах, уйлуулах нь зугаатай бас тааламжтай байсан төдийгүй багагүй мөнгө өвөртлөх боломжтой амархан ажил болохыг ойлгосон тэрээр олны толгой дээгүүр харан хэлж байна:

“Их номлогчын үеийн лалын жинхэнэ ёсыг умартаж, худал хуурмаг зүйлд итгэдэг болсон учираас л бид үнийн өсөлт, дайны ялагдал, өвчин тахалд нэрвэгдэж байна. Нас нөгчөгсийн хойтхид Их номлогч мэндэлсэн тухай туульсыг уншдаг байсан уу? Талийгчийн дөч дэхь хоногийг тэмдэглэж, элдэв амттан тарааж сүнсийг нь баясгадаг байсан уу? Мухамедийн амьд ахуйд Гайхамшигт Коран судрыг ая данд оруулж дуу шиг дуулдаг байсан уу? Мөргөл үйлдэхдээ арабжин хэнийх нь араб хэл илүү жинхэнэ араб байна гэдгээрээ сүржигнэн өрсөлддөг байсан уу? Сургааль номоос хувраг хүн иш татахдаа эм хүн шиг аяаглаж маягладаг байсан уу? Өнөөдөр оршуулгын газарт хүмүүс очин талийгчаас өршөөл гуйж байна. Тэд талийгч болсон гэгээтний цогцост мөргөж буруу номтон лугаа адил чулууны хэлтэрхийгээс адис авч, аврал эрж байна. Тэд нүглээ намичлах хүсэл гуйлт шингээсэн гэх элдэв даавууны өөдөс хаа сайгүй зүүж байна. Хэрмэл дервиш буюу бадарчины ийм урсгал, ийм номлол Мухамедийн үед байсан уу? Фараон насан өөд болохдоо лалын шашинд сүжигтэй байсан гэж лалын нэг урсгалын тэргүүн Ибн аль-Араби тунхагласнаараа өөрөө нүгэлтэн болж байгаа юм. Коран судрыг өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн хамт хөгжмийн аялгуунд дуулж, бүжиглэн уншдаг Мевлеви, Халветие, Календарие урсгалын дервишүүд бол нүгэлтэй буруу номтнууд. Дервишүүдийн орогнодог байрыг даруй устгаж, тэдний байр сав байсан тэр газрын хөрсийг долоон тохой ухаж далай тэнгист аваачиж хаяасан цагт л тэнд уншлага, мөргөл үйлдэж болохуйц ариун болно.”

Уурандаа дэлбэрэх дөхсөн Нусрет-ходжа шүлсээ үсчүүлэн үргэлжлүүлж:

-“Үнэн сүсэгтэн нар аа, кофе уух чинь нүгэл. Кофе оюун ухаан мохоодог, ходоод шархлуулдаг, ивэрхийтэй үүсгэдэг, үргүй болгодог чөтгөр шүгэлсэн ундаа тул Их номлогч амсдаггүй байсан. Кофен газруудад зугаа цэнгэл хөөгсөд, баян тэнүүлчид цугларч өвдөг өвдөгөө шүргэн суунгаа элдэв шалиг балай зүйл сэддэг тул кофенуудыг дервишүүд уулздаг газраас ч өмнө хаах хэрэгтэй. Ядуучуудад кофе уух мөнгө бий гэж үү? Кофендоо манарсан хүмүүс оюун ухаанаа жолоодох чадвараа алдаж, нохойн дэмий үгэнд үнэмших болно. Манай шашин шүтлэгийг гутаагчид бол жинхэнэ ноход”.

Та нараас зөвшөөрөл аван, хуврагийн сүүлчийн үгэнд хариулая. Хаджи, ходжи, имам зэрэг лалын хуврагууд нохой бидэнд дургүй, үзэж чаддагүйг хэн хүнгүй мэднэ. Энэ нь Их номлогч Мухамед унтаж буй муурыг сэрээхгүйн үүднээс газар шүргэсэн урт хормойг хайчилж богиносгох зарлаг гаргаснаас үүдэлтэй. Нохойд хэзээ ч мууранд үзүүлсэн шиг ийм халамж анхаарал тавьж байсангүй, хамгийн адгийн тэнэг хүний үр нохой муур бие биеэ үздэггүйг, муур шиг хэрэггүй ач тус хүргэдэггүй амьтан байхгүйг мэддэг хэдий ч, Их номлогч өөрөө нохойд дургүй байсан мэтээр тооцдог. Ийм буруу ойлголтын дүнд биднийг бузар амьтанд тооцон ариулгатай сүмд оруулахгүй, мод шүүрээрээ цохиж хөөдөг болсон.

Та зөвшөөрвөл, Коран судрын хамгийн гоё “Агуу” хэмээх бүлэгт юу өгүүлснийг сануулая. Энэ сайхан кофен газарт Коран хэзээ ч уншиж үзээгүй хүн байж болзошгүй гэсэндээ үүнийг сануулж байгаа юм биш шүү, зүгээр л таны ой санамжыг жаал сэргээх гэсэн юм: буруу номтны дунд амьдарсаар залхсан долоон залуу дүрвэн зугтаж яваад нэгэн агуйд ороод нам унтчихсан тухай энэ бүлэгт өгүүлдэг. Аллах тэдний чихийг бөглөн гурван зуун есөн жил нойрсуулжээ. Залуус сэрээд, нэг нь юм авахаар хүмүүс дунд орохдоо л мөнгөн зоос нь эргэлтээс гарсан өчнөөн олон жил өнгөрснийг мэддэг, цочирдон гайхсан гэнэ. Хүмүүний сүсэгтээ ямар үнэнчийг, Аллах ямар гайхамшиг бүтээж чаддагийг, цаг хугацаан хэрхэн хоромхон зуур өнгөрдгийг, гүн нойрноос авах таашаалыг энэ бүлэгт уран чадварлаг дүрслэн үзүүлдэг. Бүлгийн арван наймдугаар шад шүлэгт алдарт агуйн үүдэнд залуусын нойрыг нохой манаж байсан тухай мөн гардаг. Хэн ч Коранд багтсандаа бахархана биз дээ. Би нохой болохоор энэ бүлгээр бахархдаг, дайснаа сүүлгүй нохой гэж хараадаг Эрзурумийнханыг зөв ойлголттой болоход Аллах туслана байх гэж найдаж байна.

Чухам юунаас болж нохойд өширдөг юм бол? Яагаад нохойг заваан бузар амьтан гэдэг, нохой гэрт чинь орчихвол гэрээ босгоноос хоймор, шалнаас тааз хүртэл жигтэйхэн цэвэрлэдэг юм бол? Яагаад танд нохой хүрэх төдийд угаалга, ариутгал хүчингүй болдог юм бол? Таны хувцас нохойн үс ноосонд шүргэсэн л бол яагаад солиотой авгай шиг хувцсаа долоо дахин угаадаг юм бол? Яагаад нохой долоосон сав суулгыг хаях, эсвэл төмрийн дархан дахин давтаж шинээр хийхээс нааш хэрэглэх аргагүй бузар гэж үздэг юм бол? Ийм хачин юмыг муур юмуу, төмрийн дархан л бодож олсон байх гэж би боддог.

Хүмүүс суурин амьдралд шилжихээр хот руу нүүхэд малчдын хоточ нохой хөдөө орон нутагт эзэнгүй золбин үлддэг: ингэж л заваан гэж дуудуулдаг над шиг ноход олширч тархсан байх. Лалын өмнөх тооллын үед арван жилийн хоёр сарын нэг нохой сар гэж нэрлэгддэг байсан юм. Одоо нохой бол муу ёрын амьтан. Сонин үлгэр, өгүүлэл сонсож утга учрыг нь тунгаах, хөгжилдөх гэж ирсэн эрхэм найзуудыгаа, хувийн бэрхшээл зовлон тоочиж залхаамааргүй байна. Кофен газруудыг дайрч устгана гээд байгаа хуврагийн тухай бодохоор үнэндээ уур хүрч байна шүү.

Эрзурумын хувраг Хусрет хоноцын хүүхэд байж магад тиймхэн гаралтай гэдгийг мэдвэл, та юу гэхсэн бол? Миний үгийг шууд таслаад л “Чи муу нохой юу юм? Санваартан эрхэм руу дайрч, асаж байхын оронд кофены газрын хананд дүрсийг чинь өлгөөд үлгэр ярьж явдаг эзнээ хамгаал. Зайл!” гэнэ биз. Бурхан өршөө, би хэнийг ч гутаах гээгүй. Би кофены газрыг маш их таашаадаг нэгэн л дээ. Миний зураг хямд муу цаасан дээр зурагдсан гэдэгт, би өөрөө дөрвөн хөлтэй араатан гэдэгт эмзэглэхгүй, ямар ч асуудал байхгүй, харин хүмүүс та нар шиг ширээний ард суугаад аяга кофе ууж чадахгүйдээ л харамсаж байна. Нохой бид аяга кофены төлөө, кофены газрын төлөө үхэхэд бэлэн байвал яахав? Миний эзэн кофены жижиг гүцнээс надад кофе аягалаж өгч буйг харж байна уу? Цаасан дээр байгаа нохойн зураг яаж ууж чадах юм? гэж та хэлэх байх. Энэ нохой ихээ жаргалтайгаар кофе долоож байна гээд дотроо төсөөлчих. Гуйж байна!

Үнэхээр, дулаацаад ухаан саруул, хараа хурц болоод явчихлаа. Одоо миний ярихыг сонс: манай наран гэрэлт Султаны охин Нурхаят-султанд Венецийн дож бэлэг болгон цэнхэр цэцгэн хээтэй хятад шаазан, бүтэн хуй хятад торгоос гадна өөр юу өгсөн гэж бодож байна? Булга торгоноос ч зөөлөн үстэй, дур булаам венецийн гичий өгсөн байгаа юм. Миний нэг найз энэ гичийг нэг үзээд алдсан болохоор эрх гичий улаан торгон хувцастай байсныг, нөгөө ажлыг хийхдээ хүртэл хувцастайгаа байсныг би барин тавин мэдэж байгаа юм. Европт бүх нохойнууд үүн шиг хувцастай явдаг гэж дуулсан. Нэг аймаар боловсон европ хатагтай хувцасгүй нохойг бүр шодойг нь харчихаад, “Ээ бурхан минь, нүцгэн нохой байна” гэж хашгираад ухаан алдсан гэдэг.

Тэрслүү үзэлтнүүд амьдардаг европын орнуудад нохой болгон эзэнтэй гэх. Тэр золгүй ноход гудамжаар хүзүүвчтэй, хүзүүвчнээсээ гинжтэй яг л адгийн боол шиг угзчуулан явдаг гэх. Европууд хөөрхий амьтдыг гэртээ хүчээр байлгаж, тэр байтугай орондоо авдаг гэсэн. Тэдэнд бусад нохойтой хамт чөлөөтэй гадуур гүйхийг зөвшөөрөхгүй, бие биеэ үнэрлэж болохгүй, хамт тоглож ноололдох эрхгүй. Эзэнтэйгээ гадаа салхилж байгаа гинжлэгдсэн, ичмээр жигшим байдалд орсон хөөрхий тэр ноход гудмаар яваа өөр нохдыг уйтгартай нүдээр холоос харахаас өөрийг хийж үл чаддаг гэнэ. Стамбулын ноход эзэн байхгүй, золбирсон ноход бид гудамжаар дураараа сүрэглэн тэнэж, дулаан булан олдвол цагираглан хэвтэж, сүүдэр бараадан тайван унтаж, наранд ээж, хаа таарсан газраа сарьж, шаардлагатай гэвэл хүмүүсийг айлгаж, хэн дуртайгаа хаздаг гэдгийг тэрслүү европууд төсөөлж ч чадахгүй. Магадгүй үүнээс шалтгаалан гудамжны Ерзурумын хуврагын талынхан нохойд дургүй үзэн яддаг болсон биш байгаа? Нохой үзэн яддаг энэ хуврагын аазгайг хөдөлгөх гэж Стамбулын золбин нохдыг махаар тэжээж, нохойд зориулж мөргөл үйлддэг буяны байгууллага бий болоосой би бодоогүй л дээ. Хэрэв ноход биднийг заналт дайснаа гэж үзэн, буруу номтонд тооцож байгаа бол, нохойны дайсан буруу номтон гэдэг чинь утга нэг шүү гэдгийг л сануулах гэсэн юм. Алуурчин Эрзурумын өөдгүй хуврагийг хурдан цааш харуулаасай, бодийг нь хөтлөхдөө нохой биднийг дуудаасай гэж зальбирч байна.

Яриагаа өндөрлөхөөс өмнө нэг зүйл хэлье: Миний түрүүчийн эзэн их шудрага хүн байв. Шөнө хулгай дээрэм хийхдээ бид хамтардаг байв: эзэн маань золгүй этгээдийн хоолойг огтлоход, би чангаар хуцаж амь тавих хүний орилоо чарлааг хүнд сонсогдохооргүй болгох үүрэгтэй. Ингэж тусалсны шанд хохирогчын махнаас чанаж өгдөг байв. Би түүхий маханд дургүй. Миний энэ дадлыг Эрзурумын хуврагыг аваачих алуурчин хүндэтгэнэ гэж найднам, хөгийн түүхий мах идэж ходоодоо муутгамааргүй байна шүү.

Tuesday, 23 December 2008

Миний Нэр Улаан

2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа гэсэн сэтгэгдэл монгол уншигчид эрхгүй төрнө. Барууны уншигч харин өрнө, дорнын соёлын ялгаа уран зураг сэтгэлгээнд хэрхэн илэрч буйг харуулжээ гэж хүлээн авах болов уу.

Туркийн соёлоо нэвтэрхий мэддэг, түүх гүн ухаан урлагын талаар дүрслэн бичихдээ өдөр тутмын амьдралын тухай өгүүлж буй мэтээр хошин, ёжин гаргах бол зохиолчид барагтай бол хүрч чаддаггүй бичгийн ур чадварын түвшин хэмээн Орхан Памукийг гайхан шагширсан байдаг. “Миний нэр улаан” ном “Би үхдэл”, “Би нохой”, “Би морь”, “Би алтан зоос”, “Би Хар”, Би Улаан” гэх зэрэг олон жижиг бүлгээс бүтдэг. Бүгд нэгдүгээр биеэс өгүүлж буй мэтээр бичигдсэн нь номыг улам сонирхолтой болгосон. Алтан зоос гэхэд л том жижиг, хиртэй хиргүй олон гар дамжин, шижир алт эсэхийг шалгах гэж хүмүүс өмхий амандаа хийж шүдээрээ хазаж үздэг, заримдаа биеийнхээ хамгийн эвгүй үнэртээ газраа хадгалан нуудаг гээд инээдтэй “зоосон заяаг” үнэн хөгжилтэй бодитой харуулж байхад, морь нь харин зурмал морь байх, улаан нь улаан будгийн омогшил байх жишээтэй. Ихэд таалагдсан тул эхний хэдэн хуудаснаас орчуулах гэж оролдлоо. Болгооно уу:


Нэгдүгээр бүлэг

Би үхдэл

Би-үхдэл, худгийн ёроолд буй хүүр. Хэдийгээр амьсгал хурааж, зүрх цохилохоо болиод удсан ч надад юу тохиосныг адгийн муу алуурчнаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр муу новш миний үхсэнийг лавтайяа мэдэх гэж амьсгал чагнаж, судас барьж үзээд зогсоогүй аюулхай руу руу минь өшиглөөд худгийн амсарт авчран өндөр өргөж байгаад доош шидчихсэн. Худгийн ёроол мөргөн унахад тархи толгой хагарч, нүүр дух бяцарч, хамаг яс хэмхэрч ам цусаар дүүрсэн.

Би гэрээс гараад сураггүй дөрөв хонож байгаа болохоор авгай хүүхдүүд маань намайг үгүйлж байгаа. Охин минь уйлж байснаа дараа нь хашааны хаалга ширтээд сууж байгаа.

Тэд бүгд л намайг эргэж ирэхэд итгээд цонхон дээрээ харуулдаж байгаа. Тэд үнэхээр хүлээж байгаа гэж үү? Үүнд хүртэл бүрэн итгэлтэй бус. Намайг эзгүй гэдэгтэй хэдийнээ эвлэрсэн, тоохгүй байж болох. Ямар аймаар юм! Талийчихаад өнгөрсөн амьдралтайгаа зууралдаад байгаа юм уу? Амьдрал гэж юу юм бэ? Намайг төрөхөөс өмнө байсан, намайг байхгүй болсон ч хязгааргүй үргэлжилнэ. Би амьд сэрүүн байхдаа энэ тухай ер бодож байсангүй. Хоёр нарны хооронд гэрэлт цох шиг ажилладаг л байлаа.

Би аз жаргалтай байжээ. Тиймээ, аз жаргалтай гэж хэлж болохоор байснаа одоо л ойлгож байна. Би манай Султаны урлангийн урдаа барьдаг сайн ном чимэглэгч зураач байв. Хэн ч ур чадвараараа намайг гүйцдэггүй байсан. Мөн сард ажлын зав чөлөөгөөр есөн зуун мөнгөн зоосны нэмэлт орлого олдог байв. Ийм амжилт мэдээж үхэл далласан жөтөөрхөл төрүүлнэ.

Урландаа би номын чимэг зураг угалз сэлтийг хариуцан гүйцэтгэнэ. Модны мөчир навч, сарнай болон бас бус өөр цэцэгс, шувууд хятад маягаар зурсан долгионтсон үүлс зэргийг жинхэнэ амьд юм шиг зурж номын хуудсыг хөвөөлнө. Хаантан бараа бологчид, хааны ордон, ордны хашаан дахь сэрүүвч, анчид, орооцолдон сүлжилдсэн мод бут, түүний нөмөрт хорогдсон гөрөөс, хүлэг сайхан морьдыг бас зурдаг байв. Залуу байхдаа таваг хээлэх, авдар сав нүүрлэж гоёох, толь жаазлах ажил хийж байсан. Босфор харшны тааз чимэглэсэн. Номын чимэглэлд Султан үнэ хөлс харамгүй хайрладаг тул би сүүлийн үед зөвхөн ном чимэглэх ажлаар дагнаж байв.

Одоо үхсэн хэдий ч мөнгө амьдралд өчүүхэн байр суурь эзэлдэг гэж хэлж чадахгүй юм байна. Амьд хүнд мөнгө ямар чухал болохыг үхсэн хүн ч ойлгодог. Амьд сэрүүн байхдаа хичнээн мөнгө олдог байсан чинь хэнд сонин юм? гэж миний дуу хоолойг эндээс сонсоод бодож буйг тань тааварлаж байна. Үхсэний дараа юу байдаг, сүнс хаана очдог, диваажин там гэж ямаршуу юм? Үхэл гэж юу юм? Бие сэтгэл өвдөж зовох юм уу? гээд тэнд юу харснаа яривал дээргүй юу? Таны зөвөө. Амьтай болгон үхсэний дараа юу болдог талаар ихээхэн сониучирхдаг. Үхээд сэхсэн хүнтэй учирч Нөгөө ертөнцийн нууцыг сонсох гэж дайн болсон талд нас барсан хүмүүсийн дундуур зориуд хэсүүчилдэг байсан хүний тухай сонсож байсан. Доголон Төмөрийн цэргүүд тэр сониуч этгээдийг дайсан гэж бодоод сэлмээр тэхий голоор нь цавчсан гэдэг. Сониуч хүн Дараах ертөнцөд хүн хоёр хэсэг болон хуваагддаг хэмээн бодсон буй заа.

Утгагүй балай юм. Харин ч эсрэгээр газар дэлхийд амьд байхдаа хоёрдсон сэтгэл энд харин нэгддэг гэж хэлмээр байна. Чөтгөр шуламд ховслогдон шүтлэгээ гээгсэд, бурхан шүтээнээ бузарлагсад, буруу номтнууд бүгд үгүйсгэдэг Нөгөө ертөнц гээч чинь Бурхны авралаар харин ч байдаг юм байна. Тэндээс та нартаа хандаж байгаа миний энэ яриа үүний нэг баталгаа. Энд харин Их Коранд дүрсэлдэг алт мөнгөн орд харш, далбагар навчис бүхий мод, боловсорч гүйцсэн жимс, гоо үзэсгэлэнт онгон охид харагдаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Диваажин ямар байдаг тухай дүрсэлсэн Кораны бүлгийг олонтой шимтэн зурдаг байснаа санаж байна.Коранд ч билүү, агуу мөрөөдөгч Ибн аль-Араби-н зохиолд ч билүү гардаг сүүн, дарсан, зөгийн балан, тансаг амтат усан дөрвөн голыг бас л олж хараагүй. Гэхдээ мөрөөдлөөрөө амьдардаг, Нөгөө ертөнц байдагт итгэдэг хүмүүсйн сэтгэлийг гонсойлгох гээгүй байна. Нас нөгчсний дараа амьдралын талаар өчүүхэн ч болов ойлголттой аливаа сүсэгтэн над шигээр амь алдаж, ийм байдалд орсон тохиолдолд диваажины голыг олж харах боломжгүй болох нь мэдээж.

Товчдоо:нэрт зураач Гоёмсог Зариф-Эфенди бибээр нас нөгчсөн боловч, биеийг минь оршуулаагүй тул сүнс минь биеэ орхиогүй байгаад хамаг учир байгаа юм. Энэ ерийн бус байдал намайг их зовоож байна. Худгийн хүйтэн усанд унаж бэртэж зэрэмдэглэсэн бие, хагарч бяцарсан толгойн өвчинг мэдэрч зовоод байгаа юм биш. Миний сэтгэл өвдөж байна. Биеэсээ хараахан салж амжаагүй сүнс маань тарчилж байна. Сүнстэй минь цуг бүхий л хорвоо өвдөж атиралдан шаналж байх шиг.

Үүнийг үхэл ирсэн тэр агшинд мэдэрсэн тэр жигтэй мэдрэмжтэй л харьцуулж болом. Олиггүй новш гэнэт толгойг минь чулуугаар хага цохиход л намайг алах нь гэдгийг ойлгосон. Ажил гэрийн хооронд хөлхөж амьд явахдаа амьдралд ямар хайртай болохоо мэддэггүй байв. Ер нь урьд өмнө амьдралд хайртай эсэхээ бодож ч байсангүй. Би үхэх дургүй байлаа. Амьд үлдэх гэж гар хөлөөрөө, хумс хуруугаараа аль байдгаараа амьдралтай зууралдаж байв. Тэр ч бүү хэл алуурчинг хазаад авсан. Тэр миний толгойг хага цохиход ямар их өвдсөн тухай дэлгэрэнгүй нуршиж таныг чилээхээ болъёо.

Амь тавих гэж тарчилж, за одоо л үхэх нь гэх мөчид гэнэт нэг их уужраад явчих болов. Хорвоог орхих мөч зөөлөн эервүү байв. Алуурчны шавар болсон гутал миний үзэж харсан сүүлчийн юм байлаа. Би нүдээ аниад унтчих шиг болсон нь одоо байгаа Нөгөө ертөнцөд очсон хэрэг.

Үйрсэн шүд маань цайруулсан самар шиг цус дүүрсэн аманд минь чихцэлдэж, нүүр царай маань танигдах эрхгүй болсон, худгийн ёроол дахь цогцос минь хаягдсан энэ тэр гэж гомдоллох гээгүй, гагцхүү намайг өдий болтол амьд гэж тооцож байгаа нь тэсэхүйеэ бэрх байна. Манайхан намайг ажил төрлөөр эсвэл элдэв хүүхэнтэй орооцолдоод Станбулд саатсан байх гэж өөрсдийгөө тайвшруулж байгаа даа гэж бодохоос сэтгэл минь улам тарчилж байна. Боллоо, ханалаа! Хурдхан цогцосыг минь олж, хойдохыг минь уншуулж намайг ном ёсоор нь оршуулаасай билээ. Хамгийн гол нь намайг алсан алуурчинг олж илрүүлээсэй! Миний биеийг олж хамгийн нэр хүндтэй газар оршуулаач, алуурчинг олоогүй цагт цогцос минь авсан дотроо тавгүйтэн хөрвөөх болно. Адгийн новш муу алуурчинг олоод өгөөч, тэгвэл би Нөгөө ертөнцөд үзсэн харснаа ярьж өгөмз! Алуурчинг олоод эрүү шүүлтийн дартаст ясыг нь хэмхэл, цээжний ясны бяцрах чимээг нь сонс, ёолуулж байгаад тостой балиар үсийг нь нэг нэгээр зулгаа, хуйхыг нь цавчиж ав.

Намайг алсан энэ алуурчин хэн бэ? Яагаад алах болов, юуны учир ийм сонин аргаар алах болов гэдгийг магадлан учрыг нь ол. Хорвоо ертөнцөд гэмт хэрэгтэн алуурчин зөндөө. Нэгэнт үхсэн байхад алуурчин нь хэн ч байсан ялгаа юу гэж та хэлнэ байх. Энэ аллагын цаана манай шашинд, манай уламжлалд аюултай зүйл нуугдаж байгаа шүү гэдгийг танд зориуд сэрэмжлүүлэн анхааруулмаар байна. Нүдээ нээ. Хэрвээ та амьдралд итгэдэг бол, лалын шашинд итгэдэг бол лалын дайснууд яагаад намайг устгах болов гэдгийг тунгаан бодоорой. Үнэн учрыг ол, таныг ч алж болзошгүй. Миний нулимс мэлмэрүүлэн уярч сонсдог байсан Эрзурумын их номлогч Нусрет-ходжагийн лүндэн дараа дараагаараа нэг бүрчлэн биелэх нь. Хэрвээ бидэнтэй учирч буй бүх зүйлийн тухай ном бүтээгдвэл ямар ч зураач бүр хамгаас авъяас төгөлдөр зураач Ариун Кораны жишгээр уг номын тайлбар зураг хийж чадахгүй байх. Намайг зөв ойлгоорой.

Чухам тайлбар зураг хийх боломжгүйд л тийм номны үлэмж их хүч орших бус уу. Та үүнийг бүрэн төгс ойлгож байна гэдэгт эргэлзэж байна. Намайг сонс доо. Би бага залуу байхдаа өөр ертөнцийн гүнээс сонсогдох дуунаас маш их айдаг байлаа. Тиймээс ийм юмыг үл тоомсорлогч болж элэглэдэг байв. Гэтэл одоо гутамшигтайгаар худгийн ёроолд нас барав. Сонор сэрэмжтэй бай, тантай ч ийм юм тохиож болох шүү. Бие минь үжиж өмхрөн ялзарахад, тэсэхийн аргагүй өмхий үнэрээр нь намайг олж, намайг алсан алуурчинг бас олж эрүү шүүлтээр тамлаасай гэж хүлээх л үлдэж.


Хоёрдугаар бүлэг

Намайг Хар гэдэг

Арван хоёр жил хэсүүчлэн бидэрсний эцэст төрж өссөн Стамбул хотдоо эргэж ирэв. Үхэл нь ойртсон хүнийг төрсөн газар шороо нь дууддаг гэдэг. Стамбул руу намайг үхэл дуудсан гэж хэлж болох талтай, үхлийн л тухай бодсоор энд иртэл хотын дурсамж адил бүдгэрсэн аль эртний унаган дурлалтайгаа учирсан. Арван хоёр жилийн өмнө нагацынхаа охинд үхэн хатан дурласан.

Станбулаас гарсаар Персийн уудам тал, цаст уулс, дүнсгэр хотын хооронд захиа шуудан хүргэх, татвар хураах зэргээр хэрэн тэнэж явахдаа дөрвөн жил орчмын дараа дурласан охиныхоо дүр төрхийг төсөөлж чадахаа больж буйгаа анзаарсан. Санах гэж яаж ч хүчлээд тогтмол харахгүй, уулзаж учрахгүй нүүр царай хичнээн хайртай байсан ч аажим аажмаар мартагддаг гэдэгтэй эвлэрсэн. Зургаан жил өнгөрөхөд бодол мөрөөдөлдөө ургуулан төсөөлсөн тэр нэг төрх Стамбулын хайртын минь царай биш гэдгийг мэдэж байв. Энэ шинэ төрхөө найм дахь жилдээ бүр мартаж, сүүлд нэг мэдэхэд шал ондоо төсөөлөлтэй болсон. Арван хоёр жмлийн дараа гучин зургаан настайдаа хотод эргэж ирэхдээ хайртын минь нүүр царай бүрмөсөн мартагдсан гэдэгт сэтгэл эмзэглэж байлаа.

Энэ арван хоёр жилд миний олон нөхөд, хамаатан садан, айл хамрын улс нас барсан байлаа. Оршуулгын газар очиж ээжийнхээ шарилыг эргэх ялдамд ээждээ болон миний эзгүйд үхэж үрэгдсэн хамаатан садан болон бусад хүмүүст зориулж ном уншлаа. Наанги шавартай шорооны үнэр олон дурсамж сэдрээв. Хэн нэгний булшны захад байх хагалсан ваарны хэлтэрхийг хараад би яагаад ч юм уйлж гарав. Талийгчдаа гашуудаж байв уу, өөрийгөө өрөвдөж байв уу хэлж чадахгүй: өчнөөн жилийн дараа азаар амьд үлдсэндээ баярласан уу, ямар нэг жигтэй сонин байдлаар амьдралын төгсгөлийг мэдэрсэн үү ёстой бүү мэд. Зөөлөн цас хаялж байлаа. Цасан ширхэг агаарт бужигнахыг хараад амьдрал өөрөө хувь заяаны хувирлаар дүүрэн гэж бодож байхдаа хүүрийн газрын хар нохой намайг ширтэж байгааг анзаарсангүй.

Нулимс минь татрав. Хамраа нэг шудраад үүд зүглэв. Хар нохой сүүлээ найрсагаар шарван намайг тэндээс үдэхийг харав. Урд аавын талын хамаатнууд сууж байсан дүүрэгт очиж хөлсний байр түрээслэв. Байрны эзэн авгай миний хоол ундыг хийж, өрөө цэвэрлэж байхаар болов. Персийн Сефевидийн цэргүүдэд алагдсан хүүтэй нь би төстэй санагджээ.

Стамбулын гудамжаар олон цагаар сэтгэл хангалуун алхалж байхдаа төрлөх хот минь дэлхий нөгөө талд буй алс холын араб хот мэт санагдаж байв. Гудамж нь нарийхан болчихож, эсвэл надад тэгэж санагдаж байв уу. Заримдаа байшингийн хана хаалганд уусаж шингэх нь холгүй наалдан зогсож морин тэрэг өнгөрөөмөөр хоорондоо нийлэх шахсан тийм нарийн гудамж байна. Нэг гудамжинд омголон морь хөлөглөсөн тансаг сүйх таарав. Би ийм гоё сүйх тэрэг Арав, Персийн аль ч нутагт хараагүй. Чемберлиташийн чулуун баганы хавьд хогон дотроос гарсан юм шиг халтар, тахианы гэдэс дотрын хаягдал шиг ой гутам өмхий үнэртэй хоёр гуйлагчин байсан. Тэдний нэг нь сохор агаад нүдгүй ухархайгаараа зөөлөн шившэн унах цасыг харж байх шиг инээмсэглэн сууж байв.

Хуучин Стамбул жижиг байсан, ядуу байсан. Гэхдээ арай л аз жаргалтай байсан шиг санагдана. Туулайн бөөр, далдуу модны сүүдэрт байсан миний хайртын байшин яг хуучин газраа байсан ч одоо тэнд огт танихгүй өөр улс амьдарч байлаа. Миний нагац эгч болох хайрт бүсгүйн минь ээж өөд болсон, хүргэн ах маань охиноо аваад өөр дүүрэгт нүүсэн гэж оршин суугчид хэлж өгөв. Тэдний энэ яриа миний зүрхийг хэрхэн шархлуулж байсныг тэд яахан мэдэх билээ. Энэ байрны ногоон цэцэрлэгт өнгөрөөсөн дулаан өдрийг дурсаад харвал далдуу модноос чигчий хуруун чинээ мөс унжиж, цас мөсөнд дарагдсан эл цэцэрлэг үхлээс өөр юу ч санагдууламгүй байв.

Нагац эгчийн нөхөр Эниште надад Тебриз руу илгээсэн захидлаас манай хамаатан саданд ямар гай зовлон учирсныг мэдэж байсан. Хүргэн ах намайг Султанд зориулан бүтээж буй ном миний тусламж хэрэгтэй байгаа тул намайг Станбулд ирэхийг хүссэн бөлгөө. Намайг Тебризд Османы паша, тэр нутгийн болон Станбулын ихэс дээдсийн захиалгаар ном бүтээх ажил эрхэлж байсныг хүргэн ах дуулжээ. Би номын захиалга авахдаа мөнгөн төлбөр урьдчилан авдаг байв. Би Казвин зэрэг Персийн баруун хойд болон бусад хот руу хараахан дүрвэж амжаагүй Османы цэрэг, дайны хөлд нэрвэгдэж мөнгөгүй болсон, ганцаардсан нэрт урчуудыг хайж олоод тэднээр номын зураг чимэглэл хийлгэх, эх бичиг бэлдүүлэх, номын хуудсуудыг нуруулж наах ажлыг хийлгэдэг байсан юм. Миний бага залууд хүргэн ах минь номд дуртай болгоогүй бол би ном бүтээх ажил хэзээ ч хийхгүй байсан.

Эниште ахынх нэг үе амьдарч байсан гудамжны эцэс дэх захын ойролцоох үсчинг оллоо. Толь, сахлын хутга, устай сав, саван сойз яг л хуучнаараа угтав. Үсчинтэй харц мөргөлдсөн ч тэр намайг таньсан гэдэгт итгэхгүй байна. Үс угаах устай домбо таазнаас аанай л өлгөөтэй байхыг харахад хөгжилтэй. Залуу багадаа тэртээ арван хоёр жилийн өмнө жирийлгэх дуртай байсан зарим дүүрэг түймэрт бүгд шатаж, үнс давирхайтай туурь л үлджээ. Түүгээр золбин ноход хүүхэд айлган давхилдана. Харин зарим газар венецийн уран хийцийн өнгөт шилэн цонх бүхий хоёр давхар гайхам тансаг байшин сүндэрлэн боссон нь хэн хүний анхаарлыг татна.

Стамбулд бусад хотын нэгэн адил мөнгөний ханш унасан байлаа. Намайг Дорно зүг явах үед дөрвөн зуун дирхем жинтэй том талх нэг мөнгөн зоос байсан бол, одоо энэ үнээр тал талх л авдаг болж, талхны амт ч миний хүүхэд үеийн талхыг гүйцэхээ больжээ. Талийгч ээж минь арван хоёр ширхэг өндөг гурван мөнгөн зоосны үнэтэй болсныг үзсэн бол эндээс холдож нүүе гэхсэн. Мөнгө хааяагүй үнэгүйдсэнийг бол би мэднэ. Фламанд, Венецийн худалдааны усан онгоц хольцоотой хуурамч алтан зоос авдар авдраар оруулж ирсэн. Урьд цагт төрийн дарх зоосны газарт таван зуун зоосыг зуун дирхем цалин цагаан мөнгөөр цутгадаг байсан бол Персүүдтэй хийсэн эцэс төгсгөлгүй дайны улмаас одоо найман зуун зоосыг тэр хэмжээний мөнгөөр цутгадаг болоод байлаа. Тиймээс Янычарууд усан онгоцны зогсоолд асгараад усанд хөвөх хуурай шош мэт үнэгүйдсэн зоос цалиндаа авсандаа эгдүүцэн хамгаалах ёстой Султаны ордонг дайсны хэрэм мэт бүслэн авч эсэргүүцэн боссон билээ.

Үнийн хөөрөгдөл, садар самуун, гэмт хэрэг дээрэм газар авсан тэр үед Нусрет гэдэг номлогч өөрийгөө суут их багш Мухамедын удмын хүн хэмээн зарлан, Баязид мечетэд номлол уншиж эхэлжээ. Мянга мянган хүний амь авч одсон Стамбул хотын Бакчекэпт Казанжилар зэрэг дүүрэгт гарсан их түймэр, Персүүдтэй хийсэн дайнд тоо томшгүй олон хүн амь үрэгдсэн, Оттаманы эзэнт гүрний өрнөд хязгаар дахь хэрэм цайзанд гарсан загалмайтныхны бослого Их Кораны сургааль, дэг жаягийг эргэн харж, буурчийн газар хөгжим тоглох, дарсны мухлаг ажиллуулахыг зөвшөөрөх зэргээр загалмайтны шашинтанд хүлээцтэй хандахад хүргэсэн байна. Арслангийн дүрс барласан хуурамч мөнгөн зоос-дукат, мөнгөний орц нь буурсаар байгаа Оттоманы мөнгөн зоос зах зээлээр дүүрч байгаа лугаа нэгэн адил черкес, абхаз, хятад (mingarians), босни, гурж, армян зэрэг харийнхан гудамж талбайгаар дүүрч үнэмлэхүйн доройтол ялзралд биднийг татан оруулж буйгаас гарах бэрх боллоо. Кофе цайны газарт элдвийн өөдгүй шаарууд, самуун дэгдээгчид цугларан бусдыг өөрсдийн сүсэгт урвуулахаар өдөржин нар шингэтэл сууцгааж; сэжиг бүхий гуйранчид, галзуу солиотой хар тамхичид, хуулиар хориотой Календери урсгалын тэнэмэл бадарчид бүгд таарсан эр хүүхэд бүртэй болон бие биетэйгээ бандилдан хурьцаж, хэрцгий завхайрдаг атлаа Аллахын ариун замд орох минь хэмээн хөгжмийн аялгуунд шөнөжин бүжиглэж, өөрсдийгөө шороор хатгах мэтээр элдэвлэдэг тухай Эрзурумын номлогч ярьсан гэж давсалсан ногооны наймаачин надад хөөрсөн.

Пийпаа хөгжмийн уянгалаг ая миний анхаарлыг татсан уу, эсвэл сэтгэл санаа минь ногооны наймаачны хорсолтой яриаг үргэлжлүүлэн сонсох тэвчээр барагдсан уу хөгжимд татагдаж, энэ ярианаас нэг салав.

Tuesday, 2 October 2007

Марк Твений минь махы нь идэж дээ


Залуу бага наснаасаа үсэн буурал болтол Марк Твенийг би маш бахархан үздэг байлаа. Анх оросоор үзээд, сүүлээр уг англи хэлээр нь үзэж, сайн орчуулагч сайхан ч орчуулж дээ! Гэж орос орчуулны нь үзэхэд, зүйрлэвэл таньдаг сайхан уул усаа өнгөт шил зүүж үзсэн шиг, зарим юм нь улам ч тодрон сүртэй харагдах шиг, зарим юм нь тунарсан униар дундуур сүндэрлэн харагдаж байгаа юм шиг үзэгдэхтэй адил хачин сонихон санагдаж, хэл хэлний үг нь гол утга нийлэвч, салаа олон утга нь харилцан адилгүй учир, оросоор үзэхэд орос үгний олон утгын зүйл оросын соёлыг агуулсан олон нарийн утга нь хамт тэр орчуулгын үгэнд бараадан дагалдаж, Твений зохиолд бас нэг өвөрмөц сонин амт оруулдаг шиг байж билээ.

Манай бараг сая гаруй үгтэй олон зуун жилийн соёлын их өвтэй монгол бичгийн хэлээр өвгөн Твенийг орчуулдаг бол юутай билээ? гэж хэдийн боддог боловч бодоод бодоод бодийн шийр дөрөв, зав олдож өгөхгүй байсаар ирсэн билээ. Гэтэл саяхан улсын хэвлэлийн газраас Марк Твений нэртэй нэг ном гарсныг яаран шүүрч, дэлгэн үзвэл, урьд үзээгүй гэхэд үзсэн юм шиг, үзлээ гэхэд үзээгүй юм шиг. Энэ чинь юу билээ? гэж гайхан бодтол “Принц и нищий” монголоор “Хуантайз гуйлгачин хоёр” гэдэг зохиол нь байна шүү! гэж чүү чамай таньж, сөхөн гүйлгэж үзээд, найруулан зассан хүний нь дэндүү хайнга хандлаа гэж гашуудлаа.

Арван зургадугаар зууны Английн феодал нийгэмлэгт үеийн байдлаас Марк Твен сэдэв аван бичихдээ, феодал засаг ноёдын төрийн тушаал зэргийг хэрэглэн бичих нь аргагүй. Монголоор Твений тэр зохиол орчуулахдаа монгол толь бичиг, түүхийн тулгар бичгээс тэр үеийн англи нэр томьёотой дүйж нийлэхийг, одооны багачууд эс мэдэх гэж бодвол тайлбар зүүлт хавсарган үнэн зөвөөр орчуулах нь орчуулагч, найруулан засагч хоёрын үүрэг байжээ. Эл үүргээс холбогдон, ялангуяа найруулан засагч хүний өмнө ямар шаардлага тулгарсан бэ? гэж бодоход, уг эх бичигт гарч байгаа нэр томьёонд тохирон дүйх монгол түүхэн нэр томьёо олж, орчуулганд тэр ёсоор хэрэглэсэн эссэнийг хянан тохиолдуулж, уг монгол орчуулгын үг найруулгыг монгол хэлний зүйтэй яг нийцүүлэх чухал үүрэгтэй байсан аж.

1911 онд манжаас салж, тусгаар тогтнохыг зарлатал монгол бичгийн хэлэнд хуантайз гэдэг нэр томьёо байсан билээ. Тэр нэр томьёо бол, төр барих эзэн хааны ор залгамжлан, хаан ширээнд суух хаан хүүгийн цол байжээ. Оросоор түүнийг “наследный принц” гэж нэрлэдэг нэр томьёотой яг тулган дүйж болно.

Марк Твений “Принц и нищий” гэсний “принц” гэдэг нь чухамхүү энэ “хуан тайзыг” хэлсэн билээ. Хянан тохиолдуулахдаа найруулан засагч Гаадамба багш “жонон” гэжээ. “Жонон” гэж Саган Сэцэний “Эрдэнийн товч” зэрэг монгол түүх судар, тулгар бичигт үзвэл маш эрхэм цол тушаал бөгөөд “дээр хөхрөгчид наран саран хоёр, доор хөрстөд хаан жонон хоёр” гэжээ. Монголч эрдэмтэн Владимирцов энэ тухай бичихдээ: Жонон гэдэг хаан хөвүүн, монгол хааны нэн ойр төрлийн хүн бөгөөд Августын дэргэдэх Цезарь шиг \энэ бол эртний вант улсын ёсноос иш татан зүйрлэжээ...\ хааны хамт төр барьж, Монгол улсын баруун гарыг захирдаг байжээ гэж бичсэн билээ. Саган Сэцэн зэрэг түүхчин хаан зүүн гарыг захирч, жонон баруун гарыг захирдаг гэж бичсэн нь зүүн баруун гар гэж цэргийн нэр томьёо болно.

Эртний Англи улсад хаан гэж байсангүй, одоо хүртэл ван \оросоор король, англиар кинг\ гэж нэлэсээр иржээ. Вангийн ширээ залгамжлах тайжийг Үэльсийн хуантайз өргөмжилдөг ёс Марк Твений тэр өгүүлсэн явдлаас өмнө гарсан бөгөөд одоо хүртэл үргэлжилсээр иржээ. Үэльс гэж Англи вангийн харьяа нэг нутгийн нэр ажгуу.

Учир иймийн тул Марк Твен Англид байгаагүй жононгийн тухай бичээгүй. Англи вангийн ор залгамжлах нэгэн хуантайзын учир уран зохиол бичсэн тул “Жонон гуйлгачин хоёр” биш, “Хуайнтайз гуйлгачин хоёр” гэж орчуулбал зохих бөгөөд тэгвэл жинхэнэ үнэн түүх байдалд нийлэх байжээ. Уг орчуулганд английн ванг “хаан” болгон, түүхэнд байгаагүй хэтэрхий өргөмжилж, орчуулгыг найруулан засагч нь одоо хүртэл хүчинтэй байгаа английн үндсэн хуулийг хүртэл зөрчжээ.

Саутворскийн, Вестминстерскийн, Үэльскийн, Сомерсетскийн гэх зэргээр англи хэлний үг, газар нутгийн нэрд монголоор орчуулахдаа орос хэлний ск гэж зориуд нэмснийг үзэхэд Саутворс, Вестминстер, Үэльс, Сомерсет гэж дунд сургуульд үздэг Европ тивийн газрын зүйн бичигт гардаг нэрийг уг орчуулгын найруулан засагч нь огт сонсоогүйгээ гэрчилж, гагцхүү Марк Твений “Хуайнтайз гуйлгачин хоёрын” дэвтэрт л сая эдгээр газар зүйн нэртэй анх дайралдсаныг олон уншигч нарт үзүүлжээ. Пекинск нугас гэхгүй. Бээжин нугас Уланбаторск мэдээ гэхгүй, Улаанбаатарын мэдээ гэж бичиж дөнгөх боловч Йоркийн гэхийг \253 дугаар тал\ Йоркская гэж найруулан зассаныг үзэхэд Ромыг Рим гэж найруулан засах нь ч аргагүй дээ. Английн бар гэдгийг Бара гэж, орос хэлний харьяалах тийн ялгалын хэлбэрийг хүртэл эс таньсан нь ч одоо цагийн түүх уран зохиол найруулан засах хүн нэлээд боловсролтой байвал зохихыг сануулж, дутуу дулим боловсролын морь явцгүй болж байгааг уншигч олны өмнө илчилж байгаа хэрэг.

Иймд цаашид мэдлэг, ерөнхий боловсролоо зузаатгавал зохих асуудал найруулан засагчийн өмнө тун ч сүрхий шаардлагатай болсныг анхаараасай. Мэдлэг эс гүйцэх газар орон, түүх зэргийн нэрсийг орчуулах номдоо дайралдвал, тэр тухай, ядаж гэм, нэвтэрхий толь, газар зүйн сурах бичиг, тухайн үеийн түүх бичиг зэргийг үзэж танилцаад, тэгсний сүүлээр уг орчуулах, найруулан засах зохиолдоо гарах нэр усны учрыг гүйцэд ухааран мэдэж аваад, орчуулах найруулах ажилдаа орвол наад зах нь Йоркийн Елизавет гэх мэтийг Елизавет Йоркская гэх мэтээр бичихгүйсэн дээ.

Орос, англи хоёр хэл, цөм энэтхэг, европ хэлний зүйлд багтдаг бөгөөд хоёр хэлний төрөл сүлбээ, түүхэн харилцааны улмаас орос хэлэнд англи үг олон бий. Тэр бүгдийг монгол хэлэнд хуулан дууриаж хэрэглэнэ гэвэл бас зохимжгүйг анхаарууштай. Гаадамбын найруулан зассан “Хуайнтайз гуйлгачин хоёрын” түүхэнд гладиотор, пэрүүд гэх зэрэг үг байгаа нь, уг орчуулгыг зориулсан монгол дундад сургуулийн дунд насны хүүхэд байтугай, найруулан засагч багш нь ч уг үгийн утга учрыг нэвтэрхий мэдэхгүй, ямар нэгэн тарни мэт, тайлбары нь мэдэвч чухам тэгсэн үг гэж орчуулж чадахгүй байсны шинж болов уу? Гладиотор гэдгийг уг хэлнээс монголчилбол мэсчин гэсэн үг. Эртний Ром улсын үеэс дугуй хүрээлэнд олзлогдсон цэрэгт мэс бариулан байлдуулж, үзэгч олныг сонирхуулдаг байсан учраас тийнхүү мэсчин гэж нэрлэжээ. Пэрүүд гэдэг нь монголоор төрийн сайд гэсэн үг \361 дүгээр тал\. “Ёслолын сүлд дуулал ширээтийн сүмээр хангинаж “ байгаа нь, үнэн хэрэгтээ, ер хангинаагүй хэрэг. “Гербовый гимн” гэдэг сүлд дуулал ер дэлхийд байдаггүй, оросоос муу орчуулганд л байдаг зүйл. Марк Твений тэр зохиолд төрийн дуулал ч биш, орос “гимн” гэдэг нь, нэгд төрийн дуулал, хоёрт шашны эгшиглэн унших залбирал гэсэн утгатай үг бөгөөд Тарк Твен их дуганд залбирлын эгшиг маш сүр жавхлантай дуурсаж байсныг нэр бүхий орчуулаач нөхөд тэр английн ёс эс мэдэн, буруу тааж, найруулан зассан хүн бас үүргээ гүйцэтгэсэнгүй учир монгол сургуулийн дунд насны хүүхдийг төөрүүлжээ.

Орос хэлэнд сайн эр, хулгай дээрмийн толгойлогчийг “атаман” гэж хэлдэг нь, оросын түүхнээс үндэстэй. Монгол хэл бичигт тэр мэт “ногоон шугуйн сайн эрчүүдийн” тэргүүнийг “дайван” гэж нэрлэдгийг ахмад үеийн хүн андахгүй. Багачууд мэдэхгүй гэвэл утга зохиолынхоо өвийг мэдүүлж, тайлбар зүүлт хийн, “дайван” гэвэл “атаман” өөр хэлний, өөр түүх үндэслэлтэй бөгөөд монгол үгэнд хэрэглэгддэггүй үгээр “атамандсанаас” дээр юмсанжээ.

Монгол орчуулгын үг маш цөөн ядууг онцлон тэмдэглэлтэй. Тэр учраас орос сайхан орчуулгын нэвтрүүлж чадсан нарийн утгыг гээж, бүдүүн тойм төдийг болхи найруулгаар өгүүлжээ. Бас нэг онцлогийг тэмдэглэвэл, монгол орчуулгыг найруулан засагч нь монголоор ийм санааг яаж найруулан хэлбэл дээр вэ? гэж анхаарсангүй. Орос хэлнийзүй, монгол хэлнийзүй тус тусдаа өөр өөр дүрэм зүйтэйг бодолгүй, орос хэлнийзүйн ёсоор орос үгэнд олны тэмдэг байвал , тэр олны тэмдгийг монгол хэлнийзүйд хэрэглэх шаардлага монгол хэлнийзүйд буй эсэхийг үл бодон орос үгэнд орос үгнийзүйн олны тэмдгийн ташуур далайвал, монгол орчуулгандаа олны тэмдгийн дэрс далайдаг хүн хорхойчлогч найруулан засагчийн арга хэрэглэсэн нь, найруулгыг муудуулжээ. Хоёрдугаар бүлгийн ганц хуудсанаас тэр монгол үгэнд илүүц олны тэмдэгтэй үгээс энд сийрүүлбэл Лондон хотыг ганц гудамжтай, ганц байшинтай гэж бодох ёсгүй атал, гудамжнууд... модон байшингуудтай бөгөөд байшингуудын... байшингууд нь... дүнзнүүдээ...цонхнууд нь.. гэх зэргээр бичсэн нь, монгол хэлэнд нэрийн зүйлд олны тэмдэг хэрэглэдэг зарчмыг огт ухааран байсангүй. Бид “талаар дүүрэн шар цэцэг”, “Ховд аймгийн хонины ноос” гэхдээ “талаар дүүрсэн ганцхан сүртэй том шар цэцэг байна” гэж бодохгүй, Ховд аймгийн “цорын ганц хоньтой” гэж хэн ч бодохгүй нь монгол хэлний сэтгэхүй, монгол хэлнийзүйн холбогдолтойг орчуулагч, найруулан засагч нар бодох цаг хэдийн болсон л юмсанжээ.

Орос хэлний хэллэгийн утгыг орчуулахын оронд үгийг орчуулж утгыг завхруулсан зүйл энэ орчуулганд олон үзэгдэж байгаагийн ганц нэг жишээ дурдвал “новорождённый принц Үэльский” хэмээснийг “ново” гэж “шинэ” гэсэн гэж ухаараад, “сая” төрсөн Үэльсийн хуантайз гэсэн үгийг “шинэ төрсөн Үэльсийн жонон” гэж найруулан зассан нь хуучин төрөх, шинэ төрөх гэж монголоор юу болох вэ? гэдгийг бодсонгүй.

Түүнчлэн “душеприказчики” гэсэн үгийн утгыг ухаараагүй,”сүнс онгодын тушаалчид” гэж ойлгосон нь “сүнс онгонд” хамаагүй “гэрээс гүйцэтгэгч” гэвэл зохихыг эс мэдэж, “душа” гэж “сүнс онгон”, “приказчики” гэж “тушаагчид” гэж боджээ. Ийм ёозоор орчуулбал, “”природа” гэдэг орос нэрийг “при” гэж “дэргэдэх”, “рода” гэж “төрөл” гэсэн гээд, “дэргэдэх төрөл” гэ орчуулахад хүрэх нь холгүй ажээ.

Төр барих гэдэг монгол сайхан үгийг мэдсэнгүй нэг орчуулагч тэр жил “царствование” гэдэг орос нэрийг сая хэлсэн махчлах журмаар орчуулж, “хаанчлал” гэдэг туйлын эвгүй муухай үгээр орчуулсны нь энэ орчуулганд 115 дугаар талд хэрэглэсний нь гашуудан дурдаж, цэвэр сайхан монгол хэлээ ингэж эвдэж байгааг харамсалтай байна.

Орос хэлний “но” гэдэг үгийг ганцхан “харин” гэдгээр тогтмол орчуулсан нь, тэр “но” маш олон утгатай учир тэгэж нэг үгээр “харин” гэж орчуулж болдоггүй үг, хойдох урдах үгийн байдлаар ч ухаарсангүй учир, дандаа огт хамаагүй газар “харинджээ!” Орос хэлний өгүүлбэрийн утгыг сайхан найруулгатай монгол өгүүлбэрээр нэвтрүүлэхийг огт эс хайхарсан учир, “они” гэсэн үг л дайралдвал “тэд, тэд” гэж “шүлс үсэргэсэн” орчуулга хийжээ.

Үйл үгийн цагийн ялгамжаа монгол хэлэнд орос хэлнийхээс илүү нарийн байдгийг эс бодсоноос болж, оросын одоо цагийн хэлбэрийг дандаа монгол хэлний ирээдүй цагийн төлөвөөр орчуулсан нь 28 цагтай англи үйл үгийг орос орчуулагч нь орос хэлнийхээ зүйн дүрэмд сайхан нийцүүлэн, цөөн цагтай орос үйл үгийн угтлага найруулга, үг бүтэх зүйн аргаар орос хэлэндээ тааруулж, зүйрлэвэл гудамжийн сайхан засмал зас шиг найруулан зассан бол, монгол орчуулганд, тэр засмал замтай гудамжий нь монгол хэлнийхээ үйл үгийн цаг зохицуулахыг үл мэдэхийн бөмбөгөөр зад бөмбөгдөж, хүн явахын аргагүй болгож, уншигч хүнээ эвгүй орчуулгыхаа овоолсон чулуу авируулж, эс ухаарсны ухмал нүх рүү түлхэн оруулжээ. Энд нэг жишээ дурдвал, “хөлчүүрэл, согтуурал, хэрүүл зодоон энд хэвийн ёс болсон ажээ” гэж өнгөрсөн цагийн төлөвөөр өгүүлжээ. “Шөнө бүр ийм явдал болж, бараг өглөө болтол үргэлжилнэ” гэсэн нь, “үргэлжилнэ” гэж ирээдүй цаг-тэгнэ гэж заасан ажээ. Тэгээд, дараа нь залгасан өгүүлбэр “тархи толгойгоо хага цохилцох, өлсөх хоёр энд ердийн хэрэг байв” гэж өнгөрсөн цагийн төлөв хэрэглээд “гэсэн ч бяцхан Том би жаргалгүй гэж эс мэднэ” гэж ирээдүй цаг руу үсрэн оржээ. Арван зургадугаар зууны тэр газраа аль өнгөрсөн цагийн байдлыг нэг өнгөрсөн, нэг ирээдүй болгож, уншигч ухаарахад хэцүү болгосон үүнийг бодвол “хөлчүүрэн согтуурч, хэрүүл зодоон хийдэг нь энд хэвийн ёс байж, шөнө бүр ийм явдал гарч, бараг өглөө болтол үргэлжилдэг байлаа. Тархи толгойгоо хага цохилцох, өлсөх өлбөрөх нь энд ердийн хэрэг байсан ч бяцхан Том хүү ийм зовлон дунд байгаагаа мэдээгүй байжээ” гэсэн юм байлгүй дээ гэж орчуулагч, найруулан засагчийн сэтгэлийн мичин өнгөрсөн ирээдүй хоёр цаг руу дураараа давхисны нь тогтоож, учры нь тунгааж найруулбал ийм ажээ.

Орчуулах хүн монгол хэлнийхээ үг бүтэх, өгүүлбэр бүтэх зүй зарчмын дотроос үг бүтээх дагавар, үг найруулах ёсыг тун нарийн сонгон хэрэглэбэл зохихыг найруулан засагчид анхаарууштай байна.

Зодоо нүдээ нь хэвийн ёс гэснийг үзвэл, түүнийг “даг дэг” гэж дахих дахин үргэлжилсэн санаа үзүүлдэг дагавраар тодруулж, “зодоон хийдэг”, хөлчүүрэх нь согтуурахаа дагадгийг “н” гэдэг дагавар үзүүлэн, согтуурах нь хэрүүл зодоон хийдэгтэй холбогдолтойг гол үйл үгийн цагтай зэрэгцэн болдог нөхцөл үйлийг үзүүлэгч “ч, ж” гэдэг дагавраар үзүүлэн найруулбал зохих байжээ. Тэр бэрх байдал үргэлжилдэг үед Том хүү ч “эс мэднэ” биш, тэр л үргэлжилдэг үед нь “эс мэддэг” байж шүү дээ.

Энэ мэтээр эх хэлнийхээ үг бүтээх, өгүүлбэр бүтээх, үйлийн урьд өмнө болсон, одоо болж байгаа, болсоор байгаа, болох гэж байгаа алстаа болох байдлыг цөм сайн бодож боловсруулан, аятайхан эвлүүлбэл, унших ухаарахад ч эвтэй болох ёстой. Манай хэл маш байн үгтэй, бас үг бүтээгч олон дагавар нь тун нарийн, сонин утгатай тул хэрэглэх гэсэн утга санаандаа сайхан зохицсон дагавар залган хэрэглэвэл, бодсон сэтгэснийг гүйцэд нэвтрүүлж, ямар ч юм орчуулахад манай хэлний үг дутахгүй, найруулга мөхөсдөхгүй гайхамшиг чадал бүрдсэн өндөр их соёлтой хэлнийхээ чадлыг гүйцэд хэрэглэж сурахыг үнэхээр эх оронч зохиолч, орчуулагч, найруулан засагч хүн бодууштай байна.

Хэдэн түмэн уншигч хүн үзнэ, өчнөө төчнөө залуучууд үзэж, орчуулсан зохиосон уран зохиолоор үлгэр жишээ болгож юм бичиж сурах юм гэж санахад, хайш хэрэг хандаж, ардынхаа олон мянган жилийн соёлын өв эрдэнийн сан болсон хэлээ эвдэн гутааж байдгийг зогсоох цаг хэдийн болсон шүү. Их Ленин Октябрийн хувьсгалын дараа орос хэлээ эвдэн гутаахтай тэмцэх цаг болсон юм бишүү? гэж төрийн түмэн чухал ажлын дундаас орос хэлээ бас чухалчлан бодсон зүйл, Максим Горький мөн орос хэлээ элдэв амтгүй хар үг хэрэглэн чамирхаж, бичгийнхээ хэл эвддэг, хамаагүйгээр орос хэлнийхээ зүй дүрмийг эвдэж, буруу хазгай үг найруулга хэрэглэдгийг их л буруушаасан нь манай хэлэнд ч бас хамаатай юм шүү. Бид ч ардынхаа хэлийг хайрлан хамгаалж, сайны нь улам бадруулах үүрэгтэй юм гэж олон түмэнд зориулсан хэвлэлийн үг найруулга, орчуулгад тун анхаарч байх нь туйлын чухал боллоо.

Бид үсэг өөрчлөхдөө хэлээ өөрчлөөгүй, бичгийнхээ хэлийг устгаагүй \оросоор литературный язык гэдгийг бичгийн хэл гэдэг юм\, бичиг ярианы хэлний баялгийг гээгээгүй юм шүү. Бээжинд сая гарсан Манж, төвд, монгол, хятад, уйгар таван хэлний зүйл хуваасан толь тэргүүтнийг үзэж хэлээ баяжуулж байх нь орчуулагч, зохиолч, найруулан засагч аль алинд гь хэрэгтэйг тэмдэглэмээр байна.

Төгсгөлд нь миний баярласныг илэрхийлбэл, Твений энэ зохиолыг манай оюутан орчуулсанд баярлаж байна. Хичээл хийх, ном үзэх цагаасаа хасаж, энэ ном орчуулах гэж зорьсонд нь үнэхээр сэтгэл бахдаж, урьд өөрөө оюутан явахдаа юм орчуулах гэж, орчуулсан юмаа уг эхтэй нь адил сайхан болж өгдөггүйд махран нухаж байсныг санаад, одоо өдий төдий оюутан энэ номыг бүгдээрээ нийлж орчуулсанд нь талархлаа илтгэн баярлаад, намайг орчуулгы нь муу хэллээ гэж гомдолгүй, найруулан зассан хүн нь ч цаашдаа сайн орчуулж, сайн найруулах уудам их мэдлэгийн өндөр шаардлагад хүрэхийн төлөө мэрийж, уншигч олныхоо өмнө хариуцлагатай бөгөөд соёлын эрхэм үүрэг гүйцэтгэж байгаагаа бодоосой гэж, дутуу дулим зүйлийг заасан минь, муучлах гэж заасан биш, эм гашуун боловч өвчинд тустай, шүүмж гашуун боловч орчуулгын өвд тустай гэж сайн болгохын үүднээс, бид бүгдийн хайртай сайхан ардынхаа хэлний чадлыг дээд хэмжээгээр хэрэглэхийн төлөө мэрийгээсэй гэж хүсэн бичсэн үүнийг бодож зоригжих биз ээ гэж, дэлхийн сайхан зохиолын өвөөс уншигч олондоо хүртээл болгох зорилттой залуу оюутанд халуун сэтгэлээр талархан бичлээ. \98-106 тал\

Бямбын Ринчэн “Марк Твений минь махы нь идэж дээ”

\Орчуулгын тухай\

Эмхтгэн эрхэлж Оршлыг бичсэн Г.Аким

Улаанбаатар, 1991,