Sunday, 16 December 2007

Ном дэлсэж болдог эд

Гадаадад байгаа монголчууд монгол номоо хүнд зээлдүүлж болохгүй гэдгийг аминчлан захих байна. Манай хүүгийн танил зээлж уншсан номоо жилийн дараа буцааж өгчээ. Эргүүлж өгсөнд нь талархаад ханашгүй. Баярлалаа. Гэрт нь хойноос нь очиж, мянга түм нэхүүлэлгүй өөрөө ухамсраараа эргүүлээд өгчихөж байгаа нь бүр овоо шүү дээ.
2001 оны шилдэг номын уралдааныг "Алтан тариа", "Авто тээвэр-5", "Мобиком", "Моносфарм" компаниуд хандивлан "Адмон" Хэвлэлийн газарт хэвлэж, дорх номыг шалгаруулсан билээ.
Д.Батбаяр "Мемонто-г бүтээхүй",
Б.Баабар, Б.Цэнддоо, Ц.Амаржаргал "Зугаатай танин мэдэхүй"
Х.Хурметбек "Үл бичигдмэлүүд"
Д.Оюунчимэг "Гэсгээгдэгсэд"
Ч.Энхээ "Од харвах намар"
Д.Уриахай "Зүүд ба улаан нулимс"
Л.Дашням "Цөллөг"
Н.Бадамжав "Дайсику"
Э.Отгонжаргал "Ямар нэг, 837"
У.Шигүүргэ "Өнө үлгэх салхи буюу ахуйгаас сулрахуй"
Эдгээрээс надад сүүлийн хоёроос бусад нь бий. Хүмүүс авч уншдаг. Унших тоолонд бага зэрэг хуучирдаг. Гэтэл Н.Бадамжавын "Дайсику" ном арай дэндүү навсайж салмайгаад эргэж ирлээ. Олон зууны өмнө зурагдсан сонгодог зургийн бүтээл хагарч халцраад өнгө будаг нь анхандаа ямар байсныг хэлэхэд хэцүү болчихсон байдаг даа. Яг л тийм. Хэвлэгдээд 10 жил ч болоогүй ном ингэж царай алдах гэж. Яаж уншихаар ном ийм болдог байна. Зориудаар үнгэж нухаад хаячихсан шиг. Уйлах хэцүү, хий л хүүдээ уурлаж мэдрэлийн хэдэн эд эсээ үхүүлэв шив.
Манай зарим хэвлэлийн газрын номын наалт нуруу муу байдгаас ганц удаа уншихад хуудаснууд нь салчихдаг ном байдаг. Миний нэг найз Д.Пүрэвдорж гуайн "Улаан гэрийн хоригдол" номыг ингээд салчихлаа гээд, намайг ерөөсөө наалт муутай юм билээ зүгээрээ гэсээр байтал наалгаад буцааж байсан. Гадаад номыг гадны хүнтэй солилцож, өгөлцөж авалцаж байсан. Хойноос нь нэхүүлэхгүй, мартуулж далихгүй, олон сар жилээр дарахгүй, цэвэр сайхан эдлээд сэтгэлд сэв хийгүй буцаана.
Хүн яаж ч удаан уншсан сараас илүү нэг номыг төрөлх хэлнээ уншина гэж баймааргүй. Уншаад шууд буцаадаг хүн ер нь өдрийн од шиг цөөхөн. Манайхан ном нь эзэнд нь өөрт хэрэг болоод эргүүлж өгөөч гэж гуйвал "өгөхийн хооронд сүртэй гэдэг нь" гэж ширэв татна. Эзнээс асуулгүй цааш дамжуулсан байх бөгөөд хэнэггүй "хэн авлаа даа санадаггүй" гэж тавлана. Зарим нь улаан цайм "алга болчихсон" гээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэнэ. Номоо итгээд зээлдүүлсэн хүнийг "өөдгүй, номондоо харам" гэж ирээд ар хударгаар нь жигтэйхэн муулна. Айлаас ховор нандин сайн номы нь сэм авчихаад "номын хулгай, хулгай биш" гэдэг биз дээ гээд бүр бахархах янзтай таахалзана.
Гадаадад байдаг бид онгоцны 20 кг ачаандаа баригдаад ах дүү анд нөхдийн бэлэглэсэн архи дарс, боов еэвэн, чихэр жимсыг илүү ачаа дарна гэж орхиж байж л оронд нь ганц хоёр ном чирдэг биз дээ. Номонд зарцуулдаг мөнгөө нутгаасаа элдэв юм хямды нь бодоод зөөж болноо доо. Хүн сэтгэл гаргаж, цаг зарцуулж номын дэлгүүр хэсэж, онгоцны ачаанд багтаах гэж өчнөөн юмаа орхиод авчирдаг, тэр хүндээ эрхэм номыг битгий дэлсэж, зээлж, зээлсэн бол өгөхгүй удааж, өгөхдөө өнгө үзэмжгүй хог новш шиг болгож байгаач ээ. Монголд ямар бол ямар ном байна. Зохиолчдоо дэмжээд ганц нэг номноос нь худалдаж авч баймаар юм. Оюуны хөдөлмөр бас хүнд, эрхэм хөдөлмөр шүү. Хүндэлж сурмаар. Хүний номыг өөрийн юм шиг сэтгэл гарган нямбай уншаад буцаадаг болж зуршмаар.

Saturday, 15 December 2007

Сонин тоо баримт

Америкийн ерөнхийлөгчид А.Линкольн, Ж.Кеннеди нар хоёул хуульч мэргэжилтэй, хоёулынх халааг авсан ерөнхийлөгч зуун жилийн зайтай (1808, 1908) мэндэлсэн Жонсон нар байв.

Хоёул бичгийн чадвар сайтай байсан ба Линкольны бичлэгүүд сонгодог сайн бүтээлд тооцогддог ба Кеннеди утга зохиолын дээд шагнал Пулитцерын шагнал хүртэж байжээ.

А.Линкольн 1860 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон, түүний нарийн бичгийн даргын овог Кеннеди, харин нууц амраг нь Монрое Марилэнд гэдэг байв.

Ж.Кенниди 1960 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон, түүний нарийн бичгийн даргын овог Линкольн, нууц амраг нь Марилэн Монрое гэдэг байв.

Хоёул улс төрийн аллагын золиос болж Баасан гаригт, толгойдоо буудуулж алагдсан. Линкольны алуурч Жон Буц 1839 онд Кеннидийн алуурч Ли Освалд 1939 онд төржээ. Линкольн театрт алагдсан ба алуурч нь номын складад баригдсан бол Кеннидийн алуурч номын склад дээрээс буудаад театрт баригджээ.

Wednesday, 12 December 2007

Хэлгүй хүний тэмдэглэл

Ном сонинд Япон орны тухай бичих нь элбэг. Өглөө эхэлсэн барилгыг орой нь дуусгачихдаг, мөч тутамд шинэ нээлт гардаг ч гэх шиг элдэв дэвэргэн мэдээ, философийн гүн гүнзгий утга санаа агуулсан цайны ёслол, икэбана хэмээх цэцгийн баглаа бүтээх урлаг, эрэгтэйчүүдэд оюун ухаан сэтгэл санаа биеийн дээд таашаал өгөх нарийн урлагыг төгс эзэмшсэн гэйша, зөвхөн эрэгтэйчүүд жүжиглэдэг ч эмэгтэй хүний дотоод ертөнц, сэтгэл зүй зан араншинг нарийн гаргаж чаддаг театр “Но”, хатуу дэг жаягтай самурай, эхээс төрсөн биеийг урлагийн бүтээлд харамгүй зориулж өнгө будаг хосолсон шивээс биеэрээ дүүрэн хийлгэдэг аймшигт якуза, цаг хугацаа орон зайн хатуу хязгаар дунд хязгааргүй жинтэй эрчүүд тэмцэлдэх “сүмо” хэмээх сонин бөх гээд хэн хүний сониуч занг эрхгүй татах зүйлийг бишгүй уншиж сонссон.
Японы “Нийгэм судлалын төвийн” захирал эрхэмсэг ноён Накагава Митоширо 1995 оны намрын эхэн сард ээж аав хоёрыг Япон улсад долоо хоног зочлохыг урьлаа. Япон хэд хэд явчихсан ээж маань намайг юм үзээд ирэг гэж бодсон уу, “бие барагтай байна, чи миний оронд яваад ир” гэх нь тэр. Ингэж Дорнын соёлын нэг том төвтэй танилцах завшаан надад тохиосон юм.
Миний ээж аав хоёул япон хэл сайн мэддэг настангууд. Япон хэл огт мэдэхгүй надад, чих бага зэрэг хатуу өндөр настай аав маань намайг хажууд нь явааг санасан, миний асуусан зүйлийг сонссон үедээ л орчуулагч болж байлаа. Ингээд хэлгүй хүний дүрд тоглосон долоо хоногийн аялалаас толилуулья.
Аль ч орны нүүр царай онгоцны буудлаасаа эхэлдэг. Токио хотын Нарита онгоцны буудал зуугаад терминалтай, уран барилга, өндөр технологийн шидийг гайхуулсан гоёмсог буудал. Онгоцны буудлын шалган өнгөрүүлэх цэг олон тул очер дугааргүй юм даа гэж бодож амжаагүй байтал нэг хоёр цэгт уртаас урт дугаар агшин зуур үүсэв. Учрыг лавлавал гадаадынхан тусдаа шалгуулдаг аж. Гадныхныг хэт дээдэлдэг манайх шиг орон ховор, харин ч улсын хилээ, зах зээлээ хамгаалдаг аж. Гадны бүх юманд болгоомжлон ханддаг нь соёлт ертөнцийн хэм хэмжээ бололтой.
Бидний хаана яаж очих тухай захиандаа бичсэн болохоор хүн тосч авсангүй. Автобусанд суугаад зочид буудал орохоор явлаа. Автобусны зогсоол бүрд үйлчлэгч зорчигчдын ачааг автобус доорх чингэлэгт хийн, орж ирэн мэндчилгээний ямар нэг үг хэлж бөхөлзөж бөхөлзөж гарна. Шинээр хүн суугаагүй зогсоолд ч ялгаагүй. Аргагүй л “үйлчлүүлэгч- хаан” хэмээх зах зээлийн хууль үйлчилдэг орон юм.
Билет шалгагч хааяа нэг явна. Мөнгөгүйдээ билет аваагүй юү? Авахаа мартаж орхисон уу? хижээл насны билетгүй зорчигч тасалбар шалгагчтай таарлаа. Робот шиг гэсэн чинь, хүн шиг л улс аж. Тасалбар шалгагч инээмсэглэн бөхөлзөж: “Уучлаарай, би танд нэг эвгүй зүйл хэлэх нь, та дараагийн зогсоол дээр бууна уу” гэсэн гэж аавыг орчуулахад, би нүд дүрлийлгэн гайхсанд, “зориудаар ширүүн дориун болох гэж ихэд чармайхгүй бол япон хэл угаасаа ийм зөөлөн илэрхийлэлтэй хэл” гэж тайлбарлав
Би автобусны жолоочийн яг арын суудалд явлаа. Ийш тийш салбарлан зөрж, дээгүүр доогуур давхарлан огтолцсон авто замын гайхалтай сүлжээтэй юм. Зарим зам төлбөртэй юм байна. Замын байцаагч байрлах бяцхан конторын дэргэд түр саатан өнгөрөхөд байцаагчийн царай байтугай гар нь харагдахгүй агаад хуруу хумс төдий л гялалзах агаад жолооч төлбөрөө өгөөд “хумсанд” тонголзож талархан цааш жолоо мушгин одно. Зам их бага хэмжээгээр төлбөртэй байх нь зүйтэй юм. Энд машины эд ангид халтай, өм цөм нурсан, ан цавтай зам огт харагдсангүй.
Маргааш өглөө нь ноён Накагава гуайн илгээсэн машин ирж, бид түүнтэй уулзахаар явлаа. Конторынх нь үүдэнд япон заншлаар гутлаа тайлаад орохдоо оросын нийтлэгч В.Овчинниковын “Сакура ба Царс” номд, “өдөр бүр хэдэн мянган хүн хөлхдөг сүмд цасан цагаан оймстой ороод гарахад ул нь харладаггүй” гэж бичсэн нь санаанд орж, цагаан оймстой ирж газар дээр нь туршдаг байж гэх шиг бяцхан харамсаад өнгөрөв.
Ноён Накагава, профессор Ома нар аавтай бэлэг дурсгал солилцон энэ тэрийг хуучлан сууна. Аав тэдэнд манай эх орны байгалын сайхныг дүрсэлсэн уран зураг бэлэглэсэн юм
. Энэ зуур даргынхаа үүрэг даалгаврыг тэмдэглэхээр Накагава саны нарийн бичиг бололтой залуухан япон бүсгүй орж ирэв. Зогсоо байх нь зөөлөн буйдан дээр завилан суух өвгөдөөс өндөр болж сэтгэлийн тав тух нь алдагдсан уу, тэдний өндөр нас сүүдрийг хүндэлсэн үү, албан тушаалын эрэмбэ сахисан уу, аль болохыг ойлгосонгүй. Ямар ч байсан газарт сөхрөн сууж, нарийн бичгийн гол ажлын нэг тэмдэглэл хөтлөөд, бөхөлзөж тонголзоод л гарсан.
“Царайг төв байлган, хүндэтгэлийн эрэмбээс шалтгаалж босоо тэнхлэгт 10, 30, 45 орчим хэм үүсгэн тонгойж, хэдэн хормын дараа эргэн цэх болно" гэж ирээд Япон явахаас өмнө ээж маань, тэд хэрхэн бие биеэ мэхийн хүндэлдэг тухай надад уул нь нэлээн заасан гэж байгаа. "Хэр удаан, хэр доош бөхийх нь хэнд, ямар үед хүндэтгэл үзүүлж буйгаас хамаардаг” гэнэ. Харин газар нам унаж, сөхрөн суудаг тухай өмнө нь сонсоогүй болоод нэлээд цочирдов.
Накагава сан, профессор Ома нар аав бид хоёрыг Токио хотын түүх дурсгалын газар үзэх тойрон аялалд урьж, “Тагтаа автобус”-аар бидэнтэй хамт үнэт таван цагаа зарцуулан аялсан билээ. 500 жилийн түүхтэй Японы эзэн хааны амьдардаг ордонг харав. Дотогш орох боломжгүй тул, энд ирсэн хүмүүс дээд төрөлт эзэн хаан хэрхэн амьдардаг тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг бололтой. Токиод бетондоогүй шороон газар бараг харагдахгүй атал ордны орчинд зориуд түүхэн дурсгал болгон үлдээсэн гэлтэй багавтар хайрган талбай байна. Мөн нарс мод тарьсан, нялх ногоон зүлэгтэй ордны орчмын талбайд энгийн япончууд амсхийн суух нь сууж, гутлаа тайлан хөл нүцгэн зугаалах нь зугаална. Байгалтай харьцаж таашаал авч байх шиг.
Энд байгалийн бус хиймэл хөрс ч бас байдаг аж. Тус улсын томоохон усан боомтын нэг Токиогийн хойг хог хаягдлыг тэгшилж барьж байгуулсан “төрмөл" бус хиймэл гэнэ. 350 метр өндөр зурагтийн цамхаг дээр гарч хотыг ерөнхийд нь харж, доор нь байрладаг лааны тосон дүрсийн музейг үзэв. Эндээс Солонго гүүр, Парламентын ордон, хотын төв гудамж Гинза, Асахара Шиокогийн хоригдож байсан шорон зэргийг харвай.
“Тагтаа автобус” гэгдэх жижиг шар микроавтобусын аяны хөтөч охин миний анхаарлыг ихэд татлаа. Яг монгол охин шиг дугуй бор царайтай, нүдэнд дулаахан тэр гоолиг бүсгүй түүх соёлын дурсгалт газруудыг тайлбарлан явахдаа “эмэгтэй хүний сонгодог япон хэлээр ярьж байсан байх. Хэл мэдэхгүй би хүртэл эндээс л Японд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай ярьдаг юм болов уу гэсэн таамаглалд анх хүрсэн билээ. Сонсоод юү ярьж буйг нь ойлгож байгаа улс түүний ярианы утгыг сонирхож байснаас, түүний хэл ярианы хөгжим шиг аялгуу, нүүрний баясал, гарын зангаа, биеийн хөдөлгөөн зэргийг төдийлөн анзаараагүй нь ойлгомжтой. Хэлгүй боловч дүлий биш би бээр түүний ярианы утгыг үл ойлгон, зөвхөн уянгалаг аялгууд баясаж явлаа.
Олон гадаад хэл мэдэхгүй ч аль хэлнээ хүүрнэж буйг сонсоод таамаглан ялгана. Гэтэл мэдэх мэдэхгүй аль ч хэлнээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ярианы өнгө аялгуу ийм ялгаатай байхыг урьд өмнө ажигласан минь үгүй. Хэл мэдэхгүй хүнд хүртэл ажиглагдам япон эр эм улсын ярианы энэ онцлогыг ааваас лавлавал хариулж байнаа. “Япон эмэгтэйчүүд үгийг төгсгөлийг сунжруулан дуудаж, хүндэтгэлийн үг хэллэг түлхүү хэрэглэдэг. Бичиг захидал дээр хүртэл эмэгтэй хүн бичсэн болох нь ялгагдахаар шүү. Гэхдээ ярианы хэлэнд ялгаа нь илүү тод илэрдэг” гэлээ. Япон бүсгүйчүүл ийнхүү үг яриаг хүртэл хөгжим шиг болгодог увьдастай улс аж.
Аяны хөтлөгчид янз бүр байх юм даа. Бид хоёр нутаг буцахдаа Бээжинд хоёр өнжихөөр онгоцны нислэг таарсан тул нэг өдрийг
автобусын аялал хийж "Цагаан хэрэм" үзэж өнгөрөөв. Аяны хөтлөгч хятад бүсгүй “Их цагаан хэрэм” бариулахад хүргэсэн умрын нөгөө зэрлэгүүдийн үр сад автобусанд явсан болохоор тэгсэн үү, ерөөс зан байдал тийм хүн байв уу? Цэргүүдээ жагсаалын сургууль хийлгэж байгаа салаан дарга шиг хөмсөг зангидан хэдэн үг тас няс буулгаад голдуу дуугүй явж байлаа. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан таван цагийн турш уянгалаг хоолойгоор зогсоо зайгүй ярьж явсан япон охиноо эрхгүй үгүйлсэн дээ.
Япон эрчүүд гэр бүлээ тэжээж чадахуйц цалин авдаг тул эхнэрүүд нь голдуу гэртээ сууж, эр нөхөр үр хүүхдүүддээ
өөрийгөө зориулдаг ажээ. “Тагтаа автобус”-ны хөтөч охин нөхөрт гарахаараа бас гэртээ суух болов уу? Эндхийн эмэгтэйчүүд хөгшин залуугүй будсан атлаа будаггүй мэт, оо энгэсэгийн донжийг тааруулан урнаар будаж, үс зүсээ маш сайхан янзалж явах юм. Орчин үеийн цаг хугацаатай уралдсан түргэн хэмнэлтэй, энэ үед эмэгтэй хүний байгалаас заяагдсан уян зөөлөн зан аалийг сонгодог, тэнгэрлэг байдлаар хадгалан үлдсэн япон эмэгтэйчүүд бас нэг гайхамшиг бус уу.
Япон хуанли, кино, зар сурталчилгаанд гардаг азийн гоо сайхны оргил болсон охид нь тусгай орд харшид суугаад олны дунд гудамжаар явдаггүй шиг сэтгэгдэл төрүүлнэ. Манай хотын гудамжаар гунхах энгийн охид, японы гудамжинд таарсан олон охидоос илүү цэвэрхэн, будаг шунх, хувцас гоёлын донжыг тааруулбал бүр гараад өгмөөр санагдсан шүү. Үнэнийг хэлэхэд монгол охид илүү нуруулаг, царайлаг юмаа.
Энд хэдхэн хоноход япон эмэгтэйчүүд дорд үзэгддэг юмуу даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Япон эх хүүхдээ нуруундаа үүрээд, гартаа ууттай зүйл бариад зүтгэж байхад, нөхөр нь хажууд нь гар сул эсвэл нуруу үүрэн алхах нь нэн гайхалтай. Ширээнд эмэгтэйчүүд эрчүүддээ янжуурын галыг асааж өгч ч байх шиг, архи дарс эмэгтэй хүн хундаглах ч бүр хэвийн үзэгдэл. Үүд хаалга онгойход эрчүүд эхэлж ороод, эмэгтэйчүүд араас нь даруухан дагалдах жишээтэй.
Эрт цагт эрчүүд нь аян дайнд голдуу яваад эзгүй байхад, монгол эмэгтэйчүүд аж ахуйгаа хөтөлдөг, түүнчлэн нүүдэл суудал хийхэд эр эм хоёул зэрэг хөдөлж байж амждаг зэргээс улбаалан нүүдэлчин удамтай монгол эмэгтэйчүүд хэзээнээсээ эдийн засгийн хувьд хараат бус шахам, эрх тэгш байсан гэхэд болно. Монгол эрчүүд эр хүнтэй эн чацуу хэмжээнд
бүсгүйчүүдээ “ажиллуулж элдэж зардаг” ч, оросын нөлөөнд далаад жил байхдаа нэлээд европжсон гэсэндээ “джентельмен” зан гарган хаалга үүдээр урдуураа оруулан, архи дарс эхлэн хундаглаж, тамхи асааж өгөх зэргээр аягладаг. Улаанбаатар хотын гудамжаар яваа залуу хосын эрэгтэй нь голдуу хүүхдээ тэвэрч явдаг.
Монголд “сайн хүн явснаа, муу хүн идснээ” гэдэг үг бий. Би идсэн ууснаа дурсахгүй байхын аргагүй. Тэгээд ч хэлтэй улсууд хэлэлцэж байхад, хэлгүй би хоол эргүүлж байсан болохоор, цайллага дайллага миний хувьд бас чухал зүйл байв.
Япон хэв шинжийн
намхан явган ширээтэй ресторанд аятайхан сууж, боловсон царайлах нэн хэцүү. Эрэгтэйчүүд завилан, эмэгтэйчүүд сөхөрч голдуу суух юм. Иогийн дасгал хийж буй мэт хоёр шилбэн дээрээ биеийн жинг төвлөрүүлэн, нуруугаа цэхлэн, нүүрэндээ ялдам инээмсэглэл тодруулан олон цагаар суух нь махлагдуу над мэтийн хүмүүст тун амаргүй даваа. Аавын оюутан ахуйн найз Сүзүки сан гэргийн хамт, бас хамт сурч байсан гэсэн нэр нь санаанд үлдээгүй уран зураг сонирхогч найз нар нь япон хэв шинжийн далайн амттаны ресторанд урьлаа. Элдэв чамин хүнсэнд төдийлөн дурладаггүй, жинхэнэ монгол ходоодтой би бээр аавын нэр нүүрийг бодоод, далайн хорхой шавьж, загас зэрэг далайн хүнсийг баатарлагаар цааш харуулан намхан ширээний ард тэвчээр гарган сууж байв. Гэтэл хэлбэрийг нь алдагдуулалгүй, сайхан улбар шар болтол шарсан загасны “араг яс” дээр нь залсан, нэгэн болгосон томоохон загас авчраад өмнө барьж байна. Энэ л их сайхан эд гэж байгаа бололтой. Өөрсдөө тэр яснаасаа амтархан идэж үзүүлээд ид гээд болдоггүй. “За энэ ч ёстой бардаггүй даваа” гэсэн байдал миний царайд илрэв бололтой. “Ээж чинь дан түүхий загасаар хийдэг “сүши” гэдэг хоолыг хүртэл идэж байсан. Үгүй, чи ядаж амсаач” гээд аав шивэгнэж гарав. Манай зарим монголчууд тарвагны боодогт их шимтдэг, экзотик юм гээд гадаадынханд амсуулах гээд дайраад байдаг. Их өвөрмөц хачин ч гэх үү амттай эд. Жишээ нь би тарвага идэж чаддаггүй. Францууд хөгцтэй бяслаганд их дуртай юм билээ. Манай хөдөөний малчдад идээний дээжээ гээд өгвөл дургүйцэж болзошгүй. Соёлын цочрол гэдэг билүү. Өөрийн дуртай зүйлээрээ энэ мэтчилэн өөр соёлын гадаад хүныг дайлдаг, идүүлэх гээд шахаад байдаг тухай өөрийн эрхгүй санаанд орж билээ. Загас гэснээс, шашнаас улбаатай гэхүү, дээр үед урт наст амьтны амийг таслахгүй гээд монголчууд хүнсэндээ загас огт хэрэглэдэггүй байсан үе бий.
Биднийг тэнд хэд хонох хугацаанд жолооч эсэхийг мэдэхгүй нэг эр жолоо мушгиж байлаа. Ямар албан тушаалтай юү хийдгийг мэдээгүй өнгөрсөн. Хөнгөн шалмаг, дунд хирийн насны тэр хүн бидний зургийг голдуу дарж өгнө. Нэг удаа түүнийг зурганд оруулах санаатай би зураг дартал, тэрээр тахимаараа хөлөө нугалж бусдаасаа толгой намхан болдог байна . Манай гурван өвгөний нас сүүдрээс сүрдэн хүндэтгэл үзүүлсэн үү? Япончууд буддын шашны бурхан дүрслэх тигийг ингэж алхам тутамдаа баримталдаг улсууд уу? Мөхөс би ухаарсангүй. “Бурхан багш Буддаг 120 хуруу өндөртэй, түүний гарын хоёр шавийг тэдэн хуруу өндөртэй зурж болно” гээд мань мэтийн энгийн улс дүрслэгдэнэ гэвэл жижгэрсээр хумхийн тоос шиг бараг харагдаж үзэгдэхээргүй нарийн тиг байдаг даа.
Ерийн өндөр ширээ сандалтай ресторанд хоолны захиалга авахаар орж ирсэн зөөгч залуу, мөн л нарийн бичиг охин шиг сөгдөж суугаад захиалга авч байсан. Хүн гэж муухай шүү, хүний бөхөлзөхөд амархан дасч байнаа. Эрхэм зочдын тусгай өрөөнд байгаад тэгэж байгаа юм болов уу гэсэн шиг хальт бодоод, гайхаж цочихоо больчихсон сууж байж билээ. Ямар ч гэсэн япон хүн нийгэм дэх өөрийн байр сууриа сайн мэддэг бололтой.
Акио Морита “Японд үйлдвэрлэв” номд “Японы нийгмийг нэгэн том хэнгэрэг гэвэл хүн бүр өөрт ногдсон тэр жижиг хэсгийг зохих ёсоор сайн дэлддэг” гэсэн санаа байдаг. Япон хүн ямар нэг ажил мэргэжилд ул суурьтай суралцан, бүх насаараа сурсан мэдсэнээ гүнзгийрүүлэн сайн эзэмших бөгөөд түүндээ хосгүй болохыг эрмэлздэг нь япон хэв шинжийн сэтгэлгээ. Мэргэжлээ эцэг нь хүүдээ өвлүүлнэ. Хүү нь гэр бүлийн уламжлалт бизнесийг шинэ шатанд улам боловсронгүй болгохыг чармайна. Хүн ер нь чаддаг юмаа л сайн хийх ёстой юм байна. Хадгалах, хэмнэх, хичээх, бүтээх гэсэн уриа нь Японы хөгжлийн тулгуур хүчин зүйл нь гэнэ. Хүмүүсийн харилцаа,ажилсаг чанар, ажлын зохион байгуулалт, соёл гээд япончуудаас суралцах зүйл их.

Monday, 10 December 2007

Цамын өмсгөл

“Болор толь”-д өгүүлрүүн: “Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч лам Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо өөрийн биеэр залран ирж, “чи эдүгээ Ландарм хааныг хөнөө! Айх хэрэгггүй, цаг үед нь би туслана” гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ. Олон жилээр даяанчлан улс оронд юу болсныг, Ландарм шашныг сүйтгэснийг мэдээгүй лам ихэд гайхаж хоноод, маргааш нь хүмүүсээс асуусанд “тэр үнэн, тийм болсон” гэж тоочин мэдүүлжээ.

Лхалүнбалдорж нэгэн цагаан морийг хар будгаар будаж зүсмий нь өөрчлөөд, цагаан дотортой хар цув малгай өмсөн, нүүрээ хараар будаж, ханцуй дотроо нум сумаа нууцаар агсан Лхас хотноо ирэв гэнэ. Түүнийг ирэх мөчид Ландарм хаан ордны гадна пайлуур чулууны бичиг үзэн зогсож байв. Лам түүний дэргэд ирж мориноосоо буугаад, хаанд мөргөх дүр эсгэн тонгойхдоо нумаа хөвчлөв. Хоёр дахь удаа мөргөн дээш өндийхдөө нум сумаа дээш татан тавихад хааны гол зүрхийг оносонд хаан үхэтхийн унав.

Лам Увай мөрнийг туулж гатлахад, морь цагаан төрхөндөө орж, хувцас малгай сэлтээ урвуулан өмссөн лам замд таарсан хэн хүнд “Би огторгуйн элч Тидхэр мөн” гэж явжээ. Түүнийг мөшгөн хөөсөн хааныхан ийнхүү түүнийг ололгүй төөрөлдөн хоосон буцжээ. Төвдөд IX-X зуунд бон шашинтан Ландарм хааны олон жилийн турш баримталсан бурхны шашныг устгах тууштай бодлогын дүнд шашин мөхлийн ирмэгт тулаад байв. Ландарм хааныг 842 онд даяанч лам Лхалүнбалдорж гэгч ханцуйдаа нум сумаа нуун бүжиглэсээр хаанд ойртон очиж ийнхүү хөнөөсөн гэдэг домог бий. Ийм гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хожим нь цамын хувцас болж, одоог хүртэл хадгалагдан иржээ.

Гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хийгээд, бадам хээтэй цээживч-додьиг, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч-матьиг, амирлангй дүрт бурхдын дүрсэн чимэгтэй бүс, үрүүжин хэмээх ясан зүүлт, гутал сэлтээс цамын хувцас бүтнэ.

"Үрүүжин" нь ясан чимэг гэсэн утгатай. Үрүүжин-чимэг нь алаг, ясан гэж хоёр янз байна. Алаг үрүүжин цамчны бүсний хавьд байх бөгөөд шар, хөх, улаан, цагаан өнгийн задгай утсан манжлагатай. Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар, Монголд тэмээний чанасан ясаар сийлдэг ба цамчны элгэн дээрх алт (мөнгөн) толиноос тал бүр тийш салбарласан, хөшиг мэт сүлжилдэн бүх биеийг ороосон маш гоёмсог торон нөмрөг үүсгэнэ. Ясан үрүүжиний эрх бүр гурван хигээстэй хүрд бүхий уран сийлбэртэй. Хамар угалз үүсгэх зүүлтийн хэсгээс тус бүр гурван хонх зүүлттэй агаад нийтдээ ойролцоогоор 12-16 хонх ордог. Дүрийн эрэмбэ зэрэглэлээс шалтгаалан ясан зүүлт нь илүү шигүү тансаг байдаг болой.

Бүс. Хормогчийг бүсэлсэн бүс нэлээд өргөн, бүсэн дээр амирлангүй дүрт бурхдын багавтар хэмжээний хөөмөл хөрөг дүр, алтан цутгамал хорол, элдэв очир зэргээр чимсэн байдаг.

Додьиг. Цамын өмсгөлийн цээживч буюу додьиг нь хоёр мөр, ар нуруу, цээжин бие рүү унжих дөрвөн дэлбэнгээс бүрдэнэ. Цамын тухай бармтат киног үзэж байхнаа хуучны хийцтэй цээживчийг хөөмөл зээгт наамлаар урласан олон хээтэй, илүү нарийн ур хийцтэй нь харагддаг. Хуучны хийцтэй додьигийн дэлбэнд энгэр талдаа "очир", ар нуруундаа " илд", баруунаа "цэцэг", зүүнээ "чандмань" гэсэн дөрвөн өөр дүрс урлаж, эвэр угалзаар хүрээлүүлэн чимдэг байжээ. Додьигийн цээж рүү унжих дэлбэний элгэн талд тухайн дүрийн зүрхэн тарнийн эхний үсэг бүхий алт буюу мөнгөн тольтой.

Матьиг. Цамын өмсгөлд багтах хормогч. Хормогч дээр тухайн дүрийн догшин сахиусын тэргүүн байх ба түүнийг тойруулан дошил хэмээх хохимой чимэг, дүрэлзсэн галын хээ сэлтийг ердийн зээгт наамлаар урлан бүтээдэг. Хормогч доод талдаа ертөнцийн таван өнгийг илтгэх мяндсан утсан цацагтай.

Гутал. Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ.

Friday, 7 December 2007

Би хаана төрөө вэ?

Бэгзийн Явуухулан

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурын шүд өвөл хангинах хөндийд,
Үлэг гүрвэлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай нь ган тулгын тотгонд,
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун газарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.




Monday, 3 December 2007

Их хотын сүүдэр

Map showing the percentage of each country's urban population living in slums (according to UN-Habitat definition): <10%; 10-20%; 20-30%; 30-40%; 40-50%; 50-60%; 60-70%; 70-80%; 80-90%; >90%; N/A

Нэгдсэн Үндэсний байгууллагын орон сууц, хүн ам тархалтын төв Хабитатын 2006 оны илтгэлд хүн амьдрах ердийн нөхцөл хангагдаагүй оромжинд ("фавела"-д) дэлхий дахинаа 327 сая хотын иргэд амьдарч байгаа судалгаа гаргажээ. Би яаж монголчлохоо мэдэхгүй оромж гэснээс бус Бразили гаралтай "фавела" (favela) гэх үг олон улсын хэллэг. Англиар "слам" (slum), оросоор "трущобы" гэнэ. Фавела дүүрэг хөгжил буурай оронд бодлого төлөвлөлтгүй үсрэнгүй хотжилт явагдахад, хөдөө орон нутгийн иргэд хэт ядуурч аргагүй эрхэнд том хот бараадан нүүдэллэхэд аяандаа үүсдэг гэх. Хүн ам нэн ихтэй, хот хөдөөгүй шигүү суурьшсан ядуу оронд фавела аяандаа бий болдог тул "хотжилтын гутамшиг", "балиар дүүрэг", "тэнүүлчдийн суурин" гэх мэтээр их л жигшин хэлэлцдэг.

Фавела дүүрэгт архидалт, мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэг их гарна. Хот төлөвлөлтийн дагуу үүсээгүй ийм газар хогны машин багтах өргөн гудамж ч байхгүйн учир хог хаягдал ихээр цугларч бороонд урсан ундны усны худгийг нь бохирдуулж бохироос үүсдэг элдэв өвчний эх үүсвэр болдог, шороонд хийсэн агаар дуслын замаар халддаг өвчний нянг үргэлж тэтгэж байдаг. Энд ажилгүйдэл бараг хэвийн үзэгдэл тул хоол хүнсний архаг хомсдол байх нь ойлгомжтой. Элдэв хаягдал юу л олдсноо иддэг нэн ядуу иргэд өвчин эмгэгтэй байхад гайхах зүйлгүй. Фавелад голдуу халуун тропик, субтропикын орны иргэд суудаг гэнэ. Хүйтэн сэрүүн оронд чанар муутай оромжинд дэд бүтэцгүй орчинд хүн тогтмол амьдрах боломжгүй гэж үздэг аж.

Гэтэл дээрх илтгэлийн хавсралт зурагт хүйтэн сэрүүн бүсийн орноос ганцхан манай Монголд хүн амын 60-70 % ийм фавелад амьдарч буйгаар тусгагджээ. Хотын оршин суугчдын энэ судалгаанд манай уламжлалт сууц болох гэрт амьдарч буй хөдөө орон нутгийн малчдад огт хамаагүй нь ойлгомжтой. Мөн нийслэл Улаанбаатар хотод эртнээс байсан Гандангийн дэнж, 100 айл, Яармаг зэрэг гэрэл цахилгаанд холбогдсон, гүний худагтай, тусгай зохион байгуулалт төлөвлөлтийн дагуу хашаа гэрээ барьж, хогийн болон усны машин явах замтай, хороо хорин зэрэг засаг захиргааны нэгжид харьяалагддаг уламжлалт гэр хорооллуудыг ийм үүнд оруулаагүй хэрэг.

Монголын хоёрхон сая гаран хүний маань тал нь нийслэл хотдоо амьдардаг болжээ. Гэтэл тэдний талаас илүү нь олон улсын жишгээр хүн амьдрахад тохирохгүй нөхцөлд амьдарч байна. Асар уудам газар нутагтай цөөн хүн амтай манай оронд хотын хүн амын (60-70%), хүн ам шигүү суурьшсанаараа дэлхийд тэргүүлдэг Энэтхэг (50-60%), Хятадаас (30-40%) илүү олон хувь хотын борчууд оромжинд амь зогоож байгаа нь юүтэй гутамшиг.

Одоо Улаанбаатар хотод байшин, гэрт амьдардаг хотын уугуул иргэдээс гадна, хот тойрон хэдэн давхар бүслүүр үүсгэн гэрээ бариад Улаанбаатар хотыг маань "Утаанбаатар" болгоод сууж байгаа хөдөөнөөс нүүж ирсэн улс олоон. Үүнээс гадна гэр оронгүй шатны хонгилд амьдардаг "орцныхон", газар дор хоргоддог "траншейныхан", голын эрэг хавиар нутагтай "бургасныхан", хүн хөдөөлүүлдэг газарт оромжтой "далан давхарынхан", хотын хогийн цэгт амь зогоодог "хогийнхон" гээд өчнөөн олон "омгийн" засаг захиргааны хаяг харьяалалгүй хүмүүс олширчээ таминь ээ. Орон гэртэй гэргүй бүгд нэг нэг жорлон, бохирын худаг ухна. "Эрдэмтний үг" нэвтрүүлгээр хотод сүүлийн жилүүдэд хичнээн жорлон, бохирын худаг нэмэгдсэн, ялгадас, бохир шингэн хөрсөнд доош шингэхдээ газрын гүний усны сувагт ямар нэг хэмжээгээр нэвчдэг тухай, ундны ус цэвэрлэх ариутгах төхөөрөмжид технологийн шинэлэл хийгээгүй удаж байгаа тухай тоо баримттай ярихыг сонслоо.

Цагаан сараар ээж аавдаа золгохоор нутагтаа хүрээд,
чамдаанаа чирээд гэртээ орох санаатай зүтгэтэл орцны довжоо яг голлоод нэг хүн сууж байна. "Хальтрах гээд байнаа, зам тавиад өгөөч" гэтэл "тойроод гарахгүй юү" гээд жишимгүй тамшаалж байна. Манай орц ийм хачин зантай шинэ хүнтэй болж дээ гэтэл, манай орцны жижүүр авгай болж таарав. Хоёр метр гаран урттай нэгдүгээр давхрын шатны хөндийд орогнож орц цэвэрлэдэг хүн. Сууц өмчлөгчдийн холбооноос цалин авахаас гадна өрөвч сэтгэлтэй манай ээж мэтийн авгай, хөгшчүүл хоол хувцас зэргээсээ илүүчлэнэ. Бэлтэй залуус хуучинсан маркын зурагт гар утас өгдөг шиг байгаа юм. Ерөнхийдөө тэрүүхэндээ под хийнэ.

Траншей дотроо олон янз. Орон сууцны доорхи траншей буюу хүйтэн халуун усны хоолой байрласан газар дорхи давхарууд засвар хийгдээд
үсчин, оёдолчин, компьютер тоглоомын газар гээд үйлчилгээний цэгүүд үүссэн. Авхаалжтай зарим улс орон сууцны дорхи хонгил хувьчилж аваад, засвар хийн тохижуулж түрээсээр оюутан суулгадаг болсон гэнэ. Зарим траншей зандалчин овгоруудын мэдэлд байдаг, гэмт хэрэг удирдан зохион байгуулах контор маягтай. Байр байшингуудын завсар хооронд байх холболтын шугам буюу траншейнд архичин янхан аав ээжээс зугатсан эсвэл өнчин хагас өнчин гэр оронгүй хүүхдүүд байна. Энд ямар ч тохижилт хийгдээгүй ер нь хийх боломж бараг үгүй. Эдгээр хүүхдүүдийг ядуу даржин гэртээ эцэг эхийнхээ хажууд байгаа хүүхдүүдээс илүүтэйгээр шар хэвлэлийнхэн өрөвдөн бичсээр бараг "од" болгосон, траншейны хүүхэд хэцүү байна гэж "уйлан майлан" гүйсээр зарим ашгийн бус байгууллагууд гадны тусламжаар ашиг олсон гэж байгаа.

Хотын хүн ам цөөхөн байхад хог хаягдлын асуудал босдоггүй байв. Байгал эх зохицуулчих түвшинд л бид новширч байсан шиг.
Манайд хогийг ангилж ялгадаггүй, хог дахин боловсруулж эргэлтэнд оруулдаг үйлдвэр байхгүй. Хөрөнгө мөнгө байхгүй гэх. Худлаа байх аа, би л хувьдаа ойлгохгүй байна. УИХ-ын эрхэм гишүүдэд төсвийн мөнгөний илүүдлээр дураараа тогло гээд хэдэн зуун саяар нь тараагаад өгчихсөн. Хэдхэн хоноод хайлчихдаг мөсөн урлагийн гайхамшгийг жанжан Сүхийн талбайд босгоход чих дэлдийж, нүд бүлтиймээр их хөрөнгө мөнгө зарсан сурагтай. Төрийн хийгээгүй хог ангилах ажлыг хөөрхий "хогийнхон" хийж, архины шил, пиво ундааны лааз, яс зэргийг ангилан цуглуулж авдаг газарт нь тушаан ам зууж байна. Хамгийн ажилсаг нь эд нар.

Фавела бүлэг дотор хамгийн ой гутам сэжиглэмээр нь "далан давхарынхан". Нас барсан хүн тавьдаг газар гэдгийг нь мэдсээр байж дээр нь очоод буучихдаг ер нь сэтгэцийн гажигтай улс байх. Хүүрийн газарт шахцалдаж байхаар манайд нутаг газар шиг элбэг юм алга. Хөдөө нутагтаа цэвэр агаарт амьдарч баймаар. Малгүй болоод хот бараадсан гэхээр залхуу улс баймаар. Гэтэл хоёр гурван метр газар ухаад талийгчийн авсыг эвдэж гал түлээд, гар хуруунд нь байгаа ганц хоёр хатуу эдлэл авч зараад, дэрлүүлсэн есөн эрдэнийн чулууний өөдсийг цуглуулаад явдаг гэхээр бас "ажилсаг" гарууд гэлтэй. Британы сэтгүүлч Дамиэн Досан "Монгол дахь гутамшигт үнэн" (Mongolian misery) нийтлэлдээ "далан давхрынхны" тухай бичснийг та бүгд санаж байгаа байх. Талийгчийн авсны модоор гал түлж, булшнаас гарсан биеийн хэсгүүд энд тэнд хэвтсэн, булшны нүхнүүдэд эмнэлэг үйлдвэрлэлийн хорт хог хаягдал байх ийм орчинд хүн амьдарч, бороо орохоор оршин суугчдын ундны усны худаг руу бүх бохир нь урсан ордог... НҮБ-ын гишүүн болоод 50 жил болсон, алт зэс зэрэг газрын баялгаар баян, өргөн уудам газар нутагтай, цөөн хүнтэй орон яагаад ийм байдалд байгааг гайхсан байгаа.

Бидний бага хүүхэд байхад Богд уулын бэлээр урсдаг Туул голын эрэг ирмэг газар бут бургас, хайрга сайр, зүлэг ногоотой цэвэрхэн байлаа. Цэвэр тунгалаг устай Туулд төрөл бүрийн загас, тэр дунд усны тунгалаг сонгож идээшдэг тул загас хүртэл байдаг байсаан. Үеэрлэсэн үедээ ус гольдрогтоо багтахаа байн хүрхэрч байдаг сан. Сэлбэ голд хүүхдүүд өдөржингөө усанд сэлж өнждөг сөн. Одоогийн хүүхдүүд Сэлбэ гол байсныг мэдэхгүй, ширгэчихсэн. Бургасныхан ширгэсэн Сэлбийг бараадаагүй, ширгэх гэж буй Туулын маань бут бургасыг бүгдийг түлээд дуусаж байна. Үйлдвэрийн хорт бодис Туулд хаягдаж, тэнүүлчид, зугаа цэнгэл хөөгчид хог новшоо ариун тунгалаг усанд нь хаясаар, бохирдуулсаар... Би сайхан хэлж чадахгүй нь, Ц.Чимэддоржын "Сэлбэ"шүлгийг санавал:
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаан гал дээр чинь буцалж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа энгэрт хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч, амьсгалаа өвөр дээр чинь хураах нээ!

Газрын хэвлийн баялгыг олборлож ашиглахдаа, дэндүү эмзэг нимгэн өнгөн хөрстэй газар нутгаа шинэ баячууд маань даан ч хайрласангүй. Өчнөөн олон гэмгүй малчин зонг малын билчээргүй, улмаар малгүй болгож, гуйлгачин болох замд түлхсэн юм. Энэ бүгдийг харж мэдэж байсан эрхэм ихэс дээдэс маань зөв зохистой зохицуулах мэргэн бодлого барьж чадсангүй. Төрийн түшээ гэмээн түмэндээ үйлчилдэг элч зараал байх ёстой дээдэст хүний төлөө гэсэн сэтгэл дутжээ. Анхнаасаа аятайхан залсан бол цөөхөн хэдэн хүнээ ХҮН гэсэн эрхэм нэрэнд нь аваад явчихад хэцүүгүй байсан болов уу. Одоо ч оройтоогүй. Гадны буцалтгүй тусламж, тодорхой асуудал шийдэхээр өгсөн мөнгийг зориулалтаар нь зарцуулахад л хангалттай.

Saturday, 1 December 2007

Дэлхийн хамгийн том ном

Чех Улсын төв номын сангийн Клементийн танхимд 2007 оны 9 сарын 20-ноос 2008 оны 1 сарын 6 хүртэл “Чөтгөртэй Библи судар” (The Devil’s Bible) буюу Кодекс Гигас (Codex Gigas) хэмээх “дэлхийн хамгийн том номын нууц” хэмээн алдаршсан номын үзэсгэлэн гарч байна.

Стокгольмын үндэсний номын санд хэдэн зуун дамжин чанд хадгалагдаж ирсэн энэ ном анх Чехийн газар нутагт зохиогдсон бөгөөд Европт болсон (1618-1648) Гучин Жилийн Дайны үеэр уг номыг шведүүд дайны олз болгон нутагтаа хулгайлж аваачсан түүхтэй. Өнгөрсөн зуунд Берлин, Нью-Йорк хотноо дэлгэн үзүүлсэн хоёрхон тохиолдлыг эс тооцвол олон нийтийн хүртээл болоогүй энэ ховор номтой ийнхүү гурван зуугаад жилийн дараа чехүүд анх удаа танилцах боломжтой болжээ. Эхний сар тусгай захиалгаар, хоёрхон өдөр өргөн олонд үзүүлж байсан ба өдөр бүр уртаас урт очертой байлаа.

Чехийн ерөнхий сайд Мирек Тополанек, Гадаад хэргийн сайд Карел Шварценберг, Соёлын сайд Вацлав Ихличка, Прага хотын захирагч Павел Бем, Чех Улсаас Швед Улсад суугаа элчин сайд Мари Хатардова болон Швед Улсын Гадаад хэргийн сайд Карл Вилдт, Швед Улсаас Чех Улсад суугаа элчин сайд Катерин вон Хейдеистам нарын хамтын ажиллагаа, хүчин зүтгэл, Чех, Шведийн үндэсний номын сангуудын идэвхтэй хамтран ажиллагааны дүнд энэ үзэсгэлэн гарчээ.

Энэ “Буг чөтгөртэй библи” гэх энэ ном 12 дугаар зууны сүүл 13 дугаар зууны эхэнд бүтээгдсэн, 890х490мм хэмжээний том хуудастай (хавтастай хэмжээ 920х505мм), 312 хуудастай бөгөөд хуудас бүрийг илжигний арьсаар хийсэн үлэмж том энэ гар бичмэл Дундад зуунд дэлхийн долоон гайхамшигт багтаж байв. Ямар ч библид чөтгөрийн зураг байдаггүй атал уг номны нэг хуудсанд чөтгөр зурагдсан нь номын тухай элдэв домог гарахад, “чөтгөр”-ийн сургаал агуулсан библи гэж буруу ойлголт тархахад нөлөөлсөн талтай. Номыг нуруулж, хавтасласан загалмайт шашны лам Херманнус цуурхал гарах эхийг тавьсан гэх.

Ямарваа шашинд сүжиггүй бибээр энэ үзэсгэлэнг үзэж байхдаа, энэхүү аварга том номны агуулгыг онц сонирхсонгүй. Харин түүхэн тодорхой цаг хугацаанд одоогийн Чехийн нутаг дээр бүтээгдсэн урлагийн бүтээлийнх нь хувьд чехийн удирдлага ихээхэн хүчин чармайлт гарган үүнийг авчирч ард олондоо толилуулж буй нь сайхан санагдлаа. Тэр үед Чех гэсэн улс байсангүй.

Гэтэл дундад зуунд Монголын Эзэнт гүрэн гэж тив дамжсан агуу улс байлаа. Тэр үед түүнээс хойш алтан ургийн манай хаад, дээдсийн зарлигаар хүний нутагт, харь орны номын сан, музейг чимэх өчнөөн олон зүйлс бүтээгдэж байв. Түүнийг судалж, монголын урлаг соёлын өв юм гэдгийг батлан дэлхийн олон улсад зарлаж, энэ мэтчилэн одоогийн монголын үр саддаа үзүүлж баймаар юм гэж бодогдлоо.

2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн "Миний нэр улаан" номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа.

Хол явахгүйгээр хоёр хөршөөсөө Хубилай, Бат хаадын зарлиг санаачлагаар хийлгэж бүтээлгэснийг хаймаар санагдаад явчихлаа. Монголын талаар нааштай, үнэнд ойр бичдэг түүхчдийн нэг Л.Н.Гумилёв "Хар домог"-тоо манай монголчуудын (мөн оросуудын)талаар өрнөдийнхөн хэтэрхий харлуулж онцгой муугаар бичдэг байснаас манайхны тухай тийм нэг сөрөг ойлголт үлдсэн тухай ихэд халаглан бичсэн байдаг. Бид өөрсдөө ч үүнд итгээд өөрсдийгөө муулах, доош нь дарах тийм сэтгэлгээтэй болчихсон мэт. Бид чинь авъяастай, авхаалжтай, ажилсаг түмэн шүү. Өв соёлоо дээдэлж, ирээдүйгээ итгэлтэй харцгаая.