Thursday, 19 March 2009

Европын холбоо ба Чех Улс

Европын холбооны (ЕХ) ажлыг гишүүн орнууд нь зургаан сарын хугацаатайгаар ээлжлэн зохицуулдаг. 2008 оны сүүлийн хагас жилд энэ ажлыг Франц хийж байсан бол, 2009 оны нэг сарын нэгнээс Чех (чехийн засгийн газар) авав. ЕХ ба дэлхий дахин, Эрчим хүч, Боловсрол гэсэн холбооны ерөнхий урианаас гадна чехүүд "Саад тотгоргүй Европ" гэсэн өөрийн давхар уриатай байгаа.

Даяарших эсвэл даяаршихгүй үлдэж сондгойрох; нэгдэх эсвэл тусгаарлах асуудал дээр дэмжигчид эсэргүүцэгчид байдаг. Чех Европын холбооны гишүүн болохоос өмнө “ЕХ-нд нэгдэх үү, нэгдэхгүй юү?” талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр евроинтерацийг дэмжигч, эсэргүүцэгч талуудын эсрэг тэсрэг санал бодол илэрхийлсэн нийтлэл, мэтгэлцээн өргөн явагддаг байв. Одоо ч чех нийгэм, тэр ч байтугай төр засаг нь энэ асуудлаар санал зөрсөн хэвээр. Чех улс ЕХ-г “даргалж” байгаа энэ үед ерөнхий сайд нь евроинтерацийг дэмжигч, ерөнхийлөгч нь тааламжгүй хандагч байгаа нь нэн сонирхолтой.

Харьцангүй шинэ гишүүн орон ЕХ удирдлагыг хүлээн авангуут Газын зурвасд дайн, Украин Оросын хийн хоолойн зөрчил үүсээд ажил анхнаасаа ярвигтай эхэлсэн. Ерөнхий сайд Мирек Тополанек хийн хоолойн асуудлыг зуучлан зохицуулах гэж Украин Орос хоёрын хооронд нойр хоолгүй “шогшон” байхад, Гадаад хэргийн сайд Карл Шварценбергэр нь дайны галын шугамд байн байн очиж Израиль Пластиныг эвлэрүүлэх гэж байхад, чехийн уран барималч Давид Черни „Ентропа“ хэмээх улс төрийн хошигнол, Европарламентэд Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаусын хэлсэн үг шинэ удирдлагын хазгай буруу гишгэхийг анаж байсан барууны „хөгшин бурхи“ нарт „дайран дээр нь давс үйх“ шиг л болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэл дүрэлзэв.

Дашрамд дурдахад, эдийн засгийн хөгжлийн түвшин, ялгааг үл харгалзан "Европын нийтлэг иргэншил, соёл, үнэт зүйлс, нийтийн зах зээл" гэж баруун европын (Австри, Англи, Бельги, Дани, Финлянд, Франц, Герман, Грек, Ирланд, Итали, Испани, Люксенбург, Нидерланд, Португаль, Швед ) улсууд нэгдсэн Европын холбоо 15 гишүүнтэй байсан бол 2004 онд хуучин социалист Дорнод, Төв Европ, Балканы (Болгар, Чех, Эстони, Унгар, Лави, Литви, Польш, Румын, Словак, Словени ) зэрэг арван орон, мөн Мальта, Кипр нэгдэснээр 27 гишүүн оронтой болжээ. Ойрын ирээдүйд Хорват, Македон, Турк нэгдвэл гучуулаа болно. Хэтдээ дэлхийн бодлогод зонхилох үүрэг гүйцэтгэх нэгэн цул олон улсын маш хүчирхэг институт болж магад гэсэн таамаг байдаг.

„Ентропа“ хэмээх орчин үеийн хэв маягтай том хэмжээний барималд Европын холбооны орнуудыг шатах хийн хоолойд дүүжлээстэй элдэв зүйлээр дүрсэлсэн дотор Болгарыг Туркийн жорлон мэтээр харуулжээ. Хэрвээ ийм ёгт санааг илэрхийлсэн баримал европын олон орны уран барималчдын хамтын бүтээл байсан бол асуудал гарахгүй байв. Ядаж түүнийг Европарламент хуралддаг ордонд байрлуулаагүй сан бол Чехийн тэргүүн шадар сайд Вондра, ерөнхийлөгч Вацлав Клаус нар уран барималч Давид Чернигийн өмнөөс албан ёсны хүлцэл өчих хүртэл асуудал хурцдахгүй байлаа. Яахав Чехэд уран бүтээлчид чөлөөтэй сэтгэж, дураар урлан бүтээх чөлөөт хөрс байна гэдгийг чанга хашгиран зарласнаас биш урлагын бүтээлийнхээ хувьд ур хийц онцгүй, содон сайхан санаа илэрхийлээгүй зүйл.

2009 оны 2 дугаар сарын 19-нд Европарламентын хуралд ерөнхийлөгч Вацлав Клаус үг хэлж байхад танхимд хуран цугласан олны зарим нь „браво“ гэж хашгиралдан баяр хөөрөө илэрхийлж, зарим нь дургүйцэн шууд босон хурал хаяж байв. Интеграцлан нэгдэх үйл явц эерэг сөрөг үр дагавартай, нарийн төвөгтэй болохыг ингэж ил шулуун, түс тас, зоригтой хэлсэн хүн байгаагүй болохоор түүний илтгэлийг хүмүүс ийнхүү донсолгоотой хүлээн авч байсан юм.

„ЕХ тухайн улс орон дотроо шийдчих асуудал бүрд үргэлж оролцож, Европарламентын санал хураалтаар амьдралаас хол хөндий шийд гаргаж байгаа нь тухайн орны иргэдийн хүсэл сонирхолд тэр бүр нийцэхгүй байна. Хэт төвлөрсөн удирдлагатай холбооны өнөөгийн систем, холбооны улсуудаа төвөөс захирч байсан Зөвлөлт Холбоот улсыг санагдуулж байна. Ардчилалын үнэт зүйлс алдагдахад хүрч байна. ЕХ, түүнд интеграчлагдах явц нь хүмүүс эрх чөлөөтэй сайхан амьдралд хүргэхэд үйлчлэх хэрэгсэл болохоос бус холбоо өөрөө бидний туйлын зорилго биш. Холбооны дүрэм журам нь улс орон бүрийн эрх ашигт бүрэн нийцэхгүй байна. Хятадын бараанд 66 хувийн гаалийн онцгой татвар оруулах нь дэндүү хатуу хориг арга хэмжээ“ гэх мэтээр ерөнхийлөгч Клаус Европын Холбоог шүүмжлэсэн. Мэдээж ЕХ-ны сайн талыг нь бас дурдсан.

Чехийн парламентын доод танхим Лиссабоны гэрээг батлахаар болж санал хураасны яг маргааш нь ерөнхийлөгч нь Брюсельд ийм үг хэлсэн гэж байгаа. Чехийн хуулиар парламент нь баталсан ч ерөнхийлөгч нь гарын үсэг зурж байж хууль хүчин төгөлдөр болж баталгааждаг юм байна. Одоогоор ерөнхийлөгч “гарын үсэг зурна, зурахгүй” дээр хариу хэлдэггүй нь барууныхны эгдүүг ихээхэн хүргэдэг бололтой.

Улс төр судлаач, эдийн засагч, хуульч биш бибээр Европын Холбооны бүтэц, хууль, улс төрийн хөшүүрөг, эдийн засгийн гэрэл сүүдрийг мэдэхгүй. Клаус шиг зангарагтай том улс төрчийн хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийж чадахгүй. Энэхүү тэмдэглэл бичихдээ тийм зорилго ч тавьсангүй. Гэхдээ чехийн удирдлага өөрийн гэсэн онцлогтой тийм нэг харгуйгаар улс орноо залдаг гэдгийг баттай хэлж чадна.

Дэлхийн ихэнхи орны ойн нөөц хорьдугаар зуунд хорогдсон бол, ой мод сэргээх ажлыг төлөвлөгөөтэй, тогтмол явуулж улсынхаа ойн нөөцийг хорогдуулалгүй авч үлдсэн дөрөвхөн орны нэг нь Чех.

Социализмын үед дотоод яамны мэдлийн боловсон хүчин байсан, эсвэл мэдүүлэгч байсан хүмүүсийн жагсаалт гарган тарааж, ардчилсан нийгэмд улсын хариуцлагатай ажил хийхийг хорьсон тогтоолоор социалист үр дагавраасаа дэндүү огцом, эрс салсан тэр хэмжээгээрээ зах зээлд түргэн амжилттай орсон орон бол Чех.

Европын Холбооны дотоод дүрмийг хуульчилан заасан Лиссабоны гэрээнд гарын үсэг хараахан зураагүй байгаа хоёрхон орны нэг Чех.

Доллар, евротой харьцах кроны ханш жилээс жилд чангарч, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах зөв бодлого барьж ирсэн орон бол Чех. Ард олонд хүнд тусч цочирдоно хэмээн одоо болтол гүйлгээндээ евро хэрэглэхгүй цааргалсаар, үндэсний мөнгөн тэмдэгттэйгээ байгаа европын цөөхөн орны нэг Чех.

Дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээ гэгчээр ихэнх орны засгийн газар нөөцөөсөө мөнгө гаргаж байхад ийм арга хэмжээ аваагүй үлдсэн хоёрхон орны нэг нь Чех.

Хямралын үед олон үйлдвэр, аж ахуйн газар үүдээ барьж ажилгүйчүүд огцом өсөхөд нийгмийн гэмт хэргийн нөхцөл байдлыг муутгахгүйн үүднээс, өөрийн чех ажилчиддаа ажилтай байх илүү боломж олгох, өөрийн ардуудад ажилгүйн халамжийн мөнгө илүү хүртээх гэж замын зардал даан, халаасны мөнгө 500 евро олгон гадны цагаачдад эх нутагтаа харих боломж олгосон өөр орныг би дуулаагүй. Энд ажиллаж байгаад энэ программын дагуу нутаг буцсан нэлээд олон монголчууд бий.

Өчигдөр Чехийн засгийн газрын тэргүүн Мирек Тополанек НАТО-ын (ПРО) пуужин эсэргүүцэх ракет Чехэд байрлуулах төслийг парламентаас буцаан татаж буйгаа зарлалаа. Ерөнхийлөгч Вацлав Клаус Америкт лекц уншиж байгаад иржээ. „Зах зээлийн хуулиар зохицуулагдах үйл явцад төр хэтэрхий хутгалдсанаас эдийн засгийн энэ хямрал үүссэн. Гэтэл хямралаас гарахад төрийн орлцоог хэт дөвийлгөж байна“ гэсэн үгийг америкийн хэвлэл мэдээлэл бас өлгөн авч шуугисан сурагтай.

Манай засгийн газрын тэргүүн ч бас хойд хөршид айлчилж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж явааг үзэж, сонслоо.

Sunday, 15 March 2009

Зураач Гойя

Гойя гэхээр герцогиня Алба-г "Нүцгэн Маха", "Өмсгөлтэй Маха" зурагтаа мөнхөлсөн, гобелен хэмээн гар хийцийн ханын хивс нэхэх пано-загвар зурдаг хааны ордны зураач санаанд буудаг байв. Лион Фейхтвангерийн "Гойя" түүхэн романаар хийсэн киноноос энэ нэрт зураачийн тухай анх мэдэж билээ. Их сонин санагдсан тул номыг нь хэргээр олж уншиж байлаа. Испаны инквизицийн тухай "Капричос" гэдэг улс төр шашны цуврал ёгтлол нь их хүнд сэтгэгдэл төрүүлэм, Маха болон бусад хөрөг зургаас тэс өөр хэв маягаар зурсан болохыг хараад гайхаж байж байсан.

Өнөөдөр испани зураач Гойя (1746-1828)-н "Дайны гамшиг" график зургийн үзэсгэлэн үзлээ. Түүний эх орон Наполеоны армид эзлэгдсэн он жилүүдийн (1810-1820) тухай зураглан үлдээсэн 82 хуудас түүхэн баримтыг уран зургаас харлаа. Испанийн үндэсний эрх чөлөө төлөөх дайны жилүүдэд энэ цувралыг бүтээсэн гэдэг. Энэ хорвоод хүн болон төрөх нь зүүний үзүүрт будаа тогтох лугаа адил ховорхон эрхэм заяа гэдэг. Гэтэл дайнд амь үрэгдсэн хүмүүсийн цогцос дээр дээрээ овоороод хог чулуу шиг хөглийж байна. Зургийн тайлбар "Яах гэж төрсөн юм бэ?" Загалмайтны сүм зургийн дэвсгэр болж, наана нь нялх үрийнх хажууд эхийг нь хүчирхийлж байна. Махчин шувууд талийгчийн цогцос дээр найрлаж байна. Хүүхний хүзүүнээс мулталсан сондор, айлын авдраас ухсан олзоо дааж ядан яваа цэрэг. Хүн дүүжилсэн доромжлон гутаасан мод, газар чулуу хүртэл ёолж байх шиг. Бойнд байгаа малын гулууз шиг хөл гар нь ёрдойсон үхдэлүүд...Ганц хоёрхон зураасаар айсан нүд, гутан доромжлогдсон энгийн хүмүүсийг гаргаж чадсан бол эзэрхэг түрэмгий, ичгүүр сонжуургүй, ховдог шунахай харийн цэргүүд гээд дайны үнэн нүүр царайг гайхамшигтай гаргажээ.

Үзэсгэлэн үзэж дуусаад, санал сэтгэгдэлийн дэвтэрт нь монголчууд үзлээ гээд ганц хоёр үг биччих гэж бага хүүдээ хэлэв. Хүү ч тэр дороо ганц өгүүлбэр татлачихлаа. Агуу зураачийн бүтээлд автагдаад нэг хэсэгтээ дүнсгэр чимээгүй байсан бид хэд унаанд суухаар явж байхад "чи юү гэж бичсэн бэ" гэж ахыгаа асуухад отгон хүү "Бидэнд нялзаагаад байдаг зэрлэг, догшинг Европоос харлаа. Монгол аянчид" гэж бичсэн, гэдэг байгаа.

Ер нь аль ч үндэстний түүхэнд дайн байлдаан байсан. Дайн хэн хэнтэй дайтаж байгаагаас үл хамааран хатуу дүрэмтэй, аймшигтай зэрлэг, хар сүүдэртэй. Хэзээ ч тийм байсан, одоо ч тийм. Бидний үед социалист үзэл сурталд баригдан бичигдсэн өрөөсгөл түүх, бараг хориотой хаалттай байсан Гумелёвын номнуудаас өөр нүд нээх юмгүй байлаа. Одоогийн хүүхдүүд Jack Weatherford зэрэг үнэнд ойр бичигдсэн ном уншиж, түүхэн үйл явдал харуулсан кино үзэх боломжтой, тэр хэмжээгээрээ өөрийн бодолтой өсч өндийж байна. Монголчуудын талаар яригддаг "хар домог" аажмаар бүдгэрч байх шиг. Сэтгэл сэргээд явчих шиг л болов.

Tuesday, 10 March 2009

Монголд байсан тайлан

Блог: Зарим блогчидтой уулзаж танилцав. Блогчдын бичлэг цуглуулж ном бүтээх сэн хэмээн бодож явдаг мөрөөдөл маань биелэлээ олох нь. Ганц хоёр хэвлэлийн газартай ярьсан шиг, тэдний санал бодлыг тандсан шиг явж байв. Блог гэж мэдээлэл арвинтай сонин сайхан зүйл гэдгийг ерөнхийдөө гадарладаг болсон ч энэ талаар огт мэдэхгүй хүмүүс бас олон байнаа. Энгийн уншигчид байтугай мэргэжлийн сэтгүүлчид дунд ч блог мэдэхгүй нөхөд таарч байв. "Мөнхийн үсэг" хэвлэлийн газар бид редактор, дизайн, борлуулалт хариуцаад хэвлэлийн тал зардал гаргая, та нар дундаасаа тал зардлаа гарга гэж тодорхой ажлын санал гаргасан тул олон хүний өмнөөс ганцаар дур мэдэн шийдэж хариу өгч чадахгүйн учир блогчидтойгоо зөвлөлдөхөөр ийш тийш баахан утас цохив. Цахим өртөөг анх санаачлан ажиллуулагчдын нэг, анхны сайн блогчдын нэг Д.Сайнбаяр дэмжиж, мөнгө босгож санхүүжүүлэх боломжтой, улмаар гадаадын орнуудад байдаг монголчуудад монгол ном түгээдэг "Номун далай" сүлжээгээр хэвлэгдсэн номоо борлуулах боломжтой гэснээр энэ санаа минь блог-төсөл гэж нэрлэгдэх, улмаар төсөл маань хэрэгжих бодит боломжтой болоод явчихлаа. Ингээд бид хэд цуглаж блогчдын ном хэрхэн бүтээх талаар санал солилцсон. Мика бичлэг оруулсан тул энд нуршаад яахав. Нутагт аливаа ажилд түшиг болж, элэгсэг дотно хандаж байсан Мика, Idea болон блогчдын бичлэгээр ном бүтээх ажилд гол үүрэг гүйцэтгэсэн Сайнбаяр нартаа талархаж буйгаа илэрхийлье. Блог анд Амарсайхан, Галаарид нар "Гэрэлт цалиг" гэдэг сонин гарган, "Цалиг" хэвлэлийн газар ажиллуулж байгаа нь бидний номыг нэгтгэн боох, бидний бичлэгийг шүүн тунгааж номын хэмжээнд аваачих нүсэр ажлыг блог ойлгодог "өөрсдийн" хүмүүс хийх сайхан боломж олгож байна. Шилдэг зуун бичлэгийг сарын хугацаанд блогчдын дунд явуулах санал асуулгаар бүрдүүлнэ гэж ихээхэн ардчилсан шийд гаргасан. Ажиглаад байхад хүмүүс бие биеэ хүлээсэн отсон байдалд байх шиг санагдах юм. Блогчин бүр өөр өөрийн бяцхан хүрээтэй, тэр тойрогтоо л эргэлддэг байх. Иймд өөрийн хүрээнээс гадна орчны сайхан бичлэгтэй блогийг мэдэхгүй байгаа. Санакайн нээж, Мика салхийг нь хагалсан блогт бичлэг цуглуулж байгаа. Жингүйдсэн далийсан мурийсан бичлэгт дуртай нь тийм өнгө аястай бичлэгт, жинтэй бичлэгт дуртай нь жинтэйд нь, яруу найрагт дуртай нь шүлэг найрагт гээд өөр өөрийн дуртай блогийн сэтгэлд үлдсэн сайн бичлэгт саналаа өгөөрэй. Анхны номоо олон янзын өнгө аястай бичлэгээр арвин гаргачихвал дараа дараагийн ном маань уншигчдын хүсэн хүлээдэг сайхан цуврал болох учиртай юм шүү. Номын цагаан буян арвижих болтугай.

Үзвэр: Нутагт очих тоолонд цагтаа соёлын яамны сайдын алба хашиж байсан, оюутан үеийн найз Баатарцогт, түүний гэргий Имина нар шинэ гарсан үзвэр үзүүлдэг. Ноднин "Гэсэр номун хаан" бүжгэн жүжгийн шинэчилсэн хувилбар, уржнан ориг япон хувцастай "Чио Чио сан" дуурь дуулахыг үзүүлж билээ. Энэ жил тэд халимгийн соёлын өдрүүдийн концерт, морин хуурын чуулга үзүүлсэн.

Харин энэ жилийн үзвэрийн салхийг блогч Болор-Эрдэнэ хагалж, сонгодог хөгжмийн концертод урив. Улсын филармонид бид хоёр "Хобби" сургуулийн захирал, хөгжим судлаач профессор Д.Оюунцэцэг хатагтайн тайлбартай "Симфони" хөгжимийг сонсон нэгэн оройг өнгөрүүллээ. Сэтгэлгээний богино өгүүллэгүүд бичдэг Х.Болор-Эрдэнийг өвөрмөц сонин шийдэлтэй бүтээлээ туурвихдаа хүнд заавал юм бодогдуулдаг болохоор нь бодолд дарагдаж дуугаа хураасан, бодлын хүндээс болоод аажуу тайван хөдөлгөөнтэй хүн байх юм болов уу гэж яагаад ч юм төсөөлдөг байлаа. Гал цахилгаан шиг жавхаалаг залуухан бүсгүй байдаг шүү. Нэг хэсэгтээ алмайрч, өлгүүрийн дугаараа авахаа мартаад өвлийн хүйтэнд пальтогүй харих дөхсөн гэж, хэхэ.

Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын уран бүтээлийн цэнгүүн бөхийн өргөөнд болов. Урьд шүлэг найраг бичдэг зохиолчид уран бүтээлээ тайзан дээрээс хүнд хүргэж байснаас үргэлжилсэн үгийн зохиолчдоос эл эрхэм анх удаа ийм арга хэмжээ зохиов. 2004 онд "Хөх тавилан" туужаараа төрийн соёрхол хүртэж байсан, хүний сэтгэлийн утсыг хөндөж, уран яруу үнэн гоё бичдэг хүн дээ. Төв телевизийн соёл урлагын ерөнхий редакцид алба хашдаг тэрээр тууж өгүүллэгээс гадна өчнөөн кино зохиол, теле жүжиг, дууны үг бичжээ. Нэрт уран уншигчид зохиолын хэсгээс сэтгэл гэгэлзтэл сайхан уншиж байв. Номын анд яруу найрагчид Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Эмүүжин гээд алдартнууд шүлгээ уншиж бэлэг барьж байв. Энэ сайхан арга хэмжээнд бөхийн өргөөг дүүргэх хүн цугласангүй, цугласан хүмүүс гар утсаа унтраахгүй, өөр хоорондоо дүнгэнэтэл ярьсан, тууж өгүүллэг сонсоод ойлгох насанд хүрээгүй нялх хүүхдээ дагуулж ирээд уйлуулаад (арай л чимхээгүй байх) байсан нь харамсалтай.

Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлэмжиев манайд айлчилж, халимагийн соёлын өдрүүд болов. Бид адилхан л монголчууд хэдий ч дөрвөн зууны уртад алсран оршоод эрхбиш өөр өнгө аястай дуулдаг бүжиглэдэг болж. Гэхдээ хүмүүс их дотно сайхан хүлээж авч байлаа. Цусны шинжилгээ хийгээд хэн нь цэвэр цусны монгол гэдгээ тодруулах гээд байлгүй боломжтой ажил үйлст хамтарч болохыг хүмүүс ойлгож эхэлж байх шиг. Шатрын холбооны ерөнхийлөгчийн хувьд манайд шатрын өргөө барьж өгөхөөр, хүүхэд залуучуудыг шатрын эрдэмд сургахаар болж байна.

Морин хуурын чуулгын тоглолт үзлээ. Ардын жүжигчин Батчулуун тухайн хөгжим дууны түүхийг хошин шогийн донжийг тааруулан тайлбар өгч сайхан хөтөлж байв. Байгууллага хувь хүний хандиваар чуулга маань хөгжмийн зэмсэг, тоглолтын хувцас сэлтээ шинэчлэн долоон сарын үймээний хохирлыг ардаа орхисон бололтой. Их өнгөлөг сайхан харагдаж байв. Хөгжим нь их уянгалаг байсан гэдгийг хэлэх ёстой байх. Морин хуурын чуулгатай уртын, бэсрэг уртын дуу, ардын богино дууг нэрт дуучид дуулсан.
Дашрамд дурдахад морин хуур хөгжим нь Монгол туургатны уламжлалт өв хэмээн данслагдан ЮНЭСКО-д бүртгэгдж гэрчилгээ батламжаа авчээ. Ерөнхийлөгчийн зарлигаар хэдэн жилийн өмнө морин хуурыг төрийн хүндэтгэлийн хөгжим болгон залсан бол, 2009 оноос эхлэн жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн хүртэл "молор эрдэнийн толгойт морин хуураа" айл болон албан байгууллага бүр хоймортоо залах аян улс орон даяар зохион байгуулахаар болсон байна. Энэ аяны хүрээнд морин хуурын богино хугацааны сургалт явагдаж, албан байгууллага айл өрхөд мэргэжлийн хөгжимчид морин хуур хөгжмөөр "Сэтгэлд шингэсэн говь минь", "Үүлэн бор", "Хэнтийн өндөр уул" зэргийг гоцлол хуураар, "Идрэнгийн гол", "Аравгар хээр", "Романс", "Сонатын алегро" зэргийг хуурын дөрвөлөөр тоглон жавар үргээх захиалга авч байгаа юм байна.

Хөгжил: Улаанбаатар маань утаатай, хөдөө орон нутагт цас зудтай, төр засаг түжигнээстэй, олон улсын зах зээлд түүхий эд ашигт малтмалын үнэ унаад, дэлхий даяар эдийн засгийн хямрал гээд дан хар бараан мэдээн дунд байсан ч улс орон маань хөгжиж дэвших цаг тун ойртож дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Урьдын хямралгүй жилүүдэд хүмүүсийн харьцаа, сэтгэлгээ заримдаа эгдүү хүргэж, бүр бачимдуулдаг байсан болохоор олон шинэ барилга баригдсан, байгаагүй олон шинэ үйлчилгээ нэвтэрсэн гэдгийг хардаг ч ийм мэдрэмж төрдөггүй байв.

Дэлгүүр, зоогийн газар гээд үйлчилгээний салбарын хүмүүс боловсон зөв харьцаагаар үйлчлүүлэгчээ татна гэдгийг мэддэг болжээ. Манайд байдаг зурагтын олон суваг хоорондоо нэг их ялгарахгүй, улс төржсөн мэдээ голдуу цацдаг байлаа. Одоо суваг бүр өөрийн онцлогтой болж эхэлж байна. Цагаан сараар гэхэд суваг болгон өөр өөр нэвтрүүлэг бэлтгэсэн. Зурагтууд сайн уран бүтээлээрээ онцгойрч л үзэгч татна гэдгийг мэддэг болжээ. Гадаад хэл сурах залууст дуртай хэлнээ дурын суваг үзэх боломжтой байна билээ. Нийгэмд хойч үед хэрэгтэй гээд дэлхийн сонгодог зохиол, манай монголын аман зохиолын өвийг хүүхдүүдэд хүргэхээр зорьж, санаа бодлоо ажил болгохоор хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа хүнтэй таарлаа.

Малгүй сумын төвийнхөн, ажилгүй хотын захынхан л тиймхэн байгаагаас биш эрвийх дэрвийхээрээ хөдөлж байгаа хэн хүнд Монголд ажиллах боломж байнаа. Хөдөө амьдрал байна. Хот хөдөөгүй интернеттэй, гар утастай болжээ. Тэжээлийн ургамал тариалж, түүгээрээ хоргожин хийгээд багсармал тэжээл хийдэг жижиг үйлдвэр цехтэй, хүмүүс байна. Эрчимжсэн хагас суурин мал аж ахуйд шилжих тал дээр бодит ажил хийгдэж байна. Хуучин өөрийн ажлын тухай ярихдаа нам засгийн буянгаар ч гэх шиг хэдэн жижүүрийн үг гүвтнэдэг байсан бол, одоо дарга сурвалжлагч ер нь хэн ч юу ч асуусан өөрийн үгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болжээ. Асуудлын зөв шийдэл хамтарч хайдаг, багаар ажиллахын үнэ цэнийг мэддэг болж байна. Аятайхан хамгийн гол нь цэвэрхэн хувцасладаг болж. Сэтгэлгээний дэвшил явагдаж, хүмүүс өөрчлөгдөж байна гэдгийг хэлэх гээд байна.

Манай нийгэм тэр аяараа буцлан даргиж байгаа цай шиг ч буюу үсрэх гээд биеэ хөвчилж байгаа араатан шиг байна. Хүмүүс нь хөгжөөд өөрчлөгдөөд ирэхээр ийм их уудам газар нутагтай, газрын хөрсөн доороо тийм их баялагтай, түүхэн их өв соёлтой улс хөгжиж л таараа.


Tuesday, 20 January 2009

Миний Нэр Улаан-4

Тавдугаар бүлэг

Би хайрт нагац ах чинь байна

Би Харын ээж талын хамаатан нагац ах буюу эниште, гэхдээ бүгд намайг “Эниште” гэсээр миний нэр шиг болж хоцорсон юм. Гучин жилийн өмнө, энд нүүж ирэхээс өмнө манайх туулайн бөөр, далдуу мод ургасан Аскария дүүргийн сүүдэрлэг чийгтэй гудамжинд байхад Хар манайд олонтой ирдэг байв. Нэг зун Махмуд пашад бараа болж яваад намар эргэж ирэхэд, Хар ээж нь гэрээсээ зугтаж манайд бүр ирсэн байлаа. Харын ээж, хайрт талийгч эхнэрийн маань төрсөн эгч тул манайд тайван амьдарч болох билээ. Өвлийн үдэш гэртээ харьж ирэхэд эхнэр маань эгчтэйгээ тэврэлдэн суугаад зовлон жаргалаа хуваалцан уйлж суухтай олонтой таарч байв. Харын эцэг ааш муутай, архи уудаг тул янз бүрийн шашны сургууль-медрест багшилж байсан ч хаана ч удаан тогтдоггүй хүн байсан. Тэр үед зургаан настай Хар ээжийгээ уйлахад дагаж уйлаад, дуугүй болоход нь Эниште над руу айсан байдлаар хардаг байв.
Одоо хүүг нас тогтсон, шийдэмгий эр болсныг харахад таатай байна. Хар миний гарыг үнсээд, дараа нь духандаа хүргэж, “зөвхөн улаан бэх хийхэд” хэмээн монгол бэхний сав бэлэг болгон барьж надад хүндэтгэл үзүүлэв; өвдөг хавсран өөдөөс харан даруухан сууж байна; тэрээр эрийн цээнд хүрсэн хэрсүү эр болье гэсэндээ хүрчээ гэдгийг, би ч хүндэтгэл төрүүлэм ахмад болж гэдгийг энэ бүгд харуулж байв.
Би ганц хоёрхон барааг нь харсан аавтайгаа Хар их адил юм: Өндөр, гуалиг биетэй, гар хуруу нь огцомдуухан хөдөлгөөнтэй. Гараа өвдөг дээрээ аван, “би таныг эрхэмлэн сонсож байна, ойлгож байна” гэх шиг чухал юм ярих үед нүд рүү эгцэлж харан, үгийн айзмаар бага зэрэг толгой дохиж зөвшиж таашааж буйгаа илэрхийлж байв. Хорвоогийн тоосыг олон жил хөдөлгөж буй би жинхэнэ хүндэтгэл тодорхой ёс журам мөрдөх, хүндэтгэн бишрэлээс үүсэхээс зүрх сэтгэлээс үүсдэггүй болохыг мэднээ.
Хүүгийнхээ ирээдүйн зам мөрийг эндээс харж, манайхаас хүлээж байсан ээж нь Харыг элдэв шалтагаар манайд ойр ойрхон дагуулж ирдэг байлаа. Хүүг номонд дуртай болохыг анзаарч бид хоёр дотносон ойртож, тэр миний “шавь” болсон юм. Би түүнд Ширазын зураачид шинэ хэв маягаар алслалын зураасыг дээд захад аваачдаг болсон тухай ярив. Лейлуд дурлан солиорох дөхсөн Меджнуну цөлд шаналж буйгаар ганцаардалыг илэрхийлдэг бол, их зураач Бехзад харин Меджнунуг хоол хийж буй хүүхнүүдийн дунд дүнзээр гал ноцоох гэж оролдож буйгаар, майхануудын дунд алхаж буйгаар дүрсэлсэн ч ганцаардалыг гаргаж чадсан нь гайхамшигтай. Шөнө дунд нууранд нүцгэн усанд орж байгаа Шириныг нуугдан харж байгаа Хосровыг зурахдаа, олон зураачид Низами энэ тухай бичсэн шүлгийг уншдаггүй болохоор утгагүй тэнэг өнгөөр буддаг, ямар үйл явдлын тухай гэдгийг мэдэхгүй зурна гэдэг мөнгөний шунал.
Харын зураг мөнгө хоёрыг тус тусд нь авч үздэг чанар бахархууштай: Урам хугарч санаагаар унахгүйн тулд урлагыг талхаа олдог хэрэгсэл болгохгүй хэрэгтэй. Ямар ч авьяастай, урлагын гайхам мэдрэмжтэй байсан, үнэлэмж шан харамд гонойхгүйн тулд зураг урлагаар бус өөр салбарт хоолоо олж идэх нь зөв.
Стамбулын болон хөдөө орон нутгийн баячууд, сурвалжит хүмүүсийн захиалгаар Тебризийн олон зураач, уран бичигч нартай танилцаж ном хийлгэж байсан, эдгээр урчууд хүнд нөхцөлд их ядуу амьдардаг тухай Хар ярив. Зөвхөн Тебризд ч биш Мешхед, Алеппогийн зураачид ядуураад аргагүйн эрхэнд номын зураг чимэг хийхээ больж, европын жуулчдын сониучирхал таашаалд нийцэх шалдир балдир зураг зуран амь зууж байна. Энхийн гэрээ байгуулахад Ираны шах Аббас манай Султан бэлэг барьсан зурагтай гар бичмэлийн хуудсуудыг урж тасдан өөр номонд ашиглаж байгаа гэж сонссон. Энэтхэгийн (Могол) хаан Акбар гайхалтай том шинэ ном хийлгэхээр хөрөнгө мөнгө харамгүй зарж байгаа сургаар Тебриз, Казвины урчууд түүний ордонд ажиллахаар бүгд тийшээ цувж байна.
Урчуудын тухай Хар ийнхүү хөөрөх зуураа өөр сонирхол татам үг яриа бас хавчуулж байв: хуурамч Мехдийн тухай эсвэл Сефевидууд хэрхэн узбекүүдэд энх тайвны баталгаа болгон мэдрэл муутай хуантайжаараа барьцааны хүн хийсэн, тэр нь өвдөж халуураад гурав хоног дотор өөд болсон зэрэг сонирхолтой тохиолдлыг ярьж, над руу инээмсэглэн харж байв. Түүний царай барсхийхэд, бид хоёрын дунд хөндөж чадахгүй сэдэв, ээдрээтэй асуудал байсаар байгааг гадарлав.
Учир нь Хар манайхаар орж гардаг, үгүйдээ бидний талаар мэдсэн, манай үзэсгэлэнт охины талаар сонссон бусад бүх залуусын нэгэн адил миний ганц охинд Шекюред дурласан байсан юм. Тэр үед гоо үзэсгэлэн төгс Шекюред түүний барааг хараахан хараагүй харчуул хүртэл дурладаг, за бараг бүгдээрээ сүйд болдог байсан тул би үүнийг тоодоггүй хэрээс хэтэрсэн гэж боддоггүй байв. Гэтэл Харыг манай гэрийнхэн өөрийн хүн шиг хайр халамж тавьдаг, манай гэрийн хүний хувьд охины нүүр царайг харсан магадлалтай тул аюултай байлаа. Хар бие сэтгэлээ хазаарлан барихын оронд охинд хайр дурлалаа илчилсэн юм.
Ингээд Хар манайд орох эрхгүй болсон хүн дээ.
Түүнийг Стамбулаас гарч явснаас хойш гурван жилийн дараа ид цэцэглэх насандаа охин маань сипахи морьд цэргийн эртэй ханилан суусан, хоёр хүүхдийн эцэг болсон ч хэрсүүжиж төлөвшөөгүй тэр нөхөр гэр бүлээ орхин дайнд мордоод ор сураггүй болж өнөөг хүртэл эргэж ирээгүйг Хар дуулж мэдсэн гэж бодож байна. Би үүнийг зөвхөн Стамбулд хов жив түргэн тардаг болохоор бус, яриа тасалдан чимээгүй болоход над руу харсан түүний харцаас тэрээр энэ бүгдийг аль эрт дуулсан мэдсэн гэдгийг мэдэрсэн. Одоо номын ацан тавиур дээр дэлгээтэй байгаа “Сэтгэлийн тухай Ном”-ыг үзэнгээ байшинд гүйлдэх хүүхдийн чимээг анирдан сонсож байна; охин маань хоёр хүүгийн хамт төрхөмдөө эргэн ирснийг ч тэрээр мэдэж байгаад би эргэлзсэнгүй.
Нэр хүндтэй хангалуун амьдралтай болох гэж буй Хар болон бусад залуу нөхдүүд эд хөрөнгийн асуудлыг хөндөж ярихыг бүдүүлэгдүү гэж үздэг учир, Харын эзгүйд барьсан манай хоёр давхар шинэ байрны тухай яриагүй. Шатаар хоёр давхарт гарч байхдаа, ингэж дээш өгсөх нь хөл өвдөхөөс сэргийлдэг, яс үргэлж янгинадаг надад хоёрдугаар давхарт чийг багатай хуурай болохоор зүгээр байдаг юм гэж тайлбар тавьлаа. Хоёрдугаар давхар гэж хэлэхдээ ичих шиг эвгүйцсэн, гэхдээ одоо надаас хамаагүй бага орлоготой хүмүүс, даруухан цалинтай морин цэрэг хүртэл давхар байшин бариулж байхад Хар шиг залуу удахгүй ийм байртай болох нь лавтай.
Бид хоёр өвөлдөө урлан болгон ашигладаг цэнхэр хаалгатай өрөөнд сууж байлаа. Хамар өрөөнд Шекюре байгааг Хар мэдэрч буйг нь надад ажиглагдав. Тебриз руу захиа илгээн яах гэж түүнийг Стамбулд дуудан авчирсан тухай гол яриандаа шууд орлоо.
“Чи Тебризд байхдаа хүний захиалгаар зураач урчуудаар ном бүтээлгэдэг байсан шиг, би одоо нэг ном бүтээлгэж байгаа” гэж би хэлээд, “Энэ номын захиалагч нь ертөнцийн тулгуур, наран гэрэлт Султан билээ. Ном нууцаар бүтээгдэж байгаа болохоор надад шан хамаржийг ордоны Жасын няраваар дамжуулан өгч байгаа. Би номыг султаны урланы хамгийн туршлагатай, шилдэг зураач урчуудаар хийлгэж байгаа. Одоогоор нэг нь нохой, нөгөө нь мод, гурав дахь нь алсад харагдах үүл болон хуудасны хөвөөг чимэглэх, бас нэг нь морь хариуцан зурах захиалга аваад тус тусдаа ажиллаж байгаа. Бидний дүрслэн зурсан юмс Венецийн зураачид зурдаг шиг манай Султаны ертөнцийг харуулах учиртай. Зөвхөн түүний эзэмшдэг эдэлдэг эд баялаг бус тэрчлэн түүний баялаг дотоод ертөнцийг инээд баяр, уй гашуу бүгдийг харуулах болно. Мөнгийг үл тоомсорлож буйг илтгэх гэж Алтан зоосийг хамгийн сүүлд зурсан; бидний айдас хүйтсийг харуулах гэж Үхэл Буг чөтгөрийн зургийг бас оруулсан. Энэ номын тухай ямар цуурхал, явга яриа явааг би мэдэхгүй. Наран гэрэлт Дээдэс Султаны эзэмшилд модны мөнхийн ногоон чанар, морьны туйлдаж цуцсан байдал, нохойны зэрлэг увайгүй авир орох нь зүйтэй гэж бодном. Би “Өрөвтас”, “Дэгжин”, “Эрваахэй”, “Чидун” хоч нэртэй манай шилдэг зураачдыг дуртай сэдвээ сонгож авахыг санал болгосон. Эд нар номонд орох зургаа үзүүлэх гэж хүн гадаа гарамгүй өвлийн хүйтэн үдэш ч манайд нууцаар ирж хийсэн бүтээснээ үзүүлж байгаа.
Ямаршуу зураг бүтээгээд байгаа? Яагаад ийм маягаар зурсан? Одоогоор энэ талаар хариулж чадахгүй нь. Чамаас юм нууж байгаадаа бус, хэлэхийг хүсэхгүй байгаадаа бус. Үнэнийг хэлэхэд эдгээр зургийг чухам яаж зурах ёстойг би ч өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Гагцхүү ямар зураг байх ёстойг л гадарлаж байна.
Би Хард дөрвөн сарын өмнө захиа илгээсэн: бидний хуучин байрны орчимд байдаг үсчингээс Хар Стамбулд ирснийг дуулаад түүнийг ирж уулз гэж урьсан юм. Миний яриа I was fully aware that my story bore a promise of both sorrow and bliss that would bind the two of us together.
“Зураг болгон ямар нэг юм илтгэн хэлэхийн тулд байдаг,” гэж би хэлэв. Дурлалт хосын бие биеэ ширтэх анхны харц; мангасын толгойг цавчиж байгаа Рустем баатар; үл таних хүнийг гэж бодоод төрсөн хүүгээ хөнөөсөн Рустемын уй гашуу; дурлалдаа шатсан Меджнун онгон зэрлэг байгалд арслан, бар, цөөвөр чоно, буга согоо дунд; тулалдаан хэрхэн төгсөхийг шувуунаас тандан асуухаар ойд ирсэн Македоны Александрийн өмсгөлийг аврага том шонхор урж тасдаж буйг зэрэг номын онцлог үйл явдлыг дүрсэлж зуран номыг амьдруулж илүү сонирхолтой гоё болгодог билээ. Номын бичлэг уншсаар нүд цуцдаг, зураг харахдаа харин амардаг. Бичлэгийн ухаж төсөөлөхөд хэцүү хэсгийг ойлгоход зураг тусладаг, зургийн хүчээр бичлэг амилдаг. Тайлбар бичиггүй зураг зурах боломжгүй.
“Би ингэж боддог байлаа”, гэж би харамсалтайяа нэмж хэлэв. “Болдог юм билээ. Хоёр жилийн өмнө Султаны бие төлөөлөгчөөр Венецид дахин очих завшаан тохиож, тэнд венецийн зураачдын бүтээлийг харсан юм. Чухам ямар үйл явдалд тухайн зураг хамаарч буйг мэдэхгүй бибээр зурагнаас юү илэрхийлснийг ухаж ойлгохыг оролдож байв. Нэг өдөр зураг өлгөөтэй ордоны ханан дахь зургийг хараад ихэд цочив.
Зүгээр л нэг над шиг хүний зураг байв. Мэдээж тэрслүүгийн нэг, манайхан биш. Зургийг хараад байтал надтай адилхан ч юм шиг санагдаад явчихав. Махлаг дугуй царайтай, намхан шанаатай, миний урагш түрсэн сайхан шаймий эрүүтэй адил биш эрүүтэй гээд надтай огт төсөөгүй. Төстэй адил зүйл дуслын төдий байхгүй ч, зургийг харах тутам өөрийн зуруулсан хөргөө олоод харсан шиг догдолж байв.
Ордон дотор надайг дагуулж явсан ноёнтоноос хэний зураг болохыг сураглахад, түүний найз яг энэ эрхэм шиг сурвалжит хүн болохыг мэдэв. Арын цонхоор харагдах тосгон, түүний эдлэн газар, өнгө алаглах яг бодит юм шиг харагдах ой мод зургийн ар дэвсгэр болжээ. Түүний өмнөх ширээн дээр ширээний цаг, ном, Цаг хугацаа, Муу үйл, Амьдрал, уран бичлэгийн үзэг, газрын зураг, луужин, алтан зоос бүхий хайрцаг зэрэг юу болохыг нь би хэлж мэдэхгүй бусад зурагнуудад бас байсан элдэв шалдав зүйлс, джины сүүдэр, Буг чөтгөр, төгсгөлд хэлэхэд эцгийнхээ хажууд зогсож байгаа үзэсгэлэн төгс охины хөрөг гээд энэ эрхмийн амьдралд чухал болгоныг энэ зурганд багтаажээ.
“Хүүрнэлийн ямар илэрхийлэл ийм гоё, төгс байх вэ? Бүтээлийг харсаар зураг өөрөө өгүүлэмжээр дүүрэн юм байна гэдгийг аажмаар ойлгов. Зураг гээч чинь заавал ямар нэг бичлэгийн тайлбар хавсралт байх албагүй, өөрөө бие даасан бүтээл байж болох нь.
Намайг үлэмж гайхшруулсан энэ зураг санаанаас гарахгүй байв. Ордоноос буусан байрандаа буцаж ирээд энэ зургийн тухай шөнөжин бодов. Би бас өөрийгөө ингэж зуруулмаар санагдав. Үгүй ээ, дэндчихнэ. Харин манай Султаныг ингэж зурвал зохистой! Манай Султанд хамаатай юм, эзэмшилд байдаг юм, ер нь түүнийг төлөөлж илэрхийлж болох бүхэнтэйгээ дүрслэгдэж түүний эрхшээдэг ертөнцийг бүхэлд нь гарган тавих юм байна. Үүгээр ном бүтээе гэсэн санаа төрлөө.
Тэр сурвалжит хүнийг өмнө хараагүй ч олны дотроос зургаар нь таниж болохоор болж. Венецийн их зураачид хүмүүсийг хувцас одон медалиас гадна, нүүр царайн өвөрмөцийг гаргадаг тийм аргаар зурж. Үүнийг “хөрөг дүр” гэдэг юм байна.
“Хэрэв энэ маягаар таны царайг ганц удаа дүрслэн зурсан байхад, таныг хэзээ ч мартахгүй: та алс хол явсан байсан ч таны зургийг хараад л хажууд байгаа шиг сэтгэгдэл төрнө. Таныг амьд ахуйд хэзээ ч хараагүй хүн таныг нас эцэслэсэн хойно олон жилийн дараа ч, хөргийг тань хараад та өмнө нь зогсож байгаа юм шиг, тантай нүүр учрах болно.”
Бид нэлээд удаан чимээгүй дуугүй суув. Ажлын өрөөний цонх гудам руу харсан; энэ цонхны доод талын модон хаалтыг хэзээ ч онгойлгодоггүй, харин дээд талыг нь саяхан лааны зурагтай даавуун хөшигтэй болгосон юм. Цонхны дээд талын хөшиг нэвчин хүйтэн гэрэл орж ирж байлаа.
Би дуугүй дүнсгэр байдлыг би эвдэж, Манай Султаны нууц номыг хийж байсан зураачдын маань нэг, алтдан чимэглэлээр мэргэшсэн Дэгжин эфенди, бусдын адил орой болтол орой болтол надтай хамт ажилладаг байв. Нэг орой манайхаас харих гэж гараад гэртээ хариагүй, сураггүй болсон. Энэ зураачид гай тохиолдоогүй байгаа гэж айж байна.

Thursday, 8 January 2009

Миний нэр улаан-2

Гуравдугаар бүлэг

Би-нохой

Намайг амандаа багтаж ядам урт хурц соёо шүдтэйг эрхмүүд андахгүй. Энэ нь намайг зэрлэг догшин харагдуулдагыг ч мэднээ. Гэхдээ надад таалагддаг. Мах бэлтгэгч шүдийг минь хараад

-“Бурхан минь, энэ чинь нохой биш, зэрлэг бодон байна!” гэж уулга алдаж билээ.

Би түүний тарган хөлийг чанга хазаад автал, зузаан гуяны зөөлөн маханд гүн шигдсэн соёонд маань дунд чөмөгний хатуу яс мэдрэгдсэн. Хурц араа шүдээ хөсрийн муу дайсныхаа биед уур хилэнтэйгээр зоохоос илүү таашаал нохойд байхгүй. Ингэж хазах боломж ирэх мөчид, хазуулахаа мэдэхгүй тэр тэнэг хардаж сэрдэхгүй урдуур хөлхөж, амсаагүй таашаалаас толгой эргэн нүд харанхуйлж, хазаж хэмлэнэ гэхээс шүд янгинахуйд эрхгүй аймшигтай архирана.

Би-нохой; хүмүүс та нар нохойтой дүйцэхүйц ухаантай амьтан биш болохоор нохойг ярьж чаддаггүй л гэх. Тэгсэн атлаа хүмүүс үхсэн хүн ярьдагт, учрыг нь ойлгодоггүй үлгэрт итгэдэг сонин. Нохой сонсож чаддагтай нь л ярьдаг юм.

Эрт урд цагт зах хязгаар нутгийн нэгэн хотоос нийслэл хотын хамгийн том, сүмд лалын нэгэн хувраг иржээ. Бүгдийг нь дэлгээд яахав лалын сүмийг нь Баязида, хуврагийг Нусрет Ходжа гээд нэрлэчихэе: Хоосон тархитай түүний хэл ам нь харин гүйцэгдэхгүй, Бурхан өршөөг! Баасан гариг бүрт тэрээр номлолоороо сүмд цугларсан сүсэгтэн олныг цурхиртал уйлуулж, заримыг ухаан алдан унатал ярьдаг байв. Номлол сургааль айлдах явьяастай, өр нимгэн бусад хувраг шиг өөрөө бол нулимс дуслуулахгүй. Харин ч эсрэгээр хүмүүсийн мууг дэлгэн илчилж, уйлуулах дуртай, бүр үүнээс таашаал авдаг нэгэн. Цэцэрлэгч, тогоочоос эхлээд хаад ноёдын хиа зэрэг доод давхаргынхан тэр ч байтугай хуврагууд хүртэл хэл амаа билүүдэн хүний мууд дурлах дуртайн учир нэг мэдэхэд хотлоороо энэ өөдгүй хуврагын эрхшээлд оржээ. Ингэхэд, эрхэм минь энэ бол ерөөс нохой биш хүн төрөлд төрсөн жинхэнэ хүн. Өмнө нь цугласан, өөрт нь татагдсан сүсэгтэн олныг айлгах, уйлуулах нь зугаатай бас тааламжтай байсан төдийгүй багагүй мөнгө өвөртлөх боломжтой амархан ажил болохыг ойлгосон тэрээр олны толгой дээгүүр харан хэлж байна:

“Их номлогчын үеийн лалын жинхэнэ ёсыг умартаж, худал хуурмаг зүйлд итгэдэг болсон учираас л бид үнийн өсөлт, дайны ялагдал, өвчин тахалд нэрвэгдэж байна. Нас нөгчөгсийн хойтхид Их номлогч мэндэлсэн тухай туульсыг уншдаг байсан уу? Талийгчийн дөч дэхь хоногийг тэмдэглэж, элдэв амттан тарааж сүнсийг нь баясгадаг байсан уу? Мухамедийн амьд ахуйд Гайхамшигт Коран судрыг ая данд оруулж дуу шиг дуулдаг байсан уу? Мөргөл үйлдэхдээ арабжин хэнийх нь араб хэл илүү жинхэнэ араб байна гэдгээрээ сүржигнэн өрсөлддөг байсан уу? Сургааль номоос хувраг хүн иш татахдаа эм хүн шиг аяаглаж маягладаг байсан уу? Өнөөдөр оршуулгын газарт хүмүүс очин талийгчаас өршөөл гуйж байна. Тэд талийгч болсон гэгээтний цогцост мөргөж буруу номтон лугаа адил чулууны хэлтэрхийгээс адис авч, аврал эрж байна. Тэд нүглээ намичлах хүсэл гуйлт шингээсэн гэх элдэв даавууны өөдөс хаа сайгүй зүүж байна. Хэрмэл дервиш буюу бадарчины ийм урсгал, ийм номлол Мухамедийн үед байсан уу? Фараон насан өөд болохдоо лалын шашинд сүжигтэй байсан гэж лалын нэг урсгалын тэргүүн Ибн аль-Араби тунхагласнаараа өөрөө нүгэлтэн болж байгаа юм. Коран судрыг өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн хамт хөгжмийн аялгуунд дуулж, бүжиглэн уншдаг Мевлеви, Халветие, Календарие урсгалын дервишүүд бол нүгэлтэй буруу номтнууд. Дервишүүдийн орогнодог байрыг даруй устгаж, тэдний байр сав байсан тэр газрын хөрсийг долоон тохой ухаж далай тэнгист аваачиж хаяасан цагт л тэнд уншлага, мөргөл үйлдэж болохуйц ариун болно.”

Уурандаа дэлбэрэх дөхсөн Нусрет-ходжа шүлсээ үсчүүлэн үргэлжлүүлж:

-“Үнэн сүсэгтэн нар аа, кофе уух чинь нүгэл. Кофе оюун ухаан мохоодог, ходоод шархлуулдаг, ивэрхийтэй үүсгэдэг, үргүй болгодог чөтгөр шүгэлсэн ундаа тул Их номлогч амсдаггүй байсан. Кофен газруудад зугаа цэнгэл хөөгсөд, баян тэнүүлчид цугларч өвдөг өвдөгөө шүргэн суунгаа элдэв шалиг балай зүйл сэддэг тул кофенуудыг дервишүүд уулздаг газраас ч өмнө хаах хэрэгтэй. Ядуучуудад кофе уух мөнгө бий гэж үү? Кофендоо манарсан хүмүүс оюун ухаанаа жолоодох чадвараа алдаж, нохойн дэмий үгэнд үнэмших болно. Манай шашин шүтлэгийг гутаагчид бол жинхэнэ ноход”.

Та нараас зөвшөөрөл аван, хуврагийн сүүлчийн үгэнд хариулая. Хаджи, ходжи, имам зэрэг лалын хуврагууд нохой бидэнд дургүй, үзэж чаддагүйг хэн хүнгүй мэднэ. Энэ нь Их номлогч Мухамед унтаж буй муурыг сэрээхгүйн үүднээс газар шүргэсэн урт хормойг хайчилж богиносгох зарлаг гаргаснаас үүдэлтэй. Нохойд хэзээ ч мууранд үзүүлсэн шиг ийм халамж анхаарал тавьж байсангүй, хамгийн адгийн тэнэг хүний үр нохой муур бие биеэ үздэггүйг, муур шиг хэрэггүй ач тус хүргэдэггүй амьтан байхгүйг мэддэг хэдий ч, Их номлогч өөрөө нохойд дургүй байсан мэтээр тооцдог. Ийм буруу ойлголтын дүнд биднийг бузар амьтанд тооцон ариулгатай сүмд оруулахгүй, мод шүүрээрээ цохиж хөөдөг болсон.

Та зөвшөөрвөл, Коран судрын хамгийн гоё “Агуу” хэмээх бүлэгт юу өгүүлснийг сануулая. Энэ сайхан кофен газарт Коран хэзээ ч уншиж үзээгүй хүн байж болзошгүй гэсэндээ үүнийг сануулж байгаа юм биш шүү, зүгээр л таны ой санамжыг жаал сэргээх гэсэн юм: буруу номтны дунд амьдарсаар залхсан долоон залуу дүрвэн зугтаж яваад нэгэн агуйд ороод нам унтчихсан тухай энэ бүлэгт өгүүлдэг. Аллах тэдний чихийг бөглөн гурван зуун есөн жил нойрсуулжээ. Залуус сэрээд, нэг нь юм авахаар хүмүүс дунд орохдоо л мөнгөн зоос нь эргэлтээс гарсан өчнөөн олон жил өнгөрснийг мэддэг, цочирдон гайхсан гэнэ. Хүмүүний сүсэгтээ ямар үнэнчийг, Аллах ямар гайхамшиг бүтээж чаддагийг, цаг хугацаан хэрхэн хоромхон зуур өнгөрдгийг, гүн нойрноос авах таашаалыг энэ бүлэгт уран чадварлаг дүрслэн үзүүлдэг. Бүлгийн арван наймдугаар шад шүлэгт алдарт агуйн үүдэнд залуусын нойрыг нохой манаж байсан тухай мөн гардаг. Хэн ч Коранд багтсандаа бахархана биз дээ. Би нохой болохоор энэ бүлгээр бахархдаг, дайснаа сүүлгүй нохой гэж хараадаг Эрзурумийнханыг зөв ойлголттой болоход Аллах туслана байх гэж найдаж байна.

Чухам юунаас болж нохойд өширдөг юм бол? Яагаад нохойг заваан бузар амьтан гэдэг, нохой гэрт чинь орчихвол гэрээ босгоноос хоймор, шалнаас тааз хүртэл жигтэйхэн цэвэрлэдэг юм бол? Яагаад танд нохой хүрэх төдийд угаалга, ариутгал хүчингүй болдог юм бол? Таны хувцас нохойн үс ноосонд шүргэсэн л бол яагаад солиотой авгай шиг хувцсаа долоо дахин угаадаг юм бол? Яагаад нохой долоосон сав суулгыг хаях, эсвэл төмрийн дархан дахин давтаж шинээр хийхээс нааш хэрэглэх аргагүй бузар гэж үздэг юм бол? Ийм хачин юмыг муур юмуу, төмрийн дархан л бодож олсон байх гэж би боддог.

Хүмүүс суурин амьдралд шилжихээр хот руу нүүхэд малчдын хоточ нохой хөдөө орон нутагт эзэнгүй золбин үлддэг: ингэж л заваан гэж дуудуулдаг над шиг ноход олширч тархсан байх. Лалын өмнөх тооллын үед арван жилийн хоёр сарын нэг нохой сар гэж нэрлэгддэг байсан юм. Одоо нохой бол муу ёрын амьтан. Сонин үлгэр, өгүүлэл сонсож утга учрыг нь тунгаах, хөгжилдөх гэж ирсэн эрхэм найзуудыгаа, хувийн бэрхшээл зовлон тоочиж залхаамааргүй байна. Кофен газруудыг дайрч устгана гээд байгаа хуврагийн тухай бодохоор үнэндээ уур хүрч байна шүү.

Эрзурумын хувраг Хусрет хоноцын хүүхэд байж магад тиймхэн гаралтай гэдгийг мэдвэл, та юу гэхсэн бол? Миний үгийг шууд таслаад л “Чи муу нохой юу юм? Санваартан эрхэм руу дайрч, асаж байхын оронд кофены газрын хананд дүрсийг чинь өлгөөд үлгэр ярьж явдаг эзнээ хамгаал. Зайл!” гэнэ биз. Бурхан өршөө, би хэнийг ч гутаах гээгүй. Би кофены газрыг маш их таашаадаг нэгэн л дээ. Миний зураг хямд муу цаасан дээр зурагдсан гэдэгт, би өөрөө дөрвөн хөлтэй араатан гэдэгт эмзэглэхгүй, ямар ч асуудал байхгүй, харин хүмүүс та нар шиг ширээний ард суугаад аяга кофе ууж чадахгүйдээ л харамсаж байна. Нохой бид аяга кофены төлөө, кофены газрын төлөө үхэхэд бэлэн байвал яахав? Миний эзэн кофены жижиг гүцнээс надад кофе аягалаж өгч буйг харж байна уу? Цаасан дээр байгаа нохойн зураг яаж ууж чадах юм? гэж та хэлэх байх. Энэ нохой ихээ жаргалтайгаар кофе долоож байна гээд дотроо төсөөлчих. Гуйж байна!

Үнэхээр, дулаацаад ухаан саруул, хараа хурц болоод явчихлаа. Одоо миний ярихыг сонс: манай наран гэрэлт Султаны охин Нурхаят-султанд Венецийн дож бэлэг болгон цэнхэр цэцгэн хээтэй хятад шаазан, бүтэн хуй хятад торгоос гадна өөр юу өгсөн гэж бодож байна? Булга торгоноос ч зөөлөн үстэй, дур булаам венецийн гичий өгсөн байгаа юм. Миний нэг найз энэ гичийг нэг үзээд алдсан болохоор эрх гичий улаан торгон хувцастай байсныг, нөгөө ажлыг хийхдээ хүртэл хувцастайгаа байсныг би барин тавин мэдэж байгаа юм. Европт бүх нохойнууд үүн шиг хувцастай явдаг гэж дуулсан. Нэг аймаар боловсон европ хатагтай хувцасгүй нохойг бүр шодойг нь харчихаад, “Ээ бурхан минь, нүцгэн нохой байна” гэж хашгираад ухаан алдсан гэдэг.

Тэрслүү үзэлтнүүд амьдардаг европын орнуудад нохой болгон эзэнтэй гэх. Тэр золгүй ноход гудамжаар хүзүүвчтэй, хүзүүвчнээсээ гинжтэй яг л адгийн боол шиг угзчуулан явдаг гэх. Европууд хөөрхий амьтдыг гэртээ хүчээр байлгаж, тэр байтугай орондоо авдаг гэсэн. Тэдэнд бусад нохойтой хамт чөлөөтэй гадуур гүйхийг зөвшөөрөхгүй, бие биеэ үнэрлэж болохгүй, хамт тоглож ноололдох эрхгүй. Эзэнтэйгээ гадаа салхилж байгаа гинжлэгдсэн, ичмээр жигшим байдалд орсон хөөрхий тэр ноход гудмаар яваа өөр нохдыг уйтгартай нүдээр холоос харахаас өөрийг хийж үл чаддаг гэнэ. Стамбулын ноход эзэн байхгүй, золбирсон ноход бид гудамжаар дураараа сүрэглэн тэнэж, дулаан булан олдвол цагираглан хэвтэж, сүүдэр бараадан тайван унтаж, наранд ээж, хаа таарсан газраа сарьж, шаардлагатай гэвэл хүмүүсийг айлгаж, хэн дуртайгаа хаздаг гэдгийг тэрслүү европууд төсөөлж ч чадахгүй. Магадгүй үүнээс шалтгаалан гудамжны Ерзурумын хуврагын талынхан нохойд дургүй үзэн яддаг болсон биш байгаа? Нохой үзэн яддаг энэ хуврагын аазгайг хөдөлгөх гэж Стамбулын золбин нохдыг махаар тэжээж, нохойд зориулж мөргөл үйлддэг буяны байгууллага бий болоосой би бодоогүй л дээ. Хэрэв ноход биднийг заналт дайснаа гэж үзэн, буруу номтонд тооцож байгаа бол, нохойны дайсан буруу номтон гэдэг чинь утга нэг шүү гэдгийг л сануулах гэсэн юм. Алуурчин Эрзурумын өөдгүй хуврагийг хурдан цааш харуулаасай, бодийг нь хөтлөхдөө нохой биднийг дуудаасай гэж зальбирч байна.

Яриагаа өндөрлөхөөс өмнө нэг зүйл хэлье: Миний түрүүчийн эзэн их шудрага хүн байв. Шөнө хулгай дээрэм хийхдээ бид хамтардаг байв: эзэн маань золгүй этгээдийн хоолойг огтлоход, би чангаар хуцаж амь тавих хүний орилоо чарлааг хүнд сонсогдохооргүй болгох үүрэгтэй. Ингэж тусалсны шанд хохирогчын махнаас чанаж өгдөг байв. Би түүхий маханд дургүй. Миний энэ дадлыг Эрзурумын хуврагыг аваачих алуурчин хүндэтгэнэ гэж найднам, хөгийн түүхий мах идэж ходоодоо муутгамааргүй байна шүү.

Tuesday, 6 January 2009

Жүжигчин болох дөхсөн нь

Чехийн кино болон реклам авдаг студид гадныхан кино, рекламын зураг их авнаа. Гудамжаар явж байгаа, стадионд суугаад юм үзэж байгаа, дискод бүжиглэж байгаа зэрэг олон хүн гаргах зурагт мэргэжлийн бус хүмүүсийг цуглуулж аваад цөөхөн хэдэн цаас шидчих нь цаад кино хийж байгаа улсад хямд тусдаг шиг байгаа юм. Мэргэжлийн жүжигчидтэй харьцуулахад бага мөнгө болохоос энгийн хүмүүст, ялангуяа ажил төрөл нь заримдаг, авдаг тоолдог нь бага гадныханд бол их мөнгө. Өрнийхөн онигор нүдтэй, намхан хамартай, өндөр шанаатайгаар ази хүнийг, буржгар үстэй, палигар хамартай даравгар амтайгаар африк хүнийг төсөөлдөг бололтой. Ийм сонгодог дүр төрхтэй гадныхан бол этник кастингд сонгогдох магадлал илүү. Олны дунд зүгээр зогсож байгаад мөнгө олчих санаатай гадныхан зургаа авахуулаад, нэр, утсаа өгөөд ямар нэг студид бүртгүүлчихнэ. Тухайн кино, рекламд таарна гэсэн хүмүүсийг утсаар дуудаад, дуран авайгаараа харж нэг үзээд шилж сонгоно.

Массын зураг авалтаас цоройж жижиг рольд тоглосон, багагүй мөнгө тоншсон авьяастнууд ч бий. Нэн нөхөр зүүн өмнөд азийн тайланд ч билүү, малайз ч билүү хүний дүрд тоглоод мэдэхгүй харь хэлээр харилцан яриа цээжлэх хэцүү, тогтоож дөнгөхгүй болохоор монголоороо утга дүйсэн юм хэлж болох уу гэж зөвшөөрөл аваад кино турш монголоор ярьчихсан нэг кино байдаг. Монгол хэл мэдэхгүй гадныхан дэлгэцийн доод талд гүйх орчуулгы нь уншаад тэр газрын хэл ийм л юм байх гээд өнгөрөх ч, монгол хүн үзэхээр инээд хүрмээр. Манайхан солонгос тогооч, хятад данжаад, вьетнам ажилчин, япон жуулчин гээд ямар л бол ямар азид хувирна. Энд тэнд олон ази хэрэгтэй зураг авалт явагдаж байвал бие биедээ хэл хүргээд яваад очно. Тансан ламын үлгэрээр хийсэн америк кинонд олон монгол тоглож бараг бүгдээрээ бурхад, бодхисадва болцгоосон гэж байгаа.

Сонгодог ази төрхгүй тул би гологдоод ер сонгогдохгүй. Нэг л удаа тэнцсэн гэж байгаа. Намайг ямар авдаг биш яахав монголчуудтайгаа уулзаж хэд гурван үг сольдог хэрэг гээд очтол, хэдэн вьетнам, хэдэн монгол баахан чех байж байв. Вьетнамууд нэг дор, манайхан нэг дор суулаа. Режиссор авгай биднийг харж байснаа чех бүсгүй вьетнам залуутай хайр сэтгэлтэй болж суусан тухай кино авах гэж байгаа юм. Монголчууд арай том биетэй, гадна төрхөөрөө ч өөр юм байна. Монголчуудыг энэ удаа авахгүй, уучлаарай гэлээ. Бид хэд ч гарч, коридорт хэд гурван үг солилцон тарах гэж байтал, режиссор авгай гарч ирээд "та үлдэхгүй юү" гэж намайг онцолдог юм байна. "Хэнд ч хэрэггүй амьтан төлөг болж тодрохдоо яахав" гэвэл манайхан яадаг юм үлдчих хэдэн цаас нь хэрэг болно гэхээр орчихлоо.

Вьетнамуудтай хэл нэвтрэхгүй, тэднээсээ арай өндөр болохоос биш, хонхор ёнхор нүдтэй, царил зээтүү хамартай, хонгор шар үстэй, хоёр метр нуруутай чехүүдийн дэргэд бол жижигхэн бор амьтан. Ганцаардмаар болж байтал, хоёр нуруулаг ази залуу ойртож ирээд мэдэхгүй хэлээр нэг юм хэлчихлээ. Толгой сэгсэрч ойлгохгүй байгаагаа илтгэв. Чехээр та хаанаас ирсэн бэ гэнэ. Монгол гэвэл, энд сурдаг киргиз оюутнууд гэнэ. Баярласан гэж. Гурвуулаа оросоор ярьсан шиг нэг гал болоод авав. Коридорт хүлээж байгаад дуудахаар нь ороод цай уусан болж суух зогсох үед зураг авдаг бололтой. Урдуур олон хүн, жүжигчид тоглоод бидний өрөөсөн чих, чигчий хуруу зурганд орж байгаа юмуу үгүй юмуу бүү мэд. Ийш тийш дураараа алга болж болохгүй, хийх юм үгүй хүлээх нь залхуутай болохоос ажил нь бол амар л юм. Бид гурав гурван өдөр вьетнам болсон доо.

Нэг өдөр киргиз хүүхдүүд маань өчигдрийн сонинг уншив уу, монголын тухай гарсан байна гээд сүйд майд. Энд ирээд удаагүй чех хэлийг мэдэхгүй шахам байсан болохоор, бичиг үсэггүй хүн шиг "юу гэж байна дуудаад аль" гэлээ. Хүний арьсыг амьдаар нь хуулдаг монгол ноёны тухай, тэр арьс нь энд чехийн музейд байдаг гэж бичсэн байна гэв. Та энэ ноёны тухай дуулсан уу? гэж байна. Дуулалгүй дээ. Та нар сонирхож байвал орос хэл дээр энэ хүний тухай Инесса Ломакина ерээд оны эхээр бичсэн "Голова Джа-Ламы" ном бий шүү. Хуулсан тэр арьс чехийн азийн урлагын Напрсково музейн фондонд хадгалагдаж байгаа, Джа ламын өөрийнх толгой Ленинградын алдарт Кунсткамерт байгаа тухай өгүүлсэн байгаа. Үгүй энэ чехүүд манай монголын тухай огт бичихгүй, эсвэл ийм эрт баларын хачин юмны тухай бичих юм гэж би цухалдвал, манай киргизүүдийн тухай бүр огт мэддэггүй болохоор сайн муу алинаар нь ч бичдэггүй. Харин энэ өгүүлэлд монгол ноён хүний арьс хуулах тушаал өгөөд, яг өвчихийг нь итгэгдсэн хоёр киргиз гүйцэтгэсэн гэж бичсэн байна гэлээ. Хүний өмнөөс ичих шиг болж, улс үндэстнийх нь нэр ингэж гарахад тэд нар бас эвгүйцэж байгаа байх даа гэж санаа зовон харвал тэд огт тоосон шинж алга.

Friday, 2 January 2009

Монголын нүүр царайд хэнийг нэрлэх вэ?

Хоёр оны зааг дээр энд тэндгүй элдэв шалгаруулалт болж байсны нэгийг чехийн сонингууд онцолж, ихэд эгдүүцсэн ёжин шүүмж бичжээ. Оросын төв телевиз Орос орны нүүр царайг тодорхойлох зорилгоор хэдэн сар үргэлжилсэн "Имя России" гэх төслийн дүнгээр 500 хүнээс орчин үеийн оросыг бий болгоход түүхэн гавьяа байгуулсан хэмээн шалгарсан улс төр, шинжлэх ухаан, цэрэг урлагын арван хоёр гарамгай зүтгэлтнээс оны эцэст ард олны санал асуулгаар шалгаруулалт хийн дүгнэхэд гуравдугаар байранд Сталин тодорсонд чехүүд ийнхүү эгдүүцэн дургүйцжээ. Сталины дараа дөрөвт яруу найрагч Александр Пушкин, тавд-Их Петр, зургаад-В.И.Ленин, есд-Менделеев орсон байх шиг.

Монгол хүн миний хувьд нэгдүгээр байранд Бат хааны "хуурай хүү" орсон нь сонин байлаа. Мэдээж энэ хэлэлцүүлэгт Александр Невский Орос орныг Швед, Германы эзлэн түрэмгийллээс хамгаалсан тул түүхэн гайхамшигт хүн гээд л орхисон байх юм. Александр Невскийг 1251 онд Алтан Ордод ирж Батын хүү Сартагтай ах дүү бололцсон гэдгийг нэг их дурдаагүй. Оросууд тэр үед манай монголчуудад татвар өргөдөг, элгэнд наалдсан дэлүү шиг хавсарга төдий явсан нь түүхэн үнэн. Энэ үнэнээс ихэд эмзэглэдэг бололтой юм. Чухамдаа Алтан Ордын нөмөр нөөлөгт явсан болохоор нэг талаас олон тархай өөр хоорондоо өрсөлдөн хэмнэлдэж байсан жижиг вант улсууд нэгдэж оросууд хүчирхэгжих эхлэл тавигдсан, өөрөөр хэлбэл өнөөгийн оросын суурь тавигдсан. Нөгөө талаас хүчирхэг байсан бусад улс гүрэнд эзлүүлчихэлгүй үлдэхэд тэр үед нэртэй зангарагтай явсан монголчуудын нэр сүр, цэрэг зэвсгийн хүч оросуудад ихээхэн тус дэм болж үнэндээ тэдэнд түүхэн боломж олгосон. Оросууд монголчуудын дор хэдэн зуун жил байсан түүхэн үнэнд дургүй. Үзэл сурталд дулдуйдсан "Чингис хан", "Бат хан", "К последному морю" гурвал түүхэн роман бичсэн В.Янд төрийн шагнал олгож байсан бол түүхийг үнэн зөвөөр шинжлэх ухаанч дүн шинжилгээтэй бичдэг Лев Гумилевыг удаа дараа шоронд хорьж бүтээл зохиол нь хориотой байсан. Цаг зөөлөрч одоо Л.Гумилевын зохиол чөлөөтэй хэвлэгддэг болсон ч хүн ардынх нь ухамсар түүхийг харах өнцөг, юмыг үнэнээр хүлээн авах чадвар бас л болоогүй байна гэдгийг саяны санал асуулга харууллаа.

Монголчууд дунд иймэрхүү санал асуулга явуулбал та хэнийг нэрлэх вэ?