Saturday, 12 March 2011

Торго

Италийн зохиолч Алессандро Бариккогын "Торго" (Alessandro Baricco "Silk") гэж ном уншлаа. Нэгэн франц наймаачин торгоны хүр хорхойн өндөг худалдан авахаар Европын орнуудаар галт тэргээр, Уралаас Байгал нуур хүртэл мориор, Хятад Оросын хил болон урсах Амар мөрнөөр завиар, оросын жижиг боомтоос японы баруун эрэг хүртэл данийн усан онгоцоор гурван сар турш аялж хорвоогийн нөгөө өнцөгт байрлах Японы нэг тосгонд хүрнэ. Тосгоны нөлөө бүхий баян япон эртэй наймаа хийх зуур татвар эмд сэтгэл алдарна. Ирсэн замаараа харьж торгоны үйлдвэрийн эхийг нутагтаа тавьсан тухай номд өгүүлдэг. Энэ номоор 2007 онд бүрэн хэмжээний уран сайхны кино хийгджээ.
Ийм сонин бичлэгтэй номтой урьд нь таарч байсангүй. Хэмнэлтэй товчхон өгүүлбэрүүдээс бүрдэх бүлгүүдтэй. Ердөө ганцхан заримдаа хагас хуудсанд багтах 65 бичил бүлгээс бүтнэ. Бүлэг дуусангуут уншигч "ингээд л болоо юү", "ямар санааг гаргах гэсэн юм бол?" гэж өөрийн эрхгүй асуугаад, бүлэгт гарах цөөхөн хэдэн үйл явдал, зохиолын баатар санаандгүй мэт унагасан тоотой хэдхэн үгнээс элдэв таамаглал дүгнэлт дэвшүүлж толгойгоо гашилгачихна. Уул нь ганц орой шударчихмаар жижигхэн ном.
Уран яруу бичигдсэн гэдэгт шүүмжлэгчид санаа нийлдэг ч зарим нь тууж уу, роман уу гэдэгт санал жаахан зөрдөг гэх. Зохиолч өөрөө харин яруу найраг хэмээнэ. Номын үйл явдал дорнын оронтой холбогдож байгаа болохоор дорнын бичлэгийн хэв маяг авсан юм болов уу? Дуунд дахилт, найраглалд утга санааг тодруулах ижил шад бадаг давтагддаг шиг нааш цааш хоёр гурван сар аялсан хэсгийг газар усны нэр нь, зам зуур дахь хоног, ямар унаагаар зорчсон, унаа юүлэхэд хүлээсэн хоногийн тоог хүртэл яв цав давтах аж.
Гэрийн эзний өвдөгийг нь дэрлэн хэвтэх үзэсгэлэнт бүсгүйг гэрийн тэжээвэр амьтанг эрхлүүлэх мэт хааяа нэг илбэн суух гэрийн эзэнд, франц эр ямар хэргээр яваагаа өчиж, яагаад ч юм хүнд дэлгээд байдаггүй өөрийн амьдралын хамаг үнэн мөнөө хүүрнэж суухдаа япон хүүхний нүд дорнын бус өрнийн төрхтэй болохыг гэнт анзаарна. Нүдээрээ ярьсаар...
Манай "Хялар хатны домогт" гардаг шиг франц эрд япон хүүхний нүд франц нүд болж харагдаад л, нөхрийнх нь сэтгэл ертөнцийн нөгөө бөөрөнд үлдчихсэн болохыг зөнгөөрөө мэдсэн авааль авгай япон хүүхэн шиг болохыг мөрөөдөөд ... Үнэндээ хайртай хоёр ганц алхам ч ойртоогүй, ганц үг ч солиогүй...
Дахилтаар бол аян замын тэмдэглэл гэмээр, гадна ертөнцөд хаалттай байсан Япон орон, тэр үеийн Европын тухай гарах тул түүхэн роман ч гэмээр, бүтээгүй дурлалын найраглал гэмээр, сэтгэл зүйн драма гэмээр сонин ном билээ. Уншаад үзээрэй.

Wednesday, 2 March 2011

Хөшөөтэй зууралдах

Өрнөдийнхний Готик архитектуртай эн зэрэглэх, дэлхийн хөгжмийн соёлд содон ганцаараа сүндэрлэдэг "Уртын дуундаа" хөшөө босгоё байз. Монголчууд хөгжмийн ая дангаа тэмдэглэдэг байсан "яньиг" зурлагаар тэнгэр өөд тэмүүлсэн тийм нэг босоо хөшөө босгодог юм уу? Уран дүрслэл урлагын сэтгэмж дутагдаад чухам ямар байхыг төсөөлөн хэлж , оноон дүрсэлж чадахгүй нь. Хэн нэгэн уран барималч сэтгэж хөшөөний маань биежих төрхийг олж, төрийн буюу шинэ хөрөнгөтөн хэрэгжүүлэх хөрөнгө мөнгийг хандивлах буй заа.
Уртын дуу ард олны бүтээл болохоор зохиогч нь тэр гээд хүнийх нь хувьд гоочлоод байхгүй, утга агуулгын хувьд өнөө цагийн бохир улс төрөөс ангид тул нурааж хаях эсвэл ийш тийш зөөсөөр эвдлэх магадлал багатай байх болов уу гэж л. Их тэнгэрийн аманд зохимжтой аргагүй тонгочиж байсан хэдэн "Унага-"ны хөөрхөн хөшөө драмын театрын өмнө нэг хэсэг байгаад Монголд орос коммунизмыг хэрэгжүүлэгч их удирдагч Цэдэнбалын хөшөөнд түрэгдэн долоон буудлын нэгэн хашаанд нутаг заагдсан сурагтай. Ямар ч нийгэм байгуулсан монголчууд моринд гарамгай нүүдэлчид байсан гэдэг утгаараа "Унага" хөшөө байж л баймаар урлагын бүтээл.
Ганзага наймаанаас өөрийн гэсэн жижиг, дунд бизнес эхлүүлсэн улс нэлээд байгаа бол том бизнест орсон нь хуруу дарам цөөхөн. Нэр үл мэдэгдэх (бодвол жижиг, дунд бизнест үлдсэн) тарваганы арьс наймаалж хөлжсөн нэгэн эр хулгар шард талархаж хөшөө босгосон гэдэг. "Тарвага" хөшөөний сураг бас л тасарлаа. Үе үе тахал тарааж, "гэмгүй" олон ардыг үй олноор нь хөнөөдөг, сул дорой өвчин эмгэгтэй нэгнийгээ нийлж бөөрөлхөн амьдаар нь ханандаа шахан ичээ өвөлжөөний дулаалга болгодог мөс муутай өөдгүй амьтан гэж дутагдал олж харахдаа гярхай манайхан мэтгэлцээн өрнүүлээд хөшөөтэй байх эрхийг хасаа биз, хэхэ. Зах зээлийн нийгэм гээчид шилжих анхны алхам хийх үед "иргэн баян бол улс орон баян" гэж уриа хадаж, хууль эрх зүйн зохицуулалтгүй байхад хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж бараг толгойтой болгон ганзага наймаачин болж, оюуны хөдөлмөрийн үнэлэмж огцом унаж олон олон сайхан залуус ганзагачин болж, дан охидуудаар дээд сургуулууд дүүрч байсан тэр нэг түүхэн зурвас үеийн дурсгал болоод хулгар шарын хөшөө байж л баймаар.
Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт Лениний хөшөө бий. Хүний нийгмийг төгөлдөршүүлэх, хүн болгоныг тэгш жаргалтай сайхан амьдруулах талаар олон санал онол гарч байсны нэг нь марксизм. Ленин "пролетарын диктатураар" өөрөөр хэлбэл үгээгүйчүүдийн дарангуйллаар "нийгэм журам, эрх тэгш амьдрал" тогтоох боломжтой гэж үзжээ. Дарангуйлал байхад ямар эрх чөлөө байхав дээ. Тэгш амьдрал гэж юү юм бэ? Бурхнаас хүний авьяас чадвар тэнцвэргүй заяагддаг бус уу. Марксизмын онолыг оросын үгээгүй хоосончууддаа ойлгуулах гэж Ленин хялбарчилж, улаан комиссарууд нь түүний хялбаршлалыг орон нутагт хэрэгжүүлэх явцдаа товчилсоор эх сурвалжтай нь ижилсүүлэхэд хэцүүхэн цөөхөн хэдэн уриа лоозон болгожээ. Нийгэм журмын лоозонтой төр үнэн хэрэгтээ залхаан цээрлүүлэх машин л болдог. Хүний нийгмийг журамлана гэх нь хүний амь нас, хувь заяагаар тоглоно, туршина гэсэн үг. Туршилтанд орж журамлагдсан нийгэм хиймэл хэвийн бус болно. Ийм нийгэмд оросын ард түмнийг төдийгүй биднийг хөтөлсөн, их хэлмэгдүүлэлтийн эх суурийг тавьсан, үй олон хүнийг зовлонгийн далайд живүүлсэн ийм этгээдийн хөшөөг нийслэл хотын төвд байлгах зохимжгүй тул хөшөөг нураах эсвэл зайлуулах тухай сүүлийн үед яригдах болов.
Социализмын үед ч, одоо ч гэрлэсэн хос, сургуулиа төгссөн залуус, хотод анх орж ирсэн хөдөөнийхөн бүгд л Сүхбаатарын хөшөөний дэргэд зураг авахуулдаг зуршилтай. Орос өвөөг нэг их тоомсорлодоггүй болохоор явуулын гэрэл зурагчид Сүхийн талбайд "конторлодог". Өдөртөө байгаа үгүй нь мэдэгдэхгүй дүнхийж, үдшийн бүрийгээр "их горьдлого компаны" янхануудын зогсоол болон идэвхждэг Лениний хөшөөг зайлуулж оронд нь хэн нэгэн соён гийгүүлэгчийн хөшөөг босголоо гэхэд дадал болсон газраасаа шөнийн эрвэйхэйнүүд дайжаа ч уу, үгүй ч үү хэн мэдлээ. Хайран сайхан эрдэмт хүний нэр бузардах аюултай мэт. Соён гийгүүлэгчийн биш ямар нэг амьтны, жишээлбэл Тэрэлж хавьцаа бэлчих үлэг гүрвэлийн хөшөөнөөс нэгийг Лениний хөшөөний оронд байрлуулж болно л доо, хир зэрэг зохимжтой бол?
Нийтлэгч Баабар "түүхийн үнэн тодорч буй өнөө үед Сүхбаатар нь МАХН-ыг үндэслэгч ч биш, Ардын хувьсгалыг жолоодогч ч биш нь ил болсон болохоор хөшөөг Лениний баримлын оронд, эсвэл цэргийн жанжин байсных нь хувьд Батлан хамгаалах яамны урд талбай дээр босгоё гэсэн санал хэсэг хүнээс гарчээ" гэсэн байх юм. Хэсэг хүний саналыг эрхэм нийтлэгч маань арай талархан дэмжсэн биш байгаа?! Сүхбаатарыг хэт залуу, хувьсгалын хэрэгт голлох үүрэг гүйцэтгээгүй, мөрийтэй хөзөр тоглодог байсан ч гэх шиг... элдэв таавар дэвшүүлцгээн өмчлөх муулах аянд мордсон МАХН, МАН бие биенийхээ муу муухайг уудлаж аль аль нь бүр устаж алга болох нь уу даа гэмээр шуугиан дэгдэж байна. Анх үүсэхдээ хувьсгал л хийх гэж үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж нам үүсгэсэн баймаар атал түүхэн нэрээ авч байгаа нь тэр гэж "хувьсгалт" бус "монгол ардын нам" болонгуут, нөгөө хэсэг нь товчилсон нэрээрээ МАХН утгачилсан задаргаагаар "алдарт хувьсгалчид" болчихов. Хир удаан наслах ямар цараатай алдартнууд бол доо?
Сүүлийн хэдэн сар энд (Чехэд) иргэн бүрт ирдэг татварын алба, замын цагдаа, засаг захиргааны янз бүрийн нэгжээс ирдэг элдэв албан захидал цаасан бус цахим хэлбэрээр ирдэг боллоо. Хойд хөрш иргэний үнэмлэх, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, банкны гүйлгээ зэргийг нэг картанд багцалах болсон тухайгаа зарлав. Цаашид дэлхий даяар цаастай зууралддаг конторын ажилтан эрс цөөрөх, цаас үйлдвэрлэл буурах төлөвтэй. Хэдэн зуун жилийн дараа ургаа мод сүйтгэн үйлдвэрлэдэг цаасан дээр бичиг баримт үйлдэхээ огт больж, цаас гээчээ бараг мартах үе ирэх юмаа гэж төсөөлөхүйд, цаасны тасархай дээрх нэгэн археологийн олдвор дээр Энхбаяр Баяр нарын өрийн данс олдлоо гэхэд, цаас гэдэг материал нь өөрөө, түүн дээр мөр гаргадаг үзэг бал технологийн хувьд сонин байхаас бичигт нэр гарах хүмүүс покерчин байсан уу, төрийн зүтгэлтэн байсан уу гэдэг нэг их сонин биш болох байх даа. Ямар дэлхий даяар алдарших нээлт, үеийн үед дуурсагдах үйлс хийчихсэн улс биш.
Социализмын үед сохор тэмбүүтэй төвд гээд наймдугаар Богд Жавзандамба хутагтыг үзэшгүй муухайгаар муулдагсан. Манжид дагаар орсон Өндөр гэгээн Занабазар бол урвагч гэх шиг. Ардчилал ялангуут Чойбалсанг лам ноёд, сэхээтэн, цэргийн эрхтэн, эрдэмтэд, энгийн олон хүн хэлмэгдүүлсэн алуурчин гээд түүнээс муу хүн хорвоод үгүй мэт болсон, дараа нь оросын эрх ашигт үйлчилж хамаг баялагаа сул өгсөн тэр ч байтугай өөрийн төрсөн газраа тасалж өгсөн гэж Цэдэнбалыг муулж муулж залхаад орхисон. Одоо Сүхбаатарын ээлж ирж байх шив дээ. Ардчиллалынхан, хуучин намынхан, ногоон, иргэний зориг гээд эдүгээ эрх барьж байгаа улс дотор нэг ч олигтой өөдтэй хүн байхгүй. Дандаа л үл бүтэх хүний адгаар удирдуулж байсан, одоо ч муугаа дээш нь гаргачихдаг юм шиг ярьж бичнэ. Монголын заяа харьмаар юм биш үү?! Чингис хаанаас өөр дэлхийн түүхэнд тод мөр гаргасан монгол хүн үгүй байгаа болохоор эзэн Чингисээ арай муулахгүй. Гэхдээ Буянт Ухаа гээд тэрүүхэндээ хөөрхөн онгоцны буудлыг Чингис гээд нэрлэнгүүт нэр нь томдоод онгоцны буудал нь жижигдээд явчихаж байгаа нь, хазаад идээд гараад явчихдаг бууз хуушуурыг их эзэн хаанаараа нэрлээд байгаа муулахас нэг их ялгаагүй доошлуулж байх шиг.
Чингисийн хөшөөнөөс Сүхбаатарын хөшөө илүү сүрлэг харагдаад, өөрөө хувь хүнийхээ хувьд хөшөө нь их эзэн Чингисийн хөшөөтэй нэг талбайд эн зэрэгцэн оршиж болохгүй ч гэх шиг ярих бичих болов. Тэгвэл, нэгэнт өөд болсон хөшөөг нь босгочихсон хүнийг оролдохоосоо өмнө хөшөөний ур хийцийг шинжмээр. Төв талбайд байгаа Чингисийн хөшөөг барьсан барималчаас "та яагаад их эзэн Чингисийн хөшөөний тэргүүнийг лагшинд нь таарахгүй бага овортой хийв?" гэж асуумаар. Толгойдоо томдсон их бие нь дэлхийн талыг эзэлсэн их газар нутгийг нэг хаан удирдан залахад бэрх гэсэн ёгт санаатай юм болов уу? Нэлээд холдож байгаад нүдээ сүмийлгээд хараад үзээрэй. Овоолсон балин дээр багавтар чулуу тавьчихсан мэт харагдах бий вий.
Гэтэл Зайсан толгой бэлд байх бурхан Буддагийн хөшөө яг эсрэгээр тэргүүн нь данхайж бие нь давжаарсан харьцаа муутай. Энэ данхар бурхны хажууханд Танкны хөшөө байдаг. Нийслэл хотын маань чанх урд талд Зайсан толгойн оройд зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө бий. Үүх түүх учир шалтгааныг мэдэхгүй хүнд бол бас л их сонин хөршлөл үүсч байх шиг.
Хөшөө дурсгал бол нэг талаас түүхийн дурсгал нөгөө талаас урлагын бүтээл, бүтээлийг босгоход бас ч гэж чамгүй хөрөнгө мөнгө шаардагддаг. Ер нь дараа дараагийн барьж босгох хөшөө барималыг хаана байрлуулах утга санаа нь зохицож байгаа эсэх дээр анхнаасаа сайтар боддог болмоор шиг санагдана.

Friday, 25 February 2011

Сэтгэл сэртхийлгэм

Өнөөдрийн сонин.мн нэрт орчуулагч "Г.Аким гуайг Ганжуур Данжуурыг гадаадад наймаалсан" хэргээр сэжиглэгдэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна гэх С.Энхзаяа гэгчийн бичсэн мэдээг уншаад ихэд цочирдов. Хэрэв мэдээ үнэн агаад дэлхийд цуутай сор бүтээлээ гадагшаа гаргаад алдчихсан бол хуулийн дээд хэмжээ ч багадмаар гутамшигт гэмт хэрэг. Хэрэв мэдээ ташаа бол эрдэмт хүнийг гүтгэн нэр хүндийг нь сэвтүүлсэн хэрэгт энэ сэтгүүлчийг харин хэрэгт татмаар.
Гэтэл худал үнэн нь мэдэгдэхгүй, баталгаа нотолгоогүй зүйл сараачдаг сэтгүүлч нэр зүүгчдийг авч хэлэлцдэг хуулийн зүйл анги манайд байдаг эсэх нь эргэлзээтэй. Хэн нэгэн эрхтэн дархтан, мөнгөтэй нөлөөтэй этгээдэд таалагдаагүй л хэн нэгнийг дарамтлах, элдвээр гүтгэх, гутаан доромлох үйл манайд нэлээд газар авч байгааг сүүлийн үед хэвлэл мэдээлэлд олонтой дурдагдах болсон "захиалгат бичлэг" гэх шинэ хэлц илэрхийлнэ. Нэгэнт олон хүн уншдаг интернет сайт, сонин хэвлэлд худал гүтгэлэг гарсан л бол, шууд итгэн хүлээн авдаг хэсэг
байхад, бодож үзэн эргэлзэх нэг хэсэг бас байна. Ер нь шүүхийн шийдвэр гарч үнэн мөнийг олтол асуудлыг дэвэргэн шуугиан тарих донтой этгээдийн бичмэрийг хянадаг уншдаг хүн (дээр үед сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичиг гэж орон тоо байсан) баймаар. Тэгээд ч шүүх, прокурор гэсэн байгууллагууд элдэв эрхтэн дархтны нөлөөнөөс ангид шудрага ажиллаж байгаа эсэхийг дээд тэнгэр л болгоож байдаг биз.
Социалист нийгэмд үндэсний үзэлтэн гэж хавчигдаж байсан ч уламжлал ёс заншилаа авч үлдэх талаар хэлэх үгээ хэлчихдэг, цаглашгүй эх оронч их бичгийн хүн Бямбын Ринчины гарын шавь Г.Аким гуайг ийм гутамшигт хэрэг хийсэн гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна.

Tuesday, 15 February 2011

Технологийн "нөү хау" Монголд

Олон жилийн дараа уулзсан ч яг ганц хоёр өдрийн өмнө салсан юм шиг дотно хүмүүс байдаг даа. Яриа хөөрөө таараад л, санаа бодлынхоо талыг гаргахад сүүлийг нь бараг хэлэлтгүй ойлгоод л. Нэг танил эрхэм эмэгтэй байнаа. Бид хааяа хааяа бүр тав арван жилийн зайтай ч байж магадгүй таарна. Яг өчигдөр салаад яриагаа үргэлжлүүлж байгаа мэт тийм элгэн дотно. Би түүнтэй хамтарч ажиллан ёстой нөгөө резонанст орж гайхам амжилт гаргаж байсан нөхдийнх нь нэг биш ээ. Амжилт бүтээлээр нь бахархаж, хүндэтгэн биширч явдаг олон танилынх нь нэг. Миний энэ танилыг Жигжиддоржийн Алимаа гэдэг. Ж.Алимаа бол Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Шинжлэх Ухаан Техникийн Хорооны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналт, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медальт гээд цааш нь эрдэм шинжилгээний ажлуудаараа авсан бүтээлийн тусгай шагналыг дурдаад байвал нэлээд урт жагсаалт цувна.

Бид Эрхүү хотын орос хэлний бэлтгэлд нэг жил сурч байлаа. Хамт нэг ангид биш л дээ. Тэр маань биологч болох учиртай химийн группт, би инженер болох тул инженерийн группт байлаа. Арван жилийн физикийн сурах бичгийг бичсэн, хэн хүнгүй мэдэх нэрт физикч Жигжиддорж гуайн охин Алимаа маань нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн математикийн өргөтгөсөн сургалттай анги төгссөн, нүдээрээ инээмсэглэсэн, тунгалаг цагаан царайтай, олон долоон үггүй ч намуухан дуугаар хэлэх юмаа хэлчихдэг цаанаа л нэг эрхэмсэг оршихуйн үлгэр болмоор охин байж билээ. Ярианы сэдвээс бяцхан хазайж хэлний бэлтгэлд болсон содон нэг явдлаас товч дурдсу. Орос хэлний олимпиад болоод бэлтгэл маань нийгмийн, байгалийн ухаанаар хоёр францад хуваагдчихаад тэмцэж гарваа. Хими уул нь байгалийн ухаанд багтмаар. Инженер техникийн чиглэлээр түлхүү сургадаг байсан болоод хүч тэнцүүлэх гэсэн үү яасан химийнхэн нийгмийнхэнтэй хамт байсан юм даг. Хөвгүүд голдуу инженер болох улс хэлний тэмцээнд ялчихсан нь сонин. Ялагдсан охид найз хөвгүүддээ нүүр өгөхгүй хэцүүдүүлээд, тэдэн дунд явсан ганц нэг охидыг ширэв татаад л... Охидын фракцаас Алимаа “эршүүд” загнасан шүү. Хөвгүүдийн дунд явсан надтай нэг талын хүн шиг “танай баг цонхны хөшгөөр сарафан хийж, унадаггүй-неваляшка болохыг яаж сэдэв? ээ” гэсээр инээж уулзав. “Яагаав, нөгөө том биетэй хэн санаа гаргаад, хөвгүүд цонхноос хөшиг хуулж би эвлүүлж оёсон” гэлээ. Арван долоо наймтай охин байхдаа л ийнхүү юмны голыг нь олоод харчихдаг, багаар ажиллахын чухлыг ойлгодог цөөхөн хүүхдүүдийн нэг байлаа.

Алимаа Москва хотын Хэрэглээний биотехнологийн сургууль 1975 онд төгсөж ирээд “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “МОНЭНЗИМ” (“мон”-монгол, “энзим”-грекээр фермент) төвд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилд оров. Монголд шинжлэх ухаан хөгжүүлэх материаллаг бааз байхгүй гээд хоосон онолдон конторт цаас сараачиж суухыг хүссэнгүй, Цэрэндэндэв гуайтай хамтран зуу гаран хуудастай “Биохимийн туршилтийн цех байгуулах техник, эдийн засгийн үндэслэл” бичин ажлын гараагаа эхэлжээ. Ганцхан жилийн дараа 1976 он гэхэд Улаанбаатар хотын Мах консервын комбинатын харьяа Үйлдвэрлэлийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршилт шинжилгээний төв ашиглалтад орж үүд хаалгаа нээжээ. Малын дайвар түүхий эдийг боловсруулж эрдэм шинжилгээ туршилт, үйлдвэрлэл эрхлэх зорилго тавьсан байна. Түүнийгээ бодит ажил болгох гэж олон жил тууштай зүтгэсэн. Эхлээд туршилтийн цехтэй, дараа нь үйлдвэртэй, үйлдвэрлэсэн олон бүтээгдэхүүнээ гадаад дотоодод борлуулдаг эрдэм шижилгээний том төв болтол эрдэм шинжилгээний ажилтан, ерөнхий инженер, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирал, зөвлөх, захирал зэрэг алба хашиж өнөөг хүртэл тэндээ ажилласаар байна.

Юуны өмнө мал нядалгааны үед хаягддаг байсан малын нойр булчирхай, бамбай булчирхай, нугас, цөс зэрэг дайвар түүхий эдийн хэмжээ гарцыг тодорхойлож улсын стандарт боловсруулав. 1977 онд үхрийн нойр булчирхайн химотрипсин үйлдвэрлэдэг БНАГУ-ын "Берлин хими" комбинаттай хамтран ажиллах гэрээ байгуулж, герман нөхдийн нойр булчирхайнаас фермент гарган авдаг технологт суралцан, үйлдвэрлэлийн шугам худалдан авчээ. 1979 он гэхэд үйлдвэрлэн гаргасан ферментийн бэлдмэл талстаа БНРУ, БНАГУ-д экспортолж эхлэв. Ферментийн үйлдвэрлэлийн чанарын хяналтын арга нэвтрүүлж, ариун савалгааны их бүрэн шугам суурилуулав. Үйлдвэрлэлийн зэрэгцээ Алимаа нөхдийн хамт бог малаас фермент гарган авах талаар туршилт шинжилгээний ажил хийсээр далаад оны сүүлч, наяад оны эхээр хонь, ямааны нойр булчирхайнаас трипсон, химотрипсоний холимог панкипсин бэлдмэл гарган авч чаджээ. Эл ажилдаа Ж.Алимаа онолын дүн шинжилгээ хийж, 1983 онд БНУАУ-д "Монгол хонь, ямааны нойр булчирхайн уураг задлагч ферментийг ялган цэвэршүүлж шинжилсэн нь" сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Панкипсин эмчилгээний практикт нэвтрэхээс өмнө Монголын шилдэг эмч, эм зүйч, судлаач, докторууд Оросын анагаах ухааны зориулалтын антибиотик, ферментийн эрдэм шинжилгээ, технологийн институттэй хамтран клиникийн өмнөх шалгалтыг хийж эмчилгээний практикт нэвтрүүлжээ.

Ерээд оны эхээр сонин хэвлэлээс ах Ж.Ганзориг цөмийн физикээр, дүү Ж.Алимаа биотехнологоор нэг гэрийн ах дүү хоёр зэрэг шахам төрийн соёрхол хүртсэн тухай нийтлэл уншиж баярлаж бахархах сэтгэл эрхгүй төрж байлаа. “Нутгийн үүлдрийн бог малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл “Панкипсин” гарган авах арга” нэртэй бүтээлээр Ж.Цэрэндэндэв, Д.Сувд нарын хамт 1991 онд Алимаа төрийн соёрхол хүртжээ. Чернобылийн атомын цахилгаан станцад том осол гарч олон хүний амь эрсдэж, мөн өчнөөн олон хүн шархдан бэртэхэд манай улс дэлхийн бусад улс орны нэгэн адил хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бага буурай хөгжилтэйд тооцогддог Монгол улс өндөр үнэтэй, нарийн технологоор гарган авдаг “панкипсины” бэлдмэл их хэмжээгээр тусламжаар өгөхийг харж гайхан шагширч байсаан. Бид ингэж анх удаа мал мах, арьс ширээр бус оюуны хөдөлмөрийн үр шимээр бусдад туслаж байлаа.

Дайралдаад баяр хүргэж, энэ панкипсин гэдэг зүйлийг манай улсад анх гаргаж авсан юм уу гэж асуухад, “Дэлхий дахинд аль эрт гаргасан. Гахай, үхрийн нойр булчирхайнаас л гаргадаг байсан юм. Манайд гахай бараг үржүүлдэггүй, үхрийн тоо толгой харьцангүй цөөн. Иймд бид хамгийн олон тоотой малаас өөрөөр хэлбэл хонь, ямааны нойр булчирхайнаас гаргаж авах туршилт хийж, бог малаас бас гаргаж болдог болохыг баталсан юм. Нэг их шинэ юм байхгүй" гэж хариулж билээ. Ийм л даруу хүн дээ. Намхан болохоор хүний нүүр рүү дээш хараад ярьж байх нь нар руу ч юмуу, нэг тийм тэнгэрлэг сайхан юм руу, урагш дээш тэмүүлж байх шиг сэтгэгдэл төрүүлж билээ.

Панкипсины бэлдмэл манайд анх жижиг шилэн саванд нунтаг цагаан эм шиг савалгаатай эмийн сангуудад байдаг байлаа. Удалгүй “панкипсинтай тосон түрхлэг”, “мупсин”, “бутапсин” зэрэг “зөөлөн эдийн гэмтлийн үрэвсэл, битүү бэртэлт, шөрмөс үе сунах, хугаралтын болон мэсийн хавдар, идээт ба халдварласан шарх, тунгалгийн гаралтай арьсны өнгөн үрэвсэл, түлэнхий болон хөлдөлт, холгодос” зэргийг эдгээх увдистай эмчилгээний тосон түрхлэг хэлбэрээр бас гаргажээ. Алимаа найзын маань оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн, арваад жилийн өмнөөс эмийн сангуудад үзэгдэх болсон "Отозим" чихний дусаалга "Панфеникол", Бутапсин", "Алтай" эмчилгээний тосон түрхлэгүүдтэй би ноднин жил л хэрэглэгчийн хувьд танилцсан юм.

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих донсолгоонд монгол гэрийн эсгий үүд цоож цуургатай модон болж, хотынхны дан модон хаалга давхар төмөр болсон үеэр нутагтаа, очоод төрлөх нийслэлдээ явж байгаад төмөр хаалганд баруун гарын эрхий хуруугаа савуулж орхилоо. Тэр дороо минчийсэн хөх болж хавдаад, эргэн тойрны бужигнаан, тэр муу төмөр хаалга, түүнийг савдаг ширүүн салхи бүгд "молодец" гэж байгаа юм шиг үргэлж дээш гозойлгож байхгүй бол чинэрч өвдөөд эмнэлэгт очин рентген зураг авахуултал яс биш, аажимдаа эдгэнэ гээд эмчилгээ ч хэлж өгсөнгүй. Манай эмнэлэг бас сайн шүү гэж эрхий хуруугаа гозойлгосоор өвчин намдаагч эм авах санаатай эмийн сан оров. Манайд эмчилгээний тосон түрхлэг "Бутапсин" байгаа. Ийм битүү бэртэлд ёстой "лайтай" гэж байна. Бас ямар лай байнаа гэвэл, эмийн санч охин тас тас хөхөрч, "тасархай сайн" гэсэн утгатай шт гээд тосон түрхэлгээ надад үзүүлэв. "Бутапсин" хэмээх жижигхэн тосны саван дээрээс найрлагад нь мэдэхээс панкипсин, анестзин бас бус танихгүй латин нэрс орсон, ШУҮ-ийн "МОНЭНЗИМ"-д үйлдвэрлэсэн болохыг уншиж мэдээд шууд авав, түрхэв, өвчин намдав, бэртэл илааршив. Хуруу маань түргэн сайхан эдгэрсэн дээ. Бас болоогүй бага хүү цанаар гулгаж байгаад гараа шуугаараа хугалж, нөхөр өсгийгөө цуулж нэг үе манайхан "бутапсин дээр л тогтож" байлаа. Ингэж энэ тосны сайныг биеэр мэдсэн бибээр гэмтсэн бэртсэн болгонд сурталчилж явдаг болсон.

Алимаагийн сэдэж байгуулалцсан бас нэг том төсөл бол Дэлхийн стандартад нийцсэн тарилгын шингэний үйлдвэр "IVCO" билээ. Ж.Алимаа 2004 онд Л.Амарсанаа, М.Алтанцэцэг нарийн хамт Тарилгын шингэний "IVCO" ХХК байгуулах төсөл боловсруулж, Их Британи, Тайван, БНСУ, Австрали, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай дуслын шингэний анхны үйлдвэрийг Монголд байгуулжээ. Манай орны эм хангамжийн салбарт зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд ордог тарилгын шингэнийг саяхан болтол зөвхөн импортоор хангадаг байлаа. "IVCO" ХХК нь натрийн хлорид, глюкоза, маннитол, метронидазол, декстран-40 буюу реополиглюкин, декстран-70 буюу полиглюкин, рингер уусмал зэрэг тарилгын шингэнийг орчин үеийн савлагаатай, олон улсын эм үйлдвэрлэлийн стандартын шаардлагад нийцсэн Монголын анхны үйлдвэр юм. Эмийн үйлдвэрийн орчин үеийн (GMP, ISO-9001) стандартын дагуу төлөвлөж, зхион байгуулагдсан энэ үйлдвэр нь биобэлдмэл, ариун бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, гүүний саам, бэлэн бүтээгдэхүүн гэсэн зориулалтын модультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Алимаа олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж суурилуулах, орчинг бэлтгээд зогсоогүй ажиллах хүн хүчийг сургах, үйл ажиллагааны заавар, чанарын хяналтын гарын авлага боловсруулах, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гардан хийсэн байна. Бодис судлалын профессор Ж.Алимаа Техникийн Их Сургуулийн Хүнсний технологийн сургуульд Биотехнологийн тэнхимийг үүсгэн байгуулж эрхлэгчээр ажиллаж байв. Энэ тэнхим хүнсний биотехнологч, хүнсний микробиологч, хүнсний хими технологч мэргэжлээр сургалт явуулж байна.

Ж.Алимаа ферментийн бэлдмэл, хуурай цөс, гүүний хуурай саам зэрэг 20 гаруй биологийн идэвхит бэлдмэл үйлдвэрлэдэг МОЭНЗИМ, тарилгын шингэний үйлдвэр "IVCO", Биотехнологийн тэнхим үүсгэн байгуулсан гээд Монголд шинжлэх ухааны ололт нээлтийг үйлдвэрлэл сургалтад нэвтрүүлэх үйлсэд анхдагч нь байжээ.

Thursday, 27 January 2011

Ханиад томууд дарлуулахуй

Хүнтэй ажил ярьж байхад нус ус шиг урсаад "цэцэрлэгийн хүүхэд шиг болчих" гэж өөрийгөө шоолсон шиг, цаасан алчуур цаг зайгүй хэрэглээд их л завгүй өнжив. Удаах өдөр уй гашууд автсан хүн шиг нулимс дуслуулаад, "энэ ханиад биш харшил" гэж тайлбар тавьсан шиг өдрийг барав. Хоолой ирвэгнээд нэг л биш ээ. Баахан халуун цай уусан шиг дараах өдрийг үдэв. Үе үе найтаалгаад, толгой өвдөж эхэлсэн ч ажлын цаг дуустал гүрийв. Орой гэртээ иртэл даараад ч байх шиг ааш арзайгаад байхаар халуунаа үзтэл бага зэрэг бүлээрч байна.

Ханиадын ийм тийм вирус энд тэнтгүй зугаалж байна гээд зурагтаар сануулаад байсан. Түүнийг нь хүртчихэж! "Чөтгөр ав"! гэж нэг хараачихаад онц тоосонгүй. Чөтгөр гуайг ханиадаа аваад тонил доо хэмээн зөгийн балтай сүү, нимбэгтэй чихэртэй цай, сармистай хар шөл сэлтээр баахан дайлж аргадав. Өглөө бостол, ханиад чөтгөр хоёр ханилаад одсон бололтой бие сэтгэл арай гайгүй ч болчихсон шиг санагдаад, саалиа хаяад үхэж чаддаггүй авгай шиг ажилдаа явлаа. Автобусанд зүүрмэглэж явтал чөтгөрийн зулзага хамар дотор гэнт дэвхцэж яах ийхийн зуургүй найтааж орхив. Хүзүүний ороолтоор амаа таглаад дотогшоо өөрийнхөө хэнхдэг руу л вирусдэх шиг болсон. Юмыг яаж мэдэхэв хажуу тийш томууны ганц нэг сэргэлэн дусал үсэрхийлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд ам хамраа ч хаахгүй чөлөөтэй вирусдэдэг хүмүүс бас байх. Тэдний нэгнээс л би ...

Хамар шуухниатай, хоолой ирвэгнээстэй, хааяа нэг найтаалгасан шиг хэд хоног ажилдаа яваад, нэг л өдөр хэвлийн булчин хөндүүр болтол зогсоо чөлөөгүй ханиаж эхлэхдээ л томуу гуайг өвчин хэмээн тоож гэртээ хэвтэв. Гэртээ өөрөө өөрийгөө анагаадаг хүн болоод паралэн, колдрекс ууж үзэв. Хоёр гурав хоногт илааршихгүйд адгаж байнаа. Өвдлөө гээд эмчид очихоор, эм тариа барагтай бол бичихгүй антибиотек бол бүр ч өгөхгүй баахан шинжилгээ хийгээд эхэлдэг зантайг мэдэх болохоор, хурдхан эдгэрчих санаатай аптек ажиллуулдаг монгол эмэгтэйд утасдан антибиотек захиж авчруулав. Мэдээж, мафидэж олсон антибиотек бие улам л сулруулснаас агшин зуур анагаагаагүй. Эрүүл мэндийн даатгалтай байж эмчид очихгүй миний хийж байгаа алхам, эм зүйч мэргэжилтэй түүний хийж байгаа бизнес гэж таарсан дугуйнууд аа.

"С" амин дэм өндөр тунгаар уухад томуу төст өвчинд сайн гээд баахан бэрсүүт жүрж, амтат жүрж, нимбэг уугаад идээд байсан чинь, зарим антибиотектой энэ төрлийн амин дэм харш байдаг юм байна. Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулахад "В" амин дэмийн цогцыг хэрэглэх сайн гээд байдаг санаанд орж, В комплекс гэсэн амин дэмээс өдөрт ганц хоёрыг ширхэг залгиж байв. Гэтэл В амин дэм өвчтөнг өөд татахын зэрэгцээ ханиад томууны вирусыг бас тэтгээд сэргээгээд явчихдаг ихээ ардчилсан эд гэнэ. Тэгэхээр аливаа эм, амин дэм ууж эхлэхээсээ өмнө зааврыг нь үг үсэг алгасалгүй уншиж баймаар юм билээ.

Хэрвээ хүмүүс агаар дуслын замаар халдварладаг ханиадыг тоож ханддагсан бол хамт ажилладаг улсдаа халдаахгүй гээд ухамсартайгаар гэртээ бүгдэг, ядаж хажуудах хань ижилдээ, хүүхэд багачуудад, хөгшид өтгөст ханиадаа халдаахгүй гэж өөрийгөө тэрүүхэндээ цэнэдэг сэн бол халдвар арай л тархац багатай байх сан.

ДОХ, хорт хавдар гэх өвчний онош хорвоогийн тоосыг хөдөлгөх хоног чинь тоотой гэх ялын тогтоол мэт дуулддаг байлаа. Ийм оноштой хүмүүс хэдхэн хоног биш хэдэн сар, жил, хэдэн жилээр амьд явж байгаа жишээ олширсоор байгаа тул өнгөрсөн цагт "байлаа" гэж хэлэх байна. Хүмүүс үл тоомсорлон нянг нь тарааж явдаг ханиад томуу л хорвоогийн хамгийн аюултай өвчин болсон мэт.

Friday, 21 January 2011

Цаг агаар

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ гээд сэтгэл сэртхийлгэл сүрхий хөгжим ар фонд явдаг онцгой мэдээ л биш бол хүмүүс цаг агаарын мэдээнээс хамаараад өдөр тутмын хийдэг ажил төрлөөсөө хойш сууж, зуршил дуршилаасаа татгалзана гэж байхгүй шиг улс төр гээчийг цаг агаарын өөрчлөлт шиг байж л байдаг балай нэг юм гэсэн шиг тоомжиргүйхэн аваад өөр өөрийн хийх юмаа хөөгөөд явах нь өөрт өлзийтэй, улмаар өрөөл бусдад алсдаа улс нийгэм дэвжихэд дэмтэй шиг. Улс төртэй төргүй хавтгайрч буй эх дэлхийд хамаг юм жам ёсоороо хувьсаж, хүмүүс амьдрал ахуйгаа хөөгөөд дурлах нь дурлаж, урлах нь урлаж, уйлах нь уйлж, уйхаалсаар урагшлах нь ахих мэтээр хорвоогийн олон өнгө алагласаар цаг хугацаа улирдаг.

Ажиглаад байхад, бүтээлч хүчтэй хувь хүн ямар цаг үед (улс төрийн ямар дарамтанд) амьдарч байснаас үл хамаарч үеийн үед дуурсагдах мөнхийн бүтээлээ туурвисан байдаг. Хатсан хөрстэй усгүй цөлд харж ханамгүй гоёмсог цэцэг ургахгүй шиг, энгийн хүмүүсийн эгэл амьдралаар тэжээгддэггүйсэн бол суутны гайхам бүтээл төрөхгүйсэн. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэгчлэн заавал суутан болох гэлгүй бидэн хир тааруу дөнгөх юмаа л хиймээр шиг.

Сайн хааны ивээл дор ард олон амар сайхан жаргажээ хэмээн өлзийтэй сайхнаар төгсдөг үлгэр амьдрулах эр зоригтой, эрч хүчтэй, эрдэм боловсролтой аавын хүү ээжийн охид тэр улс төрөөр нь тоглог. Улс төрчийн аньсга хөдөлгөх, амьсгаа авах, алхаж гишгэх, сууж босох, сэтгэх сэртэлзэх бүгд олны нүдэн дээр болохоор амар биш ажил. Амжилттай тоглоом гаргаж чадвал сайн л байна. Чадаагүй алдлаа гэхэд амьдралд маань хал бал багатай байхыг нь бид өөрсдөө хийе. Цаг наргүй уйгагүй хөдөлмөрлөдөг ажилчин зөгийдгүй бол хатан зөгийнөөс бал гарахгүй ээ.


Friday, 14 January 2011

Сакура ба Царс

Оросын дипломатч Всеволод Овчинниковын арлын тэргүүлэгч хоёр гүрэн Япон, Английн тухай харьцуулан бичсэн "Сакура и Дуб" ном анх 1983 онд хэвлэгдэн олны хүртээл болж, 1985 онд уран сайхны нийтлэл ангилалд төрийн шагнал хүртсэн юм. Тэр үед уг номыг нэг амьсгаагаар уншиж байлаа. Хориод жилийн дараа шарласан хуудастай номоос нэг юм харахаар эргүүлтэл бас л сонирхолтой байсан тул эхнээс дуустал дахин уншчихав. Ахин уншихад анх уншиж буй мэт амттай байсан энэ сайхан номын талаарх бодлоо блогчидтойгоо хуваалцая.

Япончуудын тухай өгүүлэх "Ветка Сакуры" буюу "Сакурын мөчир" хэмээх номын эхний хагас тухайн үндэстний зан заншил, нийгмийн бүтэц, хүн зоны ааш араншангийн онцлог, соёлын тухай ихэд гярхай хошин өгүүлсэн тул илүү сонин байв.
Англичуудын тухай бичсэн "Корни Дуба" буюу "Царсын үндэс" гэж нэрлэгдсэн сүүлийн хагаст англичудын онцлог араншинг ангит нийгмийн уршиг гэх мэт коммунист дүгнэлт цөөнгүй хавчуулсан нь сонирхолтой баримтуудыг бүдгэрүүлэх мэт сэтгэгдэл төрж байсан ч бас л сонин байлаа.

Япончуудын гоо сайхны үнэлэмж саби, ваби, сибуй, югэн гэх дөрвөн тулгуур ойлголтоос бүрддэг гэнэ. "Сабу"-эртний сайхныг тодорхойлох зэвэрсэн гэх утгатай үг. "Ваби" нь энгийн байгаагаараа байхын гоо сайхныг илэрхийлсэн, хэт содон марзан чимиг сэлтийг үгүйсгэсэн үзэл . "Сибуй" - төгс төгөлдөр бус унаган төрхөөрөө байгаа бүхэн юм юмнаас илүү гоо сайхан, цаг хугацаа улирах тутам юмсын угшил нь улам тодорч сайхныг нь ил гаргана гэх үзэл. "Югэн"-гүйцэт эс өгүүлэх, ёгт далд утга бүхий үг хэлцээр санаа бодлоо илэрхийлэх урлаг.

Английн боловсролын систем, тэдний хүүхэддээ хандах хандлага их сонин санагдлаа. Хүүхэддээ их хатуу ханддаг эцэг эхийн хайраа сэтгэлийн гүндээ нууж, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй биеэ барьдаг атлаа нохойтойгоо бол чөлөөтэй нялуурч сайн муугаа ний нуугүй гаргадаг сонин улс гэнэ. Хүүхдийг ямар сургуульд сургаснаар ирээдүйд тэдний нийгэмд эзлэх байр суурь тодорхойлогддог юм байна. Хүүхдээ бүр хар багаас нь гэрээс нь гаргаад нийтийн байртай, нэр хүндтэй, өндөр өртөг хувийн дунд сургуульд оруулж чадвал, Кембридж, Оксфорд университетын аль нэг нэртэй колледжид элсэх магадлал өндөр. Тэгээд тэр дээд сургуулиа төгсөж чадвал тухайн сургуулийн галстук эзэмшигч болох бөгөөд цаашид насан туршид нь ажил бүтэмжтэй болох эсэх, карьер хийн өсөн дэвжихэд нь галстук нэгтэн бүр өөрийн хүн гэж хүлээж авах тул томоос том "арын хаалгатай" болдог шиг. Эдгээр сургуульд нарийн мэргэжил гэхээсээ улс орон том компани удирдах арга барил, гол нь удирдагч төлөвшүүлдэг гэнэ. Англи маягийн удирдах ажилтан болохын тулд хүүхдийг юуны өмнө өл даах, хүйтэн халуунд тэвчээртэй гээд сэтгэлийн хаттай болгодог байна. Сургууль хичнээн үнэтэй нэртэй байна, тэнд хүүхэд төчнөөн өлсөж даарч ахлах ангийнхандаа дэглүүлсээр хатууждаг улмаар бэрхшээлийг инээмсэглэж байгаад давах чадвартай, үгээ цэнэсэн даруухан нөхөр болох ёстой бололтой. Англи хүмүүс ажлын бус цагаар ажил мэргэжлийн талаараа огт ярьдаггүй, ер нь ямар нэг юманд мэргэшсэн мундаг, алдар цуутай хүн гэдгээ гэдгээ зарлаад байдаггүй, хүний дотоод амьдрал руу өнгийдөггүй, өөрийнхийгөө ч нийтэд цацаад байдаггүй. Ойр зуурын гэрийн гадаах цэцэрлэгтээ ямар мод цэцэг тарьсан, үргэлж үүлтэй бүүдгэр цаг агаарынхаа тухай, чөлөөт цагаа хэрхэн юү сонирхон өнгөрөөдөг зэргээ хөөрдөг улс юм байх.

Гадаад хэл сурахад дүрэм тэгээд үгийн нөөц гэж нэг аймаар даваа байдаг . Үг болгон ямар нэг утга илэрхийлдэг. Тэр нь цаанаа тухайн үндэстний зан заншил, түүхтэй нь ямар нэг сэжмээр холбогдсон байдаг. Тэр бүхнийг мэдэхгүй гадны хүн гадаад үг хэлц бүрийг төрлөх хэлнээ буулгаж өөрийн соёлтой холбон ойлгодог болохоор харь хэл наалдац муутай байдаг шиг. Хэл яриа тухайн үндэстний сэтгэлгээний толь, соёлын илрэл билээ. Энэ нь ялангуяа хошигнол дээр их тод илэрдэг. Монгол хэлний зүйр цэцэн үгс шигтгээлсэн сайхан хэллэгтэй, манай ардын егөө, хошигнол ихтэй зөвхөн монгол хүн л амтархан уншдаг ном зохиолыг орчуулахад чухам тэр тансаг амт нь гадаад хэлэнд хир буухыг мэдэхгүй.

Уншаад үзээрэй. Сонин ном билээ.