Tuesday, 2 October 2007

Монгол үндэсний хувцас


Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгал цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг.

Монголчууд бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчид байлаа. Асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай энэ орны хөрс газар тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа будаагаа зэргэлдээ орших суурин омог аймгуудаас авдаг. Заримдаа худалдааны хэлцэлээр бараа солилцооны маягаар, яриа хэлэлцээрээр бүтэхгүй үед уулгалан дайрч дээрэмдэн авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дайнч, моринд гарамгай монголчуудын хувцас хүний хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван цагт ч, дайн тулааны үед ч өөрчлөгдөхөөргүй хэв загвартай, салхи хаасан битүү энгэртэй, гар даарахгүй нударгатай дээл, морин дээр удаан явахад биед түшигтэй /европийн зарим судлаачид корсеттой жишсэн/ өргөн бүс, урт өмд, өвдөг хүрсэн урт түрийтэй гутал сэлтээс бүтэж байв.

Эрт урд цагт монголчууд элдүүр нь ханасан хонины арьсыг ар нуруугаар нь хавсарч шуумаг болгон өмд гэдэг өмсгөл зохиожээ. Эрс тэрс уур амьсгалтай нутагт амьдардаг, морьтон монголчуудад өмд тун чухал хувцас байв. Үүнийг оросын нэрт түүхч Л.Н.Гумилев: “Танд орчин цагийн европ эрийг өмдгүй төсөөлөхөд бэрх. Гэтэл өмд гэдэг өмсгөлийг анх төв азийн нүүдэлчид зохиосон”[1] гэж бичсэн байдаг. Японы түүхэн зохиол туурвигчдын тэргүүн төлөөлөгч Шиба Рёотаро “манай эрний өмнөх хятадын Жао улсын Y Лин улсдаа анх удаа хөнгөн морин цэрэг санаачлан зохион байгуулахдаа, умардын зэрлэгүүдтэй дайтахад тэдний дайтах хууль ёс, өмсгөл жаягийг дууриах хэрэгтэй”[2] гэж уриалсан байна. Нүүдэлчид шиг “өмд өмсөцгөөе” гэсэн тэр уриалга урт шуумагтай өмд, түрийтэй гутал өмсдөг одоогийн хувцасны эхийг тавьсан гэдэг. Шиба Рёотаро цааш: “Монгол дээлний товч шилбэ ХҮII зууны сүүлчээр Унгарын морин цэргийн хувцсаар дамжин Европт тархахдаа дээлний шилбэ хавирга мэт уртасч мундирийн гоёл, чимэг төдий болжээ” гэж дүгнэсэн нь бий.

Дэлхийд хамгийн хүчирхэг улс байгуулж байсан монголчуудын хувцасны “моодыг” гадаадынхан ийнхүү дууриадаг байсан бол хожим хүч нь мөхөж, Манж-Чин улсын ноёрхолд байсан /1615-1911/ үед монголын язгууртан ихэс дээдсийн өмсгөлд манж-хятад хувцсын загвар нөлөөлжээ. 1911 онд Монгол Манжийн эрхшээлээс ангижрахад, ноёд түшмэдийн зэрэг дэв, ямбаны хувцсыг монгол хэв шинжийн болгон өөрчлөх зарлиг гарчээ. “Ёслолын цаазны бичиг”[3]-т төрийн ёслолын үед хэрэглэх хувцасны дэг жаягийг нарийвчлан зааж, эртний энэтхэг хаадын болон төвд лам нарын хувцаснаас санаа авч, монгол хувцасны ерөнхий загварт тулгуурлан Монгол улсын хааны ямбаны хувцсыг цоо шинээр үүсгэн зохиосон түүхтэй.

1921-1924 оны ардын хувьсгалын эхний жилүүдэд ноёд, түшмэдийн зэрэг дэвийн хувцас хэрэглэгдэж байгаад, зан үйл ёслолтойгоо хамт үеэ өнгөрөөв. Одоо ийм хувцсыг музей, кино, театр, бэлэг дурсгалын зүйлсээс олж харж болно. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монгол улсын ерөнхийлөгч төрийн их ёслол, баяр наадмын үеэр өмсдөг, эртний дээдсийн хувцасны хэв шинжийг хадгалсан ёслолын хувцастай боллоо.

Үндэсний хувцас угсаатны зүйн үнэмлэх болж ирснээс гадна зарим үед улс төрийн утга, ёгт санааг агуулдаг байв. Домог өгүүлрүүн: “Монгол ноён Хятадад тулга захиалжээ. Чингэхдээ тотгы нь бадарч буй дөлөөр хийсүгэй гэж. Хятадад тэр хүсэлтийг умартаж, тотгыг дөлөөр бус, хон хэрээний хошуу маягаар хийж ирүүлжээ. Монголын газар шороог хон хэрээний хошуугаар тогшуулах гэсэн санаа агуулсан гэж хаан оноон ухав. Хөрш гүрэнтэйгээ муудаад яахав, санаагий нь мэдсэн сайн болллоо. Хон хэрээ манай газар шороо, гал голомтыг тоншиж зүрхлэхгүй сөрөг ухааныг сийлье гээд албат нартайгаа зөвлөлдөн, үргэлж голомтынхоо захад байдаг галын зэн эхнэр хүний хувцсыг жигүүртний хаан хан гарьдын сүр жавхлант дүрийг дууриалган хийх болсон гэдэг. Халх эхнэрийн хувцас төрсөн учир ийм.”[4]

Монгол үндэсний гол хувцас дээл хэмээх өмсгөл билээ. Төв Азийн үндэстэн ястны хувцас нь монгол маягийн баруун энгэртэй, түрэг маягийн зүүн энгэртэй гэж хоёр хуваагдана. Барга, манж, буриад, орочи, ороки, нанай, тунгус, кидан, тогон нарын хувцас монгол хэв загвартайд ордог. “Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн.”[5]

Дорнод аймгийн Матад сумын нутгаас олдсон Шонх Толгойн Киданы үеийн гантиг баримлаас харахад Монголын өвөг киданы хувцас, XIII-XIY зууны монголын их хаадын хөрөгт тэр үеийн их хаадын дээл хэлтгий энгэртэй байсан нь харагддаг. Чингисийн алтан ургийн удамт өндөр гэгээн Занабазар лам хувцасны загварыг тогтоосон хэмээх тул худам монгол дээлийн хэв маяг одоогийн лам дээлд хадгалагдан үлдсэн гэж үздэг.

Лам дээлийг шар, улбар шар, улаан, хүрэн улаан, хүрэн өнгийн бөсөөр хийж, дээр орхимж ороодог. Буддын шашны шарын урсгал Монголд нэвтэрснээр, “өмд өмсөцгөөе” гэсэн уриалга гаргахад хүргэж байсан дайчин монгол эрсийн ихэнхи нь лам болон “өмдөө тайлж”, орхимж ороон олбог дээр завилан суулаа. Эртний Грекийн нөмрөг “гиматий” Энэтхэг, Түвдээр дамжин “орхимж” нэртэйгээр ийнхүү Монголд заларч, лам нарын хувцасны салшгүй хэсэг, өвөрмөц онцлог болжээ. Орхимж, гиматий хоёул гадуур хувцас дээгүүрээ биеэ ороож, нэг үзүүрийг мөрөө давуулан хойш хаях маягаар өмсдөг 1,5 м өргөн, 4 м урттай эсгүүр хэмжээ ижил бөс билээ. Монгол лам нар цол мяндаг, хэргэм тушаалаас шалтгаалан номын, хурлын гээд маш нарийн дэг жаягтай хувцас өмсгөлтэй байв. 1930-аад оны үеэс шашингүйн суртал, улс төрийн хавчлаг дарамтаас болж лам нарын хувцасны нарийн ширийн мартагдах тийшээ болсноо сүүлийн арваад жилд шүтлэг ил болоход лам нарын хувцас хуучин дэг жаягаараа сэргээгдэн мөрдөгдөж эхлэв.

Одоо манай оронд нутагладаг хориод ястны дээл нь 400 орчим, гутал нь хориод, бүс нь арав орчим төрөл байдаг. Жишээ нь Монголд амьдардаг халх, буриад, дарьганга, ойрд зэрэг олон ястны хувцас дотроо ялгарах бөгөөд эдгээрээс хүүхэд эрэгтэйчүүдийнх хоорондоо төстэй, харин эмэгтэйчүүдийнх нэлээд ялгаатай болно.

Монгол дээл илүү дутуу эд ангигүй, нягт сайтар бодож боловсруулсан хийцтэй тул сайн үйлчин эсгэсний дараа өөдөс бараг үлддэггүй, эгэл атлаа нарийн эсгүүр хийцтэй аж. 80-90 см өргөнтэй-нарийн энтэй торгоор дээл оёоход хүний өндөр намаас хамааран 4-6 метр торго орно. Дугуй хээтэй торгоны хээг нийлүүлдэг тул арай илүү орно. Өргөн энтэй цулгай бөсөөр дээл зөрүүлдэн эсгэж бөс даавуу хэмнэж болдог.

Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт хөвөнтэй дээл, хурган дотортой дээл өмсдөг. Өвөл үзүүрсэг[6] буюу цувцаа[7] өмсөнө. Монголын өвөл –20-40 хэм хүртэл хүйтэрдэг ба өвлийн ийм хүйтэнд алс хол явах, адуу манах, хээр хоноход үстэй дээл дээрээ дах давхарладаг. Дахыг сэрх, аргаль, янгир, чоно, нохойн арьсаар үсийг гадагш харуулан хийдэг. Дахны энгэр зөрөхгүй, ар хормойдоо урт оноотой, морь унаж явахад тохирсон байдаг.

Монгол гутал морь унаж, дөрөө жийн давхихад тохиромжтойгоор тооцоолон хийгдсэн тул суурь сайтай, маш бөх бат, хөлөнд түшигтэй тул орчин цагт хөдөөгийн малчид, үндэсний бөхийн өмсгөлд яг хуучин хэв шинжээрээ хадгалагдан үлдсэн. Монгол гутал дугуй улт[8], ээтэн[9], явуут ээтэн[10], гэж үндсэн гурван янз байна. Ул, түрий, зулаг[11], зуузай[12], хавчаар гэсэн үндсэн хэсгээс монгол гутлын эсгүүр бүтнэ. Гутлын түрий, зулгыг үхэр адууны боловсруулсан булигаар ширээр эсгэн, төмөр буюу модон хэвээр дарж хээ угалз гаргана. Монгол гутлын дотор даавуу ширмэл буюу эсгий ширмэл оймс өмсөнө. Оймсны хараанд[13] мөн хээ угалз тавина. Өвлийн дүн хүйтэнд гутлын гадуур дэгтий өмсдөг. Дэгтий оймс хэлбэртэй, эдэлгээ даах сайн чанарын ангийн арьсаар хийдэг.

Монголд малгай, бүс тухайн хүний нийгмийн байр байдал заадаг гол үзүүлэлт байсан тул ихээхэн ач холбогдол өгч иржээ. “Омгийн байгуулалттай байх үед шувууны өрөвлөг өдийг ахлагчийн малгайд хадан ялгадаг эртний монголын заншил отог жинсний эхийг тавьсан. Үүнийг хожим манж нар зээлдэн авч хэрэглэсэн нь феодалын нийгмийн зэрэг дэвийн ялгааг харуулах болжээ.”[14] Эртний монгол хаадын малгайд байсан цомбон гозгор жинсийг “дог” жинс гэдэг байснаас угшилтай малгайн оройн даавуу зангилааг сампин гэдэг болсон. Монгол малгайн хэлбэр хөгжлийг ажвал эрт цагт пүмбэгэр өндөр оройтой байснаа гозгор нарийхан болж, намсан намссаар мээмэн оройт гэх маш нам оройтой болж эцэст нь лоовуузан дээр буужээ. Одоо зуны болон чихтэй тоорцог, лоовууз, юүдэн зэрэг үндэсний малгайг хэрэглэсээр байна. Европыхон малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

Монгол үндэсний хувцасны салшгүй хэсэг бол гоёо, чимэг, зүүлт хэрэглэл сэлт билээ. Монгол эр хүн хэт хутга, тамхины даалин, аяганы уут зэргийг бүснээсээ зүүж явдаг. Хутганы гэр гоёмсог сийлбэртэй, хажуудаа савхны гэртэй. Аяганы уутанд голдуу мөнгөн аяга авч явах ба тухайн хүний бэлээс шалтгаалан модон тагш ч байна. Ийнхүү хүн айлд ороод, гэрийн эзэнтэй мэндэлж, тамхилаад өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Тамхины даалин, аяганы уутыг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг бүсгүйчүүд мэтгэдэг байж. Эмэгтэйчүүд бүсэндээ зүүж явдаг бяцхан уутанд чимхлүүр, чигчлүүр, хусуур, сам, шүүр зэрэг гоо сайхны зүйл байдаг байв.

Монгол үндэсний хувцас, малгай гутлыг хээ угалзаас ангид төсөөлөх аргагүй. Малгайг дугуй, ланз, пүүзэн, баяр хээтэй торгоор хийж дээр сэнж, эвэр, хамар угалз болон өлзий хээг өнгө хоршуулан тавьдаг, заримдаа алт, мөнгөн утсаар чимдэг. Монгол гутлын гоёо нь шагай, зулаг, түрий хооронд зохицолдсон нэг төрлийн хээ угалзан тогтолцоо үүсгэдэг нэгэн төрлийн урлаг юм. Гуталд дөрвөлжин хээтэй бүтэн өлзий, зузаан эвэр угалз, зуйван хүрээтэй сүлжээ эвэр, хатан сүйх, хос эвэр зэрэг хээ угалз тавьдаг. Малгай гутлыг бодвол дээлэнд хээ бараг тавихгүй. Харин дээл дээр өмсдөг хантаазанд давхар хошоо, шүдэнзний булан, дэвс хээ тавьдаг.

Эрийн гурван наадмын хувцас өөрийн онцлогтой. Монголд хурдан морьны уралдааны тамирчид 5-13 насны хүүхдүүд байдаг ба тусгай өмсгөлтэй байдаг нь сонин. Соёмбо, хорло бүхий малгай, нөмрөг, нацагдорж, зоос, шувуу, эрвээхэй дүрс бүхий цамц, шуумагтаа эвэр угалзтай өмд өмсөнө. Монгол бөхийн зодог, шуудаг нь бөхийн сүр хүчийг илтгэн харуулдаг. Зодог нь цээжинд өмсдөг, далбаа хэмээх богинохон ар хоёр хамцуйгаас бүтнэ. Далбаад мяндсан утсаар томсон элэг бүсийг бэхлэнэ. Зодогны далбаа захыг мяндсан утсаар угалзлан ширж бөх бат болгодог. Шуудаг нь усан сэлэлтийн маягийн бариу өмд, захыг мяндсан утсаар шаглаж, шаглаасаа ойрхон зайтай ширж бат бөх болгоно. Далбаа болон шуудагны ар өвөрт бөх хүний төгс хүчин чадлыг илтгэх хээ угалзнаас гадна гарьд, луу, арслан, бар зэрэг дөрвөн хүчтэнийг урладаг. Оройдоо сампинтай, дөрвөн талт малгай бөхийн малгай болон уламжлагдан үлдэж, цолын эрэмбийн ялгааг малгай дээр хаддаг болсон.

Уламжлалт монгол хувцасны хийц, загварт өөрчлөлт орж өнөөгийн дээлийн хэв маягт аажим шилжин, 1940-1950 онд орчин үеийн монгол хувцасны хэв маяг хот, хөдөөгүй дэлгэрчээ. Нүүдэлчдийн прагматик сэтгэлгээгээр бүтсэн монгол үндэсний хувцас биед эвтэй тул одоо ч таягдан хаягдсангүй хэв шинж нь орчин үеийн болон хувьсч, ууж, хантааз, хүрэм хэрэглээ багасч, монгол дээлийг европ хийцийн малгай гуталтай хоршин хэрэглэдэг болжээ. Дээр үед ихэс дээдэс магнаг, хамба, тэрмэн, хоргой, торгон дээлээр гоёж, энгийн борчуудаас ондоосдог байсан бол орчин үеийн шинэ баячууд торго, хоргойгоос гадна нарийн ноосон даавуу, нимгэн савхи, ямааны ноолууран эдээр хийсэн дээлэнд цул мөнгөн товч хадан гангардаг болжээ. Өнөөдөр монгол эрчүүдийн дээлийн хэв загварыг бөхчүүд тодорхойлдог бол бүсгүйчүүд нэрд гарсан жүжигчид, яруу найрагч зэрэг алдар цуутай эмэгтэйчүүдийн дээлийн хэвийг дууриах дуртай аж.

18.04.2002. Прага хот

\Чехийн ШУА-ын Дорно дахины судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг

“Nový Orient” сэтгүүлд 5|2002 хэвлэгдсэн\



[1] Л.Н.Гумилев “В поисках вымышленного царства” Сант-Петербург, 1994

[2] Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл” УБ, 1997

[3] Х.Нямбуу “Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн ёс, ёслол” УБ, 1993

[4] Эрдэмтэн зохиолч Д.Маамын “Газар шороо” номын дэд дэвтэр

[5] Л.Л.Викторова “Монголы” /происхождение народа и истоки культуры/ Москва, 1980

[6] үзүүрсэг-уртыг ноосыг зун хяргаснаас хойш намар орой гаргасан хонины арьсан дээлний дотор

[7] цувцаа-давуун өнгө татсан үзүүрсэг

[8] дугуй улт- ээтэн багатай, хээ угалз цөөн настай улс голдуу өмсдөг

[9] ээтэн-ээтэн нь дунд зэрэг, 8-10 угалзтай, идэр дунд насны хүмүүс өмсдөг

[10] явуут ээтэн-эмэгтэйчүүд өмсдөг, хоншоор өндөр, нарийн шөмбөгөр, 10-12 угалзтай

[11] зулаг-гутлын ул, түрий хоёрын хоорондох эсгүүрийн хэсэг

[12] зуузай-гутлын өсгийний дотоодод хадах хатуулга

[13] хараа-гутлын түрийнээс цухуйх оймсны түрийний дээд хэсэг

[14] Х.Нямбуу “Халхын зарим нутгийн хээ угалзын зүйлээс” ШУА-ын хэвлэл, УБ, 1968

Нэрийн хуудас-Янхан

Петра Хуловагийн “Эмээгийнхээ дурсгалд” хэмээх номыг уншиж үзлээ. Хорин хэдхэн настай залуу хүн ном бичээд хэвлүүлчихнэ гэдэг авьяастайг харуулна. Түүний бичих арга барил, үг сонголт хийгээд найруулга муугүй. Зан заншил, түүх соёлыг нь сайн мэдэхгүй харийн оронд үйл явдал нь өрнөж буйгаар ном бичих зоримог санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлж ном болгочихдог сүрхий л охин юм. Хүний сэтгэлийн дэмийрэл жолоогүй тэнэсэн сум шиг тул онож буудаж байж үнэмшилтэй, үнэнд ойртсон ном төрнө. Хэн нэгний уран сэтгэмж тодорхой цаг хугацаа, орон зайд биежихэд уран зохиол төрдөг. Ер нь зохиол бүтээл ном тухайн зохиолчийн сэтгэлийн задгайрал, мэдлэгийн хэмжээс тул хөндлөнгийн хүн шүүмж үг унагах нь илүүц мэт. Гэвч уг номыг уншихад монголчууд биднийг үндэстэнийх нь хувьд дорд үзээд ч байх шиг санагдаж эгдүүцэж байтал, улмаар зохиогчийн радиод өгсөн ярилцлага үүнийг бичихэд ташуур өгөв. Ерийн нэгэн монгол уншигчид төрсөн сэтгэгдэл төдий юм даа.

Зохиолын үйл явдал Баянхонгор аймгийн өмнөд говьд өрнөнө. Зохиолын гол баатар Тулгаагынх амины нэлээд малтай, жийп машинтай айл. Авгай Алтаа нь төрхөмдөө байхдаа төрүүлсэн Хироко, нөхрөөсөө Мага, хятадаас эрлийз Заяа, оросын эрлийз Нараа, нөхрөөсөө гэхэд эргэлзээтэй ч цэвэр монгол цусны Оюун зэрэг олон охид төрүүлсэн. Хироко байх даа яахав. Монголд монгол, төвд, санскрит, хааяа нэг орос нэртэй хүн байхаас япон нэртэй хүн байдаг тухай би хувьдаа дуулаагүй. Алтаагийн дүү Шарцэцэг нийслэлд очиж янхан болно. Заяа, Нараа нар хойноос нь очиж, Шарцэцэг ажаа дүү нараа янхан болоход хөтлөнө. Монголд зөвхөн янхнууд л хоолтой, хувцастай “диваажинд” мэт дажгүй амьдардаг. Сумын төвийн эмнэлэгт эмийн оронд архи цутгаж байх шиг. Ил тавьсан талийгчийн гар хөлийг нохой зуугаад гэрийн гадаа авчирч ч байх шиг. Тоос шороо хийсээд өнгө дарсан гунигтай амьдрал. Товчдоо үйл явдал нь нэг иймэрхүү.

Хүн хүний сонирхол өөр л дөө. Монголд очдог жуулчид, судлаачдаас амьтан ургамал сонирхдог нь дэлхийд ховордсон Их Говийн хулан, тахь, хавтгай, мазайлай зэрэг амьтдын тухай, ан гөрөө сонирхдог нь аргаль, угалз агнасан, загасчид нь тул зэвэг барьснаа гайхуулж, зураг урлаг сонирхдог нь зээгт наамал, нагтан гартан танк гээд сонин урлах эрдмийн тухай, дуу хөгжим сонирхдог нь уртын дуу, гүр дуу, хөөмий гээд өвөрмөц язгуур урлаг байдаг тухай нэг хэсэгтээ ойр тойрны нөхөддөө хуучлах юмтай очдог. Тэдний зарим нь өгүүлэл, ном бичиж, баримтат кино бүтээх нь бий. Чехүүд “олгой хорхой” гэж эртний нэг домгийг бодьтой, манай говьд аврага том олгой хорхой байдаг гэж итгэдэг улс.

Харин “монгол янхнуудыг судалж, ном зохиол бичиж гэнэ” гэж ер сонсоогүй юм байна. Монгол гэхээр гадаадынхан ерөнхийдөө цэлийсэн тал, цөлд хэдэн арван сая мал, цөөн хэдхэн хүн бий гэж төсөөлдөг. Жуулчны байгууллагууд хүн татахын тулд нүүдлийн соёл, онгон байгалиа түлхүү сурталчилдаг нь ийм өрөөсгөл ойлголт төрүүлдэг бололтой. Тэр их тал, говь цөлд хэдэн малаас гадна янхан хүүхнүүд бас байна хөөе гээд хэн нэгэн хашгирахаар хүний чих дэлдийнэ дээ. Юм юманд дөжирчихсөн “хөгшин Европын” сэрлийг этгээд гажууд зүйлээр л хөдөлгөнө. Тэд зурагтаар энд тэндхийн зэрлэг омгийнхныг нүцгэн шалднаар харуулах дуртай. Жил болгон Чехэд болдог олон улсын баримтат киноны фестивалд хорвоогийн олон үндэстэн хэрхэн янханддаг тухай кино дээгүүр гүйж, 2002 оны хаврын фестивальд Бомбей хотын ядуусын хорооллын бага насны охид хэрхэн янхандан голоо зогоодог тухай кино олны анхаарлыг сүрхий татсан.

Бие үнэлэгч янхан хүн төрөлхтний хамгийн эртний түгээмэл “мэргэжил.” Монголд хүний орчлонд байдаг сайн муу бүхэн янхантайгаа хамт байдаг биз. Янхан дээр очиж тэлээгээ мулталж, хэтэвчээ нимгэлдэг эрчүүдийн ихэнх нь гадаадынхан гэдгийг эмч, цагдаа нар тогтоосныг “судлаач” маань харин тодруулсангүй. Үлдсэн нь баян чинээлэг монгол эрс байх учиртай. Монгол баячуудын тухай энэ номд ганц ч өгүүлбэр алга. Чинээлэг болон дунд давхарга байж гэм янхнаар голоо зогооно биз дээ. Янханд очдог эрчүүд байхгүй бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт “хүчээ сорих” эмэгтэй гараа ч уу, үгүй ч үү.

Казанова номыг уншихад янхнууд гэж ийм улс байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөхөөс италичууд ч балай улс юм гэж бодогдохгүй. Мопассаны номыг уншихад мөн францчууд үндэстнийхээ хувьд завхай зайдан гэсэн санаа төрөхгүй, хүний ертөнцийн эрээн бараан л сэтгэлд бууна. Энэ бол зохиолчийн ур чадвар. Хуловагийн янхануудаас үүдээд чехүүд энд номын мөр хөөж яваа оюутан, аспирант залуусыг танай монголчууд ингэдэг үү, тэгдэг үү гэж шалгаажээ Үйлдвэрт ажилладаг энгийн монгол ажилчид энэ номоор ороогдон бас тэвджээ.

Монголтой холбож зарим уншигч хүлээж авч буй тул янхнаас гадна монголын тухай ном юм болов уу даа, хэн мэдлээ. Тулгаа хятад наймаачнаар зуучлуулан өмнөд хөршид наймаа эргүүлж, авгайгий нь араар нь хятад орос эрчүүд эргүүлж байхыг бодоход цаг зөөлөрсөн ерээд он гэмээр. Дөч гартлаа янхандсан хятадын эрлийз Заяа, оросын эрлийз Нарааг насаар нь баримжаалахад арилжаа наймаа хориотой, орос хятадын доншуур наймаачид чөлөөтэй сэлгүүцэх боломжгүй, хил хаалттай жар далаад онд ээж нь олсон баймаар. Эрлийзүүд хоногоор бус цагаар торниж, тав арван жилд дөч гараад, бас оворгүй гэж байгаа. Уг нь янханууд амархан “элэгддэг” баймаар.

Цэрэгт яваад залуус шилэрдэг зэргээс говьд эр хүн цөөвтөр. Хүйсийн тэнцвэр алдагдснаас энд нөхөргүй эмэгтэйчүүд байдаг нь үнэн. Албан ёсны авгайтай атлаа, булчингийн хүч шаардсан ажил төрөлд нь очиж тусалдаг “байдаг айл” гэгдэх хоёр дахь гэрийнхээ амьдрал ахуйг давхар аваад явдаг эрчүүд говьд бий. Алтаа авгай эр хүн ховордуу “говьд” нөхрөө араар нь тавиад л, эрлийз хүүхэд төрүүлээд л...

Хулганы \хархны\ мах хэрэглэдэггүйгээрээ нэр сайнтай хотын нэг гуанзны тухай гарах юм. Инээд хүрмээр. Гучин хэдэн сая толгой малтай, хоёрхон сая хүнтэй Монголд мах шиг хямд юм байхгүй. Үлгэрлэвэл цагаан будаа тариалдаг орны хүмүүс будааны чанарыг үнэр сэлтээр нь андахгүй таньдаг шиг, монголчууд мах танихдаа сайн. Ямар махаар хоол хийснийг амт, үнэрээр нь, тэр ч бүү хэл шөлний нь тосны хэлбэрээр ямар ч хүн ялгана даа. Манжийн дарлалд байсан гурван зуугаад жилийг үндэсний доройтлын доод цэг гэвэл, тэр үед ч монгол хүн харх идэж үзээгүй. Дэлхийн нэг хоёрдугаар дайны хөлд нэрвэгдсэн зарим том хотын иргэдэд тиймэрхүү зовлон учирч байсан байх аа.

Тулгаагийн тэжээдэг хэдэн охид эрлийз, халхаараа ялгараад бие биеэ үзэхгүй, хоорондоо тун эвгүй. Монголд ураг төрлийн уламжлалт холбоо одоо ч хүчтэй хэвээр байгаа. Энэ тухай бид байтугай гадныхан анзаарч бичсэн судалсан байдаг. Төрөл садансаг сэтгэлгээ нийгмийн сөрөг үзэгдлийн хэмжээнд хүрсэн тухай Чехийн монгол судлаач Вероника Капюшовска “Монгол төрөл садангын орон” \”Новый ориент” сэтгүүлд\ өгүүлэлдээ бичсэн нь бий. Нэг гэр бүлийн хүүхдүүд амь нэгтэй өсдөг дөө. Тэгээд ч хүүхдийн ертөнц, арьсны үзэл хоорондоо авцалдахгүй. Хүүхэд хэзээ ч, хаана ч эвдэрч амжаагүй, цайлган цагаан сэтгэлтэй байдаг. Эцэг эх аль нэг хүүхэддээ илүү хайртай байж, бусад нь бага зэрэг атаархах гомдох тал байдгыг үгүйсгэхгүй. Франц Кафкагийн “Эцэгтээ бичсэн захидалд” иймэрхүү өнгө аяс цухалздаг.

Олон монгол үгийг Хулова орчуулалгүй хэрэглэжээ. “Гэр” мэтийн монголын өвөрмөц соёлыг илтгэх үгийг орчуулахгүй байж болох юм биз. Гэтэл янхны газар нь “диваажин” нэртэй. “Диваажин” гэдэг үгийг орчуулгаьтайлбаргүй хэвээр орхисноор монгол хэл мэдэхгүй чехүүд үгийн утга, цаад доромж санааг ойлгохгүй. Сайн үйлстэн “диваажинд” очдог загалмайтны шашны ойлголтоос биднийх арай өөр. Утгын энэ нарийн ялгааг ойлгодог болоод зохиогч зориуд орчуулаагүй мэт. Ямар ч ард түмэнд халдах аргагүй ариун юм гэж бий. Номын эхний мөрд байх “шороо” гэдэг монгол үгийг яаж ойлгох болж байна. Энэ хорвоод ганц Монголд л шороо хийсдэг, бусад улс орон усанд юмуу вакуумд байдаг болж байна уу? Хойд мөсөн далайн эскимосууд зуны цөөхөн хоногтоо цас мөснөөс гадна шороо гэдгийг харчихдаг гэсэн.

Японы монголч эмэгтэй Кимура Аяако монголчуудыг хурцаар шүүмжилсэн “Тархины тураал” нийтлэл бичиж, монголын хамгийн олон уншигчтай сонинд зоригтой нийтлүүлж байсан удаатай. Нүүрэн дундуур ташуурдах мэт гашуун үгтэй ч манай орныг дэвжээсэй, монгол хүнийг хөгжөөсэй гэсэн сэтгэлийн өчилд нь доромж ёгт утга байгаагүй санагдана. Би хувьдаа талархан хүлээн авч байлаа.

Хулова хатагтай “Монголд хэвлэлийн газар, уран зохиол хөгжөөгүй орон, би монгол уран зохиолын ном уншаагүй” гэж “Frekvence-1” радиод өгсөн ярилцлагадаа хэнэггүй авч байх юм. Монгол хүний дотоод ертөнц, сэтгэл зүйг насаараа дунд нь амьдраагүй, тэр тутмаа уран зохиолыг нь огт уншаагүй хүнд мэдрэнэ гэдэг юу л бол. Мэдэрч байж л ойролцоо дүрслэнэ дээ. Тэр тутмаа эмэгтэй хүний хайр дурлал, хөнжлийн явдлыг... Би цагтаа дундад зуунд “ариун бүс” хэмээх төмөр дотоож эхнэртээ өмсгөөд, түүнийгээ цоожлоод, түлхүүрий нь хармаалаад холын аян дайнд явчихдаг байсан европ эрчүүдийн тухай бичию гээд, эмэгтэй хүн хормой бөгс бичихээс цэрвээд гэхүү, тээр дээр үеийн европын түүх соёлыг би чинь хэр мэдэх билээ гэж бодоод больчихсон тал бий. Говийн амьдралыг харийн хүн байтугай хангайн монгол хүн тод томруун дүрслэхэд амаргүй. Говь бол үнэхээр өвөрмөц амьдрал ахуйтай сонин орчин. Их Говийн ажилсаг бүсгүйчүүдийн тухай “говийн сайн эм, хангайн муу эрээс илүү” гэсэн үг хүртэл байдаг. Номонд гарах “говийн” эмэгтэйчүүд хоол хийх, юм оёж шидэх төдий тасалгааны хэврэг “цэцэгс”. Чехийн нэрт зохиолч Милан Кундера чех хөрсөн дээрээ бүтээлээ туурвиж алдаршсан. Гучаад жил Францад амьдарч, сүүлийн арваад жил франц хэлнээ номоо бичдэг болсон ч чехийн тухай түлхүү өгүүлдаг.

Бид чинь эртний түүх соёлтой, аман зохиол, уран зохиолын баялаг өвтэй ард шүү. Авьяас чадлыг нь хүндэтгэн холын бараанаас цагаан эсгий дэвсэн угтдаг алдарт Парчин туульчийг гадаадын монголч эрдэмтэд андахгүй мэднээ. Таны багш чехийн нэрт дорно дахин судлаач Ярослав Васек аялгуу сайхан монгол хэлнээ ердийн малчин өвгөн уртын урт туульсыг цээжээр хайлахад гайхан биширсэн тухай уншсан юм байна.

Тангадын Галсангийн

“Өөрсдөө даалимба хөдөс өмсдөг

Үр ачаа нэхийд өлгийддөг

Номыг харин торгоор баринтаглаж бурхныхаа дээр залдаг

Монгол түмний минь заншил гайхамшиг” гэсэн дөрвөн мөрт байдгийг “монголч” Хулова мэддэггүй нь эргэлзээгүй.

Социализмын үед тоотой хэдхэн том улсын хэвлэлийн газартай байхад ч бид үндэсний ном судраас гадна дэлхийн сонгодог зохиолын орчуулгыг төрөлх хэлээрээ уншиж байв. Зөвхөн чехийн сонгодгоос дурдахад Бямбын Ринчэний орчуулгаар Алоис Ираискийн “Эртний Чехийн домгуудыг” би хүүхэд байхдаа монголоороо уншсан. Монголчууд бараг бүгдээрээ Гашекийн “Эрэлхэг цэрэг Щвейкийн хөгтэй явдалтай” танил. Одоо хэвлэлийн газар ёстой борооны дараах мөөг шиг олширсон. Танд сонирхуулж хэлэхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар, хайр дурлалын сэдвээр сайхан ном бичдэг С.Дулмаа, Ц.Хулан гээд өчнөөн олон эмэгтэй зохиолчид бий.

Хулова хатагтайд итгээд амьдралаа ярьсан янханууд зохиолын гол баатар болоод Европт мандаж буйгаа мэдээгүй байгаа болов уу. Манай нийгмийн эмзэг бүлгийн дунд цээрлэлгүй орж, судалгаа хийсэн хүн энэ номоо монгол хэл рүү хөрвүүлж, монгол уншигчдад толилуулна гэдэгт итгэнэм. Юм ил шулуундаа сайхан. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Прага хот 2002 он.

PS: Хулова Карлын их сургуулийн монгол хэлний ангийн төгсөх курсын оюутан байхдаа Монголд нэг жилийн дадлагаар очиж ирээд „Эмээгийнхээ дурсгалд“ номоо бичсэн. Энэхүү “Petra Hůlová, Paměť mojí babičce, Torst 2002” ном 2002 оны шилдэг номоор шалгарч, олон дахин хэвлэгдэж нэг үе нэлээд шуугиан тарьсан. Хоёр их хөршдөө уусч, мөхөж байгаа үндэстэн гэсэн ёгт санаатай мэт санагдаад, заавал янхнаар дамжуулж биднийг дүрслэхдээ яахав даа гэж хэд хоног их л бухимдаж билээ. Миний ууртай эсэргүүцлийг орчуулж, хэвлэж өгөх газар олдоогүй. Одоо интернетээр монгол сонин уншсаар, бас ч оргүй юм биш юм даа гэж өөрийн эрхгүй бодогдоод байх боллоо.

Марк Твений минь махы нь идэж дээ


Залуу бага наснаасаа үсэн буурал болтол Марк Твенийг би маш бахархан үздэг байлаа. Анх оросоор үзээд, сүүлээр уг англи хэлээр нь үзэж, сайн орчуулагч сайхан ч орчуулж дээ! Гэж орос орчуулны нь үзэхэд, зүйрлэвэл таньдаг сайхан уул усаа өнгөт шил зүүж үзсэн шиг, зарим юм нь улам ч тодрон сүртэй харагдах шиг, зарим юм нь тунарсан униар дундуур сүндэрлэн харагдаж байгаа юм шиг үзэгдэхтэй адил хачин сонихон санагдаж, хэл хэлний үг нь гол утга нийлэвч, салаа олон утга нь харилцан адилгүй учир, оросоор үзэхэд орос үгний олон утгын зүйл оросын соёлыг агуулсан олон нарийн утга нь хамт тэр орчуулгын үгэнд бараадан дагалдаж, Твений зохиолд бас нэг өвөрмөц сонин амт оруулдаг шиг байж билээ.

Манай бараг сая гаруй үгтэй олон зуун жилийн соёлын их өвтэй монгол бичгийн хэлээр өвгөн Твенийг орчуулдаг бол юутай билээ? гэж хэдийн боддог боловч бодоод бодоод бодийн шийр дөрөв, зав олдож өгөхгүй байсаар ирсэн билээ. Гэтэл саяхан улсын хэвлэлийн газраас Марк Твений нэртэй нэг ном гарсныг яаран шүүрч, дэлгэн үзвэл, урьд үзээгүй гэхэд үзсэн юм шиг, үзлээ гэхэд үзээгүй юм шиг. Энэ чинь юу билээ? гэж гайхан бодтол “Принц и нищий” монголоор “Хуантайз гуйлгачин хоёр” гэдэг зохиол нь байна шүү! гэж чүү чамай таньж, сөхөн гүйлгэж үзээд, найруулан зассан хүний нь дэндүү хайнга хандлаа гэж гашуудлаа.

Арван зургадугаар зууны Английн феодал нийгэмлэгт үеийн байдлаас Марк Твен сэдэв аван бичихдээ, феодал засаг ноёдын төрийн тушаал зэргийг хэрэглэн бичих нь аргагүй. Монголоор Твений тэр зохиол орчуулахдаа монгол толь бичиг, түүхийн тулгар бичгээс тэр үеийн англи нэр томьёотой дүйж нийлэхийг, одооны багачууд эс мэдэх гэж бодвол тайлбар зүүлт хавсарган үнэн зөвөөр орчуулах нь орчуулагч, найруулан засагч хоёрын үүрэг байжээ. Эл үүргээс холбогдон, ялангуяа найруулан засагч хүний өмнө ямар шаардлага тулгарсан бэ? гэж бодоход, уг эх бичигт гарч байгаа нэр томьёонд тохирон дүйх монгол түүхэн нэр томьёо олж, орчуулганд тэр ёсоор хэрэглэсэн эссэнийг хянан тохиолдуулж, уг монгол орчуулгын үг найруулгыг монгол хэлний зүйтэй яг нийцүүлэх чухал үүрэгтэй байсан аж.

1911 онд манжаас салж, тусгаар тогтнохыг зарлатал монгол бичгийн хэлэнд хуантайз гэдэг нэр томьёо байсан билээ. Тэр нэр томьёо бол, төр барих эзэн хааны ор залгамжлан, хаан ширээнд суух хаан хүүгийн цол байжээ. Оросоор түүнийг “наследный принц” гэж нэрлэдэг нэр томьёотой яг тулган дүйж болно.

Марк Твений “Принц и нищий” гэсний “принц” гэдэг нь чухамхүү энэ “хуан тайзыг” хэлсэн билээ. Хянан тохиолдуулахдаа найруулан засагч Гаадамба багш “жонон” гэжээ. “Жонон” гэж Саган Сэцэний “Эрдэнийн товч” зэрэг монгол түүх судар, тулгар бичигт үзвэл маш эрхэм цол тушаал бөгөөд “дээр хөхрөгчид наран саран хоёр, доор хөрстөд хаан жонон хоёр” гэжээ. Монголч эрдэмтэн Владимирцов энэ тухай бичихдээ: Жонон гэдэг хаан хөвүүн, монгол хааны нэн ойр төрлийн хүн бөгөөд Августын дэргэдэх Цезарь шиг \энэ бол эртний вант улсын ёсноос иш татан зүйрлэжээ...\ хааны хамт төр барьж, Монгол улсын баруун гарыг захирдаг байжээ гэж бичсэн билээ. Саган Сэцэн зэрэг түүхчин хаан зүүн гарыг захирч, жонон баруун гарыг захирдаг гэж бичсэн нь зүүн баруун гар гэж цэргийн нэр томьёо болно.

Эртний Англи улсад хаан гэж байсангүй, одоо хүртэл ван \оросоор король, англиар кинг\ гэж нэлэсээр иржээ. Вангийн ширээ залгамжлах тайжийг Үэльсийн хуантайз өргөмжилдөг ёс Марк Твений тэр өгүүлсэн явдлаас өмнө гарсан бөгөөд одоо хүртэл үргэлжилсээр иржээ. Үэльс гэж Англи вангийн харьяа нэг нутгийн нэр ажгуу.

Учир иймийн тул Марк Твен Англид байгаагүй жононгийн тухай бичээгүй. Англи вангийн ор залгамжлах нэгэн хуантайзын учир уран зохиол бичсэн тул “Жонон гуйлгачин хоёр” биш, “Хуайнтайз гуйлгачин хоёр” гэж орчуулбал зохих бөгөөд тэгвэл жинхэнэ үнэн түүх байдалд нийлэх байжээ. Уг орчуулганд английн ванг “хаан” болгон, түүхэнд байгаагүй хэтэрхий өргөмжилж, орчуулгыг найруулан засагч нь одоо хүртэл хүчинтэй байгаа английн үндсэн хуулийг хүртэл зөрчжээ.

Саутворскийн, Вестминстерскийн, Үэльскийн, Сомерсетскийн гэх зэргээр англи хэлний үг, газар нутгийн нэрд монголоор орчуулахдаа орос хэлний ск гэж зориуд нэмснийг үзэхэд Саутворс, Вестминстер, Үэльс, Сомерсет гэж дунд сургуульд үздэг Европ тивийн газрын зүйн бичигт гардаг нэрийг уг орчуулгын найруулан засагч нь огт сонсоогүйгээ гэрчилж, гагцхүү Марк Твений “Хуайнтайз гуйлгачин хоёрын” дэвтэрт л сая эдгээр газар зүйн нэртэй анх дайралдсаныг олон уншигч нарт үзүүлжээ. Пекинск нугас гэхгүй. Бээжин нугас Уланбаторск мэдээ гэхгүй, Улаанбаатарын мэдээ гэж бичиж дөнгөх боловч Йоркийн гэхийг \253 дугаар тал\ Йоркская гэж найруулан зассаныг үзэхэд Ромыг Рим гэж найруулан засах нь ч аргагүй дээ. Английн бар гэдгийг Бара гэж, орос хэлний харьяалах тийн ялгалын хэлбэрийг хүртэл эс таньсан нь ч одоо цагийн түүх уран зохиол найруулан засах хүн нэлээд боловсролтой байвал зохихыг сануулж, дутуу дулим боловсролын морь явцгүй болж байгааг уншигч олны өмнө илчилж байгаа хэрэг.

Иймд цаашид мэдлэг, ерөнхий боловсролоо зузаатгавал зохих асуудал найруулан засагчийн өмнө тун ч сүрхий шаардлагатай болсныг анхаараасай. Мэдлэг эс гүйцэх газар орон, түүх зэргийн нэрсийг орчуулах номдоо дайралдвал, тэр тухай, ядаж гэм, нэвтэрхий толь, газар зүйн сурах бичиг, тухайн үеийн түүх бичиг зэргийг үзэж танилцаад, тэгсний сүүлээр уг орчуулах, найруулан засах зохиолдоо гарах нэр усны учрыг гүйцэд ухааран мэдэж аваад, орчуулах найруулах ажилдаа орвол наад зах нь Йоркийн Елизавет гэх мэтийг Елизавет Йоркская гэх мэтээр бичихгүйсэн дээ.

Орос, англи хоёр хэл, цөм энэтхэг, европ хэлний зүйлд багтдаг бөгөөд хоёр хэлний төрөл сүлбээ, түүхэн харилцааны улмаас орос хэлэнд англи үг олон бий. Тэр бүгдийг монгол хэлэнд хуулан дууриаж хэрэглэнэ гэвэл бас зохимжгүйг анхаарууштай. Гаадамбын найруулан зассан “Хуайнтайз гуйлгачин хоёрын” түүхэнд гладиотор, пэрүүд гэх зэрэг үг байгаа нь, уг орчуулгыг зориулсан монгол дундад сургуулийн дунд насны хүүхэд байтугай, найруулан засагч багш нь ч уг үгийн утга учрыг нэвтэрхий мэдэхгүй, ямар нэгэн тарни мэт, тайлбары нь мэдэвч чухам тэгсэн үг гэж орчуулж чадахгүй байсны шинж болов уу? Гладиотор гэдгийг уг хэлнээс монголчилбол мэсчин гэсэн үг. Эртний Ром улсын үеэс дугуй хүрээлэнд олзлогдсон цэрэгт мэс бариулан байлдуулж, үзэгч олныг сонирхуулдаг байсан учраас тийнхүү мэсчин гэж нэрлэжээ. Пэрүүд гэдэг нь монголоор төрийн сайд гэсэн үг \361 дүгээр тал\. “Ёслолын сүлд дуулал ширээтийн сүмээр хангинаж “ байгаа нь, үнэн хэрэгтээ, ер хангинаагүй хэрэг. “Гербовый гимн” гэдэг сүлд дуулал ер дэлхийд байдаггүй, оросоос муу орчуулганд л байдаг зүйл. Марк Твений тэр зохиолд төрийн дуулал ч биш, орос “гимн” гэдэг нь, нэгд төрийн дуулал, хоёрт шашны эгшиглэн унших залбирал гэсэн утгатай үг бөгөөд Тарк Твен их дуганд залбирлын эгшиг маш сүр жавхлантай дуурсаж байсныг нэр бүхий орчуулаач нөхөд тэр английн ёс эс мэдэн, буруу тааж, найруулан зассан хүн бас үүргээ гүйцэтгэсэнгүй учир монгол сургуулийн дунд насны хүүхдийг төөрүүлжээ.

Орос хэлэнд сайн эр, хулгай дээрмийн толгойлогчийг “атаман” гэж хэлдэг нь, оросын түүхнээс үндэстэй. Монгол хэл бичигт тэр мэт “ногоон шугуйн сайн эрчүүдийн” тэргүүнийг “дайван” гэж нэрлэдгийг ахмад үеийн хүн андахгүй. Багачууд мэдэхгүй гэвэл утга зохиолынхоо өвийг мэдүүлж, тайлбар зүүлт хийн, “дайван” гэвэл “атаман” өөр хэлний, өөр түүх үндэслэлтэй бөгөөд монгол үгэнд хэрэглэгддэггүй үгээр “атамандсанаас” дээр юмсанжээ.

Монгол орчуулгын үг маш цөөн ядууг онцлон тэмдэглэлтэй. Тэр учраас орос сайхан орчуулгын нэвтрүүлж чадсан нарийн утгыг гээж, бүдүүн тойм төдийг болхи найруулгаар өгүүлжээ. Бас нэг онцлогийг тэмдэглэвэл, монгол орчуулгыг найруулан засагч нь монголоор ийм санааг яаж найруулан хэлбэл дээр вэ? гэж анхаарсангүй. Орос хэлнийзүй, монгол хэлнийзүй тус тусдаа өөр өөр дүрэм зүйтэйг бодолгүй, орос хэлнийзүйн ёсоор орос үгэнд олны тэмдэг байвал , тэр олны тэмдгийг монгол хэлнийзүйд хэрэглэх шаардлага монгол хэлнийзүйд буй эсэхийг үл бодон орос үгэнд орос үгнийзүйн олны тэмдгийн ташуур далайвал, монгол орчуулгандаа олны тэмдгийн дэрс далайдаг хүн хорхойчлогч найруулан засагчийн арга хэрэглэсэн нь, найруулгыг муудуулжээ. Хоёрдугаар бүлгийн ганц хуудсанаас тэр монгол үгэнд илүүц олны тэмдэгтэй үгээс энд сийрүүлбэл Лондон хотыг ганц гудамжтай, ганц байшинтай гэж бодох ёсгүй атал, гудамжнууд... модон байшингуудтай бөгөөд байшингуудын... байшингууд нь... дүнзнүүдээ...цонхнууд нь.. гэх зэргээр бичсэн нь, монгол хэлэнд нэрийн зүйлд олны тэмдэг хэрэглэдэг зарчмыг огт ухааран байсангүй. Бид “талаар дүүрэн шар цэцэг”, “Ховд аймгийн хонины ноос” гэхдээ “талаар дүүрсэн ганцхан сүртэй том шар цэцэг байна” гэж бодохгүй, Ховд аймгийн “цорын ганц хоньтой” гэж хэн ч бодохгүй нь монгол хэлний сэтгэхүй, монгол хэлнийзүйн холбогдолтойг орчуулагч, найруулан засагч нар бодох цаг хэдийн болсон л юмсанжээ.

Орос хэлний хэллэгийн утгыг орчуулахын оронд үгийг орчуулж утгыг завхруулсан зүйл энэ орчуулганд олон үзэгдэж байгаагийн ганц нэг жишээ дурдвал “новорождённый принц Үэльский” хэмээснийг “ново” гэж “шинэ” гэсэн гэж ухаараад, “сая” төрсөн Үэльсийн хуантайз гэсэн үгийг “шинэ төрсөн Үэльсийн жонон” гэж найруулан зассан нь хуучин төрөх, шинэ төрөх гэж монголоор юу болох вэ? гэдгийг бодсонгүй.

Түүнчлэн “душеприказчики” гэсэн үгийн утгыг ухаараагүй,”сүнс онгодын тушаалчид” гэж ойлгосон нь “сүнс онгонд” хамаагүй “гэрээс гүйцэтгэгч” гэвэл зохихыг эс мэдэж, “душа” гэж “сүнс онгон”, “приказчики” гэж “тушаагчид” гэж боджээ. Ийм ёозоор орчуулбал, “”природа” гэдэг орос нэрийг “при” гэж “дэргэдэх”, “рода” гэж “төрөл” гэсэн гээд, “дэргэдэх төрөл” гэ орчуулахад хүрэх нь холгүй ажээ.

Төр барих гэдэг монгол сайхан үгийг мэдсэнгүй нэг орчуулагч тэр жил “царствование” гэдэг орос нэрийг сая хэлсэн махчлах журмаар орчуулж, “хаанчлал” гэдэг туйлын эвгүй муухай үгээр орчуулсны нь энэ орчуулганд 115 дугаар талд хэрэглэсний нь гашуудан дурдаж, цэвэр сайхан монгол хэлээ ингэж эвдэж байгааг харамсалтай байна.

Орос хэлний “но” гэдэг үгийг ганцхан “харин” гэдгээр тогтмол орчуулсан нь, тэр “но” маш олон утгатай учир тэгэж нэг үгээр “харин” гэж орчуулж болдоггүй үг, хойдох урдах үгийн байдлаар ч ухаарсангүй учир, дандаа огт хамаагүй газар “харинджээ!” Орос хэлний өгүүлбэрийн утгыг сайхан найруулгатай монгол өгүүлбэрээр нэвтрүүлэхийг огт эс хайхарсан учир, “они” гэсэн үг л дайралдвал “тэд, тэд” гэж “шүлс үсэргэсэн” орчуулга хийжээ.

Үйл үгийн цагийн ялгамжаа монгол хэлэнд орос хэлнийхээс илүү нарийн байдгийг эс бодсоноос болж, оросын одоо цагийн хэлбэрийг дандаа монгол хэлний ирээдүй цагийн төлөвөөр орчуулсан нь 28 цагтай англи үйл үгийг орос орчуулагч нь орос хэлнийхээ зүйн дүрэмд сайхан нийцүүлэн, цөөн цагтай орос үйл үгийн угтлага найруулга, үг бүтэх зүйн аргаар орос хэлэндээ тааруулж, зүйрлэвэл гудамжийн сайхан засмал зас шиг найруулан зассан бол, монгол орчуулганд, тэр засмал замтай гудамжий нь монгол хэлнийхээ үйл үгийн цаг зохицуулахыг үл мэдэхийн бөмбөгөөр зад бөмбөгдөж, хүн явахын аргагүй болгож, уншигч хүнээ эвгүй орчуулгыхаа овоолсон чулуу авируулж, эс ухаарсны ухмал нүх рүү түлхэн оруулжээ. Энд нэг жишээ дурдвал, “хөлчүүрэл, согтуурал, хэрүүл зодоон энд хэвийн ёс болсон ажээ” гэж өнгөрсөн цагийн төлөвөөр өгүүлжээ. “Шөнө бүр ийм явдал болж, бараг өглөө болтол үргэлжилнэ” гэсэн нь, “үргэлжилнэ” гэж ирээдүй цаг-тэгнэ гэж заасан ажээ. Тэгээд, дараа нь залгасан өгүүлбэр “тархи толгойгоо хага цохилцох, өлсөх хоёр энд ердийн хэрэг байв” гэж өнгөрсөн цагийн төлөв хэрэглээд “гэсэн ч бяцхан Том би жаргалгүй гэж эс мэднэ” гэж ирээдүй цаг руу үсрэн оржээ. Арван зургадугаар зууны тэр газраа аль өнгөрсөн цагийн байдлыг нэг өнгөрсөн, нэг ирээдүй болгож, уншигч ухаарахад хэцүү болгосон үүнийг бодвол “хөлчүүрэн согтуурч, хэрүүл зодоон хийдэг нь энд хэвийн ёс байж, шөнө бүр ийм явдал гарч, бараг өглөө болтол үргэлжилдэг байлаа. Тархи толгойгоо хага цохилцох, өлсөх өлбөрөх нь энд ердийн хэрэг байсан ч бяцхан Том хүү ийм зовлон дунд байгаагаа мэдээгүй байжээ” гэсэн юм байлгүй дээ гэж орчуулагч, найруулан засагчийн сэтгэлийн мичин өнгөрсөн ирээдүй хоёр цаг руу дураараа давхисны нь тогтоож, учры нь тунгааж найруулбал ийм ажээ.

Орчуулах хүн монгол хэлнийхээ үг бүтэх, өгүүлбэр бүтэх зүй зарчмын дотроос үг бүтээх дагавар, үг найруулах ёсыг тун нарийн сонгон хэрэглэбэл зохихыг найруулан засагчид анхаарууштай байна.

Зодоо нүдээ нь хэвийн ёс гэснийг үзвэл, түүнийг “даг дэг” гэж дахих дахин үргэлжилсэн санаа үзүүлдэг дагавраар тодруулж, “зодоон хийдэг”, хөлчүүрэх нь согтуурахаа дагадгийг “н” гэдэг дагавар үзүүлэн, согтуурах нь хэрүүл зодоон хийдэгтэй холбогдолтойг гол үйл үгийн цагтай зэрэгцэн болдог нөхцөл үйлийг үзүүлэгч “ч, ж” гэдэг дагавраар үзүүлэн найруулбал зохих байжээ. Тэр бэрх байдал үргэлжилдэг үед Том хүү ч “эс мэднэ” биш, тэр л үргэлжилдэг үед нь “эс мэддэг” байж шүү дээ.

Энэ мэтээр эх хэлнийхээ үг бүтээх, өгүүлбэр бүтээх, үйлийн урьд өмнө болсон, одоо болж байгаа, болсоор байгаа, болох гэж байгаа алстаа болох байдлыг цөм сайн бодож боловсруулан, аятайхан эвлүүлбэл, унших ухаарахад ч эвтэй болох ёстой. Манай хэл маш байн үгтэй, бас үг бүтээгч олон дагавар нь тун нарийн, сонин утгатай тул хэрэглэх гэсэн утга санаандаа сайхан зохицсон дагавар залган хэрэглэвэл, бодсон сэтгэснийг гүйцэд нэвтрүүлж, ямар ч юм орчуулахад манай хэлний үг дутахгүй, найруулга мөхөсдөхгүй гайхамшиг чадал бүрдсэн өндөр их соёлтой хэлнийхээ чадлыг гүйцэд хэрэглэж сурахыг үнэхээр эх оронч зохиолч, орчуулагч, найруулан засагч хүн бодууштай байна.

Хэдэн түмэн уншигч хүн үзнэ, өчнөө төчнөө залуучууд үзэж, орчуулсан зохиосон уран зохиолоор үлгэр жишээ болгож юм бичиж сурах юм гэж санахад, хайш хэрэг хандаж, ардынхаа олон мянган жилийн соёлын өв эрдэнийн сан болсон хэлээ эвдэн гутааж байдгийг зогсоох цаг хэдийн болсон шүү. Их Ленин Октябрийн хувьсгалын дараа орос хэлээ эвдэн гутаахтай тэмцэх цаг болсон юм бишүү? гэж төрийн түмэн чухал ажлын дундаас орос хэлээ бас чухалчлан бодсон зүйл, Максим Горький мөн орос хэлээ элдэв амтгүй хар үг хэрэглэн чамирхаж, бичгийнхээ хэл эвддэг, хамаагүйгээр орос хэлнийхээ зүй дүрмийг эвдэж, буруу хазгай үг найруулга хэрэглэдгийг их л буруушаасан нь манай хэлэнд ч бас хамаатай юм шүү. Бид ч ардынхаа хэлийг хайрлан хамгаалж, сайны нь улам бадруулах үүрэгтэй юм гэж олон түмэнд зориулсан хэвлэлийн үг найруулга, орчуулгад тун анхаарч байх нь туйлын чухал боллоо.

Бид үсэг өөрчлөхдөө хэлээ өөрчлөөгүй, бичгийнхээ хэлийг устгаагүй \оросоор литературный язык гэдгийг бичгийн хэл гэдэг юм\, бичиг ярианы хэлний баялгийг гээгээгүй юм шүү. Бээжинд сая гарсан Манж, төвд, монгол, хятад, уйгар таван хэлний зүйл хуваасан толь тэргүүтнийг үзэж хэлээ баяжуулж байх нь орчуулагч, зохиолч, найруулан засагч аль алинд гь хэрэгтэйг тэмдэглэмээр байна.

Төгсгөлд нь миний баярласныг илэрхийлбэл, Твений энэ зохиолыг манай оюутан орчуулсанд баярлаж байна. Хичээл хийх, ном үзэх цагаасаа хасаж, энэ ном орчуулах гэж зорьсонд нь үнэхээр сэтгэл бахдаж, урьд өөрөө оюутан явахдаа юм орчуулах гэж, орчуулсан юмаа уг эхтэй нь адил сайхан болж өгдөггүйд махран нухаж байсныг санаад, одоо өдий төдий оюутан энэ номыг бүгдээрээ нийлж орчуулсанд нь талархлаа илтгэн баярлаад, намайг орчуулгы нь муу хэллээ гэж гомдолгүй, найруулан зассан хүн нь ч цаашдаа сайн орчуулж, сайн найруулах уудам их мэдлэгийн өндөр шаардлагад хүрэхийн төлөө мэрийж, уншигч олныхоо өмнө хариуцлагатай бөгөөд соёлын эрхэм үүрэг гүйцэтгэж байгаагаа бодоосой гэж, дутуу дулим зүйлийг заасан минь, муучлах гэж заасан биш, эм гашуун боловч өвчинд тустай, шүүмж гашуун боловч орчуулгын өвд тустай гэж сайн болгохын үүднээс, бид бүгдийн хайртай сайхан ардынхаа хэлний чадлыг дээд хэмжээгээр хэрэглэхийн төлөө мэрийгээсэй гэж хүсэн бичсэн үүнийг бодож зоригжих биз ээ гэж, дэлхийн сайхан зохиолын өвөөс уншигч олондоо хүртээл болгох зорилттой залуу оюутанд халуун сэтгэлээр талархан бичлээ. \98-106 тал\

Бямбын Ринчэн “Марк Твений минь махы нь идэж дээ”

\Орчуулгын тухай\

Эмхтгэн эрхэлж Оршлыг бичсэн Г.Аким

Улаанбаатар, 1991,

Халаглал

Зуны дэлгэр цагаар монголчууд цугларахдаа хүүхэдтэй хамт ирцгээнэ. Хүүхдүүд наснасаар нийлж тоглоод, томчууд хоорондоо монголоороо хууч хөөрч, хошигнон бие биеэ цаашлуулаад дуулж хуурдаад үнэн сайхан. Нэг танилын хүүхэдтэй хэдэн үг солих гэж нэлээд гацаад, хүүхдүүдийг ажиглатал хоорондоо цэвэр чехээр ярьж байна. Гацах гэж зөөлрүүлсэн хэрэг, монголоор бараг ярьдаггүй хүүхэд юм. Эцэг эх нь хоёул монгол. Багаасаа эндхийн цэцэрлэг сургуулиар яваад, монголоор ярихад ойлгодог, хариуг чехээр хэлдэг болсон гэнэ. Манай хүү гэхэд нэгдүгээр ангиас энд бичиг үсэгт тайлагдсан, монголоор уншиж чадахгүй, үгийн сонголт буруу хийж гадаад хүн шиг эвгүй ярина. Гэхдээ л ярина. Хүүгээ нэгдүгээр ангид байхад нь харийн хэлээр ном заалгаад хэцүү гэж өрөвдөн улмаар удалгүй англи герман гээд гадаад хэл үзээд дээрээс нь байгалийн ухааны хүндэвтэр хичээл заалгаад эхлэхээр нь бага балчир юм ядарчихна гэж хайрлан хойш тавьж, зуны амралтын үеэр нь амраана гэж эрхлүүлсээр ийм болгосон гол буруутан нь ээж. Гэртээ үргэлж төрөлх хэлээрээ ярьдаг ч хүүхдүүддээ монгол бичгийн хэлний сайхныг мэдүүлэх төвшинд сонирхолтой нарийн сэдвээр ярьдаггүй, тэдэнтэйгээ ярилцлага, мэтгэлцээн өрнүүлдэггүй ойр зуурын хэдхэн үгэн дотор эргэлдээд дуусдаг, болохоо анзаарлаа. “Өөрийгөө ялах” тухай Тулгатын аль эртний бичлэгийг хүүдээ хүмүүжлийн нөлөө үзүүлчих санаатай уншиж өгтөл. олон монгол үг, хэллэгийг ээж харийн хэлээр орчуулж, тайлбарлаж байж арай гэж ойлгууллаа.
Ш.Баатар \Сан-Франциско\ нэг удаа гадны хэл соёлыг авсан атлаа төрлөх хэл соёлоо мэддэггүй гадаадад байдаг хүүхдүүдийг бананатай зүйрлүүлэн халаглаж байсан санаанд оров. Гадаадад амьдардаг гэр бүлийн хүүхдүүд тухайн байгаа орныхоо хэлээр бичиг үсэгт тайлагдаад, тэр орны түүх, нийгмийн байгууламж, хэл уран зохиолтой хар багасаа танилцан, гадаад соёл сэтгэлгээ бүхий монгол төрхтэй ч гадаад хүн болоод байна. Эцэг эх нь ажил амьдрал, сургуулийн мөр хөөж өдөржин завгүй гүйгээд, оройдоо нэг их ядарчихсан хүмүүс “гэрийн даалгавраа хийсэн үү, маргааш үүнийг өмсөөрэй, даарч хөрөв өө, томоотой бай, халзан толгойт хулигануудаас хол явж бай” ч гэх шиг ойр зуурын асуулт, анхаарулга төдийгөөр сурган хүмүүжүүлэх үүргээ хязгаарладаг. Би хүүхдээ бага байхад нь монгол хэл бичиг, гадаад хэлтэй нь зэрэг заагаад явахгүй бол ийм болдог юм байна шүү гэдгийг сэрэмжлүүлэх гэсэн хэрэг.
Хүүгээ “чи монгол төрхтэй ч, чех сэтгэхүйтэй яг банана шиг болж дээ” гэтэл, та тэгвэл юу шиг вэ? гэж байна. “Би бол нимбэг” гэж жинхэнэ монгол хэмээн бахархтал, “тийм гашуун уу?” гэж байна. Тийм дээ, хүүхдээ монгол гэхэд монгол биш болгосон гашуун үнэн. Гэтэл монгол хүн морь малтай л юмыг зүйрлэж ярихаас, самар жимстэй зүйрлэх нь ховор, үгүй ингэхэд би ч бас бишдэж байна уу гэж бодогдов. Нэг өдөр, хээр морио хул байдсаар арилжих уу? нөгөө туулайн бөөр шиг морио хушга шиг өнгөтэй эм мориор чэнжлэх үү гээд ярьж байвал яанаа.