Wednesday, 31 October 2007

Цамын үүсэл

Ч.Эрдэнэ “Их гурвалжин” номондоо эртний монголчууд хорвоогийн бүхий л үзэгдэл юмсыг үүдэгч, агуулагч, эрхшээгч хүчин нь “Мөнх Хөх тэнгэр” гэж үздэг ба “Дээр Тэнгэр доор Алтан умай” гэх хосмол чанарт бурхантай байсныг баталдаг. Тэрээр улмаар “Бөө мөргөлийн шашин, буддын шашин хоёр язгуур төстэй зүйлс маш их агуулж байдгийг олон судалгаанаас харж болох ба монголын соёл буддизмээс бүхнийг зээлдсэн мэт сэтгэгдэл үргэлж төрүүлж ирсэн бөгөөд угтаа тэгэхээр буддизм нь монгол бөө мөргөлөөс үүдэлтэйг бид ил тод болгож асуудлыг тонгоруулж тавих хэрэгтэй байна” гээд Энэтхэг, Сүмэр, Майя гэх зэрэг эртний соёл иргэншил Монголоос эхтэй, ер нь дэлхийн соёл иргэншлийн анхны төвийг Монгол гэж авч үзэж болох тухай олон жишээнд тулгуурлан бичжээ. Түүх цаашид энэ өнцгөөс бичигдэх эсэхийг цаг хугацаа харуулна. Гадаадынхан манай түүхийг шинэ өнцгөөс харж эхлээд байна.

“Амьдралыг Хурмаст эцэг, Газар эх бурхад бүтээж бий болгосон. Бурхад орших цагаан өнгийн тэнгэрийн орон, хүмүүний амьдрах улаан өнгийн газар дэлхий, усан савдаг байдаг цэнхэр өнгийн доод ертөнц гэсэн гурван оронд амьдрал бий болгосон” гэж үздэгээс харахад Байгаль ертөнцийг бүтээсэн хоёр талт нэгдмэл нэг бурхантай байсан. Худал хуурмагийг зэмлэн буруушаасан ёс суртахууны хэм хэмжээтэй, үлгэр домгийн баялаг сантай, ертөнцийг үзэх төлөвшсөн үзэлтэй зэрэг аливаа шашинд байдаг хам шинжүүд бүрдсэн, гэж оросын түүхч Л.Н.Гумилёв эртний монголчуудыг өөрийн шашны сурталгүй байсан гэдэг санааг няцааж, өөрийн онцлог бүхий шашинтай байсан гэдгийг сонирхолтой хэлбэрээр баталсан байдаг нь санаанд нэн нийцтэй.

Монголын өндөрлөгт амьдарч байсан олон нүүдэлчин аймгууд зөвхөн бөө мөргөлтэй байсан гэж бичих нь элбэг. Энэ нь нэг талаас бөөгийн тайлга тахилгын зан үйл цаас бичгэнд буугдан ном болоогүй ч удам дамжин, өнөөг хүртэл хадгалагдан ирсэн. Нөгөө талаас бөө мөргөл нь манай монголчуудын шүтэж ирсэн, чухам өөрсдийн унаган шашинтай ямар нэг байдлаар ижил төстэй байснаас “бөөгийн мөргөл” гэж нэрлээд байгаа шашин амь бөхтэй оршин тогтножээ гэж болох талтай.

Түмэдийн Алтан хаан (1506-1583) 1578 онд бөөгийн ёс суртахууныг цаазлан хориглосон хууль гарган талийгчийг оршуулахад хүн хойлголдог, хүн ба мал алж цусан тахил өргөдөг зэрэг журмыг халж, бөө бөөлүүлэхэд торгодог, бөөгийн зан үйлийг явуулахыг хатуу хориглодог, шарын шашны лам нарын эрх хэмжээг хан язгууртнуудын зэрэгт аваачин элдэв алба гувчуураас чөлөөлж байсан төдийгүй бурны номд суралцсны төлөө урамшил үзүүлдэг болсон нь шарын шашныг дэлгэрүүлж, бөөгийн шашныг устгах үйлс төрийн бодлогын хэмжээнд байсны жишээ юм.

Монгол оронд буддын шашин тархахдаа унаган шүтээн бөөгийн шашинтай сөргөлдөж, янз бүрийн хэлбэрийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Ойрд, Өвөр Монголд бөө нарыг үй олноор алж, хядах зэрэг хүч хэрэглэх аргаар бөөгийн шашныг дарж байсан бол Ар Монголд төвдийн унаган шашин “бон”-г устгахад хэрэглэсэн арга мэхээ давтан гүртэм, чойжин гэх мэт лам-бөө нарыг олноор нэвтрүүлж бөөгийн шашны язгуурын их шүтээн, онгод тэнгэрүүдэд шарын шашны лам нар “сахил хүртээн” бурхны номд оруулсныг зарлан, түүний дуудлагыг шарын шашны бурхдын өмнөөс дууддаг болгон зан үйлийн агуулгыг найруулан өөрчлөх замаар тэмцэж байжээ.

Төвдийн ард олны дунд амь бөхтэй байсан “бон” шүтлэг, хаад ноёдын дэмжлэг олсон буддын шашны хоорондын зөрчлийг Ловон Бадамжунай (өрнөдийнхөн Падмасамбабха хэмээдэг) “компримисс”-ээр шийджээ. Ловон Бадамжунайн зөвшлийн хувилбар нь хуучинсаг бөө нарыг хуучнаа төлөөлж, шинэ шашныг хамгаалж байх “шашин сахигч-чойжин” болгон хувиргаж, тэдэнд тахил өргөж байх болжээ. Харин Чойжид зөвхөн шинэ шашныг сахиулах тангараг өргөсөн юм билээ.

Бурхны шашин, бөөгийн шашны зөвшлийн анхны хувилбар нь шашин сахигч-Чойжин байж. Цаашид бөөгийн шашны тэнгэр, газар, усны эзэд, дээдсийн сүнс-онгодод шүтдэг зан үйлийг бурхны шашин бурхан тэнгэрийн шүтлэгтэй холбон хөгжүүлж лус савдаг тахих, их уулс орон хангайн сагийн судруудыг туурвижээ. Бөөгийн шашны хар шившилгээс дээд тэнгэр, газар орны эздийг “Номхон”, “Догшин” хэмээн хоёр ангилж, хүмүүсийг аливаа аюул, заналаас хамгаалж, өшөөтнөөс өшөө авах зэргээр тэмцдэг догшдыг “хар тэнгэрүүд” хэмээн шүтдэг. Бөөгийн шашны энэ зан үйлийг бурхны шашны зан үйл болгон өөрчилж, “хатууг хатуугаар дардаг” гэх бөөгийн ёсыг “буруу номтныг нам дарах” шашны бясалгалт бүжиг цам болгон түүнийг дэглэсэн санагдана.

Лам Чойжингийн хоорондын харилцааг томъёолбол, лам нь шашны “сургаалын ай сав”, чойжин нь нүд цавчилгүй хамгаалж байх тангараг өргөсөн шашны манаа буюу “ сахигч”. Лам нь түүнийг аргадан тойлж, тахил өргөж, тарни уншиж байдаг, нэг ёсондоо бие биеэ хянадаг, санаа нэгтэй хамтран зүтгэгчид. Орос-буриадын эрдэмтэн Г.Ц.Цебыков “Чойжингоос зөвлөгөө авч, аврал хайж зөвхөн энгийн сүсэгтэн хандаж байсан төдийгүй том лам хуврагтан хүртэл тоомсорлохгүй орхидоггүй. Том лам нар Чойжингийн санал бодлыг харгалздаг байсан утгаар нь тэднийг хэвлэл мэдээллийнхэнтэй зүйрлэж болох юм” гэж их онож хэлсэн байдаг.

736 онд Төвдийн Самъяа хийдийг барьж байгуулах шав тавихад Ловон Бадамжунай нутаг орны лус савдгийг аргадах, шашны дайсныг номхотгон дарах тарни уншиж, сүр хүчит догшин сахиус бурхдын баг өмсгөлтэй бягалгалт бүжгийг тоглуулсан өдрийг, зарим судлаачид хийд баригдаж дуусаад равнайлсан өдөр 775 онг цам үүссэн мөч хэмээн үздэг.

Цам Төвдөөс гадна бурхны шашинт Монгол, Бутан, Балба, Ладак, Хятад, Буриад, Тува, Өвөр Монгол зэрэг олон оронд түгэн тархжээ. Улс орон, сүм хийд бүр шүтдэг чойжин сахиус янз янз, газар газрын эзэн савдаг ч өөр өөрийн учир тэдгээрийн өмнөөс хийх шашны зан үйл ч өвөрмөц, түүнийгээ дагаад бүжиг цамын дэг нь ч өөр өөрөөр боловсроход хүрч байь. Цамнах өдөр, үйлдэх зан үйл, үргэлжлэх хугацаа, гарах дүрүүд, цамчдын тоо харлцан адилгүй ажээ.

Шинэлэх цагаалах Үйл буюу цагаан сар, дээрхийн түмэн өлзий гийсэн өдөр (хааны төрсөн өдөр тэмдэглэх баяр), сууринд заларсан өдөр (улсын хаанаар өргөмжлөгдсөн өдрийг тэмдэглэх баяр) Монгол улсын төрийн ёслолд орж хуулиар баталгаажин хотол олноор ёс төртэй тэмдэглэдэг байсан лугаа нэгэн адил уламжлалт бөө мөргөлийн үйлээс үүдэлтэй эртний их алдарт Богд хан хайрхан уулын тэнгэр тайх ёслол, овоо тахих зан үйлээс гадна цам харайх зэрэг шашны зан үйлийг мөн тодорхой өдөрт хуульчлан улс даяар хийдэг албан ёсны нийтийн зан үйл болгосон байлаа.

Майдар эргэх, цам харайх зан үйл нь бурхны шашны хийдийн хамгийн чухал зан үйл байв. Майдар эргэхэд мөн “Майдарын цам” гардаг байжээ. Шинийн есөнд “Их цам”, өвлийн дунд сарын сүүлчээр “Эрлэг номун хааны буюу Жахар цам”, зуны сүүл сарын шинийн дөрвөнд “Тахилын цам” гэх зэрэг цам гарах бөгөөд ямар үед энгийн яамлах, ихэд яамлах хувцас өмсөх, мөрддөг ёс журмыг тодотгон заадаг байсан нь цам төрөөс хульчлан явуулдаг ёслолд ордог болохыг илтгэнэ.

Монголд гардаг цамд гэлэгвагийн урсгалын гол шүтээн Жигжид ядамыг голлон шүтдэг. Жигжид ядам нь Манзушири бодьсадвагийн догшин дүр гэнэ. Нууц тарны ёсонд догшин дүрт бодьсадваг ядам гэнэ. Бодьсадва гэж бурхны шашны сургуульд суралцах мөрийг олохын тулд бие, тэргүүн сэлтийг ч өргөл болон өргөн барихад үл ажрах “бодь сэтгэлийн баатар” буюу бараг “бурхан” болон гэгээрсэн нэгэн аж. Жигжид ядамын зарлигийг биелүүлэгч чойжин нь монголчуудын дунд Чойжоо хэмээн алдаршсан Эрлэг номун хаан ажээ.

Үхлийг амьдралын төгсгөл гэхээсээ шинэ төрлийн эхлэл гэж илүүтэй үздэг бурхны шашны үхлийн тухай ойлголт өвөрмөц тул энэ сэдэв төвдийн гүн ухаан, утга зохиолд багагүй байр эзэлдэг. Цам болгонд шахам гардаг түгээмэл дүр бол “Дүртэд Дагва” буюу үхээрийн эзэн юм. Цам голдуу Дүртэд Давгын дүрээр эхэлдэг нь төрөл арилжихад бурхад хүний хувь заяаг дэнсэлдэг гэсэн цамын гол санаа гэлтэй. Ловон Бадамжунайн түүрвисан “Сонсгоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар оршвой” буюу дэлхий дахинд “Төвдийн талийгчийн ном”(The Tibetan Book of the Dead) хэмээн алдаршсан номонд, хүн нас эцэслэсний дараа сүнс нь удаах төрөлд төрөх хооронд үзэх зураглалыг дүрслэн харуулсан бололтой. Нас барсны дараа эхний долоо хоногт “амирлангуй дүрт” бурхад заларч, түүний сүнсийг аврахыг оролддог, удаах долоо хоногт (8-14дэх өдрүүдэд) догшин дүрт бурхад сүр хүчийг үзүүлэн бууж ирэх ба хамгийн эцсийн мөчид “Эрлэг номун хаан” өөрийн биеэр заларч талийгчийг аль оронд ямар төрөлд төрөхийг шийддэг тухай өгүүлдэг гэнэ. Цам үхлийн тухай бурхны шашны энэ ойлголтыг театрчилсан хэлбэрээр харуулсан санагдана.


Friday, 26 October 2007

Цам гэж юу вэ



Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах билгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ.

Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

Цамыг цамнахдаа биеийг ганхуулах, сэгсрэх, тэргүүнийг зүг зүгт эргүүлэн сэжих; мутрын олон хөдөлгөөн хийх; хөлөөр харайх, дэвслэх, алхах, цамнах зэрэг хөдөлгөөнийг хийдэг. Хөдөлгөөний эрч хүч, аяс намбаар инээх, хилэгнэх, аврах, тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Цам харайж байх үед линга эвдэх, сор балин гаргах, жахар залах зэрэг нууц тарнийн зан үйл үйлдэн, уншлага (хэлээр) урилга явагдан бясалгал үйлддэг байна.

Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гарган, сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ гурвын цогц урыг төгс гүйцээн бүрдүүлдэг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн) агуулгатай ажгуу.

Цамын тухайн дүр бүр урин дуудах, адислах, хөөн тонилгох зэрэг тухайн дүрийн онцлогийг илэрхийлэх хөдөлгөөнийг яв цав тохирсон хөгжмийн аялгуу дор хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсны орон сууринг чичрүүлэн доргиох, нураах эвдлэх санаах харуулдаг бол харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Догшидын эрэмбэ өндөрсөх тутам тэдний хөдөлгөөн улам удаан намбалаг, сүрлэг болдог байна.

Цамын дотоод агуулгыг тайлбарлахыг оролдсон гурван хувилбар байдаг: Үүнд; нэгдүгээрт, Эрлэгийн эзний дүрд тулгуурласан хамгийн түгээмэл хувилбар нь хойд насанд бурхад энгийн сүсэгтэн олонд ямар дүрээр залран үзэгдэхийг дүрсэлсэн гэнэ. Хоёрдугаар тайлал нь цам буруу номтонг хөнөөн дарж, бурхны сургааль энэ дэлхийд ялж төгсснийг илэрхийлж бурхад хүмүүний ертөнцөд заларч буйг харуулдаг гэнэ. Гуравдугаарт, цам бурхны шашныг устгахаар завдаж байсан Ландарм хааны үхэл зэрэг түүхэн үйл явдлыг жүжиглэн харуулдаг гэжээ.

Монголд Жахар цам 1811 онд Их Хүрээнд анх тавигдсанаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарсан байна. 1999 онд Хүрээ Цам хуучин дэг жаягаараа дахин сэргээгдэн Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гарсан билээ. Манай Монголд цам олон сэдвээр гардаг байсан бөгөөд зөвхөн бурхны шашны сургаал ялан төгссөн тухай өгүүлдэг байсангүй. Ер нь хүмүүний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, муу муухайг жигшин устгах санааг энэхүү шашны бүжигт тусгадаг санагдана.

Цамыг бурхны шашны их хурал номын нэгэн хэсэг болгон цамнадаг бөгөөд цам гарахын өмнө хэд хоног үргэлжлэн а\ цамын талбай зам сэлтийг хүж утлага рашаанаар ариутган нямба хийнэ. Нямба-ойртуулах шадарлуулах гэсэн утгатай төвд үг. Чойжид сахиусыг баясалгалаар ойртуулах; б\Сор, жахар, балин, тахилд номын хүч оршоох; в\ Линга эвдэх багажуудад номын хүч оршоох хурал хурдаг.

Зарим эрдэмтэд цамыг мандал цогцлуулах үйлийг биечлэн үзүүлсэн тоглолт гэж үздэг. Хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн үндсэн таван махбодоос ертанц үүссэн хэмээн бурхны шашны космологи (ертөнцийн үүслийн онол) үздэг. Дээрх элементээс бүтсэн хорвоо ертөнцөд зургаан зүйлийн хамаг амьтан үхэж төрөн хорвоогийн тоос болон замхарсаар олон хөрс үүсдэг гэнэ. Мөнх бусыг үзүүлсэн өчнөөн амьтны хэлхээтэй араг яс өндөр болон өндийж, улмаар уулс сүндэрлэдэг гэнэ. Байгалийн жамаар бүрэлдсэн тэр гоёмсог ясан хэлхээ сондор нь амьдрал дэнслэгч дээд бурхдын ордон лугаа ижил гэж сэтгэдэг юм байна. Ийм шаталбар болсон сүмбэр уулын оройд бурхад, догшид өөрсдийн юум(хатан), хангал (нөхөд), бараа бологч, хаалгач, зарц сэлтийн хамт залардаг гэнэ. Ертөнцийн үүслийн тухай ийм нэгэн онол бурхны шашинд бий. Түүний загварыг дүрслэн бүтээснийг мандал гэдэг.

Оюун ухаан сэтгэлдээ бурхад сахиус тэдний дагуул сэлтийг ургуулан бодож, бурхны орныг бодитой биечлэн харуулсан жүжиг бол цам гэж бас тодорхойлж болно. Ийнхүү амьд мандал цогцлуулан бурхан, сахиусыг бясалгал тарнийн хүчээр урин залж сүсэгтэн олонд толилуулан, тэр жилийн барцадыг линга, сор зэрэгт шингээн муу муухай нүгэлтэй зүйлээсээ ангижирч байгаа утгатай юм байна.

Сор гэдэг нь гурилан тахил гэсэн утгатай. Сорд тарнийн хүчээр муу муухайг шингээж, цамын үед галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг илэрхийлдэг.

Линга гэж шашны дайсныг билгэдэж бүтээсэн арзайсан сэгсгэр үстэй, уурласан царайтай, залгих хоолой нь хялгас мэт нарийхан, цүдгэр гэдэстэй, гарыг ард нь хүлсэн эрийн дүрс баримал буюу зураг. Хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй, хармын сэтгэлээр бусдын юманд үргэлж шунан ховдоглож байдаг санааг илтгэнэ. Зарим судлаачид лингаар энэ насандаа нүгэл их үйлдсэн хүмүүн тамын оронд бирд болоод идье гэтэл амнаас нь гал гарах тул идэх хоол нь шатна, залгих гэтэл хялгасан хоолойтой тул юу ч орохгүй үргэлжийн өлсгөлөнд тарчлах тавиланг бэлгэдэн дүрсэлсэн гэдэг. Шашныг эсэргүүцэгч дайсан (буруу номтон), тарнийн хүчээр лингад шингэнэ гэж үзэх ба түүнийг олон хэсэгт хуваан “эвдэснээр”, амийг нь авч цаашид нүгэл үйлдэж чадахгүй болгон сайн төрөлд илгээж байгаа юм байна.

Уур хилэн, атаа жөтөө, омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг. Ноён хутагт Данзан Равжаа “Цаасан шувуу” сургаал зохиолдоо “Мунхагийн харанхуй дотор согтож, уурын мэсийг бариад, омгоор түлэгдэж, атаагаар энэлэн зовлонгийн эрхшээлээр эмгэнэх амьтан бүгд хөөрхий” гэж яруу тодоор бичсэн байдгаас нэгийг санаж, хоёрыг бодууштай.

Жич: Өөрийн 2003 онд бичсэн “Хүрээ Цам” номноос түүвэрлэн авав.

Monday, 22 October 2007

Хөөмийн гайхамшиг

Энэ аравдугаар сарын 19-20-нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн "Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.

Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.

Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.

Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.

Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.

Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.

Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.

Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.

Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэж байсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.

Гадаадын хөгжим судлаачид оюуны үнэт өвийг танин мэдэх завшаан тохиолдсонд олзуурхан манай монголын уртын дуу, морин хуур, хөөмийд эрдэм шинжилгээний дүгнэлт гарган судалсаар байна. Япон, герман, голланд, америк судлаачид нэлээд хэдэн ном гаргажээ. Дундад ба Төв Азийн хөгжим судладаг Теодоро Левин гэдэг америк эрхэм манай хөөмийн тухай Прага хотноо хичээл сургалт хийж байхдаа, монголын ард түмний үнэт өв гэхээсээ илүү ийм гайхамшигт шинэ сонин юм нээлээ гэдэгтээ цохолт өгөн ярьж байсан. Монгол тахь гадаадын олон улсад оросын эрдэмтэн Пржевальскийн нэрээр алдаршсан гэдгийг санаж өөрийн орны унаган соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүгээрээ бахархаж, өөрсдөө судалж дэлхий дахинд Монголын гэдгээр нь таниулъя.

Friday, 19 October 2007

Ялагдлаас олдсон хонжоо

Өнөөгийн мэдээллийн эрэнд технологын нууц, оновчтой мэдээллийг эзэмшиж байгаа нь хүчтэй байгаа бол одоогоос зуугаад жилийн өмнө буюу XIX зууны сүүл XX зууны эхэн үед төмөр зам их гүрний нөлөөний хүрээ, газар нутгаа тэлэх хэрэгсэл, шинэ зах зээл болон стратегийн цөмрөлтийн өрсөлдөөний үндсэн зэвсэг нь байлаа. ХХ зууны эхэнд хүчирхэг гүрнүүд дэлхийг үндсэндээ хуваан авч өөр өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байлаа. Хэн нэгний нөлөөлөлд ороогүй онгорхой зайнд хүч нь суларсан Манж Чин династи орж байв. 1894-1895 оны Хятад, Японы дайны дараа удалгүй Орос, Англи, Франц, Герман, Япон гэсэн орнууд Хятадыг хэдэн хэсэг хуваан нөлөөллийн бүсээ тогтоожээ.

Нөлөөллийн бүс бүрт төмөр зам барьж байв. Ингэхээр хүч суларч доройтсон үедээ Хятад орон одоогийн дэд бүтцийн нэг чухал бүрдэл болох төмөр замын том сүлжээгээ их гүрнүүдээр босгуулаад авсан байх нь. Дорнод хятадын төмөр замын бөглүү нэгэн өртөө байсан Далиан эдүгээ Хятадын Силикон Валлей болж, зөвхөн үйлдвэрлэлийн төв бус оюуны төв болон хөгжихийн үлгэр дууриал болж буй нь хятадын тэр үеийн сул дорой байдал, дайны ялагдал нь хойч үедээ хожил авчирсан гэмээр нэг жишээ. Дорнод Хятадын төмөр замын далайн эргийн зах хязгаар өртөөний Алс хол гэсэн утгатай орос үгээр нэрлэгдсэн энэ хотын анхны нэр "Дальный". Хятадууд хазгай дуудан Далиан болгож, цагаан толгойдоо "л" үсэггүй японууд Дайран болгосон. түүхтэй. Түүхэн эх сурвалжид энэ гурван хувилбарын аль аль нь тааралддаг. Далиан хотын үүслийн түүхээс сонирхоё.

Нийтлэгч Баабарын их л онож хэлснээр “Америкчууд бараг л хүчээр бөөн явдал болж байж Японы арлын хаалгыг зад цохихдоо араб үлгэрт гардаг домботой бирдыг суллан тавьж буйгаа мэдсэнгүй.” Япон нээлттэй болмогцоо асар богино хугацаанд орчин цагийн усан онгоц бүтээх аргад суралцан, цахилгаан холбоо, төмөр замтай, европ маягийн засаг захиргаа, арми цэргийн зохион байгуулалттай орчин үеийн орон боллоо. Ийнхүү түргэн зуур дотоод амьдралаа барууны хэв шинжэд оруулан төвхнүүлээд, гадагшаа мөн барууны түншүүд шигээ эзлэн түрэмгийлэх бодлого баримталж эхлэв.

Солонгосын асуудлаар удтал зөрчилдсний эцэст 1894-1895 онд Япон ба Хятад дайтаж, Япон ялав. Чухамдаа Япон-Хятадын энэхүү жижиг дайн хятадын хүчин мөхөс болохыг гадаад ертөнцөд дэлгэн тавьж, XX зууны эхний хагасын түүхэн эрчимт үйл явцын эхийг тавьсан гэлтэй. Порт Артур Мугдэн хийгээд Өмнөд Манжуур дайнд ялсан Японы эзэмшилд очих ёстой байж. 1895 оны дөрвөн сарын 17-нд болсон Симоносекийн гэрээгээр, Япон дайны төлбөрт ялагдагч тал Хятадаас 200 сая лян, Солонгос, Тайваны арал, Ляодуны хойг буюу Өмнөд Манжуурыг өгөхийг шаардсан байна.

Японы энэхүү хэт өндөр шаардлагыг Герман, Франц, Орос хамтран эсэргүүцжээ. Англи Японыг дэмжиж байв. Америк хэдийгээр Японы эсрэг Орос, Герман, Францын нэгдэлд ороогүй боловч Япон-Хятадын энхийг гэрээнд зуучлахаас, хятадын цагаачдыг авахаас татгалзаж байв. Олон орны нэгдсэн шахалтаар Япон дайн цаашид үргэлжлүүлэхээ зогсоон Өмнөд Манжуурыг авах эрхгүй хоцров. Харин дайны төлбөрийг 230 сая болгон нэмэв. 1895 оны 4 дүгээр сарын 23-нд үсэглэсэн гэрээгээр Солонгос, Тайваны арал Японд хамаарагдах болов.

1897 онд Герман Шандуны хойгийн Цзяочжоу мужийг эзэлж, хоёр чигт төмөр зам тавих эрх Хятадаар гаргуулж гэрээг үсэглэв. Вьетнамыг эзэлчихсэн байсан Франц 1898 онд Гуанчжоувань булангийн эрэг орчмын газрыг түрээслэн авч зүүн өмнөд гурван мужийг өөрийн нөлөөний бүсээ болгон зарлав. Англиуд өмнө нь эзэлсэн Хонг Конгийн ойролцоох Коулун арал ба Шандуны хойгийн Вэй Хайг портыг 99 жилийн түрээсээр авах гэрээ байгуулаад, Шар мөрний сав газрыг Британы нөлөөллийн бүс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэв. Япончууд өмнө нь 1874 онд эзэлсэн Тайваны арлын эсрэг орших Фуцзянь мужийг өөрийн нөлөөллийн бүс болохыг зарлав. Хар тамхины дайнаас уламжлан, тайпингийн бослогыг дарах нэрийдлээр Англи, Францын цэрэг Хятадын гүнд орж, хаалттай боомтуудыг хүчээр нээлгэн, өөрсдийн дипломат төлөөлөгчийн газраа нийслэл хотод нь нээжээ. Оросын нөлөөллийн бүст баруун талд нь Дорнод Түркестан, зүүн талд нь зүүн хойд Хятад дах Манжуур багтаж байв.

Хятад улс дайны төлөөс барагдуулах зээл хүсэн олон оронд хандсан авч ганц Орос л зуун сая алтан рублийн зээлийг жилийн дөрвөн хувийн хүүтэй олгохоор болов. Үүний хариуд Орос, Манжуураар дамнуулан Сибирыг Владивостоктой холбох төмөр зам барих зөвшөөрөл Хятадаас хүсчээ. Хятадын засгийн газар энэхүү зөвшөөрлийг шууд олгосон байна. Оросууд ийнхүү Манжуурт Дорнод Хятадын төмөр замыг барих, Порт-Артур, Далианг эзэмших болж, энэ хоёр усан боомтыг түрээслэн далайд гаргах онцгой эрхийг олж авав.

Сибирийг эзлэн өөрийн болгон газар нутгаа үлэмж өргөтгөсөн Орос орны Алс дорнод хязгаар-Амар мөрөн орчим, дорнын далайн эрэг орчим зэрэг нутаг нь төвөөсөө хэтэрхий алслагдсан, хүн ам бага суурьшсан эмзэг газрынх нь нэг байв. Орос орны европын хэсэгтэйгээ дорнын портын хот Владивостокыг нэн яаралтай холбох хэрэгцээ, шаардлагатай байлаа. Транс Сибирийн төмөр замыг оросын нутгаар Амар мөрний хойд эргээр 1886-1901 оны хооронд үргэлжлүүлэн барихад 514 верстээр (1,06км-тэй тэнцэх орос уртын нэгж) тойруу, 15 сая алтан рубль илүү зарцуулах учиртай байжээ. 1883-1884 онд хийгдсэн судалгаа эгц чулуун хад цахиатай Амар мөрний хойд эрэг нь тухайн үеийн техникийн боломжоор төмөр зам барихад маш хүндрэлтэй, хөрөнгө хүч шаардсан хадан цахиаг нэвтэлж хоолой татах ажлаас гадна усны түвшин нь үерийн үед хэдэн арван метрээр өсдөг Амар мөрний салаа салбар гол орчим усны хамгаалалтын өндөр далан барих шаардлагатай болохыг харуулжээ.

1887 онд Контр-Адмирал Копытов Эрхүүгээс эхлэн Хиагт хүрч улмаар Хятадын нутаг дэвсгэрээр хямд, ашигтай төмөр зам барих төсөл оросын цагаан хаанд өргөн барьжээ. Харьцангуй хямд, шулуун богино замд баригдах, ажлын хүч, түүхий эд хямд гээд олон давуу талтай байсан ч Манжуурын төмөр зам харь орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа ихээхэн дутагдалтай байв. Хэрэг дээрээ энэ томоохон төсөл Алс Дорнодын улс төрийн байдал тогтворгүй байсан тэр үед ийм том хөрөнгө оруулалтыг хүний нутагт цутгаж, харийн орны хязгаар нутгийг хөгжүүлэхэд, тэнд хүн суурьшуулах нөхцөл бүрдүүлэхийн төлөө хэрэгжих байв.

Гэрээнд “Төмөр зам ашиглалтанд орсон өдрөөс тооцон Хятадын энэ муж, 80 жилийн хугацаагаар Орост түрээслэгдэж, түрээсийн хугацаа дууссаны дараа хятадын засгийн газрын мэдэлд үнэ төлбөргүй шууд шилжих, 36 жилийн дараа төмөр зам болон түүнийг дагалдах барилга байгууламжын нийт өртөгийг бүрэн төлсөн нөхцөлд Хятадын тал төмөр замыг өөрийн болгон худалдаж авах эрхтэйг” заажээ. Төмөр зам баригдсаны дүнд энэ бүс нутагт Далиан, Манжуур, Харбин хэмээх шинэ хотууд сүндэрлэн босч, түүний 107 замын өртөө томхон тосгон болон өргөжсөн байна.

“Хятадын Бисмарк” гэж алдаршсан, тэр үед Орост элчин сайд байсан дипломатч Ли Хун Чжан гэрээний зүйл анги, үг үсэг бүрт өөрчлөлт нэмэлт оруулсаар гэрээг хятадын талд ихэд нааштайгаар шийдүүлж чаджээ. Гэрээнд Японы эсрэг батлан хамгаалах салбарт Орос, Хятад бие биеэ дэмжин хамтрах, төмөр зам барих хөрөнгө мөнгө, барилгын материалын тухай үндсэн заалтуудаас гадна төмөр замын нэр, түүнийг хамгаалах оросын цэргийн дүрэмт хувцас ямар байхыг хүртэл нарийвчлан тусгажээ. Анх орос гэрээний төсөлд Манжуурын төмөр зам гэснийг Дорнод Хятадын төмөр зам болгон нэрийг өөрчилж, хятад луу шиг хувцасласан орос цэрэг “төмөр зам”-ыг хамгаалж байвал хятадын нүүр улайхгүй гэж шийдсэн аж. Төмөр зам хамгаалах орос цэрэгт шар халзтай хөх өмд, шар саравчтай малгай, шар луун товч шилбэтэй хар хүрэм өмсүүлж, шар уяа мушгирилдуулан ороосон мөрдөс зүүлгэн нүүр царайг нь эгээтэй шараар будсангүй. Хятадад нөлөөллийн бүсээ хуваах гэж Англи, Орос, Япон гүрнүүд ил далд эвсэж, өрсөж байгааг сайтар ойлгож байсан, “харийн зэрлэгүүдийг өөр хооронд нь эвдэрэлцүүлэх” замаар өөрсдийн асуудлыг шийддэг уламжлалт хятад үзэл бодол нэвт шингэсэн Ли Хун Чжан, энэ өрсөлдөөнөөс хүчин мөхөс Хятадад өнөөдөр биш гэхэд маргааш юу унахыг харж хөдөлж байв. Сонирхуулж хэлэхэд энэ эрхэм, амьд сэрүүндээ авсаа бэлтгэдэг хятад заншлаар гоёмсог авс өөртөө зориулж бэлтгээд, гадаадад ажлаар явахдаа, хаа сайгүй энэ авсаа авч явдаг гаж зангаараа өрнөдийнхнийг алмайруулж байсан гэдэг.

Манжуур нэг сая 230 мянган хавтгай дөрвөлжин талбайтай, төмрийн хүдэр, чулуун ба хүрэн нүүрс, хөнгөн цагаан-хар тугалга, хайлуур жонш, давс зэрэг байгалийн баялаг арвинтай Хятадын томоохон муж. Нутгийн хойд ба дорнод хэсэг үслэг ангаар элбэг өтгөн ой тайгатай. Монголын дорнодын талтай хил залган малын бэлчээрт тохиромжтой Далайнуурын хавтан буюу Мэнэнгийн их тал үргэлжлэнэ. Өмнөд хэсэг газар тариалан хөгжүүлэхэд тохирсон үржилт шимт хөрстэй, дулаан зөөлөн цаг агаартай ажээ. Манж нар зүрчид хүмүүс. Өөрсдийнхөө үндэстний нэрийг манж хэмээдэг бөгөөд эзэмшил газраа Манжуур гэдэггүй. Гуаньдун буюу дорнод гурван муж /Мүгдэн, Гирин, Амар/ гэж газар орноо нэрлэдэг аж. Европ хүмүүс эндүүрч манж нарын нутаг газрыг нь Манжуур гэж нэрлэх болжээ.

Төмөр зам барихад газар оромж зэргийн түр зуурын сууцанд сууж байсан ажилчид бие биедээ хөөрхөн нэр хоч хайрладаг байв. Хятадууд бол “Фанза-нд суудаг манзы” нар аж. Фанза бол хятадууд амьдардаг шавраар хийсэн газар оромж. Хар ажил хийдэг “юм мэдэхгүй боловсролгүй” гэсэн утгаар хятадуудыг “ман-зы” гэж оросууд хочилдог бол “Саман-д суудаг ламозы” нь оросууд аж. Хуучин бүрх малгай-“ламозы” хүний нутагт хаягдсан хэрэггүй юм гэсэн ёгт утгатай хятад үг. Хятадууд хэнд ч хэрэггүй болсон хуучин хог новшийг “хуучин бүрх” гэдэг аж. жижиглэж хэрчсэн сүрлийг өтгө бууц, шавартай хольж, дөрвөлжлөн хатааж туйпуй маягийн зүйлээр барьсан барилгыг “саманы” барилга гэнэ. Төмөр зам барих явцад барилгын гол рельс төмөр, хадаас, техник төхөөрөмжийг Владивостокоор дамжуулан эх нутгаасаа оросууд татаж байсан ч, орон сууц барихад гар дорхи материалаар хятад аргаар ийнхүү сууц барин амьдарч байжээ. Иймэрхий анхны сууц баригдахаас өмнө эрхэм инженер, офицерууд хамгийн тохь тухтайгаар нь монгол эсгий гэрт тухалж байв.

Нөлөөллийн бүсүүдэд баригдаж байсан төмөр замд заналхийлж байсан аюул бол "хунхуз"-ийн дээрэмчид ба "ихэтуан" буюу боксерууд байв. Хунхузын дээрэмчдийн бүлэглэл хэдэн арваас хэдэн мянган хүнтэй байсан тул хамгаалалтын тусгай цэргийн ангийг төмөр замын нийгэмлэг тэжээх шаардлагатай байсан юм. Зарим судлаачид хунхуз нар хирээс хэтэрсэн өндөр татвар, хүнд амьдралаас зугатсан үгээгүй хоосон тариачид, армийн хүчир албанаас дайжсан цэргүүдээс үүссэн тул монголын шилийн сайн эрс, өрнөдийн робингуд шиг зөвхөн баячуудыг дээрэмддэг, ядуучуудыг тэтгэдэг сайн улс мэтээр бичдэг. Гэтэл зарим нь Манжуурын улс төрийн удирдлагад байсан Чжан Цзунчан, Чжан Цзолинь нар хунхуз нарыг удирддаг тул тэд сицилийн мафи шиг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл гэж үздэг. Хунхузын дээрэмчид чухамдаа дээрэмчид л байв. Ядуу тариачдаас ч татвар татдаг, гадаад дотоодын бизнес эрхлэгчдээс ашгийн тодорхой хувь алба гувчуур шиг авдаг сайн зохион байгуулагдсан, сайн зэвсэглэсэн энэрэл өршөөлгүй зэрлэг дээрэмчид байлаа.

“И хэ”- нэгдэл, “туан”-нийгэм гэсэн ханз үсгийн дор зангидсан нудрага зурсан уриа хуудаснаас нь гадаадынхан "ихэтуан-"г боксер хэмээн нэрийджээ. Хятадын уламжлалт нударган зодооны “цагаан лянхуа” баг загалмайтны шашинтан болсон хятадуудыгаа хядаж энэ бослогын эхийг тавьсан тул боксер хэмээсэн гэх ч судлаачид бий. Чухамдаа гарын таван хуруу шиг эвтэй байж, хүч хамтран улс орноо гадаадынханаас цэвэрлэх санааг агуулсан аж. Ихэтуанууд хятадын улс төр сул дорой байгаад, тариалангийн ургацад муугаар нөлөөлсөн байгалийн гамшигт, хятад газрын эзэд тариачдыг хирээс хэтрүүлэн шулж байгаад ер нь Хятад оронд тохиолдсон гай зовлон бүрт “далайн чанадын чөтгөрүүдийг” буруушаан босчээ. Аравтын системээр зохион байгуулсан, гол төлөв тариачин, чөлөөт худалдаачныг нэгтгэсэн боксерууд насны хувьд залуу үеийг хамарсан, маш нарийн сахилга баттай бүлэг байв. Барууныхны босгож буй төмөр замаас авахуулаад гадаад гаралтай бүх юмыг дайсагнан сүйтгэж, хяналтаас бүрэн гарсан тэднийг улс орноо удирдах чадваргүй Чин династын доромжлогдсон эзэд түгшүүртэй боловч дороо хөхүүлж байв. Чин династийн эрх баригчид, харийнхантай нийлж босогчдыг дарах гээд ч байгаа юм шиг, эсвэл босогчидтой хамтран гадаадын гүрнүүдийн өөдөөс дайтах гээд ч байгаа шиг хоёр нүүрлэсэн тууштай бус бодлого барьж байв. 1900 оны 5 сард ихэтуанчүүд нийслэл хот Бээжинд орж ирэн, дипломат төлөлөгчдийн газрыг барьцаалан, хэдэн мянган байшинг эвдэж шатаан, нийслэлийн хамгийн баян хорооллыг тонон дээрэмдэв.

Босогчид гадаадын хөрөнгө оруулалтаар баригдаж байсан төмөр зам, үйлдвэрүүдийг эвдэн сүйтгэх, тонон дээрэмдэх, шатаах зэрэг балмад үйлдэл газар сайгүй хийж байсны зөвхөн нэг жишээ “Дорнод Хятадын төмөр замд 70,1 сая рублийн хохирол учруулсан” нь Манжуурын нутгаар шулуун дөт замаар барих хэмнэлтийг үгүйсгээд зогссонгүй хохиролтой төсөл болгосон байна. Эцсийн дүнд "хүчин мөхөс Хятадад өнөөдөр биш гэхэд маргааш юу унахыг харж" үзэглэсэн нь ёсоор болжээ.

Monday, 15 October 2007

The Camel Mother’s Trial

Mongolian people have always been very fond of their animals. They have created a special language to communicate with animals. The tone of the voice may vary from command to fondle. These sounds help animals to become accustomed to different sounds and melodies.

Every significant event in the life of the Mongolian herdsmen is accompanied by music and songs. The herders have learnt to perform a suitable melody for each kind of animal. Amongst the animals which they raise, horses, cattle, camels, goats and sheep, the camel is the most calm the best tempered and the most affectionate animal. The camel has the best musical sense, because they are the most emotional ones.

The most interesting case is when the mother camel rejects and refuses to suckle it’s new-born, then only music is able to soften the mother and permit the baby to suckle for the first time. The last few days before a female camel gives birth, her behaviour is unpredictable. She prefers to give birth alone, so she runs away to a remote place apart from her herd. The two-humped Mongolian camel’s birth is very painful.

As a baby camel is a most loveable pretty thing, it is impossible to understand for what reason the female camel sometimes rejects and refuses to suckle its baby. The pitiful small baby camel’s eyes are full of tears, following its mother. The baby is also in danger of starving to death. The mother appears depressed. The mother camel stands alone in the pastureland, looking from side to side, like a person who is lost in thought. Because she is also suffering and eating nothing, she soon loses her former looks. How capricious female camels are!

The ceremony, that should unite baby and mother camel is called “hoesloh”. It makes place at the most peaceful time of the day, before beginning or after finishing the day’s activities, when no noise could disturb a melody. The herdsman’s wife starts to sing a song and play the musical instrument “morin khuur”. The two-string horse-head violin - “morin khuur” is the main and most popular musical instrument in Mongolia for accompanying traditional songs.

The verse of this song is to persuade and beg the mother camel to suckle as if she is a thinking creature. The tune of the melody exactly fits the gait of a camel. This is slow, sad and very peculiar music. After a certain time of performance the camel mother’s body starts to shake and you might say that the camel is crying, and her eyes fill with big tears. The mother approaches her baby and sniffs it. The camel mother looks so embarrassed and remorseful. The baby camel makes a timid attempt to suckle. The mother finally recognizes the baby and permits it to suckle.

When some baby camels are orphaned, the baby is adopted by a new mother in this same way. In addition, a baby camel may have to take a cold shower to remote the dead mother’s smell.

IWAP magazine The Bridge July/August 2003

Thursday, 11 October 2007

Монгол гэр

“Тэнгэрийн зарлигаар Бөртэ Чоно гэргий Гоо Маралтай хамт далайн чанадаас ирэн Онон мөрний эх Бурхан Халдун уулын бэлд нутаглан Батцагаан хүү төржээ” хэмээн монголчуудын удам гарлын тухай домог эхэлдэг. Эрт балар цагт Монголын уудам талд Хөх Чоно, Гоо Марал хөөцөлдөж, махчин чоно өвсөн тэжээлт согоог барьсангүй гэж төсөөлж болох нь. Ямар ч домог тухайн үндэстний үзэл бодол, гоо сайхны мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэн амьдардаг нүүдэлчдэд, чоно ухаалаг, эр зоригтой, хүч чадалтай араатан харагдах агаад түүний ханиар хурдан шаламгай, гоо үзэсгэлэнт, цоглог марал тодорчээ. Монголчууд гоо үзэсгэлэн төгс бүсгүйг согоо шиг гэдэг. Домогт өгүүлдэгээр, Бөртэ Чоно Гоо Маралын удамын Алан Гоо хатны хэвлийг гэрийн тооноор тусах тэнгэрийн гэрэл илбэхэд бүрэлдсэн хүүхэд Чингис хааны тэнгэр язгуурт хуланц гэнэ. Билэг дэмбэрэлийн амьтад Нар шүтэх ёстой ийнхүү уялддагаас монголчуудын гэрээ нар мандах зүг рүү харуулж барьдаг заншил үүссэн гэж үздэг.

Манж-Чин улсын ноёрхолд ортлоо монголчууд овогтой байж, манжийн дарлалын үед \1615-1911\ үед устан бид эцгээрээ овоглох болсон билээ. 1990-эд оны ардчилсан хувьсгалын үрээр Монголд овог сэргээх үйл явдал өрнөхөд цөөн бус хүмүүс “чонос” овог сонгосон. Эзэн Чингисийн эцэг Есүүдэй баатар боржигон овгийнх, жинхэнэ язгуур угсаатай нь Монголдоо үлдэн байсаар ирсэн гэх үзлээс “боржигон” овогтой хүн цөөнгүй бий болов.

Гэрийн голд багана гал голомт байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншил одоо ч хадгалагдан үлдсэн. Эртний багана эрхэмлэдэг энэ заншил мөн гал тахьдаг ёстой холбоотой. Дэлхий олон оронд чөтгөр шулам, муу муухайг гал л дийлдэг гэсэн үзэл түгээмэл. Монголд ч галыг дээдлэн тахиж ирсэн бөгөөд галын эзнийг амьд гэж тооцдогоос үзүүртэй зүйлээр гал руу чичихийг цээрлэдэг. Гал бузартана гэж хог новшоо гал руу хийдэггүй. Айлд орсон шинэ бэрийг галд мөргүүлж өөриймсүүлнэ. Энэ нь эрт цагт галын дэргэд тахил шүтээн онгоо байрлуулдаг байсны үлдэц юм.

Та Монгол орны дээгүүр онгоцоор нисэж байхдаа доош харвал энд тэндхэн нэгэн зүйл том цагаан мөөг бөмбийж байх вий. Уудам их газар нутагтай цөөн монголчуудын сууц болох гэр тэнгэрийн тэртэйгээс ийнхүү талын цагаан мөөг шиг харагддаг. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг өөртөө агуулдаг. Оршин байх хэлбэрvvдийн дотроос хамгийг бєх бат тєгс тєгэлдєр нь бємбєрцєг хэлбэр..

Монголчууд мод малын түүхий эд зэрэг гар дорхи материалаар өөрсдөө гэрээ хийдэг. Гэр яс мод, эсгий бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтнэ. Эвхмэл сараалжин хана, дээвэр болдог унь, унины тулгуур бөгөөд цонх болох тооно, тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод бүрдэнэ. Хонины ноосоор гар хийцийн эсгий хийдэг байв. Хонины ноос өөрөө зунгагтай учир эсгий өөрөө ямар нэг хэмжээгээр ус даах чанартай ч эсгийг ямааны тосоор тосолж бороо нэвчихгүй болгодог. Өнгий нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлнө. Адууны хялгасаар бат бөх дээс томж түүгээр гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийнэ.

Орчин цагт үйлдвэрийн аргаар ноосыг зунгагнаас нь салгаад угаасан ноосоор эсгий үйлдвэрлэж байна. Зунгагнаас гоо сайхны үнэт түүхий эд ланолин гарган авч гадаадын гоо сайхны нэрт пүүсүүдэд экспортолдог. Одоо борооноос хамгаалсан брезентэн дээвэр, цагаан даавуун гадуур бүрээс давхарладаг болжээ. Гэрийн модыг мөн үйлдвэрт хийж байна. Гэрийн мод дунджаар 15, эсгий 5 жил хэрэглэгддэг.

Гэрийг амархан барьж угсардаг, түүнээсээ амархан буулгаж нүүдэг. Хүндийн жин ердөө 250-270 кг тул хэдхэн тэмээ сарлагт ачаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор авгай нөхөр, анд нөхөр ч юмуу хоёрхон хүн барьчихдаг, хөнгөн авсаархан ийм сууц нүүдэлд тохиромжтой нь илт. Гэвч хоюулхнаа байх нь ховор тохиолдол. Монголчууд нүүдлийн улсыг зам тосон домботой цай, тавагтай идээ барин угтаж цайлдаг, гэр барихад тааралдсан таних танихгүй хүмүүс очиж тусалдаг заншилтай.

Гэрийг их багийг ханын тоо ба толгойгоор ялгана. Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. Жишээ нь 14 толгой бүхий 4 ханатай гэрийг бага дөрвөн хант, 16 толгой 6 хант гэрийг их 6 хант гэнэ. Хамгийн жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан. Дээр үед ихэс дээдэс 8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхийн тулгар бичигт тэмдэглэгдсэнээс хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй үлэмж том Бат-Өлзий гэр.

XIII зууны vеийн монгол хаадын олон арван шар хөллөсөн их гэр тэргэн нvvдэл тухайн үеийн гайхамшиг байв. Хаадын их нүүдэл суурин иргэдийн жуулчин, хэсvvлчдийн нvдэнд талын ингэр алгуурхан хєдєлж яваа хот мэтээр тєсєєлєгддєг байжээ. Ийм их гэр тэргэнээс гадна дєрєв, найман vхэр хєлєлсєн бэсрэг гэр тэрэгнvvд ч бас олон байсан.

Ирээдүйн Чингис хаан 1155 онд даруухан нэгэн эсгий гэрт мэндэлсэн. Эцгээсээ багадаа өнчин хоцорсон Тэмүүжин дөнгөж есхөн насандаа өрх толгойлж, эхийн хамт Онон голыг өгсөж уруудан жимс ногоо түүж, загас жарайхай барин олон дүүгээ тэжээн амь зууж байсан тухай “Нууц товчоо”-нд өгүүлдэг. Дээр үед ядуучууд загас барин ан гөрөө эрхэлдэг, олон малтай аял баянд тооцогддог байв. Одоо баячууд л зугаа цэнгэл маягаар ан гөрөө хийдэг болоод ойлголт эсрэгээр эргэсэн шиг.

Одоо хэрэглээнээс гарсан унь тооно хоёр нь үргэлж гэрийг сархинаг тоонотой гэр гэх бөгөөд ийм гэр нь ямар ч догшин салхи ширvvн бороонд унадаггvйгээр vл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад vерийн ус дайраад єнгєрхєєс биш аваад явчихдаггvй байжээ. Сархинаг тоонот гэрийн хэлбэр хатгуур тоонот конус хэлбэрийн гэрийг бодвол илvv бємбєгєр, хожимдоо гэрийн унь тооно саланги болж эдvгээгийн хатгуур тоонот гэр үүссэн. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан ийм гэр єнгєрсєн зууны тавиад он хvртэл говийн малчдын дунд байсаар л байлаа. Унь тооно хаалга хатавчны харьцаа єєр болсон хэдий ч монгол гэрийн vндсэн хэлбэр тєрх хийц маяг нь єєрчлєгдєлгvй манай vед хvрч иржээ.


Гэрийн одоогийн энэ хэв хийц 16 дугаар зуунаас өргөн дэлгэрсэн сонгодог хэлбэр. Гэрийн хаалга тооно голчоороо тэнцүү ба энэ үндсэн суурь хэмжээ болдог. Баганын өндөр хаалганаас 1,5 дахин өндөр. Шалны голч тоононы голчоос 4 дахин том. Унийн урт тоононы радиусыг 3 дахин авсантай тэнцүү. Европт сүм дугана барихдаа хүний биеийн харьцааг мөрдлөг болгон авсан харьцааны чанарыг мэргэжлийн хэлээр алтан огтлол \модул\ гэж нэрлэгддэг барилга архитектурын арга гэрийн модонд яг ижил мөрдөгддөг болохыг МУИС-ын багш Даваажав судалгаагаар илрүүлсэн байна. Монгол гэрийн бат бөх чанар чухамхүү энэ алтан огтлолд л оршино.

Монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон нь бас нэг гайхамшиг. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг монголчууд нар мандах шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг. Ам дөрвөлжин хэлбэртэй өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл өглөөний 4-6 цаг (бар-туулай цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг(туулай-луу-могой цаг), гэрийн хойморт нар их үдэд 12 тусна (морин цаг) гэх мэт.

Нарны цагтай яв цав тохирдог гэр бол 60 уньтай бага дөрвөн хант билээ. Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтадаар нэрлэгддэг. Гэрийн доторхи зайг хоймор, гал голомт, эрэгтэйн тал, эмэгтайн тал гэж ерөнхийд нь хуваадаг. Хоймрын авдар дээр бурхан шүтээнээ залдаг. Гэрийн эзэн хоймор талдаа суудаг ба хамгийн хүндтэй зочноо хоймортоо урьж суулгана. Хоймор талд элбэг баяны билэг тэмдэг болох хулгана жил, баруун тотгоны үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн тотгоны үзүүрийн унь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ гэдгийг илтгэн үхэр жилд тус тус таарна.

Хvрээлэн буй орчных нь уул ус, гvвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн давтамжтайгаар єєрчлєгдєн шинэчлэгдэж байдаг ч vvд хоймрынх нь орших зvг чиг, гэр дотрох эд агуурсынх нь байрлал тэр ч бvv хэл хониных нь хот, vхэр тугал ингэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нvvж хаана ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зvг чигийг нь хэзээ ч єєрчилдєггvй. Гэр дотор нvvдэггvйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчиноо ч єєрчилдєггvй. Єєрєєр хэлвэл хэд ч нvvж хаана ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах єєрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч єєрчлєлтгvйгээр аваад яваад байдаг гэсэн vг юм. Эцэг євгєдєєс уламжилж ирсэн эд юмсын байрлал, зvг чигийг хэдэн vеэрээ єєрчлєєгvй айл бишгvй байдаг.

Гэрт оруут баруун хаяаны эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлтээс эрэгтэйн тал эхлэнэ. Гэрийн эзний ор, орны ар хананд ангийн буу өлгөөтэй. Хөөрөг, хэт хутаг, зодог шуудаг хусуур, ангийн үс зэрэг эр хүний нарийн нандин эдлэл хадгалдаг баруун авдар орны толгойд байна. Хөхүүр баруун талд байдаг нь эрт цагт эрчүүд гүү саадаг байсантай холбоотой гэх. Эрэгтэй зочид баруун талд суудаг ба хөхүүрийн дэргэдүүр өнгөрөхдөө айраг бүлж булчингаа чангалдаг, айлдаа хүчээ өгдөг заншилтай. Гэрийн гадаа баруун урьдхан морины уяа хатгаастай.

Гэрийн зүүн хатавчнаас эхлэх эмэгтэйн талд усны болон саалийн сав, гал тогооны эрэгнэг, эзэгтэйн хувцас хийдэг орны хөлийн авдар, оёдол үйлийн ба гоо сайхны хэрэгсэл зэрэг эмэгтэйн нарийн нандин зүйлсээ хийдэг орны толгойн авдар байна. Эм хүн бард хөөгдсөн туулай мэт аймхай дорой гэсэн санааг илэрхийлсэн мэт эзэгтэйн ор бар туулай жилүүдийн хоорондох зайнд яв цав таарна. Гэрийн эзэгтэйн зүү утасны авдар гэрийн гаднах үнээний зэлтэй харгалдахаар үхэр жилд таарахаар байршуулж зуршсан нь эм хүний хийморь оёдол үйл, цагаан идээнд байдаг гэсэн үзлээс улбаатай гэнээ. Одоо дээд сургуульд суралцагчдын үнэмлэхүй олон хувь нь охид болсон төдийгүй эрүүл мэнд боловсролын салбарт ажиллагсдын дийлэнхийг эмэгтэйүүд бүрдүүлж буй нь монгол угсаатны дунд түгээмэл тархсан цэцэн бэрийн үлгэр амилах хандлагатай болгов.

Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг тархсан Монголд гэрт ирсэн хүнийг заавал хооллож ундалдаг, тэр ч байтугай эзгүйд таарсан аянчин жинчинд зориулж идэх уух юм ширээн дээрээ бэлдээд, эзгүй гэрээ цоожгүй орхиод малдаа явдаг заншил саяхан болтол говийн аймгуудад байсаар байлаа. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах жилүүдийн алдаа оноонд хүний сайхан чанар бүүдийж, залхай өөдгүй улс олширсноор монгол гэрийн үүд түгжээтэй байдаг боллоо.

ХХ зууны эхэнд бараг бүгдээр нүүдэлчид байсан монголчуудын 30 хүрэхгүй хувь л одоо нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Гэтэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад гэр орчин үеийн байр сууцтай зэрэгцэн оршсоор, бүхэл бүтэн гэр хороолол хотын энд тэнд байсаар. Социализмын үед хот хөдөөгийн хооронд дураар шилжин нүүх хориотой байхад нийслэл хот маань одоогийнхоос цөөхөн гэртэй байлаа.

Аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд гэр отог өргөн хэрэглэх болов. Ердийн дөрөв таван хант гэрээс гадна тэргэн дээрхи эртний гэрийг ч, дээр үед зөвхөн хаад ноёд залардаг байсан олон хант том гэр барьж ресторан маягаар ашиглах боллоо. Гэр хэлбэртэй халаалга, халуун хүйтэн ус, бие засах хорго бүхий тоосгон барилга энд тэндхийн амралт сувиллын газар олноор баригдаж гадна дотны хүмүүсийн талархалыг хүлээж байна.

Одоо гэрийн дээвэр дээрээ нарны зайтай, гаднаа телевизийн тавган антентэй айл хот хөдөөгүй олон болж, бага оврын цахилгаан үүсгэгч генератор, хөргөгч, телевизор, радио, компьютер гээд орчин цагийн гэр ахуйн техник монгол гэрт байраа эзэлжээ. Монгол гэрийн тавилга зөвхөн шинэчлэгдэж буй бус гэр өөрөө шинэ орчинд байр сууриа олж, монголын уудам талаас хальж харь холын орнуудад тархаж эхэллээ.

Голландын бизнес эрхлэгч жуулчны базаа нэжгээд монгол гэр барьж үүсгээд, улмаар өндөр нуруутай өрнөдийн улс гэрт орж гарахад хялбар болгох үүднээс гэрийн хаалганы тотгыг өндөрсгөн арк маягийн болгон, гэр үйлдвэрлэдэг цехтэй болжээ. Авхаалжтай голланд эр гэр зохиосон авторын эрхийн гэрчилгээ авах гээд хөөцөлдөөд явж байсан тухай манай сонинд бичигдэж байсан.

Японд их зургаан хант гэрт монгол хоолны ресторанд би вээр орж үзэж байсан. Чехэд дорно дахин судлаач (хятад, монгол) Шима гуайн эрхлэн ажиллуулдаг Ази нөхдийн клуб хоёр ч монгол гэртэй. Жил бүр Чехийн хөдөө нутгаар гэрийн баяр зохион байгуулдаг уламжлалтай.

Францын морь судлаач эрдэмтэд Монголд тахь эргэн нутагшуулах төсөлд манлайлан оролцож, франц судлаачдын зарим нь нутгийнхаа өмнөд хэсэгт жилийн дөрвөн улиралд гэрт амьдарч тахийн зан араншин судладаг нь сонин. Парис хотод дуу бичлэгийн студийг гэрт хийдэг моод дэлгэрсэн нь чамирхал төдий биш юм. Дуучин дуулахад тархах шууд долгион, хананаас ойсон долгионтой нийлэхэд үүсдэг авианы гажилт шуугиан зэргийг багасгах зорилгоор дуу бичлэгийн студийн дотор ханыг зөөлөвчтэй дуу шингээгч материалаар доторлодог. Дөрвөлжин өрөөнд хана, тааз, шал болон өрөөний булан хүртэл долгион харилцан адилгүй хэмжээний зайг туулах тул зөөлөвчтэй тохиолдолд ч гажилт үүснэ. Гэтэл дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэр аль ч талаараа дуу бичлэгийн студи хийхэд хамгийн оновчтой байр болох нь ойлгомжтой.

XIX зууны эцэст дэлхийн янз бүрийн газар оронд зуу гаруй ястан үндэстэн гэр хэрэглэж байжээ. Хүзүүвчин тоонотой цомцог гэрийг Оросын Холбооны улсын Халимаг, Тува, Баүкир, Татар, Курд, Ногай, Хягас, дундад азийн Казак, Туркмен, Узбек, Таджик, Киргиз зэрэг орнууд; түрэг угсааны Юрюкин (Турк), Хазар (Афганистан); Могол; Өвөр Монголд хэрэглэсээр байна. Харин Эвэн, Сагай, Эскимосуудын сууцыг урцнаас гэр рүү шилжих үеийн сууцны хэлбэр гэж үздэг байна. Гэрийн уг язгуурыг оромж гэх ба үүнд урц, овоохой, шовоохой гээд түр зуур толгой хорогдох нэн болхидуу сууц орно. Умард Америкийн индиан, Авсрали, Африкийн зэрлэг омгууд, Сибирийн гүн тайга, Е­несей, Амар мөрний сав болон Саяан Алтайн уулархаг нутагт амьдардаг зарим ястан одоо ч урцыг сууц болгон хэрэглэсээр байна.

Tuesday, 9 October 2007

Соёлтой баавгай

Улаанбаатарын Сансар хорооллоос Гурвалжингийн гүүр хүрэх санаатай автобусанд суугаад явж байв. Түмэн олон маань ганцхан "төв замын түрэмгий улаан"-д хөл дүүжилдэг байсныг бодвол, "золбин шар"-такситай, "олби оготно"-микробустай болоод автобуст хүн цөөн сайхан сэлүүхэн болжээ. Багшийн дээдийн буудлаас баахан оюутан бололтой залуус ороод ирэв. Автобус тэр аяараа залуу эрч хүчээр бялхаж, залуу дуу хоолой давалгаалж эхлэв. Олон цагаар мэдлэгтэй мэдлэггүй багш нарын ганчаарчилсан тоглолт үзэж хөдөлгөөнгүй чимээгүй суусаар хөөрхийс минь залхаж дээ. Чанга чанга ярьж, гар хөлөө гозолзуулан булчингийн чилээгээ гарган, үе үе нир хийтэл хөхрөлдөнө. Гэнт "Зуу зуун төгрөг өгчихөөд битгий шаналгаад бай л даа, ядарч байна шдээ. Хөөрхөн өвөр өвөр дээрээ суугаад шивэгнээд ярихгүй юү." гэсэн эрх хонгор дуу гарав. Халаалгагүй сарампай автобусанд олон цагаар явахад жиндэхгүй гэж дулаан хувцас давхарлаж давхарлаад баавгай ээж шиг болсонлагс том биетэй 45 орчим насны улаа бутарсан кондуктор авгайг ийм нарийхан нялхамсаг хоолойгоор тийм хөөрхөн дуугарна чинээ санасангүй. Өвөртөө ороод шивэгнэж байгаа янагууд шиг энд шив шув гээд нүргэлсэн чимээ тасрав. Үйлчлүүлэгчдээ хүрч ажиллан харьцааны соёл сайжирсан бололтой. Социализмын үед кондуктор нь загнаад, худалдагч нь боогоод дор дороо л захиргааддаг сан.