Wednesday, 14 November 2007

Цамчинг сонгох


Жил нь таарсан, нохой мэсийн сорвигүй, эрүүл чийрэг биетэй сахил хүртсэн эрэгтэй хүн цамчин байх ёстой аж. Дүр бүрийн онцлогоос хамаарч цоглог хурц шаламгай эсвэл ихэмсэг алгуур хөдөлгөөнтэй хүнийг цамд тоглуулахаар сонгохдоо монголчуудын хүн шинждэг шалгууруудад тулгуурлан ихэд нягт нямбай шалгаж авдаг. Биеийн галбир төрхийг “толгой энх төвшин, цээж өргөн хүчирхэг, бэлхүүс нарийн, дөрвөн мөч шаламгай, хөл цэх, тахимаараа уян налархай, бие талбиун чөлөөтэй, явдал алгуур намбалаг, харц гал цогтой” гэх мэтээр сонгоно.

Монголчуудын хийморь, цог золбоог “хан гардь огторгуйд нисэх мэт эрэмгий чадмаг, их дэлт арслан мэт сүр төгөлдөр, ой цэцэрлэгт зугаалах бар мэт намбалаг тайван” гэх мэт дөрвөн хүчтэний донж маягтай харьцуулан үздэг байсан уламжлалаар шинжинэ.

Ер нь цамд залуу чийрэг лам нарыг тоглуулдаг байсан нь, бэлгэдлийн утга бүхий гоёл чимэглэлтэй хүнд баг хувцас өмсөн олон цагаар бүжиглэхэд хир баргийн хүн дийлдэггүй, амархан цуцдагтай холбоотой. Дүр бүрт орлон тоглогч байдаг ба нэг нь ядрахад нөгөө нь ээлжлэн гарч ирж бүжиглэдэг байна.

Яриан буюу баггүй цамаас XI зууны төвдийн нэрт яруу найрагч-даяанч Миларайпын (монголчууд Мял богд гэдэг) амьдралын нэгэн үзэгдлээс сэдэвлэн бичигдсэн цам алдартай. “Миларайпын цам” ийм яриан цамд уран хэллэгтэй, үг ярианы авьяастай хүмүүсийг худал хэлэхгүй, хүн гүтгэхгүй гэсэн тангараг өргүүлж сонгон авдаг байв.

Анчин тэрний хийсэн тэр үйл ямар вэ? Хэн гуай ингэж буй нь зөв үү? гэх мэтээр тухайн орон нутгийн нэр цуутай баян худалдаачин, ноён түшмэл, улмаар дээд лам нарын нэрийг дурдан асуулт тавина. Дуу хоолойн өнгө, гарын хөдөлгөөн, нүүрний баясал зэргээр тухайн хүнийг барин тавин нүдэнд тустал адилхан дүрсэлдэг байжээ. Мял богд ямар үйлийг нүгэл гэх тухай, нүгэл үйлдсэн хүмүүс үйлийнхээ үрийг хэрхэн эдлэх тухай сургана. Шүүмжлэлийн бай бологчид нийгэмд эзлэх байр сууринааасаа хамааран хүндэт зочдын асарт, эсвэл энгийн ард дунд цам үзээд сууж байх нь элбэг тохиолдоно. Цуутай хүмүүсийн зартай муу үйлийг, шогтой тодоор ингэж улаан нүүрэн дээр нь ил гарган тавьдаг байсан тул ийм цам сонирхолтой байсан нь ойлгомжтой. Минчийж улайсан, хараа буруулан суух “дүрийн эх загвар” жүжигчин хоёрыг ээлжлэн харж баясдаг байвай. Ард олонд ихээхэн таалагддаг ийм цамыг ихэс дээдэс төдийлөн таашаадаггүй байсан нь мэдээж. Сүм хийд бүр ийм яриан цам тоглож зүрхэлдэггүй байжээ. “Миларайпын цам” харьцангүй цөөхөн дүртэй, яриандаа дээдсийн амьдралыг хөнддөг нийгэм улс төрийн утгатай байсан зэргээс харьцангүй бага тархсан бололтой.

Saturday, 10 November 2007

Н.К.Рерих “Их Улаан баатар” зураг


Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээсэн долоон мянга гаран зурагт дорнын сэдэв давамгайлдаг. Түүний уран бүтээл дэлхийн олон оронд байдгийн нэгэн адил Монголын тухай буюу монголын хөрсөн дээр амилсан бүтээл цөөнгүй. Монголын Дүрслэх Урлагын Музейн сан хөмрөгт буй Рерихийн хэд хэдэн бүтээлээс Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын \1925-1928\ явцад 1927 онд зурсан “Их Улаан баатар” \165х125, шороон будаг, холст\ зургийг толилуулья.

Энэ бүтээл бурхны домог зүйгээс сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барилийг санагдуулам сонирхолтой бүтээл. Монголд бурхны шашин нэвтрэхээс өмнөх үеийн уран зурагт зоригт баатруудын туульс, дээдэс язгууртны ан хоморго, ердийн нүүдэлчин малчдын амьдрал ахуйгаас сэдэвлэсэн зураг зонхилж байв. Рерих монгол зургийн уламжлалаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулсан хэдий ч энэ нь монголын үлгэр домгийн баатар биш, Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва буюу бурхны шашны дүр. Зураач зургийн ар талд өөрийн гараар “Шамбалын Догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж төвдөөр бичиж үлдээсэн байдаг.

Зураач Монголын хууль тогтоох дээд байгууллага Ардын Их Хуралд энэ бүтээлээ бэлэг болгон дурсагжээ. Тэр үеийн тогтмол хэвлэлийн нэг “Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлүүлсэн захидалдаа: “Орчин цагийн далбаан дор монголын ард түмэн гэрэлт ирээдүйгээ цогцлуулж, эрх чөлөөний Их Морьтон монголын уудам талаар давхиж байна. Баатарлаг түүхт өнгөрсөн үеэ хуяг дуулга туг мяндараар илэрхийлсэн морьтон хүмүүний гэрэлт ирээдүйг билэгдэнэ. Нийгэм журам, мэдлэг боловсрол нэгдэх цаг ирнэ. Адуу мал багширна. Богд уулын оройг урьд хожид үзээгүй нялх өвс бүрхэн, тал нутаг нилэнхүйдээ ногоорчээ. Айл гэрт аз жаргалын гэгээ татжээ. Сайхан Морьтны дуудлага аянга мэт ниргэлж байна. Ази тивийн цэцэглэн мандалтын үед урлагын бүтээл, номыг хамгийн эрхэм бэлэгт тооцдог байлаа. Азид сайн цаг дахин айсуй. Монгол Ард Улсын Засгийн Газарт өргөн барьсан “Их Улаан Баатар” зургийг минь хүлээн авна уу” гэж бичиж байв.

Рерихын захидал дахь гэрэлт ирээдүй гэсэн тодотгол зургийн санааг илтгэнэ. 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол орон социализм байгуулах зам сонгож, хүмүүс нийгэм журмыг өөрчлөх үзэл санаа, гэрэлт ирээдүйд итгэж байв. Хүн амын дийлэнх шашны мухар сүсэгт автагдсан, бичиг үсэгт тайлагдаагүй тэр цагт Маркс Ленины харийн сургааль мэдээж ойлгомжгүй байв. ХХ зууны эхээр жирийн ард олонд ихэд гэгээрсэн бодь сэтгэлтэн орших Шамбалын орон бол аз жаргалын билэг тэмдэг, „Хүмүүний мөрөөдлийн орон“ Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн бүрийн дайсныг дарагч шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу байжээ. Н.К.Рерих энгийн олонд зургаа ойлгомжтой болгох үүднээс агаар мандал, эх дэлхий, газар доорх гурван ертанцөд зоргоор явдаг гурван нүдэт номын сахиусаар ирээдүйг билэгдсэн нь зураачаас гадна сайн сэтгэл зүйч болох нь харагдана.

Монгол зурагт шороон будгаас гадна \алт, мөнгө, зэс, төмөр, оюу, номин, тана, шүр, сувд зэрэг\ үнэт эрдэс есөн эрдэнэ хэрэглэж ирсэн, одоо ч хэрэглэдэг уламжлалтай. Зургийн дэвсгэрт авсан гол өнгөөс шалтгаалан, улаан бол мартан, хар бол нагтан гэж ангилдаг. Зураач зөвхөн нэг өнгөөр тэр өнгийн нарийн ялгаан дээр ажиллан зураасын нарийн ураар дүрсийг тодруулдаг. Монголын эртний бурханчид бийрээр ямар гайхамшигт уран дүрслэл бүтээж байсныг „Бадамсамбуу“ \Дүрслэх урлагын музей, 192х144, алтадмал мартан\, „Махагал“ \Богдын музей, 168х78, нагтан\ бүтээлүүдээс харж болно. Бурхны шашны улааны урсгалын том төлөөлөгч Бадамсамбуу зөвхөн улаан өнгөөр мартан зургаар бүтээгдсэн бол сөрөг хар хүчийг ялан дийлэгч догшин сахиус Махагал хар буюу хар хөх давамгайлсан нагтан зургаар бүтээгджээ. Өнгийг утга санаа билгэдэл зүйтэй уяалдуулан нарийн бодож сонгодог нь харагдаж байна.

“Их Улаан баатар” зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Цэлмэг хөх тэнгэрт гал хээр морьтой “улаан морьтон” дүүлнэ. Морьтой холбогдох үг хэллэгээр баян тансаг монгол хэлэнд морьны зүс, явдал, нас хүйсийг ялгасан өчнөөн хэллэг бий. Ялангуяа морины зүс тодорхойлсон олон үг хэлц байдаг. Зурган дээрх моринд галын дөлийн туяа туссан тул ямар зүсмийн болохыг тодруулж хэлэхэд төвөгтэй. Үүл хүртэл ягаавтар туяатай. Урд талаар нисэх тагтаа болов уу гэмээр шувууд улаанаар будагджээ. Ихэвчлэн цагаанаар дүрсэлдэг гэр болон сүм хийд улбар шар өнгөтэй. Бурхны шашны тигээр улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг билгэддэг. Өнгөрсөн зууны хориод онд Монголд улаан армийн оролцоотойгоор улаан хувьсгал ялсан. Зургийн нэр “Их Улаан баатар”. Нийслэл хотын нэр бас Улаанбаатар. Николай Константинович улаан өнгийг зүгээр нэг сонгоогүй нь ойлгомжтой.

Хотын нүүрэн талд гол гэрийн өмнө ардын төлөөлөгчдийн “Их Хуралдай” чуулж байна. Хуралдагсдын хоёр талд төрийн туг босгожээ. Энхийн цагаан, дайны үеийн хар туг бий. Эрт дээр үеэс монголчууд дайн тулаанд төрийн хар туг сүлд ивээн тусалдаг хэмээн итгэж ирсэн. Хар туг нэг ёсондоо өвөг дээдсийн, эх орончийн сүнс шингэсэн шүтээнд тооцогддог. Зөвхөн хар туг зурган дээр байгаа нь нийгмийг бүхэлд нь өөрчлөх, шинэ хүнийг төлөвшүүлэх нь хүнд хэцүү урт удаан үргэлжлэх үйл явц буюу дайн тулаан гэж үзэж болно гэсэн санааг Рерих илэрхийлсэн болов уу гэж санагдана.

Зургийн доод хэсэгт нийслэл Улаанбаатар хотыг дүрсэлжээ. Гэтэл Дамдинсүрэн, Жүгдэр зэрэг монгол зураачдын бүтээлд бүгдийг нарийвчлан жижиг эд анги, чимэглэлийг хүртэл гаргасан байдлаар Өргөө хот дүрслэгдсэн байдаг бол Рерих Улаанбаатар хотыг “Өндөр Жанрайсаг” и “Бат-Цагаан Өргөө” зэрэг онцлог хэдхэн барилга сүм хийдээр төлөөлүүлэн гаргажээ. Монгол уран зургийн нэг онцлог нь яв цав дүрслэл, нарийн бичлэг бөгөөд гэрийн байршил, хотын ерөнхий төлөв ертөнцийн зүг чигтэй тохирсон байдаг. Рэрихийн сонинд бичсэн захидалд Богд уулыг дурдсан, уулын ерөнхий дүрс нугачааг харахад зурган дээр Богд уул зурагдсан мэт. Номин, ногоон, цэнхэр, ягаан, ухаа бор зэрэг өнгийг ер бус гоёор зохицилдуулан уул нурууг зурж, ямар нэг хэмжээгээр эзэлхүүнтэй овгор товгор мэт болгожээ.

Улаанбаатар хот Богд уулын ар хормойд байдаг, монголчууд гэрээ урагш харуулан барьдаг заншилтай. Зураг дээрх гэр хийгээд хот нэлэнхүйдээ уулын өмнө талд мэт болжээ. Рерих бодит газар оронг монгол уламжлалт зургийн харьцангүй билэгдэл утгаар дүрсэлдэг аргаар зурсан бололтой. Монгол зурагт газар орны дүрслэл зөвхөн зургийн үйл явц өрнөх дэвсгэр болдог. Өрнөдийн хүн ийм зураг хараад яагаад ижил газар оронг дүрслээд байдаг юм бол гэж гайхмаар аль ч уул ижилхэн гурвалжин дүрсээр зурагдана.. Эдгээр бүдүүвч тойм төдий гурвалжин-уулууд зургийн талбайг олон нэгжид хуваана. Нэг нэгж-уулын энгэрт ан гөрөө хийж буйг харуулж, нөгөөд нь хурим болж буйг харуулах жишээтэй.

Монголын хавтгай зургийн ийм аргад эзэлхүүн болон гэрэл сүүдэр үгүй, түүнийг зураас өнгөөр ялгадаг онцлогтой. Уламжлалт монгол зурганд эзэлхүүн овгор товгорыг гэрэл сүүдрээр бус өнгийн ялгаагаар, нарийсч бүдүүссэн зураасаар гаргадаг аж. Рерихийн зураг монгол хавтгай зургийн аргаар бүтээгдсэн хэдий ч угалзалсан үүл, галын дөлийг монголын их зураачид шиг нарийн гаргаагүй, эзэлхүүнийг гэрэл сүүдэр ашиглан гаргасан байна.

Зургийн дээд хэсэгт үүлэн дунд “Маш Дарагч” \төвдөөр “Шинду Намбар Номбо”\ бурхны номын биет дүрс очир суудалтай, харанхуй мунхагийг тас цавчигч илд барьсан байдлаар бурхны тигээр зурагдсан. Энэ бурхны хөрөг, гурван мэлмийтэй догшин дүртэй харьцангүй томоор дүрслэгдсэн морьтон, угалзалсан үүл болон галын дөл сэлт нь бүхэлдээ бурхны шашны тигийн дагуу зурагдсан шашны урлагыг санагдуулна. Нарийн ажиглавал тиг эвдсэн зүйлс бий. “Маш Дарагч”-н хоёр талд тиг ёсоор нар сар байх учиртай, үүний оронд Рерих жижигхэн таван хошуу зурсан байна.

Номын сахиус голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй байдаг бол Рэгдэндагва хоёр мэлмийтэй, амирлангуй дүртэй дүрслэгддэг цөөхөн номын сахиусын нэг билээ. “Шангад” (сансар дахь бурхадын орон, 60х81 хэмжээний усан будаг) танк зураг дээрх Рэгдэндагва ихэд энхийн царайтай, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар дүрслэгдэсэн байхыг Дүрслэх Урлагын Музейд харж болно. Заримдаа Рэгдэндагвын морийг хонгор зүсмийнхээр зурдаг. Шашны дүр бүрийг тогтсон тигийн дагуу зурж, гарт барьсан зэр зэвсэгийн бариул дээр билэгдэл утгыг илэрхийлдэг очир, чандмань, гавал зэрэг тухайн дүрийг тодруулах чимэг шигтгэдэг билээ.

Харин Рерихын Рэгдэндагва гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жадтай байдлаар зуржээ. Ээтэн гутал, яах аргагүй монгол баатрын хувцас, шашны билэгдлийн чимэггүй ердийн бариултай андуурах аргагүй тахир монгол сэлэм, сэлэмний хуйн угалз чимэг бас монгол нь танигдахаар ажээ. Монголчууд эртний уламжлалт ардын урлагтай байсан тул бурхны шашныг өөриймсүүлж дүрслэхдээ гаднаас авсан зүйл тун цөөн билээ.

1970 онд хэвлэгдсэн “Социалист Монголын дүрслэх урлаг” номондоо И.Ломакина “Их Улаанбаатар” зургийн шашны учир холбогдлыг дурдаагүй байдаг. Ленинградад үзсэн Рокуэл Кент, Святислав Рерих нарын бүтээлийн тухай шагшин ярихад, Дүрслэх Урлагын музейн ажилтан аав маань Святислав Рерихын эцэг Николай Рерихын энэ зургийг үзүүлж бурхны шашинтай хэрхэн холбогдох талаар тайлбарлаж өгч билээ. Тэр үед шашны урлагын тухай ярих бичих хориотой, шашны суртал нэвтрүүлэг гэж үздэг байлаа. Бурхны шашны бурхад, догшид сахиусыг дүрслэн үүссэн XYIII зуунд хөгжлийнхөө оргил үед хүрсэн зээгт наамал хэмээх торгон наамал зургийн талаар бичсэн “Торгон зураг” номондоо аав маань эртний урчуудын нэг ч бүтээл дээр тайлбар хийгээгүй байдаг. Ийм л цаг үе байв.

Бурхны шашин дэвшил хөгжил авчирч байсан тухай Ю.Н.Рерих хэлэхдээ: “XYI зуунд төвдийн буддизм Монголд нэвтрэхдээ Энэтхэг, Хятад, Төвдийн соёлын их салхи өмнө нь уйгаруудын авчирсан сургаалийн эртний хэлбэрийг түрэн зайлуулж, XYII- XYIII зуунд Монголд эрчимтэй хөгжсөн яз уран зохиолд төвд, самгарьд хэлний онцлог сонгодог монгол бичгийн хэлэнд тусгалаа олж байв. Нэмж хэлэхэд Монгол өөрөө эртний соёлтой, ардын урлаг өөрийн билэгдэл утга бүхий хээ угалз чимэглэлийн урлагтай байсан. Энэ уламжлал монгол зураг дүрслэх урлагт тусгалаа олсон байдаг.”

Монгол орон дэлхийн хамгийн хоцрогдсон буурай орны нэг байхад Рерих манай орноор аялсан юм. ХХ зууны эхэнд шарын шашин соёлын үр хөгжил дэвшил авчирагч байхаа больсон төдийгүй хорьдугаар зууны соёл иргэншил хөгжил дэвшлээс хүртэхэд чөдөр тушаа болж, нийгмийн хөгжлийн хүлээс болон хувирсан байлаа.

Залуу ардчилагчид “Бид Оросын их гүрний жийргэвч бүс байсаар ирсэн, одоо ч хэвээр. Хүйтэн дайн л биднийг дундад зуунаас орчин үе рүү үсрэхэд нөлөөлсөн” гэдэг. Монголчууд баахан оросжиж өөрөөр хэлбэл европжсон нь үнэн. Ингэхдээ өөрсдийн унаган төрх, сэтгэлгээний онцлогоо алдах дөхсөн нь бас л үнэн. Хүний мөс чанар муудаж, нийгэм замбараагүй байгаа нь сэтгэлийн ба тархины хоосролын илрэл.

Монгол орон гурван том шашны (бурхны, лалын, загалмайтны), гурван үндсэн соёл иргэншлийн (энэтхэг-хятадын, араб-түрэгийн, европ-вавилоны) уулзвар зааг дээр оршиж ирсэн нь манай түүхийн савчааг нөхцөлдүүлж байв. Николая Константинович Рерихын “Урлаг соёл бүх хүн төрлөхтөнг нэгтгэх хүчтэй, олон салаа мөчиртэй үндэс суурь нэгтэй мод лугаа ижил” гэсэн үг зуун жилийн өмнөх шигээ одоо ч ач холбогдолтой хэвээр байна.


Tuesday, 6 November 2007

Цэцэгс

Харанхуй гэж байгаагүй бол гэрэл гэдгийг төсөөлөхгүй, гуниг гэж байгаагүй бол баяр гэдгийг ухаарахгүй, зовлон гэж байгаагүй бол зол жаргалыг бүрэн амтлахгүй. Үүнтэй нэгэн адил эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн байхгүй, эрэгтэй хүн байхгүй бол эмэгтэй хүн байхгүй буюу эрэгтэй эмэгтэй нь салгахын аргагүй нэгэн цулын хоёр тал билээ. Гэтэл “эр хүн сайн бүгд жигдэрсэн бурхны бүтээл, эм хүн бурхан багш бодлогширч суухдаа санаандгүй бий болгосон алмайрал алдааны үр дүн” мэт үзэх нь элбэг. Түүхийн сурвалж бичигт “хацар гоо охидыг хаман авав,” “талийгчийг оршуулахад татвар эмсйиг хойлголдог”, “эмийг хүсэх нь эрийн ёс, эрийг шүтэх нь эмийн ёс” ч гэх шиг эд агуурс, элгэнд наалдсан дэлүү мэт эмэгтэйн тухай хааяа нэг хальт дурдах төдий.

Эр эмийн ёсийг нэг удаа гүйцэтгэхэд ялгарах гурван зуун далаад сая эр бэлгийн эсээс өндгөн эм эсэнд дөнгөж тал нь эндэлгүй мэнд ойртон очдог. Тэднээс зөвхөн “эрэлхэг ганц” нь амьд үлдэх хувьтай бөгөөд тогтсон үр ямар хүйстэй байхыг тооцоход бэрх тохиолдол гэнэ. Хүмүүний удмын учиг эр эм хоёул хүчин зүтгэсний дүнд тасардаггүй аж. Төрж мэндлэхээсээ өмнө үй олноороо эрсддэг болоод хөөрхий эрчүүд энэ ертөнцөд хүн болон тэр тусмаа эр болж мэндэлвээс тэнгэрийн умдагийг атгасан мэт сагадаг болой. Үүнийг ойлгоод эмэгтэйчүүд тэдний омголон дээрэнгүй занг нь огоорон ойчиход нь олбог болж, босоход нь таяаг болж эх нь болон энхрийлж, эхнэр нь болон тойлж, янаг нь болон ялдамсаж иржээ.

Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэж, үхэх сэхэхийн зааг дээр амиа зогоож байхдаа өөр хоорондоо шөргөөцөлдөх завгүй балар эрт цагт хүмүүн гэгч эхээ мэдэхээс эцгээ оноож чаддаггүй байв. Тэр цагт амьдрах аргыг заагч нь эм сүвт байж эхийн эрхт ёс ноёлж байв. Бүтээсэн зэвсэг нь улам боловсронгүй болж байгалийг эрхшээх тутам, хүмүүсийн дунд зөрчил хүчирхийлэл буй болж эхийн эрхт ёсны анхны ардчилал, эрх тэгш ёсон таягдан хаягдсан гэх. Эцгийн эрхт ёс ноёрхох болж эмэгтэй зөвхөн нөхөн үржихүйн зэмсэг төдий үзэгдэн элдвээр дарлагдсаар эдүгээ хорьдугаар зуунд л хүн зэрэглэлд дэвшсэн хөөрхий нэгэн амьтан.

Нийгмийн амьдралын олон салбарыг хүн төрлөхтөн хөгжүүлвэй. Оюун хүч, ур авьяас шаардсан шинэ салбар нээгдэх бүрийд эмэгтэйчүүд оролцох нь хориотой байлаа. Ганцхан салбарт ярихад, зөвхөн эрэгтэй хүн бүжигчин, жүжигчин байх эрхэм хувьтай байжээ. Мянга гаран жилийн тэртээ Энэтхэгээс уламжлан Төвдөд үүссэн цам хэмээх шашны багт бүжигт зөвхөн эрэгтэйчүүд бүжиглэдэг хатуу дэг жаягтай байв. Таван зуун жилийн тэртээ алдарт Шекспир амьдарч, мөнхийн бүтээлээ туурвиж байсан Англи оронд эмэгтэй хүний дүрийг эрчүүд гаргадаг, жүжигт зөвхөн эрэгтэй хүн тоглодог цааз хуультай байж, энэхүү хуулийг зөрчсөн театр шууд хаагддаг байсан тухай түүх өгүүлдэг. Эртний уламжлалаа хүндэтгэн одоо ч эмэгтэй хүний дүрд эрэгтэйчүүд тоглодог японы Но, Кабуки театрын тоглолтыг гадаадынхан байтугай орчин цагийн япончуудад хүртэл ойлгоход хэцүү гэх. Тайз дэлгэцийн урлаг өнөөдөр олон мянган эмэгтэйчүүдийн алдар цолд хүргэдэг салбар болсон тул эмэгтэй хүн жүжигчин, бүжигчин байж болдоггүй ёс дэлхийн нийтийн чанартай байсан гэдэгт одоогийн хүүхдүүд бараг итгэхгүй биз.

Эмэгтэй хүний эрх чөлөөг дэлхийд хаа сайгүй хязгаарлан гутааж байсан юм. Дундад зууны Европт рыцарууд аян дайнд мордохдоо “ариун бүс” гэгч тамтай хар төмрөөр “хайрт” хүүхнээ цоожлоод явдаг байжээ. Ийм бүсгүй түлхүүрийн эзнийг хүлээж өөр эртэй хавьтахгүй “үнэнч” байх агаад, тусгай домбонд ихэд бэрхшээлтэйгээр өтгөн шингэнээ суллан зовж байжээ. Одоо тэр бузар бүс музейн үзмэр болон хөглийж, орчин цагийн хүүхдүүдэд түүнийг ямар учраас яаж хэрэглэдэг, хэрхэн ариун цэвэр сахьдаг байсан талаар ойлгуулах гэж музейн ажилтнууд аргаа барна. Хятадуудад “шувуун хөл”-тэй бүсгүй гоо сайхны дээдэд тооцогддог байсан гэнэ. Тав зургаа орчим насны охидын хөлний эхний үеийг дотогш хуга нугалан давстай нойтон бөсөөр хэд хоног орилуулан чарлуулан боож хөлийнх өсөлтийг зогсоодог байжээ. Биеэндээ тэнцээгүй жижигхэн хөл гоо үзэмж нэмэх нь юу л бол. Харин “шувуун хөл” дээр хол явж чадахгүй, дургүй эр нөхрөөс дутааж чадахгүй, эрх чөлөөний далавч ургахгүй нь лавтай. Дээр үед манайд байсан нутгийн хятад наймаачдын “шувуун хөл”-тэй эхнэрүүд монголын ширүүн салхинд хийсчихгүйн тулд, хашаа түшээд өчүүхэн хөлөн дээрээ дэнжигнэн зогсож байдаг сан гэж эмээ маань ярьдаг байлаа.

Анхны бөө нар нь голдуу эмэгтэй удганууд байсан төв Азийн нүүдэлчдийн дунд эхийн эрхт ёс нэлээд хожуу халагдсан гэх үндэслэлтэй. Арван долдугаар зуунд хорьсон дээдсийг таалал төгсөхөд татвар эмсийг хамт хойлголдог бөөгийн зэрлэг ёсийг эс тооцвол эмэгтэйчүүдийг Монголд онцгой гутааж байсан баримт ховор. Эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт мал аж ахуй эрхэлж, гар урлал болон чимэглэх урлалыг мөр зэрэгцэн бүтээж иржээ.

Монголчууд хүн дуурайдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой байхдаа хүчирхэг байв. Өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахад гаднаас суралцах төдийгүй өөрийн унаган дүр төрхөө олох хэрэгтэй санагдана. Түүх соёлын өв уламжлал дөнгөж сэргээгдэх шатандаа, шинэлэг онол, итгэл үнэмшил хараахан төлөвшөөгүй эдүүгээд хүмүүсийн сэтгэл зүйд хоосон зай гаран нийгэм бүхэлдээ ёс суртахуунаар доройтон хөхний томоороо уралдаад, хөнжлийн халуунаар сонин гаргаад, үйлс нь өөдрөг нэгнийгээ үндэсгүй гүтгээд, айх ичих юмгүй ой гутмаар болж байна. Хүмүүн биднийг цэцэгс, нийгмийг газар гэвэл, манайд хөрсний эвдрэл явагдан хог ургамал, махчин ургамал ихсэх төлөв илрээд байна. Ийм хөрсөнд эм хүний хийх хийхгүйг хийх этгээд хачин бүсгүйчүүд төрнө.

Уулын жалга, хонхор газар болон зам дагуу ургах урт иштэй, товч мэт ганц цэцэгтэй ургамал “зангуу” гэдэг нэртэй. Үр нь ямааны толгой шиг хэлбэртэй тэрүүхэндээ бяцхан “эвэртэй”-өргөстэй тул юманд наалдан холоос хол аялан хаана ч хамаагүй хүрч, эрээ цээргүй ургах тул иймхүү зангуу гэжээ. Дашрамд дурдахад бөөр давсагны эмгэгд энэ ургамал тустай гэх.

Нөхөр тойлж, хүүхэд өсгөх завгүй өдөр шөнөгүй “биеийн таашаал” заран амьдрах эмс хажуугаар өнгөрөх эр бүрийг өдөж, зангуу мэт зууралдан, бараан захын борлогддоггүй бараа зарах мэт ..ээс буулаа ...тэдэд авчих гэж часхийнэ. Ийм өвөрмөц үнэр амтанд дурлах зарим эрчүүд “хүний арилжаанд” оролцон, хэтэвчээ нимгэлэн мансуурна. Зарим янхан бүр “экспорт импортын бараа солилцоонд” оролцоод зөвхөн ногооноор гульгана. Хормойн дон, мөнгөний шуналаас ийм замд орсон эмэгтэй янхануудын өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Ихэнх нь бүтэлгүй дурлал, зоддог зэрлэг архичин нөхөр, өөрөө хүүхдээ тэжээхээс аргагүй зэрэг хүнд хэцүү амьдралаас болж, өөрөөр хэлбэл тэдэнтэй учирсан эрчүүдийн арчаагүй өөдгүй зан тэднийг буруу замд түлхдэг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ч эрчүүд янханд очдоггүй сон бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт хүчээ сорих тийм бүсгүй байхгүй байсан биз ээ.

Улаан халзан ил задгай бөгстэй, нүүрэндээ үстэй сармагчинд ичгүүр гэж байхгүй. Хүний үр ичдэг чадвараараа адгууснаас ялгарч тэр чинээгээрээ хөгжиж дэвшиж ирсэн. Зарим эмс урд төрөлдөө халуун орны сармагчин байж, монгол эмэгтэй болон төрөл арилжсанаа үе үе мартах бөгөөд цайны газар аяга тагш юм уухаар орсон хүмүүсийг амар тайван байлгахгүй дотоожоо тайлж шидэн шалдрах хуучтай. Хүн зоныг айлгаж ичээчихээд “өвлийн лянхуа цэцэг”, “тайчих урлагийн хатан хаан” ч гэх шиг алдар цол хүртэнэ. Цөөрмийн булингартай усанд ургадаг лянхуаг шашны урлагт хүмүүний зовлонг нимгэлэхийн төлөө бясалгал хийж гэгээрсэн бодьсадва, бурхадын суудалд билгэдэж ирснээс бус бусармаг үйлстэй эмсэд зээлдүүлж байсангүй. Монголчууд өөрийгөө зарах байтугай өрөм ааруулаа үнэлэхээс ичдэг, нэрэлхүү ичимхий сайхан улс билээ л. Монголчууд юм мэдэхгүйгээсээ ичдэг, эвгүй зан гаргасан хүний өмнөөс хүртэл ичдэг ард сан.

Намгархаг газар ургадаг, гоёмсог хөхөмдөг ягаан цэцэгтэй, том далбагар шар навчаараа эргэн тойронд нисэх шавьж, эрвээхэйг эргүүлэх мэт найган гунхах “тосондой” бол махчин ургамал. Навчин дээр нь усны дусал мэт бөнжигнөх хүчиллэг шүүс нь цангаагаа гаргах гэсэн гэнэхэн шавьжийг инээмсэглэн мишээн даллана. Түүнд шимтэн буусан хөөрхий шавьж “цай” бус “цавуу” болохыг мэдээд сугарч алдуурах гэж тийчлэх тутам улам бүр наалдан, ургамал навчаа хумин битүүрнэ. Хэд хоногийн дараа “тосондой” нар даган навчаа аажмаар тэнийлгэхэд, шавьжнаас хальс л үлдсэн байх ба дараагийн олзоо хайсан ургамал юу ч болоогүй мэт гоо үзэсгэлэнгээ гайхуулан ганхана.

Элдэв зусар үгээр зулгуйдан аавын хүүг уургалан авгай алдрыг хүртэнгүүт төрөл арилждаг, сэтгэл гээч эрдэнэгүй төрсөн ховст эмс байх нь өнөөх махчин ургамал “тосондойг” эрхгүй санагдуулна. Тосондой нар дээр үед цэргийн жанжин, ноёд, худалдаачдад нүд унадаг байж. Сонжих, сонгох эрхгүйн учир нэг их гаарч чадаагүй гэнэ. Социализмын ялзарсан хөрсөнд тосондойнууд олноор үржин, монголын хүн амын багагүй хувийг бүрдүүлдэг “дарга” давхаргын эрс тэдэнд олзлогддог байв. Тосондой-авгай “хотын намын хороо байхад чи муу хаачив" гэж шилбүүрдэн сэтгэл нь хөрчихсөн нөхрөө хүчээр тогтоон “тамын жаргалд” умбана. Ардчилал зах зээлийн өнөө үед толгойтой бүр “тосондой” болох дөхөөд, ашигтай албан тушаалтан болон шинэ баячууд маань тэдний тоосонд дарагдаад “сүүлт од” мэт хөөрхий. Хүн гэж сонин амьтан шүү. Эрт цагт эмэгтэй хүн хайр сэтгэлээрээ ханиа сонгож чадахгүй, хүчээр богтлогдон айлын бэр болон хадмын өөдөөс эгц харах эрхгүй байхад, хоосон ч болов хайрт хүнтэйгээ амьдрахсан гэж мөрөөддөг байжээ. Одоо хайр сэтгэлтэй хүнтэйгээ суугаад хоосон гараанаас амьдралаа эхлэх зүрхгүй, өөрөө өөрийгөө мөнгөнөөс богтлон бэлэнчилдаг болж дээ.

“Эм хүний үс урт, ухаан богино” гэдэг үгэнд зарим бүсгүйчүүд ихэд эгдүүцдэг бололтой. Эр хүн шиг пинтүү халимаг тавин ухаалаг гэдгээ илэрхийлэх бөгөөд , “суут” нэг нь бүр мулзан болтол үсээ хусч нэвт гэгээрснээ харуулна. Үс, хувцасны хэв загвараар ухаан үнэлдэг шинэ онол шүн гарсан юм даг аа.

Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан,
Хөөрөө болов уу яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан,
Жаргаа болов уу яагаа бол

гэж ардын дуунд дуулдагчлан, нөхөр нь өөр эмэгтэйд сайн болоод өөрийг нь орхиж байхад, алтан үрээ хайрласан хөөрхий минь гэж араас нь цацал өргөн, сэтгэл нь хоргодон санаа зовсоор үлдэх сүүн цагаан сэтгэлтэй бодь нэгэн бас байнаа.

Хөвсгөл, Хангай, Алтайн өндөр ууланд ургадаг байгаад, одоо зөвхөн Отгонтэнгэр ууланд ургадаг “Вансэмбэрүү” гэж гайхалтай эмийн ховор ургамал бий. Шим бүрдэж, ургац гүйцсэн “Вансэмбэрүүг” монголчууд дээр нь майхан барьж ихэд сүслэн нандин ёс төртэй түүдэг уламжлалтай. Домог өгүүлрүүн: “Үхлийн шарх олсон баатар ухаан балартан удтал хэвтээд, нэг ухаан орохдоо хажууд байх өндөр бүдүүн иштэй улаан шаргал шүүслэг цэцгийг авч шимжээ. Унтаж байгаад дахин сэртэл цус тогтон, өвчин намдаж, бие нь хөнгөрсөн байв." Авьяас чадвар, оюун ухаанаараа цоройлон гарсан эмэгтэйчүүдийг вансэмбэрүүтэй зүйрлэмээрээ.

Цэцэг болгоны орчинтойгоо зохицон тэжээл авах арга, өнгө тунамал чанар, анхилуун тансаг үнэр, анагаах чадвар гээд хүмүүнд өгөх таашаал, ашиг тус өөр өөр. Сүү шиг сэтгэлтэй, сүрхий зальжин, хашир нь дэндсэн, хайнга гэнэн, аальгүй сээтгэнүүр, айхтар намбатай гээд ааш араншингаараа баахан ялгаатай бүсгүйчүүд маань амьдрах ухаан, эрчүүдийн эвийг олох арга мэх нь бас өөр өөр.

Мэргэжил мэдлэг, ажилсаг сайхан чанараараа гайхагдан эрдэмтэн, эмч, багш, бизнес эрхлэгч,оёдолчин, хатгамалчин, зураач, тогооч, ногоочин, тариачин, саалчин, тэмээчин, төрийн түшээ гээд олон бүсгүйчүүд айл гэрийн ачаанаас үүрэлцэн сайн эх, сайхан хань байж эгэл сайхан амьдарсаар насыг элээдэг. Өндөр газар ургадаг тул нам газрын зонд ховор нандин цэцэг гэж эрхэмлэгддэг, монголын өндөрлөгийн хаа сайгүй ургах “цагаан түрүү” буюу edelweiss хэмээх жижигхэн цайвар саарал цэцэгтэй ч юмуу, эсвэл ишийг нь зүсэхэд сүүл өөх мэт цавцайж, сүүн цагаан шүүс бурзайж байдаг говийн бужгар улаан “гоёо”-той монголын эгэл олон сайхан бүсгүйчүүдээ зүйрлэж болмоор.

Түүхэндээ дайнч зэрлэг гэгдэж байсан монголчууд харин хүүхнүүддээ “төмөр дотоож” өмсүүлсэнгүй, гоё болгох гэж хүзүүгий нь сунгааж, хөлий нь агшааж зовоосонгүй, нүүрий нь бүтээж цэвэр агаараа харамласангүй. Хүүхнүүдээ цэцэг шиг цэвэрхэн гэж дуу хуурандаа магтдаг билээ. Аз буян дэлгэрч ариун ёсон цэцэглэхийн билэг тэмдэг цэцгийг “өлзийт найман тахилдаа” багтаадаг заншилтай. Манайхан сүргийн бүтцээ сайжруулна, хадгална гэж их ярьдаг. Тэгвал “цэцгийн бүтэц”-дээ анхаармаар болжээ. Монгол бүсгүйчүүл бүрэг ичимхийгээсээ болоод хохирч байсан цаг бий. Гэтэл одоо эртний уламжлалт цэвэр ичимтгий зангаа сэргээмээр болсон шиг.

Saturday, 3 November 2007

Сэтгэлээ гэж

Монголын уудам нутагт 1000 жилийн өмнө: Хожим монголчууд гэж нэрлэгдэх болсон омог аймгийн улс газар усны савдагтаа нэг заяа муутаар цусан тахил өргөж байна. Омгийн ахлагчийн бие чилээрхжээ. Эдгэрэх болтугай.


Монголын уудам нутагт 100 жилийн өмнө:
Тэр жилийн муу муухайг сорд шингээгээд гал руу хаяж байна. Хотол олноороо эрүүл энх байх болтугай.

Монголын уудам нутагт 10 хоногийн өмнө: Элэгний хорт хавдар хөөрхий ээжийн бүхий л эд эсээр үсэрхийлэн тархсан гэдгийг эмч нар оношлоод найдваргүй болжээ гэдгийг үр хүүхдэд нь дуулгав. Бүх юм мэддэг бизнес эрхлэгч "Хар ямааны элгийг ээжийнхээ элгэн дээр нь тавиад арьсы нь нөмрүүлбэл эдгэнэ" гэж зарлигдаснаас эхийгээ гэртээ гаргаж, хэд хоног таваар нь байлгах гэсэн хүүхдүүд хоорондоо эвдрэлцэв. Зарим нь энэ домд итгэж дээ. Үрийн сэтгэл гэж...

Монголын уудам нутагт 1 хоногийн өмнө: Хэд хоногийн өмнө хөгшнийгөө хөдөөлүүлсэн өвгөний сэтгэл тавгүй. Тайвшрах ч арга алга, лам таван жил газар дээр нь очиж болохгүй гэсэн байдаг. Ная хүрсэн хүнд, насны ханиа алдсан өвгөнд таван жил наслах их л хол санагдана. Хотоос нэлээд зайтай, сүүлийн үед хүн хөдөөлүүлэх болсон хөгшнийг нь тавьсан тэр нарлаг энгэр өвгөнд их таалагджээ. Болдогсон бол хажууд нь газар аваад хамтдаа нойрсмоор. Гэтэл гавьяат гэж нэг гай байнаа. Аягүй бол өөрөө хүсээгүй Алтан Өлгийд хэвтэх байх даа. Бизнес эрхэлдэг ах хүү нараа чирдэг ганц хүүдээ санаа зовох, 49 хоног ном уншуул, суврага босго, сүнс дуудна төөрүүлнэ гэх элдэв юманд хэдэн бор цаасаа төлсөөр тэр бизнест нь хөл дээрээ тогтож үлдэх л байгаа гээд түмэн бодол толгойд хөвөрнө. Ядаж байхад, мэдрэл муудмаар „ум маани бад ни хум“ уншлагын автомат хайрцаг уй гуниг улам нэмэх агаад хазгай дуудлага нь чихэнд чийртэй, өмнөд хөршид үйлдвэрлэсэн эд бололтой. Яана даа.

Дөнгөж саяхнаас байгаль хамгаалах тухай ярьж эхлээд моодонд ороод байгаа ойлголтыг манай монголчууд аль эрт мэддэг байв. Тэр чинээгээрээ дэлхийд байгаль хамгаалах хууль анх гаргаж хэрэгжүүлсэн орон. Бөөгийн мөргөлд бас авах юм бий. Байгальдаа зохистой хандаж хайрлан хамгаалах л гол авах санаа. Гэтэл бүх юм хэлбэрдэлт. Монголд одоо төрийн тайлга тахилгатай уул тав болоод төрийн тэргүүн, ерөнхий сайд нар бүгд гарсан гэсэн. Энэ зардлаа Туул голын орчмын хог, бохирдлыг цэвэрлэх хөдөлгөөн үүсгээд ажиллаж байгаа оюутан залуусдаа өгөөсэй билээ.

Цагаан сараар нийслэлийн ойролцоох нэг багахан уул эрийн хийморь сэргээдэг гээд үүр цүүрээр олон хүнд шавуулж, хог шилэнд дарагдаж байдаг болов. Шилийн Богд руу аз хийморио дуудуулахаар цагаан сараар баячууд жийпээ хөлөглөөд цувчихна. Зарим нь хийморьлог амьтаны амь авч (чоно алж) хийморь хулгайлна.

Хүүхнүүд нь нөхөр, хүргэнээ сайжруулах гэж долоон айлын тогооны хөө цуглуулах гэж гүйлдээд. Өвчин зовлонгоосоо ангижирч байна гээд ламд очиж нүүр рүүгээ нулимуулж. Гай барцадаасаа салж байна гэж хацар руугаа алгадуулж байдаг хаанахын ямар ёс вэ? Хорин нэгдүгээр зуунд маань энэ бүхэн тохирч байна уу та минь.

"Тэнгэр эцэг, Газар Эх, Өвөг дээдсийн сүнс шүтдэг бөө мөргөлийг "байгаль ертөнцөө хамгаалж зохицож амьдар, түүний хуулийг судалж зөв тусга" гэж, бурхны шашны гүн ухааны голыг "Эзэн хичээвэл заяа хичээнэ", "Санаа сайтын заяа сайн"(Нагаржуна-н 4 үнэн, 8 зөв) гэсэн монгол ардын хоёрхон зүйр үгээр илэрхийлж болох шиг.



Wednesday, 31 October 2007

Цамын үүсэл

Ч.Эрдэнэ “Их гурвалжин” номондоо эртний монголчууд хорвоогийн бүхий л үзэгдэл юмсыг үүдэгч, агуулагч, эрхшээгч хүчин нь “Мөнх Хөх тэнгэр” гэж үздэг ба “Дээр Тэнгэр доор Алтан умай” гэх хосмол чанарт бурхантай байсныг баталдаг. Тэрээр улмаар “Бөө мөргөлийн шашин, буддын шашин хоёр язгуур төстэй зүйлс маш их агуулж байдгийг олон судалгаанаас харж болох ба монголын соёл буддизмээс бүхнийг зээлдсэн мэт сэтгэгдэл үргэлж төрүүлж ирсэн бөгөөд угтаа тэгэхээр буддизм нь монгол бөө мөргөлөөс үүдэлтэйг бид ил тод болгож асуудлыг тонгоруулж тавих хэрэгтэй байна” гээд Энэтхэг, Сүмэр, Майя гэх зэрэг эртний соёл иргэншил Монголоос эхтэй, ер нь дэлхийн соёл иргэншлийн анхны төвийг Монгол гэж авч үзэж болох тухай олон жишээнд тулгуурлан бичжээ. Түүх цаашид энэ өнцгөөс бичигдэх эсэхийг цаг хугацаа харуулна. Гадаадынхан манай түүхийг шинэ өнцгөөс харж эхлээд байна.

“Амьдралыг Хурмаст эцэг, Газар эх бурхад бүтээж бий болгосон. Бурхад орших цагаан өнгийн тэнгэрийн орон, хүмүүний амьдрах улаан өнгийн газар дэлхий, усан савдаг байдаг цэнхэр өнгийн доод ертөнц гэсэн гурван оронд амьдрал бий болгосон” гэж үздэгээс харахад Байгаль ертөнцийг бүтээсэн хоёр талт нэгдмэл нэг бурхантай байсан. Худал хуурмагийг зэмлэн буруушаасан ёс суртахууны хэм хэмжээтэй, үлгэр домгийн баялаг сантай, ертөнцийг үзэх төлөвшсөн үзэлтэй зэрэг аливаа шашинд байдаг хам шинжүүд бүрдсэн, гэж оросын түүхч Л.Н.Гумилёв эртний монголчуудыг өөрийн шашны сурталгүй байсан гэдэг санааг няцааж, өөрийн онцлог бүхий шашинтай байсан гэдгийг сонирхолтой хэлбэрээр баталсан байдаг нь санаанд нэн нийцтэй.

Монголын өндөрлөгт амьдарч байсан олон нүүдэлчин аймгууд зөвхөн бөө мөргөлтэй байсан гэж бичих нь элбэг. Энэ нь нэг талаас бөөгийн тайлга тахилгын зан үйл цаас бичгэнд буугдан ном болоогүй ч удам дамжин, өнөөг хүртэл хадгалагдан ирсэн. Нөгөө талаас бөө мөргөл нь манай монголчуудын шүтэж ирсэн, чухам өөрсдийн унаган шашинтай ямар нэг байдлаар ижил төстэй байснаас “бөөгийн мөргөл” гэж нэрлээд байгаа шашин амь бөхтэй оршин тогтножээ гэж болох талтай.

Түмэдийн Алтан хаан (1506-1583) 1578 онд бөөгийн ёс суртахууныг цаазлан хориглосон хууль гарган талийгчийг оршуулахад хүн хойлголдог, хүн ба мал алж цусан тахил өргөдөг зэрэг журмыг халж, бөө бөөлүүлэхэд торгодог, бөөгийн зан үйлийг явуулахыг хатуу хориглодог, шарын шашны лам нарын эрх хэмжээг хан язгууртнуудын зэрэгт аваачин элдэв алба гувчуураас чөлөөлж байсан төдийгүй бурны номд суралцсны төлөө урамшил үзүүлдэг болсон нь шарын шашныг дэлгэрүүлж, бөөгийн шашныг устгах үйлс төрийн бодлогын хэмжээнд байсны жишээ юм.

Монгол оронд буддын шашин тархахдаа унаган шүтээн бөөгийн шашинтай сөргөлдөж, янз бүрийн хэлбэрийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Ойрд, Өвөр Монголд бөө нарыг үй олноор алж, хядах зэрэг хүч хэрэглэх аргаар бөөгийн шашныг дарж байсан бол Ар Монголд төвдийн унаган шашин “бон”-г устгахад хэрэглэсэн арга мэхээ давтан гүртэм, чойжин гэх мэт лам-бөө нарыг олноор нэвтрүүлж бөөгийн шашны язгуурын их шүтээн, онгод тэнгэрүүдэд шарын шашны лам нар “сахил хүртээн” бурхны номд оруулсныг зарлан, түүний дуудлагыг шарын шашны бурхдын өмнөөс дууддаг болгон зан үйлийн агуулгыг найруулан өөрчлөх замаар тэмцэж байжээ.

Төвдийн ард олны дунд амь бөхтэй байсан “бон” шүтлэг, хаад ноёдын дэмжлэг олсон буддын шашны хоорондын зөрчлийг Ловон Бадамжунай (өрнөдийнхөн Падмасамбабха хэмээдэг) “компримисс”-ээр шийджээ. Ловон Бадамжунайн зөвшлийн хувилбар нь хуучинсаг бөө нарыг хуучнаа төлөөлж, шинэ шашныг хамгаалж байх “шашин сахигч-чойжин” болгон хувиргаж, тэдэнд тахил өргөж байх болжээ. Харин Чойжид зөвхөн шинэ шашныг сахиулах тангараг өргөсөн юм билээ.

Бурхны шашин, бөөгийн шашны зөвшлийн анхны хувилбар нь шашин сахигч-Чойжин байж. Цаашид бөөгийн шашны тэнгэр, газар, усны эзэд, дээдсийн сүнс-онгодод шүтдэг зан үйлийг бурхны шашин бурхан тэнгэрийн шүтлэгтэй холбон хөгжүүлж лус савдаг тахих, их уулс орон хангайн сагийн судруудыг туурвижээ. Бөөгийн шашны хар шившилгээс дээд тэнгэр, газар орны эздийг “Номхон”, “Догшин” хэмээн хоёр ангилж, хүмүүсийг аливаа аюул, заналаас хамгаалж, өшөөтнөөс өшөө авах зэргээр тэмцдэг догшдыг “хар тэнгэрүүд” хэмээн шүтдэг. Бөөгийн шашны энэ зан үйлийг бурхны шашны зан үйл болгон өөрчилж, “хатууг хатуугаар дардаг” гэх бөөгийн ёсыг “буруу номтныг нам дарах” шашны бясалгалт бүжиг цам болгон түүнийг дэглэсэн санагдана.

Лам Чойжингийн хоорондын харилцааг томъёолбол, лам нь шашны “сургаалын ай сав”, чойжин нь нүд цавчилгүй хамгаалж байх тангараг өргөсөн шашны манаа буюу “ сахигч”. Лам нь түүнийг аргадан тойлж, тахил өргөж, тарни уншиж байдаг, нэг ёсондоо бие биеэ хянадаг, санаа нэгтэй хамтран зүтгэгчид. Орос-буриадын эрдэмтэн Г.Ц.Цебыков “Чойжингоос зөвлөгөө авч, аврал хайж зөвхөн энгийн сүсэгтэн хандаж байсан төдийгүй том лам хуврагтан хүртэл тоомсорлохгүй орхидоггүй. Том лам нар Чойжингийн санал бодлыг харгалздаг байсан утгаар нь тэднийг хэвлэл мэдээллийнхэнтэй зүйрлэж болох юм” гэж их онож хэлсэн байдаг.

736 онд Төвдийн Самъяа хийдийг барьж байгуулах шав тавихад Ловон Бадамжунай нутаг орны лус савдгийг аргадах, шашны дайсныг номхотгон дарах тарни уншиж, сүр хүчит догшин сахиус бурхдын баг өмсгөлтэй бягалгалт бүжгийг тоглуулсан өдрийг, зарим судлаачид хийд баригдаж дуусаад равнайлсан өдөр 775 онг цам үүссэн мөч хэмээн үздэг.

Цам Төвдөөс гадна бурхны шашинт Монгол, Бутан, Балба, Ладак, Хятад, Буриад, Тува, Өвөр Монгол зэрэг олон оронд түгэн тархжээ. Улс орон, сүм хийд бүр шүтдэг чойжин сахиус янз янз, газар газрын эзэн савдаг ч өөр өөрийн учир тэдгээрийн өмнөөс хийх шашны зан үйл ч өвөрмөц, түүнийгээ дагаад бүжиг цамын дэг нь ч өөр өөрөөр боловсроход хүрч байь. Цамнах өдөр, үйлдэх зан үйл, үргэлжлэх хугацаа, гарах дүрүүд, цамчдын тоо харлцан адилгүй ажээ.

Шинэлэх цагаалах Үйл буюу цагаан сар, дээрхийн түмэн өлзий гийсэн өдөр (хааны төрсөн өдөр тэмдэглэх баяр), сууринд заларсан өдөр (улсын хаанаар өргөмжлөгдсөн өдрийг тэмдэглэх баяр) Монгол улсын төрийн ёслолд орж хуулиар баталгаажин хотол олноор ёс төртэй тэмдэглэдэг байсан лугаа нэгэн адил уламжлалт бөө мөргөлийн үйлээс үүдэлтэй эртний их алдарт Богд хан хайрхан уулын тэнгэр тайх ёслол, овоо тахих зан үйлээс гадна цам харайх зэрэг шашны зан үйлийг мөн тодорхой өдөрт хуульчлан улс даяар хийдэг албан ёсны нийтийн зан үйл болгосон байлаа.

Майдар эргэх, цам харайх зан үйл нь бурхны шашны хийдийн хамгийн чухал зан үйл байв. Майдар эргэхэд мөн “Майдарын цам” гардаг байжээ. Шинийн есөнд “Их цам”, өвлийн дунд сарын сүүлчээр “Эрлэг номун хааны буюу Жахар цам”, зуны сүүл сарын шинийн дөрвөнд “Тахилын цам” гэх зэрэг цам гарах бөгөөд ямар үед энгийн яамлах, ихэд яамлах хувцас өмсөх, мөрддөг ёс журмыг тодотгон заадаг байсан нь цам төрөөс хульчлан явуулдаг ёслолд ордог болохыг илтгэнэ.

Монголд гардаг цамд гэлэгвагийн урсгалын гол шүтээн Жигжид ядамыг голлон шүтдэг. Жигжид ядам нь Манзушири бодьсадвагийн догшин дүр гэнэ. Нууц тарны ёсонд догшин дүрт бодьсадваг ядам гэнэ. Бодьсадва гэж бурхны шашны сургуульд суралцах мөрийг олохын тулд бие, тэргүүн сэлтийг ч өргөл болон өргөн барихад үл ажрах “бодь сэтгэлийн баатар” буюу бараг “бурхан” болон гэгээрсэн нэгэн аж. Жигжид ядамын зарлигийг биелүүлэгч чойжин нь монголчуудын дунд Чойжоо хэмээн алдаршсан Эрлэг номун хаан ажээ.

Үхлийг амьдралын төгсгөл гэхээсээ шинэ төрлийн эхлэл гэж илүүтэй үздэг бурхны шашны үхлийн тухай ойлголт өвөрмөц тул энэ сэдэв төвдийн гүн ухаан, утга зохиолд багагүй байр эзэлдэг. Цам болгонд шахам гардаг түгээмэл дүр бол “Дүртэд Дагва” буюу үхээрийн эзэн юм. Цам голдуу Дүртэд Давгын дүрээр эхэлдэг нь төрөл арилжихад бурхад хүний хувь заяаг дэнсэлдэг гэсэн цамын гол санаа гэлтэй. Ловон Бадамжунайн түүрвисан “Сонсгоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар оршвой” буюу дэлхий дахинд “Төвдийн талийгчийн ном”(The Tibetan Book of the Dead) хэмээн алдаршсан номонд, хүн нас эцэслэсний дараа сүнс нь удаах төрөлд төрөх хооронд үзэх зураглалыг дүрслэн харуулсан бололтой. Нас барсны дараа эхний долоо хоногт “амирлангуй дүрт” бурхад заларч, түүний сүнсийг аврахыг оролддог, удаах долоо хоногт (8-14дэх өдрүүдэд) догшин дүрт бурхад сүр хүчийг үзүүлэн бууж ирэх ба хамгийн эцсийн мөчид “Эрлэг номун хаан” өөрийн биеэр заларч талийгчийг аль оронд ямар төрөлд төрөхийг шийддэг тухай өгүүлдэг гэнэ. Цам үхлийн тухай бурхны шашны энэ ойлголтыг театрчилсан хэлбэрээр харуулсан санагдана.


Friday, 26 October 2007

Цам гэж юу вэ



Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах билгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ.

Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

Цамыг цамнахдаа биеийг ганхуулах, сэгсрэх, тэргүүнийг зүг зүгт эргүүлэн сэжих; мутрын олон хөдөлгөөн хийх; хөлөөр харайх, дэвслэх, алхах, цамнах зэрэг хөдөлгөөнийг хийдэг. Хөдөлгөөний эрч хүч, аяс намбаар инээх, хилэгнэх, аврах, тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Цам харайж байх үед линга эвдэх, сор балин гаргах, жахар залах зэрэг нууц тарнийн зан үйл үйлдэн, уншлага (хэлээр) урилга явагдан бясалгал үйлддэг байна.

Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гарган, сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ гурвын цогц урыг төгс гүйцээн бүрдүүлдэг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн) агуулгатай ажгуу.

Цамын тухайн дүр бүр урин дуудах, адислах, хөөн тонилгох зэрэг тухайн дүрийн онцлогийг илэрхийлэх хөдөлгөөнийг яв цав тохирсон хөгжмийн аялгуу дор хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсны орон сууринг чичрүүлэн доргиох, нураах эвдлэх санаах харуулдаг бол харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Догшидын эрэмбэ өндөрсөх тутам тэдний хөдөлгөөн улам удаан намбалаг, сүрлэг болдог байна.

Цамын дотоод агуулгыг тайлбарлахыг оролдсон гурван хувилбар байдаг: Үүнд; нэгдүгээрт, Эрлэгийн эзний дүрд тулгуурласан хамгийн түгээмэл хувилбар нь хойд насанд бурхад энгийн сүсэгтэн олонд ямар дүрээр залран үзэгдэхийг дүрсэлсэн гэнэ. Хоёрдугаар тайлал нь цам буруу номтонг хөнөөн дарж, бурхны сургааль энэ дэлхийд ялж төгсснийг илэрхийлж бурхад хүмүүний ертөнцөд заларч буйг харуулдаг гэнэ. Гуравдугаарт, цам бурхны шашныг устгахаар завдаж байсан Ландарм хааны үхэл зэрэг түүхэн үйл явдлыг жүжиглэн харуулдаг гэжээ.

Монголд Жахар цам 1811 онд Их Хүрээнд анх тавигдсанаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарсан байна. 1999 онд Хүрээ Цам хуучин дэг жаягаараа дахин сэргээгдэн Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гарсан билээ. Манай Монголд цам олон сэдвээр гардаг байсан бөгөөд зөвхөн бурхны шашны сургаал ялан төгссөн тухай өгүүлдэг байсангүй. Ер нь хүмүүний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, муу муухайг жигшин устгах санааг энэхүү шашны бүжигт тусгадаг санагдана.

Цамыг бурхны шашны их хурал номын нэгэн хэсэг болгон цамнадаг бөгөөд цам гарахын өмнө хэд хоног үргэлжлэн а\ цамын талбай зам сэлтийг хүж утлага рашаанаар ариутган нямба хийнэ. Нямба-ойртуулах шадарлуулах гэсэн утгатай төвд үг. Чойжид сахиусыг баясалгалаар ойртуулах; б\Сор, жахар, балин, тахилд номын хүч оршоох; в\ Линга эвдэх багажуудад номын хүч оршоох хурал хурдаг.

Зарим эрдэмтэд цамыг мандал цогцлуулах үйлийг биечлэн үзүүлсэн тоглолт гэж үздэг. Хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн үндсэн таван махбодоос ертанц үүссэн хэмээн бурхны шашны космологи (ертөнцийн үүслийн онол) үздэг. Дээрх элементээс бүтсэн хорвоо ертөнцөд зургаан зүйлийн хамаг амьтан үхэж төрөн хорвоогийн тоос болон замхарсаар олон хөрс үүсдэг гэнэ. Мөнх бусыг үзүүлсэн өчнөөн амьтны хэлхээтэй араг яс өндөр болон өндийж, улмаар уулс сүндэрлэдэг гэнэ. Байгалийн жамаар бүрэлдсэн тэр гоёмсог ясан хэлхээ сондор нь амьдрал дэнслэгч дээд бурхдын ордон лугаа ижил гэж сэтгэдэг юм байна. Ийм шаталбар болсон сүмбэр уулын оройд бурхад, догшид өөрсдийн юум(хатан), хангал (нөхөд), бараа бологч, хаалгач, зарц сэлтийн хамт залардаг гэнэ. Ертөнцийн үүслийн тухай ийм нэгэн онол бурхны шашинд бий. Түүний загварыг дүрслэн бүтээснийг мандал гэдэг.

Оюун ухаан сэтгэлдээ бурхад сахиус тэдний дагуул сэлтийг ургуулан бодож, бурхны орныг бодитой биечлэн харуулсан жүжиг бол цам гэж бас тодорхойлж болно. Ийнхүү амьд мандал цогцлуулан бурхан, сахиусыг бясалгал тарнийн хүчээр урин залж сүсэгтэн олонд толилуулан, тэр жилийн барцадыг линга, сор зэрэгт шингээн муу муухай нүгэлтэй зүйлээсээ ангижирч байгаа утгатай юм байна.

Сор гэдэг нь гурилан тахил гэсэн утгатай. Сорд тарнийн хүчээр муу муухайг шингээж, цамын үед галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг илэрхийлдэг.

Линга гэж шашны дайсныг билгэдэж бүтээсэн арзайсан сэгсгэр үстэй, уурласан царайтай, залгих хоолой нь хялгас мэт нарийхан, цүдгэр гэдэстэй, гарыг ард нь хүлсэн эрийн дүрс баримал буюу зураг. Хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй, хармын сэтгэлээр бусдын юманд үргэлж шунан ховдоглож байдаг санааг илтгэнэ. Зарим судлаачид лингаар энэ насандаа нүгэл их үйлдсэн хүмүүн тамын оронд бирд болоод идье гэтэл амнаас нь гал гарах тул идэх хоол нь шатна, залгих гэтэл хялгасан хоолойтой тул юу ч орохгүй үргэлжийн өлсгөлөнд тарчлах тавиланг бэлгэдэн дүрсэлсэн гэдэг. Шашныг эсэргүүцэгч дайсан (буруу номтон), тарнийн хүчээр лингад шингэнэ гэж үзэх ба түүнийг олон хэсэгт хуваан “эвдэснээр”, амийг нь авч цаашид нүгэл үйлдэж чадахгүй болгон сайн төрөлд илгээж байгаа юм байна.

Уур хилэн, атаа жөтөө, омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг. Ноён хутагт Данзан Равжаа “Цаасан шувуу” сургаал зохиолдоо “Мунхагийн харанхуй дотор согтож, уурын мэсийг бариад, омгоор түлэгдэж, атаагаар энэлэн зовлонгийн эрхшээлээр эмгэнэх амьтан бүгд хөөрхий” гэж яруу тодоор бичсэн байдгаас нэгийг санаж, хоёрыг бодууштай.

Жич: Өөрийн 2003 онд бичсэн “Хүрээ Цам” номноос түүвэрлэн авав.

Monday, 22 October 2007

Хөөмийн гайхамшиг

Энэ аравдугаар сарын 19-20-нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн "Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.

Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.

Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.

Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.

Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.

Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.

Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.

Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.

Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэж байсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.

Гадаадын хөгжим судлаачид оюуны үнэт өвийг танин мэдэх завшаан тохиолдсонд олзуурхан манай монголын уртын дуу, морин хуур, хөөмийд эрдэм шинжилгээний дүгнэлт гарган судалсаар байна. Япон, герман, голланд, америк судлаачид нэлээд хэдэн ном гаргажээ. Дундад ба Төв Азийн хөгжим судладаг Теодоро Левин гэдэг америк эрхэм манай хөөмийн тухай Прага хотноо хичээл сургалт хийж байхдаа, монголын ард түмний үнэт өв гэхээсээ илүү ийм гайхамшигт шинэ сонин юм нээлээ гэдэгтээ цохолт өгөн ярьж байсан. Монгол тахь гадаадын олон улсад оросын эрдэмтэн Пржевальскийн нэрээр алдаршсан гэдгийг санаж өөрийн орны унаган соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүгээрээ бахархаж, өөрсдөө судалж дэлхий дахинд Монголын гэдгээр нь таниулъя.