Tuesday, 23 December 2008

Миний Нэр Улаан

2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа гэсэн сэтгэгдэл монгол уншигчид эрхгүй төрнө. Барууны уншигч харин өрнө, дорнын соёлын ялгаа уран зураг сэтгэлгээнд хэрхэн илэрч буйг харуулжээ гэж хүлээн авах болов уу.

Туркийн соёлоо нэвтэрхий мэддэг, түүх гүн ухаан урлагын талаар дүрслэн бичихдээ өдөр тутмын амьдралын тухай өгүүлж буй мэтээр хошин, ёжин гаргах бол зохиолчид барагтай бол хүрч чаддаггүй бичгийн ур чадварын түвшин хэмээн Орхан Памукийг гайхан шагширсан байдаг. “Миний нэр улаан” ном “Би үхдэл”, “Би нохой”, “Би морь”, “Би алтан зоос”, “Би Хар”, Би Улаан” гэх зэрэг олон жижиг бүлгээс бүтдэг. Бүгд нэгдүгээр биеэс өгүүлж буй мэтээр бичигдсэн нь номыг улам сонирхолтой болгосон. Алтан зоос гэхэд л том жижиг, хиртэй хиргүй олон гар дамжин, шижир алт эсэхийг шалгах гэж хүмүүс өмхий амандаа хийж шүдээрээ хазаж үздэг, заримдаа биеийнхээ хамгийн эвгүй үнэртээ газраа хадгалан нуудаг гээд инээдтэй “зоосон заяаг” үнэн хөгжилтэй бодитой харуулж байхад, морь нь харин зурмал морь байх, улаан нь улаан будгийн омогшил байх жишээтэй. Ихэд таалагдсан тул эхний хэдэн хуудаснаас орчуулах гэж оролдлоо. Болгооно уу:


Нэгдүгээр бүлэг

Би үхдэл

Би-үхдэл, худгийн ёроолд буй хүүр. Хэдийгээр амьсгал хурааж, зүрх цохилохоо болиод удсан ч надад юу тохиосныг адгийн муу алуурчнаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр муу новш миний үхсэнийг лавтайяа мэдэх гэж амьсгал чагнаж, судас барьж үзээд зогсоогүй аюулхай руу руу минь өшиглөөд худгийн амсарт авчран өндөр өргөж байгаад доош шидчихсэн. Худгийн ёроол мөргөн унахад тархи толгой хагарч, нүүр дух бяцарч, хамаг яс хэмхэрч ам цусаар дүүрсэн.

Би гэрээс гараад сураггүй дөрөв хонож байгаа болохоор авгай хүүхдүүд маань намайг үгүйлж байгаа. Охин минь уйлж байснаа дараа нь хашааны хаалга ширтээд сууж байгаа.

Тэд бүгд л намайг эргэж ирэхэд итгээд цонхон дээрээ харуулдаж байгаа. Тэд үнэхээр хүлээж байгаа гэж үү? Үүнд хүртэл бүрэн итгэлтэй бус. Намайг эзгүй гэдэгтэй хэдийнээ эвлэрсэн, тоохгүй байж болох. Ямар аймаар юм! Талийчихаад өнгөрсөн амьдралтайгаа зууралдаад байгаа юм уу? Амьдрал гэж юу юм бэ? Намайг төрөхөөс өмнө байсан, намайг байхгүй болсон ч хязгааргүй үргэлжилнэ. Би амьд сэрүүн байхдаа энэ тухай ер бодож байсангүй. Хоёр нарны хооронд гэрэлт цох шиг ажилладаг л байлаа.

Би аз жаргалтай байжээ. Тиймээ, аз жаргалтай гэж хэлж болохоор байснаа одоо л ойлгож байна. Би манай Султаны урлангийн урдаа барьдаг сайн ном чимэглэгч зураач байв. Хэн ч ур чадвараараа намайг гүйцдэггүй байсан. Мөн сард ажлын зав чөлөөгөөр есөн зуун мөнгөн зоосны нэмэлт орлого олдог байв. Ийм амжилт мэдээж үхэл далласан жөтөөрхөл төрүүлнэ.

Урландаа би номын чимэг зураг угалз сэлтийг хариуцан гүйцэтгэнэ. Модны мөчир навч, сарнай болон бас бус өөр цэцэгс, шувууд хятад маягаар зурсан долгионтсон үүлс зэргийг жинхэнэ амьд юм шиг зурж номын хуудсыг хөвөөлнө. Хаантан бараа бологчид, хааны ордон, ордны хашаан дахь сэрүүвч, анчид, орооцолдон сүлжилдсэн мод бут, түүний нөмөрт хорогдсон гөрөөс, хүлэг сайхан морьдыг бас зурдаг байв. Залуу байхдаа таваг хээлэх, авдар сав нүүрлэж гоёох, толь жаазлах ажил хийж байсан. Босфор харшны тааз чимэглэсэн. Номын чимэглэлд Султан үнэ хөлс харамгүй хайрладаг тул би сүүлийн үед зөвхөн ном чимэглэх ажлаар дагнаж байв.

Одоо үхсэн хэдий ч мөнгө амьдралд өчүүхэн байр суурь эзэлдэг гэж хэлж чадахгүй юм байна. Амьд хүнд мөнгө ямар чухал болохыг үхсэн хүн ч ойлгодог. Амьд сэрүүн байхдаа хичнээн мөнгө олдог байсан чинь хэнд сонин юм? гэж миний дуу хоолойг эндээс сонсоод бодож буйг тань тааварлаж байна. Үхсэний дараа юу байдаг, сүнс хаана очдог, диваажин там гэж ямаршуу юм? Үхэл гэж юу юм? Бие сэтгэл өвдөж зовох юм уу? гээд тэнд юу харснаа яривал дээргүй юу? Таны зөвөө. Амьтай болгон үхсэний дараа юу болдог талаар ихээхэн сониучирхдаг. Үхээд сэхсэн хүнтэй учирч Нөгөө ертөнцийн нууцыг сонсох гэж дайн болсон талд нас барсан хүмүүсийн дундуур зориуд хэсүүчилдэг байсан хүний тухай сонсож байсан. Доголон Төмөрийн цэргүүд тэр сониуч этгээдийг дайсан гэж бодоод сэлмээр тэхий голоор нь цавчсан гэдэг. Сониуч хүн Дараах ертөнцөд хүн хоёр хэсэг болон хуваагддаг хэмээн бодсон буй заа.

Утгагүй балай юм. Харин ч эсрэгээр газар дэлхийд амьд байхдаа хоёрдсон сэтгэл энд харин нэгддэг гэж хэлмээр байна. Чөтгөр шуламд ховслогдон шүтлэгээ гээгсэд, бурхан шүтээнээ бузарлагсад, буруу номтнууд бүгд үгүйсгэдэг Нөгөө ертөнц гээч чинь Бурхны авралаар харин ч байдаг юм байна. Тэндээс та нартаа хандаж байгаа миний энэ яриа үүний нэг баталгаа. Энд харин Их Коранд дүрсэлдэг алт мөнгөн орд харш, далбагар навчис бүхий мод, боловсорч гүйцсэн жимс, гоо үзэсгэлэнт онгон охид харагдаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Диваажин ямар байдаг тухай дүрсэлсэн Кораны бүлгийг олонтой шимтэн зурдаг байснаа санаж байна.Коранд ч билүү, агуу мөрөөдөгч Ибн аль-Араби-н зохиолд ч билүү гардаг сүүн, дарсан, зөгийн балан, тансаг амтат усан дөрвөн голыг бас л олж хараагүй. Гэхдээ мөрөөдлөөрөө амьдардаг, Нөгөө ертөнц байдагт итгэдэг хүмүүсйн сэтгэлийг гонсойлгох гээгүй байна. Нас нөгчсний дараа амьдралын талаар өчүүхэн ч болов ойлголттой аливаа сүсэгтэн над шигээр амь алдаж, ийм байдалд орсон тохиолдолд диваажины голыг олж харах боломжгүй болох нь мэдээж.

Товчдоо:нэрт зураач Гоёмсог Зариф-Эфенди бибээр нас нөгчсөн боловч, биеийг минь оршуулаагүй тул сүнс минь биеэ орхиогүй байгаад хамаг учир байгаа юм. Энэ ерийн бус байдал намайг их зовоож байна. Худгийн хүйтэн усанд унаж бэртэж зэрэмдэглэсэн бие, хагарч бяцарсан толгойн өвчинг мэдэрч зовоод байгаа юм биш. Миний сэтгэл өвдөж байна. Биеэсээ хараахан салж амжаагүй сүнс маань тарчилж байна. Сүнстэй минь цуг бүхий л хорвоо өвдөж атиралдан шаналж байх шиг.

Үүнийг үхэл ирсэн тэр агшинд мэдэрсэн тэр жигтэй мэдрэмжтэй л харьцуулж болом. Олиггүй новш гэнэт толгойг минь чулуугаар хага цохиход л намайг алах нь гэдгийг ойлгосон. Ажил гэрийн хооронд хөлхөж амьд явахдаа амьдралд ямар хайртай болохоо мэддэггүй байв. Ер нь урьд өмнө амьдралд хайртай эсэхээ бодож ч байсангүй. Би үхэх дургүй байлаа. Амьд үлдэх гэж гар хөлөөрөө, хумс хуруугаараа аль байдгаараа амьдралтай зууралдаж байв. Тэр ч бүү хэл алуурчинг хазаад авсан. Тэр миний толгойг хага цохиход ямар их өвдсөн тухай дэлгэрэнгүй нуршиж таныг чилээхээ болъёо.

Амь тавих гэж тарчилж, за одоо л үхэх нь гэх мөчид гэнэт нэг их уужраад явчих болов. Хорвоог орхих мөч зөөлөн эервүү байв. Алуурчны шавар болсон гутал миний үзэж харсан сүүлчийн юм байлаа. Би нүдээ аниад унтчих шиг болсон нь одоо байгаа Нөгөө ертөнцөд очсон хэрэг.

Үйрсэн шүд маань цайруулсан самар шиг цус дүүрсэн аманд минь чихцэлдэж, нүүр царай маань танигдах эрхгүй болсон, худгийн ёроол дахь цогцос минь хаягдсан энэ тэр гэж гомдоллох гээгүй, гагцхүү намайг өдий болтол амьд гэж тооцож байгаа нь тэсэхүйеэ бэрх байна. Манайхан намайг ажил төрлөөр эсвэл элдэв хүүхэнтэй орооцолдоод Станбулд саатсан байх гэж өөрсдийгөө тайвшруулж байгаа даа гэж бодохоос сэтгэл минь улам тарчилж байна. Боллоо, ханалаа! Хурдхан цогцосыг минь олж, хойдохыг минь уншуулж намайг ном ёсоор нь оршуулаасай билээ. Хамгийн гол нь намайг алсан алуурчинг олж илрүүлээсэй! Миний биеийг олж хамгийн нэр хүндтэй газар оршуулаач, алуурчинг олоогүй цагт цогцос минь авсан дотроо тавгүйтэн хөрвөөх болно. Адгийн новш муу алуурчинг олоод өгөөч, тэгвэл би Нөгөө ертөнцөд үзсэн харснаа ярьж өгөмз! Алуурчинг олоод эрүү шүүлтийн дартаст ясыг нь хэмхэл, цээжний ясны бяцрах чимээг нь сонс, ёолуулж байгаад тостой балиар үсийг нь нэг нэгээр зулгаа, хуйхыг нь цавчиж ав.

Намайг алсан энэ алуурчин хэн бэ? Яагаад алах болов, юуны учир ийм сонин аргаар алах болов гэдгийг магадлан учрыг нь ол. Хорвоо ертөнцөд гэмт хэрэгтэн алуурчин зөндөө. Нэгэнт үхсэн байхад алуурчин нь хэн ч байсан ялгаа юу гэж та хэлнэ байх. Энэ аллагын цаана манай шашинд, манай уламжлалд аюултай зүйл нуугдаж байгаа шүү гэдгийг танд зориуд сэрэмжлүүлэн анхааруулмаар байна. Нүдээ нээ. Хэрвээ та амьдралд итгэдэг бол, лалын шашинд итгэдэг бол лалын дайснууд яагаад намайг устгах болов гэдгийг тунгаан бодоорой. Үнэн учрыг ол, таныг ч алж болзошгүй. Миний нулимс мэлмэрүүлэн уярч сонсдог байсан Эрзурумын их номлогч Нусрет-ходжагийн лүндэн дараа дараагаараа нэг бүрчлэн биелэх нь. Хэрвээ бидэнтэй учирч буй бүх зүйлийн тухай ном бүтээгдвэл ямар ч зураач бүр хамгаас авъяас төгөлдөр зураач Ариун Кораны жишгээр уг номын тайлбар зураг хийж чадахгүй байх. Намайг зөв ойлгоорой.

Чухам тайлбар зураг хийх боломжгүйд л тийм номны үлэмж их хүч орших бус уу. Та үүнийг бүрэн төгс ойлгож байна гэдэгт эргэлзэж байна. Намайг сонс доо. Би бага залуу байхдаа өөр ертөнцийн гүнээс сонсогдох дуунаас маш их айдаг байлаа. Тиймээс ийм юмыг үл тоомсорлогч болж элэглэдэг байв. Гэтэл одоо гутамшигтайгаар худгийн ёроолд нас барав. Сонор сэрэмжтэй бай, тантай ч ийм юм тохиож болох шүү. Бие минь үжиж өмхрөн ялзарахад, тэсэхийн аргагүй өмхий үнэрээр нь намайг олж, намайг алсан алуурчинг бас олж эрүү шүүлтээр тамлаасай гэж хүлээх л үлдэж.


Хоёрдугаар бүлэг

Намайг Хар гэдэг

Арван хоёр жил хэсүүчлэн бидэрсний эцэст төрж өссөн Стамбул хотдоо эргэж ирэв. Үхэл нь ойртсон хүнийг төрсөн газар шороо нь дууддаг гэдэг. Стамбул руу намайг үхэл дуудсан гэж хэлж болох талтай, үхлийн л тухай бодсоор энд иртэл хотын дурсамж адил бүдгэрсэн аль эртний унаган дурлалтайгаа учирсан. Арван хоёр жилийн өмнө нагацынхаа охинд үхэн хатан дурласан.

Станбулаас гарсаар Персийн уудам тал, цаст уулс, дүнсгэр хотын хооронд захиа шуудан хүргэх, татвар хураах зэргээр хэрэн тэнэж явахдаа дөрвөн жил орчмын дараа дурласан охиныхоо дүр төрхийг төсөөлж чадахаа больж буйгаа анзаарсан. Санах гэж яаж ч хүчлээд тогтмол харахгүй, уулзаж учрахгүй нүүр царай хичнээн хайртай байсан ч аажим аажмаар мартагддаг гэдэгтэй эвлэрсэн. Зургаан жил өнгөрөхөд бодол мөрөөдөлдөө ургуулан төсөөлсөн тэр нэг төрх Стамбулын хайртын минь царай биш гэдгийг мэдэж байв. Энэ шинэ төрхөө найм дахь жилдээ бүр мартаж, сүүлд нэг мэдэхэд шал ондоо төсөөлөлтэй болсон. Арван хоёр жмлийн дараа гучин зургаан настайдаа хотод эргэж ирэхдээ хайртын минь нүүр царай бүрмөсөн мартагдсан гэдэгт сэтгэл эмзэглэж байлаа.

Энэ арван хоёр жилд миний олон нөхөд, хамаатан садан, айл хамрын улс нас барсан байлаа. Оршуулгын газар очиж ээжийнхээ шарилыг эргэх ялдамд ээждээ болон миний эзгүйд үхэж үрэгдсэн хамаатан садан болон бусад хүмүүст зориулж ном уншлаа. Наанги шавартай шорооны үнэр олон дурсамж сэдрээв. Хэн нэгний булшны захад байх хагалсан ваарны хэлтэрхийг хараад би яагаад ч юм уйлж гарав. Талийгчдаа гашуудаж байв уу, өөрийгөө өрөвдөж байв уу хэлж чадахгүй: өчнөөн жилийн дараа азаар амьд үлдсэндээ баярласан уу, ямар нэг жигтэй сонин байдлаар амьдралын төгсгөлийг мэдэрсэн үү ёстой бүү мэд. Зөөлөн цас хаялж байлаа. Цасан ширхэг агаарт бужигнахыг хараад амьдрал өөрөө хувь заяаны хувирлаар дүүрэн гэж бодож байхдаа хүүрийн газрын хар нохой намайг ширтэж байгааг анзаарсангүй.

Нулимс минь татрав. Хамраа нэг шудраад үүд зүглэв. Хар нохой сүүлээ найрсагаар шарван намайг тэндээс үдэхийг харав. Урд аавын талын хамаатнууд сууж байсан дүүрэгт очиж хөлсний байр түрээслэв. Байрны эзэн авгай миний хоол ундыг хийж, өрөө цэвэрлэж байхаар болов. Персийн Сефевидийн цэргүүдэд алагдсан хүүтэй нь би төстэй санагджээ.

Стамбулын гудамжаар олон цагаар сэтгэл хангалуун алхалж байхдаа төрлөх хот минь дэлхий нөгөө талд буй алс холын араб хот мэт санагдаж байв. Гудамж нь нарийхан болчихож, эсвэл надад тэгэж санагдаж байв уу. Заримдаа байшингийн хана хаалганд уусаж шингэх нь холгүй наалдан зогсож морин тэрэг өнгөрөөмөөр хоорондоо нийлэх шахсан тийм нарийн гудамж байна. Нэг гудамжинд омголон морь хөлөглөсөн тансаг сүйх таарав. Би ийм гоё сүйх тэрэг Арав, Персийн аль ч нутагт хараагүй. Чемберлиташийн чулуун баганы хавьд хогон дотроос гарсан юм шиг халтар, тахианы гэдэс дотрын хаягдал шиг ой гутам өмхий үнэртэй хоёр гуйлагчин байсан. Тэдний нэг нь сохор агаад нүдгүй ухархайгаараа зөөлөн шившэн унах цасыг харж байх шиг инээмсэглэн сууж байв.

Хуучин Стамбул жижиг байсан, ядуу байсан. Гэхдээ арай л аз жаргалтай байсан шиг санагдана. Туулайн бөөр, далдуу модны сүүдэрт байсан миний хайртын байшин яг хуучин газраа байсан ч одоо тэнд огт танихгүй өөр улс амьдарч байлаа. Миний нагац эгч болох хайрт бүсгүйн минь ээж өөд болсон, хүргэн ах маань охиноо аваад өөр дүүрэгт нүүсэн гэж оршин суугчид хэлж өгөв. Тэдний энэ яриа миний зүрхийг хэрхэн шархлуулж байсныг тэд яахан мэдэх билээ. Энэ байрны ногоон цэцэрлэгт өнгөрөөсөн дулаан өдрийг дурсаад харвал далдуу модноос чигчий хуруун чинээ мөс унжиж, цас мөсөнд дарагдсан эл цэцэрлэг үхлээс өөр юу ч санагдууламгүй байв.

Нагац эгчийн нөхөр Эниште надад Тебриз руу илгээсэн захидлаас манай хамаатан саданд ямар гай зовлон учирсныг мэдэж байсан. Хүргэн ах намайг Султанд зориулан бүтээж буй ном миний тусламж хэрэгтэй байгаа тул намайг Станбулд ирэхийг хүссэн бөлгөө. Намайг Тебризд Османы паша, тэр нутгийн болон Станбулын ихэс дээдсийн захиалгаар ном бүтээх ажил эрхэлж байсныг хүргэн ах дуулжээ. Би номын захиалга авахдаа мөнгөн төлбөр урьдчилан авдаг байв. Би Казвин зэрэг Персийн баруун хойд болон бусад хот руу хараахан дүрвэж амжаагүй Османы цэрэг, дайны хөлд нэрвэгдэж мөнгөгүй болсон, ганцаардсан нэрт урчуудыг хайж олоод тэднээр номын зураг чимэглэл хийлгэх, эх бичиг бэлдүүлэх, номын хуудсуудыг нуруулж наах ажлыг хийлгэдэг байсан юм. Миний бага залууд хүргэн ах минь номд дуртай болгоогүй бол би ном бүтээх ажил хэзээ ч хийхгүй байсан.

Эниште ахынх нэг үе амьдарч байсан гудамжны эцэс дэх захын ойролцоох үсчинг оллоо. Толь, сахлын хутга, устай сав, саван сойз яг л хуучнаараа угтав. Үсчинтэй харц мөргөлдсөн ч тэр намайг таньсан гэдэгт итгэхгүй байна. Үс угаах устай домбо таазнаас аанай л өлгөөтэй байхыг харахад хөгжилтэй. Залуу багадаа тэртээ арван хоёр жилийн өмнө жирийлгэх дуртай байсан зарим дүүрэг түймэрт бүгд шатаж, үнс давирхайтай туурь л үлджээ. Түүгээр золбин ноход хүүхэд айлган давхилдана. Харин зарим газар венецийн уран хийцийн өнгөт шилэн цонх бүхий хоёр давхар гайхам тансаг байшин сүндэрлэн боссон нь хэн хүний анхаарлыг татна.

Стамбулд бусад хотын нэгэн адил мөнгөний ханш унасан байлаа. Намайг Дорно зүг явах үед дөрвөн зуун дирхем жинтэй том талх нэг мөнгөн зоос байсан бол, одоо энэ үнээр тал талх л авдаг болж, талхны амт ч миний хүүхэд үеийн талхыг гүйцэхээ больжээ. Талийгч ээж минь арван хоёр ширхэг өндөг гурван мөнгөн зоосны үнэтэй болсныг үзсэн бол эндээс холдож нүүе гэхсэн. Мөнгө хааяагүй үнэгүйдсэнийг бол би мэднэ. Фламанд, Венецийн худалдааны усан онгоц хольцоотой хуурамч алтан зоос авдар авдраар оруулж ирсэн. Урьд цагт төрийн дарх зоосны газарт таван зуун зоосыг зуун дирхем цалин цагаан мөнгөөр цутгадаг байсан бол Персүүдтэй хийсэн эцэс төгсгөлгүй дайны улмаас одоо найман зуун зоосыг тэр хэмжээний мөнгөөр цутгадаг болоод байлаа. Тиймээс Янычарууд усан онгоцны зогсоолд асгараад усанд хөвөх хуурай шош мэт үнэгүйдсэн зоос цалиндаа авсандаа эгдүүцэн хамгаалах ёстой Султаны ордонг дайсны хэрэм мэт бүслэн авч эсэргүүцэн боссон билээ.

Үнийн хөөрөгдөл, садар самуун, гэмт хэрэг дээрэм газар авсан тэр үед Нусрет гэдэг номлогч өөрийгөө суут их багш Мухамедын удмын хүн хэмээн зарлан, Баязид мечетэд номлол уншиж эхэлжээ. Мянга мянган хүний амь авч одсон Стамбул хотын Бакчекэпт Казанжилар зэрэг дүүрэгт гарсан их түймэр, Персүүдтэй хийсэн дайнд тоо томшгүй олон хүн амь үрэгдсэн, Оттаманы эзэнт гүрний өрнөд хязгаар дахь хэрэм цайзанд гарсан загалмайтныхны бослого Их Кораны сургааль, дэг жаягийг эргэн харж, буурчийн газар хөгжим тоглох, дарсны мухлаг ажиллуулахыг зөвшөөрөх зэргээр загалмайтны шашинтанд хүлээцтэй хандахад хүргэсэн байна. Арслангийн дүрс барласан хуурамч мөнгөн зоос-дукат, мөнгөний орц нь буурсаар байгаа Оттоманы мөнгөн зоос зах зээлээр дүүрч байгаа лугаа нэгэн адил черкес, абхаз, хятад (mingarians), босни, гурж, армян зэрэг харийнхан гудамж талбайгаар дүүрч үнэмлэхүйн доройтол ялзралд биднийг татан оруулж буйгаас гарах бэрх боллоо. Кофе цайны газарт элдвийн өөдгүй шаарууд, самуун дэгдээгчид цугларан бусдыг өөрсдийн сүсэгт урвуулахаар өдөржин нар шингэтэл сууцгааж; сэжиг бүхий гуйранчид, галзуу солиотой хар тамхичид, хуулиар хориотой Календери урсгалын тэнэмэл бадарчид бүгд таарсан эр хүүхэд бүртэй болон бие биетэйгээ бандилдан хурьцаж, хэрцгий завхайрдаг атлаа Аллахын ариун замд орох минь хэмээн хөгжмийн аялгуунд шөнөжин бүжиглэж, өөрсдийгөө шороор хатгах мэтээр элдэвлэдэг тухай Эрзурумын номлогч ярьсан гэж давсалсан ногооны наймаачин надад хөөрсөн.

Пийпаа хөгжмийн уянгалаг ая миний анхаарлыг татсан уу, эсвэл сэтгэл санаа минь ногооны наймаачны хорсолтой яриаг үргэлжлүүлэн сонсох тэвчээр барагдсан уу хөгжимд татагдаж, энэ ярианаас нэг салав.

Tuesday, 16 December 2008

Махсах

Авсаар жижигхэн биетэй аятайхан монгол бүсгүй чех эртэй ханилан суужээ. Сайхан хүүхнийг энд "кочка" буюу "муужгай" гэж дуудна. Хэврэгхэн энхрийхэн булбарай, дорнын нууцыг агуулсан намуухан зантай эхнэрээрээ мань эр их бахархдаг байвай. Миний хөөрхөн муужгай гээд гар дээрээ бөмбөрүүлнэ. Хүн ер нь хүмүүс өөрт тулгаад ч юмуу, өөрөөс нь хүлээгээд байгаа дүрийг хүссэн хүсээгүй тоглодог хойно доо. Намуухан хэврэгхэн шаазан муужгайн дүрийг мяу гэхээс наагуур эсгэн эрхэлж л сууж. Гэтэл олон мянган жилээр цусанд нь кодлогдсон төрлөх чанар нь дотроос хатгаад зүгээр байлгадаггүй. Тогоо дүүрэн хонины мах чанаад, элдэв хутга сэрээ таваг гэхгүй барьж суугаад, шүдээрээ сайхан мөлжих сөн гэсэн бодол амар тайван байлгадаггүй. Хонины мах бараг олдохгүй нь хяслантай. Хонины мах долоо хоногт ганц удаа ирдэг дэлгүүрийн хаягийг ямар ч болсон мэдэж авчээ. Нөхөр хэд хоног загасанд явжээ. Бүсгүй мах ирдэг өдрийг анаж байгаад хонины хэдэн хавирга, дал худалдаж аваад чанав. Гэртээ ганцаараа байгаа хүн чөлөөтэй шд. Хар халуунд гээд бараг хувцасгүй эхээс төрсөн төрхөөрөө, будаг шунхгүй гэхдээ үсэндээ бигуди ороосон. Тогооноос сайхан үнэр гарч байнаа. Удалгүй мах нь ч болж. Далнаас ганц хоёр огтлоод, нэг хавирга барьж аваад шүдээрээ хуулж өгч байвай. Гэнт орчны агаар өтгөрөөд байх шиг сонин мэдрэмж төрөхөд, махнаасаа арай гэж салан толгой өндийлгөн харавал, нөхөр нь ирчихэж. Хөөрхий ихэд айсан царайтай хараад зогсож байна гэнэ. Азийн хөөрхөн кочка нь араа шүдээ ярзайлгаад, агуйгаас гарсан балар эртний хүн шиг мах зулгаагаад нүцгэн сууж байхаар айх нь аргагүй.

Махсах аа гэж...

Thursday, 11 December 2008

Уран барималч Ц.Амгалан

Төрийн шагналт уран барималч Ц.Амгалантай Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга асан Ж.Самбуу гуайн хөшөөний эх загварыг хийж дуусаж байхад нь 2007 онд урланд нь уулзав. Нэг хотод нэг үед суралцаж байсан найз маань бас нэгэн сайхан хөшөөг цогцлуулан бүтээж буйг харахад таатай байлаа. Хөшөө зөвхөн гадаад төрхөөрөө адил бус нүдний харц, амны хайрцаг, тэргүүний өргөлт, суудал гээд бүгд нэгийг өгүүлж, хоёрыг хэлэхээр эл эрхмийн ноён нуруутай гүндүүгүй сайхан занг гаргаж чадсан хөрөг босч байлаа.

"Хоньчин Найдан", "Алтайн цаадах говьд", "Булшин дээр" зэрэг алдарт зохиолоороо олны танил зохиолч Дондогийн Цэвэгмидийн хүү, уран барималч Амгаланг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Цэвэгмэд гуайнх сайхан номын сантай айл. Амгаланг хүүхэд байхаас эхлэн биолог мэргэжилтэй аав нь хөдөө ажлаар явахдаа хүүгээ хар багаас үргэлж дагуулж явдаг байв. Амгалангийн бага хүүхэд байхад Цэвэгмид гуай Хятад дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байв. Амгалан хүүхэд байхаасаа эрдэмт аавын цуглуулсан номун далайд хос хэлээр сэлж, хөдөө нутгаар арван найман аймгаар хөндлөн гулд хэсч, хятадын эртний соёл урлагтай танилцаж өссөн азтай хүү. Сайн эцгийн буянг шингээж чадсан нь харин өөрийнх нь ухаан, сэтгэлийн үгээ уран барималдаа давтаж мөнхөлсөн нь төрөлхийн авьяас.

Амгалангийн 1979 онд хийсэн хийсэн томоохон бүтээлүүдэд Халх голын ялалтын 40 жилээр босгосон 15 метр өндөр, бетонон "Монголын хилчин дайчдын хөшөө", 1984 онд зөвлөлтийн барималчидтай хамтран бүтээсэн 55 метр өндөр "Ялалт" хэмээх зэс хөшөө, 1990 онд босгосон "Нууц товчооны 750 жилийн ойн гэрэлт хөшөө" орно. Амгалангийн уран гараар амилсан тэмдэглэлийн бяцхан дэвтрээ барьсан ч шүлгээ цээжээр уншиж буй яруу найрагч Б.Явуухулан, гүн бодолд дарагдсан эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, дэвж буй их аврага Б.Бат-Эрдэнэ, алсын бараа харж буй Дорж генерал зэрэг нэр цуутай хүмүүсийн хөрөг бас бий. Эртний баатрын өмсгөлтэй сайхан монгол эмэгтэйгээр "Эх орон", монгол гутал монгол дээлтэй халимаг үстэй залуу хүүгээр "Өглөө", булчин шөрмөс нь зангирсан хээгүй байрын эрээр "Ажилчин" гээд тоочоод байвал барагдахгүй. "Улаанбаарын гудамжинд" хөөрхөн өгүүлэмжтэй баримал. Бас "Зэрэглээ" гээд уран сэтгэмжит цуврал баримал бий. Гадаад (Унгар, Герман, Япон, Хятад, Орос)дотоодод уран бүтээлийн олон бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Түүний баримал хөшөө Монголын хот, хөдөөгөөс гадна алс холын Австралийн Сидней, айл хөрш Хятадын Бээжин хотод гудамж талбайг чимэж байгаа.

1985 онд цэл залуугаараа Халх голын ялалтын "Ялалт" хөшөөгөөр төрийн шагнал хүртсэн юм. Үзүүр рүүгээ нарийссан өндөр нарийхан дөрвөн талт баганын орой дээр таван хошуутай энэ хөшөө их сонин шийдэлтэй. Хөшөөг ийм өндөр хийсэн нь нэг талаас дархан хилээ монголчууд ийм өндрөөс тийм сайн хардаг гэсэн санааг, нөгөө талаас гадны дайсанд хил алхах босго тийм өндөр гэсэн санааг илэрхийлсэн байж болох. Социализмын үед хийгдсэн бүтээл болохоор таван хошуугаар таван тивийн пролетар нэгдэх, дахин дэлхийд социализм ялан мандах санааг тэнгэрт мандуулсан ч байхыг үгүйсгэх аргагүй. Газраас дөрвөн метр орчим өндөрт баганын хоёр талд намирч буй туган дээр дайснаа дарахаар мөр зэрэгцэн давшиж байгаа танктай, морьтой орос монгол дайчид дүрсэгдсэн баримал байна. Тугын голд багана тушаа буугаа мөрөвчилсөн хоёр орны цэрэг мөр зэрэгцэн зогсоно. Баганы яг чанх ард энгийн эмэгтэйн дүр байх нь дайчид хилчид эх газраа ээж ааваа, эхнэр хүүхдээ хамгаалсныг төлөөлүүлсэн шиг. Ойрхоноос нарийвчлан харвал иймэрхүү. Холхоноос хальт харахад үзүүрий нь дээш харуулаад бариулаар нь газар зоочихсон жад шиг харагдана шүү. Энэ жадыг харин элдэв үзэл сурталд баригдахгүй яаж ч тайлбарлаж болно доо.

"Будда" барималыг бурхан бүтээх тигийн дагуу хийсэн. Ногоон Дарь эхийн суудалтай хүүхдээ хөхүүлж буй эхээр эхийн сайхан сэтгэлийг илэрхийлж "Энхрийлэл" хэмээн нэрлэсэн. Мөн "Энх Амгалан" хэмээх эцэг хүүгийн баримал бурхны суудалтай эцэг, мутрын билэгдэл нь хүүхэд энх тунх өсч өндийхөд, хүн болж төлөвшихөд эцэг хүний "бурхан ухаан" ямар их өмөг түшигтэйг илэрхийлсэн мэт. Уран нарийн хийцтэй гар хурууны "Элс", "Очир" нэртэй барималд мутрын билэгдэл зүйг бас ашигласан байдаг.

Тэрэлжийн ам хориод жилийн өмнө баахан динозавртай болсоныг санаж байна уу? Үүнийг Амгалан загварыг нь гаргаж, шавь нараа удирдаж хийлгэсэн юм. Их Тэнгэрийн аманд байхдаа их хөөрхөн зохимжтой харагддаг байсан хэдэн унаганы барималыг бас л тэрээр хийсэн. Дараа нь хөдөөгөөс хот руу их нүүдэл болоход, ямар дарга нь хотын төвд Драмын театрын өмнө унага нүүлгэн байрлуулах шийдвэр гаргасан юм бүү мэд. Хөөрхий унага сүүлгүй болчихсон харагдсан. Динозавр унаганаас гадна тэмээ, аргал, морь, буга, согоо, сарлаг гээд амьтны олон баримал барьсан. Түүхийн янз бүрийн цаг үед морь унасан монгол эр "Домог", "Тулалдаан" зэрэг түүний барималд амилна даа. Амгалан ямар ч амьтанг сайхан барьдаг ч морь, буга түүний барих дуртай амьтан шиг санагддаг. Хадны сүг зургийн буга амилсан мэт "Хүрлийн үе" баримал бол үнэн тасархай бүтээл. Өөд өөдөөсөө харан буй залуу охин, согоо хоёрын "Хэн нь хөөрхөн бэ?" юм бол?

Ленинградын Репины нэрэмжит Зургийн сургууль төгсөж ирээд Дүрслэх Урлагын сургуульд баримлын багш хийж байхдаа, өөрөө тасралтгүй суралцаж уран бүтээлийн үзэсгэлэнд бүтээлээрээ тогтмол оролцож олны танил болон томоохон төсөлд ажиллах урилга авч эхлэн уран бүтээлийн гараагаа эхлээд, эдүүгээ хүртэл өчнөөн олон бүтээл хийжээ. Хуучин баримлаа дараа жилийн үзэсгэлэнд давтан үзүүлэхгүй гэсэн зарчмаар ажилладаг. Үргэлж шинийг эрж хайдаг, ном их уншдаг, Монголын түүх соёлоос суралцахаас гадна, гадаад оронд уран бүтээл хэрхэн бүтээгдэж байгааг соргог ажиглаж, ажилдаа тусгадаг. Уран бүтээлчийн эрэл хайгуул, ажил төрөл бүтэх бүтэхгүй үе, хүнд суртлын болон мөнгө санхүүгийн гацаа, сэтгэлээр унах мухардалд орох бүрд ойлгож, дэмжиж, урамшуулж, эрүүл мэнд биед халтай зарим нь хортой байж мэдэх төмөр чулуу нүдэж байхад нь дандаа хажууд байж халамжилж байсан хүн бол түүний хань. Зураач аавын (Ардын зураач Доржпалам гуайн)охин, зураач мэргэжилтэй Мандах нөхрийнх л ажил төрөл сайн байвал болоо гээд, ар гэрээ даагаагүй бол Амгалан арай цөөхөн бүтээл хийх байсан уу? Хэлэхэд бэрх. Авьяастай хүн амжилтад хүрэх л байсан байх, гэхдээ амжилт болгоны ард арын албаны хүмүүс байдаг гэдэг үнэн үг шүү. Оюутан үеийн найз Амгалан маань манай хүнтэй нэг цэцэрлэгт "горшок" булаацалдаж өссөн байж таараад, түүний гэргийтэй би дотно гээд бид дөрөв гэр бүлээрээ олоон жил үерхэж байна.

Түүний бүтээлтэй

http://www.amgalanart.com/gallery.php

сайтаас танилцаарай. Он лайн галерейд зочилж олон сайхан баримал үзээрэй.

“МЭДЭЭЖ” ДҮҮТЭЙ ЗОЛГОХ МЭНДИЙН САМБАЙ

Ардын зохиолч Д.Пүрэвдорж гуай Өнөөдөр сонинд сургамжтай сайхан нийтлэл хэвлүүлжээ.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=33440

Thursday, 4 December 2008

Усыг нь уувал ёсыг нь дага

Эрт ч юм үү, эдүгээ ч юмүү нэгэн цагт сэрүүн уур амьсгалтай орны хүмүүс халуун оронд айлчилж гэнэ. Айлчиддаа зоог барих болж, элдэв жимс ногоо эрээлүүлэн өрж, янз бүрийн хундага, аяга шаазан, сэрээ хутга өрөөстэй уртаа хоолны ширээнд суулгажээ. Гэтэл дунд гарын тагшинд ус хийгээд бэлээхэн тавьчихсан харагдсанд, ам цангаж явсан сэрүүн газрын төлөөлөгчийн тэргүүн ширээнд суухаасаа өмнө аягатай усыг шүүрч аваад год год хийтэл нэг амьсгаагаар залгилаад тавьчихаж. Халуун орны эзэн зочноо эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ, нялцгай жимс идэхдээ хуруугаа дүрж цэвэрлэх зориулалттай тэр усыг мөн аван залгилсанд ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчийн үлгэрээр дагалдан яваа хүмүүс, эзний албат нар бүгд усыг ууж ёсыг барив гэсэн явган яриа байдаг. "Усыг нь уувал ёсыг нь дага" гэдэг ч, "ёсыг нь мэдэж байж усыг нь уу" гэмээр явдал болсон шиг.

Харь орны эхнэр гэрийн баруун талаар давшлаад хоймор голлоод эрчүүдтэй зэрэгцээд суучихвал зүүн тал руу яв гэлтэй биш юм болно. Гадаад эртэй гэрийн эзэн хөөрөг зөрүүлэн мэнд мэдэх санаатай шүрэн толгойтой, алтан нуухтай, манан хөөргөө инээмсэглэн сарвайтал "ямар хөөрхөн тоглоом бэ, баярлалаа" гээд аваад халаасандаа хийчихвэл бас хэцүү. Хэл нэвтрэлцэхгүй бол учраа ололцох гэж хөөрхөн л юм болно. Хүний нутагт яваа хэн хүн мэдэхгүй, дадаагүй нөхцөл байдалд орох магадлалтай тул бусдыг хүндлэх, өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд ажигч гярхай байх ёстой шиг.

Түр зуур хэд хоног жуулчлалаар явахдаа ч очих газрынхаа мэндчилгээний хэдэн үг, заншилаас бага саг мэдчихсэн байхад өлзийтэй шиг. "Хэлгүй хүний тэмдэглэл" жилийн өмнө бичиж байсан Япон явсан тухай бичлэгтээ тонголзож, бөхөлздөг талаар мэдээд очсон ч далайн хүнсэн дээр очоод баларч явсан тухайгаа бичсэн. Чехэд ирээд автобус, трамвай, метронд хүн нь буусан сул суудал тэр чигээрээ нэг хэсэгтээ "та суу, би яахав бие чийрэг хөл чанга зогсож байя" гэх шиг нэг хэсэг хоосон байдаг тийм нэг бичигдээгүй дүрэм үйлчилдэгийг анзаарч их гайхаж билээ. Суудал сулрангуут шууд тэмүүлдэг "овсгоотой" зангаа ийм нөхцөлд хаяхаас өөр аргагүй. Машин зам хөндлөн гарахад машин байсан байгаагүй ногоон гэрлээ хүлээгээд бүх хүмүүс зогсож байхад ганцаараа цойлдогоо болихоос аргагүй. Лаазтай ундаа уучихаад уусан газраа хоосон лаазаа орхиод холдоход, таягтай эмээ ирээд лаазыг чинь хогийн саванд хийхийг хараад хаа хамаагүй хог хаяхаа болихоос өөр замгүй. Жижиг бага юм гэж үгүй л дээ.

Саяхан зурагтаар баахан вьетнамуудыг цагдаа нар бариад шалгаад бужигнуулаад байсан. Дэлхийд алдартай нэрийн барааг контейнар контейнараар дуурайлгаж үйлдвэрлэж байгаа нь хужаа нар, түүнийг нь вьетнамууд хар зах дээр зарж өгч хоолоо олж байгаа хонин дунд байгаа төлөг шиг гэмгүй номхон улс. Хоол идэхдээ шүлсээ үсэргээд жигтэйхэн чанга ярьж, шуугилддаг хужаа зангаа энд ч тавиагүй, бүдүүлэг харагдана шүү. Аймаар томоор, мафи маягийн зохион байгуулалттай гэмт хэрэг хийхээс нутгийн хүмүүстэй эв түнжин хагарч улсынхаа нэрийг гаргаад байхгүй чоно санаатай.

Өнөөдөр Чехэд байдаг монголчуудын тухай эвгүй мэдээлэл сонин http://www.sonin.mn/2008/12/04/10057/ сайтад гарав. Зэрлэг балмад авирлахыг уриалсан комент энэ мэдээнд цөөнгүй бичигдсэн байсан нь бүр ч цочирдмоор. Чехэд байгаа манай монголчууд дотор хужаа нар шиг жинхэнэ хэрэгтэн байхгүй. Гэхдээ жижиг сажиг үл бүтэх юманд хэн нэг нь үргэлж орооцолдоод, архи пиво хэтрүүлж хэрэглээд хоорондоо зодолдоод, нэр нүүрээ барж нохойтох бол энүүхэнд. Хүний хотонд орсон боохойд хэн дуртай байхав. Тэгээд ч хорвоогийн өнцөг булан бүрт дөвчигнүүр, экстремист улсууд байдаг. Дургүй нь хүрсэн хүмүүс ийм экстремистүүдэд монголчууд гэж балай улс байна гэж яриандаа нэг шургуулахад л яаж ч авирлаж мэдэхээр этгээдүүд. Тэдний нүдэнд зүгээр мөрөөрөө явсан өөр царай зүстэй хүн ч өртөдөг.

Ажиллахаар сурахаар удаан хугацаагаар яваа хүн бол тухайн очих орныхоо хэлийг, хууль зүйг ямар нэг хэмжээгээр мэдэж байж л хүнд дээрэлхүүлэхгүй, хүнийг гомдоохгүй, харилцан хүндэлсэн зөв ойлголцол үүсэх болов уу. Ойлголцол байгаа цагт ажил төрөл урагштай, сэтгэл санаа өөдрөг байдаг. Дашрамд дурдахад Чехийн үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүс дотор хамгийн ажилсаг, хамгийн сэргэлэн авхаалжтай, хэл хамгийн түргэн сурдаг, ажилд хамгийн санаачлагатай гээд хамгийн хамгийнаараа гайхагдсан ажилчид олоон; чех хүмүүсийг нутагт нь удирдаад банкны захирал, телекомын компанид газрын дарга, программч, химич, архитектор хийгээд эндхийн томоохон копаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн бас олоон; тэрчлэн хувиараа бизнес эрхлээд эмийн сан, гоо сайхан, дэлгүүр, ресторан ажиллуулж монголынхоо нэрийг өндөрт өргөж, ажил үйлс нь өөдрөг яваа олон хүмүүс байгаа шүү.

Friday, 28 November 2008

Бичлэгээс том комент (хотын хөгжил)

Миний түрүүчийн "Ямар хот цогцлуулах" http://ganga-cz.blogspot.com/2008/11/blog-post_24.html бичлэгт архитекторч мэргэжилтэй блогч Тэлмэн, Хоридой мэргэн нар бичлэгээс маань илүү сайхан комент оруулсныг дэлгэн тавьж бичлэг болгохоор шийдлээ.
Тэлмэн (http://telmen.blogspot.com/) : Орчин үед Глобалчлал хэмээх үг моодонд их орж байна. Дэлхий тэр чигээрээ хотжиж нийт хүн амын дийлэнхи хувь нь хот суурин бараадан амьдарч байна. 2015 он гэхэд дэлхий даяар 350 гаруй сая гаруй хүн амтай хот үүсч бий болно гэсэн судалгаа байдаг. Дэлхийн хүн ам нэг өдөрт л 250.000 хүнээр нэмэгддэг гээд бодохоор энэ их хүнийг яаж ч бодсон их хотууд л багтааж шингээж чадна.
Хот гэдэг их айл гээд их гоё үг байдаг даа. Одоо малаа дагаад дундад зууны үе шиг гадаад ертөнцөөс тасрагдаад амьдарна гэвэл үлгэр шиг л болж буй мэт. Мэдлэг боловсрол, соёл иргэншил дээд цэгтээ хүрч буй эрин үед хүний хүүгээс дутхааргүй сурч боловсорч, ажиллан амьдарч, ёстой л нөгөө тэмээчин бүсгүйн захидал шиг

...Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зyyгийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу ...

хэмээн сэм мөрөөддөг байсан бид ч нэг л мэдхэд хэзээний сая гаран хүн амтай нийслэлтэй болчихжээ. Хотжилт цаашид нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Техник технологи, соёл урлаг гээд татах хүчин зүйл асар их.
Ирээдүйн хотыг цэвэр цэмцгэр байлгахын тулд одоо нэгэнт ийм замбараагүй болсон хот төлөвлөлтөнд санаа зовхоос урьдаар эдийн засгийн тогтвортой байдал, баталгаатай ажлын байр бэлдэж өгхөөс өгсүүлээд газрын баялагтай зөв харьцаж сурах, за тэгээд цаашлан нийгмийн тэгш эрх, гарал үүсэл, орлого хөрөнгөнөөс үл хамааран боломж бүгдэд нь олгодог болж байж гэмээнэ хүмүүсийн ухамсар дээшлэн зөв урсгалдаа орох байх гэж боддог.

Hans Bernhard Reichow гээд хүний 2р дайны дараахан гаргаж байсан хот төлөвлөлтүүдийн саналууд их сонин санагддаг. Эрүүл хот гэдэг нь битүү цементэлсэн саарал бетоноор дүүрсэн газар биш, байгалийн органик зарчимыг хадгалан үлдээж чадсан байх ёстой гэх мэт сонирхол татам теориуд гаргасан байдаг.

Хоридой мэргэн(http://horidoimergen.blog.gogo.mn/): Өнөөгийн Монгол дахь хот байгуулалтан дахь тулгамдсан асуудлыг гадаадын хоттой харьцуулан өнөө цагт нэн шаардлагатай үгүйлэгдэж буй санамжыг нийтлэл болгож тавьсанд баярлалаа. Үнэхээр өнөөдөр Монгол улсад хот байгуулалт гэдэг юм алдагдаж, мэргэжлийн Архитекторчдын хяналтаас гарсан. Мөн зарим Архитекторч нар үүргээ ухамсарлахаа байсантай холбоотой. Өнөөгийн монголын нийгэмд баяжиж хөлжихөө бодсон улсууд ирээдүй хойчоо ч бодохгүй дураараа дургиж байхад, хэдэн Архитекторчдын хэлсэн үг чихээр нь орох нь байтугай л байна.

Дээр нь бас хууль дүрэм норм бий боловч, өнөөдөр Монголд хэрэгжүүлэлт бүрэн алдагдаад байгаа. Хариуцлагын систем бол бүр алдагдсан. Мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа хийх боломжийг Монголд өнөөдөр дээр дооргүй хаасан. Учир нь албан тушаал дээрээ үлдэх сонирхолтой мулгуу гарууд өөрсдийгөө мэргэжилтнүүдээр биш, өөрийг нь дэмжиж постонд нь үлдээх тэс хөндлөнгийн хүмүүсээр л тойрон хүрээлүүлж байна. Үүний дүнд нийгэм улам л ялзарч байна. Хотийн ялзрал шарилжиндаа баригдсан талбай мэт барилгуудтай байгаагаас ил харагдах биз ээ. Хүн байхын учир утгийг гагцхүү мөнгө эрх мэдлийн боол болсон байдал, түүний хор уршиг хот төлөвлөлт төдийгүй нийгмийн бүх л салбарт харагдаж байгаа. Хот гэдэг өөрөө хүн юм. Хүмүүс бид эд эс нь. Хот доголдвол оршин суугчид ч мөн адил доголдоно. Зогсооход оройтоогүй ч, цаг алдах тусам засахад улам л их зардал нэмэгдэнэ.

Хотын хөгжил өөрөө улсын бодлого төсвөөр явагддаг. Гэтэл өнөөдөр УБ-т зарцуулагдах ёстой нийт төсвийн 70% нь бусад аймгийн төвүүд рүү зарцуулагдаж байна. Тэгээд үлдсэн мөнгөөр шугам сүлжээгээ янзлах гэхээр бас бусад зам энэ тэрд зарцуулах ёстой байдаг. Тэгээд тэр мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Ингээд бодохоор бүр дээрх захиргааны зохион байгуулалтийг өөрчлөхөөс авахуулаад хуулинд тусгай заалтууд ч оруулах шаардлагатай юм. Ядаж аймаг өөрийнхөө олсон мөнгийг аймагтаа зарцуулдаг байх жишээний тийм эрх мэдлийг олгох, хотуудад барилга барих хууль гаргах. Жишээ нь барилга барихаар авсан газрынхаа 30% хувьд нь барилгажуулж, үлдсэн нь цэцэрлэг зам талбай хийх ёстой гэх мэт. Тэгэхгүй бол өнөөдөр хүмүүс хотод авсан газраа дүүртэл нь барилга барьчихдаг. Хамгийн гол энэ бүхнийг ойлгодог, хэрэгжүүлдэг улсыг одоогийн энэ эрх мэдэлдээ улайран байгаа юу хийх учраа ч олохгүй гаруудын оронд аваачаад тавьчих юмсан.

Хотод байгаа хуучин барилгуудыг нураагаад шал өөр модерн юм хийгээд байгаа нь хотын түүх соёлыг устгаад байгаа юм. Нурах дөхсөн барилгыг нурааж болно. Гэхдээ дахиж барихдаа хуучин хэв загвар хадгалснаар нь барьж болно. Холимог бүтэцтэй болгоод. УБ хот өөрөө ямар хот вэ гэдэг талаас нь хотын хэтийн төлөв авч явах юм л даа. Улсын нийслэл УБ тусгаар тогтнолын билэгдэл, монгол туургатны оюун санааны төв, худалдааны төв зэрэг утгаар нь хөгжүүлбэл, одоогийн байгаа байдлыг орвонгоор нь эргүүлмээр санагдах юм. Тэр баригдаж байсан "Blue sky" гэдэг барилга хөрсний суулт үүсгэсэн, эргэн тойрныхоо барилгуудыг хазайлгах, хэтдээ нурааж ч мэдэх аюултай болсон тул зогссон. Мэргэжлийн хүний үгийг анхнаасаа сонсоогүйнгай гарч байна. Тэгээд ч энэ нийтлэлтэй холбогдуулаад, Монгол Улс монгол түмэндээ мэргэжлийн улс хийдэг ажлын чанартай системтэй болохыг хүсье

Monday, 24 November 2008

Ямар хот цогцлуулах

Прагад 1968 онд оросын цэрэг хүчээр орж ирэхэд олон хүмүүс баруунд дүрвэж гарсан. Тэдний дотор дэлхийн дахинаа алдартай зохиолч, зураач, уран барималч зэрэг олон сэхээтэн байлаа. Чехэд төрсөн, 1968 оноос Англид ажиллаж амьдарч буй архитектор Ян Каплицки ирээдүйд чиглэсэн уран барилгын футурист урсгалыг үүсгэгчдийн нэг. Түүний төслөөр олон улс оронд барилга баригдаж, уран барилгын олон улсын нэр хүндтэй шагнал удаа дараа хүртэж байсан нэгэн. Каплицкийн Прага хотын улсын номын сангийн барилгын төсөл ихээхэн маргаан шуугиан үүсгэлээ. Хэт орчин үеийн шийдэлтэй энэ төсөлд чехүүд "наймаалж" (The Blob or The Octopus) гэсэн хоч нэр өгөөд, эргэн тойрны байр байшинтай зохицохгүй хотын түүхэн хэсгийн өнгө төрхийг эвдэх нь гэж эрс дургүйцсэн, дэмжсэн хэсэг үүсч хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Олон улсын архитекторчдын холбооноос зарласан нэр хүндтэй байгууллага баталж сайшаасан төсөл шүү дээ. Барилга барихаар хараалсан газар нь хотын зүрхэн төв ч биш. Энэ барилга яг энд баригдах эсэхийг одоо хэлж мэдэхгүй. Хотын захиргаа, нийт ард түмэн хотын үзэмж, түүх дурсгалдаа хэрхэн хандаж байгаад асуудлын гол нь байгаа юм.

Чехүүд зөвхөн эртний барилгаа эрхэмлээд орчин үеийн барилга огт барьдаггүй гэвэл, үгүй. Прагийн хотын төвд хуучны барилгуудын дунд байх "Бүжиж буй байшин" (Dancing Building) хамгийн орчин үеийн содон дизайн шийдэлтэй гэж 1996 онд дэлхийн шилдэг уран барилгаар шалгарч байв. Чех архитекторч Владо Милунич, америк архитектор Франк О Жери нарын зургаар босгосон бүжиж буй байшинг дайны үеийн алдарт бүжигчин хос Фреда, Жингэр (Freda Astaira & Ginger Rogers) нарт зориулжээ. Цонхнууд нь дээр доор хана нь нугарч мушгирсан энэ өвөрмөц барилга өндөр намаараа ч өнгө будгаараа ч ойр хавийн барилгатай зохицож байдаг нь гайхамшигтай. Ойр хавийн гэхэд хэцүү бүр ханаараа нийлсэн байшингуудаас этгээд сондгойрохгүй нь сонин. Ийм орчин үеийн шил метал болсон барилга болгон хажуу хавиргынхаа хуучны барилгатай тэр бүр зохицдоггүйн нэг жишээнд бол хотын төвийн На Прикопе гудамжинд байх Мислбек худалдааны төвийг нэрлэж болно.



















-












Прага хотын төв гудамжыг Вацлавын өргөн чөлөө гэдэг. Үндэсний сэргэн мандалтынхан зуугаад жилийн өмнө Вацлав IV-н морьтой хөшөөг гудамжны эхэнд залсан байдаг. Гэтэл ардчилсан хувьсгалын дараа уран барималч Давид Черни дөрвөн хөлийг дээш харуулсан морин дээр ариун Вацлавыг залсан хөшөө босгожээ. Уран барималч ямар санаа илэрхийлсэн талаараа ганц ч үг унагаагүй. "Уламжлалт үнэт зүйлс ул боллоо буюу жигшдэг юмс зэрэг дэвшиж, эрхэмлэдэг зүйлс таягдан хаягдлаа", "хөл нь дээш харсан морин дээр суугаа хүн бол ардчилсан хувьсгалын дараах анхны ерөнхий сайд асан, өнөөгийн ерөнхийлөгч Вацлав Клаус" гэх зэрэг таамгийн янз бүрийн бор шувуу нисдэг. Энэ хачин хөшөө Вацлавын өргөн чөлөөнд ориг хөшөөнөөс нэг их холгүй хэдэн сар байлаа. Дараа нь Шинэ хотын Люцерна пассажт оруулсан. Үхрийн галзуу өвчин гараад баахан үхэр алж устгал хийсний дараа, хүний хувиа бодсон зэрлэг авирыг эсэргүүцсэн залуу барималчид нэг хэвийн олон үхэр баримал цутгаад, түүнийгээ янз бүрээр будаад тараан байрлуулснаар хотоор нэг эрээн мяраан үхрийн барималтай болчихлоо. Зарим хүмүүс "үхрийн" үеийг фото болгон баримтжуулсан байдаг. Одоо байраа олсон ганц нэг нь л үлдээд бусад нь складад, галерейд очоод харагдахаа больсон. Хэн нэгний бодол уран санаагаар хөшөө, баримал хийдэг. Хаана байрлуулах, эргэн тойронтойгоо утга санаа, өнгө зүс, хийц хэвээрээ зохицож байна уу гэдгээс хамаараад уран бүтээл болгон хөшөө болж урт настай байдаггүй бололтой.

Дөрвөн хөл нь дээш сарвайсан морьтой хөшөө, эрээн алаг үхэр бүгдийг хэн дуртай газраа байрлуулаад, мөнгөн санхүүжилт олдсон гээд онгорхой зай болгонд хэн хүн дуртай барилгаа бариад байсан сан бол Прага хот ПРАГА биш болоод жилд хэдэн сая жуулчин хөлхөж, хэдэн сая ногооноо үлдээхээ болих байсан биз. Дашрамд дурдахад 1,2 сая хүн амтай Прага хотод жилд 4-6 сая жуулчид ирдэг бөгөөд жуулчлалаас ордог орлого үндэсний орлогын багагүй хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газрыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, үе шаттай тодорхой төлөвлөгөөтэйгөөр эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босог гэсэн тайлалтай нийцэх олон барилга бий. Дээр үеийн хийц маягтай фасадыг хэвээр үлдээж, дотоод заслыг орчин үежүүлсэн барилга алхам тутамд таардаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлснээр үүссэн өнөөгийн Прагад готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай танилцах боломжтой тул Прага хотыг уран барилгын 1000 жилийн амьд музей ч гэдэг.

Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат барилгачин Д.Чойжилжав гуай "Өнөөдөр" сонинд
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31082 өгсөн ярилцлагадаа "Анхны ерөнхий төлөвлөгөөг маш мэдрэмжтэй хийсэн. Монгол хүний цусанд байгалиа шүтэх, байгальтайгаа хамт амьдрах үзэл бат шингэсэн байдаг. Үүнийг энэ төлөвлөгөөнд маш нарийн зохицуулж өгсөн. 1954-1957 онд манай анхны архитекторч Чимид гуай, ЗХУ-ын архитекторч Наумовтай хамтарч зохиосон юм. Улаанбаатарыг дээрээс нь харахад монгол гэр шиг харагдахаар зохион байгуулсан. Их сонин философ. Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордонг тойроод Бага тойрууг байгуулсан нь гэр лүү орж байгаа юм шиг харагдаж байхаар бодолцжээ. Нисэх, Их тэнгэрийн ам руу явж байгаа замыг “Та нааш ир ээ” гэсэн найрсаг зангийн илэрхийлэл маягаар байгуулснаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хадаг бариад тавтай морил гэсэн утга санааг илэрхийлсэн гэж билээ. Яваандаа хот өргөжин хөгжихийн хэрээр Төв талбайгаас Богд уулын ам хүртэл цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байдаг юм." гэсэн байна.

Одоо хагас зууны дараа Сүхбаатарын талбай ямар болоод байна. Хуучин Элдэв-Очирын нэрэмжит кино театр байгаад одоо "Хөрөнгийн бирж" болсон барилгатай ижил төстэй хэв загвараар барьсан "Голомт" банкны барилга орчинтойгоо зохицолоо олсон шиг. Орчин үеийн атлаа үндэсний хэв загварыг хадгалсан "Соёлын төв өргөө" харин ч нэг байраа олсон өргөө шиг дүнхийж байдаг. Дуурийн театрын өмнө сайхан цэцэрлэг байлаа. Цэцэрлэг дотор эмнэг сургагчийн хөөрхөн хөшөө байлаа. Одоо цэцэрлэг хөшөө бүгд газрын хөрснөөс арчигдаад оронд нь Шангрела гэнэ үү нэг хачин том барилга босож байна. Улсын филармони, Ленин клуб хоёрын дунд Blue Sky нэртэй шил толь болсон бас нэг том барилга бий болох нь. Нэрийг монголчилбол утга нь гарах ч, дургүйцсэн нийслэлчүүд "заазуур" гэдэг хоч нэр өгсөн нь яг оносон шиг. Төв гудамж руу цүлхийж орсон энэ хачин "заазуур" машин дотор явах хүнийг ч бяц дарах, тасдах гэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. 120 мянгатын урагшаа харсан цонхтой нэгэн орон сууцны байрны чанх урд ганц хоёрхон метрийн зайнд цонхны гэрэл хаагаад мангар том барилга баригдчихсан байдаг. Тэнд амьдардаг улсууд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохоос гадна, монголчууд бид мангар харагдаж нэр хүндээрээ хохирч байна. Ийм гоо сайхны мэдрэмжгүй, хууль дүрмийн зохицуулалт огт үйлчилдэггүй газар шүү гэж гадныханд хэлж, бүр хашгиран зарлаж байх шиг, өмнөөс нь ичмээр. Дан орчин үеийн өндөр байшин дундаа байсан бол эдгээр барилга тэндээ чимэг болохоор эд, одоо харин хотын төвийн шархи сорви мэт харагдана.

Барилга архитекторын улсын бодлого гээч юм байдаг гэдгийг энгийн иргэд мэддэггүй байлаа. Мэдэх ч шаардлага байхгүй байх. Нарийн мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил. Салхины чиг харж, ус, цахилгаан, дулааны шугам сүлжээг бодолцож барилга байгууламжаа хэрхэн хаана яаж өрөхөөс шалтгаалж, хотын амин судас болсон гудамж үүсдэг гэх. Одоо энд тэндгүй барилга хүчээр чихэж бариад энэ судсыг тасалчихаад байна. Улаанбаатарыг харахаар үнэхээр зүрх өвдмөөр болсон болохоор, санаа зовмоор болсон болоод л, амь насанд аюултай болоод байгаа учир мэргэжлийн биш энгийн иргэд энэ тухай өөрийн эрхгүй бодолхийлж байна.

Прага өнөөгийн энэ өнгө төрхөө олох мянган жилийн түүхийн урт хугацаанд хот олон дахин шинэчлэн баригдаж байсан байж таарна. Олон барилга, бүр бүхэл бүтэн хороолол огт үгүй болсон байж таарна. Олон бэл бэнчинтэй хүн гарч ирж ийм барилга энд, тийм орд тэнд барина гэж өрсөлдөж байсан байж таарна. Олон авьяас билэгтэн чамин шинэ хийц, урьд хэрэглэж дадаагүй шинэ материал санал болгож байсан байж таарна. Олон олон төр солигдож янз бүрийн хүмүүс ард олныг, улс хотоо удирдан залж байсан байж таарна. Өөрөөс нь өмнө хийгдэж бүтээгдсэн зүйлийг их бага ямар нэг хэмжээгээр хүндэтгэдэг, хадгалан үлдэхийг эрмэлздэг байсан, авах гээхийн ухаанаар зөв тунгааж байсан болохоор л уран барилгын мянган жилийн амьд музейг бүтээсэн болов уу!