Thursday, 27 January 2011

Ханиад томууд дарлуулахуй

Хүнтэй ажил ярьж байхад нус ус шиг урсаад "цэцэрлэгийн хүүхэд шиг болчих" гэж өөрийгөө шоолсон шиг, цаасан алчуур цаг зайгүй хэрэглээд их л завгүй өнжив. Удаах өдөр уй гашууд автсан хүн шиг нулимс дуслуулаад, "энэ ханиад биш харшил" гэж тайлбар тавьсан шиг өдрийг барав. Хоолой ирвэгнээд нэг л биш ээ. Баахан халуун цай уусан шиг дараах өдрийг үдэв. Үе үе найтаалгаад, толгой өвдөж эхэлсэн ч ажлын цаг дуустал гүрийв. Орой гэртээ иртэл даараад ч байх шиг ааш арзайгаад байхаар халуунаа үзтэл бага зэрэг бүлээрч байна.

Ханиадын ийм тийм вирус энд тэнтгүй зугаалж байна гээд зурагтаар сануулаад байсан. Түүнийг нь хүртчихэж! "Чөтгөр ав"! гэж нэг хараачихаад онц тоосонгүй. Чөтгөр гуайг ханиадаа аваад тонил доо хэмээн зөгийн балтай сүү, нимбэгтэй чихэртэй цай, сармистай хар шөл сэлтээр баахан дайлж аргадав. Өглөө бостол, ханиад чөтгөр хоёр ханилаад одсон бололтой бие сэтгэл арай гайгүй ч болчихсон шиг санагдаад, саалиа хаяад үхэж чаддаггүй авгай шиг ажилдаа явлаа. Автобусанд зүүрмэглэж явтал чөтгөрийн зулзага хамар дотор гэнт дэвхцэж яах ийхийн зуургүй найтааж орхив. Хүзүүний ороолтоор амаа таглаад дотогшоо өөрийнхөө хэнхдэг руу л вирусдэх шиг болсон. Юмыг яаж мэдэхэв хажуу тийш томууны ганц нэг сэргэлэн дусал үсэрхийлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд ам хамраа ч хаахгүй чөлөөтэй вирусдэдэг хүмүүс бас байх. Тэдний нэгнээс л би ...

Хамар шуухниатай, хоолой ирвэгнээстэй, хааяа нэг найтаалгасан шиг хэд хоног ажилдаа яваад, нэг л өдөр хэвлийн булчин хөндүүр болтол зогсоо чөлөөгүй ханиаж эхлэхдээ л томуу гуайг өвчин хэмээн тоож гэртээ хэвтэв. Гэртээ өөрөө өөрийгөө анагаадаг хүн болоод паралэн, колдрекс ууж үзэв. Хоёр гурав хоногт илааршихгүйд адгаж байнаа. Өвдлөө гээд эмчид очихоор, эм тариа барагтай бол бичихгүй антибиотек бол бүр ч өгөхгүй баахан шинжилгээ хийгээд эхэлдэг зантайг мэдэх болохоор, хурдхан эдгэрчих санаатай аптек ажиллуулдаг монгол эмэгтэйд утасдан антибиотек захиж авчруулав. Мэдээж, мафидэж олсон антибиотек бие улам л сулруулснаас агшин зуур анагаагаагүй. Эрүүл мэндийн даатгалтай байж эмчид очихгүй миний хийж байгаа алхам, эм зүйч мэргэжилтэй түүний хийж байгаа бизнес гэж таарсан дугуйнууд аа.

"С" амин дэм өндөр тунгаар уухад томуу төст өвчинд сайн гээд баахан бэрсүүт жүрж, амтат жүрж, нимбэг уугаад идээд байсан чинь, зарим антибиотектой энэ төрлийн амин дэм харш байдаг юм байна. Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулахад "В" амин дэмийн цогцыг хэрэглэх сайн гээд байдаг санаанд орж, В комплекс гэсэн амин дэмээс өдөрт ганц хоёрыг ширхэг залгиж байв. Гэтэл В амин дэм өвчтөнг өөд татахын зэрэгцээ ханиад томууны вирусыг бас тэтгээд сэргээгээд явчихдаг ихээ ардчилсан эд гэнэ. Тэгэхээр аливаа эм, амин дэм ууж эхлэхээсээ өмнө зааврыг нь үг үсэг алгасалгүй уншиж баймаар юм билээ.

Хэрвээ хүмүүс агаар дуслын замаар халдварладаг ханиадыг тоож ханддагсан бол хамт ажилладаг улсдаа халдаахгүй гээд ухамсартайгаар гэртээ бүгдэг, ядаж хажуудах хань ижилдээ, хүүхэд багачуудад, хөгшид өтгөст ханиадаа халдаахгүй гэж өөрийгөө тэрүүхэндээ цэнэдэг сэн бол халдвар арай л тархац багатай байх сан.

ДОХ, хорт хавдар гэх өвчний онош хорвоогийн тоосыг хөдөлгөх хоног чинь тоотой гэх ялын тогтоол мэт дуулддаг байлаа. Ийм оноштой хүмүүс хэдхэн хоног биш хэдэн сар, жил, хэдэн жилээр амьд явж байгаа жишээ олширсоор байгаа тул өнгөрсөн цагт "байлаа" гэж хэлэх байна. Хүмүүс үл тоомсорлон нянг нь тарааж явдаг ханиад томуу л хорвоогийн хамгийн аюултай өвчин болсон мэт.

Friday, 21 January 2011

Цаг агаар

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ гээд сэтгэл сэртхийлгэл сүрхий хөгжим ар фонд явдаг онцгой мэдээ л биш бол хүмүүс цаг агаарын мэдээнээс хамаараад өдөр тутмын хийдэг ажил төрлөөсөө хойш сууж, зуршил дуршилаасаа татгалзана гэж байхгүй шиг улс төр гээчийг цаг агаарын өөрчлөлт шиг байж л байдаг балай нэг юм гэсэн шиг тоомжиргүйхэн аваад өөр өөрийн хийх юмаа хөөгөөд явах нь өөрт өлзийтэй, улмаар өрөөл бусдад алсдаа улс нийгэм дэвжихэд дэмтэй шиг. Улс төртэй төргүй хавтгайрч буй эх дэлхийд хамаг юм жам ёсоороо хувьсаж, хүмүүс амьдрал ахуйгаа хөөгөөд дурлах нь дурлаж, урлах нь урлаж, уйлах нь уйлж, уйхаалсаар урагшлах нь ахих мэтээр хорвоогийн олон өнгө алагласаар цаг хугацаа улирдаг.

Ажиглаад байхад, бүтээлч хүчтэй хувь хүн ямар цаг үед (улс төрийн ямар дарамтанд) амьдарч байснаас үл хамаарч үеийн үед дуурсагдах мөнхийн бүтээлээ туурвисан байдаг. Хатсан хөрстэй усгүй цөлд харж ханамгүй гоёмсог цэцэг ургахгүй шиг, энгийн хүмүүсийн эгэл амьдралаар тэжээгддэггүйсэн бол суутны гайхам бүтээл төрөхгүйсэн. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэгчлэн заавал суутан болох гэлгүй бидэн хир тааруу дөнгөх юмаа л хиймээр шиг.

Сайн хааны ивээл дор ард олон амар сайхан жаргажээ хэмээн өлзийтэй сайхнаар төгсдөг үлгэр амьдрулах эр зоригтой, эрч хүчтэй, эрдэм боловсролтой аавын хүү ээжийн охид тэр улс төрөөр нь тоглог. Улс төрчийн аньсга хөдөлгөх, амьсгаа авах, алхаж гишгэх, сууж босох, сэтгэх сэртэлзэх бүгд олны нүдэн дээр болохоор амар биш ажил. Амжилттай тоглоом гаргаж чадвал сайн л байна. Чадаагүй алдлаа гэхэд амьдралд маань хал бал багатай байхыг нь бид өөрсдөө хийе. Цаг наргүй уйгагүй хөдөлмөрлөдөг ажилчин зөгийдгүй бол хатан зөгийнөөс бал гарахгүй ээ.


Friday, 14 January 2011

Сакура ба Царс

Оросын дипломатч Всеволод Овчинниковын арлын тэргүүлэгч хоёр гүрэн Япон, Английн тухай харьцуулан бичсэн "Сакура и Дуб" ном анх 1983 онд хэвлэгдэн олны хүртээл болж, 1985 онд уран сайхны нийтлэл ангилалд төрийн шагнал хүртсэн юм. Тэр үед уг номыг нэг амьсгаагаар уншиж байлаа. Хориод жилийн дараа шарласан хуудастай номоос нэг юм харахаар эргүүлтэл бас л сонирхолтой байсан тул эхнээс дуустал дахин уншчихав. Ахин уншихад анх уншиж буй мэт амттай байсан энэ сайхан номын талаарх бодлоо блогчидтойгоо хуваалцая.

Япончуудын тухай өгүүлэх "Ветка Сакуры" буюу "Сакурын мөчир" хэмээх номын эхний хагас тухайн үндэстний зан заншил, нийгмийн бүтэц, хүн зоны ааш араншангийн онцлог, соёлын тухай ихэд гярхай хошин өгүүлсэн тул илүү сонин байв.
Англичуудын тухай бичсэн "Корни Дуба" буюу "Царсын үндэс" гэж нэрлэгдсэн сүүлийн хагаст англичудын онцлог араншинг ангит нийгмийн уршиг гэх мэт коммунист дүгнэлт цөөнгүй хавчуулсан нь сонирхолтой баримтуудыг бүдгэрүүлэх мэт сэтгэгдэл төрж байсан ч бас л сонин байлаа.

Япончуудын гоо сайхны үнэлэмж саби, ваби, сибуй, югэн гэх дөрвөн тулгуур ойлголтоос бүрддэг гэнэ. "Сабу"-эртний сайхныг тодорхойлох зэвэрсэн гэх утгатай үг. "Ваби" нь энгийн байгаагаараа байхын гоо сайхныг илэрхийлсэн, хэт содон марзан чимиг сэлтийг үгүйсгэсэн үзэл . "Сибуй" - төгс төгөлдөр бус унаган төрхөөрөө байгаа бүхэн юм юмнаас илүү гоо сайхан, цаг хугацаа улирах тутам юмсын угшил нь улам тодорч сайхныг нь ил гаргана гэх үзэл. "Югэн"-гүйцэт эс өгүүлэх, ёгт далд утга бүхий үг хэлцээр санаа бодлоо илэрхийлэх урлаг.

Английн боловсролын систем, тэдний хүүхэддээ хандах хандлага их сонин санагдлаа. Хүүхэддээ их хатуу ханддаг эцэг эхийн хайраа сэтгэлийн гүндээ нууж, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй биеэ барьдаг атлаа нохойтойгоо бол чөлөөтэй нялуурч сайн муугаа ний нуугүй гаргадаг сонин улс гэнэ. Хүүхдийг ямар сургуульд сургаснаар ирээдүйд тэдний нийгэмд эзлэх байр суурь тодорхойлогддог юм байна. Хүүхдээ бүр хар багаас нь гэрээс нь гаргаад нийтийн байртай, нэр хүндтэй, өндөр өртөг хувийн дунд сургуульд оруулж чадвал, Кембридж, Оксфорд университетын аль нэг нэртэй колледжид элсэх магадлал өндөр. Тэгээд тэр дээд сургуулиа төгсөж чадвал тухайн сургуулийн галстук эзэмшигч болох бөгөөд цаашид насан туршид нь ажил бүтэмжтэй болох эсэх, карьер хийн өсөн дэвжихэд нь галстук нэгтэн бүр өөрийн хүн гэж хүлээж авах тул томоос том "арын хаалгатай" болдог шиг. Эдгээр сургуульд нарийн мэргэжил гэхээсээ улс орон том компани удирдах арга барил, гол нь удирдагч төлөвшүүлдэг гэнэ. Англи маягийн удирдах ажилтан болохын тулд хүүхдийг юуны өмнө өл даах, хүйтэн халуунд тэвчээртэй гээд сэтгэлийн хаттай болгодог байна. Сургууль хичнээн үнэтэй нэртэй байна, тэнд хүүхэд төчнөөн өлсөж даарч ахлах ангийнхандаа дэглүүлсээр хатууждаг улмаар бэрхшээлийг инээмсэглэж байгаад давах чадвартай, үгээ цэнэсэн даруухан нөхөр болох ёстой бололтой. Англи хүмүүс ажлын бус цагаар ажил мэргэжлийн талаараа огт ярьдаггүй, ер нь ямар нэг юманд мэргэшсэн мундаг, алдар цуутай хүн гэдгээ гэдгээ зарлаад байдаггүй, хүний дотоод амьдрал руу өнгийдөггүй, өөрийнхийгөө ч нийтэд цацаад байдаггүй. Ойр зуурын гэрийн гадаах цэцэрлэгтээ ямар мод цэцэг тарьсан, үргэлж үүлтэй бүүдгэр цаг агаарынхаа тухай, чөлөөт цагаа хэрхэн юү сонирхон өнгөрөөдөг зэргээ хөөрдөг улс юм байх.

Гадаад хэл сурахад дүрэм тэгээд үгийн нөөц гэж нэг аймаар даваа байдаг . Үг болгон ямар нэг утга илэрхийлдэг. Тэр нь цаанаа тухайн үндэстний зан заншил, түүхтэй нь ямар нэг сэжмээр холбогдсон байдаг. Тэр бүхнийг мэдэхгүй гадны хүн гадаад үг хэлц бүрийг төрлөх хэлнээ буулгаж өөрийн соёлтой холбон ойлгодог болохоор харь хэл наалдац муутай байдаг шиг. Хэл яриа тухайн үндэстний сэтгэлгээний толь, соёлын илрэл билээ. Энэ нь ялангуяа хошигнол дээр их тод илэрдэг. Монгол хэлний зүйр цэцэн үгс шигтгээлсэн сайхан хэллэгтэй, манай ардын егөө, хошигнол ихтэй зөвхөн монгол хүн л амтархан уншдаг ном зохиолыг орчуулахад чухам тэр тансаг амт нь гадаад хэлэнд хир буухыг мэдэхгүй.

Уншаад үзээрэй. Сонин ном билээ.

Wednesday, 22 September 2010

Ядуу бага нас

Фрэнк Маккортын "Анжелийн чандар" (Angela's Ashes by Frank Mc Court) гэдэг номыг инээх, уйлах хослуулан байж салж чадахгүй хэд хоног уншиж дуусгалаа. Зохиолч өөрийн бага насны ядуу тарчиг бодит амьдралын тухай дурсамжаа тэтгэвэрт гарсан хойноо бичиж 1996 онд хэвлүүлжээ. Жирийн амьдралын гашуун үнэнийг бага хүүхдийн хүүрнэл маягаар бичсэн эл ном олон уншигчдыг шууд байлдан дагуулж, даруй 17 гадаад хэлэнд орчуулагдсан байна. Дараа жил нь шилдэг утга зохиолд олгодог америкийн Пулитцер шагнал хүртэн, 1999 онд уг зохиолоор кино хийжээ.

Хэт доош орчихсон амьдрал ахуйгаа дээш татан бэрхшээл даван гарах сэтгэлийн хатгүй, арчаагүй, архичин, тамхичин, хамгийн гол нь залхуу гээд хаа газрын ядуу улсууд төстэй шиг. Өсгөж дийлэхгүй атлаа олон хүүхэдтэй. Хүүхдүүдээ халамжлах ухамсар ч үгүй, чадвар ч бас үгүй. Гэрийн эзэн сайхан сэтгэлтэй, хүүхдүүддээ хайртай муугүй эцэг мэт. Шөнө дунд согтуу ирэн хүүхдүүдээ сэрээн Ирландын төлөө үхэе гэсэн дуу байнга дуулуулна. Эх оронч ирландын төлөө зүрх сэтгэлтэй эр. Манайд халхууд буриадыг монгол биш гэх гээд байдаг шиг, эхнэрийн төрсөн хотод нутгийн уугуул биш гэж ад үзэгдэн хавчигдана. Хааяа аз таарч ажил олдож, хэдэн цаастай болвол дийлэнхийг нь гашуун усанд өгчихнө. Авгай нь буяны байгууллагын хишигт дулдуйдан өлөн зэлмэн хүүхдүүдийнхээ гол зогооно. Ажилгүй авгай нөхөр хоёр тамхичин. Татаж буй тамхи бүр хүүхдийн хоолноос хумсалж буйг буяны байгууллагынхан анхааруулсаар байхад сэтгэл сэргээх ганц юм минь гээд тамхинд мөнгөө үрээстэй.

Уул нь, өнгөрсөн зууны эхин үеийн Ирландын Лимерик хэмээх жижигхэн хотод үйл явдал өрнөх ч, манай монголын тухай өгүүлээд ч байх шиг сэтгэгдэл үе үе төрж байв. Хэдэн хүүхдээ тэжээхийн тулд эцэг эх болсон л бол юү л бол юү хиймээр, гэтэл ядуу хос ажил голно. Бас нэрэлхүү. Өвлийн хүйтэнд хоол унд хийх , гэр орноо дулаацуулах түлшгүй болоход хөөрхий хүүхдүүд л бороо цасан дундуур туучин явж гудамжнаас мод цаас, төмөр замын дагуу унасан нүүрсний хог гээд ер түлж болох болгоныг түүж гал залгуулна. Харин эцэг эх ийм байдалд орсноосоо ичиж нэрэлхээд гэртээ хэвтэж байх. Яг энэ хэсгийг уншиж байхад, Дэнжийн мянгын мал нядалгааны цэгийн тухай нэг чехийн ярьсан зүйл санаанд орж билээ. Хувь хүмүүсийн туувраар оруулж ирсэн мал төхөөрч, өглөө зах нээгдэхэд зарах махыг шөнөдөө бэлддэг гэнэ. Олноор нядлах тохиолдолд толгой шийр, гэдэс дотрын ихэнхи хаягддаг юм байх. Үүнийг эзэнгүй тэнэмэл ноход, ядуу хүүхдүүд анаад зогсож байдаг гэнэ. Ажил ихтэй бойныхон хаягдал ялгаж шидлэхээс, хөөрхий энэ хүүхэд нохойд бариулчих вий гэж санаа тавин хаях зүйлээ гарт нь атгуулаад нохойгоос хамгаалан гэрт нь дөхүүлэхгүй нь ойлгомжтой. Гэдэс дотор, толгой шийр зэрэг ганц хоёр өдөр өл залгуулах юм олж авсан хүүхэд шөнийн харанхуйд ёстой бор зүрхээрээ чулуу модоор ноходтой тулалдсаар гэрийн зүг тэмүүлнэ. Гэртээ хурхиран унтаж байгаа архичин аав, арчаагүй ээж, өлөн хэдэн дүү нараа тэжээх үмх махаа хамгаалж, эзэнгүй тэнэсээр зэрлэгшин араатан болсон ноходтой ач тач үзэлцэж байгаа арваад настай хөвгүүнийг төсөөлөөд үз. Аймшиг! Бойныхонд мөнгө төлж зөвшөөрөл аваад, нэг шөнө ийм зураг авсан, харамсалтай нь энэ бичлэгтэй хальс бүхий цүнхээ нь хулгайд алдчихсан, томоохон зурагтын сувагт зарвал үнэ хүрэх материал байсан гэж ярьсан юм. Их Дэлгүүр хавийн хулгайч нарынхаа гадныхнаас юм шуух ур чадварыг шүтэх шиг, бүр баярлаж шиг болж билээ. Ийм гутамшигтай дүр зураг гадныханд хүрсэнгүй гэж миний баярлах ч бас л ядруу нэрэлхүү зан шиг.

Анх ирланд зохиолчын ном уншлаа, их таалагдсан гээд энэ номын тухай таньдаг ирланд авгайдаа хөөрцөглөв. Труди маань энэ номыг ч зохиолчыг ч үзэн яддаг гэнэ. Гайхсандаа хэлэх үг олдохгүй таг болоход минь зөөлрөөд зохиолын үйл явдал өрнөдөг Лимерик хотод төрж өссөн гэлээ. Номд бараг зуугаад жилийн өмнөх үйл явдал гардаг. Одоо ч Ирланд ядуувтар нь үнэн. Гэхдээ бөөс хуурсандаа баригдаагүй, дунд чинээний амьдралтай ажил хийгээд амьдралаа аваад явдаг хүмүүс зөндөө байдаг. Ийм ядуу тарчигаар манай хотыг алдаршуулсанд ихэд харамсдаг гэж билээ.

Thursday, 26 August 2010

Харыг хамгаалсан шар

Ажлын газрын арын хаалган тушаа хүн хүлээн зогсч байтал, нарийн замын эсрэг талын барны үүдэнд цагаан хар хоёр арцалдах нүдэнд тусав. Эхлээд таньдаг найз нар бие биеэ явуулж тоглож байгаа биз гэтэл нэг л биш ээ. Цагаан нь цайвар шар үсээ задгай хаясан, өндөр хөхтэй, өргөн ташаатай, нарийн бэлхүүстэй, сунайсан урт хөлтэй гоо үзэсгэлэнгийн төгс загвар гэмээр залуухан чех бүсгүй. Хар нь буржгарын цаад буржгар атирсан үстэй, урагш түрсэн эрүүтэй, зузаан даравгар уруултай намхан залуу. Хүүхэн хархүүгийн мөр лүү байсхийгээд түлхээд авах юм. Хархүү нэг юм хэлээд л урагш зүтгээд байдаг. Нэг нь англиар, нөгөө нь чехээр яриад бие биеэ ойлгохгүй байх шиг. Дуу нь чангараад явчихлаа. Чех хүүхэн "энд зөвхөн цагаан ордог" гээд хар залууг цааш түлхээд байгааг гэнт ойлгов. Зөвхөн цагаан гэнэ үү? Ингэхэд шар арьстан би ч бас гадаа хоцрох нь. Эрхээ хамгаалмаар санагдаад очиж:
-Та энэ барны эзэгтэй юү? гэж чехээр асуувал
-Үгүй би тогтмол үйлчлүүлэгч
-Энд зөвхөн цагаан арьстанд үйлчилдэг дүрэмтэй юм уу? Би орж болох болов уу?
Цаагуураа хүний эрх хөндөөд ч байх шиг чехээр яриад эхлэхээр гоо үзэсгэлэнгийн туйл маань зөөлрөөд явчихлаа. Пани та бол орж болно. Энэ хар дандаа хүний дургүй хүргээд байдаг өөдгүй этгээд байгаа юм.
Өөдгүй рүүгээ харвал, ажил төрөл ч үгүй энд тэнд хэрэг төвөг удаж явдаг, салбаг далдаг хийсэн этгээд шиг. Ямар ч болсон дэлхийн олимпийн аваргад хүч үздэг хөдөлмөрч булчин шөрмөс зангирсан, төлөв харуудтай ямар ч төс алга. Чехээр огт ойлгодоггүй бололтой. Гэхдээ л намайг гэнт гарч ирээд өөрийг нь өмөөрч буйг гадарлав бололтой. Энэ хүүхэн намайг ийш нь оруулахгүй дээрэлхээд гээд гомдол урсгаж байна.
-Та дургүй байхад нь заавал энд орох ямар шаардлага байна?Хааяагүй бар байхад .
-Зөрүүд зан хөдлөөд л...
Барны хаалга онгойж, тэндхийн бие хамгаалагчид бололтой өндөр бадриун хоёр залуу гараад ирлээ. "Энд юү болоод байна" гэж сүрлэг том дуугаар хүнгэнэв. Гурван өндөр цагааны эсрэг хар, шар хоёр тагжгар юм. Хүчний тэнцвэр алдагдаад явчихлаа. Шууд сүүлээ хавчаад зугталтай биш, шар миний шар хөдөлж: "Цыгануудаа гадуурхдаг гээд гишүүн болгох эсэх дээр бөөн хэл ам болж байж Европын Холбоонд танайхан ороо биз дээ. Хүн ялгаварлан гадуурхадаг үзэл байхгүй болсон гэдэг худал юм байна. Танай барны тухай, ийм арьсны үзэлт чехүүд байдаг тухай бичнэ " гэж том дуугарав.
Нөгөө хар руу, "чи хүний нутагт хүний биеэ аятайхан аваад, эвтэйхэн явахад яадаг юм" гэж ээж, багш синдромдож хэлээд эргэсэн.



Saturday, 21 August 2010

Ялгаа

Явж байтал ази эмэгтэйн зурагтай рекламтай тааралдав. Хамт явсан чех эмэгтэй
-Монгол хүүхэн гарчихаж.
-Үгүй ээ, энэ хятад хүн байна.
-Чи яаж ийм итгэлтэй хэлж байнаа?
-Азийн бидний хувьд чех, англи, орос бүгд л ижил цагаанууд. Гэтэл танайхан орос хүнийг хараад чехээсээ шууд ялгана. Англи хүн чех хүнийг англиасаа шууд ялгаад өөр гээд байдаг.
-Оросууд манайхнаас өөр, би ч энэ нь чех, тэр нь орос гээд хэлчихнэ. Чи хятад монголыг юугаар нь яаж ялгах бэ?
-Манай монголчууд тэднээс арай өндөр бас бадриун. Мэдээж тэрбум хятад дотор хоёр алд өндөртэй дэлхийн хамгийн том, тохойн чинээ дэлхийн хамгийн жижиг одой хүн бий гэж дуулддаг. Монголчууд цагаан идээ мах голдуу иддэг болохоор яралзсан цагаан, жигд сайхан шүдтэй, мөн шанаа өндөр, харц дээгүүр. Тэгээд хамар ам гээд хятад монгол өөрдөө өөр. Алхаа гишгээ, ааш зан бас ялгаатай.
-Хятадуудын хамар ам ямар гэж?
-Арай open-онгорхой гэх үү дээ. Манайхнаас тэд арай л ээтэн хамартай, орсгой шүдтэй гэхийг гадаад хэлэнд буулгаж дөнгөсөнгүй тул баруун гарын долоовор хуруугаар хамрынхаа үзүүрийг хойш чичилж шантгар болгоод, уруул хавьцаа дөрвөн хуругаа доош сарвайлган шүд нь нааш түрсэн хүнийг дүрслэв.
-Алхаа гишгээнд бас ялгаа байх уу?
- Түүх уламжлал шингэсэн хамгийн том ялгаа алхаанд харагддаг. Хятад хүн хөнгөхөн алхаатай: өлмий нь гадагшаа, өвдөг ер бүрэн тэнийхгүй, хүзүү урагшаа сунгаастай, харц доошоо хятад хүнийг харахаар цагаан будааны талбайн суулгац хооронд намс намс хийтэл хөдөлж хог ургамалаа түүж байгаа дүр зураг нүдэнд буугаад байдаг юм. Өргөн талд хонио хариулаад алсын бараа хараад айвуу тайвуу алхах монгол хүн бат цэгц алхаатай байдаг.


Тухайн үндэстэнг бусдаас ялгаруулан тодорхойлдог тийм нэг ерөнхий зүйл байдаг байх. Угсаатан зүйч биш болохоор мэдэхгүй тул хувийн бодлоо л хэлсэн.

Saturday, 5 June 2010

Монгол гэр

“Тэнгэрийн зарлигаар Бөртэ Чоно гэргий Гоо Маралтай хамт далайн чанадаас ирэн Онон мөрний эх Бурхан Халдун уулын бэлд нутаглан Батцагаан хүү төржээ” хэмээн монголчуудын удам гарлын тухай домог эхэлдэг. Эрт балар цагт Монголын уудам талд Хөх Чоно, Гоо Марал хөөцөлдөж, махчин чоно өвсөн тэжээлт согоог барьсангүй гэж төсөөлж болох нь. Ямар ч домог тухайн үндэстний үзэл бодол, гоо сайхны мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэн амьдардаг нүүдэлчдэд, чоно ухаалаг, эр зоригтой, хүч чадалтай араатан харагдах агаад түүний ханиар хурдан шаламгай, гоо үзэсгэлэнт, цоглог марал тодорчээ. Монголчууд гоо үзэсгэлэн төгс бүсгүйг согоо шиг гэдэг. Домогт өгүүлдэгээр, Бөртэ Чоно Гоо Маралын удамын Алан Гоо хатны хэвлийг гэрийн тооноор тусах тэнгэрийн гэрэл илбэхэд бүрэлдсэн хүүхэд Чингис хааны тэнгэр язгуурт хуланц гэнэ. Билэг дэмбэрэлийн амьтад Нар шүтэх ёстой ийнхүү уялддагаас монголчуудын гэрээ нар мандах зүг рүү харуулж барьдаг заншил үүссэн гэж үздэг.

Манж-Чин улсын ноёрхолд ортлоо монголчууд овогтой байж, манжийн дарлалын үед \1615-1911\ үед устан бид эцгээрээ овоглох болсон билээ. 1990-эд оны ардчилсан хувьсгалын үрээр Монголд овог сэргээх үйл явдал өрнөхөд цөөн бус хүмүүс “чонос” овог сонгосон. Эзэн Чингисийн эцэг Есүүдэй баатар боржигон овгийнх, жинхэнэ язгуур угсаатай нь Монголдоо үлдэн байсаар ирсэн гэх үзлээс “боржигон” овогтой хүн цөөнгүй бий болов.

Гэрийн голд багана гал голомт байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншил одоо ч хадгалагдан үлдсэн. Эртний багана эрхэмлэдэг энэ заншил мөн гал тахьдаг ёстой холбоотой. Дэлхий олон оронд чөтгөр шулам, муу муухайг гал л дийлдэг гэсэн үзэл түгээмэл. Монголд ч галыг дээдлэн тахиж ирсэн бөгөөд галын эзнийг амьд гэж тооцдогоос үзүүртэй зүйлээр гал руу чичихийг цээрлэдэг. Гал бузартана гэж хог новшоо гал руу хийдэггүй. Айлд орсон шинэ бэрийг галд мөргүүлж өөриймсүүлнэ. Энэ нь эрт цагт галын дэргэд тахил шүтээн онгоо байрлуулдаг байсны үлдэц юм.

Та Монгол орны дээгүүр онгоцоор нисэж байхдаа доош харвал энд тэндхэн нэгэн зүйл том цагаан мөөг бөмбийж байх вий. Уудам их газар нутагтай цөөн монголчуудын сууц болох гэр тэнгэрийн тэртэйгээс ийнхүү талын цагаан мөөг шиг харагддаг. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг өөртөө агуулдаг. Оршин байх хэлбэрvvдийн дотроос хамгийг бєх бат тєгс тєгэлдєр нь бємбєрцєг хэлбэр..

Монголчууд мод малын түүхий эд зэрэг гар дорхи материалаар өөрсдөө гэрээ хийдэг. Гэр яс мод, эсгий бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтнэ. Эвхмэл сараалжин хана, дээвэр болдог унь, унины тулгуур бөгөөд цонх болох тооно, тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод бүрдэнэ. Хонины ноосоор гар хийцийн эсгий хийдэг байв. Хонины ноос өөрөө зунгагтай учир эсгий өөрөө ямар нэг хэмжээгээр ус даах чанартай ч эсгийг ямааны тосоор тосолж бороо нэвчихгүй болгодог. Өнгий нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлнө. Адууны хялгасаар бат бөх дээс томж түүгээр гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийнэ.

Орчин цагт үйлдвэрийн аргаар ноосыг зунгагнаас нь салгаад угаасан ноосоор эсгий үйлдвэрлэж байна. Зунгагнаас гоо сайхны үнэт түүхий эд ланолин гарган авч гадаадын гоо сайхны нэрт пүүсүүдэд экспортолдог. Одоо борооноос хамгаалсан брезентэн дээвэр, цагаан даавуун гадуур бүрээс давхарладаг болжээ. Гэрийн модыг мөн үйлдвэрт хийж байна. Гэрийн мод дунджаар 15, эсгий 5 жил хэрэглэгддэг.

Гэрийг амархан барьж угсардаг, түүнээсээ амархан буулгаж нүүдэг. Хүндийн жин ердөө 250-270 кг тул хэдхэн тэмээ сарлагт ачаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор авгай нөхөр, анд нөхөр ч юмуу хоёрхон хүн барьчихдаг, хөнгөн авсаархан ийм сууц нүүдэлд тохиромжтой нь илт. Гэвч хоюулхнаа байх нь ховор тохиолдол. Монголчууд нүүдлийн улсыг зам тосон домботой цай, тавагтай идээ барин угтаж цайлдаг, гэр барихад тааралдсан таних танихгүй хүмүүс очиж тусалдаг заншилтай.

Гэрийг их багийг ханын тоо ба толгойгоор ялгана. Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. Жишээ нь 14 толгой бүхий 4 ханатай гэрийг бага дөрвөн хант, 16 толгой 6 хант гэрийг их 6 хант гэнэ. Хамгийн жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан. Дээр үед ихэс дээдэс 8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхийн тулгар бичигт тэмдэглэгдсэнээс хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй үлэмж том Бат-Өлзий гэр.

XIII зууны vеийн монгол хаадын олон арван шар хөллөсөн их гэр тэргэн нvvдэл тухайн үеийн гайхамшиг байв. Хаадын их нүүдэл суурин иргэдийн жуулчин, хэсvvлчдийн нvдэнд талын ингэр алгуурхан хєдєлж яваа хот мэтээр тєсєєлєгддєг байжээ. Ийм их гэр тэргэнээс гадна дєрєв, найман vхэр хєлєлсєн бэсрэг гэр тэрэгнvvд ч бас олон байсан.

Ирээдүйн Чингис хаан 1155 онд даруухан нэгэн эсгий гэрт мэндэлсэн. Эцгээсээ багадаа өнчин хоцорсон Тэмүүжин дөнгөж есхөн насандаа өрх толгойлж, эхийн хамт Онон голыг өгсөж уруудан жимс ногоо түүж, загас жарайхай барин олон дүүгээ тэжээн амь зууж байсан тухай “Нууц товчоо”-нд өгүүлдэг. Дээр үед ядуучууд загас барин ан гөрөө эрхэлдэг, олон малтай аял баянд тооцогддог байв. Одоо баячууд л зугаа цэнгэл маягаар ан гөрөө хийдэг болоод ойлголт эсрэгээр эргэсэн шиг.

Одоо хэрэглээнээс гарсан унь тооно хоёр нь үргэлж гэрийг сархинаг тоонотой гэр гэх бөгөөд ийм гэр нь ямар ч догшин салхи ширvvн бороонд унадаггvйгээр vл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад vерийн ус дайраад єнгєрхєєс биш аваад явчихдаггvй байжээ. Сархинаг тоонот гэрийн хэлбэр хатгуур тоонот конус хэлбэрийн гэрийг бодвол илvv бємбєгєр, хожимдоо гэрийн унь тооно саланги болж эдvгээгийн хатгуур тоонот гэр үүссэн. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан ийм гэр єнгєрсєн зууны тавиад он хvртэл говийн малчдын дунд байсаар л байлаа. Унь тооно хаалга хатавчны харьцаа єєр болсон хэдий ч монгол гэрийн vндсэн хэлбэр тєрх хийц маяг нь єєрчлєгдєлгvй манай vед хvрч иржээ.

Гэрийн одоогийн энэ хэв хийц 16 дугаар зуунаас өргөн дэлгэрсэн сонгодог хэлбэр. Гэрийн хаалга тооно голчоороо тэнцүү ба энэ үндсэн суурь хэмжээ болдог. Баганын өндөр хаалганаас 1,5 дахин өндөр. Шалны голч тоононы голчоос 4 дахин том. Унийн урт тоононы радиусыг 3 дахин авсантай тэнцүү. Европт сүм дугана барихдаа хүний биеийн харьцааг мөрдлөг болгон авсан харьцааны чанарыг мэргэжлийн хэлээр алтан огтлол \модул\ гэж нэрлэгддэг барилга архитектурын арга гэрийн модонд яг ижил мөрдөгддөг болохыг МУИС-ын багш Даваажав судалгаагаар илрүүлсэн байна. Монгол гэрийн бат бөх чанар чухамхүү энэ алтан огтлолд л оршино.

Монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон нь бас нэг гайхамшиг. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг монголчууд нар мандах шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг. Ам дөрвөлжин хэлбэртэй өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл өглөөний 4-6 цаг (бар-туулай цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг(туулай-луу-могой цаг), гэрийн хойморт нар их үдэд 12 тусна (морин цаг) гэх мэт.

Нарны цагтай яв цав тохирдог гэр бол 60 уньтай бага дөрвөн хант билээ. Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтадаар нэрлэгддэг. Гэрийн доторхи зайг хоймор, гал голомт, эрэгтэйн тал, эмэгтайн тал гэж ерөнхийд нь хуваадаг. Хоймрын авдар дээр бурхан шүтээнээ залдаг. Гэрийн эзэн хоймор талдаа суудаг ба хамгийн хүндтэй зочноо хоймортоо урьж суулгана. Хоймор талд элбэг баяны билэг тэмдэг болох хулгана жил, баруун тотгоны үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн тотгоны үзүүрийн унь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ гэдгийг илтгэн үхэр жилд тус тус таарна.

Хvрээлэн буй орчных нь уул ус, гvвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн давтамжтайгаар єєрчлєгдєн шинэчлэгдэж байдаг ч vvд хоймрынх нь орших зvг чиг, гэр дотрох эд агуурсынх нь байрлал тэр ч бvv хэл хониных нь хот, vхэр тугал, ингэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нvvж хаана ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зvг чигийг нь хэзээ ч єєрчилдєггvй. Гэр дотор нvvдэггvйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчиноо ч єєрчилдєггvй. Єєрєєр хэлвэл хэд ч нvvж хаана ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах єєрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч єєрчлєлтгvйгээр аваад яваад байдаг гэсэн vг юм. Эцэг євгєдєєс уламжилж ирсэн эд юмсын байрлал, зvг чигийг хэдэн vеэрээ єєрчлєєгvй айл бишгvй байдаг.

Гэрт оруут баруун хаяаны эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлтээс эрэгтэйн тал эхлэнэ. Гэрийн эзний ор, орны ар хананд ангийн буу өлгөөтэй. Хөөрөг, хэт хутаг, зодог шуудаг хусуур, ангийн үс зэрэг эр хүний нарийн нандин эдлэл хадгалдаг баруун авдар орны толгойд байна. Хөхүүр баруун талд байдаг нь эрт цагт эрчүүд гүү саадаг байсантай холбоотой гэх. Эрэгтэй зочид баруун талд суудаг ба хөхүүрийн дэргэдүүр өнгөрөхдөө айраг бүлж булчингаа чангалдаг, айлдаа хүчээ өгдөг заншилтай. Гэрийн гадаа баруун урьдхан морины уяа хатгаастай.

Гэрийн зүүн хатавчнаас эхлэх эмэгтэйн талд усны болон саалийн сав, гал тогооны эрэгнэг, эзэгтэйн хувцас хийдэг орны хөлийн авдар, оёдол үйлийн ба гоо сайхны хэрэгсэл зэрэг эмэгтэйн нарийн нандин зүйлсээ хийдэг орны толгойн авдар байна. Эм хүн бард хөөгдсөн туулай мэт аймхай дорой гэсэн санааг илэрхийлсэн мэт эзэгтэйн ор бар туулай жилүүдийн хоорондох зайнд яв цав таарна. Гэрийн эзэгтэйн зүү утасны авдар гэрийн гаднах үнээний зэлтэй харгалдан үхэр жилд таарахаар байршуулж зуршсан нь эм хүний хийморь оёдол үйл, цагаан идээнд байдаг гэсэн үзлээс улбаатай гэнээ. Одоо дээд сургуульд суралцагчдын үнэмлэхүй олон хувь нь охид болсон төдийгүй эрүүл мэнд боловсролын салбарт ажиллагсдын дийлэнхийг эмэгтэйүүд бүрдүүлж буй нь монгол угсаатны дунд түгээмэл тархсан цэцэн бэрийн үлгэр амилах хандлагатай болгов.

Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг тархсан Монголд гэрт ирсэн хүнийг заавал хооллож ундалдаг, тэр ч байтугай эзгүйд таарсан аянчин жинчинд зориулж идэх уух юм ширээн дээрээ бэлдээд, эзгүй гэрээ цоожгүй орхиод малдаа явдаг заншил саяхан болтол говийн аймгуудад байсаар байлаа. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах жилүүдийн алдаа оноонд хүний сайхан чанар бүүдийж, залхай өөдгүй улс олширсноор монгол гэрийн үүд түгжээтэй байдаг боллоо.

ХХ зууны эхэнд бараг бүгдээр нүүдэлчид байсан монголчуудын 30 хүрэхгүй хувь л одоо нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Гэтэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад гэр орчин үеийн байр сууцтай зэрэгцэн оршсоор, бүхэл бүтэн гэр хороолол хотын энд тэнд байсаар. Социализмын үед хот хөдөөгийн хооронд дураар шилжин нүүх хориотой байхад нийслэл хот маань одоогийнхоос цөөхөн гэртэй байлаа.

Аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд гэр отог өргөн хэрэглэх болов. Ердийн дөрөв таван хант гэрээс гадна тэргэн дээрхи эртний гэрийг ч, дээр үед зөвхөн хаад ноёд залардаг байсан олон хант том гэр барьж ресторан маягаар ашиглах боллоо. Гэр хэлбэртэй халаалга, халуун хүйтэн ус, бие засах хорго бүхий тоосгон барилга энд тэндхийн амралт сувиллын газар олноор баригдаж гадна дотны хүмүүсийн талархалыг хүлээж байна.

Одоо гэрийн дээвэр дээрээ нарны зайтай, гаднаа телевизийн тавган антентэй айл хот хөдөөгүй олон болж, бага оврын цахилгаан үүсгэгч генератор, хөргөгч, телевизор, радио, компьютер гээд орчин цагийн гэр ахуйн техник монгол гэрт байраа эзэлжээ. Монгол гэрийн тавилга зөвхөн шинэчлэгдэж буй бус гэр өөрөө шинэ орчинд байр сууриа олж, монголын уудам талаас хальж харь холын орнуудад тархаж эхэллээ.

Голландын бизнес эрхлэгч жуулчны базаа нэжгээд монгол гэр барьж үүсгээд, улмаар өндөр нуруутай өрнөдийн улс гэрт орж гарахад хялбар болгох үүднээс гэрийн хаалганы тотгыг өндөрсгөн арк маягийн болгон, гэр үйлдвэрлэдэг цехтэй болжээ. Авхаалжтай голланд эр гэр зохиосон авторын эрхийн гэрчилгээ авах гээд хөөцөлдөөд явж байсан тухай манай сонинд бичигдэж байсан.

Би Японд их зургаан хант гэрт монгол хоолны ресторанд орж үзэж байлаа. Чехэд дорно дахин судлаач (хятад, монгол) Шима гуайн эрхлэн ажиллуулдаг Ази нөхдийн клуб хоёр ч монгол гэртэй. Жил бүр Чехийн хөдөө нутагт гэр барин, гэрийн баяр зохион байгуулдаг уламжлалтай.

Францын морь судлаач эрдэмтэд Монголд тахь эргэн нутагшуулах төсөлд манлайлан оролцож, франц судлаачдын зарим нь нутгийнхаа өмнөд хэсэгт жилийн дөрвөн улиралд гэрт амьдаран тахийн зан араншинг судладаг нь сонин. Парис хотод дуу бичлэгийн студийг гэрт хийдэг моод дэлгэрсэн нь чамирхал төдий биш юм. Дуучин дуулахад тархах шууд долгион, хананаас ойсон долгионтой нийлэхэд үүсдэг авианы гажилт шуугиан зэргийг багасгах зорилгоор дуу бичлэгийн студийн дотор ханыг зөөлөвчтэй дуу шингээгч материалаар доторлодог. Дөрвөлжин өрөөнд хана, тааз, шал болон өрөөний булан хүртэл долгион харилцан адилгүй хэмжээний зайг туулах тул зөөлөвч хийсэн ч гажилт үүснэ. Гэтэл дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэр аль ч талаараа дуу бичлэгийн студи хийхэд хамгийн оновчтой байр болох нь ойлгомжтой.

XIX зууны эцэст дэлхийн янз бүрийн газар оронд зуу гаруй ястан үндэстэн гэр хэрэглэж байжээ. Хүзүүвчин тоонотой цомцог гэрийг Оросын Холбооны улсын Халимаг, Тува, Баүкир, Татар, Курд, Ногай, Хягас, дундад азийн Казак, Туркмен, Узбек, Таджик, Киргиз зэрэг орнууд; түрэг угсааны Юрюкин (Турк), Хазар (Афганистан); Могол; Өвөр Монголд хэрэглэсээр байна. Харин Эвэн, Сагай, Эскимосуудын сууцыг урцнаас гэр рүү шилжих үеийн сууцны хэлбэр гэж үздэг байна. Гэрийн уг язгуурыг оромж гэх ба үүнд урц, овоохой, шовоохой гээд түр зуур толгой хорогдох нэн болхидуу сууц орно. Умард Америкийн индиан, Авсрали, Африкийн зэрлэг омгууд, Сибирийн гүн тайга, Е­несей, Амар мөрний сав болон Саяан Алтайн уулархаг нутагт амьдардаг зарим ястан одоо ч урцыг сууц болгон хэрэглэсээр байна.