Tuesday, 31 May 2011

Хүүхдэд барьсан гайхамшигт бэлэг

Хүүхдийн баяраар монголын олон үрсэд "Хөх дэвтэр" хэвлэлийн газар урьд хожид байгаагүй эгнэшгүй жинтэй, оюунлаг, сайхан сэтгэлийн угаас бүтээгдсэн, хамгийн их хөдөлмөр шингэсэн ГАЙХАМШИГТ БЭЛЭГ барьж байна. "Хөх дэвтэр" хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч зохиолч, сэтгүүлч Д.Оюунчимэг гуравхан жилийн өмнө дэлхийн хүүхдийн уран зохиолын өвөөс монгол хэлнээ сорчлон орчуулж нийт 108 боть бүхий "Эрдэнэсийн сан" цуврал гаргахаар төлөвлөж байсан бол одоо 82 ботийг хэвлэн гаргаад хүүхдүүдэд ийнхүү өргөн барьж байна.
Дэлхийн иргэн болон төлөвшихөд олон олон улс орны уран зохиол, үлгэр домогтой зайлшгүй танилцах шаардлагатай тул жинтэй, бага наснаас ном унших дадал суулгах нь оюун ухаан болон сэтгэцийн далайцийг тэлэх тул оюунлаг, бидний хойч үе монголын үр садад оюуны хөрөнгө оруулалт хийсэн сэтгэлийн хамгийн сайхан тусгал, ийм богино хугацаанд оюунаа чилээж гадаад соёлын угшилтай ном зохиолыг монгол соёлд хэрхэн буулгасныг төсөөлөхөд бэрх тул хамгийн их хөдөлмөр шингэсэн гэх байна. Эцэст нь хэлэхэд, улсын төсвөөс хэнд ямар арга замаар мөнгө олддог болох нь номын мөр хөөсөн монгол хүнд таахад бэрх оньсого болсон өнөө үед энэ том ажилд улсын төсвөөс ганц зоос олдсонгүй, сэхээтнүүд энд тэндхийн сангаас төсөл бичих замаар мөнгө олдог элдэв аргаар явах гэтэл номд олгодог сан байсангүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог гадаадын буцалтгүй тусламж хүүхэд гэсэн малгай дор траншейны гэх тодотголтой хэдээс бусад гэр орон эцэг эхтэйгээ байдаг ерийн хүүхдэд тэр тусмаа номд олддоггүй зарчим үйлчилдэг манай санхүүгийн нөхцөлд ийм том ажлын цаана гарсан нь үнэхээр гайхамшиг.
Номинчимэдийн блогт: "Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд, зарим Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг бас хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас оруулсан.108 номын 92 нь анх удаа орчуулагдаж буй зохиол бүтээлүүд. Бараг 50 хувийг нь энэ цувралыг анх санаачлагч зохиолч орчуулагч Д.Оюунчимэг орчуулсан. Мөн энэ дашрамд хэлэхэд эдгээр номыг хөрвүүлэхэд гар бие оролцсон ахмад орчуулагч Ц.Даваажав, Д.Баяртогтох, Ц.Сүхбаатар, Ч.Лхагва, У.Нямсүрэн болон мөн Б.Баясгалан, Н.Сүнжээ, Ч.Цэрэндулам, Ц.Цэвэлсүрэн нарт байрлалаа" гэсэн байна.
Одоогоор хэвлэлээс гараад байгаа ная гаран номын талыг Д.Оюунчимэг орчуулсан гэхээр, гурван жилийн мянга гаран өдөрт орчуулсан номыг ноогдуулж үзвэл сар хүрэхгүй хугацаанд нэг номыг хөрвүүлсэн дүн гарна. Тэгээд дан орчуулгаар дагнахгүй, ихэнх орчуулгыг уншиж хянасан хүн нь бас Оюунчимэг, номын чимэг зураг дизайн гаргуулах, хэвлүүлэх гээд аж ахуйн цаг барсан ажил хөөцөлдсөн гэхээр нэг номыг ер нь хэдэн хоногт "машиндсан" бол гэж гайхах шиг. Мэдээж хажуудах хань нь (Номинчимэд) бас номын хүн тулдаа уншилцаж, хяналцаж, зуралцаж тусласан гэдэг. Номоор амьсгалсан энэ хэдэн жилд хэвлэлийн газрын ажлаа зохицуулахаас гадна, гэрийн эзэгтэй хүүхдийн эх гээд олон олон алба амжуулж байсан гайхамшигт монгол эмэгтэйн эрч хүч ажилсаг тууштай чанарын өмнө бөхиймүй.
Хүүхэд насаа эргэн санахуйд, ээж аав бидэнд энэ баяраар элдэв амттан, янз бүрийн тоглоом, ном зэрэг авч өгдөг байв. Одоо чухам ямар амттан идсэн, ямар тоглоомоор тоглосон бэ гэвэл яг таг оноож хэлэхэд бэрх. Аавын маань "Зуун билэг" номыг аялгуулан уншиж өгдөг үдшүүдийг харин санаж байна. Нагац ээж маань юмыг нүдэнд харагдтал дүрслэл сайтай ярьдаг хүн сэн. Эмээгийн "өнгөтөөр" хүүрнэсэн "32 модон хүний үлгэр", "Шидэт хүүрийн үлгэр", "Бичэн багшийн баруун этгээд зорчсон түүх оршвой" зэрэг эртний сайхан үлгэрүүд одоогийн олон ангит хүүхдийн кино шиг сэтгэлд тод үлджээ. Тэр үед одоогийнхтой харьцуулахад цөөн ном хэвлэгдэн гардаг байв. Хүүхдийн ном бүр ховор. Аав номын худалдааны газарт ажилладаг тулдаа сургуулийн насны хүүхэд уншиж болох бүх л номыг бидэнд алгасалгүй авч өгдөг байлаа. Ах эгч бид гурав нэгнийхээ уншиж дуусахыг хүлээж тэвчихгүй, зэрэгцэж суугаад номны эхэн дунд хавийн өөр өөр хуудсыг нэг нь хэвтээ нөгөө нь босоо бариад хүзүүгээ гилжийлгэн хамт уншина. Хүзүү хөшөөд ирэхээр, нөгөөхөө тээршэн боль чи дараа нь унш, чи өөрөө боль гэж хэрүүл болох дөхдөг сөн.

Ном дор мөргөмүй

Monday, 30 May 2011

Хөөмийн гайхамшиг

19-10-2007нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн"Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.

Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.

Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.

Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.

Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.

Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.

Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.

Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.

Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэжбайсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.

Гадаадын хөгжим судлаачид оюуны үнэт өвийг танин мэдэх завшаан тохиолдсонд олзуурхан манай монголын уртын дуу, морин хуур, хөөмийд эрдэм шинжилгээний дүгнэлт гарган судалсаар байна. Япон, герман, голланд, америк судлаачид нэлээд хэдэн ном гаргажээ. Дундад ба Төв Азийн хөгжим судладаг Теодоро Левин гэдэг америк эрхэм манай хөөмийн тухай Прага хотноо хичээл сургалт хийж байхдаа, монголын ард түмний үнэт өв гэхээсээ илүү ийм гайхамшигт шинэ сонин юм нээлээ гэдэгтээ цохолт өгөн ярьж байсан. Монгол тахь гадаадын олон улсад оросын эрдэмтэн Пржевальскийн нэрээр алдаршсан гэдгийг санаж өөрийн орны унаган соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүгээрээ бахархаж, өөрсдөө судалж дэлхий дахинд Монголын гэдгээр нь таниулъя.


Tuesday, 24 May 2011

Улбар шар жанч

Түвд лам нарын амьдралын талаар сонирхолтой нь аргагүй бичсэн "Улбар шар жанч" (The Saffron Robe" by T.Lobsang Rampa) хэмээх багаахан ном уншлаа. Өдөр тутам нүдэнд дадсан зүйлээ хөндлөнгийн нүдээр харан анхаарал татам өгүүлж чадах ламыг гайхан интернет ухтал зохиолч нь Түвдэд ганц ч удаа очиж үзээгүй, Лувсандамба гэх түвд ламын хойд дүр Кирил Хоскин (1910-1981) гэх англи зохиолч аж. Түвдүүдэд манайханд ч элбэг тохиолдодог төрсөн өдрийн гарагийн нэр "Мягмар" буюу "Tuesday" ("T"-г) нэрийнхээ өмнө авчээ.
Энэ зохиолчын хамгийн алдартай, хамгийн их шуугиан тарьсан, тэр хэмжэгээрээ хамгийн олон гадаад хэлэнд орчуулагдсан ном нь "Билгийн мэлмий" (The Third Eye) гэнэ.
Монгол хэлнээ энэ зохиолчын олон ном орчуулагдсан байх. Хүний биеийн эргэн тойронд байх астраль, эфир бие, аура-н тухай өгүүлдэг "Та мөнх" гэдэг номыг хальт уншсан ч түвд лам бичсэн гэж бодоод өнгөрсөн санагдана.

Tuesday, 17 May 2011

Торой бандийн дуу

Элэгдэхийн өмнө элэгддэг
Энгэр тохой хайрангүй
Дээж баялаг нь элэгдэх
Дээдсийн нутаг хайран!

Зовохын цагтаа зовдог
Зовлого бие хайрангүй,
Өвгөдийн өрсөж хамгаалсан
Өрлөг түүх минь хайран!

Төрсний эцэст төгсдөг
Төөхөн бие хайрангүй
Эрх ямбанд эвдүүлсэн
Эртний ёс хайран!

Уул даваа нь хэрэмгүй ч
Хууль цаазан хэрэмтэй
Олныхоо сэтгэлийг огоорсон
Одоогийн ёсыг сэтлэнэ...

Хээр хөдөө нь хэмжээгүй ч
Хэлэх үг нь хэмжээтэй
Түмнийхээ эрхийг боогдуулсан
Төрийг цаазыг сэтлэнэ..

Эвийн зангиа таслахгүй
Эрийн тангараг няцахгүй
Үргэвэл тоосондоо цуглана
Үрэгдвэл ясандаа цуглана!


Г.МэндеОоёо "Морин хуурын зохионгуй" номоос


Friday, 13 May 2011

Мотоцикльчны алдар


“Мотор минь исгэрээд сайхан байна

Мотоцикльчин би жаргаж явнаа” гэсэн дууны үгэн шигтгээтэй урилга арван жилийн ангийн хүүхдээсээ авч, Олимпийн хороонд мото спортын олон улсын хэмжээний мастер Ж.Очирсүхийн спортын алдарыг тэмдэглэх арга хэмжээнд саяхан оролцлоо. Хурлын танхимд мото спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, Очирсүхийн гэр бүл үр хүүхэд, ахан дүүс, дээд дунд сургуульд хамт суралцаж байсан нөхөд цугларсан байлаа. Зүүн мөрнөөс баруун өвдөг давах урт хөх улаан туузнаа багтахгүй олон одон медаль зүүсэн ангийн андаараа бахархаж, хүүхэд бага насаа дурсаж суув.

Арван жилийн зургаа долдугаар ангийн хүүхэд байхдаа мото спортоор “өвчилсөн” Очирсүх маань “аан уун” гэж мотоциклийн хүч авах дууг амаар хөглөн хурдлах, эргэх налах хөдөлгөөнийг ангийн бидэнд өнгөтөөр ярьж биечлэн үзүүлдэг болов. Удалгүй тэмцээнд ордог болж бид ч ангиараа очиж тэмцээнийг хөөрцөглөн үзэж уухайлдаг боллоо. Бартаат замын тэмцээнд газрын өндөрлөгөөс огцом хоёр гурван метр агаарт цойлоод хээв нэг газардан, огцом эргэлтэд ажрахгүй жолоогоо залан цааш хурдлан одох ангийн хөвгүүнээ харахад аймаар байдаг сан. Мөсөн замын уралдаанд Очироо бүр онцгой, бамбалзуур хивсэн дээр алхаж буй мэт мотоциклоо эдэлж ёстой нэг эр зориг ид хавыг үзүүлж өгдөг сөн. Улсын аваргын тэмцээнд ийнхүү 14-хөн настай хүүхэд байхдаа нас нэмэн томчуудын тоглоомд оролцож мото спортод гараагаа эхэлсэн Очирсүх хоёрхон жилийн дараа улсын шигшээ багийн гишүүн болж байлаа. Нас нэмсэн булхай илэрсэн ч “техник спортын улсын анхдугаар спартакиадын мөсөн замын аврага” бас бус олон тэмцээнд оролцож амжилтаараа цоройлсон хүүг томчууд эгнээндээ авахаас өөр зам үлдээгүй юм.

Тэмцээний бэлтгэлд гарсан үед, тэмцээн уралдааны өдрүүдэд улсын зэрэглэлтэй тамирчин хичээлээс чөлөөлөгдөнө. Ойр ойрхон удаан хугацаагаар хичээлээс чөлөөлөгдөөд ирэхээр хичээлээс мэдээж хоцорч эхлэнэ. Сурлага сайтай хүүгээ сургууль соёлын мөрөөр явуулахаар зорьж байсан Гадаад яаманд ажилладаг аав Жадамбаа гуай эхлээд мото спортод тийм ч тааламжтай хандаагүй нь ойлгомжтой. Тун удалгүй тэрээр хүүгийнхээ тэмцээн болгоныг алгасалгүй үздэг хамгаас тод чангаар уухайлан хашгирдаг, барианы газарт бага дүү хүүг нь дагуулчихаад баталгаатай зогсож байдаг “алтан балиашиг” нь болсон гэдэг. Тэр ч байтугай мотийнхон өмсдөг арьсан өвдгөвч, тохойвч, тамирчны хувийн дугаар зэргийг оёдог хүн нь зөвхөн Жадамбаа гуай болсон гэдэг. Очирсүх бартаат болон мөсөн замын тус бүр хоёр удаагийн улсын аврага, Улаанбаатар хотын мөсөн замын дөрвөн удаагийн, бартаат замын таван удаагийн аврага болсон. Ямар ч амжилтын ард дэмждэг тусалдаг баталгаатай ар тал байдаг. Очироогийн ээж аав, эгч дүү нар бага залууд нь ийм түшигт хана байсан бол хожим сайн хань нь тойлж сайхан хүүхдүүд нь тулж явжээ.

Арай түргэн ойлгоцтой, ам хуурайгүй бүрэг биш нөхдүүд “таван онцын эзэд” болдог байлаа. Дуулдаг, бүжиглэдэг, спортоор хичээллэдэг зэрэг онцгойлон сонирхдог юмтай түүндээ төрмөл авьяастай хүүхдүүдэд бүх хичээлд онц авч “сааралтаж” явах шаардлагагүй. Жадамбаагийн Очирсүх мото спортын олон усын хэмжээний мастер, бүжиг дэглээч ардын жүжигчин Сэвжидийн Сүхбаатар, домог болсон олон марш бичсэн хөгжмийн зохиолч Жамбалын Даваа нар бол манай ангийн авьяастнууд.

Манай ангийихан бараг бүгд дээд боловсрол эзэмшсэн: олон офицер цэргийн дарга, дотрын харшлын эмэгтэйчүүдийн гээд олон эмч, барилгын, цахилгааны, зам гүүрийн, холбооны гээд олон инженер, мөн олон эдийн засагч хуульч багш төрсөн. Зарим маань арав төгсөөд шууд дээд сургуульд орж мэргэжил эзэмшсэн бол, нөгөө хэсэг нь долоо найм төгсөөд ажил хийхийн хажуугаар арван жилээ дүүргэж, улмаар орой эчнээгээр дээд сургууль төгссөн. Ажил мэргэжлийн дөртэй болоод түүгээрээ дээд боловсрол эзэмшсэн, арван жилийн ширээнээс шууд сургуульд орсон хоёрын аль нь илүү чанартай мэргэжилтэн болохыг хувь хүний чадавхиас хамаараад харьцуулахад бэрх. Хэн хэн нь ажил хөдөлмөр эрхлээд тодорхой хэмжээгээр нийгмийн ачаа үүрэлцээд ирсэн байдаг. Эцсийн эцэст тулхтай сайн аав, халамжит сайхан ээж болсонд л амьдралын утга учир байх шиг.

“Чи онцоос өөр дүн авахаараа уйлах шахдаг шартай, харин энэ бол “монхор 51 шиг сайхан нормальдаад” гэж багадаа дэлдэн улаан хүү байсан хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа дурсаж байв. “монхор 51 шиг” нь тахимаа шүргэсэн урт гэзэгтэй хянгадуу хамартай сайхан охин. Хам хум сүлжсэн ахархан гэзгээ ар дал руугаа шидчихдэг эршүүд найз охин маань “нормальддаг” “шаралхадаг” хоёрын бие хамгаалагч шиг гэр гэрт нь оруулж өгөөд өөрөө дуу исгэрээд алга болдог, заримдаа бүр хөвгүүдтэй тэвэг өшиглөдөг гээд инээдэмтэй явдал, багш нарын тухай дурсамж хөврөөд... Одоо хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач зээтэй ... гээд яриа дуусах төлөвгүй.

Хуучин, Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр Майн нэгэн, Дэлхийн хоёрдугаар дайн төгссөн өдөр Ялалтын баярыг бүх нийтээр тэмдэглэхээс гадна, радиоинженерийн хувьд Радиогийн өдөр 5 сарын 7-г хойно оюутан байхад, төгсөж ирээд багшилж байхад тэмдэглэдэг байлаа. Саяхан, 5 сарын 2 монголын мотоциклчдын өдөр болохыг мэдсэнээр миний хувьд таван сарын тэмдэглэлт өдөр бас нэгээр нэмэгдэв.

Sunday, 27 March 2011

Ш.Бира:Үндэсний монгол судлаачийг гадаадад бэлтгэх хэрэгтэй

Монголын түүх, соёлыг олон улсын хэмжээнд судлахад амьдралаа зориулсан, монголын түүх, соёлын алдарт эрдэмтэн хэмээн монголын болон дэлхийн нэрт монголч эрдэмтэд үнэлдэг эрдэмтэн академич, Ш.Биратай Монгол судлалын өнөөгийн байдлын талаар яриа өрнүүллээ. Тэрбээр Олон улсын Монгол судлалын холбоог 1987 онд хуралдсан Олон улсын монголч эрдэмтний 5-р их хурлын үеэр анх үүсгэн байгуулалцсан бөгөөд энэ холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар /Secretary general of International association for Мongol studies/ байгуулагдсан цагаас нь эдүгээ хүртэл ажиллаж байгаа юм.

-Өнө эртнээс уламжлан ирсэн, баялаг түүхтэй Монгол судлалын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагийн талаарх таны бодлыг сонсохыг хүсч байна.

-Монгол судлалын түүхийг ярьвал маш их зүйл ярина. Гадны улсуудаас мэдээж эхлээд хөрш зэргэлдээ улсууд л сонирхоно шүү дээ. Монгол судлал 17-р зууны үеэс анх Орос оронд үүссэн. Хятад Монголыг нэн эртнээс сонирхож монголын тухай бичиж байсан. Цаашлаад 18, 20р зуунд дэлхийгээр тархаж олон улс оронд монгол судлалын эх суурь тавигдсан.

Одоогийн монгол судлалын хувьд Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи сүүлийн 20 жилд монголыг сонирхох орны тоо өссөн, эрдэмтдийн үйл ажиллагаа идэвхжсэн, сэдэв асуудал нь ч өргөжсөн. Өмнө нь социалист коммунист, хөрөнгөтний гэсэн хоёр нийгэм оршин тогтнож хоорондоо тэмцэлдэж байх үед ч Монгол судлал олон орны сонирхол татаж байсан. Коммунист ертөнцийн нэг хэсэг болсон Монголыг хоёр нийгмийн улс орнууд тэмцэхийн тулд ч, хамтран ажиллахын тулд ч сонирхож байсан. Ер нь монгол дээр үеэс дэлхий нийтийн анхаарлын төвд оршсоор ирсэн. Үүнийг дагаад Монгол судлал хөгжиж ирсэн. Монголыг судлах улс орны тоо олширсон төдийгүй судлах хүрээ ч өргөжсөн. Шинжлэх ухааны шинэ салбарууд орж ирж байна. Өмнө нь хэл, бичиг, соёл, түүх, утга зохиол гэсэн уламжлалт салбаруудад судалгаа хийдэг байсан. Орчин үед соёлын, нийгмийн, түүхийн антропологи буюу хүн судлал гэсэн шинэ салбар хүч түрэн гарч ирж байна. Түүнчлэн эдийн засгийн үүднээс маш их сонирхож эдийн засаг судлагчидтай болж ирж байна. Улс төр судлал, социологи гээд шинэ салбараар өргөжин баяжиж байгаа.Монголын эдийн засаг, амьдрал ахуй, улс төр гээд практик чиглэлтэй, амьдралд илүү ойрхон асуудлыг судлах нь өргөжиж байгаа нь монгол судлалыг шинэ чиглэлээр хөгжүүлэхэд их ач холбогдолтой. Монгол Азид орчин үеийн ардчилал, зах зээлийн анхдагч орны хувьд эрдэмтдийн анхаарлыг их татаж байна.

-Монгол судлалаар Орос улс эртний уламжлалтай. Зүүн Европын зарим улсуудад ч мөн нэлээд хүчтэй хөгжиж ирсэн. Харин одоо Ази тал руу илүү хандаж байна гэсэн санаа бодолтой эрдэмтэд байна. Таны ажигласнаар одоо аль улс Монгол судлалд илүүтэй анхаарал хандуулж байна вэ?

-Мэдээж Монголтой харилцах сонирхолтой, хөрөнгө мөнгөтэй улсууд их анхаарал хандуулж байна. Нэг систем, нэг нийгэм байгуулж байгаа гэдэг утгаар дээр үед Орос улс өөрийн эрх ашгийн үүднээс сонирхож байсан. Одоо Орост сонирхол арай татарсан, хуучин түвшинөөс ухарсан юм уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг. Гэхдээ Орост монгол судлал хөгжиж байна, чармайж байна, хөгжүүлэх боломж ч их бий, Учир нь тэнд уламжлал, эх сурвалж материал ч байна. Асар их хөгжсөн монгол судлалын сургууль байсан. Хөгжил нь саарч буй нь цаг хугацааны асуудал гэж бодож байна. Одоо Монголыг ид сонирхож буй улсууд бол гуравдагч хөршүүд. Монголтой харилцахын тулд монголыг мэдэх, ойлгох хэрэгцээ тэдэнд байна. Эдийн засгийн үүднээс өөрөөр хэлбэл байгалийн баялагийг сонирхож байгаа улс орнууд, компаниуд ч гэсэн монголын соёл, түүх иргэншлийг сонирхох нь ихэснэ гэж бодож байна. Ямар улсад алт ухах гэж байна вэ гэдгээ аяндаа сонирхоно шүү дээ. Тэгэхээр монгол судлал хөгжилтэй оронд улам дэлгэрнэ. Тухайн улсаа мэдэх хэрэгтэй. Одоогийн Монголын хөгжил, байдалтай уялдан Монгол судлалын дэлхий дэх сонирхол улам өсөх боломжтой, энэ чиглэлээр ч явж байна. Ийм ч учраас, өмнө нь их сонирхдоггүй байсан Америк анхаарлаа хандуулж байна. Тэд монгол судлаач нарыг бэлтгэж, залуу судлаачид ч их гарч ирж байна. Япон улс дээр үеэс өв уламжлалтай бөгөөд олон талаас нь сонирхон судалсан. Одоо Азиас, дэлхийд ч Монгол судлалаар Япон тэргүүлж байна. Японд олон хүн монгол судлалаар идэвхтэй ажиллаж байна. Японы онцлог нь монгол судлалыг практикийн, албаны улсууд нь сонирхон дэмждэг, Монголтой харилцахдаа монгол судлалын мэргэжилтнээ татаж оролцуулдаг. Шинжлэх ухаан, практикийг хослуулж буй үлгэр жишээ орон гэж боддог. Жишээ нь японы том компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа монгол судлалын хүмүүсийг татан оролцуулж байна. Улс төр, эдийн засгийн харилцаанд эрдэмтдийг татаж оролцуулдаг нь харилцаа их нарийн, үр дүнтэй явахад нөлөө үзүүлж байгаа юм болов уу гэж боддог.

-Хөрш улсуудаас гадна Монгол судлал зайлшгүй хөгжих учиртай улс орнууд гэж байна уу?

-Энэтхэг, Монгол хоёр улс их дээр үеэс харилцаа холбоотой. Харин энэтхэгийн эрдэмтэд Монголыг тэрбүр их сонирхдоггүй, мэддэггүй нь колончлолын үеийн сэтгэхүй, хандлага одоо болтол арилахгүй байгаад оршиж байгаа юм болов уу. Уг нь Монголыг хамгийн их сонирхож байх Азийн улс бол Энэтхэг байх ёстой гэж боддог. Олон улсын Монгол судлалын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн энэтхэгийн зарим эрдэмтэдтэй хамтарч монгол судлалыг идэвхжүүлэх талаар нэлээд ажил хийсэн. Эрдэмтдийн хамтарсан хурлыг 3-4 удаа зохион байгууллаа, нилээд хэдэн ном ч хэвлүүлсэн. Ж.Неру-гийн их сургуульд монгол судлалын төв байгуулсан, одоо хүртэл ажиллаж байна. Монгол хэл заах, монголч эрдэмтэн бэлтгэх талаар ахиц гарч байна. Гэхдээ л одоо хүртэл өндөр түвшинд гараагүй байна. Монгол судлалыг Энэтхэгт их хөгжүүлээсэй гэж хүсдэг. Энэ хүрээнд материал, судлах юм асар их бий. Хоёр улс шашин, номын их харилцаа холбоотой учир аль аль нь бие биенээ судлах хэрэгтэй юм. Шинэ салбар хөгжүүлэх, шинэ нээлт хийх ч боломжтой гэж боддог. Бусад азийн орнууд, тэрдундаа Их хөлгөний /махаяна/ буддизм дэлгэрсэн орнууд монгол судлалыг хөгжүүлэх бололцоо, хэрэгцээ их байна.

-Олон улсын монгол судлалын холбоо гадны монголч эрдэмтдийг хэр дэмжиж байна вэ? Тийм боломж нөхцөл хэр байна вэ?

-Холбооны нэг гол зорилго бол олон улсын хэмжээгээр монгол судлалыг тэтгэх, дэмжих, урамшуулах. Манай улсын эдийн засгийн бололцоо нөхцөлөөс болоод тэтгэх талаар, өөрөөр хэлбэл санхүү эд материалын тусламж үзүүлэх бололцоогүй байна. Гэхдээ гадаад орнууд дахь монгол судлалын төвүүд, эрдэмтдэд бусад талаар, санаа сэтгэлийн хувьд, ном зохиол, эх сурвалж бичигээр хангах, хэл соёлоо дэлгэрүүлэхийн тулд монгол судлаачийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь энд хэвлэгдэж буй ном, зохиолууд дэлхийгээр тарж сонирхож буй орнуудад тэр бүр хүрч бас л чадахгүй байна. Гадны оронд монгол судлалын талаар дэмжлэг үзүүлэх нь гадаад бодлогын нэг салбар байгууштай. Багш нар болон судлах ном, хэрэглэгдэхүүнээр туслах, монголд ирж буй эрдэмтдэд хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах гэх мэтээр дэмжлэг үзүүлэх боломж бий. Энэ чиглэлд 5 жил тутам зохион байгуулдаг монголч эрдэмтдийн их хурал их чухал үүрэг гүйцэтгэдэг. Их хурлын үрээр эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжин нягтарч, сонирхолтой илтгэл айлтгал хэдэн зуугаар тавигдаж хэвлэгдэн тарж байна. Мөн монголч эрдэмтдэдээ Монгол орноо үзүүлчихэж байна. Их хурлыг тогтмол хийхэд төрөөс идэвхтэй дэмждэгт баяртай байдаг. Өнгөрсөн 9-р их хурлыг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хийсэн. 1959 оноос хойш Монголч эрдэмтдийн их хурлыг хийж байгаа. 10 дахь хурлыг 2011 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан хийнэ. “Монгол улсын гадаад харилцаа холбоо ба түүхэн туршлага” сэдвээр их хурлыг хийх гэж байгаа. 2011оны 8-р сарын эхний хагаст хийхээр бэлтгэлдээ ороод байна.

-Олон улсын монгол судлалын холбоотой харилцаа холбоотой хичнээн орны, хэдэн эрдэмтэн байна вэ? 10-р их хурлын сэдэв ямар утга учиртай вэ?

-ОУМСХолбоо ойролцоогоор дэлхийн 30-д орны 300 гаруй эрдэмтэдтэй харилцаж байна. Монголч эрдэмтдийн их хуралд 150-200 гадны эрдэмтэн оролцдог. Үүн дээр дотоодын 100-д эрдэмтэн нэмэгдээд 300 гаруй эрдэмтэн цуглардаг. Энэ удаагийн их хурал . “Монгол улсын гадаад харилцаа холбоо ба түүхэн туршлага” гэсэн сэдэвтэй болохыг дээр дурдсан. Монгол хэзээ ч бөглүү, гадаад ертөнцөөс тасархай байгаагүй. Монголын нүүдлийн иргэншил их хөдөлгөөнтэй иргэншил байсан учраас дээр үеэс гадаад ертөнцтэй их харилцаа холбоотой байсан. Орчин үеийн харилцааны /тээврийн/ хэрэгсэл хөгжөөгүй, машин техник гараагүй, аж үйлдвэрийн хувьсал болоогүй байх тэр үед нүүдлийн иргэншил хамгийн хөдөлгөөнтэй байсан. Суурьшмал иргэншилтэй орнуудтай харьцуулахад нүүдэлчид мориныхоо хүчээр гадаад улсуудтай харьцах давуу боломжтой байжээ. Морин өртөөтэй, морин машинтай байсан нүүдлийн иргэншил маань гадаад ертөнцтэй асар их харилцаатай хөдөлгөөнтэй иргэншил байсан. Иймээс хаа хамаагүй хол улс орнуудтай холбоотой байсан. Үүний нэг баримт нь хуучин монгол бичиг ойрхи дорнодын Финики бичигээс, эртний арамей бичигээс үүсэлтэй. Согд, Уйгараар дамжин орж ирсэн монгол бичиг аль 13-р зуунд төрийн бичиг болж байсан. Монгол улс Орос, Хятадын хооронд хавчигдмал түгжигдмэл орон байсан юм шиг гадны зарим эрдэмтэн бичдэг. Хоёр их гүрний дунд байгаа нь үнэн, гэхдээ монголын иргэншил, соёлын харилцаа баруун, зүүнгүй хөгжин дэлгэрч байсан. Ойр хавийнх нь улс орнуудын ихэнх хятад бичиг авсан байхад Монгол улс хятадад мөн л ойр мөртөө бичиг үсэгээ ойрх дорнодоос авсан нь сонин. Мөэ соёл, тухайлбал шашны хувьд ч хаа хол эртний Энэтхэгийн буддизм дэлгэрсэн байх жишээтэй. Энэ нь өмнөд, хойд хоёр их хөршийн иргэншилтэй харилцаа холбоогүй байсан гэсэн үг огт бус. Ийм арвин туршлагатай харилцаа холбооны талаар энэ хурлаар хөндөн ярилцана. /Мэдээж монголч эрдэмтэд сүүлийн үед хийсэн шинэ судалгаануудынхаа талаар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

-Хүн судлалын гэх мэт шинэ салбаруудад Монголтой холбоотой ямар сонирхолтой судалгаанууд байна вэ?

-Сүүлийн үед нийгмийн антропологийн салбар хүчтэй гарч ирж байгаа. Кембрижийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын хийсэн монгол болон азийн орнуудын талаар антрополгийн судалгааны сонирхолтой ном, бүтээл цөөнгүй хэвлэгдэж байна. Монголын судлаачид хэлний бэрхшээлээс үүдэн тэр бүгдийг олж уншиж ойлгож чадахгүй байна. Ер нь Монголын түүх, хэл, соёлыг орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны үзэл, онолын үүднээс судлах нь эрхэм зорилт болж байна. Учир нь нийгмийн шинжлэх ухааны салбарт ардчиллын 20 жилд том өөрчлөлт, хувьслыг хийж чадааагүй байна. Шинэ шинэ салбарын ололт амжилт, арга зүй, арга барилыг нэвтрүүлж чадаагүй, зөвхөн эхлэлийн байдалтай, ярьж хэлэлцэхээс хэтрэхгүй байна. Гадаад дахь монгол судлалыг ярихын зэрэгцээ дотоодын монгол судлалыг хэрхэн хөгжүүлэх талаар илүү ярих хэрэгтэй болоод байна. Монголдоо өөрийн монгол судлалыг хэрхэн хөгжүүлэх, орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны салбаруудыг хэрхэн нэвтрүүлж хөгжүүлэх вэ гэдэг шинжлэх ухааны эрхэм том зорилт бидний өмнө тулгараад байна. Надад ойр түүх, хэл, соёлын судалгаануудыг аваад үзэхэд л дэлхийн энэ талын судалгааны ололт амжилтыг бид маш хангалтгүй бага мэдэж байна үзэл онол, арга барилыг нь нэвтрүүлж чадаагүй байна. Үндэсний монгол судлалыг хөгжүүлэхэд төр засгаас ч санхүү эдийн засгийн их дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Монголын эдийн засаг дэгжих тийшээ хандаж байна, үүнийг дагаад шинжлэх ухаанд зориулдаг хөрөнгө мөнгө зохих ёсоор нэмэгдээсэй гэсэн хүлээлт эрдэмтдийн дунд бий. Монгол судлалаар мэргэжлийн сайн эрдэмтэн судлаачийг гадаадад бэлтгэх хэрэгтэй байна. Юуны өмнө эртний хятад хэлтэй, буддын санскрит хэлтэй, иран, перс, араб хэл мэддэг, орчин цагийн шинжлэх ухааны хэл болох англи, франц, герман, япон хэлтэй эрдэмтэд хэрэгтэй байна. Хэлний сайн мэдлэгтэй эрдэмтэд маш их бэлтгэх талаар манайх их дутагдалтай ажиллаж байна. Монгол судлалын мэргэжилтний дотор орчин цагийн шинжлэх ухааны хэл сайн эзэмшсэн хүн өдрийн од шиг цөөхөн байна. Ийм учир дэлхийн түвшнээс хоцорч байна. Монгол хүн монголоо мэднэ гэдэг сэтгэхүйн үүднээс хандаад бусдыг сургаад номлоод байдгаа багасгаж, өөрсдөө сурч боловсрох хэрэгтэй байна.

- Монгол судлаачийг гадаадад бэлтгэнэ гэж маш сонирхолтой санал байна,. Урьд өмнө нь дан Монголдоо бэлтгэж байсан байхаа?

-Монголоо судлах юм бол гадаадад яваад яах юм гэдэг сэтгэхүй манайд ноёрхсон хэвээр одоог хүрэв.. Энэ зовлонг би сайн мэднэ. Ийм үзэл бодол хуучин нийгмийн үед ч байсан, одоо ч байгаа. Монгол судлаачийг Монголд л бэлтгэх ёстой гэдэг маш буруу, өрөөсгөл ойлголт. Монгол судлалыг их явцуугаар ойлгоод байгаагийн гэрч. Монгол хэлээр эртний сурвалж тун цөөхөн, бид баялаг гэж ярьдаг ч гэсэн. Эртний түүхийн талын ном, эх сурвалжийн ихэнх нь, 90 гаруй хувь нь эртний хятад, иран, араб хэлээр байгаа. Энэ сурвалжийг мэдэхгүйгээр эртний монгол иргэншил, соёлыг жинхэнэ ёсоор судлах боломжгүй. Тиймээс эртний монголын соёл, иргэншлийг судлахад эдгээр хэл, мөн санскрит хэлтэй эрдэмтэн л хэрэгтэй байгаа юм. Орчин цагийн Монголыг судалж буй судлаачид ч орчин үеийн судалгааны ном, шинэ арга барилыг сурахын тулд наад зах нь англи, япон, орос, хятад хэлийг эзэмших хэрэгтэй болж байна.

-Гадаад хэл дээрх Монголтой холбоотой эх сурвалжууд сайн судлагдаагүй гэж ойлгож болох уу?

-Судлагдаагүй биш гадныхан их судалсан. Одоо монголчууд судлах хэрэгтэй. Гадны судалсан хүний номноос эртний араб, иран, перс, эртний хятад хэл дээрх эх сурвалжийг орос, англи орчуулгаар мэдэж байна. Гэхдээ цөөн хүн мэдэж байна. Тэгээд уг эхээр нь харж, судална гэдэг огт өөр. Би эртний Монголын түүхийн хятад сурвалжийг франц, англи орос орчуулгаар нь үздэг. Монголын буддагийн шашны түүх, соёлын судалгаандаа санскрит, түвэд хэл дээрх сурвалжуудыг ашиглахыг хичээдэг. Монгол судлал нэг талаар их хэцүү шинжлэх ухаан, олон хэлний мэдлэг, соёлын өндөр түвшин шаарддаг. Монгол судлалын үндэсний судлаачдыг Хятад, Япон, Иран, зэрэг улсуудад бэлтгэснээр монгол хүн өөрсдөө монгол судлалаа сайн хөгжүүлж чадна.

-Монгол судлалд орхигдож буй, зайлшгүй судлах шаардлагатай асуудлууд юу байна вэ?

-Зөндөө байна. Судалгаа шинжилгээ нь хоцроод, шинжлэх ухааны мэдлэг нь дутаад ирэхээр хий хоосон онолддог, мэдэмхийрдэг хүн олширдог. Хий хоосон бахархал бий болгодог. Хий хоосон мэдэмхийрэх чинээгээр жинхэнэ мэдлэг хоцроод байдаг аюултай. Жинхэнэ мэдлэгтэй эрдэмтэн цөөрөхөөр хий хоосон мэдэмхийрэгчид олшроод ирэхээр үндэстний үзлийн цагаан солио газар авдаг аюултай хэмээдэг.Товчоор хэлэхэд нийгмийн хөгжилтэйгөө нийцүүлэн үндэсний монгол судлалын сургалт, судалгааны ажлыг эрс өөрчилж, шинэ шатанд гаргах хэрэгтэй байна. Монголын төр монголчуудынхоо ходоодыг бодохын зэрэгцээгээр толгойг нь мөн бодох хэрэгтэй болж байна.

-Таны одоо хийж буй судалгааны ажлыг сонирхож болох уу?

-“Монголын тэнгэрийн үзэл буюу тэнгэризм” үзэл онолын судалгаагаа үргэлжлүүлж байна. Эртний монголчууд дээд тэнгэрийг бишрэн шүтэж төр улс алив ариун нандин бүхнээ тахин өргөмжлөхдөө тэнгэртэй холбон үзэж улмаар улс төрийн бүхэл бүтэн үзэл суртал буй болгосон гэсэн миний дэвшүүлсэн саналыг гадаад, дотоодын эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаад урамшиж улам гүнзгийрүүлэн судлахыг оролдож байна. Тэнгэризм нь глобализмын /дэлхийчлэлийн үзэл/ үзэлтэй төстэй учир харьцуулан үзэж болмоор байгаа юм. Цаасан дээр буулгаж эхлээгүй, сонирхон судалж санаандаа тээж яваа нэг сэдэв бол meta history /мета түүх/. Түүхийн чанад хүрсэн түүх гэж орчуулж болмоор. Хүн төрлөхтөний түүх гэдэг зөвхөн нийгмийн түүх төдий бус мөн оюун санааны түүх байдаг хэмээх шинэ үзлийг сонирхож байна. Метафизикийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэж ирсэн. Харин сүүлийн үеийн шинжлэх ухааны чиг урсгал, хандлагыг харахад материализм, метафизик хамт байх ёстой гэж үзэх болсон байна. Матери анхдагч, оюун санааг хоёрдогч гэдгийг эрдэмтэд буруу хэмээн нотлож оюу санааны их хүчийг зохих түвшинд тавих хэрэгтэй хэмээн үзэж байна.

Б.Өөлүүн

Thursday, 17 March 2011

Аавдаа

Эрчүүддээ цэргийн баярын мэнд хүргэе.
Манай аав одоо ер гарсан сайхан буурал бий. Аавдаа зориулж бичсэн дурсамжаа хуваалцая, болгооно уу:
Аавыг ярихын тулд аавыг маань төрүүлж өсгөсөн ачит эмээгээ дурсахгүй байхын аргагүй. Эгч ах гараас гараад овоо том тул ажилтай аав ээжтэй хамт, би эмээгийнд байдаг байв. Эмээгээ үргэлж дийлсэн эрх гэж жигтэйхэн амьтан. Эмээ маань нүдээрээ инээсэн, намхан нуруутай их тайван хүн байж билээ. Эмээгийн чанасан сайхан хийцтэй цайг, өрөмд зуурсан цайны будааг, гэрийн сайхан талх, мойлтой тос бүгдийг түлхээд би гэдэг хүн нэг өглөөний цайгаа уухгүй цамнаж өгч. Манайд хоносон нагац ахын дургүй хүрээд, "тэгвэл юу ч бүү ид" гээд намайг хүүхдийн өндөр сандлаас өргөж буулгаад явуулчихаж. Эмээгийн дотор зурагдаж байв ч эрх ачаа өмөөрсөнгүй. Бага үдийн алдад гурван цаг гүрийсэн бибээр нагац ахын өмнө очиж, "би сайн болоо, одоо юу ч өгсөн иднэ" гэж цагаан дарцаг барьсан гэдэг. Хоёртойдоо хүртсэн сургамж их нөлөөтэй байдаг бололтой буулт хийж, буруугаа хүлээж чаддаг болгосон гэх үү. Аав маань яг эмээ шиг тайван зөөлөн ч бас чанга байж чаддаг хүн.
Аав бид хоёр Сүхбаатарын талбайгаар явж байтал аавын сайн танил таараад тэр хоёр хуучлаад зогсчихов. Би тавтай байсан шиг, аавыг хүлээж ядаад гараас хэд хэд чангаагаад автал, нөгөө хүн яриагаа тайван үргэлжлүүлэх санаатай халааснаасаа гурван "баавгайтай" чихэр гарган надад өгөв. Би "мөддөө баавгайтай чихэр идээгүй тун ч их баярлалаа" гээд чихрийг нь хоёр гардаад авчихлаа. Аав ичсэндээ охиноо хөтлөөд хурдан холдсон гэж ярьдагсан. Одоо ч, талх хоёр гурван төгрөг байхад кг нь дөчин найман төгрөгийн үнэтэй байсан тэр зөөлөн чихрийг харах бүрийд аавын маань ажлын хөлс үнэртэх шиг болдог.
Ээж гадаадад сургуульд сурч байсан үед бид хэд гэрийн ажил хийж сурсан шиг. Эгч юм угаах дэлгүүр явах, ах түлээ хагалах ус барих гээд хүн болгон өөрийн хир хэмжээнд таарсан ажил хийнэ. Би бага ангийн үдээс хойш сургуульд явдаг болохоор үдийн хоол хийх үүрэгтэй. Гоймонтой шөл, төмстэй хуурга хоёр л хийж дөнгөнө. Бугуйн цаг гар утас тэр үеийн хүүхдэд байх биш. Гадаа тоглож байгаад баримжаагаар орж ирээд, нэг нүдээрээ ширээний цаг нөгөө нүдээрээ хичээлээ харж байх зуураа гарын ганц хоолоо оромдоглоно. Гадаа удаан тоглоод хичээлээс хожигдох дөхсөн үед дөнгөж эхлүүлээд орхисон түүхий хоолтой плиткээ унтраагаад өөрөө талх мэрээд хичээлдээ гүйчихдэгсэн. Заримдаа хоол тавьчихаад номын амтанд орж мартаад орхиод шал түлэнхий юм хийнэ. Өөрөө дотроо түүхий түлэнхий хоол хийснээ мэдэж байхад, аав "миний охин ийм багаасаа хоол хийдэг" гээд л малгайлна, ер загинахгүй.
Тэр хүүхэд тэгээд энэ хүү ингээд гээд гомдол тавихад үл сонсооч болно. Үнэмшүүлэх өмөөрүүлэх санаатай давс хужир нэмээд ирэнгүүт хөмсөг нь зангираад, "өөрийгөө хичээ, зүгээр байсан хүнийг хүн оролддоггүй юм" гээд дуусаа.
Оюутны өвөл зуны амралтаар ирсэн ээж маань оёдолын машин тачигнуулж гэрийн оёх шидэх юмыг гүйцээдэг байв. Гэтэл ээжийн эзгүйд ахын явдаг пионерийн ордны дугуйлан өнгө заасан дүрэмт хувцас өмс гээд, аав маань ахын сургуулийн бор формыг тавьж байгаад дууриалгаад оёчихож билээ. Ингэж аав минь амьдралдаа анх удаа юм оёсон, сайн ч оёсон шиг байгаа юм. Би дуурайгаад, ээжийн жоорноос даавуу олоод өөрийхөө футболка тавьж эсгээд оёод дуустал хэнд ч таарахгүй жижигхэн юм болчихов. Орой аавыг ирэхэд айчихсан амьтан бүтээлээ үзүүлтэл, ингээд оёод байвал сурна, арай багасгаад хүүхэлдэйн хувцас болгочих. Гулгаж унасан пансаар оёоход хэцүү л дээ гэж билээ. Одоо бодоход ээжийн ямар гоёл хийх гэж хадгалаж байсан ямар нандин материалыг нь эвдсэн бол доо.
Одоо насанд дарагдаад жижгэрээд байгаагаас бус урлаг судлаач аав маань бөх гэж андуурмаар том биетэй ханхар зузаан хүн. Бөхчүүд хөдөө хээр, амралтанд таараад барилдъя гэж их шалдаг байсан гэдэг сэн. Эхлээд гарын бяр үзээд дараа нь барилдвал барилдъя гээд, гартаа их бяртай тул барилдах шаардлагагүй болчихдог байсан гэдэг. Манай идэш нэг өвөл аавынхаас арай эрт ирсэнд, идшээ иртэл хэрэглэж бай гээд бярууны ганц гуя өгтөл, манайд идэш дөхүүлж өгсөн хоёр жолооч бид дөхүүлээд өгөх үү гэхэд, "ажилтай улс цаг алдаад яахав өвөө нь өөрөө" гээд өлхөн сугавчлаад явчихаж билээ. Аав жар гарсан байсан шиг. Тэр хоёр жолооч "танай аав нээрээ бид хоёр дамжилж байсан тэр гуяыг сонин сэтгүүл шиг сэв хийлгээд аваад явсан ёстой лаг өвгөн" гээд л таарах бүртээ дурсдагсан.
Музейн танхимд олонд дуулдахаар чанга яриад сурчихсан хүн хурал дээр бас их тод дуугарчихдаг юм билээ. Хаа газрын хурал ер нь хоорондоо дүнгэнэтэл шивэгнэлдсэн нэг тийм нойрмогдуу байдаг даа. Арав төгсөлтийн хурал бас нэг тиймэрхүү болж байтал, эцэг эхийг төлөөлж үг хэлэх ёстой аав маань музейдээ байгаа шиг гэнт бүдүүн баргил том хоолойгоор тод дуугараад хамаг амьтныг цочоож сэрээгээд танхим нам гүм болж, би ичээд болдогсон бол сандал доогуураа орчихмоор болж билээ.
Аав япон хэлэндээ сайн. Тэр зиндаа хүйс ялгаж ярьдаг хэлийг нарийн ширийнтэй нь мэднэ. Дүрслэх урлагын музейг нэг удаа японы парламентын төлөөлөгчид үзэхэд дээд зиндааны хэлээр урлагын бүтээл, шашны урлаг тайлбарлаад японуудыг алмайруулсан, тэднийг дагаж явсан гадаад яамны залуу аавын ярианы гучин хувийг л ойлгосон гэж бидэнд бишрэн ярьж байсан. Зөвхөн ааваар орчуулуулна гэж нэр зааж ирдэг япон эрхмүүд ч байв. Монголоос япон руу аав маань нэлээд хэдэн ном орчуулсан. "Хүрээ Цам" номыг ная гарсан байхдаа хэрхэн орчуулсныг нь сайн мэднэ. Хугацаа заасан гэрээгүй атлаа, номын хуудсыг тоолоод өдөрт төчнөөнийг орчуулна гэсэн зорилго тавиад яг хэлсэн хугацаандаа дуусгасан. Өдрийн цагаар утас хаалга дуугараад, зурагт сонин гээд сатаарах юм олон тул төвлөрч чаддаггүй гээд өглөөний 6-аас 9 цагийн хооронд л ажилласан. Хамгийн сүүлд "Жороо морь" хэмээх номыг орчуулахдаа нүд муудаад ханз үсэгний олон зураас цэг тэмдэг байранд нь онож бичихээ болиод байна гэж ярьж байсан. Аргагүй шүү дээ ер дөхөж байгаа хүн. Аавын дээр үед бичсэн монгол япон толь бичгийг эгч маань саяхан хөөцөлдөн хүнээр компьютерт шивүүлж хэвлэлд өгч аавыг маань баярлуулсан.
Ажилд авах шалгалтын оноогоор тэргүүлсэн ч, нэлээн хойгуур тав билүү дугаарт орох оноотой нөхөр орчихов. Хорвоогийн шудрага бусийг гайхан төрсөн гэртээ очоод гомдол гаргатал, "чи ямар ч юм чинээнд нь тултал сайн эзэмшээгүй болоод өөрөө ажил хайгаад гүйж байна. Үнэхээр сайн байсан бол чи хайхгүй чамайг аяандаа эрээд ирэх байсан" гэж дуу цөөнтэй аав маань дуугарч билээ.
Блогоо ухтал "Аавдаа"гаас гадна энэ баярт таармаар сэдэвтэй дорх бичлэг олсон:
"Хөвүүн үрээ хайрлая" http://ganga-cz.blogspot.com/2008/03/blog-post_16.html,
"Өвөөгийн сүнс ивээсэн нь" http://ganga-cz.blogspot.com/2008/09/blog-post_17.html,