Thursday, 25 August 2011

Зиндаагаар элгэмсэх

Энэ хаваржин зунжин автозамын хөдөлгөөний нөхцөл сайжруулах машин зам өргөсгөх сайхан төсөл хэрэгжиж эхлэв. Засварын үед замын зарим урсгалын хэсгийг түр хугацаагаар хаах ажлын шаардлага гарна. Маргааш биш гэхэд долоо хоногийн дараа арай уужуу замаар явна гэдгээ мартаад тэрхэн зуур ихэнх жолооч нар бухимдаж байна гэж жигтэйхэн.
Явган зорчигчид бөглөөн дунд зам хөндлөн гарах нь амь өрссөн асуудал болон хувирав. Дөчин Мянгатын аптекийн (хуучин нэрээр) гарцан дээр ногоон гэрэл хүлээж зогссон бидний түрүү магнайд ахимаг насны намхан авгай, өндөр шар гадаад залуу зогсож байв. Ногоон гэрэл аслаа. Бид бүгд урагш хөдөлж, аажуу хөдөлгөөнтэй намхан авгай эхний эгнээнээс яах аргагүй сугарч хоцрох нь. Ногоон гэрлийн бараагаар барианаас гарах тамирчин шиг дүүхэлзсэн шар залуу авгайн гарийг шүүрч аваад хар гүйхээрээ замын нөгөө талд гарчихав. Танихгүй харийн хүнд хөтлүүлээд бас гүймээр аядсан авгай:
-"Зам гарах аргаа ч нэг юм мэднээ: Өөрөө зөнгөөрөө өнхөрөөд замын нөгөө талд гарчихаж дийлэхгүй гэж бодож дээ. Цэцэрлэгийн хүүхэд шиг хөтөлж гэнэ. Ийм нарийхан замд гүйдэггүй юм. Өргөн замд бол харин сүүлийн хэдэн тохой газарт шогшиход амжчихна" гээд урсгаж гарав.
-"Эхчүүд хүүхдээ, эрчүүд хүүхнээ нөмөр талдаа аваад, түргэн явж чадахгүй ахимаг хүмүүс таних танихгүй залуусаас зүүгдээд хэдэн метр аюулт зурвасыг давах гэж байхыг Их Дэлгүүрийн урд талд би харсан. Зам хөндлөн гарах энд үргэлж аюултай харагддаг. Явган зорчигч бид нэг тал биз дээ" гэж залуу хариулав.
Хоёр өөр хэлээр ярьж байв ч нэг талынх гэдгээ бүрэн мэдэрч, бие биеэ саадгүй ойлгож байх шиг. Манайд зам хөндлөн гарах явган зорчигч "үргэлжийн аюул"-д байдаг сэтгэгдэл төрдөг. Гарцан дээр "ташираар нь дайрчихгүй байлгүй" гэсэн сэтгэлгээ, сүргийн инстинкт үйлчлэх явганчууд нэлээн хэдүүлээ болж аваад зам хөндлөн гарахаар зүтгэнэ. Энд явган нь явганаа ойлгоно, туслана гэсэн элгэмсэл үүснэ.
Нэг талаас явган зорчигч, нөгөө талаас унаа хөлөглөгсөд замын хөдөлгөөнд оролцож талцаж тоглодог гэвэл эндүүрэл. Манайд машинтнууд унадаг тэрэгнийхээ овор хэмжээ, моторын чадал, үнэ өртөг гээд дотроо бас зэрэг дэвтэй гэж болохоор хэд хэдэн зиндаа үүснэ. Чухам машинтнуудын энэ сэтгэлийн дотоод зөрчил л замын бөглөөний үндсэн шалтгаан болдог гэхэд хилсдэхгүй.
Замын өргөсгөл хийгдсэн Энх тайвны өргөн чөлөөнд таксигаар явж байлаа. Нэгдүгээр төрөх хавьд машины хурд саарсаар, урд явсан машин хөдлөхийг хүлээн мөлхөн аядаж байтал, гэнт нэг томхон машин хажуунаас гарч ирээд хоёрдугаар эгнээнд яваа биднийг мөргөх шахав. Үнэндээ ямар маркийн машин байсныг анзаарах сөхөө байсангүй. Ихэд цочсон бид хоёр хажуу тийш нэгэн зэрэг хартал, буруу үйлдэл хийж замын осол гаргах шахсан түрэмгий этгээд хээв нэг дунд хуруугаа гозойлгон бах тав нь ханасан янзтай байх юм. Цочсон уурласан жолооч залуу хажуу суудлаа даваад онгорхой цонхоор үсрэх шахам бачуурав. Арын суудалд явсан би сарвалзаж:
-"Дүү минь, тайвшир! Аль тэнэг юмыг тэр гэхэв. Орхи цааш нь, бүү тоо! Уурлаж байгаад өөрөө осолд орох нь" гэж үглэн дуулж байтал, ашгүй бөглөрч зогссон машинууд нэг юм хөдөлгөөнд орж, тэнэглэсэн хилэгнэсэн хоёрыг салгав. Би буун буутлаа шугамын радио шиг зогсоо зайгүй жиргэж жолооч хүүг тайвшруулах үйлсэд зүтгэсээр хүрэх газраа ядарч стресдсэн хүн очив.
Хол биш газар хоёр зээрдээрээ жирийлгэх нь унаа унахаас илүү хурдан гээд явган гүйдэг болвой. Их Сургуулийн хоёрдугаар байрнаас урагш эргэх уулзвар дээр хөнгөн осол болсон бололтой хоёр машин хөдөлгөөн хаагаад зогсож байна. Нэгдүгээр эгнээнээс (дүрэм дагуу) урагш эргэсэн хөнгөн тэрэгний бөөрийг хоёрдугаар эгнээнээс (дүрэм зөрчин) эргэсэн нэгэн жийп сэвтүүлжээ. Жийп дугаар хос ес хоёр тэгээс бүтэх содон дугаартай, хамгийн сүүлийн үеийн загвартай, дотроос нь үсэрч буусан эзэд нь мафи маягийн бүдүүн цагаан залуус. Хөнгөн тэрэгний дугаар элдэв бэлэгдэлгүй ердийн дөрвөн өөр тоо, эзэн нь нас тогтсон сэхээтэн байрын эр. Хохирогч эмээсэн байртай. Дүрэм зөрчсөн эдгээдүүд аархуу байртай:
-"Сэв арилгаад будахад хэд гарахыг мэднээ. Элдэв өргөдөл чирэгдэл гээд битгий унжаад байгаарай! Ногооноор одоо шууд төлчихье!" гэж давшилна.
Манайх шиг олон жийп хөлхдөг хот дэлхийд ховор. Бизнес эрхлэгчдээс гадна төсвийн ажилтан, хөдөөнөөс хотод шинэхэн шилжэн ирэгсэд, гадаадад ажиллаж байгаад нутагтаа ирж суурьшигчид гээд олон олон монголчууд жийптэй болжээ. Замын бартаа туулахдаа сайн, хүч чадал өндөр, тэр хэмжээгээрээ бензин түлш их хэрэглэдэг жийп машин засмал замгүй хөдөө газарт л илүү тохиромжтой баймаар. Уул уурхайтай холбоотой, зам гүүр барьдаг, малын түүхий эд боловсруулдаг, аялал жуулчлал эрхэлдэг гээд ажлын шаардлагаар хөдөө явах шаардлагатай хүмүүсийг жийп унахад гайхах юм алга. Хотоос тав арван километр гарангуут бартаат зам эхэлдэг ч манай онцлог нөлөөлдөг бололтой. Хот дотроо л эргэлдэх ажилтай, гэр ажил хоёр нь бараг арав алхаад орчихмоор ойрхон ямар ч машин шаардлагагүй гэмээр хүн ч энэ тэргийг унаж л байх юм. Сайн моринд гар татдаггүй унааны сайнаар гайхуулдаг уламжлалт сэтгэлгээтэй, өвөөгийн азрага түрүү магнай аавын их нас айрагдаж явсан монгол хүний үр ач дөч тавин сая дойлуурын унаа сандайлахгүй яадаг юм гэсэн нэрэлхүү занд жийпсэх гол шалтгаан байх шиг. Ажлын шаардлагаар жийп унадаг, унааныхаа мөнгийг өөрсдийн хүчээр олсон хүмүүс машины гадаад хэв загварт нэг их анхаарал тавьдаггүй. Хахууль голдуу хууль бусаар мөнгө олсон эцэг эхийн эрх танхи хүүхдүүд, гадаад дотоодын баячуудаас мөнгө саадаг охид хүүхнүүд хамгийн сүүлийн үеийн загвартай, өртөг өндөртэй жийп хөлөглөнө. Хүний өөрийн машин хайрлана гэдгийг мэдэхгүй эд нар жолоо барих зуураа хөгжим сонсох, гар утсаар зурвас илгээх, тамхи татах олон үйлдэл зэрэг хийн явах бөгөөд аваарт орвол, хэрэгт орооцолдвол нэр нөлөөтэй ар талтай хэмээн хэнэггүй толгойлж явна.
Нэг өдөр, би хүртэл танилын жийпэнд суугаад Толгойтоос төв орохоор явж байв. Овор хэмжээгээр ялгаатай хоёр тэрэг мөргөлдөхөд бага оврын машин илүү эвдэрч, шүргэхэд бага нь илүү сэвтэнэ гэж боддоггүй жижиг тэрэгний жолооч бас байдаг аж. Том нь жижигтээ биш жижиг нь томоо айлгадаг тохиолдол олон байдаг гэнэ. Нэг жижиг тэрэг жийпийн хамар дээгүүр дүүлэх шахам түрж байна.
-"Үгүй энэ одоо яаж байнаа? Хөнгөн тэрэгтэй байж том машины урдуур цойлоод" гэж гайхвал,
-"Чих л огтолж авахгүй юм бол өөр юмгүй" гээд хэнд ч зам тавьж өгдөггүй баруун солгойгүй гүйцэж улс чинь экселтэнүүд. Эксел экселдээ л зам тавьдаг гэсэн, хэн мэдлээ."
-"Эд нар замын эрлэгүүд үү?"
-"Микроавтобус - замын эрлэг. Микро экселийн урдуур дайрна шүү дээ. Микро харин микродоо зам хааяа тавьдаг гэсэн."
Замын цагдаагийнхан хаа хамаагүй хөндлөн гулд давхидаг микронуудын хөдөлгөөнийг зохицуулж дийлэхээ болиод хотын төвөөр явахыг хориглосон дүрэм гаргаж, нэр хоч өгөхдөө мэргэн ардууд "олби оготно", "нисдэг авс" гэж байхав. Төвөөр явдаг микрогүй болоход олон жолооч ажилгүй болж, тэднийг дахин сургалтад хамруулаад том оврын автобусын жолооч болгосон гэнэ. Урт сунагар том биетэй унаа жолоодож буйгаа тэд үе үе мартаж "микро" араншингаа гаргачих гээд байдаг гэнэ.
Социализмын үед нийтийн тээврийн цорын ганц шахуу хүч байсан "Төв замын түрэмгий улаан" гэх алдартай их оврын автобусын жолооч нар нь суух гэж буй хүмүүсийг нааш цааш гүйлгэж даажигнадаг, билет таслагч нар нь өндөр дуугаар зорчигч олныг захирдаг байж билээ. Хүлээлгэж хүлээлгэж нэг ирэхээрээ, зогсох мэт болоод хүн яг суух гээд бариул руу гараа сарвайж, хаалганы шатанд хөлөө тавихаар өргөх мөчид ухас хийн урагшлаад, тав арван метр яваад зогсчихно. Зорчигчдоосоо бултаж тоглодог, өглөө оройдоо даац хэтэртэл хүн чихээд "суначихдаг" цөөн хэдхэн автобустай байсантай харьцуулах аргагүй автобусын тоо, явдаг чиглэл олшроод удаан хүлээлгэхгүй, ороод шахцалдахгүй сэлүүхэн сайхан болжээ. Замын өргөслөөр автобусын буудал харин явган зорчигчын хэсэг рүү нэлээд цүлхийж ороод, зогсоолд зорчигчоо буулгаж суулгаж байгаа овор ихтэй автобус хөдөлгөөнд орсон бусад тэргэнд саад болохгүй эвтэйхэн болж байна. "Төв замын түрэмгий улаан" гэсэн хуучин цагийн хоцрогдсон тодотголоосоо, том биед нь тохирохгүй "микро" араншингаасаа бүрмөсөн салчихвал автобус шиг сайхан унаа алга.

"Соёлтой баавгай"

Sunday, 12 June 2011

Хөөрхөн... сайхан?

Урт зэгзгэр хөлтэй, түхгэр цагаан цээжтэй, дэндүү нарийхан бэлхүүстэй уран гоё хөдөлгөөнтэй болохоор гоё биетэй гэхээс яахав. Бодлогоширсон гэмээр гуниг хурсан дүрлэгэр бор нүд, шөнтгөр хамар, дух, чих бүгд зохилдсон юм чинь царайлаг гэхээс яахав. Чехүүд "хэзки" - хөөрхөн гээд байхаар нь толгой дохиод зөвшөөрөөд байдаг гэж байгаа. Англи хэлтнүүд "гүүд лүүкинг" -царайлаг гээд байхаар бас л тийм үнэн гээд бардам байх. Гоё биетэй царайлаг амьтан маань манай нохой. Монголоор нохойг царайлаг гэхэд нэг л биш сайхан гэвэл яадаг бол?
Манайх хоёр жил хагасын өмнө Монголоос тухайлбал Дорнод аймгаас нэг гөлөг авчирсан даа. Одоо нас бие гүйцээд том нохой болсон. Эндхийн богинохон хөлтэй паацагнасан голигор нохдын хажууд анч нохой гэсэндээ гэдэс нь хойш татагдсан, цээж хүчирхэг, туулай зээр хөөгөөд гүйж байхдаа таарсан урт нарийхан хөлтэй. Хашаа гэр манах ёстой амьтан гэхэд тэнэг сайхан зантай. Анхнаас нь муу золигийг ааш муутай болгож хүмүүжүүлэх байж. Хажуугаар өнгөрөх хүн бүрийг сүүлээрээ дохиж мэндлээд, үсэрч харайж уран гоё хөдөлгөөнийг харамгүй үзүүлнэ. Дөнгөж хөлд орж буй нялх хүүхдээс эхлээд, эрүү өвдөг нь нийлсэн эмгэн өвгөн хүртэл хавь ойрын завтай хамаг хүн зон амьтны хүрээлэнгийн үзмэр сонирхох шиг манай гадаа шаваастай, шал дургүй хүрмээр. Зарим нь зайдас, яс, хиам өгч байгаа харагддаг. Ямар нарийхан биетэй, бараг туранхай гэхээс наагуур шогширцгооно. Биднийг нохойгоо хооллодоггүй гээд байгаа юм уу, төрөлхийн тийм галбиртай гээд үг сөрөлтэй биш. Элдэв амин дэмтэй гэх нохойн хорголжин тэжээл голоод идэхгүй. Мах их иддэг монголчуудын хаялаг их тулдаа л, тэжээлд мах яс, ядаж шөлний нитгэл хольж байж идүүлнэ. Бас монгол команд ойлгодог, чех хэл мэдэхгүй гэж гайхаад байхыг нь яана. Манай хөршүүд бидний нэрийг мэдэхгүй. Манай нохойн нэрийг Баагий гэж бүгд андахгүй. Паспортын нэр нь Хойлог л доо, гэртээ бид Баагий гэдэг болохоос. Бид нар хүний нэр тогтоогоод нохойн нэрийг огт тогтоодоггүй гэж байгаа.
Сар хагастай, сүүнд жигтэйхэн дуртай, тав зургаахан кг жинтэй (одоо 26 кг жинтэй), өрвийсэн үстэй, нялх, сахилгагүй амьтан манайд ирж байлаа. Сүүнээс гараагүй нялх өнчин бас эгдүүтэй амьтанд мэдээж хэн ч ширүүлсэнгүй. Гэхдээ нялуурсангүй. Хооллоод, салхинд гаргаад, хааяа дайн болохоос наагуур юм болж усанд оруулаад гэрт нэг буланд хэвтэр бэлдэж өгөөд орхисон. Нохойд хайртайдаа бус хүмүүс балайр гэж хэлнэ гэж эвгүйцсэндээ, бас элдэв бөөс хуурс үржиж магад гэж сэжиглэсэндээ хэвтэрийг нь харин хэд хэд шинэчлэсэн байх. Гэтэл ийм ааш сайтай амьтан болчих юм. Зарим айлын нохой хажуугаар нь хүн өнгөрөх тоолонд хуцаад архираад зогсоо чөлөөгүй ажил албаа гүйцэтгэчих юм.
Гэхдээ зарим төрлийн нохойг үзэн ядна. Гахай нохойны эрлийз гэмээр хачин муухай зүстэй улцан цагаан ягаан зүсмийн нохойг бол нэг нүдээр үзэхгүй муухай хуцаад архираад сүрийг үзүүлнэ. Нэг хөгшин бүдүүн гичий овчаркад бас их дургүй. Тэр дургүй ноход манай хажуугаар сүүлээ хавчаад үтэр түргэн зайлж байгаа юм даа. Бас муурны дайтай давжаа биетэй атлаа дуу ихтэй жижиг нохдыг ёстой нэг үл тоомсорлоно гэгчээр, нөгөөдүүл нь яаж ч байсан тэртээ алсыг ширтээд даан ч нэг тоож харьцахгүй нь инээдтэй.
Эзнийхээ хажууд алхахад нь алхаад гүйхэд нь гүйгээд уяагүй сул хамт зугаалдаг хүмүүжилтэй ноход байх юм. Барилга байшин ихтэй хот газар нохой маань уяагүй урд хойно гарч гүйгээд хамт яваад байдаг болсон. Жаахан зэлүүдхэн тариа ногооны талбай, ой модны ойролцоо, хүүхдийн парк зэрэг онгон байгаль санагдуулсан газар уяагүй явж огт болохгүй нөхөр юм билээ. Туулай хэрэм ямар нэг амьтан энд тэнд хөдлах төдийд агаар цөм зүсч хурдлаад хөөгөөд алга болно. Дорнодын уудам тал нь санаанд ордог юм уу, анч цус нь бургилдаг юм уу бүү мэд. Тэгээд гэрээ олоод ирнэ гэж бараг үгүй дээ. Хаа хамаагүй тэнэж явахад нь хүзүүвчинд байх утсаар хүмүүс ярьж авчирч өгнө. Энгийн ардууд бол яахав, цагдаа олж ирвэл торгууль төлж байж нохойгоо салгаж авна. Хүүхдүүд, нөхөр эрэлд гараад заримдаа олоод ирнэ. Том том дуугарч загинаж байгаа дүр эсгэнэ, ойлгодог эсэхийг мэдэхгүй.
Манай хоёр хүү, нөхөртэй тоглоод үсрээд, хоншоороороо ёвроод, урд сарвуугаа өгөөд их дотносоно. Надад хүрч болохгүй гэдгийг анхнаас нь сайн ойлгуулсан. Ажилд яваад гаднаас ирэхэд баярлаж давхиж ирээд хоёр сантиметр дөхөөд эргээд, хэхэ. Өөрийн биед хүрч болохгүй дэгт оруулчихаад сарьсан хоншоорыг нь няслаад авах, сүүлдэх зэргээр нохойн дургүй юмыг ганц би хийж байхад гал тогооны атаман гэж мэдээд тэвчээд байх шиг, хэхэ.

"Нохой болох гөлөгнөөсөө

"Дуучин нохой"

Thursday, 9 June 2011

Цагаан бар

Энэтхэг зохиолчийн "Цагаан бар" (The White Tiger by Aravind Adiga) ном уншаад ийм кастын системтэй оронд ядуу хүн болж төрснөөс адгуус байх нь дээр юм гэж бодох шиг, шороон түмэн хүнтэй улсад газар нь амьд хүний ялгадас шингээж дийлэхгүй, "Ариун" Ганга мөрнөөс эхлээд гол ус нь үхсэн хүний цогцос урсгаж хүчрэхгүй хамгийн бохир, хамгийн өмхий самхай болж буйд харуусах шиг, хүмүүсийн хоорондох харьцааг хараад хүн гээч адгийн амьтан ямар муухай үйл хийдэг юм гэж жигшиж бүр гайхашран шиг болов.
Энэ ном зөвхөн үгээгүй ядуусийн амьдрал харуулсангүй, хахууль гэмт хэргийн сүлжээгээр холбогдсон баячууд улс төрчид, даяаршлагдаж буй дэлхийн эдийн засаг, мэдээлэл технологийн хөгжил, аутсорсинг ид цэцэглэж байгаа Бангалор хот бүгд гарна.
Ядуусын амьдрал ахуйн тухай нарийн ширийнтэй нь бичээд байхаар зохиолчыг ядуусын хороололд өсөж бойжсон болов уу гэмээр, баячууд улс төр технологийн талаар хөнгөн хүүрнээд байхаар дээд кастын гэр бүлээс гаралтай эрх хүү гэж эндүүрмээр, егөөдсөн хөнгөн бичлэгтэй ч цаагуураа бичиж буй зүйлээ ул суурьтай судалсан нь ил. Дашрамд дурдахад зохиолч Энэтхэгт төрөөд Австралид бойжсон, Колумби болон Оксфордийн их сургууль төгссөн, Тайм Файнаншэл Тайм зэрэг нэртэй сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч, энэ түүний анхны ном юм байна.
2008 оны уран зохиолын шагнал авсан ном билээ. Уншаад үзээрэй.

Эцэст нь хэлэхэд цэлгэр уудам нутагтай эрх чөлөөт Монгол оронд хүн болж төрсөндөө баярлаад ханашгүй.
Энэтхэгт сурч байхдаа М.Отгонпүрэв "Та нар муусайн мэдэхгүй л дээ" хэмээн шүлэглэн бачуурч байсныг улам илүү ойлгох шиг болсон шүү. http://www.otgonpurew.com/2007/12/blog-post.html

Tuesday, 31 May 2011

Хүүхдэд барьсан гайхамшигт бэлэг

Хүүхдийн баяраар монголын олон үрсэд "Хөх дэвтэр" хэвлэлийн газар урьд хожид байгаагүй эгнэшгүй жинтэй, оюунлаг, сайхан сэтгэлийн угаас бүтээгдсэн, хамгийн их хөдөлмөр шингэсэн ГАЙХАМШИГТ БЭЛЭГ барьж байна. "Хөх дэвтэр" хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч зохиолч, сэтгүүлч Д.Оюунчимэг гуравхан жилийн өмнө дэлхийн хүүхдийн уран зохиолын өвөөс монгол хэлнээ сорчлон орчуулж нийт 108 боть бүхий "Эрдэнэсийн сан" цуврал гаргахаар төлөвлөж байсан бол одоо 82 ботийг хэвлэн гаргаад хүүхдүүдэд ийнхүү өргөн барьж байна.
Дэлхийн иргэн болон төлөвшихөд олон олон улс орны уран зохиол, үлгэр домогтой зайлшгүй танилцах шаардлагатай тул жинтэй, бага наснаас ном унших дадал суулгах нь оюун ухаан болон сэтгэцийн далайцийг тэлэх тул оюунлаг, бидний хойч үе монголын үр садад оюуны хөрөнгө оруулалт хийсэн сэтгэлийн хамгийн сайхан тусгал, ийм богино хугацаанд оюунаа чилээж гадаад соёлын угшилтай ном зохиолыг монгол соёлд хэрхэн буулгасныг төсөөлөхөд бэрх тул хамгийн их хөдөлмөр шингэсэн гэх байна. Эцэст нь хэлэхэд, улсын төсвөөс хэнд ямар арга замаар мөнгө олддог болох нь номын мөр хөөсөн монгол хүнд таахад бэрх оньсого болсон өнөө үед энэ том ажилд улсын төсвөөс ганц зоос олдсонгүй, сэхээтнүүд энд тэндхийн сангаас төсөл бичих замаар мөнгө олдог элдэв аргаар явах гэтэл номд олгодог сан байсангүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог гадаадын буцалтгүй тусламж хүүхэд гэсэн малгай дор траншейны гэх тодотголтой хэдээс бусад гэр орон эцэг эхтэйгээ байдаг ерийн хүүхдэд тэр тусмаа номд олддоггүй зарчим үйлчилдэг манай санхүүгийн нөхцөлд ийм том ажлын цаана гарсан нь үнэхээр гайхамшиг.
Номинчимэдийн блогт: "Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд, зарим Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг бас хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас оруулсан.108 номын 92 нь анх удаа орчуулагдаж буй зохиол бүтээлүүд. Бараг 50 хувийг нь энэ цувралыг анх санаачлагч зохиолч орчуулагч Д.Оюунчимэг орчуулсан. Мөн энэ дашрамд хэлэхэд эдгээр номыг хөрвүүлэхэд гар бие оролцсон ахмад орчуулагч Ц.Даваажав, Д.Баяртогтох, Ц.Сүхбаатар, Ч.Лхагва, У.Нямсүрэн болон мөн Б.Баясгалан, Н.Сүнжээ, Ч.Цэрэндулам, Ц.Цэвэлсүрэн нарт байрлалаа" гэсэн байна.
Одоогоор хэвлэлээс гараад байгаа ная гаран номын талыг Д.Оюунчимэг орчуулсан гэхээр, гурван жилийн мянга гаран өдөрт орчуулсан номыг ноогдуулж үзвэл сар хүрэхгүй хугацаанд нэг номыг хөрвүүлсэн дүн гарна. Тэгээд дан орчуулгаар дагнахгүй, ихэнх орчуулгыг уншиж хянасан хүн нь бас Оюунчимэг, номын чимэг зураг дизайн гаргуулах, хэвлүүлэх гээд аж ахуйн цаг барсан ажил хөөцөлдсөн гэхээр нэг номыг ер нь хэдэн хоногт "машиндсан" бол гэж гайхах шиг. Мэдээж хажуудах хань нь (Номинчимэд) бас номын хүн тулдаа уншилцаж, хяналцаж, зуралцаж тусласан гэдэг. Номоор амьсгалсан энэ хэдэн жилд хэвлэлийн газрын ажлаа зохицуулахаас гадна, гэрийн эзэгтэй хүүхдийн эх гээд олон олон алба амжуулж байсан гайхамшигт монгол эмэгтэйн эрч хүч ажилсаг тууштай чанарын өмнө бөхиймүй.
Хүүхэд насаа эргэн санахуйд, ээж аав бидэнд энэ баяраар элдэв амттан, янз бүрийн тоглоом, ном зэрэг авч өгдөг байв. Одоо чухам ямар амттан идсэн, ямар тоглоомоор тоглосон бэ гэвэл яг таг оноож хэлэхэд бэрх. Аавын маань "Зуун билэг" номыг аялгуулан уншиж өгдөг үдшүүдийг харин санаж байна. Нагац ээж маань юмыг нүдэнд харагдтал дүрслэл сайтай ярьдаг хүн сэн. Эмээгийн "өнгөтөөр" хүүрнэсэн "32 модон хүний үлгэр", "Шидэт хүүрийн үлгэр", "Бичэн багшийн баруун этгээд зорчсон түүх оршвой" зэрэг эртний сайхан үлгэрүүд одоогийн олон ангит хүүхдийн кино шиг сэтгэлд тод үлджээ. Тэр үед одоогийнхтой харьцуулахад цөөн ном хэвлэгдэн гардаг байв. Хүүхдийн ном бүр ховор. Аав номын худалдааны газарт ажилладаг тулдаа сургуулийн насны хүүхэд уншиж болох бүх л номыг бидэнд алгасалгүй авч өгдөг байлаа. Ах эгч бид гурав нэгнийхээ уншиж дуусахыг хүлээж тэвчихгүй, зэрэгцэж суугаад номны эхэн дунд хавийн өөр өөр хуудсыг нэг нь хэвтээ нөгөө нь босоо бариад хүзүүгээ гилжийлгэн хамт уншина. Хүзүү хөшөөд ирэхээр, нөгөөхөө тээршэн боль чи дараа нь унш, чи өөрөө боль гэж хэрүүл болох дөхдөг сөн.

Ном дор мөргөмүй

Monday, 30 May 2011

Хөөмийн гайхамшиг

19-10-2007нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн"Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.

Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.

Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.

Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.

Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.

Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.

Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.

Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.

Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэжбайсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.

Гадаадын хөгжим судлаачид оюуны үнэт өвийг танин мэдэх завшаан тохиолдсонд олзуурхан манай монголын уртын дуу, морин хуур, хөөмийд эрдэм шинжилгээний дүгнэлт гарган судалсаар байна. Япон, герман, голланд, америк судлаачид нэлээд хэдэн ном гаргажээ. Дундад ба Төв Азийн хөгжим судладаг Теодоро Левин гэдэг америк эрхэм манай хөөмийн тухай Прага хотноо хичээл сургалт хийж байхдаа, монголын ард түмний үнэт өв гэхээсээ илүү ийм гайхамшигт шинэ сонин юм нээлээ гэдэгтээ цохолт өгөн ярьж байсан. Монгол тахь гадаадын олон улсад оросын эрдэмтэн Пржевальскийн нэрээр алдаршсан гэдгийг санаж өөрийн орны унаган соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүгээрээ бахархаж, өөрсдөө судалж дэлхий дахинд Монголын гэдгээр нь таниулъя.


Tuesday, 24 May 2011

Улбар шар жанч

Түвд лам нарын амьдралын талаар сонирхолтой нь аргагүй бичсэн "Улбар шар жанч" (The Saffron Robe" by T.Lobsang Rampa) хэмээх багаахан ном уншлаа. Өдөр тутам нүдэнд дадсан зүйлээ хөндлөнгийн нүдээр харан анхаарал татам өгүүлж чадах ламыг гайхан интернет ухтал зохиолч нь Түвдэд ганц ч удаа очиж үзээгүй, Лувсандамба гэх түвд ламын хойд дүр Кирил Хоскин (1910-1981) гэх англи зохиолч аж. Түвдүүдэд манайханд ч элбэг тохиолдодог төрсөн өдрийн гарагийн нэр "Мягмар" буюу "Tuesday" ("T"-г) нэрийнхээ өмнө авчээ.
Энэ зохиолчын хамгийн алдартай, хамгийн их шуугиан тарьсан, тэр хэмжэгээрээ хамгийн олон гадаад хэлэнд орчуулагдсан ном нь "Билгийн мэлмий" (The Third Eye) гэнэ.
Монгол хэлнээ энэ зохиолчын олон ном орчуулагдсан байх. Хүний биеийн эргэн тойронд байх астраль, эфир бие, аура-н тухай өгүүлдэг "Та мөнх" гэдэг номыг хальт уншсан ч түвд лам бичсэн гэж бодоод өнгөрсөн санагдана.

Tuesday, 17 May 2011

Торой бандийн дуу

Элэгдэхийн өмнө элэгддэг
Энгэр тохой хайрангүй
Дээж баялаг нь элэгдэх
Дээдсийн нутаг хайран!

Зовохын цагтаа зовдог
Зовлого бие хайрангүй,
Өвгөдийн өрсөж хамгаалсан
Өрлөг түүх минь хайран!

Төрсний эцэст төгсдөг
Төөхөн бие хайрангүй
Эрх ямбанд эвдүүлсэн
Эртний ёс хайран!

Уул даваа нь хэрэмгүй ч
Хууль цаазан хэрэмтэй
Олныхоо сэтгэлийг огоорсон
Одоогийн ёсыг сэтлэнэ...

Хээр хөдөө нь хэмжээгүй ч
Хэлэх үг нь хэмжээтэй
Түмнийхээ эрхийг боогдуулсан
Төрийг цаазыг сэтлэнэ..

Эвийн зангиа таслахгүй
Эрийн тангараг няцахгүй
Үргэвэл тоосондоо цуглана
Үрэгдвэл ясандаа цуглана!


Г.МэндеОоёо "Морин хуурын зохионгуй" номоос