Saturday 2 January 2010

Салхи татуулан...

Мотоцикл унаад салхи татуулан давхиж байгаа залуусыг харж явснаас мотоциклд ойртож ч үзээгүй бибээр нэг удаа энэ айхтар унааг унаж үзвэй. Өмнөд хятадын Кантон мужид болсон яармагт оролцох үедээ, нэг өглөө хүзүүнээсээ өлгөөтэй байх ёстой үнэмлэхээ зочид буудалдаа мартаад, сэргээлгэх санаатай анх олгосон газарт очвол, торгууль нь өндөр санагдаад, нэг өдөр өөртөө чөлөө олгон амрахаар шийдээд буудалдаа буцах болов. Зочид буудал яармаг хоёрын хооронд шатл автобус үйлчилдэг тул, яаж явахаа заалгахаар замын цагдаад хандав. Хаягаа харуулаад мөрөө хавчиж, том харж, толгой сэгсэрч хэл нэвтрэлцэхгүй улс дохио зангаагаар ойлголцдог аргаар учирлав. Метрогоор уу? Таксигаар уу? гэж байгаа бололтой мэддэг хоёр үг дуулдсанд яарах юмгүй хүн хямдыг нь бодоод метро гэлээ. Метроны буудал хаана байна гэж асууж амжихаас өмнө хүргээд өгөе гэж дохих шиг.

Окей гээд дагавал нэг бага оврын мотоцикл дээр дагуулаад очлоо. "Хүүе ажаа нь үүн дээр чинь сууж үзээгүй, больё" гэмээр ч хэл мэдэхгүй, газар мэдэхгүй хүн яалтай билээ. Нөгөө цагдаа залуу дуулгаа өмсөөд өөрөө суудалдаа суугаад, намайг ардаа сундалдаад суу хэмээн дохиж байна. Зүүн дөрөөнд хөлөө тавьтал, унаа хүн хоёр миний ганц хөлнөөс хөнгөхөн аж. Мотоцикл дээрх цагдаатайгаа хамт хажуу тийш налж хөмрөх шахав. Нэг хөлөө дөрөөлөх мөчдөө нөгөө хөлөө суудал даваалан сэв хийтэл хурдан шалмаг мордох учиртай бололтой. Сандраад хөлөө татаж авав. Урд зүгийн хятадууд ер нь их жижиг метр хагас орчимхон давжаа улс. Эргэн тойрноо харж тэндээ л томоохонд (170 орчим) ормоор нэг нөхрийг дохиж дуудав. Уриалгахан аргагүй хүрээд ирж байна. Унаагаа түшүүлж, өөрөө түшиж байж нэг юм мордоод авлаа.

Аажуухан хурд нэмэхгүй шууд давхидаг юм байна. Хийсчихмээр аймаар. Эх газартаа хоёр хөлөөрөө зогсож байсан бол барагтай салхинд хийсэхээр хөнгөхөн хүн биш сэн. Хурдалж байнаа. Жолоочоосоо тас зуурмаар. Танихгүй, харийн хүн байдаг. Уначихмаар санагдаад өмнөх хүнээ сэрвүүхэн барьлаа. Ядаж явж "уухай туухай баатар ууцан дундуураа тасархай баатар" мөр санаанд орж, "баруун зүүн гарын гарын хуруунууд хоорондоо нийлчихмээр ямар нарийхан амь гол нь хаанаа байдаг амьтан вэ" гэж бодон тус хүргэж яваа хүнээ дотроо ихэд голов. Айдас хүйдэс бага зэрэг сарниад өмнөх замаа харлаа. Үгүй ингэхэд би жолоочийн дуулган дээгүүр харж байх юм. Төрсөн нутагтаа дунд зэргийн нуруутай, төөрсөн газартаа (Чех) жижигт ордог би энд томоос том болж хувираад давжаа мотоциклчийн ард уул хад шиг сүглийж байх шиг. Сундалгааны суудал ёндгор өндөрдүү суугаа хүн нь "өндөр" болохоор хараа дээгүүр, хамар шантгар додигор явлаа. Салхи татуулан давхих сайхан юм билээ. Үе үе нөмөрт хорогдож амьсгаа авмаар атал нугдайж эвхрээд ч жижгэрдэг арга байхгүй нь л тиймэрхүү. Унаа маань огцом хөдөлсөн шигээ гэнт зогслоо. Метроны зогсоолд хүрчээ. Цагдаа залуу буух зогсоолын маань нэрийг ханзаар бас латинаар бичиж өгөөд, мотоциклоо унаад давхин алга болов.

14 comments:

XACAP said...

Та тэгвэл мотоцикл дээр салхи татуулаад үзчихсэн байна шүү дээ.

Anonymous said...

He he ta bas mototsikltoi adal yavdal uzsen goy dursamj baina. Dulaan orniihon hongon chanriin hooltoi mash turanhai manaihan esregeer baidag baih l daa.

Barimalch

Мика /美香/ said...

нэг сайхан лурсамж нэмж дээ. х э хэ

Урд зүгийн цагдаа нар аймаар тусархаг байдаг шдээ. Баярламаар.
Туслуулах болгондоо манай цагдаа нар байсан бол яах байсан болдоо гэж боддог шүү.

За ингээд эгчдээ шинэ оны мэнд хүргэе. Амьдрал сааайхааан...

Arsun said...

Тас тэвэрдэг газар бас голоостой, хэхэ. Тус ч улсууд юм аа. Гоёын.

MW said...

Hehe ehleed neriig ni haraad
"Salhi tatuulan hajuugaar unguruh
Saihan hosiin neg ni chi bailaa" geed Niciton-ii duunii shuleg sanaand orj irdeg bna shd.

saixan said...

Шинэ оны мэнд хүргэе. Сайхан бичсэн байна.

Т.Насанжаргал said...

Sain baina uu? Neg tuslaltsaa huseh zuil abina. Bi blog neesen bolovch "angilal" hesgiig hiij chaddaggui Ta nadad tuslah bolomj hir baina? Please

serenade said...

Хөгжилтэй юм билээ, Вьетнам орноор аялж явахад бас л бага оврын мотоцикль ойр зуур хөл залгуулсан шүү. Тэнд амьдарч суралцаж байгаа манайхан ч энэ унаатайгаа хэхэ.

Агай said...

сайн байна уу яг л дэргэд чинь хамт явсан мэт санагдлаа

БЭ said...

нүдэнд харагдчихлаа бүр хэхэ

Дeстини said...

Нэг сайхан инээж авлаа. Шинэ жилийн мэнд!

ZAYA said...

Жижиг гээд бас голоостой, хэ хэ
Эгчдээ шинэ оны мэнд хүргэе ээ.

Anonymous said...

Хэ хэ хэ Гулливерын аялал шиг юм болсон байнашд

Anonymous said...

air jordan
supreme shirt
jordan 11
palm angels hoodie
yeezy 350
off white
supreme hoodie
jordan shoes
off white
bapesta