Thursday 25 September 2008

Улс төржих шахав

Найз нартай он лайнд мэнд мэдээд сэтгэлийн хэдэн сайхан үгс солилцох гэхээр өөдөөс улс төржөөд залхмаар. Засгийн газарт мэдлэг чадвартай тэр, оюун сэтгэлгээний зангараг сэтгэлгээний цар хүрээгээрээ тэр л орох байсан, гэтэл захын наймаачин бас сандлын хуучин олбог ороод гээд бүх улс төрчдийг андахгүй том авна. Баяр өөрөө тэгэж гишгэх байсан ингэж харайгаад гээд алхадал гишгэдэл, дуу хоолой, царай зүсийг нь хүртэл сонжино. Ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд улс орны нүүр царай болдог хүмүүс царайлаг, нуруулаг, хамарлаг баймаар гэнэ. Манайхан гадна дотноос юм шиншилж олохдоо сайн хамарлаг хүн сонгоод байгаа юм байх. Орсууд баавгай нэрээ хадгалах гэсээр жоохон бамбарууш дээрээ залчихаад өхөөрдмөөр л гэнэ. Америкууд дэлхийг зангидаж байхад хараа дээгүүр байх гээд нуруулаг хүнд дуртай. Дэлхий хоёр дайн өдөөсөндөө эмзэглэдэг германууд эх хүн дээрээ тавиад гээд улс төр нэвт үнэртсэн яриа хөвөрнө.
Сэдэв солих санаатай чех пиво сайхан шүү гээд тэрүүхэндээ эршүүд царайлав. Тэгсэн баахан пивоны нэр урсгаад согтуу хоёр эрийн баранд уулзсан яриа шиг болчихов. Хар Хорин, Боргио гээд байхаар нь манай монголын пиво чех пивоноос дутахгүй сайн болсон дог оо гэв. Манай монголын архи пиав ер нь их сайжраад байгаа. Манай тэргүүлэх салбар болох гээд, тэгээд ч архи пивоны бизнесийн ард томчуул байгаа. Томчууд ч гэж дээ, муу луйварчид. Өчнөөн олон баар диско байгуулаад. Эзэд нь нөгөө томчуулын нууц амрагууд. Хүний зовлонд ханадаггүй муу хувалзнууд. Хувалз чинь хөдөөнийх байх гэвэл, хотод цус сордог бөөс бисаа өөр ямар эвгүй шимэгч байна тэр бүгд чинь тэд нар гээд уурсаад явчихав.
"Төрийн төлөө огтоно боож үхэв" гэгчээр бид энд хүүхнүүдийн сайхан яриа дэлгэхгүй том аваад, юу ч ярьсан дандаа улс төржөөд гэвэл. Хүн болгоны ярьдаг сэдэв улс төр болоод улс төржих нь иргэний үүрэг шахуу болоод, наана чинь улс орон тэр чигээрээ улс төрөөр амьсгалж байна. Сайд солигдох тоолонд баахан хүмүүс хоморгонд нь ажилгүй болдог болохоор өөрийн талын хүний төлөө үгээ хэлж байхаас аргагүй. Төрийн механизмыг зөв гольдролд оруулахад олны оюун ухаан үнэт үг хэрэгтэй. Төр нь дээр залраад ард бид нар доогуур мөлхөөд байна гэж ойлгоод байгаа бол буруу. Үнэндээ нийгмийн амьдралыг зохицуулах гэж төр байгаа. Төр бол түмэн олон бидэнд үйлчлэх ёстой зарц. Муу хүнийг зар, зарсан хойноо өр гэдэг үгийг сана. Ухаантай авхаалжтай зарцтай бол биенд амар шд. Худал хэлдэг хулгай хийдэг, ажлын чадваргүй хүнийг зарцаа болгож сонгож авахгүй биз дээ гээд намайгаа сургаад бас дахин сургаад, сэнхрүүлээд өгөв.
Дарга болох далан гурван мэх гэлүү (Роберт Грийний ”Эрх мэдлийн тулаанд ялах 33 стратеги”) нэг ном манайд хамгийн их гүйлгээтэй байгааг сонсоод бүгд дарга болох дуртай болохоор энгийн эгэл бор ажлыг нь хэн хийж энэ улс нийгэм хөгжих юм бол гэж бодож байсан чинь биш бололтой. Нийгэмд үйлчлэх төр хэмээх механизм эрүүл саруул эд эсээс бүрдвэл энгийн бидний эгэл амьдрал хэвийн гольдролдоо орох гэдгийг ухаарсан залуус тийшээ тэмүүлээд байсан юм байна. Зарц болох дуртай сонин юм...

Wednesday 24 September 2008

Эмэгтэйлэг

Танил хоёр авгайтай таарав. Нэг нь хөл муутай хөдөлгөөн багатай байдаг тул илүүдэл жинтэй, нас нэлээн явчихсан, намхан тарган хүн гэхэд моод дагадаг, эмэгтэй хүн гэдгээ мартдаггүй нь илт. Таяг нь хүртэл хувцасны нэмэлт чимэг шиг гоё гоёмсог. Их эвтэйхэн өөртөө тааруулж өнгө зүс тааруулж донжтой хувцасласан, үсээ зассан, нүүрээ аятайхан будсан байлаа. Нөгөө нь хориод насаар дүү гэхэд түлхүүрээ гэртээ мартаад гадаа цэцэрлэгтээ жимс ногоо хурааж байгаад тэр чигээрээ хотын төвд санаандгүй ороод ирсэн хүн шиг. Тугал долоосон шиг шалчийсэн үстэй, тэрийгээ нуух гэсэн үү яасан өлөн хиртэй зуны саравчтай цагаан эрээн малгай духдуулсан. Гоёлын ажлын спорт стиль холиод, өөр хоорондоо өнгийн зохицолдоогүй хачин хувцас хайш яйш хэгэлдэрлэсэн. Уул нь их л эрдэмтэй хүн л дээ. Эмэгтэй хүн эмэгтэйлэг байхгүй бол онцгүй шиг санагдсан шүү.

Friday 19 September 2008

Сайн хулигаан

Залуухан байж дээ. Гэхдээ нөхөрт гарсан айлын авгай. Манай найз бүсгүй хараахан нөхөргүй байлаа. Ээж нь Улаанбаатар зочид буудалд жижүүр хийдэг, тэднийх буудлын ар талын ажилчдын байранд байдаг байлаа. Ээжийнх нь ээлж таарсан өдөр бид хоёр уулзаад яриандаа халаад цаг оройтсныг анзаарсангүй. Тэднийхээс гараад жанжны талбай өнгөрөөд гэрийн зүг яаравчлан алхаж байлаа. Гутлын 22-ын хавьцаа дөрвөн залуу гүйцэж ирэнгээ, нэг нь шууд буглагнаас шүүрээд авав. Сүр сар хийсэн огцом хөдөлгөөнтэй, тогтохгүй гүйсэн харцтай, архинд түлэгдсэн хав хар царайтай зэвүүн төрхтэй хулигаан байна. Нөгөө гурав нь ард хэдэн алхам зайтай дагаастай. Айсан гэж жигтэйхэн. Авраарай, туслаарай гээд орилмоор байдаг. Эргэн тойронд намайг сонсох хүний бараагүй. Байсан ч танихгүй хүнд туслах гэж дөрвийн дөрвөн хулигааны өөдөөс хэн л сарвалзав гэх шиг тэрүүхэн зуур их олон юм бодоод амжив.
Намайг баривчилсан хулигаан бага ангид хоёр жил хамт сурсан нэг хүүтэй нүд нь гүйгээд хүр хар хийгээд төстэй ч юм шиг. Хоёрдугаар ангидаа гурав дахь жилдээ улирч байгаа гэсэн нэг хүү манай ангид орвой. Хэцүүхэн гэр бүлд өссөн байх даа хөөрхий минь одоо бодоход. Сурлага муутай нь ойлгомжтой. Их зэрлэг авиртай, зогсоо чөлөөгүй хараал хэлнэ, үргэлж хүүхэд зодно. Намайг бүр онцлоно. Завсарлагаа бүрээр түлхэнэ нудрана, цохиод авна, ядаж хөл дээр гишгээд авна. Хичээл тараад дагаад явна. Цүнхээрээ нуруун дээр буулгана. Чулуу шиднэ. Ангиараа авахуулсан зурган дээр түүний зургийг зүүгээр цоолоод хаячихсан байхыг бодоход би түүнийг үздэггүй байсан шиг байгаа юм. Аав ховонд дургүй хэлээд нэмэргүй. Ээжид хэлсэн чинь нэг удаа сургууль дээр ирээд, түүнд чихэр өгөөд аргадаад, бүр дургүй хүргэчихсэн. Өөрөө л хариу зодолдохоос наагуур хирэндээ биеэ хамгаалж үзэж тардаг байлаа. Ашгүй хоёр жил болоод дахиад анги улирсан уу, шилжсэн үү манай ангиас явж нэг санаа амарч билээ. Том ангид ороод хайр дурлалын тухай шивэр авир хийдэг болсон үед манай ангийн охидууд түүнийг надад сайн байсан, таваас өөр дүн авдаггүй охинд дурласан нойлын ногоон хүү зодохоос өөр ямар аргаар анхаарлыг чинь татах юм, чи түүнд арай эмэгтэйлэг хандсан бол засрах ч байсан юм билүү гэж тоглодог байсан санаанд оров.
Энэ хүнтэй зүгээр хүн шиг айж эмээлгүй харьцаад үзье гэж бодлоо. Нөгөө зэвүүн хулигаан руу харж нар гийтэл инээмсэглээд, өөрөө сугадаад авлаа. Одоо би баривчлагдсан биш, харин хулигаан маань баривчлагддагын даваан дээр юм шиг болчихов. Инээд хүрээд чанга инээчихлээ. "Айдаггүй хачин амьтан бэ?" гэж байна. "Хүн хүнээсээ юу гэж айхав даа. Ганцаараа явсан эвгүй гэдэг нь, ашгүй ханиндаа зам дөхдөг хэргээ" гээд их ялдам мишээлээ. Нээх муухай паржигнатал инээж байна. "Хүүш найз аа, До яамны хажуугаар ийм чанга инээж арай болохгүй байх аа, доод талд шорон байдаг гэсэн шд" гэлээ. Шорон гэдэг үг сонсоод сүнс нь зайлав уу яав нэг хэсэгтээ чимээгүй болчихов. Тэгснээ "хар тостой зууралддаг жолоочтой их найзалвал хар халтар гэдэстэй болно шоо" гэж байна. Сүүлдээ арзгар хар хулигаан маань өөрийгөө аятайхан хархүү гэж үнэмшив бололтой, сонор сэрэмж нь сулраад зөөлрөөд явчих шиг болсон. Ойр зуурын юм эв найртай ярьсаар явтал ашгүй манай байрны бараа харагдав. Би ч сугадаж байсан гараа гэнт сугалаж аваад хар эрчээрээ гүйгээд орцондоо орчихов. Хойноос хөөсөн эсэхийг мэдэхгүй. Нэг мэдэхэд гурван давхарт байдаг гэртээ ороод ирчихсэн нөхөртөө хамаг тайлангаа тавьж байсан. Эм хүний арван гурван мэхийг уралдуулан эсэн мэнд ирсэн гэж магтах юм болов уу гэсэн чинь "үүнээс хойш утасгүй холбоо барьж болохгүй газар битгий ингэж оройтож бай" гээд бараг загинуулах дөхөв.
Янз бүрийн орчин ахуйд өссөн хүмүүсийн зан араншин, төлөвшилт хүмүүжил өөр өөр байдаг. Бүдүүлэг зэрлэгдүү хүнтэй ихэмсэг хямсгар харьцаад, уулзаад өнгөрөх хэдхэн мөчид хүмүүжүүлэх гээд элдэв сургааль айлдаад байхад хайшаа юм. Харин ч эгдүү нь хөдлөөд улам эвгүй загинаж магадгүй. Тэгээд ч хар багаас олсон хүмүүжлийг тэр хэдхэн мөчид засаж чадахгүй нь мэдээж. Тэгэхээр тийм хүмүүстэй аль болох эвтэйхэн харьцаад, чадвал хошин шог үг хавчуулаад хүн гэдэг утгаар нь хүндэлсэн байртай байвал танд арай л өөр хандах байх. Ямар ч хүнд сайнаар хандаад, чи сайн, чи сайхан сэтгэлтэй, чи ухаантай, чи үүнийг хийж чадна, чи амжилтанд хүрнээ гээд байвал хүн түүнд нь үнэмшээд урам ороод сайн сайхан руу алхам алхамаар ойртоод байдаг шиг санагддаг.

Thursday 18 September 2008

Монголын нэрийг зээлдэгчдэд

Өчигдөр зурагтаар дэлхийн хамгийн жижигхэн хүн гээд нэг араб царайтай өөдөсхөнийг монгол гээд зарлаад байх юм. Тэр нь өвөр монгол гэнэ. Шинжаан уйгарын нөхөр байх. Тэрний тийм жижигхэн болж төрсөнд ямар буруу байхав. Бас дэлхийн хамгийн өндөр гээд бас нэг урт эрүүтэй нөхөр байдаг, бас л хятадын монгол гэнэ билээ. Үүнийг бол хятад гэж зарлана. Энэ хужаа нар үнэн чинжүү зантай улс. Хаана манай нэрийг гаргаж, хаана монгол гэж үндэстэн, бүхэл бүтэн бүрэн эрхт улс байдаг гэдгийг таг мартаж мэдэн будилж мушгиж гуйвуулж чаддаг дургүй хүрмээр зэвүүн. Одоо болтол газрын зурагтаа манайхыг хамруулж зурчихаад, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчөөд хэнэггүй царайлдаг. Юань гүрэн бол хятадынх гээд байдаг. Гүрэн эзэгнэгч хаан Хубилай бас хятад, түүний өвөө Чингис бас хятад гэхээс наагуур.
Олимпын нээлтэд манайхан шар цагаан өнгө сонгосон гэдгийг мэдчихээд, ёгт санаа агуулж хүүхнүүдээ шар цагаан хослолоор гоёод эвгүй хатгасан. Б.Болдсайхан эмчийн "Цаазаар авмаар" нийтлэлд янхнуудаа сармагчинтай хурьцаж байгаагаар зураг аваад монгол охид ингэж самуурдаг гээд интернетэд тавьсан тухай бичсэн байсан. Үнэндээ хятад охид байсныг үгүйсгэх аргагүй.
Парисын хувцас загварын яармагаар тэнэж яваад "монгол ноолуур" гэсэн томоос том хаяг холоос олж хараад, манайхан оролцож байгаа юм байна гэж бодооод баярлаад гүйгээд очтол хэдэн хужаа. Их зальтай. Манай монголын ноолуурын чанар сайн, загвар хийц нь европ хүний таашаалд нийцэхуйц, ер нь хятад ноолуурын дэргэд монгол ноолуурын микрон нь бага гээд хамаагүй нэр хүндтэй гэдгийг мэддэг болохоор "inner MONGOLIAN CASHMERE china" гээд өвөр, хятад гэдгээ хүнд харагдахааргүй жижигхэн бичээд монгол гэдгээ томоос том тавьсан байв. Дургүй хүрээд "өө инээдэмтэй загвартай, хулсны хольцтой хятад ноолуур л байна шд" гэж ширэв татвал, газрын зураг гаргаж ирээд ар монголын хажууханд байдаг энэ нутгийн тийм ямааных гээд далчигнаад байсан. Аль өнгөтэй нэртэй болгоныг өөртөө нялзаагаад, нэг тийм гаж сонин юм бол манай нэрийг зээлдээд бухимдмаар.
Тайвширдаг хэрэг гээд сайхан ном уншиж хэвтэх санаатай найзынхаа шагшраад унш гэж өгөөд байсан, Канадын зохиолч эмэгтэй Kim Edwards-ын "The Memory Keeper's Daughter"
номыг бариад өнхрөөд өгөв. Уул нь уран тансаг хэлээр их сайхан бичигдсэн ном юм. Бас уур хүрээд босоод ирлээ. Эмэгтэйчүүдийн эмч замын хальтиргаа гулгаанаас болоод ирж чадаагүйн улмаас эмч эр өөрийн эхнэрийн хүүхдийг эх барьж авах аж. Хүү охин хоёр ихэр төрнө. Хүү нь цоо эрүүл. Охин нь жартгай нүдтэй, хавтгай хамартай, оюуны хомсдолтой "монгол". Эмч эцэг өвчний шинж тэмдгийг шууд таниад, эхэд нь охин маань амьгүй төрсөн гээд асрамжын газар руу явуулж байгаагаар ном эхэлдэг. Down's syndrome-той хүнийг "a mongoloid" гэдэг байсныг манай засгийн газар эсэргүүцэл илэрхийлээд албан ёсоор энэ эмгэгийг нээсэн ч билүү, эмчилсэн ч билүү хүний нэрээр Down's syndrome гэдэг болоод удаж байгаа. Гэтэл энд тэнд мэдрэл муутай мангар хүнийг чи арай "a mongoloid" биш биз гэх шиг ер нь монголоид нэрээр хэрэглэдэг хэвээр л байна. Манайхан юм юманд сэргэлэн оюун ухаанаар хэнээс дутахааргүй улс. Одоо дэлхийд тэргүүлээд байгаа америкчууд манай өвөг дээдэс шиг гурван зууны турш дэлхийн бодлогыг барьж чадах болов уу. Юу л бол.

Wednesday 17 September 2008

Өвөөгийн сүнс ивээсэн нь

Хүнсний ногоогоор хангадаг байсан улсын өмчийн том сангийн аж ахуйнууд татан буугдсан уу, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахаа больсон шиг. Хүнсний зах дэлгүүрт элдэв бордоогүй хор хөнөөлгүй эрүүл монгол төмстэй зэрэгцээд, хятад төмс зах зээл булаацалдаад байдаг болов. Социализмын үед намар бүр их дээд, тусгай дунд сургуулийн оюутнууд сангийн аж ахуйд очиж ургац хураалцдаг байв. Мэдээж үнэ хөлсгүй ажиллана. Сургууль төгсөөд удаагүй залуухан багш байхдаа намрын дайчилгаанд олон явсаан.
Үүнээс анхны жил санаанд тод үлдэж. Оюутнууд үргэлжилсэн урт наартай цэргийн казарм шиг урт байшинд, багш нар монгол гэрт байдаг байв. Ахмад багш нар хоймор голлоод зүүн талаар эмэгтэй, баруун талаар эрэгтэй багш нар насны эрэмбээр байрлана. Ажлын дараа тоглоом наргиан болсоор ахмадууд хэзээ гудсаа дэлгэж хүн бүрийн ор дэр байраа эзлэсний дараа өөрийн зайгаа олохоос өөр аргагүй хамгийн залуу миний байр зүүн хатавчинд байх. Оюутны байранд очиж элдэв зар хүргэх, хүүхэд дуудах гээд гар хөлийн үзүүрт баруун зүүн хатавчны залуучууд бид гүйгээстэй. Зах хязгаар нь харагдахгүй төмсний талбайд оюутнуудаа дагаад өдөржин явна. Сангийн аж ахуйн ажил зохицуулж байгаа хүмүүс талбайд эзгүй хүүхдүүд байна гэж андуурах, зам явах бичгэндээ ажлаа бичүүлж гарын үсэг зуруулах гэсэн самосвалын жолооч нар багш хайж миний хажуугаар өнгөрөөд өөр том хүн хайж давхидаг байсныг бодоход ажлын хар жийгээд, хөвөнтэй хүрэм, ажлын бээлий өмссөн бибээр оюутнаасаа ялгардаггүй байсан шиг байгаа юм.
Тарианы үтрэм дээр ажиллаж буй цөөхөн хэдэн оюутан эргэх болоод баруун зүүн хатавчнаас залуу багш нарыг тодруулж байна. Мэдээж хамгийн бага зулуугаараа би бас орчихлоо. Гэтэл машинаар бус мориор явах учиртайгаа мэдэв. Надтай хамт явах ёстой надаас дөрөв тав эгч нэг эмэгтэй, ганц хоёр ах миний үе шахуу нэг эрэгтэй багш нар морь гэхээр цочирдож байгаа шинж алга. Би ч нэрэлхээд морь унах нь битгий хэл ойртож үзээгүй гэдгээ хэлсэнгүй. Айж байгаа хүнийг морь мэдрээд хавьтуулдаггүй гэж дуулсан санаанд ороод, тайван бай, тайван бай, бүр тайван бай гээд өөрийгөө тайвшруулж байлаа. Дотроо ч тайван болчихлоо. Гадна дүрээ айгаагүй болгох гээд, өндөр морийг нь унавал та хоёртой ойролцоо харагдана байх гэж би тоглоом хийсэн шиг хэнэггүй дүр эсгэв. Тэгтэл тэд унаж сурсанаараа монгол морио авна гээд өндөр морь надад ноогдов. Тоомсогийн цус холилдсон бололтой, нэлээд өндөр нэг морь байсан юм. Явах гэсээр байтал нар шингэж байна. Нөгөө хоёр багш маань хэрхэн мордохыг ажиж байгаад, өндөр хул морь руу шууд хүрч очоод мордож орхилоо. Морь маань ямар ч байсан хажиглаж цэрвэсэнгүй, шинэков намайг хүлээгээд авчихлаа.
Сандал гэдэг суухад зориулагдсан гэдэг шиг эмээл дээр нь суугаад явдаг гэсэн биш бололтой. Доороос балбаад холгоод байнаа гээд ориллоо. Дөрөөгөө жийгээд босоодуу яв гэж байна. Бид хориод км газар явах ёстой. Нөгөө хоёр маань уралдах уу гээд ташуур өгөөд давхиулж гарав. Би ч дуурайгаад мориныхоо хондлойд ташуур буулгав. Миний морь ч нөгөө морьдоос хоцрохгүй хурдлах гэтэл нэг юм саад болоод байх шиг. Жолоогоо сул тавих ёстой байж, хожуу ч гэсэн ойлгоод, дөрөө жийгээд жолоо тавиад давхиж өгөв. Сайхан байсаан. Гэтэл нөгөө эмэгтэйн морь бүдрээд тэр багш уначихлаа. Эрэгтэй багш морио зогсоогоод, бууж харайгаад, түргэн зуур өөрийнхөө болон нөгөө бүдэрдэг морийн гурван хөлийг холбоод тушиж орхив. Эмэгтэй багш их эвтэйхэн унах шиг болсон. Өөрөө босоод зогсчихсон байсан. Эрэгтэй багш түүнийг өргөөд сэгсрээд ч байх шиг, толгой тархийг нь барьж үзээд юмыг яаж мэдэхэв гээд алчуур духаар нь зангидаад гялалзуулж байна. Морь тушиж чадахгүй, тийм том лагс эмэгтэйг арчилж чадахгүй бибээр арай гэж зогсоосон морин дээрээ л байж байв. Нөгөө хоёр маань тэгсхийгээд цааш хөдлөхөөр болж, үлдсэн замаа бид аажуухан галигуулсаар барав. Очих газраа хүрээд мориноосоо буугаад хурдхан жолоогоо эрэгтэй багшид өгөв таминь. Анх удаа морь унаж үзлээ. Ашгүй яаж унаж туссангүй мэнд ирэв гэж үнэнээ хэлэв. Нөгөө хоёр миний айдаггүй тэнэгийг гайхаж байна. Аргагүй шд өөрсдөө хөдөө өссөн, хурдан морь унаж уралдаанд орж байсан хүүхдүүд гэнэ. Нэгэнт бүх юм болоод өнгөрсөн хойно онгирмоор санагдаад, би хотод төрж өссөн морь мал мэдэхгүй ч миний аав, аавын аав, аавын өвөө бүгд морин дэл дээр хүн болсон улс. Тэгж ярьвал манай хуланц өвөө (өвөөгийн аав) нутаг усандаа алдартай сайн уяач байсан гэлээ. Бурхан тэнгэрт итгээд сүсэглээд байдаггүй ч, тэр өдөр өвөөгийн маань сүнс намайг дагаж, надад тусалж ивээж явсан гэж бодогдоод байдаг юм.

Wednesday 10 September 2008

Блог андууд

Монгол сонин олж унших гэж хэнийд хэн нутгаас ирэв гэдгийг бүртгэхээс наагуур ангуучилж байж олон айл дамжиж уншигдсаар ноорсон сониноос л нутгийн тухай юм олж уншдаг байлаа. Тэр нь цаг хугацааны хувьд хуучирсан, улс төржсөн үнэн худал нь мэдэгдэхгүй, хүмүүсийн хувийн амьдрал хөнжил гудас сөхсөн хов жив, хар бараан голдуу мэдээлэл байна. Харьд байгаа хүний сэтгэл сэргээх гэгээнлэг юм бараг байхгүй. Санаагаар унаж гутармаар. Тэгтэл Цахим өртөө гэж нэг сайхан веб нээгдэж, тэнд гарсан зүйлийг алагсалгүй уншдаг боллоо.

Манай ардчиллын анхны алтан харайцайнуудын нэг, авьяаслаг сэтгүүлч, Хонхны Цогтсайхан агсаны дүү, миний найз С.Энхжаргал-Холакова хоёр гурван жилийн өмнө блог гэж нэг сайхан юм нээгджээ гээд дүү Эрин Тулгатын блогийг танилцуулснаар анх блогтой танилцаж билээ. Эрин Тулгатын блогоор анхны пионер блогчдын холбоосоос холбоос дамжин сор болсон Тогоруу, Наранбаяр, Буянцогтоо, Легаси нарын оюунлаг, гэгээнлэг бичлэгүүдтэй танилцаж орчин үеийн монгол залуусын мэдлэгийн хүрээ, сэтгэлгээний царааг аар бахархаж байлаа. Блог тогтмол уншдаг болж блог-фен болвой. Найз нөхдөөс блог нээсэн намайг блогтой болооч гэсэн майл авдаг болоод нэлээд хугацаа өнгөрөв. Өөрийгөө голж нэг хэсэгтээ эргэлзэж явтал бас л Энхээ маань зоригжуулж ноднин арван сард блог нээсэн. Нэг мэдсэн чинь блогтой болоод бараг жил болох нь. Үзсэн харсан, уншсан мэдсэнээ харамгүй хуваалцдаг, юу ч чадахгүй хэнийг ч түшээд авдаг, сайхан хүмүүсийн дунд ороод явчихсан. Блогчдоос их ч юм сурлаа. Олон сайхан блог андтай боллоо. Блог гэж юу болохыг блог хөтөлдөг та нөхдөд би юу хэлэхэв. Шүлэг өгүүллэг бичдэг үгийн жинг цэн тунгаар мэдэрдэг найрагч, зохиолч улс блогчид дунд бас бий. Манай блог андууд блогоо ингэж тодорхойлж байна.

Т.Бум-Эрдэнэ :

Блогныхоо энэ ертөнцийг
Бохироос холхон байлгая
Борхон зүрхний угаас
Боргилон боргилон ундрах
Барагдашгүй нэгэн булаг юм байна
Ганцаас эхэлж олныг хамарсан
Гайхам нэгэн урлан юм байна
Цаг нартай уралдан гарсан
Цахим нэгэн ертөнц юм байна
Газар газрын сонинг агуулсан
Гайгүй сайн төөрдөг байшин юм байна
Тийм гэхийн аргагүй эгэлхэн бас даруухан
Тэмдэглэлийн электрон дэвтэр юм байна
гэж шүлэг найргийн тансаг хэлээр блог ертөнцөө нэг дуулаад,
"Дэлхийг тойрсон агаар мандалын давхрага байдаг шиг, хүн төрөлхтөний бүхий л оюунлаг хүмүүсийн хийсэн бүтээсэн, бичсэн, зурсан, сэтгэсэн нийлээд оюуны мандалын давхрага болж байдаг тухай найзаасаа дуулаад, блог бичдэг, уншдаг найзууд маань мөн нэг тиймэрхүү давхрага байгаа мэт төсөөлөгдөнө. Бидний оюун санаа тэр давхрагыг бий болгох юм. Яагаад ч юм орчин нь мэдээж хий хоосонд нэг харахын зүүд ч юм шиг, нөгөө бодлын огторгуйд ч юм шиг. Гэхдээ сансар шиг харанхуй биш. Нар туссан гэрэл гэгээтэй харагддаг. Тэнд л бид хамгийн чөлөөтэй, дур зоргоороо, хамгийн жаргалтайгаар бие биенээ харж, инээж хөхөрч, заримтай нь гар гараасаа атгалцаж, заримтай нь мөр мөрөн дээрээ алгадалцаж байх юм. Марзан Шарав гуайн "Нэг өдөр" гэдэг зураг шиг төсөөлөгдөнө. Зургаа дахь мэдрэхүй гэдэг шиг бид хий хоосон оюуны орон зайн ертөнцөөр чөлөөтэй тэнүүчлэн, бие биенийхээрээ айлчлан зочилж, найрсагаар амьдарсаар... Оюун мандал байдаг нь үнэн. Гэхдээ энэ нь зөвхөн оюунлаг хүмүүсийнх биш, бүх хүмүүсийн оюун бодлын тусгал болж байдаг мандал байх аа. Үүнийг оросын Винаградов билүү академич нотолж байгаа гээд байсан. Тэр үнэн байх. Тэгэхээр тэр давхаргад хүн л болсон бол хүссэн хүсээгүй таны бодол санаа ул мөрөө үлдээх болно гэсэн үг. Тийм учраас л тэр мандалд сайн сайхан, гэрэл гэгээтэй орон зайгаа үлдээх хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэр мандал амархан хиртдэг юм шиг байгаам, хиртээд байна гэдэг нь энд бидний энэ их уур хилэн, харанхуй бурангуй бодол санааны тусгал. Сонирхолтой нь тэр мандал эргээд хүний ертөнцийн оюунд нөлөөлж байдаг байж магадгүй. Тэгэхээр нэг хүн нэг гэлтгүй тэр мандалд ногдож буй өөрийн орон зайгаа гэрэл гэгээтэй болгох хэрэгтэй байх"
гэж гүн ухаан шинжлэх ухаан таалаас блогын тухай бодролоо бас бичсэн байна.

Алтаргана:

„Байгаагаас минь илүүг нэхэж байгаагүй мөртөө байхгүйг минь нөхөж өгдөг миний хонгор чи хэн юм бэ. Амьдрал хэмээх ааш муутай эрхмийн аяыг олох гэж ядаж яваа эгэл нэгэн эмэгтэйн сэтгэлийн гүн дэх мөрөөдлийн ханхүү юу? Эсвэл бүсгүй хүн бүрийн хүслийн гэгээн алсад эрхэмсэг орших төгс төгөлдөр эр үү?
Дүүрэн байнаа гээд бодвол бялхаад байдаг, дутуу юм даа гээд санавал нэхээд байдаг хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм. Итгэж найдах юмтай байна гэдэг сайхаан… Ганцаараа ч гэсэн хоёулаа…Тийм ээ, энэ бол миний блог…өөр хэнд би ингэтлээ итгэж чадахсан билээ“ гэж блогоо хүний сэтгэлийн хамгийн эрхэм утас дурлалтай зүйрлэсэн байдаг.

Idea:

...бусдад таалагдах гэж том сэтгэхгүй, бурууг засах гэж асуудал хөндөхгүй, бөөн гүн ухаанлаг амьтан болох гэж бүлт үсрэхгүй, бүгдийг чаддаг царайлж хоосон цэцэрхэхгүй гэгээлэг бодол тээн гэтэж мярааж биш гишгэж цовхорч явахдаа би хязгааргүй дуртай, ...бичих сэдэв толгойд, бэлэн үг цээжинд, билэг авьяас энүүхэнд, бийр янтай халаасанд“ гээд блог дундын чалчих өрөөнд дуугарахаараа шүлэг найраглал хэлчихдэг комент бичихээрээ үндсэн бичлэгээс давчих гээд байдаг, Бэлэн Сэнгэ авхай бидний дунд бас бий.

Блогчид маань "ахмад" пионеруудаасаа жишээ авч энд тэнд эвлэлдэн нэгдэж хамтран ажиллаж эхлээд байгаа. Бидний хэсэгхэн блогчдын бичлэгээр Монцамэ сонины нэг дугаарын нүүр дүүрч гарах гэж байгааг дуулгахад таатай байна.

Tuesday 9 September 2008

Аавдаа

Өчигдөр аав, ээжтэйгээ утсаар ярьлаа. Өнөөдөр өндөр настай аавынхаа тухай бичиж өөрт нь уншуулмаар санагдлаа. Санаанд тод үлдсэн алаг цоог дурсамж хэлхэе.
Аавыг ярихын тулд аавыг маань төрүүлсэн ачит эмээгээ дурсахгүй байхын аргагүй. Эгч ах гараас гараад овоо том тул хоёул ажилтай аав ээжтэй хамт байдаг. Би эмээгийнд, эмээгээ үргэлж дийлдэг эрх гэж жигтэйхэн амьтан байлаа. Эмээ маань нүдээрээ инээсэн, намхан нуруутай их тайван хүн байж билээ. Эмээгийн чанасан сайхан хийцтэй цайг, өрөмд зуурсан цайны будааг, гэрийн сайхан талх, мойлтой тос бүгдийг түлхээд би гэдэг хүн нэг өдөр өглөөний цайгаа уухгүй цамнаж өгч. Манайд хоносон нагац ахын дургүй хүрээд, намайг хүүхдийн өндөр сандлаас өргөж буулгаад "тэгвэл юу ч бүү ид" гээд явуулчихаж. Эмээгийн дотор зурагдаж байв ч эрх ачаа өмөөрсөнгүй. Бага үдийн алдад гурван цаг гүрийсэн бибээр нагац ахын өмнө очиж, "би сайн болоо, одоо юу ч өгсөн иднэ" гэж цагаан дарцаг барьсан гэдэг. Хоёртойдоо хүртсэн сургамж их нөлөөтэй байдаг бололтой буулт хийж, буруугаа хүлээж чаддаг болгосон гэх үү. Аав маань яг эмээ шиг зөөлөн тайван ч бас чанга байж чаддаг хүн.
Аав бид хоёр Сүхбаатарын талбайгаар алхаж явтал аавын сайн танил таараад тэр хоёр хуучлаад зогсчихов. Би тавтай байсан шиг, аавыг хүлээж ядаад гараас хэд хэд чангаагаад автал, нөгөө хүн яриагаа тайван үргэлжлүүлэх санаатай халааснаасаа гурван "баавгайтай" чихэр гарган надад өгөв. Би "мөддөө баавгайтай чихэр идээгүй тун ч их баярлалаа" гээд чихрийг нь хоёр гардаад авчихлаа. Аав ичсэндээ охиноо хөтлөөд хурдан холдсон гэж ярьдагсан. Одоо ч, талх хоёр гурван төгрөг байхад кг нь дөчин найман төгрөгийн үнэтэй байсан тэр зөөлөн чихрийг харах бүрийд аавын маань ажлын хөлс үнэртэх шиг болдог.
Ээж гадаадад сургуульд сурч байсан үед бид хэд гэрийн ажил хийж сурсан шиг. Эгч юм угаах дэлгүүр явах, ах түлээ хагалах ус барих гээд хүн болгон өөрийн хир хэмжээнд таарсан юм хийнэ. Би бага ангийн үдээс хойш сургуульд явдаг болохоор үдийн хоол хийх үүрэгтэй. Гоймонтой шөл, төмстэй хуурга хоёр л хийж дөнгөнө. Бугуйн цаг гар утас тэр үеийн хүүхдэд байх биш. Гадаа тоглож байгаад баримжаагаар орж ирээд, нэг нүдээрээ ширээний цаг нөгөө нүдээрээ хичээлээ харж байх зуураа гарын ганц хоолоо оромдоглоно. Гадаа удаан тоглоод хичээлээс хожигдох дөхсөн үед дөнгөж эхлүүлээд орхисон түүхий хоолтой плиткээ унтраагаад өөрөө талх мэрээд хичээлдээ гүйчихдэгсэн. Заримдаа хоол тавьчихаад номын амтанд орж мартаад орхиод шал түлэнхий юм хийнэ. Өөрөө дотроо түүхий түлэнхий хоол хийснээ мэдэж байхад, миний охин ийм багаасаа хоол хийдэг гээд л аав малгайлна, ер загинахгүй.
Тэр хүүхэд тэгээд энэ ингээд гээд гомдол тавихад үл сонсооч болно. Үнэмшүүлэх өмөөрүүлэх санаатай давс хужир нэмээд ирэнгүүт хөмсөг нь зангираад, "өөрийгөө хичээ, зүгээр байсан хүнийг хүн оролддоггүй юм" гээд дуусаа.
Оюутны өвөл зуны амралтаар ирсэн ээж маань оёдолын машин тачигнуулж гэрийн оёх шидэх юмыг гүйцээдэг байв. Гэтэл ээжийн эзгүйд ахын явдаг пионерийн ордны дугуйлан өнгө заасан дүрэмт хувцас өмс гээд, аав маань ахын сургуулийн бор формыг тавьж байгаад дууриалгаад оёчихож билээ. Ингэж аав минь амьдралдаа анх удаа юм оёсон, сайн ч оёсон шиг байгаа юм. Би дуурайгаад, ээжийн жоорноос даавуу олоод өөрийхөө футболка тавьж эсгээд оёод дуустал хэнд ч таарахгүй жижигхэн юм болчихов. Орой аавыг ирэхэд айчихсан амьтан бүтээлээ үзүүлтэл, ингээд оёод байвал сурна, арай багасгаад хүүхэлдэйн хувцас болгочих. Гулгаж унасан пансаар оёоход хэцүү л дээ гэсэн. Одоо бодоход ээжийн ямар гоёл хийх гэж хадгалаж байсан ямар нандин материалыг нь эвдсэн юм бол гэж санаа зовдог юм.
Одоо насанд дарагдаад жижгэрээд байгаагаас бус урлаг судлаач аав маань бөх гэж андуурмаар том биетэй ханхар зузаан хүн. Бөхчүүд хөдөө хээр, амралтанд таараад барилдъя гэж шалдаг. Эхлээд гарын бяр үзээд дараа нь барилдвал барилдъя гээд, гартаа их бяртай тул барилдах шаардлагагүй болчихдог байсан гэдэг. Манай идэш аавынхаас арай эрт ирсэнд, идшээ иртэл хэрэглэж бай гээд бярууны ганц гуя өгтөл, манайд идэш дөхүүлж өгсөн хоёр жолооч бид дөхүүлээд өгөх үү гэхэд, "ажилтай улс цаг алдаад яахав өвөө нь өөрөө" гээд өлхөн сугавчлаад явчихаж билээ. Аав жар гарсан байсан шиг. Тэр хоёр жолооч "танай аав нээрээ бид хоёр дамжилж байсан тэр гуяыг сонин сэтгүүл шиг сэв хийлгээд аваад явсан ёстой лаг өвгөн" гээд л таарах бүртээ дурсдагсан.
Музейн танхимд олонд дуулдахаар чанга ярьж сурчихсан хүн хурал дээр бас их тод дуугарчихдаг юм билээ. Хаа газрын хурал ер нь хоорондоо дүнгэнэтэл шивэгнэлдсэн нэг тийм нойрмогдуу байдаг даа. Арав төгсөлтийн хурал бас нэг тиймэрхүү болж байтал, эцэг эхийг төлөөлж үг хэлэх ёстой аав маань музейдээ байгаа шиг бүдүүн баргил хоолойгоор том дуугаар, гэнт тод дуугараад хамаг амьтныг цочоож сэрээгээд танхим нам гүм болж, би ичээд болдогсон бол сандал доогуураа орчихмоор болж билээ.
Аав япон хэлэндээ сайн. Тэр зиндаа хүйс ялгаж ярьдаг хэлийг нарийн ширийнтэй нь мэднэ. Дүрслэх урлагын музейг нэг удаа японы парламентын төлөөлөгчид үзэхэд дээд зиндааны хэлээр урлагын бүтээл, шашны урлаг тайлбарлаад японуудыг алмайруулсан, тэднийг дагаж явсан гадаад яамны залуу аавын ярианы гучин хувийг л ойлгосон гэж бидэнд бишрэн ярьж байсан. Зөвхөн ааваар орчуулуулна гэж нэр зааж ирдэг япон эрхмүүд ч байв. Монголоос япон руу нэлээд хэдэн ном орчуулсан. "Хүрээ Цам" номыг ная гарсан байхдаа хэрхэн орчуулсныг нь сайн мэднэ. Хугацаа заасан гэрээгүй атлаа, номын хуудсыг тоолоод өдөрт төчнөөнийг орчуулна гэсэн зорилго тавиад яг хэлсэн хугацаандаа дуусгасан. Өдрийн цагаар утас хаалга дуугараад, зурагт сонин гээд сатаарах юм олон тул төвлөрч чаддаггүй гээд өглөөний 6-аас 9 цагийн хооронд л ажилласан. Хамгийн сүүлд "Жороо морь" хэмээх номыг орчуулахдаа нүд муудаад ханз үсэгний олон зураас цэг тэмдэг байранд нь онож бичихээ болиод байна гэж ярьж байсан. Аргагүй шүү дээ ер дөхөж байгаа хүн. Аавын дээр үед бичсэн монгол япон толь бичгийг эгч маань саяхан хөөцөлдөн хүнээр компьютерт шивүүлж хэвлэлд өгч аавыг маань баярлуулсан.
Ажилд авах шалгалтын оноогоор тэргүүлсэн ч, нэлээн хойгуур тав билүү дугаар байрын нөхөр орчихов. Хорвоогийн шудрага бусийг гайхан төрсөн гэртээ очоод гомдол гаргатал, "чи ямар ч юм чинээнд нь тултал сайн эзэмшээгүй болоод өөрөө ажил хайгаад гүйж байна. Үнэхээр сайн байсан бол чамайг аяандаа хайгаад ирэх байсан" гэж дуу цөөнтэй аав маань дуугарч билээ.