Sunday 22 June 2008

Оюутан ээж

Улаанбаатар Москвагийн суудалд арван долоо найм эргэм насны нэг хүүхдээрээ шахуу залуу, хорь дөнгөж шүргэж байгаа бүсгүй, гучин тав орчим насны эр нэг өрөөнд таарч. Бүсгүй том алаг нүдээр вагоны цонхоор жирэлзэн өнгөрөх зүйлийг хайнгадуу харж дуугүй явна. Аян замын уртад дуугаа хурааж, асуусан юманд тийм, үгүйгээс өөр хариугүй энэ хүүхнийг өрөөний хоёр нь их зантайд тооцож асууж шалгаахаа болив. Ам үдээстэй энэ бүсгүй заримдаа ганц ч үг хэлэхгүй өрөөнөөс гүйхээрээ яаравчлан гарч улам гунигтай царайтай орж ирнэ. Хоёр хоног аялав. Гуравдахь өдрөөс бүсгүйн гарч гүйх цөөрсөн ч царай нь улам барайгаад ирэв. Сэрвээгээрээ бага зэрэг бөгтөр ч болсон шиг нэг тийм бэвийсэн амьтан болж хоцорлоо. Сүүлдээ халуурч эхлэв бололтой хүнгүй орны хучлагыг давхар хучаад байгаа хирнээ дагжаад, чичрээд байх шиг. Халуун цай уувал зүгээр гээд хүү цай авчирч өгөхөд, хоёр балгаад л орхичихов.
Цэргийн академийн сонсогч эр тэсэхээ болиод галт тэрэгний үйлчлэгч авгайд очиж "Манай өрөөний охин халуураад байх шиг. Юу ч ярихгүй ичимхий ихэрхэг нь мэдэгдэхгүй хэцүү битүү хүүхэд юм. Хүний нутагт дүүгээс маань ялгаагүй балчир амьтан. Та нэг учрыг нь олж туслаач" гэж гуйв. Яагаад байгаа юм бол, би эмч биш юугаа мэдэх вэ гэсээр авгай тэдний өрөөнд очоод, хоёр эрийг гаргаад, "миний дүү яагаав?" гэв. Бүсгүй "суганы булчирхай цочиод, даараад, бие арзайгаад байна" гэв. "Хөхүүл хүүхэдтэй эхийн сүү зангирахад л ингэдэг дээ, хүүхэдтэй гэмээргүй жаахан охин харагдах юм" гэж бодсон авгай "Чи арай хөхүүл сүүгээ ширгээж ядаж байгаа хүүхэд биш биз!" гэсэнд, бүсгүй "ээж намайг сайн саагаад байгаарай" гэсэн, өрөөнд танихгүй эрэгтэй хүмүүсийн өөдөөс хөхөө гаргаад саагаад байж чадахгүй, ариун цэврийн өрөөнд саагаад, тэгээд ч гар цуцаад сааж дийлэхээ больсон. Сүүлдээ хөх хатуураад саагдахаа больчихлоо. Би сүү орчихно гэж айгаад шингэн юм бараг уухгүй байсан ш дээ" гэж ярихдаа нүдээр нь нулимс дүүрээд ирлээ. Хирэндээ биеэ барихыг хичээн нулимсаа залгин "Хоёр хүүхэд хөхөөд байхад саахгүй бол болдоггүй сүү ихтэй л дээ, хүүгээсээ гадна орцныхоо доод айлын хүүг бас хөхүүлдэг байсан" гэв. "Өрөөний хоёроо хөөж гаргаад сааж байхгүй, анхны хүүхэд биз, залуу байхад ичимхий нэрэлхүү ийм л байдаг даа хөөрхий" гэж авгай олон юм угсруулж урсгаад. За эгч нь гараа угааж ирээд жаал нухаж, наад зангирааг чинь гаргаж өгье. Сайхан санаатай проводник авгай чулуу шиг хатуу болсон залуу эхийн хөхөнд массаж хийж эхлэхэд гол тасрам, дуу алдам өвдөж байснаа сүүлдээ гайгүй болсоор аажимдаа илааршив. Хоёр гурван хүүхэд элбэг тэжээхээр элбэг дэлбэг сүү татарч буй нь энэ.
Ээж нь сүүгээ ширгээж ядан шаналж байхад бяцхан хүү эхийгээ эрж, хөхөө үгүйлэн эмээгийн хоосон хөхийг үлгэж үзээд сүү гарахгүйд ээртэл уйлна. Өрхийн залуухан эмч хүүхэн хүүгийн биеийг үзэхээр орж ирэхэд хүү эмчийг дагуулж хараад, сарвалзаж тэмүүлээд эмээгээ уйлуулж орхино. Хүүхдийн сүүний газрын нормтой жаахан сүүг авахаар өвөө ажлын цагаасаа хумслан шогшоно. Зэгээ харах гэж ээлжийн амралт, цалингүй сарын чөлөө аваад байгаа харьцангүй залуувтар эмээ зээгээ угжинд оруулах гэж аргаа барна. Халуун хүйтнийг яг тааруулах гэж хичээж бэлдсэн сүүг угжинд хийгээд зээдээ амлуулахад, хүү голоод хэлээрээ түлхээд гаргачихна. Охин нь буцалсан ус халбагадаж уулгадаг санагдан, сүүг халбагадан өгсөөр амтанд нь арай гэж оруулав. Өвөөгийн зөөдөг сүү тараг, улмаар бантанд орж, хүү өдөр хоногоор торнисоор, оюутны зуны амралтаар ээжийгээ ирэхэд яслийн мөлхөө ангид "явдаг" том эр болсон байв. Шалгалтаа урьчилан өгөөд, оюутны даржин тэтгэлгээ хэмнэн хүүдээ баахан тоглоомтой ирдэг он жилүүд харавсан сум шиг өнгөрч залуу эх сургуулиа дүүргэв.
Анх отгон охиноо жилийн чөлөө аваад ирэхэд эхлээд боловсрол эзэмших байж хүүхэдтэй болохгүй гээд дурамжхан угтсан. Хүүхдүүд бүгд гадаадад сургуульд хажууд гар хөлийн үзүүрт хөдөлж нэмэр болох хүн байхгүй өөрсдөө гардаж өсгөсөн болоод зээ хүү эмээ өвөө хоёрын амь болсон доо. Хүний ноён нурууны дийлэнх хувь хүүхэд насанд бүр тав хүртэл насанд тавигддаг гэж үнэн шүү. Залуу ээж аавийг сургуулиа төгсөж иртэл, хүүг дөрөв хүртэл эмээ өвөө зөв хүн хийх суурийг хайр халамж хүмүүжлээрээ сайн тавьсан юм. Зээ хүү хожмоо эмч, эрдэмтэн болсон.

Wednesday 18 June 2008

Нэр цолгүй бяцхан тамирчин


Манайх өвөлжөөндөө байсан санагдана, хонь төллөж эхэлж байсан үе юм даг. Нар гийсэн нэг сайхан өдөр өвөө намайг анх удаа морь унуулж билээ. Би таван настай байв. Цагтаа эрэмгий догшин сайн хүлэг байгаад, хөгшрөөд хоньчны унаа болсон номхон цоохор гүү миний унаж үзсэн анхны адуу болов. Мордонгуутаа л зогсоо чөлөөгүй ташуурдсанд, гүү гэнэт ухасхийн давхиж би ч хойшоо сугарч унан анхны сургамжаа хүртвэй. Шуудайтай өвс шидэгдэх шиг хөнгөхөн унасан болоод өвдсөн ч үгүй, бэртсэн ч үгүй. Харин хүмүүс шоолж хөхрөлдөхөд их ичиж билээ. Номхон цоохор гүүгээ ноолсоор морь унаж сурав. Тэр үед тураг ан хийж явсан аав маань буцаж ирэхдээ нэгэн цагаан зүсмийн намхан морь надад зориулан худалдаж авчирлаа. Ингэж өөрийн гэсэн унаатай боллоо. Энэ намхан морь маань жижиг хүүхэд бууж мордоход амраас гадна дов сондуултай, намгархаг газрыг гатлахдаа сайн, сул тавьсан ч эзнээ орхидоггүй ухаантай сайн унаа байлаа.

Манайх их зээрд, бага зээрд, жигцрэн хээр гэсэн гурван азрага адуутай айл байлаа. Өвөө маань нутаг хүшуундаа нэртэй сайн уяач байсан. Өвөө хүн амьтны хөлөөс зайдуу газар үсэргээгээ хийнэ. Хүлгийн хурдийг үсэрсэн туурайны мөр хоорондын зайг төөлөх замаар тодорхойлно. Туурайны зай ихсээд байвал хурд нэмэгдэж байнаа гэсэн үг. Намайг цоохор гүүнээс гадна өөрийн намхан мориндоо бүрэн эзэн болонгуут хурдан морины хүүхэд болгож билээ. Уралдааны хурдан хүлэг унана гэдэг хоньчны номхон морьтой зүйрлэх аргагүй. Өвөө намайг сундалж яваад гараанаас гүйхээрээ гарч буй "баахан хээр" гэдэг үсэргээний моринд явдал дундаа баруун гараараа бүснээс минь өргөөд мордуулж орхив. Ер нь морь үсэргээнд их хурдалдаг. Хурдан хүлэг салхи зүсэн давхихад, нүдэнд ус хурж, чих шунгинан дүлийрэх мэт болж, мориноосоо хойш сугарч уначих гээд байх шиг, салхинд хийсээд явчих шиг санагдаад мориныхоо дэлнээс байдгаараа зуураад нүдээ тас анин явж байлаа. Анх удаа үсэргээний морь унахад ийм сэтгэгдэл надад үлдсэн. Гэхдээ уяа сойлго нь жигдрээгүй, шинээр уяж байсан баахан хээр олон дахин үсэргээнд орсон жинхэнэ хурдны морьтой харьцуулахад гайгүй л хурдалсан байж таарна.

Долоон настайдаа унаган сүргийнхээ халзан зээрдийг унан хурдан морины хүүхэд зиндаанд анх удаа наадамд оролцов. Өвөө маань овоо тахилгын энэ наадамд нэлээд хэдэн морь уясан. Өвөөгийн захиж хэлсний дагуу эхэндээ мориныхоо амыг бага зэрэг барьсхийн явж байсан хэдий ч, халзан зээрд яах аргагүй түрүү магнайд цойлж байлаа. Гэтэл насаар явчихсан ч бие бага, хөнгөхөн тулдаа олон жил хурдны морь унасан, бараг мэргэжлийн тамирчин шахуу Ганжуур гэгч хүү зөв талаар зэрэгцээд ороод ирэв. Би ч мориныхоо амыг суллаад ташуур өгөн хурдлахыг завдтал, тэрээр хавирч шахангуутаа халзан зээрдийн минь цавь руу хөлөө жийж, морины гүйдэл ээдрээж тамлаад, яах ийхийн зуургүй гүйцээд ирэв. Гүйцэн түрүүлэн мөчдөө зүгээр ч үгүй халзан зээрдийн хоншоорыг нэг сайн шавхуурдаад давхин одов. Ийнхүү муухай дарлуулсан халзан зээрд бид хоёр түрүү магнайг алдсан юм. “Хавчиг бяруу шиг өөдгүй амьтан” гэж дотроо бухимдан хараагаад, хов живд дургүй өвөө аав хоёртоо энэ булхайг хэлж чадаагүй өнгөрч билээ. Гарын араар хөлсөө шудраад хүмүүсийн суган доогуур шургаж олны хөлөөс холдож, давсгаа суллаж аваад майхан руугаа очиж амны цангаа гаргах юм олж уухаар явсан.

Дараа жилийн наадамд би мөн л халзан зээрдтэйгээ наадамд оролцлоо. Тодорхой зам харгуйгүй их хол газар уралдаан болсон. Халзан зээрд бид хоёр барианд гарцаагүй нэгд ирлээ дээ. Холын замд зээрд морь маань ч цуцаж, би ч их ядарч билээ. Гэтэл "морь товлосон газарт хүрэлгүй эргэсэн" гэсэн бөөн маргаан булхай угтав. Хүүхдүүд бид юугаа мэдэх вэ дээ. Томчуул биднийг авч яваад энд гараа одоо хөдөл гэхэд л давхиж гарсан. Ингээд түрүүлсэн хэдий ч бай ч үгүй, шагнал ч үгүй өнгөрөв. Гүн жалгаас морьдоо эргүүлэх байсан гэнэ. Тэр хол хоцорсон нэг буурал морь түрүүлсэн болов. Мөн өвөө маань морьны ачааг улам хөнгөлөх гэж халзан зээрдийг эмээлгүй унуулсан тул миний хонгоны арьс шалбарч шархлаад, бүтэн долоо хоног эмээлдээ сууж чадахгүй бүүргэндээ тэгнэж явж билээ. Бусад хүүхдүүд эмээлтэй буюу жижиг тохоштой явсан шиг.

Нэг удаа миний унасан манай хул хээр морь даншиг наадамд түрүүллээ. Түрүү магнайн хөлсийг хусаад, хөхөл дэлий нь айргаар мялайгаад, хөөрч баярласан томчуул хоорондоо юм яриад л байсан. Тэр үед эр хонь 5, шахмал амбан шар 70, тугалтай үнээ 15 янчаан тус тус байхад, хурдан морь хэдэн зуу заримдаа мянган янчаан хүрдэг байв. Наадамчин олныг шуугиулсан тэр хурдан хүлгийг ”30 унагатай гүүгээр арилжаач” хэмээн шалж байсан гэдэг. Өвөө хул хээрээ заралгүй авч үлдсэн нь үнэ харамжиндаа ч бус, хөрөнгө мөнгө сонирхдоггүй байсандаа ч бус, өөрийн торгон сүргийн сүр сүлд болсон хүлгийг гадагш гаргахыг хүсээгүйд байжээ. Тэгээд ч, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд, дайчин цэрэг эрсийг дайнд түшиж ялалт авчирдаг хар сүлд тугийг монгол угсаатнууд азарганы хөхөл дэлээр хийдэг тул зөвхөн торгон сүргийн сүр сүлдээс гадна шинэ нутагт өвөг дээдсийн сүлд нь сайн морины хамтаар явчих гэж байгаа юм шиг санагдсан гэдэг.

Монгол хурдан морьны уралдаан зөвхөн “хүлгийн шинж” тодруулах шалгуур тул түрүүлсэн морьны цол дуудаж, морины эзэн нь бахархаж, уяа сойлгыг нь тааруулсан уяач алдаршдаг. Уралдах морь хэдий чинээ хөнгөн байвал төдий сайн хурдалдаг тул хөнгөн тохош төдий хаяад зөвхөн бага насны хүүхдээр унуулж, эмээл хазаарыг аль болохоор хөнгөлөхийг хичээдэг. Хурдан морь унасан хүүхэд алдар цолгүй хоцордог сонин тоглоом. Сүүлийн үед уралдаанд хүүхэдгүй хоосон давхиж ирдэг морины тоог цохон тэмдэглэж, морьноосоо унаж гэмтэж бэртсэн, осолдож амь насаа алдсан хүүхэд хэд гарсан зэргийг дурдаж, “бага насны хүүхдээр хэдэн арван километр хол газар морь унуулж нааддаг бүдүүлэг зуршлаасаа салцгаая” гэсэн хурц тодоор бичсэн шүүмж нийтлэл наадам, цагаан сарын морин уралдааны үеэр жилээс жилд сонин хэвлэлд гардаг ч, одоо ч хүүхдүүд нэргүй баатар, цолгүй тамирчны үүрэг гүйцэтгэдэг хэвээр л байна.



Tuesday 17 June 2008

Наян цагаан бэлэг

Гарам өвгөн: "манайх “моотгоно харгана” отгоос салбарласан “шилийн харгана” хөхөөрийнх, Буд, Лувсан, Зодов, Дэлт, Уялга, Жоргоон, Лхаваадай нар угийн бичигт буй өвөг дээдэс минь. Угийн бичигт Уялга баахан будлиантай орсон гээд доорхи түүхийг ярьжээ.

Хамниган авгай авсанд ах нар нь дурамжхан байсанд Лхаваадай шилрэн нүүснээр “шилийн харгана” болсон гэх. Лхаваадай түүний хамниган авгай хоёроос хүүхэд гарахгүй зовоожээ. Өндөр гэгээн Занабазарт “Наян цагаан бэлэг” өргөж, гэгээнтнээс үрийн хутаг гуйхаар шийджээ. Наян цагаан бэлэг болох мөнгөн буйл бурантагтай дөчин цагаан тэмээ, мөнгөн хазаартай дөчин цагаан агт цуглуулахад хэцүү. Их ч цаг зарцуулах ба багагүй бэл бэнчин шаардагдана. Цагаан зүсмийн адуу, ялангуяа цагаан тэмээ ховордуу. Хүний үнэн хүсэл тэвчээр шалгадаг үйл тул наян цагаан бэлэг их эрхэм нандинд тооцогдож иржээ. Лхаваадай ийнхүү наян цагаан бэлэг чармайн бэлдээд дээдсийн гэгээнд золгоход, Өндөр гэгээн Занабазар: “Монгол, Оросын хилийн заагт амьдарсугай, гурван үрийн заяатай. Уугандаа Хэсхээдэй, удаахдаа Уялга, отгондоо Жургаадай гэсэн нэр өгсүгэй” гэсэн аврал буулгажээ.

Тэр үед Монгол, Оросын хооронд буриадууд нааш цааш чөлөөтэй нүүдэллэн амьдардаг тогтоосон нарийн хилийн зурвас байхгүй үе байв. Дээдсийн гэгээний айлдвар ёсоор Лхаваадай хил орчим Орост ч биш, Монголд ч биш аж төрж байв. Лхаваадайн эхнэр харин хүүхэдгүй хэвээрээ байтал, тэдний саальчин бүсгүй хүүтэй болжээ. Эр эм хоёр хүүг өргөж аваад Хэсхээдэй нэр өгчээ. Нэгэн шөнө Лхаваадайн дотно анд, хязгаар мужийн захирагч орос ноёнтон гурвалсан морин тэргээр давхиж ирээд: “Би хэрэгтэн болоод дутааж байна. Үүнийг автугай” гээд торгон алчуурт боосон “юм” босгон дээр нь тавиад давхин оджээ. Торгон “боодол” час хийн чарлаж, сүү нэхэж өмөлзөв гэнэ. Түшээт хан аймгийн ”Ар Хүдэр”, “Минж гол” харуулуудын хооронд орших Орос зүгийн гэр харуулуудын нэгийг Уялга гэдэг. Лхаваадайн орос анд хүүгээ орхиод зугтах үед Лхаваадайнх Уялга харуул орчим нүүдэллэж яваад, газрын нэрийг билэгшээн өндөр гэгээний хол ч мэргэнийг сүслэн энэ нэрийг хүүдээ өгсөн бололтой юм. Энэ гэр харуулын нэрээр нэрлэгдсэн Уялга угийн бичигт орж ирсэн түүх энэ. Олдмол орос хүү өдөр хоногоор торнисоор өндөр нуруутай, өндөр хамартай “буриад” хөвгүүн болон өсчээ. Ер нь эдний удамд үе үе нуруулаг хүмүүс байдаг нь ийм учиртай. Гарам өвгөний ууган хүү хоёр метр орчим, Гарам өөрөө хүү шигээ тэнгэр баганадаагүй ч бас л өндөр хүн.

Өргөмөл Хэсхээдэй, олдмол Уялга гэсэн хоёр хүүтэй болоод нэлээд хэдэн жил өнгөрсөн хойно Лхаваадайн авааль гэргий хөл хүндрэн хүү төрүүлжээ. Өндөр гэгээнтний хайрласан Жургаадай нэрийг санаж ядаад, отгон хүүдээ Жоргоон нэр өгчээ. Жоргоон хүү өсөж дөнгөж морь унаж сурч байсан үе. Отгон хүү хоёр ахаа даган малд явдаг болов. Нэгэн өдөр Жоргоон номхон буурал мориныхоо эмээлийн дөрөөнөөс дүүжигнэн цэцэг түүсээр гэртээ иржээ. Айж сандарсан ээж, аавдаа ах нар "ингэж цэцэг түүхэд их гоё" гэсэн гэж хүү хэлжээ. Лхаваадай төрсөн ганц хүүгээ өсгөсөн хоёр хүүдээ гадуурхуулахгүйн тулд, өмчийн эзэн болгохын тулд, өөрий нь насан өөд болсон хойно ч байр суурийг нь найдвартай байлгахын тулд Хэсхээдэй, Уялга нарыг Жоргооны хүүхдүүд мэтээр албан дансанд бүртгүүлжээ. “Ааваасаа урьд төрсөн билээ. Атан тэмээ хариулсан билээ” гэх хэллэг үнээс үүдэлтэй. Угийн бичигт Уялга орсон будлиан ийм учиртай гэнэ. Буриад зон айл бүрийн хөтөлж байсан ургийн буюу угийн бичгээ нарийн дэг жаягийн дагуу хөтөлдөг байж. “Гэр гэртээ хөтлөхөөс гадна Тамга газрын данс хараатай тулган нягталдаг, бүртгүүлдэг байжээ” гэдэг нь дээрх жишээнээс харагдаж байна.

Sunday 8 June 2008

Нууц товчооны орхигдсон хэсэгт юу болсон бэ

С.Жаргалсайхан, Ч.Удвал нарын "Чингис хааны нууц түүх" түүхэн романыг уншаад, түүхэн их хүмүүсийн дэр хөнжилийг юунд ингэж сөхөв гэж жийрхмээр. Чингис хааныгаа шүтэж, эрхэмлэн дээдэлдэг бид түүний талаар эвгүй юм мэдэх, сонсох, харах дургүй. Оросын найруулагч Сергей Бодров "Монгол" хэмээх кинондоо Чингис хааныг хувь хүнийх нь хувьд хэн байв гэдгийг харуулах зорилго тавьж, хүүхэд болон залуу нас, хайр дурлал, ялалт ялагдал тэр ч байтугай Зүрчидийн шоронд байгаа хэсгийг хүртэл кинондоо багтаажээ. Нууц товчоонд их эзэн дайнд ялагдсан, тэр байтугай олзлогдсон, олон жил шоронд байсан тухай байхгүй тул энэ хэсгийг монгол хүн үзэхэд мэдээж тааламжгүй. Киноны энэ хэсгийг Л.Н.Гумилевын "Хар домог" номоос (73-77 тал) сэдэвлэсэн шиг санагдсан. Сийрүүлбэл:
"Янз бүрийн ард түмэн хулгайг өөрийнхөөрөө үздэг. Нэг газарт мөнгө хулгайлж болдоггүй байхад нөгөөд нь зөвхөн мөнгө, эд хогшил авч болдог байжээ. Тэгвэл монголчууд эд хөрөнгө, мөнгө хулгайлахыг цээрлэж, харин хазаар гүйлгэхийг болно, морийг хулгайлах ч хэрэгтэй гэж үздэг байв. Тэмүүжиний анд Жамуха сэцэний дүү эрэмгий Тайчар Тэмүүжиний адууг дээрэмдэхэд адуучин хойноос нь хөөн харваж алжээ.
Жамуха, тодруулбал түүний талынхан үүнийг ашиглан дайн дэгдээж, Тэмүүжинийхнийг довтлов. Ингэж 1184 онд анх удаа аймаг хоорондын дайн болсон юм. Энэ дайнд дайсны хүч гурав дахин их байсан учир Тэмүүжин ялагдав. Гэвч Жамуха нэгэнт дийлснийх бүрмөсөн бут цохих ёстой байсан боловч тэгсэнгүй.
Сурвалж бичгүүдэд үүнээс хойших арван таван жилийн нэн хэцүү, чухал үйл явдлыг өгүүлэлгүй орхиж, Тэмүүжиний намтрыг бүрхэгдүүлжээ. Нууц түүх ч товчлогдсончлон монголчуудын албан ёсны түүх товчлогдсон нь энэ юм. Аз дайрахад зүрчидийг үздэггүй, монголчуудыг таашаадаг нэгэн хятад жанжин байсан ажээ. Тэрвээр зүрчидүүд Тэмүүжинийг аргалан барьж 13 жил нүхэн шоронд хорьсон гэж бичсэн байна. Тэмүүжин яаж ийгээд амь гарчээ. Хэрхэн оргосон нь нарийн мэдэгдэхгүй байна. Монголын түүхэнд энэ үйл явдлыг дурдсангүй. Тэмүүжинийг буцаж ирэхэд монгол тэр даяараа оргилон хөдөлж байв.
...Идэвхтэй хүн эхлээд ховор байсан ч яваандаа олширсоор, зууны шувтаргаар Тэмүүжинг зүрчидийн удаан жилийн олзноос буцаж ирэхэд Монгол улс тэр аяараа буцалж байгаа тогоотой цай шиг даргилж байлаа. Түүхийн шинэ эргэлт эхэлсэн нь тэр байжээ.
Олзлогдоод эзгүй байх хооронд Тэмүүжиний хүч ихээхэн хорогдож, 13 мянган морьтон байснаас 2600 болжээ."
Энэ киноны тухай бичлэгийг блог анд Арсуны arslans.blogspot.com (2007.10.27; 2008.4.19) блогоос дэлгэрэнгүй уншаарай.


Wednesday 4 June 2008

Хар домог

Монголчууд хэзээний харгис зэрлэг, дайтахын төлөө л амьдардаг, эзэлсэн орнуудынхаа хот суурин, соёлын өвийг үнсэн товрог болгож байсан хэрцгий бүдүүлэг улс гэсэн ойлголт түгээмэл. Европынхон монголчууд болон оросуудыг үл тоомсорлодог, үл хүндэлдэг төдийгүй хятад, энэтхэг, арабаас дор үздэг энэ атгаг үзэлд Л.Н.Гумилев "Хар домог" ("Черная легенда" друзья и недруги великой степи) номдоо "Муу муухай дорд үндэстэн гэж байдаггүй" гэсэн санаанд тулгуурлан түүхэн тайлбар, баталгаа нуталгаатай няцаалт өгсөн юм. Энэ номыг манай нэрт орчуулагч К.Аким зохиогч энэ номоо зохиогч эх орондоо хэвлүүлж чадахгүй байхад гар бичмэлээс нь монгол хэлнээ хөрвүүлж, 1992 онд хэвлүүлж гаргасныг, саяхан энэ сэдэвтэй холбогдолтой нийтлэл, ярилцлага сэлтийг хавсаргасан орос эхийг нь уншлаа. Аким гуай мөн ч сайхан орчуулжээ.
Энэ номны хэсгээс түүвэрлэн сийрүүлбэл: "Тэр үед англи, германы баронууд болхи задгай зуухаар чулуун шилтгээнээ дулаацуулж, тариачид нь шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин, саравчинд өвөлжин зутарч байхад нүүдэлчид агаар цэвэр тос даасан эсгий гэртээ аргалын галаа дүрэлзүүлэн жаргаж байсан юм. Чухамхүү сууц гэдэг эд өлгийн болон оюуны соёлыг хөгжүүлэхэд чухал тав тухыг тодорхойлном билээ. ...нүүдэлчдийн зэвсэг болох мод, эврээр хийсэн их гарын нум кельтийнхээс бусад европын аль ч улсын нумаас хоёр дахин хол тусдаг, ...монголчуудын өмсдөг булган малгай, үеэн дээлийг Европт вангууд л өмсдөг, ...талын ард түмэн нь оюуны хувьд ч, соёлын хувьд ч аж байдлын хувьд ч (тохилог тансаг гэсэн утгаар), баатар зоригийн хувьд ч, чин шудрагийн хувьд ч лалчууд хийгээд европын рыцаруудаас даан ч дутахгүй байсан юм. Товчоор хэлэхэд, нүүдэлчдийг жигших үндэс байхгүй". Оросын нэрт түүхч, газар зүйч Л.Н.Гумилев "Би орос хүн, бүх насаараа татаруудыг муулж гүтгэхээс хамгаалж ирлээ" гэсэн байдаг. Номын төгсгөлд Аким гуай "Манай ард түмний өмнөөс хэлмэгдэн зовж, шудрага үнэний төлөө мохолтгүй тэмцсэн энэ эрдэмтнийг манайхан хүнд суртал, захиргаадалт хүчирхийллийн үед даан ч тоохгүй, бараг дайсан мэтээр үзэж байсан нүглийг наминчлаад барна гэж үү" хэмээн халагласан байна.
"Оросыг шүүрдвэл татар л гарна" гэсэн хэлц байдаг. Дундад зуунд Их Монгол улсын бүрэлдэхүүнд орж явсан татаар аймгийн нэрээр талын бүх нүүдэлчдийг европынхон төсөөлдөг байснаар татар-монгол гэж андуу нэрлэх болсон тул татарт хандах үл тоомсорлох үзэл манай монголчуудад шууд тусдаг. Арабууд Оттоманы эзэнт гүрэн байгуулахад эзлэн түрэмгийлэх дайн олон хийхдээ гэмгүй өчнөөн хүмүүсийн цус урсгасан. Загалмайтны удаа дараагийн дайны хөлд европын ард олон нэрвэгдэж байв. Өрнөдөд дээд давхаргийнхны амьдралын зорилго нь "дайн" болсон үе байсаан. Монгол нэрэн дор нэгдсэн талын нүүдэлчид өөр үндэстэн, улсаас илүү ч үгүй дутуу ч үгүй "зэрлэг байж" тив дамнасан их гүрнээ байгуулжээ.
Орос оронд хориотой шахам байсан Л.Н.Гумилевын бүтээлүүдийг 2000 оны эхээр бүгдийг хэвлэн гаргажээ. Ер нь Гумилевын номыг уншихад түүх өгүүлээд байгаа хирнээ яруу тансаг хэлээр цэгцтэй ойлгомжтой бичигдсэн байдаг тул нэг барьж авбал дуусгахаас нааш салахын аргагүй, бараг адал явдалт уран зохиол шиг сонирхолтой байдаг. Түүний бүтээлүүд монголын түүхийг эерэг талаас нь гарган тавьж монголчуудыг гадаад ертөнцөд зөвөөр ойлгуулахыг эрмэлзсэн байдаг болохоор монгол хүнд таалагдах нь ойлгомжтой. "Ах дүү монголын ард түмэнд зориуллаа" гэж эхний хуудсандаа бичээстэй Л.Н.Гумилевын "Байгаагүй орны эрэлд" (В поисках вымышленного царства) номыг амтархан уншиж оросын энэ түүхчийн бүтээлтэй анх танилцаж байлаа.
"Монголд омог аймгийн холбооны уламжлалт зарчмыг халж "хаан" гэдэг албан тушаалд удирдагчаа сонгодог, сонгосон хойноо Их засаг хуулийн дагуу үйл хөтлөх хаанд үг дуугүй захирагддаг нь цэргийн ардчилалын дэвшилтэт хэлбэр байв. Их цус урсаж, уй гашуу учирч байсан ч Их талд итгэснийг хуурч мэхэлдэггүйгээрээ соёл иргэншилтэй бусад орноос ялгарч байв." хэмээн Л.Н.Гумилев дүгнээд, "Христос, лалын бүх улсад айдас хүрэм эзэрхэг ёс, эмх замбараагүй байдал оршиж, амьд явна гэх, эд хөрөнгө бүрэн, нэр төр бүтэн байна гэх баталгаа байхгүй, ер нь аж төрөхөд маш хүнд байна. Их хааны улсад бол хууль, эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг үйлдчихгүй л бол туйлын амар тайван сууж болно" гэж тэр үеийн монголчуудыг мэдэх Марко Полог иш татжээ. Манайхны тухай ямар сайхан үгийг үе үеийн түүхчид харамгүй хэлээ вэ.
Монгол авгайтай голланд эр: "хулгай хийхгүй ажил хийгээд амьдарч болно гэдэг менталите монголчуудад яагаад байдаггүй юм" гэж асуухад, бибээр хариуд нь "хулгай хийж үзээгүй болохоор ийм сэтгэлгээ байдаг гэдгийг мэдэхгүй юм" гэж арзайсан ч, нүүр улайж, хүний өмнөөс ичих ямар хэцүү байдгийг ясандаа тултал мэдрэв шив. Голланд нөхөртэй монгол бүсгүйг өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрт ороход худалдагч алхам холдохгүй дагадаг байснаа, сүүлдээ хулгайч биш монгол, нутгийн хүний эхнэр гэж мэдээд хардахаа больсон гэж ярьсан. Франц, Бельги, Швейцар дахь манай элчин сайдын яаманд долоо хоног тутам цагдаагийн газраас утасдаж, албан бичиг ирүүлж манай иргэдийн хулгайн хэргийн талаар мэдэгдэж байгаа нь манай монголчуудын баруун Европын орнуудад ажил хийх эрхгүй, визгүйгээр харласан хэсэг нь хулгайгаар дагнаж байгаагийн баталгаа.
Хадгаламж зээлийн хоршоо гэж олон хүний итгэлийг хөсөрдүүлж их хэмжээний мөнгө дээрэмдсэн дуулиантай том залилан гарч байлаа. Хуурч мэхэлдэггүйгээрээ бусдаас онцгойрч байсан монголчууд бараг алхам тутамдаа хуурч мэхэлдэг, түүгээрээ бахархах сэтгэлгээтэй монгол бий болжээ. Төрийн байгууллагад өндөр үнээр хулхи бараа шахаж чадсан гэдгээрээ нутгаас ирсэн хүн гайхуулахад, гадаадад байдаг нь ядаж нийтийн тээврийн хэрэгсэлд яаж туулайчилсан, цаашлаад итгэмтгий гадныхныг яаж залилсан, супермаркетэд амархан хулгай хийснээрээ бахархах жишээтэй. Хүнд итгэсэн байвал, монгол хүнд мөнгө зээлдүүлсэн байвал маанаг тэнэгээрээ дуудуулдаг болоод байна.
Бид өвөг дээдэс шигээ хууль дүрмээ чандлан сахиж байна уу? Нийгэмд маань эмх журамтай амар тайван аз жаргалтай амьдрах нөхцөл байна уу? Хуурч мэхэлдэггүйгээрээ бусдаас онцгойрч байсан монголчуудад энэ эрхэм чанар ер хадгалагдаж үлдсэн гэж үү? гээд сэтгэл эмзэглүүлсэн олон асуулт ар араасаа цувна. Өнөөгийн монголчуудын тухай түүхчид юү гэж хэлэх бол? Тэдний нүдэнд өртөж хорь, хорин нэгдүгээр зууны түүхийн хуудсанд багтах болов уу? Монголчуудын тухай хар домгийг няцааж, бүх насаараа монголчуудыг өмөөрч түүнээсээ болж шоронд хүртэл хоригдож, бүтээл туурвил нь хүртэл хориотой байсан Гумилев гуай одоо амьд сэрүүн байсан бол "хар домог" дахин амилахад хараал идсэн өрнөдийхэн бус орчин үеийн монголчуудын зарим нь өөрсдөө буруутай гэдэгтэй санал нийлж харамсах байсан байх даа.