Friday 28 November 2008

Бичлэгээс том комент (хотын хөгжил)

Миний түрүүчийн "Ямар хот цогцлуулах" http://ganga-cz.blogspot.com/2008/11/blog-post_24.html бичлэгт архитекторч мэргэжилтэй блогч Тэлмэн, Хоридой мэргэн нар бичлэгээс маань илүү сайхан комент оруулсныг дэлгэн тавьж бичлэг болгохоор шийдлээ.
Тэлмэн (http://telmen.blogspot.com/) : Орчин үед Глобалчлал хэмээх үг моодонд их орж байна. Дэлхий тэр чигээрээ хотжиж нийт хүн амын дийлэнхи хувь нь хот суурин бараадан амьдарч байна. 2015 он гэхэд дэлхий даяар 350 гаруй сая гаруй хүн амтай хот үүсч бий болно гэсэн судалгаа байдаг. Дэлхийн хүн ам нэг өдөрт л 250.000 хүнээр нэмэгддэг гээд бодохоор энэ их хүнийг яаж ч бодсон их хотууд л багтааж шингээж чадна.
Хот гэдэг их айл гээд их гоё үг байдаг даа. Одоо малаа дагаад дундад зууны үе шиг гадаад ертөнцөөс тасрагдаад амьдарна гэвэл үлгэр шиг л болж буй мэт. Мэдлэг боловсрол, соёл иргэншил дээд цэгтээ хүрч буй эрин үед хүний хүүгээс дутхааргүй сурч боловсорч, ажиллан амьдарч, ёстой л нөгөө тэмээчин бүсгүйн захидал шиг

...Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зyyгийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу ...

хэмээн сэм мөрөөддөг байсан бид ч нэг л мэдхэд хэзээний сая гаран хүн амтай нийслэлтэй болчихжээ. Хотжилт цаашид нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Техник технологи, соёл урлаг гээд татах хүчин зүйл асар их.
Ирээдүйн хотыг цэвэр цэмцгэр байлгахын тулд одоо нэгэнт ийм замбараагүй болсон хот төлөвлөлтөнд санаа зовхоос урьдаар эдийн засгийн тогтвортой байдал, баталгаатай ажлын байр бэлдэж өгхөөс өгсүүлээд газрын баялагтай зөв харьцаж сурах, за тэгээд цаашлан нийгмийн тэгш эрх, гарал үүсэл, орлого хөрөнгөнөөс үл хамааран боломж бүгдэд нь олгодог болж байж гэмээнэ хүмүүсийн ухамсар дээшлэн зөв урсгалдаа орох байх гэж боддог.

Hans Bernhard Reichow гээд хүний 2р дайны дараахан гаргаж байсан хот төлөвлөлтүүдийн саналууд их сонин санагддаг. Эрүүл хот гэдэг нь битүү цементэлсэн саарал бетоноор дүүрсэн газар биш, байгалийн органик зарчимыг хадгалан үлдээж чадсан байх ёстой гэх мэт сонирхол татам теориуд гаргасан байдаг.

Хоридой мэргэн(http://horidoimergen.blog.gogo.mn/): Өнөөгийн Монгол дахь хот байгуулалтан дахь тулгамдсан асуудлыг гадаадын хоттой харьцуулан өнөө цагт нэн шаардлагатай үгүйлэгдэж буй санамжыг нийтлэл болгож тавьсанд баярлалаа. Үнэхээр өнөөдөр Монгол улсад хот байгуулалт гэдэг юм алдагдаж, мэргэжлийн Архитекторчдын хяналтаас гарсан. Мөн зарим Архитекторч нар үүргээ ухамсарлахаа байсантай холбоотой. Өнөөгийн монголын нийгэмд баяжиж хөлжихөө бодсон улсууд ирээдүй хойчоо ч бодохгүй дураараа дургиж байхад, хэдэн Архитекторчдын хэлсэн үг чихээр нь орох нь байтугай л байна.

Дээр нь бас хууль дүрэм норм бий боловч, өнөөдөр Монголд хэрэгжүүлэлт бүрэн алдагдаад байгаа. Хариуцлагын систем бол бүр алдагдсан. Мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа хийх боломжийг Монголд өнөөдөр дээр дооргүй хаасан. Учир нь албан тушаал дээрээ үлдэх сонирхолтой мулгуу гарууд өөрсдийгөө мэргэжилтнүүдээр биш, өөрийг нь дэмжиж постонд нь үлдээх тэс хөндлөнгийн хүмүүсээр л тойрон хүрээлүүлж байна. Үүний дүнд нийгэм улам л ялзарч байна. Хотийн ялзрал шарилжиндаа баригдсан талбай мэт барилгуудтай байгаагаас ил харагдах биз ээ. Хүн байхын учир утгийг гагцхүү мөнгө эрх мэдлийн боол болсон байдал, түүний хор уршиг хот төлөвлөлт төдийгүй нийгмийн бүх л салбарт харагдаж байгаа. Хот гэдэг өөрөө хүн юм. Хүмүүс бид эд эс нь. Хот доголдвол оршин суугчид ч мөн адил доголдоно. Зогсооход оройтоогүй ч, цаг алдах тусам засахад улам л их зардал нэмэгдэнэ.

Хотын хөгжил өөрөө улсын бодлого төсвөөр явагддаг. Гэтэл өнөөдөр УБ-т зарцуулагдах ёстой нийт төсвийн 70% нь бусад аймгийн төвүүд рүү зарцуулагдаж байна. Тэгээд үлдсэн мөнгөөр шугам сүлжээгээ янзлах гэхээр бас бусад зам энэ тэрд зарцуулах ёстой байдаг. Тэгээд тэр мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Ингээд бодохоор бүр дээрх захиргааны зохион байгуулалтийг өөрчлөхөөс авахуулаад хуулинд тусгай заалтууд ч оруулах шаардлагатай юм. Ядаж аймаг өөрийнхөө олсон мөнгийг аймагтаа зарцуулдаг байх жишээний тийм эрх мэдлийг олгох, хотуудад барилга барих хууль гаргах. Жишээ нь барилга барихаар авсан газрынхаа 30% хувьд нь барилгажуулж, үлдсэн нь цэцэрлэг зам талбай хийх ёстой гэх мэт. Тэгэхгүй бол өнөөдөр хүмүүс хотод авсан газраа дүүртэл нь барилга барьчихдаг. Хамгийн гол энэ бүхнийг ойлгодог, хэрэгжүүлдэг улсыг одоогийн энэ эрх мэдэлдээ улайран байгаа юу хийх учраа ч олохгүй гаруудын оронд аваачаад тавьчих юмсан.

Хотод байгаа хуучин барилгуудыг нураагаад шал өөр модерн юм хийгээд байгаа нь хотын түүх соёлыг устгаад байгаа юм. Нурах дөхсөн барилгыг нурааж болно. Гэхдээ дахиж барихдаа хуучин хэв загвар хадгалснаар нь барьж болно. Холимог бүтэцтэй болгоод. УБ хот өөрөө ямар хот вэ гэдэг талаас нь хотын хэтийн төлөв авч явах юм л даа. Улсын нийслэл УБ тусгаар тогтнолын билэгдэл, монгол туургатны оюун санааны төв, худалдааны төв зэрэг утгаар нь хөгжүүлбэл, одоогийн байгаа байдлыг орвонгоор нь эргүүлмээр санагдах юм. Тэр баригдаж байсан "Blue sky" гэдэг барилга хөрсний суулт үүсгэсэн, эргэн тойрныхоо барилгуудыг хазайлгах, хэтдээ нурааж ч мэдэх аюултай болсон тул зогссон. Мэргэжлийн хүний үгийг анхнаасаа сонсоогүйнгай гарч байна. Тэгээд ч энэ нийтлэлтэй холбогдуулаад, Монгол Улс монгол түмэндээ мэргэжлийн улс хийдэг ажлын чанартай системтэй болохыг хүсье

Monday 24 November 2008

Ямар хот цогцлуулах

Прагад 1968 онд оросын цэрэг хүчээр орж ирэхэд олон хүмүүс баруунд дүрвэж гарсан. Тэдний дотор дэлхийн дахинаа алдартай зохиолч, зураач, уран барималч зэрэг олон сэхээтэн байлаа. Чехэд төрсөн, 1968 оноос Англид ажиллаж амьдарч буй архитектор Ян Каплицки ирээдүйд чиглэсэн уран барилгын футурист урсгалыг үүсгэгчдийн нэг. Түүний төслөөр олон улс оронд барилга баригдаж, уран барилгын олон улсын нэр хүндтэй шагнал удаа дараа хүртэж байсан нэгэн. Каплицкийн Прага хотын улсын номын сангийн барилгын төсөл ихээхэн маргаан шуугиан үүсгэлээ. Хэт орчин үеийн шийдэлтэй энэ төсөлд чехүүд "наймаалж" (The Blob or The Octopus) гэсэн хоч нэр өгөөд, эргэн тойрны байр байшинтай зохицохгүй хотын түүхэн хэсгийн өнгө төрхийг эвдэх нь гэж эрс дургүйцсэн, дэмжсэн хэсэг үүсч хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Олон улсын архитекторчдын холбооноос зарласан нэр хүндтэй байгууллага баталж сайшаасан төсөл шүү дээ. Барилга барихаар хараалсан газар нь хотын зүрхэн төв ч биш. Энэ барилга яг энд баригдах эсэхийг одоо хэлж мэдэхгүй. Хотын захиргаа, нийт ард түмэн хотын үзэмж, түүх дурсгалдаа хэрхэн хандаж байгаад асуудлын гол нь байгаа юм.

Чехүүд зөвхөн эртний барилгаа эрхэмлээд орчин үеийн барилга огт барьдаггүй гэвэл, үгүй. Прагийн хотын төвд хуучны барилгуудын дунд байх "Бүжиж буй байшин" (Dancing Building) хамгийн орчин үеийн содон дизайн шийдэлтэй гэж 1996 онд дэлхийн шилдэг уран барилгаар шалгарч байв. Чех архитекторч Владо Милунич, америк архитектор Франк О Жери нарын зургаар босгосон бүжиж буй байшинг дайны үеийн алдарт бүжигчин хос Фреда, Жингэр (Freda Astaira & Ginger Rogers) нарт зориулжээ. Цонхнууд нь дээр доор хана нь нугарч мушгирсан энэ өвөрмөц барилга өндөр намаараа ч өнгө будгаараа ч ойр хавийн барилгатай зохицож байдаг нь гайхамшигтай. Ойр хавийн гэхэд хэцүү бүр ханаараа нийлсэн байшингуудаас этгээд сондгойрохгүй нь сонин. Ийм орчин үеийн шил метал болсон барилга болгон хажуу хавиргынхаа хуучны барилгатай тэр бүр зохицдоггүйн нэг жишээнд бол хотын төвийн На Прикопе гудамжинд байх Мислбек худалдааны төвийг нэрлэж болно.



















-












Прага хотын төв гудамжыг Вацлавын өргөн чөлөө гэдэг. Үндэсний сэргэн мандалтынхан зуугаад жилийн өмнө Вацлав IV-н морьтой хөшөөг гудамжны эхэнд залсан байдаг. Гэтэл ардчилсан хувьсгалын дараа уран барималч Давид Черни дөрвөн хөлийг дээш харуулсан морин дээр ариун Вацлавыг залсан хөшөө босгожээ. Уран барималч ямар санаа илэрхийлсэн талаараа ганц ч үг унагаагүй. "Уламжлалт үнэт зүйлс ул боллоо буюу жигшдэг юмс зэрэг дэвшиж, эрхэмлэдэг зүйлс таягдан хаягдлаа", "хөл нь дээш харсан морин дээр суугаа хүн бол ардчилсан хувьсгалын дараах анхны ерөнхий сайд асан, өнөөгийн ерөнхийлөгч Вацлав Клаус" гэх зэрэг таамгийн янз бүрийн бор шувуу нисдэг. Энэ хачин хөшөө Вацлавын өргөн чөлөөнд ориг хөшөөнөөс нэг их холгүй хэдэн сар байлаа. Дараа нь Шинэ хотын Люцерна пассажт оруулсан. Үхрийн галзуу өвчин гараад баахан үхэр алж устгал хийсний дараа, хүний хувиа бодсон зэрлэг авирыг эсэргүүцсэн залуу барималчид нэг хэвийн олон үхэр баримал цутгаад, түүнийгээ янз бүрээр будаад тараан байрлуулснаар хотоор нэг эрээн мяраан үхрийн барималтай болчихлоо. Зарим хүмүүс "үхрийн" үеийг фото болгон баримтжуулсан байдаг. Одоо байраа олсон ганц нэг нь л үлдээд бусад нь складад, галерейд очоод харагдахаа больсон. Хэн нэгний бодол уран санаагаар хөшөө, баримал хийдэг. Хаана байрлуулах, эргэн тойронтойгоо утга санаа, өнгө зүс, хийц хэвээрээ зохицож байна уу гэдгээс хамаараад уран бүтээл болгон хөшөө болж урт настай байдаггүй бололтой.

Дөрвөн хөл нь дээш сарвайсан морьтой хөшөө, эрээн алаг үхэр бүгдийг хэн дуртай газраа байрлуулаад, мөнгөн санхүүжилт олдсон гээд онгорхой зай болгонд хэн хүн дуртай барилгаа бариад байсан сан бол Прага хот ПРАГА биш болоод жилд хэдэн сая жуулчин хөлхөж, хэдэн сая ногооноо үлдээхээ болих байсан биз. Дашрамд дурдахад 1,2 сая хүн амтай Прага хотод жилд 4-6 сая жуулчид ирдэг бөгөөд жуулчлалаас ордог орлого үндэсний орлогын багагүй хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газрыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, үе шаттай тодорхой төлөвлөгөөтэйгөөр эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босог гэсэн тайлалтай нийцэх олон барилга бий. Дээр үеийн хийц маягтай фасадыг хэвээр үлдээж, дотоод заслыг орчин үежүүлсэн барилга алхам тутамд таардаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлснээр үүссэн өнөөгийн Прагад готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай танилцах боломжтой тул Прага хотыг уран барилгын 1000 жилийн амьд музей ч гэдэг.

Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат барилгачин Д.Чойжилжав гуай "Өнөөдөр" сонинд
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31082 өгсөн ярилцлагадаа "Анхны ерөнхий төлөвлөгөөг маш мэдрэмжтэй хийсэн. Монгол хүний цусанд байгалиа шүтэх, байгальтайгаа хамт амьдрах үзэл бат шингэсэн байдаг. Үүнийг энэ төлөвлөгөөнд маш нарийн зохицуулж өгсөн. 1954-1957 онд манай анхны архитекторч Чимид гуай, ЗХУ-ын архитекторч Наумовтай хамтарч зохиосон юм. Улаанбаатарыг дээрээс нь харахад монгол гэр шиг харагдахаар зохион байгуулсан. Их сонин философ. Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордонг тойроод Бага тойрууг байгуулсан нь гэр лүү орж байгаа юм шиг харагдаж байхаар бодолцжээ. Нисэх, Их тэнгэрийн ам руу явж байгаа замыг “Та нааш ир ээ” гэсэн найрсаг зангийн илэрхийлэл маягаар байгуулснаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хадаг бариад тавтай морил гэсэн утга санааг илэрхийлсэн гэж билээ. Яваандаа хот өргөжин хөгжихийн хэрээр Төв талбайгаас Богд уулын ам хүртэл цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байдаг юм." гэсэн байна.

Одоо хагас зууны дараа Сүхбаатарын талбай ямар болоод байна. Хуучин Элдэв-Очирын нэрэмжит кино театр байгаад одоо "Хөрөнгийн бирж" болсон барилгатай ижил төстэй хэв загвараар барьсан "Голомт" банкны барилга орчинтойгоо зохицолоо олсон шиг. Орчин үеийн атлаа үндэсний хэв загварыг хадгалсан "Соёлын төв өргөө" харин ч нэг байраа олсон өргөө шиг дүнхийж байдаг. Дуурийн театрын өмнө сайхан цэцэрлэг байлаа. Цэцэрлэг дотор эмнэг сургагчийн хөөрхөн хөшөө байлаа. Одоо цэцэрлэг хөшөө бүгд газрын хөрснөөс арчигдаад оронд нь Шангрела гэнэ үү нэг хачин том барилга босож байна. Улсын филармони, Ленин клуб хоёрын дунд Blue Sky нэртэй шил толь болсон бас нэг том барилга бий болох нь. Нэрийг монголчилбол утга нь гарах ч, дургүйцсэн нийслэлчүүд "заазуур" гэдэг хоч нэр өгсөн нь яг оносон шиг. Төв гудамж руу цүлхийж орсон энэ хачин "заазуур" машин дотор явах хүнийг ч бяц дарах, тасдах гэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. 120 мянгатын урагшаа харсан цонхтой нэгэн орон сууцны байрны чанх урд ганц хоёрхон метрийн зайнд цонхны гэрэл хаагаад мангар том барилга баригдчихсан байдаг. Тэнд амьдардаг улсууд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохоос гадна, монголчууд бид мангар харагдаж нэр хүндээрээ хохирч байна. Ийм гоо сайхны мэдрэмжгүй, хууль дүрмийн зохицуулалт огт үйлчилдэггүй газар шүү гэж гадныханд хэлж, бүр хашгиран зарлаж байх шиг, өмнөөс нь ичмээр. Дан орчин үеийн өндөр байшин дундаа байсан бол эдгээр барилга тэндээ чимэг болохоор эд, одоо харин хотын төвийн шархи сорви мэт харагдана.

Барилга архитекторын улсын бодлого гээч юм байдаг гэдгийг энгийн иргэд мэддэггүй байлаа. Мэдэх ч шаардлага байхгүй байх. Нарийн мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил. Салхины чиг харж, ус, цахилгаан, дулааны шугам сүлжээг бодолцож барилга байгууламжаа хэрхэн хаана яаж өрөхөөс шалтгаалж, хотын амин судас болсон гудамж үүсдэг гэх. Одоо энд тэндгүй барилга хүчээр чихэж бариад энэ судсыг тасалчихаад байна. Улаанбаатарыг харахаар үнэхээр зүрх өвдмөөр болсон болохоор, санаа зовмоор болсон болоод л, амь насанд аюултай болоод байгаа учир мэргэжлийн биш энгийн иргэд энэ тухай өөрийн эрхгүй бодолхийлж байна.

Прага өнөөгийн энэ өнгө төрхөө олох мянган жилийн түүхийн урт хугацаанд хот олон дахин шинэчлэн баригдаж байсан байж таарна. Олон барилга, бүр бүхэл бүтэн хороолол огт үгүй болсон байж таарна. Олон бэл бэнчинтэй хүн гарч ирж ийм барилга энд, тийм орд тэнд барина гэж өрсөлдөж байсан байж таарна. Олон авьяас билэгтэн чамин шинэ хийц, урьд хэрэглэж дадаагүй шинэ материал санал болгож байсан байж таарна. Олон олон төр солигдож янз бүрийн хүмүүс ард олныг, улс хотоо удирдан залж байсан байж таарна. Өөрөөс нь өмнө хийгдэж бүтээгдсэн зүйлийг их бага ямар нэг хэмжээгээр хүндэтгэдэг, хадгалан үлдэхийг эрмэлздэг байсан, авах гээхийн ухаанаар зөв тунгааж байсан болохоор л уран барилгын мянган жилийн амьд музейг бүтээсэн болов уу!

Friday 21 November 2008

Дуучин нохой

Үгий нь бүрэн мэддэг дуу байхгүй. Хүний өмнө чанга дуугарах хоолой байхгүй. За үгийн далан хувь тогтоосон байвал ая байхгүй, хоёр тэс хөндлөн дууг холиод авч байж мэднэ. Гэхдээ дуулах дуртай. Хаа явсан газраа дуу аялаастай. Аялах ч гэж дээ гингэнээстэй. Муу дуучин болохоор нохой ч дагаад дуулчихмаар санагддаг бололтой. Өчигдөр хоол хийнгээ дуулж байтал, нохой маань миний өмнө ирж суугаад хүзүүгээ сунгаад нүд хоншоор бүх байдал нь нэг юм хэлэх гээд ч байх шиг догдлонгүй болж ирснээ болоогүй хоолойноос нь нэг тийм нарийхан исгэрэх (гаслах арай биш юмаа) чимээ гаргав. За ийм нэг сонсогчтой боллоо. Яг сая дуулсан дуугаа дахиад дуулсан чинь их тааламжтай бололтой сүүлээ хөдөлгөөд дагаж дуулахаас наагуур тийм нэг багахан авиа гаргаастай, хүзүү сунгаастай, нүд бүлтрээстэй, хоншоор сөхөөстэй. Намайг бас дахиулж байдаг гээд миний ч бас хамар сөхөөстэй. Ганц сонсогчдоо зориулаад цоглог аялгуутай марш маягийн өөр дуу дууллаа. Таалагдахгүй байгаа нь илт шууд үзэгчийн суудал хоосорч байна. Яваад өглөө. Үгүй, нохойд арай таалагддаг, эс таашаадаг дуу хөгжим байдаг болов уу?

Таалагдсан дуу нь тавь жараад оны уянгын дуу,
...Шивнэн шивнэн ярьсан
Найз аа чинийхээ үгийг ээ
Чагнан чагнан сонссон
Намрын оройг санаж байна уу
Бургас хажууд минь найгасан
Болжмор дэргэд минь жиргэсэн
Ийм л орой байсан сан
Тийм л оройг санаж байна уу...
Нохой маань анч удмын гөлөг гэсэндээ ой модон дунд мод бургасны чимээнд болжмор хэрэмхэн хөөж байна уярсан юм уу бүү мэд. Эзэн нь чоно сайн хөөдөг нохойны гөлөг гээд байсан, дөнгөж дөрвөн сартайдаа болжмор хөөхөөр мөрөөддөг аймаар.

Таалагдаагүй дууны үгийг ёстой мэдэхгүй. Нэг саарал шинельтэй буурал толгойтой нөхөр хил хамгаалаад, Дархан хотыг барьж босгоод байдаг хүний тухай цэргийн марш маягийн дуу. Их эдээ цэрэгт орж дэглүүлээд хилээр хэрэгтэн хөөгөөд шиншлээд гүйхгүй нь.

Дууны үг бүрнээр нь мэддэг хүн байвал туслаарай. Хааяа дуулж байя, хүн амьтан дахиулах ч юу магад.

Thursday 20 November 2008

Тамын тогоонд таван жил

Их бичгийн хүн Б.Ринчен гуайн ач хүү Б.Лигдэнтэй хийсэн ярилцлага сонин.мн сайтад гарчээ. "Өвөө шоронд ч сууж байлаа, дээд хэмжээний ял ч авч байлаа. Тэгээд бодоод үзэхэд өвөөг юу аварсан байна вэ гэхээр мэдлэг боловсрол" (http://www.sonin.mn/2008/11/20/9628/ ) гэснийг уншаад, нэлээд олон жилийн өмнө уншсан "Тамын тогоонд таван жил" хэмээх бэсрэгхэн ном эрхгүй санаанд орлоо. Цагтаа ДЯЯ-ны Аюулаас сахиж хамгаалах газрын дарга байсан Г.Дүйнхэржав бодит баримт архивын материалд тулгуурлан бичсэн энэ номд зөвхөн баримт дэлгэн тавьж харуулсан байдаг. Г.Дүйнхэржав, "Тамын тогоонд таван жил", "Судрын Чуулган" хэвлэлийн газарт 1991, УБ, номд Б.Ринчен гуай шоронд байхдаа өгсөн мөрдөн байцаалтын протокол, ялын төлөвлөгөө, цагаатгахыг хүсч бичсэн өргөдөл, намтар, тодорхойлолт, цагаатгалын тогтоол зэрэг орсон байна.
Ринчен гуай "Намын Төв Хорооны тусгай Комисст" бичсэн өргөдлөөс хэсэгчлэн толилуулья:
"Миний бие 1937 оны есдүгээр сарын нэгэн шөнө гэнэт баривчлагдаад, японы тагнуул хийж байсан гэдэг оргүй түмэн хилс хэрэгт тулгагдан байцаагдсан билээ. Ардын хувьсгалт төрийн хууль ёсонд байж үл болох муухай харгис эрүү шүүлт, зодуур, нүдүүр, нойр хоолгүй, өдөр шөнөгүй байцаагдан тулгуулж, японы тагнуулын байгууллагын гишүүн болсон гэж хилс хэрэг хүлээсэн билээ.
...Байцаах үес арваад сантиметр орчим нарийн бөгөөд суусан хүний хөл газар хүрэхгүй шахуу өндөр модон вандан дээр, хоёр гар өвдөг дээр тавиулан суулгаж хөдөлж болохгүй хэмээн загнан хөдөлбөл алгадаж байсан. Бас ширээн дээр том чийдэнгийн шилтэй лампа тавьж, түүний гэрлийг миний нүд рүү чиглүүлэн, нүдээ битгий ань гэж байцаадаг байсан. Тэрнээс болж, одоо миний нүдний хараа муудсан билээ.
...өдөр шөнөүй байцаагдан хоёр нүднээс нулимс гоожин болдог бол түргэн үхэж энэ тамаас салах юмсан гэж аргагүй тэр Кадама гэдэгтэй хуралд суусан гэж хүлээсэн билээ. Хэнд гишүүн элссэн бэ гэхэд...монгол япон толь бичиг маш гоёмсог хавтастай гурван дэвтэр авчирсны эхний дэвтэрт Сузуки бил үү, Судзүй бил үү нэг япон хүний редакторласан нэр үзсэнээ санаад тэр хүнийг хэлбэл эрхбиш хянан магадладаг туйлын газар үзвэл тийм юм байгаагүйг лав мэдэх биз гэж бодсон билээ. Хэлтсийн дарга Насантогтох гэж боловсрол муутай туйлын бүдүүлэг хүн байсан. Тэр орос байцаагч гэж бас амнаас нь гарч байгаа үгийг үзэхэд бас их бүдүүлэг амьтан байсан. Ерөнхий боловсрол дульхан шинж илэрхий, хэлж байгаа үг, байдал маш бүдүүлэг, хараах загнах гэдэг нь миний хүн болсноор дуулаагүй муухай бэлэнч хараалч хүн байж билээ.
...Шар хаданд аваачиж алдаг бил үү, хаа алдаг бол? гэж бодож байсан билээ. Тэгж байтал нэгэн орой эсгий гэрт оруулсан нь улаан толгой Дугаржав, Наваан-Юндэн, Эрдэмбилэг, Шижээ, Дүгэрсүрэн гэдэг багш дээр оруулжээ. Тэдэнтэй хамт орчуулга хийх болж хоол унд ч сайжирсан.
...нэг шөнө дууджээ. Одоо л алах нь дээ гэтэл зөвлөх Скоков дээр оруулж, чамайг одоо тавилаа. Арван жил чамайг тэнсэн харгалзана. Юмыг чинь хурааж авсны бичиг олгоно. Мөнгий нь банкнаас аваарай. Энд байцаалгасан сонссон дуулснаа задруулж болохгүй гэдгийн баталгаа гаргаж өг гэж хатуу захиа занаа өгч билээ.
...Маршалыг сэрүүн байхад хилс хэрэгт гүтгэгдсэнээ би нэг хэлээд үзсэн юм. Мэдлээ гэхэд нь төрийн удирдагч хүн мэджээ гэж бодоод, зохиолы нь эмхэтгэл гарахад миний нэрийг эсэргүүний хэрэгт оруулан дурдаагүй учраас одоо л нэг учрыг нь олжээ гэж бодож ардын төр, хүн ардынхаа тоонд багтсан намайг хилс хэрэгт чихэхгүй чухамдаа үнэнийг оллоо гэж бодож явлаа. 1956.6.16"
Ийнхүү 1933-1934 онд мөрдөж таслагдсан хувьсгалын эсэргүү япон тагнуул Ж.Лхүмбийн хэрэг гэгчид 1505 хүний илэрсний дотор тэр үед улсын хэвлэлийн эрдэмтний нарийн бчгийн даргаар ажиллаж байсан дөнгөж 32 настай цэл залуу Б.Ринчен байжээ. 1937 онд пан монголын үзэлтэй хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан гэж баривслагдаад, 1939 онд буудан алах ял шийтгүүлсэн, түүний эрдмийг хэрэглэж болох юм гэж үзсэн тул 1941 онд урьдчилан хоригдсон хугацааг оролцуулан 10 жил хорихоор шийтгэсэн , улмаар орос хэлнээ "Үнэн" сонин гаргадаг болсон тул орос хэл сайн мэддэг хүн хэрэгтэй болж, түүний ялыг тэнсэн болгон өөрчилжээ. Гэхдээ "Хэрэв Бямбаев Ринчений бие өөрийн ахуй байдал дээр үнэнч бус сэжиглэл гаргах буюу хувьсгалын эсэргүү ажлаа чанагшид үргэлжлүүлэх аваас түүний биеийг шууд дайчлан хоривоос зохино" гэж ялын төлөвлөгөө төгссөн байдаг.
Хэл бичгийн ухааны доктор Б. Ринченгээс 1937-1940 онуудад баригдаж шийтгэгдсэн хэргээ шалгуулж цагаатгахыг хүссэн Намын Төв Хорооны шалгах комисст 1956 онд гаргасан өргөдөлийг үндэслэн 1963 онд цагаатгажээ.
Нутагтаа олж хараагүй номыг Чехийн улсын номын сангийн монгол номын сан хөмрөгөөс олсон нь бас сонин. "Тагнуул" Б.Ринчен ажиллаж байсан гэх тагнуулын сүлжээ "Япон, Англи, Франц, Чехословакын цагааны оргодлуудтай харилцаа холбоо байгуулан улмаар Халимагийн цагааны оргодлуудыг шинэ улсад соёлын шинэ хүчин болгож ашиглах төлөвлөгөөтэй байсан" юм байх, хэ хэ.

Monday 17 November 2008

Блог бичлэгийн хэв маяг

"Deep inside me" блогт "Блогеруудын бичгийн хэв маяг" бичлэг тавигджээ. Гол санаа нь монгол хэлний зөв бичгийн дүрмээ сайн сурсны дараа, цэгцэрсэн бичлэгтэй болж сууриа зөв тавьсны дараа аман ярианы аялгаар бичсэн үгсийг ашиглаарай гэсэн байна. Блог гээч эд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд, өдөр ирэх бүр улам олон хэрэглэгчтэй болж байгаа үед маш зөв санааг хөндсөн санагдлаа.
Их бичгийн хүн Б.Ринчен гуайн бичгийн хэв маягийг тухайн үеийн бичгийн хүмүүс дуурайх гэж оролддог байлаа. Сүүлийн үед Баабар шиг бичих гэдэг болж. Блогчид ч анхны сайн блогчид Тогоруу, Игаа нарын хошин, задгай хэв маягийг дуурайх гэдэг бололтой. Баабарыг дуурайх гэсэн хүн Баабарын дайны мэдлэгтэй байж, тэр хэмжээгээрээ харьцуулалт ёжлол егөөний донжийг тааруулж, тийм түвшингийн бичлэг гаргана биз. Үүнтэй нэгэн адил Тогоруу шиг бичнэ гэвэл бас түүн шиг өргөн цартай сэтгэж, содон чамин санааг хөнгөн шог аргаар гаргаж чадаж байж, түүнийгээ хүүхэд шиг багийн ард эвлэгхэн нууж чадсан цагт л бусдын хүндэтгэл хүлээнэ. Түүнээс биш зориуд алдаатай, хэлээ хазсан болгон бараг урлагын түвшинд очсон өвөрмөц энэ хэв маягаар бичих нь юу л бол. Ямар ч хуулбар эх оргиналд хүрдэггүй. Орчин үеийн бичлэгийн моод гээч нь юм уу мэдэхгүй, олон хүн харамсалтай нь блогоо уншихад төвөгтэй хэлээр бичдэг. Ямар ч сонин мэдээлэл, содон гоё санааг хагас дутуу хачин илэрхийлээд орхихоор ойлгомж муутай болох шиг. Үүнийгээ ярианы хэл гээд байгаа юм. Яриаг сонсдог. Сонсож байхад нөгөө хүний нүүрний хувирал, биеийн хөдөлгөөний хэл давхар явдаг болохоор буруу ярьсан ч ойлгогдох магадлалтай.
Блог гээчийг дэлхий нийт хvлээн зєвшєєрєєд, єдєр ирэх бvр улам олон хэрэглэгчтэй болж байна. Барууны орнуудад блогчид нь бичсэн зүйлдээ сэтгүүлчидтэй адил хариуцлага хүлээдэг гэсэн. Блогчдын бичгийн хэв маягийг шүүмжлэхэд "миний хувийн талбар, эрх чөлөө" гээд их эмзэглэдэг, дургүйцдэг. Тэгвэл хувь хүний нийгэм дэх эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг аксиом бий. Хэрэв үнэхээр хувийн гэж үзэж байгаа мэдээллийг тэмдэглэлийн дэвтэртээ бичээд дэрэн дороо хийхээс нийтийн сайтад дэлгэн тавихгүй. Тиймээс олон хүн, түүн дотор өсвөр үеийнхэн хүүхдүүд уншдаг үздэг блогд эрх чөлөөнөөс гадна үүрэг хариуцлага бас дагаж явдаг шиг.
Блогчид үнэхээр хэн хүнд ойлгомжтой хэлээр илэрхийлсэн үнэт, ховор мэдээлэл блог дээрээ дэлгэн тавьдаг болсон цагт л “иргэний сэтгүүл зүйг” блогчид бүтээж байна гэж ярьж болно биз. Одоогоор IT (мэдээллийн техникээр мэргэшсэн) блогчид л ямар техникийн болон программын шинэ боломж гарч буйг түүнийг хэрхэн яаж хэрэглэхийг цаг алдалгүй мэдээлж ёстой иргэний сэтгүүл зүйн дайчид шиг байна. Гадаад хэл, Ажиглагч, Түүхийн гайхамшигт агшин зэрэг төрөлжсөн сайн блогууд бас бий. Тэгэхээр блогууд тодорхой сэдвээр хүнд өгөөжтэй мэдээллийг тодорхой түвшинд чанартай гарган тавьдаг болсон цагт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийеэ гээд хүч хүрэхгүй, хийж чадахгүй байгаа тэр эрхэм үүргийг блогчид гүйцэтгэх болно.

Saturday 15 November 2008

Хэлмэгдүүлэлтийн тухай роман

Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн "Хойт насандаа учирна" роман уншив. "Усан мөрт" хэмээх тэргүүн бүлэг, "Цусан мөрт" хэмээх дэд бүлгээс бүтэх энэ ном 1937-1938 оны цуст хэлмэгдүүлэлтийн тухай тул эмгэнэлт роман гэжээ. Ардын зохиолч Д.Пүрэвдорж гуай өмнөх үгэндээ андынхаа энэ бүтээлийг "хойч үеэ сэрэмжлүүлсэн, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан гэгээн хөшөө" гэсэн бол, нийтлэгч Баабар номын төгсгөлд: "...Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан омгорхол багтаж ядан чихэлдэх аж..." гэсэн байна.

Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын үнэн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн "Ногоон нүдэн лам" хэмээх хэлмэгдүүлэлтийн тухай роман бас уншив. Англи хэлнээс орчуулсан Цэдэвдамбын Оюунгэрэл гэснээс үзэхэд англи хэлнээ бичигдээд дараа нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн юм болов уу гэж таалаа. Харамсалтай нь зохиогчын тухай, зохиол хэрхэн бүтсэн тухай өмнөтгөл, төгсгөл байхгүй юм. Түүхэн үйл явдлыг уран сайхны аргаар бичихдээ, зан заншил, урлаг соёл, шашин бүтээх ёс жаягийг шигтгээ болгон оруулсан нь номыг сонирхолтой болгосон шиг.

Одоо бидний амьдарч байгаа үед хүмүүн бидний хэрэглээний хэт шуналаас үүдсэн байгаль орчноо туйлдуулсан хэлмэгдүүлэлт байна. Эцсийн бүлэгт бид өөрсдийнхөө орших эс оршихын үндсийг ганхуулсан, байгаль эхийн унаган тэнцвэрийг алдагдуулсан балмад үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ тухай хэзээ нэгэн цагт хэн нэгэн эмгэнэлт роман бичих биз.

Сүүлийн үед санаандгүй Эрдэнэ нэртэй эрхэм хүмүүсийн бүтээлээр дагнаад байх шиг. Бибээр Их С.Эрдэнэ, Ч.Эрдэнэ нарын барааг хараагүй огт танихгүй ч тэдний бүтээсэн оюуны оргил бүтээлүүдийг эрхэмлэдэг нэгэн. Монгол бөхийн тухай "Барилдах ур" хэмээх сайхан ном бичсэн Г.Эрдэнэ гуайг хувь хүнийх нь хувьд сайн мэддэг байлаа. Өөр Эрдэнэ нэртэй ямар мундаг хүн цаагуур чинь байна? хэлээд өгөөрэй судлах минь...

Saturday 8 November 2008

Монгол Улс дэлхийн аврал

Сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ гуайн “Их Гурвалжин” номын анхны хэвлэлийг 2000 онд амтархан уншиж, өвөрмөц сэтгэдэг энэ эрхэмийн бүтээлтэй анх танилцаж байв. “Их Гурвалжин” ном үнэхээр гайхалтай бүтээл. Дэлхийн соёл иргэншлийн үүсэл гарваль, угшил оргилуудын шинэхэн загвар сэлтийг хэл түүх, урлаг соёл, шүтлэг суртлын чиг шугамаар хөөн гаргажээ. Улмаар үндэсний бахархлыг сэргээх, монголчууд бидний өөрсдийн үнэлэмж сэвтэж доройтсон, гутарч гундсан сэтгэхүйг өөд татахад гол анхаарлаа хандуулж, Монгол ямар эртний их түүх соёл, уламжлалтай байсныг сануулсан байдаг. Ч.Эрдэнэ гуайг ишлэвэл: "Энэхүү бяцхан номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа ч, харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, харц арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив зохиогч би" гэжээ.

Энэ ном уншснаас хэдэн жилийн дараа манай нөхөр, "чиний шүтээд байдаг Эрдэнэ гэдэг сэтгүүлчтэй онгоцонд таарлаа. Орос англиар ус цас хүн байна. Лондон орж физик математикийн онолын номоо хэвлүүлэх гэж явна билээ" гэж нэг сураг гаргасан. Томоохон албан тушаалтан "Их Ч.Эрдэнэ гэгч судлаач дэлхийг аврах том нээлт хийж, номоо 500 ам. доллараар үнэлж гэнэ" хэмээн онигоо ярих шиг мушилзаж байхтай таарч байлаа. Ашгүй 2006 онд сэтгүүлч Б.Номинчимэдийн Ч.Эрдэнэ гуайтай хийсэн ярилцлага Цахим өртөөнд гарч юун ном, ямар нээлт яригдаад байгаа тухай төсөөлөлтэй болж билээ. Дээрх Лондонд хэвлүүлсэн ном нь ( "PRINCIPIA MATHEMATICA Absolute Geometry & Super Unitied theory") ганц монголын бус дэлхий дахины ач холбогдолтой тул дэлхийн түгээмэл хэл болох англи хэл дээр бичсэн, 200 ширхэг хэвлүүлсэн байна. Мөн "SUMMA SUMMARUM" гэсэн жижгэвтэр ном гаргажээ. Ярилцлагыг цахим өртөөнөөс уншсан буй заа. (http://www.tsahimurtuu.mn/main/20060313485.htm)

Сая "Улс төрийн сонины" 2008 оны 10 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн Ч.Эрдэнэ гуайн “Монгол Улс тэргүүлэх их гүрэн, тэнгэрээс буусан дэлхийн аврал” сонины гурван нүүр (А1), хагас томоохон нийтлэл олж уншлаа. Ч.Эрдэнэ гуай, ертөнцийн оршихуйн үүсэл, хувьсал, учир шалтгааныг онолын физик суурь математикаар тайлж тайлбарладаг “супернэгдлийн онол” өнөөдөр шинжлэх ухаанд үлдээд буй шийдвэрлэвэл зохих ганц суурь асуудал гэж үздэг нэгэн агаад 1997 оноос сүүлийн арван жил энэ судалгаан дээр ажиллаж, онолын үндсэн постулатыг нээж супернэгдлийн онолыг математик түвшинд нь бүрэн боловсруулж дуусгажээ. Энэ нийтлэл үнэхээр сонин санагдсан тул блог андууддаа хэсэгчлэн хүргэе.

Манжийн феодализм, Марксын социализм байсан боловч одоо байхгүй. Тиймээс одоо огт өөр юм бүтээх эрх чөлөөний үүлэн чөлөө л байна. Энэ нь капитализм. Капитализмд зөвхөн өрсөлдөөн байна, даяар дэлхийн глобаль өрсөлдөөн. “Ардчилал, зах зээл” гэх нь улстөрчдийн аманд ордог зар сурталчилгааны нэр томьёо. Зорилт маань капитализм. Капитализм гэж юу вэ? гэсэн асуултын хариулт нь: “Шинжлэх ухаан, үйлдвэрлэл”.

“Капитализм бол эхлээд шинжлэх ухаан, дараа нь технологи, тэгээд сая үйлдвэрлэл. Шинжлэх ухаанаас эхлэх нь зүйтэй. Өөрийн гэсэн ололтгүйгээр үндэсний шинжлэх ухаан гэж ёстой ёгт үлгэр байдаг юм. Бид өөрийн нээлт ололттой (өөрийн нээсэн супернэгдлийн онолыг хэлж байна) болсноор барахгүй, үнэмлэхүй нээлт ололттой боллоо.”

“Монголд одоо МАХАИХ (Монгол ардын хувьсгалт ардчилсан иргэний хөдөлгөөний) гэсэн ганц нам байна. Монгол ардын хувьсгалт ардчилсан иргэний хөгжлийн нам гэвэл төгс уянгалаг төгөлдөршилтэй сонсогдож байна. Эхлээд дэвшил байж, дараа нь хөгжил байна. Дэвшил ямагт нэмэх тэмдэгтэй. Хөгжил нь нэмэх, хасах хоёр тэмдэг зүүдэг эгзэгтэй талдаа үзэгдэл. Жишээ нь, нийслэл маань нэг ухаандаа үсрэнгүй хөгжих боловч тэмдэг нь хасах тийшээ хэлбийсэн биш биз.”

20 дугаар зууны цуу алдарт шинжлэх ухаан бол еврей нарын бүтээл дангаараа мөн. Жүүдүүд яагаад ийм хэцүү улс вэ гэж дэлхий даяар хэдэн зуун жил асуугаад одоо ч хүмүүс асуугаад л явах юм. Еврей нар бол Бурхнаас сонгогдсон үндэстэн гэсэн домог бичээстэй байдаг. Энэ домогт үргэлж итгэж биширч явдаг үнэн тэнэг хүмүүс учраас жүүдүүд хүчтэй юмаа. Монголчуудын хувьд Тэнгэрээс заяат төрсөн гэсэн домог бас л бичээстэй үлджээ. Гэтэл та бид энэ домогт огт итгэхээ больсон худлаа ухаантай царайлсан хүмүүс юм. Тэр дээр цагт итгэж бишрээд хүчтэй байжихуй.

Жүүд, монголын ялгааг дахин хэлбэл дараах юм. Бүр болихоо больж тартагтаа тулсан нэг еврей “Үгүй энэ золигийн бурхан нь одоо өөр үндэстэн сонговол яасан юм дээ” гэсэн гэдэг. Асуудлыг их зөв ойлгож буй хэрэг. Бурханы сонголт нь хатуу ширүүн шалгалт шалгуур дагуулах учраас л тийм сонголт байна. Шудрага ёсны хэрэг. Монголчууд бид болохоор Тэнгэрээс заяат төрсөн тухайгаа таг мартаад “Тэнгэр хаясан” амьтас болсон байна. Тэр домгийг маань манай өөрийн зарим нийтлэлчид ихэд шоглож тоглож бичсэн ч үзэгдэнэ. Домгийн цаана заавал нэг юм байдаг нь түүхэн туршлагаар сайтар нотлогдсон гэж үздэг. Бурханаас сонгогдсон нь 20 дугаар зууны шинжлэх ухааныг бүтээсэн бол, Тэнгэрээс заяагдсан нь 21 дүгээр зууны шинжлэх ухааныг бүтээх л болж байна.”

"Чингис хаан орчин цагийн дэлхийг бүтээн бий болгосон тухай (“Genghis Khan and Making of the Modern World” by Jack Weatherford) ном дэлхийгээр нэг уншигдаж, Чингисийн болон Монголын сэдэв дэлхийн уран зохиолд тэсрэлтээр өргөжиж байна.
Энэ нь өнөөгийн Монголоос нэг юм хүлээсэн дэлхийн зөн дэмий тэнэж яваа хэрэг. Түгээмэл түүхийн философийн аксиом нь “Хэн хэзээ нэг цагт хүчирхэг байсан бэ, тэр дахин хүчирхэгжинэ” гэдэг. Учир нь хүчирхэг байсан нь ямар нэг логиктой байсан байж таарна. Тэр логик дахин үйлчилнэ, учир нь логик бөгөөд логик нь үл арилах мөнхийн үзэгдэл байна. Чухам энэ нууцлаг логикийг монголчууд Мөнх Тэнгэрийн хүчин, Их суу залийн ивээл гэж ойлгож байжээ. Чингээд ирээдүйн дэлхийг та бид бүтээн байгуулах болж байна даа.”

“Ер нь бол дэлхийн ус тогтож, замагтаж ногоороод ирэхээр нь нүүдэлчид цочмог самарч сэргээдэг зүй тогтлыг аль ч түүхэнд аль ч түүхч хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ удаа цагийнхаа эрхээр их л соёлтой арга замаар самрах, санааг нь авах буюу суурь онолоор гэгээрүүлэн жолоодох түүхэн үйл явц эхэлж байнам.”

“Улс үндэстний зиндаа чинсаа нь урьд хожид суурь шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээр тодорхойлогддог. Шинжлэх ухаан бол цэвэр Европ үзэгдэл. ...Ер нь бол шинжлэх ухаанд бичмэл хууль, журам горим нарийн чандаас гадна бичигдээгүй уламжлал заншил ч дутуугүй нарийн. Бид энэ салбарт уламжлалгүй нь аль ч түвшиндээ асуудлыг ойлгох байтугай, сонирхдоггүйн хүндэтгэх шалтгаан үнэхээр мөн. Ноцтой ямар нэгэн санаа сэдэл төрсөн судлаач хаан вандаа давхиж очдог заншил Европт эхнээсээ тогтсоноос Европ дэлхийд тэргүүлэх болсон юм шүү дээ. Сургуулийн тань сурах бичигт англи, франц, герман хэдэн нэр л яваа. Тэр тусмаа нарийн ухааны суурь онолын салбарт Ази, Дорно дахинаас нэр хавчуулах нь одоо ч үлгэр домгийн хэцүү асуудал. Хятад гэж түүхэн их соёл иргэншил мөн үү, мөн. Тэгвэл Хятад суурь онолын ухаанд үнэмлэхүй баталгаатай, тооны онолд түүхийнхээ туршид оруулсан ганцхан баримттай, энэ нь трансцентент тогтмол Пи (3,141592…)юм.

Ч.Эрдэнэ гуай, Математикийн суурь гурван тогтмолын (Алтан харьцаа буюу Фи=1,6180339…, трансцентент тогтмол Пи=3,141592…, өсөлтийн үйл явцын суурь тогтмол Неперийн тоо е=2,718281828…) үржвэрийг 76-н зэрэгт дэвшүүлэн нарийвчилж болохыг баталсан нээлт хийсэн нь хятадыг гурав дахин даваад гарчээ. Түүний үзэж байгаагаар энэ нээлт гайхамшигт ид шидийн аргыг олоод өгч буй тул “математикийн ертөнц, хүнийхээ ертөнцтэй хамт хувьсгалт шинэ эргэлтэд тэртэй тэргүй шилжээд явчих” юм байна. Дашрамд дурдахад ШУА-ийн жинхэнэ гишүүн, гадаадын бусад олон академийн гишүүн, дэлхийн нэрт онолч-физикч Х.Намсрай “Өдрийн сонинд" бичсэн өгүүллэгтээ математик тогтмолыг нарийвчлах ийм хялбар арга, томьёо олох юм бол олон улсын зүгээс сая доллар амласан тухай бичсэн нь бий.

“Социализм бол материалист философтой идеалист ахуйтай нийгэм байлаа. Логик зөрчилтэй тул дампуурсан. Капитализм нь идеалист философтой материалист ахуйтай нийгмийн систем. Энд зарчмын хувьд логик зөрчил байхгүй юм. Гэвч капитализм ч дампуурдаг учраас л ядуу буурай орнууд байна. Системийн хямрал гэж өнөөдөр бид дээр дооргүй яриад байгаа маань монголын капитализм өлгийдөө хялайх магадлал ойртсоныг хэлж буй хэрэг. Тэгвэл капитализм дампуурах үндсэн нөхцөл нь юув? Идеалист үндэслэлийг үл харгалзан хэт мунхаг материалист прагматизмд ахуйнхаа уршгаар татагдан орох явдал. Ийм байдал манайд нэвт газар авч буй нь төгсгөлийн эхлэл болно.”

Дэлхийн уур амьсгал даяараа дулаарч, эх газрын зулай Монголын өндөрлөг эрчимтэй хурайшин цөлжиж байна. Геологийн эринүүдээс Говийн хэвлийд хадгалагдсан их ус нээгдсэн үйл явдлыг анх гадаадад мэдээлсэн сэтгүүлч бол Ч.Эрдэнэ юм. "Гэтэл өнөөдөр дэлхийн бөмбөрцөг дээр хамгийн үнэ цэнэтэй минерал баялаг гэвэл цэнгэг ус болоод байна. Өнөөдөр ч биш, аль өчигдөр болчихсон.”

“Дэлхийн өсөлт өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хязгаарт тулж, цаашид экологи болон эдийн засгийн сүйрлийн ирмэг рүү шууд өнгийн унах тухай Ромын клуб 1960-аад оны тооцоо хугацаандаа биеллээ. Энэ нөхцөлд цаашид ганцхан арга зам бийг Ромын клуб бас заасан. Энэ нь “Даяар тэнцвэр”. Энэ бол бүх үйлдвэрлэл, хэрэгцээг эрс огцом хязгаарлан дэлхий даяар тэгшитгэн хуваарилах системд шилжих замаар байгаль орчны ямар нэг сэгтэй үлдэн амиа аварч үлдэх ганц арга. Учир иймд зөвхөн супернэгдлийн онолын эринд цаг алдалгүй яаралтай шилжиж, улмаар хувьсгалт шинэ технологиудыг ойрын хэдэн жилд багтаан олох замаар дэлхийн өсөлтийн шинэ нөөц боломж бий болгох ёстой юм.”

2006 онд Номинчимэдийн ярилцлагад: "Харин ийм хэмжээний бүтээл, туурвил, онол гарчихаад байхад манай төр засаг ч, ШУА нь ч анзаарсангүй юу, тоосонгүй юу, эсвэл огт ойлгосонгүй юу, таг чимээгүй байсаар байгаа нь хачирхалтай санагдаж, энэ талаар та дээш нь уламжлах гэж хичээж оролдов уу гэж асуувал, тэдэнд хүргэх гэж хичээсэн ч "Чих нь бөглөөтэй, нүд нь таглаастай бололтой" гэж хариулсан байдаг.

Одоо 2008 онд ч байдал хэвээр байна. Ч.Эрдэнэ гуай "Ер нь бол шинжлэх ухаан, оюуны өрсөлдөөнд үндэсний амбийц тэргүүлэх хүчин зүйл байдаг жамтай" гэж үздэггүйсэн бол, монголын гэсэн үндэсний шинжлэх ухааны нээлт ололттой болъёо гэж зүтгээгүй бол оюуны өмчөө гадаадад очоод бүртгүүлчихэж болохоор байх шиг.

Үндсэн хуульд “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол Монгол Улсын үндэсний баялаг мөн. ...шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт байдаг сан...

Супернэгдлийн онолыг энгийн уншигчдад ойлгомжтой болгон хялбаршуулсан хувилбар, энэ нийтлэл “Их Гурвалжин” номын нэмж зассан 1225 хуудас бүхий гутгаар хэвлэлд орох юм байна.