Saturday 20 June 2009

Лайтай

Одоо тасархай гоё юмыг “лайтай” гэдэг болчихсон болохоос, уул шугамандаа “лай” нь төвөг яршиг, зовлон гэсэн утгатай үг гэнээ. Толь бичигт (Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь) тэгэж байдаг. Би тасархай ч байсан, наалданхай ч байсан гоё, сайн юмыг "лайтай" гэхийг ихээ зөв гэж бодоод байгаа юм. Жишээ нь:

Сайн эмч гээд хүмүүс мэддэг болонгуут, амар тайван байлгахгүй өглөө үдэшгүй, бүр шөнө дунд ч хамаагүй зогсоо чөлөөгүй дуудаад, амралтгүй шогшсоор хөөрхий эмч ядаргаанд орно, унаад өгнө. Ээ хөөрхий, тэгээ юү гээд л болоо. Сайн хирург бол баталгаатай архичин юмуу, авилгач болно. Өчнөөн цаг зогсоогоороо зуун хувь анхаарал төвлөрүүлээд хүний биеийг огтолж зүсээд, эд эрхтэнг нь гаргаж нэг тавиад оруулж нэг байрлуулаад, оёж шидээд амь аврах гээд зүтгэж зүтгэж гараад ирэхэд нь шилтэй цэнхэр, дугтуйтай мөнгө угтаж байгаа юм даа. Үнэн лайтай!

Сайн тамирчин байгаад дэлхийн ч юм уу, олимпын ч юмуу аврага болчихсон бол дараагийн олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байранд дөхөж очих магадлал бараг байхгүй. Ирэнгүүт нь баахан нэр цолоор, бай шагналаар дөнгөлөөд авна. Жил турш сонгууль болно. Нэр дэвшигч бүр кармааны алдартантай байж нүүр “тахлана”. Бэлтгэл сургуулиа хийж чадахгүй дарга нарын кармаанд явсаар элэгдэнэ. Үнэн лайтай!

Сайн хүлэг морь нь улсын наадамд хурдалж гүйгээд айргын тавд орсон адуучин нойртой хонохоо болино. Мал мэдэхгүй, морь танихгүй их хуралд зүүрмэглэж суудаг хэдэн балай юмнүүд, элдэв аргаар хөлжсөн шинэ баячууд тэр хурдан хүлгийн эзэн болохоор улайраад салахгүй. Сүргийн сүлд хийморь болсон хүлгээсээ салах хэцүү, хэдэн бор цаасанд нь эхнэрийнх нүд унаад үглээд байх бас хэцүү. Хон хэрээ шиг эргэлдэх хүн сүгт хүлгээ өгч салах болно. Үнэн лайтай!

Сайн бичдэг гээд шуугиад эхлэвэл, нэрд гарах гэсэн хэн хүн хэдэн бороор худалдаад авчих гээд зүтгэчинэ. Намын шугамаар, найзын гуйлтаар, танилын нүүрээр огт таалагдахгүй, бодож үзээ ч үгүй, балай солиотой санааг баараггүй эвлүүлэх болно. Юм бичиж үзээгүй, бичиг үсэгт бараг тайлагдаагүй, уншсан зүйлийнхээ талыг ч ойлгохгүй заримын амны зажлуур, шүлсний самбар болно. Үнэн лайтай!

Сайн санаад ядарч байгаа нэгэнд туслаад орхино. Энэ тухай яриа хуурай өвсөнд авалцах түймэр шиг үтэр түргэн тархаж, номхон нохой ноолоход амар гээчийн үлгэр амилна. Гуйсан хүн зөвдөж, гуйлгасан хүн буруутана. Бэлэнчлэх сэтгэлгээтэй залхууд, бадар барихад мэргэшсэн мэргэжлийн луйварчинд халаасаа гөвөх албатай юм шиг аашлана. Үнэн лайтай!

Энэ жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болноо. Аль ч салбарт, юунд ч цоройлсон, цоройлоогүй гэхэд юүхэн хээхэн дээр гайгүй байхад л төвөг, яршигтай болсон болоод “лай” гэдэг үгийг сайн үйлийн, сайхан гоё зүйлийг тодорхойлдог болжээ. Хэл бол нийгмийн гажуудлын толь гэдэг үнэн бололтой.

Friday 19 June 2009

Цөлжилт

Манайхан харамсалтай нь Улаанбаатарын утаа, уул уурхайн ашиглалтын тухай улс төржсөн маргаан мэтгэлцээнд хамаг анхаарлаа хандуулаад, хүмүүн бидний амьд үлдэх эсэхэд заналхийлж , улс орныг маань бүхэлд нь сүйрүүлэх аюултай, сэм сэмхэн гэтсээр хажууд ирчихээд хаалга тогшин буй цөлжилтөд төдийлөн анхаарал хандуулахгүй байна. "Гэрэлт Цалиг" сонины эрхлэгч, сэтгүүлч, зохиолч Галаарид цөлжилтийн талаар цуврал нийтлэл блогтоо нийтлэж эхэллээ. Энэ линкээр орж уншаад, цааш нь олон уншигчтай сайтуудад байрлуулж улам олон хүнд уншуулаарай:

"Цөлжилт гэтэн айсуйг өглөө бүр сануулъя"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post.html

"Түйрэнгийн түйвээн"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post_17.html

Tuesday 2 June 2009

Бид тэнэг хар масс уу?

Тэнэг хар масст юу ч шахсан яахав гэсэн шиг нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр бараг яригдсангүй, өрсөгдөгчдийн ажил хэрэгч чанарыг харьцуулан дүгнэх боломж сонгогчдод өгсөнгүй. Үнэн худал нь үл мэдэгдэх хов живийн түвшний бие хүнийх нь (хувь хүн-личность гэдэг үг хэрэглэж төвдсөнгүй) хувьд баалсан хар бараан голдуу мэдээлэл цацаж байсан нь үнэхээр гол гонсоймоор байлаа. Энэ нь нэр дэвшигчдийг өөрийг нь гутааж, өрсөлдөгчөө доромжилж, сонгогчдоо үл хүндэлсэн байдалд орж буйг эрхбиш мэдмээр. Тэд хэрээс хэтэрсэн хар пиарыг анхнаасаа тас цохиж болоогүй юм уу? Хэн нэг нь сонгуулийн штабын нөхдүүддээ ийм ховийн хар мэдээгээр хөөцөлдөхийг тас хориглоод, эсрэг талын тийм түвшний дайралтад адилхан доош орж хариу өгөхгүй байсан бол ганцаарчилсан "хар хов" хир удаан тэсэх байсан бол? Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Уул нь тэд улс орноо хөгжүүлэх гээд жаахан ялгаатай ч нэг чиглэлд урагшлах гээд байгаа улс гэхэд бараг фронтын хоёр талд зогсож байгаа дайсан шиг байв. Ийм үл тэвчих үзэл, хүншгүй араншин, увайгүй зан дээрээсээ доошоо бидэнд, надаас чамд, чамаас түүнд гээд хажуу хавиргад хавтгайдаа халдварлаад байвал нөгөө эв нэгдэл, өсөх дэвших, хөгжих урагшлах лөөлөө болох нь гэж бодогдоод, агсан тавихгүй байж болохгүй дотор арзайгаад байна!

Монголчууд бид уул нь тайван хүлээцтэй улс даа. Гэтэл одоо юм юмхан дээр цухалдуу, хэл амаа билүүдсэн, бие биеийнхээ урмыг хугалсан, элдвээр дайрсан янзтай үг чулууддаг болж. Бүгд л шүүмжилнэ. Гэхдээ тухайн асуудалтай холбоогүй юм ярина. Ажил хийж байгаа хүн алдаж онодог. Энэ талаар сайхан зөвлөгөө өгч, ажил хэрэгчээр тус болно гэж бараг үгүй. Хүн нь ямар гэдгийг сонирхоод явчихна. Эр эм, хөгшин залуу, өндөр нам, хүзүүний нугалмай хэд, хамрын хэлбэр ямар гээд, тэр нь тухайн хүний сэтгэх чадварт нөлөөтэй юм шиг яриад явчихна. Цаашлаад төрсөн нуга жалга тодруулаад, удам судар төнхөөд, цусны шинжилгээ хийгээд үнэн "фашист" зангана. Ямар жалгад төрсөн нь ажиллах чадвартай эсвэл хүн сайнтай байдаг талаар шинэ теорем зохиохоос наагуур байх юм. Үнэндээ инээдтэй сэтгэлгээ ч тухайн гоочлуулж байгаа хүнд халгаатай л байж таарна. Бид чинь соёлт ертөнцөд , хорин нэгдүгээр зуунд амьдарч байна.

Улс төрийн хүрээнийхнээс гадна соёл урлагынхан, бас юм бичдэг улс энэ дайралтад их өртөнө. Жилийн өмнө хотын иргэн бибээр хөдөөтэй холбоотой ганц хоёр өгүүлбэр бичлэгтээ хавчуулаад алдсан бололтой гэнт дайралтад өртөж билээ. Тэр үед бичээд нийтлээгүй орхисон "Шүүмжлэх дон" ууртай бяцхан бичлэгээ хавсаргав.

Он лайн сонин, блог, вимо гээд мэдээлэл авах өргөн боломжтой болвой. Бас хүний бичиж байгааг шүүмжлэн хэлэлцэх, санаа бодлоо илэрхийлэх, мэтгэлцэх боломж гарлаа. Хүүе найз аа, чи нэг таслал хаячихсан чинь утга шилжээд байна, адуу морь хоёр анги утгатай шүү, үгээ зөв сонгоорой гэх мэт нөхөрсөг шүүмж ховор доо. Зарим хүн шүүмжилж таашаал авдаг болов уу гэмээр энд тэнд шоволзож гарч ирээд, гаргасан санаа дэвшүүлсэн асуудалд огт хамаагүй "чи битгий мэдэмхийрээд бай", "ингэж хэлэх чи ямар эрхтэй юм", "мангуу
тэнэг , "мантуу толгой", "майжгий хөл", "сайргар гар" гээд хараал урсгаад чичилж зүхээд гараад явчихна. Нэр усаа хэлж чадахгүй хулчгар "аноним" нар голдуу ийм араншинтай. Аноним гээч хэн бэ. Нэрээ мэдэгдэхийг үл хүсэгч гэсэн нэг тийм романтик мэдрэмж төрүүлэм энэ үг социализм, нацизм гэх мэтийн дарангуйлагч нийгмийн үед хүний мөсгүй хутгуур матаач гэсэн эвгүй утга давхар авдаг болсон юм. Мэдсэн сонссон, уншсан үзсэн бүгдээ бусаддаа мэдүүлэх гэдэг өгөөмөр сэтгэлтэй хүнд ийм араншин байхгүй байх. Нийгмийн амьдралын төлөө бодол сэтгэлээ чилээдэг хүнээс ийм хувиа бодсон хутгуур үзэл илрэхгүй байх. Амьдралын олон өнгөөс аль гэгээнлэг, өнгөлөг талыг олж хардаг эерэг дэврүүн үзэлтнээс ийм хар энерги ялгарахгүй байх. Өөрийгөө хүндэлдэг, өрөөл бусдыг бүр ихээр дээдэлдэг хүн бусдыг доромжлохгүй байх. Тэгэхээр хүний бодол санаа, сэтгэлээ илэрхийлсэн бичлэг рүү нулимагчид бол арчаагүй атаархагчид.