Friday 5 July 2013

Зам биш там



Улаанбаатараас Тэрэлж орох зам сайн байсаан. Цагийн аяст зам нь муудаж зам засах ажил ид өрнөж байхад тийш зүглэж таарч. Хотоос гарахад халуу шатаж, майка шорттой залуус, нарны дэгжин малгай даашинзаар гоёосон бүсгүйчүүд гудамжаар хөлхөж байвай. Гэтэл хэдхэн арван километрийн чанадад орших Тэрэлж орчимд яг тэр үед үер буужээ. Хэд хэдэн жижиг машин шавар шалбаагтай замд сууж, зарим нь  шавар шалбаагтай замд шарваж аваарт оржээ.
Эхлүүлээд дуусгалгүй хаяачихсан зам засвар замын нөхцөлийг улам хүнд болгожээ. Бодвол зам эвдэрсэн муудсан болоод засч эхэлсэн байх. Гэхдээ цөөн хэдэн км замыг эмхлээд загууханцааш урагшлах маягаар ажилламаар шиг. Засах замыг нэг амьсгаагаар хэдэн арван км-ын уртад ухаад онгичоод хаячихаж... Хажуу хавиргаар нь жолооч болгон өөрийн зам гаргаж явсаар тав арваар хязгаарлагдахгүй өргөн газар зүлэг ширэггүй болон талхлагджээ. Дөнгөж үер буусны дараа энэ олон замын нэгээр  шавар шалбааг дундуур явсан бол нартай хуурай өдөр  улаан тоосон дундуур туучих байлаа.
Нэгээхэн жижиг горхин дээрх хоёр гурван машин зэрэгцэхүйц өргөн гарамын эрэг нураад ганц машин арай чүй гэж багтах нарийн болчихож. Энэ гармын наахан талд микробус, бага оврын автобус, хөнгөн тэрэг, жийп гээд машин бүр даацнаасаа 4-5 дахин олон хүн чихэж аваад гамшгийн газраас зугтах мэт хот руу хөдөлж байлаа.
Манай машинд ч буцах уу, явах уу гэсэн яриа гарч, туулах чадвар сайтай том тэрэгтэй хөдөө орон нутгаар чамгүй явсан туршлагатай сайн хүн жолоо барьж байгаа болохоор давгүй биз гээд урагш хөдлөв.
Горхийн аман дахь Цэвэгмээ кэмпэд хэдэн цаг саатаад буцахад нөгөө их шавар шалбааг юү ч үгүй хуурай болтлоо хатчихсан нь гайхмаар. Хөрс их хуурай байж дээ гэж ярилцсаар нөгөө эрэг нь нурсан гарманд ирвэл баахан шороо буулгаад тэгшлээд засчихсан байлаа. Түргэн шуурхай арга хэмжээ авчээ. Буцах замд зам засварынхны бололтой их оврын трактор, экскаватор зэрэг том том машин техник замын онхил донхил бөглөж, үүгээр явж болохгүй, үүгээр яв гэсэн зохицуулагчид хаа сайгүй. Хийе гэвэл түргэн хийж чаддаг, аятайхан зохион байгуулж бас чаддаг юм байна. Замын төсөлд өгсөн мөнгө чинь хүрэхгүй нь гээд ЗАМЫГ ТАМ болгоод юм хийхгүй нэг хэсэгтээ хэвтчихээр аргагүй мөнгө нэмж өгдөг юм болов уу?!
Like ·  ·