Wednesday 29 July 2009

Дэлхий дахин нээлттэй болсон өнөө цагт дотоодын компаниуд хулчийхгүй шүү

Б.Уянга
Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэж буй энэ халуухан өдрүүдэд мэргэжлийн хүмүүс санал, бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Тэдний нэг болох МУИС-ийн Газарзүй-геологийн факультетын дэргэдэх Геологи-минералогийн тэнхимийн багш, доктор, профессор Ж.Бямбатай уулзаж гэрээний төслийн талаар санал бодлыг нь сонссон юм.

-Та Оюутолгойн гэрээний төслийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг. Тодорхой баримтад тулгуурлан шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Энэ удаагийн төсөл нууцаар цөөхөн хувиар тараагдсан учраас ямар төсөл байгааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өмнөх төсөлд нь маш олон ноцтой зөрчил байсан. Энэ төсөл бүхэлдээ Монгол Улсыг цөлмөж Африкийн ард түмэн шиг ядуу зүдүү, өлсгөлөн гуйланчлалын байдалд оруулж болохуйц төсөл болсон байна лээ. Гадаадын нэг компанийн эрх ашгийг нэгд, улсынхаа эрх ашгийг хоёрт тавьсан төсөл. Гэтэл Оюутолгой бол манай улсыг наад зах нь 100 жил хангалуун сайхан амьдруулж чадахуйц нөөцтэй газар. Энэ төслийг батлавал Бороо гоулдын түүх шиг бид хоосон хоцрох аюултай. Үүнийг би баримтад тулгуурлаж ярья. 1962 онд НҮБ 1803 тоот тогтоол гаргасан байдаг. Үүнд шинээр тусгаар тогтнол олсон болон хөгжиж буй орнуудын ард түмэн эх орныхоо газар нутаг, эд баялгийг захиран зарцуулах эрхтэй гэсэн утгатай. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын Маракашийн гэрээ гэж бий.

Тэр гэрээнд Монгол Улс нэгдэн орсон байдаг. Гэрээний ерөнхий утга нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад өндөр хөгжилтэй орнуудын байгууллагууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа явуулахдаа тухайн орноос нь хөнгөлөлт эдэлж болохгүй гэсэн утгатай юм.

Гэтэл манайх наад зах нь 68 хувь хөнгөлөх асуудал тавиад байгаа биз дээ. Ингэж болох уу. ДХБ гэрээний гишүүн орнуудыг сайн хянадаг юм билээ. Нэг жишээ ярихад, манай нийслэлд оёдол, сүлжмэлийн бүтээгдэхүүн хийж АНУ-д экспортлодог байсан гадаадын олон үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсныг хүмүүс сайн санаж байгаа байх. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошгоор гаргахад маш их хөнгөлөлт эдэлдэг байсан нь тэдэнд ашиг авчирдаг байсан. Тэр үед Дэлхийн худалдааны байгууллагаас манай ЗГ-т хоёр, гурван удаа энэ үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж бичиг ирүүлж байсан. Одоо яригдаад байгаа энэ “Рио-Тинто” компанийн үйл ажиллагаанаас болж Африкт иргэний дайн хүртэл гарч байсан гашуун түүх байдаг юм шүү. Түүнийг нь одоо сануулахаар “Бид тэр үед туршлагагүй байсан юм” гэж хариулдаг гэнэ лээ. Тэгвэл одоо туршлагатай болчихоод Монголыг цөлмөх гээд байна уу гэж асуумаар байна. Энэ төслийн бас нэг ноцтой юм нь техник, эдийн засгийн үзүүлэлт гаргаагүй байж гэрээ хийх гээд байгаа аюултай зүйл байна. Ухаандаа ямар бүтээгдэхүүн гаргаж, улс орны эдийн засагт ямар нэмэр өгөх вэ гэсэн асуултууд хоосон хэвээр байна. Гэтэл С.Авирмэд “Айвенхоу Майнз”-ын бичиг баримтуудыг харж байгаад л тэр үзүүлэлтүүдийг тооцоод гаргачихсан байгаа. Бүх тооцоог нь маш сайн нарийн хийсэн байгаа. С.Авирмэд яг энэ мэргэжлээр Канадад мэргэжил дээшлүүлж байсан хүн шүү дээ. Монголын стратегийн түүхий эдтэй бараг бүх ордын техник, эдийн засгийн үзүүлэлтийг тооцсон байдаг.

-Олон түмний дунд Оюутолгой “Бороо гоулд”-ын гашуун түүхийг давтах вий дээ гэсэн болгоомжлол их байх шиг байна. Түүх давтагдахгүй гэх баталгаа бий юу?
-Ер нь “Айвенхоу Майнз” дэндүү даварч байна. Тухайлбал, Өмнөговь аймагтай тэнцэх хэмжээний газар авна, нэмж авах шаардлага гарвал Засгийн газарт мэдэгдэнэ, харин Засгийн газар татгалзах эрхгүй гэж тусгасан байсан. Цаашилбал үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарвал зөвхөн Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд мэдэгдэнэ, харин тус яам татгалзах эрхгүй. Тусдаа бие даасан гаальтай байна, түүнд нь монголын нэг ч гаалийн ажилтан орох эрхгүй гээд маш олон заалтууд тусгасан байсан. Арай дэндүү. Мөн тэдний байгуулсан дэд бүтцийг манай тал ашиглавал тэдэнд төлбөр төлөх заалт оруулсан байсан. Түүнээс гадна УИХ-аас бидний саналд тохируулж хуулиа гарга гэсэн тулгалт тавьсан гэсэн. “Бороо гоулд” онгоцоор хамаг алтаа ачдаг байсан. Тэгэхэд манай гаалийн нэг ч ажилтанг онгоц руугаа оруулдаггүй байсан гэдэг. Ерөнхийдөө “Бороо гоулд”-ын түүх давтагдаж байна гэхэд хилсдэхгүй болохоор энэ төслийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Ер нь “Айвенхоу Майнз” алс холын Канад руу алт, зэсээ зөөхгүй нь ойлгомжтой. Эхний 3-4 жилд ойрхноор нь Хятад руу зөөж таарна. Тэгээд “авдар доторх”-оос нь хангалттай юмаа авчхаад хятадуудад зарчихаад гараад явна гэсэн хардлага бидэнд бий.

-УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Тэр муу “Айвенхоу Майнз”-ыг өшиглөөд гарга” гэж хэлсэн байдаг. Энэ компаниас өөр хөрөнгө оруулчих компани дэлхийд байгаа биз дээ?
-Дээрх бүгдийг үндэслээд ер нь “Айвенхоу Майнз”-ыг оруулах шаардлага юу байгаа юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. “Рио-Тинто” энэ хоёр дэлхий дээр цорынх нь юм уу. Гадаадын олон компаниуд манай ЗГ, УИХ-д хандсан гэнэ лээ. Тэгээд ч “Рио-Тинто”, С.Баяр нарын хэлсэнчлэн Оюутолгойд таван тэрбум бус 2-3 тэрбум ам.доллар л байхад хангалттай байдгийг би Латин Америк, Европын олон компаниудын сайтаас харсан. Тэр хөрөнгийг нэг дор биш цувуулж гаргаж болно. Тиймээс дотоодын хэдэн компани нийлээд аль аль компанийхаа гадаад сувгуудыг ашиглан энэ зэргийн хөрөнгийг гаргачих чадал байгаа гэдэгт би бат итгэж байна.

-Хөрөнгийг нь манай хэдэн компани босголоо гэхэд дэд бүтэц, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүмүүс нь байхгүй гэж ярьдаг. Үүнийг яаж шийдэх хэрэгтэй вэ?
-Тухайлбал, төмөр замыг шийдэх бүрэн боломжтой. Ач холбогдолтой хэдэн цэгүүдээр (Оюутолгой, Тавантолгой гээд) дайрсан маршрут зохион төмөр зам тавих хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн тухайд “Айвенхоу Майнз”-д байгаа гэж бодож байна уу. Байхгүй. Зэс олборлолтын тэргүүний технологи ашиглан тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Отто компу” гэдэг Финляндын компани байдаг. Тэндээс худалдаж авна. Эрдэнэт үйлдвэр ч энэ компанийн төхөөрөмжүүдийг ашигладаг. Манай дотоодын компаниуд гэрээ хэлэлцээр хийгээд тэрийг нь янз бүрийн нөхцөлөөр (хямд үнээр, зээлээр г.м.) авч болно. Хулчийхгүй шүү. Дэлхий ертөнц нээлттэй болсон цаг шүү. Монгол Улс үндэснийхээ мэргэжилтнийг ашиглахгүйгээр хэзээ ч хөгжихгүй. Геологич, металлургич, химичид гээд энэ ордыг ашиглах, ажиллуулах бүх талын мэргэжлийн хүмүүс манай улсад байгаа. Социализмын үед мэргэжлийг нь эзэмшсэн чадалтай сэхээтэн зөндөө байна. Яагаад энэ хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байгаа юм бэ. Яахав, Оюутолгойг ашиглах үед эхний ээлжинд 10-20 мэргэжилтэн гаднаас урьж ажиллуулах хэрэгтэй болох байх. Хэдэн жилийн дараа тэднийг нутаг буцааж ганц нэгийг нь үлдээж болно шүү дээ. Түүнчлэн Оюутолгойг ярихдаа зөвхөн алт, зэсний тухай яриад байна. Гэтэл хажуугаар нь хүхэр, мөнгө, молибден, төмөр, магадгүй никель гээд олон дайвар элементууд байгаа. Тэрнийг яах тухай асуудал ерөөсөө яригдахгүй байна. Миний бодлоор Оюутолгойн ордыг түшиглээд химийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Хүхэр бол химийн үйлдвэрийн “талх” нь бөгөөд газар тариалангаас арвин ургац хураан авахад хамгийн их үүрэгтэй элемент юм.

-”Айвенхоу Майнз”, “Рио-Тинто” компаниудад татгалзлаа гэхэд Оюутолгойн ирээдүйг ямар маягаар шийдэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Гурван л арга байна. Оюутолгойг үндэсний компаниуд нийлж авах нэг арга. Мөн дэлхий даяар томоохон нээлттэй тендер явуулах хэрэгтэй. Аль эсвэл анхнаас нь Хятадын компаниудад өгөх сүүлчийн “ядарсан” арга байна. Өөрөөр хэлбэл, хэзээ нэгэн цагт хятадын нэг компанийн мэдэлд очих нь үнэн л юм бол гуравдагч этгээдийн оролцоогүйгээр өөрсдөө хятадын хамгийн сайн нэг компанитай нь гэрээ байгуулчих хэрэгтэй гэж бодож байна. Хөрш зэргэлдээ орнууд учраас хэл амаа олоод байх байлгүй.


Пүрэв, 2009 оны 7-р сарын 16 "Нийгмийн толь"

Thursday 23 July 2009

Ориг брэнд

Даяармонгол сайтад Францын Louis Vuitton брэнд Монголд дэлгүүрээ нээсэн тухай нийтлэл http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3687&Itemid=1 гарчээ. Бараг жилийн өмнө бичиж байсан Ориг брэнд нийтлэлээ дахин орууллаа.

Би нэг удаа Ленинтэй уулзсан юм гэж өвгөн партизан хөөрдөг шиг, би нэг удаа Монголын томоохон бизнесүүдийн дунд орж үзсэн юм. Нугасны муухай дэгдээхэй шиг л нугдайгаад сууж байв. Нэрийг нь санадаггүй Ориг ч билүү Полог ч билүү нэг дэгжин эр өдөж байгаа юмуу, онгирч байгаа юмуу цагаа мултлаад миний өмнө тавив. Би гайхаад өөрийн цагтай тулгаж харвал хэний ч цаг түрүүлж хожигдсон юм алга. Дэгжин эр рүү гайхсан харц илгээвэл. “Ямар брэндийн цаг вэ?” гэнэ. Шууд шалгалт авдаг юм байна. Мэдэхгүй юм чинь 'мэдэхгүй ээ' л биз дээ.

Энгэрийн халааснаасаа нэг их гоё үзэг гаргаад ирлээ. Бас нөгөө брэндээ асуух байх гээд асууж амжихаас нь өмнө толгой сэгсэрлээ. Тэгээд болоогүй ээ. Пиджакаа тайллаа. Одоо яах бол гэж айх шиг болов. Пиджакны дотуур халаасан дээр байгаа шошгыг зааж “энэ бол Pierre Cardin гэдэг франц брэнд” гэлээ. Цаг үзэг нь ямар ямар брэнд ч гэлээ мань мэт цочом үнэтэй юм дуулдсан, мартаж орхиж. Ашгүй цааш нь цамц, тэлээ, оймс, дотуур хувцасны брендийн хичээл заасангүй.

Оригийн авгай Чуг ч билүү Гуг ч билүү гоолог биеийн үзэсгэлэнг тодруулсан бие нь цухуйх ч гээд болих гээд байх шиг энд тэнд нь цоорхойтой тийм нэг секси бариу хар цамцтай. Хонины хорголын чинээ том том олон өнгийн эрдэнэсийн чулууг хэлхсэн этгээд чамин хийцтэй сондортой. Ёстой хүн болгон ангайж нүд унагамаар дагина. Цагтаа балетчин явсан гэсэн. “Брэнд эдлэж зиндаа заах хэрэгтэй, ядаж чамин зүүлт, тод будалтаараа хүний нүдэнд өртөхөөр стильтэй байхгүй бол бизнес түншүүд тоож харахгүй дээ” гэлээ. Монголдоо л толгой цохих том компаны захирлууд нь харин брэнд мэддэг үгүй нь мэдэгдэхгүй даруухан чимээгүй байснаа, алиа хошин юм ярьсан шиг сэдэв өөрчилсөн.

Хүнд заавал хүний нүдэнд тусч анхаарал татах шаардлага бий гэж үү. Тогос шувуу шиг болж хүний анхаарал татдаг хүмүүс дотоод хүнтэйгээ мөнхийн зөрчилтэй байдаг юм биш биз. Тэр үдэш хүмүүс элдэв юм шалгаагаад, өөрийн бодлоо тулгаад байгаа нь надад сонин биш байсан. Би хүрэн поло цамцтай, хар судалтай бор өмдтэй, харин чимэг зүүлт маань хүний нүдэнд тусахааргүй жижиг, будаггүй мэт будалттай байсан. Энэ бол миний стиль гэж хэлж болно. Яагаад гэвэл иймэрхүү бүдэг бадаг байхад надад эвтэйхэн, биеэ барихгүй чөлөөтэй байдаг. Ориг багшид ёстой хэлэх үг олдоогүй. Мөрөн дээр толгой байхад болдог юмаа гэлтэй биш. Том бизнесүүд сайн муу элдэв аргаар толгой тархиа ажиллуулж байж л дээш гарсан байгаа. Тэнэг хүн л мөнгө хийчихэв гэж. Ямар аргаар яаж бэлжсэн нь надад ямар хамаа байхав. Жилийн эргэлт нь сая саяар тоологддог, тогтчихсон бизнестэй бол шатахуун их иддэг үнэтэй жийпээ унаад, хөлөөс толгой хүртэл нул брэнд эдлээд пологтоод явж байхад болохгүй гэх газаргүй, ёстой дур мэдэж.

Францын дээдсийн хүрээлэнгийн хувцаслалтыг XYII зуунд европын орнууд загвар болгон дуурайж байснаас өөрийгөө илэрхийлэх арга хэлбэрийг моод гэх болжээ. Ориг багш, түүний эхнэрийн хувьд аль болох үнэтэй хүний нүдэнд тусах содон том юм моод юм байна. Тэгэхээр тэд гадна дотно хоёр тал нь зөрчилддөг ч улс байж болох. Моод гээч юу юм? Хэмжээс, загвар, арга, заавар гэсэн олон салаа утгатай “modus“ хэмээх латин үгний “mode” хэмээх франц хувилбараас улбаатай, гоо сайхныг цаг үед илэрхийлэх гэсэн утгатай, зөвхөн хувцаслалт дээр ч биш уран зураг, барилга архитектур, урлаг, үс засалт, бичих арга, биеэ авч явах байдал гэх мэт хүний амьдралын өргөн хүрээг хамарсан ойлголт.

Гадаад төрх хувцас гоёл сэлтээрээ онцгойрох гэдэг шинэ зүйл ч биш. Хүмүүний түүхэнд үргэлж байсан. Дээр үед хүнийг хувцсаар хэн нь ноён, хэн нь хиа, хэн нь охин, хэн нь эхнэр гэдгийг шууд хэлж болохоор байв. Одоо ч хувцаслалт тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг заадаг хэвээр байгаа. Арай нуугдмал, улаан цайм биш гэх үү. Чөлөөтэй, хэн ч хаанаас юугаа ч аваад өмсч болно. Гэхдээ 250 мянгаас сая долларын үнэтэй даашинзыг Саудын Арабын баячуудын авгай л авахаас энгийн борчууд тийм үнэтэй эд байдгийг мэдэх ч үгүй. Орчин үед дээдсийн хүрээлэнгийнхэн хүн авах боломжгүй үнэтэй, эсвэл ганцхан хувь хийсэн давтагдашгүй загвар өмсөж ялгардаг.

Нийгмийн гарал, эрхэлдэг ажлаар өмсдөг хувцас нь өөр өөр байх үед хоргой торгон дээлийг сурвалжит дээдэс өмсдөг байсан бол, одоо цэвэрлэгч цэцэрлэгч гээд толгойтой болгон нь өмсдөг болсон. Торон хар оймсыг янханууд л өмсдөг байсан бол одоо хамаагүй болж хэн дуртай нь өмсдөг болсон. Гадуур өмсдөг "дотуур хувцас" моодонд ороод нийтээрээ мөр цээжээ гаргадаг болсон. Энэтхэг зэрэг халуун орны моод хавтгай дэлхийд тархаж халуун хүйтнийг тоохгүй хүйсний нүхээ гаргаад гүйлддэг болоо шив. Араб эрчүүдийн шалханаг өмдийг англи авгай өмсөөд моодолж ч байх шиг ер нь хавтгайдаа чөлөөтэй хэн юу дуртайгаа өөртөө тохируулаад өөрийгөө илэрхийлээд явахыг моод гэдэг болжээ.

Sunday 12 July 2009

Инээмсэглэл

Би яарч яваад нэг ахайтанг мөргөхөд хагас алхамын зайд зог тусав. Бид нүүр тулж, харц мөргөлдөв. Хүйтэн хямсгар царай, дэгжин хувцас, дээгүүр харц гээд ихэмсэг оршихуйн төгс загвар гэмээр нэгэн байна. Төгс ихэмсэг маань гэнт инээмсэглэв. Ингэнэ чинээ бодоогүй би балмагдан алмайрав. Балмагдах багадна, үнэндээ цочирдсон. Нэг тийм өвөрмөц инээмсэглэл огцом гарч ирээд, бүр огцом дуусчихсан. Түүний зөвхөн уруул хажуу тийш сунаад, шүднийхээ нь талыг харуулаад, яах ийхийн зуургүй буцаад агшчихсан. Над руу инээмсэглэсэн хүн аль хэдий нь төв царайтай болчихсон тул хариу ялдамсаж инээмсэглэх завдал болсонгүй. Хариу инээмсэглээгүй, хэрэгтэй үед зохилтой нүүрний хувирлыг гаргаж чадаагүй бибээр буруутай ч юм шиг, бүдүүлэг ч юм шиг.

Инээмсэглэл хүний баяр хөөрийн илрэл, хүнд хандах найрсаг сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор сэтгэлийн толь болсон нүд инээмсэглэлд заавал оролцох ёстой шиг. Үнэн сэтгэлээсээ инээмсэглэж байгаа хүний нүднээс нь дулаан илч, гэрэл гэгээ цацрах шиг, эерэг энергийн ойлго, сайн бүхний гэрэл гэгээ бусдыг бас илбээд авах шиг, болдог болохоор харахад тааламжтай байдаг. Хүмүүс аяндаа даган хариу инээмсэглэдэг.

Ахайтны нүд хүйтэн хэвээр. Түүний сэтгэлийн утас огт доргиогүй нь илт. Бид огт танихгүй улс. Баярлах догдлох үндэс байхгүй. Дургүйг нь хүргэсэн, санал огт таарахгүй хүнтэй ч ахайтан инээмсэглэж байгаад ойлголцон ярьж чадна гэдэгт итгэлтэй байна. Түүний хувьд дадал болсон "ажил хэрэгч", "жижүүрийн" гэх энэ инээмсэглэл сэтгэлийн хөдөлгөөн, оюун ухаанаас үл хамааран байж л байдаг эд. Мэргэжлийн ур чадвар, харьцааны соёлынх нь салшгүй хэсэг. Олон жилийн тэртээ ийм инээмсэглэлтэй анх учраад ийнхүү цочиж билээ. Нэг бодлын зөв юм даа. "Чи, хүн дайрч унагаачих гээд хамжаарагтай явахад яадаг юм?" гэж загинаад, үг дуугүй тас ширвээд өнгөрснөөс дээр ч юм шиг.

Ажил хэрэгчээр инээмсэглээд сурчихсаан. Анхны тэр багш шиг уруул сунгах агшаах төдий биш ээ. Монголчлоод, жаахан сэтгэл дусаагаад бараг л үнэн юм шиг болгосон. Хэрэгтэй үед илбэчин шиг нүүрэндээ инээмсэглэл гуайг авчираад наачихдаг боллоо. Үйлчилгээний газарт ажилтай бибээр хүний бараа харагдав уу үгүй юү малийтал инээсээр угтана. Янз бүрийн орны орны хүмүүс янз бүрээр инээвхийлнэ. Америкчүүд бол бүх шүдээ гаргаад их өгөөмөр инээмсэглэнэ хайрлана. Тэр нь бас түргэн алга болно. Японууд нүүрэндээ инээвхийлэл арай удаан байлгана. Орос ах нар инээвэл инээсэн шиг, үгүй бол үгүй, шулуухан улс. Нэг өдөр хэдэн ази ороод ирэв. Монгол уу, оросын бага ястан уу, хятад уу, солонгос уу ямар үндэстэн бол? Энд амьдардаг чех хэлтэй болов уу? Ямар хэлээр хэл нэвтэрдэг бол, яаж үйлчлэх билээ? Над руу ойртоод ирж байна, ашгүй манай үйлчлүүлэгч болох нь! Би ч байдгаараа инээмсэглээд л зогсож байв.
"Та манай сумын Ядмын эгчтэй, Ямпил гуайн дүүтэй төстэй юм?" гэж цэвэр халхаар мэндэлвэй.
"Сайн байцгаана уу? Өө, монгол улс байсан юм уу? Би ч солонгос халимаг хавьцаа л гэж бодож байлаа."
"Таныг учиргүй инээгээд байхаар таньдаг хүнээ андуурч байна л гэж бодлоо."
"Харин тийм ээ, үйлчилгээний соёл гээд учиргүй инээд алддаг дадалтай болоод байгаа."
" Хэдэн кроны цалинтай бэ? Өлөнгүүд дээрэлхэж байгаа биз?"
"Өлөн гэж?"
"Мэддэггүй юм үү? Дандаа хуурай идэх юм хивж явдаг болохоор чехүүдийг өлөн гэдэг шд."
"Хэлээр нь хэлцээд сурчихвал дээрэлхэхгүй ээ, хэрэгтэй үед бас хэдэрлээд авна шд. Цалин гайгүй, инээмсэглэлийн нэмэгдэлтэй."

Wednesday 8 July 2009

Бурхан сэтгэл хоёрын алийг зурах

Буддын, загалмайтны, лалын болон бусад олон шашинд сүсэглэгчид бурхан байдагт итгэдэг. Бурхнаа дотроо өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Түүнийгээ дүрсэлдэг. Дүрслэл нь ялгаатай. Хүмүүн бид бурханг олон янзаар зураад байна уу? Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн тухай тээр эртний түүх сургаалийг дараа дараагийн үед дамжуулсаар, үлгэр домог болтлоо олон жил яригдсан, яаж байгаль эхтэй зохицон, өөр хоорондоо эв найртай, аз жаргалтай амьдрах тухай сургасан агуу номлогчдыг бурхан гээд бодчихсон шиг. Хүмүүн бидэн шиг дүр төрхтэй бурхан гуай өөрөө бидэн дунд алхаад байгаа шиг ойлгочихсон шиг. Тухайн газар орны хүн зонтой тун төстэй бурхан "амилаад" байх нь сонин. Гэтэл гадна төрх, ахуй амьдрал, соёл урлаг, хөгжлийн түвшин, сэтгэлгээний онцлог өөр өөр хорвоогийн бүх хүмүүсийн бурхны сургааль сайн муугийн дэнс сэтгэлийн тухай өгүүлэх нь адил. Хүмүүний үйл явдал, ажил амьдрал, ёс суртахууны үнэлэмж нь буян, нүгэл гэх шалгуураар шүүгддэг нь хаана ч бас адил.
Буддын шашинд буу зэвсэг агссан, "сонгодог" утгаар байх дайсныг буруу номтон муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд түлхэн оруулдаг сэтгэлийн муу илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэхийг сургадаг. Хүн гэдэг "үзэж", "сонсож", "амталж", "цэнгэж", "эдэлж" байдаг хүртэхүйн таван эрхтэнтэй нэгэн. Сэтгэл, бие болоод хэлээ дийлэхээ больж, хүртэхүйг хэтрүүлчихвэл "уур хилэн", "атаа жөтөө", "омог бардам," "харанхуй мунхаг", "шунал тачаал" гэх нүгэлд уначих гээд байдаг нэгэн.
Суудлын төлөө олох нэр
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян...
...Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ.
Товчилбол:
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж
Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож
Уурын мэсийг бариад омгоор түлэгдэж
Атаагаар агсамнан
Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны хавцгай дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий. (Д.Равжаа "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу")
Буддын шашинтан сэтгэл гэгч "зэрэглээ мэт үзэгдэвч, зүүд мэт хоосон" гээд "хоосон чанарын гайхамшигт" сүсэглэдэг. Эрт урьд цагт хүний сэтгэл дотор орших бурхныг огт дүрсэлдэггүй байв. Махан бодоос бүтсэн хүнээс бурханд өргөсөн тахил бодит зүйл тул зурганд дүрслэгдээд, бурхан өөрөө байхгүй хоосон зай үлдээдэг байв. Бүр хожуу үеийн зарим бүтээлд бурхан сахиусыг дүрсэлдэггүй энэ уламжлал үлдсэн тод жишээ бол, янз бүрийн бурхад, сахиусад зориулсан өргөл тахилыг дүрсэлдэг "Хангагч эрдэнэ" буюу "Ганзай" төрлийн бүтээлүүд билээ. Жигжид, Очирваань, Гомбо, Шалши зэрэг арван хангалд тус бүрд зориулсан ганзайнуудад бурхан сахиус өөрөө байхгүй зохиомжоороо төстэй боловч, тахилын мал амьтад өөр өөр өнгөөр будагдсан, бурхдын орших орд харш нь ялгаатай зурагддаг. Гэхдээ л хүн энэ зургийг бүтээсэн болохоор, харагдахгүй тэр бурхан сахиусыг хүнтэй адил мэт төсөөллөөс ангижирч чадаагүй нь зургаас бас харагдана. Нүүр царай харагдахгүй ч толгой байх баримжаанд титэм зүүлгэсэн, баригдахгүй бие харагдахгүй хөл дээр завилан суусан нь өмсүүлсэн өмсгөлийн нугалаас хэлбэрээр тодорно.
Бурхантай нүүр тулан уулзсан хүн байхгүй ч, гэхдээ л байдаг гэх Бурхан огт дүрслэгддэггүй байх нь үнэнд илүү ойр мэт.
Бурхан ч сэтгэлээс гарна
Буг ч сэтгэлээс бүтнэ
Буян хилэнц сэтгэлээс
Булт хоосон сэтгэл буй... (Д.Равжаа "Зүйл зүйлийн үзэгдэл")
Монголын Дулдуйтын Равжаа, Чехийн Милан Кундера, Туркийн Орхан Памук гээд агуу сэтгэгч зохиолчид бүгд сайн зураачид байсан, зураач болох уу, зохиолч болох уу гэж сонгож ядаж байсан гэдэг. Тэд амьдрылын өнгийг, сэтгэлийн олон өнгөтэй нь хамт үгээр дүрсэлж мөнхийн бүтээлээ туурвисан. Хэрвээ тэднийг үгээр бус өнгө будгаар бийрээр сэтгэлийг дүрсэл гэвэл ямар зураг зурах байсан бол?

Thursday 2 July 2009

Дүлий

Цимбала гэнэ үү тийм нэг хачин нэртэй, төгөлдөр хуур шиг хөгжим сонсов. Дээр үеийн ордны хуур гэсэн байх. Бүр хоёр хүүхэд нөхрөө чирээд гэр бүлээрээ үзсэн. Үнэндээ огт таалагдсангүй. Тийм нэг цахираа дуутай төгөлдөр дуутай биш хуур. Төгөлдөр хуур, хийлээр сонсож чихэнд хоногшсон тунгалаг уянгалаг аялгууны дуурьсах царааг тайрчихсан (техникийн хэллэгээр тархах долгионы спектр нь нарийн зурвасаар) ч юм шиг, амьсгаа авалтаа тааруулахгүй ангалзаад хоолой нь хүрэхгүй байгаа дуучин ч юм шиг, ер л тийм чамалсан мэдрэмж төрөөд болдоггүй.
Хүмүүс алга ташаад, бүр заримдаа дахиулаад байх юм. Завсарлагаанаар гараад алга болъё гэж нөгөө хэдээ ятгаад дийлсэнгүй, зааланд цөөхөн хүн байхад, "нутаг нэгт" нь хөгжимдөж байхад дуу хөгжим ойлгодоггүй бүдүүлэг харагдана эвгүй гээд гүрийгээд байдаг. Шиничиро Накано гэдэг нэг японы ганцаарчилсан концерт байв. Би ганцаараа метро, трамвай, автобус гээд олон унаа дамжиж харихаас халшраад, хүүгийн унаанд хөл дүүжлэх гээд аргагүй үлдлээ. Хүн таалагдсан хөгжим сонсоход дотор нь уусаад уйлах уярахын хооронд байдаг биз дээ. Нэгэнт дүлий бибээр энэ хөгжимд уусч чадахгүйн ойлгомжтой болсонд, унтчихгүйн тулд манай хулсан хуур, чавхдасны нэг үзүүрийг зуугаад хуруугаар дохидог аман хуур, хүний ясан ганлин дасаагүй хүнд ямар сонсогддог бол гэсэн шиг элдэв юм бодож суув.
Нээрээ, өөрийн гоо сайхнаар бахархдаг домогтой нарцис цэцэгтэй хүн гэдэг амьтан юутай адилхан. Найз нөхөд гэхэд ижил төстэй үзэл бодолтой, ойролцоо сонирхолтой улс байх, гадна төрхөөрөө төстэй улс нийлбэл ёстой заяаны ханиа олж гээд шагширах...Цагаан арьстан дутуу болсон шиг цонхийгоод, хар нь түлэгдсэн шиг харлаад, улаан нь халтар тарлан, манай шар л төгс төгөлдөр гэхээс наагуур. Шар дотроо бол монгол л хамгийн гойд гэхээс наагуур хөөрцөглөх хүн гэдэг амьтны үнэн дүр нарцис.