Saturday 5 September 2015

Нас насанд нэг ном өөрөөр уншигдах

Сайхан уран зургийг ахин дахин эргэн харж таашаал авдаг шиг таалагдсан шүлэг өгүүллэгээ хэд дахин уншиж байсаан. Харин том хэмжээний романыг тэр бүр дахин уншаад байгаагүй шиг. Лев Толстойн “Анна Каренина” романыг харин санаандгүй тохиолдлоор гурав дахин уншчихсан гэж байгаа.
16 насандаа уншсан анхны орос ном “Анна Каренина”, олдсон нь тэр юм байлгүй. Хуудас дүүрэн мэдэхгүй үг, өвөрмөц хэллэг! Хэд хоногтоо бус, бүтэн сардаа дуусаж өгдөггүй… Толь бичиг эргүүлсээр залхах… Оросын алдарт зохиолчийн суут бүтээлийн амт шимтийг мэдрэх байтугай  үйл явдлын ерөнхий хэлхээг тэмтрэх төдий арай гэж дуусгасан билээ.
1308204737-anna karinaОрос номыг толь бичиггүй чөлөөтэй уншдаг болчихсон хойноо, нас сүүдэр нөгөө Аннатайгаа үе тэнгийн болсон үедээ хоёр дахь удаагаа уншсан. Тэгэхэд л жинхэнэ эмэгтэй уншигч шиг зохиолын баатруудтай хамт хөөрч, адилхан шаналж, заримыг нь үзэн ядаж, зохиолчийн утга гүн санааг  биширч, уран яруу дүрслэл, сэтгэл хөдлөлийн савалгааг хэрхэн нарийн гаргасныг гайхан бахдаж билээ. Хэдийгээр номонд арван есдүгээр зууны сүүлчийн хагасын оросын язгууртнуудын тухай өгүүлэх  боловч хорьдугаар зууны сүүлийн хагаст өчнөөн төчнөөн зүйл хориотой социалист нийгэмд амьдарч байсан  нүүдэлчин гаралтай эгэл жирийн монгол хүмүүсийн тухай хүүрнээд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байв. Анна Каренина, Алексей Вронский хоёр нууц амраг хэвээр үлдсэн бол дээдсийн хүрээнээс шахагдахгүй сан, хүсээгүй хоёрдмол амьдралыг тэвчсээр хайр сэтгэл нь хүмүүсийн хэл цуцахаас өмнө зэврэх байсан биз. Романд бэлгэдэл бүхий дүрслэл бий. Хөгшин залуу хоёр хатагтай хайрт хөвгүүдийнхээ тухай хүүрнэн аялаж буй галт тэргэнд төмөр замын ажилчин дайрагдаж нас барж буйгаар ном эхэлдэг бол, нийгэмд тогтсон хэв журам ёс суртахууны эсрэг яваад мухардсан Анна номын төгсгөлд галт тэргэн дор өөрийгөө үйж амиа егүүтгэдэг. Тэр Каренин гэх төрийн том түшмэл Аннагийн авааль нөхөрт үгүй мөн дургүй хүрч байж билээ. Үүний дараа дайны талбарт яваа Алексей Вронский амьд атлаа үхдэл мэт гөлийсөн сүр сүлдгүй байдлаар  хальтхан гардаг. Бусад баатруудад нэг их анхаарал хандуулж уншаагүй юм байх даа.
a445d0a36e3c896ca99d3b831be807bf57229e56Гурван жилийн өмнө гэрээс хол сар болохдоо энэ номтой санаандгүй таарч дахин нэг гүйлгэж уншсан. Нас насан дээр яг ижил үйл явдлыг хүн шал өөрөөр хүлээж авдаг юм байна. Олон хүүхэдтэй Стив Оболонскийн эхнэр Доллид ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Эмэгтэй хүн арчаатай баймаар юм шиг. Манай нутагт элдэв зарц үйлчлэгчгүй олон хүүхэдтэй гялалзсан эмэгтэйчүүд зөндөө дөө. Вронскийд сайн байгаад Аннад алдсан Кити Щербицкая аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй гэдэгт эргэлзэх шиг. Китин нөхөр Левин гэх эр элдэв онол зохиож үүлэн дээгүүр хөвсөөр энгүүн сайхан газарддаг болов уу гэж санаа зовох шиг. Хэдийгээр сүүлдээ гунигт төгсгөлд хүрсэн ч амьдралдаа хайр дурлал гэж юу болохыг ханатал амталсан Анна бас ч гэж аз жаргалтай эмэгтэй шиг.
Хэлгүй шахам байхдаа анх, хэлний саадгүй болсон ид насанд, юмыг хөндлөнгөөс хардаг насны намарт, ер аль ч цагт  уншихад хүний сэтгэлийн хөдөлгөөний нарийн ширийнийг түүний мөн чанартай нь хамт нүдэнд харагдтал дүрсэлж чаддаг агуу зохиолч Лев Николаевич Толстойн ур чадвар авьяас билгийг бишрэн хүндэлвэй.

Амралт, халуун рашаанд манайхан гадныхан



Монголчууд маань эх нутгаараа их аялдаг болж, тэр хэмжээгээр байгалийн үзэсгэлэнт газруудад олон тохилог амралтын газар шинээр бий болжээ. Хоёр ортой жижиг дөрвөн хант, дөрвөн ортой том таван хант гэрүүд ярайсан, шүршүүр боловсон жорлон, хоолны газар тус тусдаа байшинд. Усан шавар эмчилгээний тусгай байр, билльярд теннис тоглох спорт танхимтай. Өглөөний шүүдэрт амрагчдын хөл норгохгүй гэж гэр байшингийн хооронд цементэлсэн зөрөгтэй гээд ер нь аятайхан. Хүүхэд хөгшидөө салхинд гаргаад манайхан сайхан амарч байна. Хөвсгөл нуурын эрэгт "Алаг цар" гэр амралтад хэд хоноод, Архангай Хөвсгөлийн заагт нэг шөнө хоносон (амралтын газрын эзний нэрийг тогтоогоод амралтын нэрийн мартаж) тун тохилог амралтын гэрүүд баганагүй байж ихэд гайхаж билээ.
Архангайн Цэнхэрийн "Дуут" халуун рашаан их таалагдсан. Цэвэрхэн, үйлчилгээ сайтай. Манай нутагт амарч байгаа гадаадынхан харин огт таалагдсангүй. Хөвсгөлд бид хэдийг байхад нэлээд хэдэн герман амарч байсан. Мэндийн хариуд дохих ч үгүй бүдүүлэг. Халуун рашаанд бид оройхон ирж, орон гэртэй болж аваад шууд хоолонд орлоо. Хориод европ хоолны заланд сууж байв. Залбирал уншлагаа хийж байгаа бололтой. Чанга гэж юүхэв, удаан гэж яав аа. Халуун цай шөл уугаад замын алжаал тайлагдаад эргэн тойрноо харж, эргэцүүлж бодохтойгоо болсон чинь уур ч хүрэх шиг. Манай бурхны шашны хэдэн хүн тэдний Израиль улсад нь очоод олон нийтийн хоолны газарт ороод хонх дамраа дуугаргаад, маань мэгзэм дуудаад эхэлбэл, эхлээд зогсохгүй бүр 30-40 минут чангаас чанга уянгалуулаад салахгүй бол тэд нар яах байсан бол?! Шинэ газар очингуутаа хэл ам хийлтэй биш чимээгүй өнгөрлөө. Халуун рашаанд орохоос өмнө гадуур өмсдөг хувцас гутлаа тайлаад резинен углааш өмсөөд шүршүүрт ороод, рашаанд углаашаа тайлаад орох нь хэнд ч ойлгомжтой. Монгол англиар бичээд бүр зургаар харуулсан дүрэм байгаа. Гэтэл израйль эмэгтэй гадуур гуталтай орж ирээд шүршүүр хавийн шалыг шавар болгочихтой таараад, "та гутлаа солихгүй дээ, үүгээр чинь хүүхдүүд хөл нүцгэн гүйдэг шд" гэлээ. Хулдаасан хөшигний цаадах шүршүүрт байгаатайгаа ивритээр ярьж хөхрөлдөөд үл ойлгосон дүр эсгээд, үнэн бүдүүлэг. Том гарын эрчүүд заланд покердоод, бидний хэдэн авгай нар модны сүүдэрт даалуудсан шиг баясаж суувай. Нөгөө ивритээр ярьдаг хэдээс зарим нь ойртож ирээд зоопаркын амьтан харж байгаа шиг сониучирхаад "ямар тоглоом бэ?" ч гэх шиг гэнэт англиар дуугарав. Өөр хоорондоо монголоор алиа хошин үгс хэлэлцээд инээлдэж суувай.

Монголын хөдөөд амьдрал байна

Монголд хөдөө орон нутагт амьдрал шал өөр болжээ. Мал сүргийн тоо тавь жаран сая гэдэг үнэн тоо бололтой. Уулын даваа гүвээ, хяр хөндийгөөр мал сүрэг багтахгүй шахам дүүрэн. Хааяа нэг харагдах айлын гадаа машин техник: жижиг оврын трактор эсвэл ачааны машин, хөнгөн тэрэг, мотоцикл бол айл болгонд байдаг болжээ. Нөхөр нь мотоциклоо жолоодоод авгай нь сундлаад жижиг хүүхдээ дундаа аваад хаа сайгүй давхисан залуус хөдөөгөөр дүүрэн. Аймаар ч юм шиг, бахадмаар ч юм шиг. Засмал голдуу, эсвэл сайжруулж зассан дардан шороон зам. Хэтэрхий тасарсан элит хэсгийг тооцохгүй бол энгийн хүмүүсийг хувцас хунараар нь хот хөдөө гэж ялгах аргагүй болжээ. Хүн болгон гар утастай. Нэг биш бүр хэд хэдэн утастай, моби ком тэр модны хавьд баригддаг, жи мобайл тэнд, юни тел тэнд сүлжээ баригддаг гээд захын эмгэн хэлдэг болж. Ажилсаг ааш зан сайтай улс өргөн уудам хөдөө нутгийн хаана ч амьдралаа аваад явах боломжтой санагдлаа. Зуны дэлгэр цагт бүх юм сайн сайхнаар төсөөлөгдсөн байж болох. Уул усны нэр нь хүртэл билэгдэл утга төгөлдөр. Хөвсгөлд хад чулуу ихтэй нэг бэрх давааг "Зөөлний даваа" гэдэг юм байна. Хөвсгөл аймаг сарлаг ихтэй, монгол үхэр, адуу бараг харагдахгүй нь соньхон. Хонь ямаан сүрэгт ямааны тоо давамгайлдаг болж дээ. Архангайд адуу үхэр харагдаж эхлэх ч, бас сарлагтай нутаг аж. Өвөрхангай ороод ирэхээр хар зүсмийн ямаа нь цөөрөөд улаан, саарал, цагаан зүсмийнх нь олшроод ирдэг юм байна.