Wednesday 30 July 2008

Хогонд хаях толь бичиг

Хэл бичгийн ухааны доктор Э.Чинбат хэвлэлд бэлтгэж эмхэтгэсэн, Л.Цэдэнсумьяа хянан шүүсэн 70000 үгтэй гэх "English Mongolian dictionary" (ISBN 99929-0-370-8) нутгаас хүн гурван сарын өмнө авчирч өгсөн юм. Номын их дэлгүүрээс авсан гэх. Энэ толь бичиг цэвэр цэмцгэр шинэлэг царайтай байгаа. Царайлаг гэж юунд хэлээд байна гэхээр буцаамаар болчихлоо. Голдуу сурснаараа орос англи, англи орос толь л эргүүлдэг. Өнөөдөр нэг үгийг монгол дээр яаж буухыг сонирхоод дээрх толийг хэрэглэтэл "P" үсгийн дараа байх учиртай "Q" үсгээр эхэлсэн бүх үгс ор тас орхигдсон байна. "P" үсгийн дараа шууд "R" үсэг залгасан байх юм. Хэвлэлийн механик алдаа юм болов уу гэтэл хуудасны дугаар хэвийн, төөрөөд өөр газар орчихсон байж магад гэж их эрсээн, хаана ч байхгүй. Дахиж энэ толийг хэрэглэх итгэл алдраад байна. Толь бичсэн доктор, түүнийг хянасан редактор юү харсан болж байна. Ийм хариуцлагагүй алдаа гаргасан улс үгийн утгийг зөв орчуулсан эсэхт эргэлзээд байна. Бүр эгдүү хүрээд байна. Ядаж дараа дараагийн хэвлэлдээ бүрэн бүтэн зөв юм хэрэглэгчдэд хүргээсэй гэсэн үүднээс хэвлэлийн газраар дамжуулж автор, редакторт хэл хүргэмээр байна. Та нар юу гэж бодож байна?

Sunday 27 July 2008

Сэтгэл оюунд нөлөөлөх

Зурагт үзэж суунгаа ажиглаад байхад орос нэвтрүүлэг эрс өөрчлөгдөж байнаа. Саяхан социализмын үеэ муулсан, социалист хамтын нөхөрлөлийн манлай байснаасаа учиргүй ичиж эвгүйцсэн, өрнийн соёл, хөгжил дэвшлийг магтан дуулсан, тэднийг дуурайх гэж оролдсон нэг тиймэрхүү нэвтрүүлэг түлхүү байсан даа. Гэтэл одоо үндэсний бахархал сэргээх цогц арга хэмжээ авч байх шиг. Хүмүүс бараг мартагнаж эхэлсэн хуучны соёл урлагын нэрт зүтгэлтнүүдийг, дэлхийд нэртэй зохиолчид, эрдэмтэд, улс төрийн зүтгэлтэд, дэлхий олимпийн аварга асан тамирчид гээд цагаан хаант Орос, коммунизмын үед эх нутгийнхаа нэрийг өндөр өргөж явсан, өнөөдөр ч авч яваа хүмүүсийн тухай баримтат кино, дурсамж ярилцлага, нэрэмжит концерт өдөр тутам бодлоготойгоор харуулж байна. Тэр орос хүн юу хийсэн, яаж сэтгэдэг байгаад ямар тэвчээр хатуужилтай байж, ямар амжилтад хүрэв гэдгийг эвтэйхэн харуулаад байх юм. Үндэсний бахархал гэхээр сайхан сонсогдоно. Орос орны нүүр царай болох шилдэгүүдээ тодруулах санал асуулга явуулж байна. Муу муухайгаа, ядуу дахжин хүмүүсийг бараг харуулахгүй. Ийм юм үзэж байгаа энгийн нэг ард өөрөө авьяасгүй, боловсролгүй, чадваргүй, хөрөнгө мөнгөгүй ч ийм үндэстэнд багтаж байгаагаараа бахархана. Тэр алдар цуутан шиг гялалзсан амжилт гаргахгүй ч хэр хэмжээндээ хичээх болно.

Бид хорвоод хосгүй, онцгой оюун билигтэй төгс төгөлдөр үндэстэн гээд яриад байхгүй. Ингэж яриад эхлэвэл, хүмүүс нь үүнд итгээд эхлэвэл үндэсний бахархал биш үндсэрхэг үзэл болно. Эдгээр ойлголт нэг нэгнээсээ урган гарах их ойр ойлголт. Үндсэрхэг үзэл үнэртвэл эвгүй болчихно. Германууд өөрсдийгөө дээд төрөлт сод үндэстэн гэсэн төөрөлдөлд орсон эмгэнэл юунд хүргэснийг бид мэднэ. Юм хирээс хэтрэхээр болохоо больчихдог.

Манай хоёр хөрш хоёулаа эрчимтэй хөгжиж, хоёр оны зааг дээр удирдагчид нь оны онцлох хүмүүсээр тодорсон. Одоо өөр хоорондоо найзлаад хачин найрсаг элгэмсүү байна. Монгол хүний нүдээр харахад нэг л эвгүй. Чех хүнд ч эвгүй харагдаад байсан уу яасан, нутагтаа америк пуужин байрлуулах гэрээнд гарын үсэг зурчихлаа. Социализмын үед оросын "калашников" энд тэндхийн гал авалцаж байгаа цэгүүдээс олдлоо гэж барууны сурвалжлагчид шивэр авир хийхээс цаашгүй, зэвсэг үйлдвэрлэл хориотой шахам нууцлаг байлаа. Одоо ил тодоор зэвсэг нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийлээ, гарын үсэг зурлаа гээд зурагтаар нэвтрүүлж байна. Түгшүүртэй сонсогдож байгаа биз.

Thursday 10 July 2008

Даншиг наадам

Монголын шашны тэргүүнээр анхдугаар богд Жавзандамба хутагтыг өргөмжлөхөд халхын долоон хошуу нийлж ёсолсон Бат-Оршил өргөх ёс нь "долоон хошуу даншиг наадам" хэмээн алдаршжээ. Манж Чин улсын ноёрхлоос ангижирч тусгаар улс болоход наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнээ өргөмжилснөөс хойш Бат-Оршил өргөх ёслол төрийн баярын нэг нь болжээ. Тэгээд уул баяр ёслолыг хуулиар журамлан Нийслэл хүрээнд баярын ёслол гүйцэтгээд дэлгэр наадмыг Хүй мандлын газар очиж нааддаг болжээ. Энэхүү баяр бол монголын эртний уламжлалт зуны нуурын хуримын орыг эзэлсэн урин цагийн нэг их цэнгээн аж.
Бат-Оршил өргөх ёслолд: таван өнгийн хадгаар оёсон их мөнгөн мандал, алт буюу алтадсан суварга, алтан үсгээр бичсэн насны судар Цэнд, алтадсан Аюуш бурхан, найман сайн бэлгэт эд, долоон эрдэнэ, дээжний мөнгөн цөгц, алт мөнгөн ембүү, олбог түшлэг, дээл, магнаг торго, зоог тахил зэрэг зүйлийг улсын санд хандивлан өргөх ёстой байжээ. Сангийн нярав тахилч лам нар өглөгийг бүртгэж авдаг байжээ. Бат-Оршлын юмыг өргөж төгсмөгц, хишиг хүртээх ба хишгийн цай идээ шагнах ёслолын цайллага болдог байжээ.
Бат-Оршил өргөх ёслолын наадам буюу даншиг наадам Монголын уламжлалт эрийн гурван наадам болно. Бөх барилдуулж, морь уралдуулж, сур бөмбөг намнах тэмцээн хийдэг байв. Богдод хүндэтгэл үзүүлэн Бат-Оршил өргөж байгаа тул Жавзандамба хутагтын бөхийг халхын дөрвөн ханы бөхийн дараа гарган барилдуулдаг болжээ. Зүүн талаас Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн бөхийг баруун талаас Сайн ноён хан, Засагт хан аймгийн бөхийг хувааж гаргаад араас нь хутагтын бөхийг хоёр хувааж гаргадаг байжээ.


Угсаатан зүйч Х.Нямбуу гуайн "Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн ёс, ёслол" номноос авав.

Saturday 5 July 2008

Үер

2002 онд зуун жил үзэгдээгүй их ус бууснаас Прага хотын дундуур урсах Влтава голын усны түвшин арваад метрээр нэмэгдэж, голдригтоо багтахаа болин уурлан архирах араатан шиг улаанаараа эргэлдэн замд таарсан бүгдийг эвдэхийг эвдэж, гэмтээхийг гэмтээж, устгаж үгүй хийхийг газрын хөрснөөс арчин ор мөргүй болгосоор хотоор нэг нэлийн урсаж байв. Голын ойролцоох айл өрх, албан байгууллагыг шилжүүлэн нүүлгэн ажлыг түргэн хугацаанд сайн зохион байгуулж чадсанаар хүн амын эрсдэл бараг гараагүй ч, хэдэн арван сая доллараар хэмжигдэх эд материалын хохирол амссан юм. Улс орон даяар онцгой байдал зарласан байв. Радио телевизээр зөвхөн үерийн тухай л мэдээ нэвтрүүлж байлаа.

Тэр үед нөхөр том хүүтэй нутагт бүр хөдөө орон нутагт явчихсан, энд байсан бага хүү бид хоёр айчихсан улс бие биедээ наалдаад зурагтын мэдээ хараад л суудаг сан. Зам хаалттай гадагшаа гарч чадахгүй. Энд тэндээс манайхан, найз нөхөд санаа зовж утасдаад л байсан. Манайх хотын өндөрлөг хэсэгт байсан тул гайгүй өнгөрсөн. Хэд хоног цутгасан бороо татарч, удаан хүлээсэн нар гийхэд хот аажмаар амь оров. Цэрэг эрс, аврах ангийнхнаас гадна хүн бүр чадах бүхнээ хийж эхлэв. Үерийн замд таарсан байшин барилгын нэгдүгээр давхар, метроноос ус шавхах, эвдэрсэн зүйл хог новшоо цэвэрлэх ажил өрнөв. Шавартай хутгалдсан хогон бухал өдрөөс өдөрт босч байв. Тоо томшгүй ямар их хог вэ.

Өдөртөө сүүдэрт нь өтгөс амармаар, үдэшдээ залуус болзмоор салаа олон мөчиртэй, саглагар өтгөн навчистай сайхан мод байсан, хэдхэн хоногийн өмнө хаалга, шал, ширээ сандал, шүүгээ тавиур зэрэг модон эдлэл байсан бүхэн харалж өмхөрсөн хугархай эмтэрхий модон хог болжээ. Цагтаа хөрсний гүний олон нугачаанд чимэг давхарга байсан "төмрийн хүдрийн шороо" хүмүүн бидний гараар арматур төмөр, араа шүдтэй суурь машинаас эхлээд хутга шөвөг, хайч зүү, хайруул тогоо зэрэг үй олон төмөр эдлэл байсан бүхэн арзайсан хэрзийсэн зэвэрсэн бутарсан хөсрийн хар төмрийн хог болжээ. Газрын гүнд гялтганан урсах хэн ч тоодоггүй байсан "хар тосыг" хүмүүн бид "хар алт" болгоход тунасан шаар эх дэлхийдээ эргэж шингэдэггүй хуванцар эд болж, гамшгийн дараа хамгийн их хэмжээний эргэж боловсруулж ашиглаж болохгүй адгийн хогийг үүсгэжээ. Хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бий болсон үнэт зүйл эвдэрч сүйтээд хогон бухал болоод байхыг харахад хэцүү юм билээ.

Тэр үерээс хойш бороо орохоор айгаад ч байх шиг нэг л түгшүүртэй байдаг болчихсон. Агаар цэвэр тунгалаг болоод байгал дэлхий тэр чигээрээ өнгө засдаг бороо хурд хэн дургүй байх билээ. Ямар ч юм хир хэмжээнээсээ хэтрээд юмуу дутаад ирэхээр гамшиг болдог хойно доо. Европын олон оронд тэр жил их ус бууж үер болсон. Бараг усан галав юүлэх гэдэг нь болж байгаа юм болов уу гэмээр байсан. Гэтэл тэр үед тэртээ холын Америкт, төв Азийн өндөрлөгт орших Монголд маань ган болж түймэр дүрэлзэж, хүн бүр бороо хур орохыг хүсэж байсан. Хүмүүн бидний хирээс хэтэрсэн ханаж цадахгүй хэрэглээнээс болж байгалийн тэнцвэр алдагдсан, байгалаа ингэж цөлмөхөө болихгүй бол, өөрөөр хэлбэл хэрэглээний энэ хэмжээгээ бууруулахгүй бол эх дэлхийн маань амьд байх нас улам хурдацтай богиноссоор байх болно гэж эрдэмтэд дүгнэж байсан.

Үерийн улмаас эвдэрч хэмхэрсэн барилга байгууламжыг засах, сэргээн босгох ажил нарийн төлөвлөгөөтэй, дэс дараалалтай явагдаж эхлэв. Хогноос дахин боловсруулалтад оруулж ашиглаж болохыг ялгаад бусдыг нь устгав. Найдвартай үерийн хамгаалалт далан юуны өмнө барив. Мянгаад жилийн өмнө баригдсан эртний түүхэн газар, уран барилгын өвийг яг хуучин байсан хэвэнд оруулан сэргээн засварлав. Санаанд үлдсэн тоо баримтаас лав 25 метроны буудал, газар доогуурх цахилгааны шугам сүлжээ, хонгил эвдэрч гэмтсэн байсан. Жил хагасын дараа бүх метрог хэвийн ажиллагаатай болгосон төдийгүй зарим нь бүрэн шинэчлэгдэн улам гоё болж билээ. Бага зэрэг гэмтсэн барилгад засвар хийж, бүрэн нурж үгүй болсны оронд шинэ барилга баригдаж хот хуучин өнгө төрхөндөө орсон. Байгалийн гамшигийг далимдуулан ашиг хонжоо хайсан, өмчийн маргаанаас эзэн нь тодорхойгүй зэрэг хүний шунал сувдаг сэтгэл хутгалдсан газар л үерийн хохирлыг арилгаж чадаагүй удсан бөгөөд зарим нь одоо болтол хотын шарх сорив болон засагдаагүй хэвээр байгаа.

Сая хэд хоног монголын интернет сонин, гадаадад хүлээж авах боломжтой монголын зурагт, блог андуудын мэдээлэл зэргээс нутагт болсон үймээн завхралыг харж сэтгэл их гундуу байна. Улс төрийн хийрхлээс эрдэнэт хүний амь эрсдэж, соёл урлагын өчнөөн өв сүйтэв. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулагддаг тэр их мөнгийг нэр дэвшигчид нийлүүлсэн бол бохир цэвэр усны боловсон сүлжээгүй, гэрэл цахилгааны хангамжгүй байгаа гэр хорооллын оронд тохилог бичил хороолол барих, хотоо моджуулж ногоо зүлэг тарих ажлыг хэрэгжүүлэх хөрөнгө өлхөн гарч, ядаж нийслэл хотоо орчин үеийн хотын дайтай болгочих байлаа. УИХ-д сонгогдох гэж сая саяар, тэрбум тэрбумаар мөнгө үрсэн нөхөд одоо учраад байгаа хохирлыг сэргээхэд хичнээн төгрөг хандивлах бол?! Ард олны татвараас бүрддэг улсын төсвөөс л мөнгө гаргана даа.

Tuesday 1 July 2008

Эрс шийдэл

Саяхан нэг өдөр метронд явж байтал вагон зогсов. Арваад жилд анх удаа гэнт гэрэл тасарсан нь тэр. Хав харанхуй. Хүмүүс таг чиг. Хараал хэлэх байтугай, яав ийв юү болоод байнаа гэж чангахан уулга алдах хүн ч гарсангүй. Өөрийн амьсгал, зүрхний цохилт сонсогдмоор нам жим. Хир удаан саатсныг мэдэхгүй, хэдхэн хором л болсон дог. Гэрэл цахилгаан ирж, метро явах чиглэлийнхээ дагуу хөдлөсөн. Зорчигчдын зарим нь ном сэтгүүлээ шагайгаад, зарим нь бие биений толгой дээгүүр юуг ч юм харж, зарим залуус нь хоорондоо нялуурч ноололдоод бүх юм хэвийн юү ч болоогүй шиг байх юм. Гайхмаар. Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүйтэндүү улс шүү. Ямар нэг гэнтийн юм болоход сандарлаа гээд асуудлыг шийдэхгүй, яаж ийм байдлаас гарах вэ, үүний тулд юу хийх вэ гэдгээ боддог шиг байгаа юм. Хэл нь бус тархи нь ажиллаж байхад, бодолд дарагдсан хүн чимээ гаргахгүй юм болов уу? Өнөөдөртөө, маргаашдаа, нийгэм төрдөө итгэлтэй тул ийм тайван байдаг юм болов уу?
Ирээд удаагүй улс оронд болж байгаа үйл явдал, түүнийг ойлгоход туслах чех хэл аль алийг мэддэггүй байхад, арваад жилийн өмнө тайван хямсгар чехүүдийг нэг ном товхимолын төлөө үхэн хатан тэмцэж, дээр доороо орон алалцаж байхыг зурагтын мэдээгээр хараад бас нэг гайхаж билээ. Чех нөхөртэй монгол эмэгтэйд утас цохиж өчигдөр эд олж авах гэж тэмцэлдээд байсан тэр юун ном бэ? гэж сониучирхавал. "Люстрачны закон" гэж байна. Бодвол далд нууц байсан зүйлийг гэрэлд ил гаргах санааг илэрхийлсэн утгатай хууль бололтой. Социализмын үед дотоод яамны мэдлийн боловсон хүчин байсан хүмүүсийг зах зээлийн нийгэмд хариуцлагатай удирдах ажилд хийлгэхгүй" гэсэн тогтоол юм байна. Уг тогтоолын хавсралтад дотоод яамны мэдээлэгч байсан хүмүүсийн нэрсийг товхимол маягаар гаргасан нь ийнхүү олныг бужигнуулжээ.
Хүмүүсийн нэг хэсэг нь чухам хэний мэдүүлгээр хохирч байв, хамт ажилладаг, нэг байранд амьдардаг хүмүүсийн хэн нь хэн байв гэдгийг мэдэх гэж, нөгөө хэсэг нь мэдээлэгч байсныг нь хүмүүс мэдчихээс өмнө тэр номыг олж устгах гэж үхэлдэж байсан нь тэр. Нийгэм нь тийм байсан, яаж ч чадаагүй харгис хатуу системийн хүчинд автагдаад мэдүүлэгч болж байж хөөрхий гэж бодсонгүй шууд олны өмнө дэлгэн тавьжээ. Мэдүүлэгч байгаагүй ч социалист үзэл суртлыг сурталчилдаг улс төрийн албан тушаалд байсан хүмүүсийг "люстрачны закон"-оор ардчилсан төрийн албанд ажил олох боломжгүй болгосон юм. Сэтгэлийн тэнхээтэй гүйлгээ ухаантай цөөхөн хүн л хувийн бизнест тогтож чадсан бол ихэнх нь ажилгүйчүүдийн тоог нэмсэн. Нэг бодлын дэндүү хатуу шийдсэн шиг. Нөгөө талаас шинэчлэл хийхэд үр дүнтэй зөв алхам байсан шиг. Хуучин социалист орнуудаас Чех Улс яах аргагүй эдийн засаг нийгмийн шинэчлэлт өөрчлөлтөөр тэргүүлж яваа орон.