Monday 28 April 2008

Нэр?

Өнөөдөр анхны конфенеци болж өнгөрлөө. Хурлын тэмдэглэл Бямбагийн "саруул ухаан" блогт гарна. Нэрийг эцэслэн шийдээгүй тул санал асуулга явуулж байна. Блогчдын хамтран ажиллах ...(холбоо, байгууллага, ТББ, эвсэл, хороо, нэгдэл)-ийг яаж нэрлэх, ямар юм байх талаар санал өгөөрэй. Дараа нь хууль зүйн яаманд бүртгүүлэхэд, үйл ажиллагаа явуулахад, хуулийн ямар этгээд байх нь зүйтэй гэдгийг бас бодолцоод байгууллагын статус (ашгийн эсвэл ашгийн бус) ямар байх дээр бодолцоорой. Нэр дээр бид хэд хэдэн хувилбартай байх хэрэгтэй шиг. Хууль зүйн яаманд нэгэнт бүртгэгдсэн нэрийг давхцуулж бүртгэдэггүй болохыг санахад илүүдэхгүй.

Бямбагийн блогоос хурлын тэмдэглэлийн товчлол хуулбарлаж тавив.

2008 оны 4 сарын 28-ны 20 цаг (Монголын цагаар)

Oролцогчдын тоо 22 (Yvнээс ганц нэг нь ажлын шаардлагаар тvрvvлж явсан, ганц нэг нь ажлын шаардлагаар хоцорч ирсэн болно)

Хэлэлцсэн асуудлууд
1. Эхлvvлж буй vйл ажиллагаандаа нэр єгєх
2. Ерєнхий зохицуулагчийг сонгох (Yvнд монгол дахь болон online гэсэн 2 зохицуулагч байх. Мєн зохицуулагчийн тоо 3 хvртэл байж болно. Учир нь нэг нь ажилтай vед нэгнийгээ орлох, ажлаа хувааж хийх гэх мэт шалтгаан бий)
3. Хэд хэдэн баг бий болгох. Yvнд: уран зохиол, нийгэм, тvvх соёл урлаг, ёс заншил, блог, шинжлэх ухаан, хvvхэд, байгаль орчин, эрvvл мэнд спорт гэсэн багуудыг бий болгож, цаашид явуулах vйл ажиллагаагаа тєрєлжvvлэхээр болов.
4. Оролцогчдыг багуудад хуваарьлах
5. Багийн ахлагчийг сонгох
6. Дараагийн конфэрэнцийн хугацааг шийдэх

Шийдэлд хvрсэн асуудлууд
1. Гишvvд єєрийн орох сонирхолтой, хvсэлтэй багуудад хуваагдсан. Багийн ахлагч гишvvдээ бvртгээд, нэгтгээд, нэмж гишvvн элсvvлж болно.
2. Багуудын ахлагчийг сонгосон. Ахлагч нь 1 сарын хугацаатай байна. Дараагийн ахлагчийг багийн гишvvд дотроосоо сонгоно. Энэ удаад хvvхэд багийн ахлагчаар Тэлмэн, байгаль орчин багийн ахлагчаар Мєнх-Эрдэнэ (Meesh), тvvх соёл урлаг, ёс заншил багийн ахлагчаар Тvвшин, нийгэм багийн ахлагчаар Сэгсгэр, эрvvл мэнд спорт багийн ахлагчаар Ганаа, шинжлэх ухаан багийн ахлагчаар Destiny, уран зохиол багийн ахлагчийг шийдээгvй. Учир нь гишvvд цєєхєн, мєн ахлагчаар сонгоё гэсэн хvн нь энэ удаагийн хуралд оролцож амжаагvй, орчуулга багийн ахлагчаар Ганга
3. Нэг хvн хэдэн ч багийн гишvvн байж болно.
4. Ерєнхий зохицуулагчаaр Тэлмэн, тvvний зєвлєхєєр Ганга, Саарал нар сонгогдов.
5. Хvмvvс орох хvсэлтэй багийнхаа ахлагчтай шууд холбоо барьж багийн гишvvн болох хvсэлтээ илэрхийлэх.

Шийдэлд хvрч чадаагvй асуудлууд
1. Yйл ажиллагаандаа нэр сонгох
2. Блог багийн ахлагчийг тодруулаагvй
3. Уран зохиол багийн ахлагчийг тодруулаагvй.
4. Монгол дахь зохицуулагчийг тодруулах, хэд хэдэн гишvvдийн нэрсийг дэвшvvлсэн боловч тодорхой шийдэлд хvрч чадсангvй. Yvнд Арсун, Идэа, Заяа (тэрхийн цагаан нуур), Амарсайхан, Обод, Хvv гэсэн блогчид маань нэр дэвшигдсэн боловч тухайн хуралд оролцож чадаагvй тул єєрсдєєс нь асууж байж шийдэхээр тохиролцов.

Дараагийн conference ирэх долоо хоногийн даваа гарагт монголын цагаaр 20 цагт болно. Тэрнээс наана багууд тусдаа conference хийж дотоод асуудлаа хэлэлцэж болно. За бvгдэд нь амжилт хvсье .

PS: За жаахан оройтож хурлын тэмдэглэлийг нийтэлж байгаадаа хvлцэл єчье.Yнэнийг хэлэхэд анх удаагаа хурлын тэмдэглэл хєтєлж байна. Цахим хурлын тэмдэглэл ч амар л байлаа. Гараараа бичнэ энэ тэр гэхгvй хадгалаад л болно. Хэхэ. Харин эмхтгэж бичнэ гэдэг нь туршлага дутаж магад юм. Дутмаг санагдвал уучлаарай. Шvvмжилж сэтгэгдэл vлдээнэ биз дээ. Шvvмжийг найрсгаар хvлээж авна...


Нэмж тэмдэглэхэд, ажил цалгардахгүй үүднээс чатаар ярилцаж тохиролцоод "Уран зохиол" ба "блогчдын уншсан номын буланг" одоогоор Бямбад хариуцуулаад байгаа. Энэ багт орох улсууд Бямбад хандана уу.
Тухай тухайн сэдвээр багууд бичлэг эмхэтгэхэд хэрэг болох болов уу хэмээн блогчдын
блог хаяг жагсаав:
Arsun - arslans.blogspot.com
Altargana-altargana.blog.banjig.net
Altain uuls-tenemel.blogspot.com
Byamba-saruul-uhaan.blogspot.com
Bibby-bibbylog.blogspot.com
Baysum-erhem.blogspot.com
Bumerdene-bumerdene.blogspot.com
Boljmor-boljmor.blog.banjig.net
Ganaa_bj-miniibodol.blogspot.com
Ganga-ganga-cz.blogspot.com
Ganbaatar-ganbaa.blogspot.com
Destiny-effort-destiny.blogspot.com
Idea- addidea.blogspot.com
Meg-123mn.blogspot.com
Meesh-amunkherdene.blogspot.com
Misty-misty.delhii.net
Jaagii-jaagii-moment.blogspot.com
Huu-blogmn.net/хуу
Oogii-oogiinoo.blogspot.com
Obod-?
Peakfinder-nomiinclub.blogspot.com
Saaral-saaralblog.blogspot.com
Segsger-anduusanaa.blogspot.com
Sunjee-sun-jee.blogspot.com
Telmen-telmen.blogspot.com
Tumee33-haridsuugaamongol.blogspot.com
Tuvshin-tuvshinjp.blogspot.com
Uyanga-ayunga.blogspot.com
Zuud-zuudchin.blogspot.com
Zaya-terhiintsagaannuur.blogspot.com
Zaya-zaya13.blogspot.com
Ebe-mongolchuud.blogspot.com
Erhtsas-erhtsas.blog.banjig.net



Friday 25 April 2008

Хамтран ажиллах боломж

Түрүүчийн бичлэгт дэлхий олон оронд суугаа мэдээллийн эх сурвалжаар баян, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой блогч анд та нараас хамтран ажиллах боломжийг асуухад, Монгол, Англи, Америк, Япон, Герман, Чех, Канад, Энэтхэг, Сингапур зэрэг оронд сурч ажиллаж байгаа, оюутан аспирант, биологч, эмч, сэтгүүлч, инженер, архитекторч, программист зэрэг мэргэжил мэргэжлийн англи, герман, япон, орос хэлтэй гучаад блогчид одоогоор дэмжснийг мэдээлэхэд таатай байна.
Гадаадад байгаа нь монголын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр авч чаддаггүй мэдээлэл блогчдын бичлэгээс авч байгаа билээ. Нутагтаа байгаа нь өөр газар байгаа хүмүүсээс тэр бүр олж авахад төвөгтэй мэдээлэл авах замаар бие биедээ мэдлэг хүргэдэг. Гэвч блог уншдаггүй, блог хөтөлдөггүй хүмүүст энэхүү мэдээлэл хүрч чадахгүй байгаа. Мөн сонины газрууд, хэвлэлийн зарим газрууд блогчдын оюуны бүтээл болох тэдний бичлэгийг дур мэдэн авч ашиглах явдал мэр сэр ажиглагдаж байгаа. Блогчдын дунд маань харамсалтай нь хүний бичлэг хуулбарлах явдал ч байдаг.
Блогчид бид хамтран өөрсдийн бичсэн зүйлээ эмхэтгэн гаргаж цаасан хэлбэрээр болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, зохиогчийн эрхээ хамгаалуулах шаардлага урган гарч байна гэж бодож байна. Санал асуулгаар блогчид бичлэгт комент маягаар болон майл, мессенжэр ярилцлагаар ирүүлсэн саналыг жагсаавал:
Эбэ-Дэмжиж байна. Нийгэм, шашин соёл урлаг багт нэгдэх.
Зүүдний тэмдэглэл- Тодорхой эмзэг хурц сэдвээр санал солилцох, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, түүнээ нийтэд хүргэхээс эхлээд хамтран ажиллах боломж их байгаа ба үр дүн гарах магадлал нь их өндөр юм гэж ойлгож байна. Блог хөтлөхийн үр ашиг, ашиг тусын талаар өргөн сурталчилж блогийг Монгол даяар мэддэг болгох хөдөлгөөн өрнүүлэх нийтлэл олноор бичих.
Заяа-Орчуулгын тал дээр хүмүүстэй хамтрах санал байгаа.
Түвшин-Санаа нэгдсэн зорилго нэгтэй залуус хамтарвал амжилтанд хүрч бусдад тусалж эх орондоо хувь нэмэр оруулж чадна гэж боддог.
Уянга- Санаачлагчид нь блог хөтөлж, бусдынхаараа хэсэж яваад бие биенээ олж авсан, Монгол дахь хүнд амьдралтай, орон гэргүй хүүхдүүдэд туслах зорилготой "Монгол хүүхэд" ТББ ажиллаж эхлээд байна. //mongolhuuhed.org
Бямба -Бие биенийхээ царай зүсийг ч мэдэхгүй блог хөтөлдөг залуус бид сэтгэлийнхээ дуудлагаар "амьдрах хүслэн" хөдөлгөөнд нэгдээд Заяа охинд бодитой туслалцаа үзүүлэхэд хувь нэмэр оруулсандаа бахархдаг.
Тэлмэн-Ном орчуулах гэдэг тун сайхан санаа, блогчид дундаасаа ивээн тэтгэн тодорхой нэгэн сэдэв хөндөөд, байгаль орчин бохирдолт, түүний эсрэг бид юу хийж болох талаар, мөн монголчуудын ёс заншил орчин үетэй хөл нийлүүлэн зохицуулж болох талаар гэх мэт үе шаттай бичлэгүүд нийтлэн тэд нараа эмхэтгэн бяцхан эмхэтгэл маягаар олонд толилуулж болох юм. Нэгдэх багийн хүмүүс нийлж тухайн сэдэв дээрх бичлэгийг түүвэрлэх. Он лайн конференц ирэх даваа гарагт 4 сарын 28-ны УБ-ын цагаар 20 цагт хийхээр тогтлоо.
Ганга-Газар газрын сониноос эмхэтгэл гаргах, блогчдын уншсан номын тоймоор нэг булан нээх, блогчдын хөгтэй хөгжилтэй адал явдал, хүний араншин булан нээх, зуны олимп угтаж блогчин бүр өөр өөрсдийн байгаа орны өмнөх олимпод оролцож байсан туршлага, тамирчдаа хэрхэн бэлддэг арга барил, амжилтад хүрсэн замнал сэдэвт бичлэгээр тэргүүний бичлэгийн уралдаан зохиох.
Түмээ-Хүүхдэд хэрэгтэй, хүртээлтэй нэг ч болов зүйл хийх юмсан гэж бодогддог. Эрүүл орчинд л хүүхэд бие бялдар, оюун санаа нь эрүүл бойжих нөхцөл хангагддаг. Япон хэлнээс орчуулга хийхэд оролцоно.
Хүү-Нэгэнт харьцангуй цензур багатай, мэдээллийн хэрэгслэл гэдгийнх нь хувьд блог руу хүмүүсийг татах, одоогийн уншдаг хэдхэн хүнийх нь хүрээнд биш гадуур алхаж яваа залууст хүргэх үүднээс 7 хоног тутмын тойм маягийн "Блог" сонин гаргаад тэрэн дээрээ блогуудаас хүнд хэрэгцээтэй бодитой мэдлэг болохуйц мэдээлэл, хөгжилтэй бичлэгүүд цуглуулж хэвлэж гаргавал. Мэдээж блогчдоосоо зөвшөөрөл цуглуулаад сониндоо хаягтай нь хэвлэх байдлаар. Тэгвэл доод талын шатан дээр зогсож байгаа хүмүүст хүрч, тэдэнд мэдээлэл тараахын тулд ТВ ашиглах, сонирхол татахуйц хэлбэрээр нэвтрүүлгүүд бэлдээд ТВ-үүдээс цаг авч нэвтрүүлж байвал. Туслалцаа хэрэгтэй хүмүүст тусалдаг тийм нэг "сан" ч юм уу, ротари маягийн клуб байгуулвал ямар вэ? Одоогоор www.blogmn.net сайтаа хөгжүүлэх, www.dusal.net сайтаа блог уншигч, портал сайтын хэлбэрт оруулаад бүх сайтуудаас мэдээлэл цуглуулдаг, хүмүүст хүргэдэг сайт хэлбэрээр хийх гэж оролдож байна.
Idea-эхлээд зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Хэн хэн ямар багт орж, ямар чиглэлээр хамтарч болох тухай санал асуулга явуулах. Ингэхийн тулд эхний ээлжинд юу хийж болохоо жагсаагаад хүмүүсээс санал авч болох юм. Тодорхой зорилготой, хэн хэндээ ашигтай, үлдэцтэй юм хийвэл дуун дээр нь дэмжих хүн олон байгаа. Бидний уриа "Блогчдын санаачлага бодит амьдралд" гэвэл яажийна. Энэ мэт зохион байгуулалтын чанартай асуудлыг нэг хүн хариуцмаар байнаа.
Guga-Хийхэд хэцүү биш хирнээ блог хөгжилд нэмрээ оруулах санаа: www.allweb.mn зэрэгт блогууд гэсэн ангилал байхгүй байгаа нь засах шаардлагатай дутагдалтай тал гэж үзэхээс аргагүй. Нөгөөтэйгүүр тодорхой нэг зүйл магадгүй сонин хэвлэл рүү "дайрах" зэрэг болж задарвал хэн хүнгүй л хувь нэмрээ оруулж болох байна.
Алтарган-Хараад байхад ихэнх нь залуучууд, оюутнууд их блог хөтлөөд байх шиг. Зарим нь блог хөтлөснөөр авьяасаа нээж ч байна. Мэддэг чаддагаараа нэгдээд эх орондоо, үр хүүхэддээ хэрэгтэй зүйл хийе гэхэд хэн ч үгүй гэхгүй. Харин тэр зохион байгуулалтанд орох хэрэгтэй гэдэг чинь зөв шүү. Тэгээд чиглэл зорилгоо тодорхойлоод багаа бүрдүүлэх хэрэгтэй байх.
Бум-Эрдэнэ-Хүүхдэд зориулж их юм хиймээр байна. Гадаадад байгаа, дотоодод байгаа гэсэн 2 чиглэлээр байж болно. Ялангуяа гадаад байгаа хүүхдүүд маань монголоосоо холдоод байна л гэж байна. Тэгвэл интернет сайт ажиллуулж, сонирхолтой хүүхдийн анхаарал татахуйц өнгө будаг сайтай хичээл явуулж болох байх. РС-гийн чиглэлээр мэрэгшиж байгаа залуучууд вэб юмыг нь хийгээд монголын зан заншил хийгээд орчин цагийн дэлхийн хүүхдийн хөгжилд хөл нийлэхүйц мэдээ мэдээлэл, үлгэр домог, гэр бүл дэх хүүхдийн эзлэх байр суурь, тэдний хэрхэн эрхэм чухал хүн гэдгийг нь хүүхдийн талаас нь тэдэнд ойлгогдох талаас ойлгуулж өгөх гээд хаана ч амьдарч байгаа хэний ч хүүхэд нет дээр суугаад тоглохоос гадна тэрнийг л үзэх гэсэн хүсэл төрөхүйц хөдөлгөөнтэй дуутай өнгөтэй будагтай тийм сайт юм хийж болж байна. Манай блогчид дунд энийг хөтлөөд явуулаад байх залуучууд зөндөө байна. Тэгээд тэндээсээ ном гаргаж болно. Мөн хүүхдийн зохиол орчуулж болмоор. Зарим блогчид маань монголд байгаа хүүхдүүддээ тусалж байгаа гэж сонссон. Түүн шиг бас оюуны тал дээр гадаадад байгаагий нь монголдоо ойртуулах гэж дотоодод байгаагий нь үзэх харах юмыг нь тэлж задалж өгөх зорилгоор гэх мэт. Тэгээд салбар салбараа дагаад хэд хэдэн бүлэг болно. Тэдгээр нь нийлээд бяцхан холбоо маягийн юм болох ч юм билүү. Хоорондоо уялдаатай байвал л болоо. Жишээ нь техник технологийн чиглэлээр нэгдсэн нь бусаддаа вэб сайт юмыг нь хийгээд өгөх, орчуулгынх нь ганц нэг материал орчуулаад өгөх, түүх уран зохиолынх нь төрөл чиглэлээр нь материалаа бэлдээд орчуулгынхандаа ч юмуу хэндээ ч юм өгөх гээд нийт хүмүүсийн (холбооны) хамтын дундаас юмаа гаргаад байвал зүгээр болов уу. Мөн түүний хажуугаар салбарууд өөр өөрсдийн хийх юмаа хийгээд явна. Үүнд нэг их хөрөнгө л лав орохгүй. Аль салбар юу хийж байна гэдгээ дэлгээд тайлбарлаад байж болно. Мэдээж энэ бүгд бид блогоо бичдэг шиг л зарчимаар явчихна
Destiny-Зохион байгуулалттай ажиллаж эхэлвэл цэгцтэй, төрөлжсөн мэдээлэл түгээхэд хэрэгтэй юм байна. Их юм хийх эрмэлзлэлтэй залуучууд их байдаг. Эрүүл мэнд хөдөлгөөн, орчуулга дэмжиж байна.
Баатар-Бид дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулж ард түмэндээ хүртээл болгон оюуны хөрөнгө оруулалт хийх нь чухал юм. Дэлхийн уугуул соёл, домог үлгэрийн нэвтэрхий толь болох "Алтан нахиа" (Golden Bough, оросоор Золотые ветви) гэж ном бий. Үүнийг Хэл утга зохиолын хүрээлэн байгуулагдсаны дараа анхны долоон (Ринчен, Дамдинсүрэн, Содном, Лувсанвандан, Цэрэнсодном, Гаадамба, Чой.Лувсанжав, Сампилдэндэв) гишүүн маань монгол хэлэнд орчуулах талаар их ярьдаг байсан байна. Хожим таалал төгсөхийнхөө өмнө Б.Ринчэн гуай Х.Сампилдэндэв агсанд энэ номыг орчуулахыг гэрээсэлсэн гэнэ. Сампилдэндэв ах бие нь муу байхдаа амьдралынхаа сүүлчийн жилүүдэд энэ номыг орчуулахыг надад бас хэлж билээ. Ta бүхэн монголын ахмад эрдэмтдийн мөрөөдөл болсон тэрхүү номыг англи орос аль нэгэн хэлээр олоод хараарай.
Болжмор-Хүүхдийн баяраар ирээдүйн алтан үзэгтэн уралдаан хүүхдүүдийн дунд зарласан. http://huuhdiinertunts.blog.banjig.net/

Meesh-Хүүхдийн хүмүүжил тухай юуун түрүүн хэрэгтэй гэж бодож байна....Саяхан хүүхэдтэй болсон залуу гэр бүлүүдэд үнэхээр туршлага асар дутдаг юм байна лээ....Тэрэн дээр манай сайн ээжүүд заавар зөвлөгөөгөө сайжруулж багцлаад анхны бүтээл болговол.
Byasum-Би тэр хүүхдийн ирээдүй, хүмүүжлийн багт шууд орлоо.
бага сага туршлага бий уул нь. Баабарын хэлдгээр үе солигдхийг зүгээр хүлээмээргүй байна л даа..
Bibby-байгал орчны тал дээр их санаа зовоод бнаа сүүлийн үед, энэ тал дээр дорвитойхон зүйл хиймээр бна, монголд маань цөлжилт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, гол ус мөрөн ширгэх, ойн түймэр, за тгд мөнгөн ус гээд санаа зовоохгүй бхын аргагүй хүнд асуудлууд бна, хойч үе маань амьдрах эрүүл орчингүй болж бна , бидэнд ч амьд явах баталгаа бага бна.
Ganaa, Ганбаатар, Арсун, Эрхцас, Peak, Meg нар дэмжсэн байгаа.
Блогчид хамтарсан тохиолдолд ойрын болон хэтийн зорилготой, тодорхой нэг дүрэмтэй ажиллах болов уу. Зохион байгуулалтын хувьд он лайн дугуй ширээний хуралдаанаас шийдвэр гаргадаг ардчилсан зарчим байх нь оновчтой байх. Тэр өдрийн хуралдааныг хэн нэг нь удирдан зохион байгуулна биз. Урсгал ажлыг баздаг удирдах зөвлөл ч юмуу ерөнхий зохицуулах хэсэг байх шаардлагатай байх. Тухай тухайн сэдвээр хамтарч буй багийг дотроосоо хэн нэг нь зохицуулагч (superviser or manager) хийвэл зүгээр шиг.
Хүмүүсийн саналыг үндэслэн бичлэгүүдээ ямар ямар сэдэвт багцалж болох санал:
Ойрын зорилго:
Нэг. Доорхи сэдвүүдэд хуваагдан ажиллаж нэгэнт бичигдсэн бэлэн бичлэгүүдээс эмхэтгэл гаргах.
Хоёр. Орчуулга хийх
1.1. БЛОГ
1.2.ХҮҮХЭД
1.3.БАЙГАЛ ОРЧИН
1.4.ТҮҮХ, СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ
1.5.НИЙГЭМ
1.6.ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ
Алсын зорилго
1.Монгол хүүхдүүдэд зориулсан он лайн танин мэдэхүйн тогтмол хэвлэл (Бум-н санаа)
2.Долоо хоногийн блог тойм сонинтой болох, ТВ-д цаг авч нэвтрүүлэг бэлдэн гаргах арга зам хайж хэрэгжүүлэх(Хүү-н санаа)
3."Монгол хүүхэд" ТББ-ын ажилд туслах
Одоогоор:
Нэг.
1. "Хүүхэд" багт Тэлмэн, Бямба, Түмээ, Заяа, Баясум, Бум, Ганаа, Мэг, Болжмор, Оогий, Цолмон, Жаагий
2."Байгаль орчин" Бибби,Ганга, Peak, Мээш, Жаагий (Бямба? Заяа? Тэлмэн?)
3."Түүх, соёл урлаг, зан заншил" Эбэ, Ганга, Тэлмэн, Мэг, Түвшин, Peak(Зүүд?, Ганбаатар? Заяа? Дэстини?)
4."Нийгэм" Эбэ, Ганга, Алтаргана, Эрхцас (Idea?, Хүү? Зүүд?Бум? )
5."Шинжлэх ухаан" Түвшин, Алтайн уулс (Дэстини?, Peak?)
6. "Эрүүл мэнд, спорт" Дэстини, Бибби, Peak, Жаагий, Цолмон(Арсун?)
7."Блог" хүн бүрт блогийн талаар бичсэн бичлэг бий. блог бүх нийтийн болгох ажил өрнүүлэхэд ч ер нь IT блогчин аваад явмаар (Ганбаатар?,Хүү?)
8. "Уншсан номын булан" Peak,Ганга (Ганбаатар? Бямба? Дэстини? )
9."Уран зохиол" Болжмор (Зүүд?Бум?Эбэ?Алтаргана ?)


Хоёр. "Орчуулгын баг" Дэстини,Оогий, Peak, Заяа,Ганга,

Баатар андын санал болгосон "Алтан нахиа" номыг орчуулах уу? Дэмжиж байгаа хүн байна уу? Өөр санал болгох ямар ном байна?

Блог андуудаа ямар багт орох, мөн ямар сэдэв нэмэх, өөр ямар ажил хиймээр байгаа зэрэг тодорхой саналаа ирүүлээрэй.


PS:(? ) нэрсийг би дур мэдэн асуух маягаар тавьсан шүү. Тааж буудаагүй бол уучлаарай. Тогтмол уншдаггүй блогыг хааш оруулахаа мэдэхгүй тул нэр дурдаагүй тул хаана ямар сэдэвт юун дээр ажиллахаа бичээрэй. Шинжлэх ухаан, уран зохиол андуудын санаачлагаар нэмлээ.

Sunday 20 April 2008

Блог андуудаа юу гэж бодож байна?

"Блог гэж юу юм", "хэнд хэрэгтэй юм?", "ямар ашигтай юм?", "хайран цаг", "залуучууд хүүхдийн тоглоом", "гадаадад байгаа ганцаардсан хөөрхийчүүд л интернетээр ярилцдаг байх", "хийх юмаа олж ядсан хүн л оролддог байх" гэж хэлэх хүмүүс олонтой таардаг. Ялангуяа миний үеийнхэн тоомсоргүй хандах нь, блог гэж юу байдаг тухай огт мэдэхгүй байх нь элбэг.
Блог хөтөлдөг уншдаг хүмүүст блог гэж юу болох талаар нурших илүүц биз. Ажиглаад байхад программчлал, мэдээллийн технологийн мэргэжилтэй компьютерт ойр залуус блог ертөнцөд түлхүү байх шиг. Шүлэг өгүүллэг бичдэг үгийн жинг цэн тунгаар мэдэрдэг найрагч, зохиолч улс бас байнаа.
Анхны "пионер" блогчид Эрин Тулгат, Наранбаяр, Буянцогтоо, Агьнууд Зоригт нар "Эмос клуб" үүсгэн байгуулж "Амжилтад хүрэх гал эрмэлзэл", "Мэргэжлээ зөв сонгоход тань" гэх зэрэг номыг хамтарч гаргасан билээ.
Мөн 21-р зууны даяарчлагдсан дэлхий "Дэлхий бөөрөнхий биш" номыг дэлхийн өнцөг буланд сурч ажилладаг залуусыг М.Отгонпүрэв санаачлан зохион байгуулж Д.Сайнбаяр, Э.Норзимаа, Б.Индра, Ж.Норов нарын блог хөтөлдөг залуус нийлж орчуулан монголын уншигчдад хүргэсэн нь саяхан.
"Интернэт хэрэглэгчийн гарын авлага" номын нээлт өчигдөр 2008 оны 4 сарын 19-ны Бямба гарагт Интерномд боллоо. Монгол улсад Интернет үүсч хөгжсөний 12 жилийн ойд зориулан бүтээсэн энэ номын багийг блогспотын Д.Сайнбаяр зохион байгуулж, Монгол, Герман, Бельги, Япон, Америк, Англид байгаа залуус хамтран бичсэн байна.
Блог зарим андууд блогтоо тавьж байсан нийтлэл, өгүүллэгүүдээ эмхэтгэн ном гаргасныг дурдахад таатай. Х.Эрдэмбилэг "Толбогүй Монгол", Э.Бум-Эрдэнэ "Сэмэрч үл барагдана" гэх мэт. Чалчах өрөөнд хурамхан зуур шүлэг найраглал ч аяндаа босч байгааг Зараагийн сүүлийн бичлэгээс харж болно.
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн З.Энхболд, судлаач Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, Х.Хурметбек, зохиолч Х.Болор-Эрдэнэ, сэтгүүлч Б.Номинчимэд, А.Амарсайхан, Э.Адъяасүрэн, Б.Занданхүү нар блог ертөнцөд бидний дунд байгааг дурдахад бас бахдалтай.
Хүүхдийн хүмүүжил, зураг урлаг, түүх, шашин, нийгэм улс төр, хайр дурлал, зөн билэг, зүүд мэдрэмж гээд өргөн хүрээтэй олон сэдвээр янз бүрийн хэв маягаар бичиж байна. Нэг ижил сэдвийг өөр өөр өнцөгөөс бичсэн ч байгаа. Хавтгай дэлхийн хаа нэгтээ байгаа блогчид сонирхлоороо нэгдэн нэг баг болон юм хийж бүтээж болдогийг "ахмад" туршлагатай "пионер"-ууд маань бэлхэнээ харуулаад өглөө. Нэгэнт цаг заваа зарцуулан оюун ухаанаа дайчлан блог хөтөлж байгаа бид тодорхой сэдвээр хамтарч ажиллаж болно. Цагаан сарын тухай гэхэд бараг хүн бүр бичсэн байгаа. Биеэ үнэлдэг хүүхнүүдийн тухай, яагаад ингэх болов бас л олон хүн хөндсөн сэдэв. Байгаль орчноо хайрлан хамгаалах талаар хэлэлцүүлэг, уралдаан зохион байгуулаад манайд байдал ямар байгаа, гадаад орнуудад энэ асуудлыг хэрхэн шийддэг. Гадаадад хөл тавихад юу анхаарах талаар бараг хүн бүрт хэлэх үг бий. Англи, герман, орос, япон хэлнээс хамтарч ном орчуулж болох, ямар ном сонговол зүгээр, хүнд өгөөжтэй, хэрэгтэй байхав талаар олуулаа ярилцаж сонголт хийвэл илүү оновчтой болох нь ойлгомжтой. Монгол хэлээс гадаад хэл рүү хөрвүүлэх түвшинд гадаад хэл эзэмшсэн залуус хамтарч бас болох.
Блог андууд минь хамтран ажиллахад санал бодлоо харамгүй хэлээрэй.

Tuesday 15 April 2008

Жудаггүй зан

Шилэн аяганд үлдсэн жаахан ундааг эрэгтэй эмэгтэй хоёр залуу хоёр талаас соруулаар уралдаж уугаад бүр сүүлийн ганц дуслыг хэн нь амжиж түрүүлж сорох дээр ана мана үзэлцэж байгаа нэгэн зарын хэсэг гарч байна. Хажуунаас тайлбарлагч амьдралаас хэрэгцээтэй бүх юмаа тэмцэн олж ав гэх шиг юм уриалж байна. Тэр нь нэг их чухал ч юм биш, байдаг л нэг ундаа. Хорвоод хосгүй угаалгын нунтаг, хэдэн литр шингэн даах чивх гээд өдөр тутам өчнөөн олон удаа элдэв зарын дайралтад бид өртдөг. Зар хүчээр зүтгүүлээд байхаар тэр эд нүдэнд дасал болоод аажмаар тэр ундааг авмаар ч юм шиг, тэр нунтагийг туршаад юмаа угаамаар ч юм шиг, тэр чивхийг аваад хүүхдэд өмсүүлээд үзмээр ч юм шиг болно. Юмны дундуур дайрдаг их эвгүй үйлдлийг хэвийн юм шиг хүлээж аваад, телевизээр кино үзэх хооронд, мэдээ сонсох зуур зар сурталчилгаа дайрч орж ирдэгт бид дасч, эрээ цээргүй байх нь хэвийн юм шиг санагддаг болох нь.

Өрнийн өчнөөн кино, ном зохиолд талийгчийн ямар нэг юмыг авах гэж түүний үхэхийг тэсч ядан хүлээж байгаа, хүн алж дээрэм тонуул хийж байгаа, үр хүүхэд эхнэр нөхрөө зовоож байгаа садист гэх мэт аль муу муухайгаараа сондгойрогчдыг олонтоо дүрсэлдэг. Мэдээж кино урлагт хүнд юм бодогдуулам сэтгэлийн утас хөндсөн, хүмүүс амьдралын гаж талыг харж жигшин зэвүүцэг гэж муу муухайг гаргасан сайхан бүтээл бий. Үүнийг үгүйсгэхгүй, гэхдээ ховор талдаа. Эрдэнэт хүний амь ялаа шавьжныхаас ч үнэгүй мэт эхнээсээ дуустал алалцаан буудалцаанаар дүүрэн юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй утга учиргүй кинонцор олон. Сонин хэвлэл, телевиз радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч нийгмийн аль сүүдэртэй болохгүй талыг дэлгэн тавьж сенсац хийх дуртай. Эх оронч сэтгэлгүй, боловсролгүй, луйварчид худалчид л төр засагт өндөр алба хашдаг юм шиг. Хэн нэгнийг хараар үргэлж будаад байвал, хүмүүст хар биш гэхэд бараан, их сайндаа л саарал дүрстэй харагдахаас лав гэгээтэй харагдахгүй. Ямар ч алдаа дутагдалгүй, өө сэвгүй, алдаж онодоггүй хүн гэж баймааргүй. Ажил хийж л байгаа бол, амьд явж л байгаа бол алдаж онодог хорвоо. Эсвэл хэн нэгнийг "цагаан хэл амд" өрттөл хэт магтана. Бараг магтаал биш хараал шиг юм болно. Атаархал дүрсхийн асаж ажил амьдрал нь гайгүй өөдрөг яваа хүний хувийн амьдрал руу хошуу дүрээд ухаад төнхөөд явчихна. Мэдлэгтэй боловсролтой хүмүүс олны танил байхаас өөр аргагүй алба хашихаас дөлдөг болмоор. Эрүүл сэтгэдэг хэн хүн сонин хэвлэлийн булан эзлээд худал үнэнээр бичүүлээд, настай аав ээж, авгай хүүхдээ айлгаж ичээгээд явахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Урлагынхан бол бүгд хөнгөн хийсвэр шалиг завхай хормойн донтой улс шиг. Эрчүүдийн ихэнх нь архичид, эмсийн олонхи биеэ үнэлэгчид гэх шиг. Монгол эрчүүдийг хийморийг доройттол муулав. Эрэгтэй эмэгтэйчүүдийн боловсролын ялгаа гэсээр, илүү боловсорсон гэдэгтээ охид нь үнэмшиж, хөвгүүд нь гэрэвшиж тэдний хооронд холоос хол зай үүсгэв. Ийм мэдээллийн дарамтад байдаг хүнд түм буман хүнээс ганц нь л хийдэг муухай үйлдэл амьдралд хэвийн байдаг юм шиг санагддаг болчих гээд байх шиг.

Хүний далд ухамсарт хэвлэл мэдээлэл, соёл урлаг ийнхүү нөлөөлөхийг манайхан сүүлийн үед "тархи угаах" гэж нэрлээд байгаа. Мэдээлэл чөлөөтэй болсноор, зах зээлийн чөлөөт нийгэмд шилжснээр ухвар мөчид зарим хүмүүс ёс журамгүй, сэтгэлгүй болох гээд байх шиг. Ард олны дунд тогтсон уламжлал, тухайн хэсэг бүлэг хүмүүсийн мөрддөг бичигдсэн бичигдээгүй хуулиар ёс журам зохицуулагдаж ирсэн. Хүмүүст сайн муу, нүгэл буян, болно болохгүй гэсэн ёс суртахууны хэм хэмжүүр байдаг. Бөө мөргөлийн ёсон, шарын шашны суртал, коммунист нийгэм байгуулах марксист онол, ертөнцийн эзэн Христийн сургааль аль аль нь хүнийг нийгэмд хүн шиг байхад л сургадаг. Аль ч нийгэмд ёс зүйн хэм хэмжүүр гэж байдаг. Нийгэмд баримталдаг онол, давамгайлдаг шашинд итгэдэг үгүйдээ бус ер нь юу хийвэл болохгүй буруу, яавал зөв гэсэн ойлголт хүн болгонд олон үе дамжсан уламжлал дадлын үр дүнд далд ухамсарт нь суусан байдаг.

Орон сууцны байрны гадаа машин зогсоолоос хөдөлсөн нэг машин булан эргэхдээ зам хөндлөн гүйсэн гөлөг дайрч орхив. Хавь ойрын явган зорчигчид уулга алдан цочив. Машины жолооч зогсох нь зогссон. Гийнэн хэвтэх гөлгийг харж хэсэг зуур сууснаа машинаа асаагаад яваад өгсөн. Нохой муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад эмчилдэг төрөлжсөн эмнэлэг байдаг эсэхийг жолооч мэдээгүй байж болох. Гудамжны золбин амьтан элдэв халдварт өвчтэй гэж сэжиглэсэн, эмнэлэгт аваачилаа, дараа нь аягүй бол өөрөө эдгэртэл асрах болно гээд үр дагавры нь бодоод байгаа чигээр нь орхисон байж болох. Ийм авто замын "жижиг" ослын туршлагатай хүн дахиад нохой дайрлаа гэхэд зогсож эргэлзэх ч үгүй. Дараа нь санамсаргүй хүн шүргэчихэж болох. Шүргүүлсэн хүн нь хөнгөн бэртсэн байсан ч " би эмнэлэгт хүргээд өгье, битүү бэртэл байж магад, та очоод шалгуулчих" гэхийн оронд "замаа харж явахад яадаг тэнэг вэ" гэж агсарчихаад яваад өгч тун болзошгүй. Хүн дайруулаад ухаангүй унаад өгөхөд "цаг хожиж би л хүргэхгүй бол энэ хүний алтан амь үрэгдэх нь" гэж энэ хүн бодох эсэх тун эргэлзээтэй. Зөв буруу, сайн муугийн дэнсийг шүүлгүй яавал ашигтай, юунд яаж хүрэх нь чухал гэдгийг урьтал болгохыг "цинизм" буюу "cynicism" гэдэг. Манайхны жудаггүй сэтгэлгүй гэдэг ойлголттой дүйх шиг. Жижиг юм гэлтгүй чимээгүйхэн бидний дотор хүнтэйгээ ярилцан хийх үйлдэл алхам бүр чи хүн хэвээр үү, монгол сайхан зангаа гээгээгүй биз, жудаггүй загнаагүй биз гэж өөрөө өөрөөсөө асууж баймаар шиг.

Эмэгтэй хүний хувцас дардаг, вагоноор нааш цааш хөлхөдөг бага гарын ганзагачин лангуу үгүйн учир гэртээ авгай хүүхэн цуглуулан юмаа зарахыг оролдож байна. Худалдан авагч дүрээр орж ирсэн арай дөнгүүр ганзагачин сэм судалгаа хийгээд онгоцоор их хэмжээгээр яг тэр барааг нь авчирч зах зээлийг эзлэн жижиг наймаачдыг шатаана. Үнэтэй брэнд зардаг, түүнийгээ цөөхөн тоогоор оруулдаг, үүнийгээ борлуулдаг жижигхэн бүтиктэй боловсоон наймаачин байна. Их дэлгүүрийн сүлжээтэй, түүндээ үнэтэй хямд олон төрлийн бараа зарах сонирхолтой том бизнес тун завгүй. Ийш тийш гадаад орноор хэрэн энгийн борчууд болон ихэс дээдсийн эдэлдэг элдэв барааг сонгож явах цаг байхгүй. Бага дунд гаруудын босгосон хүмүүс аваад мэддэг болчихсон, тогтмол худалдан авагчтай тэр л барааг үйлдвэрлэгчтэй нь очиж их хэмжээгээр гэрээлээд ирнэ. Гэрээ нь үйлдвэрлэгч монголын өөр бусад байгууллага хувь хүнд бараагаа зарж болохгүй "онцгой эрх эдлэх тухай" байж таарна. Зах зээлийн өрсөлдөөний хууль гэж хэлэх хүн байж болно. Гэхдээ хийх ажил мундсан биш, санаа оноо алхам бүрт хөглөрч байгаа өөрийн орон зайгаа олоод явахад хорвоо дэлхий уудам гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг.

Wednesday 9 April 2008

Хотжсон морь

Газар зүйн байрлалаараа Европын төвд өрнийн болон славян соёл иргэншлийн огтлол буюу зүрхэн газар орших Чех улсын нийслэл Прага үнэхээр гоё хот. Орд харш сүм хийдийн оройг IV Карлын үед алтадсан тул алтан Прага гэх болжээ. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босго гэсэн тайлал ч байдаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан жижиг хот нийлснээр өнөөгийн Прага үүссэн ажээ.
Одоогийн Прага хотод манай эриний өмнөх IV-III зуунд эхлээд кельт, дараа нь герман омгийнхон суурьшиж байвай. Дундад зуунд нэг үе Прага хот Ариун Римийн их гүрний нийслэл байв. Чухам энэ үед IV Карл хаан чехийн нийслэлийг дэлхийд цуутай сайхан хот болгох үндсийг тавьсан юм. IV Карлын үед буюу 1348 онд хожим Карлын Их Сургууль гэж нэрлэгдэх болсон Европын анхны их сургууль нээгдсэн, Прагын храд, Вышехрад, Карлын гүүр (1357), Шинэ хотын суурь тавигджээ.
Хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газруудыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, тодорхой төлөвлөгөөтэй үе шаттай эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг явуулдаг уламжлалтай байсан одоо ч байгаа. Дэлхийн нэг хоёрдугаар дайнд хотын барилга харьцангүй бага эвдэрч сүйрсэн зэрэг нь Прага хотыг уран барилгын амьд музей болгосон байна. Готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай энд танилцах боломжтой. Уран барилгын янз бүрийн хэв маягийн үзэсгэлэнт барилга энд зэрэгцэн байх агаад тус бүр өөр өөрийн түүхийг өгүүлнэ. Уран барилгын мэргэжилтнүүд Прага хотыг европын уран барилгын мянган жилийн түүхийг бодитоор харуулдаг сурах бичиг гэдэг нь дэгсдүүлээгүй тодорхойлолт. Их эрт бүр 1100 онд үндэслэгдсэн тул хуучин хотын талбай хэмээх цаг ямагт жуулчдад дарагдаж байдаг.


Хуучин хотын зөвлөлийн байр 1338 онд баригдаж, XV зуунд уг байрны хананд нь ур хийц төгөлдөр одон орон судлалын гайхамшигт цаг байрлуулжээ. Цаг тутам хонхны дуугаар энэ ханын цагийн цонхоор Иисус Христ болон түүний арван хоёр гарын шавь нарын жижиг дүрс баримал цувран гарч ирэнгээ үзэгч олон руу тонгойн мэндлээд далд орно. Чухам 12 апостолын баримал дүрс гарч ирэх тэр мөчийг анаж, цагийн орчимд орчин цагийн цахим дуран авайгаа бэлдэн хүлээж зогсох жуулчид өдөр бүр, цаг тутам энд шавааралдан байх бөлгөө. Өөр хаана ч хэзээ ч ийм гайхамшиг дахин хийлгэхгүй гэж цагийг зохион бүтээсэн уран дархан Ганышийн нүдийг сохолсон гэдэг. Ийм сайхан юм бүтээсэн, тийм уран хүний нүдийг сохолж байдаг. Дундад зуунд хааяагүй зэрлэг байж дээ.
Хуучин хотын талбайн нэрийг тодотгох гэж, өнгөрсөн цаг үеийг амьдруулах гэж эртний түүх өгүүлэх сүрлэг дүнсгэр үзэсгэлэнгээр илбэдэх олон барилга дунд хэдэн морьд бас ажилладаг юм. Энэ хуучин хотын талбайд хэзээ ч юм бэ эрт цагт морин тойруулга байсан, тэнд морь зардаг байсан гэнэ билээ. Эрт цагт энд ихэс дээдэс хосолсон, гурвалсан, дөрвөлсөн морьд хөлөглөсөн сүйх тэргэнд заларч ийш тийш давхиж байсан гэнэ билээ. Прагын храд хэмээх голын нөгөө эрэг дэх харш руу тэд хар эрчээрээ давхидаг байсан гэнэ билээ. Ван, гүн, хунтайж гээд зэрэг дэвээрээ харин өөр өөр явж болдог болдоггүй тусгай заагдсан зам харгуйтай байсан гэнэ билээ. Энгийн борчууд дээдсийн хөлд эрсдэхгүйн тулд тэдний замд тээр болох учиргүй байсан гэнэ билээ. Эдүгээ харин, газар үзэж нүд тайлахаар ирсэн жуулчид сүйхэнд заларч "эртний нэг эрхэм болон" тансаглана. Эдний дунд насаараа нуруугаа бөхийтөл ажилласан, гартаа эвэртэй ажилчин ч байж болох. Хийх юмаа олж ядсан, хэзээ ч ямар ч ажил хийж үзээгүй бэлэн юманд туйлагч цагаан гартан бас байж болох.
Сүйхэнд хөллөсөн морьдыг хараад өрөвдөх шиг гунигтай боллоо. Тэжээлийн дутагдалд ороод яс нь хэрзийсэн адгуус биш юмаа. Бие бялдар тэгш, өндөр сайхан морьд юмаа. Хээ угалзтай гоёмсог сайхан тоногтой юмаа. Тэр ч байтугай сүүлэн доороо хомоол цуглуулах ууттай юмаа. Туурайндаа тахтай юмаа. Гэхдээ морьд нэг тийм хийморьгүй, жавхаагүй. Хотод төрж өссөн би юугаа мэдэх вэ. Гэхдээ моринд байдаг хөнгөн сэргэлэн, хөдөлгөөнтэй цовоо чанар үгүйлэгдээд байх шиг.
Хөөрхий морьдын нүдийг таглачихаж. Нүд тагладаг юм бас өөрийн нэртэй. Хэнэггүй америкчууд сохлогч (blinder), хямсгар ангилчууд анивчуулагч (blinker) гэж нэрлэдэг аж. Тайлбар маш энгийн. Морьд их үргэмтгий цочимтгой өөрөөр хэлбэл сэргэг амьтан тул харааны царааг хязгаарласан гэнэ. Зөвхөн урд замаа сөлийж харах төдий зай үлдээгээд, хүн жолоодож залуурдаж явдаг робот шиг болгож. Унаган сэргэлэн шинжийг хүчээр дарж. Таягаараа баримжаа аван тэмтчин бүдчин явдаг сохор хүн харсан биз дээ, яг л тийм. Манайхан "төө чихийг солбилзуулан, төгрөг нүдийг тормолзуулан, туулай сайхан зоог хотолзуулан, тураг сайхан биеэ товолзуулан" гээд морин эрдэнээ магтан ерөөдөг санаанд ороод харвал, нүд таглаастай, чих унжаастай, зоо гөлгөр, бие хөшүүн. Ажилчин морь хатираа жороо гээд морины элдэв сайхан явдал үзүүлэх шаардлагагүй. Булгиж тийрч болохгүй, ажлаас халагдана. Хоолгүй болно. Аягүй бол нядалгаанд очоод хиам болно. Томоотой байхыг сургасан байж таарна. Тургиж, унгалдаж, янцгааж болдог эсэхийг харин мэдэхгүй. Хомоолоо харин боловсоноор унагаж болно. Уут нь бэлэн байгаа. Хомоол байгаа юм чинь идэх уух юм өгдөг байж таарна.
Өглөөнөөс орой болтол ажилласан морь оройдоо идэх тэжээл, уух устай зүчээнд амрана. Магадгүй эрэмгий чадалтай залуудаа уралдааны хурдан хүлэг ч байсан юм билүү. Магадгүй амарч зүүрмэглэж байхдаа өргөн уудам талд эрх чөлөөтэй хурдалж байснаа зүүдэлдэг ч юм билүү. Магад ч юү байхав. Тарчилж зүүдэлж байгаа. Хүн шиг гаргаж илэрхийлж чадахгүй байгаагаас бус үргэлж зүүдэлж байгаа. Хэдэн мянган үе дамжин генд нь уламжлагдсан, эд эсэнд нь, сэрэл мэдрэмж дадал зуршилд нь хурд эрч хүч, эрх чөлөөний хүслэн программчлагдаад байж байгаа. Хүссэн хүсээгүй байгалаас заяагдсан хөдөлгөөнтэй байх шаардлага хаачив гэж.
Хуучин хотын талбайг эртний барилгын хийцээс нь хуучин гэж хэн ч ойлгоноо. Хүн гээч эрхэмтэй нэгэн цагт итгэн нөхөрлөж анд болон зүтгэе гэсэн энэ адгуус хараа бүтэн эрх чөлөөтэй дэрвэж яваг. Гайхамшигт цаг бүтээгээд нүдээ сохлуулсан Ганыш дархан шиг итгэлт нөхрөө сохлоод яана. Монголын уудам талд дураараа давхиж буй морьд санаанд буулаа. Морио унаад уртын сайхан дуугаа хангинуулж буй адуучин ч бас харагдах шиг. Уртын дуу, монгол бичгийн талаар эрдэмтэн зохиолч Түдэв гуайн хэлж байсан үгс санаанд буулаа.
"Уртын дуу бол монголчуудын бүтээсэн өөр нэгэн гайхамшиг болох босоо бичигтэй нь ижил хосгүй үнэт эрдэнэс юм. Дэлхийн олон улсын бичиг үсгийг таних толь бичигт одоогоор 250 гаруй бичиг бүртгэгдээд байгаагийн дотор монгол бичиг гав ганцаараа ижилгүй торойж босоо чигээрээ ташаа тулан ханхалзсаар үлдсэн шиг монгол уртын дуу мөн л хорвоогийн түмэн ая дангийн дунд хослох хосгүй шовойн цууриатаж байдаг билээ. Босоо монгол бичгийн нэгэн адил монгол уртын дуу мөн л тэнгэрт тэмүүлсэн босоо хэв шинжтэй юм. Үүгээрээ өрнөдийнхний Готик маягийн урлагтай эн зэрэглэх нүүдэлчний төрх бүхий монгол хувилбар мөн болохыг үгүйсгэх аргагүй." Сайхан зүйрлэл шүү.
Монголын уудам талд буй адуучин, түүний моринд тэдний амьдрах эрх арга зүйг, бэлчих нутгийн царыг хязгаарлан залдаг засаг төр, хууль зүй гэсэн "хөтөч" бас бий. Нийтлэгч Баабар "хүн нь хүчтэй бие хүмүүсээс бүтсэн төрд захирагдан амьдардаг сүргийн амьтан" гэжээ. Адуун сүрэг ч хамгийн хүчирхэг эр чадалтай азаргаар хамгаалуулан түүний нөмөр нөөлөгт амьдардаг. Харин адуун сүргийн азарга байгалийн шалгарлаар сондгойрч шудрага гарч ирдэгээрээ хүнийхээс ялгаатай. Хүний нийгмийг залдаг төр засаг сул дорой байх үед нийгмийн элдэв шаар дээш тэмүүлж төрд шургалахыг оролддог. Одоо манайд ард олноо зөв залаад явах шудрага төр, нөхөөс цоорхой үгүй тэгш хууль юу юунаас илүү үгүйлэгдэж байна.

Monday 7 April 2008

Прага


Газар зүйн байрлалаараа Европын төвд өрнийн болон славян соёл иргэншлийн огтлол буюу зүрхэн газар орших Чех улсын нийслэл Прага их гоё хот. Алтан дундаж гэмээр. Орд харш сүм хийдийн оройг IV Карлын үед алтадсан тул алтан Прага гэх болсон гэдэг. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босог гэх тайлал ч байдаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлснээр өнөөгийн Прага үүссэн гэж үздэг.
Одоогийн Прага хотод манай эриний өмнөх IV-III зуунд эхлээд кельт, дараа нь герман омгийнхон суурьшиж эхэлжээ. Дундад зуунд нэг хэсэг Ариун Римийн их гүрний нийслэл Прага хотод байв. Чухам энэ үед IV Карл хаан чехийн нийслэлийг дэлхийд цуутай сайхан хот болгох үндсийг тавьсан юм. IV Карлын үед л 1348 онд Европын анхны их сургууль (хожим Карлын Их Сургууль гэж нэрлэгдэх болсон), Прагын храд (орд харш), Вышехрад, Карлын гүүр (1357), Шинэ хотын суурь тавигджээ.
Хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газруудыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, үе шаттай тодорхой төлөвлөгөөтэйгөөр эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай, Дэлхийн нэг хоёрдугаар дайнд харьцангүй бага эвдэрч сүйрсэн зэрэг нь Прага хотыг уран барилгын амьд музей болгосон гэхэд болно. Готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай энд танилцаж болно. Прага хотын хүн ам 1,2 сая бол жилдээ хотод зочилдог жуулчдын тоо 4-6 сая. Хүмүүс зөвхөн сайхан барилга харах гэж ирдэггүй. Прага хотод хорь гаран музей, зуу гаран үзэсгэлэнгийн танхим галарейд соёл урлагын дээжистэй танилцах боломжтой.



photos from webside http://www.krasyprirody.cz/

Saturday 5 April 2008

Төрөл хэлний төөрөгдөл

1968 онд оросын цэрэг танк гэнт цөмрөн орсон гунигт явдлаас хойш чехүүд орсуудад дургүй. Улс төрд хэл соёл буруутай юм шиг оросоор ярих байтугай ойлгож буйгаа хүлээн зөвшөөрөх дургүй улс. Манайх шиг арван жилд сургалтын хөтөлбөрт нь орос хэл албан ёсоор байсан, төрлөх чех хэл нь эртний славян хэлний группт ордог тул орос хэл мэдэхгүй ядаж ойлгохгүй хүн үнэндээ байхгүй. Чех хэлийг орос хэлтэй хүн бүр шууд ойлгоод байхаар ч биш. Чех хэлийг огт оросгүй хүн оростой хүнээс илүү түргэн будлиангүй сурмаар.
Ижил дуудлагатай үг жилжсэн утгатай байх нь олонтой адармаатай хэл. Жишээ нь: орсоор "позор" нь "гутамшиг" гэсэн утгатай бол чехээр "анхаар"; нүүр гарны тосыг оросоор "крем" эмчилгээний түрхлэгийг "мазь" чехээр аль алийг нь "крем"; улаан өнгийг оросоор "красный" гэдэг бол чехээр "сайхан" гэсэн утгатай; "живот" нь чехээр "амьдрал" энэ нь оросоор "гэдэс" гэсэн утгатай гэх мэт . Орос бүсгүйд чех залуу дурлаад "Живот иэ красный, ти сэш таке красный" (Амьдрал сайхаан, чи ч бас сайхан) гэвэл би ч улаан гэдэс ч улаан гэж ойлгох шиг. Яаж бие биендээ сайн болохов дээ хөөрхийс.
Австри-Ракауска, Голланд- Низозэмска, Вена- Вийден, Венеци- Бенатки гэх мэт улс хотын нэрийг олон улсын жишгээр дуудахгүй өөрсдийн сурснаар дуудаад эхэн үедээ дасахад хэцүү. Арван нэгэн сар "листопад" буюу навчис унах, таван сар "кветэн" буюу цэцэгс цэцэглэх сар гэх мэтээр жилийн арван хоёр сард олон улсын хэллэг огт байхгүй. Долоо хоногийн гараг оростой ойролцоо. Төгсгөлийг бага зэрэг тайрчихсан шиг. Понедельник бол пондели, пятница бол паатек.
Нуруу нь хага ташим өвдөөд гэртээ ёолж хэвтээ эхнэртээ өвчин намдаах тос авах учиртай нэгэн орос хэлтэй эр аптек оржээ. Авах юмаа хэлэх гэсэн хэрэгтэй үг санаанд орж ирдэггүй. Оросоор яривал дургүйгий нь хүрчихнэ, за байз юү билээ? Эмчилгээний түрхлэгийг мазь гэдэггүй нэг тийм гоо сайхны барааны нэрээр хэлээд байдаг шиг санагдаад: "помада про задек " гэсэнд аптекийн хүүхний царай час улайгаад толгой сэгсэрчээ. Ойлгосонгүй гэдгийг ухаараад мань эр нуруугаа заагаад тонгойж нэг гэдийж нэг үзүүлээд, үзгээ хугалж байгаа мэтээр харуулаад, ерөөс үрчгэр царайгаа хачин өрөвдмөөр үрчийлгэж, цэцэрлэгийн хөөрхөн охин унтаж байх шиг хоёр гараа хавсраад хацар дороо тавьжээ. Бүсгүй ч бүрэн ойлгож хэрэгтэй тосыг нь гаргаж өгчээ. Оюутан охиндоо би ингэж хэлээд намайг ойлгосонгүй гэвэл, та ямар ичмээр юм бэ. Нуруу чинь "заада", "задек" чинь бөгс. Эмчилгээний түрхлэгийг крем гэхээс помада гэдэг чех үг байхгүй, юу юм бэ гэж гайхжээ.

Wednesday 2 April 2008

Ориг брэнд

Би нэг удаа Ленинтэй уулзсан юм гэж өвгөн партизан хөөрдөг шиг, би нэг удаа Монголын томоохон бизнесүүдийн дунд орж үзсэн юм. Нугасны муухай дэгдээхэй шиг л нугдайгаад сууж байв. Нэрийг нь санадаггүй Ориг ч билүү Полог ч билүү нэг дэгжин эр өдөж байгаа юмуу, онгирч байгаа юмуу цагаа мултлаад миний өмнө тавив. Би гайхаад өөрийн цагтай тулгаж харвал хэний ч цаг түрүүлж хожигдсон юм алга. Дэгжин эр рүү гайхсан харц илгээвэл. “Ямар брэндийн цаг вэ?” гэнэ. Шууд шалгалт авдаг юм байна. Мэдэхгүй юм чинь 'мэдэхгүй ээ' л биз дээ.

Энгэрийн халааснаасаа нэг их гоё үзэг гаргаад ирлээ. Бас нөгөө брэндээ асуух байх гээд асууж амжихаас нь өмнө толгой сэгсэрлээ. Тэгээд болоогүй ээ. Пиджакаа тайллаа. Одоо яах бол гэж айх шиг болов. Пиджакны дотуур халаасан дээр байгаа шошгыг зааж “энэ бол Pierre Cardin гэдэг франц брэнд” гэлээ. Цаг үзэг нь ямар ямар брэнд ч гэлээ мань мэт цочом үнэтэй юм дуулдсан, мартаж орхиж. Ашгүй цааш нь цамц, тэлээ, оймс, дотуур хувцасны брендийн хичээл заасангүй.

Оригийн авгай Чуг ч билүү Гуг ч билүү гоолог биеийн үзэсгэлэнг тодруулсан бие нь цухуйх ч гээд болих гээд байх шиг энд тэнд нь цоорхойтой тийм нэг секси бариу хар цамцтай. Хонины хорголын чинээ том том олон өнгийн эрдэнэсийн чулууг хэлхсэн этгээд чамин хийцтэй сондортой. Ёстой хүн болгон ангайж нүд унагамаар дагина. Цагтаа балетчин явсан гэсэн. “Брэнд эдлэж зиндаа заах хэрэгтэй, ядаж чамин зүүлт, тод будалтаараа хүний нүдэнд өртөхөөр стильтэй байхгүй бол бизнес түншүүд тоож харахгүй дээ” гэлээ. Монголдоо л толгой цохих том компаны захирлууд нь харин брэнд мэддэг үгүй нь мэдэгдэхгүй даруухан чимээгүй байснаа, алиа хошин юм ярьсан шиг сэдэв өөрчилсөн.

Хүнд заавал хүний нүдэнд тусч анхаарал татах шаардлага бий гэж үү. Тогос шувуу шиг болж хүний анхаарал татдаг хүмүүс дотоод хүнтэйгээ мөнхийн зөрчилтэй байдаг юм биш биз. Тэр үдэш хүмүүс элдэв юм шалгаагаад, өөрийн бодлоо тулгаад байгаа нь надад сонин биш байсан. Би хүрэн поло цамцтай, хар судалтай бор өмдтэй, харин чимэг зүүлт маань хүний нүдэнд тусахааргүй жижиг, будаггүй мэт будалттай байсан. Энэ бол миний стиль гэж хэлж болно. Яагаад гэвэл иймэрхүү бүдэг бадаг байхад надад эвтэйхэн, биеэ барихгүй чөлөөтэй байдаг. Ориг багшид ёстой хэлэх үг олдоогүй. Мөрөн дээр толгой байхад болдог юмаа гэлтэй биш. Том бизнесүүд сайн муу элдэв аргаар толгой тархиа ажиллуулж байж л дээш гарсан байгаа. Тэнэг хүн л мөнгө хийчихэв гэж. Ямар аргаар яаж бэлжсэн нь надад ямар хамаа байхав. Жилийн эргэлт нь сая саяар тоологддог, тогтчихсон бизнестэй бол шатахуун их иддэг үнэтэй жийпээ унаад, хөлөөс толгой хүртэл нул брэнд эдлээд пологтоод явж байхад болохгүй гэх газаргүй, ёстой дур мэдэж.

Францын дээдсийн хүрээлэнгийн хувцаслалтыг XYII зуунд европын орнууд загвар болгон дуурайж байснаас өөрийгөө илэрхийлэх арга хэлбэрийг моод гэх болжээ. Ориг багш, түүний эхнэрийн хувьд аль болох үнэтэй хүний нүдэнд тусах содон том юм моод юм байна. Тэгэхээр тэд гадна дотно хоёр тал нь зөрчилддөг ч улс байж болох. Моод гээч юу юм? Хэмжээс, загвар, арга, заавар гэсэн олон салаа утгатай “modus“ хэмээх латин үгний “mode” хэмээх франц хувилбараас улбаатай, гоо сайхныг цаг үед илэрхийлэх гэсэн утгатай, зөвхөн хувцаслалт дээр ч биш уран зураг, барилга архитектур, урлаг, үс засалт, бичих арга, биеэ авч явах байдал гэх мэт хүний амьдралын өргөн хүрээг хамарсан ойлголт.

Гадаад төрх хувцас гоёл сэлтээрээ онцгойрох гэдэг шинэ зүйл ч биш. Хүмүүний түүхэнд үргэлж байсан. Дээр үед хүнийг хувцсаар хэн нь ноён, хэн нь хиа, хэн нь охин, хэн нь эхнэр гэдгийг шууд хэлж болохоор байв. Одоо ч хувцаслалт тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг заадаг хэвээр байгаа. Арай нуугдмал, улаан цайм биш гэх үү. Чөлөөтэй, хэн ч хаанаас юугаа ч аваад өмсч болно. Гэхдээ 250 мянгаас сая долларын үнэтэй даашинзыг Саудын Арабын баячуудын авгай л авахаас энгийн борчууд тийм үнэтэй эд байдгийг мэдэх ч үгүй. Орчин үед дээдсийн хүрээлэнгийнхэн хүн авах боломжгүй үнэтэй, эсвэл ганцхан хувь хийсэн давтагдашгүй загвар өмсөж ялгардаг.

Нийгмийн гарал, эрхэлдэг ажлаар өмсдөг хувцас нь өөр өөр байх үед хоргой торгон дээлийг сурвалжит дээдэс өмсдөг байсан бол, одоо цэвэрлэгч цэцэрлэгч гээд толгойтой болгон нь өмсдөг болсон. Торон хар оймсыг янханууд л өмсдөг байсан бол одоо хамаагүй болж хэн дуртай нь өмсдөг болсон. Гадуур өмсдөг "дотуур хувцас" моодонд ороод нийтээрээ мөр цээжээ гаргадаг болсон. Энэтхэг зэрэг халуун орны моод хавтгай дэлхийд тархаж халуун хүйтнийг тоохгүй хүйсний нүхээ гаргаад гүйлддэг болоо шив. Араб эрчүүдийн шалханаг өмдийг англи авгай өмсөөд моодолж ч байх шиг ер нь хавтгайдаа чөлөөтэй хэн юу дуртайгаа өөртөө тохируулаад өөрийгөө илэрхийлээд явахыг моод гэдэг болжээ.