Tuesday 17 September 2013

Чоно Сүлд номыг барууныхан хэрхэн хүлээж авсан талаар хэдэн үг хэлсү


Номын клуб гэх сүржин нэр дор цуглардаг энд амьдардаг хэдэн гадаад эмэгтэйчүүд дунд Хятадын зохиолч Зян Рунгийн Чонон Сүлд номны хэлэлцүүлэг уржигдар (13.9.2013) болж, хүссэн хүсээгүй ганц монгол болохоор бибээр гол дүрд тоглов. 

Хөх Чино гэдэг эрийн Гоо Марал хэмээх эхнэрээс Батцагаан хүү төрсөн бөгөөд  чухам энэ гэр бүл монголчуудын өвөг дээдэс хэмээх бараг домог болсон түүх байдаг. Чино нэр монгол хэлний "чоно" гэх араатанг нэрлэдэг үгтэй төстэй тул зарим хүн "монголчууд тэнгэрийн зараал хөх чонын удам" гэж ярьдаг тал бий. Европт ч Wolf нэр овогтой хүмүүс олон. Тэд өөрсдийнхөө цусаар чоно гэх араатны цус гүйж байгаа гэж бодохгүй нь ойлгомжтой. Энэ хорин нэгдүгээр зуунд шал өөр хоёр амьтнаас гурав дахь тэс хөндлөн зүйл ангийн үр хөврөл  төрөх боломжгүй гэдгийг хэн хүнгүй, тэр дундаа монголчууд ч мэдэж байгаа. Амьдралын шаардлагаар монгол малчид олон зуун, магадгүй хэдэн мянган жилийн амьдралын туршлагаасаа чоно хэмээх хүч чадалтай эрэмгий араатныг бусдаас илүү таньж мэдсэн нь үнэн. Чонын зан авир, ан авлах арга барил нь хир хэрсүү амьтан гэдгийг эрхгүй харуулдаг болохоор ухаант амьтан гэж хүлээн зөвшөөрдөг нь бас үнэн. Гэхдээ энэтхэгүүд үхэр шүтдэг шиг, монголчууд чоныг шүтээний түвшинд тавьдаг гэвэл худлаа. Ямар нэг амьтныг ертөнцийг үзэх гүн ухаандаа, соёл урлагдаа суулгасан, өдөр тутмын үйлдэлдээ тусгасан байж л шүтээн төрнө байх. Ямар ч амьтныг шүтээн түвшинд бид аваачиж байсангүй. Нэлээд хүндлэн дээдэлдэг тэр шүтэх түвшинд дөхүүлсэн амьтан нь морь байж тун болзошгүй юм.
Анх орчин цагийн монгол хэлээр Ж.Нүрзэд уншигчдад хүргэж, дараа нь З.Бат-Отгон зэрэг олон хүмүүс тайлбар дүгнэлт бичсэн монголчуудын гүн ухааны эх сурвалж " Алтан дээд гэрээний" Ахуй хөгжүүлэх Уялгын онолыг соёлон морин дээр загварчилсан байдаг, морьны сүүлээр энх цагийн цагаан ба дайны үеийн хар сүлд тугаа хийдэг, гмонгол хэлэнд морьтой холбогдолтой үг хэллэг хэдэн зуугаараа байдаг, морин хуур хөгжим, морины тухай олон дуунууд, монгол бүжгийн хөдөлгөөнд морины явдал эрч мэдрэгдэж байдаг гээд дурьдаад байвал дуусахгүй.

Чоно Тотем болсон гэдэгт  дээрх оршил яриад, Гүүгл ахаас лавлаж мэдсэн зохиолчын намтар, шагнал зэргийг товч дурдаад, монгол уншигч надад төрсөн сэтгэгдлээ эхлэн хэлж та нарт нөлөөлөөд яахав. Та нар эхлээд ярь, монголын түүх, монгол ахуй, хятад-монголын харилцааны талаар бас чонын талаар асуух юм байвал асуу хир чадлаараа хариулая гэлээ.

Нөгөө хэд маань ам булаалдаад яриад явчихлаа. Иймэрхүү зузаан, нуршуу дүрслэл ихтэй номыг уншиж дуусгалгүй орхичихдог атал энэ номноос салж чадахгүй уншаад эргэж буцаж хараад маш амтархан уншлаа л гэнэ. Нэг англи авгай бүр амтанд нь ороод сайхан ном дуусчих вий гэж айж хэсэг хэсгээр өдөр тутам уншиж тамшаалсан юм байх. Би, энэ ном Джек Лондоны чонын талаар бичсэн "Цагаан соёо", "Онгон байгалын дуудлага" (монгол орчуулгын нэр санаанд ордоггүй The Call оf the Wild) зэрэг гайхамшигт бүтээлийн хаана ч хүрэхгүй шд гэж үг шургуулав. Европ тив чоноо бараг хядаж дуусаад одоо зарим оронд чоно дахин нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн тухай сонсож мэдлээ. Монголд чоно үлдсэн үү, одоо ямар аргаар чоно авладаг вэ гэж надаас асуув. Манайд чоно байгаа, урьд өмнөхөөсөө арай цөөрсөн. Буудаж, ташуурдаж алдаг гэсхийгээд дуугүй боллоо. Том том жийптэй, онь хараатай хурдан буутай  шинэ монгол баячууд хөдөө гарч машинаар чоно хөөсөн шиг зугаа гаргадаг, алсан чонынхоо ходоод нь ходоодны өвчинд гээд бүх эд эрхтэнг нь хувааж аваад эм болгох гээд хадгалчихдаг тухай дуугүй  өнгөрөв.

Байгаль орчныг хамгаалах сэдэв хөндсөн учраас энэ ном гайхалтай гэж баахан шуугилдав. Манай монголчуудыг байгаль эхээ хайрладаг, мэргэн ухаантай сайн хүмүүс юм гээд шүтэж байнаа. Монгол орон онгон дагшин байгальтай гэдгээрээ алдартай нь ийм учиртай юм байна л гэнэ. Манай монголчууд аль дундад зуунд байгаль хамгаалах асуудлыг хуульчлан баталж, өнөөгийн ногоон хөдөлгөөнийг жинхэнэ утгаар нь тээр дээр үед амьдралд хэрэгжүүлж явсан анхны улс шүү. Усны эх ундарга бохирдуулах, газар шороог онгичих хуулиар хориотой байж хожим нь гол ус, булга шандаа цэвэр байлгадаг нүүж суухдаа шон гадасны нүхийг хүртэл эргэж булдаг, үлдэх газраа цэвэрлэж үлдээдэг сайхан заншилтай хүн зонтой байлаа. Харамсалтай нь өнөөдрийн бүх зүйлийг зоосны нүдээр хардаг болоод уул уурхайн бизнес дахин сэргээлтэд хангалтгүй анхаарч байгаль орчинг хэрхэн сүйтгэж байгааг; 
дээр үед ямар малыг ямар тоо хэмжээнд байлгах зөв харьцааг мэддэг байсан бол одоо ноолуур экспортын чухал бүтээгдэхүүнд ордог болсноор бэлчээрт халтай ямааны тоо толгой хэт өсч бэлчээр хэрхэн талхлагдаж байгааг  дурдлаа.

Зохиолын баатар хятад оюутнуудыг нэг маань учиргүй өрөвдөв. Ийнхүү монгол айл бараадсан хятад болгон энэ номд гардаг  дэврүүн  бодолтой гэнэн рорантик оюутан залуус байгаагүй. Жараад онд Өвөр Монголд арван хүнд нэг хятад ноогдож байсан бол одоо эсрэгээр болсоны гор нь "туслах малчин" нэртэй  орон  нутгийн монгол айлд хүчээр  суурьшуулсан эдгээр хятад иргэдээс эхтэй. Хүчиндэж, хөлд нь сууж олон башир аргаар монгол авгай авсан тэр хятадуудыг өрөвдөх хэрэггүй. Тэд хятадын засгийн газраас явуулдаг үндэсний цөөнхийг уусгах түрэмгий бодлогыг хэрэгжүүлэгчид байсан юм гэв.

Номд ганцхан эмэгтэй хүний дүр байна. Миний уншсан, хөдөө ахуй мэддэг монгол хүмүүсийн бичсэн энэ номын талаарх эерэг сөрөг хэд хэдэн шүүмжид "Галсмаа том азарган чоныг хонины хотон дотроо сүүлдээд зогсож байгаа дүр зургийг" дэгсдүүлэг гэсэн байдаг. 
Монгол зохиолчдын бичсэн ном зохиолд сэтгэлийн хаттай хүчирхэг монгол эмэгтэй, сайхан сэтгэлт эх хүний тухай өгүүлсэн олон монгол эмэгтэйн дүр бий. 
Монгол нийгэмд эмэгтэй хүний эзлэх байр суурь ер нь ямар вэ гэж асуув. Монголын нийгэмд эмэгтэйчүүд эрчүүдтэй эн чацуу үүрэгтэй. Монгол айл өрхийн тэргүүний нэрээр явдаг ч, арчаатай ажилтай айл гэдэг алдар хүртэхэд эхнэр гол үүрэгтэй. Дайнч явсан дундад зуунд эр нөхөр аян дайн  хэдэн жилээр яваад эзгүйд ар гэрийн аж ахуйг эхнэр авч явдаг байлаа. Энхийн цагт эрчүүд алдуул адуу малын эрэлд хэд хоногоор, аян жинд хэдэн сараар яваад нөхөр эзгүй үед бас л эмэгтэйчүүд гэр ахуйгаа авч явдаг байсан. Орчин үед "эрэгтэй хүүхэд биеийн хүчний ажил хийгээд ч болов амьдралаа аваад явчихна" гэсэн үзлээс эцэг эх охин үрээ голдуу сургууль соёлын мөр хөөлгөөд дээд сургуульд сурдаг оюутнуудын дийлэнх нь охидууд, хөдөлмөрийн насны боловсролтой хүмүүсийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд болоод байгаа. 

Англи хэлнээ энэ номыг хөрвүүлсэн орчуулагчийг биширч байснаа, монгол хятад хэл ойролцоо юү, та нар бие биеэ ойлгоно биз гэх шиг марзан зүйл асуух юм. Монгол хятад хэлэнд ерөнхий зүй тогтол байхгүй, бид өөр өөрсдийн хэлээр ярихад бие биеэ огт ойлгохгүй гэлээ. Монгол хэл Алтайн хэлний группт ордог гэхээр, тээр Скандинавын хойгийн өндөр ёнхигор финүүд, ази-европын заагт байдаг гүвгэр хамарт арабархуу төрхийн түрэгүүд, жинхэнэ европ унгарууд яахаараа эд нартай "хамаатан" болдог билээ гэсэн гайхшрал харах царайнд нь илт. Араб-перс-согд-уйгар-монгол гээд гинжин холбоогоор тайлбарлахыг оролдов. Ойлгосон эсэхийг мэдэхгүй. Дээр Цаасан шувуу хөөргөгч (Kite Runner by Khaled Hosseini) ном хэлэлцэхэд Афганистаны хазарууд монгол гаралтайд эргэлзээд байсан санаанд оров. Одоо улс орон маань ямар байгааг хүн бүр мэдэж байхад тив дамжсан том Их Монгол гүрэн ямар хэлнээс ямар бичгийг өөриймшүүлэх дурын хэрэг байлаа гэж онгиролтой биш. Хэдэн тэрбум хүнтэй хөрш хятадуудад уусалгүй зан заншил, хэл соёлоо хадгалж чадсан манай өвөг дээдэст талархаж явдаг гэлээ.

Намайг олон хятад зохиолч мэдэх үү, хятад ном их уншдаг уу гэж байна. Ердөө гуравхан зохиолч уншсан: Монголын тухай бичсэн болохоор энэ Зян Рун, нобелийн шагналт хоёр зохиолч Гао Шинжиэнь (2000 он), Мо Янь (2012 он). Зян чонын тухай ном онцгүй санагдсан, Гао-н "Нэг хүний библи (One Man's Bible)", "Уулын савдаг (Soul Mountain)" гэсэн хоёр ном аваад залхуутай унжгар санагдаад аль алийг уншиж дуусгаагүй, Мо Янь-ны ганц ном л (Life and Death are wearing me out) уншсан нөгөө хоёроосоо арай дээр. Сэтгэлгээ соёл өөр болоод тэр үү, тааруухан нь таарчихав уу үнэндээ таалагдаагүй. Ташрамд дурдахад, германы хятад судлаач Волфганг Кубин ярилцлага өгөхдөө: "1949 оноос өмнө Хятадад сайн зохиолчид байсан. Тэд дор хаяхад нэг цаашилбал хоёр гурван гадаад хэл төгс эзэмшсэн байлаа. Өөрийн соёлын хүрээнээс гаднах утга зохиол  мэддэг, дэлхийн хэмжээнд сэтгэдэг уран бүтээлчид байсан юм. Өнөөгийн хятад зохиолчид гадаад хэлнээ бичих байтугай уншиж ч чаддаггүй. Үүнийгээ өөр соёлын нөлөөнд автаж хэл сэтгэлгээгээ булингартуулах дургүй гэж тайлбарладаг. Дэлхийн утга зохиол ямар зүй тогтлоор хөгжиж байгааг, орчин үеийн зохиолчид материалаа хэрхэн гарган тавьдаг, утга зохиолын чиг хандлага ямаршуу байгаа талаар сүүлийн үеийн хятад зохиолчид мэдэгдэхүүн ч байхгүй" гэж хурцаар шүүмжилжээ. Чонон Сүлд номыг хэрхэн үнэлж байгааг асуухад "Энэ бол тариачдыг доромжилсон фашист маягийн үзэл санаатай, утга зохиолын үнэ цэнэгүй хог (trash)" гэжээ.

Германы хятад судлаачын үгээр өрнөдийн уншигч нарын дэврүүн сэтгэлийг дарах гэж оролдоод, Зян Рун ердөө ганцхан номтой хүн. Үүнийгээ гучин жил нухсан, 1971 онд эхэлж, 1997 онд анхны нооргоо бэлэн болгоод, 2003 онд номоо анх хэвлүүлсэн. Их Хан үндэстнээ доош хийсэн мэт далд ёгт санаатай энэ ном энгийн хятад ардуудад таалагдаагүй бөгөөд сэхээтний дунд шуугиан тарив. Хэдэн тэрбум хүнтэй оронд хэдэн зуун мянган хүн уншаад, олон хувь хэвлэгдээд шуугиад эхлэхээр номын бизнест байгаа гадаад аваргууд мэдээж сонирхоно. Зохиолч хятадын хэвлэлийн газар, соёлын байгууллагууд засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, номын маркетингээ сайн явуулсны хүчинд дунд чинээний энэ номоо дэлхийн хэмжээний бэстселлер болгож чадсан. 2007 онд Man Asian Literary Prize-г хүртсэн анхны хүн "Чонон Сүлд" бичсэн Зян Рун болов. Утга зохиолын нэр хүндтэй шагнал Man Booker Prize-н азийн хувилбар Man Asian Literary Prize анх бий болгох суурь хөрөнгө үүсгэхэд Хятадын нөлөө их байсан гэх сул яриа явдаг. Англи, франц зэрэг түгээмэл хэлэнд орчуулж хэвлэх зохиогчын эрх урьд хожид байгаагүй үнэтэй (хэдэн зуун мянган евро) зарагдсан. Азидаа уншигч олонтойгоороо толгой цохьдог Японд зохиогчын эрх бас л маш үнэтэй зарагдсан. Ийм өндөр үнээр эрх худалдаж авсан хэвлэлийн газар номын борлуулалтад онцгойлон анхаарч зардлаа нөхөх нь ойлгомжтой гэж үгээ төгсгөв.

Эрт эдүүгээгийн монгол хятадын түүх, хүн байгалийн харилцаа, байгаль хамгаалах зэрэг олон чухал сэдэв хөндсөн сонирхолтой ном гэж олонхи үзсэн бөгөөд өгсөн дундаж үнэлгээ 4,1 байв. Өрнөдийн уншигчдад манай монголын эртний сайхан ёс жудаг, нүүдлийн соёл гайхалтай өвөрмөц санагджээ. Нэг л хүн сургааль айлдсан нуршуу гэж шүүмжилсэн ч 4 гэсэн гайгүй үнэлгээ өгөв. Яагаад гэдгээ хэлэлгүй өөр нэг хүн 3 гэсэн доогуур үнэлгээ өгсөн