Monday 21 January 2008

Уншмаар ном

Нэрт хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Нацагийн Жанцанноровын "Уртын дууны уламжлалт зарим нэр томъёоны гаргалгаа" гэсэн сайхан ном уншлаа. Номын тухай нуршилгүй түүний хэсгээс түүвэрлэн сонирхуулъя.
Бөнжигнөх- Бөөрөнхий хэлбэртэй зүйлийг бөнжгөр юм гэж ярьж хэлцдэг. Ээмгийн бөнжигнүүр нь бөнжигнөж байна. Өвгөний толгой бөнжигнөх болжээ гэх мэт бөнжигнөхтэй холбоотой үг хэллэгүүд тохиолддог. Энэ нь аливаа жижиг зүйл хол үсрээд салаад явчихгүй тэрүүхэн хавьдаа дахин дахин хөдлөөд байхыг хэлж байгаа хэрэг. Уртын дуу дуулахад ч мөн л энэ утгыг нь авч хоолойн хөдөлгөөний нэг янзыг зааж байна. Жишээ нь Дорждагва гуай (аялсан дууг нотоор илтгээд) нэг эгшгийг таслалгүйгээр төвөнхөөр олон дахин доргиож, мөн их хоёрцоос илүүгүй зайгаар мөн эгшгийг таслалгүй төвөнхөөр ээлжлэн доргиохыг хэлж байна. Энэ нь монгол дуу дуулахад буриад аяалгууны зөөлөн хэ, ха(hэ, hа)-тай төстэй төвөнхийн цохилго хийх уран арга юм. Энэ нь өрнө дэхний дууны сургуульд бараг байдаггүй (өгсөх уруудахыг эс тооцвол) өвөрмөц арга юм. Харин нумт хөгжмийн зэмсгээр хөгжимдөхөд нэг эгшгийг нумаар доргион нэг тийш татаж олон дахин эгшиглүүлэхгүй, үлээвэр хөгжимд нэг эгшгийг хэлээр доргион олон дахин эгшиглүүлэх трель (жиргүүлэг)-тэй төстэй байж болно.
Гарт зөөлөн-Энгийн хар ярианд өмссөн бээлий, жолоо цулбуур, татлаг сур мэтийг гарт зөөлөн гэж ярьдаг. Бас ардын сурган хүмүүжилд томоотой, хүний аяар хүүхдийг гарт зөөлөн, чих зөөлөн гэж ярих ч бий. Хөгжимдөх урлагт чухам энэ утгаар хэрэглэж байна. Дорждагва гуай Лувсан хуурчийн тухай өгүүлэх явцдаа анх тайзан дээр Лувсан хуурчтай хамт гарч дуулсан тухайгаа дурдаад "Сайн дууч болох хүн байна, гарт их зөөлөн байна" гэж надад хэлсэн. Дарахад (дагаж хөгжимдөхөд нь) гарт нь зовлонгүй шиг байсийм болов уу" гэсэн байдаг. Уртын дуу дуулах нь хуурчтай салшгүй холбоотой урлаг. Дуучныг яг таг дагаад байдаггүй. Урт барьсан цагт нь хөдөлгөх, хоолойн хөдөлгөөн хийхэд нь тогтоон барих гээд маш нарийн урлаг юм. Хуурч дагах цагтаа дагахын хажуугаар урьтаж орох тохиолдол олонтой гардаг. Тийм ч учраас сайн хуурч байхын тулд уртын дууг төгс мэддэг байх ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Лувсан гуайн хувьд Дорждагва гуайн дуулах нь хуурчийн хамсарч байгааг онцгой сайн мэдэрч байгааг тандаж дүгнэсэн үг юм. Хуурч дуучин хоёр дуулах хөгжимдөхдөө бие биенээсээ онцгой хамааралтай байж харилцан мэдрэх үйл явцыг энэ яриа тодруулж байна. Судалгаа шинжилгээнйи сонирхолтой шижим өгч байгаа хэлц юм.
Гунхсан дуу-Дорждагвагуай Лувсангомпил буюу Чуганц багшийнхаа тухай ярьж байхдаа монгол "Чуганц багш ингээд налмийлгаж хаяна шүү дээ. Тэхдээ тэр үглүүрээс илүү энэ нь хөгжимтэй л байгаа юм даа. Дуулахад сайхан, чихэнд чимэгтэй сайхан тийм гунхсан дуу байна шүү дээ. Одоо бол хурдасгаад.." гэж ярьсан бий. Дорждагва гуайн аялахыг сонсоход уянгалаг, эгшгүүдийг хооронд нялж холбосон аяс сонсогдохын зэрэгцээ бас хурдыг албаар удаашруулж байгаа юм уу гэлтэй сонсогддог. Ардын ярианд гунхсан сайхан хүүхэн гэж өндөр нуруутай эеврүү сайхан алхаа гишгээтэй хүнийг, гунхсан сайхан ат гэж ширээ бөхтэй өндөр тэмээг, урт сунагар уургыг гунхсан уурга гэх мэт хэлэлцдэг. Эдгээрийг харьцуулан бодож үзвэл гунхсан дуу гэдэг нь цочмог хөдөлгөөн хийхгүй хамуухан дуугаар нилэнхүйд нь нэгдмэл бүтэцтэй болгон аялахыг хэлж байна гэж үзэж болно. Бидний үеийнхний мэдэхээс ардын жүжигчин Түмэндэмбэрэлийн "Хөх торгон дээл", "Юндэн гөөгөө" зэрэг дууг дуулахад ажиглагддаг тийм жигд сайхан аялахыг хэлж болох юм.
Амьсгаа гэхэд аюулхайн, ил, нууц, хулгай, цадтал гээд, дан, давхар, эгээдэг шуранхай, боржигон, Хар дэл, Хурх бэндэрийн, шавь аялгуу гээд уртын дууны тухай үг хэллэгийг хөгжмийн боловсролгүй, монгол зан заншил мэдэх мэдэхгүй хэнд ч ойлгогдохоор аялгуу сайхан монгол хэлээр тайлбарласан ном юм. Нэлээн эрт авсан ч хөгжмийн явцуу хүрээний ном гэж бодоод барьж авахгүй байсаар өдийг хүргэж, уншихдаа харин адал явдалт уран зохиол уншиж буй мэт нэг амьсгаагаар амтархан уншлаа.

Friday 18 January 2008

Авьяас

Ардын жүжигчин Хайдав гуай Прага хотод хэд хонохдоо манайд нэг үдэш саатав. Хэлсэн ярьсан нь их сургамжтай санагдаж түүний яриаг дор сийрүүлэв. Улсын хэвлэлийн комбинатад үсэг өрөгчөөр ажиллаж байгаад Хайдав гуай хэвлэлийн инженерийн сургуульд хуваарь аваад дайны дараахан Москвад иржээ. Өөрийн дур сонирхолтой хөгжмийн сургуульд орохоор шийдэж хөгжмийн сургуулийн оюутан Гончигсумлааг дагуулж хамт очоод шалгалт өгөөд үзжээ. Ажлын газрынхаа сайн дурын уран сайханч гэж олон концерт урлагын үзлэгт дуулж байсан сайхан монгол дуу, пянз тоглуулагчаас сонсголоороо сурсан нэгэн орос дууг цээл хоолойгоор дуулж үзүүлвэй. Шалгалтын комиссын хэдэн настай улс ихэд сэтгэл хангалуун байдалтай толгой дохин "хороший мальчик" гээд таашаасан шинжтэй байна гэнэ. Ингэж сайхан дуулж байхад авах л байх гэсэн шиг байтал нэг авгай төгөлдөр хуурын ард суугаад нэг товчлуур "дон" хийлгэн дараад энэ ямар "нот" вэ гэж асууж байна. Цагаан товчлуур дээр дарсан юм чинь, "белый нот" гээд авчихлаа. Гэтэл нөгөө хэд чинь тас тас хөхрөлдөөд савж унах нь. Авна авахгүй гээд хоорондоо маргалдаад бөөн юм болсноо хэд хоноод ир, асуудлыг чинь тэр болтол шийднэ гээд гаргажээ. Элчин сайдын яамандаа иртэл, хэвлэлийн сургуульд ирсэн хүүхэд сургуульдаа очоогүй байна гээд эрэл сураг болоод хаачсан, яасан хүн одоо болтол сургуульдаа очиж бүртгүүлдэггүй гээд зэмлүүлэх төлөвтэй.
Дуучин болох сонирхолтой хөгжмийн сургуульд орно гэж өөрөө гүрийгээд, сургууль нь ч төрөлхийн авьаястай энэ хүнийг чинь "туршилтын хугацаагаар" авьяа гэж байж хөгжмийн сургуульдаа оржээ. Орос хэл мэдэхгүй, хөгжмийн онол байтугай нот мэдэхгүй хүнд эхлээд маш хэцүү байсан нь ойлгомжтой. Угийн сонсгол сайнтай, хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч байхдаа утгы нь мэдэхгүй ч олон хуудас юм оросоор өрж байсан тул хэлийг түргэн сурч байв. Тугалган үсгийг нийлүүлж орос үг бүрдүүлж явснаас оросоор бичиж байсангүй ээ. Хамгийн урд талын ширээнд багшийн өөдөөс харж суугаад лекц яриа ер нь багшийн амнаас гарсан болгоныг гялалзтал тэмдэглэж хирэндээ их хичээж байв. Хамт сурдаг оюутнууд энэ нэг уйгагүй нөхрөөс сүүлд хуулж авна, лекций нь аваад уншчихна гэж дор дороо нүдлээд ихээ найдвар тавьж байсан гэнэ. Шалгалт дөхөөд идэвхтэй монголоосоо лекц хуулах гээд автал худам монгол үсгээр таталгасан лекц байж таараад нөгөө залхуу хэдийн нүд орой дээрээ гарч ёстой нөгөө "газар хатуу, тэнгэр хол" гээч болов. Энэ хөгтэй явдал багшийн чихийг дэлсэж манай хүн идэвх зүтгэлээрээ үнэлэгдэн жинхэнэ оюутан болсон түүхтэй.
Сургууль төгсөж ирээд Дуурийн театрт нэлээн хэдэн жил ажилласан нэр цуутай дуучин болсон үе. Нэг өдөр театрын жижиг өрөөндөө сууж байтал сүр сар хийсэн бахь шар залуу орж ирээд "Хайдав гэдэг хүн хаана байна, ах намайг дуу дуулахыг заалга гэсэн" гээд нэг амьсгаагаар хэлээд духаар харан барилдахаар өрж байгаа хүн шиг зогсож байхаар нь миний дүү ямар хоолойтой вэ гэвэл "бөдөөн" гэж байна. Аа тэгвэл өөдөөс харсан хаалгаар ороод тэнд байгаа хүнтэй уулз гээд гаргажээ. Дуулж байгаа бололтой чимээ гарч байснаа нөгөө залуу эргэн орж ирээд "ах угаасаа тань руу явуулсан, би сургуулиа хаяад ирсэн хүн таньд л шавь орно" гээд шалаад суучихаж. Чиний хоолой таарна Пүрэвдоржид шавь ороо гэхээр "энэ ямар муухай хүн бэ?" гээд толгой сэгсрээд байхаар яасан юм гэж сонирхвол: Надаар дуулуулаад "чи ёстой баас байна" гээд байх юм хэмээн ихэд уурласан, гомдсон байдалтай байсан залуу нь хожмын нэрт баргил хоолойтой дуучин Жаргалсайхан гуай.

Tuesday 15 January 2008

Жииргэвч бүс

Оросын эх газрын идэвхтэй тэлэлтийн үетэй, манжуудын өмнөд Хятадыг эзэлсэн үе таарч байгаа юм. Чухам энэ үед оросууд Сибирийг эзэлж улмаар даур, нанай зэрэг олон ястан суудаг, хэний ч эзэмшил бус байсан Амар мөрний сав газрыг өөрийн болгож чадсан байна. Манжуурт хүртэл оросууд хэрэм цайзаа босгож эхлэв. “Орос дов” гэж нутгийн хүмүүс нэрлэдэг оросын хэрэмийн үлдэц бүхий газар одоогийн Цицикар хотын орчим олдсон гэж хятад эх сурвалжид тэмдэглэгджээ.

Манжууд Хятадыг бүхэлд нь эзлэсний /монголчуудын дэмээр/ дараа, XYII зууны наяад онд Манжуур орчим ба Амар мөрний савыг эзэмшилдээ байлгахын тулд 5000 цэрэгтэй 40 их буутайгаар оросуудтай дайтсан байна. Арван нэгэн сар тулалдсан дайн мухардалд орсон тул 1689 оны найман сард Нерчийн гэрээ байгуулан Орос, Манж Чин улсын хил болон худалдааны асуудлыг зохицуулсан байна. Гэрээний заалтаар Орос, Манж Чин улсын хоорондох ихээхэн хэмжээний газарт аливаа улсын хүн ардыг суурьшуулахгүй, хоосон жийргэвч бүс байхаар тохирсон байна. Ийнхүү оросууд өмнө нь эзэлсэн газраа орхин энэ нутгаас гарсан. Гэтэл хятадууд гэрээгээ зөрчин хятад-манж иргэдийг энд суурьшуулан “манжуурын хутгуур” гэгчийг үүсгэсэн түүхтэй. Жийргэвч гэх энэ бүс “Амарын асуудал” болон зуун тавиад жил үргэлжилсэн “хэрүүлийн алим” болон хувирсан билээ.

1689 оны Нерчийн гэрээгээр Буриадыг Оросынх болсныг баталсан. Ийнхүү буриад гэдэг нэр угсаатны нэр байснаа газар зүй-улс төрийн нэр болжээ. “Галт зэвсэг нэгэнт буй болсон байсан, хоёр талаараа хүчирхэг гүрнүүдээр хүрээлэгдсэн учир нүүдэлчин монголчууд хамаг хөрөнгө зоорьтойгоо чанагш дутаах бололцоогүй болсон байсан, Монголын дотоодын зөрчил тэмцэл хэтэрхий хурц байсан, “шарын” хэмээх Буддын шашны түвд хэлбэрийн урсгал Монголд бүрэн нэвтэрсэн зэрэг олон шалтгаанаар монголчууд анх удаа хятадуудад газар нутагтайгаа эд хөрөнгөтэйгээ эзлэгджээ. Энэ үеэс эхлэн Монгол нь Хятад, Орос хоёрын хоорон дахь өвөрмөц жийргэвч бүсийн үүрэг гүйцэтгэх болсон юм.”

Европын соёлд улс орноо эргэн оруулахад голчлон анхаарч байсан Их Петр хааныг таалал төгссөний дараа I Екатерина хатан хаан дорнын бодлогод дахин анхаарал хандуулав. 1727-1728 оны Орос Хятадын хоорон дахь Буурын хэлэлцээр гэгчээр зөвхөн “буриадыг” төдийгүй, Халхын бүрэлдэхүүнд байсан хатагин, салжиуд, сартуулыг таслан Орост өгсөн юм. Ийнхүү Орос гүрэн, Манж Чин улс шууд хиллэх болжээ. 1727 оны арван сарын 21-ний Хиагтын гэрээгээр Орос, Манжийн хилийг Эргүн голоор Абагайт толгод хүртэл заагласан. Орос-Хятадын хилийг Амар мөрнөөр шинэчлэн тогтоож, 1858 оны Айгуны гэрээгээр баталгаажуулжээ.

Оросууд эх газрын гүн рүү Хятадыг нэвтрүүлэхгүй байхын тулд Оросын аюулгүй байдлын бүслүүр бий болгохыг эрмэлзэж иржээ. Өмнийн шар аюулаас” сэргийлэх оросын энэ бүслүүр нь Түвд, Шинжаан, Монгол, Манжуур аж. “1899 оны 4 дүгээр сарын Англи-Оросын гэрээгээр Манжуур төдийгүй Монгол оролцоод их цагаан хэрэмээс хойшхи бүх нутаг нь Оросын нөлөөллийн бүс гэдгийг Британи хүлээн зөвшөөрсөн ба Шар мөрний сав газар англичууд нөлөөллөө хадгалахад дургүйцэх юм алга гэж хариуд нь оросууд толгой дохижээ.”

Ийнхүү ХХ зууны эхэнд Оросын эзэнт улсын нутаг дэвсгэр ба түүний нөлөөллийн бүс түүхэндээ байгаагүй ихээр томорсон юм. Оросын нөлөөллийн бүст баруун талд нь Дорнод Түркестан, зүүн талд нь зүүн хойд Хятад дах Манжуур багтаж байв. Гэвч Түвд дахь сонирхол нь Балбаас хойшилж буй Английн сонирхолтой зөрчилдөж эхэлсэн ба Манжуураас урагшлан Гадаад далай руу чиглэсэн хүсэл нь Солонгосоор дамжин баруун тийш түрж буй Японы сонирхолтой тус тус мөргөлдлөө

Monday 7 January 2008

Буриадууд монгол угсаатны нэгэн бүл

"Буриадууд эдүгэ Орос, Монгол, Хятад, Австрали Улсад амьдардаг түүхэн өлгий голомт нь Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл билээ. Буриадын бүрэлдэхүүнд түүхэн гарлын талаас нь авч үзвэл буриад, эхирэд, булгад, хорь түмэд, тавнан, сонгоол, авгад, атаган, хатагин, ашавгад, салжиуд, сартуул, юншэйбү хамниган, барга үзөөн хэмээх олон овгийн олон язгууртай бөгөөд тэр бүгд удам угсааныхаа аргамжийг мах цусаараа хэлхэн Монголын их гүрэнд нэгдэн улс гэрээ тэтгэж, түүх соёлын нэгдмэл их огторгуйд хувь заяагаа холбож явсан юм” гэж Бямбасүрэн гуай уран яруу тодорхойлсон нь бий.

“Дээд язгуурт Бөртэ чоно, гэргий Гоо-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан хүү төрүүлжээ” гэж Монголын нууц товчоо эхэлдэг. “Тэнгис далайг гэтэлж” гэдэгт судлаачид маргалдан санал зөрж, хол ойрын, харь өөрийн олон далай тэнгисийг нэрлэх нь бий. Үүнд: “Монголын зарим түүхчид Хөвсгөл нуур, Эгийн голын цаанаас ирсэн урианхай гаралтай хүмүүс гэх. Монгол Буриадын зарим түүхчид Байгал нуур, Сэлэнгэ мөрний цаанаас ирсэн булгачид, хэрэмчид гэдэг. Европын түүхчдийн дотор Иран Персээс гаралтай Несторян шашинтай хүмүүс гэж үзэх тохиолдол байдаг бол сүүлийн үед Японы зарим эрдэмтэд Япон тэнгисийг гаталж ирсэн гэж таамаглаж байгаа сураг ч гарлаа.” Сүүлийн хоёр таамаглалыг анхааралдаа авахгүй байж олох бизээ.

740-өөд оны үед түрэг, уйгарын хооронд болсон ширүүн байлдаан тулалдаанд монгол аймгууд уйгарын талд орж дайтаад хиар цохиулжээ. Үүнээс амьд үлдсэн монгол аймгийн Хиян, Никүт гэгч хоёр хүн Түргийн хаант улсын эзэмшлийн гадна орших үржил шимтэй Эргүнэ голын эрэгт ирж нутагшсан тухай домог байдаг. Хиян, Никүт хоёр алдарт боржигон овгийн буюу Бөртэ Чино Гоо Маралын дэд өвөг гэх. Гурван голын эхээр гол төлөв Хэнтий нуруу, Буйр нуур, Дорнодын хээр талын баруун хэсэгт нутаглаж хамаг монгол ханлигийн бүрэлдэхүүнд байсан монгол омог аймгийг язгуурын монгол гэх болжээ. Язгуурын монголд хиад ясны боржгон овгийнхон зонхилж, түүнээс хамаг монголын тэргүүн сонгогдож байв.” Чингис хаан нь тийнхүү хияд удмын боржигон овогтон үүссэн билээ.

Эрдэмтэн С.Ишбалжир, “Бөртэ-Чино, Гуа-Марал хоёр /IX зуун/ одоогийн Өвөр Монголын нутаг Эргүнэ голын хөндийд нутаглаж байгаад, Хайлар голыг гаталж, эртний алдарт Хөлөн буюу “Далай” нуурыг гэтэлж /тойрч/ Бурхан Халдунд нүүж ирсэн хияд овгийн хүн” гээд Чингисийн алтан ургынхны эзэмшил байсан “уугуул нутгийн гол мөрөнг” Бөртэ-Чино, Гуа-Маралын гэтэлсэн “тэнгис далай” гэсэн дүгнэлт хийжээ. Энэ дүгнэлт нь түүхэн үйлтэй тохирдог монгол үндэстний үүслийн тухай хияд овогтны домог, буриадын гарал үүслийн тухай олон хувилбараар байдаг хунгийн домог ба монголын нууц товчоотой гурамсан холбогдож байгаа үндэслэл сайтай таамаглал юм.

Бөртэ Чино, Гоо-Маралтай шадарлаж, хамгаалан тэднийг Бурхан Халдунд авчирсан түшмэлийг Барга баатар хэмээнэ. Буриадын угийн бичиг голдуу Барга баатраар эхлэдэг. “Барга нарын өвөг гэх Баеэгу аймаг VI-VII зуунд Хүлэн Буйрын баруун хөвөөгөөр нутаглаж байгаад XI зуунаас Байгаль нуурын зүүн эргээр нутаглаж байсан, “Баргужин төхөмийн эзэн Барга баатар нь түүхэн хүн бөгөөд “Монголын нууц товчоо”-ны VIII зүйлд гарах Баргудай мэргэн мөн хэмээдэг. Рашид-ад Дины бүтээл болон монголын түүхэнд Баргуд, Хорь, Тулас аймгууд харилцан ойр төслөг, нутаг нь Сэлэнгийн солгой этгээд, Баргужин төхөмд хамт байсан. Монгол угсаатны нэг бүл болох буриадуудын дээд өвөг Баргужин төхөмд аж төрж байсан. Одоо ч баахан орос маягийн сүүл төгсгөл авсан ч нэрээ хадгалсаар байгаа Баргузинский район бол нууц товчоо болон бусад түүхэн эх сурвалжид олонтоо дурдагддаг Баргужин төхөм мөн юм.

Барга баатар нь Олюудай түргэн, Буриадай мэргэн, Хоридай мэргэн гэх гурван хүүтэй байжээ. Олюудай түргэн уугуул нутаг Алтай нурууны өвөр Хан-Хөхийдөө буцаад дөрвөн Ойрдын элэнц болж, хоёр дүү Буриадай мэргэн Хоридай мэргэн нь эцгийн хамт үлдэж Байгал нуур орчмын овгууд удамласан. Хоридайгаас хорь түмэд үүссэн. Д.Бямбасүрэн: “Түүхийн сурвалж бичиг, домогт өгүүлэх нь Бөртэ чоныг бусарган самууны хөлөөс зайлуулж, тэнгис далайг гаталж Онон мөрний эхэнд авчирсан түшмэл Барга баатар Тайсон ноён гурван хүүтэй бөгөөд түүний Хорьдай хэмээх хүүгээс Хорь түмэд, Элюрдэй хэмээх хүүгээс эхирэд булгад, Гүр-буриад хэмээх хүүгээс нь буриад омог салбарлан гарсан” гэжээ. Г.Сумъябаатар: “Эрт урьдын цагт хонгирадын дээдсийн “Алтан цөгц” овогт төрсөн ах дүү гурав байжээ. Ахмад Зүрлэг мэргэнээс Хонгирад аймаг үүссэн. Удаах хүү Хувайширагаас Эхирэс, Олхнууд аймаг үүсэв. Гутгаар хүү Түсүбудугаас олон хүү төрж, Харнууд, Горлос, Элжигдэй зэрэг овог болов. Хорийн буриад зон Эхирис аймгаас гаралтай” гэх. Гурван хүүтэй нэг эцгээс салбарласан овгуудаас гарвалтай монгол буриадууд нэг үндэс угсаатай гэсэн санаа давтагдаж байна.

Хорь түмэдийн дэд өвөг Хоридай мэргэн Шаралдай, Нагаадай, Баргужин гэсэн гурван эхнэртэй байжээ. Анхны эхнэр Шаралдай нь Галзууд, Хуасай, Хүбгүүд, Гушад, Шарайд хэмээх таван хүү, удаах эхнэр Нагаадай нь Харгана, Худай, Бодонгууд, Хальтан, Цагаан, Батанай гэсэн зургаан хүү төрүүлжээ. Гутгаар эхнэр Баргужин гуа нь ганц охин төрүүлсэн гэх. Хоёр хатны 11 хөвгүүд үржсээр "хорь 11 эцэг" хэмээх хорь буриадын үндсэн овгийг үүсгэсэн. “Хус модон сэргэтэй, хун шувуу гарвалтай, хорь арван нэгэн эцэг” гэсэн буриад хэллэгт гарах хорь 11 овог ийнхүү үүсчээ. Оросын Ага буриад нь дээрх хорь арван нэгэн эцгийн Худай, Гушад, Батанай ороогүй Ага найман эцгийн гэгдэх овог үүссэн болно.

Хоридай мэргэний ганц охин төрүүлсэн эхнэр нь Баргужин гуа. Охин буриад заншлаар угийн бичигт бичигдсэнгүй. Баргужин гуа хатныг ууган, отгон хатан байсан талаар судлаачид маргалддаг ч, түүний төрүүлсэн ганц охин нь Алун гуа гэдэгт санал нийлдэг. Хоридай мэргэн хэдийнээ нас бие гүйцэж айл гэртэй болсон 11 хөвгүүд, хоёр ахмад хатдаа нутагтаа орхиод, бага хатан Баргужин гуа охин Алун гуаг авч Бурхан-Халдунд нүүсэн гэдэг.

Буриадуудын хун шувуу гарвалын тухай олон домог байдаг. Үүнээс Ү.Дашнямын тэмдэглэсэн домгийг толилууьяа: Хоридай мэргэн Байгал далайн эрэгт явж байгаад нэгэн сонин зүйлийг үзэв гэнэ. Тэнгэрээс нисч ирсэн хун шувууд далайн эрэгт буухдаа, үзэсгэлэнт охид болон тэдний далавч сэлт нь гоёмсог нөмрөг болов хувирч, тэнгэрийн охид усанд сэлж, зугаацаж ханаад, өөр өөрийн нөмөргийг өмсөн дахин хун шувууд хувилан тэнгэрийн орондоо буцдаг болохыг Хоридай мэргэн эргийн зэгсэн дотроос сэм ажиглан мэджээ. Хоридай мэргэн таалагдсан бүсгүйн нөмрөгийг нууж, хөөрхий хунг далавчгүй болгожээ. Ийнхүү тэнгэрийн охин газрын хүний гэргий болон олон хүүхэд төрүүлж дээ. Хүн, “хун” хоёр амьдарсаар цагийн урсгалд хоёул хөгширчээ. Нэг өдөр эхнэр нь шимийн архи нэрэхээр тогоондоо бүхээгээ тавьж, Хоридай тогоо бүхээг хоёроо тугалын балингаар шавж байтал эхнэр нь миний нөмрөгийг үзүүлээч гэжээ. “Олон хүүхэдтэй, өтөлсөн энэ яав гэж” гэж бодоод авдарандаа хав дараад бараагий нь ч харуулдаггүй байсан нөмрөгий нь гаргаад өгчээ. Гэтэл эхнэр нөмрөгөө нөмөрч байснаа, хун болон гэрийн тоонон дээрээ гарч “ган гун” дуугарсаар дээш нисэж дээ. Хоридай мэргэн түүний хөлнөөс шаваас хийж байсан халтар гараараа зуураад тогтоож чадалгүй хоцорчээ. Хунгийн хөл хар байдаг нь ийм учиртай гэнэ. Хоридай мэргэн гурван эхнэртэй байсны аль нь “хун” гарвалтай байсныг хэлэхэд бэрх.

“Онон, Хэрлэн, Зүлх, Минж зэрэг олон голуудыг товчлох нурууны баруун үргэлжлэл болох Охид хүүхэд хэмээх нэгэн их өндөр уул бий. Түүний ар доороос хун их цуглардаг Хунгийн гол хэмээх их гол урсаж гараад Шарулин хэмээх гол лугаа нийлж Зүлх гол болон умард тийш урсана. Үүнд дээр дурьдсан Эригний хун хэмээгч нь эрхбиш үүнийг хэлсэн мэт” гэж түүхч А.Амар тэмдэглэсэн нь бий. Хүн, “хун” хоёр яаж амьдардаг байна” гэсэн асуулт гарах уу? Хун шувууд цуглардаг уугуул нутаг Эргүнэ хунгаас хувь тавилангийн эрхээр нүүн явахдаа нутгаа санагалзан “Хун шувуун гарвалтай” гэдэг болсон бизээ. Хун шувууны ханьдаа үнэнч чанар, цэвэр ариуныг билигдсэн цагаан өнгө зэрэг нь буриадын тэнгэр шүтлэгтэй сүлэлдэн хунгийн домгийг бий болгосон болов уу. Тэнгэрийн охин-хун шувуу тэнгэртээ буцсан санаагаар “тэнгэр язгуурт” Алун гуа нутаг буцсаныг хэлсэн ч байж болох юм.

“Махан тэжээлт “Бөртэ-Чоно”, өвсөн тэжээлт “Гуа-Марал”-ыг барьж идээгүй нь сонин” гэж гэж францын түүхч Мишель Хоанг егөөдсөн байдаг. Түүхч А.Амар: “Бөртэ-Чино нь мөн тэр үед ирсэн буюу эсвэл уулаас хүннү, сяньби, тобануудын хамт сууж байсан алин боловч нэгэнт монгол хүн. Тийн атал, зарим нэгэн түүхчнээс монголчууд нь өөрсдийн гарлыг чоно ба марал хэмээх адгуус амьтнаас гарав хэмээдэг хэмээн, Бөртэ-Чоно, Марал хэмээхийг адгуус мэтээр бодож өгүүлдэг байна. Энэ нь Чино, Марал хэмээх нэрээс сэжигдсэн хэрэг бололтой. Монголчуудын заншлаар эдгээр болбоос, хүнд чоно ба марал хэмээх нэр цол өгөх нь тэр үед байтугай одоо ч байх амуй. Марал хэмээх нь бас одны нэр тул монголчууд одон гаригаар их л нэрлэдэг болой” гэж дээрх түүхэн хүмүүсийн нэрс адгуус амьтантай холбоогүй болохыг өгүүлдэг. Ер нь билигдлийн чанартай тотемийн амьтад дэлхийн олон үндэстний үлгэр домогт гардаг агаад тухайн үндэстэн ястны үзэл бодол, гоо сайхны мэдрэмжийг л эдгээр үлгэр домог илэрхийлдэг. Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэн амьдардаг нүүдэлчин монголчуудад чоно нь эр зоригтой, хүч чадалтай ухаалаг араатан, согоо марал нь үзэсгэлэн гоо төгөлдөр хийгээд цоглог хурдан амьтанд тооцогдож, билигдлийн тотем болсныг үгүйсгэх аргагүй.

Буриадын гарал үүслийн талаарх домогт олон хувилбараар байдаг хунгийн тухай домгоос үзсэн ч, тэд хун шувуу элбэгтэй Эргүнэ голын саваар нутаглаж байгаад, хожмоо Байгал нуур руу нүүсэн баргуд, хорь түмэд аймгаас буриадууд үүссэн гэдэгтэй санал нэг байна. Буриадууд эртнээс хамаг монгол ханлигийн түүхэн өлгий нутаг Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл өөрөөр хэлбэл Гурван голын эхээр гол төлөв Хэнтий нуруу, Буйр нуур, Дорнодын хээр талын баруун хэсэгт амьдарсаар иржээ. Тэгэхээр түүх үүсэл нэгтэй, зан заншил төстэй, шашин шүтлэг ижил, хэл соёл, ахуй адилхан буриадууд яах аргагүй монгол угсаатны нэгэн бүл мөн.

Буриадын нэрийн тухайд: Буриадуудын угийн бичиг бүр Барга баатрын домгоор эхэлдэг, түүнчлэн хамаг монголын бүрэлдэхүүнд байсан барга, хорь түмэд аймгуудаас буриад зон үүссэн гэж түүхчид үздэг тул “Баргут” үгнээс “буриад” нэр үүссэн байхыг үгүй гэхийн газаргүй. Чоно тотемтэй монгол болон буриад аймгууд түрэгийн ноёрхолд байх үест тэднийг чоно буюу “бурет” хэмээн нэрлэж байжээ. Эртний түрэгээр чоныг “буре” гэдэг нь бурет буюу улмаар буриад болсон гэх санаа ч бас үнэмшилтэй. Мөн ойн иргэдийн тоонд багтаж явсан санааг гаргасан бургасныхан буюу “бураад” гэсэн үг гэсэн тайлал байдаг. Сибирьт цагаан хаант Оросын нэвтрэх анхны давалгаанаар “харь үндэстэнд” хандах оросын бодлого эеврүү байж, татвар төлөхийг зөвшөөрснийг “брат” буюу “буриад”, татвар төлөөгүйг “монгол” гэж ялган бүртгэж харь гажууд нүүдэлчид гэлгүй хандаж байсан үед, орос хэлний “брат” үгийн сунжирсан дуудлага “буриад” болсон гэдэг шинэ үеийн түүхтэй холбогдон гарсан ойлголт хамгийн түгээмэл хувилбар. “Монгол угсаатны нэг салаа мөчир болох буриадын угсаа гарвал болон нэрийнх нь үүслийн асуудал ээдрээтэй бөгөөд эдүгээ болтол нийтээр хүлээн зөвшөөрсөн тайлбарлал үгүй билээ.”




Д.Бямбасүрэн “Буриад түмний гарал үүсэл, түүхэн замналын зарим асуудал”

С.Ишбалжир “Бөтрэ-Чоногийн нутгийн эрэлд”

Г.Цэрэнханд “Монгол угсаатны түүхэн хөгжлийн зарим асуудал”

А.Пунцаг „Баргужин төхөм нутгийн овог аймгийн тухай "

Г.Сумъяабаатар “Буриадын угийн бичгээс”

Мишель Хоанг “Чингисхан” след в истории

Ц.Төрбат “Буриад гэх угсаатны нэрийн тухайд

Sunday 6 January 2008

Орос гүрний эх газрын тэлэлт

Оросын умард болон баруун хилд Герман, Польш, Скандинавын орнууд, дээрх орны хүн ард үе улиран оршиж байв. Өөрөөр хэлбэл тогтвортой нэг л группийн ястан үндэстэн оросын уламжлалт өрнөд хөрш нь болсоор иржээ. Харин оросын дорнод хил хязгаарт Орос гүрэн сүүлийн мянган жилийн турш үргэлж тэлж томорсоор Ока мөрнөөс Номхон дөлгөөн далай хүрчээ. Тэнд байсан хэдэн арван ястан үндэстэн залгигдан, тухайн улс үндэстэн дэлхийн газрын зурагнаас арчигдан үгүй болсон юм. Орос улсын өрнөд, дорнод хөршүүдтэйгээ харилцах гадаад бодлого нь ч эрс ялгаатай байж ирэв.

Орос хүчирхэгжсэнийг Догшин хэмээгдэх IY Ивантай ихэвчлэн холбож ярьж, бичдэг. Гэтэл хэрэг дээрээ 1462 онд хаан ширээнд суусан III Иван Орос орныг хөл дээр босгох суурийг анхлан тавьсан юм. III Иван улс орноо татар-монголын хараат байдлаас ангижруулах зорилгод гадаад бодлогоо чиглүүлэхийн зэрэгцээ мөн Авсрийн гүрэн, Венеци. Англи гэх мэт өрнөд Европын тэргүүлэх орнуудтай холбоо тогтоож чаджээ.

III Иван эхэндээ татвар төлдөггүй болгох арга зам хайж байснаа, дараа нь Орос руу дайрсан татар-монголын цэрэгт хариу цохилт өгдөг болов. Mонголчуудын дунд хараахан нэвтрээгүй галт зэвсэг 1389 оноос Орост үзэгдэх болж, их бууны тусгай ангийн үндэс суурь тавигдаж эхлэсэн явдал “монголын цэргийн хүч илт давамгай” гэсэн нийтлэг сэтгэлгээ, айдас хүйтсээс ангижрахад нөлөөлсөн байна.

Улмаар XY зууны хоёрдугаар хагасаас Алтан Ордоос тасарч үүссэн Казаны хант улсын дотоод хэрэгт оролцон, өөрийн талын хүнийг хан ширээнд суулгах ордны хуйвалдаан зохион байгуулах, тэднийг өөр хооронд эвдрэлцүүлэн бутаргах идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сүүлдээ гадаад бодлого нь эзлэн түрэмгийлэх шинжтэй болж эхэлсэн байна. XVI зууны хоёрдугаар хагасаас Оросын гадаад бодлого илт түрэмгийлэх шинж агуулах болж, нутаг дэвсгэрээ Волга мөрнөөс Урал, Казанаас Каспий тэнгис хүртэл өргөтгөн тэлэх зорилгоо идэвхтэй хэрэгжүүлж эхэлжээ.

Морьтон нүүдэлчдийн байлдан дагуулсан төр улс цэргийн хүчний хуримтлалаар л хөдөлж байдаг. Цэргийн хүч л улс төрийг барьж байдаг гэсэн нүүдэлчин байлдан дагуулагчдын балмад үзлийг Орос шууд өвлөн хуулбарлаж, эзлэн түрэмгийлэгч болон хувирав. Оросуудыг хэдэн зуун жил монголчууд эзлэн түрэмгийлж байсан бол монголчуудын олон тасарсан улс, омог отгийг оросууд эзлэх эрин үе эхэлжээ. Түүхийн тавцанд Алтан Орд оршин тогтнохоо больж сууринд нь XYI зууны сүүлээр үүссэн Казаны хант Улс, Крымын хант улс, Астраханы хант Улс, Сибирийн хант улс, Ногайн Ордын улс зэрэг бие даасан хант улсуудыг Орос ээлж дараалан эзэлжээ.

Казаны хант улс: Оросын зүүн өмнөд этгээдийн хамгийн том, хамгийн ойр хөрш нь Казаны хант улс байв. Казаны хант улсад одоогийн Татар, Марийнск, Чуваш, Удмуртскийн холбооны улсууд болон Ульянов, Пензен, Саратов, Тамбов, Киров, Перм муж харьяалагдаж байв. 1436-1556 онд III Иван, IY Василий, Догшин хэмээх IY Иван гэсэн гурван хаан дамжсан, зуу гаран жилийн удаа дараагийн Орос-Казаны дайны дүнд 1557 онд Казаны хант улс Орост бүр мөсөн нэгтгэгдсэн. Догшин Иван гурван зуун жилийн өмнө Бат хаан Орос орныг эзлэхдээ энхийн гэрээ үсэглэн ялалтаа хуульчин батлаагүйтэй адил ямар ч бичиг баримт үйлдэлгүй шууд татвар хурааж эхлэжээ. Орсууд “Казан хотыг эзлэхэд цэргийн төдийгүй шашны, энгийн бүх эр хүйстэнг хүйс тэмтэрч, цорын ганц амьд үлдээсэн эр хүн нь Москвад хүргэгдэх ёстой хан байв. Казаны төрийн бүтэц, цэрэг армийг устгасан ч ардын бослого удаа дараа гарч оросуудад амар бууж өгөлгүй зовоожээ. Оросыг хүлээн зөвшөөрөөгүй Турк, Крым, Астрахан, Ногайн Ордын улсууд Казаныг ийнхүү эзлэсэнд дургүйцэж байв. Гэвч тэд хүчээ нэгтгэлгүй, эв нэгдэлгүй байж алгуурласаар, Орост дараа дараагийн улсуудыг ээлж дараалан амархан эзлэх боломж болгожээ.

Астраханы хант улс:Астраханы хант улс татарын хант улсууд дотор хамгийн цөөн хүн амтай, хамгийн жижиг улс байв. Астраханы хант улсын баруун хязгаар Кубан, Дон мөрөн хүрч, зүүн этгээдэд Бузан голоор Ногайн Ордтой хиллэж байв. Хөрш орнуудтайгаа энхээр зэрэгцэн оршихыг эрмэлзсэн бодлого барьдаг, илүү хүчирхэг Крымын болон Ногайн хант улсаас хамаарал бүхий энэ багахан орныг Догшин Иван 1554, 1556 онд хоёр удаагийн дайралтаар төвөггүй эзлэв.

Сибирийн хант улс: Сибирийн хант улс XVI зууны дунд үед өрнө хязгаар нь Уралын нурууны зүүн хяраар Казаны хант улстай хиллэн, баруун урдуураа Ногайн Ордтой хиллэн дорно талд Надым, Пима гол хүрч байв. Сибирийн хант улсад хот суурин газар бараг байсангүй. Ненц, коми, пермяк, манси, ханты, угро-фин, татар зэрэг олон ястантай. Баруун Сибирийг бүхлээр эзэлдэг өргөн уудам нутагтай энэхүү хант улсыг эзлэх нь нэн тэргүүний зорилго болсон Догшин Иванд дайрах шалтаг л хэрэгтэй байжээ. Нэгдүгээрт, Монголоор дамжин Хятадад гарцтай болох, хоёрдугаарт Камчаткийн хойгоор дамжин Берингийн тэнгист гарч далайн гүрэн болох хоёр давхар сонирхол байв. Сибирийн хант улс Сибирьт нэвтрэхэд дунд нь хана хэрэм маягаар оршин Орост саад болж байв.

Гэтэл1555 онд Сибирийн хант улсын хан Едигер өөрөө ихэд бэлэг сэлттэй элч илгээн ялдамссан байна. Едигер хан Оросууд нүдэн дээр нь Казаныг түрэмгийлж байхад урьд өмнөх тооцоогоо бодож байна гэж бодсоор нэг мэдэхэд хажуудаа татарын гурван хант улсыг нэгтгэсэн асар их нутаг дэвсгэр, хүн ам ихтэй, хүчирхэг хөрштэй болсондоо айн жийрхсэн нь энэ.

Догшин Иван хүний тоогоор тус бүр нэжгээд булга, нэжгээд хэрэм татвар болгон жил бүр тушаах биелэгдэх аргагүй нөхцөл тавин, Сибирын хант улсыг өөрийн хараат хамжлага улс болгосноо зарлигдажээ. Энэ нь жилд гуч дөчин мянган ангийн үс тушаана гэсэн үг байлаа. Англи, Францын гангачууд булгаар гоёдог болсон нь оросын балмад наймаачдыг Төв Ази руу даллан дуудсанаар оросын дорно зүг чиглэсэн түрэмгийллийг улам эрчимжүүлсэн гэхэд болно.

1556-1557 онуудад ангийн арьс үс бага авчирлаа гэж Сибирын хант улсын элч төлөөлөгчийг Москвад алжээ. 1563 онд Сибирын хант улсын хан ширээнд шинээр суусан Кучима Москвад татвар төлөхөөс татгалзаад зогсоогүй, Оросоос татвар хураахаар ирсэн элчийг бүрэлгэв. Улмаар Кучма оросуудад татвар үргэлжлүүлэн төллөө гэж Пермын манси, ханты нарыг шийтгэн залхаажээ.

Пермийн газар нутаг тухайн үеийн Оросын томоохон хөрөнгөтний нэг Строгоновын гэр бүлийнхэний мэдэлд байж. “Хувийн өмчид халдлаа” гэж гул барин Сибирыг тэр чигээр нь эзэгнэн хөрөнгө мөнгөө улам арвижуулах санаа агуулсан Строгонов баян, IY Иванаас “өөрсдийн хүчээр Кучимаг залхааж, Сибирийг буулгаж авах” зөвшөөрөл хүссэн байна.

Хаант засгийн зүгээс ямар ч гарз хохирол, хүчин чармайлт гаргахгүй Орос гүрэн томрох энэ боломжыг хаан дуртайяа хүлээн авч, 1575 онд Строгоновынхонд цэрэг армитай байх, эзэлсэн газар нутагт хамгаалах хэрэм цайз /кремль/ барих тусгай эрх олгожээ.

Строгоновынхон Ермакын козакуудтай хүч хавсран 1581-1583 онд хоёр жил байлдсаны эцэст Сибирийн хант улсын нийслэл Исгэлийг эзлэн авч ноёрхлоо тогтоов. Хоёр жилийн дараа Кучима оросын казакуудыг Сибирээс хөөн гаргаж чаджээ. I Федор хааны үед Орос орны хэргийг хэрэг дээрээ хөтөлж байсан Борис Годунов Сибирийг сайн дурын козакуудын хүчээр эзлэж хүчрэхгүйг ойлгон цэрэг армийн хүчээр Сибирийг эргүүлэн авах шийдвэр гарган, 1585-1598 оны хоёрдахь удаагийн дайнаар Сибирийн хант улсыг бүрмөсөн эзэлсэн байна.

Ногайн хант улс: XV зууны сүүлчээр Алтан Ордын сууринд үүссэн татарын улсуудаас Ногайн хант улс /одоогийн Оренбург муж, Башкир/ эрс ялгарч байв. Ногайн хант улс хүн ам ихтэй өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй том армитай. Бусад хант улсууд суурин амьдралд шилжсэн байхад ногайчууд адуун сүрэг олонтой, тоо томшгүй малтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг. Татар, башкир, татар, каракалпак, ногай зэрэг олон үндэстэн ястан тархай нутагласан, төвлөрсөн засаглалгүй. Ногайн хант улс Казаны хант улс, Астраханы хант улс, Сибирийн хант улс шиг Москватай цэрэг-улс төрөөр сөргөлдөхгүй найрсаг харьцаатай холбоотон байсаар, Орост 1557 онд дагаар оржээ.

Орсууд Сибирийг ихээхэн шохоорхож байв. Нэгдүгээрт, Монголоор дамжин Хятадад гарцтай болох, хоёрдугаарт Камчаткийн хойгоор дамжин Берингийн тэнгист гарч далайн гүрэн болох хоёр давхар сонирхол байв. Англи, Францын гангачууд булгаар гоёдог болсон нь оросын балмад наймаачдыг Төв Ази руу даллан дуудсанаар оросын дорно зүг чиглэсэн түрэмгийллийг улам эрчимжүүлсэн гэхэд болно.

Галт зэвсэг дэлгэрээгүй, хот суурингүй шахам, иргэншил нэвтрээгүй, төрийн зохион байгуулалт огт үгүй, Сибирийг оросууд хялбархан эзлэсэн юм. “Дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын томоохон хэсгийг эзэлдэг Сибирийн энэхүү орон зай итгэмээргүй шахам богинохон хугацаанд эзлэгджээ. Хэнээрхэлт козакууд голдуу сайн дурын түрэмгийлэгчид уралдан байж Сибирийг эзэмшихээр хөдөлцгөөж, кремль босгож, уугуул иргэдийг дарамталж хар булга авлуулан, түүгээр наймаа хийх худалдаачид нутгийн гүнд хүрчээ. Цаашлан Москвагийн заавраар газар эзэмшиж хөгжүүлэх ёстой тариачдаар дүүрэх болов. ” Галт зэвсэгтэй болчихсон орсуудын хувьд хэрэм нь зөвхөн батлан хамгаалах үүрэгтэй бус эзэлсэн газраа өөрийн боллоо гэдгийг бататгасан, ирээдүйн хот суурин газар, засаг захиргааны нэгжийн “шав” болж байв.

XYII зууны сүүлийн хагас, XYIII зууны эхэн буриадуудын хувьд хувь заяаны эгзэгтэй үе байлаа. Оросууд XYII зууны гучаад он гэхэд зүүн Сибирьт буюу монголын хилд хэдийн тулж очив. 1645 онд Байгаль нуур орчим, 1946 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд Үдэд цэрэгжсэн гацаа байгуулж чадсан байна. Хүйтэн, хөндий дурьдагдах эдгээр он жил, суурь гацааны нэрсийн цаана өчнөөн олон энгийн хүний амь нас, амьдрал ахуй үрэгдэж, хувь заяа хэлмэгдэж байсан нь мэдээж.

1688 онд Үд хот руу буриадуудаа оросуудаас чөлөөлөхөөр дөчин мянган цэрэгтэй монголчууд хойшоо мордох гэж байтал, Халх Ойрдын дайнд Галдан бошигттой тулалдахаар болж цэргээ буцаж татсан гэдэг. Оросууд үүнийг ашиглан тавнангуудыг эзэлж, монголын хилд тулж очив. 1689 оны Нерчийн гэрээгээр Буриадыг Оросых болсныг баталсан.

Их навигацийн үе XV-XVII зуунаас Испани, Португал хүмүүс далайн усан зам, арлууд болон эх газрыг нээж эхэлсэн билээ. Ийнхүү европчуудын эзэмшил нөлөөллийн бүсээ далайн замаар тэлж байхад, далайд гарцгүй Орос зөвхөн эх газрыг дамжин дорно зүг рүү тэмүүлж байв. “Хэдийгээр Орос нь Византын соёл бүхий загалмайн шашинт Европын гүрэн боловч энэхүү олон зуун жилийн монгол, түрэг болон тэдний угсаатныхантай хийсэн тэмцэл, хамтын ажиллагааны үед улам илүү дорножин генетикийн хувьд ч, соёлын хувьд ч европчуудаас ихэд хөндийрчээ. Иймээс ч “орос хүнийг сайн маажвал цаанаас нь татаар гарч ирнэ” гэсэн үг гарсан бололтой.”

Friday 4 January 2008

Унага минь хурдан том болоосой

Ёгт үлгэр тэрлэхийг оролдвол: Мянган солигдох агшинд урд хөршийн ногооны талбайд "лууны зулзага" мэндэлж хорвоо цочмоор орилж, дуу тавьж байхад, хойд хөршийн их хөвчид "баавгай" нойрмог сэрж ядан байж билээ. Лууны зулзага жилээр биш өдрөөр өсөж даль жигүүр нь ургаад даян дэлхийгээр нисэх гээд байгаа. Баавгай сэрээд, бяр хүч нь тэгширч эхлээд, хорвоогийн олонд зангарагтай эр өндийх нь гэж гайхагдаад, өвөл ч ичээндээ орохоо болиод төрөл арилжиж танигдахын аргагүй болж байна.
Манай Монголд нэг хөөрхөн унага төрөөд хүн зон бүгдээрээ өхөөрдөх үгээ олж ядан ихэд билэгшээн баясаж байвай. Уул нь ч монгол удмын унага гэсэндээ байгалийн жамаараа эхээс хүндрэлгүй төрөөд, дөрвөн хөлөн дээрээ шууд тогтоод авсан. Хөөрхөн гэдэг нь аргагүй. Ийм эгдүүтэй амьтныг эрхлүүлэлгүй яадаг юм. Хот газар өвсний соргог гэж ярих биш, нялх амьтан цагаан хэл ам атаа жөтөөнд өртсөн үү, элдэв өөдгүй амьтанд хорлогдсон уу яасан унаганд зориулсан тусгай хоол, печенье гадаадаас авчирч тэжээгээд байхад хөөрхий минь цаанаа нэг торнилт муутай. Тоглож тонгочиж явахдаа тархины гэмтэл авчихаагүй байгаа даа гэж санаа зовоод байх боллоо. 2007 онд унага маань хүний насаар бол сургуульд орохоор, хүлгийнхээр их насанд уралдахаар боллоо. Долоон жилд дааган чинээ биетэй, унаган нялх зантай хэвээр байгаад байдаг. Өвөөдөө очиж унагаа яаж өсгөхийг асуудаг юм билүү. Айлаас эрэхээр авдраа уудал гэж. Моринд гарамгай монголчууд хэнээр ч хэлүүлэлгүй морио адгуулж чадах учиртай. Энэ өвөө л мэднэ, өвөө л чадна. Би ч бас хоосон очихгүй ээ. Хорвоо ертөнцийн сонин дуулгаж, хот айлын багачуудад хай, био, нано гээд шинэ технолог заана. Өвөө сэргэлээн, "болхи миний ухсанаар хүү минь энэ чинь нэг ийм баримжаатай эд шиг, манай монголчуудын ийм тийм юмтай агаар нэг" гэсээр байгаад явж явж өвөө маань Монгол хөрсөнд яаж буулгахыг хэлээд өгнө дөө.

Wednesday 2 January 2008

Шинэ оны мэнд

Блогчин андууд минь 2008 ондоо цахим орон зайд цаглашгүй өндөр амжилт гаргаарай.


Ажлын чөлөөнд аяга тагш пиво уугаад,
Амрах үедээ футбол үзэж догдлоод,
Аялал зугаалганд олон дотно нөхөдтэйгөө яваад,
Анд олон нөхдөөр түшиг хийгээд,
Ажлын байр тань цэвэр ариун байгаад,
Алт мөнгө, дойлуур төгрөгөөр бялхаад,
Чадна чадна, чадахгүй юм гэж үгүй гэж цаана нь гараад,
Үр хүүхэд тань үргэлж сайхан мэдээ дуулгаад,
Алив амьтан хүний эвийг олоод,
Ах дүүтэй эвтэй найртай байгаад,

Даяарчилагдсан дэлхийд амьдарна гэж даамай сайхан хувь юмаа.