Sunday 3 February 2008

Франц хэв маяг

Франц орны тухай та бүгд ном зохиол, кино телевизээс сайн мэднэ биз ээ. Зарим блог андууд явсан газрын сониноос сонирхуулаач гэсэн дагуу өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцая. Францууд чех зэрэг төв европын хүмүүсээс биеэр давжаа улс тул би хүртэл хүний нүүр лүү өлийгөөд байхгүй заримаас нь бүр өндөр байж биеийг тоох дөхөв.
Дарс, бяслаг гээд хооллолтын өндөр соёлтой, донж маяг тааруулж гоёмсог хувцаслаад сурчихсан, уран зураг, дуу хөгжим, ном эрхэмлэдэг гээд бодохоор тэд амьдралын сайхныг амталж таашаал авч чаддаг улс. Сэтгэлгээ зан авир нь чөлөөтэй, биеэ барьж эвгүйцэх нь бараг үгүй шиг, ямар ч байсан "раман дотроо яажигная" гэдэг гэлцийг тэдэнд ойлгуулахад бэрх шиг санагдсан.
Хижээл насны авгай тод өнгийн тоодгор юм өмсөөд өндөр өсгийт дээр тог тог хийгээд явж байхад муухай харагдахгүй агаад өнгөний зохицолдоо хачин сайн мэдэрдэг бололтой. Нэлээн тарган залуу бүсгүй нарийхан гоолиг найз охидтойгоо адил хөл шилбэ барьсан өмд өмсөөд, доош саравгардуу гучаад оны хийцтэй пальтоог ташаа толгойн дундуур тайрсан
мэт пиджак өмсөөд энэ жилийн модны оргил болоод бандагнаж байхад хэн ч түүнийг үгүй энэ болимоор юм гэхгүй. Товчдоо хөгшин залуу, бүдүүн нарийн гэхгүй моодлоно. Түүнийхээ донжийг ч тааруулна.
Баян ядуу, боловсролтой үгүйг гадна хувцасласан байдлаар нь ялгахад хэцүү. Булган дээл хайш яйш хэгэлдэрлэсэн бүсгүй хоосон байж болзошгүйн адил, тааран цамц элэгдсэн жинстэй нөхөр саятан байж мэднэ. Юу идэж ууж, ямар ресторанд орж, хоолны захиалга хэрхэн хийдгээр зиндаа зэрэг див тодорхойлогддог гэхэд бараг хилсдэхгүй. Үнэтэй ресторанд ордоггүй мань мэт хаанахын ямар сортын усан үзмээр хэдэн жил дарсан ямар гээчийн дарсыг мэдэхгүй байж болно. Хавч, дун хясаа мэтийн далайн чамин хүнсийг яаж иддэг, ямар төрлийн маханд ямар дарс уудаг, хоолны дараа ямар бяслаг жимсыг десерт болгон хэрэглэдэг зэргийг бэл бэнчинтэй залуус мэдэж байхад илүүдэхгүй шиг. Жижиг зүйл мэт санагдах ч ямар жимс аль цагт боловсорч гүйцдэгийг мэдэх хэрэгтэй гэнэ. Яг тэр үед нь тэр жимснээс амин дэм авдаг, илүүтэй иддэг бичигдээгүй хуультай. Гүйлс боловсорч байхад, амин дэм нь оргил үедээ бус гүзээлзгэнэ идэх нь утгагүй гэнэ. Орос ах нар шиг цагаан архи, чех андууд шиг шар айраг бараг уухгүй дарс голлон уудаг газар бололтой.
Францын ерөнхийлөгч асан Франсуа Миттеран Европ дахинд хамгийн том номын санг санаачлан барьж гүйцэлдүүлжээ. Улс орноо удирдаж байсан, байгаа үе үеийн ихэс дээдэс улс орондоо хэрэгтэй үлдэцтэй ямар нэг юм хийж бүтээдэг уламжлалтай юм байна. Люксенбургийн ван санаачлан бариулсан тиймээс Люксенбургийн ордон гэж нэрлэгддэг ордонд сенат (Манайхаар УИХ)нь байрладаг, сайхан ордон байна билээ.
Гадны хэлээр ярих дургүй, өөрийн оронд үйлдвэрлэсэн нэрийн барааг өмсөж эдлэн бахархах дуртай зэргээр их гүрний зангараг мэдрэгдэж байв. Төрлөх франц хэлнээс гадна түгээмэл англи, герман хэл, хэлний нэг группт багтах итал испани хэл мэддэг ч ярих дургүй. Гудамж талбайд хүнээс зам асуухад уриалгахан аргагүй хэлж заагаад өгнө. Англиар ойлгохын дээдээр ойлгож байвч хариу францаар ирнэ. Бизнес хүрээнийхэн бүгд англиар ярьдаг, заавал францаар зүтгүүлэхгүй. Томоохон пүүсүүд орос, хятад хэлтэй ажилтантай болжээ. Ази царай хараад хятадаар ярьдаг хүнээ илгээх ба орос аялгатай англи сонсонгуут оростой ажилтнаа (голдуу франц англи хэлтэй орос хүүхнүүд) аваад ирнэ.
Парижд ажил амины хэргээр оны эхний нэг хоёрдугаар сард очвол зочид буудал олоход хүнд байдаг гэнэ. Моод загварын ертөнцын төрөл бүрийн яармаг энэ хоёр сард шил шилээ дагаад болж өнгөрдөг бөгөөд, Франц загвар тодорхойлдог орон тул хорвоогийн өнцөг булан бүрээс энэ салбарт ажилладаг хүмүүс цувдаг цуглардаг юм байна.
Луврын гадна нэмж баригдсан, Дэн Брауны "Да Винчийн код" номонд тодорхой гардаг алдарт шилэн пирамид, сарнайн зурвас зэргийг үзлээ. Сард нэг бүтэн сайн өдөр музейнууд үнэ төлбөргүй. Өглөө эртхэн очсон ч хэдэн км урт дугаар үүссэн байвай. Энэ пирамид барьсан архитектор вьетнам гаралтай хүн, түүний энэ бүтээлийг зарим нь архитектурын гайхамшиг гэж байхад зарим нь эртний барилгын цогцолбор дунд хэв шинж эвдсэн "Парижийн шарх сорви" гэж дургүйцэн угтсан гэх. Дашрамд дурдахад Европын орнуудад хотын өнгө үзэмжид ихэд анхаардаг. Ялангуяа түүх соёлын дурсгалт газар, барилга архитектурын хэв шинжийг хадгалах тал дээр хууль дүрэм нь чанд хатуу. Мэддэгээрээ Праг хотод хуучны барилга ихтэй хотын төвд шинэ үзвэр үйлчилгээний газар нээхэд дотор засал дээр орчин үеийн болгон өөрийн дураар өөрчилж болохоос гадна фасад дээр гар хүрэх хориотой. Ойр орчмын барилгатай, түүхэн үетэйгээ зохицсон байх ёстой. Париж француудын тухай ярьж байгаад Прага гээд хальтирчихлаа.