Thursday 26 August 2010

Харыг хамгаалсан шар

Ажлын газрын арын хаалган тушаа хүн хүлээн зогсч байтал, нарийн замын эсрэг талын барны үүдэнд цагаан хар хоёр арцалдах нүдэнд тусав. Эхлээд таньдаг найз нар бие биеэ явуулж тоглож байгаа биз гэтэл нэг л биш ээ. Цагаан нь цайвар шар үсээ задгай хаясан, өндөр хөхтэй, өргөн ташаатай, нарийн бэлхүүстэй, сунайсан урт хөлтэй гоо үзэсгэлэнгийн төгс загвар гэмээр залуухан чех бүсгүй. Хар нь буржгарын цаад буржгар атирсан үстэй, урагш түрсэн эрүүтэй, зузаан даравгар уруултай намхан залуу. Хүүхэн хархүүгийн мөр лүү байсхийгээд түлхээд авах юм. Хархүү нэг юм хэлээд л урагш зүтгээд байдаг. Нэг нь англиар, нөгөө нь чехээр яриад бие биеэ ойлгохгүй байх шиг. Дуу нь чангараад явчихлаа. Чех хүүхэн "энд зөвхөн цагаан ордог" гээд хар залууг цааш түлхээд байгааг гэнт ойлгов. Зөвхөн цагаан гэнэ үү? Ингэхэд шар арьстан би ч бас гадаа хоцрох нь. Эрхээ хамгаалмаар санагдаад очиж:
-Та энэ барны эзэгтэй юү? гэж чехээр асуувал
-Үгүй би тогтмол үйлчлүүлэгч
-Энд зөвхөн цагаан арьстанд үйлчилдэг дүрэмтэй юм уу? Би орж болох болов уу?
Цаагуураа хүний эрх хөндөөд ч байх шиг чехээр яриад эхлэхээр гоо үзэсгэлэнгийн туйл маань зөөлрөөд явчихлаа. Пани та бол орж болно. Энэ хар дандаа хүний дургүй хүргээд байдаг өөдгүй этгээд байгаа юм.
Өөдгүй рүүгээ харвал, ажил төрөл ч үгүй энд тэнд хэрэг төвөг удаж явдаг, салбаг далдаг хийсэн этгээд шиг. Ямар ч болсон дэлхийн олимпийн аваргад хүч үздэг хөдөлмөрч булчин шөрмөс зангирсан, төлөв харуудтай ямар ч төс алга. Чехээр огт ойлгодоггүй бололтой. Гэхдээ л намайг гэнт гарч ирээд өөрийг нь өмөөрч буйг гадарлав бололтой. Энэ хүүхэн намайг ийш нь оруулахгүй дээрэлхээд гээд гомдол урсгаж байна.
-Та дургүй байхад нь заавал энд орох ямар шаардлага байна?Хааяагүй бар байхад .
-Зөрүүд зан хөдлөөд л...
Барны хаалга онгойж, тэндхийн бие хамгаалагчид бололтой өндөр бадриун хоёр залуу гараад ирлээ. "Энд юү болоод байна" гэж сүрлэг том дуугаар хүнгэнэв. Гурван өндөр цагааны эсрэг хар, шар хоёр тагжгар юм. Хүчний тэнцвэр алдагдаад явчихлаа. Шууд сүүлээ хавчаад зугталтай биш, шар миний шар хөдөлж: "Цыгануудаа гадуурхдаг гээд гишүүн болгох эсэх дээр бөөн хэл ам болж байж Европын Холбоонд танайхан ороо биз дээ. Хүн ялгаварлан гадуурхадаг үзэл байхгүй болсон гэдэг худал юм байна. Танай барны тухай, ийм арьсны үзэлт чехүүд байдаг тухай бичнэ " гэж том дуугарав.
Нөгөө хар руу, "чи хүний нутагт хүний биеэ аятайхан аваад, эвтэйхэн явахад яадаг юм" гэж ээж, багш синдромдож хэлээд эргэсэн.



Saturday 21 August 2010

Ялгаа

Явж байтал ази эмэгтэйн зурагтай рекламтай тааралдав. Хамт явсан чех эмэгтэй
-Монгол хүүхэн гарчихаж.
-Үгүй ээ, энэ хятад хүн байна.
-Чи яаж ийм итгэлтэй хэлж байнаа?
-Азийн бидний хувьд чех, англи, орос бүгд л ижил цагаанууд. Гэтэл танайхан орос хүнийг хараад чехээсээ шууд ялгана. Англи хүн чех хүнийг англиасаа шууд ялгаад өөр гээд байдаг.
-Оросууд манайхнаас өөр, би ч энэ нь чех, тэр нь орос гээд хэлчихнэ. Чи хятад монголыг юугаар нь яаж ялгах бэ?
-Манай монголчууд тэднээс арай өндөр бас бадриун. Мэдээж тэрбум хятад дотор хоёр алд өндөртэй дэлхийн хамгийн том, тохойн чинээ дэлхийн хамгийн жижиг одой хүн бий гэж дуулддаг. Монголчууд цагаан идээ мах голдуу иддэг болохоор яралзсан цагаан, жигд сайхан шүдтэй, мөн шанаа өндөр, харц дээгүүр. Тэгээд хамар ам гээд хятад монгол өөрдөө өөр. Алхаа гишгээ, ааш зан бас ялгаатай.
-Хятадуудын хамар ам ямар гэж?
-Арай open-онгорхой гэх үү дээ. Манайхнаас тэд арай л ээтэн хамартай, орсгой шүдтэй гэхийг гадаад хэлэнд буулгаж дөнгөсөнгүй тул баруун гарын долоовор хуруугаар хамрынхаа үзүүрийг хойш чичилж шантгар болгоод, уруул хавьцаа дөрвөн хуругаа доош сарвайлган шүд нь нааш түрсэн хүнийг дүрслэв.
-Алхаа гишгээнд бас ялгаа байх уу?
- Түүх уламжлал шингэсэн хамгийн том ялгаа алхаанд харагддаг. Хятад хүн хөнгөхөн алхаатай: өлмий нь гадагшаа, өвдөг ер бүрэн тэнийхгүй, хүзүү урагшаа сунгаастай, харц доошоо хятад хүнийг харахаар цагаан будааны талбайн суулгац хооронд намс намс хийтэл хөдөлж хог ургамалаа түүж байгаа дүр зураг нүдэнд буугаад байдаг юм. Өргөн талд хонио хариулаад алсын бараа хараад айвуу тайвуу алхах монгол хүн бат цэгц алхаатай байдаг.


Тухайн үндэстэнг бусдаас ялгаруулан тодорхойлдог тийм нэг ерөнхий зүйл байдаг байх. Угсаатан зүйч биш болохоор мэдэхгүй тул хувийн бодлоо л хэлсэн.