Friday, 28 June 2013

Асуулт бүрт хариу барих нь

Улаанбаатар Москвагийн урт нислэгт манай хөдөө нутгаар ханатал тэнэсэн шинжтэй хоёр гадаадын дунд суудал таарчихлаа. Нойр авахын хүслэнд автсан бибээр толгой дохин мэнд мэдээд, замын уртыг таг чиг барах санаатай байв. Хоолны дараа цай кофегоо цаасан аяганд өгөөд байхлаар санаандгүй энэ жижиг аяга ямар зориулалттай юм бол гээд дуу алдчихсан биш нар салхинд гундсан намхан итал авгайн дайралтад өртөж өчнөөн төчнөөн асуултад булуулав.
Хорь орчим насны дэндүү залуу улс аяны хөтөч хийх, хотоос хөдөө хүртэл олон цагийн машины аялалд хажуугаар өнгөрөх уул ус газар нутгийн талаар юү ч ярьж өгөхгүй уйтгартай, юм асуухаар ихэнх тохиолдолд мэдэхгүй байсан гээд нэлээд гомдолтой байна. 
Хөдөөний улс гадаад хэл мэдэхгүй, хотын залуучууд хөдөө нутаг зан заншил мэдэхгүй байгаа байх даа гэлээ. Уул нь хөдөөний хүмүүсээс нь нутгийн уул, домог сэтгэлгээний, ардын аман зохиол, мал аж ахуйн талаар яг оновчтой асуулт тавьсан бол тэд маш сонирхолтой сайхан хариулт өгөх учиртай. Дунд дээд сургуулиар олсон боловсролтой огт хамаагүй язгуур соёл урлагаа, үүх түүхээ тэд маш сайн мэднэ. Саяхан болоод өнгөрсөн ой тогтоолтоор дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд манайхан их амжилттай оролцсон. Манайхан ой тогтоолт сайн, бараг үндэсний онцлог шүү. 
Авилгал хээл хахуулын талаар хэн ч хариулаагүй гэж байна. Хорь шүргэж байгаа залуус хөөрхий нийгмийн ийм муухай үзэгдлээс ичээд юм хэлээгүй болов уу? Хорвоо дэлхийд хаа сайгүй байдаг үзэгдэл, тухайлбал Сицилийн мафийн тухай дуулаа ч үгүй мэдэхгүй байж ч болох юм. 
Баян-Өлгийд бүргэдгүй анчид олон байна гэнэ. Баян арабууд мөнгөөр зодож авсаар бүргэд шонхор маань цөөрсөн биз гэлээ. Ийм өргөн уудам нутагтай...хөдөө бараг хүнгүй, хотод машин нь багтахгүй... гээд баахан гурван цэгтэй бодлогоширч байна. Бэлчээр нутаг, гол ус сүйтгэсэн гайтай хөөтэй уул уурхайн бизнес гээд баахан дөвчигнөх гэснээ сайн мэдэхгүй сэдэв рүү хальтарч мадлуулна байх гэж эмээгээд эвшээсэн дүр эсгэж нүдээ анин жүжиглэснээр бидний яриа өндөрлөв.