Сайн эмч гээд хүмүүс мэддэг болонгуут, амар тайван байлгахгүй өглөө үдэшгүй, бүр шөнө дунд ч хамаагүй зогсоо чөлөөгүй дуудаад, амралтгүй шогшсоор хөөрхий эмч ядаргаанд орно, унаад өгнө. Ээ хөөрхий, тэгээ юү гээд л болоо. Сайн хирург бол баталгаатай архичин юмуу, авилгач болно. Өчнөөн цаг зогсоогоороо зуун хувь анхаарал төвлөрүүлээд хүний биеийг огтолж зүсээд, эд эрхтэнг нь гаргаж нэг тавиад оруулж нэг байрлуулаад, оёж шидээд амь аврах гээд зүтгэж зүтгэж гараад ирэхэд нь шилтэй цэнхэр, дугтуйтай мөнгө угтаж байгаа юм даа. Үнэн лайтай!
Сайн тамирчин байгаад дэлхийн ч юм уу, олимпын ч юмуу аврага болчихсон бол дараагийн олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байранд дөхөж очих магадлал бараг байхгүй. Ирэнгүүт нь баахан нэр цолоор, бай шагналаар дөнгөлөөд авна. Жил турш сонгууль болно. Нэр дэвшигч бүр кармааны алдартантай байж нүүр “тахлана”. Бэлтгэл сургуулиа хийж чадахгүй дарга нарын кармаанд явсаар элэгдэнэ. Үнэн лайтай!
Сайн хүлэг морь нь улсын наадамд хурдалж гүйгээд айргын тавд орсон адуучин нойртой хонохоо болино. Мал мэдэхгүй, морь танихгүй их хуралд зүүрмэглэж суудаг хэдэн балай юмнүүд, элдэв аргаар хөлжсөн шинэ баячууд тэр хурдан хүлгийн эзэн болохоор улайраад салахгүй. Сүргийн сүлд хийморь болсон хүлгээсээ салах хэцүү, хэдэн бор цаасанд нь эхнэрийнх нүд унаад үглээд байх бас хэцүү. Хон хэрээ шиг эргэлдэх хүн сүгт хүлгээ өгч салах болно. Үнэн лайтай!
Сайн бичдэг гээд шуугиад эхлэвэл, нэрд гарах гэсэн хэн хүн хэдэн бороор худалдаад авчих гээд зүтгэчинэ. Намын шугамаар, найзын гуйлтаар, танилын нүүрээр огт таалагдахгүй, бодож үзээ ч үгүй, балай солиотой санааг баараггүй эвлүүлэх болно. Юм бичиж үзээгүй, бичиг үсэгт бараг тайлагдаагүй, уншсан зүйлийнхээ талыг ч ойлгохгүй заримын амны зажлуур, шүлсний самбар болно. Үнэн лайтай!
Сайн санаад ядарч байгаа нэгэнд туслаад орхино. Энэ тухай яриа хуурай өвсөнд авалцах түймэр шиг үтэр түргэн тархаж, номхон нохой ноолоход амар гээчийн үлгэр амилна. Гуйсан хүн зөвдөж, гуйлгасан хүн буруутана. Бэлэнчлэх сэтгэлгээтэй залхууд, бадар барихад мэргэшсэн мэргэжлийн луйварчинд халаасаа гөвөх албатай юм шиг аашлана. Үнэн лайтай!
Энэ жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болноо. Аль ч салбарт, юунд ч цоройлсон, цоройлоогүй гэхэд юүхэн хээхэн дээр гайгүй байхад л төвөг, яршигтай болсон болоод “лай” гэдэг үгийг сайн үйлийн, сайхан гоё зүйлийг тодорхойлдог болжээ. Хэл бол нийгмийн гажуудлын толь гэдэг үнэн бололтой.