Wednesday 29 July 2009

Дэлхий дахин нээлттэй болсон өнөө цагт дотоодын компаниуд хулчийхгүй шүү

Б.Уянга
Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэж буй энэ халуухан өдрүүдэд мэргэжлийн хүмүүс санал, бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Тэдний нэг болох МУИС-ийн Газарзүй-геологийн факультетын дэргэдэх Геологи-минералогийн тэнхимийн багш, доктор, профессор Ж.Бямбатай уулзаж гэрээний төслийн талаар санал бодлыг нь сонссон юм.

-Та Оюутолгойн гэрээний төслийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг. Тодорхой баримтад тулгуурлан шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Энэ удаагийн төсөл нууцаар цөөхөн хувиар тараагдсан учраас ямар төсөл байгааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өмнөх төсөлд нь маш олон ноцтой зөрчил байсан. Энэ төсөл бүхэлдээ Монгол Улсыг цөлмөж Африкийн ард түмэн шиг ядуу зүдүү, өлсгөлөн гуйланчлалын байдалд оруулж болохуйц төсөл болсон байна лээ. Гадаадын нэг компанийн эрх ашгийг нэгд, улсынхаа эрх ашгийг хоёрт тавьсан төсөл. Гэтэл Оюутолгой бол манай улсыг наад зах нь 100 жил хангалуун сайхан амьдруулж чадахуйц нөөцтэй газар. Энэ төслийг батлавал Бороо гоулдын түүх шиг бид хоосон хоцрох аюултай. Үүнийг би баримтад тулгуурлаж ярья. 1962 онд НҮБ 1803 тоот тогтоол гаргасан байдаг. Үүнд шинээр тусгаар тогтнол олсон болон хөгжиж буй орнуудын ард түмэн эх орныхоо газар нутаг, эд баялгийг захиран зарцуулах эрхтэй гэсэн утгатай. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын Маракашийн гэрээ гэж бий.

Тэр гэрээнд Монгол Улс нэгдэн орсон байдаг. Гэрээний ерөнхий утга нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад өндөр хөгжилтэй орнуудын байгууллагууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа явуулахдаа тухайн орноос нь хөнгөлөлт эдэлж болохгүй гэсэн утгатай юм.

Гэтэл манайх наад зах нь 68 хувь хөнгөлөх асуудал тавиад байгаа биз дээ. Ингэж болох уу. ДХБ гэрээний гишүүн орнуудыг сайн хянадаг юм билээ. Нэг жишээ ярихад, манай нийслэлд оёдол, сүлжмэлийн бүтээгдэхүүн хийж АНУ-д экспортлодог байсан гадаадын олон үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсныг хүмүүс сайн санаж байгаа байх. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошгоор гаргахад маш их хөнгөлөлт эдэлдэг байсан нь тэдэнд ашиг авчирдаг байсан. Тэр үед Дэлхийн худалдааны байгууллагаас манай ЗГ-т хоёр, гурван удаа энэ үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж бичиг ирүүлж байсан. Одоо яригдаад байгаа энэ “Рио-Тинто” компанийн үйл ажиллагаанаас болж Африкт иргэний дайн хүртэл гарч байсан гашуун түүх байдаг юм шүү. Түүнийг нь одоо сануулахаар “Бид тэр үед туршлагагүй байсан юм” гэж хариулдаг гэнэ лээ. Тэгвэл одоо туршлагатай болчихоод Монголыг цөлмөх гээд байна уу гэж асуумаар байна. Энэ төслийн бас нэг ноцтой юм нь техник, эдийн засгийн үзүүлэлт гаргаагүй байж гэрээ хийх гээд байгаа аюултай зүйл байна. Ухаандаа ямар бүтээгдэхүүн гаргаж, улс орны эдийн засагт ямар нэмэр өгөх вэ гэсэн асуултууд хоосон хэвээр байна. Гэтэл С.Авирмэд “Айвенхоу Майнз”-ын бичиг баримтуудыг харж байгаад л тэр үзүүлэлтүүдийг тооцоод гаргачихсан байгаа. Бүх тооцоог нь маш сайн нарийн хийсэн байгаа. С.Авирмэд яг энэ мэргэжлээр Канадад мэргэжил дээшлүүлж байсан хүн шүү дээ. Монголын стратегийн түүхий эдтэй бараг бүх ордын техник, эдийн засгийн үзүүлэлтийг тооцсон байдаг.

-Олон түмний дунд Оюутолгой “Бороо гоулд”-ын гашуун түүхийг давтах вий дээ гэсэн болгоомжлол их байх шиг байна. Түүх давтагдахгүй гэх баталгаа бий юу?
-Ер нь “Айвенхоу Майнз” дэндүү даварч байна. Тухайлбал, Өмнөговь аймагтай тэнцэх хэмжээний газар авна, нэмж авах шаардлага гарвал Засгийн газарт мэдэгдэнэ, харин Засгийн газар татгалзах эрхгүй гэж тусгасан байсан. Цаашилбал үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарвал зөвхөн Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд мэдэгдэнэ, харин тус яам татгалзах эрхгүй. Тусдаа бие даасан гаальтай байна, түүнд нь монголын нэг ч гаалийн ажилтан орох эрхгүй гээд маш олон заалтууд тусгасан байсан. Арай дэндүү. Мөн тэдний байгуулсан дэд бүтцийг манай тал ашиглавал тэдэнд төлбөр төлөх заалт оруулсан байсан. Түүнээс гадна УИХ-аас бидний саналд тохируулж хуулиа гарга гэсэн тулгалт тавьсан гэсэн. “Бороо гоулд” онгоцоор хамаг алтаа ачдаг байсан. Тэгэхэд манай гаалийн нэг ч ажилтанг онгоц руугаа оруулдаггүй байсан гэдэг. Ерөнхийдөө “Бороо гоулд”-ын түүх давтагдаж байна гэхэд хилсдэхгүй болохоор энэ төслийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Ер нь “Айвенхоу Майнз” алс холын Канад руу алт, зэсээ зөөхгүй нь ойлгомжтой. Эхний 3-4 жилд ойрхноор нь Хятад руу зөөж таарна. Тэгээд “авдар доторх”-оос нь хангалттай юмаа авчхаад хятадуудад зарчихаад гараад явна гэсэн хардлага бидэнд бий.

-УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Тэр муу “Айвенхоу Майнз”-ыг өшиглөөд гарга” гэж хэлсэн байдаг. Энэ компаниас өөр хөрөнгө оруулчих компани дэлхийд байгаа биз дээ?
-Дээрх бүгдийг үндэслээд ер нь “Айвенхоу Майнз”-ыг оруулах шаардлага юу байгаа юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. “Рио-Тинто” энэ хоёр дэлхий дээр цорынх нь юм уу. Гадаадын олон компаниуд манай ЗГ, УИХ-д хандсан гэнэ лээ. Тэгээд ч “Рио-Тинто”, С.Баяр нарын хэлсэнчлэн Оюутолгойд таван тэрбум бус 2-3 тэрбум ам.доллар л байхад хангалттай байдгийг би Латин Америк, Европын олон компаниудын сайтаас харсан. Тэр хөрөнгийг нэг дор биш цувуулж гаргаж болно. Тиймээс дотоодын хэдэн компани нийлээд аль аль компанийхаа гадаад сувгуудыг ашиглан энэ зэргийн хөрөнгийг гаргачих чадал байгаа гэдэгт би бат итгэж байна.

-Хөрөнгийг нь манай хэдэн компани босголоо гэхэд дэд бүтэц, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүмүүс нь байхгүй гэж ярьдаг. Үүнийг яаж шийдэх хэрэгтэй вэ?
-Тухайлбал, төмөр замыг шийдэх бүрэн боломжтой. Ач холбогдолтой хэдэн цэгүүдээр (Оюутолгой, Тавантолгой гээд) дайрсан маршрут зохион төмөр зам тавих хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн тухайд “Айвенхоу Майнз”-д байгаа гэж бодож байна уу. Байхгүй. Зэс олборлолтын тэргүүний технологи ашиглан тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Отто компу” гэдэг Финляндын компани байдаг. Тэндээс худалдаж авна. Эрдэнэт үйлдвэр ч энэ компанийн төхөөрөмжүүдийг ашигладаг. Манай дотоодын компаниуд гэрээ хэлэлцээр хийгээд тэрийг нь янз бүрийн нөхцөлөөр (хямд үнээр, зээлээр г.м.) авч болно. Хулчийхгүй шүү. Дэлхий ертөнц нээлттэй болсон цаг шүү. Монгол Улс үндэснийхээ мэргэжилтнийг ашиглахгүйгээр хэзээ ч хөгжихгүй. Геологич, металлургич, химичид гээд энэ ордыг ашиглах, ажиллуулах бүх талын мэргэжлийн хүмүүс манай улсад байгаа. Социализмын үед мэргэжлийг нь эзэмшсэн чадалтай сэхээтэн зөндөө байна. Яагаад энэ хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байгаа юм бэ. Яахав, Оюутолгойг ашиглах үед эхний ээлжинд 10-20 мэргэжилтэн гаднаас урьж ажиллуулах хэрэгтэй болох байх. Хэдэн жилийн дараа тэднийг нутаг буцааж ганц нэгийг нь үлдээж болно шүү дээ. Түүнчлэн Оюутолгойг ярихдаа зөвхөн алт, зэсний тухай яриад байна. Гэтэл хажуугаар нь хүхэр, мөнгө, молибден, төмөр, магадгүй никель гээд олон дайвар элементууд байгаа. Тэрнийг яах тухай асуудал ерөөсөө яригдахгүй байна. Миний бодлоор Оюутолгойн ордыг түшиглээд химийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Хүхэр бол химийн үйлдвэрийн “талх” нь бөгөөд газар тариалангаас арвин ургац хураан авахад хамгийн их үүрэгтэй элемент юм.

-”Айвенхоу Майнз”, “Рио-Тинто” компаниудад татгалзлаа гэхэд Оюутолгойн ирээдүйг ямар маягаар шийдэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Гурван л арга байна. Оюутолгойг үндэсний компаниуд нийлж авах нэг арга. Мөн дэлхий даяар томоохон нээлттэй тендер явуулах хэрэгтэй. Аль эсвэл анхнаас нь Хятадын компаниудад өгөх сүүлчийн “ядарсан” арга байна. Өөрөөр хэлбэл, хэзээ нэгэн цагт хятадын нэг компанийн мэдэлд очих нь үнэн л юм бол гуравдагч этгээдийн оролцоогүйгээр өөрсдөө хятадын хамгийн сайн нэг компанитай нь гэрээ байгуулчих хэрэгтэй гэж бодож байна. Хөрш зэргэлдээ орнууд учраас хэл амаа олоод байх байлгүй.


Пүрэв, 2009 оны 7-р сарын 16 "Нийгмийн толь"

7 comments:

bayasaa said...

Anhnaas n hyatatuudad ugnu ain.
Hyataduudad ugchhud boloh yum baihgvi gesen setgel zvig hvmvvsiin tolgoid suulgah gej iimerhvv medeelel taraaj baigaa daa tsaaduul chini.

Дeстини said...

Дан ганц мөнгө байхад шийдэгдэх асуудал биш байх оо. Санхүүгийн асуудлаа шийдэж болжээ гэхэд ажиллах мэргэжлийн хүчин, аюулгүй байдлын хангамж, нөхөн сэргээлт зэрэг олон зүйл дээр бид тусламж авах хэрэгтэй байх.

ganga said...

Бямба гуайг хүнийх нь хувьд мэднэ. СЭВ-д монгол хариуцсан төлөөлөгчөөр Москвад ажиллаж байхдаа ч, Монгол дахь Олон улсын геологийн экспедицийн дарга байхдаа эх орноо гэсэн халуун сэтгэлтэй, ажлаа арван хуруу шигээ мэддэг хүн байлаа. Мэдлэгийн хүрээ өргөн, далайцтай сэтгэдэг, сайн геологч болохоор гадны хүмүүс элэг барьж зальдаж чаддаггүй байсан юм. Уран зургийн хувийн галерей гаргахуйц сайхан цуглуулгатай, аль соц. үеэс хүмүүс зураг энэ тэр сонирхдоггүй байхад цуглуулдаг байсан. Баялаг номын сантай, үнэхээр биширмээр өргөн хүрээний сонирхолтой, гайхам мэдлэгтэй ховор хүн дээ. Ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэр дэвшээч гэж намуудаас санал ирж байсан ч өөрөө хүлээж аваагүй хүн.

Anonymous said...

hi, busad zuileer orolddoo

Unknown said...

Оюу Толгой дээр жинхэнэ луйвар хийх гээд байна ш дээ. Монголчууд маань ямар ч гэнэн юм бэ дээ. Монголд маш ашиггүй гэрээ хийх гээд байхад нэг хэсэг нь харийнхны талд ороод байх юм.

Unknown said...
This comment has been removed by the author.
Tsatsral said...

Manai "tomchuul" tom yuman deer tom l setgemeer baih yum.