Friday, 21 August 2009

Гэр бүлийн хүчирхийлэлд эрчүүд

Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр харгис бүдүүлэг эр нөхөрт хөөрхий буурай дорой эхнэр хүүхдүүд өртдөг гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэтэл зарим эрчүүд бас гэр бүлийн хүчирхийлэлд хэлмэгддэг гэнэ. Эндхийн өдөр тутмын сонинд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, цагдаа шүүхт хандсан эрчүүдийн тухай нийтлэл гарчээ. Гэр бүлтэй эрсийн хэдэн хувь нь үүнд өртсөнийг Чех, Герман, Голландыг харьцуулан харуулаад, манай энд арай цөөхөн, тэнд илүү ч гэх шиг тоо бас байна. Германд ийм нийтлэл гарвал Германд гайгүй хажууд их гэх байсан юм байгаа биз. Хамгийн гол нь ийм асуудал нийгмийн судалгааны хэмжигдэхүүн болсныг харахад, бас ч гэж газар авч байгаа гай аж. Энд эрчүүд гэр бүлийн дийлэнхи орлого олдог, ялангуяа залуу эрчүүд ажиллаж, хүүхэд гаргасан залуу эхчүүд гэртээ суудаг тул энэ нийтлэлд ажил хийж ядраад ирсэн нөхрөө амраахгүй элдвээр зовоодог жишээг түлхүү дурьджээ. Нийтлэлд сэтгэл мэдрэлийн согогтой, нөгөө хүн ямар байхаас үл хамаарч, хажуу дахиа тамлан зовоож таашаал авдаг мэдрэлийн гажигтай этгээдүүдийн талаар авч хэлэлцээгүй, би ч ийм хүмүүсийн тухай яриагүй болохыг онцлон тэмдэглэе.

Том биетэй авгай дорой багахан нөхрөө зодоод уйлуулаад, нөгөө нэг аймаар бүсгүй нөхрөө хутгалж шархдуулаад хамар айлын улс цагдаа дуудсан тохиолдол бол мэдээж өдрийн од шиг цөөхөн ч байдаг л юм байна. Иймэрхүү юм, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн нэр хаяггүй болохоос, манайд аль социализмын үед байсныг саналаа: Туранхай шавилхан нөхрөө аяга тагш юм татаад, арай хэтрүүлээд ирэхээр нь, бөөрөнцөг түлхдэг булиа авгай жаахан хүүхэд шийтгэж байгаа юм шиг, өвдгөн дээрээ хөндлөн хаяж байгаад хондлой дээр нь таван салаа боов буулгадаг зуршилтай байв гэнэ. Дараа нь энэ тухай эхнэр нөхрийн хэн нь ам алдсан юм бүү мэд, гадуур тархаж, ах дүү найз нар дооглосоор, шавилхан эр санаагаар унасаар байгаад тэнтгэр авгайдаа хайртай ч салсан гэх.

Дээрх жишээ бол онцгой ховор тохиолдол. Ихэвчлэн эрчүүд илүү шөрмөслөг, илүү бяр чадалтай байдаг. Тэгэхээр байгалаасаа сулхан биетэй эм хүн эр хүнийг яаж хүчирхийлдэг нь сонин! Хүмүүн гэгч бие, хэл, сэтгэл гурвын дунд оршдог бодьгал. Тэгэхээр эхнэрүүд хэл амаар доромжилж сэтгэл санаагаар гутаах, уран нарийн аргаар эрчүүдийг байж суух аргагүй болтол нь, элдэв муу үйл хийх хүртэл тарчлаадаг хүчирхийлдэг гэнэ. Хамгийн түгээмэл дайралт нь гэр бүлээ тэжээх чадваргүй, од болох эсвэл даргаар тодрох чадалгүй, эцэстээ бүр чалхгүй гэж загинадаг гэнэ. Гэр бүл салсан тохиолдолд хүүхэдтэй нь уулзуулахгүй, эцэгт нь дургүй болгох, эцгийн эсрэг хүүхдээ турхирдаг гэнэ.

Гадны хүний дэргэд нөхрөө зандрах, ямар нэг юм хийж чадахгүй эсвэл мэдэхгүй гэдгийг бусдад тавлан дуулгах, доош хийх тохиолдол жижиг дунд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд бол энүүхэнд. Талх боовны цех ажиллуулдаг, эмэгтэй хүний хувцас зардаг багахан лангуунд эм хүний мэдрэмж ухаан илүү орж мэдэх, гэхдээ бараа татах, ядаж аюулгүй байдал тал дээр эр хүнтэй хүч хавсарахад хэрэгтэй атал "мэдэхгүй юмандаа хушуу бүү дүр, дуугаа тат!" гэж зандчих нь хамтарч ажилладаг амьдардагаа аль ч талдаа тэвчишгүй харьцаа. Эвгүйцлээ, улайлаа, уурлалаа, тэвчлээ, дэлбэрлээ. Эцсийн дүнд зодсон эр буруутаж саатуулагдан, зодуулсан эм нэг хэсэгтээ ажлын чадваргүй болоход талхны цех хаагдана, хувцасны лангуу эзгүйрнэ.

Эхнэр нөхөр юунаас ч юм ам мурийж, нуруу нуруугаар хоёр тийш хараад их л муу унтаж. Биеийн хүчний ажилтай нөхөр нь маргааш өдөржин ажиллаад ядарчаадн ирэхэд, өчигдөр муухай үгээр дайруулсан эхнэр идэж чаддаггүй халуун ногоотой хоолыг зориуд хийгээд өмнө нь тавихад, нойр муутай хоноод ажилдаа ядарсан эр дүрс хийн уурлаж, тавагтай хоолыг эхнэрийн толгойн дээр буулгана, эсвэл нүүр лүү нь цацна. Толгой хага, нүүр түлэнхий. За яахав, хэт хурц жишээ татсан байж болох. Гэхдээ л хайр халамжаа сайхан цай хоолоор гаргадаг шигээ, дургүйцэл эсэрүүцлээ хүүхнүүд хийдэг хоолоор их илэрхийлдэг, ялангуяа хэрүүл хийж тачигнаад байдаггүй аядуу зантайчууд. Нөхөр хоёр орой дараалан донхойвол, авгай дөрвөн орой хамгийн дургүй хоолыг өмнө тань тавьж хамрыг тань сөргөөнө дөө.

Баруунд хөл бөмбөг, хоккей, манайд бөх морь үзэхэд эрчүүд авгайгаа хань татахгүй явчихна. Авгай концерт, театр үзэхээр явахад нөхөр сүүдэртэйгээ үзүүлмээр байдаг юмуу, ганцаараа явахаас эвгүйцдэг үү, нөхрөө ийм юманд хамт явна шүү гээд сар долоо хоногийн өмнөөс сануулсаар байтал нөгөөх нь мартаад, залхуураад, сонирхолгүй болоод, ядраад ч юмуу хамт явахгүй. Эмэгтэй хүнд хувцаслалт, олонд яаж харагдах нь гээд тухайн үзвэрээс авах таашаалтай ямар ч хамаагүй зүйлс чухал. Маргааш нөхөр ажлаас ирэхэд авгай байхгүй, найз хүүхнийдээ дэмий ярьж шөнө дөл болтол сууж ирээд, нэг их нууцлаг царайлж хаана байснаа хэлэхгүй. Зэрлэгдүү нь гар хөлөөрөө асуудал шийдэхээр оролдож, боловсондуу нь битүү шанална.

Хангалуун амьдралтай хос байна. Авгай нэг өдөр "улаан бүс моодонд орж, миний тийм нэг нарийхан улаан судалтай палаж санаж байна уу, улаан бүс бүслэвэл шинэ шиг болчихно гэхээр тэр дурласан бүсийг аваад өгчээ. Хоёр хоноод бүс сондгойроод байна ижил өнгийн цүнх авья гэвэл нөхөр дургүйцжээ. Авгай долоо хоног дуугаа хураахад, нөхөр аргагүй цүнх авч өгөв. Хэд хоноод өнгө дагуу гутал авмаар байна гэсэнд, өвөл зуны, задгай битүү өсгийтэй, өсгүйгүй, шөвгөр дугуй хошоортой гээд жаран хөлт шиг олон гуталтайг нь мэдэх нөхөр одоо илүү дутуу юманд үрэх мөнгө байхгүй гэжээ. Нөхөр нь цайны ганц, өдөр тутмын хоёр, өвөл зун, спортынх нийлээд цөөхөн хэдэн гуталтай. Гэрийн хоол унд муудсаар хэд хоноход хөргөгч хоосроно. Чи гэр зуур байж хоол ундаа цуглуулахгүй гэвэл, манайх мөнгөгүй юм чинь гэжээ. Энэ бол ганц жишээ, нөхөр овоо мөнгө олдог байж болно. Гэхдээ тэр хүнд ажлын цар хүрээгээ өргөжүүлэх, хуримтлал үүсгэх гээд өөр зорилго төлөвлөгөө байж болноо доо. Нөхрийн мөнгө санхүүд хэт оролцохыг бас гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог юм байна.

Европт эрчүүд хэлмэгдээд гэр бүлийн хүчирхийлэлд өртөө л биз бидэнд ямар хамаатай гэх нэгэн байж болох. Хүчирхийлэл хүчирхийллээ өдөөдөг! Хавтгайрч буй дэлхийд хамрын ханиаднаас эхлээд хамаг юм амархан тархаж байгаа цагт юмыг яаж мэдэх вэ гээд тэрлэлээ. Эцэст нь М.Билигсайхны шүлгээр бичлэгээ өндөрлөе:

Эрчүүдээ өмөөрч бичсэн нинжин сэтгэлийн шүлэг

Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Халуун залуу насыг нь
Хамтарч элээснээ бод оо
Хайры галзуу дурлалд
Хамт элэгдсэнээ болгоо
Өөрийг чинь эх болгосон
Эрийн тэнгэр шүү дээ тэр чинь
Үрийн чинь эцэг болсон
Хүний дээд шүү дээ хөөрхий
Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Хичнээн жил амьд явахаа мэдэж болдоггүй орчлон дээр чинь
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр ивээс болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур шиг дэгдээд явчихдаг юм.
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчих юм бол
Төрсөн шигээ тэд нар чинь уруугаа хараад уначихдаг юм
Дээл бүсэн гоёлтой дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоожиж
Янагийн сэтгэлд нялхардаг эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь өршөө
Өөрсдөө та нар нөмөрт нь жаргаа
Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

11 comments:

Chimgee Mongol said...

er hun yamar ch bailaa er hun bolhoor tedniig hundelj deedleh ni emegteichuud bidnii nandin uureg gej boddog. neg bodogduulj, 2iig tungaalgasan sain bichleg boljee. bayarlalaa

MW said...

sonirholtoi bichleg bailaa. Iim yum amdiral deer elbeg baidag baih shuu.

Anonymous said...

Гэр бүлд маргаан байж л таараа. Гэхдээ маргааны үеэр хөндөж болохгүй табу гэж бас бий. Тухайлбал "танай гэрийнхэн тийм, чиний ээж/аав/ах/өөр хэн байдын ийм" гэж төрөл садныг хэрүүлдээ дурдах, эсвэл төрөл саднаас болсон уураа нөгөө хүндээ гаргах гэх мэт. Жишээ нь эрчүүд ихэнхдээ эхнэр ба ээж гэсэн хоёр шуурган галын дунд хавчуулагдах тал бий. Ийм тохиолдолд уг нь бол эхнэр ба ээж нөхөр гэсэн дундын хүнээр дамжуулж харьцахгүй, харин хоорондоо шууд харьцдаг бол зүгээр байх :D

ZAYA said...

Одоо хүмүүс их ууртай болсон юм шигээ. Тайван байвал, өөрт нь эргээд хамт байгаа хүмүүст нь аятай тухтай шүү дээ. гэж бодохын.

ZAYA said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Өө энэ их үнэн юм бичиж. Манай монгол эрчүүд ч гэсэн зайлуул байнга л дарамт дор амьдардаг биз дээ. Ер нь бол ихэнх бэр хадамын хоорондын тааламжгүй байдал бараг үүнээс л үүдэлтэй байх аа даа. Хадам ээжүүд бэр хүүд нь яаж хандаж байгааг андахгүй олоод мэдчинэ, тэгээд мэдэрхээрээ хэдэн үг хэлэх гэнэ. Тэгэхээр бэр нь дайсагналцана энэ нээрээ үнэн хэцүү хэцүү. Дамдаа

Arsun said...

Дажгүй шүлэг шүү. Сая хөдөө явахдаа энэ шүлгийг албаар их тавьдаг байлаа, хэхэ.

Anonymous said...

яг ийм л юм болж байна.
Би аав ээж 2ийг салгамаар байна. Ээж арай хэтэрч байна. Та нарын бодож байгаагаас аймар зүйл энэ хорвоо дээр бий шүү аавыга өрөвдөж байна яавал дээр вэ?

pbolor said...

Эрчүүд нэрэлхүүгээсээ болоод энэ бүхнээ нууж хаадаг байх. Манай монгол хүмүүжил ч гэсэн эрэгтэй хүнийг хаагдмал, дотогшоо болж хүмүүжүүлдэд юм шиг ээ. Гүндүүгүй, цөөхөн үг хэлдэг хэмээн "магтдаг" нь өөрийгөө илэрхийлэх, эрх ашгаа энхийн замаар хамгаалах чадваргүй болгоод байх шиг.

tysou said...

l0t93w6s47 y9z38g6n78 d9k84p4n13 c5m55z9i87 f1g93b6t74 f7m41v7s78

Anonymous said...

fear of god essentials hoodie
curry 6
golden goose sneakers
Travis Scott Jordan
air jordan 1