Friday, 13 May 2011

Мотоцикльчны алдар


“Мотор минь исгэрээд сайхан байна

Мотоцикльчин би жаргаж явнаа” гэсэн дууны үгэн шигтгээтэй урилга арван жилийн ангийн хүүхдээсээ авч, Олимпийн хороонд мото спортын олон улсын хэмжээний мастер Ж.Очирсүхийн спортын алдарыг тэмдэглэх арга хэмжээнд саяхан оролцлоо. Хурлын танхимд мото спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, Очирсүхийн гэр бүл үр хүүхэд, ахан дүүс, дээд дунд сургуульд хамт суралцаж байсан нөхөд цугларсан байлаа. Зүүн мөрнөөс баруун өвдөг давах урт хөх улаан туузнаа багтахгүй олон одон медаль зүүсэн ангийн андаараа бахархаж, хүүхэд бага насаа дурсаж суув.

Арван жилийн зургаа долдугаар ангийн хүүхэд байхдаа мото спортоор “өвчилсөн” Очирсүх маань “аан уун” гэж мотоциклийн хүч авах дууг амаар хөглөн хурдлах, эргэх налах хөдөлгөөнийг ангийн бидэнд өнгөтөөр ярьж биечлэн үзүүлдэг болов. Удалгүй тэмцээнд ордог болж бид ч ангиараа очиж тэмцээнийг хөөрцөглөн үзэж уухайлдаг боллоо. Бартаат замын тэмцээнд газрын өндөрлөгөөс огцом хоёр гурван метр агаарт цойлоод хээв нэг газардан, огцом эргэлтэд ажрахгүй жолоогоо залан цааш хурдлан одох ангийн хөвгүүнээ харахад аймаар байдаг сан. Мөсөн замын уралдаанд Очироо бүр онцгой, бамбалзуур хивсэн дээр алхаж буй мэт мотоциклоо эдэлж ёстой нэг эр зориг ид хавыг үзүүлж өгдөг сөн. Улсын аваргын тэмцээнд ийнхүү 14-хөн настай хүүхэд байхдаа нас нэмэн томчуудын тоглоомд оролцож мото спортод гараагаа эхэлсэн Очирсүх хоёрхон жилийн дараа улсын шигшээ багийн гишүүн болж байлаа. Нас нэмсэн булхай илэрсэн ч “техник спортын улсын анхдугаар спартакиадын мөсөн замын аврага” бас бус олон тэмцээнд оролцож амжилтаараа цоройлсон хүүг томчууд эгнээндээ авахаас өөр зам үлдээгүй юм.

Тэмцээний бэлтгэлд гарсан үед, тэмцээн уралдааны өдрүүдэд улсын зэрэглэлтэй тамирчин хичээлээс чөлөөлөгдөнө. Ойр ойрхон удаан хугацаагаар хичээлээс чөлөөлөгдөөд ирэхээр хичээлээс мэдээж хоцорч эхлэнэ. Сурлага сайтай хүүгээ сургууль соёлын мөрөөр явуулахаар зорьж байсан Гадаад яаманд ажилладаг аав Жадамбаа гуай эхлээд мото спортод тийм ч тааламжтай хандаагүй нь ойлгомжтой. Тун удалгүй тэрээр хүүгийнхээ тэмцээн болгоныг алгасалгүй үздэг хамгаас тод чангаар уухайлан хашгирдаг, барианы газарт бага дүү хүүг нь дагуулчихаад баталгаатай зогсож байдаг “алтан балиашиг” нь болсон гэдэг. Тэр ч байтугай мотийнхон өмсдөг арьсан өвдгөвч, тохойвч, тамирчны хувийн дугаар зэргийг оёдог хүн нь зөвхөн Жадамбаа гуай болсон гэдэг. Очирсүх бартаат болон мөсөн замын тус бүр хоёр удаагийн улсын аврага, Улаанбаатар хотын мөсөн замын дөрвөн удаагийн, бартаат замын таван удаагийн аврага болсон. Ямар ч амжилтын ард дэмждэг тусалдаг баталгаатай ар тал байдаг. Очироогийн ээж аав, эгч дүү нар бага залууд нь ийм түшигт хана байсан бол хожим сайн хань нь тойлж сайхан хүүхдүүд нь тулж явжээ.

Арай түргэн ойлгоцтой, ам хуурайгүй бүрэг биш нөхдүүд “таван онцын эзэд” болдог байлаа. Дуулдаг, бүжиглэдэг, спортоор хичээллэдэг зэрэг онцгойлон сонирхдог юмтай түүндээ төрмөл авьяастай хүүхдүүдэд бүх хичээлд онц авч “сааралтаж” явах шаардлагагүй. Жадамбаагийн Очирсүх мото спортын олон усын хэмжээний мастер, бүжиг дэглээч ардын жүжигчин Сэвжидийн Сүхбаатар, домог болсон олон марш бичсэн хөгжмийн зохиолч Жамбалын Даваа нар бол манай ангийн авьяастнууд.

Манай ангийихан бараг бүгд дээд боловсрол эзэмшсэн: олон офицер цэргийн дарга, дотрын харшлын эмэгтэйчүүдийн гээд олон эмч, барилгын, цахилгааны, зам гүүрийн, холбооны гээд олон инженер, мөн олон эдийн засагч хуульч багш төрсөн. Зарим маань арав төгсөөд шууд дээд сургуульд орж мэргэжил эзэмшсэн бол, нөгөө хэсэг нь долоо найм төгсөөд ажил хийхийн хажуугаар арван жилээ дүүргэж, улмаар орой эчнээгээр дээд сургууль төгссөн. Ажил мэргэжлийн дөртэй болоод түүгээрээ дээд боловсрол эзэмшсэн, арван жилийн ширээнээс шууд сургуульд орсон хоёрын аль нь илүү чанартай мэргэжилтэн болохыг хувь хүний чадавхиас хамаараад харьцуулахад бэрх. Хэн хэн нь ажил хөдөлмөр эрхлээд тодорхой хэмжээгээр нийгмийн ачаа үүрэлцээд ирсэн байдаг. Эцсийн эцэст тулхтай сайн аав, халамжит сайхан ээж болсонд л амьдралын утга учир байх шиг.

“Чи онцоос өөр дүн авахаараа уйлах шахдаг шартай, харин энэ бол “монхор 51 шиг сайхан нормальдаад” гэж багадаа дэлдэн улаан хүү байсан хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа дурсаж байв. “монхор 51 шиг” нь тахимаа шүргэсэн урт гэзэгтэй хянгадуу хамартай сайхан охин. Хам хум сүлжсэн ахархан гэзгээ ар дал руугаа шидчихдэг эршүүд найз охин маань “нормальддаг” “шаралхадаг” хоёрын бие хамгаалагч шиг гэр гэрт нь оруулж өгөөд өөрөө дуу исгэрээд алга болдог, заримдаа бүр хөвгүүдтэй тэвэг өшиглөдөг гээд инээдэмтэй явдал, багш нарын тухай дурсамж хөврөөд... Одоо хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач зээтэй ... гээд яриа дуусах төлөвгүй.

Хуучин, Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр Майн нэгэн, Дэлхийн хоёрдугаар дайн төгссөн өдөр Ялалтын баярыг бүх нийтээр тэмдэглэхээс гадна, радиоинженерийн хувьд Радиогийн өдөр 5 сарын 7-г хойно оюутан байхад, төгсөж ирээд багшилж байхад тэмдэглэдэг байлаа. Саяхан, 5 сарын 2 монголын мотоциклчдын өдөр болохыг мэдсэнээр миний хувьд таван сарын тэмдэглэлт өдөр бас нэгээр нэмэгдэв.