Thursday, 29 November 2007

Элэг инээдэг эрхтэн

Монголд хэд хоног байх хугацаанд NTV телевизийн "Халуун сэтгэл" нэвтрүүлгээр "Хавдрын эсрэг хамтдаа" төсөл хэрэгжүүлэх гэж буй "Хүрээ Ротари" клубын эмч Сандуйжав, анагаах ухааны доктор Д.Даваадорж, биологийн ухааны доктор Ц.Оюунсүрэн нарын эрдэмтэд Монголд элэгний хавдар яагаад их байдаг, өвчлөлтийн шалтгааны тухай сонирхолтой хэрэгтэй зүйлс ярьлаа.
"Хүрээ Ротари" клубын эрхмүүд өмнө нь "Умайн хүзүүний хавдраас сэргийлье" төсөл амжилттай хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн алслагдсан сум багийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, өвчтэй эхчүүд эмэгтэйчүүдийг эмчилгээнд хамруулах өргөн цар хүрээтэй сайхан ажил хийсэн юм байна.
Ротаричууд "өөрөөсөө давж бусдад туслах" эрхэм зорилго, уриа лозунтай ажилладаг. Дэлхийн гучин хэдэн мянган Ротари клубуудтай холбоотой хамтран ажилладаг. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүндтэй байгууллагаас санхүүжилт туслалцаа авдаг, манай шилдэг сэхээтэн, эрдэмтэд, бизнес эрхлэгчид нэгдсэн сайн дурын ашгийн бус байгууллага юм байна. Нэвтрүүлэгт оролцсон эмч, эрдэмтдийн ярианаас ойлгосон хэмжээгээр толилуулья.

Элэгний өвчин үүсдэг шалтгаан:
1.Вирусын гаралтай өвчлөлт элэгний өвчний 25%. Дэлхийд энэ өвчний 11-12 төрлийн вирус байдгаас манайд одоогоор 6 төрлийн вирусыг оношлож байгаа.
-А вирус нь хоол хүнсээр, бохир гараар дамжин тархдаг. Жимс ногоо угаахгүй идэх, бохир гараар хуурч ариусгаагүй самар цөмөх гэх мэт.
-В,С вирус нь цус цусан бэлдмэл тарихад(шприцын шар) гарсан алдаанаас, шивээс хийлгэх ба бэлгийн замаар тархана. Өвчлөлтийн 60%.
2.Буруу хооллолт. Хугацаа хэтэрсэн ялангуяа гаднаас импортолсон лаазалсан хүнс, хөгцтэй ааруул зэрэг аплотоксин (хөгцөн давхарга) үүссэн хүнсний хөгцийг нь авч хаяад бусдыг хэрэглэдэг, хортон шавьжнаас хамгаалж пестицит цацсан хүнсний жимс ногоог хүйтэн усаар хагас дутуу угаагаад хэрэглэдэг зэрэг буруу зуршил энд орно.
3.Муу зуршил. Архи тамхи, мансууруулах бодис гэх мэт.
4.Хорт бодис. Уул уурхайн олборлолт, ашиглалтад болон бусад үйлдвэр аж ахуйн газарт хэрэглэдэг химийн хорт бодис.
5.Удамшил.
Монголчууд "элэг зүрхнээс уяатай", "элэг эмтрэм", элгэн халуун нутаг" гэж хэлцдэг ер нь элгийг их эрхэмлэдэг улсууд. Элэг эрүүл бол хүний бие организм эрүүл, сэтгэл санаа өөдрөг байдаг. Иймээс ч "элэг инээдэг эрхтэн" гэдэг билээ. Гэтэл монголчуудын маань дунд элэгний өвчтэй хүн дэндүү олон. Элэгний хавдраар өвчлөгсдийн тоогоор, элэгний хорт хавдраар эндэгсдийн хувиар дэлхийд тэргүүлдэг болоод байна. Одоо манайд зургаан хүн тутмын нэг элэгний В, С, дельта вирустэй болох нь шинжилгээгээр нотлогджээ. Өөрөөр хэлбэл айл гэр бүрт хэн нэг нь энэ аюултай, халдвартай вирус тээгч аж.
Хүйтэн өвөлтэй, хүнд хоолтой тул элэг өвчлөлт их байдаг гэсэн түгээмэл ойлголт ташаа бололтой. Сүүлийн үед жимс ногоог манайхан хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон, дэлхий даяар дулааралт явагдаж, өвчнийг оношлох техник төхөөрөмж жилээс жилд улам боловсронгүй болж байхад элэгний өвчлөлт манайд сүүлийн хагас зуунд тав дахин өссөн үзүүлэлт үнэхээр сэтгэл өвдмөөр.
Хорт хавдар хичнээн эрт оношлогдоно, төчнөөн амжилттай эмчлэгддэг болох нь нотлогдсон. Цаг тухайд нь зөв оношлогдвол 80-90% бүрэн эдгэрдэг ажээ. Хүн амын хичнээн их хувь урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоод хамрагдаж, хорт хавдрын талаар, зөв хооллолт, боловсон зөв аж төрөх мэдэгдэхүүнтэй байна, хүмүүс төдий чинээ эрүүл саруул байх талаар эдгээр эрдэмтэд эмч нар ярилаа. Төсөл хэрэгжих явцад иймэрхүү танин мэдэхийн сургалт явуулах юм байна.
"Хавдрын эсрэг хамтдаа" төсөлд хувь хүн, албан байгууллага Хаан банкны дорхи дансаар хандив өргөж болно.
Валют -5020486782, Төгрөг-5020467544
-

Friday, 16 November 2007

Цамын баг


Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд багийн амын жавьж хавьцаа таарч замаа хардаг. Бурхдын дүрийг илэрхийлэх багийг цаасан шуумлийн аргаар хийнэ. Юуны өмнө багийн ухмал, зормол хоёр хэвийг модоор үйлдэнэ. Энэ хоёр хэвийг тааруулж байрлуулахад хооронд нь хоёр сантиметр орчим зай үлдэх учиртай. Хоёр хэвийн дундуур хайлмал каолин (резин) цутгаж царцаана. Резинэн хэвэн дээр нимгэн нойтон цаасыг олон давхарлан наах аргаар баг бүтээдэг баримлын нэгэн аргыг “цаасан шуумал” гэдэг. Дээр үед шавраар цамын хэв цутгадаг, түүндээ нимгэн цаас наах аргаар баг хийдэг байв. Хатсаны дараа цаасан багийг эцсийн байдлаар засч өнгөлөх нарийн чимхлүүр ажил эхэлдэг. Эцэст нь бэлэн болсон багийг будаж зурж чимэглэдэг.

Зарим судлаачид цамыг нэгэн хэвийн, сунжруу, уйтгартай, хөдөлгөөн муутай гэдэг нь дотоод агуулга, хөдөлгөөний тайллыг хийж чадаагүйтэй холбоотой болов уу. Хөдөлгөөний ширүүн дорвилог, сул зөөлний үүднээс: баатрын бүжиг, баатар эмийн бүжиг, хилэнтийн бүжиг, хилэнт эмийн бүжиг, амирлахын бүжиг, дотоод бүжиг, нууцын бүжиг, тэр ямагт чанарын бүжиг, хилэн эрхшээх хийгээд хилэгнэн инээхийн бүжиг, хилэгнээд машид хилэгнэхийн бүжиг гэж ангилна. Бүжиг дүрийн үүднээс нь: үзүүрхэх, баатархах, жигших, нигүүлсэх, агсрах, амирлах, амирлах хийгээд хатуу догшин, инээдэмт, аймшигт гэж есөн зүйлд ангилдаг. Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх дотоод найман амтын үүднээс урин дуудах, адислах, аврах, инээх, хилэгнэх, хөөн тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг байна. Цамд сэтгэлийн хичнээн олон өнгө аясыг үзүүлдэг, олон төрлийн дүр бүтээж болдог тухай монголын судлаач Л.Хүрэлбаатар төвд, монгол эх сурвалж бичгүүдэд тулгуурлан ийнхүү өгүүлсэн байдаг.

Их Хүрээний их Чамбон (цамын даамал) Пунцаг-Осор цамын дэг болон лав урлалаар (бурхдын баримал барих урлал) олон шавьтай нэр хүндтэй хүн байв. 1910 онд Пунцаг-Осор цамын баг хувцсыг шинэчлэх ажлыг удирдан нэрт зураач Цэнд, Жүгдэр, нэрт лавчин Лувсацэрэн нартай хамтран 100 гаруй цамын баг хувцас сэлтийг шинэчлэн сэлбэсэн байна. Түүний бүтээсэн Улаан сахиусын алдарт шүрэн баг нь нийт 7881 бодит улаан шүрийн өнгө хэмжээг тохируулан нүүрний булчин агших тэнийх чигийн дагуу үй зүйгүй шигтгэн урласан гоц хийцтэй урлагын гайхамшигт бүтээл билээ. Дээр өгүүлсэн цамаар илэрхийлдэг сэтгэлийн хөдөлгөөний олон өнгөөс Улаан сахиусын баг “хилэгнээд машид хилэгнэх” сэтгэлийн илрэлд дүйх хамгийн аймшигтай дүр төрхтэй.

“Өвгөн зураач” Д.Дамдинсүрэн гуай “Урьдын Монгол оронд цамын хувцас хэрэглэлд ийнхүү үнэтэй, чанартай эд материал оруулан, урлал хийцийн гайхамшгийг харуулсан нь Богдын хүрээнээс өөр газар цөөн байсан юм. Түүнд зарцуулсан хөрөнгө нь монголын ард түмний хөрөнгө бөгөөд ялангуяа шавийн ард түмний хөрөнгөөр бүтжээ” гэж дурьдсан байдаг.

Чойрын лавчин уран Данзангийн бүтээсэн өвөрмөц хийцтэй, бодит амьтан араатан буй мэт сэтгэгдэл төрүүлэм арслан толгойт Сэндэм, бух толгойт Дамдин Чойжоогийн багууд одоо музейн үзвэр болоод байна. Уран Данзан багийн эхийг амьд бухнаас гарган Дамдин Чойжоогийн дүрийн баг бүтээсэн гэдэг.

Цагаан өвгөн, Хашин хааны багаар хүний сайхан сэтгэлийн илрэлийг гаргадаг. Бурхны шашин дэлгэрэхээс ихэд өмнө үеийн бөө мөргөлөөс улбаатай газар усны лус савдаг, хүмүүн амьтны эзэн тэнгэр гэж үздэг, “Орны урт наст их тэнгэр” хэмээх Цагаан өвгөн нь зөвхөн монгол цамд гардаг дүр. Цагаан өвгөний баг инээмсэглэж буй төрхтэй, урт цагаан сахалтай, цагаан өнгөтэй монгол дээлтэй, бүсэндээ хэт хутга тамхины даалин хавчуулсан, луутай тааяг тулсан энэ дүр инээдмийн дүрийг уран хошин гаргаж чадсан хосгүй оргил бүтээлийн нэг билээ.

Дорно дахины гүн ухаан, түүнтэй уялдсан шашны урлагийн бүх зүйлс нэн билгэдэл чанартай. Аливаа шашны сургаал “сайн”, “муу” гэсэн дэнсэн дээр дээр зангилагдан, хүмүүний үйл явдал, ажил амьдрал, ёс суртахууны үнэлэмж нь буян, нүгэл гэсэн шалгуураар шүүгддэг билээ. Гэтэл бурхны шашинд буу зэвсэг агссан “сонгодог” утгаар байх дайсныг буруу номтон, муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд хүнийг түлхэн оруулдаг муу сэтгэлийн илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэж явахыг сургадаг нь нэн сонирхолтой бөгөөд сургаалтай юм.

Бурхны шашинд уур хилэн, атаа жөтөө, омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг. Хүмүүн нь бие, хэл, сэтгэлийн гурвал дунд орших нэгэн бөгөөд сэтгэл нь бие, хэлээ удирдаж байдаг тул сэтгэл юугаа нисваанисийн хорт автуулахгүй эзэмдэх нь нэн чухал, аливаа ажил үйлс бүтээхэд хүн сэтгэл санаагаа зөв ариун авч явах хэрэгтэй юм байна.

“Нүгэл” бүхний эх үүсвэр болдог нисваанисийн таван хорыг тэвчихийг бэлгэдэн язгуурын таван бурхныг бүтээжээ. Үүнд: Мижид бурхан уур хилэнг дарах, Намбар Нанзад бурхан мунхаг харанхуйгаас ангижруулах, Дондов бурхан атаа жөтөөг зайлуулах, Рижун бурхан омог бардам занг арилгах, Одбагмид бурхан шунал тачаангуйг тэвчихэд туслах зориулалттай юм гэнэ. Бурхад сахиусын тэргүүнд эдгээр язгуурын таван бурхныг төлөөлүүлэн эрдэнийн дүрст таван чимэг зүүсгэл, таван чанар төгссөн эрдэнийн гавалт титэм өмсгөн дүрсэлдэг нь ийм учиртай ажгуу.

Зөвхөн догшид сахиусын баг эрдэнийн таван гавал бүхий титэмтэй байна. Буян заяа, эд хөрөнгө арвижуулагч тэнгэрүүд болох Намсрай, Гонгор сэлтийн баг чандмань чимэгтэй. Харин Эрлэг Номун хааны эм найман элчийг төлөөлөн гардаг Шива (буга), Махи (үхэр) цам үсэрч дүүлч, эврээрээ газар сэндийлэх мэтээр хамгийн хурдан цоглог хөдөлгөөнтэй. Бугийн тэргүүнд чандмань чимэг, үхрийн тэргүүнд ганц гавал чимэг байдаг.

Олон орны цамыг харьцуулан судалж, эрдмийн зэрэг хамгаалсан японы судлаач Кимура Аяако “Газар газрын цамын баг өвөрмөц байдалтай бөгөөд Монголын Хүрээ цамын Улаан сахиусын баг шиг шүрээр хийсэн гоц тансаг баян баг байхгүй” гэж тэмдэглэсэн байдаг.


Зургийг Б.Номинчимэдийн фото блогоос авав.
http://www.photoblog.com/Nomin 2007/

Wednesday, 14 November 2007

Цамчинг сонгох


Жил нь таарсан, нохой мэсийн сорвигүй, эрүүл чийрэг биетэй сахил хүртсэн эрэгтэй хүн цамчин байх ёстой аж. Дүр бүрийн онцлогоос хамаарч цоглог хурц шаламгай эсвэл ихэмсэг алгуур хөдөлгөөнтэй хүнийг цамд тоглуулахаар сонгохдоо монголчуудын хүн шинждэг шалгууруудад тулгуурлан ихэд нягт нямбай шалгаж авдаг. Биеийн галбир төрхийг “толгой энх төвшин, цээж өргөн хүчирхэг, бэлхүүс нарийн, дөрвөн мөч шаламгай, хөл цэх, тахимаараа уян налархай, бие талбиун чөлөөтэй, явдал алгуур намбалаг, харц гал цогтой” гэх мэтээр сонгоно.

Монголчуудын хийморь, цог золбоог “хан гардь огторгуйд нисэх мэт эрэмгий чадмаг, их дэлт арслан мэт сүр төгөлдөр, ой цэцэрлэгт зугаалах бар мэт намбалаг тайван” гэх мэт дөрвөн хүчтэний донж маягтай харьцуулан үздэг байсан уламжлалаар шинжинэ.

Ер нь цамд залуу чийрэг лам нарыг тоглуулдаг байсан нь, бэлгэдлийн утга бүхий гоёл чимэглэлтэй хүнд баг хувцас өмсөн олон цагаар бүжиглэхэд хир баргийн хүн дийлдэггүй, амархан цуцдагтай холбоотой. Дүр бүрт орлон тоглогч байдаг ба нэг нь ядрахад нөгөө нь ээлжлэн гарч ирж бүжиглэдэг байна.

Яриан буюу баггүй цамаас XI зууны төвдийн нэрт яруу найрагч-даяанч Миларайпын (монголчууд Мял богд гэдэг) амьдралын нэгэн үзэгдлээс сэдэвлэн бичигдсэн цам алдартай. “Миларайпын цам” ийм яриан цамд уран хэллэгтэй, үг ярианы авьяастай хүмүүсийг худал хэлэхгүй, хүн гүтгэхгүй гэсэн тангараг өргүүлж сонгон авдаг байв.

Анчин тэрний хийсэн тэр үйл ямар вэ? Хэн гуай ингэж буй нь зөв үү? гэх мэтээр тухайн орон нутгийн нэр цуутай баян худалдаачин, ноён түшмэл, улмаар дээд лам нарын нэрийг дурдан асуулт тавина. Дуу хоолойн өнгө, гарын хөдөлгөөн, нүүрний баясал зэргээр тухайн хүнийг барин тавин нүдэнд тустал адилхан дүрсэлдэг байжээ. Мял богд ямар үйлийг нүгэл гэх тухай, нүгэл үйлдсэн хүмүүс үйлийнхээ үрийг хэрхэн эдлэх тухай сургана. Шүүмжлэлийн бай бологчид нийгэмд эзлэх байр сууринааасаа хамааран хүндэт зочдын асарт, эсвэл энгийн ард дунд цам үзээд сууж байх нь элбэг тохиолдоно. Цуутай хүмүүсийн зартай муу үйлийг, шогтой тодоор ингэж улаан нүүрэн дээр нь ил гарган тавьдаг байсан тул ийм цам сонирхолтой байсан нь ойлгомжтой. Минчийж улайсан, хараа буруулан суух “дүрийн эх загвар” жүжигчин хоёрыг ээлжлэн харж баясдаг байвай. Ард олонд ихээхэн таалагддаг ийм цамыг ихэс дээдэс төдийлөн таашаадаггүй байсан нь мэдээж. Сүм хийд бүр ийм яриан цам тоглож зүрхэлдэггүй байжээ. “Миларайпын цам” харьцангүй цөөхөн дүртэй, яриандаа дээдсийн амьдралыг хөнддөг нийгэм улс төрийн утгатай байсан зэргээс харьцангүй бага тархсан бололтой.

Saturday, 10 November 2007

Н.К.Рерих “Их Улаан баатар” зураг


Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээсэн долоон мянга гаран зурагт дорнын сэдэв давамгайлдаг. Түүний уран бүтээл дэлхийн олон оронд байдгийн нэгэн адил Монголын тухай буюу монголын хөрсөн дээр амилсан бүтээл цөөнгүй. Монголын Дүрслэх Урлагын Музейн сан хөмрөгт буй Рерихийн хэд хэдэн бүтээлээс Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын \1925-1928\ явцад 1927 онд зурсан “Их Улаан баатар” \165х125, шороон будаг, холст\ зургийг толилуулья.

Энэ бүтээл бурхны домог зүйгээс сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барилийг санагдуулам сонирхолтой бүтээл. Монголд бурхны шашин нэвтрэхээс өмнөх үеийн уран зурагт зоригт баатруудын туульс, дээдэс язгууртны ан хоморго, ердийн нүүдэлчин малчдын амьдрал ахуйгаас сэдэвлэсэн зураг зонхилж байв. Рерих монгол зургийн уламжлалаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулсан хэдий ч энэ нь монголын үлгэр домгийн баатар биш, Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва буюу бурхны шашны дүр. Зураач зургийн ар талд өөрийн гараар “Шамбалын Догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж төвдөөр бичиж үлдээсэн байдаг.

Зураач Монголын хууль тогтоох дээд байгууллага Ардын Их Хуралд энэ бүтээлээ бэлэг болгон дурсагжээ. Тэр үеийн тогтмол хэвлэлийн нэг “Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлүүлсэн захидалдаа: “Орчин цагийн далбаан дор монголын ард түмэн гэрэлт ирээдүйгээ цогцлуулж, эрх чөлөөний Их Морьтон монголын уудам талаар давхиж байна. Баатарлаг түүхт өнгөрсөн үеэ хуяг дуулга туг мяндараар илэрхийлсэн морьтон хүмүүний гэрэлт ирээдүйг билэгдэнэ. Нийгэм журам, мэдлэг боловсрол нэгдэх цаг ирнэ. Адуу мал багширна. Богд уулын оройг урьд хожид үзээгүй нялх өвс бүрхэн, тал нутаг нилэнхүйдээ ногоорчээ. Айл гэрт аз жаргалын гэгээ татжээ. Сайхан Морьтны дуудлага аянга мэт ниргэлж байна. Ази тивийн цэцэглэн мандалтын үед урлагын бүтээл, номыг хамгийн эрхэм бэлэгт тооцдог байлаа. Азид сайн цаг дахин айсуй. Монгол Ард Улсын Засгийн Газарт өргөн барьсан “Их Улаан Баатар” зургийг минь хүлээн авна уу” гэж бичиж байв.

Рерихын захидал дахь гэрэлт ирээдүй гэсэн тодотгол зургийн санааг илтгэнэ. 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол орон социализм байгуулах зам сонгож, хүмүүс нийгэм журмыг өөрчлөх үзэл санаа, гэрэлт ирээдүйд итгэж байв. Хүн амын дийлэнх шашны мухар сүсэгт автагдсан, бичиг үсэгт тайлагдаагүй тэр цагт Маркс Ленины харийн сургааль мэдээж ойлгомжгүй байв. ХХ зууны эхээр жирийн ард олонд ихэд гэгээрсэн бодь сэтгэлтэн орших Шамбалын орон бол аз жаргалын билэг тэмдэг, „Хүмүүний мөрөөдлийн орон“ Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн бүрийн дайсныг дарагч шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу байжээ. Н.К.Рерих энгийн олонд зургаа ойлгомжтой болгох үүднээс агаар мандал, эх дэлхий, газар доорх гурван ертанцөд зоргоор явдаг гурван нүдэт номын сахиусаар ирээдүйг билэгдсэн нь зураачаас гадна сайн сэтгэл зүйч болох нь харагдана.

Монгол зурагт шороон будгаас гадна \алт, мөнгө, зэс, төмөр, оюу, номин, тана, шүр, сувд зэрэг\ үнэт эрдэс есөн эрдэнэ хэрэглэж ирсэн, одоо ч хэрэглэдэг уламжлалтай. Зургийн дэвсгэрт авсан гол өнгөөс шалтгаалан, улаан бол мартан, хар бол нагтан гэж ангилдаг. Зураач зөвхөн нэг өнгөөр тэр өнгийн нарийн ялгаан дээр ажиллан зураасын нарийн ураар дүрсийг тодруулдаг. Монголын эртний бурханчид бийрээр ямар гайхамшигт уран дүрслэл бүтээж байсныг „Бадамсамбуу“ \Дүрслэх урлагын музей, 192х144, алтадмал мартан\, „Махагал“ \Богдын музей, 168х78, нагтан\ бүтээлүүдээс харж болно. Бурхны шашны улааны урсгалын том төлөөлөгч Бадамсамбуу зөвхөн улаан өнгөөр мартан зургаар бүтээгдсэн бол сөрөг хар хүчийг ялан дийлэгч догшин сахиус Махагал хар буюу хар хөх давамгайлсан нагтан зургаар бүтээгджээ. Өнгийг утга санаа билгэдэл зүйтэй уяалдуулан нарийн бодож сонгодог нь харагдаж байна.

“Их Улаан баатар” зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Цэлмэг хөх тэнгэрт гал хээр морьтой “улаан морьтон” дүүлнэ. Морьтой холбогдох үг хэллэгээр баян тансаг монгол хэлэнд морьны зүс, явдал, нас хүйсийг ялгасан өчнөөн хэллэг бий. Ялангуяа морины зүс тодорхойлсон олон үг хэлц байдаг. Зурган дээрх моринд галын дөлийн туяа туссан тул ямар зүсмийн болохыг тодруулж хэлэхэд төвөгтэй. Үүл хүртэл ягаавтар туяатай. Урд талаар нисэх тагтаа болов уу гэмээр шувууд улаанаар будагджээ. Ихэвчлэн цагаанаар дүрсэлдэг гэр болон сүм хийд улбар шар өнгөтэй. Бурхны шашны тигээр улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг билгэддэг. Өнгөрсөн зууны хориод онд Монголд улаан армийн оролцоотойгоор улаан хувьсгал ялсан. Зургийн нэр “Их Улаан баатар”. Нийслэл хотын нэр бас Улаанбаатар. Николай Константинович улаан өнгийг зүгээр нэг сонгоогүй нь ойлгомжтой.

Хотын нүүрэн талд гол гэрийн өмнө ардын төлөөлөгчдийн “Их Хуралдай” чуулж байна. Хуралдагсдын хоёр талд төрийн туг босгожээ. Энхийн цагаан, дайны үеийн хар туг бий. Эрт дээр үеэс монголчууд дайн тулаанд төрийн хар туг сүлд ивээн тусалдаг хэмээн итгэж ирсэн. Хар туг нэг ёсондоо өвөг дээдсийн, эх орончийн сүнс шингэсэн шүтээнд тооцогддог. Зөвхөн хар туг зурган дээр байгаа нь нийгмийг бүхэлд нь өөрчлөх, шинэ хүнийг төлөвшүүлэх нь хүнд хэцүү урт удаан үргэлжлэх үйл явц буюу дайн тулаан гэж үзэж болно гэсэн санааг Рерих илэрхийлсэн болов уу гэж санагдана.

Зургийн доод хэсэгт нийслэл Улаанбаатар хотыг дүрсэлжээ. Гэтэл Дамдинсүрэн, Жүгдэр зэрэг монгол зураачдын бүтээлд бүгдийг нарийвчлан жижиг эд анги, чимэглэлийг хүртэл гаргасан байдлаар Өргөө хот дүрслэгдсэн байдаг бол Рерих Улаанбаатар хотыг “Өндөр Жанрайсаг” и “Бат-Цагаан Өргөө” зэрэг онцлог хэдхэн барилга сүм хийдээр төлөөлүүлэн гаргажээ. Монгол уран зургийн нэг онцлог нь яв цав дүрслэл, нарийн бичлэг бөгөөд гэрийн байршил, хотын ерөнхий төлөв ертөнцийн зүг чигтэй тохирсон байдаг. Рэрихийн сонинд бичсэн захидалд Богд уулыг дурдсан, уулын ерөнхий дүрс нугачааг харахад зурган дээр Богд уул зурагдсан мэт. Номин, ногоон, цэнхэр, ягаан, ухаа бор зэрэг өнгийг ер бус гоёор зохицилдуулан уул нурууг зурж, ямар нэг хэмжээгээр эзэлхүүнтэй овгор товгор мэт болгожээ.

Улаанбаатар хот Богд уулын ар хормойд байдаг, монголчууд гэрээ урагш харуулан барьдаг заншилтай. Зураг дээрх гэр хийгээд хот нэлэнхүйдээ уулын өмнө талд мэт болжээ. Рерих бодит газар оронг монгол уламжлалт зургийн харьцангүй билэгдэл утгаар дүрсэлдэг аргаар зурсан бололтой. Монгол зурагт газар орны дүрслэл зөвхөн зургийн үйл явц өрнөх дэвсгэр болдог. Өрнөдийн хүн ийм зураг хараад яагаад ижил газар оронг дүрслээд байдаг юм бол гэж гайхмаар аль ч уул ижилхэн гурвалжин дүрсээр зурагдана.. Эдгээр бүдүүвч тойм төдий гурвалжин-уулууд зургийн талбайг олон нэгжид хуваана. Нэг нэгж-уулын энгэрт ан гөрөө хийж буйг харуулж, нөгөөд нь хурим болж буйг харуулах жишээтэй.

Монголын хавтгай зургийн ийм аргад эзэлхүүн болон гэрэл сүүдэр үгүй, түүнийг зураас өнгөөр ялгадаг онцлогтой. Уламжлалт монгол зурганд эзэлхүүн овгор товгорыг гэрэл сүүдрээр бус өнгийн ялгаагаар, нарийсч бүдүүссэн зураасаар гаргадаг аж. Рерихийн зураг монгол хавтгай зургийн аргаар бүтээгдсэн хэдий ч угалзалсан үүл, галын дөлийг монголын их зураачид шиг нарийн гаргаагүй, эзэлхүүнийг гэрэл сүүдэр ашиглан гаргасан байна.

Зургийн дээд хэсэгт үүлэн дунд “Маш Дарагч” \төвдөөр “Шинду Намбар Номбо”\ бурхны номын биет дүрс очир суудалтай, харанхуй мунхагийг тас цавчигч илд барьсан байдлаар бурхны тигээр зурагдсан. Энэ бурхны хөрөг, гурван мэлмийтэй догшин дүртэй харьцангүй томоор дүрслэгдсэн морьтон, угалзалсан үүл болон галын дөл сэлт нь бүхэлдээ бурхны шашны тигийн дагуу зурагдсан шашны урлагыг санагдуулна. Нарийн ажиглавал тиг эвдсэн зүйлс бий. “Маш Дарагч”-н хоёр талд тиг ёсоор нар сар байх учиртай, үүний оронд Рерих жижигхэн таван хошуу зурсан байна.

Номын сахиус голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй байдаг бол Рэгдэндагва хоёр мэлмийтэй, амирлангуй дүртэй дүрслэгддэг цөөхөн номын сахиусын нэг билээ. “Шангад” (сансар дахь бурхадын орон, 60х81 хэмжээний усан будаг) танк зураг дээрх Рэгдэндагва ихэд энхийн царайтай, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар дүрслэгдэсэн байхыг Дүрслэх Урлагын Музейд харж болно. Заримдаа Рэгдэндагвын морийг хонгор зүсмийнхээр зурдаг. Шашны дүр бүрийг тогтсон тигийн дагуу зурж, гарт барьсан зэр зэвсэгийн бариул дээр билэгдэл утгыг илэрхийлдэг очир, чандмань, гавал зэрэг тухайн дүрийг тодруулах чимэг шигтгэдэг билээ.

Харин Рерихын Рэгдэндагва гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жадтай байдлаар зуржээ. Ээтэн гутал, яах аргагүй монгол баатрын хувцас, шашны билэгдлийн чимэггүй ердийн бариултай андуурах аргагүй тахир монгол сэлэм, сэлэмний хуйн угалз чимэг бас монгол нь танигдахаар ажээ. Монголчууд эртний уламжлалт ардын урлагтай байсан тул бурхны шашныг өөриймсүүлж дүрслэхдээ гаднаас авсан зүйл тун цөөн билээ.

1970 онд хэвлэгдсэн “Социалист Монголын дүрслэх урлаг” номондоо И.Ломакина “Их Улаанбаатар” зургийн шашны учир холбогдлыг дурдаагүй байдаг. Ленинградад үзсэн Рокуэл Кент, Святислав Рерих нарын бүтээлийн тухай шагшин ярихад, Дүрслэх Урлагын музейн ажилтан аав маань Святислав Рерихын эцэг Николай Рерихын энэ зургийг үзүүлж бурхны шашинтай хэрхэн холбогдох талаар тайлбарлаж өгч билээ. Тэр үед шашны урлагын тухай ярих бичих хориотой, шашны суртал нэвтрүүлэг гэж үздэг байлаа. Бурхны шашны бурхад, догшид сахиусыг дүрслэн үүссэн XYIII зуунд хөгжлийнхөө оргил үед хүрсэн зээгт наамал хэмээх торгон наамал зургийн талаар бичсэн “Торгон зураг” номондоо аав маань эртний урчуудын нэг ч бүтээл дээр тайлбар хийгээгүй байдаг. Ийм л цаг үе байв.

Бурхны шашин дэвшил хөгжил авчирч байсан тухай Ю.Н.Рерих хэлэхдээ: “XYI зуунд төвдийн буддизм Монголд нэвтрэхдээ Энэтхэг, Хятад, Төвдийн соёлын их салхи өмнө нь уйгаруудын авчирсан сургаалийн эртний хэлбэрийг түрэн зайлуулж, XYII- XYIII зуунд Монголд эрчимтэй хөгжсөн яз уран зохиолд төвд, самгарьд хэлний онцлог сонгодог монгол бичгийн хэлэнд тусгалаа олж байв. Нэмж хэлэхэд Монгол өөрөө эртний соёлтой, ардын урлаг өөрийн билэгдэл утга бүхий хээ угалз чимэглэлийн урлагтай байсан. Энэ уламжлал монгол зураг дүрслэх урлагт тусгалаа олсон байдаг.”

Монгол орон дэлхийн хамгийн хоцрогдсон буурай орны нэг байхад Рерих манай орноор аялсан юм. ХХ зууны эхэнд шарын шашин соёлын үр хөгжил дэвшил авчирагч байхаа больсон төдийгүй хорьдугаар зууны соёл иргэншил хөгжил дэвшлээс хүртэхэд чөдөр тушаа болж, нийгмийн хөгжлийн хүлээс болон хувирсан байлаа.

Залуу ардчилагчид “Бид Оросын их гүрний жийргэвч бүс байсаар ирсэн, одоо ч хэвээр. Хүйтэн дайн л биднийг дундад зуунаас орчин үе рүү үсрэхэд нөлөөлсөн” гэдэг. Монголчууд баахан оросжиж өөрөөр хэлбэл европжсон нь үнэн. Ингэхдээ өөрсдийн унаган төрх, сэтгэлгээний онцлогоо алдах дөхсөн нь бас л үнэн. Хүний мөс чанар муудаж, нийгэм замбараагүй байгаа нь сэтгэлийн ба тархины хоосролын илрэл.

Монгол орон гурван том шашны (бурхны, лалын, загалмайтны), гурван үндсэн соёл иргэншлийн (энэтхэг-хятадын, араб-түрэгийн, европ-вавилоны) уулзвар зааг дээр оршиж ирсэн нь манай түүхийн савчааг нөхцөлдүүлж байв. Николая Константинович Рерихын “Урлаг соёл бүх хүн төрлөхтөнг нэгтгэх хүчтэй, олон салаа мөчиртэй үндэс суурь нэгтэй мод лугаа ижил” гэсэн үг зуун жилийн өмнөх шигээ одоо ч ач холбогдолтой хэвээр байна.


Tuesday, 6 November 2007

Цэцэгс

Харанхуй гэж байгаагүй бол гэрэл гэдгийг төсөөлөхгүй, гуниг гэж байгаагүй бол баяр гэдгийг ухаарахгүй, зовлон гэж байгаагүй бол зол жаргалыг бүрэн амтлахгүй. Үүнтэй нэгэн адил эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн байхгүй, эрэгтэй хүн байхгүй бол эмэгтэй хүн байхгүй буюу эрэгтэй эмэгтэй нь салгахын аргагүй нэгэн цулын хоёр тал билээ. Гэтэл “эр хүн сайн бүгд жигдэрсэн бурхны бүтээл, эм хүн бурхан багш бодлогширч суухдаа санаандгүй бий болгосон алмайрал алдааны үр дүн” мэт үзэх нь элбэг. Түүхийн сурвалж бичигт “хацар гоо охидыг хаман авав,” “талийгчийг оршуулахад татвар эмсйиг хойлголдог”, “эмийг хүсэх нь эрийн ёс, эрийг шүтэх нь эмийн ёс” ч гэх шиг эд агуурс, элгэнд наалдсан дэлүү мэт эмэгтэйн тухай хааяа нэг хальт дурдах төдий.

Эр эмийн ёсийг нэг удаа гүйцэтгэхэд ялгарах гурван зуун далаад сая эр бэлгийн эсээс өндгөн эм эсэнд дөнгөж тал нь эндэлгүй мэнд ойртон очдог. Тэднээс зөвхөн “эрэлхэг ганц” нь амьд үлдэх хувьтай бөгөөд тогтсон үр ямар хүйстэй байхыг тооцоход бэрх тохиолдол гэнэ. Хүмүүний удмын учиг эр эм хоёул хүчин зүтгэсний дүнд тасардаггүй аж. Төрж мэндлэхээсээ өмнө үй олноороо эрсддэг болоод хөөрхий эрчүүд энэ ертөнцөд хүн болон тэр тусмаа эр болж мэндэлвээс тэнгэрийн умдагийг атгасан мэт сагадаг болой. Үүнийг ойлгоод эмэгтэйчүүд тэдний омголон дээрэнгүй занг нь огоорон ойчиход нь олбог болж, босоход нь таяаг болж эх нь болон энхрийлж, эхнэр нь болон тойлж, янаг нь болон ялдамсаж иржээ.

Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэж, үхэх сэхэхийн зааг дээр амиа зогоож байхдаа өөр хоорондоо шөргөөцөлдөх завгүй балар эрт цагт хүмүүн гэгч эхээ мэдэхээс эцгээ оноож чаддаггүй байв. Тэр цагт амьдрах аргыг заагч нь эм сүвт байж эхийн эрхт ёс ноёлж байв. Бүтээсэн зэвсэг нь улам боловсронгүй болж байгалийг эрхшээх тутам, хүмүүсийн дунд зөрчил хүчирхийлэл буй болж эхийн эрхт ёсны анхны ардчилал, эрх тэгш ёсон таягдан хаягдсан гэх. Эцгийн эрхт ёс ноёрхох болж эмэгтэй зөвхөн нөхөн үржихүйн зэмсэг төдий үзэгдэн элдвээр дарлагдсаар эдүгээ хорьдугаар зуунд л хүн зэрэглэлд дэвшсэн хөөрхий нэгэн амьтан.

Нийгмийн амьдралын олон салбарыг хүн төрлөхтөн хөгжүүлвэй. Оюун хүч, ур авьяас шаардсан шинэ салбар нээгдэх бүрийд эмэгтэйчүүд оролцох нь хориотой байлаа. Ганцхан салбарт ярихад, зөвхөн эрэгтэй хүн бүжигчин, жүжигчин байх эрхэм хувьтай байжээ. Мянга гаран жилийн тэртээ Энэтхэгээс уламжлан Төвдөд үүссэн цам хэмээх шашны багт бүжигт зөвхөн эрэгтэйчүүд бүжиглэдэг хатуу дэг жаягтай байв. Таван зуун жилийн тэртээ алдарт Шекспир амьдарч, мөнхийн бүтээлээ туурвиж байсан Англи оронд эмэгтэй хүний дүрийг эрчүүд гаргадаг, жүжигт зөвхөн эрэгтэй хүн тоглодог цааз хуультай байж, энэхүү хуулийг зөрчсөн театр шууд хаагддаг байсан тухай түүх өгүүлдэг. Эртний уламжлалаа хүндэтгэн одоо ч эмэгтэй хүний дүрд эрэгтэйчүүд тоглодог японы Но, Кабуки театрын тоглолтыг гадаадынхан байтугай орчин цагийн япончуудад хүртэл ойлгоход хэцүү гэх. Тайз дэлгэцийн урлаг өнөөдөр олон мянган эмэгтэйчүүдийн алдар цолд хүргэдэг салбар болсон тул эмэгтэй хүн жүжигчин, бүжигчин байж болдоггүй ёс дэлхийн нийтийн чанартай байсан гэдэгт одоогийн хүүхдүүд бараг итгэхгүй биз.

Эмэгтэй хүний эрх чөлөөг дэлхийд хаа сайгүй хязгаарлан гутааж байсан юм. Дундад зууны Европт рыцарууд аян дайнд мордохдоо “ариун бүс” гэгч тамтай хар төмрөөр “хайрт” хүүхнээ цоожлоод явдаг байжээ. Ийм бүсгүй түлхүүрийн эзнийг хүлээж өөр эртэй хавьтахгүй “үнэнч” байх агаад, тусгай домбонд ихэд бэрхшээлтэйгээр өтгөн шингэнээ суллан зовж байжээ. Одоо тэр бузар бүс музейн үзмэр болон хөглийж, орчин цагийн хүүхдүүдэд түүнийг ямар учраас яаж хэрэглэдэг, хэрхэн ариун цэвэр сахьдаг байсан талаар ойлгуулах гэж музейн ажилтнууд аргаа барна. Хятадуудад “шувуун хөл”-тэй бүсгүй гоо сайхны дээдэд тооцогддог байсан гэнэ. Тав зургаа орчим насны охидын хөлний эхний үеийг дотогш хуга нугалан давстай нойтон бөсөөр хэд хоног орилуулан чарлуулан боож хөлийнх өсөлтийг зогсоодог байжээ. Биеэндээ тэнцээгүй жижигхэн хөл гоо үзэмж нэмэх нь юу л бол. Харин “шувуун хөл” дээр хол явж чадахгүй, дургүй эр нөхрөөс дутааж чадахгүй, эрх чөлөөний далавч ургахгүй нь лавтай. Дээр үед манайд байсан нутгийн хятад наймаачдын “шувуун хөл”-тэй эхнэрүүд монголын ширүүн салхинд хийсчихгүйн тулд, хашаа түшээд өчүүхэн хөлөн дээрээ дэнжигнэн зогсож байдаг сан гэж эмээ маань ярьдаг байлаа.

Анхны бөө нар нь голдуу эмэгтэй удганууд байсан төв Азийн нүүдэлчдийн дунд эхийн эрхт ёс нэлээд хожуу халагдсан гэх үндэслэлтэй. Арван долдугаар зуунд хорьсон дээдсийг таалал төгсөхөд татвар эмсийг хамт хойлголдог бөөгийн зэрлэг ёсийг эс тооцвол эмэгтэйчүүдийг Монголд онцгой гутааж байсан баримт ховор. Эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт мал аж ахуй эрхэлж, гар урлал болон чимэглэх урлалыг мөр зэрэгцэн бүтээж иржээ.

Монголчууд хүн дуурайдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой байхдаа хүчирхэг байв. Өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахад гаднаас суралцах төдийгүй өөрийн унаган дүр төрхөө олох хэрэгтэй санагдана. Түүх соёлын өв уламжлал дөнгөж сэргээгдэх шатандаа, шинэлэг онол, итгэл үнэмшил хараахан төлөвшөөгүй эдүүгээд хүмүүсийн сэтгэл зүйд хоосон зай гаран нийгэм бүхэлдээ ёс суртахуунаар доройтон хөхний томоороо уралдаад, хөнжлийн халуунаар сонин гаргаад, үйлс нь өөдрөг нэгнийгээ үндэсгүй гүтгээд, айх ичих юмгүй ой гутмаар болж байна. Хүмүүн биднийг цэцэгс, нийгмийг газар гэвэл, манайд хөрсний эвдрэл явагдан хог ургамал, махчин ургамал ихсэх төлөв илрээд байна. Ийм хөрсөнд эм хүний хийх хийхгүйг хийх этгээд хачин бүсгүйчүүд төрнө.

Уулын жалга, хонхор газар болон зам дагуу ургах урт иштэй, товч мэт ганц цэцэгтэй ургамал “зангуу” гэдэг нэртэй. Үр нь ямааны толгой шиг хэлбэртэй тэрүүхэндээ бяцхан “эвэртэй”-өргөстэй тул юманд наалдан холоос хол аялан хаана ч хамаагүй хүрч, эрээ цээргүй ургах тул иймхүү зангуу гэжээ. Дашрамд дурдахад бөөр давсагны эмгэгд энэ ургамал тустай гэх.

Нөхөр тойлж, хүүхэд өсгөх завгүй өдөр шөнөгүй “биеийн таашаал” заран амьдрах эмс хажуугаар өнгөрөх эр бүрийг өдөж, зангуу мэт зууралдан, бараан захын борлогддоггүй бараа зарах мэт ..ээс буулаа ...тэдэд авчих гэж часхийнэ. Ийм өвөрмөц үнэр амтанд дурлах зарим эрчүүд “хүний арилжаанд” оролцон, хэтэвчээ нимгэлэн мансуурна. Зарим янхан бүр “экспорт импортын бараа солилцоонд” оролцоод зөвхөн ногооноор гульгана. Хормойн дон, мөнгөний шуналаас ийм замд орсон эмэгтэй янхануудын өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Ихэнх нь бүтэлгүй дурлал, зоддог зэрлэг архичин нөхөр, өөрөө хүүхдээ тэжээхээс аргагүй зэрэг хүнд хэцүү амьдралаас болж, өөрөөр хэлбэл тэдэнтэй учирсан эрчүүдийн арчаагүй өөдгүй зан тэднийг буруу замд түлхдэг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ч эрчүүд янханд очдоггүй сон бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт хүчээ сорих тийм бүсгүй байхгүй байсан биз ээ.

Улаан халзан ил задгай бөгстэй, нүүрэндээ үстэй сармагчинд ичгүүр гэж байхгүй. Хүний үр ичдэг чадвараараа адгууснаас ялгарч тэр чинээгээрээ хөгжиж дэвшиж ирсэн. Зарим эмс урд төрөлдөө халуун орны сармагчин байж, монгол эмэгтэй болон төрөл арилжсанаа үе үе мартах бөгөөд цайны газар аяга тагш юм уухаар орсон хүмүүсийг амар тайван байлгахгүй дотоожоо тайлж шидэн шалдрах хуучтай. Хүн зоныг айлгаж ичээчихээд “өвлийн лянхуа цэцэг”, “тайчих урлагийн хатан хаан” ч гэх шиг алдар цол хүртэнэ. Цөөрмийн булингартай усанд ургадаг лянхуаг шашны урлагт хүмүүний зовлонг нимгэлэхийн төлөө бясалгал хийж гэгээрсэн бодьсадва, бурхадын суудалд билгэдэж ирснээс бус бусармаг үйлстэй эмсэд зээлдүүлж байсангүй. Монголчууд өөрийгөө зарах байтугай өрөм ааруулаа үнэлэхээс ичдэг, нэрэлхүү ичимхий сайхан улс билээ л. Монголчууд юм мэдэхгүйгээсээ ичдэг, эвгүй зан гаргасан хүний өмнөөс хүртэл ичдэг ард сан.

Намгархаг газар ургадаг, гоёмсог хөхөмдөг ягаан цэцэгтэй, том далбагар шар навчаараа эргэн тойронд нисэх шавьж, эрвээхэйг эргүүлэх мэт найган гунхах “тосондой” бол махчин ургамал. Навчин дээр нь усны дусал мэт бөнжигнөх хүчиллэг шүүс нь цангаагаа гаргах гэсэн гэнэхэн шавьжийг инээмсэглэн мишээн даллана. Түүнд шимтэн буусан хөөрхий шавьж “цай” бус “цавуу” болохыг мэдээд сугарч алдуурах гэж тийчлэх тутам улам бүр наалдан, ургамал навчаа хумин битүүрнэ. Хэд хоногийн дараа “тосондой” нар даган навчаа аажмаар тэнийлгэхэд, шавьжнаас хальс л үлдсэн байх ба дараагийн олзоо хайсан ургамал юу ч болоогүй мэт гоо үзэсгэлэнгээ гайхуулан ганхана.

Элдэв зусар үгээр зулгуйдан аавын хүүг уургалан авгай алдрыг хүртэнгүүт төрөл арилждаг, сэтгэл гээч эрдэнэгүй төрсөн ховст эмс байх нь өнөөх махчин ургамал “тосондойг” эрхгүй санагдуулна. Тосондой нар дээр үед цэргийн жанжин, ноёд, худалдаачдад нүд унадаг байж. Сонжих, сонгох эрхгүйн учир нэг их гаарч чадаагүй гэнэ. Социализмын ялзарсан хөрсөнд тосондойнууд олноор үржин, монголын хүн амын багагүй хувийг бүрдүүлдэг “дарга” давхаргын эрс тэдэнд олзлогддог байв. Тосондой-авгай “хотын намын хороо байхад чи муу хаачив" гэж шилбүүрдэн сэтгэл нь хөрчихсөн нөхрөө хүчээр тогтоон “тамын жаргалд” умбана. Ардчилал зах зээлийн өнөө үед толгойтой бүр “тосондой” болох дөхөөд, ашигтай албан тушаалтан болон шинэ баячууд маань тэдний тоосонд дарагдаад “сүүлт од” мэт хөөрхий. Хүн гэж сонин амьтан шүү. Эрт цагт эмэгтэй хүн хайр сэтгэлээрээ ханиа сонгож чадахгүй, хүчээр богтлогдон айлын бэр болон хадмын өөдөөс эгц харах эрхгүй байхад, хоосон ч болов хайрт хүнтэйгээ амьдрахсан гэж мөрөөддөг байжээ. Одоо хайр сэтгэлтэй хүнтэйгээ суугаад хоосон гараанаас амьдралаа эхлэх зүрхгүй, өөрөө өөрийгөө мөнгөнөөс богтлон бэлэнчилдаг болж дээ.

“Эм хүний үс урт, ухаан богино” гэдэг үгэнд зарим бүсгүйчүүд ихэд эгдүүцдэг бололтой. Эр хүн шиг пинтүү халимаг тавин ухаалаг гэдгээ илэрхийлэх бөгөөд , “суут” нэг нь бүр мулзан болтол үсээ хусч нэвт гэгээрснээ харуулна. Үс, хувцасны хэв загвараар ухаан үнэлдэг шинэ онол шүн гарсан юм даг аа.

Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан,
Хөөрөө болов уу яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан,
Жаргаа болов уу яагаа бол

гэж ардын дуунд дуулдагчлан, нөхөр нь өөр эмэгтэйд сайн болоод өөрийг нь орхиж байхад, алтан үрээ хайрласан хөөрхий минь гэж араас нь цацал өргөн, сэтгэл нь хоргодон санаа зовсоор үлдэх сүүн цагаан сэтгэлтэй бодь нэгэн бас байнаа.

Хөвсгөл, Хангай, Алтайн өндөр ууланд ургадаг байгаад, одоо зөвхөн Отгонтэнгэр ууланд ургадаг “Вансэмбэрүү” гэж гайхалтай эмийн ховор ургамал бий. Шим бүрдэж, ургац гүйцсэн “Вансэмбэрүүг” монголчууд дээр нь майхан барьж ихэд сүслэн нандин ёс төртэй түүдэг уламжлалтай. Домог өгүүлрүүн: “Үхлийн шарх олсон баатар ухаан балартан удтал хэвтээд, нэг ухаан орохдоо хажууд байх өндөр бүдүүн иштэй улаан шаргал шүүслэг цэцгийг авч шимжээ. Унтаж байгаад дахин сэртэл цус тогтон, өвчин намдаж, бие нь хөнгөрсөн байв." Авьяас чадвар, оюун ухаанаараа цоройлон гарсан эмэгтэйчүүдийг вансэмбэрүүтэй зүйрлэмээрээ.

Цэцэг болгоны орчинтойгоо зохицон тэжээл авах арга, өнгө тунамал чанар, анхилуун тансаг үнэр, анагаах чадвар гээд хүмүүнд өгөх таашаал, ашиг тус өөр өөр. Сүү шиг сэтгэлтэй, сүрхий зальжин, хашир нь дэндсэн, хайнга гэнэн, аальгүй сээтгэнүүр, айхтар намбатай гээд ааш араншингаараа баахан ялгаатай бүсгүйчүүд маань амьдрах ухаан, эрчүүдийн эвийг олох арга мэх нь бас өөр өөр.

Мэргэжил мэдлэг, ажилсаг сайхан чанараараа гайхагдан эрдэмтэн, эмч, багш, бизнес эрхлэгч,оёдолчин, хатгамалчин, зураач, тогооч, ногоочин, тариачин, саалчин, тэмээчин, төрийн түшээ гээд олон бүсгүйчүүд айл гэрийн ачаанаас үүрэлцэн сайн эх, сайхан хань байж эгэл сайхан амьдарсаар насыг элээдэг. Өндөр газар ургадаг тул нам газрын зонд ховор нандин цэцэг гэж эрхэмлэгддэг, монголын өндөрлөгийн хаа сайгүй ургах “цагаан түрүү” буюу edelweiss хэмээх жижигхэн цайвар саарал цэцэгтэй ч юмуу, эсвэл ишийг нь зүсэхэд сүүл өөх мэт цавцайж, сүүн цагаан шүүс бурзайж байдаг говийн бужгар улаан “гоёо”-той монголын эгэл олон сайхан бүсгүйчүүдээ зүйрлэж болмоор.

Түүхэндээ дайнч зэрлэг гэгдэж байсан монголчууд харин хүүхнүүддээ “төмөр дотоож” өмсүүлсэнгүй, гоё болгох гэж хүзүүгий нь сунгааж, хөлий нь агшааж зовоосонгүй, нүүрий нь бүтээж цэвэр агаараа харамласангүй. Хүүхнүүдээ цэцэг шиг цэвэрхэн гэж дуу хуурандаа магтдаг билээ. Аз буян дэлгэрч ариун ёсон цэцэглэхийн билэг тэмдэг цэцгийг “өлзийт найман тахилдаа” багтаадаг заншилтай. Манайхан сүргийн бүтцээ сайжруулна, хадгална гэж их ярьдаг. Тэгвал “цэцгийн бүтэц”-дээ анхаармаар болжээ. Монгол бүсгүйчүүл бүрэг ичимхийгээсээ болоод хохирч байсан цаг бий. Гэтэл одоо эртний уламжлалт цэвэр ичимтгий зангаа сэргээмээр болсон шиг.

Saturday, 3 November 2007

Сэтгэлээ гэж

Монголын уудам нутагт 1000 жилийн өмнө: Хожим монголчууд гэж нэрлэгдэх болсон омог аймгийн улс газар усны савдагтаа нэг заяа муутаар цусан тахил өргөж байна. Омгийн ахлагчийн бие чилээрхжээ. Эдгэрэх болтугай.


Монголын уудам нутагт 100 жилийн өмнө:
Тэр жилийн муу муухайг сорд шингээгээд гал руу хаяж байна. Хотол олноороо эрүүл энх байх болтугай.

Монголын уудам нутагт 10 хоногийн өмнө: Элэгний хорт хавдар хөөрхий ээжийн бүхий л эд эсээр үсэрхийлэн тархсан гэдгийг эмч нар оношлоод найдваргүй болжээ гэдгийг үр хүүхдэд нь дуулгав. Бүх юм мэддэг бизнес эрхлэгч "Хар ямааны элгийг ээжийнхээ элгэн дээр нь тавиад арьсы нь нөмрүүлбэл эдгэнэ" гэж зарлигдаснаас эхийгээ гэртээ гаргаж, хэд хоног таваар нь байлгах гэсэн хүүхдүүд хоорондоо эвдрэлцэв. Зарим нь энэ домд итгэж дээ. Үрийн сэтгэл гэж...

Монголын уудам нутагт 1 хоногийн өмнө: Хэд хоногийн өмнө хөгшнийгөө хөдөөлүүлсэн өвгөний сэтгэл тавгүй. Тайвшрах ч арга алга, лам таван жил газар дээр нь очиж болохгүй гэсэн байдаг. Ная хүрсэн хүнд, насны ханиа алдсан өвгөнд таван жил наслах их л хол санагдана. Хотоос нэлээд зайтай, сүүлийн үед хүн хөдөөлүүлэх болсон хөгшнийг нь тавьсан тэр нарлаг энгэр өвгөнд их таалагджээ. Болдогсон бол хажууд нь газар аваад хамтдаа нойрсмоор. Гэтэл гавьяат гэж нэг гай байнаа. Аягүй бол өөрөө хүсээгүй Алтан Өлгийд хэвтэх байх даа. Бизнес эрхэлдэг ах хүү нараа чирдэг ганц хүүдээ санаа зовох, 49 хоног ном уншуул, суврага босго, сүнс дуудна төөрүүлнэ гэх элдэв юманд хэдэн бор цаасаа төлсөөр тэр бизнест нь хөл дээрээ тогтож үлдэх л байгаа гээд түмэн бодол толгойд хөвөрнө. Ядаж байхад, мэдрэл муудмаар „ум маани бад ни хум“ уншлагын автомат хайрцаг уй гуниг улам нэмэх агаад хазгай дуудлага нь чихэнд чийртэй, өмнөд хөршид үйлдвэрлэсэн эд бололтой. Яана даа.

Дөнгөж саяхнаас байгаль хамгаалах тухай ярьж эхлээд моодонд ороод байгаа ойлголтыг манай монголчууд аль эрт мэддэг байв. Тэр чинээгээрээ дэлхийд байгаль хамгаалах хууль анх гаргаж хэрэгжүүлсэн орон. Бөөгийн мөргөлд бас авах юм бий. Байгальдаа зохистой хандаж хайрлан хамгаалах л гол авах санаа. Гэтэл бүх юм хэлбэрдэлт. Монголд одоо төрийн тайлга тахилгатай уул тав болоод төрийн тэргүүн, ерөнхий сайд нар бүгд гарсан гэсэн. Энэ зардлаа Туул голын орчмын хог, бохирдлыг цэвэрлэх хөдөлгөөн үүсгээд ажиллаж байгаа оюутан залуусдаа өгөөсэй билээ.

Цагаан сараар нийслэлийн ойролцоох нэг багахан уул эрийн хийморь сэргээдэг гээд үүр цүүрээр олон хүнд шавуулж, хог шилэнд дарагдаж байдаг болов. Шилийн Богд руу аз хийморио дуудуулахаар цагаан сараар баячууд жийпээ хөлөглөөд цувчихна. Зарим нь хийморьлог амьтаны амь авч (чоно алж) хийморь хулгайлна.

Хүүхнүүд нь нөхөр, хүргэнээ сайжруулах гэж долоон айлын тогооны хөө цуглуулах гэж гүйлдээд. Өвчин зовлонгоосоо ангижирч байна гээд ламд очиж нүүр рүүгээ нулимуулж. Гай барцадаасаа салж байна гэж хацар руугаа алгадуулж байдаг хаанахын ямар ёс вэ? Хорин нэгдүгээр зуунд маань энэ бүхэн тохирч байна уу та минь.

"Тэнгэр эцэг, Газар Эх, Өвөг дээдсийн сүнс шүтдэг бөө мөргөлийг "байгаль ертөнцөө хамгаалж зохицож амьдар, түүний хуулийг судалж зөв тусга" гэж, бурхны шашны гүн ухааны голыг "Эзэн хичээвэл заяа хичээнэ", "Санаа сайтын заяа сайн"(Нагаржуна-н 4 үнэн, 8 зөв) гэсэн монгол ардын хоёрхон зүйр үгээр илэрхийлж болох шиг.