Friday 18 January 2008

Авьяас

Ардын жүжигчин Хайдав гуай Прага хотод хэд хонохдоо манайд нэг үдэш саатав. Хэлсэн ярьсан нь их сургамжтай санагдаж түүний яриаг дор сийрүүлэв. Улсын хэвлэлийн комбинатад үсэг өрөгчөөр ажиллаж байгаад Хайдав гуай хэвлэлийн инженерийн сургуульд хуваарь аваад дайны дараахан Москвад иржээ. Өөрийн дур сонирхолтой хөгжмийн сургуульд орохоор шийдэж хөгжмийн сургуулийн оюутан Гончигсумлааг дагуулж хамт очоод шалгалт өгөөд үзжээ. Ажлын газрынхаа сайн дурын уран сайханч гэж олон концерт урлагын үзлэгт дуулж байсан сайхан монгол дуу, пянз тоглуулагчаас сонсголоороо сурсан нэгэн орос дууг цээл хоолойгоор дуулж үзүүлвэй. Шалгалтын комиссын хэдэн настай улс ихэд сэтгэл хангалуун байдалтай толгой дохин "хороший мальчик" гээд таашаасан шинжтэй байна гэнэ. Ингэж сайхан дуулж байхад авах л байх гэсэн шиг байтал нэг авгай төгөлдөр хуурын ард суугаад нэг товчлуур "дон" хийлгэн дараад энэ ямар "нот" вэ гэж асууж байна. Цагаан товчлуур дээр дарсан юм чинь, "белый нот" гээд авчихлаа. Гэтэл нөгөө хэд чинь тас тас хөхрөлдөөд савж унах нь. Авна авахгүй гээд хоорондоо маргалдаад бөөн юм болсноо хэд хоноод ир, асуудлыг чинь тэр болтол шийднэ гээд гаргажээ. Элчин сайдын яамандаа иртэл, хэвлэлийн сургуульд ирсэн хүүхэд сургуульдаа очоогүй байна гээд эрэл сураг болоод хаачсан, яасан хүн одоо болтол сургуульдаа очиж бүртгүүлдэггүй гээд зэмлүүлэх төлөвтэй.
Дуучин болох сонирхолтой хөгжмийн сургуульд орно гэж өөрөө гүрийгээд, сургууль нь ч төрөлхийн авьаястай энэ хүнийг чинь "туршилтын хугацаагаар" авьяа гэж байж хөгжмийн сургуульдаа оржээ. Орос хэл мэдэхгүй, хөгжмийн онол байтугай нот мэдэхгүй хүнд эхлээд маш хэцүү байсан нь ойлгомжтой. Угийн сонсгол сайнтай, хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч байхдаа утгы нь мэдэхгүй ч олон хуудас юм оросоор өрж байсан тул хэлийг түргэн сурч байв. Тугалган үсгийг нийлүүлж орос үг бүрдүүлж явснаас оросоор бичиж байсангүй ээ. Хамгийн урд талын ширээнд багшийн өөдөөс харж суугаад лекц яриа ер нь багшийн амнаас гарсан болгоныг гялалзтал тэмдэглэж хирэндээ их хичээж байв. Хамт сурдаг оюутнууд энэ нэг уйгагүй нөхрөөс сүүлд хуулж авна, лекций нь аваад уншчихна гэж дор дороо нүдлээд ихээ найдвар тавьж байсан гэнэ. Шалгалт дөхөөд идэвхтэй монголоосоо лекц хуулах гээд автал худам монгол үсгээр таталгасан лекц байж таараад нөгөө залхуу хэдийн нүд орой дээрээ гарч ёстой нөгөө "газар хатуу, тэнгэр хол" гээч болов. Энэ хөгтэй явдал багшийн чихийг дэлсэж манай хүн идэвх зүтгэлээрээ үнэлэгдэн жинхэнэ оюутан болсон түүхтэй.
Сургууль төгсөж ирээд Дуурийн театрт нэлээн хэдэн жил ажилласан нэр цуутай дуучин болсон үе. Нэг өдөр театрын жижиг өрөөндөө сууж байтал сүр сар хийсэн бахь шар залуу орж ирээд "Хайдав гэдэг хүн хаана байна, ах намайг дуу дуулахыг заалга гэсэн" гээд нэг амьсгаагаар хэлээд духаар харан барилдахаар өрж байгаа хүн шиг зогсож байхаар нь миний дүү ямар хоолойтой вэ гэвэл "бөдөөн" гэж байна. Аа тэгвэл өөдөөс харсан хаалгаар ороод тэнд байгаа хүнтэй уулз гээд гаргажээ. Дуулж байгаа бололтой чимээ гарч байснаа нөгөө залуу эргэн орж ирээд "ах угаасаа тань руу явуулсан, би сургуулиа хаяад ирсэн хүн таньд л шавь орно" гээд шалаад суучихаж. Чиний хоолой таарна Пүрэвдоржид шавь ороо гэхээр "энэ ямар муухай хүн бэ?" гээд толгой сэгсрээд байхаар яасан юм гэж сонирхвол: Надаар дуулуулаад "чи ёстой баас байна" гээд байх юм хэмээн ихэд уурласан, гомдсон байдалтай байсан залуу нь хожмын нэрт баргил хоолойтой дуучин Жаргалсайхан гуай.

8 comments:

peakfinder said...

Yostoi sonin saihan tuuh baina shuu. Zondoo ineelee. Hunii amidrald hogtei yavdal olon tohioldoh yumaa. Uneheer l bor zurheeree yavj dee.

Anonymous said...

Saihan tuuh baina. Baas hooloi... savj unalaa shd. Yostoi super onigoo baina daa.

Arsun said...

Yostoi saihan tuuh baina haha, Buduun hooloitoi gej bodson baas genee...

Idea said...

Хэхэ "Белый нот" байхдаа яахав дээ. Хөгжилтэй юмаа. Ийм гоё түүх намтартай, билэг танхай авьяастай хүмүүс одоо улам л ховордож байна. Дурсамжаас нь ингээд боломж таарвал сийрүүлж байх хэрэгтэй юм байна шүү, нээрээ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Томчуул хууччуулын залуу цагийн амьдралыг сонсохоор заримдаа домог ч юм шиг санагддаг

ZAYA said...

Настай хүмүүсийн яриаг сайн тэмдэглэж авч баймаар юмаа.
Гоё түүх бичсэн байна ш дээ.

m2 said...

Жаргалсайхан гуайтай хэдэн үг солих хувь тохиож байлаа. Нээрээ л бөдөөн хоолойтой хүн дээ... хэхэ ... баас хоолойтой гэх юмуу

Anonymous said...

Эрэгтэй хоолойг 3 ангилдаг билүү дээ
Тенор - Нарийхан
Баритон - Дундаж
Басс - Баргил
Хайдав гуай тенор хоолойтой шиг санагдана. Харин Пүрэвдорж баавай бол басс хоолойгоороо дэлхийд эхний хэдэд ордог гэж дуулсан. Жаргалсайхан гуайг уг нь Пүрэвдорж гуай жинхэнэ басс гэж магтсаныг, нөгөөх нь баас гэж сонсоод гомдож л дээ. Ёстой элгийн юм болжээ.
Нөгөө талаас их сургамжтай нийтлэл шиг санагдлаа. Жаргалсайхан гуай Хайдав гуай 2 аль аль нь том дуучид. Бас аль аль нь сургуулиан хаяж, дуучин болхоор зүтгэжээ. Хэрвээ тэр хоёр анхны мэргэжилээ эзэмшцгээсэн бол одооны амжилтандаа хүрээ ч үү үгүй ч үү. Тэгхээр ямарваа нэг хүн өөрийн авьяас, сонирхлоон дагавал илүү амжилтад хүрдэгийн үлгэр болой.