Saturday 5 July 2008

Үер

2002 онд зуун жил үзэгдээгүй их ус бууснаас Прага хотын дундуур урсах Влтава голын усны түвшин арваад метрээр нэмэгдэж, голдригтоо багтахаа болин уурлан архирах араатан шиг улаанаараа эргэлдэн замд таарсан бүгдийг эвдэхийг эвдэж, гэмтээхийг гэмтээж, устгаж үгүй хийхийг газрын хөрснөөс арчин ор мөргүй болгосоор хотоор нэг нэлийн урсаж байв. Голын ойролцоох айл өрх, албан байгууллагыг шилжүүлэн нүүлгэн ажлыг түргэн хугацаанд сайн зохион байгуулж чадсанаар хүн амын эрсдэл бараг гараагүй ч, хэдэн арван сая доллараар хэмжигдэх эд материалын хохирол амссан юм. Улс орон даяар онцгой байдал зарласан байв. Радио телевизээр зөвхөн үерийн тухай л мэдээ нэвтрүүлж байлаа.

Тэр үед нөхөр том хүүтэй нутагт бүр хөдөө орон нутагт явчихсан, энд байсан бага хүү бид хоёр айчихсан улс бие биедээ наалдаад зурагтын мэдээ хараад л суудаг сан. Зам хаалттай гадагшаа гарч чадахгүй. Энд тэндээс манайхан, найз нөхөд санаа зовж утасдаад л байсан. Манайх хотын өндөрлөг хэсэгт байсан тул гайгүй өнгөрсөн. Хэд хоног цутгасан бороо татарч, удаан хүлээсэн нар гийхэд хот аажмаар амь оров. Цэрэг эрс, аврах ангийнхнаас гадна хүн бүр чадах бүхнээ хийж эхлэв. Үерийн замд таарсан байшин барилгын нэгдүгээр давхар, метроноос ус шавхах, эвдэрсэн зүйл хог новшоо цэвэрлэх ажил өрнөв. Шавартай хутгалдсан хогон бухал өдрөөс өдөрт босч байв. Тоо томшгүй ямар их хог вэ.

Өдөртөө сүүдэрт нь өтгөс амармаар, үдэшдээ залуус болзмоор салаа олон мөчиртэй, саглагар өтгөн навчистай сайхан мод байсан, хэдхэн хоногийн өмнө хаалга, шал, ширээ сандал, шүүгээ тавиур зэрэг модон эдлэл байсан бүхэн харалж өмхөрсөн хугархай эмтэрхий модон хог болжээ. Цагтаа хөрсний гүний олон нугачаанд чимэг давхарга байсан "төмрийн хүдрийн шороо" хүмүүн бидний гараар арматур төмөр, араа шүдтэй суурь машинаас эхлээд хутга шөвөг, хайч зүү, хайруул тогоо зэрэг үй олон төмөр эдлэл байсан бүхэн арзайсан хэрзийсэн зэвэрсэн бутарсан хөсрийн хар төмрийн хог болжээ. Газрын гүнд гялтганан урсах хэн ч тоодоггүй байсан "хар тосыг" хүмүүн бид "хар алт" болгоход тунасан шаар эх дэлхийдээ эргэж шингэдэггүй хуванцар эд болж, гамшгийн дараа хамгийн их хэмжээний эргэж боловсруулж ашиглаж болохгүй адгийн хогийг үүсгэжээ. Хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бий болсон үнэт зүйл эвдэрч сүйтээд хогон бухал болоод байхыг харахад хэцүү юм билээ.

Тэр үерээс хойш бороо орохоор айгаад ч байх шиг нэг л түгшүүртэй байдаг болчихсон. Агаар цэвэр тунгалаг болоод байгал дэлхий тэр чигээрээ өнгө засдаг бороо хурд хэн дургүй байх билээ. Ямар ч юм хир хэмжээнээсээ хэтрээд юмуу дутаад ирэхээр гамшиг болдог хойно доо. Европын олон оронд тэр жил их ус бууж үер болсон. Бараг усан галав юүлэх гэдэг нь болж байгаа юм болов уу гэмээр байсан. Гэтэл тэр үед тэртээ холын Америкт, төв Азийн өндөрлөгт орших Монголд маань ган болж түймэр дүрэлзэж, хүн бүр бороо хур орохыг хүсэж байсан. Хүмүүн бидний хирээс хэтэрсэн ханаж цадахгүй хэрэглээнээс болж байгалийн тэнцвэр алдагдсан, байгалаа ингэж цөлмөхөө болихгүй бол, өөрөөр хэлбэл хэрэглээний энэ хэмжээгээ бууруулахгүй бол эх дэлхийн маань амьд байх нас улам хурдацтай богиноссоор байх болно гэж эрдэмтэд дүгнэж байсан.

Үерийн улмаас эвдэрч хэмхэрсэн барилга байгууламжыг засах, сэргээн босгох ажил нарийн төлөвлөгөөтэй, дэс дараалалтай явагдаж эхлэв. Хогноос дахин боловсруулалтад оруулж ашиглаж болохыг ялгаад бусдыг нь устгав. Найдвартай үерийн хамгаалалт далан юуны өмнө барив. Мянгаад жилийн өмнө баригдсан эртний түүхэн газар, уран барилгын өвийг яг хуучин байсан хэвэнд оруулан сэргээн засварлав. Санаанд үлдсэн тоо баримтаас лав 25 метроны буудал, газар доогуурх цахилгааны шугам сүлжээ, хонгил эвдэрч гэмтсэн байсан. Жил хагасын дараа бүх метрог хэвийн ажиллагаатай болгосон төдийгүй зарим нь бүрэн шинэчлэгдэн улам гоё болж билээ. Бага зэрэг гэмтсэн барилгад засвар хийж, бүрэн нурж үгүй болсны оронд шинэ барилга баригдаж хот хуучин өнгө төрхөндөө орсон. Байгалийн гамшигийг далимдуулан ашиг хонжоо хайсан, өмчийн маргаанаас эзэн нь тодорхойгүй зэрэг хүний шунал сувдаг сэтгэл хутгалдсан газар л үерийн хохирлыг арилгаж чадаагүй удсан бөгөөд зарим нь одоо болтол хотын шарх сорив болон засагдаагүй хэвээр байгаа.

Сая хэд хоног монголын интернет сонин, гадаадад хүлээж авах боломжтой монголын зурагт, блог андуудын мэдээлэл зэргээс нутагт болсон үймээн завхралыг харж сэтгэл их гундуу байна. Улс төрийн хийрхлээс эрдэнэт хүний амь эрсдэж, соёл урлагын өчнөөн өв сүйтэв. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулагддаг тэр их мөнгийг нэр дэвшигчид нийлүүлсэн бол бохир цэвэр усны боловсон сүлжээгүй, гэрэл цахилгааны хангамжгүй байгаа гэр хорооллын оронд тохилог бичил хороолол барих, хотоо моджуулж ногоо зүлэг тарих ажлыг хэрэгжүүлэх хөрөнгө өлхөн гарч, ядаж нийслэл хотоо орчин үеийн хотын дайтай болгочих байлаа. УИХ-д сонгогдох гэж сая саяар, тэрбум тэрбумаар мөнгө үрсэн нөхөд одоо учраад байгаа хохирлыг сэргээхэд хичнээн төгрөг хандивлах бол?! Ард олны татвараас бүрддэг улсын төсвөөс л мөнгө гаргана даа.

4 comments:

БЭ said...

тэр үед энд ч гэсэн аймар байсан шүү, манай хот яг сүрхий өртөөгүй ч, элбэ, дунай мэт том мөрөнгүүд урсдаг хотууд их хэмжээгээр сүйрч байсан. зууны үер ч гэж нэрлэдэг. гэвч одоо тэр хохиролоос сэтгэл зүйн хохирол л үлдэх шив, эд хөрөнгөний талаар даатгал хөгжсөн улсад иймт охиолдолд бүх юмыг даатгал нь төлчихдөг гэж байгаа. сүүлийн үед хэний янаагүй бухимдуу л байна.

Anonymous said...

байгалийн гамшиг ч аймшигтай шүү.Хөгжилтэй улсууд бол арга хэмжээ аваад л сэргээгээд сайхан болгочихно. Нүдэнд харагдтал сайхан бичсэн байна шүү.
Өчнөөн жилийн турш өчнөөн хүч хөрөнгө зарж бүтээсэн юмаа ганц далайлтаар устгаад хаячихна гэдэг даанч харамсалтай. Наад баячууд чинь эрх мэдэлтэй болж шанагаар алт утгахын төлөө хамаг байдгаа барчихсан гээд юу ч өгөхгүй байх даа.Угаасаа тэдний санаа зовдог юм өөр юм чинь.

peakfinder said...

Songuuli gedeg nairuulj toglodog jujig shig bolchihson yum uu daa. Saya haa ch bilee Uvsaas songogdson geh neg erhemiin humuust mongo taraaj bui bichleg uzsen. Nogoo cagaandaa garna gedeg yah argagui bolchihjee. Ingeed barimttai baigaa uildel ch yamar neg shiitgel huleehgui bolohoor humuusiin buhimdah argagui ch yum uu. Yag unendee ternii enenii zov geh argagui hecuu yum bolson shuu.
Tanii turuunii bichlegtei holbootoi, anhnaasaa MAH namiig taraasan bol deer baih baij gej bodogdood baih yum.

Anonymous said...

jordan shoes
off white shoes
supreme t shirt
goyard outlet
yeezy gap hoodie
yeezy
supreme new york
supreme clothing
air jordan
kyrie 6 shoes