Saturday, 23 May 2009

Нутгийн сонин

Нутгаас зочид ирээд улс оронд маань болж байгаа үйл явдлыг "өнгөтөөр" ярьж нэг оройг сонирхолтой өнгөрөөв. Интернет сониноос, элдэв сайт, видео бичлэгээс сонгуулийн тухай мэдээ бялууртал авч байгаа болохоор энэ сэдвийг бараг хөндсөнгүй. Бид хэд хоол цайтай ширээний ард, өмнө нь зурагт албатай юм шиг асаастай ч хүн сонирхмоор олигтой юмгүй. Гэнт би үүнийг анзаарч "олон ангит кино гаргаад л олигтой үзэх ч юмгүй, манай зурагтаар гоё юм гарч байна уу" гэв. Ойрдоо ч сонгууль гээд хоёр өрсөлдөгч янз бүрээр гараад, бүр морь унаж давхиад, морь унагаж талийлгаад гэснээ, сонгуулийн сурталчилгаанаас хүмүүс залхаад завсар хооронд нь солонгосын олон ангид кино үзэж тархиа амрааж байх шив гэв.

Дээр үед "Халтар царайт" гэдэг мексикийн киног улс даяар үздэг байсан шиг, сүүлийн үед "Эхнэрийн урхи" гэдэг киног хүн бүр үзэж байна гэж эхнэр нь хэлтэл, харин тийм тэр "Авгайн хавх" гэдэг киног үзээд манай монгол авгай хүүхнүүд их эвдэрч байгаа гэж эр нөхөр нь дүгнэв. "Эхнэрийн урхи" , "Авгайн хавх" нэг кино юм байна хэхэ. Манай омог бардам зантай, ажил төрөлтэй эдийн засгийн хувьд бие даасан монгол хүүхнүүд эр нөхөр алдаж оновол шууд загинаад өөрсдөө нөхрөө хөөгөөд явуулчихдаг бол, солонгос хүүхнүүд нөхрөөсөө салахгүй гэж үхэн хатан зууралддаг, элдэв аргаар "урхиндаа" оруулдаг, тэр нь эрчүүдэд "хавх" шиг тусдаг тухай кино бололтой.

Евровидение болж өнгөрөөд норвег (белорус цагаач) залуу түрүүлээд... Манайд "гадаад дуу хэн сайн дуулах вэ" тэмцээн зурагтаар шууд нэвтрүүлсэн тухай хөөрөв. Шүүгчийн бүрэлдэхүүний тал нь монгол тал нь гадаад. Гадаадын шүүгчид хүртэл монголоор ярьмар аяддаг: жишээ "дургүй" (дуу таалагдахгүй байна), "мэдрэмжгүй" (дууг сэтгэл зүрхнээсээ дуулахгүй байна), "энэ ямар хэл вэ" (тухайн дууг дуулсан гадаад хэлний дуудлага тань цэвэр биш байна). Дуудлага муутай дууллаа гэж хүүхэд шүүмжлээд, өөрсдөө онигоонд ормоор хэдхэн үг хөгийн монгол дуудлагатай хэлчихээд, тэр гадаад шүүгчид арай олон монгол өгүүлбэр цээжилчихэж болоогүй юм байх даа гэх шиг хүнээс хүүхдээ өмөөрдөг хэрүүлч авгай царайлсан юм бодогдоод явчихлаа. Түс тас, аймаар гэдэг нь. Тэмцээнд хүчээ үзэж байгаа залууст яаж тусдаг бол?

Улаанбаатарт маань орон сууцны олон шинэ хороолол баригдаж, эхнээсээ тэнд хүмүүс нүүж орон төвхнөж байгаа гэнэ. Хог хийдэг томоо савнууд жирийж байхад лифтэн дотор оруулаад орхичихдог, үүнтэй хэн нэг нь тэмцээд, "хогийн саванд хогоо хийж бай" гээд лифтэн дотор байсан хогийн фотог хавсаргаад санамж биччихээр, фотоноос хогийн зургийг тэрүүхэнд нь огтлоод авчихаар нөгөө санамж итгэл муутайхан, хоггүй лифтийн зурагтай хамт зогсож байх жишээтэй. Тамхиа шинэхэн хивсэнцэр, хулдаас дээр унтраагаад шатаачихдаг, энд тэнд пластмас бүрхүүл товчлуур юу л харагдвал галдаад харлуулаад хорчийлгоод хаячихдаг гэнэ. Цоо шинэ байранд шүү дээ! Дээр социализмын үед нэгдүгээр хороолол, гурав дөрөвдүгээр хороололд иймэрхүү үйлдэл гардаг байв. Тэгэхэд хүмүүс албан байгууллагаас очер хуваарь болохоор үнэгүй байртай болдог байсан өөр цаг үе. Хувийн бизнес эрхэлсэн үү, амины малынхаа тоо толгойг өсгөсөн үү, гадаадад ажил хийсэн үү гээд ямар аргаар мөнгөтэй болж орон сууцтай болсон нь сонин биш. Ямар ч болсон өөрийн гэсэн орон байртай болох гэж хөдөлмөрлөж зүтгэсэн хүмүүс тэр шинэ байранд орж байгаа. Өөрсдийн хөдөлмөр бүтээлээрээ мөнгөн хуримтлал үүсгэсэн, хүний хийсэн бүтээснийг үнэлдэг хүндэлдэг улсууд баймаар!

Олон сүсэгтэн шинээр төрж буй бололтой. Шарын шашин, бөөгийн шашин, загалмайтан гээд бүгд эрчимтэй хөгжин цэцэглэж байна гэнэ. Төрийн албанд зүтгэж байсан таньдаг сэхээтэнг, дээд сургуулийн оюутан хамаатан залууг хүртэл онгод нь хатгаад зүгээр байлгахгүй бөөгөөр тодорч байдаг. Хүний биеийн анатоми физиологийг мэдэхийн дээдээр мэддэг, Анагаахын дээдийн багш Манал бурхнаа залаад маань мэгзэм уншаад, өөрийн гэсэн лам багштай, өдрийн сайныг шинжиж эм тариа эхлүүлсэн шиг явдаг болох цагт, Яармагийн дэнжийн Янжин авгай "долоон айлын тогооны хөө цуглуулж лай барцадаа зайлуулахад" гайхах юм алга даа. Загалмайтны шашинтай оронд хорин хэдэн жил байгаад энэ шашинд ороогүй атлаа, хоёр гуравхан сар нутаг явахдаа сүсэг бишрэлтэй болоод "ариун сүнсний шашинд" (загалмайтан) орчихсон нэг монгол хүүхэн гайхшрал төрүүлсэн санаанд оров. Хөөрхий эх нь талийгч болоод сэтгэл санаа гутранги үед, ах дүү хамаатан садан, анд нөхөд нь учир нь олдохгүй элдэв дом, зан үйл хийлгэсээр байгаад бөө, ламаас залхсан үед христийн сүмд бас нэг нь авч очсон гэдэг.

Эх орноо хүн ардаа боддоггүй удирдлага, хүмүүсийн ухамсар боловсролд эерэг нөлөөлдөггүй гадны соёлын хүчирхийлэлд хүн зоноо шивүүлсэн хэвлэл мэдээлэлийнхэн, хотжиж соёлждоггүй хөдөөнийхөн, хүрээ соёлоо түгээж чадахгүй өөрсдөө "хөдөөжиж" буй хотийнхон, хүмүүсийн сэтгэл оюун хямарч юунд ч итгэхэд бэлэн болж гэсэн олон бодол толгойд эргэлдэв. Өнөөгийн хэллэгээр хямрал буюу хуучныхаар цөвүүн цаг иржээ. "Хүмүүс ядуу байгаа учраас мунхаг байгаа юм биш, харин мунхаг байгаа учраас ядуу байгаа юм. Ядуурлын улмаас хүмүүс оюуны ядууралд ороод байна" гэж эрхэм ерөнхий сайд зөв хэлж дээ. Яана даа.

Wednesday, 13 May 2009

"Нүцгэн шөнө" англи хэлнээ

Залуу зохиолч Х.Болор-Эрдэнийн "Нүцгэн шөнө" өгүүллэг Прага дахь Олон Улсын Эмэгтэйчүүдийн Холбоо (IWAP-International Women’s Association of Prague) гэдэг төрийн бус байгууллагын дэргэдэх Гүүр буюу "The Bridge" нэртэй сэтгүүлд англи орчуулгатайгаар хэвлэгдэн гарлаа. Гадаад эмэгтэйчүүд энэ улсад найз нөхөдтэй болоход дэм болох, эндхийн түүх соёлын өвтэй танилцах, эмзэг бүлгийнхэнд туслах, өөрсдөө чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөхөд дэм болох зорилгоор дээрх холбоо байгуулагдсан бөгөөд жил бүр хүрээгээ улам тэлж байна. Энэхүү холбооны Монгол гишүүний хувьд миний бие үе үе материал нийлүүлж байх үүргийг хүлээж, өөрийн орны тухай “Цагаан сар”, “Уяхан тэмээ ээж”, “Байгал эх уйлж байна” (Чехэд 2002 онд онд болсон үерийн тухай монгол нүдээр) зэрэг нийтлэлээ энэхүү сэтгүүлд хэвлүүлж байсан билээ. Монголын тухай хуурай мэдээ байснаас жинхэнэ зохиолч хүний бүтээл энэ сэтгүүлд нийтлэгдэж байгаагүй. Харин энэ оны таван сарын дугаарт Х.Болор-Эрдэнэ зохиолчийн “Нүцгэн шөнө” өгүүллэг анх удаагаа нийтлэгдлээ.

Naked night

Quiet, utter silence.No one sees me. My eyes bulge out and I expose my teeth.No one jeers at me. No one slanders me.

Throwing off my daily insincere mask, I strip off all my clothes. I am released at last. The truth that was concealed during the day is now wandering in the room. It laughs at me and looks down from above.

Neither fear nor shame nor forced smile are needed. Tranquillity. Unclad body. Night without falseness. Smile without hypocrisy. Freedom. More than ordinary naked freedom.

Behind this wall and on the floor downstairs there are naked people with naked souls. No shadows in the darkness.

I like it when the shadows fold into a chair or disappears under the bed.
I like a nakedness without the slightest shadow.
Naked night is lighter than day, happier than day.

The Bridge, May 2009, page 25

Sunday, 10 May 2009

Ялалтын баярын нэвтрүүлэг

Дандаа хагас дутуу мэддэг хэлээр юм уншаад, зурагт үзээд, бас тэгээд тэр муу хэлээрээ "хэрүүл" хийгээд ажил амжуулаад ч байх шиг яваад байхаар үнэн залхаж, төрлөх хэлээрээ нэвтрүүлэг үзээд, ном уншаад, зад хэрэлдээд жаргах юмсан гэж бодогдох юмаа. 25 суваг нэвтрүүлэг үзэх гэхээр эхнэр хүүхэдтэй интернет булаацалдсан иргэний дайн болох гээд . Өчигдөр залуу зандан насандаа чихдүүлж байж сурсан, чихтэй үлдэхийн тулд сурахаас өөр аргагүй болсон, тэгээд ч хэдэн үг нь одоо ч тархины нэг буланд хадгалагдан үлдсэн, гайгүй мэддэг гэж хэлж болохуйц ганц гадаад хэлээрээ ялалтын баярт зориулсан орос кинонуудыг угсруулан үзлээ. Дайны хүндийг биеэр туулсан ард болохоор оросууд шиг дайны сэдвээр ийм амьдралтай кино хийдэг улс ховор доо. Харин сүүлийн үеийн зарим кино нь америкийн мөнгө хөөсөн адал явдалт киног дуурайх гээд чадаагүй, тиймхэн эгдүүтэй болсон шиг. Цэргийн парад үнэндээ аймаар санагдсан. Сүүлийн арваад жилд анх удаа ийм олон хотод (23 хотод, 30000 цэрэг, 600 гаруй техник) сүр хүчийг ингэж гайхуулав. Зүгээр үзүүлэх техник биш, жинхэнэ байлдааны техник гэж олон давтан хэлсэн дээ. Ард түмний маань эсрэг ямарч гэмт хэрэгт цохилт өгч няцаахад бэлэн гэж ерөнхийлөгч нь дэлхийн чихэнд дулгасан. Аль ч орны засгийн газар, удирдлага нь ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг хийхгүй байгаасай гэсэн бодол зурсхийсэн.

Фашистуудад 1939 онд эзлэгдээд зургаан жил болсон чехүүдийг 1945 онд оросууд чөлөөлсөн. Улаан арми Прагад орж ирэхэд үнэн сэтгэлээсээ баярласан прагачууд гудамж талбайг зай завсаргүй бүрхээд, "руда армада" гэж хашгаралдан уухайлж, түргэн зуур цааш явах учиртай танк, цэргийн хүчийг "баярын" нулимсаар саатуулж байсан тухай оросын баримтат кинонд гардаг. Орос кино үзэх зуураа реклам гарах мөчид, чехүүд юү гаргаж байгаа юм бол гээд суваг сольтол, Чехэд 68 онд оросын танк орж ирсэн тухай баримтат кино үзүүлж байх юм. Чехүүд одоо оросуудад талтай харагдчихаасаа эмээдэг болов уу гэмээр, дургүйцлээ илэрхийлэх нь мода шахуу гэмээр Орост хачин дургүй. Залуучууд нь англиар ярьдаг, хөгшчүүл нь германаар ярьдаг гэсэн ойлголт гадны хүнд өгөх дуртай. Хөгшчүүл болон дунд үе бүгд орос хэл дунд сургуульд заалгасан тул оросоор ярьдаг байх учиртай. Орос хэлтэй гэдгээ тас нууна, ойлгодог гэдгээ ч мэдэгдэх дургүй. Герман хэлтэй гээрээ боловсролтой гэж бахархана гэхэд хаашаа юм, ямар ч болсон нуухгүй. Оросын нөлөөнд орж, социализм байгуулах гэж хөгжлийн эрч суларсан, хойшоо алхсан түүхэн зурвас гэж зарим чехүүд оросуудаар чөлөөлөгдсөндөө харамсдаг. Англи, Америкийн холбоотны арми ийш орж ирэхэд ганц хуруу дутсан гээд өчнөөн юм ярьдаг. Мэдэхгүй юм даа.

Арваад жилийн өмнө эдний ардчилсан хувьсгалын-"саметова революце" арван жилийн ой болж, ерөнхийлөгч Вацлав Хавел баярын хурал нээж үг хэлээд, 68 онд улс төрийн хавчилгаас болж цагаачлан гарсан баахан хүмүүсийг шагнасан тэр нэвтрүүлэг санаанаас гардаггүй юм. Гуч дөчөөд минут илтгэл тавихдаа фашизмыг ганц хоёрхон удаа муу гэж дурдсан бол коммунизмын муу муухайн их удаан дахин дахин элдэв жишээн дээр ярьж билээ. Хэл муу мэддэг байсан ч муулалтын тэр харьцаа намайг ихэд гайхшруулж, том ажил хийж явсан боловсролтой нэгэн өвгөнтэй энэ талаар санал солилцвол: "фашизмын муу муухайг хүн төрлөхтөн мэднэ", "коммунизмын муухайг одоо л ойлгож эхэлж байгаа учраас илүү өргөлт өгсөн байх" гэж билээ. Фашизм, коммунизм хоёрыг зэрэгцүүлж нэг эгнээнд харьцуулж болох гэж үү?

Sunday, 3 May 2009

Ямар багшийг сайн багш гэх?

Хүүгийн маань сурдаг сургууль хотын нөгөө захын нэг сургуульд нүүх болсон тухай саяхан мэдэв. Ирэх очиход багагүй цаг зарцуулж хүүхэд ядрах нь, халаасны мөнгө ахиухан өгөхөөс гэх шиг юм бодогдоод л өнгөрсөн. Гэтэл энэ нүүлгэн шилжилтээс болоод нэлээд хэдэн багш ажилгүй болж байгаа дуулдав. Хичээлээ тааруухан заадаг чадвар муутай багш нар солигдоход хүүхдүүд ура хашгарах шахам хүлээн авч, халагдахаар яригдаж байгаа хайртай багшаа үлдээх, хичээл заалгуулах гэж элдэв арга хэмжээ зохион байгуулахаар өөр хоорондоо ярилцаж байгаа гэнэ.

Халагдах гэж буй нийгэм судлалын багшийг хүүхдүүд өмөөрөхөөр болжээ. Эхлээд, сургуулийн захиргаанд зөөлөн аятайхан ярьдаг нэгнийгээ оруулж энэ багшийг үлдээж өгөөч гэсэн хүсэлт гаргах гэнэ. Бүтэлгүйтвэл арай хэлэмгий өөр нэг нөхөр угсруулан орж, учир шалтгааныг тайлбарлан захиралыг сэнхрүүлэхийг оролдох юм байх. Сүүлчийн шатанд хамгийн хатуу ярьж чаддаг төлөөлөгч орж захиргаанд шахалт үзүүлнэ гэнэ. Бүр болохгүй бол дэмжигч оюутнуудын гарын үсэг цуглуулж эсэргүүцлийн бичиг өргөхөөр ярилцжээ.

-“Та нараар өмөөрүүлээд байгаа тэр багшийг сургуулийн захиргаа ямар шалтгаанаар халж байгаа юм? гэвэл,

-“Хичээлээ дэндүү сайн заадаг болохоор” гэнэ.

Сайн муу олон багшийн гар дамжиж, дунд дээд сургууль төгсөөд, өөрөө арав гаран жил техникийн сургуулийн багш явсан бибээр ёстой алмайрав. Би л “нийгэм судлал” гээд дассанаараа нэрлээд байгаагаас биш философи, психологи, нийгмийн харилцааны соёл, эдийн засгийн үндэс багтсан “нийгмийн харилцааны үндэс” хэмээх хичээл заадаг дөч эргэм насны, хүүхдүүдтэй үе тэнгийн юм шиг найрсаг харьцаж чаддаг, блюз дуулдаг, ном их уншиж гэгээрсэн, тэр хэмжээгээр уран яруу сайхан ярьдаг нүдэнд дулаахан энэ багшийг захиргаа яагаад халах болсон тухай ихэд гайхан сонирхвол: Сурах бичгээс өөр юм хардаггүй, эх зохиол уншдаггүй, уншсан ч ойлгодоггүй, маргаан ярианд оролцож чадахгүй ганц нэг хүүхдэд энэ багшийн хичээл хүндэдсэн юм байх. Нүүж очих сургуулийн эрхтэн дархтан багш энэ хичээлийг давхар заах сонирхолтой юм байх.

-“Ямар ч хүнд сэдвийг энгийн ойлгомжтой, хөнгөнөөр олонхид хүргэж, ойлгуулж чадаагүй бол сайн багш гэхэд хэцүү юм байна” гэж сөрвөл,

-“Миний найз нар сурдаг өөр сургуульд яг энэ хичээлийг өөрөөр заадаг юм”

-“Өөр сургуулиудад яаж заадаг гэж?”

-“Бусад сургуульд философч гэх олон хүмүүсийг дурдаад дурдаад явчихаас, эх зохиол дээр манайх шиг ингэж ярилцдаггүй. Манай багш, нэртэй цөөн философчдын гол бүтээлийг хооронд нь харьцуулж ярьдаг, бид нарыг хооронд нь мэтгэлцүүлдэг. ”

-“Зарим юмыг дэлгэрүүлсээр, үзэх ёстой бүх юмаа үзэж амждаггүй юм биш үү?”

-“Нэртэй бүтээлгүй, хийсэн юм нь шинжлэх ухааны цаашдын хөгжилд ямар ч нөлөө үзүүлээгүй тэр олон хүний нэр ус, төрсөн газар хэнд хэрэгтэй юм? Манай багш биднийг өөрийн гэсэн үзэл бодолтой, өргөн хүрээтэй сэтгэдэг болгох дээр илүү анхаардаг.”

Багшаа сонгож болдог сайхан үед амьдарч буй хүүдээ атаархах шиг болов. Сургалтын төлөвлөгөөнд баригдсангүй гэж л буруутсан бололтой. Сургалтын төлөвлөгөө дундач этгээдэд зориулагдан хийгддэг нь хэнд ч нууц биш. Бүтээлчээр сэтгэж, хүүхдүүдэд үнэхээр юм өгөх гэсэн, бүр сэтгэдэг боддог болгох гэсэн хайран сайхан багшийг ч өрөвдөв. Ийм хүн “хямрал”-д алгадуулах гэж харамсмаар юм болжээ.

Физикийн багш словак эмэгтэй ажлаас гарч байгааг дуулаад би хүртэл алга таших дөхөв. Эцэг эхийн хуралд суугаад дотроо ихэд голсон билээ. Хурлаас ирээд хүүгээсээ багшийнхаа словакаар ярихад хүүхдүүд хир зэрэг ойлгодог тухай лавлавал, чех хүүхдүүдэд манай хүнд ч хэл аялгуу нь нэг их нөлөөлдөггүй, хичээл нь өөрөө уйтгартай гэнэ. Миний арван жилийн физикийн багш бас заадаг хичээлээ хамгийн уйтгартай, хамгийн хэрэггүй, хамгийн муухай хичээл гэсэн ойлголт өгөхөөр заадаг байлаа. Ялд унаад, хүнд хэцүү ажил үүргээ аргагүй эрхэнд биелүүлж байгаа хүн шиг эмгэнэл дүүрэн царайтай, өөрөө ч физик гээч тэр лайтай юмаа ойлгодоггүй болов уу гэмээр өрөвдөм эр байж билээ. Нэг ч физикийн хууль, томъёо тодорхойлолтыг цаас харалгүй цээжээр ярьж байсныг санахгүй юм. Дээд сургуулийн орос багш авгай физикийн хууль гэдэг бидний эргэн тойронд байдаг, маш сонирхолтой бараг л адал явдалт өнгөт кино шиг хөгжилтэй зүйл гэсэн ойлголт өгөхөөр заадаг байлаа. Бид лекц сонсож байхдаа, бодлого бодох элдэв хувилбар сонгож маргалдахдаа, “Хоёр хувьсагчийн дунд хавчагдсан хувьсагчийн хөдлөх зүй тогтол” нь автобусанд орох гээд шахагдаад гарчих гээд байгаа давжаа биетэй охин хоёр том залуугийн суганд хавчигдаад зүтгэхэд орж л таарахтай адил, ховор барааны очер хэрхэн мурилздаг нь долгион тархалын хууль үйлчилж байна гэх мэтээр бодит амьдралд тохиолдох жишээ, онигоо ярин үе үе нир хийтэл инээлддэг, тэр хэмжээгээр хичээлийн сэдвээ илүү ойлгодог байсан юм.

Чех хүүхдүүдэд физик заадаг энэ словак эмэгтэй, арван жилийн дунд сургуульд бидэнд нийгэм судлал, түүхийн хичээл заадаг байсан казак багш эмэгтэйг бас эрхгүй санагдуулсан. Бүгд төв халх аялгуугаар ярьдаг хүүхдүүдэд тэрээр казак аялгаар ойлгоход төвөгтэй нэг юм бувтнаж, бид өөр хоорондоо ярьж шуугилдан чөлөөтэй бужигнаж, үймүүлж байдаг сан. Энэ хичээлээс системтэй ямар ч мэдлэг олж аваагүй нь багшийн чадвар муугаас гадна сургалтын программ утгагүй байсантай ч холбоотой. Элдэв хурлын материал, лозун цээжлүүлдэг, ямар ч задлан шинжлэлгүйгээр учир нь үл ойлгогдох юмыг хүчээр чихдэг үнэн хачин хичээл гэсэн ойлголттой арван жил дүүргэж билээ. Хүний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд, ерөнхий мэдлэгийн цар хүрээ тэлэхэд түүх, нийгэм судлал, утга зохиол, газар зүй зэрэг нийгмийн ухааны хичээлүүд уул нь онцгой чухал гэдгийг хожуу ухаарсан. Мэдлэгийн энэхүү цоорхойгоо ихэд мэдэрдэг, тэр хэмжээгээр түүх, нийгмийн ном хирэндээ багагүй уншиж сонирхдог ч системтэй мэдлэгтэй болж чадаагүй мэт санагддаг.

Тэгэхээр ямар багш сайн гэж?

Хэрэв надаас өөртэйгөө учирсан багш нарыг сонж гэвэл, түүх, физикийн багш нарыг шууд хал гэж хариулаад, тоо, химийн багш нарт харин онц дүн тавиад хамгийн сайн, хамгийн хайртай гэх байв. Ихэнх багш нар нэг тийм саарал, сургуульд байсан ч, байгаагүй нь онц нөлөөгүй, дүн тавибал гурав, дөрвийн хооронд үнэлэгдэх байлаа. Хар саарал уу, цайвар саарал уу гэдэг нь багшийн мэдлэг чадвараас гадна, харьцааны соёл, хүнлэг чанар, ёс суртахууны хэм хэмжээ, зан араншинаар хэмжигдэх байлаа.

Ахлах ангид тооны хичээлээ дэндүү сайхан заадаг, өөрөө ч сайхан залуухан эмэгтэй манай анги даасан багш байв. Боловсон гоё хувцасладаг, үс гэзэг нь үргэлж сайхан явдаг, тайван амгалан, ялгаварлах үзэлгүй шудрага гээд ер нь аяндаа хүндэтгэл төрүүлэм эрхэмсэг нэгэн. Олон долоон үггүй, хааяа нэг сануулга зэмлэл хэлэхдээ хэнийг ч доош оруулж гутаахгүй, хүнлэг элгэмсэг атлаа жинтэй үлдэцтэй үг унагана. Никель төмрийг ногоон утсан бүрээстэй нарийн резинээр холбон дүрсэлсэн геометр дүрсийн чамин хийцийн үзүүлэнтэй тооны кабинетэд хичээллэдэг байлаа. Үзүүлэнгийн резин сугалж аваад эр эмгүй чавхайдай хийн бие биенээ харваж байтал багш ороод ирэв. Охидын сум бол цаас нарийн имэрч төмөр шиг болгосон эд, хөвгүүдийнх бүдүүн бааз, зажилсан цаасан бөмбөг. Багш, “өмхий шүлстэй бөмбөг охидын хацар үсэнд тусвал” гээд ярвайснаа, “харин ангийн даргын сум хүний нүд сохлом болж” гээд хичээлдээ орсон. Хөвгүүдийн атаман, ангийн дарга охин нэр нөлөөгөөрөө резин сугалахыг зогсоож, кабинетыг тордсон юм даг. Багшийн заасан тооны тэр олон томъёо амьдралд яг барин тавин хэрэг болоогүй ч, тооны сайн багштай байсны хаялаг юм болов уу, ямар ч байсан юм харьцуулж жиших гээд ч байх шиг, юмыг олон хувилбараар бодож үзэх гэж оролдоод ч байх шиг дадал үлдсэн шиг. Дунд ангид газар зүйн хичээл заах учиртай анги даасан багш маань ангийн биднээ хүмүүжүүлсээр хичээлийн цагийн ихэнхийг бардаг байсан бололтой. Одоо хүмүүс хажууд хааяа газар зүйгээр яриа дэлгэвэл бичиг үсэгт тайлагдаагүй эргүү төлөг царайлдаг гэж байгаа.

Химийн багш үргэлж яарах мэт түргэн түргэн алхалж явдаг, гал цахилгаан шиг эрчтэй, дунд насны өндөрдүү эрэгтэй хүн байв. Химийн хичээл ороход багш орж ирэхээс өмнө суудлаа эзлээд, дэвтрээ нээгээд, үзгээ бэлэн бариад сууж байхгүй бол болохгүй. Хаалга онгойлгоод орж ирэхдээ л бараг яриад явчихна. Илбэчин шиг туршилт хийж үзүүлээд, химийн бодис урвал энэ тэрийг үлгэр хөөрч байх шиг чөлөөтэй ярина. Хичээлийн завсар хооронд, ялангуяа төгсгөл хавьцаа уншсан номноосоо сонин хачин хавчуулаад, яг ид сонирхолтой үед нь огцом таслаад гараад явчихна. Уран зохиолын багш биш химийн багш биднийг номын амтанд оруулсан. Хичээлийн дөчин таван минут нүд ирмэх зуур өнгөрнө. Химийн дугуйлан ажиллуулна. Орох сонирхолтой хэнийг ч цааш гэхгүй, хичээлийн бус цагаар бид багшийг шаваад, тойрч эргэлдээд зөгий шиг дүнгэнэлдэж байна. Шашингүйн суртал нэвтрүүлэг хийж байгаа хувьсгалчид шиг бага ангийнхан, эцэг эхчүүдэд химийн урвалаар үзүүлэх тоглолт хийгээд бөөн хөөр баяр болдог сон. Үе үе ёжтой жуумалзаад нүдний шилнийхээ дээгүүр өнгийж хардаг нь хамгийн айхтар зэмлэл байсан юм болов уу, хүн зэмлэж хангинаж байсан юм санаанд ер үлдээгүй байх нь сонин.

Сургууль төгсөж ирээд удалгүй өөрөө багш боллоо. Анхны өдөр их ч баяртай , өөдрөг бодолтой байлаа. Онол, засвар аль алиндаа хэнийг ч урдаа алхуулахгүй “бурхан багш” дарга болоод, цагийн ачааллыг хөнгөлөх гэж, дөнгөж сургууль төгсөж ирсэн “нов ногоон” намайг түүний оронд хичээл заалгахаар болж хүүхдүүдийг шоконд оруулж билээ. "Өө" гэж урам хугарсан уулга алдалтаар ам ч нээгээгүй байхад, залуу насыг чинь, туранхай жижиг биеийг чинь шууд чамлах аймаар юм билээ. Би өөрөө тэдэнтэй бараг чацуу шахам байсан болохоор, сайн багшаасаа салаад хүүхдүүд дургүйцэж буйг залуу хүнийхээ хувьд сайн ойлгож байсан. Одоо ийм явдал болсон бол хүүгийн сургуулийнхан шиг захирал дээр орж, гарын үсэг цуглуулж, өлсгөлөн зарлахаас наагуур юм болох байсан биз. Тэр ангийн хэдэн сэргэлэн хүүхэд хагас жил орчим ээлжлэн асуулт бэлдэж багшийн чанар чансааг шалгах аргаар эсэргүүцэл илэрхийлсэн юм. Хүссэн хүсээгүй өндөр босго тавигдаж, маданд орохгүй гэж хирэндээ мачийсан, тэр хэмжээгээр их юм сурсан ч, яаж тэр настай туршлагатай хүний хэмжээнд тийм түргэн хүрэхэв дээ. Янз бүрийн багш хамт ажилладаг байв. Хүн хүний заадаг хичээл өөр болохоор хөндлөнгөөс бусдыг үнэлэхэд хэцүү. Яг ижил хичээл заадаг хүмүүсээ бага сага мэднэ. Бие биенийхээ хичээлийг нөхөж орсны дараа цааш үргэлжлүүлэн заахдаа хүүхдүүдийн байдлаар ойлгуулж чаддаг эсэх, мэдлэгийн хүрээ нь хир гэдгийг бүүр түүр гадарладаг байлаа. Яагаад зарим багшийг оюутнууд үл тоомсорлодог, яагаад арван жилд хүүхдүүд зарим багшид дургүй, зарим багшид хайртай байдаг тухай өөрийн эрхгүй боддог байлаа. Хамгийн гол нь заадаг хичээлээ багш өөрөө бүрэн дүүрэн сайн мэддэг, тэр мэдлэгээ хүнд хүргэх чадвар л багш хүний хамгийн гол шалгуур гэдгийг ойлгосон. Яхир зантай, ааш муутай үглээ ийм тийм гэж хүүхдүүд багшийг нэг их сонждоггүй. Мэдээж боловсон зөв харьцаатай, шудрага зарчимч гээд үлгэр жишээ болохуйц ёс суртахуунтай байх нь багш хүнд чухал үзүүлэлт. Гэхдээ эцсийн эцэст мэдлэг боловсрол олгож чаддаг багш л сайхан дурсамж үлдээдэг.