Sunday 3 May 2009

Ямар багшийг сайн багш гэх?

Хүүгийн маань сурдаг сургууль хотын нөгөө захын нэг сургуульд нүүх болсон тухай саяхан мэдэв. Ирэх очиход багагүй цаг зарцуулж хүүхэд ядрах нь, халаасны мөнгө ахиухан өгөхөөс гэх шиг юм бодогдоод л өнгөрсөн. Гэтэл энэ нүүлгэн шилжилтээс болоод нэлээд хэдэн багш ажилгүй болж байгаа дуулдав. Хичээлээ тааруухан заадаг чадвар муутай багш нар солигдоход хүүхдүүд ура хашгарах шахам хүлээн авч, халагдахаар яригдаж байгаа хайртай багшаа үлдээх, хичээл заалгуулах гэж элдэв арга хэмжээ зохион байгуулахаар өөр хоорондоо ярилцаж байгаа гэнэ.

Халагдах гэж буй нийгэм судлалын багшийг хүүхдүүд өмөөрөхөөр болжээ. Эхлээд, сургуулийн захиргаанд зөөлөн аятайхан ярьдаг нэгнийгээ оруулж энэ багшийг үлдээж өгөөч гэсэн хүсэлт гаргах гэнэ. Бүтэлгүйтвэл арай хэлэмгий өөр нэг нөхөр угсруулан орж, учир шалтгааныг тайлбарлан захиралыг сэнхрүүлэхийг оролдох юм байх. Сүүлчийн шатанд хамгийн хатуу ярьж чаддаг төлөөлөгч орж захиргаанд шахалт үзүүлнэ гэнэ. Бүр болохгүй бол дэмжигч оюутнуудын гарын үсэг цуглуулж эсэргүүцлийн бичиг өргөхөөр ярилцжээ.

-“Та нараар өмөөрүүлээд байгаа тэр багшийг сургуулийн захиргаа ямар шалтгаанаар халж байгаа юм? гэвэл,

-“Хичээлээ дэндүү сайн заадаг болохоор” гэнэ.

Сайн муу олон багшийн гар дамжиж, дунд дээд сургууль төгсөөд, өөрөө арав гаран жил техникийн сургуулийн багш явсан бибээр ёстой алмайрав. Би л “нийгэм судлал” гээд дассанаараа нэрлээд байгаагаас биш философи, психологи, нийгмийн харилцааны соёл, эдийн засгийн үндэс багтсан “нийгмийн харилцааны үндэс” хэмээх хичээл заадаг дөч эргэм насны, хүүхдүүдтэй үе тэнгийн юм шиг найрсаг харьцаж чаддаг, блюз дуулдаг, ном их уншиж гэгээрсэн, тэр хэмжээгээр уран яруу сайхан ярьдаг нүдэнд дулаахан энэ багшийг захиргаа яагаад халах болсон тухай ихэд гайхан сонирхвол: Сурах бичгээс өөр юм хардаггүй, эх зохиол уншдаггүй, уншсан ч ойлгодоггүй, маргаан ярианд оролцож чадахгүй ганц нэг хүүхдэд энэ багшийн хичээл хүндэдсэн юм байх. Нүүж очих сургуулийн эрхтэн дархтан багш энэ хичээлийг давхар заах сонирхолтой юм байх.

-“Ямар ч хүнд сэдвийг энгийн ойлгомжтой, хөнгөнөөр олонхид хүргэж, ойлгуулж чадаагүй бол сайн багш гэхэд хэцүү юм байна” гэж сөрвөл,

-“Миний найз нар сурдаг өөр сургуульд яг энэ хичээлийг өөрөөр заадаг юм”

-“Өөр сургуулиудад яаж заадаг гэж?”

-“Бусад сургуульд философч гэх олон хүмүүсийг дурдаад дурдаад явчихаас, эх зохиол дээр манайх шиг ингэж ярилцдаггүй. Манай багш, нэртэй цөөн философчдын гол бүтээлийг хооронд нь харьцуулж ярьдаг, бид нарыг хооронд нь мэтгэлцүүлдэг. ”

-“Зарим юмыг дэлгэрүүлсээр, үзэх ёстой бүх юмаа үзэж амждаггүй юм биш үү?”

-“Нэртэй бүтээлгүй, хийсэн юм нь шинжлэх ухааны цаашдын хөгжилд ямар ч нөлөө үзүүлээгүй тэр олон хүний нэр ус, төрсөн газар хэнд хэрэгтэй юм? Манай багш биднийг өөрийн гэсэн үзэл бодолтой, өргөн хүрээтэй сэтгэдэг болгох дээр илүү анхаардаг.”

Багшаа сонгож болдог сайхан үед амьдарч буй хүүдээ атаархах шиг болов. Сургалтын төлөвлөгөөнд баригдсангүй гэж л буруутсан бололтой. Сургалтын төлөвлөгөө дундач этгээдэд зориулагдан хийгддэг нь хэнд ч нууц биш. Бүтээлчээр сэтгэж, хүүхдүүдэд үнэхээр юм өгөх гэсэн, бүр сэтгэдэг боддог болгох гэсэн хайран сайхан багшийг ч өрөвдөв. Ийм хүн “хямрал”-д алгадуулах гэж харамсмаар юм болжээ.

Физикийн багш словак эмэгтэй ажлаас гарч байгааг дуулаад би хүртэл алга таших дөхөв. Эцэг эхийн хуралд суугаад дотроо ихэд голсон билээ. Хурлаас ирээд хүүгээсээ багшийнхаа словакаар ярихад хүүхдүүд хир зэрэг ойлгодог тухай лавлавал, чех хүүхдүүдэд манай хүнд ч хэл аялгуу нь нэг их нөлөөлдөггүй, хичээл нь өөрөө уйтгартай гэнэ. Миний арван жилийн физикийн багш бас заадаг хичээлээ хамгийн уйтгартай, хамгийн хэрэггүй, хамгийн муухай хичээл гэсэн ойлголт өгөхөөр заадаг байлаа. Ялд унаад, хүнд хэцүү ажил үүргээ аргагүй эрхэнд биелүүлж байгаа хүн шиг эмгэнэл дүүрэн царайтай, өөрөө ч физик гээч тэр лайтай юмаа ойлгодоггүй болов уу гэмээр өрөвдөм эр байж билээ. Нэг ч физикийн хууль, томъёо тодорхойлолтыг цаас харалгүй цээжээр ярьж байсныг санахгүй юм. Дээд сургуулийн орос багш авгай физикийн хууль гэдэг бидний эргэн тойронд байдаг, маш сонирхолтой бараг л адал явдалт өнгөт кино шиг хөгжилтэй зүйл гэсэн ойлголт өгөхөөр заадаг байлаа. Бид лекц сонсож байхдаа, бодлого бодох элдэв хувилбар сонгож маргалдахдаа, “Хоёр хувьсагчийн дунд хавчагдсан хувьсагчийн хөдлөх зүй тогтол” нь автобусанд орох гээд шахагдаад гарчих гээд байгаа давжаа биетэй охин хоёр том залуугийн суганд хавчигдаад зүтгэхэд орж л таарахтай адил, ховор барааны очер хэрхэн мурилздаг нь долгион тархалын хууль үйлчилж байна гэх мэтээр бодит амьдралд тохиолдох жишээ, онигоо ярин үе үе нир хийтэл инээлддэг, тэр хэмжээгээр хичээлийн сэдвээ илүү ойлгодог байсан юм.

Чех хүүхдүүдэд физик заадаг энэ словак эмэгтэй, арван жилийн дунд сургуульд бидэнд нийгэм судлал, түүхийн хичээл заадаг байсан казак багш эмэгтэйг бас эрхгүй санагдуулсан. Бүгд төв халх аялгуугаар ярьдаг хүүхдүүдэд тэрээр казак аялгаар ойлгоход төвөгтэй нэг юм бувтнаж, бид өөр хоорондоо ярьж шуугилдан чөлөөтэй бужигнаж, үймүүлж байдаг сан. Энэ хичээлээс системтэй ямар ч мэдлэг олж аваагүй нь багшийн чадвар муугаас гадна сургалтын программ утгагүй байсантай ч холбоотой. Элдэв хурлын материал, лозун цээжлүүлдэг, ямар ч задлан шинжлэлгүйгээр учир нь үл ойлгогдох юмыг хүчээр чихдэг үнэн хачин хичээл гэсэн ойлголттой арван жил дүүргэж билээ. Хүний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд, ерөнхий мэдлэгийн цар хүрээ тэлэхэд түүх, нийгэм судлал, утга зохиол, газар зүй зэрэг нийгмийн ухааны хичээлүүд уул нь онцгой чухал гэдгийг хожуу ухаарсан. Мэдлэгийн энэхүү цоорхойгоо ихэд мэдэрдэг, тэр хэмжээгээр түүх, нийгмийн ном хирэндээ багагүй уншиж сонирхдог ч системтэй мэдлэгтэй болж чадаагүй мэт санагддаг.

Тэгэхээр ямар багш сайн гэж?

Хэрэв надаас өөртэйгөө учирсан багш нарыг сонж гэвэл, түүх, физикийн багш нарыг шууд хал гэж хариулаад, тоо, химийн багш нарт харин онц дүн тавиад хамгийн сайн, хамгийн хайртай гэх байв. Ихэнх багш нар нэг тийм саарал, сургуульд байсан ч, байгаагүй нь онц нөлөөгүй, дүн тавибал гурав, дөрвийн хооронд үнэлэгдэх байлаа. Хар саарал уу, цайвар саарал уу гэдэг нь багшийн мэдлэг чадвараас гадна, харьцааны соёл, хүнлэг чанар, ёс суртахууны хэм хэмжээ, зан араншинаар хэмжигдэх байлаа.

Ахлах ангид тооны хичээлээ дэндүү сайхан заадаг, өөрөө ч сайхан залуухан эмэгтэй манай анги даасан багш байв. Боловсон гоё хувцасладаг, үс гэзэг нь үргэлж сайхан явдаг, тайван амгалан, ялгаварлах үзэлгүй шудрага гээд ер нь аяндаа хүндэтгэл төрүүлэм эрхэмсэг нэгэн. Олон долоон үггүй, хааяа нэг сануулга зэмлэл хэлэхдээ хэнийг ч доош оруулж гутаахгүй, хүнлэг элгэмсэг атлаа жинтэй үлдэцтэй үг унагана. Никель төмрийг ногоон утсан бүрээстэй нарийн резинээр холбон дүрсэлсэн геометр дүрсийн чамин хийцийн үзүүлэнтэй тооны кабинетэд хичээллэдэг байлаа. Үзүүлэнгийн резин сугалж аваад эр эмгүй чавхайдай хийн бие биенээ харваж байтал багш ороод ирэв. Охидын сум бол цаас нарийн имэрч төмөр шиг болгосон эд, хөвгүүдийнх бүдүүн бааз, зажилсан цаасан бөмбөг. Багш, “өмхий шүлстэй бөмбөг охидын хацар үсэнд тусвал” гээд ярвайснаа, “харин ангийн даргын сум хүний нүд сохлом болж” гээд хичээлдээ орсон. Хөвгүүдийн атаман, ангийн дарга охин нэр нөлөөгөөрөө резин сугалахыг зогсоож, кабинетыг тордсон юм даг. Багшийн заасан тооны тэр олон томъёо амьдралд яг барин тавин хэрэг болоогүй ч, тооны сайн багштай байсны хаялаг юм болов уу, ямар ч байсан юм харьцуулж жиших гээд ч байх шиг, юмыг олон хувилбараар бодож үзэх гэж оролдоод ч байх шиг дадал үлдсэн шиг. Дунд ангид газар зүйн хичээл заах учиртай анги даасан багш маань ангийн биднээ хүмүүжүүлсээр хичээлийн цагийн ихэнхийг бардаг байсан бололтой. Одоо хүмүүс хажууд хааяа газар зүйгээр яриа дэлгэвэл бичиг үсэгт тайлагдаагүй эргүү төлөг царайлдаг гэж байгаа.

Химийн багш үргэлж яарах мэт түргэн түргэн алхалж явдаг, гал цахилгаан шиг эрчтэй, дунд насны өндөрдүү эрэгтэй хүн байв. Химийн хичээл ороход багш орж ирэхээс өмнө суудлаа эзлээд, дэвтрээ нээгээд, үзгээ бэлэн бариад сууж байхгүй бол болохгүй. Хаалга онгойлгоод орж ирэхдээ л бараг яриад явчихна. Илбэчин шиг туршилт хийж үзүүлээд, химийн бодис урвал энэ тэрийг үлгэр хөөрч байх шиг чөлөөтэй ярина. Хичээлийн завсар хооронд, ялангуяа төгсгөл хавьцаа уншсан номноосоо сонин хачин хавчуулаад, яг ид сонирхолтой үед нь огцом таслаад гараад явчихна. Уран зохиолын багш биш химийн багш биднийг номын амтанд оруулсан. Хичээлийн дөчин таван минут нүд ирмэх зуур өнгөрнө. Химийн дугуйлан ажиллуулна. Орох сонирхолтой хэнийг ч цааш гэхгүй, хичээлийн бус цагаар бид багшийг шаваад, тойрч эргэлдээд зөгий шиг дүнгэнэлдэж байна. Шашингүйн суртал нэвтрүүлэг хийж байгаа хувьсгалчид шиг бага ангийнхан, эцэг эхчүүдэд химийн урвалаар үзүүлэх тоглолт хийгээд бөөн хөөр баяр болдог сон. Үе үе ёжтой жуумалзаад нүдний шилнийхээ дээгүүр өнгийж хардаг нь хамгийн айхтар зэмлэл байсан юм болов уу, хүн зэмлэж хангинаж байсан юм санаанд ер үлдээгүй байх нь сонин.

Сургууль төгсөж ирээд удалгүй өөрөө багш боллоо. Анхны өдөр их ч баяртай , өөдрөг бодолтой байлаа. Онол, засвар аль алиндаа хэнийг ч урдаа алхуулахгүй “бурхан багш” дарга болоод, цагийн ачааллыг хөнгөлөх гэж, дөнгөж сургууль төгсөж ирсэн “нов ногоон” намайг түүний оронд хичээл заалгахаар болж хүүхдүүдийг шоконд оруулж билээ. "Өө" гэж урам хугарсан уулга алдалтаар ам ч нээгээгүй байхад, залуу насыг чинь, туранхай жижиг биеийг чинь шууд чамлах аймаар юм билээ. Би өөрөө тэдэнтэй бараг чацуу шахам байсан болохоор, сайн багшаасаа салаад хүүхдүүд дургүйцэж буйг залуу хүнийхээ хувьд сайн ойлгож байсан. Одоо ийм явдал болсон бол хүүгийн сургуулийнхан шиг захирал дээр орж, гарын үсэг цуглуулж, өлсгөлөн зарлахаас наагуур юм болох байсан биз. Тэр ангийн хэдэн сэргэлэн хүүхэд хагас жил орчим ээлжлэн асуулт бэлдэж багшийн чанар чансааг шалгах аргаар эсэргүүцэл илэрхийлсэн юм. Хүссэн хүсээгүй өндөр босго тавигдаж, маданд орохгүй гэж хирэндээ мачийсан, тэр хэмжээгээр их юм сурсан ч, яаж тэр настай туршлагатай хүний хэмжээнд тийм түргэн хүрэхэв дээ. Янз бүрийн багш хамт ажилладаг байв. Хүн хүний заадаг хичээл өөр болохоор хөндлөнгөөс бусдыг үнэлэхэд хэцүү. Яг ижил хичээл заадаг хүмүүсээ бага сага мэднэ. Бие биенийхээ хичээлийг нөхөж орсны дараа цааш үргэлжлүүлэн заахдаа хүүхдүүдийн байдлаар ойлгуулж чаддаг эсэх, мэдлэгийн хүрээ нь хир гэдгийг бүүр түүр гадарладаг байлаа. Яагаад зарим багшийг оюутнууд үл тоомсорлодог, яагаад арван жилд хүүхдүүд зарим багшид дургүй, зарим багшид хайртай байдаг тухай өөрийн эрхгүй боддог байлаа. Хамгийн гол нь заадаг хичээлээ багш өөрөө бүрэн дүүрэн сайн мэддэг, тэр мэдлэгээ хүнд хүргэх чадвар л багш хүний хамгийн гол шалгуур гэдгийг ойлгосон. Яхир зантай, ааш муутай үглээ ийм тийм гэж хүүхдүүд багшийг нэг их сонждоггүй. Мэдээж боловсон зөв харьцаатай, шудрага зарчимч гээд үлгэр жишээ болохуйц ёс суртахуунтай байх нь багш хүнд чухал үзүүлэлт. Гэхдээ эцсийн эцэст мэдлэг боловсрол олгож чаддаг багш л сайхан дурсамж үлдээдэг.

14 comments:

Tsatsral said...

Сайн багш ч ёстой, нэг цаг заасан гэлгүй овоо юм ойлгуулчдийн шүү.

Tsetsensod said...

Minii sanaand neg l bagsh bdag... ter hicheeldee unen setgeleesee handdag bsan... bas medeej gaihaltai medlegtei

amor said...

хүүхдүүдийн сонголт гайхамшигтай ш дэ.
багш гэж сайхан алдар гэвч түүнийг дааж авч явах гэдэг хэцүү.
хэдэн шавь маань хэр багш байсныг хэлж дурсдаг болов уу гэж боддог үе бий.
хэцүү дээ, хэн ч дурсдаггүй байж болох,.. багшаа гэж....

ganga said...

Цацрал: Тийм шүү, сайн багш ганц хоёрхон удаа орсон нь, муу бүтэн жил орсноос илүү байх тохиолдол байдаг.
Цэцэнсод: Үнэн сэтгэлээсээ ажилдаа, шавь нартаа хандаж байгааг хүүхдүүд мэдэрч л таараа.
Амор: Дурсаж байгаа биз ээ. Зарим хүн багшийн алдарыг авч явж чадахгүй байгааг харахад хэцүү байдаг.

jagdag said...

Амьдрал нүдэнд харагдуулсан сайхан бичлэг байна. Аав минь дунд сургуулийн багш байсан, ээж минь насаараа багшлаад тэтгэвэрт гарсан маний хувьд багшийн тухай уншихад үнэхээр сайхан байлаа.

Төрөхдөө бараг дунд сургуульд мэндэлсэн гэж болох мань сургуулийн хажуугийн хашаанд өсөж, багш сурагчид, боловсролын дарга цэрэг, эцэг эх хүүхдүүдийн дунд л хүн болсон доо. Манийг арван жил төгсөхөд манайханд 14 багш байж билээ. Багш болох хүсэлтэй байсан ч ээжийнхээ саналын дагуу гэр бүлийнхээ анхны инженер болсон доо. Гэхдээ их сургууль төгсөөд ТИС-д бас ч багшлаад авсан шүү. Одоо ч хүүхдүүдийнхээ багш нь юм уу, шавь нь юм уу мэдэхгүй л болсондог оо :-).

Баярлалаа, цаашид улам олон сонирхолтой нийтлэл оруулж байгаарай.

peakfinder said...

Sain bagshtai taarah n' hunii amidraliig shuud ood n' tatchihdag yum uu daa gej harj yavdag.
Ajaad baihad hicheelee taaruu zaadag bagsh nar ayalga ene tereeree goochluulaad baih shig. Minii bodohod sain bagsh bol yamar ch ayaglagaar yaridag baisan iimerhuu yaria gardaggui baihaa.Nogoo talaar ayalga todiigoor bagshiig uneleh bas buruu yum shig baigaa yum. Olon ayalgaar yaridag orchind osson huuhed harin ch ulam neelttei boloh yum bolov uu gej bodood baigaa.

Ганга said...

Жагдаг: Баярлалаа.
Пиик: Аялга өөр ч мэдлэг сайнтай, сэтгэл зүрхнээсээ хичээлээ сайхан заадаг багштай таарч байсан. Гэхдээ л багш хүнд тод ойлгомжтой хэл яриа мэдлэгээ хүнд хүргэхэд нөлөөлдөг байх аа.

Алтанхүү said...

Манай 1-р 10 жилийн математикийн багш Нарангэрэл гэж байлаа. Уг нь тоогоо их сайн заана, удирдсан хүүхдүүд гь олимпиадаас медаль авна. Даанч их "хатуу гартай". Зүггүйтсэн хүүхдүүдийг эгнүүлж зогсоож байгаад нэг нэгээр нь элэгдэж унагаана. Эсвэл аюулхай руу нь цохиж эвхрүүлэн унагаана. Би хүртэл нэг удаа 5 билүү 6-р ангид байхдаа коридорт хүүхдүүдтэй хөөцөлдөж байгаад шатан дээр санамсаргүй мөргөлдчихсөн юм. Тэгсэн чинь шууд элэгдээд л. Би амьсгаа авч чадахгүй болоод хүржигнээд л унаж байлаа. Дараа нь пальтогоо тайлаад, формоо тайлаад харсан чинь энгэрт байсан 25-ын үзэг хуга шаагаад, хамаг черниль нь энгэрт нэвччихсэн байж билээ. Одоо ингээд бодоход "поогоо" Нарангэрэл маань сайн байгш уу саар багш уу?

Ганга said...

Алтанхүү: Хүүхэд зодохыг хааяагүй хуулиар хориглодог болсон цаг шд. Одоо тийм "хатуу гар" шууд хуулийн байгууллагын хаалга татна биз. Дээр үед алгадах, шугамдах ч энүүхэнд байсан. Элэгдэх ч жигшмээр юм.

Anonymous said...

hehe Narangerel bagsh ch hovguudiig sain govdog baisan shu. Sambariin omno zogsooj baigaad nam nam shanaadaad l. Sain bagsh gej boddog, harin sahilgiin arga hemjee ni tuhain ued Mongoliin surguuliudad suragchdaa gar hurehiig buruu gej boddoggui baisantai holbootoi baih. Er ni er emgui l bagsh nar huuhdiig tsohiod zandraad avdag baisan. Odoo yamar bolsiin.

Bagshiin ayalgiin tuhai Peakfinderiin helsen taalagdlaa, nadad adil bodol torson ch evteihneer ilerhiilj chadahgui baisniig maani onood helchihlee.

Melody said...

Гайхалтай, сайхан бичжээ, баярлалаа. Багш байх үнэхээр нарийн торгон мэдрэмж асар их тэсвэр бас тэвчээрийг шаарддаг. Аялга ярьсан байсан, тэр бол багш бүрийн өөрөө өөртэйгээ ажиллаж дикцээ сайжруулах л асуудал, аль болох цэвэр, ойлгомжтой ярихыг багш бүр хичээдэг байгаасай.

Arsun said...

10 дугаар ангиа төгсөхдөө хэрэг тариад аавын хаалгыг татах дөхөж билээ. Ачтай багшийнхаа буянаар буруу замаар оролгүй өнгөрсөн дөө. Хувь заяа минь шал өөрөөр эргэх байлаа. Сайн сэтгэлтэй багш аав ээжээс дутахгүй хүний хүүхдийн төлөө зүтгэдэг юм билээ. Одоо Багшийнхаа тухайн бодоход цээж эгшив. Сайхан бичжээ.

Pro31 said...

би 10 жилд байхдаа багш нарт их дургүй хүүхэд байсан. мэдээж миний зан чанартай холбоотой л доо, тэр бол. харин одоо бол багш нарыг их хайрладаг болоод байгөө. тэд чинь сайн ч бай, муу ч бай нэр алдрыг нь зүүсийм болохоор айлын хүүхдийг сургаад, мэдүүлчихийнсаа гэж хичээж явдагым шиг байгаан.

би ч багш нараа их гомдоож байсан байхөө, тэхээр одоо энд уучлалт гуйчий даа. УУЧЛААРАЙ, БАГШ НАР МИНЬ ЭЭ.

БАГШЫН АЛДАР БАДАРТУГАЙ гэж!

yanmaneee said...

paul george shoes
a bathing ape
longchamp
jordan retro
yeezy 700
balenciaga
kevin durant shoes
yeezy shoes
kyrie spongebob
yeezy boost 350 v2