Monday, 22 October 2007

Хөөмийн гайхамшиг

Энэ аравдугаар сарын 19-20-нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн "Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.

Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.

Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.

Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.

Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.

Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.

Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.

Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.

Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэж байсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.

Гадаадын хөгжим судлаачид оюуны үнэт өвийг танин мэдэх завшаан тохиолдсонд олзуурхан манай монголын уртын дуу, морин хуур, хөөмийд эрдэм шинжилгээний дүгнэлт гарган судалсаар байна. Япон, герман, голланд, америк судлаачид нэлээд хэдэн ном гаргажээ. Дундад ба Төв Азийн хөгжим судладаг Теодоро Левин гэдэг америк эрхэм манай хөөмийн тухай Прага хотноо хичээл сургалт хийж байхдаа, монголын ард түмний үнэт өв гэхээсээ илүү ийм гайхамшигт шинэ сонин юм нээлээ гэдэгтээ цохолт өгөн ярьж байсан. Монгол тахь гадаадын олон улсад оросын эрдэмтэн Пржевальскийн нэрээр алдаршсан гэдгийг санаж өөрийн орны унаган соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүгээрээ бахархаж, өөрсдөө судалж дэлхий дахинд Монголын гэдгээр нь таниулъя.

12 comments:

byambaa said...

huumii zereg ardiin urlag maani uneheer gaihaltai, jpnchuud bas bishirdeg yum.

Unknown said...

Гоё шүү.

Anonymous said...

Тоглолтыг үзээд сууж буй мэт санагдав.
Гэр, уртын дуу, хөөмий, морин хуур, айраг, борц, ааруул. Хүн төрөлхтний хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр ихээ. Өртөө бол мэдээлэл дамжуулах хурдыг тухайн үед байгаагүйгээр нэмэгдүүлсэн гайхамшигтай. Энэ технологийг нэвтрүүлэх Өгэдэй хааны зарлигт өртөө гэдэг үг байхгүй замчин, улаачин, суурин зам тавих гэдэг үг хэрэглэжээ. /Энэ тухай Ш.Чоймаа багш бичсэн/. Эндээс харахад компьютер хэмээх үг манай хэлэнд нэвтэрсэн шиг өртөө гэдэг үг шинээр үүссэн байх. Суурин зам байгуулахад гэрийг олноор ашигласан бөгөөд түүнийг огт үзэж хараагүй өрнөдөд юрта гэж нэрлэсэн байхаа. юрта=өртөө. Шинэ үг үүсч, монголчууд өртөө гэж шуудан дамжуулан суурин замаа нэрлэн, гэр гэрээрээ үлсэн байх.
Өдтэй юу бичиг нь
Өртөөгөөр дамжина гэдэг нь суурин замын гэрээр дамжсаар явна гэсэн үг болж таарч байна.
юрта=өртөө, энэ санааг урд нь нэг хүн гаргаж байсан, нэрийг нь хайж байгаа болно.
Та batsuuri8@gmail.com хаягаар холбоо барина уу. Баярлалаа.
Анун

бж said...

Bayarlalaa. Bur ter kontsertiig chini tantai hamt uzsen yum shig l bolchloo.

peakfinder said...

hoomii uneheer ovormoc sodon urlag shuu. suuliin uyed gadniihan ih sonirhoj surdag bolson yum shig sanagdaad baigaa.
neeree l koncert uzsen shig saihan bolloo. heden jiliin omno morin huur chuulgiinhan Carnegie halld toglohiig uzsen yum. Toglolt uzchiheed garaad irehed gertee hariad irsen yum shig saihan bolj bilee.

БЭ said...

Ямар гоё концерт вэ, бүр нүдэнд харагдтал чихэнд шунгинатал бичсэн байна, маш их баярлалаа. Харин эд маань германаар ирэх болов уу, эдний тойрон аялалынх нь талаар мэдээлэл байхгүй биз, өөрсдөө веб хуудастай болов уу?

ganga said...

Telmend,
Ed nar Germand "Bremen" gedeg hotod amidardag gesen. www.hosoo.de site
Blogd zochilson ta nartaa bayarlalaa

Pearle Deppsu said...

Өө сайхан сайхан.

БЭ said...

aan tegvel medeh yum baina hosoog, ih avyaslag zaluu shuu, bayarlalaa.

ganga said...

Тэлмээн, Зөвхөн сэтгэгдэл төдий юм бичсэн, дараа тэднээс ярилцлага аваад, хөөмийн тухай арай дэлгэрэнгүй мэдээлэл хийх санаатай, надтай холбоо барь, тэдний тухай нийтлэл гарсан гээд дуулгачихаарай.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Бид ингэж л их бага хэмжээгээр эх орноо нээж л байх хэрэгтэй юм даа. Эх орныхоо нэрийг гаргаж байгаа залуучуудаараа бахархахгүй байхын арга алга

saika kamikaze said...

үнэхээр сайхан гэгээлэг, тэнгэрлэг, монгол хүний зүрхнээс гаран зүрхэнд хүрэх тийм бичлэг болсон байна