Wednesday, 3 October 2007

Байгаль эх уйлж байна

Бороо орохлоор, ялангуяа зүсрээд ирэхлээр айгаад ч байх шиг нэг л түгшүүртэй байдаг болчихжээ. Уул нь хур бороо орохоор агаар цэвэр тунгалаг болоод байгал тэр чигээрээ өнгө зүс ордог болохоор баяр хөөр болдог байсан юм. Европт энэ 2002 онд 100 жил болоогүй их ус бууж айхтар үерлэх үеэр Чехэд байв. Уурласан араатан шиг улаанаараа эргэлдсэн их ус замд таарсан бүгдийг залгин, эвдэхийг эвдэж, гэмтээхийг нь гэмтээж, устгаж үгүй хийхийг нь ор мөргүй болгосон. Энэхүү байгалийн гамшиг хэдэн сая доллараар хэмжигдэх эд материалын хохирол учруулж, ямарч мөнгөн тоогоор илэрхийлэх аргагүй сэтгэлийн их дарамт хүмүүст үлдээлээ.

Энэ жил Чехээс гадна Европын бусад Герман, Австри, Итали, Франц, Швейцарь, Польш, Румын, Молдав, Унгар, Азийн Хятад Балба, Филиппин, Иран гээд олон оронд урьд хожид үзэгдээгүй их ус бууж хотлоороо үерт автав. Эх дэлхий тэр аяараа усанд автаж усан галав юүлнэ гээч нь болов уу? гэтэл үгүй юмаа.

Төв Азийн өндөрлөгт орших манай Монголд, алс холын Америкийн Орегон мужид ган болж, хэт хуурайшилтаас ойн түймэр гарчээ. Ингэж хорвоогийн нэгтээ усны илүүдлээс нүүрлэсэн гамшигаас өчнөөн юм эвдэрч сүйдэж байхад, нөгөөтээ усны хомсдолоос ой, хээрийн түймэр дүрэлзэж мал идэх өвсгүй, амьтан хоргодох ойгүй, хүн амьсгалах агааргүй хувхайрч байх юм.

1966 онд Улаанбаатарт нэг үер болж билээ. “Үер, ган, зуд яагаад болдог юм бэ?” гэхэд, эмээ маань “Лус савдаг хилэгнэж байгаа нь тэр. Тайлга тахилгаа өргөж, уул усаа аргадах хэрэгтэй. Энэ нам засаг даан ч зөвшөөрөхгүй дээ” гэж урамгүйхэн хариулж билээ. Би бага байсан болоод учрыг нь сайн ойлгоогүй өнгөрсөн. Одоо бодоход эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зохицож амьдрах тухай монгол уламжлалаа л хэлж байж.

Монголчууд “Тэнгэр эцэг, Газар эх” болон өвөг дээдсийнхээ сүнсийг шүтдэг бөө мөргөлтэй байлаа. Бөөгийн шашин газар дэлхий, уул ус, бидний өдөр тутам эдэлж хэрэглэдэг аяга шанага, хувцас хунар, морь мал бүгдээрээ хүмүүний адил “амьд” ба тус бүр өөрийн сүнстэй гэж үздэг. Хүн амьд сэрүүн байхдаа өдөр тутам эдэлж хэрэглэж байсан эд зүйлийнхээ сүнстэй, талийгаач болсон хойноо агаар мандалд дайралддаг гэсэн хийсвэр ойлголт байж. Иймээс эртний монголчууд нас барсан хүний эд юмсын сүнсийг эзнийх нь сүнсээс төөрүүлчихгүйн тулд, эд агуурсыг эмтэлж сүнсий нь биенээс нь гаргаад эзэнтэй нь хамт булж хойлго үйлддэг байв.Эр цэргийг нум сум, сэлэм бамбайны хэсэгтэй, эмэгтэйг хайч зүү, аяага шанагны хэсэгтэй хамт оршуулах жишээтэй.

Амьгүй эдлэл хэрэглэлийг амьд гэж үздэг монголчууд ургамал амьтанг мэдээж амьд гэж хүлээж авна. Газар шороо, уул усыг хүн шиг мэдрэлийн судалтай, цус гүйсэн амьд бие махбодтой гэж үзнэ. Хүний титэм судас тасрахад амь алддаг шиг газрын амин судас тасрахад байгаль мөн үхдэг гэж үзнэ. Хүний болчимгүй үйлдлээр эх дэлхийн “амин газар” буюу судсыг гэмтээхэд “Газар эх” өвдөн шархалдаг, тэр ч байтугай үхдэг гэж үзнэ. Газар ус нь “эзэн”-тэй бөгөөд лус савдаг гэнэ. Байгаль шархлаж өвдөн эс эд нь үхэж үрэгдэх бүртээ хүнд үүнийгээ ямар нэг хэлбэрээр илэрхийлдэг. Үүнийг л манай монголчууд “газар усны лус савдаг хилэгнэж байна” гэдэг байжээ. Газрыг дураар ухаж төнхөх, амин судалтай газар байршилтай мод хугалан гэмтээх, хавар цагт ургаа мод тайрах, усны ундарга эхийг бохирдуулах зэрэг цээртэй байлаа.

Бүүр дундад зуунаас монголчууд “Их Засаг” хуулиндаа байгаль орчноо хамгаалах асуудал тусган төрийн бодлогоор байгальтайгаа зохицон амьдарах онолыг хэрэгжүүлсэн анхны орон. Сүүлийн үед ихээр яригдах болсон байгаль хамгаалах, түүнийфг нөхөн сэргээх ногоонтны хөдөлгөөний үндсийг тавьсан гэхэд болно. Газар зүй цаг уурын хүндрэлтэй, эрс тэрс эх нутагт бэлчээрийн мал аж ахуй олон үеэрээ эрхлэн амьдарч ирсэн монголчууд байгалийн араншинг мэддэггүй, хүдэлдэггүй байсан бол аль эрт мөхсөн биз.

Монголчууд онгон байгалийг мөнх тэнгэр буюу дээд хүч зохиосон төгс төгөлдөр бүтээгдэхүүн, өөрсдийгөө байгалийн нэгэн салшгүй хэсэг гэж үздэг байв. Байгалийг шүтэн дээдлэх соёл монголчуудын дунд их эртнээс бий болсон бөгөөд эх дэлхий уул усаа аргадан тайлга тахилга нийтээрээ хамтран үйлддэг, ууланд босгосон овоонд хүн бүр чулуу нэмэрлэн лус савдагтаа хүндэтгэлээ илэрхийлдэг байв. Гэтэл бидний энэ эрхэм соёл мартагнаж эхлэв. Морины уяаны шон зооход үүссэн өчүүхэн нүхээ хүртэл бөглөөд нүүдэг заншилтай байсан нь газрын шалбархайг хүртэл аниулдаг байсан гэсэн үг. Одоо алтны уурхайн өм цөм ухсан, хөрсий нь эргүүлээд хаясан том том нүх газрын шарх болон үлдэж байна. Усны ундарга бохирдуулбал цаазаар авдаг чанга хуультай байв. Химийн хорт бодис, хог новш хаясаар олон олон гол мөрөн ширгэн алга болж буй нь юутай харамсалтай. Онгон байгалийн гоо сайхныг магтан дуулдаг маань удахгүй үлгэр домог болон үлдэх нь.

“Шинжлэх ухаан техник хөгжсөн эрин үед хүний хэрэгцээг хангахын тулд уулыг цоолж, усыг эргүүлж, амьтдыг эрлийзжүүлэн үйлдвэрлэж тэр ч бүү хэл хүнийг хүртэл хиймлээр хийж болно. Ухаант хүмүүн бид байгалийг эрхшээн захирах ёстой” гэсэн балмад үзэл давамгайлж ирснээр хүмүүс байгаль орчинд зэрлэг түрэмгий хандаж, хайр гамгүй цөлмөж байна. Хүний шунал, хэрэгцээ хязгааргүй. Үүнийг гүйцэлдүүлэх гэвэл хүн төрлөхтөн орших эс оршихдоо тулж эх дэлхийгээ эвдэн сүйтгэнэ. Хүмүүсээ эх дэлхий шархлан уйлж байна.

Харвард Их сургуулийн нийгэм судлаач Вилсон тэмдэглэхдээ, хэрэглээний түвшин өнөөдрийн хэмжээндээ үргэлжилбэл хүн төрлөхтөн тэжээгддэг байгалийн нөөцийг туйлдуулж, зах зээлийн эдийн засгийн суурь болдог байгалийн эдийн засгийг хүмүүс бид өөрсдөө сүйрүүлж байна” гэсэн нь зөвхөн нүүдэлчид байгал орчноос хамаардаг бус дэлхий даяар байгалийн эрүүл мэнд хавтгайдаа аюулд ороод байгааг харуулж байна.

“Bridge” сэтгүүл 2003 он 9 сар

.

3 comments:

enche said...

Gangaa, chinii blogoor baahan "heslee". Bichsen bolgoniig chin humuusiin uldeesen setgegdeltei n niiluulj baigaad huu unshlaa. Haihan,haihan ingeed l bicheed baidag yum shuu.
Amjilt husie.¨
Enche

бж said...

saihan bichleg baina. Taalagdalaa. Bas bayarlav.

ganga said...

Enche, Ganaa nart setgegdel uldeesend bayarlalaa. Ehche huu unshaad, haihan haihan geed minii buriadiig todotgood baina uu, uuruu buriadad taltai hunuu?