Monday 10 December 2007

Цамын өмсгөл

“Болор толь”-д өгүүлрүүн: “Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч лам Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо өөрийн биеэр залран ирж, “чи эдүгээ Ландарм хааныг хөнөө! Айх хэрэгггүй, цаг үед нь би туслана” гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ. Олон жилээр даяанчлан улс оронд юу болсныг, Ландарм шашныг сүйтгэснийг мэдээгүй лам ихэд гайхаж хоноод, маргааш нь хүмүүсээс асуусанд “тэр үнэн, тийм болсон” гэж тоочин мэдүүлжээ.

Лхалүнбалдорж нэгэн цагаан морийг хар будгаар будаж зүсмий нь өөрчлөөд, цагаан дотортой хар цув малгай өмсөн, нүүрээ хараар будаж, ханцуй дотроо нум сумаа нууцаар агсан Лхас хотноо ирэв гэнэ. Түүнийг ирэх мөчид Ландарм хаан ордны гадна пайлуур чулууны бичиг үзэн зогсож байв. Лам түүний дэргэд ирж мориноосоо буугаад, хаанд мөргөх дүр эсгэн тонгойхдоо нумаа хөвчлөв. Хоёр дахь удаа мөргөн дээш өндийхдөө нум сумаа дээш татан тавихад хааны гол зүрхийг оносонд хаан үхэтхийн унав.

Лам Увай мөрнийг туулж гатлахад, морь цагаан төрхөндөө орж, хувцас малгай сэлтээ урвуулан өмссөн лам замд таарсан хэн хүнд “Би огторгуйн элч Тидхэр мөн” гэж явжээ. Түүнийг мөшгөн хөөсөн хааныхан ийнхүү түүнийг ололгүй төөрөлдөн хоосон буцжээ. Төвдөд IX-X зуунд бон шашинтан Ландарм хааны олон жилийн турш баримталсан бурхны шашныг устгах тууштай бодлогын дүнд шашин мөхлийн ирмэгт тулаад байв. Ландарм хааныг 842 онд даяанч лам Лхалүнбалдорж гэгч ханцуйдаа нум сумаа нуун бүжиглэсээр хаанд ойртон очиж ийнхүү хөнөөсөн гэдэг домог бий. Ийм гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хожим нь цамын хувцас болж, одоог хүртэл хадгалагдан иржээ.

Гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хийгээд, бадам хээтэй цээживч-додьиг, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч-матьиг, амирлангй дүрт бурхдын дүрсэн чимэгтэй бүс, үрүүжин хэмээх ясан зүүлт, гутал сэлтээс цамын хувцас бүтнэ.

"Үрүүжин" нь ясан чимэг гэсэн утгатай. Үрүүжин-чимэг нь алаг, ясан гэж хоёр янз байна. Алаг үрүүжин цамчны бүсний хавьд байх бөгөөд шар, хөх, улаан, цагаан өнгийн задгай утсан манжлагатай. Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар, Монголд тэмээний чанасан ясаар сийлдэг ба цамчны элгэн дээрх алт (мөнгөн) толиноос тал бүр тийш салбарласан, хөшиг мэт сүлжилдэн бүх биеийг ороосон маш гоёмсог торон нөмрөг үүсгэнэ. Ясан үрүүжиний эрх бүр гурван хигээстэй хүрд бүхий уран сийлбэртэй. Хамар угалз үүсгэх зүүлтийн хэсгээс тус бүр гурван хонх зүүлттэй агаад нийтдээ ойролцоогоор 12-16 хонх ордог. Дүрийн эрэмбэ зэрэглэлээс шалтгаалан ясан зүүлт нь илүү шигүү тансаг байдаг болой.

Бүс. Хормогчийг бүсэлсэн бүс нэлээд өргөн, бүсэн дээр амирлангүй дүрт бурхдын багавтар хэмжээний хөөмөл хөрөг дүр, алтан цутгамал хорол, элдэв очир зэргээр чимсэн байдаг.

Додьиг. Цамын өмсгөлийн цээживч буюу додьиг нь хоёр мөр, ар нуруу, цээжин бие рүү унжих дөрвөн дэлбэнгээс бүрдэнэ. Цамын тухай бармтат киног үзэж байхнаа хуучны хийцтэй цээживчийг хөөмөл зээгт наамлаар урласан олон хээтэй, илүү нарийн ур хийцтэй нь харагддаг. Хуучны хийцтэй додьигийн дэлбэнд энгэр талдаа "очир", ар нуруундаа " илд", баруунаа "цэцэг", зүүнээ "чандмань" гэсэн дөрвөн өөр дүрс урлаж, эвэр угалзаар хүрээлүүлэн чимдэг байжээ. Додьигийн цээж рүү унжих дэлбэний элгэн талд тухайн дүрийн зүрхэн тарнийн эхний үсэг бүхий алт буюу мөнгөн тольтой.

Матьиг. Цамын өмсгөлд багтах хормогч. Хормогч дээр тухайн дүрийн догшин сахиусын тэргүүн байх ба түүнийг тойруулан дошил хэмээх хохимой чимэг, дүрэлзсэн галын хээ сэлтийг ердийн зээгт наамлаар урлан бүтээдэг. Хормогч доод талдаа ертөнцийн таван өнгийг илтгэх мяндсан утсан цацагтай.

Гутал. Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ.

6 comments:

ZAYA said...

Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Үнэхээр тийм байхдаа. Матар чинь хичнээн хүчтэй догшин билээ дээ дээ. Түүнийг хөлөндөө байлгахад улам хүчтэй гэсэн санааг гаргадаг байх нь. Би лууны хээ гэж бодоод байсан юм. Сайхан тайлбар болжээ. Баярлалаа.

БЭ said...

Маш хэрэгтэй зүйл уншлаа. Таны бичлэгийг унших болгонд мэдэхгүй монгол үг хэллэгнүүд их гарч ирэх юм. Тэгэх тусам өөрөөсөө ичих шиг. "Бадам хээ" гэж ямар хээ байдаг юм бэ? Дандаа л дэмий балай юм асууж төвөг удсанд уучилаарай! Danke!

ganga said...

Zaya, nemlet nart blogt zochilsond bayarlalaa.
nemlet-Badamlyanhua tsetseg geed burhdiin suudald baidagdaa, tiim delben helbertei heeg badam geh. Zuliin dol ikheer asaad (dooroo buduun tsulheger, deeree nariin)irekhleer saihan badamlaj baina gedeg ni bas badam durstei bolloo gesen utgatai bolov uu.

бж said...

Яанаа, нээрээ энэ цам гэдэг зүйлийн тухай ямар ч ойлголтгүй байсан байна лээ ш дээ. Таны блогоос их зүйл мэдэж авч байнаа. Нэг л шашны холбоотой зан үйл л байх гэж боддог байснаас биш, лав л тэгж урлаг талаас нь харж бодож байсангүй ээ.
Их сонирхолтой сайхан мэдээлэл өгдөг шүү, та, бидэндээ. Амтархан уншдаг. Дандаа орж ирж, шинэ юм хайдаг шүү. Баярлалаа.

Jagaa said...

Bas uchir jantsantai yum umsdug yum bn shdee, Jantsan gedeg chin manai uvuu baihgyi yu xexe

Unknown said...

why not try here good quality replica bags you can try these out cheap designer bags replica Get More Information replica bags china