Sunday, 31 August 2008

Тахийн баяр


Праг хотын зоопарк өнгөрдөг бүтэн сайнд монголчуудад үнэгүй үйлчилж, хүн болгон Монголтой ямар нэг байдлаар холбоотой гэдгээ батлах гэж оролдоод бараг л монгол хүн болж төрөөгүйдээ харамссан гэхэд дэгсдүүлэхээргүй өдөр бол Чех нутагт тахийн анхны унага төрсний 80 жил, Праг хотын зоопаркад тахийн унага төрсний 75 жил, Прагад эхлэлээ тавьсан олон улсын тахь хамгаалах симпозиумын 50 жилийн ойн өдөр байлаа. Тахь нутагшуулах төслийн түүхэн өдрийн энэ арга хэмжээнд Праг хотын дарга П.Бем, тахь хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн Э.Кус, монгол судлаач эрдэмтэн И.Шима, Монгол Улсаас Чехэд суугаа элчин сайд О.Энхтөр, консул Ц.Нямсүрэн, зоопаркийн дарга П.Феик зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Зоопаркийг жилдээ сая хоёр зуун мянган хүн үздэг статистикийн судалгаа байдаг. Өчигдөр тэнд байсан гурав дөрвөн мянган хүний лав таван хүн тутмын нэг нь монгол байсан бололтой хэд алхаад л монгол яриа хөөрөө сонсогдоод нутгийн хүмүүстэй таараад сайхан байв.

Хүн мал хот суурингийн бараа харж чаддаггүй эрчимт туурайтай, төрөлхийн хурц нүд, соргог чих, үнэрч хамартай тахь маш соргог тул өчүүхэн юүхэн хээхнээс үргээд хуй салхи хэдэн арван бээр хулжаад давхичихдаг. Нэг үргэсэн газраа буцаж ирдэггүй. Дэндүү зоргоор зэлүүд нутагт амьдрах дуртай. Алтайн цаадах говиос өөр тийм зэлүүд газар дэлхийд бараг бараг үгүй болсон. Нэг азрага тахь нөгөөтэйгөө их говьд таарлаа гэхэд хоёр азрага бие биенийхээ гүүг булаацалдан зодолдоно. Дийлсэн нь дийлдсэнийхээ гүүнүүдийг нийлүүлж аваад цааш хулжихдаа, эхийгээ дагаж ирсэн унагануудыг туурайгаараа цавчиж эсвэл хүзүүг тас хазаж ална. Үргэмтгий зожиг зангаасаа, азаргын хартай догшин чанараас болж дэлхийн зэрлэг адууны сүүлийн өв болох тахь цөөрсөөр улмаар устаж үгүй болон сөнөхөд тулаад байхад 1879 онд Н.М.Пржевальский Монголд тахь байгааг нээж дэлхий дахинд дуулгасан тул түүний нэрээр мэддэг болсон билээ.

Прагийн зоопарк тахийг хамгаалах эргэн нутагшуулах үйлсэд идэвх чармайлттай, амжилттай оролцсоноороо бахархдаг. Иймээс ч зоопаркийн таних тэмдэг нь даруй тавин жил тахийн зурагтай байж иржээ. Дэлхийд устаж сөнөхдөө тулаад байгаа ховордсон амьтдыг ивээлдээ аван үржүүлж эргүүлэн онгон байгальд нутагшуулах ажил хийж өөрөөр хэлбэл тодорхой нэг төрөл зүйлийн амьтан хамгаалан үлдэж чадсан эсэхээр тухайн зоопаркийн нэр хүнд, ажлын үзүүлэлт бас тодорхойлогддог юм байна. Зоопаркад төрсөн Хелус нэртэй тахийн тэр анхдагч унага эсэн мэнд өсч торниод азрага болж зөвхөн Чех бус Европын бусад орнууд дахь олон тахийн өвөг болсон юм. 1990 онд олон улсын тахь хамгаалалын тавдугаар симпозиум дээр Европын орнуудын зоопарк болон дархан цаазтай газар байгаа тахийг байгальд эргүүлэн буцаан тавьж, тахь анх үүссэн төрсөн орчинд нь нутагшуулах санал гарчээ. Энэ нь шинжлэх ухаанд урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ туршилт байлаа. Зохисгүй нөхцөл шалтгаан нь бүрдээд тухайн төрөл зүйлийн зэрлэг амьтан амархан сөнөж болох магадлалтай. Харин сөнөх гэж буй цөөн хэдэн амьтны угийн бичиг хөтлөн цус ойртуулахгүйгээр өсгөж олшруулаад буцааж байгальд тавих нь олон жилийн хөдөлмөр, хөрөнгө хүч чармайлт шаардсан нэлээд төвөгтэй ажил байдаг юм байна. Энэ тухай сэтгүлч Жамбалын Мягмарсүрэнгийн "Унагаа зуусан хулан" номд "Тэмээгээр одсон тахь тэнгэрээр ирлээ"

Монгол биш ч монгол үндэсний хувцас өмссөн чехүүд монголтой ямар нэг байдлаар холбоотой хүмүүсийг бас үнэгүй оруулж байлаа. Монгол хүүхэд өргөж авсан чех гэр бүл бас ирсэн байсан. Чех аав ээжтэй, монголоор огт ярьдаггүй нэг бумбайсан хөөрхөн бор хүү энд цугласан өөр шигээ царайтай олон хүн хараад алмайрч байх шиг биднийг хараад л. Монгол охин өргөж авсан, охины ээж биш ч бас нэг монгол бүсгүйтэй гэрлэсэн, дараа нь тэр эмэгтэй нь монгол охин чех аав хоёрыг хаяад явчихсан тэр хоёр л өрөвдмөөр байв. Хөөрхий охин монгол эмэгтэйчүүдэд илт татагдаад, өхөөрдөөд нааштай байсан монгол эмэгтэйчүүдэд очиж хацарт нь хацраа наагаад л тал засаад байсан. Монголчуудын цугларалт, монголтой холбоотой арга хэмжээнд хүүхдүүдээ авчраад, ер нь хүүхэддээ хандаж байгаа байдлаас харахад монгол хүүхэд үрчилсэн энэ чехүүд хүүхэддээ хайртай, сайн нь илт. Тэр охины аав эдлэн газар, байшин худалдаж аваад шарын шашны болон монгол соёлын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдөж, ажил болгох шатандаа ороод байгаа юм билээ. Чех гэр бүлд чех орчинд торниж байгаа хүүхэд гадна төрх нь монгол болохоос хүмүүжил, сэтгэлгээ чех л болно. Гэхдээ хүүхдийн зөн гэж нэг юм байх шиг. Хүүхэд байтугай адгуус малд ч төрсөн нутагтаа тэмүүлэх төрөлхийн зөн бий.

Sunday, 24 August 2008

Эмэгтэй хүнийг авгайлах

Чехэд үргэлж "пани", европын бусад оронд "мадам" гэж дуудуулсаар нутагтаа очихоор "хүүхээ", "миний дүү", "эгч ээ", "аниа", "ажаа", "эмээ" болчихно. Нэг бодлын бүгд хоорондоо ах дүү төрөл садан оргиод нэг их дотно сайхан ч юм шиг. Манайхан хүнийг "гуай"-лдаг болохоор ингэж хэлэх хүн бас гарнаа. Хааяахан "авгай" гэнэ. Дал наян настай буурал "хүүхээ", "миний хүү" гэж бага залуу хүнд хандахад зохистой, насны зөрөө шалихгүй байж "эмээ, өвөө" гэх зохисгүй шиг хаана хэзээ хэн ямар өнгө аяасаар хэлж байгаагаас шалтгаалж дээрх авгайлал янз бүрээр тусна.

Зарим хүн хөгшин болох дуртай. Дунд насны хүн өвгөн, эмгэн царайлаад хүн болгоныг, үеийнхнийгээ ч хүү минь, охин үр минь гээд өөрөө өөртөө нас нэмээд байдаг. Зарим хүн залуу болох дуртай. Оюутан үеийн тоолбол нас чацуу найз маань хорь гучин насаар дүү авгай авчихаж, нялх хүүгээ тэвэрчихээд уулзахдаа "эгч ээ" гээд залуумсаад байсан. Би ч яахав, учры нь ойлгоод инээд хүрээд өнгөрсөн. Бид хоёрын хэн нь овор багатай байсанд асуудлын гол нь байгаа юм биш. Ер нь эмэгтэй хүний насыг тодотгоод байх онцгүй л дээ. Манайхан хүний нас баримжаалж хандаад заншчихсан. Үеийн хүмүүс "ажаа" гэж байвал, "найз минь намба суугаад авгай төрхөндөө орж байна даа" гэсэн сануулга. Сануулга найрсаг уу, хоржин уу тэр үеийн байдлаас янз бүр. Залуу хүн "ажаалж" байвал ээжтэй минь үе юмаа гэж байгаа нь тэр. Тавь, жартай авгайг ажлынхан нь "гуай" гэхэд хүндэтгэл сонсогдоно. Намайг телевизийн төвд дөнгөж гучин настай ээлжийн инженер байхад арван долоотой монтёр залуу анх "гуай" гэж дуудаад цочоож билээ.

Саяхан л авгай гэдэг үг авгайлал гэдэг үгийн үндэс суурьдаа таарсан сайхан утгатай байлаа. Эмэгтэй хүнийг "авхай", "авгай" гэж хүндэлдэг байвай. Сурвалжит авхай, эрдэмтэн авхай, толиотой сайхан авгай, ахын авгай гэх мэт. Шинэ соргог юм хүлээж авч чаддаг, чаддаггүй гэж төрөлхийн сэтгэлгээний онцлог гэж хүнд байхаас "залуу сэтгэлгээ", "хөгшин сэтгэлгээ" гэж байдаггүй шиг. Гэтэл манайд тавь гарсан эмэгтэй хүн тооноос шууд хасагдана. Тэд үсээ хусуулаад чавганц болох ёстой юм болов уу. Үсээ хусуулж, эрх тоолж, сүм хийд хэсэж засал ном уншуулсан сонгодог эмээгийн дүрд тоглодоггүй юмаа гэхэд, тавь гарсан эмэгтэй залууст "место" тавьж өгөөд, нийгмийн амьдралаас хөндийрөх ёстой. Аранзал өнгийн дээл өмсөөд, ач зээгээ хараад, аяга данхаа зүлгээд, өдөртөө нэг гадаалж өвгөд хөгшчүүдтэй хуучлаад намбайж байх ёстой. Жинсэн өмдтэй, богино банзалтай тавьтанг "авгай" гэнэ. Тодотголгүй зүгээр "авгай" бол "тэнэг, хөгшин, хоцрогдсон, болхи" гэсэн үг. "Энэ муу авгай", " тэр янтгар авгай" гэвэл "тэнэг, хөгшин, хоцрогдсон, болхи" байж бас моодлох санаатай дээр нь ажлын хэнээтэй гэсэн утгатай. Харин одоо хөгшин залуугаас хамаарахгүй ямар нэг эмэгтэй хүнийг үл тоомсорлосон, дургүйцсэн, эмэгтэй хүнийх нь хувьд доошлуулсан, ер нь доромж утга агуулсан үедээ "авгай" гэж чичэлдэг болоод байна.

Наян настай эмээг "эмээ" гэхэд бол өөр хэрэг. Үнэхээр ач гучаа үзсэн эмээг эмээ гэхэд нэрээрээ дуудуулж байгаа шиг хүлээж авна. Миний нэг найзыг хүнсний дэлгүүрт юм авах зуур нь арваад насаар дүү худалдагч "эмээ та" гэж. Биеэ үргэлж сайхан авч явдаг, нүүр толигор, ааш цоглог, спорт стилээр хувцасласан найзд маань "хүндлэл" хүнддэх шиг санагдсан гэдэг. Тоглоомд хожигдоод ирэхээрээ хор шар нь буцалсан монгол эрчүүд эмэгтэй хүнийг насаар нь дайрах нь элбэг байдаг. Эмээ болоогүй дөч ч хүрээгүй хүнийг "эмээ" гэж тоглоом шоглоомоор хэлээд байх нь төв халхын хүнийг хужаа гээд дайраад байх шиг эвгүй сонсогддог юм билээ. Социализмын үед хүнийг "дарга аа" гэж их авгайлдаг байлаа. Хэлэхэд ч, хэлүүлэхэд ч нэг их эвтэй биш авгайлал. Азаар "инженер ээ", "багш аа" гэж дуудуулдаг, бусдыг ч нас хүйс ялгахгүй дуудаж болдог ажил хийж явлаа. Ажил мэргэжил, албан тушаал, алдар гавьяагаар нь эдүгээ Долгор эмч, Нямаа багш, яруу найрагч Хулан, дуучин Ариунаа, Оюун сайд, Пагма панз, Цэцгээ ченж, уран Уянга, хэлэмгий Хишгээ гэх мэтээр авгайлдаг. Эрт цагт хутагт хувилгаан, дээдэс, гүнтэн, тайжтан гээд авгайлдаг байжээ. Монгол хэл маань баян, уран тансаг даа. Дорнын сайхан уламжлалаа зөв хэрэглэн бие биеэ эвтэйхэн авгайлдаг болмоор.

Monday, 18 August 2008

Бөх Сэрэмжид

Хоньчин бүсгүй тал нутагтаа хонио хариулж явахад хоёр орос цэрэг таарчээ. Сэрэмжид нуруу өндөр, ташаа өргөн, цээж түүхгэр, бэлхүүс нарийн, мөр тэвхгэр, унаган махаа гээгээгүй сайхан монгол бүсгүй. Нэг юм яриад л байна. Хэл яриаг нь мэдэхгүй ч, тэсч ядан шүлэнгэтсэн харцаар хэрэг бишдэх нь гэдгийг ойлгов. Сэрэмжид мэнд мэдээд цааш явах гэтэл нэг нь ирээд бариад авч гэнэ. Саяхан оёсон шинэ дээлийг маань энэ муу ноцож байж урах нь, үгүйдээ оёдолоороо ханз тавиад ажлын нэмэр гэсэн шиг бодогдов. Баруун гарын алгыг тэдэн рүү харуулан дээш өргөөд хүлээж бай, одоохон гэж дохиод бүсээ тайлж, дээлийн товчоо мулталж эхлэв. Хувцсаа тайлаад эхлэхээр, бүсгүйг өөрөө дур хүсэл дүүрэн байна гэж ойлгосон бололтой, цэрэг эрс хоорондоо чанга чанга ярин хөхрөлдөөд зууралдаад байхаа болив.
Сэрэмжид бүс, шинэ тэрлэгээ тайлаад нямбай эвхэж тавиад хартал нэг цэрэг өмд гутлаа тайлчихсан хагас шалдан зогсож байв. Хээ бузартай муу золиг вэ гэж бодоод, дотуур дан дээлийнхээ хормойг шуугаад, цээжээ урагш түрээд, бага зэрэг тонгойн, хөлөө тахимаар үл ялиг нугалан алцайн зогсчээ. Бүсгүй эрд улам дур булаам харагдаж, урин дуудаад өдөөд байх шиг тааламжтай мэдрэмж төрүүлжээ. Тачаадсан эр гараа түүхийгээд байгаа цээж рүү явууллаа. Сэрэмжид огцом доош суунгаа цээж рүү нь мөрөөрөө хүчтэй ёвронгоо, учраагаа тахимаар нь хоёр гараараа шүүрч аваад хүчтэй татав. Яах ийхийн зуургүй ар нуруугаараа хойш саван, дагзаараа газар цохин ойчив.
Унасан эр бүсгүйг янаглах биш барилдах гэж хувцсаа хөнгөлж дээлээ тайлсан, өдөж биш өрөж чухамдаа түрүүлгээ харан унахаас хамгаалж тийн зогссон болохыг ойлгож эхлэв. Гэхдээ шаварт унасан бярууг ганцаар бярдан суга татан гаргаснаас хойш "бөх Сэрэмжид" гэж нутаг хошуундаа алдаршсан, залуудаа барилдаж явсан гэх янхигар хөх өвөө нь "бяруу өргөчихдөг бяртай гэлүү" гээд ач охиныг нь оролдоод зүгээр байлгахаа больсон нутгийн харчуудаас биеэ хамгаал гэж монгол бөхийн мэхээс зааж өгсөн, тэдэнтэй хонины бэлчээрт хүч үзсээр бэлтгэл хангагдсан тамирчин шиг болсон байсныг явуулын харийн цэргүүд яаж мэдэх билээ дээ.
Өмд гуталгүй найз нь унаж буйг хараад нөгөө цэргийн инээд хүрч тэсгэлгүй тачигнатал хөхөрч улам хор шар малтана. Хүчирхийлэх гээд өөрөө хүчгүй гэдгээ харуулсан, гэнэгүй байж цэвэр тавиулсандаа ичсэн, хорссон эр хүч үзүүлэхээр босоод ирвэй. Дайрлаа. Давшлаа. Орлоо. Уналаа. Бослоо. Өрлөө. Барьлаа. Алдлаа. Уурлалаа. Улангаслаа. Уналаа. ...Уналаа. Уналаа. Унасаар цуцлаа. Үзэгчийн суудалд байх нөгөө цэрэг монгол бүсгүйн бяр тэнхээг, бөхийн мэхийг шүтлээ, биширлээ. Цуцсан нөхөртөө гутал хувцсыг өмсгөв. Эрхий хуруугаа гозойлгоод "мундаг" гэж, хоёр гараа атгаад "амжилт" гэж "хэлээд" явцгаасан гэдэг.

Monday, 11 August 2008

Барилдах ур

Нэг сайхан ном уншив. Г.Эрдэнэ "Барилдах ур" гэсэн үндэсний бөхийн тухай номыг ихэд сонирхон, машид амтархан уншлаа. Сонин үг хэллэг, түүхэн баримт ихтэй. Наадам, даншиг наадам, бөхийн түүхэн хөгжил, бөхийн өмсгөл, цол чимэгийн тухай, хамгийн гол нь бөхийн барилдаан тактик мэхийн тухай өгүүлсэн ном. Хөл мэх, гар мэх, хариулт ба угсраа мэхийг ямар үед ямар тактиктай хийж учрааг газардуулна гээд, бүгд зурагтай ойлгомжтой сайхан тайлбартай.

Та бүхэнд номны хэсгээс түүвэрлэн хүргэе:
"Манай тооллын өмнөх IV зууны хүннү аймгийн бөхчүүд ямаа, гөрөөсний арьсыг туламлан (битүүгээр) өвчин элдэж хийсэн өмсгөлтэй барилдаж байжээ. VIII зууны эхэнд одоогийн хээглэж байгаа зодог, шуудаг бий болсон байна. Зодог шуудагны өнгө тухайн үеийн ёс дэглэмийг баримтлан өөрчлөгдөж байв. Тухайлбал цагаан далайн хар лусыг шүтдэг байсан хуучин цагт зодог хар, шуудаг цагаан, шарын шашны үед зодог шар, шуудаг ногоон (ногоон дарь эх), улаан галаа дэгдээж, хөх монголын сүр хүчийг бадруулах шүтлэгтэй байсан хугацаанд хөх буюу цэнхэр зодог, улаан шуудагтай байв. Элэг бүс нь сарнин задрахгүй элдэв хүчин зүйлийг эвлүүлэн бүтээж, хүч чадал, зориг самбаа, мэх аргыг бөөгнөрүүлэн төвлөрүүлж хүчирхэг байхын утга бүхий ажээ. Эрт цагийн бөхийн малгай сономдар буюу залаа бүхий дуулга хэлбэртэй байснаа XV зуунаас дөрвөн талт, дараа нь отго бүхий хүрэн жинстэй хожим сампин бүхий дөрвөн талт жанжин малгай болсон. Малгайны цавагны гадуур туургалан байрлуулсан дөрвөн тал нь монголын дөрвөн аймгийг, оройн зангилгаа сампин нь шавь таван газрыг тустус төлөөлүүлэн бүтээжээ. Малгайн оройг шовгор, сампинг шөвгөр хурц шулуун хийдэг нь харилтгүй мандан бадрахыг бэлэгдсэн тэмдэг юм. Тиймээс бөх хүн цэрэг эрийн адил аймаг, газар нутгаа төлөөлсөн малгайгаа өмсөн, эх орноо магнай дээрээ нандигнан тавьж наадамд барилддаг. Ийнхүү утга төгөлдөр малгайг засуулууд газар тавилгүй эрхэмлэн гартаа залж өргөж явдаг байна.

Монгол үндэсний бөхийн барилдааны хорин мянга орчим жилийн хөгжлийн түүхэнд зохиож ирсэн их бага наадмуудаас хамгийн том нь долоон хошуу даншиг, арван засгийн наадам байлаа. Батмөнх даян хааны ахмад хүү жалайр хун тайж Гэсрэнз нас барахын өмнө долоон хүүдээ нутгаа долоон хошуу болгон хувааж өгөн захируулсан билээ. Энэ үеэс Монгол нь долоон хошуу болон бутарсан байна. 1772 оноос Түшээд хан, Цэцэн хан, шавь гурван аймаг нийлэн Богд Жавзандамба хутагтад мандал өргөхдөө хийсэн наадмыг арван засгийн улсын чанартай том наадам гэж үздэг агаад 1924 оныг дуустал хийжээ.

XII зууны эцэс XIII зууны эхээр байлдан довтлох сайн зохион байгуулалт бүхий цэрэгтэй байх шаардлагаас сургуулалтыг тогтмол хийж, үе үе тэмцээн сорилт явуулан, баяр цэнгэлийн манлай "дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам" хожим "эрийн гурван наадам" гэж нэрлэх болсон юм. Тухайн үед эрчүүд байлдааны чадвараа алдатлаа буюу өвгөртөлөө нөхөр цэрэгт хамрагдаж дайн дажинд оролцох, хожим баатар цэргүүдийг сургуулилах багш, зөвлөх болж нэг үгээр хэлэхэд бүх насаараа цэргийн алба хаадаг байжээ.

Манжийн эрхшээлд байх үед зөвхөн уул овоо тахих, ноёд лам нарын хэргэм зэрэг ахих үед, хил залгаа найз хошууд нийлж "эвийн тав" гэдэг наадмыг үйлддэг болгожээ.

Социалист нийгмийн үед бөхийн барилдаанаа хөгжүүлэх, боловсронгуй болгох, үндэсний бөхийн барилдаан дээр тулгуурлан чөлөөт, жүдо, самбо зэрэг олон улсын чанартай барилдаануудыг сурталчлах хөгжүүлэх арга хэмжээг системтэйгээр авч ирсэн. 1964 оноос олимпийн их наадамд амжилттай оролцож, "тэргүүн зургаад" багаараа удаа дараа орсон, улсын начин Ж.Даваажав чөлөөт, Ц.Дамдин жүдо барилдаанаар олимпийн мөнгөн медаль авч байсан билээ. Монгол бөхчүүд олон улсын чанартай бөхийн төрлүүдээр ийнхүү амжилт гаргаж байгаа нь манай ард түмний олон мянган жил эрхэмлэн хөгжүүлж ирсэн үндэсний бөхийн барилдааны өв уламжлал үр дагавар юм.

Манай нөхөр намайг эм хүн байж ийм номыг тийм сонирхолтой уншаад байхаар их гайхаад байсан. Өлмийдөх өхийлдөх, ачих тонгорох, дугтрах дүүгүүрдэх, мурих мушгих, хавсрах харцагадах, хөнтрөх холбилохын аль нэгийг авгай нь сурчихвал яршигтай санагдсан байх. Номын гол хэсэг нь барилдах мэх, барилдааны тактик ур чадварын тухай. Над шиг насаараа барилдаж үзээгүй хүн ингэтэл сонирхмоор сайхан бичжээ. Ургуулан бодож бие сэтгэлдээ хүлээн автал ойлгоогүй болохоор мэх тактик талаар оруулсангүй. Та өөрөө уншаад үзээрэй. Үнэхээр сонин ном билээ.

Wednesday, 6 August 2008

Ази найз

"Ээж маань талийгч болоод, нутаг яваад хөдөөлүүлээд ирлээ. Чамтай нэг уулзахсан, манайд хүрээд ирээч" гэж англи найз авгай маань утасдав. Нэг мэдсэн найз нөхдүүдтэй уулзалгүй удчихжээ. Аав нь арваад жилийн өмнө өөд болсноос хойш сүүлийн хэдэн жил ээж нь настай хүний асрамжийн газарт байсан гэдгийг мэднэ. Ээж нь өвгөнөөсөө хойш ганцаар үлдээд, хувийн байшингаа зарж жижигхэн байр авсан. Тэндээ хэдэн жил болоод, байраа зараад асрамжийн газарт очсон. Ээжийнх нь нас нь ахих тусам илүү сайн үйлчилгээтэй, тэр хэмжээгээрээ илүү үнэтэй газарт шилжүүлж байсныг ч мэдэх юм байна. Талийгч аав хангалттай мөнгө үлдээгээгүй бол бид гурав ийм үнэтэй асрамжийн газар байлгаж чадахгүй байсан гэдэг сэн. Өндөр настай ээжийнхээ тухай их ярьдаг байсан санаанд орлоо. Санаа зовоод, санд мэнд хүрч очив.

Ээж нь 93 насалжээ. Тэдний зарим ах дүү зуу гарч байсан, ер нь их урт насалдаг удамтай гэж байна. Хоёр сарын өмнө эвгүй унаад сүүжээ хугалсан, эмнэлэгт хэвтэж эвлүүлж хадуулаад дахин сэргээх эмчилгээний тасагт шилжжээ. Настай хүний яс бороолохдоо мэдээж удаан. Олон төрлийн эм уух, шарлага хийх, биеийн тамир, усан гээд янз бүрийн эмчилгээ хийх шаардлагатай болжээ. Эгч дүү хоёр, ганц эрэгтэй дүү нь ээлжлэн харж, халамжтай сайхан хандаж байв. Гэтэл насны тоогоо гүйцсэн гэж үзсэн, архаг хуучгүй тэнхлүүн биетэй эмээ өөрөө эм уухгүй, хоол идэхгүй байсаар санаатайгаар өөд болсон гэнэ. Үхнэ гэсэн зорилго тавибал хүн бас үхчихдэг юм байна. Хүн өвчинг ялж амьдарна гэвэл эмчилгээгүй хүнд өвчнийг ч даваад босоод эргэрээд ирдэг. Хөхний хавдартай гэдгээ мэдсэн эмэгтэй гурван сарын турш үргэлж инээж, амьд явах сайхан гэсэн итгэл үнэмшилээр жигүүрлэсээр цоо эрүүл болсон гайхамшигт тохиолдлын тухай уншиж байв. Өнгөрдөг өвөл ээж маань хагалгаанд ороод би сахиж байхад ээжийнхээ сэтгэлийн тэнхээг биширч байлаа. Миний ээж бас их өндөр настай хүн. Ээж маань хагалгааны дараа эдгэрнэ гэж итгэсэн юм. Өвчин одоо миний биеэс гарсан гэж бодоод сэтгэлээсээ өвчинг бас аваад хаячихсан юм. Хагалгааны тасагт ээжтэй хамт хэвтэж байсан тэр давхрын өвчтөнүүд, тэнд ажиллаж байсан сувилагч асрагч нар "цоглог эмээ" гэж ээжийг хүндэлдэг байв. Сэтгэлийн тэнхээ гэж.

Найз маань ээжийнхээ залуугийн зураг үзүүлж байгаад ямар хүн байсан, юунд илүү сонирхолтой, авьяастай байсан гээд сэтгэлээ уужиртал баахан ярив. Хэл муутай, нүд хөмсөг нүүрний хувирал, гар хуруу бүгдээр хамжиж байж санаагаа чадан ядан илэрхийлдэг надтай ингэж түг яг гэж байхаар нутгийн хүнтэйгээ чөлөөтэй хөөрвөл гэсэн шиг юм бодогдоод сууж байв. Ази хүн өр нимгэнтэй зовлон ойлгоно гэж бодсон юм болов уу. Найзын маань нөхөр богино хугацаагаар Монголд хоёр ч удаа очиж ажиллаж байсан, өөрөө нэг удаа өвлийн ид хүйтэнд сар гаран Монголд бас амьдарч үзсэн. Манайхан хүнлэг аятайхан хүмүүс гэсэн сэтгэгдэл үлдээсэн болоод надтай ер нь дотноссон байх шүү. Намайг хоёр ч удаа Лондон дахь гэртээ урьж аваачиж байв. Бид долоон жил үеэрхэж дээ.

Яриа аажмаар хүүхдийн сэдэвт шилжив. Би гурван хүүтэй, найз маань хоёр хүүтэй. Би ах дүү гурвуул, тэр бас ах дүү гурвуул. Ах эгч бид гурав гурвуул авгай нөхөртэй үр хүүхэдтэй. Тэдний гэрээс ганцхан найз маань хүнтэй сууж, хүүхэдтэй болсон нэгэн. Хоёр дүү нь насны нар нь хэвийж буй ганц бие улс. Том хүү нь дөч дөхөж байгаа ч авгай хүүхэдгүй гоонь эр. Хэдэн жилийн өмнө манайх бэртэй боллоо гээд их баяртай байсан. Бага хүү нь Японд сурч байхдаа танилцсан солонгос охинтой суужээ. Зургий нь харахад яг монгол төрхтэй охин байлаа. Солонгос бэрээ гадаад хүн гэж элдвээр өөлөхгүй сайхан хүлээж авсаан. Түүнийг аль болохоор дэмждэг нь илт байсан. Удам тасрах гэж байхад хүү хүнтэй сууж байгаа гэдэг нь л чухал байх шиг байсан. Удахгүй ач охин төрж баяр дээр баяр нэмсэн. Ач охинд эмээ өвөөгөөс гадна хүүхэд нөхөргүй авга ах эгч амь, охин төрүүлсэн солонгос эмэгтэйд ч бүгд сайн байлаа. Солонгос бэр хоёр дахь хүүхдээ гаргаад гурван сар болж байна.

Одоо бэрдээ сүйд болдог нь бүүдийгээд байх шиг. Гутранги өнгө аяс цухалзаад ч байх шиг. Зургаа долоон жил болоход англи нийгэмд орж өөриймшихгүй байгаа бололтой. Нөхөртэйгөө японоор, хүүхэдтэйгээ солонгосоор яриад, англи хэл сурч өгдөггүй. Зөвхөн солонгосуудтайгаа найзалдаг. Солонгос коммюнитээс гадагшлах дургүй. Хүүхдээ бас тэр явцуу хүрээнд байлгах дуртай. Хажууд нь ижил төстэй сургалт явуулдаг газар байсаар байтал хотын нөгөө захад байдаг солонгос багштай дугуйланд хүүхдээ чирдэг. Гэртээ зөвхөн солонгос хоол хийдэг. Англи хоол хийж сурья гэж боддоггүй гэнэ. Ази эмэгтэйн зөөлөн төрх, намуун ааштай атлаа ийм өөрийн гэсэн бодолтой зөрүүд. Хүү маань ядарч байна гэж ярьлаа.

"Танай монголчууд гадаад хүнтэй суудаггүй байх" гэж байна. "Өө, харамсалтай нь суудаг, зөндөө суудаг. Гэхдээ нүүдэлчин удамтай болоод манайхан хаана ч дасан зохицохдоо түргэн улс. Манай монгол хэлэнд хатуу зөөлөн авиа хангалттай байдагтаа тэр үү, ерөөсөө дуу хөгжимд дуртай ард болод тэр үү гадаад хэл бас түргэн сурдаг улс" гэв. "Гадаад европ хүнтэй суугаад танайхан хир таарамжтай амьдардаг вэ" гэж байна. "Гадаад нөхөртэй суугаад эвтэй найртай амьдарч, ажил төрөл бүх талаар сайн яваа нэг хэсэг байхад, огт таарахгүй зовж буй хүмүүс ч бий. Энд мэргэжил эзэмшсэн чех нөхөртэй хүүхнүүд дунд Олон улсын цахилгаан холбооны тэргүүлэх компанид хэлтсийн дарга хийдэг, шотланд нөхөртэй монгол хүүхэн хааяа Чех Улсыг төлөөлөөд гадаадад гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад явдаг сайн мэргэжилтэн байдаг. Банкны салбар ахлаад яваа чех нөхөртэй монгол хүүхэн ч байгаа. Хэл мэдэхгүй ирээд хэл сураад, мэргэжлийн курс сургууль дүүргээд өөрөө ажил хийгээд, бизнес эрхлээд мөнгө төгрөг олоод байдаг нөхрөөс хамаарахгүй өөрийгөө хүүхдээ аваад явах чадалтай хүүхнүүд олоон. Хүний гар харсан, ажил хийх дургүй, хэл сурч байгаа газар орныхоо соёлыг сурах эрмэлзэлгүй залхуу, юмыг дандаа хар бараанаар хардаг ааш зан муутай улсууд бас байдаг. Нэг хүүхэн герман хүнтэй сууж байхдаа ганц ч герман үг мэдэхгүй, цаадах нь мэдээж монголгүй, нэвтрэлцэх гурав дахь орос чех англи гэсэн аль нэг хэл мэдэхгүй зөвхөн германаар ярьдаг хүн байж билээ. Хэл нэвтрэлцэхгүй улсад үл ойлголцох юм зөндөө гарна. Бүтэн өгүүлбэр хэлж сурахаасаа өмнө хэрэлдэж сурсан нь инээдтэй. Бүсгүй толь бичиг бариад эргүүлж эргүүлж нэг эвгүй үг олж хуруугаараа заагаад ширэв татахад, сахал нь сөрвийтлөө уурласан эр нь бас хуудас эргүүлж өөр нэг хатуу үг заагаад хэрүүл хийдэг байсан тохиолдол мэдэх юм байна. Гадны хүнтэй байтугай нэг нутгийн ижил хэлээр ярьдаг хүнтэй суугаад ч таарч тохирохгүй хүмүүс байдаг. Хүнээс өөрөөс нь хамаардаг болов уу"

Надаас "чи солонгос хүмүүсийн талаар юу гэж боддог вэ? Тэд ер нь ямар улс вэ?" гэж байна. Үнэндээ нэг ч солонгос хүнтэй танил биш. Тэдэнтэй хамт сурч, ажиллаж байсангүй. Ази дотроо тэд бидэнтэй хамгийн төстэй төрхтэй. Гаднаас харахад төстэй ч, дотоод хүн нь харин ямар байдаг талаар огт мэдэхгүй юм байна гэж бодоод, "Би солонгос хүнтэй нүүр тулж танилцаж байсангүй. Монголчуудаас хамгийн олон хүмүүс Өмнөд Солонгос ажилладаг. Хуурай сэрүүн уур амьсгалд дассан, омог бардам зантай монголчууд чийгтэй бөгчим газар тэсээд ажиллаад байхыг бодоход солонгосууд хүний мөсөөр гайгүй улс байх аа" гэв. "Нэг аятайхан япон бүсгүй англи хүнтэй сууж байгаад салаад, дараа нь өөр англитай суугаад бас таараагүй салаад нутаг буцсан, японтой ойлголцоход их хэцүү гэнэ билээ" гэж байна. "Санасан бодсоноо шууд хэлж болохгүй, дуртай юмаа хийж болохгүй дотроо өөрөө өөртэйгөө зөрчилдөөд байдаг нарийн хэцүү дүрэм дагуу амьдардаг япон хүнд өөрт нь хэцүү байдаг биз. Ийм хүний хажууд байхад бүр ч хэцүү байх аа" гэлээ. Намайг хятадад угийн дургүйг минь мэдэх тул асуугаагүй байх. Европ хүний нүдээр бид Ази гэсэн ерөнхий нэг хайрцагт багтдаг ч өөр хоорондоо зан заншил, түүх соёлоороо асар ялгаатай. Бид сайн талаараа сондгойрч чадаж байна уу? Бид Европын түүх соёлыг хир мэдэх билээ. Түүх шашин зан заншил, үндэсний шинжээрээ тэр нь тийм, энэ нь ийм гэж онцлон тодорхойлж чадах түвшиний мэдлэг бий билүү? гэсэн өчнөөн бодол толгойнд эргэлдсээр гэртээ эргэж ирээд үүнийг сийрүүлэв.

Friday, 1 August 2008

Саальчин бор

Эрт дээр үед биш энэ цагт гэнэ. Адуучин бор, саальчин бортойгоо аж төрөн суудаг байжээ. Ар Монголоосоо гараад удаж байна гэнэ. Адуучин бор хүний хэл, гүний нутгийн хууль мэддэг, ар гэрээ тэжээдэг монгол голдуу нөхөдтэй нэгэн. Саальчин борийн найз хүүхнүүд дунд гадаад нөхөртэй монгол бүсгүйчүүл цөөнгүй, өөрөө бол монгол зангаа гээгээгүй гэнэн хонгор нэгэн.
Гуч дөнгөж гарсан ааш зан, нуруу царай тэгшхэн, боловсролтой сайхан монгол бүсгүй жар шүргэж буй гадаад эртэй сууж байсан үе. Гадаад эр герман, англи, францаар чөлөөтэй ярьдаг нэгэн. Монгол авгай нь англиар баг саг ярьдаг байснаа, удалгүй германаар чөлөөтэй ярьдаг болсон. "Адуучин бор" маань англи францаар муугүй ярьчихдаг, саальчин бор нь англиар хальт мулт ойлгож хааяа нэг хазгай мурий үг унагахтайгаа. Олон гадаад хэлтэй гадаад өвгөндөө талын малчид бас хэл гадарладаг гэж үзүүлмээр санагдсан уу, яасан сайх бүсгүй гадаад нөхрөө танилцуулах болжээ. Манай хоёр монгол заншлаараа гэртээ урьж бууз, нийслэл салат, зуун грам сэлтээр дайлжээ. Хэд хоногийн дараа хариу уригдаж дөрвүүлээ ресторанд тухлан нохой дөрөв харагдтал пиавдаж, хорвоогийн олон өнгийн талаар шөнө хагаслан хөөрөлдөв. Төрсөн нутаг, гэр орон ээж ааваа ярингаа хоолой нь зангираад "над шиг хүүхэн ингэж яваад монгол эрчүүд буруутай" гээд байс хийгээд адуучинг буруутгаад байжээ. Анхны хайрын эзэн, охиных нь эцэг сайхан монгол бүсгүйг голд нь ортол гомдоосон гэнэ. Түүний далд ухамсарт нуугдаж байсан тийм нэг гэмшил харамсал нутгаа санасан гунигтай сүлэлдэн ил гарч буй нь тэр. Үүнээс хойш адуучин эр ийм арга хэмжээнээс цэрвээд байдаг болжээ.
Гадаад нөхөртэй хүүхэн төрсөн өдөртөө манай хоёрыг урив. Адуучин ажилтай гээд очсонгүй. Намхан тагдгар биетэй, ганцаараа монгол нөхөртэй саальчин бор, нарийхан нуруулаг найз бүсгүйчүүд, тэдний өндөр том биетэй сахал үсэндээ баригдсан гадаад нөхөр сүүдрээс дөлсхийн сууж байв. Найр хавтгайрч дуу дуулцгаах болоход саальчин бор өөрийн ээлжинд монгол дуугаа цангинатал авч өгөв. Сайхаан сайхан, сэтгэл сэргээд. Хуучин бүжигчин явсан гэх нэг гуалиг бүсгүй биелгээ хийж үзүүлэв. Тэгтэл хүүхнүүд нир хийтэл босоод бүгд биелдэг юм байна. Ийм сайхан биетэй улс аргагүй. Саальчин бор, бас нэг зузаан бүсгүйтэй үзэгчийн суудалд бүжгийн ая данг хариуцаад сууж байв. Бүжиг дуусахад гадаад нөхдүүд хайртуудаа шоб шүб хийлгэн үнсээд сүйд майд. Зузаан бүсгүй: "Манай өвөг дээдэс дэлхийг эзэгнэж байхдаа Европыг бүрэн эзэлж амжаагүйг одоо монгол хүүхнүүд байлдан дагуулж гүйцээж байна" гэж хэллээ. Бусад нь алга ташаад, монгол хэл мэдэхгүй шар толгойтой нөхдүүд даган баясаад бас алга ташаад. Тэрээр үргэлжлүүлэн "Их Монгол улсын цэргийн гэргий гурван жил байлдаж яваад, хагсаад ирсэн нөхрөө гурван сар тасралтгүй нүдэхэд тэсэж үлддэг байх хэрэгтэй шд, та нар шиг амь гол нь хаана байна гэмээр улс бол будаа, бид хоёр л тэсэж гарна" гээд биеийн зузаан хэсгийг бахархалтай займчуулахад саальчин ичиж час улайжээ. Үүнээс хойш адуучинтайгаа 25 сувгийн телевиз үзээд гэртээ бүгдэг болсон гэнээ.