Monday 11 August 2008

Барилдах ур

Нэг сайхан ном уншив. Г.Эрдэнэ "Барилдах ур" гэсэн үндэсний бөхийн тухай номыг ихэд сонирхон, машид амтархан уншлаа. Сонин үг хэллэг, түүхэн баримт ихтэй. Наадам, даншиг наадам, бөхийн түүхэн хөгжил, бөхийн өмсгөл, цол чимэгийн тухай, хамгийн гол нь бөхийн барилдаан тактик мэхийн тухай өгүүлсэн ном. Хөл мэх, гар мэх, хариулт ба угсраа мэхийг ямар үед ямар тактиктай хийж учрааг газардуулна гээд, бүгд зурагтай ойлгомжтой сайхан тайлбартай.

Та бүхэнд номны хэсгээс түүвэрлэн хүргэе:
"Манай тооллын өмнөх IV зууны хүннү аймгийн бөхчүүд ямаа, гөрөөсний арьсыг туламлан (битүүгээр) өвчин элдэж хийсэн өмсгөлтэй барилдаж байжээ. VIII зууны эхэнд одоогийн хээглэж байгаа зодог, шуудаг бий болсон байна. Зодог шуудагны өнгө тухайн үеийн ёс дэглэмийг баримтлан өөрчлөгдөж байв. Тухайлбал цагаан далайн хар лусыг шүтдэг байсан хуучин цагт зодог хар, шуудаг цагаан, шарын шашны үед зодог шар, шуудаг ногоон (ногоон дарь эх), улаан галаа дэгдээж, хөх монголын сүр хүчийг бадруулах шүтлэгтэй байсан хугацаанд хөх буюу цэнхэр зодог, улаан шуудагтай байв. Элэг бүс нь сарнин задрахгүй элдэв хүчин зүйлийг эвлүүлэн бүтээж, хүч чадал, зориг самбаа, мэх аргыг бөөгнөрүүлэн төвлөрүүлж хүчирхэг байхын утга бүхий ажээ. Эрт цагийн бөхийн малгай сономдар буюу залаа бүхий дуулга хэлбэртэй байснаа XV зуунаас дөрвөн талт, дараа нь отго бүхий хүрэн жинстэй хожим сампин бүхий дөрвөн талт жанжин малгай болсон. Малгайны цавагны гадуур туургалан байрлуулсан дөрвөн тал нь монголын дөрвөн аймгийг, оройн зангилгаа сампин нь шавь таван газрыг тустус төлөөлүүлэн бүтээжээ. Малгайн оройг шовгор, сампинг шөвгөр хурц шулуун хийдэг нь харилтгүй мандан бадрахыг бэлэгдсэн тэмдэг юм. Тиймээс бөх хүн цэрэг эрийн адил аймаг, газар нутгаа төлөөлсөн малгайгаа өмсөн, эх орноо магнай дээрээ нандигнан тавьж наадамд барилддаг. Ийнхүү утга төгөлдөр малгайг засуулууд газар тавилгүй эрхэмлэн гартаа залж өргөж явдаг байна.

Монгол үндэсний бөхийн барилдааны хорин мянга орчим жилийн хөгжлийн түүхэнд зохиож ирсэн их бага наадмуудаас хамгийн том нь долоон хошуу даншиг, арван засгийн наадам байлаа. Батмөнх даян хааны ахмад хүү жалайр хун тайж Гэсрэнз нас барахын өмнө долоон хүүдээ нутгаа долоон хошуу болгон хувааж өгөн захируулсан билээ. Энэ үеэс Монгол нь долоон хошуу болон бутарсан байна. 1772 оноос Түшээд хан, Цэцэн хан, шавь гурван аймаг нийлэн Богд Жавзандамба хутагтад мандал өргөхдөө хийсэн наадмыг арван засгийн улсын чанартай том наадам гэж үздэг агаад 1924 оныг дуустал хийжээ.

XII зууны эцэс XIII зууны эхээр байлдан довтлох сайн зохион байгуулалт бүхий цэрэгтэй байх шаардлагаас сургуулалтыг тогтмол хийж, үе үе тэмцээн сорилт явуулан, баяр цэнгэлийн манлай "дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам" хожим "эрийн гурван наадам" гэж нэрлэх болсон юм. Тухайн үед эрчүүд байлдааны чадвараа алдатлаа буюу өвгөртөлөө нөхөр цэрэгт хамрагдаж дайн дажинд оролцох, хожим баатар цэргүүдийг сургуулилах багш, зөвлөх болж нэг үгээр хэлэхэд бүх насаараа цэргийн алба хаадаг байжээ.

Манжийн эрхшээлд байх үед зөвхөн уул овоо тахих, ноёд лам нарын хэргэм зэрэг ахих үед, хил залгаа найз хошууд нийлж "эвийн тав" гэдэг наадмыг үйлддэг болгожээ.

Социалист нийгмийн үед бөхийн барилдаанаа хөгжүүлэх, боловсронгуй болгох, үндэсний бөхийн барилдаан дээр тулгуурлан чөлөөт, жүдо, самбо зэрэг олон улсын чанартай барилдаануудыг сурталчлах хөгжүүлэх арга хэмжээг системтэйгээр авч ирсэн. 1964 оноос олимпийн их наадамд амжилттай оролцож, "тэргүүн зургаад" багаараа удаа дараа орсон, улсын начин Ж.Даваажав чөлөөт, Ц.Дамдин жүдо барилдаанаар олимпийн мөнгөн медаль авч байсан билээ. Монгол бөхчүүд олон улсын чанартай бөхийн төрлүүдээр ийнхүү амжилт гаргаж байгаа нь манай ард түмний олон мянган жил эрхэмлэн хөгжүүлж ирсэн үндэсний бөхийн барилдааны өв уламжлал үр дагавар юм.

Манай нөхөр намайг эм хүн байж ийм номыг тийм сонирхолтой уншаад байхаар их гайхаад байсан. Өлмийдөх өхийлдөх, ачих тонгорох, дугтрах дүүгүүрдэх, мурих мушгих, хавсрах харцагадах, хөнтрөх холбилохын аль нэгийг авгай нь сурчихвал яршигтай санагдсан байх. Номын гол хэсэг нь барилдах мэх, барилдааны тактик ур чадварын тухай. Над шиг насаараа барилдаж үзээгүй хүн ингэтэл сонирхмоор сайхан бичжээ. Ургуулан бодож бие сэтгэлдээ хүлээн автал ойлгоогүй болохоор мэх тактик талаар оруулсангүй. Та өөрөө уншаад үзээрэй. Үнэхээр сонин ном билээ.

4 comments:

Soronzon said...

Сайн байна уу?
Би андуураагүй бол "Хүрээ Цам" хэмээх сайхан номын зохиогч та мөн байх аа.Хэдэн жилийн өмнө "Интерном"-оос олзуурхан авч билээ.Судалгаа сайтай ном байсан шүү.
Би саяхан дүүтэйгээ хамтран "Монгол цамын баг" гэж 20ш ил захидал өнгөтөөр хэвлүүлсэн. Та сонирхвол дараа блогтоо тавина аа.

Anonymous said...

Sambo-n olon ulsiin master Erdene guai mun uu

ZAYA said...

Үндэсний бөх маань бусад бөхийн салбар хөгжихөд сайн суурь болдог юм байнаа. Үндэсний бөхөө хөгжүүлж гэмээнэ бусад нь дагах ёстой байхаа.

Anonymous said...

ООО, Поздравляю, блестящая мысль