Thursday, 4 December 2008

Усыг нь уувал ёсыг нь дага

Эрт ч юм үү, эдүгээ ч юмүү нэгэн цагт сэрүүн уур амьсгалтай орны хүмүүс халуун оронд айлчилж гэнэ. Айлчиддаа зоог барих болж, элдэв жимс ногоо эрээлүүлэн өрж, янз бүрийн хундага, аяга шаазан, сэрээ хутга өрөөстэй уртаа хоолны ширээнд суулгажээ. Гэтэл дунд гарын тагшинд ус хийгээд бэлээхэн тавьчихсан харагдсанд, ам цангаж явсан сэрүүн газрын төлөөлөгчийн тэргүүн ширээнд суухаасаа өмнө аягатай усыг шүүрч аваад год год хийтэл нэг амьсгаагаар залгилаад тавьчихаж. Халуун орны эзэн зочноо эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ, нялцгай жимс идэхдээ хуруугаа дүрж цэвэрлэх зориулалттай тэр усыг мөн аван залгилсанд ёс ёмбогор, төр төмбөгөр гэгчийн үлгэрээр дагалдан яваа хүмүүс, эзний албат нар бүгд усыг ууж ёсыг барив гэсэн явган яриа байдаг. "Усыг нь уувал ёсыг нь дага" гэдэг ч, "ёсыг нь мэдэж байж усыг нь уу" гэмээр явдал болсон шиг.

Харь орны эхнэр гэрийн баруун талаар давшлаад хоймор голлоод эрчүүдтэй зэрэгцээд суучихвал зүүн тал руу яв гэлтэй биш юм болно. Гадаад эртэй гэрийн эзэн хөөрөг зөрүүлэн мэнд мэдэх санаатай шүрэн толгойтой, алтан нуухтай, манан хөөргөө инээмсэглэн сарвайтал "ямар хөөрхөн тоглоом бэ, баярлалаа" гээд аваад халаасандаа хийчихвэл бас хэцүү. Хэл нэвтрэлцэхгүй бол учраа ололцох гэж хөөрхөн л юм болно. Хүний нутагт яваа хэн хүн мэдэхгүй, дадаагүй нөхцөл байдалд орох магадлалтай тул бусдыг хүндлэх, өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд ажигч гярхай байх ёстой шиг.

Түр зуур хэд хоног жуулчлалаар явахдаа ч очих газрынхаа мэндчилгээний хэдэн үг, заншилаас бага саг мэдчихсэн байхад өлзийтэй шиг. "Хэлгүй хүний тэмдэглэл" жилийн өмнө бичиж байсан Япон явсан тухай бичлэгтээ тонголзож, бөхөлздөг талаар мэдээд очсон ч далайн хүнсэн дээр очоод баларч явсан тухайгаа бичсэн. Чехэд ирээд автобус, трамвай, метронд хүн нь буусан сул суудал тэр чигээрээ нэг хэсэгтээ "та суу, би яахав бие чийрэг хөл чанга зогсож байя" гэх шиг нэг хэсэг хоосон байдаг тийм нэг бичигдээгүй дүрэм үйлчилдэгийг анзаарч их гайхаж билээ. Суудал сулрангуут шууд тэмүүлдэг "овсгоотой" зангаа ийм нөхцөлд хаяхаас өөр аргагүй. Машин зам хөндлөн гарахад машин байсан байгаагүй ногоон гэрлээ хүлээгээд бүх хүмүүс зогсож байхад ганцаараа цойлдогоо болихоос аргагүй. Лаазтай ундаа уучихаад уусан газраа хоосон лаазаа орхиод холдоход, таягтай эмээ ирээд лаазыг чинь хогийн саванд хийхийг хараад хаа хамаагүй хог хаяхаа болихоос өөр замгүй. Жижиг бага юм гэж үгүй л дээ.

Саяхан зурагтаар баахан вьетнамуудыг цагдаа нар бариад шалгаад бужигнуулаад байсан. Дэлхийд алдартай нэрийн барааг контейнар контейнараар дуурайлгаж үйлдвэрлэж байгаа нь хужаа нар, түүнийг нь вьетнамууд хар зах дээр зарж өгч хоолоо олж байгаа хонин дунд байгаа төлөг шиг гэмгүй номхон улс. Хоол идэхдээ шүлсээ үсэргээд жигтэйхэн чанга ярьж, шуугилддаг хужаа зангаа энд ч тавиагүй, бүдүүлэг харагдана шүү. Аймаар томоор, мафи маягийн зохион байгуулалттай гэмт хэрэг хийхээс нутгийн хүмүүстэй эв түнжин хагарч улсынхаа нэрийг гаргаад байхгүй чоно санаатай.

Өнөөдөр Чехэд байдаг монголчуудын тухай эвгүй мэдээлэл сонин http://www.sonin.mn/2008/12/04/10057/ сайтад гарав. Зэрлэг балмад авирлахыг уриалсан комент энэ мэдээнд цөөнгүй бичигдсэн байсан нь бүр ч цочирдмоор. Чехэд байгаа манай монголчууд дотор хужаа нар шиг жинхэнэ хэрэгтэн байхгүй. Гэхдээ жижиг сажиг үл бүтэх юманд хэн нэг нь үргэлж орооцолдоод, архи пиво хэтрүүлж хэрэглээд хоорондоо зодолдоод, нэр нүүрээ барж нохойтох бол энүүхэнд. Хүний хотонд орсон боохойд хэн дуртай байхав. Тэгээд ч хорвоогийн өнцөг булан бүрт дөвчигнүүр, экстремист улсууд байдаг. Дургүй нь хүрсэн хүмүүс ийм экстремистүүдэд монголчууд гэж балай улс байна гэж яриандаа нэг шургуулахад л яаж ч авирлаж мэдэхээр этгээдүүд. Тэдний нүдэнд зүгээр мөрөөрөө явсан өөр царай зүстэй хүн ч өртөдөг.

Ажиллахаар сурахаар удаан хугацаагаар яваа хүн бол тухайн очих орныхоо хэлийг, хууль зүйг ямар нэг хэмжээгээр мэдэж байж л хүнд дээрэлхүүлэхгүй, хүнийг гомдоохгүй, харилцан хүндэлсэн зөв ойлголцол үүсэх болов уу. Ойлголцол байгаа цагт ажил төрөл урагштай, сэтгэл санаа өөдрөг байдаг. Дашрамд дурдахад Чехийн үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүс дотор хамгийн ажилсаг, хамгийн сэргэлэн авхаалжтай, хэл хамгийн түргэн сурдаг, ажилд хамгийн санаачлагатай гээд хамгийн хамгийнаараа гайхагдсан ажилчид олоон; чех хүмүүсийг нутагт нь удирдаад банкны захирал, телекомын компанид газрын дарга, программч, химич, архитектор хийгээд эндхийн томоохон копаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн бас олоон; тэрчлэн хувиараа бизнес эрхлээд эмийн сан, гоо сайхан, дэлгүүр, ресторан ажиллуулж монголынхоо нэрийг өндөрт өргөж, ажил үйлс нь өөдрөг яваа олон хүмүүс байгаа шүү.

14 comments:

Anonymous said...

Чехүүд өөрсдөө сүрхий ч бас биш ээ, гадны хүмүүст нэг их дуртай биш, ялангуяа ази царайтай бол муу нэртэй байх нь элбэг. Манай хэд дотор цөөн боловч жинтэй сайн яваа хүмүүс байгаа, хөлөө олохгүй будилж яваа нь худал, хуурамч амлалтанд гэнэдсэн, эсвэл гашуун нялуун дарсанд автсан, ер нь бол цаагуураа сэтгэлийн эмзэглэл, дарамттай байдгийн илрэл юм болов уу гэж боддог. Энэ Канад чинь харин амар юмуу даа, угаасаа цагаачдаас бүрдсэн улс тул хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэх мэтийн асуудал үүсгэхгүй байхыг хуулиараа их сайн зохицуулж өгсөн байх юм.
Жич - "Усыг нь уувал ёсыг нь дага" гэж Г үсэгтэй бичдэг.

Батсүхийн Баасанжаргал said...

Орон орны соёл хүмүүжил өөр, бас сайн муу, ээ дээ манайх ямар бол доо..

Anonymous said...

Destiny: Энэ чехүүд өөрсдөөс нь ядаж дутахгүй, эсвэл дээр байхгүй бол дорд үзэж мэдэх улс шүү.

"г" байдаг билүү үгүй билүү гээд эргэлзээд байсан, баярлалаа.

Баасанжаргал: Орон орны соёл заншил өөр ч, хүнлэг хүн шиг байх дээр бүгд адилхан хэмжүүртэй байх аа

tumee 33 said...

Sonirholtoi bichleg baina.End sayahan Chehiin tuhai neg barimtat nevtruuleg garch baisan, bas ih sonirholtoi sanagdsan...

peakfinder said...

Czechuud azi humuust neg tiim taalamjgui handdag yum shig sanagddag. Za tegeed japan bol gaigui, vietnam hyatad bolood ireheer dord uzne. Ene n' ch bas neg talaar bidnii hyatad olon bolohod durguicdegtei tostei ch yum uu daa. Gehdee muugiin toond orchihoor setgel bachuuraad hecuu yumaa.

Anonymous said...

Ali ch undestend iim asuudluud delhii dahind tulgarj dee. Ter hunleg baina gedeg ih zuv yumaa. Chingis haanii ur udam 200 jil delhiig ene zarchmaar udirdsan. Daanch hezee ch hunleg baidal uls undesten hoorond mongolchuud dahin delhiig zalahguil yum bol dahin togtohguildee. hehe. Erh chuluunii tuhai oilgoltiig hunleg baidaltai sain hosluulj oilgodog ni nuudelchid ter tusmaa mongolchuud shig baigaam. Manai mongolchuud oros hyatad 2 toi hunleg baidlaar haritsah gej tuuhendee zunduu oroldson. harin ted uuduus ih gurnii deerengui zangaar zagnadag.

Anonymous said...

Tumee: Sonin saihan uzeh yum ihe shuu
Peak: Shar har bor humuust durgui, uuneesee bolj EU oroh eseh ni neleed yarigdaj, zoriud ene talaar bodlogiin chanartai surtal hiiseer odoo arai gaigui bolj baigaa.
Horidoi mergen: Hairstai aristai hari garigiin hun manai delhiin hun hoyor bie bieiinhee tsarai muutaig gaihaad jigsheed baidag neg kino baidag daa. Gadna talaaraa uurteiguu tustei amitniig ni hun huurhund tootsdog, oir huleej avdag shig. Cham shig zuraasan nudtei huuhdiig iim nudeer yum buten haragdah uu gej czech naiz ni asuugaad, huu eejdee gomdollohod, eej ni iim tsaril zeetuu shig hamraar amisgalahad yamar baidag gej asuu gej ug zaasan tohioldol bii he he.

Anonymous said...

gadnaa baitugai dotroo ch iim uzegdeltei uls manai mongolchuud.

zarim halhchuud huuheddee halhchuud l jinhene mongol, busad ni mongol bish, oros hyatad talruugaa erliizuud gej surgasan baidagiin bna lee. iim huihernuudtei taarahdaa zasaj zalruulj l yavna doo. hehe. za tegeed baruuhan hayaagaar ni yarival ene kazakuud chehuudiin hajuud bol mongolchuudiig uzen yaddagaaraa garguun yum doo. il gargah ni tun hovor. gehdee nudnees ni ajiglagddag.

Anonymous said...

manai angid neg cheh huuhed bii. aavni cheh eej ni mongol. terend bid "Hamart shar" gej hoch ugsun yum. he he. namaig "onigor burjahan" he he. tieed oyutan bur l hochtoi yumdoo. he he. gehdee hoorondoo sain yariltsaj oilgoltsvol ul oilgoltsliig arilgaj bolno. minii huvid havi oiriin halh naizuuddaa buriad gedeg chin halhuudiin l adil mongol gedgiig tarhind ni shingetel lekts unshsan. tednii zarim ni tsaash ni uhuulj l baidag. tegeed saruul uhaanaar hariltsan yariltsaj oilgoltsoh l chuhal yumdaa. (ene ugiig Sanjaasurengiin Zorig helj baisan "Bid hariltsan yariltsaj oilgoltsoh ni chuhal" gej)

erkhembayar said...

Hun haana ch amidarsan neeree ter ornii humuusiin aj amidral setgelgeenii ontslogiig hamgiin turuun suraltsah heregtei yum shigee. Gadaadad baigaa zarim mongolchuudad enehuu ontslogiig surah medeh husel esvel medremj jaahan dutaad baidag ni nuuts bish. Uuneesee bolood ooroo evgui baidald orood baih yavdal zondoo tohiolddog.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хүний нутагт яваа хүн бусдыг сонсож, ойлгож, хүлээж хүлцэж, түүнээсээ ухаарч, заримдаа бүр тэсэж тэвчиж явах ёстой юм шиг байгаа юм. Яагаад гэвэл чи нэгэнт л айлд яваа учраас. Гэрийн нохойн сүүл өөдрөг гэж нэг үг бий.

Soronzon said...

Юм бодогдуулсан сайхан бичлэг байна шүү.
Москвад очсон Явуу найрагч Зөвлөлтийн Зохиолчдын ордонд болсон уулзалтын үеэр Лев Ошанин багштайгаа тааралдаж тамхилахаар хөөргөө гарган барихад багш нь эргүүлж тойруулж сүрхий сонирхон үзсэнээ,
-Юу гэдэг тоглоом бэ? Их баярлалаа гээд аваад халаасалж орхиж. Яаж ч чадахгүй бантсан Явуухулан гуай хөөргөө нэхэж чаддаггүй гэнэ. Тэгээд аргаа бараад Ч.Чимидэд хэлж багшаас миний хөөргийг авч өгөөч гэж гуйтал Ч.Чимид,
-Чамайг хэн оросуудтай тамхил гэсэн юм бэ гээд нэлээн зовоосны эцэст монгол ёс заншлын тухай багшид нь тайлбарлан хэлж байж хөөргийг нь эргүүлж авч өгсөн гэдэг. Явуу найрагч түүнээс хойш Орост хөөргөө дахин гаргаж ирээгүй юм гэсэн шүү, хи хи.

ZAYA said...

Аль сайтад байлаа даа, саяхан Чехэд Монголын тугийг шатаасан тухай...
Хүн нэрээ, гэж манайхан өөрсдөө бас сайн анхаарах хэрэгтэй. Цагаа олсон сайхан бичлэг болжээ.

Anonymous said...

Мэдэхгүй газраа бусдыг харж, гярхай байна гэдэг үнэхээр зөв шүү. Хааяа нэг өөр газар оронд явж байхдаа, өмнүүр нь орохоосоо бусдын дараа зогсож харах дуртай.

Уг нь манайхан хаа явсан газраа сайнаар хэлэгдэж, хүндлэгдээд бахархамаар л байдаг шүү.